Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Америкийн ардчиллын хүч чадлыг тод харууллаа DNN.mn

АНУ-ын Элчин сайдын яамнаас өчигдөр (2024.11.06) “Новотел” зочид буудлын хурлын танхимд сонгууль ажиглах өдөрлөг зохион байгууллаа. АНУ-ын “CNN”, “Fox news” телевизүүд сонгуулийн үйл явцын мэдээлллийг хэрхэн түгээж буйг танхимын дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэв.

АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Мэйтью Фэрэнс хүндэт зочдоо угтан авсан юм. Өдөрлөгийн турш жишил санал хураалт явагдаж, зочид төлөөлөгчдөд АНУ-ын сонгуулийн санал хураалтын үйл явцыг өөрийн биеэр мэдрэх боломж олгож, америк дипломатчид танилцуулга хийсэн нь ихэд сонирхолтой байв.

АНУ-ын сонгуулийн талаар мэдээлэл өгөх ширээнүүд ажиллаж, зочид төлөөлөгчид сонгуулийн үйл явц, гол сэдвүүдийн талаар америкчуудтай ганцаарчлан ярилцсан юм. Эхний ширээ сонгуулийн коллеж, санал өгөх үйл явц, хэн нэр дэвших боломжтой, санал авах санаачилгууд болон мөрийн хөтөлбөрт голчлон төвлөрсөн бол удаах нь сонгуулийн коллеж, эрх мэдлийн хуваарилалтын талаарх мэдээллийг хүргэж байлаа. Гурав дахь ширээн дээр үндэсний болон муж, орон нутгийн асуудал өрнөсөн бол дөрөв дэх ширээний зочид эдийн засгийн асуудлаар мэдээлэл сонсов.

Энэ үеэр АНУ-ын сонгуулийн талаарх монголчуудын үзэл бодол хэлэлцүүлэг болж, монгол мэргэжилтнүүд тус сонгуулийн талаар үзэл бодлоо илэрхийллээ. Дараа нь монгол сэтгүүлч АНУ-ын сонгуулийг бодит цаг хугацаанд сурвалжилж буй үйл явцыг толилуулав.

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдсан хоёр дахь хэлэлцүүлэг “АНУ-ын сонгуулийн талаарх монголчуудын үзэл бодол” сэдвээр өрнөж, монгол мэргэжилтнүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм

ХАМГИЙН ОЛОН САНАЛ АВСАН НЭР ДЭВШИГЧ
БҮХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН САНАЛЫГ АВДАГ

АНУ-д бүх нийтийн сонгуулийн санал хураах өдөр үргэлж арваннэгдүгээр сарын 1-нээс хойшхи эхний Мягмар гаригт тохиож, иргэд санал өгөх байранд өөрийн биеэр, эсвэл урьдчилан шуудангаар саналаа өгдөг. Энэ өдөр АНУ-ын 18-аас дээш насны, сонгууль өгөх бүртгэлтэй иргэд саналаа өгнө. Мужууд нь өөр өөрийн сонгуулийн хуультай.

АНУ-ын иргэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн төлөө саналаа өгснөөр Сонгогчдын коллеж хэмээх үйл явцад өөрсдийн мужийг төлөөлөх төлөөлөгчдийг сонгож буй юм. Муж бүрт хүн амын тооноос хамаарч тодорхой тооны төлөөлөгч хуваарилдаг бөгөөд Монтана, Аляск зэрэг мужууд 54 төлөөлөгчтэй аж. Бараг бүх мужийн хувьд хамгийн олон санал авсан нэр дэвшигч тухайн мужийн бүх төлөөлөгчийн санал авдаг байна.

Сонгогчдын коллеж нь нийт 538 төлөөлөгчтэй. Нэр дэвшигч нийт төлөөлөгчийн олонхийн саналыг авахын тулд хангалттай тооны мужид ялалт байгуулах, эсвэл хамгийн багадаа 270 төлөөлөгчийн санал авах шаардлагатай.

Мужийн төлөөлөгчдийн тоо тус мужаас Конгресст суугаа төлөөлөгчдийн тоотой тэнцэнэ. Конгресс дахь Төлөөлөгчдийн танхим 435 гишүүнтэй бол Сенатын танхим 100 сенатчтай. Нийлээд 535 бөгөөд АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си нь муж биш ч гурван төлөөлөгч нь нэмэгдээд 538 болдог байна.

Америкчууд энэ онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, АНУ-ын Сенатын 1/3-ийг сонгоно. Мөн энэ жил мужийн төлөөлөгчдийн, нийтийн сургуулийн удирдах зөвлөл болон орон нутгийн бусад албан тушаалтнуудын сонгууль болж буй юм.

 Өдөрлөгийн үеэр зочид, төлөөлөгчид АНУ-ын сонгуулийн санал хураалтын үйл явцын талаар ямар мэдээлэл, санал бодолтой байгаа талаар сонирхлоо.


“АНУ АЗИЙН БҮС ДЭХ АРДЧИЛЛЫН ТҮНШ МОНГОЛ УЛСТАЙ ТУУШТАЙ ХАРИЛЦААТАЙ ХЭВЭЭР БАЙХ БОЛНО”

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган:

-Юуны өмнө АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн сонгуулийн онцлог юунд байна вэ?

-Баярлалаа. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль төдийгүй Сенат, Конгрессийн гишүүдийг, зарим муж, хотууд захирагчаа сонгож байна гээд бүх шатны эрх баригчдыг сонгох сонгууль болж байгаа учраас бид ерөнхий сонгууль гэж нэрлэдэг. Дөрвөн жилд нэг удаа болдог. Өнөөдөр Америкийн ардчиллын хүч чадлыг тод харууллаа. Бид АНУ-ын бүх нийтийн сонгуулийн мөчүүдээс Монголын болон олон улсын нөхөдтэйгөө хуваалцсандаа маш их баяртай байна. Бидэнтэй нэгдэж, ардчиллын үйл явцыг тэмдэглэсэн бүх хүмүүст баярлалаа.

-Хоёр орны харилцаанд та чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүний нэг. АНУ-ын 47 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль Монгол, Америк хоёр орны харилцаанд ямар нааштай үр дүн авчрах бол. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Түүхийн хувьд манай хоёр орны харилцаа маш бат бөх байсаар ирсэн. Бидний хувьд өндөр түвшний харилцан айлчлалууд байнга давтамжтайгаар явагдаж байсан. Иргэд хоорондын харилцаанаас эхлээд бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр ирсэн. Энэ нь дипломат харилцаа тогтоосноос хойш тогтоосон 35 жилийн хугацаанд Бүгд найрамдахчууд төр барьсан ч бай, Ардчилсан намынхан төр барьсан ч адилхан явж ирсэн. Тийм учраас Монгол Улстай харилцах харилцаанд аливаа нэгэн намын нөлөө, харъяалал гэсэн зүйл огт байхгүй. Бидний бодлого Азид тууштай хэвээрээ байна. Түүнээс гадна Азийн бүс дэх ардчилсан түншүүд, түүний дотор Монгол Улстай бид тууштай харилцаатай хэвээр байх болно.

“БИД ЕРӨНХИЙЛӨГЧ, КОНГРЕССЫН ГИШҮҮД, МУЖ БОЛОН ХОТУУДЫН ГОЛ ТӨЛӨӨЛЛҮҮДЭЭ СОНГОЖ БАЙНА”

АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Молик Д.Бэркана:

-АНУ-ын 47 дахь ерөнхиийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү? 

-“Өдрийн сонин”-ы хамт олонд манай сонгуулийн өдөрлөгийн арга хэмжээнд оролцож байгаад маш их баярлалаа. Бидний энэхүү арга хэмжээнд залуучууд түлхүү оролцож байгаад их баяртай байна. Санал хураалтын үр дүнгийн талаар хэлэхэд эрт байна. Энд байгаа дэлгэц дээр Сонгогчийн коллежийн үйл явцын яг одоогийн мэдээллийг харуулж байна. Одоогийн байдлаар санал хураалтын дүн тал хувь нь гараад байна.

-Америкчуудын хувьд сонгуульд оролцох идэвх нь өндөр байна уу?

-Гэр бүл, ойр дотныхны мэдээлж буйгаар, иргэд энэ жилийн сонгуулийг маш их сонирхож, урд урдынхаасаа илүү их идэвхтэйгээр саналаа өгч байгаа юм байна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч оролцож байгаа нь дэлхийн анхаарлыг татаж байна. Та энэ удаагийн сонгуулийн онцлогийн талаар юу хэлэх вэ?

-Миний хувьд энэ сонгууль дөрвөн жилд болдог л үйл явц, болдгоороо болж байна л гэж бодож байна. Бид Ерөнхийлөгчөө сонгоод зогсохгүй, Конгрессын гишүүд, мөн муж болон хотууд гол төлөөллүүдээ сонгож байгаа юм.

-Та энэ чухал мөчид Монгол Улсад ажиллаж байна. Ерөнхий сонгуульдаа урьдчилж саналаа өгсөн үү?

-Би Вашингтон мужид харъяалагддаг. Манайд мужид нэлээн эрт сонгуульд оролцож, саналаа өгөх эрх нэлээн эрт нээгдсэн. Би саналаа гурван долоо хоногийн өмнө и-мэйл захидлаар хүргүүлсэн.

-Тэгэхээр сонгуульд саналаа өгөх олон эрх байх нь, тийм ээ?

-Ямар ч байсан 2-3 янзаар саналаа өгөх боломжтой. Миний өсөж төрсөн Ориган мужид бүх сонгогчийн саналыг шуудангаар авдаг. Зарим газар и-мэйлээр саналаа өгч болж байхад зарим нь өөрийн биеэ очиж сонгуульдаа оролцох бүрэн боломжтой.

-Монгол Улсад товчхон хэлбэл, илүү олон санал авсан нь ялдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч бүх мужийн сонгуулийн үр дүн гарсны дараа тодрох бил үү?

-Америкийн сонгуулийн процесс багагүй ярвигтай. Зарим америкчуудад ч энэ процессыг ойлгох хэцүү байдаг. АНУ-ын хувьд муж бүр сонгуулийн хуулийнхаа дагуу саналаа тоолж, дүнгээ нэгтгээд зарладаг тогтолцоотой. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч тодорно.

“ХОЁР ДАХЬ УДААГАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ТҮҮХ ДАВТАГДАХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА”

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үйл явцыг ажиглахад танд ямар бодол төрж байна вэ, түүнээсээ хуваалцахгүй юу?

-Мэдээллээс хараад, Трамп ялах юм болов уу гэж бодоод зогсож байна. Америкийн түүхэнд 1800 онд Ерөнхийлөгчөөр нэг хүн хоёронтаа сонгогдож байсан юм билээ. Хоёр дахь удаагаа ерөнхийлөгч болсон түүх давтагдах магадлалтай байна.

-Трамп ялбал ам.долларын ханш чангарч, Азийн валютууд суларна гэсэн мэдээлэл бий. Америкийн энэ удаагийн сонгууль Монгол Улсад ямар байдлаар нөлөөлөх бол? 

-Зөвхөн Монгол талаасаа гэж харвал, Трамп гарвал манай урд талын хөрштэй асуудал өрнөж магадгүй. Урд нь өрнөж байсан түүхтэй шүү дээ. Дам нөлөө нь бидэнд жаахан сөргөөр нөлөөлж болзошгүй. Одоо байгаа цэнхэр бодлого энэ чигээрээ явбал хойд хөршид өрнөөд байгаа үйл явдал дамаараа нөлөөлнө. Бид том тоглогч биш шүү дээ. Хэн ч сонгуульд ялсан бай цаашдын үйл ажиллагаа бидэнд тус дэмтэй байгаасай гэж залбирч байна. Тэрнээс аль нэг нь гараад, манайд байдал сайжраад, зээлжих зэрэглэлийг сайжруулаад, зээл тусламж өгөх асуудал мэдээж хэрэг тусдаа. Засгийн газар хамтарч ажиллана. Одоо манай дээр хэрэгжих хамгийн том, усны төсөл Мянганы сорилтын сан дээр явж байна. Хувь хүний талаасаа энэ төсөл батлагдаад хэрэгжээд явбал зөв гэж бодож байна.

“МОНГОЛЧУУДЫН ХУВЬД АНУ РУУ ЯВЖ СОНГУУЛЬ
АЖИГЛАХ БОЛОМЖ ТЭР БҮР БАЙДАГГҮЙ”

Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажиглаад, танд ямар бодол төрөв?

-Миний хувьд хоёр нэр дэвшигчийн аль нь ч гарсан Монгол Улстай харилцаа сайн хэвээрээ байна гэж итгэж байна. Энэ жилийн сонгууль ширүүн өрсөлдөөнтэй байгаагаараа үзүүштэй болж байна. Монгол Америкийн хооронд 1989 онд дипломат харилцаа тогтсон. Манайд 1990 онд Ардчилсан хувьсгал ялсан. 1989 оноос хойш хоёр улс сонгуулийн явцыг харилцан ажиглах гэж үзсэн. Манай сонгууль бүрийг АНУ-ын ажиглагчид ирж ажигладаг. Манай монголчуудын хувьд Америк руу явж ажиглах боломж тэр бүр байдаггүй. Одоо сонгуулийн санал хураалтын үйл явцыг дэлгэцээр шууд дамжуулж, хөндлөнгөөс ажиглах боломжтой болж байгаа нь надад сонирхолтой санагдаж байна.

-Бидэнд энэ сонгуулиас сурах зүйл юу байна вэ?

-Трамп, Харрис хоёр өнөөдөр сонгуулиа өгч байна. Тэгэхэд өчигдөр оройны 24 цаг хүртэл сурталчилгаагаа хийлээ. Манайд 24 цаг боллоо, сурталчилгаа дууслаа гээд амыг нь үдчихдэг шүү дээ. Тийм юм байхгүй байна. Эд нар өнөөдөр ч бараг сурталчилгаагаа хийгээд л байх шиг харагдаад байна. Тэгэхээр үг хэлэх, хэвлэн нийтлэх, өөрөө өөрийгөө сурталчлах, дэмжигчид нь хоорондоо чөлөөтэй мэдээллээ сонгох асуудал ямар ч хорио саадгүй байх шиг байна. Дээр нь CNN, Fox news гээд хоёр мэдээллийн эх сурвалжийг бид харж байна. Хоёр өөр байр суурьтай телевизийн мэдээг харахад урьдчилсан санал хураалтын дүнг эхнээсээ санал асуулгаар аваад, мужийн хорооны баталгаажсан мэдээлэл, иргэдээс авсан санал асуулгыг зэрэгцүүлж тавиад, шууд танилцуулаад байна. Энэ нь манайд бас байхгүй эрх чөлөө байна.

“АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ДЭЛХИЙН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНД ӨНДӨР НӨЛӨӨТЭЙ”

Төслийн Удирдлагын Институт (PMI)-ын ерөнхийлөгч Б.Түмэнцогт:

-Сонгуулийн үйл явцын талаар та юу хэлэх вэ?

-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн АНУ-ын сонгууль биш, дэлхийн улс төр, эдийн засаг, олон улсын харилцаанд өндөр нөлөөтэй сонгууль. Эдийн засгийн бодлого, ажил олголт, үнийн өсөлт, инфляци гэсэн хэдэн асуудалд төвлөрч байх шиг байна. Хоёрдугаарт, цагаачлалын бодлого. Нэлээн хатуу байр суурьтай байх шиг байна. Мөн эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн асуудал яригдаж байна. Муж болгон хууль тогтоомжоор шийдэх үү, эсвэл тухайн хүн өөрийн эрхээр шийдэх үү гэдэг асуудал байна. Мөн гадаад бодлого. Бүс нутгийн аюулгүй байдал, жишээлбэл, Орос, Украины дайны санхүүжилт, НАТО-гийн асуудал байна. Зарчмын байр сууриуд арай өөр боловч ерөнхийдөө бүгд орвонгоороо эргэх асуудал байхгүй. Нэр дэвшигчдийн саналын зөрүү ойролцоо л гарах юм шиг байна.

-Энэ сонгуулийн үр дүн манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Нэг үе глобальчлал гээд бүх юм нээлттэй байх ёстой гэсэн бодлого явсан. Трамп “Make America again great” гэж гарч ирсэн. Тиймээс үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого явах чиг хандлагатай байна. Хятадтай худалдааны дайнтай холбоотойгоор Хятадаас орж ирж байгаа импортын бараанд өндөр татвар тавих ч юм уу. Ингэснээр бусад орнуудын импорт, тухайлбал Монгол Улсын эдийн засагт дам нөлөөлөх боломжтой.

“АНУ-Д ЕРӨНХИЙЛӨГЧ 11 ДҮГЭЭР САРД СОНГОГДСОН Ч ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД АЖИЛДАА ОРДОГ”

Фулбрайт хөтөлбөрийн англи хэлний багш Майя Алболд:

-Төрийн тэргүүнээ сонгох энэ чухал өдөр та саналаа хэрхэн өгсөн бэ?

-Би бүр есөн сард сонгуульд оролцохоор бүртгүүлээд, саналын хуудас ирэнгүүт ЭСЯ дээр ирээд саналаа өгч, шуудангаар илгээсэн.

-Энэ сонгуулийн үр дүн ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

-Нэр дэвшигчдийн санал маш ойрхон гарах байх гэж бодож байна. Төлөөлөгчдийн танхим, Конгресс маань БНН руу илүү чиглэх болов уу.

-Монгол Улсад хоёр ч сонгууль болсон. Та сонирхож үзэв үү? Ямар бодол төрсөн бэ?

-Сонгуулийн дараа Монголд ирсэн. Гэхдээ миний ажигласнаар Монголд сонгууль маш хурдан явагддаг юм билээ. Үр дүн нь орой гэхэд бараг шууд гардаг. Мөн шинээр сонгогдсон Засгийн газар, УИХ, гишүүд нь маш хурдан ажилдаа орчихдог юм байна. Америкт бол Ерөнхийлөгч сонгогдсон ч нэгдүгээр сард ажилдаа ордог. Миний харснаар ХҮН нам гэж нам гарч ирээд, залуучуудаа дэмжих уриатай байгаа нь маш их таалагдаж байна.

-Та хоёр нэр дэвшигчээс хэнийг Ерөнхийлөгч болоосой гэж бодож байна вэ?

-Камала Харрисыг дэмжиж байгаа. Тэрбээр гэр бүл төлөвлөлтийн асуудал, үр хөндөлтийн асуудлыг гарган тавьж байгаа Би Флорида мужаас ирсэн. Тэнд энэ асуудал хурцаар тавигддаг.

ДОНАЛД ТРАМП СОНГУУЛЬД ЯЛСНАА ЗАРЛАЛАА

Дугаар шилжих мөчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Флорида муж улсад баярлаж хөөрсөн дэмжигчдэдээ хандаж үг хэлж, сонгуульд ялснаа зарлав. Тэрбээр сонгуулийн дүн хаашаа ч эргэх магадлалтай Пенсильвани, Хойд Каролина, Жоржиа муж улсуудад илүүрхсэнээр Камала Харрисын ялах магадлал эрс багассан байна.

Д.Трамп 2020 оны сонгуульд Жо Байденд ялагдсаны дараа Цагаан ордны тэргүүнээр дахин сонгогдож буй нь ер бусын үйл явдал болох юм.

Сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч 2025 оны нэгдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаанд Цагаан ордонд сууж, АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашна. Америкийн Ерөнхийлөгч хууль сааначилж, батлах эрхтэй ч ихэнх тохиолдолд Конгрессын дэмжлэг авах шаардлагатай болдог. Тэрбээр дэлхий дахинд АНУ-ыг бүрэн төлөөлж, гадаад бодлогыг бие даан хэрэгжүүлэх эрх үүрэгтэй юм.

 

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ улс-төр

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож буйг талууд онцлоод Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа санал нэгтэй тэмдэглэв.

Цаашид хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, хоёр талын худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновац, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.

Талууд өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсныг онцлоод цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдлээ.
Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийх хүрээнд Хятадын талтай эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, эдгээр төслийг хэрэгжүүлж, шилжилтийг хийхэд БНХАУ-ын баялаг туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт босгох, урт, богино хугацаагаар хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дараах найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгов. Үүнд:
1.    “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
2.    Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
3.    Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх солилцох захидал,
4.    Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
5.    Монгол Улсын стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг,
6.    Монгол Улсын Монополын эсрэг газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд өрсөлдөөний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг,
7.    Монгол Улсаас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол,
8.    “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”зэрэг болно.

Ингэснээр олон жил гацаанд байсан, одоо Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.

Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 02-нд гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Үхэрт 13 тэрбум төгрөг өгөхөд тоодоггүй атлаа хүүхдэд мөнгө өгөх болсон чинь горойж үхлээ юү монголчууд аа DNN.mn

Ирэх оны улсын төсвийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байна. Жил болгоны төсвийн хэлэлцүүлгээр Их хурлын гишүүд тал бүрийн санал, шүүмжлэлийг гаргадаг. Ингэхдээ улсын төсвийн зарцуулалттай холбоотой зарим заалтаас болж гишүүд, сайд нарын дунд ширүүн маргаан өрнөх нь ч бий.

Тэгвэл энэ удаа хүүхдэд мөнгө өгөх заалт төсөвт өргөн баригдсан цагаас өдийг болтол нийгмийн дунд “бүүм” болж байна. Тэр заалт нь Соёлын сайдын багцад багтсан хүүхдүүдэд үнэгүй үзвэр үзүүлэх асуудал юм. Үүнд зориулж ирэх оны төсвийн төсөл дээр 18.3 тэрбум төгрөг тавих саналыг Соёлын яамнаас оруулж ирсэнд зарим УИХ-ын гишүүд хатуу эсэргүүцэж байгаа. Гишүүд ч гэлтгүй бичдэг, лайвддаг хүн бүхэн Ч.Номин сайдын дээрх төслийг эсэргүүцэж, орилолдож байна. УИХ-ын гишүүд нь эсэргүүцлээ чуулганы хуралдаанд ил хэлж байгаа бол нөгөө талдаа Ч.Номинг сайдын суудлаас нь унагаах сонирхолтой улс төр явагдаж л байна. Яаж зүгээр байх вэ, тийм улс төр явалгүй яахав. Баян айлын охин дур зоргоороо төсөв оруулж ирж, хувьдаа идэж уух гэж байна . Хүүхдүүдэд 18 тэрбум төгрөг төсөвлөж байхаар утаагаа алга болгоход зарцуул ч гэх шиг. Хэрэв хүүхдэд 18 тэрбум төгрөг төсөвлөчихвөл Монгол Улсын эдийн засаг элгээрээ мөлхөнө ч гэх шиг. Ер нь бол Ч.Номин баян айлын охин байна уу, эсвэл сайдын суудлаас нь унагаах улс төр явагдаж байна уу, энэ бол тийм чухал асуудал биш. Ийм сайхан суудалд горилогсод байлгүй яав гэж. Гол асуудал нь яагаад хүүхдэд хэдэн төгрөг өгөх болсны төлөө хэл амаа билүүдэн, уг асуудлыг жадлан эсэргүүцэгчид анхны 126 гишүүнтэй парламентад ийм олон байна вэ.

Яагаад бид хүүхдүүддээ үнэгүй кино, жүжиг, үзвэр үйлчилгээ үзүүлж болдоггүй юм. Арван жилдээ анги хамт олноороо үнэгүй жүжиг, кино, музей үзээд явж байхдаа хараагүйгээ харж, мэдээгүйгээ мэдэж, нэг өдрийг ч гэсэн найзуудтайгаа өнгөрүүлдэг байсан сайхан дурсамж тод санагдлаа. Баян айлын хүүхдүүд ч яах вэ, сонирхсоноо үзээд, хүссэнээ аваад явчихдаг. Харин хоногийн хоолноосоо илүү гардаггүй айл, өрхүүд Монголд баячуудаасаа ямартаа ч олон л байгаа. Тэр олон айлуудын хэдэн мянган хүүхэд эцэг, эхээсээ мөнгө шалгаахгүйгээр найз нөхдөөрөө кино, жүжиг үзэх эрх байхгүй гэж үү. Амтай хэлтэй болгон яагаад энэ асуудлыг, энэ төсвийг онцлон эсэргүүцэж, шүүмжлээд байгаа юм бэ. Хүүхэд бол бидний ирээдүй гээд л хүн болгон хэлдэг биш бил үү.

Хамгийн хоржоонтой нь үүнээс илүү том мөнгөнд ус балгачихсан юм шиг чив чимээгүй байх нь зэвүүн. Хулчгар монголчууд хүүхэд ямар зодож чадах биш гээд ингээд байдаг юм уу хаашаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсөв дээр 18 тэрбум битгий хэл хэдэн зуун тэрбумын төсөл, арга хэмжээ байна. Бүр үр ашиг нь хэзээ эргэж мэдрэгдэх нь мэдэгдэхгүй өндөр өртөгтэй төсөл ч байгаа юм. Тухайлбал, малчдын зээлийн эргэн төлөлтөд 50 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь бүр ажил хэрэг болчихсон яваа. Зээл гэдэг бол авсан нь төлдөг болохоос биш төлж чадахгүй бол төр төлнө гэсэн ойлголт огт байх ёсгүй. Тэгээд энэ хүүхдийн 18 тэрбум төгрөгөөс илүү аюулгүй, бага мөнгө зүгээр гэсэн үг үү, ганц амьтан ч ган гэхгүй байхыг бодоход. Мөн бусдаар гүйцэтгүүлсэн ажлын үйлчилгээний төлбөр хөлс 1.9 их наяд төгрөг болсон нь өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь энэний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан атал 960 тэрбум буюу бараг нэг их наяд төгрөг болсон байна.

Одоо хэлэлцэж байгаа төсөв дээр энэ мэт хэдэн тэрбум, хэдэн их наядаар орж ирсэн төсөвтэй төсөл, арга хэмжээнүүд олон байхад дуугарч чадахгүй мөртлөө очиж, очиж хүүхдэд өгөх 18 тэрбум төгрөг дээр эвэртэй туулай үзсэн юм шиг эсэргүүцээд байгаа нь зөөлөн хэлэхэд гайхмаар. Хатуухан хэлбэл, хэний зараалаар хэн рүү үсчээд байгаа юм, хэдэн бор хүүхдэд тавьсан мөнгө л чамд харагдаад байна уу, тэр дарга сайдууд хувааж идэх их мөнгө бол харагдахгүй байна уу гэж асуумаар. Энэ оны төсөв битгий хэл өнгөрсөн жилийн төсөв дээр үхэрийг ээмэгжүүлэх ажилд 13 тэрбум төгрөгийг төсөвлөж орж ирж байсан. Үүн дээр хэн ч юу ч дуугараагүй. Гэтэл улс орны ирээдүй болсон үр хүүхдэдээ бид арай л хатуурхаж байгаа юм биш үү, гишүүд ээ.

Монгол Улсыг нэг айл өрх гэж жишээ авч ярьдаг хүмүүс олон. Тэгвэл тэр айл үр хүүхдийнхээ соёлын боловсролд анхаарч жүжиг, кино, янз бүрийн үзвэр үйлчилгээг нэг удаа ч гэсэн үзүүлье л гэж байгаа юм биш үү. Ахмадууд нь тэтгэврийн зээлээ тэглүүлчихдэг. Малчид нь үнэгүй өвс авчихдаг. Гэтэл залуучууд, хүүхдүүд рүү чиглэсэн бодит хөрөнгө оруулалт яг юу байна вэ. Ирээдүй хойч үеийнхээ хүмүүжил, ёс суртахуунд нь ямар хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Энд тэнд сонгуулиар боссон хөгжлийн нэртэй хоосон байшингууд л байгаа нь үнэн. Яг бодитой хийгдэж байгаа ажил, тэр дундаа оюун санаа, зөв хүн болж төлөвших, нийгэмшихтэй холбоотойгоор ямар ажил хийсэн юм бэ. Ямааны нэг кг ноолуур тутамд төрөөс 20 мянган төгрөгийн урамшуулал олгож байсан. Нийт дүнгээрээ хэдэн зуун тэрбум төгрөгийн бодит дэмжлэгийг малчдад өгсөн. Ямааны ноолууранд 20 мянга, үхрэнд 13 тэрбумыг зарцуулахад хэн ч юу ч дуугараагүй атлаа хүүхдүүдэд мөнгө өгөх гэсэн чинь юу вэ. Бүр үхэх нь ээ.

Эсэргүүцэж байгаа гишүүдийн, дарга нарын, зарим нэг мөнгөтэй лайвчдын хүүхдүүд хүссэнээрээ дуртайгаа үзээд явдаг байх. Гэтэл бусад нь та нарын хүүхдүүдтэй адилхан өмсөх битгий хэл идэх хоол, амьдрах орчин нь тэс өөр гэдгийг санах хэрэгтэй. Мөнгөн дүн хэд байх нь хамаагүй. Гагцхүү өөрт нь ашиггүй төсөл, арга хэмжээ ороод ирвэл дуугардаг, өөрт нь ашигтай байвал мөнгөн дүн нь хэдэн их наяд төгрөг байсан ч чимээгүй суудаг ийм бэртэгчин зангаасаа улстөрчид, тэднийг даган намирч заасан зүг рүү нь урдаг нохой шиг дайрдаг лайвчин сошиалчид одоо болимоор юм. Ядаж та нар ирээдүйгээ бодох хэрэгтэй. Хүн болох багаасаа гэдэг. Нийгмийг соёлжуулъя, зөв төлөвшсөн иргэдтэй болъё гэж бодож байгаа бол өнөөдөр бид хүүхдүүддээ илүү цаг гаргаж, илүү анхаарах хэрэгтэй. Юу үзүүлбэл, юугаар үлгэрлэвэл өнөөдрийн хүүхдүүд ирээдүйд зөв хүн болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр сонгууль өнгөрөөд удаагүй байна. Сонгуулиар ялсан нам, улстөрчид ард түмэндээ амласан амлалтаа, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байна. Зөвхөн төсвөөр хүүхдүүдэд мөнгө өгнө гэж ярьсан асуудал биш шүү дээ.

Сонгуулиар ч үүнийгээ ярьж л явсан. Тэр үед нь дуугараад наадах чинь буруу, дэмжихгүй шүү гээд саналаа өгөхгүй байх нь яасан юм. Дэмжээд саналаа өгөөд гаргаж ирчихээд, ажлаа хийе гэхээр хийлгүүлэхгүй эсэргүүцээд байгаагаас ганц л зүйл тодорхой харагдаж байгаа юм. Энэ бол зүгээр л хоосон улстөржилт. Улстөржилт хийж байгаад төсөл, арга хэмжээнээс нь өөртөө ашиг хүртэх гэсэн увайгүй үйлдэл гэж ойлгогдож байна. Энэ улстөржилт нь гишүүд сошиалчдын горьдож байгаа шиг яваад засаг унагалаа ч гэсэн нэг ээлжийг нь л хоолонд оруулж байгаа болохоос нам хүчнийг нь солиод шинээр засаг бүрдүүлэх гэж буй хэлбэр огт биш. Ард түмэнд өнчин ишигний ч ашиггүй, харин ч гарзтай асуудал. Тиймээс юуг эсэргүүцэх вэ, юунд дуугарах вэ, алийг нь дэмжих вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй, гишүүд ээ. Та нарын дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа төсөл, заалт бүрийн чинь цаад санаа зорилго ард түмний нүдэн дээр ил байдаг юм шүү дээ…

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхтүвшин: Төсвийн урсгал зардлыг ингэж өндөр батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Энхтүвшин нарын гишүүд Ерөнхий сайдад 2025 оны төсвийн төслөө эргүүлэн татаж, урсгал зардлыг нь 3.6 их наяд төгрөгөөр танах шаардлага өчигдөр хүргүүлсэн. Мөн Д.Энхтүвшин гишүүнийг төсвийн төсөл дээр эсрэг байр суурьтай байсан учраас УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай асуудал яригдаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Ирэх оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр танах боломжтой гэж байна. Чухам яагаад ингэж үзэж байгаа юм бэ?

-Энэ жилийн төсөв бол сонгуулийн жил гэдэг утгаараа нэлээн томорсон. Гэтэл ирэх жилийн төсвийг үүнээс ч нэмэгдүүлж оруулж ирсэн. Гол нь урсгал зардлыг нь нэлээд нэмэгдүүлсэн. Үүнийх нь задаргааг аваад үзэхэд ойлгоход төвөгтэй, том зардал их байгаа. Жишээлбэл, гадаад томилолт, зочны зардал маш их өссөн. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ гэсэн нэр тавьчихсан ч яг ямар ажил хийлгэх нь тодорхойгүй. Энэ мэтчилэн төсвийн хэт тэлэлт маань буцаад инфляцийг нэмэгдүүлэх магадлалтай. Эдийн засагчидаар бид судалгаа хийлгэсэн. Гадаад валютын нөөц болоод валютын ханшид ачаалал өгнө. Тийм учраас төсвийн урсгал зардлыг нь ядаж энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийнхээ хэмжээнд байлгая.

Тэр нь 3.6 их наяд төгрөг болж байна. Харин хаанаас нь юуг нь танахаа Сангийн яам, Засгийн газар өөрсдөө шийдээд оруулж ирэх нь зөв байх. Гишүүдийн зүгээс төсвийг багасгах гэж их үзсэн. Гэвч явж байгаа процессыг харахад бараг л танах зүйл байхгүй. Засгийн газрын хувьд ч энэ талын санал гаргахгүй. Санал хураалт ч гэсэн хайрцаглах маягтай. Зарим нэг унасан саналыг дахин санал хураалгаж дэмжүүлэх зэргээр явж байгаа учраас Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин бид дөрөв Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.

-Шаардлагынхаа хариуг энэ сарын 8-ны өдөр авахаар бичсэн байсан. Яагаад энэ өдрийг сонгосон юм бэ. Хэрэв шаардлагыг тань хүлээж авахгүй бол яах юм бэ?

-Одоо цаг нь тулчихсан. Энэ сарын 15-ны дотор баталж чадахгүй бол УИХ тарах хуулийн заалттай. Миний хувьд энэ урсгал зардлыг ингэж өндөр чигээр нь батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр гэж үзэж байгаа. Яагаад наймны өдрийг сонгосон бэ гэхээр төсвийн төслийг буцаан татаад нэн яаралтай горимоор оруулж ирээд хэлэлцүүлэх боломжтой хугацааг нь тооцож сонгосон. Бид өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийг дуустал харсан. Ингээд өнөөдөр (өчигдөр) шаардлагаа хүргүүлж байгаа юм.

-Ерөнхий сайд гадагшаа томилолтоор явчихсан үе таарлаа. Тэгэхээр шаардлагыг тань хүлээж авна гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

-Төрийн институци учраас энэ асуудлыг хүлээж аваад шийдэх байх л гэж бодож байна. Ерөнхий сайдын ажлын алба, ЗГХЭГ гээд олон газар бий. Түүнээс биш Ерөнхий сайдыг ирэхийг хүлээж ажил гацдаггүй байх гэж бодож байгаа.

-Та хувийн хэвшлийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн болсон. Тэгэхээр татварын хувь, бодлого дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танахгүйгээр баталлаа гэж бодоход энэ хэрээрээ татвар төлөгчдийн ачаалал л нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчид, иргэд нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ гээд бусад татвараараа төлнө. Харин энэ хэрийн мөнгийг төсвөөс таначих юм бол аж ахуйн нэгжийн хувьд том дэмжлэг болно. Инфляцийг бууруулах боломжтой. Мөн жижиг дунд үйлдвэрүүдийн төлдөг татварын бараг тал хувь нь болж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гарчиг нь их гоё байгаа. Гэхдээ дотор нь хэрэгжүүлэх үйл ажиллагааны хувьд хангалттай заалт ороогүй гэж бодож байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн дансыг нь шууд хаадаг. Үүнээс болж үйл ажиллагаа нь доголддог. Улмаар дампуурдаг байдал газар авсан. Мөнгө нь орж ирээгүй байхад шууд борлуулалт тооцогдож бүртгэгдээд НӨАТ төлөх үүрэг хүлээлгэдэг. Орж ирээгүй мөнгөн дээрээ НӨАТ төлнө гэдэг чинь аж ахуйн нэгжүүдэд эргэлтйин хөрөнгөн дээр нь маш их дарамт ирж байгаа юм. Үүнийгээ төлж чадахгүй бол дансыг нь хаах эрсдэлтэй байна. Мөн хууль дээр өөрөөр заасан хэрнээ хэрэгжилт дээр өөрөөр тайлбарладаг. Амьдралд нийцэхгүй хуулийн заалтууд дээр үндэслэж, татвар төлөхийг шаарддаг зүйл байна. Энэ мэтчилэн асуудлууд байгаа учраас татварын орчныг сайжруулж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох хэрэгтэй. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн бодлогын зөвлөл гэж байгаа. Тэнд ядаж эхний ээлжинд арга аргачлал, давхардсан хувь хэмжээ, татвар хураалт, маргаантай холбоотой асуудлуудын судалгааг хийлгэж, танилцуулга хийе гэж бодож байгаа. Одоо аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын 540 тэрбум төгрөгийн өр байна. Ийм үед төсвийг ингэж өндөр алдагдалтай баталчих юм бол татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүд дээр очоод дансыг нь хаана гэсэн үг. Ингээд ирэхээр ирэх хавар амьдрал нэлээд хүнд байх дүр зураг гарч байгаа учраас наана нь засахын тулд л ажиллахыг зорьж байна.

-Таныг төсвийн төслийг эсэргүүцсэн учраас УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудал яригдсан гээд байгаа. Үнэхээр ийм зүйл болсон уу?

-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэдэг асуудал байхгүй. Намын бүлгийн нэгдсэн байр суурийг эсэргүүцсэн бол сануулах зэрэг арга хэмжээ авах журмын төсөл хэлэлцэж байгаа юм билээ. Миний хувьд МАН-ын бүлгийн хамгийн анхны хурал дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэхэд эсэргүүцсэн. Миний хувьд сонгуулийн амлалтуудаас дөрөвхөн зүйлийг л ярьж байсан. Гэвч одоо тэд бүгд байхгүй болчихсон.

-Тэр нь юу вэ?

-Төвийн зарлага ДНБ-ий 25 хувиас ихгүй байх. Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 40 хувиас байнга доошоо байлгах. Инфляцийг нэг оронтой тоонд байлгана. Эдийн засгийн өсөлтийг тогтмол зургаагаас дээш хувьтай байлгах зэрэг заалтууд байсан.

-Та өөрийгөө МАН-ын гишүүн биш гэсэн байсан. Хэрэв ийм бол эргүүлэн татах үндэслэл болно гэсэн зүйлийг цахим орчинд хүмүүс илэрхийлж байна?

-Татуулах, зүгээр нэг кнопчин оруулж ирэх хүсэлтэй хүн олон байгаа байх. Гэвч хуулиараа тийм боломж байхгүй. Би 1999 онд Монгол ардын хувьсгалт нам гэж байхад гишүүнээр элсэж байсан. Түүнээс хойш нам хоёр салаад эргэж нийлээд олон зүйл болсон. Энэ хооронд би МАН-д гишүүнээр элсээгүй. Тийм болохоор МАН-ын үнэмлэх байхгүй. Гэхдээ яаж залгамжилж явсныг би мэдэхгүй. Энэ улс орныг өөрчлөх, хөгжүүлэхэд хамгийн нөлөөтэй улс төрийн хүчин бол МАН байгаа юм. Гэвч өнөөдөр нам нь ард иргэдийнхээ дээр гарчихсан байна. Төрийн барих ард түмний эрх мэдэл нь УИХ-аа сонгож, түүнээс нь Засгийн газраа байгуулж явах учиртай. Харамсалтай нь өнөөдөр намын цөөхөн хүрээллээс томилгоонууд хийгддэг. УИХ-д нэр дэвших үгүйг, чуулганд юу хэлэх хэлэхгүйг шийдэж байна. Ингээд эрэмбэ нь буруу байгааг өөрчлөх хүсэлтэй намын гишүүд олон байдаг юм байна лээ. Сая намайг төсөвтэй холбоотой санал хэлсний дараа МАН-ын гишүүд холбогдож байр сууриа илэрхийлсэн. Хамтарч ажиллахыг ч хүссэн.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг сонгов DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.05) хуралдаан 10 цаг 57 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Байнгын хорооны дарга Р.Сэддорж төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.6 дахь хэсэг, Төвбанк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйл 1, 2, 3 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.5, 11.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, Статистикийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төслийг боловсруулжээ. Тус төслийн хавсралтаар Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, тус Хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, тус Хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийн загваруудыг төслийн хавсралтаар тус бүрд нь батлахаар боловсруулсан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон Байнгын хорооны ажлын албанаас хариулт, тайлбар авав. Нэр дэвших хүсэлтийн маягтыг холбогдох хуульд заасан шалгуурын дагуу нарийвчлан боловсруулах саналыг М.Бадамсүрэн гишүүн хэлсэн бол тус маягтуудад хуулиас давсан шалгуур, шаардлагыг тусгахгүй байхад анхаарахыг Э.Батшугар гишүүн анхааруулж байв.

Хуулиар тогтоосон хугацаатай албан тушаалтнуудын ажиллах хуулийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан сонгон шалгаруулалт болон нээлттэй сонсголыг шуурхайн зохион байгуулах саналыг Н.Батсүмбэрэл гишүүн гаргасан. Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж  “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай”  Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.

“Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны харьяанд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулагдсан. Тус дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёлыг нэр дэвшүүлж буйг Р.Сэддорж дарга танилцууллаа.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар Н.Алтаншагай гишүүн лавлаж, Байнгын хорооны даргаас хариулт авлаа. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх, сонгох нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу явагддаг гэлээ. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Б.Мөнхсоёл гишүүнийг сонгохыг дэмжив. Иймд холбогдох тогтоолын төсөл батлагдаж, Р.Сэддорж

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын олон улсын импортын 7 дахь удаагийн экспогийн нээлтэд оролцож, үг хэллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын олон улсын импортын 7 дахь удаагийн экспогийн нээлтэд оролцож, үг хэллээ. 


Эрхэм хүндэт Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Эрхэм зочид, төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид аа, Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын худалдаа, хамтын ажиллагааны нэр хүндтэй платформ болсон “Хятадын олон улсын импортын Экспо” арга хэмжээг амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар, Шанхай хотын удирдлагад гүн талархал илэрхийлье.

Энэхүү Экспод Монгол Улс тасралтгүй оролцож ирсэн уламжлалтай бөгөөд “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй 7 дахь удаагийн арга хэмжээнд Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн хамгийн олон төлөөлөлтэй оролцож байгаагаараа онцлогтой юм.

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар17.6 тэрбум ам.долларт хүрснийг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм зочид, төлөөлөгчид өө,

Ази, Европын стратегийн уулзвар дээр оршдог Монгол Улсын хувьд энэхүү Экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхөргөн боломжийг нээсээр ирсэн билээ.

Монгол Улсын Засгийн газар асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед гурван гол шилжилтийг хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

– Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгон ашиглах,

– Хоёрдугаарт, Ногоон хөгжлийн шилжилтийг хэрэгжүүлэх,

– Гуравдугаарт, Хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөж байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улс бүх улс орон, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлж байна.

Монгол Улс хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эрхзүйн орчин, хамтарсан засаглал бүхий улс төрийн бодлогын тогтвортой байдлыг бүрдүүлсэн бөгөөд уул уурхай, хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, дэд бүтэц, дэвшилтэт технологи, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг тэргүүлэх салбарт идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Монгол Улс дэлхийд дөрөв дэх том зэсийн гүний уурхайг “Рио Тинто” компанитай хамтран ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь цахилгаан машины үйлдвэрлэл, ногоон хөгжилд оруулж буй манай улсын томоохон хувь нэмэр юм.

Монгол Улс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай харилцан уялдуулж, “Чайна Энержи”, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг үндэсний компаниудтай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засаг цар тахлаас хойш 5-7 хувиар тогтмол өсч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 1000 ам.доллараар нэмэгдэж байгаа нь бидний хамтын ажиллагааны бодит үр дүн гэж үзэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, хүндэт зочид, хөрөнгө оруулагчид аа,

Монгол Улс бол эртний түүхтэй, мөнх хөх тэнгэр, цэлгэр ногоон талаараа олон улсад алдартай орон билээ.

Манай өвөг дээдсийн сургаальд “Монголын За бол Андгай” хэмээх сайхан үг байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн.

 

Бид Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье.

Монгол Улс жил бүрийн долоодугаар сард Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг бөгөөд энэхүү баярын өмнө Эдийн засгийн форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Та бүхнийг Монгол үндэстний өвөрмөц зан заншил, түүх, нүүдэлчин ахуйтай танилцаж, бизнес, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээдэг Монголын эдийн засгийн форумд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Улс орон бүхэн үзэл бодол, засаглалын зөрүүтэй байдлыг ойлгож, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хамтдаа зэрэгцэн хөгжих нь даян дэлхийн энх амгалан, хөрөнгө оруулалтын таатай орчин, хүн төрөлхтний аз жаргалтай амьдралын үндэс билээ.

Эртний худалдааны түүхтэй ШанхайнЭкспод оролцогч улс орнууд, аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж, шинэ амжилт, шинэ түншлэлийг хүсэн ерөөе

Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй парламентчдын III чуулган боллоо DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг хамтран (2024.11.04) “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээг зохион байгууллаа.

Төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, жендэрийн манлайлагч улс төрчдийн төлөөлөл, аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний төлөөлөл оролцсон юм.

Эмэгтэй парламентчдын III чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улсуудын нэг болохыг тэрбээр тэмдэглээд  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол, 2028 онд энэ үзүүлэлт 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хуульчилж чадсан. Энэхүү үр дүнд хүрэх зам дардан байгаагүй” гэлээ. Цаашид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд хүйсийн эрх тэгш байх нөхцөл, боломжийг бүрэн утгаар нь хангах, цаашдаа орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын төлөө зорилт дэвшүүлэн ажиллана. Монгол Улсын Их Хурал идэвхтэй хамтран ажиллаж, манлайлал үзүүлэн ажиллах болно гэв. (бүрэн эхээр)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Улс орнууд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтойг ОУВС-ийн судалгаанд дурдсан байдгийг илгээлтэд тэмдэглээд, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр Монгол Улс бүс нутаг төдийгүй олон улсын түвшинд идэвх санаачилгатай ажилладаг болохыг онцолсон байв. Улс төрийн намын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлснээр 2030 онд Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгууд дахь холбогдох зорилгыг хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска хэлсэн үгэндээ “Энэ танхимд цугласан та бүхэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтдаа хичээснээр өнөөдрийн үр дүнд хүрсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Өдгөөгөөс 100 жилийн өмнө Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиараа жендэрийн тэгш байдлыг баталгаажуулж байсан бол өнөөдөр 100 жилийн ойг хамгийн олон эмэгтэй гишүүнтэй Улсын Их Хурал болсон түүхэн амжилтаар угтаж байна” гэлээ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь эрүүл ардчиллыг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах суурь хэмээн онцолсон. Монгол Улсын хувьд энэхүү амжилтаа бэхжүүлж, дараагийн шатанд хүрэхийн тулд шийдвэр гаргах түвшинд өнөөдөр ажиллаж буй, өмнө нь ажиллаж байсан эмэгтэйчүүд дэмжлэгийн тогтолцоо бүрдүүлэн, хувь оролцоотой, үр дүнтэйгээр хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэн хэлсэн.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нэг эмэгтэйн идэвх, оролцоо нийгмийн өөрчлөлтийг эхлүүлсэн түүх хуваалцаад, тус байгууллагын Монгол Улс дахь үйл ажиллагааны талаар танилцууллаа. Эмэгтэй улс төрчид нэгдэн хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд олон чиглэлээр санаачилгатай хамтран ажиллаж чадвал нийгэм тэр хэрээр тэгш, хүртээмжтэй болж өөрчлөгддөг гээд энэхүү чуулганаар цаашдын зорилтоо хамтдаа тодорхойлох  боломжтой гэлээ.

“Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээний үеэр Монгол Улсын жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт зочдод онцгойлон талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

Ийнхүү чуулганы үйл ажиллагаа эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга, Эмэгтэй парламентчдын зөвлөлийн тэргүүн Х.Булгантуяа “Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдэвт илтгэл танилцуулав.

УИХ-ын 8 удаагийн сонгуульд давхардсан тоогоор нийт 608 хүн сонгогдсоноос 65 буюу 10.7 хувь нь эмэгтэй байсан бол 2024 онд 25.4 хувь болж нэмэгдсэн талаарх тоо баримтыг тэрбээр илтгэлийнхээ эхэнд тэмдэглэлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болсон сонгуулийн дүнгээр байгуулагдсан АИХ-ын 430 депутатын 8 нь эмэгтэй байсныг, УИХ-ын бүрэн эрх тус бүрээр эмэгтэй гишүүдийн эзлэх хувь, хууль тогтоох, шийдвэр гаргах түвшний оролцооны талаар илтгэл танилцуулаа. АИХ-ын 430 депутатаас нийт 50 гишүүн Улсын Бага Хуралд сонгогдон ажилласан ба 2 нь эмэгтэй гишүүн байжээ.

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “Төрийн эрх барих дээд байгууллага нь Улсын Их Хурал байна” гэж заасны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжиж, Улсын Их Хурал (УИХ)-ыг сонгох анхдугаар сонгуулийг 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт явуулж, 76 гишүүний 3 нь эмэгтэй гишүүн байв.

УИХ-ын 1996 оны ээлжит сонгуулийн дүнд 76 гишүүний 8 нь эмэгтэй, эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 10.5 болж өмнөх сонгуулийн дүнгээс 6.6 нэгж хувиар өссөн байна.

УИХ-ын 3 дахь удаагийн ээлжит сонгууль 2000 онд жижиг мажоритар системээр буюу нэг мандат бүхий 76 тойргоос олонхын саналаар гишүүдийг сонгосон. Нийт 76 гишүүний 9 нь эмэгтэй, эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 11.8 болж өмнөх оны сонгуулийн дүнгээс 1.3 нэгж хувиар өссөн гэв. УИХ-ын 2004 оны ээлжит сонгуулийн дүнд 76 гишүүний 5 нь эмэгтэй буюу эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 6.6 болж өмнөх сонгуулийн дүнгээс 5.2 нэгж хувиар буурчээ.

УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулийн (2005 онд шинэчлэн найруулсан) дагуу 76 мандаттай, томсгосон 26 тойрогт явагдсан. Сонгуулийн дүнд 76 гишүүний 3 нь эмэгтэй буюу дүнд эзлэх хувь 3.9 болж өмнөх сонгуулийн дүнгээс 2.7 нэгж хувиар буурсан байна.

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 гишүүний 48-ыг олон мандаттай мажоритар 26 тойргоос, үлдсэн 28-ыг пропорциональ намын жагсаалтаар авсан саналын дүнгээр сонгож, сонгогдсон эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 14.5 болж 11 эмэгтэй гишүүн бүхий бүрэлдэхүүнтэй парламент бүрэн эрхээ хэрэгжүүлжээ.

УИХ-ын 2016 оны долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг томсгосон мажоритар буюу жижиг 76 тойргоос шууд сонгосон байна. Уг сонгуулийн дүнд 76 гишүүний 13 нь эмэгтэй, эмэгтэй гишүүдийн дүнд эзлэх хувь 17.1 болж өмнөх сонгуулийн дүнгээс 2.6 нэгж хувиар өссөн бөгөөд өмнөх парламентуудаас хамгийн өндөр үзүүлэлт байв.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулсан. Нийт 76 гишүүний 13 нь эмэгтэй буюу дүнд эзлэх хувь 17.1 буюу өмнөх сонгуулийн дүнтэй адил байв.

Эмэгтэй парламентчдын насны хувьд хамгийн залуу нь 32 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол хамгийн ахмад нь 58 настайдаа сонгогдож байжээ. Нийт сонгогдсон эмэгтэй гишүүдийн дундаж нас 45 бөгөөд эмэгтэйчүүдийн талаас илүү буюу 36 гишүүд нь 40-49 настайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон аж.

Хамгийн олон сонгогдсон эмэгтэй гишүүдийг дурдвал, С.Оюун 5 удаа, Т.Ганди, Д.Арвин нар 4 удаа тус тус сонгогдон парламентад ажиллаж байжээ. Харин нийт 65 эмэгтэй гишүүд сонгогдсоныг байршлаар харвал, 35 нь дүүргүүдээс, 25 нь аймгуудаас, 5 нь жагсаалтаар сонгогдож байсан бол хамгийн их давтамжтайгаар сонгогдсон эмэгтэй гишүүд нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс 8, Баянгол дүүргээс 5, Завхан аймгаас 7, Хэнтий, Сэлэнгэ аймгуудаас тус тус 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна.

2012-2024 оны хооронд УИХ-ын гурван удаагийн сонгуулиар 11-13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдож, парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх суудлын тоо 11.5-17.1 хувьд хүрсэн нь ардчилсан сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ хугацаанд 30 эмэгтэй улс төрч /давхардаагүй тоогоор/ УИХ-ын гишүүнээр сонгогдож ажилласан бөгөөд нийтдээ 127 хуулийн төслийг бие дааж болон бусад гишүүдтэй хамтран, мөн эмэгтэй гишүүдийн бүлгээрээ хамтран санаачилжээ. Эмэгтэй гишүүдийн ажилласан, өргөн барьсан хуулийн төслүүдийн талаас илүү хувь нь батлагдсан байна. Сонгуулийн жилээр харьцуулж үзэхэд 2016-2020 онд сонгогдсон эмэгтэй гишүүдийн санаачилсан хуулийн батлагдсан хувь хэмжээ хамгийн өндөр буюу 25 хувь байжээ.

Эмэгтэй гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалт, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодод ихэвчлэн хамаарч байв. Тодруулбал, эмэгтэй гишүүд хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эмзэг бүлгийн эрх ашиг, эрүүл мэндийн асуудалд илүү их анхаарч буй мэт боловч эдийн засаг, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, боловсрол, соёл зэрэг олон салбарт өргөн хүрээг хамарсан, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

2012-2016 онд УИХ-д сонгогдсон 11 эмэгтэй гишүүн бүлэг байгуулан, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ажиллаж байсан юм. Тэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах үйлчилгээг хуульчлах, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдийн эрхийг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах чиглэлээр хамтран хуулийн төсөл санаачилж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсан.

2016-2020 онд УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн бүлэг байгуулан, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байв. Тэд хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш, эмч нарын хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгох, агаарын бохирдлыг бууруулах, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлуудад анхааран, ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих чиглэлээр ОУБ-уудтай хамтрах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ажилласан байна.

2020-2024 онд УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн бүлэг байгуулан, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сонгогдон ажиллаж байсан. 2020 онд УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ-ын дэд даргаар сонгогдсон ба Монгол Улсын түүхэнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан анхны эмэгтэй болсон юм. Тэд эмэгтэй гишүүдийн бүлгээрээ хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин сайжруулахын тулд хамтран ажиллаж байна. Үүнээс гадна 10 гаруй үндсэн чиглэлд /хүүхдийн эрүүл, аюулгүй орчин, сургуулийн орчин, эрчүүдийн эрүүл мэнд, хүний хөгжлийн бодлого, ахмад настнаа асран хамгаалах, эмэгтэйчүүдийн насан туршийн боловсрол, цахим орчинд хүний эрх хамгаалах гэх мэт/ ажиллах тодорхой үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж, нэгээс гурван эмэгтэй гишүүн ахлах зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Эмэгтэй улс төрчид УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд 2012 оноос хойш өөрийн болон эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 орчим төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, энэ хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор барилга байгууламж шинээр барих, засвар, өргөтгөл хийх, хуучин барилга байшингийн дээврийн засвар, дулаалгын ажил, зам засварын ажлуудын төсөв санхүүжилтийг шийдэж, төсөвт суулгаж, ажил хэрэг болгоход түлхүү анхаарсан. 2012 оноос хойш эмэгтэй гишүүдийн санаачилгаар хэрэгжсэн гурван төсөл тутмын нэг нь хүүхэд, залуучуудын асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан. Үүнээс гадна малчид, тариаланчид, өндөр настан, эмч, багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн амьдрах орчныг сайжруулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төслүүд байв. Эдгээр төсөл, хөтөлбөрийн гурваны нэг нь иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зориулсан төдийгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байсан.

2012-2023 он хүртэлх хугацаанд УИХ-ын эмэгтэй гишүүд Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулав. Жишээлбэл, тогтвортой хөгжлийн тулгуур хүрээ болох эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хог хаягдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг санаачлан, өргөн мэдүүлсэн байна. Эдгээрээс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль батлагдсанаар Тогтвортой хөгжлийн зорилгын 4 буюу Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд дэвшүүлсэн суурь дэд бүтцээр хангагдсан сургууль, цэцэрлэгүүдийг нэмэгдүүлж, сурагчдын суралцах орчныг сайжруулах зорилт хангагдах нөхцөл бүрдсэн. 2021-2022 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагдсан байна. Үүнээс гадна, хэлэлцэх шатандаа явж буй бусад хуулийн төслүүдийн үр нөлөөг үнэлсэн судалгаагаар МУТХҮБ-ын нийгэм, эдийн бусад дэд зорилтуудыг хангах, ахиц үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.

2024 оны УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар, жендерийн квотыг 30 хувиар хуульчлан зохион байгуулагдаж 2 намаас тойргоос 8 эмэгтэй, 5 нам эвслийн жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг 8 хувиар ахиулж, 25.4 хувьд хүрсэн.

Эмэгтэй гишүүд олон ажил төлөвлөж байгаа бөгөөд олон улсын байгууллагатай хамтран жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлэх юм байна. Иймд үе үеийн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан эмэгтэйчүүдээ энэ үйл ажиллагаа, санаачилгыг нь дэмжин, оролцохыг урив.

Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл танилцууллаа. Монгол Улсын хувьд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, Улс төрийн намын тухай хуульд квотын талаарх зохицуулалтыг тусгасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байх хэрээр нийгэм тэдгээр эмэгтэйчүүдийн үйлдэлд шүүмжлэлтэй ханддаг талаарх судалгааг дурдаад, Монгол Улсын хувьд өнөөдрийн үр дүнгээ бататган, эрх зүйн орчныг илүү сайжруулж, шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бололцоо байгааг илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэсэн юм.

Чуулганы оролцогчид үргэлжлүүлэн 1924 оноос хойших парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо, парламентад төлөөллийг хангахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн үр дүн, шинэчлэлийн талаар хэлэлцэв.

Эмэгтэй парламентчдын III чуулганаас Тогтвортой хөгжлийн V зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор  улс төрийн намууд амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэхийг уриалж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль дахь ололтыг баталгаажуулж, цаашид сонгуулийн зардлыг бууруулах бодлого баримтлах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг өөрчилж, нэр дэвшигчийн квотыг нэмэгдүүлэх чиглэлд идэвх санаачилгатай ажиллах санаачилга гаргасан. Түүнчлэн улс төрийн намуудад эмэгтэйчүүдийг дэмжин ажиллахыг уриалж, охид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг парламентын түвшинд нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэв. Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа, төсвийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгож, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогын түвшинд дэмжин, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санаачилгыг дэвшүүлж буйг танилцуулсан юм.

Энэхүү чуулганыг хааж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлэхдээ, цаашид шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахын ач холбогдлыг дурдаад энэ чиглэлд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

“Эмэгтэй парламентчдын чуулган 2024” арга хэмжээний үеэр “Өөрчлөлтийн зүгт” өгөгдөл дүрслэлийн үзэсгэлэн гаргасан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
улс-төр цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гурван шилжилтийг “Huawei” компанитай хамтарч хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгууллаа DNN.mn

БНХАУ-ын Шанхай хотноо маргааш эхлэх “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцогчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа, дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Тус компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Ван Жяньфөн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов.

“Huawei” технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун ухаан (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой.

Хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж ажиллахад бэлэн. Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа бусад улс оронд үлгэр жишээ болохоор өргөжих ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн удирдлагуудад илэрхийлэв. Тиймээс хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.

“Huawei”  компани нь 170 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос мордлоо.

Монгол Улсын Ерөнхий сайдыг УИХ, Засгийн газрын зарим гишүүн дагалдаж байна. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л салбарын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэж байна.