Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Баярхүү: Ичгүүргүй байгаагаас нийгмийн дүрэм, хэв маяг, сайн сайхан бүхэн үгүй болж болно DNN.mn

МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш А.Баярхүүтэй ичгүүргүй байх талаар ярилцлаа.


-Ичгүүргүй байх гэж яг ямар ойлголтыг хэлж байна. Ичгүүр гэдэг нь хүнд байх ёстой эсэх дээр өөр, өөр байр сууриуд байдаг?

-Ичгүүр гэхээс илүү ичих гэдэг нэр томьёо нь илүү оновчтой. Өөрөөр хэлбэл, Сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэтгэцийн шинж, процесс, байдал гэдэг дээр авч үздэг. Түүний сэтгэцийн шинжийн нэг болох сэтгэлийн хөдөлгөөний илрэлүүд, түүний урт удаан байх хугацаанаас үүдэлтэй мэдрэмжийг авч үздэг. Бидэнд айх, сандрах, түгших гэх зэрэг олон мэдрэмж байдаг. Түүний нэг нь ичих мэдрэмж.

Өөртөө итгэлгүй, тухайн үйл ажиллагаанд илүү бодитой хандаж чаддаггүй, өөрийгөө доогуур үнэлж байгаа хүмүүст ичих мэдрэмж илүү үүсч байдаг. Ичгүүргүй байна гэдэг түүний эсрэгээр нь байх юм. Ичгүүргүй байх тухай ойлголт бие хүний нийгмийн үйл ажиллагаанд оролцож байгаа оролцооноос хамаарч бий болж болно. Өөрөөр хэлбэл, хүн жинхэнэ хүн байхынхаа хувьд нийгмийн нэг хэсэг. Ямар нэг бүлэгт харьяалагддаг, хамтын үйл ажиллагаанд оролцдог, нийгмийн олон талт үзэгдлүүдэд хариу үйлдэл үзүүлдэг бие хүн. Нийгмийн хамтын амьдралын хууль дүрэм, хэм хэмжээ, ёс суртахуун гээд бид өөрсдийн зохиосон тэр дүрийг бодитоор нь үнэлж хүлээж авч чадахгүй түүний сөрөг илрэлийг илэрхийлээд байгааг бид ичгүүргүй байдал гэж харж болох юм. Ичгүүргүй байдал гэдгийг энгийнээр хэлбэл тухайн хүн тэр нийгэм, цаг үедээ, үйл ажиллагаандаа сөрөг илрэлийг илэрхийлэх. Ёс зүйгүй, суртахуунгүй байдлын нэг дүр юм.

-Ичгүүргүйгээр хүн сайхан амьдарч болоод байна гэж үзэх хүмүүс бий. Ичгүүргүй байх нь хувь хүн болоод нийгэмд хэр хохиролтой вэ?

-Ичгүүргүй байна гэдэг нь сэтгэл судлал талаасаа хэрэгтэй зүйл. Тэр хүн өөртөө итгэлтэй, ямар нэгэн айдас, түгшүүргүй байна гэж үзээд байдаг. Нөгөө талдаа нийгэмд амьдарч буй хүнийхээ хувьд дүрэм журам, хууль, ёс зүй гэдгийг нийтээр бий болгоод тэрийг нь зөрчөөд байгаа хүмүүсийг буруутгаад, сайн сайхан амьдраад байна гэж хардаг. Нэг талдаа буруу, нөгөө талдаа зөв юм. Юунд, яаж ичгүүр, сонжуургүй байдлыг буюу өөртөө итгэлтэй дүрийг гаргаад байна вэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хүнд амьтнаас ялгагдах ухамсрын дүрүүд бий. Бие хүн болох онцлог дүрүүд байна. Аль нийгэм, цаг үед амьдарч байхаас хамаарч нийгмийн сэтгэл зүйн байдал, орчин нөхцөл, яавал бие хүнээс бие хүнд, эсвэл бие хүнээс нийгэмд илүү эерэг нөлөөлөх вэ гэдгийг ухамсарлаж, үнэн зөвөөр ойлгож чадахгүй байгаа нь ичгүүргүй байдлыг үүсгээд байдаг. Ичгүүргүй байдлын улмаас нийгмийн дүрэм журам, хэв маяг, сайн сайхан байдал үгүй болж, зөрчигдөж болно. Хүн ичгүүргүй байна гэдэг хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс суртахуунтай салшгүй холбоотой. Бие хүнийхээ хувьд өөрийгөө бодитоор, зөвөөр олж хараагүй, хөгжиж чадаагүй, нийгэм орчны нөлөөллийг, сэтгэл зүйн байдлыг, харьяалагдаж байгаа бүлэг, гишүүдийнхээ нөхцөл байдлыг олж харахгүй байгаатай хамааралтай буюу тухайн хүнд оюун ухаант, ухамсарлагдсан байдал анзаарагдахгүй байна л гэж үзнэ.

-Ичгүүргүй амьдрал, ичгүүргүй байдал. Монголчууд яагаад ийм болчихов. Энэ нь дээрх хэмжээнүүдийг зөрчөөд буйтай л холбож ойлгох уу?

-Одоо яагаад хүмүүс ийм ичгүүргүй байх болчихов гэж яриад байна л даа. Өнгөрсөн цаг үед ч байсан. Магадгүй улс орноо, газар нутгаа эрх мэдлээ урвуулан ашиглаж үгүй хийсэн хэсэг бүлэг хүмүүс ч байна. Гэр бүлийн харилцааны хувьд үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүй, эцэг эхээ хайрлаж энэрдэггүй, хүн ёсны харилцааг илэрхийлдэггүй дүрүүд өнгөрсөн цаг үед ч байсан. Бид өнөөдрийнхөө нийгмийн дүр зураг, хүмүүсийн харилцааг хараад, өөр хоорондоо нэг нэгнээ таних сошиал орчноор дамжуулан хүмүүс ичгүүргүй байна гэх өнцгүүд бий. Нөгөө талдаа ичгүүргүй дүрийг гаргах нэг момент нь сошиал дээр хүмүүс өөрийгөө илэрхийлэхдээ камерын өмнө нэг дүрийг гаргачихдаг. Энэ бол миний бодит бие гэдэг тусгалыг олж харахаас илүүтэй төрсөн сэтгэгдэл мэдрэмжээ өөр зүйлээр орлуулаад гаргадаг. Бодит байдал дээр өөр хүмүүс байж болно. Бодит би-гээ камерын өмнө гаргахдаа ичгүүр сонжуургүй, эрээ цээргүй байдлаар гаргаж, асуудлаа илэрхийлчихдэг. Түүнийг нь хараад бид ичгүүргүй байдал их болчихлоо. Хүмүүс аливаа зүйлээс ичиж, эмээхээ байлаа гэдэг зүйл анзаарагдаж, өөр хоорондоо яриад байгаа. Өөр бусад цаг үетэй харьцуулахад ичгүүргүй байдал ихэссэн эсэхийг шууд хэлэх боломжгүй. Магадгүй ичгүүр сонжуургүй байдал бие хүнээс бие хүний хооронд, эсвэл бие хүн бүлгийн дунд байхдаа энэ дүрийг гаргаж байна уу гэдгийг олж харах хэрэгтэй. Өөр нэг дүрээр сошиалд ичгүүргүй байдлыг гаргах нь одоо үед нэг их чухал биш болоод байна. Зарим үед тухайн зүйлийг ичгүүр сонжуургүйгээр шууд илэрхийлэх нь зөв байж болно. Хамгийн гол нь нийгмийн амьдралд өөрийн гэсэн хэм хэмжээ, ёс суртахуун, хууль дүрэм, хэн хэндээ нөлөөлөх нөлөөлөл, нэг нэгнээ даган дуурайдаг нийгмийн үзэгдлүүд байх ёстой. Энэ бүхэн дээр эерэг сэтгэл хөдлөл, эерэг мэдрэмжээ илэрхийлээд эхэлбэл ичгүүргүй байдлын тухай ярихаа ч болино. Ичгүүргүй байдлыг тэр бүр гаргахаа ч байна.

-Ичгүүр сонжуургүй байх мэдрэмжээ хэрхэн зөв удирддаг бол. Түүнчлэн бусдад нөлөөлөх нөлөөллийг нь яавал бууруулах вэ?

-Ичгүүрийн тухай аваад үзэхээр хүн нийгмийн амьтан байхынхаа хувьд алдаатай зан үйлийг илэрхийлдэг. Хичээлээсээ хоцорч ирчихээд дундуур нь дуу чимээтэй ороод ирдэг нь ч ичгүүргүй байдлын нэг хэлбэр. Ихэнх тохиолдолд сошиалд элийрлүүд их явагдаж, ичгүүргүй хүмүүс их болсон. Тэднийг дагагчид ч их. Өсвөр насныхан, хүүхдүүд, залуучууд, нийгмийн өөр бүлгийнхэн үзэж хараад түүнийг нь дагах, даган дуурайх, онцгүй мэдрэмжийг авсан ч гэсэн дахин, дахин үзэх ийм үзэгдлүүд байна. Хүн нэг юмыг дахин, дахин үзэж, харах тусам түүнд автах магадлал маш өндөр байдаг гэдгийг нийгмийн сэтгэл судлалд авч үзсэн байдаг. Миний авсан мэдрэмжийг дахин, давтан илэрхийлээд байвал би нэг л өдөр яг тэр хүн шиг ичгүүргүй, сонжуургүй тэр зан үйлийг үйлдэх магадлал маш өндөртэй. Магадгүй хүн бүр ичих болон ичгүүргүй байх зэрэг өөрөө өөрийнхөө мэдрэмжээ ямар ч нөхцөлд гадагшлуулж болно. Харин түүнийг нь хүртэж хүлээж авах эсэх, даган дуурайх уу гэдгээ бид маш сайн бодож, өөрөө өөртөө хяналт тавьж цензуртэй хандах хэрэгтэй. Ичгүүр сонжуургүйгээр үйлдэл хийгээд байгаа хүмүүс магадгүй бага болно. Хүний зан үйлийг өдөөгч, бэхжүүлэгч нь эргэн тойрны хүмүүс нь байдаг. Ичгүүр, сонжуургүй ааш гаргадаг хэн нэгэн байвал түүнийг бид идэвхжүүлэхгүй байх нь чухал юм. Түүнийг сошиалд ч юмуу сайлж, муулж үзээд, тэр харилцааг нь дэмжихгүй байх нь зүйтэй.

Та өөртөө мэдлэг болох зүйл рүү анхаарлаа их хандуулдаг. Өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж чаддаг бол өөр бусад элийрч байгаа хүмүүс рүү анхаарлаа хандуулахаа больдог. Сэтгэл зүйн хувьд хямралтай, өөртөө итгэлгүй, сэтгэл зүйн эрүүл мэнд нь бага зэрэг дордсон хүмүүсийн хувьд дандаа юмны болохгүйг олж хараад байдаг. Тэгэхээр хувь хүн бүр сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах. Аливаа зүйлийг шүүн тунгааж, эерэг зөв зүйл рүү цагаа зарцуулах нь зөв юм.

Элийрэгчдийг их үзэж буйг сэтгэл зүйн нөлөөлөлтэй холбон үзэж болно. Нийгмийн сэтгэл зүй их хувьсамтгай. Нэг хэсэг элийрэгчид их болж, тэднийг сонирхогчид ихэсч байгаад сүүлдээ цаг хугацааны явцад хүмүүс сонирхохоо больж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Зээлжих зэрэглэлийн төлөв дээшилсэн нь эерэг өөрчлөлт мөн, гэхдээ хангалттай биш DNN.mn

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний төлөв дээшилсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуугаас дараахь тодруулгыг авлаа.


-Манай улсын зээлжих зэрэглэл дээшилсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Фитч рейтинг манайхыг В зэрэглэл дотроо эргээд тогтвортой гэсэн төлөв рүү оруулсан гэдгээ мэдэгдсэн. Энэ В дотор нь бас сөрөг, тогтвортой, эерэг гэсэн гурван төлөв бий. Нэг ёсондоо манайх үнэлгээ дээшлээгүй. Зэрэглэл дотроо хандлага нь сайн байна л гэж үзсэн хэрэг. Гэхдээ манайх 2012 оны үед ийм л байсан шүү дээ. Тэгэхээр бид 13 жил шаварт хий эргээд цаг хугацаа их алдлаа гэсэн үг. Хоёрдугаарт, бидний одоо байгаа В гэдэг чинь өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ бүхий ангилал дотор ордог зэрэглэлийн үнэлгээ юм. Хамгийн сайн нь ААА байдаг. Харин бид В ангилалд байна гэдэг чинь хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй л гэсэн үг. Тэгэхээр нэг их баярлаад, бахархаад байх зүйл биш.

Capture.JPG

-Ингэж зэрэглэл дотроо төлөв дээшлэхэд юу нөлөөлсөн юм бэ?

-Өнгөрсөн жилүүдэд нүүрсний экспорт сайн байлаа. Энэ л гол нөлөө үзүүлэх шиг боллоо. Жишээ нь, 2021 онд өмнөд хөрш хилээ хаасан байсантай холбоотойгоор манайхаас нүүрс маш бага гарсан.

Ухаж гаргасан нүүрс хилийн наана овоорчихсон. Энэ нүүрс л 2023 онд гарсан. Одоо хятадууд коксжих нүүрсээ ихээр нөөцлөөд авчихлаа. Тэгэхээр өмнөх шигээ сайн авах уу, үгүй юу гэдэг чинь эрсдэлтэй. Тийм болохоор энэ үнэлгээ тогтвортой сайн байж чадахгүй.

-Засгийн газрын зүгээс ингэж зээлжих зэрэглэл сайжирсан нь хөрөнгө оруулагч нар орж ирэх үүд хаалгыг нээнэ гэсэн тайлбарыг хэлээд байгаа шүү дээ?

-Мэдээж энэ бол эерэг өөрчлөлт мөн. Гэхдээ хангалттай биш. Яагаад гэхээр хөрөнгө оруулахад асуудалгүй гэмээр шугам байдаг юм. Манайх тэр шугамаас их доогуур хэвээрээ л байгаа. Тэгэхээр эхлээд бид тэр шугамыг даваад ногоон бүс рүү орох хэрэгтэй. Одоо чинь бид улаан бүсэд байгаад байна. Хандлага, төлөв бол байна. Гэхдээ Засгийн газрын сурталчлаад байгаа шиг бүх зүйл сайхан болчихлоо гэсэн үг биш. Ер нь энэ чинь түр зуурын эффект. Хятад хилээ нээсний дараа өмнө нь овоорчихсон байсан нүүрс ачигдаж гарсны л нөлөөлөл.

-Бид ногоон бүс рүү орохын тулд яах ёстой юм бэ?

-Ногоон бүс рүү орохын тулд бид эхлээд хөрөнгө оруулалтын орчноо л нэлээд сайжруулах хэрэгтэй байна. Одоо чинь манайд хөрөнгө оруулахад маш эрсдэлтэй байна шүү дээ. Хөөгөөд гаргачихна, дээрэмдэнэ. Энэ бол маш буруу. Хоёрдугаарт, бид нүүрсний экспортоос хэтэрхий хараат байна. Тэгэхээр хятадууд нүүрсний импортоо буулгах, хилээ хаах юм бол дагаад манай эдийн засаг савлаад унана. Үүнээс гарахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх гэж бид их л олон жил ярьж байна даа. Жишээлбэл, бид ураны болон газрын ховор элементийн төслөө явуулах хэрэгтэй байна. Зэсийн салбарт шинээр хайгуул хийх ёстой. Уул уурхайн бус салбараар эдийн засгаа солонгоруулж чаддаггүй юм гэхэд уул уурхайн салбар дотроо нүүрснээс гадна олон эх үүсвэртэй болох хэрэгтэй. Аялал жуулчлал, агаарын салбараа хөгжүүлэхийн тулд илүү сайн либералчлах шаардлагатай. Зүүн болон баруун бүсдээ том онгоцны буудлуудтай болоод түүгээрээ бараа болон зорчигч авч ирдэг баймаар байна. Казахстан, Киргизистан зэрэг улсуудын бараа бүтээгдэхүүнд одоо манайх чинь маш өндөр татвар тавьдаг. Үүнийгээ болих хэрэгтэй. Тэндээс хямдхан байдлаар хүнсний ногоогоо хүртэл авдаг болмоор байна шүү дээ.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төсөл бий. Эдгээр нь таны яриад байгаа эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах тал дээр хэр ахиц авч ирнэ гэж харж байгаа вэ?

-Энэ 14 мега төслийг явуулъя гэж ярьж байгаа нь сайн. Гэхдээ эдгээрийн чинь ихэнх нь гацчихсан, олон жил болчихсон. Сонгууль болгоноор л ярьдаг, зурагдсан пянз шиг болчихсон төслүүд байна лээ. Яах вэ, хоёр, гурван гэрэлтэй, нааштай төсөл бий. Жишээлбэл, говийг усжуулах асуудал туссан байсан. Энэ бол үнэхээр зөв. Яагаад гэвэл говьд ус маш хязгаарлагдмал. Тэнд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн тулд гүний ус ашиглаад байгаа нь хэцүү байдалд оруулна. Ураны төсөл орсон байсан. Гэхдээ бас л олон жил ярьж байна, гадныхантай уулзах болгондоо л үүнийгээ ярьдаг. Гэхдээ энэ удаа үнэхээр нэг ажил хэрэг болоод өрнөх юм бол нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирээд манай эдийн засгийг т өрөлжүүлэхэд маш хэрэгтэй. Бусад нь харин онцын ач холбогдол багатай гэж хараад байгаа. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ хийнэ гэсэн. Монголд 5-6 том ТЭЗҮ байгаа. Үүндээ маш их мөнгө зарцуулсан. Гэтэл дахиад нэмж баахан ТЭЗҮ хийх юм байна. Дээрээс нь гадны хөрөнгө оруулагч нар чинь манайхны хийсэн ТЭЗҮ-д хэзээ ч итгэхгүй. Тэд чинь өөрсдөө хийнэ.

Тэгэхээр ингэж мөнгө зарж баахан ТЭЗҮ хийхийн оронд гадны хөрөнгө оруулагч нар өөрсдөө эрсдэлээ даагаад орж ирэх орчныг нь л бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Ер нь төр өөрөө ТЭЗҮ хийнэ, төр өөрөө баахан төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ гэхээр өөрсдийнх нь яриад байгаатай зөрчилдөөд байгаа юм. Хувийн хэвшлээ дэмжинэ, төр бизнес хийхгүй гэж уг нь яриад байгаа шүү дээ.

-Нүүрсийг хятадууд авахгүй байх магадлал ойрын 10-15 жилдээ байхгүй. Тийм болохоор энэ үе дээр нь бид байгаа бүх боломжоороо урагш нь гаргаад л байх хэрэгтэй гэж Сангийн сайд хэлээд байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хятадууд нүүрсээ яг зах зээлийн зарчмаар нь явуулдаг улс биш шүү дээ. Геополитик, улс төрийн сонирхол зэрэг нь их жин дардаг. Хэрвээ Хойд Солонгос, Австралиас их аваад эхэлбэл манайхаас авахаа больчихдог. Ийм үе  байдаг. Тэгэхээр тийм найдвартай биш. Дээрээс нь Хятадын гангийн үйлдвэрлэл саараад эхэлсэн. Гангаа боловсруулахын тулд л коксжих нүүрс импортолдог шүү дээ. Харин манайхаас яагаад авдаг вэ гэхээр манайх харьцангуй чанар сайтай, хямдхан. Түүнээс биш хятадууд өөрсдөө асар их нөөцтэй. Мөн томоохон үйлдвэрүүд нь Өмнөд Монголд байдаг нь тээвэрлэлтэд хямд тусдаг. Монголд ийм давуу талууд байна. Гэхдээ Хятад өөрсдөө Монголтой Монголгүй асар том давуу талтай улс. Тэгэхээр зөвхөн нүүрс дээр нэг их найдаад байх хэрэггүй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Хамтралчид” маань хадландаа гарсан байгаа даа DNN.mn

Манайд сонгууль болохоор л улстөрждөг салбарууд бий. Салбар нь гэхээсээ илүү улстөрчид ашиглачихдаг гэвэл илүү зохино. Товчхондоо, сайхан амлалт өгч байгаад санал авчихдаг технологи. Энэ удаагийн сонгуулиар улстөрчдийн онилсон бай нь хөдөө аж ахуйн салбар байлаа. Тэр дундаа мал аж ахуй. Энэ нь малчид нэгдээд хамтрал коммун байгуулах тухай байв. Социализмын үеийнхээр бол нэгдэлжих хөдөлгөөн гэсэн үг.

Уламжлал ёсоор сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сард одоогийн УИХ-ын дарга, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачилж байгаагаа зарласан. “Малчид хамтран хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломжтой” гэсэн. Зээл ч олгогдож эхэлсэн. Малчид ч шуурсан. Ингээд сонгууль болж, эрх баригчид мөнгөтэй болсон малчдаасаа хүссэн саналаа авч чадсан билээ.

Өнөөдөр харин намрын сэрүүн хэдийнэ орж, хөдөө хотгүй өвлийн бэлтгэлдээ гарах цаг хоолойд тулжээ. Өнөөх хамтрал коммун байгуулсан малчид маань өвс хадландаа гарсан болов уу.

Өвс тэжээлийн нөөцөө бэлдэнэ гэдэг малчин өрхийн гол ажил. Өвлийн улирлыг малын хорогдолгүй давахын тулд намрын цагт өвс тэжээлээ сайн базааж, хот хороогоо бэлдэх л байдгийг өнгөрсөн жилийн зуднаас монголчууд нийтээрээ харсан. Бэлтгэл сайтай малчин нэг ч төлийн хорогдолгүй толгой дээгүүр хавартай золгож, эсрэгээр нь өвөлдөө бэлдээгүй хэсэг нь хотоо харлуулсан. Үүнд хамгийн чухал нь өвс тэжээлийн бэлтгэл байсан.

Тэгвэл энэ намрын малчдын бэлтгэл хэр байх бол гэдэг эргэлзээтэй байна. Сонгууль болоод өнгөрсөн. Сонгуулийн маргаашаас хоршоолсон малчдын зээл нь таг зогссон, хөдөө орон нутгаар нэг хэрүүл маргаан байгаа тухай яриа дэгджээ. “Үндэслэл судалгаа муутай, их хэмжээгээр олгогдсон зээл жилийн дараагаас чанаргүй зээлийн ангилалд шилжих эрсдэлтэй” гэж эдийн засагчид дуу нэгтэйгээр анхааруулж байгаа. Зээл нь зогсож, хамтрал коммун нь явцгүй болсон малчид хадлан тэжээлээ алдаж, өвөл зутрах вий. Ядаж л уламжлалт аргаараа эртхэн малынхаа тоог цөөрүүлж, хорогдохоос өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй болов уу.

Сонгуульд өртсөн хөдөө аж ахуйн нөгөө чухал салбар бол газар тариалангийнхан. Тэд малчид шиг мөнгөтэй болоогүй, эсрэгээрээ хохирсон салбар. Өнгөрсөн хавар УИХ-аас гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг баталчихсан. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлээ хараат байдал руу түлхсэн явдал болж, тариаланчид, үйлдвэрлэгчид хоёр хуваагдсан. Уг нь энэ хоёр салбар нэг зоосны хоёр тал юм. Тариалалтгүйгээр үйлдвэрлэл ярихгүй. Үйлдвэрлэгчид байхгүй бол тариаланчид орлогогүй. Тиймээс тэд нэг ойлголттой, нэг бодлоготой явж байж ядаж л үнийн савлагаагүй, иргэдийн худалдан авах чадамжид нөлөөлөхгүй байх боломжийг бий болгож байдаг юм. Улс төрийн шийдвэр судалгаа тооцоогүй, захиалгатай, улстөржсөн байхын хор уршиг ингэж л гардаг.

Энэ удаагийн сонгуулиар монголчуудын хүнсний хэрэгцээг хангадаг чухал салбар ингэж аюултайгаар өртлөө. Малчид тооцоо судалгаагүйгээр их хэмжээний зээлэнд толгойгоо мэдүүлж, газар тариаланчид хоёр хуваагдаж эцэст нь энэ салбараас гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээнд нөлөөлчихдөг. Улс төрөөс ангид байх ёстой салбар гэж бий. Ялангуяа улс орны стратегийн гол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч салбар улс төрөөс маш хол байх ёстой. Нэг л буруу шийдвэр нийт ард түмний амьдралд муу үр дагавар бий болгочихдог. Тиймээс хөдөө аж ахуйг улс төрөөс ангид байлгах тухай “Өдрийн сонин” бичиж ирсэн. “Улстөрчдөд битгий итгээрэй, битгий үнэмшээрэй” гэж үргэлж анхааруулж бичдэг.

Атрын гуравдугаар аяныг эхлэхэд ч бичиж л байлаа. Өнөөдөр энэ аянаас ямар үр шим монголчууд хүртэв гэхээр гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл үлдээгүй. Үүн шиг хөдөө аж ахуйн салбар энэ сонгуулийн “дайрлагад” өртөж малчид нь хамтрал хоршоо нэрээр арилжааны банкинд их хэмжээний өртэй, газар тариалангийнхан хоёр хуваагдан гурилын үнийг нэмж монголчуудыг “шагнах” шив дээ. Салбар улстөржих ийм л аюултай.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: ““Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ?” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний төлөв дээшилсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуугаас дараахь тодруулгыг авлаа. Тэрбээр “Зээлжих зэрэглэлийн төлөв дээшилсэн нь эерэг өөрчлөлт мөн, гэхдээ хангалттай биш” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт ““Ачит Ихт” ажиллаж байсан нь дээр дээ?” хэмээн өгүүллээ.

Багш А.Баярхүү “Ичгүүргүй байгаагаас нийгмийн
дүрэм, хэв маяг, сайн сайхан бүхэн үгүй болж болно” гэлээ.

Монголын нисэх загварын МАСА нийгэмлэгийн тэргүүн, спортын мастер Ч.Ганзориг “Монгол Улс батлан хамгаалах салбартаа дроны хэрэглээг илүү сайн нэвтрүүлэх хэрэгтэй”  хэмээв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: НҮБ-ын Дээд чуулганы шийдвэр эргэлтийн цэг байх болно

АРЫН НҮҮР: Алжаал ядаргааг тайлахад шар тос тустай


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөрөө өөртөө хүндэтгэлтэй бай DNN.mn

Бид өөрийгөө хүндэтгэхгүй юм. Бас өөрийгөө хайрлахгүй юм. Ихэнх хүн хамгийн хэрэггүй, үзэхэд өөрт нь нэг хэрэгтэй санаа ч өгөхгүй хогийн бичлэгийг ямар ч сонголтгүйгээр утаснаасаа үзэж цаг нөгцөөдөг. Архичин, адгийн тэнэгүүдийн тавьсан бичлэг маш өндөр хандалттай байдаг. Тийм бичлэг шимтэн үзэж байгаа хүмүүс тэр хавьцаа л сэтгэнэ. Магадгүй, өөрөөсөө дор сэтгэж, амьдарч байгаа хүнийг харж тайвширдаг байж мэднэ. Гэхдээ ийм тайвшрал бол сэтгэцийн өөрчлөлт гэж хэлмээр байдаг.

Өөрийгөө хайрлаж, хүндэлдэг хүний сонголт эрүүл, амар байдаг. Хамгийн наад зах нь тэд сошиалд хэнийг дагах, хэний бичлэгийг үзэхээ мэддэг. Өглөө босоод өөдрөг үгс бичдэг, сургамжит түүх хааяа сануулдаг, өдөр тутмын амьдралд хэрэгтэй зөвлөгөө өгдөг, эерэг зөв хандлагатай пост оруулдаг хүмүүс сошиал орчинд түүний найзууд байдаг. Ийм эерэг дулаан цахим найзуудын хүрээлэл тухайн хүнд ч зөв, зөөлөн хандлага үүсгэдэг. Ямар урамтай гээч.

Та өөрийгөө яаж хайрлаж, хүндлэхээ мэдэхгүй бол эхлээд амжилттай яваа, ажилсаг хүмүүсийг дуурайгаад үз. Тэдний үйлдлийг дуурай, үгийг нь сонс, унш. Уншсанаа дараа нь тухайлаад бодоод үзээрэй. Яагаад ингэсэн юм бол, ийм гайхалтай түүх бүтээхийн тулд ямар замыг туулсан бол гэх мэтээр.

Сайхан хүмүүсийг дагах, тэдний хүрээлэлд байна гэдэг та өөрөө тийм болохын эхлэл юм. Өөрөө ч мэдэлгүй та өөрийгөө хайрладаг болно. Сайн, зөв хандлагатай болж бусдыг үлгэрлэж эхэлнэ. Бас бусдыг хүндэлдэг болно. Нэг хүнд ч гэсэн та итгэл найдвар төрүүлнэ гэдэг ямар гайхалтай билээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч М.Хандармаа: Хүүхэд үе тэнгийнхнээ дээрэлхэж, гэмтэл учруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ DNN.mn

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар хэрхэн тусгагдсан талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хуульчдын холбооны хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч, өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.


-Хүүхдийн эрхийн тухай хууль гэж бий. Хүүхэд хамгааллын тухай хуульд шинэчлэлт ороод байгаа. Энэ хоёр хуулийн ялгааг тодруулж өгөхгүй юу?

-Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн эрхүүдийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Харин Хүүхэд хамгааллын тухай хууль нь хүүхдийг насанд хүрэгчид яаж хамгаалах, тэр тусмаа гэр бүл, боловсролын орчинд албан тушаалтан хэрхэн хамгаалах, аюулгүй байдлыг бий болгох тал руугаа чиглэгдсэнээрээ ялгаатай.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад онцлох гол өөрчлөлтүүд таныхаар юу байсан бэ?

-Хүүхэд хамгааллын хуулийг илүү нарийвчлалтай болгосон нь онцлог. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд хүн тус бүрийн үүргийг буюу гэр бүлийн орчинд эцэг эхийн, боловсролын орчинд багшийн үүргийг нарийвчлах зорилгын хүрээнд энэхүү шинэчлэл хийгдсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хороо бүрд хүүхдийн эрхийн нийгмийн ажилтан ажиллана. Томилогдсон ажилтан нь хүүхдийн эрхийг нарийвчлан үзэж эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг тогтоон цааш цаашдын арга хэмжээг авах зэргээр ажиллана.

Сүүлийн үед хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргүүд тасралтгүй гарсаар байна. Нийгэмд өрнөж буй бүхий л асуудлуудад хүүхэд хамааралтайгаар зогсохгүй онц ноцтой, олон нийтийг цочирдуулсан хэргүүд олширсон. Хүүхэд хамгааллын орчныг нарийвчилснаараа хэн нь алдаа гаргасныг, хүүхэд юунаас болж хохирогч болох нөхцөл байдал бүрдсэн эсэхийг тогтооход чухал юм.

-Хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигддөг вэ?

-Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүүхэд эрсдэлтэй байгаа. Хараа хяналтгүй байдлаас үүдэлтэйгээр эрх зөрчигдөх нөхцөл байдал хамгийн өндөр байна. Гэвч үүгээр зогсохгүй бусад орчинд ч аюулгүй байдал алдагдаж байгаа.

-Энэ хуулийн шинэч лэлд үе тэнгийн дээрэлхэлтийг нэлээд онцгойлж, зохицуулснаараа онцлог хууль болсон. Үе тэнгийн дээрэлхэлтээс үүдэн хүүхдийн эрх зөрчигдвөл эцэг эх, асран хамгаалагч, сургууль, цагдаагийн байгууллагын зүгээс ямар арга хэмжээг авах вэ?

-Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ өгөх нь нэн тэргүүний алхам. Мэдээж хүүхэд ямар байдлаар хохирсон, дээрэлхэлтэд өртсөн зэргээс хамаарч авах арга хэмжээ, шийдэл нь өөр өөр байна.

-Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэд, тухайн хүүхдийн асран хамгаалагч хариуцлага хүлээх үү?

-Эрүүгийн эсвэл зөрчлийн шинж чанартай эсэхээс нь хамаарна. Гэмт хэргийн субьект болох насны доод хэмжээ нь 14 нас  байдаг. Түүнээс дээш насны хүүхэд гэмт хэргийн шинжтэй үе тэнгийн дээрэлхэлт ү йлдэхдээ бусдын биед гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ. 14-өөс доош насны хүүхэд бол асран хамгаалагчтай нь тусгайлан уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Хохирлын хэмжээнээс шалтгаалан эцэг эх, асран хамгаалагч нь Иргэний хуулиар хариуцлага хүлээнэ.

-Энэ сарын 6-ны өдөр нийслэлийн 102 дугаар сургуулийн охидын хооронд зодоон болсон. Гэвч найм хоногийн дараа буюу 14-ний өдөр цахим хуудаснаа бичлэг нь цацагдсанаар нийтэд ил болсон. Тухайн үед тус сургуулийн багш ажилчид, эцэг эх асран хамгаалагч, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Харин сурагчдыг хооронд нь гар бариулж эвлэрүүлсэн гэх мэдээлэл байгаа. Энэ тохиолдол нь Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн үү?

-Багш нар Хүүхэд хамгаал лын хуулийн талаар мэдлэггүйгээс болж боловс  ролын сургалтын бай  гууллага, насан туршийн суралцахуйн төв нь дээрх хуулийн 23.4.3-д хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Олон нийт энэхүү шинэчилсэн найруулгын талаарх мэдээлэлгүйгээс үүдэн хүүхэдтэй холбоотой асуудлууд тасралтгүй гардаг.

Т.Оюунтүлхүүр

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөшөөтийн голын намар буюу хоёр ажаа минь DNN.mn

Аавыгаа Ажаа гэж дууддаг ёс төв халхынханд саяхныг хүртэл байсан. Дөнгөтийн Цоодол найрагчийн “Ганцхан Ажаатай хорвоо”, Жамбалын Мягмарсүрэн эрхлэгчийн “Ажаагийн хийсэн хусан тэрэгний ялуу” гээд аавынхаа тухай, ус голынхоо тухай нуугьтал бичсэн дурсамжуудыг бид мэднэ. Манай Хөшөөтийн голынхон (Булганы Хишиг-Өндөр) аавыгаа Ажаа гэнэ. Аавын дүү Отгоншарав ахын “Ажаа минь өнгөрсөн тэр намар шиг урт намрыг үзээгүй” гэж хэлсэн үг санаанаас гардаггүй. Намар болохоор буцах шувуудын ганганаатай цуг цээжинд хургаж зүрх хөндүүрлэх нь бий.

Ачит эцгээ алдан өнчирч хоцорсон үрсэд нь намрын сар барагдаж өгөхгүй зовоох нь гарцаагүй. Уул нурж, тэнгэр хөмөрсөн мэт тэр намар Отгон ахын үгнээс сэтгэлд шархиртал буудаг юм. Эндээс ургуулаад бодохоор намрын улирал хүмүүн гэгчид санаж сэрэхүйн “дуут дохио”-г өгдөг шиг. Намрын нар налайгаад л, өнөө айргийн амт нь чимчигнэж, алтан намрын өнгө нь тунараад байгаа хэрнээ нэг л сэтгэл дэнслээд тогтож өгдөггүй. “Намар болоход ээжгүй хүн энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг” хэмээх найрагчийн шүлэг нэгийг хэлнэ. Мөн “Ээ хүү минь намрын салхиа, ингээд л хүний сэтгэл эвдчихдэг юм” гэж хүүгээ сургуульд нь үдээд зогсож буй эцгийн дүр тодорном.

Намрын улирал амьдралын утга учрыг ингэж л буцаж буй шувуудаар, урьхан хонгор салхиар, уулын оройн будан, бугын дуудлагаар хүмүүний зүрхэнд суулгаж өгдөг буй за. Аавын минь аав Батсүх Ажаа, түүний төрсөн дүү Бавуу Ажаа. Хөшөөтийн голын хоёр багана нь байсан хоёр Ажаа минь. Намар болохоор л нялххан миний сэтгэлд хөндүүрлэн бодогдож алсын уулнаас дүр нь харагдаж, аясын салхинаас дуу нь сонстох шиг л болох юм даа. Учир юунд юм бол оо.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Чагнаагийн Пүрэвдорж: Би шүлгээ бичээд хэнд ч хэлдэггүй, хэнд ч уншдаггүй. Өөртөө л үлдээдэг DNN.mn

Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор, профессор, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагчийн Чагнаагийн Пүрэвдоржтой хөөрөлдсөнөө хүргэе. Эрдэмтэн зохиолчтой энэ удаад зөвхөн яруу найргийн талаар ярилцсан юм. Тэрээр “Амьдралын төгөл” (2018 онд), “Амьдралын төлөөс” (2020 онд), “Амьдралын төөрөг” (2021 онд), “Амьдралын төвөргөөн” (2023 онд), “Амьдралын аялгуу (2024 онд) гэсэн яруу найргийн 5 боть хэвлүүлсэн бөгөөд яруу найргийн бүтээл нь англи, япон, франц, герман, орос хэлээр мөн буриад, босоо монгол бичгээр хэвлэгдэж дэлхий нийтийнхний анхаарлыг татаад буй юм.


-Та бол уран бүтээл, ялангуяа шүлэг найргаа эрт эхэлсэн хүн. “Ачтайхан ээжийнхээ асрал хайрыг амин зүрхэндээ дээдэлж явнаа хө, амин зүрхнийхээ тэр л хайраар амьтны үрсийг хайрлаж явнаа хө” хэмээн Адраагийн дуулсан “Ээжийнхээ хайраар” дуу зохиогдоод 40 жил болж байна. Гэвч та их даруу явж ирсэн. Харин даравч далдайна гэдэг шиг сүүлийн жилүүдэд яруу найргийн 5 цуврал боть гаргаж их утга зохиолд өөрийгөө тунхаглалаа?

-Яруу найргийг эрт эхэлсэн нь үнэн боловч сүйдтэй юм байхгүй. Би боловсрол, шинжлэх ухаан бас яруу найраг гэсэн хоёр их мөрөн голын урсгалд хөвсөн азтай хүн. Харамсалтай нь хоёуланг нь зэрэгцүүлээд авч явж чадаагүй гэм надад бий. Их сургуульд багшлан эрдэм судлалын ажлаа хийж явахад яруу найраг маань хоцорч, яруу найргаа голлож байхад нөгөө ажил маань зогсож байх жишээтэй. Сүүлд яруу найргийн таван боть гаргасан. Энэ бол урьдаас төлөвлөж бодож боловсруулсан зүйл огт биш.

Өмнө гаргасан хэдэн номоо эмхэтгэн “Амьдралын төгөл” нэрээр хэвлүүлтэл дараа дараачийнх нь ном цувран гарсаар ийнхүү таван боть болсон хэрэг. Шүлэг бол хүмүүний зүрх сэтгэлийн ундарга учраас нэгийг нь ч төлөвлөж товлох ямар ч боломжгүй. Миний хувьд шүлгээ бичнэ гэж үүдээ түгжин, цонхоо нээх хэрэггүй байдаг. Аяндаа л өөрийнхөө эрхээр ороод ирдэг. Ирэхээ хүрвэл харин гэрт гадаа, босоо суугаа хаана л бол хаана хайр найргүй сандаргана. Ирэхгүйгээ хүрвэл таг чиг алга болно. Өөрийгөө мянга албадаад ч нэмэргүй. Албадлаа гэхэд олигтой санаанд хүрсэн юм барагтай л бол гарахгүй. Би шүлгээ бичээд хэнд ч хэлдэггүй, хэнд ч уншдаггүй. Өөртөө л үлдээдэг. Тэгэхлээр л би гэдэг хүн шүлэг зохиолоороо бусдыг сэрээж мэдрүүлэхээс түрүүнд өөрийгөө сэхээн хөөргөж, өөртөө таашаал авдаг байвал яах вэ. Бараг өөрөө өөртөө зориулж шүлгээ бичдэг гэвэл арай л дэгсдэх болов уу. Ер нь л тун дөхөж очно доо. Нэг гайгүйхэн шүлэг бичээд орхивол нэг хэсэгтээ л баяр хөөртэй өөдрөг явна. Шүлэг муухан бол дуу сулхан дух доошoo болох жишээтэй.

-Таны энэ чиг шугамыг яруу найрагчийн хувьд би гадарладаг л даа. Харин өөрөө өөртөө шүлэг бичдэг гэх ойлголт бусдад сонин санагдаж магад?

-Миний хувьд бараг тийм л болж таараад байгаа юм. Миний шүлгийг хэн юу гэж үзэх нь чухал биш, юуны өмнө өөрт л эхлээд таашаагдах ёстой гэж үздэг. Өөрийгөө эхлээд хүндэтгэх, өөртөө үнэнч байх түүгээрээ дамжиж бусдад ойлгогдох явдал ч бас байж болно. Тэгээд ч шүлэг зохиол гэдэг бичигчийн өөрийнх нь санаан зоргын зүйл биш гэдгийг сая хэлсэн. Тэнгэрээс ч юм уу, өөр хаанаас ч юм аяндаа буух нь их. Асгаран буй хур бороо хэний өмч вэ. Түүнийг бусдаас хямгадаж болох уу. Шүлэг зохиол бол тэнгэрийн л хишиг. Би түүнийг өөртөө хэчнээн зориулах мэт боловч ном болон хэвлэгдээд аяндаа бусдын хүртээл болно. Гэхдээ шүлэг зохиол дээрээ ажиллах гэж тун их няхуур ядаргаатай мөртлөө амттайхан ажил байдаг. Намайг залуучууд хөөргөөд яруу найрагч гэж дуудаад байгаа болохоос биш би уг нь зүгээр л нэг сайн дурын уран сайханч гэдэг шиг ямар нэг албан ёсны юм огт байхгүй ардын үлгэрч ерөөлч маягийн л хүн шүү дээ. Зүйрлүүлэн хэлбэл Хуульч Сандаг шиг ч гэх юм уу даа. Тэгэхдээ тэрхүү төгс төгөлдөр хүмүүс шиг бэлэн цэцэн үг, мэргэн санаагүй зөвхөн санаанд орсон төдийгээ тэмдэглэн авдаг, санаанд ороогүй бол зүгээр л явж байдаг. Яруу найраг бол мөнгө хөрөнгө, нэр алдар олох хэрэгсэл биш гэж би боддог. Яруу найраг бол хүний өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг хангадаг увдислаг тэнгэрлэг зүйл юм. Хүн гэдэг амьтны хамгийн чухал нэг шинж бол илүү өндөрт харайх, илүү хурдан гүйх, илүү сайхан дуулах гэх мэтээр өөрийгөө илэрхийлэх гэсэн хүсэл тэмүүлэл байдаг. Тэндээсээ хүн таашаал авч сэтгэлийн ханамж эдэлж явдаг.

-Утга зохиол судлаач Лхамын Самбуу таны “Амьдралын төгөл” бүтээлийг задалж маш том шүүмж манай сонинд гаргаж байсан. Тэгэхээр та “Амьдралын төгөл”-өөс хойш яруу найргийг гэнэт сэрж мэдрэв үү. Өмнө нь ийм гайхалтай бичээд байв уу. Гадна дотны олон судлаачид таны яруу найргийг өөр өөрсдийнхөөрөө дүгнэсэн?

-Л.Самбуу, С.Энхбаяр, О.Содномпэл, Г.Батсуурь, Г.Бямбажав, Д.Драшек (герман), М.Петрова (орос) нарын зэрэг гадаад дотоодын олон сайхан нөхөд маань миний шүлгийн талаар үгээ харамгүй хэлсэнд талархаж явдаг. Тэдний бүтээлээс харахад миний шүлгүүд уран сайхан болоод шүлгийн хэлбэр гэхээсээ түрүүнд агуулга тал руугаа хандсан юм болов уу гэж бодогддог. Түрүүн би хэлсэн оюун санаагаа хоёр зүйлд зэрэг ажиллуулж чаддаггүй гэж. Гэнэт сэрж мэдэрсэн тухайд бол нэгд, би сургалт, эрдэм шинжилгээний нүсэр ажлаас халагдаж оюун санаа минь чөлөөгдсөн, хоёрт, ажил эрхэлж явсан сүүлийнхээ жилүүдэд нийгмийн шинэ орчинд багшилж, эрдэм судлалын ажил хийсний ачаар ардчилал, эрх чөлөөний үзэл санааг ухаарч ертөнцийг шинээр харж эхэлсэн нь намайг сэрээсэн болов уу гэж би боддог. ОХУ-ын нэрт монгол судлаач Ю.Н.Кручкин гуай намайг “Дорнын яруу тод төлөөлөгч, дорнын болоод өрнийн соёлыг тээгч” гэх мэтээр их л дөвийлгөн тодорхойлсон байдаг. Тэгэхдээ ганц би ч биш манай сэхээтнүүдэд бүгдэд нь байдаг энэ чанарыг Ю.Н.Кручкин гуай олж харсан нь чухал юм. Энэ бол өнөөгийн монголчууд бидний давуу тал мөн. Мэдээж энэ мэт нь миний бүтээлд нөлөөлдөг байх. Би бас Бурханы шашинтай хүн. Малгүй л болохоос биш малчин, номгүй л болохоос биш лам хүн гэж өөрийгөө тодорхойлон найз нөхдөө инээлгэдэг юм. Мөн Утга зохиол судлаач Л.Самбуу маань миний шүлгүүдэд экзистенци хандлага байна үзсэн байдаг.

-Тийм ээ, үүнээ жаахан тодруулаач?

-Оршихуй, тэр дундаа хувь хүний ахуйг судалгааныхаа төвд тавьсан экзистенциализм гэдэг философийг би сонирхдог нь үнэн. Байж байгаа юм буюу эсхүл юм байж байна гэх нь юу гэсэн үг вэ гэдэг асуултын хариуг философийн ухаан хайсаар явдаг гэж би ойлгодог. Оршихуйн философи дээрх асуултын хоёрдоход нь илүү ойр, хүн байна гэдэг, хүн оршин байх гэдэг юу вэ гэдэгт илүү төвлөрдөг. Тэр утгаараа ч экзистенциализм урлаг, утга зохиолд их нөлөөтэй. Миний шүлгүүдээс тэр талыг нь судлаач Л.Самбуу тухайлан үзэж илүү анхаарсан болов уу гэж бодож байна. Ер нь өрнийн болон дорнын сэтгэхүйд экзистенциализмын асуудлыг ялгаатайгаар хардаг байж магадгүй. Ер нь экзистенциализм тухайн үедээ тогтож хэвшсэн философийг сөрөн гарч ирсэн өргөн хүрээ бүхүй баримтлал. Тэгэхлээр биднээс хэн маань ч тэр уудам их орон зайг оносон байж болно шүү дээ. Хэрэв миний шүлэгт тогтсон хэлц, тогтсон сэтгэлгээнээс ялгаатай зүйл ажиглагдаад байвал тэнд мөнөөх экзистенци маань цохиж явна гэсэн үг л дээ.

-Та бол боловсрол судлалын хүн. Гэвч таны шүлгүүдээс философи ханхлаад байдаг. Аливаа юмны цаад, дотоод мөн чанар луу өнгийж буй мэдрэгддэг. Яг л мэргэжлийн философич шиг?

-Би мэргэжлийн философич биш, зүгээр л сонирхогч нэгэн. Харин бүр эртнээс дунд сургуулийн хүүхэд байхаас үүнд татагдаж эхэлсэн шүү. Их сургуульд сурч байхад манай улсын философийн алдарт профессорууд Ү.Нямдорж, Ц.Гомбосүрэн нарын лекцийг сонсож, семинарт нь суух завшаан тохиосон. Тэд бол тухайн үедээ барьж байсан философийг гарамгай судалсан бас философийн сонгодог зохиолуудыг орчуулдаг эрдэмтэд байсан. Тэр үеийн философид “Хөрөнгөтний философийг шүүмжлэх нь” гэж нэг хэсэг байдаг байв. Тэнд л нөгөөх экзистенциализмыг чинь ярьж өгнө шүү дээ. “Яагаад ийм байж болохгүй гэж” гэсэн эргэлзээг би тэндээс тээсэн гэж боддог. Хожим нь Оросын шинжлэх ухааны төв Санкт-Петербург хотод аспирантурт сурахдаа Философийн түүх хэмээх тун бага үзэл сурталжсан хичээлийг үзэж шалгалт өгсөн. Энэ бол өрнө дахины философийн үндэстэй илүү сайн танилцлаа гэсэн үг. Түүнээс хойш нэгэнт сонирхолтой юм болохлоор өөрийгөө гололгүй тааралдвал л философийн энгийн ном уншчих санаатай явдаг. Тэр бүхэн шүлгэнд маань алсуураа туссан байхыг үгүйсгэхгүй.

-Яруу найраг их утга зохиолд та хэн хэнтэй нөхөрлөж ирсэн бэ?

-60-аад оны төгсгөл 70-аад оны эхэн үеийн МУИС-ийн Утга зохиолын дугуйлан бол миний төгссөн Яруу найргийн их сургууль юм. Эрхэлсэн багш нь Ш.Гаадамба дугуйлангийн ахлагч Бямбажавын Хүрэлбаатар гишүүд нь С.Лочин, Х.Сампилдэндэв, Ломбын Нямаа, Л.Лувсандорж, С.Дулам, Л.Нямготов мэт арав гаруй залуучууд байлаа. Одоо цөм алдартнууд болжээ. Ахмад үеийн том зохиолчдоос дууны шүлэг батлуулж Б.Явуухулан, С.Дашдооров, Д.Содномдорж гуай, нутгийн зохиолч Ц.Доржготов, Жамцын Шагдар, О.Базаррагчаа, Ж.Барамсай, Д.Найманжин нартай танил тал явлаа. Бүр илүү их ойр явсан нь Дожоогийн Цэдэв, Ш.Сүрэнжав, Л.Дашням, Д.Цоодол, Ч.Дагвадорж, Д.Давааням, Ж.Бямбаа, Л.Хуушаан, З.Дорж, С.Оюун, О.Дашбалбар, Д.Банзрагч, З.Түмэнжаргал, С.Доржпалам гээд олон хүн байна даа.

-Та манай яруу наргийн өнөөгийн хөгжлийг юу гэж үздэг вэ. Энэ бас сонин санагдаад байгаа юм?

-Хүмүүс янз бүрийн л үнэлгээтэй явдаг байх. Би эх орныхоо яруу найргийн хөгжилд сэтгэл хангалуун явдаг. Бүх ахмад үе, хойч үедээ гүн хүндэтгэлтэй ханддаг. Агуу их Чойжи-Одсэрээс эхлээд анхны шүлгээ эхэлж яваа залуу хүртэлх бүх үеийн яруу найрагчид бол миний багш юм. Тангадын Галсан ах, Бадарч ах, Урианхай ах, Дашням ах тэргүүтэн Монголын их утга зохиолын яруу найргийн хоймрыг эзэлсэн буурлуудаа би өнөөдөр мэхийн хүндэлдэг. Яруу найраг буюу өргөн утгаараа шүлэглэсэн зохиол маань нэгэн зүйл ой модтой ижилхэн гэж би төсөөлдөг. Тэр нэгэн төгөлд өндөр гоо гачуур байхад өвч бүдүүн шинэс, өвгөрсөн улиас, үзэмж төгөлдөр цэцэгс, өргөс, халгай юу эс мундах билээ. Чухам тийм их олон янз байгаагийнхаа ачаар уг төгөл төгс төгөлдөр гоо сайхан бас үлэмж зохицлоор найрсан байдаг. Түүн лүгээ яруу найрагт ч адилхан сонгодог шүлэг, ардын үлгэр тууль, ерөөл магтаал, реалист, модерн, пост модерн сэтгэлгээний шүлгүүд цөм хамтдаа байж нэгэн сайхан найрал зохиролыг үүсгэн чуулдаг гэж би боддог. Тийм учраас надад тэр нь илүү сайхан, энэ нь дутуу тааруу гэх юм үнэндээ байхгүй. Гэхдээ тодорхой тохиолдол бүрт хувь хүний өөрийн гэх субьектив үнэлгээ мэдээж байх шүү дээ. Яруу найраг бол тухайн ард түмний нийтийн үнэт зүйл. Учир нь яруу найраг бол үндэсний оюун санааны хамгийн нарийн чамин дархлаа юм. Тийм учраас тэрхүү нийтийн үнэт зүйлээ яаж хамгаалж дэмжих вэ гэдэг бол шууд төрийн ажил болно. Хайхрамжгүй орхивол хаашаа ч хамаагүй ургаж бас унаж хагдрах бут, хамгаалж анхаарвал хаана ч байхгүй тансаг сайхан амьд цэцэрлэгт хүрээн байх болно.

-Үнэлгээ гэснээс таны шүлгүүд утга зохиолын ямар урсгалд хамаарах бол?

-Мэдээж би өөрийгөө үнэлж чадахгүй. Хэрэв хүн өөрийгөө үнэлж эхэлбэл давуулж буудахаас биш ер нь дутуудуулахгүй байх шүү. Тэгэж эхэлбэл магадгүй сэтгэл ханаж багыг боловч амжуулах хүслээ огоорч мэднэ. Миний шүлэг ямар урсгалд хамаарахыг би үнэхээр мэдэхгүй ямар ч гэсэн бусдаас ялгаатай байх сан, бусдыг давтахгүй сэн гэсэн нэг бодол л явдаг. Тэгэхдээ хэн боловч утга зохиолын ертөнцөд амьдардаг. Тэр ертөнцийн гэрэл гэгээ сүүдэр хэнд боловч тусаж л байгаа. Яг л уулын сүүдэр тал хөндийд буухад дор нь шүүдрийн ус хуримтлахтай төстэй. Би түрүүн ой модоор жишээ авч байсан. Их ойн дундаас ганц бургасыг сонгоод бүх ойг түүн шиг байх ёстой гэж болохгүй нь мэдээж. Түүн лүгээ адил реализмыг ч юм уу, модернизмыг ч юмуу, пост модернизмыг ч юм уу бариад яг үүн шиг бай гэж яруу найргийг ташуурдах боломжгүй. Яруу найраг бол өвс ногоо мэт өөрийнхөөрөө ургаж, өөрийнхөөрөө хагдарч байдаг зүй тогтолтой. Ер нь шүлэг хүмүүний сэтгэл санаанд амилдаг болохлоороо австракт, абсурд шинжтэй. Тэртэй тэргүй бид ертөнцийг яг байгаар нь харж чаддаггүй, дотроо санасныгаа бас яг тэр чигээр нь гадагш гаргаж бусдад дамжуулан хүргэж бас чадахгүй. Тийм боломж байхгүй хүн бол хязгаарлагдмал амьтан. Үүн дээр нь нэмээд хэлэхэд, яруу найргийн уралдаан наадам байх нь зөв үү гэдгийг хүмүүс бас сонирхдог. Яруу найргийг хэмжиж жигнэж болохгүй. Сэтгэлээрээ мэдэрч, хүртэж болдог. Тийм учраас яруу найргийг морь барих шиг уралдуулах боломжгүй. Гэхдээ яруу найраг ой мод мэт олон янз бас өргөн тавиу учраас хүнд хүрдэг арга зам нь мөн олон янз байх нь тодорхой. Ном сонин, бичлэг, уншлага, шоу наадам, тайлан тоглолт, уулзалт чуулган гэх мэт олон хэлбэрээр уншигчидаа очдог. Энэ нь уг асуудлын нэг тал нь юм. Нөгөө тал нь хөрөнгө санхүүжилттэй холбоотой. Манайд зохиогдож буй яруу найргийн наадмууд бол уншигчид сайн санаат дэмжигчид яруу найргаа санхүүжүүлж, хөрөнгө оруулж бас ард түмнээ цэнгүүлж буй нэг хэлбэр. Ийм наадам, ийм хөрөнгө оруулагчид харин ч их олон байгаасай билээ. Гэхдээ наадам явуулж буй арга хэлбэр цаашдаа улам сайжирч, зохион байгуулалтыг нь ил тод болж, оролцоог нь нээлттэй болгох талаар их зүйл хийгдэнэ байх аа гэж бодож байна.

-“Амьдралын төгөл”, “Амьдралын төлөөс” яруу найргийн ботиуд гадаадын олон хэвлэгдсэнийг асуулгүй өнгөрч боломгүй?

-Манай өвөг дээдс зохиол бүтээлээ түвэд, манж, хятад зэрэг гадаад хэлээр туурвиж ирсэн уламжлалтай. Ахмад үеийнхэн тэр уламжлалыг амжилттай үргэлжлүүлсэн. Ганц жишээ дурдахад “Монголын зохиолчдын номын сан” гэдэг томоохон цуврал бүтээлийг орос хэлээр гаргасан нь одоо номын тавиур чимээд сайхан л байна. Миний дуулж мэдсэнээр өнөөдөр Г.Аюурзана, Б.Номинчимэд нарын романууд, Ч.Галсан гуайн зохиолууд, Л.Дашням, Г.Мэнд-Оёо, Дан.Нямаа, Б.Энхтуяа, Л.Өлзийтөгс нарын зэрэг олон яруу найрагч түүврээ гадаад хэл дээр гаргасан нь цаашдаа улам нэмэгдэх нь дамжиггүй. Миний шүлгийн түүврүүд эрдэмтэй, чадалтай орчуулагчид Юрий Кручкин, Саймон Викхамсмить, Кимура Аяако, Вайглын Айлээн, Пүрэвдоржийн Гангаамаа, Шонхорын Майцэцэг нарын буянаар орос, англи, япон, герман, франц хэлнээ орчуулагдан тус бүр монгол хадмалтайгаар ном болон гарсан, ОХУ, Франц, Герман оронд хэвлэгдсэн. Мөн яруу найрагч Б.Бүргэд, зохиолч С.Алтанцэцэг нарын хөрвүүлснээр үндэсний монгол бичиг болон буриад аялгаар шүлгийн түүврүүд маань гарсан байдаг. Одоогоос бараг хорь шахам жилийн өмнө Тангадын Галсан ах маань миний шүлгийг үзээд чиний шүлэг орчуулагдана гэж надад хэлж байсан. Ах тэр үед миний шүлгийн нэг шинжийг лавтайяа олж харж дээ гэж би одоо боддог. Галсан ах мөн нэг удаа чиний шүлгүүд бол яруу найраг биш, янагийн шүлэг бол бүр биш, гүн ухааны бодрол бясалгал гэж хошигнож байсан. Гоёж чимж угалзруулсан ганган чамин чимэг багатай, хэт их далд санаагүй нь орчуулахад дөхөмтэй байсан байж ч мэдэх юм. Миний шүлгийг орчуулж өгөөч гэж хэн нэгнээс нэг их нэхэл дагал болоогүй явтал нэг мэдэхэд орчуулагдчихсан л байдаг. Тэр бол эрхэм орчуулагч нарын маань чадал чансаа өгөөж биз ээ.

-“Амьдралын аялгуу” тав дахь боть саяхан хэвлэгдсэн. Та бол хөгжмийн оргил Н.Жанцанноровоос аваад төрийн шагналт Ц.Чинзориг, С.Соронзонболд, УГЗ Ч.Сангидорж нарын олон аваргатай хамтарч бүтээл хийсэн хүн?

-Таны дурдсан хөгжмийн зохиолчидтой хамтран цөөн бүтээл хийснээ “Нийтийн дуу”, “Дурсамж тэмдэглэл”, “Хөгжмийн том хэлбэрийн бүтээл” гэсэн гурван бүлэгт хувааж нот, партитурын хамт эмхэтгэн гаргасан. Яруу найраг хүний сэтгэлийг хөвсөлзүүлдэг бол дуу хөгжимтэй нийлэхлээрээ бүр долгилон доргиулдаг ид шидтэй болохлоор бид дуу хөгжимд арга буюу татагддаг увдистай. Тэгээд ч дуу хөгжмийн урлагт сэтгэлтэй явсан юм байлгүй дээ хар бага наснаас хөөцөлдөн гүйжээ. Энэ завсарт Ч.Сангидоржтойгоо “Ээжийнхээ хайраар” гээд хэд хэдэн дуу бүтээсний дотор “Суварга хайрхан” гэдэг уртын дуу, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, профессор С.Соронзонболдтойгоо “Хаан чулууны домог” оратори, хөгжмийн зохиолч Д.Батсүхтэй хамтран “Чиний тухай бодол” романс бүтээжээ. Залуу насанд МУГЖ Д.Галсанбаттай нийлж хийсэн “Ангийн хоёр анддаа” дууг алдарт дуучин Б.Надинцэцэг дуулж тухай үедээ хит болж явсан байдаг. Энэ номд дуу хөгжмөөс гадна дуу гэдэг гайхамшигтай анх хэрхэн учирсан, хөгжим гэгч ид шийдийг хэрхэн анх харж сонссон, дууныхаа шүлгийг хэрхэн батлуулж явсан, хөгжмийн зохиолчдын араас хэрхэн хайрайлгаж, хэрхэн танилцаж нөхөрлөсөн тухай миний дурсамжууд бий. Дуу, бүжиг, хөгжим, зураг, шүлэг гэхчилэн ер нь урлаг, уран сайхан гэгчид холбогдуулан бичсэн цөөн шүлгээ түүж тэнд бас оруулсан байгаа.

-Та бол Эрдэнэ мэргэн бандида Ханчин хамбо Сүрэнхорын Жамъянгаравын удмын хүн. Бүр тодруулбал, Гэгээнтний зээгийнх нь хүү. Жамъянгарав гуайн тухай Цэндийн Дамдинсүрэн, мөн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гуайн бичсэн зэргийг та ном болгож гаргасан байдаг?

-Бандида гэгээн бол Бурханы шашны томоохон зүтгэлтэн боловч манай өвөг эрдэмтдийн нэг яах аргагүй мөн. Манай төвдөч эрдэмтэд Ц.Түмэн-Өлзий, Д.Ганболд нарын судлан тодотгосноор Гэгээнтний туурвиж бүтээсэн нь ном бүтээл нь 13 ботиос хэтэрсэн 142 нэр бүхий ном судар байгаа гэж үзсэн байдаг. Жамьянгарав гэгээнтэн бүтээлээ тухайн үеийн эрдэм судлалын үндсэн хэл болсон төвд хэл дээр голчлон бичиж үлдээсэн юм билээ. Миний мэдэхээр эрдэмтэн лам Жамьянгаравын яруу найргийн онолын “Эсэруагийн дуун эгшиг”, гүн ухааны “Данайнанжид” гэсэн тус бүрдээ төвд хэл дээр бичсэн таван зуугаас илүү хуудас бүхий хоёр том судар байдаг. Эхний бүтээлийг нь манай алдарт эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар ах судалгааны эргэлтэнд оруулсан. Жамъянгаравын бичсэн яруу найргийн онолын энэ бүтээл бол Монголын яруу найргийн онолын сэтгэлгээ, түүхэн туршлагад бүтээлч шинэчлэл хийж, тогтсон загвар, хэвшмэл арга барилыг зоригтойгоор шүүмжлэн эвдэж, урнаар сэтгэх, найруулах, шүлэглэх олон боломжийг тодруулж өгсөн утга зохиолын онолын сэтгэлгээний чухал том дурсгал гэж манай судлаачид үзсэн байдаг. Хутагтуудын хойд дүрийн тухайд хүмүүс янз бүрийн л үзэлтэй байдаг. Шашин ном, ид шид мэт далдын учир начрыг бол үнэндээ мэдэхгүй юм. Харин орчин цагийн боловсрол сургалт, шинжлэх ухааны практик талаас нь харвал эрдэм мэдлэг, түүний хуримтлалыг амьнаас аминд албан ёсоор залгамжлуулан өгч байгаа хэдэн үе дамжсан, үл тасрах нэгэн том дэг сургууль үүсгэж буй уг арга надад гайхалтай санагддаг. Хэн нэгний үүсэгсэн шинжлэх ухааны сайн дэг сургуулийг өөр хэн нэг жулдрай ирээд сүйтгэн хаядаггүй харин ч цааш нь улам хөгжүүлэн авч явах боломж бүрдүүлж байгаа нь гайхамшигтай. Жамьянгарав гэгээнтний хойд дүр одоо Жагарын орноо амжилттай сайн суралцаж байгаа бөгөөд тэрбээр өөрийнхөө эрдэм номын их дэг сургуулийг цааш үргэлжлүүлэн улам хөгжүүлэн авч явна гэдэг дамжиггүй билээ.

Хөөрөлдсөн Н.ГАНТУЛГА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

С.Бүжинлхам: Амьдралын тухай хэвшмэл бодлуудыг чөлөөтэйгөөр задалж харах хэрэгтэй DNN.mn

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Бүжинлхамтай ярилцлаа.


-Хүн үхэх нь үнэн, төрөх нь үнэн гэдэг. Төрөөд үхэх хүртэлх хугацааг амьдрал гэж хардаг. Энэ хугацаанд хүн гэдэг амьтан юунд зорьж тэмүүлдэг юм бол. Амьдралын утга учир чухам юу болохыг философи хэрхэн хардаг талаар ярилцаж болох уу. Амьдрал гэдэг үг өөрөө юуг илэрхийлдгээс эхэлбэл ямар вэ?

-Үгийн бүтцийг авч үзвэл амьд гэсэн язгуур харагдаж байна. Биологийн шинжлэх ухаанд өсдөг, үрждэг гэх мэт амьд биетийн шинжийг тодорхойлж судалдаг. Гэтэл бид биологийн өгөх тодорхойлолтоос өөр, илүү зүйлсийг мөн л хайдаг. Амьдрал гэж яг юу юм бэ гэх асуултыг бид бүгд л өөрөөсөө асуудаг байх. Хувийн жишээгээ дурдахад манай гэр бүлийн хувьд буддын шашинтай байсан учраас бага наснаасаа эхлээд дахин төрөлтийн талаар боддог байлаа. Үхээд дахин төрөөд байх амьдрал гэдэг чинь ямар уйтгартай юм бэ. Надад энэ амьдралд чөлөө зав гарах нь уу гэж дөрөвдүгээр ангидаа бодоод хямарч байснаа санадаг юм. Философийн ангид ороод энэ асуултадаа хариулт авна гэж бодож байв. Гэтэл философи өөрөө эцсийн хариултыг өгөөгүй. Нийгэмд бий болсон хэвшмэл ойлголтуудыг “Энэ үнэхээр ийм гэж үү, яагаад ингэж байгаа юм” гэж дүрсгүй сониуч хүүхэд шиг хандахыг л хэлдэг юм билээ. Харин философиос анзаарсан нэг зүйл бол эрх чөлөө. Амьдрал эцсийн байдлаар үүнийг л хэлдэг гэсэн хайрцагт хэн нэгнийг оруулахгүйгээр өөрөө бодоод өөрөөр сэтгэх, өөр өөр тохиолдлуудад хэвшмэл үзлээ дахин дахин задалж үзэх боломжийг олгодог.

Өмнө нь байсан таны үзэл бодол, утга учир өөрчлөгдөж болно. Ингэлээ гээд та өөрөөсөө урваж буй хэрэг биш. Өөрийгөө шүүн тунгаах, ахин дахин эргэцүүлэн бодох ухааныг энэ салбар хүнд суулгаж өгдөг юм байна гэдгийг олж харсан. Бидэнд аливааг эргэцүүлэн бодох чадвар төрөлхөөс л байдаг. Энэ чадвар, мэлмийг л задалж өгч байгаа салбар гэж харж болно. Товчхондоо, амьдрал гэдэг ийм утгатай гэсэн хариулт өгч чадахгүй боловч ийм зүйл шүү гэдэг тухайн мөчид бодох эрх чөлөө хүн бүхэнд байдаг.

-Өөрийгөө шүүн тунгаах, ахин дахин эргэцүүлэн бодох эрх чөлөө гэсэн нь сонирхол татлаа. Хүн бүрд нийтлэг нэг хүсэл байдаг нь сайхан амьдрах. Үр хүүхдээ сайхан амьдруулах, нэр бүтэн явах тухай боддог. Философичид, сэтгэгчид энэ тухай ямар байдлаар тайлбарладаг юм бол?

-Аз жаргал гэж юу вэ гэх асуулт мөн л эртний түүхтэй, дор хаяж л Аристотелиос эхлээд энэ тухай тайлбарладаг. Аристотель аз жаргалыг virtue-тэй холбож авч үзсэн байдаг. Бид энэ үгийг буян, эрдэм гэх мэтээр орчуулдаг. Нөгөө талд амьдрал утга учиргүй гэх ойлголт бий. Дэлхийн II дайнаас эхлэн Европт энэ үзэл нэлээд их дэлгэрсэн. Дайн гэдэг бол хүнийг тэр чигт нь өөрчилдөг зүйл шүү дээ. Хоёрдугаар дайны дараахан экзистенциалист философи хурдацтай эрчээ авсан байдаг. Яг амьдралын утга учрын тухай асуулт хүмүүсийн зүрхэнд хургасан үе байх л даа. Үүнтэй холбоотой Альберт Камю алдарт “Сизифийн тухай домог” гэх эсээгээ бичсэн байдаг. Манай залуучууд дунд нэлээд уншсан харагддаг. Энэ домогт Сизиф гэх зальжин эр өөд болсныхоо дараа газар доорх ертөнцийн хаан Айд дээр очиж “Эхнэр минь намайг ном ёсоор минь оршуулаагүй байна. Би газар дээр гараад эхнэрээ зөв зан үйл хийлгээд ирнэ” хэмээн хэлж эх дэлхийдээ ирдэг. Газар дэлхий дээр ирсэн Сизиф буцаж явалгүй үлдсэнд нь бурхад хилэгнэж түүнийг шийтгэдэг. Шийтгэл нь өндөр уулын орой руу үхэр чулуу өнхрүүлэн гаргах байдаг. Үхэр чулуугаа өргөж гаргах үед өнөөх нь дахин доош нь унана. Үүнийгээ дахиад л дээшээ өнхрүүлэн гаргадаг. Олон тайлбар ёсоор Сизиф бол энэ дэлхий дээрх хамгийн зовлонтой хүн байдаг бол Камюгийнхаар Сизиф доош унасан чулууны араас халах зуураа хорвоо дээрх хамгийн аз жаргалтай хүн болдог. Хөндлөнгөөс харахад ийм уйтгартай зүйлийг хийж байгаа хэрнээ яагаад Сизиф жаргалтай нэгэн болохыг Альберт Камью маш гоё тайлбарласан байдаг. “Сизиф өөрийн хийж байгаа тэр зүйлдээ утга учир оноож байгаа учраас” гэж. Тэгэхээр бид бол нэг хэвийн утгартай гэж үзэж байгаа ч үнэн хэрэгтээ амьдралын чинь утгатай утгагүйг бурхан, эсвэл өөр хэн нэгэн тодорхойлохгүй, зөвхөн та л үүнийг тодорхойлно гэж би ойлгодог.

-“Амьдрах ямар ч утга учиргүй байна” гэж гомдоллодог хүмүүс байдаг. Зарим нь амьдралаа төгсгөдөг. Мэдээж өвчин, үхэл хагацал үзсэн хүмүүс зовдог, шаналдаг. Үүнийг гэтлэх, даван туулах нь амьдралын бас нэг том сорилт юм шиг. Философи талаас үүнийг тайлбарлаж болох уу?

-Үүнийг тайлбарлахын тулд “SEEL” гэх хөтөлбөрийг онцолмоор байна. Энэ нь Social Emotional Ethi cal learning буюу нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл ёс зүйд суралцах гэсэн үгийн товчлол юм. Зорилго нь цэцэрлэгийн наснаас XII анги хүртэлх насны хүүхдүүдэд сэтгэлийн хат, харилцааны чадвар, эмпати зэргийг заадаг юм. Товчхондоо зүрхээрээ ойлгож мэдэрч, тархиараа ухаарч, гараараа үйлдэх гэсэн зарчимтай зүрх, тархи, гарын боловсрол ч гэдэг. Би хөтөлбөрийн сургагч багшаар ажилладаг юм. Оюутнуудтай ч гэсэн харьцаж байхад асуудал харагддаг. Анх удаагаа гэрээсээ хол, дассан сурсан орчноосоо өөр газар суралцаж байгаа хүүхдүүд олон. Оюутнуудтайгаа ажиллах явцдаа дасан зохицож, цааш суралцахад нь хэрэгтэй чадвар бол сэтгэлийн хатын чадвар юм байна гэж ажигласан. Олон асуудлуудыг даван туулах, өөрийгөө хэрхэн авч явах арга барилыг хүүхэд наснаас нь эхлээд заах нь зөв юм байна гэсэн үүднээс үүнийг боловсорлын хөтөлбөрт оруулах, багш нарт хүргэх ажлыг хийж байгаа юм.

Сэтгэлийн хат гэдгийг манайхан юу ч болсон төмөр шиг байж байгаад даван туулна гэж бодоод байдаг. Угтаа бол энэ нь өөрт тулгарч байгаа бэрхшээл саадыг хор хохирол багатайгаар, уян хатан байж, зарчим, чиг шугамаа алдахгүй даван туулах чадвар юм. Бид ямар нэгэн зовлон бэрхшээл байхгүй бүх зүйл нь өв тэгш, төгс төгөлдөр ертөнц хүсдэг. Хүүхдэдээ нэг бол зовлон үзүүлэхгүй, нэг бол миний туулсан зовлонг чи ч бас туулах ёстой гэж хоёр янзаар хандах нь ч бий. Зовлон бэрхшээл огт байхгүй ертөнцөд амьдраагүйгээс хойш бид хүүхдэдээ амьдралын шалгуурыг давахад нь туслах багаж л өгөх ёстой санагддаг. Зовлонг яаж даван туулах вэ гэвэл бусдыг энэрэх гэдэг. Бусдад бас өөртөө энэрэнгүй хандсанаар олон асуудлыг эвтэйхэн, хор хохирол багатай, эерэгээр шийдвэрлэж болно гэж боддог.Энэ чадварыг хүүхэд байхаас нь хөгжүүлж төлөвшүүлж болно. Бүх зүйлийн гарааг харахаар анхнаасаа чадахгүй байж байгаад дадлага хийх явцдаа сайжирдаг. Яг үүнтэй адилхан сэтгэлийн хат, шүүмжлэх сэтгэлгээ, бусдыг энэрэх чадварыг хүүхдэд багаас нь, тэр бүү хэл насанд хүрэгчдэд хүртэл суулгаж төлөвшүүлж болно гэж СИИ сургалт үздэг. Ер нь л өөртөө энэрэнгүй ханддаг, яг тухайн мөчид өөрийнхөө юу хүсэж буйгаа мэддэг, бусдыг ойлгодог байх үед амьдрал тийм ч “царай муутай” харагдана гэж бодохгүй байна.

Шүүмжлэлт сэтгэлгээ ярих зуураа бид эргэлзэхийг их онцолдог. Эргэлзэх гэхээр бүх зүйлд эргэлзээд, юу ч утга учиргүй, тулах цэггүйд хүрнэ гэж хараад байх шиг анзаарагддаг. Гэхдээ “эрүүл эргэлзээ” гэдэг нь “Би үүнд үнэмших үү үгүй юу, надад тустай юу үгүй юу” гэдгийг бодох юм. Тэг гэсэн цэг бол оргүй хоосон. Гэтэл бидний амьдрал оргүй хоосон биш шүү дээ. Бидэнд ядаж нэг хэрэгтэй. Тэр нэгийг “эрүүл эргэлзээ” бидэнд өгч чаддаг гэж боддог.

-Хүүхдүүдэд багаас нь сэтгэлийн хат, ёс суртахуун, бусадтай харилцах чадварыг олгоод эхлэхээр ямар үр дүн харагдаж байна вэ?

-XI ангийн хүүхэд энэ сургалтад явснаасаа хойш өөрийгөө хүмүүст таагүй үг хэлж гомдоодог байсан гэдгээ мэдсэн гэдгээ ярьж байсан. Энэ чинь л бидний хүсэж байгаа өөрийгөө мэддэг, анзаардаг, эргэцүүлдэг байх чадвар шүү дээ. Юмсыг зөвөөр дахин эргэцүүлэн бодоход маш их зориг шаарддаг. Жишээ нь, сошиал медиад дандаа төгс зүйлс байдаг. Огт муудалцдаггүй хосууд, толбогүй гэр, хамгийн сайхан бүсгүй тэнд байдаг. Түүнийг харчихаад бид өөртэйгөө харьцуулж гутардаг. Хувьслын сэтгэл судлалын үүднээс үзэхэд уул нь сэтгэл хөдлөл гэдэг хүн бүрд байдаг хэвийн үзэгдэл. Уурлаж байгаадаа, харьцуулж байгаадаа, хүн гэдэг үүднээс гарч ирж буй “хэвийн хариу үйлдлээсээ” бид айж, ичээд үүнтэйгээ нүүр тулдаггүй. Огт уурлахгүй, гутрахгүй, атаархахгүй амьдрах гээд л өөрийгөө нэмж зовоогоод байдаг. Гэтэл тухайн сэтгэл хөдлөлөө, түүний шалтгаанаа, үүнээс үүдэлтэй өөрийн хэрэгцээгээ ойлгоод, өөрт юу хэрэгтэй, юу хэрэггүй байгааг тунгаан бодох аваас өнөө нийгмийн сүлжээнд атаархаад байгаа зүйл маань заримдаа “зэрэглээ” төдий зүйл байсныг анзаарч болно шүү дээ. Бид алдаандаа ч их хатуу ханддаг. Алдаа маань миний амьдралыг сүйрүүлэх алдаа байна уу. Би л ганцаараа алдаа гаргасан уу гээд хараад үзвэл байдал их өөр. Мэдээж алдаж болно гээд хаа хамаагүй алдаад, өөрт бусдад төвөг удаад байж болохгүй. Энэрэх сэтгэл, эрүүл саруул ухаанаар аваад үзвэл үүнийг ахин давтахгүйн тулд би юу хийж чадах вэ гэдгээ анзаараад, цааш яаж алхах вэ гэдгээ бодоод, алдаа, зовлон гэдэг бол амьдралын нэг хэсэг шүү гэж хүлээж авч үзвэл түрүүн хэлсэн Сизифийн домог шиг амьдралдаа утга оноох нь илүү хялбар байж мэдэх юм.

-Хүний нас насны онцлог байдаг. 15 насандаа харж ойлгож байсан зүйлс 25-тайд эрс өөрчлөгддөг. 35 настай үед өмнөх залуу үеэс арай т айван, амгалнаар аливаа зүйлсийг хардаг, хүлээж авдаг юм шиг ажиглагддаг?

-Энэ нь бид илүү туршлага суусантай холбоотой байх. Харах өнцөг өөрчлөгдөхөд бидний амьдралын туршлага нөлөөлдөг. Арван тавтай байхад ааг амтагдаад л орчлонг эргүүлчих чадалтай санагдаад, ертөнцийн төвийг өөрийгөө гэж бодож байхад гучин тавтайд бол би ертөнцийн өчүүхэн жижиг хэсэг гэдгээ анзаарч эхэлчихсэн байдаг биз ээ. Амьдрал богинохон огторгуй чинь уудам, хүн бол энэ дунд оршиж буй өчүүхэн цэг, бид бодсон шигээ бүхний төв биш, харин ч орчлонд буй олон системийн нэг хэсэг гэдгээ олж харснаар илүү даруу, уужим, амгалан болж ирдэг санагддаг.

-Сүүлийн үед зарим хүмүүс “Илүү сайн улс оронд төрсөн бол сайхан амьдрах байлаа. Хөгжил муутай Монголд төрж муу амьдарч байна” гэсэн ханд лагаар сошиалд бичсэн байдаг. Хүний амьдралыг хэн нэгэн шүүхгүй, эрх чөлөө гэдгийг та дээр хэлсэн. Ийм хандлагыг хэрхэн задалж стрессгүйгээр харах ёстой юм бэ?

-Би Унгар улсад амьдарч байгаад ирсэн. Найз унгар эмэгтэйгээ нийгмийн сүлжээнд “Залуус минь Унгараас гар, өөр улсад амьдар” гэж зөвлөж бичсэнийг харж л явлаа. Илүү таатай орчинд оч энд хэцүү байна гэдэг зөвхөн манай улсад тулгарч байгаа асуудал биш юм шигээ. Ер нь л ирээдүйдээ итгэх итгэл хаа сайгүй дундуур байгаа мэт. Энэ ингэж амьдарч байхад гэсэн харьцуулалтаас болоод бидэнд ийм асуудал үүсээд байж ч мэднэ. Яг энэ нөхцөлд эртний Грекийн Пандорогийн домог санаанд орж байна. Пандора бол Прометейн дүү Эпиметейн эхнэр юм л даа. Прометейг хүмүүст гал бэлгэлсэнд нь дургүйцэж байсан ЗевсПандарод нэг хайрцаг бэлэглэсэнд. Хайрцганд уй гуниг, өвчин зовлон, муу муухай бүхнийг хадгалсан байж л дээ. Уг нь хайрцгийг онгойлгох учиргүй аж. Гэтэл сониуч зангаасаа болж Пандора хайрцгийг задалтал дотор нь байсан муу муухай бүхэн дэлхийгээр тардаг гэж домогт өгүүлдэг. Гэхдээ хайрцгийн ёроолд нь итгэл найдвар үлдсэн байдаг. Домогт өгүүлсэнчлэн бидэнд итгэл найдвар хэзээд байдаг гэдэгт итгэх итгэл чухал санагддаг. Амьдралд, өөртөө итгэх итгэл гэдэг бол хэн, хаана төрснөөс үл хамааран хүн бүрд хэрэгтэй.

У.Цогжавхлан

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ DNN.mn

Олон улсын “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан гэж дүгнэжээ. Энэ талаар СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш Ц.Батсүхээс тодрууллаа.


-Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахилаа гэж байна. Олон улсын агентлаг юуг үндэслэж ийм зэрэглэл тогтоож байна вэ?

-Сүүлийн хоёр жилд Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд өмнөх жилүүдээс илүү эерэг сайн байлаа. Ковид цар тахал, геополитикийн хүндрэлийг хурдтай даван туулж, “шинэ энгийн төлөвт” шилжин, ДНБ-ий өсөлт тогтвортой өндөр байж, энэ жил инфляцийн түвшин өмнөх жилээс харьцангуй ихээр буурсан, төлбөрийн болон төсвийн тэнцэл сайн байгаа нь зэрэглэл ахихад нөлөөлсөн.

-“В+тогтвортой” зэрэглэлд шилжсэнээр манай эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

-Олон улсын зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулж байгаа нь Засгийн газар болон бусад байгууллагууд олон улсын зах зээлд бонд гаргах тохиолдолд хүү багатай эх үүсвэр татах, гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгалд нэмэгдэх эерэг нөлөөнүүд үзүүлэх талтай.

Зээлийн хүү хэдэн хувиар буурах боломжтой вэ?

-Дотоодын зээлийн хүү буурахад шууд утгаараа нөлөөлөхгүй ч, хэрвээ арилжааны банкууд олон улсын захаас бага хүүтэй хөрөнгийн эх үүсвэр татаж, зээл олгосон тохиолдолд тодорхой хэмжээнд дам утгаар нөлөөлөл үзүүлж болно.

-Засгийн газраас зарласан 14 төслийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ гэж Ерөнхий сайд хэлж байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Энэ нь олон улсын зах зээлээс санхүүжилт босгох бололцоо илүү нэмэгдэж байна гэсэн утгаар хэлсэн болов уу гэж бодож байна.

-АНУ уржигдар бодлогын хүүгээ 50 нэгжээр бууруулах шийдвэр гаргалаа. Энэ валютын ханшид яаж нөлөөлөх вэ?

-Гадаад валютын, ялангуяа америк долларын эсрэг төгрөг тодорхой хэмжээнд чангарах нөхцөл болно. Гэхдээ манай улсын хувьд мөн бодлогын хүүгээ бууруулсан нь хүүний паритет нөхцөлөөр санхүүгийн зах зээл дээр мэдэгдэхүйц нөлөө гаргахгүй байх. Харин экспортын орлогоос шалтгаалан гадаад валютын орох урсгал нэмэгдэж байгаа нь ханш тогтвортой байх боломжийг олгоно.