Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Өнгөрсөн найман жилийн хугацаанд улс орны эдийн засаг ямар нөхцөл байдалтай болов?

-Иргэд сонгогчид МАН-ыг үнэмлэхүй олонхоор хоёр парламент дараалан сонголоо. Энэ нь аливаа улс төрийн хүчний хувьд улс орноо зөв чиглэлд чиглүүлэх сайхан боломж, итгэлээр иргэд сонгогчид шагнасан гэсэн үг. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд улс орон хөгжлийн зөв гарц дээр очих, гадаад өрийн дарамтыг огцом бууруулах, аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж хөл дээрээ баттай зогсох, эдийн засгаа солонгоруулах, дундаж давхарга улам бүр тэлэх сайхан боломж бүрдсэн он жилүүд байсан.

Манай улсын эдийн засгийг тэтгэгч зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн ханш 2015 оныхтой харьцуулбал 2-10 дахин нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй байна. 2015 онд Монгол Улсын нийт экспортын дүн ердөө 4.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 15 тэрбум ам.долларт хүрчээ. Үүлэн чөлөөний нар мэт ийм ховорхон боломж зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилийн түүхэнд тохиож байгаагүй гэдгийг онцлох ёстой. Харамсалтай нь, эдгээр сайхан боломжуудыг ашиглах нь бүү хэл эсрэгээрээ улс орны эдийн засгийг нүүрснээс хараат болгож, улсаа гадаад өрийн хавханд оруулж, аж ахуйнн нэгжүүд мянга мянгаараа хаалгаа хаасан, иргэдийн орлого, ахмадын өдөр хоногийнхоо хоолонд дөнгөн данган хүрч буй тэтгэврийг үнийн өсөлт, инфляциар хуу хамсан “хар дарсан зүүд” шиг аймшигт он жилүүдийг бид үдэж байна.

-“Хар дарсан зүүд” гэдгээ та баримтаар тайлбарлаач?

-Сүүлийн хоёр сонгууль дамнан хэт олонх болсон эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуульд монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдох болсон талаар халаглаж засаж залруулахаа амлаж байсан. Гэвч энэ үзүүлэлт одоо 35 сая төгрөгтэй тэнцжээ. Ийнхүү бид “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдэж гадаад өр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан. Монгол Улсын гадаад өрийн хэмжээг хүссэн иргэн бүр Монголбанкны болон Үндэсний статистикийн хорооны сайтаас харах боломжтой. Яагаад гэвэл Өрийн удирдлагын тухай хуульд зааснаар манай улсын гадаад өрийн хэмжээг улирал болгон Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо хамтран гаргаж нийтэд нээлттэй өөр өөрсдийн сайтаар дам жуулан ил тавих ёстой юм. Тиймээс өрийн асуудлаар заавал хэн нэгэн эрх мэдэлтний ам харах шаардлага ер байхгүй. Монгол Улсын нийт өр 2023 оны эцсийн байдлаар 34 тэрбум ам.доллар давсан.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд ганц тоо хэлье. Оны өмнөхөн УИХ дээр “Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт түүний нөлөө” гэсэн гүйцэтгэлийн аудитын тайлан хэлэлцсэн. 2022 оны эцсээр Татварын ерөнхий газарт ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн талаар гаргасан статистикаас харвал, ирүүлбэл зохих 218 мянган аж ахуйн нэгжээс ердөө 155 мянга нь тайлангаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, 63 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон тул ТЕГ тайлангаа ирүүлээгүй байгаа юм. Тайлангаа ирүүлсэн компаниудаас 70 гаруй мянга нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татварыг тайлангаа гаргаагүй “Х” тайлан ирүүлжээ. Дээрх хоёр тоог нэмбэл, нийт 133 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Аймшигтай тоо шүү, энэ. Энэ олон аж ахуйн нэгжийн цаана хэчнээн мянган хүн ажилгүй, орлогогүй болсныг төсөөлөхөөс аймшигтай. Эцэст нь хэлэхэд, Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос 2022 оны Монгол Улсын ядуурлын түвшний судалгаа гаргахад 938 мянган иргэн нэн ядуу гэж гарсан. Одоо энэ тоо нэг сая хол давсан. Арилжааны банкуудын нийт зээл 26 их наяд төгрөг үүнээс 26 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл байна. Манай улсын нийт өрхийн тоо нэг сая орчим. Үүнээс гадаадад амьдарч буй 150 гаруй өрхийг хасаад үлдсэн өрхөд дээрх зээлийг хуваавал монгол өрх бүр 20 сая төгрөгийн зээлтэй. Улсын гадаад өрөөс гадна шүү. Би банк бус, хоршоод, ломбардын албан ёсны статистик байхгүй учраас оруулалгүй тооцоход шүү дээ. Улс нь, аж ахуйн нэгжүүд нь, өрх бүр, иргэн бүр өртэй.

Зөвхөн энэ хэдэн тоо манай эдийн засаг ямар их хүндэрснийг батлах  бодит статистик. Би санаанаасаа нэг ч тоо хэлсэнгүй. Монгол банк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан баталгаатай тоо, үзүүлэлтүүд ийм байна.

-Сүүлийн үед төр хувийн хэвшил рүүгээ халдах явдал гаарлаа. Анх УИХ-ын дарга Г.Занданшатар тагнуулын байгууллагыг агсаж байгаад Салхитын мөнгөний орд дээр очиж төрд хурааж байсан. Өнөөдөр ч энэ уур амьсгал байгаа төдийгүй бүр хурцаар илэрч байгааг олон нийт шүүмжилж байна шүү дээ?

-Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн дийлэнх төрөөс хамаарч байна. Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж эхэллээ. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авлига хээл хахуулийг гааруулж байгаа гэдэгтэй хэн ч санал нэгдэх биз ээ. Дээр дурдсан жишээ бол ердөө ганц л кейс шүү дээ.

Энэ балмад үйлдлээ тэтгэврийн өрийг тэглэсэн гавяа гэж цоллож байсан. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл ийм шийдвэр үнэ хөөрөгдөхөөс ө өр ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Ахмадуудын амьдралд ч бодитоор наалдсангүй. Үнэ өссөнөөр нийт иргэдийн ядуурлын түвшин нэмэгдсэнийг би дээр хэлсэн. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой. 2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан дүн 2024 онд 10.1 их наяд төгрөг болж тав дахин өслөө. 2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж ес дахин нэмэгдлээ. Халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд  байхгүй гэдгийг онцолмоор байна. Үүнийг өнгөрсөн жилүүдийн манай төрийн бодлого иргэдийн амьдрал дээрээс бодитоор харж байна шүү дээ.

-Саяхан гэхэд төр, хуулийнхан нэгдэж байгаад хувийн хэвшил рүүгээ халдаж, үйл ажиллагааг нь зогсоож байна шүү дээ. Улс орны эдийн засаг, хөгжил хувийн хэвшил дээр тогтдог шүү дээ?

-Эрх баригчид уг нь өнгөрсөн сонгуулиар, “Цалин урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.Өрийн дарамтыг бууруулж эдийн засгаа сэргээн босгоно.Аймаг бүрт үйлдвэр байгуулна.150000  ажлын шинэ байр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин шатахууны үнийг 20-30 хувиар хямдруулна” гэж уран гоё донгодсон.    Харамсалтай нь, эдгээр сайхан амлалтуудаас нэг нь ч 2016 оноос хойш гурван Засгийн газар дамжин биеллээ олоогүй байна. Тийм болохоор иргэдийн анхаарлыг өөр тийш хандуулж “Ачит ихт”, “Алтайн хүдэр” компаниудын муу муухай байсан үлгэр ярьж, иргэд сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна. Хувийн хэвшлийг дээрэмдэх ч юу ч биш, төсвөөс, нүүрснээс, зэсээс, алтнаас, төмрийн хүдрээс, ногон автобуснаас, сургуулийн автобуснаас, Хөгжлийн банкнаас, Төрийн банкнаас, төмөр замаас гээд л хулгай дээрэм хийсэн мөнгө нь их наядаар яригдах хэмжээнд хүрч, авлигын индексээр дэлхийд хомоол хамж байна.

-Стратегийн ордоо хувийн хэвшлээс хурааж авахаар сүүлийн үед эрчтэй яригдаж байгаа. Гэтэл  стратегийн орд гэж юуг хэлэхээс эхлээд нэгдсэн ойлголт байдаггүй талаар салбарынхан шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын  2007 оны 27 дугаар тогтоолоор нийт 15 ордыг стратегийн ач холбогдолтой гэж тооцсон. Хожим долоон орд нэмсэн. Стратегийн орд гэгчийн тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар  бодлого, чиглэл байхгүй.

“Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүй ч гэж зарим судлаачид ярьдаг. Дэлхий дээр уул уурхайн стратегийн орд бус стратегийн түүхий эд гэсэн ойлголт бий. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. Харин орчин үед зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг эрэлт ихтэй буюу критикал түүхий эд гэх олон улсын ойлголт бий. Харин манай улстөрчид гадны хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхээсээ эхлээд ийм зүйл ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, шууд бусаар хэдийг надад өгөх вэ гэх дарамтуудын нэг нь юм л даа.

-Сонгуулийн санал авах амлалтыг эрх баригч нам өгсөөр байна. Энэ нь эдийн засагт маш сөрөг нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Жишээ нь, малчдад зориулсан Шинэ хоршоо хөдөлгөөн байгуулахаар боллоо?

-Сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нээс 225 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин, 498 мянган ахмадын тэтгэврийн хэмжээг арав орчим хувиар нэмсэн. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж түүнийхээ үр дүнг нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад МАА-д таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөрөнгийн баталгааг Монголбанк гаргаж байгаа гэсэн. Төв банкныхаа хуулиар хориотой заалт. Монголбанк Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд санхүүжүүлэх ёстой юм л даа. Одоо ч хууль яриад сонсдог хүнгүй болсон.

Монголбанк, Хятадын Ардын Банкнаас 2011 онд своп хэлэлцээрийн гэрээг байгуулж 15 тэрбум юань зээлсэн. Гэрээний хугацаа 2014 онд дуусгавар болохоор байсан ч сунгаж, 2017, 2020, 2023 онд тус бүр гурван жилээр сунгасан. Үнэхээр 5 их наяд төгрөг байгаа юм бол олон жил луу унжсан өрөө төлөөч, Монголбанкныхаан. Энэ ХАА-д зориулсан хөтөлбөр хэрэгжүүлснээр Монголбанкны удирдлага хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой болсон. Өнөөдөр залуучуудын ипотекийг шийдэхэд 1.2 их наядыг гаргаж 10 мянган өрхийг ипотект хамруулах тухай бас ярьж байна. Уул нь МАН ипотекийг 2016 онд УИХ-д үнэмлэхүй болмогцоо зогсоосон. 8 жил бодож байж яг сонгуулийн өмнө үнэнд гүйцэгдэж байгаа царай нь юм болов уу. Энэ нь УИХ-ын санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Тэнүүн: Залуусаар хүчээр ахмадуудаа үзэн ядуулдаг хандлага нийгэмд бий болчихлоо. Өмнөх үеэ харааж ерөөх биш, харин ч суралцаж хамтдаа урагш явах ёстой DNN.mn

“Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Шарк” О.Тэнүүнтэй ярилцлаа.


-Та том групп компани удирдаж байсан учраас удирдлага зохион байгуулалт, аж ахуйн ажлыг сайн мэдэх байх. Өнөөдөр эрх баригчид олон жил гацчихсан ийм ийм хууль батлагдлаа, бодлогын том баримт бичгүүдийг урагшлуулж чадлаа гэх юм. Гэтэл Монголын нийгэм бахь байдгаараа л байна. Бид яг юун дээр алдаад, юу нь болохгүй байна вэ?

-Аливаа юмс энгийн зүйлээс эхэлдэг. Жижиг сажиг олон асуудлаас улбаалж том асуудал үүсч байна.

Хүн бол нийгмийн амьтан. Тиймээс энэ нийгэмд нэн тэргүүнд хүний эрх хангагдах ёстой. Хүн эрүүл, аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон суурь эрх. Гэтэл хүний энэ суурь эрхийг өнөөгийн эрх баригчид хангаж чадахгүй байна. Амьсгалах цэвэр агааргүй, идэж ууж байгаа хүнс нь баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй байна. Хөрсний бохирдлоос үүдэж ус нь бохирдолтой. Усаа шинжлүүлэхээр хатуулаг өндөртэй, хүний биед сөргөөр нөлөөлөхүйц ямар нэгэн бодистой байна. Өмнө нь Улаанбаатарчууд уух усаа крантнаас шууд аваад уудаг байсан. Гэтэл зохион байгуулалтгүй, дэд бүтцийн асуудлаа шийдээгүй байдал нь өнөөгийн нийгэмд тулгамдсан маш олон асуудлуудыг үүсгэж байна.

Хамгийн эхэнд усны асуудлыг шийдмээр байна. Жишээ нь, Хан-Уул, Зайсан орчмын айлууд усны асуудлаа шийдээгүй л яваа. Дандаа гүний ус ашигладаг. Гүний ус нь түрүүн хэлсэнчлэн хатуулаг өндөртэй. Хөрсний бохирдлоос үүдэж буцалгаж уух ч эргэлзээтэй. Хан-Уул дүүргийн энэ асуудал төр засгийн бодлогогүй шийдвэрүүдээс болж үүссэн. Нийтийн, нийгмийн асуудлыг биш, үүнийг хийснээр надад ямар ашигтай юм бэ гэж ханддаг. Энэ нь нөгөөх авлигатай холбоотой. Таван жилийн өмнө Токио тауэрийн өмнө цэвэр усны шугам ирчихсэн, энэ районд байгаа бүх айлыг холбох бололцоотой байсан. Гэтэл дээд, доод шатны шийдвэр гаргаж байгаа нөхдүүд холбоогүй. Шал өөр зүйлд төвлөрч, улстөржөөд хийгээгүй. Наад мөнгөөрөө бордюраа янзал, наад мөнгөө гадагш явахад зарцуул гэсээр төсвийн мөнгөгүй болчихсон. Тэгэхээр нь хувийн хэвшлийн бид хийе гэтэл зөвшөөрлийг нь гаргаж өгдөггүй.

Үүнээс гадна манай улс бүх төрлийн халдварт өвчний тоогоор дэлхийд номер нэгт жагсаж байна. Маш эмзэглэмээр, тун ноцтой тоон мэдээлэл шүү дээ. Монгол хүн эрүүл явах баталгаа байна уу гэдэг асуулт үүнээс үүснэ. Агаар, хөрсний бохирдлоо дийлэхээ байчихсан Улаанбаатар хотын иргэдээс гадна цэвэр агаар, онгон байгальд суугаа хөдөөгийн иргэд ч мөн хавдраар өвчлөөд байна. Яг юунаас болоод ийн өвчлөөд байна вэ. Мах бол монголчуудын өдөр тутмын хэрэглээ. Гэтэл гарал үүсэл нь тодорхойгүй, стандартгүй, баталгаагүй, хамгийн муу, хамгийн чанаргүй, хямд вакциныг малчдад нийлүүлж, малд шахаад байгаагаас болж байна уу гэх мэтээр монгол хүний амьд явах наад захын эрх нь өнөөдөр хаана байна гэж бодоход хүргэнэ. Яагаад эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж чадахгүй байна вэ. Иргэн эрүүл байхаас л бүх зүйл эхэлнэ шүү дээ.

-Төрийн бодлогын хаана нь ямар алдаа гараад байна вэ?

-Төрийн бодлогыг өнөөдөр зангидаж яваа хүмүүс макро түвшний биелэгдэхгүй фантаз зүйл яриад байна. Нийгэмд бодитоор тулгамдаж байгаа энгийн асуудлуудаа шийдэж чадахгүй байна. Жишээ нь, иргэдийн амьжиргаа, тэтгэвэр тэтгэмж ямар байна. Бизнесийн орчин ямар байна. Татвар, татаас хэд байна. Өнөөдөр иргэд орлогынхоо 40 орчим хувийг татварт төлж байгаа хэдий ч энэ хэмжээний төрийн үйлчилгээг авч чадаж байгаа билүү?

Баахан татвар төлчихөөд эцэст нь юу болж дуусч байна вэ. Мөн өнөөдөр шударга бус байгаа олон зүйлийн нэг нь тэтгэвэр. ҮСХ-ноос гаргасан мэдээллээр монгол эмэгтэй хүн дунджаар 76, эрэгтэй 66 насалж байна. Гэтэл тэтгэвэрт гарах нас нь эрэгтэй 60, эмэгтэй 55. Нас эцэслэлээ гэхэд зээл нь үр хүүхдэд нь өвлөгдөж үлддэг хэрнээ насаараа төлж хуримтлуулсан тэтгэвэр нь улсын мөнгө болж үлдэж байна. Энэ нь шууд утгаараа төр иргэнээ дээрэмдэж байгаа хэлбэр биш үү? Яагаад үүнийг шийдэж болохгүй байна вэ. Яагаад зөв бодлого, менежмент, санхүүгийн сахилга баттай байж болохгүй байгаа юм бэ.

Insead дээр дэлхийн хүн амын дундаж наслалт 100 болно гэж саяхан бичсэн байна лээ. 100 нь байг гэхэд монголчууд бид ядаж 80 насалъя л даа. Ингэхийн тулд хүн рүүгээ чиглэсэн нийгмийг бүтээх ёстой. Монголчууд яагаад ийм адгасан, нэг л их ууртай, бие биедээ буулт хийдэггүй болчихов гэхээр ерөөсөө орчинтой холбоотой. Гараад л бөглөрчихөж байна. Энэ нь тухайн өдөржин стресстэй явах эхлэлийг тавьчихаж байгаа юм. Стресс хүний биед ямар өвчлөлийг үүсгэдэг билээ. Мөн бид өөрсдөөсөө биш, өрөөлөөс бурууг хайдаг болчихож. Ерөөсөө л бусдаас бурууг хайдаг, өөнтөглөгч нийгмийг бүтээсэн байна. Арга ч үгүй байх. Өнөөдөр төрийн эрхэд байгаа хүмүүс бусдын боломжийг хулгайлаад байгаагаас л ийм асуудал болоод байгаа юм. Шударга бус нийгэм ингэж дэлгэрчихээд байна.

Үүнээс гадна залуусаар хүчээр ахмадуудаа үзэн ядуулдаг нийгэм бий болчихоод байна шүү дээ. Тэдэн насныхан, энэ үеийнхэн үхэж байж бид сайхан амьдарна гээд нийгмийн сүлжээнд бичиж, бүр ярьж байна. Юу гэсэн үг вэ. Магадгүй алдаа гаргасан байж болно. Гэхдээ нэг л зүйлийг залуус бид ойлгох ёстой. Залуу нас, цаг хугацаа, хөлс хүчээ урсган байж энэ нийгмийг өмнөх үеийнхэн бүтээсэн. Муутай ч, сайнтай ч бид эрх чөлөөт, ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ нийгмийг өнөөгийн бид биш, өмнөх үеэ бүтээсэн учраас өмнөх үеээ харааж ерөөх биш, харин ч суралцаж хамтдаа урагш явах ёстой. Өнөөдөр энэ нийгэмд үнэлэгдэхгүй байгаа, ажиллах хүчний тооноос хасагдчихаад байгаа иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хувиараа бизнес хийх боломжийг нь төр засаг нээж өгөх хэрэгтэй.

-Яаж?

-Наанадаж бусдын боломжийг хулгайлдаггүй, хяналттай, шилэн байх ёстой. Ер нь бид юу болчихов гэдгээ эргэж нэг хараад одоо яах вэ гэдгээ нэг эргэцүүлээд эр зоригтойхон шиг урагшилмаар байна. Ийм дээрэмчин төртэй байх уу, эсвэл хүний эрхийг хангадаг төртэй байх уу гэдэг сонголт иргэд бидэнд бий. Энгийн жижиг асуудлууд нь алсдаа том асуудлуудыг дагуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нүүрсний, ногоон автобусны, Боловсролын зээлийн сангийн, ЖДҮ-ийн гээд нийтийн мөнгийг тэр аяар нь хулгайлчихлаа. Уг нь тэр мөнгө хуримтлагдаж байх ёстой. Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, ахмадууд руу чиглэсэн бодлого, орчноо сайжруулахад чиглэж байх ёстой. Ядаж л өвөлдөө утаагүй, зундаа шороо тоосгүй амьдармаар байна. Нийслэлийн хүн ам 1.7 саяд хүрсэн. Монголын нийт иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ҮСХ-ны судалгаанаас харагдаж байна. Гэтэл хот нь хүний эрхийн наад захын суурь эрхийг зөрчөөд байна. Тиймээс үндсэн суурь эрхийг нь хангахад л нэн тэргүүнд анхаармаар байна.

-Өнөөдөр иргэдэд дарамт болж байгаа зүйл төгрөгийн ханш, инфляци. Үүнд чиглэсэн ямар зөв бодлого хэрэгтэй вэ?

-Иргэдийн орлого нэмэгдэхийн хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ даган өсөж байна. Тиймээс ямар ч өөрчлөлт гарахгүй байна. Цалин 15, 20 хувиар нэмэгдлээ, цалингийн суурь 660 мянган төгрөг боллоо гээд байдаг. Бодит байдал өмнөхөөсөө муудсан уу гэхээс сайжирсан зүйл ерөөсөө алга. Төгрөгийн ханш суларсаар байна.

Ер нь гаднаас хөрөнгө оруулалт татаж байж төгрөгийн ханш чангарах боломжтой. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ л гээд байдаг. Гэтэл бодит байдал дээр цаасан дээрх төсөл, улстөрчдийн яриа төдий зүйл болчихоод байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах, яаж тогтоон барих вэ гэдэгт чиглэсэн хууль, тогтоомж байхгүй. Тиймдээ ч Монголд хөрөнгө оруулах гэж ирээд мөнгөө алдчихсан гадаадын хөрөнгө оруулагчид их шүү дээ. Олон нийт ч үүнийг мэдэж байгаа. Сүүлд Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа зах зухаас нь танилцуулсан. Үүнээс хойш яг бодитоор сайжруулж, ажил хэрэг болгосон үйл ганц ч алга. Монголын хуульд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарсаар байна…

-УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Энэ хуулийг та хэрхэн харж байна?

-Батлах л ёстой хууль. Гэхдээ энэ хуулиас болж гадаадын ямар ч хөрөнгө оруулагч Монголд орж ирэхгүй. 34-өөс дээш хувийг эзэмшихгүй гэчихсэн байгаа юм. 60-аас дээш хувийг эзэмших гэж орж ирдэг юм шүү дээ. Тэгж байж менежментээ хийж, хяналтаа тавина. 34 хувь дээр ямар ч юм шийдэгдэхгүй. Давуу эрхийн багц гэж байдаг л даа. Гэхдээ IPO зарласан том компаниуд л тэгдэг. Манайх стратегийн нэршилтэй бүхэн дээр 34 хувь гэж тогтоолоо. Ингэснээр стратегийн гэх нэршилтэй бүх ордууд хумигдаж эхэлнэ. Эргэлтэд орохгүй, нуугдчихна. Ингэснээр валютын урсгал хумигдчихна шүү дээ.

Хэрвээ улс бизнес хийх гээд байгаа бол, эх орны эдийн засгийг нуруун дээрээ 100 хувь үүрэх гээд байгаа юм бол бизнес хийдэг улс бол л доо. Улс бизнес хийх гээд бүх том корпорациуд, бизнесүүдээ намнаад байхаар хэн бизнес хийх юм бэ. Эдийн засгийн эргэлтийг, ажлын байрыг, инновацийг хэн бий болгох юм бэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай харилцаад хөрөнгө оруулалт татаад байгааг хэн хийх вэ. Улс уу?

-Гадаадын хөрөнгө оруулалт тухайн нийгэм, улс оронд ямар эерэг үр нөлөөг үзүүлдэг вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт нь манайд байхгүй патент, технологийг нэвтрүүлнэ. Сингапур улс электрон барааны бүхий л том үйлдвэрүүдийг яаж нутагтаа авч ирсэн бэ гэхээр манайд ороод ир, ноу хау хуваалцаад, манай улсын иргэдийг ажлын байртай болгоод өгөөч ээ гээд эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн. Тухайн үед Сингапур ямар ч технологи, ямар ч “ноу хау”-гүй улс байсан. Байдаг л нэг арал байсан. Сингапур Азийн бар улс болтлоо хөгжихөд ноу хау, технологи, илүү их мэдээлэл, туршлага, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг экспортолсон. Гадаадын жижиг орнуудаас түүхий эд авч ирээд хийсэн.

Гэтэл манайд түүхий эдийн нөөц нь бий. Төмрийн хүдэр, нүүрс бий. Өнөөдөр Монголд ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй байгаагийн горыг бид валютын ханш, инфляциар дамжуулж амьжиргаагаараа мэдэрч байна. “Made in Mongolia” гэсэн дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн байхгүй нь бидний асуудал. Ядаж төмрийн хүдрээрээ арматураа хийе л дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт арматурыг осолдохгүй хийж байна. Гэхдээ тэр нь 50 жилийн хоцрогдолтой, маш өндөр зардлаар бүтээгддэг. Нүүрсээр түлш, пластик хийж, угааж гаргаж болж байна. Нүүрсийг түүхийгээр нь экспортлоход монголчууд л алдаж байна. Энэ алдагдсан боломжийг хэн нөхөх вэ. Энэ хэрээр хувь хүн орлоготой байх, эрүүл байх, аюулгүй орчинд амьдрах, хуримтлалтай байх боломжгүй болчихоод байна. Өнөөдрийн хоолны асуудлаа яая гэж байгаа хүн маргааш, нөгөөдрийн хүүхдийн боловсрол, эрүүл мэнд рүү яаж анхаарах юм бэ. Цалингийн жаахан хэдэн төгрөгөөрөө баталгаагүй хүнс, муу ус ууж байна. Эм аваад уухаар хуурамч байгаад байна. Эмийн сонсголоор энэ нь илэрлээ шүү дээ.

-Монголын зовлон олон. Нийслэлчүүд асуудлаасаа салахын тулд дэд төвүүд бий болгох, хотыг 14 болгож салгах тухай яригдаж байна. Энэ зөв бодлого уу, та юу гэж харж байна?

-Дэд бүтцээс үүдэж төвлөрөл үүсээд байгаа юм. Дэд бүтцээ задалчихвал 0.7 га авах хүмүүс олон болно. Иргэд 0.7 га газрыг яагаад авахгүй байна гэхээр дэд бүтэцгүй уулын мухарт хэн очиж амьдрах юм бэ. Задлах, тэлэх систем байх ёстой.

Тогны эх үүсвэрээ нүүрсний цахилгаан станцаар шийдэх бололцоотой. Ойрын шийдэл сэргээгдэх эрчим хүч. Гэвч сэргээгдэх эрчим хүчээр энэ том хотыг хангаж дийлэхгүй. Гэхдээ Монгол Улс хүн ам багатай учраас боломж өндөр. Дийлэнх газар нь улсын мэдэлд байдаг учраас хамгийн том нарны цахилгаан станцыг хийх бололцоотой улс Монгол. Эрчим хүчээр дамжуулж маш олон асуудлыг шийдэж болно. Өнөөдөр мянга мянган орон сууц бариад шийдэгдэхгүй. 400, 500 мянган айлын орон сууц бариад худалдаж авах өрх хэд байгаа билээ.

-Манай улс чинь эрчим хүчээр Оросоос хараат шүү дээ?

-Би үүнийг л гайхдаг. Нүүрстэй орон цахилгааны хомсдолтой гэж юу яриад байгаа юм бэ. Миний санаанд буудаггүй юм. Ийм том шугамууд явуулахгүйгээр цахилгаанаар бүхнийг шийдэх бүрэн бололцоотой. Агаарын бохирдол, жил бүр сольдог дулааны шугамууд, IV ЦС зэрэг асуудлуудыг цахилгааны том станц бариад шийдэх боломжтой. Бөөрөлжүүтийн цахилгаан станцаар метрог явуулна гэж байна. Тэгвэл дагуул хотууддаа ямар эрчим хүч түгээх гэж байгаа юм бол. Нүүрс бол бидэнд байгаа хамгийн хямдхан зүйл. Одоогийн асуудлыг шийдье гэвэл нүүрсний цахилгаан станц хийхээс өөр аргагүй шүү дээ.

-Дэлхий тэр аяараа ногоон эрчим хүч рүү зорьж байна шүү дээ. Гэтэл нүүрсний ЦС гэхээр сонин сонсогдож байна л даа?

-Мэдээж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих ёстой. Хамгийн гол нь хэдэн хувь нь сэргээгдэх эрчим хүч байх вэ гэдэг чухал. Нийт хэрэглээний 20, 30 хувиа сэргээгдэх эрчим хүчээр хангах нь илүү зохистой байдаг. Үлдсэн 70 хувиа нүүрс буюу тогтмол эрчим хүчээр хангах нь зохистой гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихсөн. Өөрөөр хэлбэл, нүүрсний эрчим хүчний хувийг тодорхой хэмжээнд багасгая гэж байгаа юм. Тэр чигээрээ 100 хувь хараат байх боломжгүй.

Манай улс зэс, төмрөөр баялаг. Дэлхий тэр чигээрээ цахилгаанжиж байгаа энэ үед зэсээ боловсруулж гаргавал нүүрсний экспортоос хамааралтай байдаг манай улс маш их хэмжээний орлого олох боломжтой. Бидэнд эрчим хүчний бизнес хийх маш том бололцоо байна. Хамгийн том бизнес бол эрчим хүч юм. Хамгийн хөгжих бололцоотой бизнес ч эрчим хүч. Уул уурхай биш. Алт биш. Биткойн ч биш. Дэлхий тэр чигээрээ цахилгаанжина. Тиймээс бид өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо ашиглаж нүүрсээ угаах биш, эрчим хүч болгоод нэмүү өртөг шингээж гаргах хэрэгтэй. Хятад дотооддоо нүүрсний цахилгаан станц нэмж барихыг хориглоно гэсэн хуультай. Тэгвэл бид ийм боломжийг барьж аваад гэрээ хийчихье л дээ.

Нүүрсний цахилгаан станцаас гадна нарны цахилгаан станц үүсгэх хэрэгтэй. Ингээд нарнаас гаргаж авсан эрчим хүчээрээ нүүрсний ЦС-уудын эрчим хүчийг хангачихъя л даа. Тэгвэл ногоон эрчим хүч ангилалд орчихно шүү дээ. Үүнд толгой гашилгаж, бодож цөхөөд байх юу байна вэ. Бодоод шаналаад байх ч шаардлагагүй. Одоо ханцуйгаа шамлаад хийх л цаг үе ирчихээд байна. Зоригтой шийдвэр, эр зоригтой үйлдэл монголчууд бидэнд дутаад байна. Хэдий хүртэл бид болох бүтэхгүй худлаа үнэн шалтаг хэлж суух вэ.

Эрчим хүчний станц барьчихвал наанадаж утааны асуудлаа шийдчихнэ. Хүүхдүүддээ орчин үеийн орон сууцанд амьдруулах нь хүн бүрийн мөрөөдөл болчихоод байна. Орон сууцжуулах хөтөлбөрийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь утаа арилгах бодит шийдэл биш.

Шахмал түлш хийж яах ч гээд байгаа юм. Үүний оронд нүүрсээ зараад ч юмуу, бартерлаад ч юмуу нүүрсний хэд хэдэн цахилгаан станц барьчихъя. Тэгвэл Оросоос цахилгаан эрчим хүчний хувьд хамааралгүй болчихно. Үүнийг л хийчихвэл уушгины хорт хавдар, эрүүл мэнд, өвчлөлийг бууруулах зэрэг асуудлуудыг шийдэх боломж бий болно. Ингэж нэн түрүүнд цахилгааны асуудлаа шийдсэнийхээ дараа сайхан, сайхан том төслүүдээ хэрэгжүүлж болно. Өнөөдөр ихэнх том төслүүд эрчим хүчний асуудлаас болоод гацчихаж байгаа юм шүү дээ. Хөрөнгө оруулагчид ч эрчим хүчний асуудал шийдэгдээгүй учраас буцчихаад байгаа юм.

Тиймээс одоо жаахан сэтгэл гаргаад хийх ёстой. Энд улс төрийн болоод ямар нэгэн эр зориг, ухаан огт хэрэггүй. Бүх зүйл жижигхэн, энгийн зүйлээс эхэлнэ. Жижигхэн сэтгэл гаргаад хийхэд болчих зүйл. Хувийн эрх ашгаа хойш тавиад хийчих л дээ.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу DNN.mn

МАН найман жилийн туршид үнэмлэхүй олноор эрх барилаа. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар “Дөрвөн жил болоод л төр барьж буй нам солигдчихоор хариуцлага тооцох бололцоогүй болгож байна” гэсэн суртал ухуулгыг хүчтэй хийсний үр дүнд ард түмний сонголтыг дахин авч чадсан. Нэг ёсондоо одоо иргэд, сонгогчид хариуцлага тооцох эзэнтэй болсон гэсэн үг. Тус намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Үндэсний аудитын газраас 73 хувийн биелэлттэй хэмээн дүгнэсэн гэдэг зүйлийг тойрогтоо ажиллаж байгаа гишүүд нь яриад эхэлсэн байна лээ. Гэвч улс төрийн намын хувьд өөрийн хүнээ даргаар нь тавьсан аудитын газрын дүгнэлтээс гадна ард түмний тавих дүн гэж нэг айхтар зүйл бий. Тийм ч болохоор энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа шалгалтыг хэдхэн хоногийн дараа ард түмэндээ өгнө. Тэд ч тохирох үнэлгээг нь өгөх нь гарцаагүй. УИХ-ы н 2 0 2 0 оны ээлжит сонгуульд МАН дэвшүүлсэн 702 зорилтынхоо хэдэд нь хүрсэн, хэдийг нь хийсэн гэдгийг сонгогчид л сайн мэдэж байгаа.

Нэг үеэ бодвол иргэдийн санах ой сайжирч, аливаа зүйлийг эргэцүүлэн тунгааж, хувь хувьдаа дүгнэлт гаргадаг болсон. Улам л хэрсүү болж, мэдлэг боловсролтой залуу сонгогчид хүч түрэн гарч ирсээр байгаа. Тийм ч болохоор эрх баригч нам сонгогчдынхоо ханыг гаргах зорилгоор өнгөрсөн хугацаанд гурван ч удаа том хэмжээний судалгаа явуулсан гэх юм билээ. Энэ судалгаан дээрээ үндэслэн  сонгуулийн тойргоо бүсчлэн томсгосон байж ч мэднэ. Учир нь нэг аймагтаа улиг болтлоо нэр дэвшиж сонгогдсон нөхөд дахин гарч ирэх бололцоогоор хомс болчихоод байсан учраас зэргэлдээ аймгуудын сонгогчдоор зөрүүг нь нөхнө гэж тооцоолсон байж болохыг ч улс төр судлаачид бас хэлээд байгаа юм.

Цар тахалтай амаргүй жилүүд байсан гэдгийг сүүлийн хэдэн жил улиг болтол давтсан эрх  баригчид ойрын үед маш их ажилтай, ажилсаг хүмүүс болж хувирлаа. Цас зуданд нэрвэгдсэн малчдаа энэрч, малгүй болсон иргэдэд нэг удаад таван жилийн хугацаатай найман сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор болов. “Шинэ хоршоо” хөтөлбөрийг  санаачилж, арилжааны банкуудаар дамжуулан 50 хүртэлх сая төгрөгийн зээл өгч, нийслэлийн иргэдээ өдөр бүр шинэ мах, сүүгээр хангана гэв. Ингэснээр малчид маань өрхийн орлогоо нэмэгдүүлж, дутагдах гачигдах зүйлгүй болохоор болов. Сүүлийн хэдэн жил огт хөдлөөгүй ипотекийн зээлийг явуулж, 10 мянган иргэнд орон сууцны зээл олгохоор шийдэв.

Бүр сарын дундаж орлого нь хоёр сая төгрөгөөс бага иргэдэд энэхүү ипотекийг түлхүү олгоно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь мэдэгдэв. Тэгвэл нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгон хувааж, тулгамдаад байгаа түгжрэл, утаа зэрэг хотын асуудлуудыг бүрэн шийдвэрлэх хуулийн төсөл санаачилж, яаралтай горимоор УИХ руу зүтгүүлэв.

Өдгөө Их хурлын гишүүд нь даргынхаа захирамжийн дагуу энэ хуулийг тойрогтоо суртчилан таниулах өдөрлөгүүдийг хийж яваа. . Тэдэн дунд татвар төлөгчдийн мөнгөөр барьж байгуулсан сургууль , цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьчихсан аятай аяглаж яваа нь ч байна. Үүгээр үл барам Сүхбаатарын талбайгаас Хөшигийн хөндийн нисэх буудал руу шууд хүрэх гүүрэн замыг барьж байгуулна хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн амлалаа. Нэг ёсондоо улсын маань хөгжил ирэх сараас өмнө цэнгэлийн манлайдаа бүрэн хүрч, “Аз жаргалтай” 14 хотын иргэд амар жимэр амьдрах бололтой.

Гэтэл нөгөө иргэд чинь өөрсдийг нь амар амгалан амьдруулах гээд шар махтайгаа хатаж яваа нөхдөд итгэхгүйгээр үл барам “Найман жил хийгээгүй ажлаа найм хоногт амжих уу” хэмээн амыг нь асууж, тавлаж байна. Нэг ёсондоо хуучны сайхан цаг шиг хулхин дээр нь өнгө, өнгийн цэцэг ургуулж, хэд гурван төгрөг өгөөд саналыг нь авчихдаг байдал өөрчлөгджээ. Тиймээс л олон нийт амыг нь асуугаад байгаа хэрэг. Дээрээс нь манайд ирж өгдөггүй “Цаг нь болохоор”, тохиож өгдөггүй “Шаардлагатай бол” гэсэн үг их дэлгэрснээр ард түмэн итгэхээ больчихсон гэсэн үг.

Нээрээ ч үнэхээр малчдаа бодох байсан юм бол тэр цаг нь яагаад дөрвөн жилийн өмнө байж болсонгүй вэ. Утаагүй түлшиндээ угаартан суугаа гэр хорооллынхноо орон сууцанд оруулах байсан юм бол ипотекийн зээлээ аль гурван жилийн өмнөөс тасралтгүй хэрэгжүүлээд яваад байж болох л байсан.

Их хурлын гишүүний зөөлөн суудлаас гулсан уруудаж их хотыг удирдсан эрхмүүд хэдэн жилийн өмнөөс л хэл амгүйхэн шиг метрогоо бариад, түгжрэлээ шийдээд явахад яг юу нь болохгүй байв аа. Хэрэв тэгсэн бол улс даяараа хэдэн саяар нь малаа үхүүлж байхын оронд малчид нь хамгийн баян хүмүүс болох байлаа. Орон сууцанд хэвийн хамруулаад байсан бол хайртай дотны хүмүүсээ угаартуулан, гэр байшингаа шатаан барин уулын мухарт амьдрахыг хэн ч хүсэхгүй. Ингээд асуухаар өнөөх л цар тахал, дайн байлдаанаа улстөрчид ярьдаг. Гэтэл хэлж ирдэггүй өвчин ганцхан манайхыг дайраагүй. Дэлхийн бүхий л улсыг хамарсан. Тийм байтал бусад улс орнууд хүн ардынхаа төлөө хийж хэрэгжүүлэх ёстой ажлуудаа хийгээд л, хөгжиж дэвжээд байдаг. Харин манайх болохоор хий хоосон амлалт хөврүүлж, бахь байдгаараа байсаар байна. Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа албан бусаар он гарангуут эхэлсэн. Цас зудын байдал нэг талдаа өнөөгийн УИХ-ын болон Засгийн газрын гишүүдэд сайхан далим болсон. Боодол өвч, уут будаа тэврээд орон нутгаар мөн ч их хэссэн. Ингэж явахдаа мэдээж өөрийгөө рекламдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахаа тэд мартаагүй. Ирэх долоо хоногоос нам, эвслийн нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроод эхэлнэ. Ингээд сар гаруйхан хугацааны дараа сонгууль болно. Ийм цаг үед бүтэх, бүтэхгүй нь мэдэгдэхгүй баахан ажил эхлүүлж, хийж бүтээж байгаа дүр эсгээд байгаа болохоор л ард түмэн сонгууль гэж хараад итгэхгүй байгаа юм. Тэгээд эцэс сүүлд нь “Яг хийх гэж байсан чинь сонгууль болчихсон” гэдэг үгээ тоть шиг давтсаар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно гэдгийг чинь ард түмэн мэдээд байна. Тийм болохоор ингэж амыг нь асуугаад байгаа хэрэг л дээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам ирэх сонгуулиар ялна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.  Тэрбээр “МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна” хэмээн ярилаа. Энэ тухай VII нүүрээс уншаарай.

“Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Шарк” О.Тэнүүн “Залуусаар хүчээр ахмадуудаа үзэн ядуулдаг хандлага нийгэмд бий болчихлоо. Өмнөх үеэ харааж ерөөх биш, харин ч суралцаж хамтдаа урагш явах ёстой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Бүх татварыг 10 хувь болгож, Ерөнхий сайдынхаа нэрийг зарласан нам ирэх сонгуулиар ялна” хэмээн өгүүллээ.

Шинагава дүүргийн захирагч Морисава Кёоко “Монголын гарааны бизнес, мэдээлэл технологийн салбартай хамтарч ажиллах хоёр улсын IT консерциум байгуулна”гэлээ.

Ардчилсан намын Залуучуудын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Б.Батзаяатай ярилцлаа. Тэрбээр “Шинэ үе оролцож эхлэхэд бүх зүйл өөрчлөгдөнө” гэв.

Арын нүүр: Монголын тухай юу гэж ярьдаг вэ?

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тус хүргэх нь авч байгаа хүнээсээ ч илүү жаргалыг мэдэрдэг DNN.mn

Хаалганы хонх байн байн, дуугарч “Хүн байна уу” гэх эрэгтэй хүний хоолой гэртээ үлдсэн хоёр хүүхдийг айлгаж орхив. Дурангаараа хартал уранхай ноорхой хувцастай, хог түүдэг байрын, шуудай үүрсэн хүн зогсож байсан болохоор тэр биз. Хаалга тогшиж байсан өнөөх хүн хэсэг хугацааны дараа ашгүй нэг юм яваад өгөв. Гэтэл маргааш орой дахиад хаалга аяархан тогших чимээ сонсогдлоо. Хүү харайж очоод дурандвал нөгөө ноорхой хувцастай хүн дүрээрээ зогсож байв. Энэ үед хүү том өрүү рүүгээ гүйж “Дүү бид хоёрыг айлгадаг хүн хаалганы цаана байна” гэж тэвдэн аавыгаа чирсээр үүдэнд ирлээ. Гэрийн эзэн хаалгаа нээж “Танд юу хэрэгтэй вэ” гэтэл урилгагүй зочин ширэнгэн ойд олон хоног төөрчихөөд найдвар тасардгийн даваан дээр хүний бараа харсан юм шиг л баярлаж байгаа нь нүдний харц, царайны хувирлаас нь илт. “Ашгүй чи мөн байна. Би танайд хэд хэдэн удаа ирсэн. Хаалгаа нээхгүй болохоор нь нүүчихсэн юм болов уу гээд хаа гэж хайхаа мэдэхгүй санаа зовж байлаа” гэсээр нэлээд хуучирч элэгдсэн хар өнгийн хэтэвч сарвайв. Долоо хоногийн өмнө автобусанд явж байгаад хулгайд алдсан хэтэвчийг нь үл таних нэгэн аваад ирэхийг хэн мэдлээ. Мэдээж урт гартан доторх мөнгийг нь аваад бичиг баримттай хэтэвчийг хогийн сав руу шидчихсэн байж. Энэ хэтэвч гэрийн эзний хувьд асар үнэ цэнтэй эд байжээ. Ааваас нь үлдсэн болохоор алдсандаа хэдэн өдөр харамсаж явжээ. Гэтэл иргэний үнэмлэх дээрх хаягаар нь сайхан сэтгэлт нэгэн хогийн савнаас олж авчраад гарт нь атгуулчихав.

Өөрт байгаа боломжоороо бусдыг баярлуулах нь хэчнээн сайхан билээ дээ. Ер нь тус хүргэж чаддаггүй хүн гэж хаана ч байхгүй. Баярлаж байгаа хүний сэтгэл хөдлөл тус хүргэж буй танд үгээр хэлэмгүй тийм сайхан аз жаргалыг бэлэглэдэг юм шүү.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв DNN.mn

Ноолуурын ханш унаж байгаа талаар малчид ярьж эхэллээ. Энэ нь ноолуурын худалдаанд нийтээр нь НӨАТ оногдуулдаг болсонтой холбоотой гэдэг мэдээлэл ч гараад байна. Хэрэв энэ нь үнэн бол гамшгийн хэмжээнд зудын дараа малчдын хувьд ноолуурын ханш унана гэдэг шууд тухайн айл өрх тэг заана гэсэн үг. Бараг зарим нь өнгөрсөн өвлийн зуданд хотоо харлуулаад самнах таван ямаагүй болсон нь ч бий. Энэ асуудлыг тодруулахаар сурвалжиллаа.

Өнгөрсөн сард ноолуур гарч эхлэх үеэр баруун  аймагт кг тутам нь 150-165 мянгатай, зүүн аймгуудад 140 орчим мянгатай байсан юм. Тэгвэл өчигдөр баруун аймгуудад кг тутам нь 130-140 мянгатай, зүүн буюу Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгуудад дунджаар 120 мянга бол Улаанбаатарт аль аймгаас ирснээс шалтгаалж  130-140 мянган төгрөгөөр авахаар ченжүүд ярьж байлаа.

Малчин Г.Дамдин: Зуданд малаа алдсан малчдад ноолуурын ханш унах нь бүр хүнд байна. Сүхбаатар, Дорноговь аймгийн хүндрэлийг бодвол Дундговь аймаг малын хорогдол багатай өнгөрсөн өвлийг давсан. Өнгөрсөн сарын мэдээгээр 270 орчим мянган мал хорогдсоныг мэдээлж байсан. Нийт нутгийн дүнгээр малын хорогдол бага дүнтэй ч малчдын хувьд харилцан адилгүй байгаа юм. Тэдний нэг бол Сайнцагаан сумын малчин Г.Дамдин юм. Түүнтэй ноолуурын үнэ ханшийн талаар цөөн хором ярилцлаа.

– Танай нутгаар ноолуурын үнэ ханш ямар байна вэ?

-Өнгөрсөн сарын дундуур кг ноолуур 135 мянга гэж байсан юм. Өчигдөр манай багийн хүн ноолуур тушаасан. Нэг кг-ыг нь 120 мянгаар аймгаас хүмүүс ирж авсан гэнэ лээ. Үнэ энэ хавьцаа гэж ойлгоход болно.

-Хэдхэн хоногийн дотор үнэ унаж байгаа шалтгаан юу юм бол?

-Олон талын юм нөлөөлж байгаа байлгүй. Гэхдээ ноолуур гэдэг малчид бидний хувьд орлогын хамгийн том эх үүсвэр. Хаварт л бид ноолуураар бүтэн жилийнхээ өр зээлийг багасгаж, хоол хүнс, намрын өвс тэжээлдээ цаашаа хэдэн төгрөг дүрдэг хүмүүс. Энэ жилийн хувьд маш хүнд өвөл боллоо. Малаа зуу зуугаар нь алдчихсан малчдад ноолуурын үр шим хүртэх төдий байгаа даа. Гэтэл дээрээс нь ханш унаад байдаг. Ханш унаж байгаа хэд хэдэн шалтгаантай байх.

-Танайх өвлийн зудыг ямаршуу давав?

– Хотоо харлуулсан айлуудыг бодоход эрхбиш цөөн хэдэн малтайгаа үлдсэн. Сайнцагаан сумаар тогтохгүй аймгийн хэмжээнд өвөлжилт маш хүнд болсон. Манайх 400 орчим богтой, 30 гаруй үхэртэй өвлийг угтсан. Намар өвс тэжээлээ боломжийн хэрээр бэлдсэн ч өвлийн эхний саруудад л хамаг байдгаа дуусчихсан. Бараг 200 орчим бог малаа зуданд алдлаа. Бод малын хувьд арай ч тал хувийг нь алдчихсангүй авч үлдэж чадсан. 80 гаруй ямаатай үлдсэн. Дөрөвдүгээр сарын сүүлчээр самнаад ноолуураа тушаачихсан, ах нь.

-Ноолуурын ханш унаад байгааг малчид юу гэж байх юм бэ. НӨАТ авдаг болсонтой холбоотой гэв үү. Уг нь малчдыг НӨАТаас чөлөөлсөн шүү дээ?

-Яахав, төр засгаас эрвийх дэрвийхээрээ дэмжиж л байна. Татвар чөлөөлөгдсөн. Тэгэхээр малчид бид НӨАТ шивэх барих ажил чирэгдэлгүй хаврыг авсан. Гэхдээ ноолуур авч байгаа ченжүүд энэ тухай нэлээд ярьж байгаа гэнэ лээ. Дээр нь энэ жилийн ноолуурын гарц, чанар муу байгаатай холбоотой гэж ч дуулдсан хэмээв. Ноолуурын ченж: НӨАТ ноолуурын үнэд нөлөөлж байгаа Өмнөговь аймгийн ченж бүсгүйтэй холбогдож, ноолуурын үнэ ханш буугаад байгаа шалтгааны талаар тодрууллаа. Тэрээр ийн ярив. “Хар, улаан ямааны ноолуур кг нь 137 мянган төгрөгөөр авч байна. Цагаан ямааны ялгасан ноолуур 147 мянгатай байгаа. Ялгаагүй бол 137 мянгаар авна. Ноолуурын чанар муудсан учраас ханш унаад байна. Дээр нь НӨАТ мэдээж нөлөөлж байгаа. Бид авсан ноолуураа үйлдвэрт тушаахдаа НӨАТ төлдөг. Үйлдвэрүүд биднийг заавал НӨАТ шив гэдэг. Тэгж байж мөнгө шилждэг. Хоршоо руугаа шивүүлнэ. Хоршоод малчид руугаа шивүүлнэ. Энэ хооронд 1.5 хувийн зарлага гардаг. Зөрүүгээ бодохоор ханшид нөлөөлж таардаг. Сүүлийн үед хятад үйлдвэрүүд ч ялгаагүй НӨАТ шивэхийг шаарддаг болсон юм билээ” гэв. Ноолуурын зах зээлийн ханшийн мэдээлэл Хөдөө аж ахуйн биржийн цахим хуудаст мэдээлэгддэг юм байна. Боловсруулаагүй цайвар ноолуур кг нь 200 мянга, боловсруулаагүй цагаан ноолуур кг нь 250 мянга гэж байна. Харин боловсруулаагүй бараан буюу малчдын самнасан ноолуур кг нь 120 мянгаар арилжаалагдаж байна гэж мэдээлжээ. Хөдөө аж ахуйн бирж: Ченжүүд НӨАТ төлөгч болсноор үнэд нөлөөлөх гэж оролдож байгаа болов уу Тэгвэл ноолуурын үнэ ханш, түүнийг буурахад нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар Хөдөө аж ахуйн биржийн ажилтнаас тодрууллаа.

-Ноолуурын ханш анх гарч байсан цагаасаа Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв бодвол нэлээд буурчихсан байна. Зуднаар малаа алдсан малчдын хувьд энэ нь нэлээд муу мэдээ юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ноолуурын үнэ ханш өнгөрсөн жилийг бодоход дунджаар 10-20 мянган төгрөгөөр илүү үнээр зарагдаж байгаа. Энэ жил баруун аймгуудад кг тутам нь 165 мянга, зүүн аймгуудад 185 мянгаар гарсан шүү дээ. Өнгөрсөн жил зүүн аймагт 160 мянгаар гарсан. Баруун болон төвийн аймгуудад бүр 90 мянга руу ч ороод 110 мянга дээр тогтсон. Одоо бол дундаж үнэ кг нь 120 мянгатай байна. Сайн чанартай нь 130-140 мянга гэж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд харьцангуй үнэ боломжийн байгаа гэж харж байна. Учир нь сая зуднаар нийт нутгаар ямааны 20 орчим хувь хорогдсон. Тэгэхээр нийлүүлэлтийн хэмжээ тодорхой хувиар багассан гэсэн үг. Олон улсын зах зээлийн хувьд ч ноолуурын үнэ тогтвортой байна.

-Гэхдээ бодит байдал дээр НӨАТ-аас шалтгаалж ноолуурын үнэ ханш буурч байгаа гэдэг мэдээлэл байна. Энэ ямар учиртай юм бэ?

– НӨАТ -ын хувьд дотоодын худалдан авагчид бүх төрлийн татвар төлж байгаа. Малчнаас аваад экспортлох бүх шатанд гэсэн үг. Харин хятад ченжүүд НӨАТ төлөхгүй байна гэдэг асуудал яригдаж ирсэн. Та бүхэн ч мэдэх байх. Тиймээс татварын шударга, тэгш системийг бүрдүүлэх үүднээс татварын байгууллагаас гадны хөрөнгө оруулалттай компаниудад шалгалтууд орсон. Дотоод, гадаад аль ч компани үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль дүрмийг мөрдөх учиртай. Нэг ёсондоо ченжүүд татвар төлөх асуудал яригдаж эхэлсэн. Хуучин бол тэд ямар ч татвар шимтгэл төлдөггүй байсан шүү дээ. Ингээд НӨАТ төлөх тухай яригдаад эхлэхээр ханшийн тухай хөндөгдөж байгаа болов уу. Гэхдээ гадаад зах зээл тогтвортой байгаа болохоор ханшид нөлөөлөхгүй . Малчдын хувьд бол НӨАТаас чөлөөлөгдсөн учраас айх зүйлгүй гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ц.Одгэрэл: Цусны өвчний тохиолдлын 66 хувь удамшихгүй байх боломжтой DNN.mn

 “Гемофилийн дэлхийн өдөр 2024” өдөрлөг болж өнгөрлөө. Монгол Улсад 2022 оны байдлаар 172 цус гоожилттой эмгэг бүртгэгдсэнээс гемофили А-93, В-33, фон виллебрандын эмгэг 18, хэлбэр тогтоогдоогүй төрөлхийн цус гоожимтгой байдал 28 бүртгэгдсэн байна.Тэдгээр тохиолдлын 53 хувийг 0-13 насны хүүхдүүд эзэлдгээс 75 хувь нь хүнд, маш хүнд хэлбэрийн гемофилитэй байдаг аж. Гемофили нь цусан дахь цус бүлэгнүүлэгч факторын идэвх багассанаас үүсдэг цус гоожимтгой эмгэг юм. Энэ талаар АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Цус судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол-Японы эмнэлгийн цус, генийн төвийн эрхлэгч Ц.Одгэрэлтэй ярилцлаа.


-Гемофили генийн эмчилгээний төвд хэчнээн хүн хяналтад байна вэ?

-Одоогоос жилийн өмнө сургууль, эмнэлгийн удирдлагуудын дэмжлэгтэй “Гемофили генийн эмчилгээний төв”-ийн үйл ажиллагаа эхэлсэн. Гемофилитэй 41 хүнийг одоогоор хяналтад аваад байна. Тэдний 63 хувь нь хүүхэд байна. Монгол Улсад цусны өвчний ховор тохиолддог эмгэгийн долоон тохиолдол бүртгэгдээд байна.

-Энэхүү төв байгуулагдахаас өмнө цусны өвчлөлтэй хүмүүс эмчилгээ хаанаас авах боломжтой байсан бэ?

-Цусны хавдар, цус гоожих эмгэгүүд нь ховор эмгэг юм. Тэр тусмаа төрөлхийн шалтгаантай цус гоожих эмгэгүүд дандаа ховор эмгэгтэй тооцогддог. Ихэнх улсын дунджаар 10000 тутамд нэг тохиолдож байвал ховор. Гемофили А гэхэд таван мянгад нэг, Гемофили Б гэхэд 30 мянгад нэг тохиолддог. Зарим цусны ховор эмгэгүүд нэг саяд нэг тохиолдох нь ч бий. Олон улсын жишгээр бол эдгээр цөөн тооны хүмүүсийг үл тоолгүйгээр тэдний амьдралын чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг яаж алга болгох тал дээр ажилладаг. Яаж эрүүл хүн шиг амьдруулах вэ гэдэг дээр анхаарал тавьдаг.Гемофили нь шууд үхэлд хүргэх өвчин биш. Хамгийн их дутагдаад байгаа фактороо нөхчихвөл яг эрүүл хүн шиг амьдрах боломжтой.Энэхүү өвчний шалтгаан нь гентэй холбоотой болохоор генийн эмчилгээний аргууд нь олон улсуудад нэвтрээд эхэлчихсэн. 2024 оныхоо төсөв дээр удирдлагуудын зүгээс тусгаж өгч цусны өвчний оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг худалдан авлаа. Гемофили бол цус гоожимтой эмгэгүүд дотроо хамгийн элбэг тохиолддог эмгэг юм.

-Цусны аливаа өвчин заавал удамшдаг уу?

-Хүмүүс төрөлхийн эмгэгүүд заавал удамшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Үгүй юм. Заавал удамших албагүй. Заавал удамшдаг гэдэг буруу ойлголтоос болоод төрөлхийн цусны өвчтэй хүүхэд төрвөл нэг нэгэн рүүгээ чихэх үйлдэг үүсч, үл ойлголцол гардаг. Цусны өвчний тохиолдлын 66 хувь удамшихгүй байх боломжтой. Зарим нь тусмал байдаг.

-1990 онд цусны өвчлөл одоогоос бага байсан уу. Сүүлийн жилүүдэд хүүхдүүд энэхүү өвчнөөр өвчлөх нь их байна уу?

-Цусны хавдрууд болон гоожих эмгэгүүдэд хийсэн олон улсын судалгаан дээрээс хэлэхэд, тохиолдол ихэсч буй зүйл ажиглагдахгүй байгаа. Ерөнхий зүй тогтлоороо таван мянгад нэг, 30 мянгад нэг гэх мэт тохиолдох нь ангиллаасаа хамаараад өөр өөр. Сүүлийн жилүүдэд тохиолдол ихсээд байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, илрүүлэлт сайжирсан. Хүмүүс эрүүл мэнддээ анхаардаг, эмнэлэгт хандах нь элбэг болсон. Өмнө нь илрүүлэлт бага байсан. Тэнд нэг хүн гэмтлийн улмаас цус алдаад үхчихсэн юм уу, хагалгаагаар цус нь тогтохгүй үхчихсэн үү гэдэг нь тэр бүр илрүүлэгддэггүй байжээ.Харин ардын эмч Ц.Цэрэннадмид, Б.Шарав нар Орос улсад цусны хавдрын чиглэлээр, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр суралцсан хүмүүс юм. 1990-ээд он хүртэл гемофилийн эмчилгээн дээр зөвхөн цус, цусан бүтээгдэхүүн ашиглаж байсан. Энэхүү аргаар эмчилгээ хийх үед цусаар дамждаг халдвар тархах асуудал гарч ирсэн. Дэлхий дээрх гемофилитэй хүмүүсийн 70 гаруй хувь нь элэгний В, С вирусийн халдвартай гэж үздэг.

-Генийн эмчилгээний тухай тодруулбал?

-Генийн эмчилгээний арга 1960 оноос хойш судлагдсаар, туршигдсаар ирсэн. Өвчтөнд дутагдаад байгаа генийг яаж биед нь оруулах юм, орсон нь яаж нөлөөлөх юм гээд олон шат дамжлагатай туршилтууд хийгддэг. Эс дээр, нэг эстэй амьтад дээр, сүүн тэжээлт амьтад дээр турших гэх мэт олон судалгаа туршилтын эцэст эрсдэлгүй болсон үед хүнд хийгдэж эхлэсэн.

-Гемофилитэй хүний эмчилгээнд хэр их зардал гардаг вэ?

-Хүүхдийн эрүүл мэндийн хувьд бол төрөөс бүрэн санхүүжүүлдэг. Цус бүлэгнүүлэх факторын нөхөлт үр дүнтэй учир үнэ өртгийн хувьд маш өндөр. Ямар жинтэй хүн, ямар тунгаар хэрэглэж байгаагаас хамаараад өвчтөний гаргаж байгаа зардал янз янз. Нэг хүний сарын эмчилгээний өртөг 28 сая орчим төгрөг байдаг.

-Энэхүү өвчний шинж тэмдэг нь яаж илэрдэг вэ?

-Өвчний хүнд хөнгөнөөс хамаарна. Хүнд бол тодорхой шалтгаангүйгээр цус гоождог. Хамар, амнаас цус гарах, арьсан дээр толбо үүсэх. Хөнгөн бол хагалгааны дараа, шүдээ авахуулсаны дараа мэдэгддэг.

-Танай дээр хандаж байгаа хүмүүс өвчний ямар шатан дээрээ хандаж байна вэ?

-Ихэвчлэн цусны эмгэгийн хүнд хэлбэртэй хүмүүс ханддаг. Хөнгөн хэлбэрүүд бол мэдэгдэхгүй болохоор шүдээ авхуулах юм уу, гоо сайханы хагалгааны дараа ханддаг. Тиймээс эрт илрүүлэлт маш чухал. Эрсдэлийг нь мэддэг байх хэрэгтэй. Тэгж байж хагалгаанд орохдоо цус гоожимтгой гэдгээ мэдэж байх ёстой юм.

-Эмчилгээний сөрөг нөлөөллүүд гарч байна уу?

-Цус бүлэгнүүлэх фактор нөхөлтөө хийгээд эхэлсэн бол ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Харшил өгдөг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст тохирсон арга хэмжээг нь аваад явдаг.

-Эмчилгээний үр дүнг хэрхэн тодорхойлж байна?

-Эмчилгээний үр дүнг хэрхэн хянах вэ гэхээр цус бүлэгнүүлэх факторын түвшин хэрхэн нэмэгдсэнээр хянана. Факторын түвшинг хянах шинжилгээ нь тогтмол хийгдэхгүйгээс болоод ямар түвшинд байгаагаа мэдэхгүй хүмүүс бий. Ямар түвшинд байгааг нь мэдсэнээрээ бид эмчилгээг хангалттай юу, дахин хийх үү гэдгээ шийддэг.

-Цус, цусан бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай байна уу?

-Манай эмнэлгийн хувьд тасалдсан зүйл байхгүй.

-Олон улсад ашиглаг-даж байгаа эм, эмийн бүтээгдэхүүнээр хангагдаж чадаж байна уу?

-Манай захиалга найм, есдүгээр факторыг олон улсад нийлүүлдэг файзераас хийгддэг учир стандартын чанартай эмээр хангагдаж байгаа.

Н.НАРВАНЧИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөвсгөл далайн хавар DNN.mn

Хүн гэдэг амьтан ээжтэйгээ хүйн холбоотой байдаг бол төрж, өссөн нутагтайгаа сэтгэлээрээ холбоотой байдаг бололтой. Орог саарал ертөнцийн ончирсон их хуйлраан дундаас онож төрсөн нутаг, ус гэдэг сэтгэлд уяатай, бодолд өнжөөстэй л байх юм. Бодож, санахгүй өдрүүд байхгүй ч гэсэн хаврын ийм л цагт хачин их бодогдоно. Бодох тусам сэтгэл нялхарна. Хүүхэд насны гэгэлгэн дурсамжууд нүдний өмнүүр жирэлзэж, гүйгүүл адуу шиг нутгаа зорьмоор санагдана. Яваад очвол ямархан байдал угтахыг төсөөлнө.

Хатан далай ижий хэмээн өргөмжлөн дээдэлсэн Хөвсгөл нуур минь өдийд сэрж ядан үнэгчлэх нялх хүүхэд шиг л байгаа даа. Хэзээ мөдгүй цөнгөө түрж, их усан эргээ тэврэн давлагаалах гээд л… Хаа холоос зорин ирсэн усны шувууд ганганалдан, бяцхан суурингийн маань дотуур байрны хүүхдүүд хаврын нарыг нүдээ онийлгон ширтэж суугаа. Зэрэглээн дундаас хөтөлгөө морьтой аав нь ирж яваа юм шиг харагдахад улаан хацартай жаал огло харайн боссоноо урамгүйхэн буцан эргэж байгаа.

Хэдхэн жилийн дараа энэ л хүүхдүүд жигүүр дэлгэн нисэж, орон нутгаа орхино. Гэвч урин дуудах их ус, уул нутгаа усны шувууд шиг санагалзаж, урт холын аяны жолоогоо эвхэж нутагтаа очих болно.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

П.Сайнзориг: Хотын зургаан дүүргийн оронд 14 хот байгуулна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.


-Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн гол зохицуулалт, ач холбогдол нь юу вэ?

-Өмнөх хууль маань 1993 онд батлагдсан. Түүнээс хойш нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн. Мөн 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн дараа Монгол Улс засаг захиргааны шинэчлэлийг хийхдээ байсан хотуудаа татан буулгаад засаг захиргааны нэгж буюу хотуудыг сум болгочихсон. Үүн дээр зарим судлаач, орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Улаанбаатар хотын хувьд 1992 оноос хойш хүн ам нь гурав дахин өссөн. Тухайн үедээ 575 мянган хүнтэй байсан бол өнөөдөр 1.7 сая хүн бүртгэлтэй. Ирж, буцдагтайгаа нийлэхээр хоёр сая хүн амтай болсон. Суурьшлын бүс ч зургаа дахин тэлсэн. Үүнийгээ дагаж үүссэн маш олон асуудал байгаа. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд дагуул болон бүс нутгийн хөгжлийг дэмжихээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар руу соронз мэт татаж байгаа энэ урсгал, эрх мэдэл, төвлөрөл, эдийн засгийг задлахын тулд Хот, тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан.

-Дүүргүүдийг хот болгоно гэсэн. Ингэхээр нийслэл гэдэг утга маань алдагдах юм биш үү?

-Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа засаг захиргааны нэгж буюу дүүрэг дээр хот байгуулж болох эрх зүйн орчин бүрдсэн. Байгуулсан тэр хот дээрээ төрийн захиргааны чиг үүргээ шилжүүлэх боломжтой болсон. Тиймээс хотын зургаан дүүрэг дээр 14 хотыг байгуулъя гэж байгаа юм. Зургаан дүүргийн чиг үүрэг энэ 14 хот руу шилжинэ. Ямар нэгэн чиг үүргийн давхцал цаашдаа үүсэхгүй. Хотын зөвлөл, захирагч нь л шилжүүлж авсан эрх мэдлээ хэрэгжүүлээд явна. Өнөөдөр хороон дээр үйлчилгээ үзүүлэхэд хүртээмж муу байдаг. Учир нь хороодод төсөв, эрх мэдэл байхгүй. Тийм болохоор хотын 204 хороо, есөн дүүрэг гэсэн 213 нэгжийг 14 хот, 42 хороонд хуваана. Ингэснээр 2013 даргыг 56 захирагч болгож байгаа юм. Засаг дарга гэдэг төрийн төлөөлөл талдаа илүү ажилладаг. Улс төрөөс тодорхой хэмжээнд хараат байдаг. Харин захирагч бол иргэдээс сонгогддог. Буцаад иргэд хариуцлага тооцох боломжийг энэ хуулиар олгож байгаа нь хамгийн том дэвшил гэж хэлж болно. Хотын эдийн засгийн байдал, хот өөрөө нийтийн аж ахуйгаа төлөвлөөд авч явах асуудал энэ хуулийн хүрээнд шийдэгдэж байгаа. Өнөөдөр яг албан ёсны хот гэвэл ганцхан Улаанбаатар л байгаа. Дархан, Эрдэнэт бол сумын статустай явдаг. Тийм болохоор органикаараа бий болчихсон энэ хоёр хотыг улсын зэрэглэлтэй хот болгоно. Мөн Багануур, Багахангай, шинэ Хархорин, Төв аймгийн Зуунмод сумыг улсын зэрэглэлтэй хот болгож байгаа. Аймгийн төвүүд бол орон нутгийн зэрэглэлтэй хот болно. Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Ховд аймгийн Булган, Сэлэнгэ аймгийн Хөтөл, Мандал зэрэг томоохон сумдыг хот болгон хөгжүүлнэ.

-Дүүргүүдийг бие даасан хот болгочихоор эдийн засгийн чадамж нь хэр байх юм бэ. Өөрийгөө санхүүжүүлээд авч явж чадах юм уу. Яаж орлого олох юм. Эдийн засгийн тооцооллыг нь хэр хийсэн бэ?

-Ихэнх дүүргүүд одоо ч татаас аваад л явж байгаа. Харин хот болсны дараа хотууд маань хоорондоо эрүүлээр өрсөлдөнө. Татвар төлөгчдийг бий болгох, үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх ажил хийнэ. Эхний ээлжинд нийслэл хотуудын эдийн засгийг тодорхой хэмжээгээр зохицуулаад явна. Жишээ болгож Сэлбэ хотыг дурдаж болно. Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн тодорхой хороодын нутаг дэвсгэрийг хамарсан хот болж хөгжинө. Сэлбэ хот дээр олон улсын бонд босгож, гэр хорооллыг орон сууцжуулж, “20 минутын хот” гэсэн концепциор хөгжүүлэх гэж байна. Засгийн газрын тэргүүн ч энэ концепцийг дэвшүүлээд байгаа. Энэ нь цаанаа бодит замын хөдөлгөөний түгжрэлээс гадна эрх мэдлийн түгжрэлийг задалъя. Иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулъя. Хүний анхдагч хэрэгцээ орчин тойрондоо байх ёстой гэсэн үндсэн санааг дэвшүүлж байгаа юм. Тэгэхгүй бол Улаанбаатар хотын түгжрэлийн гол зүйл чинь ойр орчимд нь сургууль, цэцэрлэг, соёлын үйлчилгээ байхгүй. Үүнийг авах гэсэн иргэдийн зорчилт хөдөлгөөнөөс үүдэн түгжрэл үүсч байгаа. Харин үүнийг орчиндоо авдаг байх юм бол заавал хотын төв рүү орж ирээд байх шаардлагагүй л гэсэн үг.

-“20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэхэд сургууль, цэцэрлэгээс гадна ямар ажлуудыг хийх вэ?

-Хамгийн түрүүнд гэрийн ойр орчимд эмийн сан, ногоон байгууламж байх ёстой. Манайхан амралтын өдрөөр үр хүүхдүүдээ агаарт гаргадаг болсон. Харин ногоон байгууламж нь гэрээс нь 10-15 минутын зайд л байх юм бол хүмүүсийн амьдралд маш их хэмнэлт бий болно. Цаг хугацаа, эдийн засгийг хэмнэнэ. Нэмээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын үйлчилгээ, худалдаа, ажлын байрыг нь 15-20 минутын зайд бүрдүүлээд өгчихвөл иргэдээ илүү зардал гаргахгүйгээр амьдрах боломжийг бий болгоно. Үүнийгээ дагаад амьдралын хэв маяг өөрчлөгдөж, сэтгэл ханамж дээшилнэ.

-Орон нутгийн болон дагуул хотуудыг бий болгохдоо “Бүсчилсэн хөгжил”-тэй хэр уялдуулсан бэ?

-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэмжих хүрээнд томоохон аймгийн төвүүдийг улсын зэрэглэлтэй болгох эсэхийг дараагийн ээлжинд судалж шийдэхээр болсон. Үүний өмнө ямар ч байсан орон нутгийн зэрэглэлтэй хот болгоё. Цаашдаа хүн амын төвлөрөл, эдийн засгийн байдал, өөрийгөө аваад явах чадвар зэргийг нь харгалзаад зэрэглэл ахиулж болно. Ямар ч байсан Дархан, Эрдэнэт улсын зэрэглэлтэй хот болно. Дархан-Уул гэсэн аймгийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд Дархан хот болно. Аймгийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг хот руугаа шилжээд, Шарын гол дагуул хот, Хонгор болон хоёр жижиг сум нь хотын хороо болоод хөгжих бололцоотой. Тэгэхээр сумын статусаас доошлохгүй. Ингэвэл хотын иргэд захирагчаа сонгох, хот эдийн засгийн боломжийг эрүүлээр хайх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, сэтгэлгээний өөрчлөлт гарна. Одоо чинь хот, хөдөөгийн ялгаа их гаргаж, нэгэндээ нэр, хоч өгөх, ялгаварлан гадуурхах явдал байдаг. Тэгэхээр нэг хотод төвлөрч амьдрах бус нэлээд хэдэн хотод тархан суурьших бололцоог бүрдүүлээд ирэхээр дээрх явдал яваандаа байхгүй болно гэж харж байгаа.

-Энэ хуульд нийслэлийн Засаг дарга, Захирагч хоёрыг салгах асуудал хөндөгдсөн үү?

-Үндсэндээ одоо салж байна л даа. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэдээ төлөөлж чадах хүнийг захирагчаар сонгодог байдал руу орж байна гэсэн үг. Хотоо удирдах эрх мэдлийг иргэдэд өгч байгаа юм.

-Засаг дарга, Захирагчийг нь УИХ-ын гишүүн хавсран гүйцэтгэж болох зэрэг зохицуулалт орсон уу?

-Ийм боломж байхгүй. Ардчилсан, нээлттэй сонгуулиар иргэдээсээ санал авснаар сонгогдоно. Мөн Хотын зөвлөлийн гишүүд сонгогдоно. Тэд нь хотын захирагчдаа хяналтаа тавьж, төсвийг нь батлаад явна. Энэ нь цаашдаа улс төрийн түвшинд маш том соёлыг бий болгоно. Орон нутгийнхаа асуудалд оролцох иргэдийн идэвхийг ч нэмэгдүүлнэ.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хуулиа батлуулж амжихаар байгаа юу. Батлагдсан тохиолдолд хэзээнээс дагаж мөрдөх вэ?

-Ажлын хэсгийн зүгээс ямар ч байсан ажиллаж байна. Хуулиа батлуулах хүсэл зориг, эрмэлзэл байгаа. Гэхдээ энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хууль батлагдсан тохиолдолд хэзээнээс дагаж, мөрдүүлэх вэ гэдгийг УИХ шийднэ. Харин хууль санаачлагчийн зүгээс буюу Засгийн газраас ирэх оны зургадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж хэрэгжүүлье. Энэ хугацаанд шилжилтийн ажлуудаа хийгээд явах боломжтой гэж үзээд хуулийн төслийг өргөн барьсан.

-Өргөн барьснаар нь баталсан тохиолдолд энэ намар болох орон нутгийн сонгуульд хамаарахгүй юм байна?

-Орон нутгийн сонгуулийн үр дүн магадгүй цаашдаа шилжилтийн байдлаараа хотын зөвлөл болж болно. Шилжилтийн үеийн нэг удаагийн зохицуулалтаар үүнийг шийдэх бололцоотой. Харин дараа, дараагийн сонгуулиар жигдрээд явах байх.

-Энэ хуульд өөр ямар чухал заалтууд орсон бэ?

-Улаанбаатар хот “дүү” хотуудтай болох гэж байна. Энэ нь хотын тоо олон болохдоо гол асуудал нь биш. Хот байгуулалтын тухай хууль орон нутагт үйлчлээд эхэлнэ. Орон нутаг Улаанбаатарын алдааг давтахгүйн тулд өнөөдрөөс дэд бүтэц, төлөвлөлтөө зөв хийнэ. “Дэд бүтцийн сан”-тай болж байгаа. Үүн дээрээ хуримтлал үүсгэж, эрчим хүч, дулаан, цэвэр, бохироо шийдээд явна. Ногоон хөгжлийг дэмжих чиглэлд мөн өөрчлөлт орно. Улаанбаатар хотын дөрвөн дагуул хотыг эхний ээлжинд байгуулна. Шинэ Зуунмод, Агро сити, Шарга морьт, Багахангай гэсэн дөрвөн дагуул хот байна. Багахангай хотын хувьд цэвэр тээвэр ложистикийн терминал төв, Барилгын материалын аж үйлдвэрийн парк болж хөгжинө. Агро сити хотыг СХД-ийн 21 дүгээр хороонд байгуулна. Дөрвөн улирлын хүлэмж, далайн бүтээгдэхүүний үржүүлэг, эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлж, Улаанбаатар хотыг найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг зорьж байна. Жилдээ бид 400 тэрбум төгрөгөөр урд хөршөөс нарийн ногоо худалдаж авдаг. Энэ мөнгө дотооддоо үлдэх боломжтой болно. Үүний цаана маш олон ажлын байр бий болох бололцоотой. Шарга морьт хотын хувьд байгаль орчин, аялал жуулчлалыг түшиглэсэн хот болгох төлөвлөгөө байгаа. Ингэж байж хэт төвлөрлөөс үүссэн нөхцөл байдал арилна.

-Шинэ Зуунмод хотын хувьд?

-Өөрийн бие даасан хуультай байна. Төв аймагтай интеграцид орж хөгжих эхлэл байх болов уу гэж бодож байна. Энэ хот маань цэвэр эдийн засаг, санхүү, аялал жуулчлал, шинжлэх ухаан, судалгааны төв болох, орчин үеийн шинэ бизнесүүд төлөвлөх бололцоог олгож өгч байгаа. Орж ирсэн татварын болон татварын бус орлогын 20 хувийг Төв аймаг, 80 хувийг Шинэ Зуунмод хот өөрөө авах концепциор хөгжүүлэхээр төлөвлөж байна.

-Улаанбаатар хотын төвлөрлийн нэг том шалтгаан нь дулааны шугам сүлжээ байдаг. Тэгэхээр шинэ хотууд маань өөрсдийн дулаан хангамжийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ?

-Ер нь бол инженерингийн дэд бүтцийн асуудал хомсдолтой, хоцрогдолтой байгаа. Ийм ч учраас Улаанбаатар хотын төвлөрөл, алдаа чинь эндээ гараад байгаа юм. Байгаа дэд бүтцээ тойроод л шаваад байдаг. Тийм болохоор төвлөрсөн гэхээсээ илүү хэсэгчилсэн дулаан хангамжийн асуудлыг ярьж байна. Эрчим хүч ч гэсэн ялгаагүй. Тархмал буюу ногоон эрчим хүчний эх үүсвэрүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай. Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч байж, өөрийн хэрэгцээнээс илүү гарсныг төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг байх боломжийг бүрдүүлж өгөхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж байна. Магадгүй энэ чиглэлийн ипотекийн зээл гаргах ёстой. Энэ төрлийн яриа хэлэлцээрүүд яригдаж байгаа. Мөн эрчим хүчний дэд төслүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр зорьж байна. Хувийн хэвшил нь үүнийг бизнес болгоод явах юм бол хэрэглэгч нь байна. Яваандаа нээлттэй хувьцаат компани болгох шаардлагыг ч хуулиар тавьж байгаа. Ингэх юм бол иргэд эрчим хүч хэрэглэхийн сацуу өөрсдөө хувьцаа эзэмшигч болж, ногдол ашиг авах боломжтой. Ингэж байж баялгийн хуваарилалт явагдана. Ер нь Улаанбаатар хүний эрхийг хангасан, зөв төлөвлөлттэй, орчин үеийн хот болъё гэвэл хүүхдийн эрхийг бүрэн хангах, хүүхэд чөлөөтэй зорчдог хот болох ёстой. Олон улсад ч ингэж байж хүний эрхийг хангасан хот гэсэн шалгуурыг давдаг. Тэгэхээр энэ чиглэлд анхаарлаа хандуулах ёстой гэж харж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал улс-төр

Э.Галбадрал: Ард түмэн сонголтоо аль эрт хийчихсэн. Өнөөдрийн эрх баригчдын үг, үйлдэл усан дээр тогтсон хөөс мэт байгаа DNN.mn

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Намын даргын Ажлын албаны дарга Э.Галбадралтай ярилцлаа. Түүнийг Дүнжингаравын дэргэдэх аймшигт галд өртсөн гэдгээр нь хүмүүс мэднэ. Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж ирээд намын ажилдаа ханцуй шамлан орсон түүнтэй ярилцахад сонирхолтой байлаа. Түүнээс тийм нэг эр зориг, амьдралын үнэ цэн, ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэл мэдрэгдэж байсныг онцолъё


-Энэ хаврын Монголын нийгмийн шуугиан болсон “Дүнжингаравын гал”-аас амьд гарсан хүмүүсийн нэг нь та. Энэ тухайгаа ч та нийгэмд ярих шиг болсон. Ер нь л хүнд хэцүү аюулыг давах шиг боллоо доо?

-Айхавтар гал дундаас амьд гарч ирлээ. Хүмүүст сэрэмж болох болов уу гэдэг үүднээс гал усны аюул, газ хийн талаар олон үзэгчтэй лайваар орж, зарим нэг сайтад ярилцлага өгсөн. Хүмүүст хэрэг болох байх гэж. Эрсдэл бидний хэнийг ч ялгалгүй дагаж явна. Гэхдээ энэ сэдвээр дахин дахин ярих нь хүнд байна. Ер нь бол би Бээжингийн Цэргийн төв эмнэлэгт найман удаагийн хагалгаанд орлоо шүү дээ. Миний хувьд хүн болоход хэцүү л байсан байх. Гэхдээ босоод л ирлээ. Өнөөдөр ингээд тантай ярилцаад сууж байна.

-Энэ бүгдийг даван туулна гэдэг амаргүй байх. Гэхдээ л та давж чадлаа. Юу танд хүч болов?

-Ер нь л сэтгэл зүй, сэтгэлийн хатаараа л давж байна. Нэг л зүйлийг сайн ойлгосон. Эр хүн ямар ч бэрхшээлийг эр зоригоор л даван туулдаг юм байна. Бүтэн 70 хоног эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа юу эсийг бодох билээ. Гэхдээ би эмнэлгийн орон дээрх 30 дахь хоногоос нь эхлээд эх орон руугаа ярьж эхэлсэн. Эхнэр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, за тэгээд Ардчилсан намынхаа журмын нөхөдтэй шууд л ажил төрөл, амьдрал ахуйгаа ярьж эхэлсэн дээ. Миний маргааш хэрхэх нь тодорхойгүй тийм л хүнд өдрүүдэд би эдгэх эсэх тухайгаа биш, харин маргааш хийх ажлаа төлөвлөж, ярьж эхэлсэн. Ингэж байж л босч ирнэ гэдгээ мэдсэн. Хэрвээ өвчнөө бодоод, өвдөж шаналж байгаадаа нервтээд хэвтэж байсан бол өнөөдөр би энд ажлаа хийгээд сууж байхааргүй байсан.

-Та эмнэлгийн орон дээрээс ямар ажил амжуулж байв?

-Олны итгэл хүлээсэн маш их ажил байсан. Тухайлбал, АН маань шинэ бүтэц зохион байгуулалтаар ажлаа ид өрнүүлж, намын дарга Лу.Гантөмөрийн зүгээс надад том итгэл хүлээлгэн АН-ын даргын Ажлын албаны даргад томилсон цаг үеийн эхлэл байлаа. Дээрээс нь би төрийн өмнө ч үүрэг хүлээсэн хүн. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн намууд хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Ард түмний эв нэгдэл, нийгмийн сэтгэл зүй тогтвортой байх үндсэн шалтгаан өнөөдрийн тухайд улс төрийн намуудаас маш их хамааралтай. Монгол Улсын ирээдүй хөгжлийн төлөө тэднийг зарчмын нэгдсэн байр суурьтай байлгахад миний үйл ажиллагаа чиглэж ирсэн. Улс төрийн намууд мэдээж өрсөлдөгчид. Нэгнээ шүүмжлэгчид. Энэ нь ардчиллын зарчмаар ил тод явагдана. Харин улс орны тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Үндэсний үзэл, шашин соёл… гээд тодорхой үнэт зүйлүүд дээр бүх улс төрийн хүчин нэгдмэл байх нь Монголын оршин тогтнохын үндэс. Сүүлийн хэдэн жил ийм л үнэт зүйл, зарчим дээр миний бие Ардчилсан нам дотор ч тэр, Монгол Улсын төрийн тэргүүний дэргэд ч мэдлэг боловсрол, оюун бодлоо чилээн, хичээн ажиллаж байгаа.

-Та харьцангуй залуу хүн ч төрийн болоод олон нийтийн байгууллагын ажлын туршлага ихтэй харагддаг?

-Ер нь л багаасаа нийгэмд ажилласан шүү. Монголын оюутны холбооны Оюутны хөдөлмөрийн биржийн захирлаас эхлээд Монголын оюутны холбооны ажлын албаны дарга, дараа нь УИХ-ын Тамгын газарт референт хийж байлаа. Мөн “Мон-Атом” төрийн өмчит ХХК-ий Стратегийн хөгжлийн газрын даргаас гүйцэтгэх захирал хүртэл ажилласан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга, Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консул, “Нийслэл групп” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байлаа. Одоо бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, мөн АН-ын даргын Ажлын албаны даргаар ажиллаж байна. Улс төрийн орчинд бол би Багахангай дүүргийн АН-ын даргаар идэвхтэй ажилласан хүн шүү дээ. Намын бага, дунд шатанд ажиллах нь улс төрийн маш их туршлага болдог.

-Гадаадад эмчлүүлж байгаад ирсний дараа та голлон ямар ажил дээр төвлөрч байна вэ?

-АН-ын даргын Ажлын албаны даргыг аваад удаагүй байхдаа аюултай юманд өртлөө шүү дээ. Гэхдээ санасан сэдсэн, эхлүүлсэн, зохион байгуулсан олон ажил энд үлдсэн байсан. Зарим хүмүүс хэтэрхий хэнээтэй юм гэж бодож байж ч магадгүй. Яг үнэндээ эмнэлгийн орон дээр наадах цаадахыг бодож, төвлөрөхтэйгөө болсон мөчөөс эхлэн би намын ажилдаа л анхаарч эхэлсэн. Ойр байсан хүмүүс бүгд мэднэ дээ. АН-ын хамгийн том үйл хэрэг бол ардчилсан нийгэм, ардчиллын үнэт зүйлүүдийг л хамгаалах. Тийм нийгмийг бүтээх баталгаа нь Ардчилсан нам байх ёстой. Энэ бол миний хувьд үндсэн зарчим минь.

Ингээд намынхаа нөхөдтэйгөө, журмын нөхөдтэйгөө, хамтран зүтгэгч нартайгаа боломжит бүх сувгаар харилцаж ажил төрлөө ярьж, хийж, үргэлжлүүлж байлаа.

Би ер нь ажлын хэнээтэй хүн. Намайг Бээжингийн Цэргийн эмнэлэгт хэвтэж байхад Монголд таэквондогийн өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулагдах гэж байсан. Би Монголын таэквондогийн холбооны ерөнхийлөгч. Тиймээс би зохион байгуулалтын бүх бэлтгэл ажилд оролцох ёстой. Удирдан зохион байгуулах үүрэгтэй. Би хүний нутагт эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа ч өөрт байгаа бүх нөөц боломжоороо энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Онгоцноос Монголдоо буугаад л толгой тархи, гар хуруу битүү боолттой амьтан тэмцээний нээлтийнх нь арга хэмжээнд оролцсон. Дараа нь шууд намынхаа байранд ирж, намын даргатай уулзаж ажилдаа идэвхтэй орсон.

-Ийм аюултай эрсдэлийн ард гарсны дараа Монголдоо буухад, журмын нөхөдтэйгөө уулзахад танд ямар байв?

-Ийм аймаар юмны ард гараад ирж байгаа ямар ч монгол хүнд эх орных нь бүх зүйл сайхан харагддаг. Бидний өнөөдөр дотроо шүүмжлээд, зүхээд, муу муухайг нь дуудаад байгаа бүх зүйл үнэ цэнтэй харагддаг. Ийм мэдрэмжийг тийм аймаар юмыг туулаад ирсэн хүн л хэлэх байх. Өнөөдөр надад юу бодогдож байна гэхээр бидэнд байгаа бэрхшээл бүхэн асуудал биш. Зүгээр л бидний шийдэх ёстой, давах ёстой ердийн л зүйл. Ер нь нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин дахь өнөөдрийн шуугиан болж байгаа сэдэв бүхэн над шиг улс төрийн орчинд явдаг, үхлийн хаалган дээрээс буцаж ирсэн хүнд маш энгийн, асуудалгүй даван туулах тийм л процесс болж харагддаг юм байна.

Ер нь бол улс орны хувь заяа ч тэр, хувь улстөрчийн замнал ч тэр эхэнд нь эр зориг явах ёстой юм байна. Тэгж байж аливааг даван туулдаг юм байна. Өнөөдөр надад нэг их айдас байхгүй болсон доо. Монголын ардчиллын төлөө хэлэх ёстой үгээ хэлж, хийх ёстой ажлынхаа ард заавал гарах ёстой л юм байна. Энэ нь надад шинээр нэмэгдсэн нэг зарчим.

-Та өнөөдрийн эрх баригчид, МАН-ын бодлого үйл ажиллагааг яаж харж байна?

-Эрх баригчид яриад л байна. Магадгүй ярьсан болгон нь шуугиан болоод л байх шиг байна. Энэ нь нэг талаасаа авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус үйлдэлтэй тэмцэж байгаа мэт харагдаж болно. Бодит үр дүн нь хаана байгаа юм бэ. Нүүрсний хулгай үнэхээр авлигын үүр уурхай мөн л байсан юм бол хуулийн хариуцлага хүлээх этгээдүүдээс ганц хоёрхон хүнд, ганц хоёр жилийн ял өгснөөр дуусах ёсгүй. Нийгэмд хүчээ авснаараа бол армиараа биш юм аа гэхэд ядаж салаагаараа ял авах ёстой. Тийм ноцтой гэмт хэрэг байгаагүй юм уу. За тэгээд, ЖДҮ-гийн, Хөгжлийн банкны, “Ногоон автобус”-ны гэх дуулиан шуугиан болсон гэмт үйлдлүүд үнэхээр авлига, гэмт хэрэг мөн л юм бол хуулийн хариуцлага хэн хүлээгээд байгаа юм бэ. Ямар ч албан тушаалтан хуулийн хариуцлага хүлээсэнгүй шүү дээ. Ер нь бол өнөөдөр ард түмэн сонголтоо дотроо хийчихсэн. Энэ бол бодитой. Захын нэг үсчний газар ороод суухад л “Энэ удаа МАН-ыг сонгож тэнэгтэхгүй ээ” гээд залуус яриад сууж байна. Хандлага бол маш энгийнээс мэдрэгддэг. Өнөөдрийн эрх баригчдын энэ их сүртэй үг, үйлдэл, шуугиантай пиарууд бол усан дээрх хөөс юм. Үлээхэд л алга болно. Үүнийгээ ч МАН дотроо мэдэрч байгаа. Мэдрэх тусмаа АН руу улайран дайрч байна. Гэтэл АН бол эрх баригч биш. Найман жил гудамжинд явж байгааг бүгд мэднэ. Ийм улс төрийн хүчинтэй ямар хариуцлага тооцох гээд байгаа юм бэ.

-Таны ажил цаг наргүй их байх шиг байна. Тиймээс аль болох ярилцлагаа товчилъё. Ер нь энэ жилийн сонгуулийн өнгийг та яаж харж байна?

-Шулуухан хэлье. АН-ын юуг нь шүүмжлэх юм бэ. АН ямар хариуцлага хүлээх ёстой гэж. Эрх баригчид, шийдвэр гаргагчдаас л хариуцлага нэхдэг болохоос эрх бариагүй хүмүүсээс хариуцлага нэхдэггүй. Ер нь өнгөрсөн 30 жилийн засаглалын эрх мэдэл хэний гарт байсан юм бэ. Өнгөрсөн бүх цаг хугацааны 80 хувьд нь МАН л эрх барьж байгааг ард түмэн мэднэ. Ерэн оноос хойших 30 жилийн Монголын хөгжил цэцэглэлтийн царцалт, гацалт, болж бүтэхгүй бүхний хариуцлагыг сөрөг хүчин нэртэй 30 жил шахуу гудамжинд явсан АН хүлээх ёсгүй. Сүүлдээ бүр шүүмжлэл бүхэн, буруу булхайгийн үүр уурхай бүхэн АН болох шинжтэй. Нийгмийн сэтгэл зүйг тэгж угааж байна. Өнөөдрийн бузар булай бүхнийг өөрөөсөө зайлуулах, бултуулах ёс суртахууны эрх МАН-д байх ёсгүй. Үүнийг л ард түмэн маань тогтож бодох ёстой. Сайн тунгаах хэрэгтэй. Сонгогчид үүнийг бодож сонголтоо хийх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ