Categories
их-уншсан нийгэм

Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох зургадугаар сарын хуваарь гарчээ.

Тухайлбал, ахмад настнуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, насны хишиг, хүнсний талон зэрэг 10 төрлийн тэтгэмж, тусламжийг зургаадугаар сарын 15-наас олгоно.

Харин хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг зургаадугаар сарын 20-нд шилжүүлэх хуваарьтай байна.

Дэлгэрэнгүй хуваарь:

Categories
их-уншсан танайд-өнжье эдийн-засаг

Улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байв DNN.mn

Өнөөдөр монголчууд бүгдээрээ юу ярьж байна гээч. Цалин, тэтгэврээ нэмүүлэх талаар л ярьж байна. УИХ-ын гишүүн тойрогтоо очиж сонгогчидтойгоо уулзахад бүгд “цалин, тэтгэвэр нэмж өгөөч” гэж гуйдаг гэнэ. Аргагүй юм, валютын ханшийн өсөлтөөс болоод төгрөгөөр бараа худалдаж авч дийлэхээ больсон. Авч байгаа цалин, тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй болохоор ингэж нэхэхээс өөр яахав. Бид хамгийн үнэтэй шатахуун хэрэглэдэг. Мах нэг кг нь 25 000 төгрөг хүрсэн учраас авч чадахгүй байгаа гээд тоочих юм бол өрөвдөлтэй л дүр зураг тодорно. Ядуурлын түвшин 30 орчим хувь байгаа нь гурван хүний нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Орлого нь тасалдах, эсвэл төрөөс олгож буй хүүхдийн мөнгө болон бусад тэтгэмж зогсоход ядуу иргэдийн тоо огцом нэмэгдэнэ. Үүнээс харахад монголчуудын дийлэнх нь өдөр тутмын энгийн хэрэглээгээ хангаж чадахгүй зутруухан өдөр хоногийг аргацааж байна. Цалин тэтгэврийг сайндаа л нэг хоёр зуун мянгаар нэмдэг. Нэмснээсээ эсэн юм болж, инфляци хөөрч, үнэ өснө. Ийм л ядуугийн зовлонт тойргоосоо гарч чадахгүй амьдрал үргэлжилсээр. Уг нь бид жаргалтай, элбэг дэлбэг амьдарч байх боломж дүүрэн байсан юм билээ. Үүний баталгаа нь сүүлийн үед илэрч байгаа асар их хулгай дээрмээс харагдаж байна.

Сүүлийн 30 жил монгол төрийн толгойд гарсан бүхий л улстөрчид, УИХ-ын гишүүд, намын дарга нар нийлсэн 300 гаруй хүн хэн нь хэнийгээ гэлтгүй эх орноо уралдан тоножээ. Хамгийн сүүлийн үеийн ичгүүртэй жишээнүүдээс хүргэе.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн бага хүүтэй зээлээс УИХ-ын 49 гишүүн өөрөө болон хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан зээл авсан нь баригдсан. Гишүүдээс гадна сайдууд, агентлаг, газрын дарга нар гээд сэтэр зүүсэн бүхэн шунан дайрч, зээл авсан байдаг. Уг нь бол бизнес эрхэлдэг жирийн иргэдийг жижиг дунд үйлдвэрлэлээ босгож хөгжүүл гээд төрөөс бага хүүтэй өгдөг зээл юм. Гэтэл эрх мэдэлтнүүд нь өмнүүр нь дайрч ороод авчихсан төдийгүй банкинд хадгалуулаад, хүүг нь идэж байсан нь илчлэгдсэн. Хэрэв ЖДҮ-ийн хэдэн зуун тэрбум төгрөг тухайн цагтаа зорилтот хүмүүстээ хүрсэн бол манайхан өнөөдөр эсгий таавчиг, түлхүүрийн оосроос арай өөр түвшний үйлдвэрлэл явуулдаг болсон байх нь тодорхой.

2011 онд байгуулагдсан Хөгжлийн банк нь улс орны хөгжилд нэмэр болохуйц томхон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой байв. 2021 оны арваннэгдүгээр сард Монголбанкнаас Хөгжлийн банк энэ чиг үүргээ хэрэгжүүлж байна уу гэсэн үнэлгээ хийхэд нийт багцын 3.2 их наяд төгрөгийн 55 хувь нь эрсдэлтэй гэж гарсан. Бүр нэг жилээс дээш хугацаа хэтэрсэн зээл 1.8 их наяд төгрөг хүрсэн байв. Шалгаад тодруулаад үзтэл, өнөөх л дарга нар, улстөрчид Хөгжлийн банкнаас зээл аваад арилж өгчээ. Юун том төсөл хөтөлбөр санхүүжүүлэх, улстөрчид хувьдаа хүртэл зээл авсан нь нэр устайгаа зарлагдсан. Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдтэй холбоотой шүүх хурал өнөөдрийн байдлаар 36 дахь өдрөө үргэлжилж байна. Хөгжлийн банкны 1.8 их наядын чанаргүй зээлийг зарлаагүй бол тэгсгээд замхрах байсан гэдэгт эргэлзэх юм алга. Энэ их мөнгийг цаг тухайд нь хэрэгтэй хүнд нь зээлсэн бол ядаж томхон үйлдвэрийн сууриуд тавигдаж, өнөөдөр нээгдэж байх байсан. Хэрэгтэй олон төсөл амилж, хүмүүс ажилгүйн, мөнгөгүйн зовлонгоос ангижрах байсан. 1.8 их наяд төгрөгийг хамгийн бага жилийн гурван хувийн хүүтэй гэж тооцоход жил жилд хүү нь л гэхэд тавь тавин тэрбумаар нь салхинд хийсгэж байжээ.

Нүүрсний хулгай. Манай гол экспортын нэг коксжих нүүрсний хулгай 40 их наядаар яригдаж байна. Хулгайчид нь УИХ-ын гишүүд, улстөрчид, сайд дарга нар. Нүүрс хариуцсан төрийн өмчийн компанийн дарга нь ах дүүстэйгээ нийлж, хулгайлсан мөнгөөрөө хаус хороолол барьж, хүнтэй дуугарахаа больтлоо амьдралаас тасарсан гэдэг. Бас болоогүй нэг хурган дарга нүүрснээс хулгайлсан мөнгөөрөө гадаадад үнэтэй хороолол барьсан ч дуулдсан. Хулгайлсан мөнгөө дийлэнхдээ гадны банкинд байршуулсан нь тогтоогдож байна. Нүүрсний хулгай тойрсон дуулиант хэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа ч УИХ-аас зохион байгуулах нүүрсний сонсгол таг чиг алга болсон.

Сангуудын хулгай. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн мэдээлэл ор тас алга болсон талаар цуурч байна. Эрүүл мэндийг дэмжих сан, Боловсролын зээлийн сан гээд улстөрчдийн хулгай хийгээгүй сан гэж алга. Боловсролын зээлийн санд л гэхэд эргэн төлөгдөөгүй 190 тэрбум төгрөгийн өр зээл байна. Хэн ч үүнийг төл гэж шахсангүй, нөгөөдүүл ч төлөх сэтгэл байсангүй. Дотоодын их сургуулийн сургалтын төлбөрөө зээлээр авч, буцааж төлөхдөө санаандгүй 100 төгрөг үлдээхэд өдөр шөнөгүй төлөхийг шаардан “зээлийн хар түүхэнд оруулна” гэж дарамталдаг энэ сангийнхан 190 тэрбум төгрөгийг болохоор тоох ч үгүй орхисон байдаг нь гомдмоор юм шүү. Хэрэв энэхүү 190 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн бол Монголд хэрэгтэй мэргэжлээр гадаадын их, дээд сургуульд чамгүй олон хүүхэд суралцаад ирэх боломж байв. Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авагсад бас л дарга нар, улстөрчид. Өөрсдөө ч сураад, ах дүү, үр хүүхдүүдээ ч үргэлжүүлэн сургадаг байсан нь илэрсэн. Айлын найран дээр салбарын сайд нь “Нэг хүүхдийг нь чинь Боловсролын зээлийн сангаар сургаж өгье” гэж амалтлаа тонуулсан сан.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал гэдэг. Гэтэл манай улстөрчид 30 жил нэр төртэйгөөр эх орноо тонон дээрэмджээ. Энэ нь үе уламжлан үр хүүхэд нь залгамжлах хандлагатай болсон байна. Хэрэв эх орноосоо ингэж их хулгайлж, дээрэмдээгүй байсан бол улсын төсөв өнөөдөр 100 их наядаар хэмжигдэх хэмжээний баян орон байх байлаа гэсэн тооцоо ч гаргасан байсан.

1.5 сая хүнтэй Улаанбаатар хот өнөөдөр утаа, түгжрэл, стресс гуравтаа баглуулсан. Баруун талаараа баасны үнэртэй. Урд хэсгээрээ завсар зайгүй шавсан байшин хороололтой. Хойд, зүүн талаараа гэр хороолол нь навсайна. Хэрэв улстөрчид ард түмнийхээ сайхан амьдрах, улс орныхоо хөгжиж дэвжих боломжийг хулгайлаагүй байсан бол хот маань метротой, хэдэн сайхан үйлдвэр тойруулчихаад, жинхэнээсээ аз жаргалтай, амар амгалан налайж байхгүй юу. Атомын цахилгаан станц барьж, цахилгааны хомсдолоосоо гарчихсан ч сууж байж мэднэ. Ямартай ч цалин нэмээд өгөөч, хоолгүй хонолоо гэж гоншигнож суухгүй чинээлэг амьдарч байх байлаа.

Бидний боломжийг хулгайлсан улстөрчдийг бид өөрсдөө л сонгож гаргаж ирсэн байдаг. Өөрсдийнхөө, улс орныхоо ирээдүйг бодохоосоо илүү өнөөдрийн тав арван төгрөгөөр сонголтоо худалдахгүй, жаахан хэрсүү хандсан бол хулгай хийдэггүй, зөв хүмүүсийг сонгох боломж байсан юм. Суманд очсон нэр дэвшигчээс “ажлын байр нэмж өг гэхийн оронд клуб бариад өг” гэж гуйдаг, өмнөх сонгуулийн амлалтыг нь биелсэн үү гэж нэхэхийн оронд гарын бэлэг харж суудаг сонгогчид маань ч бас буруутай. Ийм сонгогчдын сонгож гаргасан улстөрч бүр “одоо миний баяжих ээлж” гэж боддог. Хөгшин, залуу хоёр улстөрчийн яриа байдаг. Залуу нь хөгшин улстөрчтэйгөө уулзаад “Та нар ч сайхан юм аа, авах юмаа авчихсан. Би одоо л авахгүй бол хоцрох нь” гээд яаран одсон гэдэг. Ийм л сэтгэхүйгээр сүүлийн 30 жил ажиллажээ.

Сая Үндсэн хуулийг өөрчлөх үеэр гишүүдийн тоог 126 болгож нэмэхийг ард түмэн хамгийн их эсэргүүцсэн. Энэ их идэж, уусан, эгэл түмнийхээ боломжийг хулгайлсан улстөрчдийг харахаар ингэж дургүйцэх нь аргагүй юм гэж бодогдох. 76 дээрэмчин 126 болох нь гэж хэн хүнгүй л бодсон биз ээ.

Өнгөрсөн 30 жилд улстөрчид нь эх орноо тонодоггүй байсан бол Монгол Улс Азийн хүчирхэг гүрэн болж сэргэх байлаа.

Г.Гэндэн

Categories
их-уншсан эдийн-засаг

Л.Халтар: Б.Цогтгэрэл манай гэр бүлээс уучлалт гуйсан DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтартай ярилцлаа.


-Ойрын өдрүүдэд таны талаар янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдах боллоо. Авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Батдөлтэй хамаатуулж байх шиг. Түүний гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгийг таных гэв үү. Энэ үнэн үү?

-Өдөөд байна уу, сөдөөд байна уу гэдэг шиг л юм болж байна шүү (инээв). Сүүлийн үед Б.Цогтгэрэл, Ц.Бат нар манай гэр бүлийн нэр хүндэд ноцтой халдсан, олон нийтийг төөрөгдүүлсэн гүтгэлгийн шинжтэй илт худал мэдээлэл тараасан. С.Батдөлийн хэрэгт миний бие болон манай гэр бүл ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Хэрэв надаас уучлал гуйхгүй бол би хуулийн байгууллагад хандана гэдгээ ч мэдэгдсэн. Харин Б.Цогтгэрэл өөрийн сошиал хуудсаар дамжуулж уучлал гуйсан. Би сүүлийн хэдэн жилд Б.Цогтгэрэлийн элдэв гүтгэлгийг тэвчиж ирсэн. Одоо цаашид хязгаар гэж байхгүй гэдгийг дахиад хэлье. Над руу ирсэн дайралтуудыг харж байхад хаанаас, ямар зорилготой вэ гэдэг нь бүгд тодорхой байдаг.

-Яагаад тан руу ингэж дайрах болов. Ард нь хэн байгаа гэж?

-Хэзээ нэг өдөр энэ асуудлыг үнэн мөнөөр нь гаргаад ярих цаг ирж магадгүй л юм. Гэхдээ улс маань төртэй, хуультай юм болохоор хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоож нэг талд нь гаргана гэдэгт итгэж байгаа. Тиймээс одоохондоо чимээгүй байя.

-Та сая Б.Цогтгэрэлд гүтгүүлсээр ирсэн гэлээ. Яагаад өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагад хандаагүй юм бэ?

-УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн хэрэгтэй холбоотой миний бие болон манай гэр бүл хуулийн байгууллагад шалгагдаагүй. Дээр хэлсэнчилэн энэ хэрэгт ямар ч холбоогүй. Нэгэнт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа нь явж байсан учраас хууль хяналтын байгууллага үнэнийг тогтоон олон нийтэд бодит байдлыг мэдээлэх хүртэл хүлээцтэй хандсаар ирсэн юм.

-С.Батдөлийг орон нутгаас төмөр замд авчирсан хүн нь та юм биш үү?

-Арай өөр хүн байх аа даа. Энэ асуултад УБТЗ-ын удирдлагууд хамгийн сайн хариулах байх шүү. Та нар маань бас судлаад үзээрэй. Миний бие 2018 оны наймдугаар сард төмөр замаас ЗТХЯ-нд ирсэн. Тэгэхэд энэ залуу бодвол Дархан өртөөнд ажиллаж байсан байх. Би үнэндээ энэ залууг мэдэхгүй. Сүүлд Засгийн газрын гишүүн болоод ажиллаж байх үедээ яаман дээр төмөр замын ачаа тээвэр, чингэлгийн асуудлаар хариуцсан албаныхантай хуралдахад түүнийг нэг удаа л харсан юм билээ. Ер нь би энэ яамны хаалгаар орж ирчихээд хамт олондоо гурван зүйл амласан. Нэгдүгээрт, би тендертэй орооцолдохгүй. Хоёрдугаарт, танил тал, хамаатан садан төрлөөсөө нэг ч хүнийг харьяа байгууллагуудад шахахгүй. Гуравдугаарт, янз бүрийн бараа материал шахдаг зүйлд оролцохгүй. Харин ажлаар шахаж магадгүй шүү гэж хэлж байв. Би 2020 оны долдугаар сард Засгийн газрын гишүүнээр томилогдсоныхоо дараа болон өнгөрсөн жил С.Бямбацогт сайдад ажлаа хүлээлгэж өгөхдөө ч бас үүнийгээ хэлсэн. Хамт олон маань алга ташиж байсан. Бодвол Л.Халтар гэдэг хүн энэ зарчмаасаа үнэхээр хазайгаагүй шүү гэдгийг илэрхийлсэн юм болов уу даа.

-С.Батдөлийн өмнө ажиллаж байсан газрын даргыг таны гэр бүлийн хүнтэй холбож мэдээлээд байгаа шүү дээ. Та тэр хүнтэй таагүй харилцаатай байсан юм уу?

-Намайг УБТЗ-д ажиллаж байхад Батмөнх гэдэг залуу тэр албан тушаалыг хашиж байсан. Дараа нь төмөр замын шинэ дарга томилогдож очоод нэлээд олон хүнийг ажлаас нь чөлөөлсөн юм билээ. Тэр чөлөөлөгдсөн хүмүүс дотор Батмөнх байсан гэдгийг би бүр сүүлд нь мэдсэн. Түүнтэй миний бие болон манай гэр бүлийн хүн ямар нэгэн хувийн харилцаа байхгүй.

Нийгэмд Л.Халтар гэдэг хүнийг яаж ч харлуулж, гүтгэж болно. Төрийн удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүст түгээмэл тохиолддог зовлон энэ. Харин миний гэр бүлийн нэр хүндийг гутаан доромжлохыг зөвшөөрөхгүй. Худал хуурмаг мэдээлэл цацагдангуут нийгэм Л.Халтар гэж ёстой бүтэхгүй нөхөр байна гэсэн ойлголтыг авдаг байх. Тэр дундаа мэдээллийг байгаагаар нь хүлээж авдаг масс илүү итгэнэ. Харин намайг хамгийн сайн ойлгох, мэдэх хүмүүс бол төмөр замын салбарынхан. Би 30 жил энэ салбарт ажилласан хүн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд миний барьж ирсэн зарчмыг бүгд мэднэ. Тиймээс унаган хамт олон бол намайг юу юугүй ийм асуудал гаргахгүй гэдгийг нэлээд сайн гадарлаж байгаа. Нөгөө талаар би бол ханцуйдаа залбирч явдаг, буддын шашинтай гэдгээ хаана ч нуудаггүй. Буддын шашны гол зорилго нь хүн амар амгалан байхын асуудал. Ингэхийн тулд хүнд ямар нэгэн хэмжээгээр бодь сэтгэл төрж байх ёстой. Ихэнх хүмүүс миний тухай худал мэдээлэл цацагдахад түүнд итгэж ална, тална гэдэг байх. Харин миний баримталдаг зарчим бол мэдээлж байгаа шиг биш. Тэгэхээр өөрийнхөө барьдаг зарчимдаа итгэл төгс явах юм шүү гэж. Тиймээс би нэлээд олон асуудалд дуугүй өнгөрөөх тал байдаг.

-Та бол төмөр замын салбарт насаараа ажилласан хүн. Удирдах албан тушаал ч хашиж байсан. Энэ салбар асар их мөнгөний уурхай болчихсон газар уу. Хурган даргын гэрээс 7.3 тэрбум төгрөг гарч ирлээ шүү дээ?

-Чойроос нэг хэсэг нүүрс их ачигдсан даа. Одоо ч бас ачигдаж л байгаа юм билээ. Үүнтэй холбоотой хээл хахуулийн асуудал нэлээд газар авчээ гэж харсан. Тухайн үед ганц нэг улс иймэрхүү зүйлийн талаар ярьж эхлэхэд би төмөр замын удирдлагуудыг дуудаж байгаад анхааруулж байсан. “Ийм асуудал дуулдаж байна шүү, дотоод хяналтаа сайн ажиллуулаарай. Шаардлагатай гэвэл цагдаагийн байгууллагад хандаарай. Бүр шаардлагатай гэвэл АТГ-т хандаарай” гэдэг асуудлыг нэг бус удаа хэлж байсан.

-О.Цогтгэрэл, Ц.Бат нарын бичилцсэнээс харахад таныг чингэлгийн тээврээс босгосон мөнгөө С.Батдөлд хадгалуулсан гэсэн байна лээ. Цар тахлын үед таныг өөрийн хамаарал бүхий компанидаа давуу байдал олгохын тулд чингэлэг тээвэр зохион байгууллаа гэдэг хэл ам тасардаггүй байсан?

-Дахин хэлье. Нэгдүгээрт, надад С.Батдөл гэдэг залуутай холбогдох буюу холбоотой өчүүхэн ч юм алга. Хоёрдугаарт, тэдний хардаад байгаа чингэлгийн тээврээс авлига авсан зүйл огтхон ч байхгүй. Монголчууд юмыг амархан мартах юм даа. Ковидын хоёр жилд ямар хүнд нөхцөлд байсан билээ дээ. Хэдэн галт тэрэг л хоёр улсын хил рүү орж гардаг. Хааяа онгоц нисдэг байлаа. Автозам, боомт бүх юм нь хаалттай байсан дүр зураг ганцхан Монголд биш, дэлхий дахинд нүүрлэсэн. Тэр үед хүний харилцаа үүсгэхгүйгээр тээвэр яаж явуулах вэ гэдэг дээр ГХЯ, Бээжин дэх манай ЭСЯ, Эрээн, Хөххотод байгаа Консулын газраар дамжуулаад Хятадын талын тавьсан саналын дагуу дундын бүсэд талбай байгуулсан. Үдээс өмнө хятадууд чингэлгээ оруулж ирээд ариутгачихаад бүгд буцаад гараад явчихна. Тэгэнгүүт Монголын тал нь чингэлгээ татаж аваад ариутгал хийгээд гараад явна. Манайх хоосон чингэлгээ буулгангуут маргааш нь хятадууд ачаатай чингэлгээ буулгачихаад ариутгал халдваргүйжүүлэлт хийчихээд хоосныгоо аваад гараад явдаг. Хятадын талаас ийм байдлаар чингэлэг тээвэр явуулна гэсэн шаардлага тавьсны улмаас бид энэ асуудлыг Засгийн газар дээр нэлээд ярьж байж шийдсэн. Л.Халтар гэдэг хүн ганцаараа ярьсан шийдэл биш. Тухайн үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүртэл “Хэдийгээр хязгаарлагдмал ч гэсэн бид чингэлгийн тээвэр нээхээр боллоо” гэж мэдээлж байсан. Тэгээд ч Хятадын тал нь чингэлгээр явуулна гээд байхад бид үгүй заавал задгай машин явуулна гэж яаж зөрөх вэ дээ. Манайд ч нөхцөл байдал сайхан болчихоогүй байсан үе.Тэр дундаа Замын-Үүдэд ковидын тархалт хүндрэлтэй байсан. Тэнд БНХАУ-ын Консулын газар байдаг болохоор өдөр шөнөгүй нөхцөл байдлын талаар харж, мэдээлэл авч байгаа нь ойлгомжтой. Тэр үед Замын-Үүдийн тээвэр хийдэг жолооч нар дундын бүсээс Бүс нутгийн логистикийн төв хүртэл найм есөн км тээвэрлээд гаалийн бүрдүүлэлт хийдэг байв. Тэр хоорондын жолооч нарын тээвэр дээр замбараагүй үнэ гарч ирсэн. Манай жолооч нар бараг л найман саяас буудаггүй байв. Аргаа бараад бид сүүлдээ онцгой байдлынхантай ярилцаад хэдэн машин аваад жолооч нарыг нь тэнд байршуулж ажилладаг байсан. Ингэснээр дундын бүсээс Бүс нутгийн логистикийн төв хүртэл найман сая биш, 500 мянган төгрөгөөр ачаа тээвэрлэдэг болсон. Энэ хөрөнгийг нь Засгийн газар гаргаж байлаа шүү дээ. Тэгэхээр миний машин, компани гэж ямар юм байхав. Тухайн үед надаас энэ тухай асууж байсан сурвалжлагчдад би хэлж байсан. “Надад ачаа тээвэрлэдэг машин битгий хэл портертой хамаатан садан ч байна уу даа” гэж.

-Ингэхэд Б.Цогтгэрэл та хоёрын дунд ямар асуудал үүссэн юм бэ?

-Би Б.Цогтгэрэлээс 2018 онд ажлыг нь хүлээж авсан. Өөрөөр би тэр хүнд хийчихсэн муу зүйл ердөө ч байхгүй. Б.Цогтгэрэл гэдэг хүний өмнө гаргасан асуудлууд худлаа биш үнэн. Тэр нь өөр зорилготой байсан. Цаана нь ч ямар хүмүүсийн захиалга явдгийг би ерөнхийд нь гадарлаж байгаа. Тэрийг энэ удаа би хэлэхгүй өнгөрөөе.

-Тантай байнга холбогддог бас нэг асуудал бол нөгөө үйлийн үртэй Дарханы зам байна. Энэ жилдээ багтаж ашиглалтад орж амжих уу?

-Заримдаа хүнд үед “Ямар үйлийн үрээр би энэ замтай холбогдчихов оо” гэж үнэхээр бодогддог шүү. Дарханы замын ажил 2019 онд эхэлсэн. Мордохын хазгай гэдэг шиг эхнээсээ жаахан будлиантай. Тооцоололгүй явчихсан гэж хардаг. Тухайн үед би Налайхын зам дээр өдөр шөнөгүй зогсч байлаа. Гуравдугаар сард нь Ерөнхий сайд дуудаад энд ажлын хэсэг гарга гэсэн. Би тэр үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайд байсан. Аж ахуйн албанд олон жил болсон надаас ажлын туршлага харсан уу яасан энэ замыг арванэгдүгээр сар гэхэд дуусга гэсэн үүрэг өгөв. Миний хувьд 2019 оны дөрөвдүгээр сарын эхээс арваннэгдүгээр сар хүртэл амралт, баярын өдрүүдийг мэдэлгүй Налайхын замд зогссоор нэг мэдэхэд хавар, зун, намар болсон доо. Тиймээс Дарханы зам руу анхаарч чадаагүй. Тэгээд ч дээрээ сайдтай байсан хүн шүү дээ. Тухайн үед болчихно гэдэг бодлоор буруу технологиор явчихсан болов уу. Тэнд ажиллаж байсан компаниуд хариуцлагагүй ажилласан. Ялангуяа хоёр, дөрөвдүгээр багцийг сүүлд би Засгийн газрын гишүүн болоод гэрээг нь цуцалж, дахин сонгон шалгаруулалт зарлаад явсан шүү дээ. Одоо нэг үеэ бодвол амсхийгээд авсан. Ноднин аравдугаар сарын 30 гэхэд үндсэндээ иргэдээ шороогоор явуулахгүй хэмжээний болсон. Дарханы зам хийцийн хувьд хүндхэн. Монголд анх удаа аймгийн төвийг нийслэлтэй холбосон зам. Дөрвөн эгнээ, хийцийн хувьд урт зам учраас амаргүй. Хүмүүс 200-хан км зам барих гэж ямар их уддаг юм бэ гэж шүүмжилдэг. Нарийн яривал 408 км зам гэсэн үг. Жирийн орон нутагт тавьдаг замаас гурав дахин илүү хийцтэй. Орон нутагт тавьж байгаа замууд бол бутлуур чулуун суурь тавиад хучиж байгаа. Харин Дарханы зам бол 20 см-ийн зузаантай гурван үеийн цементээр тавьж индүүдээд нягтыг нь гаргана. Дахиад буталмал чулуун суурь зуурмагийн үйлдвэрт зуурч авчирч асгаж асфальт дэвсэж байгаа юм шиг 20 см-ийн зузаантай явуулна. Тэрийгээ индүүдээд дараа нь суурь хучилт, өнгө хучилт тус бүр тав, таван см тавина. Бүр нарийн тооцоод үзэх юм бол орон нутагт тавигддаг 1200 орчим км замын ажил хийгдэж байгаа. Үүнийг мэргэжлийн хүмүүс л ойлгоно. Бид ярьж байгаад дөрөвдүгээр сарын 15-наас талбайд ажиллах ёстой бүх хүнээ гаргачихсан. Ноднингийн хувьд нэлээд бороо хуртай байсан. Энэ жил бас тиймэрхүү янзтай байна. Хавар үе, үе цас орж ажил зогслоо. Сая нэлээд бороо орлоо. Зуны эхэн сарын бороо хөдөө аж ахуй газар тариаланд шар тос байдаг бол замынханд эсрэгээрээ байдаг. Бороо орж ажил зогсоно. Бороо намдсаны дараа норсон талбайгаа сэврээд эвэршүүлнэ гээд өдөр алдаж байх жишээтэй. Одоогийн байдлаар ажлын эрч дажгүй явж байна. Ямартай ч арваннэгдүгээр сар гэхэд дөрвөн урсгалаа хатуу хучилттайгаар нээнэ дээ гэсэн өөдрөг бодолтой байна.

-Дарханы зам ард түмний тэвчээрийг тасартал хүлээлгэж байна. Ингээд удаад байхаар төсөв зардал өсөхөөс эхлээд хүндрэл үүсч байна уу?

-Ямар ч байсан энэ жил шилийг нь үзчих санаатай зүтгээд л байна. Ирэх долоо хоногоос би өөрөө талбай дээр, Баруун хараад байрлаад хоёр тийшээ яваад ажиллана даа. Энэ жил цаг шахуу, нэлээд хүнд ажлууд үлдсэн. Эхний суурь хучилт таван см аа бүгдийг хучиж дуусгана. Дахиад өнгө хучилт таван см-д асуудал гарч ирж байна. Зарим хэсэгт өөр төрлийн битум хийгдэнэ. Нөгөөхийг нь ОХУ-д хийхдээ үйлдвэрээ зогсоож, зохих шугамаа сольдог гээд хүндрэл тоочоод байвал зөндөө байна.

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй учраас юу юугүй мөнгө нь төсвийнх шиг дуусчихлаа гээд гацаж сандаргаад байх юмгүй. Нэг хэцүү юм нь олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжиж байгаа болохоор шат дамжлага ихтэй юм. Олон төрлийн хяналтууд байна. Европын сэргээн босголтын банкны хувьд анх удаа Монголд хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн төсөл. Тиймээс европт ямар стандартаар зам барьж тавьдаг уу, ажиллаж байгаа хүмүүс нь яаж амьдардаг уу гээд тэр бүх шаардлагыг тавьдаг. Кэмп бариад ирэхээр бие засдаг газар, усанд ордог газар хаана байна гээд мөнгөө өгч байгаа газар шаардана. Манайх кэмп гэхээр хэдэн гэр л барина шүү дээ. Нэгэнт цаад тал шаардаж байгаа учраас гүйцэтгэгч биелүүлэхийн төлөө л хичээж байна. Аль юм болгон зовлон тоочоод байхав. Бид зүтгэж л байна.

-Боомтын сэргэлтийн хүрээнд автозамын нэлээд олон ажлууд хийгдэхээр харагдаж байсан. Ажил нь ямархуу байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газраас баталсан Боомтын сэргэлт гээд том ажил өрнөж байна. Энд манайхны гол ажил бол хилийн боомтуудыг төмөр зам, автозамаар холбох асуудлууд байгаа. Энэ ажлууд аятайхан явж байна. Баян-Өлгийн Цагаан нуур буюу Улаанбайшинт боомтоос Ховдын Булган хүртэл баруун хэсэгт байгаа олон улсын транзит зам ноднин хучилтаа хийж дуусгасан. Зэлтэрийн боомт Шаамараас салаад энэ жил ашиглалтад орчихно. Концессоор хэрэгжээд явж байгаа. Зүүн тийшээ Ульханы боомтын ажил ирэх жил гэхэд дуусчих болов уу. Дөрвөн багц ажил өнгөрсөн жил эхэлсэн, нэлээд сайн явж байгаа. Мөн Чойбалсан-Хавиргын боомтын 124 км замыг хатуу хучилттай болгох ажлын тендер Төрийн худалдан авах ажиллагааны газарт зарлагдсан. Одоогийн байдлаар нэг багцийн гүйцэтгэгч шалгарчихсан. Гурав нь хэл амтай, маргаан гарсан юм шиг байна лээ. Сүхбаатар аймгийн төвөөс Бичигтийн боомт хүртэл концессын зам бий. Одоогоор хараахан зарлагдаагүй байна. Таван толгойгоос Хангимандал чиглэлийн 76 км автозамын концессын ажил ирэх жилийн өдийд бараг хонх дуугарчих болов уу. Дээрээс нь Таван толгой-Цагаан дэл уулын чиглэлийн концессын зам байна. Орон нутагт жаахан маргаантай байгаа юм билээ. Тэрнээс концесс эзэмшигч нь барихад бэлэн гэдэг зүйл яригдаж байна. Үндсэндээ гол гол боомтууд маань хатуу хучилтаар холбогдоод болчихно.

-Төсөвт орсон орон нутгийн хэд хэдэн хэл амтай замууд хэзээ дуусах вэ?

-Энэ жил замуудад их засварын ажлууд нэлээд явагдаж байна. Ялангуяа Өвөрхангай аймгийн Хүйтний хөндийн 57.5 км энэ жил бүрэн дуусна. Бас л хэл амтай зам байсан. Өнгөрсөн жил гүйцэтгэгчтэй нь ажлын талбай дээр нэлээд хатуухан яриа өрнүүлсэн. Тэд амласан ёсоороо өнгөрсөн жил замаа тавиад дууссан. Одоо жижиг ажлууд нь үлдсэн. Мөн Дорнодын иргэдийг бухимдуулдаг “тамын” 50 км гэж зам бий. Энэ жил их засвар нь явагдана. Багануураас цааш Хэнтий чиглэлд замууд нэлээд эвдэрсэн. Их засварууд хийгдэнэ. Дундговь-Төв-Улаанбаатар хоорондын эвдрэлтэй замуудад их засвар орчихно. Ингээд ерөнхийдөө замын ажлууд аятай болоод явчихна.

-Төмөр замын хувьд ямар бүтээн байгуулалтууд өрнүүлэх вэ?

-Сая Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа улсын комисст авчихлаа. Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн 416 км зам тун удахгүй улсын комисс хүлээгээд авчих болов уу. Гэрэлтүүлэг, холбооны ажлууд үлдсэн. Бусад нь бэлэн болчихсон. Энэ жил сайн шахаад санхүүжилт нь саатахгүй бол улсын наадмынхаа өмнө энэ төмөр замынхаа хонхыг дуугаргана даа. Өнөө жилдээ багтаад зүүн босоо чиглэлийн төмөр зам явчих байх. Энэ бол хамгийн өндөр үр ашигтай төсөл. Бас концессоор явуулна. Эзэмшигч компани тодорч байгаа байх. Газрын байршлын хувьд тал хээрийн бүс учраас таатай нөхцөлтэй.

-Мухар төмөр зам тавьчихлаа гэсэн шүүмж бий. Бид урд хөрш рүү олон гарцтай болж байж эдийн засгаа тэлнэ. Тэгэхээр хоёр дахь Замын-Үүд хэдийгээр нээгдэх вэ?

-Хэрэв бид Хятадын талтай хэзээ үүнийгээ тохироод хийх вэ гээд харж суусан бол Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр замуудын аль нь ч байхгүй. Одоо энэ замуудаар тээвэр хийж байгаа. Тавантолгойгоос Гашуунсухайт, Зүүнбаян, Хангимандал чиглэл рүү галт тэрэг явж байна. Ер нь зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч-Хангимандал-Гашуунсухайт-Ганцмод-Шивээхүрэн-Сэхэ гэсэн дөрвөн төмөр замын хувьд хятадуудад асуудлаа тавьчихсан. Өндөр дээд хэмжээний айлчлалын үед санамж бичгээ байгуулаад үзэглэх болов уу гэсэн хүлээлттэй байна. 1956 оны нэгдүгээр сарын 3-нд Замын-Үүд-Эрээний галт тэрэгний хөдөлгөөн нээгдсэн түүхтэй. Үүнээс хойш 77 жилийн дараа дараагийн гарцууд нээгдэж эхлэх гэж байна. Ялангуяа Ганцмод-Гашуунсухайт чиглэл дээр Хятадын талынхантай санамж бичиг байгуулаад ТЭЗҮ боловсруулах ажил руугаа орчихсон явж байгаа. Хангимандал-Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн Сэхэ чиглэл дээр манай талаас Хятад руу явчихсан. Хил холболтын цэгүүдээ тохирчихсон. Одоо 1955 оныхоо Монгол Хятадын Засгийн газар хоорондын төмөр замын тухай хэлэлцээртээ дээрх дөрвөн гарцаа нэмээд өгчихвөл хүмүүсийн шүүмжилдэг мухар зам гэдгээсээ гараад явчихна гэсэн үг.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

ТОЙМ: “Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн нь зөв юм боллоо” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “УИХ нь
Засгийн газраараа тоглож
ирсний урхагийг бид
улсаараа мэдэрч
байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Том амбиц, том өөрчлөлт” хэмээн өгүүллээ.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис
наймдугаар сард Монгол Улсад айлчилна.

“Заяа энд Золоо”
хуулийн фирмийн захирал,
хуульч өмгөөлөгч Г.Батзаяа “Хүчирхийллийн
хэргийг зарим улс биеэ үнэлэлтийг
зөвшөөрдөг байдлаар бууруулах гэж
оролдож байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үндсэн хуулийн өөрчлөлт
хийсэн нь зөв юм боллоо” хэмээн өгүүллээ.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Бага, дунд ангийнхан электрон тамхийг
ихээр хэрэглэх болжээ

Оксфордын их
сургуулийн нийгмийн
нөлөөллийн үнэлгээ
боловсруулах төслийн
багийн зөвлөх, санхүүгийн
гэмт хэргийн шинжээч,
судлаач Д.Тэгшбаяр “Нийгэм, байгаль орчны нөлөөллийг
үнэлэх сайн аргачлал гаргаж чадвал уул уурхайн
томоохон төсөл хэрэгжихэд орон нутгийн
эсэргүүцлийг шийдвэрлэх боломжтой” гэв.

“Цаг үе” нүүрээс “Энэ долоо хоногт юу болох вэ” талаарх үйл явдлын хураангуйг уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд их-уншсан

Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч агсан Э.Балжинням:

 

 

Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч агсан Э.Балжинням:
Пүүзнээс нь газрын үнэр
Подвалкнаас нь тэнгэрийн үнэр
Хэтэвчнээс нь еврогийн үнэр
Хүзүүнээс нь хүүхдүүдийнх нь үнэр үнэртдэг Криштиану Роналду 801 дэх гоолоо хийхэд бэлэн болжээ…
Categories
булангууд их-уншсан

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Өдрийн сониныг хараад баярласан тухайгаа сонсголын үеэр ярилаа.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Өдрийн сониныг хараад баярласан тухайгаа сонсголын үеэр ярилаа.

Categories
их-уншсан соёл-урлаг

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП-20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЖЭЭ

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2022 оны 1-р сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. 2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, “Махимпекс” ХК, “Би Ди Сек” ХК, “Дархан нэхий” ХК, “Талх чихэр” ХК болон “ЛэндМН ББСБ” ХК нар хасагдаж шинээр “Төрийн банк” ХК, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК, “Богд банк” ХК, “Сэндли ББСБ” ХК, болон “Голомт банк” ХК нар нэмэгдэн шинэчилсэн багцыг бүрдүүлж байна.

 
Үнэт цаасны нэр Үсгэн код Зах зээлийн үнэлгээ /20221230/ Өдрийн дундаж гүйлгээ
1 “АПУ” ХК APU 1,584,895,341,813 59,732,950
2 “Голомт банк” ХК GLMT 1,030,229,407,844 23,082,452
3 “Ард санхүүгийн нэгдэл ” ХК AARD 139,637,603,440 88,800,054
4 “Эрдэнэ Pесурс Девелопмент Корпорэйшн” ХК ERDN 227,286,864,495 10,565,106
5 “Инвескор ББСБ” ХК INV 379,100,126,405 9,758,428
6 “Төрийн банк” ХК SBM 494,512,534,125 6,953,841
7 “Сэнтрал Экспресс Си Ви Эс”ХК CUMN 139,920,214,817 16,727,178
8 “Говь” ХК GOV 193,717,536,000 8,519,435
9 “Улсын Их Дэлгүүр” ХК UID 145,556,802,384 7,888,476
10 “Тавантолгой” ХК TTL 426,851,446,000 3,612,162
11 “Түмэн шувуут” ХК TUM 70,092,000,000 15,452,054
12 “Монос хүнс” ХК MFC 51,000,002,389 13,638,418
13 “Мандал даатгал” ХК MNDL 52,547,465,672 10,071,254
14 “Сүү” ХК SUU 162,354,050,801 2,854,496
15 “Богд банк” ХК BOGD 124,937,500,000 4,355,912
16 “Ард кредит ББСБ” ХК ADB 36,009,850,054 5,135,202
17 “Ард даатгал” ХК AIC 23,218,750,000 6,931,135
18 “Монгол шуудан” ХК MNP 99,072,497,367 1,323,599
19 “Сэндли ББСБ” ХК SEND 36,242,932,700 2,269,402
20 “Бодь даатгал” ХК BODI 29,926,912,544 2,837,642

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
их-уншсан соёл-урлаг

ЗАСГИЙН ГАЗАР КАЗИНОГИЙН ОРЛОГЫН 40 ХУВИЙГ ТАТВАРТ АВНА DNN.MN

УИХ-ын намрын чуулган завсарлахаасаа өмнө Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийг хэлэлцэн дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх хаврын чуулганаар уг хуулийн төслиг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өгөхдөө “Орчин цагийн хууль цаазын түүхэнд батлагдаад огт хэрэгжилгүй байж байгаад хүчингүй болсон ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Казиногийн тухай хууль. Тухайн үед би оюутан байсан. Казиногийн хууль тойрсон авлигын асуудлаас болоод түүнээс хойш монголчууд нийтээрээ казиногийн тухай бараг ярьж чадахаа больсон. Өнөөдөр бид аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гаднаас ирж байгаа хүмүүсийг зугаа цэнгэлтэй аялалаар урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол казино. Казиногийн хоёр дахь том давалгаа буюу олон түмнийг жигшээсэн зэвүүцүүлсэн зүйл бол 2005-2006 онд болсон үйл явдал байдаг. Энэ нь Хууль зүйн яамнаас бооцоот, төлбөрт таавар тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл олгосон явдал. Тухайн үед Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг казинонууд байгуулагдсан. Автомат тоглоомын ширээнүүд, фокерын ширээнүүдтэй газрууд байгуулагдсан. Үүнээс болоодд олон залуу мөрийтэй тоглоомонд донтож амьдрал ахуйгаа үрсэн. Нэг яамны төрийн нарийн бичгийн дарга яамныхаа ажилчдын цалингаар бүхэлд нь тоглоод ял авсан гашуун түүх бий. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд монгол хүнийг оруулахгүй хязгаарлалттай казиног эхний ээлжид нээх нь олон залууг тоглоомонд донтохоос сэргийлнэ.

Эхний ээлжинд ганцхан аж ахуйн нэгжид казиногийн зөвшөөрөл олгоно. Тухайн аж ахуйн нэгж Хөшигийн хөндийд аялал жуулчлалын цогцолбор барихаас ажлаа эхлүүлнэ. Ийм шаардлага тавьж байгаа. Тэгэхгүй бол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаад хэзээ ч хамаагүй хөрөнгө оруулалтаа буцааж татаад явчихдаг байж болохгүй. Үлй ажиллагаанд нь аль боох төр оролцохгүй. Татвараа л авна. Засгийн газар орлогынх нь 40 хувийг авна. Өөр ямар нэгэн оролцоо байхгүй, дарамт үүсгэхгүй” гэлээ.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргүүлэн татахаар болжээ DNN.mn

Монголчуудын дундаж цалин 1 сая 544 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  214 мянган төгрөгөөг нэмэгджээ - ТА ДАРЖ ОРООД...

НИТХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болжээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болсныг мэдэгдлээ.

Энэ талаар НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Сэлбэ гол төслийн нэгжид зарцуулахаар төлөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг гаргасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төсвийн төслөөс саналаа эргүүлэн татаж байна.

Үүнээс гадна Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан учир саналаа татаж төсвийг нь бууруулахаар боллоо.

Сүүлийн өдрүүдэд Сэлбэ голтой холбоотой шүүмжлэл, нийгмийн хэлэлцүүлэг болсон. Тиймээс Сэлбэ гол төсөл ямар учиртай байсан талаар мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.

2018 онд Монгол, БНХАУ-ын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая доллароор Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төсөл. Үүнд санхүүжилт хийхээр тохиролцсон байдаг. Нийслэлийн Засаг даргын зүгээс уг төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хотын даргын зүгээс Сэлбэ голын урсцыг сайжруулахын тулд дунд нь гурван байршилд томоохон цөөрөм байгуулбал агаарын чийгшил, ундны усны нөөцөд ач холбогдол өгөх учраас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Сангийн яаманд төслийн нэгж байгуулах сонгон шалгаруулалтыг зарлахад иргэн Б.Цэцэг шалгарсан. Түүнийг Сангийн сайдын тушаалаар Сэлбэ гол төслийн удирдагчаар томилсон байдаг. Иргэн Б.Цэцэгийг мэргэжлийн бус хүн төслийг удирдаж байна хэмээн шүүмжилж байгаа тул энэхүү тайлбарыг хэлж байна” хэмээн мэдээллээ.

Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Төслийн нэгжийг татан буулгах эсэхийг тус яам шийднэ.

Улаанбаатар хотын ундны усны нөөц, агаарын чийгшлийг нэмэгдүүлэх том төсөл тул ирэх жилүүдэд зайлшгүй хэрэгжих төсөл гэдгийг тэрбээр хэлэв.

ШУУД ҮЗЭХ:

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал эдийн-засаг

Ч.Эрдэнэдалай: Ерөнхийлөгчийн хятадад хийсэн айлчлалын үр дүн ирэх оноос эдийн засагт бодитой мэдрэгдэж эхэлнэ DNN.mn

Эдийн засагч, судлаач Ч.Эрдэнэдалайтай Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урд хөршид төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд шийдвэрлэгдсэн эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хэлэлцээр юу байв?

-Манай улсын эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь Хятад улсын “Тэг ковид” бодлого, үүнтэй холбоотой хил гаалийн гацаа, хаалтууд байсан. Сая Хятадын ардын намын хамгийн том хурал боллоо. Энэхүү үйл явдлын дараах тус улсад айлчлал хийж буй гадаадын анхны төрийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч байлаа. Ши Жиньпинийн хувьд бид мэдэж байгаа, дэлхийн голлох удирдагчдын нэг. Энэ хүн нам засгийн хамгийн том хурлынхаа дараа мөнхийн хөрш Монгол Улсын төрийн тэргүүнийг урьж байгаа явдал нь бидэнд хандаж байгаа томоохон хүндлэл гэж ойлгож болох юм. Энэхүү хүндэтгэл манай улсын хувьд эдийн засаг болоод гадаад харилцаанд үнэхээр эергээр нөлөөлнө. Хоёр төрийн тэргүүн нарын уулзалтаар ямар асуудал хэлэлцэв гэж. Тэгэхээр сүүлийн саруудад эдийн засгийн амьдралд өрнөж буй хамгийн сайн мэдээг би хэлье. Манай улс энэ сард долоо хоног тутам 600-800 мянган тонн нүүрсийг экспортолж байгаа юм билээ. Энэ бол маш сайн үзүүлэлт, сайн мэдээ. Нөгөөтэйгүүр сүүлийн үед манай улсын валютын нөөц болоод ханш тогтворжсон. Ийм хоёр мэдээ байна.

-Ханш тогтвортой байх, нүүрсний экспорт нэмэгдсэн нь бидний хувьд мэдээж сайн зүйл. Хятадад хийсэн айлчлалын үеэр эдийн засгийн ямар томоохон хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Айлчлалын гол ач холбогдол бол мэдээж нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн явдал. Үүнийг дагаад цөөнгүй төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламжуудыг хэлэлцсэн. Нүүрсний экспортод хоёр тал мэдэгдэл гаргасан. Юу вэ гэхээр ирэх таван жилд нүүрсний дунд болон урт хугацааны гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Миний мэдэж байгаагаар жилдээ 40-70 сая тонн нүүрсний экспортлохыг Хятадын тал дэмжсэн байна лээ. Энэ бол одоогийн экспортоос хоёр дахин илүү гэсэн үг. Өнгөрсөн сарын эхээр хоёр улсын худалдаа 11 тэрбум ам.доллар байсан. Экспорт 8.5 тэрбум, импорт 2.5 тэрбум, нүүрсний экспорт таван тэрбум ам.доллартай байсан. Тэгэхээр ирэх жилээс худалдаа болон бусад үзүүлэлтийг хоёр дахин нэмэх зорилт дэвшүүлж, хамтран ажиллахаар болсон нь Монгол Улсын эдийн засаг сэргэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл Монгол, Хятадын худалдаа ирэх жил 20 тэрбум ам.долларт хүрнэ. Ирэх оны төсөв батлагдсан. Батлагдсан төсвөөр бол ирэх жил эдийн засаг таван хувиар өснө гэж байгаа. Үүний гол суурийг нь Ерөнхийлөгчийн айлчлал бүрдүүлээд ирлээ л гэж харж байна. Цаашдаа эдийн засгийн өсөлтүүд болоод бусад үзүүлэлтүүд энэ мэт тогтвортой болоод ирвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэх боломжтой. Мөн Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлалын үр дүн ирэх оноос эдийн засагт бодитой мэдрэгдэж эхэлнэ гэж харж байгаа.

-Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой боллоо л гэж хэлэх гээд байна уу?

-Эдийн засагчдын харж байгаагаар энэхүү айлчлал цаг үеэ олсон, өндөр ач холбогдолтой, эдийн засгийг сэргээх чухал үйл явдал боллоо л гэж үзэж байна. Мэдээж бүгдийг нь хоёр тал гарын үсэг зураад ч юм уу нэг кноп дараад төгс, сайхан болгочихгүй нь ойлгомжтой. Хятад талаасаа бондын асуудал бусад жижиг деталь зүйлүүд цөөнгүй бий. Тухайлбал, төмөр замын хоёр цэг уулзах, нарийн, өргөн царигийн асуудал гэх мэт. Үүний хажуугаар ковид Хятадад бүрэн алга болоогүй, Хятадын явуулж байгаа хатуу бодлого одоог хүртэл идэвхтэй явагдаж л байна. Хятад улсын дотоод асуудал байна. Нийгмийн уур амьсгал хүндхэн байна. Улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа. Тийм байхад манай улсын эдийн засагт бодитой өөрчлөлт авчрах томоохон хэлэлцээрүүдэд цааргалалгүй дэмжиж байгаад нь бид баярлах ёстой. Си Жиньпиний хувьд Канадын ерөнхий сайдтай их таагүй харилцаатай байгаа гэх мэт Хятад улсын хувьд олон улсад болоод дотооддоо асуудал их байгааг бид харж л байна. Тиймээс ийм цаг үед манайхтай сайн хөршийн харилцаагаар хандаж байгааг бид талархан хүлээн авах ёстой. Хамгийн чухал нь нүүрсний экспорт нэмэгдлээ. Одоо нүүрснээс орж ирсэн орлогоо халамж, бусад үр ашиггүй бүтээн байгуулалтад зарцуулахаас илүү төвлөрсөн орлогын сан бүрдүүлэх, хуримтлалтай болох асуудлыг анхаарах нь чухал.

-Таныхаар нүүрсний орлогыг бид оруулж ирээд халамж, үр ашиггүй зүйлд тараагаад байна гэсэн үг үү?

-Яг тийм. Үргэлж л тансаглана гэж юу байхав. Олон жил яриад байгаа хуримтлалын сан, баялгийн сангаа бодитоор босгож ирэх шаардлагатай байна. Олсон жаахан орлогоо бүгдийг нь үрэх, цацах, халамжид тараах зэрэг хуучин муу сэтгэхүйнээсээ одоо бид салах цаг нь болсон. Ирэх оны төсвийн хуулиар нүүрсний экспортыг 36 сая тонн байлгахаар баталсан. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд юутай ч ирэх оны нүүрсний экспортынхоо зорилтод хүрэх нь тодорхой боллоо. Энэ бол маш сайн мэдээ.

-Нүүрсний экспортыг нэг талдаа нэмлээ, энэ нь эдийн засагт сайн нөлөө үзүүлнэ гэж байна. Нөгөө талдаа нүүрсний хулгайн асуудлыг шийдэхгүй л бол нүүрсний гарц, хэмжээг нэмэгдүүлээд бодит орлого алдагдаж байгаа үед эдийн засагт жинтэй өөрчлөлт орохгүй гэдэг зүйлийг эдийн засагчид ярьж байна. Судлаач, эдийн засагч хүний хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Нүүрсний асуудалд Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж байгаа. Эрдэнэс Таван толгой компанийн засаглалын реформ маягийн зүйл хийгдэж байна. Тус компанийн үйл ажиллагаа бусад бүх зүйл ил тод болсоор л байна. Энэ явуулж байгаа үйл ажиллагааг цаашдаа маш сайн үргэлжлүүлэх нь чухал. Эдийн засагч хүний хувьд бусад улс төрийн асуудал надад сонин биш гэж үздэг. Хяналт, хариуцлагын ажил үүргээ бодлогын түвшинд чадварлаг явуулах шаардлагатай байна.

-Ерөнхийлөгчийн айлчлалаар Төмөр замын холбоос цэгийг тодорхойлох асуудлыг хэлэлцэж, шийдчихсэн гэж ойлгож байгаа. Холбоос, терминал барьснаар эдийн засгийн ямар өөрчлөлтүүд бий болох вэ?

-Саяны айлчлалаар энэхүү асуудлыг ерөнхийд нь хэлэлцээд шийдээд ирсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тодорхой ахиц авчирсан гэсэн үг. Цаашдаа төмөр замын гарц, хилийн боомтуудаасаа шалтгаалаад төрөлжөөд явна. Тухайлбал, Гашуунсухайтын боомтоор зөвхөн нүүрс гаргах ч гэдэг юм уу. Хангиар дандаа төмрийн хүдэр экспортолдог болно ч гэдэг юм уу ийм маягаар төрөлжөөд явах юм билээ. Талууд хилийн боомтуудад ачаа тээврийн шинэ техник, технологи нэвтрүүлэхийг дэмжиж, боомтын хүчин чадлыг бодитой, үр дүнтэй нэмэгдүүлэхээр тохиролцон. Хятадын тал Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэр, далайн гарц болон эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг импортлоход Монголын талд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн байна лээ. Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг түргэтгэж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулахаар болсон.

-Монголын нүүрсийг хятадууд хямд буюу бүсийн ханшаар авч байна. Угтаа дэлхийн зах зээлийн ханшаар авах ёстой гэдгийг эдийн засагчид шүүмжилж ярьдаг. Бид үнэхээр хямд ханшаар өгдөг гэж үү?

-Энэ бол цэвэр бизнесийн асуудал гэж явах байх. Нүүрс гэдэг бол олон улсын зах зээл. Орос, Австрали, Индонези зэрэг улсууд голлож гаргаж байгаа. Тиймээс бид ч бас өрсөлдөх ёстой. Зарим улс, орон өөрийн бүтээгдэхүүнээ үнэд хүргэхийн тулд тухайн улсад нь очоод баазалчихсан байдаг. Тухайлбал, Австрали улс өөрийн худалдааны төлөөлөгчдөө Бээжинд байлгаж, зах зээлийн судалгаа, ханшийн өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Австрали өөрөө төмрийн хүдрийн маш том орлогын эх үүсвэртэй улс. Ийм маягаар бид ч гэсэн өөрсдийн худалдааны төлөөлөгч, томоохон хяналт, судалгааны байгууллагыг гадаадад байгуулах шаардлагатай. Ийм байгууллага байгуулснаар бүтээгдэхүүний ханшийг тогтвортой байлгах, хууль бус экспортыг таслах боломж бүрдэж ирэх юм.