Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Оюунжаргал: Эцэг, эхчүүд дэмжихгүй байвал ямар ч багш ажиллах хүсэлгүй болдог DNN.mn

Нийслэлийн Ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн тэргүүлэх зэрэгтэй, бага ангийн багш Б.Оюунжаргалтай ярилцлаа.


-Та мэргэжлээрээ хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Яагаад бага ангийн багш мэргэжлийг сонгох болов?

-Би хүүхэд байхаасаа л бага ангийн багш болохыг мөрөөддөг байсан. Нагац эгч маань бага ангийн багш байлаа. Тэр үед нагац эгчийгээ хараад ямар гоё юм бэ гээд л багшийн мэргэжлийг сонгосон. Одоо 13 дахь жилдээ багшилж байна.

-Таны удирдаж буй ангийнхан бага боловсролоо эзэмшээд дэвшин суралцах гэж байна. Энэ таны хэд дэх төгсөлт вэ?

-Гурав дахь төгсөлт. Анх багш болохдоо өөр багшийн ангийг гуравдугаар ангиас нь авч төгсгөж байсан. Хоёр үндсэн ангиа төгсгөөд арван жил болж байна.

Энэ ангийн хувьд хичээлийн сүүлчийн хоёр /нэг/ өдөр л үлдэж дээ. Таван жил нэг ангитайгаа явж байгаад төгсөхөд нь гоё ч юм шиг, муухай ч юм шиг догдолсон мэдрэмжүүд сүүлийн өдрүүдэд байнга төрж байгаа. Дараагийнхаа ангийг хүлээж авна гэдэг утгаар бас учиргүй гуниглахгүй л дээ. Хүүхдүүдээ сайн сайхан яваасай л гэж хүсдэг.  Одоо тавдугаар ангиа төгсөж буй хүүхдүүд бол бидний хувьд оюутан ш дээ. Биеэ даагаад хамаагүй өөр болдог. Дунд ангийн багш нар энэ зургадугаар ангийнхан чинь ямар хэцүү юм бэ гэж хүлээж авдаг. Бид гараас гарцан хөөрхөн болсон хүүхдүүд гэж бодно ш дээ. Дараагийн нэгдүгээр ангиа шинээр хүлээж авахад ийм байдаг бил үү гээд л бүр төсөөрсөн байдаг.

-Бага ангийн багш байх бусад багш нараас илүү их хариуцлага хүлээдэг юм шиг санагддаг.

-Бага ангийн багш нэлээд ачаалал ихтэй ажилладаг. Дөнгөж сургуулийн сурагч болж нэгдүгээр ангид элсэж орж ирсэн цагаан цаас шиг хүүхдүүдийг намар хүлээж аваад хавар үр дүнгээ мэдрэх хамгийн гоё. Хүүхдүүд маань хавар бүгд уншиж, бичиж, бодоод сурчихсан байхыг харах хамгийн том аз жаргал, сайхан мэдрэмжүүдийн нэг юм. Бага ангийн багш нар гэртээ ч ажлаа хийдэг. Бараг л хэвлэлийн үйлдвэр ажиллуулж байгаа юм шиг маш их тараах материал хэвлэх шаардлагатай байдаг. Нэг өдөр л тараах материал, үзүүлэнгүй ангидаа ороод ирэхэд бага ангийн хүүхдүүдэд хичээл заах боломжгүй болчихдог. Тэр хүүхдүүдийн анхаарал нь сонин, содон юм үзэж харж байж төвлөрдөг. Маргааш ямар хичээл орох уу, яаж заавал хүүхдэд илүү ойлгомжтой байх вэ, хаана гоё хүүхдийн сонирхол татсан зүйл байна тэрийг үргэлж л гэрт, гадаа ч толгойдоо бодоод л явж байдаг. Багшийн ажил тухайн хүнээс сэтгэл, зүтгэл, цаг хугацаа их шаарддаг.

Бидний ажлын онцлог сэтгэл зүйн хувьд ч ачаалал их. Бага насны хүүхдүүд чинь тэр бүр зүгээр суухгүй. Нэлээд их хүүхдийн дуу чимээнд ажилладаг.

-Та багшлах хугацаандаа шантарч байв уу?

-Анх өөр багшийн ангийг гуравдугаар ангиас нь авсан болохоор эхэндээ эцэг, эхчүүд нэлээд хэл ам хийнэ. Тэр үед би яах гэж ч багш болов доо гэж их боддог байсан. Дараагийн ангиа нэгдүгээр ангиас нь аваад явахад эцэг, эхчүүдийн дэмжлэг их байсан болохоор урам орж, ажилдаа илүү дуртай болж, ажиллах урам зориг ч нэмэгдсэн. Багшийг эцэг, эхчүүд дэмжээд л байх юм бол урам зориг аваад ажиллах сонирхолтой байдаг. Эцэг, эхчүүд дэмжихгүй байвал ямар ч багш ажиллах хүсэлгүй болдог.

-Багшийн үндсэн цалин хэд вэ. Та гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Бүх багшийн цалин энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэгдэж, нэг сая 400 мянган төгрөг болсон. Өмнө нь 2023 оны нэгдүгээр сараас мөн нэмэгдсэнээр нэг сая 50 мянга байсан. Үүн дээр үндсэн цалингаас тооцож, удаан жилийн, зэрэгтэй багш нарт зэргийн, анги удирдсан багшийн, анги хариуцсаны нэмэгдэл авах гээд багш бүрийн хувьд цалин нь өөр, өөр бодогддог. Би гар дээрээ цэвэр нэг сая 600 мянган төгрөг авдаг.

Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, үйлдвэрчний эвлэлийн нэг хувиа төлдөг. Монголын татварын хувьд арай л өндөр. Авах цалингийнхаа бараг тал хувийг татвартаа өгчих гээд байна.

-Гүйцэтгэлийн үнэлгээ хэр бодитой явагдаж байна вэ?

-Гүйцэтгэлийн үнэлгээнд шинэ орсон багш зургаан сараас дээш сар ажиллаж байж орох эрхээ авдаг. Гүйцэтгэлийн үнэлгээ тийм бодитой байж чаддаггүй гэж боддог. Гүйцэтгэлийн үнэлгээний материал нь хүүхдийн түвшинд тохирсон, стандартаа барьсан дасгал даалгавартай байвал болно. Нэлээд хүнд А түвшний хүүхэд хийхэд ч хэцүү, хэт хүндэдсэн дасгал даалгавар орж ирснээр сайн хүүхдүүд нь ч хийж чадахгүй байх жишээний. Үүнээс үүдэн багшийн үнэлэмж доогуур үнэлэгдэж байна.

Жилд нэг удаа хавар үнэлгээнд орж, намар хариу нь гардаг. Үнэлгээнд ороогүй болон үнэлэгдэж чадаагүй багш бүтэн жил нэмэлт цалингүй ажиллана гэсэн үг. Энэ нь дөнгөж шинээр ажилд орсон залуу багш нарт хүнд тусч байгаа юм.

-Үнэлүүлснээр тухайн багш үндсэн цалингийнхаа хэд хүртэл хувиар нэмэгдэл цалин авах боломжтой вэ?

-Гүйцэтгэлийн үнэлгээнд I түвшний багш сардаа 40, II түвшинд үнэлэгдсэн багш 25, III түвшин нь 20, IV түвшин нь 15 хувийн нэмэгдэл сардаа авна.  Энэ мөнгийг сар сард нь өгдөггүй, улиралдаа нэг удаа өгдөг. Тухайн багш өөрийгөө үнэлүүлж чадвал улиралдаа урамшууллаа авна. Чадахгүй бол авч чадахгүй.

-Багшийн дутагдалд ороод удаж буй цаад шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Цалин хангамж, ажлын ачаалал, эцэг, эхийн хэл амнаас болоод хүмүүс багш мэргэжлээр ажиллах дургүй байна. Цалин хангамж муугаас багшийн нэр хүнд унасан байдалтай байна.

Би хувьдаа боловсролын систем нь өөрөө буруу тийшээ яваад байна уу гэж хардаг. Бага ангийн хувьд агуулга ихтэй, нэлээд хүнд программ явагддаг. Агуулгыг багасгаж өгвөл хүүхдийн сургалт сайжирна. Хичээлээ 40 минутдаа багтаах гээд маш олон мэдлэгээр хүүхдийг шахаж байгаа нь сурах чадварт сөргөөр нөлөөлж байгаа юм. Манай анги 42 хүүхэдтэй. 40 минутад 40 гаруй хүүхэдтэй ажиллах чанга. Дээрээс өгсөн үүрэг даалгавар учир биелүүлж ажиллахгүй гээд яахав. Ямар ч байсан бүх хүүхдээ сургахын төлөө хичээгээд ажиллаж  байна.

-Зургадугаар сарын 1-нээс ТҮК-ийн ажилчдын цалин 1000 ам.долларт хүрлээ. Энэ мэтчилэн улсаас бодлогоор цалин нэмж болдгийг харж байна. Таны бодол?

-Багшийн цалинг бодитойгоор нэмээд, хийж буй ажилтай нь дүйцүүлчихвэл ажиллах боловсон хүчин ч нэмэгдэнэ. Энэ мэргэжлийн үнэ цэнэ ч өснө. Энэ ажлыг хийж буй хүмүүс нь илүү их сэтгэл зүрхээ зориулах байх. Цалинг нь сайн өсгөөд өгвөл амьдралын нөхцөлөө сайжруулахын тулд хүүхдүүд багш болох сонирхолтой болно. Хамгийн том хөшүүрэг бол цалин.

Бага ангийн багш гэртээ хариад л дэвтрээ засдаг. Үргэлж гэр рүүгээ дэвтрээ цүнхлээд явдаг. Тэр дэвтэр дээр бичих, засах мөнгийг ч гэсэн тооцож өгч болно. Анги даасан багшид аравхан хувийн нэмэгдэл өгдөг. Сайд нэг удаа анги даалтын хувийг хүүхдийн тоогоор нэмж олгоно гэж хэлж байсныг санаж байна. Одоо чухам яасныг хэлж мэдэхгүй. Нэмэгдлүүдийг нь жаахан нэмж өгмөөр санагддаг.

-Олон жил ажилласан багш нарын хувьд хэдий ачаалалтай, ядардаг ч тэтгэвэртээ гарахад авах хэдэн төгрөгөө бодож ажиллах тохиолдол их байна л даа.

-Зарим багш нарын хувьд тийм байдлаар ажиллах нь элбэг. Бидний хувьд заримдаа ч мэргэжлээсээ няцаж, өөр ажил хийе гэж бодох үе байна. Гэхдээ нэгэнт л энэ мэргэжлийг сонгосон юм чинь хийх л ёстой гэж өөртөө хариуцлага үүрүүлдэг. Хамгийн гол нь ангидаа орж ирээд хүүхдүүдээсээ их эрч хүч авдаг. Хүүхдүүд чинь хөөрхөн ш дээ, тэдний инээхийг хараад л эрч хүчтэй ажлаа хийе гэж бодогддог. Хааяа шавь нь тэнд сайн явж байна гээд нэг зурвас илгээхэд л тэрийг хараад л хөөрчихдөг. Багш хүний баяр жаргал тэнд л оршдог.

-Ар гэрийнхээ асуудлаа хэр зохицуулж байна. Ээж хүнийхээ үүргийг биелүүлж чаддаг уу?

-Эхлээд манай нөхөр ажлыг маань ойлгодоггүй, чи ямар буудалд амьдарч байгаа юм уу гэнэ. Манай гэрт танихгүй хүүхэн ирж хоноод гарах юм гээд л хааяа маргалдах үе гарна. Одоо бол ойлгоод надад тусалж, хамтарч ажлыг маань хийдэг болсон. Ар гэр, хүүхдүүд их орхигддог юм билээ. Хүүхдүүдийнхээ багштай уулзаж, хоёрдугаар ангийнхаа хүүхдийг ч орой очиж авч чаддагүй. Ангийнх нь хүүхдийн аав, ээжид захиулж авахуулдаг. Амрах цаг хугацаа хомс, нэгдүгээр ангитай багш бол бүр хэцүү. Амралтын өдрөөр ч амардаггүй.

-Хөдөө орон нутагт таван жил ажилласан багшид зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог юм билээ. Энэ нь хотын багш нарт хамаардаг уу?

-Хотын багш нарын хувьд тийм нэмэгдэл байдаггүй. Улс бодлогоор хөдөө орон нутагт ажиллаж буй багшийг илүү дэмждэг. Энэ нь хотын хүн амыг нэмэгдүүлэхгүй байх, хөдөө орон нутгийг багш боловсон хүчний дутагдалд оруулахгүй байхад чиглэдэг болов уу. Хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх, нөгөө талаар цалин хангамжийг нь бодсон ч надад хөдөө явж багшлах бодол төрөх болсон. Гэхдээ бид хөдөө орон нутгийн багш нараас их ачаалалтай ажилладаг.

Хотын захын дүүргүүдэд эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах нь сул байна. Ажлынхаа бус цагаар хичээлдээ ирэхгүй байгаа хүүхдийнхээ гэрээр очно гээд бидэнд асуудал их. Эцэг, эхчүүдийн харилцаа хандлагаас л шалтгаалж байна. Зарим нь өө тийм байна гээд би хүүхэдтэйгээ ажиллая гэж байгаа аав, ээжүүд ч байна. Нэг хэсэг нь миний хүүхдийн яах ийх чамд ямар хамаатай юм гэж харьцдаг. Гэртээ хоолгүй хонож байгаа хүүхдүүд ч бий.

-Зуныхаа амралтаар багш нар амарч чаддаг уу?

-Мэдээж зуны амралт гоё. Юу ч бодож, санах юмгүй сайхан амардаг ч ядаргаа бүрэн тайлагдаж ажилдаа орохгүй байх тохиолдол бий. Багш гэдэг толгой байнга ажиллуулдаг оюун ухааны ажил. Манай нэг тэтгэвэрт гарсан багш би бүтэн жил амрахад одоо л миний ядаргаа бүрэн тайлагдлаа гэж хэлж байсан. Тэр бараг үнэн байх.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Сүүний үнэр шингэсэн…” хэмээх дууны гунигт түүх DNN.mn

Монголчуудын сэтгэл зүрхэнд тарни мэт оршсон хэдэн дуу бий. Түүний нэг нь “Сүүний үнэр шингэсэн

Сэвлэг даахьтай байхад минь

Дууны сайхан эгшгээрээ

Эвлэг зөөлөн бүүвэйлсэн

Миний ээж сайхан ээж

Мяндас зөөлөн уян ээж” хэмээх энэ дуу юм. Сүүлдээ бараг ардын дуу шиг санагдах болж дээ. Саяхан Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн гурван ботийн нээлтэд Г.Баатарнум найрагчтай таарч уг дууны түүхийг ярилаа. Ард түмний хайртай энэ дуу үнэхээр гунигт түүхтэй.

Шүлгийг нь бичсэн А.Дандий-Ядам гуай тэртээ тавиад оны үед Ховдын Манхан сумын захиргаанд ажиллаж байжээ. Нэг өдөр ээж нь цасан шуурганд малтайгаа уруудсан тухай хэл ирж. Ийм мэдээ хүлээж авсан хүү нь хамгийн түрүүнд огло харайх нь мэдээж. Эрлийн баг бүтэн өдөржин яваад нар гудайхын үест шуурганд уруудсан малыг олжээ. Хонь нь шагай шиг хурчихсан бүрнээрээ байна гэнэ. Хамгийн харамсалтай нь дан тэрлэгтэй хөөрхий ижий хонио тогтоох гэж усан хулгана болтлоо гүйсний эцэст түр амсхийхдээ модны ёроолд шилбүүрээ эрүүндээ тулаад тэр чигтээ гантиг болон царцжээ.

Элбэрэлт ижийгээ хөшөө шиг хөлдүүс болсныг нүдээр харсан хүү нь уйлан хайлж, харамсан гашуудахдаа “Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай” гэж хагацлын халуун нулимсаар өр зүрхээ зүсэн бичсэн байдаг.

Ховдын Цэцэг сумын уугуул, эдүгээ 83 настай зохиолч Ж.Баттулга “Тээр жил Дандий-Ядам гуай бид хоёр Манханы Улаан хүрээ бригад дээр таарлаа. “Борцныхноор юу байна” гэж намайг цаашлууллаа. Ард Аюуш махаа борцолно гэдгээс үүдэж Цэцэгийнхнийг тийн нэрлэж байсан. Өвгөнөөс би ээжийн тухай дууг нь асуухад “Муу ах нь, нэгдлийн хэдэн хонины төлөө хөшөө болоод царцсан хайрт ижийнхээ алтан шарилын өмнө харууслын халуун нулимстай бичсэн юм даа” гэж хэлэхэд хаврын салхинд бөмбөрсөн нулимс нь миний зүрхийг хүйтэн борооны дусал шиг алгадаж билээ” хэмээн ярьсан юм. Ийм л харууслын дуу өнөөдөр эхийн тухай дууны оргил бүтээлийн нэг болон найрын түрлэг өргөж байна. Хорвоогийн өнгө ийм л байдаг хойно.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Г.Батдэлгэр: Тариаланчдын идэвх буурч, стратегийн гэж нэрлэгдэх улаанбуудай, гурил үйлдвэрлэлийн хувь заяа бүдгэрч байна DNN.mn

Монгол Улсын Зөвлөх инженер, ХААИС-ийн доктор Г.Батдэлгэртэй ярилцлаа.


-Саяхан манай сонин “Газар тариаланг гаргуунд нь гаргав уу” гэх нийтлэл бичсэн. Төр засаг өнөөдөр малчдын тухай ярьж байна. “Чинээлэг малчин хоршоо” л гэнэ, ерөөсөө л малчид руу хандсан бодлого яваад газар тариалан орхигдлоо. Явж явж стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг гурил маань юу болж хувирав аа. Та бол үр тарианы салбар, хүнсний эрүүл ахуйн тухай бичиж, ярьж, нийгэмд дуу хоолойгоо хүргэж ирсэн эрдэмтэн судлаач хүн?

-Монгол Улсын Үр тарианы салбарт байнгын 20 гаруй, түр болон улирлын 14 мянган хүн ажиллаж, ДНБ-ий 1.5 хувийг бүтээн, хүнсний гол бүтээгдэхүүний нэг гурилын хэрэгцээг ханган, малын тэжээлийн эх үүсвэрийг бүрдүүлж байна. УИХ-ын ээлжит сонгууль дөхөж байгаа энэ цагт эрх баригчид болон гурил үйлдвэрлэгчдийн оновчгүй, алсын хараагүй үйлдлээс үүдэн тариаланчдын идэвх буурч, стратегийн гэж нэрлэгдэх улаанбуудай, гурил үйлдвэрлэлийн хувь заяа бүдгэрч байна. Тиймээс үр тарианы үйлдвэрлэлд нүүрлээд байгаа бэрхшээлийг хэрхэн оновчтой шийдвэрлэж болох гарцын талаар та бүхэн асууж байна. Миний бие өөрийн саналаа хуваалцъя. Атрын анхны аянаас хойш 65 жилийн түүхэн хөгжлийн явцад үр тарианы аж ахуй, бие даасан салбар болтлоо өргөжин, тэр хэрээр мэргэшлийн  туршлага хуримтлуулсан ажилчидтай болсон. Тус салбарын хөгжил хоорондоо нягт хамааралтай хүнхөрс-техник-үр, таваарын буудай гэх мэт хүчин дөрвөн зүйлүүд дээр тогтож ирсэн. Гэтэл үр тарианы салбарын тулгамдсан асуудал экологи, эдийн засаг, нийгмийн чанартай болж хөгжих үү, сүйрэх үү дээрээ яагаад тулав. Судлаачдын үзэж байгаагаар 1.2 сая га талбайд үр тарианы аж ахуй эрхлэх боломжтой, хөрс, цаг уурын орчин Монголд бий. Сүүлийн жилүүдийн дунджаар жилдээ 400 мянган га талбайд үр тариа тариалж байгаа. Харин талбайн 60-аас доошгүй хувь элэгдэлд орж, ялзмагийн үзүүлэлт 2.5-3.0 хооронд хэлбэлзэх болсон. Хөрсний бүтэц алдагдаж, ялзмагийн үзүүлэлт буурч, бордооны хэрэгцээ өндөр болж, үр тарианд шаардагдах наад захын эрдэс азотоор “өлсөх” болсон. Үүний гол шалтгаан уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэртэй бус байдал, усан хангамж зэрэг боловч нөгөө талаар төрийн оновчтой бус бодлого, гурилын үйлдвэрийн монопольчлолтой холбоотой.

-Төр засгийн оновчгүй бодлого, гурилын үйлдвэрийн монопольчлол гэдгээ та жаахан тодруулахгүй юу?

-Сүүлийн хоёр жилд татаас хэлбэрээр олгодог байсан түлшний сураг тасарч, үрийн буудайн хангамж ч яригдахаа больж байна. Аль ч оронд дизель түлш бусад төрлийн шатахуунаас хямд байж хот хоорондын тээвэр, ХАА-н салбараа дэмждэг. Гэтэл манай оронд эсрэгээрээ. Мөн улаанбуудай, гурилын гаалийн татварыг байхгүй болгосноор гурилын үнийг бууруулах горьдлого талаар болж, тариаланч, хэрэглэгчид эдийн засгийн дарамтад орж байдал сайжирсангүй. Япон мэтийн оронд тариалангаа дэмжихийн тулд хэд дахин хямд Хятадын цагаан будаанаас татгалзаж, тухайн салбараа унагахгүй байхад анхаардаг. Салбар дампуурвал олон тооны ажиллах хүч, техник үгүй болж, тариан талбай лууль болно. Тэр цагт Хятадын цагаан будааны үнэ өсч, хүнс бусдаас хараат болно гэж үздэг. Харин бид бусдын хараат болох гээд тэмүүлээд байдаг нь даанч харамсалтай. Тэгэхээр одоо үр тарианы аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэчлэх гол чиглэлд хаа хаанаа анхаарлаа хандуулах цаг нь болсон.

-Хөгжлийн бодлогыг шинэчлэхэд юунд анхаарах ёстой вэ?

-Тариалан эрхлэлтийн суурь капитал болох талбайн хөрсний бүтэц, ялзмагийг тордох, үржил шимийг тасралтгүй дээшлүүлэн ногоон бордуур, цомхотгосон болон тэг элдэншүүлгийг тухайн бүс нутаг, цаг уурын нөхцөлд тохируулан ашиглахад оршино. Мөн тариалалтын технологийг чанд мөрдөн, талбайн түүх болон, карт хөтлөх, талбайгаа зохистой ашиглах. Сэлгээний тарималд заавал буурцагт ургамал, төмс, хошуу будаа, арвай, ногоон бордуур зэргийг оруулж байх. Тариаланчдын хариуцлага хандлагыг дээшлүүлэхийн тулд тариалалт, хураалтад шаардагдах хугацааг ойролцоо, болж өгвөл ижил байхаар тооцон, үрлэх угсарааны техник, үр тарианы комбайны тоог зохистой байхаар паркаа зохион байгуулах. Үүний тулд шинэ техник, технологид суралцаж, тэргүүн туршлага судлах, нэгж га-гийн ургац нэмэгдүүлэх, ээлжлэн тариалах системд ач холбогдол өгч ажиллах ёстой. Дээрээс нь тариалан эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс үр тарианы аж ахуйд таримлын захиалга өгч, зохих санхүү, үр, материалын дэмжлэгтэй хослуулан тодорхой шалгуур тогтоож, шалгуур үзүүлэлт нь стандартын жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг гэрээний нөхцөлөөр төр шууд худалдан авах менежментийг санаачлах, төрөөс хүн амын эрүүл мэндийн байдалд зохицох, үл зохицох хүнсний бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээг гурван жил тутамд үнэгүй зохион байгуулж, ямар таримал тарих, тарихгүй талаар өгсөн удирдамжийг мөрдөн, хамтарсан гэрээг газар тариалангийн аж ахуй, хувь хүмүүстэй байгуулж, худалдан авах таваарын бүтээгдэхүүний үний саналаа хавар мэдээлж байх.

Мөн тодорхой шалгуур хангасан нөхцөлд төрийн татаас, урамшуулал, татварын хөнгөлөлт зэргийг үзүүлэх зарчимд шилжих зүйд нийцнэ. Үр тарианы сорт, шинэ техник, технологи нутагшуулахад анхаарч, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх боломжийг хайж, хүнсний болон гурилын үйлдвэрүүд, хэрэглэгч нартай харилцан  ашигтай  хамтын менежментийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулснаар хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний найрлага, бүтэц, уугуул гарал, биологийн төрөл зүйлийн судалгааг хөгжүүлэх, судалгаанд тулгуурлан шинэ мэдлэг бий болгох замаар төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх боломжтой.

-Үр тарианы аж ахуйн тогтвортой байдлыг хангах, үнэлгээг нь тогтоож хэрэгжүүлэх талаар бас үгээ хэлдэг?

-Үр тарианы аж ахуйн тогтвортой байдлыг хангах ажлын хүрээнд агротехникийн шаардлагыг чанд баримталж, нэгж га талбайн ургацыг нэмэгдүүлэх, техникчдийг тогтмол сургалтад хамруулж, тасралтгүй залгамж халааг бэлтгэх зэрэг ажил чухал.  Байнга үрийн болон техникийн шинэчлэл хийх, ургацыг улс худалдан авдаг тогтолцоог бий болгох, үүсгэл санаачилгын байгууллагыг дэмждэг механизм бүрдүүлэх, мөн удам дамжсан, хоёроос доошгүй жил тракторын жолоочоор ажилласан тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөх зэрэг тогтвортой байдлын цогц шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж болох юм. Үүнийг ХХААХҮЯ албан ёсоор санаачлан, зохих журмын дагуу хэрэгжүүлэх зүйтэй болов уу. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид, хуулийн этгээдийн тогтвортой байдлын шалгуурыг дөрвөн жил тутамд үнэлэн, цаашдын ажилд дүгнэлт өгч байх хэрэгтэй. Энэ хугацаа бол нэг цикль хийх ээлжлэн тариалалтын хугацаа юм. Үнэлгээний гол шалгуурт экологийн зохист байдлыг хадгалах, эдийн засгийн чадавхтай байдал мөн нийгмийн хариуцлагатай байх үзүүлэлтүүд орно. Мөн экологийн зохист байдлыг хадгалах гэж нарийн юм байна. Үүнд талбайн хөрсийг доройтуулахгүй байхад анхаарч, эрдэс, шим бордоог тогтмол хэрэглэх, хөрсний үржил шимийг хамгаалан сайжруулахад зохих хөрөнгө оруулсан, шинэ технологи нэвтрүүлсэн байх, салхины эвдрэл бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан, мод тарьсан, сүрлэн хучилга хийсэн байдал, мөн талбайд ажиллах техникийн явалтыг цөөлөн, ургамал хамгааллын ажилд авц өргөнтэй, бүтээмж өндөр Apache маягийн өөрөө явагч  буюу  Dron ашиглах зэрэг орно.

-Ер нь газар тариалангийн нөхцөл байдлын талаар асуух юмнууд байна. Үр бордоо, техник хэрэгсэл, татаас урамшуулал түүнийг хэрхэн зохицуулах гээд?

-Монгол орны нөхцөлд тохирсон ган, хүйтэнд тэсвэртэй, ургац өндөр, ургалтын хугацаа тохирсон сортын үртэй байх хамгийн чухал. Тарих, хураах, хураалтын дараахь боловсруулалт, хадгалалтын техник, тусгай зориулалтын ХАА-н машинтай байх. Үүнд: Үр хордуулах, ургамал хамгаалах бусад машин хамаатай. Таваарын будаа, бусад бүтээгдэхүүнүүд зайлшгүй пестицидын үлдэгдэл тодорхойлох лабораторийн шинжилгээнд хамрагдсан байх. Тавааржилтын түвшин болох натур жин, чийг, цавуулаг, цэвэршилт гэх мэт. Дээрээс  нь үрийн чанар стандарт хангасан байх, ажиллагсдын цалин, техник ашиглалтын зардлыг бүрэн хариуцах чадвартай байх нь мэдээж. Шинэ техник, технологийн сургалт, зөвлөх үйлчилгээнд зайлшгүй хамрагдаж, техникийн шилэн сонголт хийхдээ үйлдвэрлэгчийн туршлага, түүхэн замнал, тухайн техниктэй ажиллах угсарааг бодолцох нь зүйтэй. Манай улсад 30 орчим төрөл, серийн трактор, мөн тийм орчим төрлийн үр тарианы комбайн байна. Тэдгээрийн засвар үйлчилгээг зохион байгуулах бэрх тул цөөхөн загварын трактор, комбайн, ХАА-н машин чухал. Монголд нэг техникийг нөгөөгөөр засдаг дэлхийд байхгүй арга технологи бий. Үр тарианы аж ахуйд төрөөс үзүүлэх дэм, урамшуулал нь уур амьсгалын эрс тэс нөхцөлд тогтвортой ургац авах, талбайн соёлжилт, техник ашиглалтыг сайжруулах, экологийн зохист харьцааг хадгалах, хүнсний түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүний үнийг тогтвор  жуу лахад чиглэгддэг. Татаас, урамшуулал үзүүлэхдээ үүсгэл санаачлагчдын байгууллагын тодорхойлолд, ажлын байр олголт, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, маналайлал, орон нутгийн хүсэлт зэргийг үндэслэх нь зүйтэй болов уу. Татаас, урамшуулалд хязгаарлалт, алагчлал байхгүй байх. Тухайлбал, трактор, бусад техник худалдан авахад төрөөс үзүүлэх үнийн  хөнгөлөлт тухайн техникийн чадлаас үл хамааран, хувь хүн, аж ахуйн нэгжид тэгш үйлчлэх нь чухал.

-Сүүлд нь асуухад, Хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулагдсан. Зөвхөн үр тариа гэлтгүй монголчуудын хүнсний аюулгүй байдалд сүүлийн үед анхаарал татах болсон?

-Шуудхан хэлэхэд, улсын байгууллагад ажиллагчдын намчирхах байдал хэрээс хэтэрч, төрд биш даргад үйлчлэх байдал улам газар авч үүний гороор салбар яамд, холбогдох хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн удирдлага бүгд босоо тогтолцоотой болсон. Эл байдал ХАА-н салбар, тэр дундаа үр тарианы үйлдвэрлэлийг тойрсонгүй. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хувьсгалыг санаачилж зарласан. Хүнстэй холбоотой төрийн болон хувийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, тэдний ажил хэрэгч чанарыг идэвхжүүлэх гэсэн оролдлого юм. Миний бие Хүнсний хувьсгалын хурал, уулзалтад удаа дараа сууж, ажигласан зүйл гэвэл дээр дурдсан байгууллагууд болон удирдлага нийгэмд ямар үүрэг, хариуцлага хүлээх ёстойгоо мэддэггүй, мэдсэн ч яаж хэрэгжүүлэх ухаанаа олохгүй байх шиг санагдсан. Эл байдалд цэг тавих боломж бүхий Засгийн газрын тогтоол тавдугаар сарын 15-ны өдөр гарсанаар Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулагдсан. Ингэснээр хүнсний салбарын хөгжил шинэ шатанд гарах, хүнсний үйлдвэрлэлийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, бие даасан салбар шинжлэх ухаан болон хөгжих боломж  бүрдсэн. Хүнсний асуудал дан ганц ХХААҮЯамны мэт ойлголтоос салж, монгол хүний эрүүл ахуйн байдлын суурь судалгаан дээр үндэслэгдэн хийгдэх ажил гэдгийг бусад салбарынханд таниулсан үйл явдал боллоо. Хүнсний үл зохицлын лабораторийн судалгаанаас харахад шинжилгээнд хамрагдсан 10 хүн тутмын 9-д гурилын цавуулаг зөвшөөрөгдөх хэмжээнээс дээгүүр үзүүлэлттэй болно. Цавуулаг зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хүний биед хуримтлагдахад, тэнэгрэл (альцгеймер), сэтгэцийн өвчин, хоол боловсруулах эрхтэн систем хямраах, чихрийн шижин, харшил гээд олон өвчний эх сурвалж болдог. Эл байдал цавуулаг ихээр агуулдаг улаанбуудайн гурил үйлдвэрлэлд хязгаар тогтоохыг сануулж байна.  Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн зөвлөмжийн дагуу хүний эрүүл мэндийн байдалд нийцсэн гурилыг янз бүрийн орц найрлагаар хийх болно. Хүсвэл үр тариа эрхлэгчид дундын хоршооны хэлбэрээр хамтарсан үйлдвэр орон нутагтаа зохион байгуулж, гурил хийх боломжтой. Орон нутгийн гурилын үйлдвэрийг дэмжиж чадвал тээврийн зардал хэмнэгдэнэ. Хотод буудайгаа зөөж авчраад, буцаагаад хөдөө гурил болгон тээвэрлэж хоёр удаа явалт хийхээ болино. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгийн үр тарианы компаниуд орон нутагтаа гурилын үйлдвэрүүд байгуулснаар, тэд дөрвөн улирлын турш ажиллах нөхцөл бүрдүүлсэн байдаг. Тухайлбал, “Дорнод гурил”, “Хурах гол” үйлдвэрүүдийг нэрлэж болох юм. Гурилыг цавуулгийн агууламж багатай, цавуулаггүй хошуу будаа, арвай, хөх тариа, эрдэнэшиш,  шар будаа, буурцагт ургамал, арвай гээд манай орны нөхцөлд ургаж болох 10 гаруй төрлийн үр тариа, буурцагт ургамлаар хийж болно. Олон үрийн, бүхэл үрийн, хатуу, зөөлөн буудайн гээд 20 гаруй төрлийн гурил хөрш орнуудад байна. Мэдээж хүнсний хүрээлэн өөрсдийн стандарт, орц найрлага, хийх технологид сургана. Тариалангийн аж ахуйнуудад хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдийн захиалга хийж, урьдчилгаа санхүүжилт хийх, шууд худалдан авах хэлбэрээр энэ салбарыг аврах бодлоготой ажиллах ёстой. Энэ бүхнийг хийхэд нэгж тн улаанбуудай болон гурил үйлдвэрлэхэд шаардагдах зардал, хөдөлмөр нормчлол, бүтээгдэхүүний өөрийн өртгийг шинжлэх ухааны үүднээс тогтоох ёстой. Эцэст нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ашгийн хуулийг бий болгон, хэн дуртай нь аманд орсон үнээ хэлдэг байдлыг халах хэрэгтэй. Үүнийг хийж чадвал бид үр тарианы үйлдвэрлэлээ авч үлдэнэ. Бусад салбарт ч үлгэр болох ёстой. Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын яамд, салбарын их, дээд сургууль, хүрээлэн, холбогдох лабораториуд ажил, үүргээ ойлгон, юу хийхээ мэддэг болно.

Н.Гантулга

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Будням: Хувийн сайн ажиллаж буй компани ямар технологи ашиглаж байгаад анализ хийх хэрэгтэй DNN.mn

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа.


-Монголчууд үнэхээр ядуу байна. Эрдэмтэн хүний хувьд та ядуурлын гол шалтгааныг юутай холбож хардаг вэ?

-Бид нэг системээс нөгөө рүү шилжээд үндсэндээ 30 гаруй жил болчихлоо. Ардчилал, нээлттэй зах зээлийг ард түмэн хүлээн зөвшөөрч, энэ замыг сонгосон. Тухайн үед нийгмийн шилжилт энхтайвны замаар явагдсаныг бүгд мэднэ. Гагцхүү тэрхүү шилжилтийг анх санаачилсан хүмүүс нь ямар үе шаттайгаар зах зээлд орох тал дээр өөрийн гэсэн туршлагагүй, хөтөлбөргүй байсан. Үүнээс болж өнгөрсөн 30 жилийн хугацаанд засаглал жижиг асуудлуудыг шийдэх замаар асар их боломжуудыг алдсан. Нэг ёсондоо төр засаг шинжлэх ухаан, боловсролын салбартайгаа нягт ажиллаж байсан бол өнөөдрийн хүн амын дундах ялгарал бий болохгүй

Харамсалтай нь боловсролын систем уначихлаа. Шинжлэх ухааны байгууллагын судалгаа нь ямар ч ашиггүй байна. Уг нь шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар хуулиуд гаргасан ч бидний байгуулах гэж байгаа нийгэм эдийн засгийн бодлоготой холбож чадаагүй. Тэр хууль нь ерөөсөө ажилладаггүй гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд манай улс янз янзын боловсролын системийг туршсан. Ялангуяа ерөнхий боловсролын систем алдагдаж, төгсөгчдийн түвшин муудсан. Энэ нь дээд боловсролдоо халтай. Тэр хэрээр сул боловсролтой, биеэ даах чадваргүй, нийгмийн шаардлагыг хангахгүй боловсон хүчнээр дүүрчихлээ. Үр дүн нь ийм хүмүүс төр, засагт гарсан. Чадамжгүй удирдлагууд, боловсон хүчний гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд ч биеэ даасан сэтгэлгээтэй байхаа больсон. Үндсэндээ 30 жил тархигүй засаглалтай явж ирлээ. Уураг тархитай төртэй байна гэдэг бол боловсрол шинжлэх ухаанаа хамгийн түрүүнд барьж авч, дэмжих ёстой. Улмаар нягт нарийн бодлоготой, хөгжлийн хөтөлбөрүүдтэй байсан бол шийдэх асуудлууд нь оновчтой байх байсан. Нэгдсэн бодлого, стратеги байхгүйгээс болж дэмжих салбар хоорондын хамаарал нь алдагдсан. Үүнээс улбаалж мега төслүүд гацдаг, удааширч улсын хөгжилд том тушаа болдог.

-Ард түмнийг боловсролгүй, мэдлэггүй ядуу байлгах нь хэнд ашигтай вэ?

-“Ард түмнийг боловсролтой болгох асуудал төрд ашиггүй. Яагаад гэвэл төр өөрийнхөө санаснаа хийхийн тулд боловсролгүй хүмүүсийн толгойг угааж ашиглахад аятайхан нөхцөл бүрэлддэг юм” гэж Л.Толостой хэлсэн байдаг. Энэ үгийг өнөөдөр монголчууд яг амсаж байгаа юм. Бас Африкийн жишээн дээр ХХ зууны том эрдэмтэн Ф.Жолио-Кюри “Аливаа орон боловсрол, шинжлэх ухаанаа анхаарлынхаа төвд байлгахгүй бол бусдын колони болно шүү” гэж хэлсэн. Олон улсын зүтгэлтэн, радио академийн элементийг нээсэн том эрдэмтэн хүн ингэж хэлж байсан. Тэгвэл өнөөдөр Африкийн олон орнуудын боловсролын систем сайжирч, судалгааны ажлууд нь эрчимжиж байгаа. Байгалийн баялгаа ухаж амьдардаг бйсан бол тэндээс орж ирсэн мөнгөөрөө ард түмнээ гэгээрүүлж, боловсруулах тал руу Африкт маш их дэвшил гарч байна. Манай улс боловсролын чадамжаа алдсан ч фундамент байгаа учраас бид зөв бодлого хэрэглэж чадвал ард түмнийхээ амьдралыг сайжруулж чадна. Ер нь боловсролтой, мэдлэгтэй байж л ард түмэн сайхан амьдарна.

-Ер нь төр ард түмнээ “ул”-ны байлгах сонирхолтой юм биш үү. Дахин, дахин сонгогдож, эрх мэдлээ удаан хадгалахын тулд ядуу иргэдээ халамжаар угждаг бодлого баримталж ирсэн гэж харж болох уу?

-Манай улс халамжийн бодлогыг хална гээд 30 жил ярьж байгаа шүү дээ. Эдний нэг ойлгосон зүйл бол ард түмэндээ хэдэн төгрөг өгөөд хуурч, дахин, дахин сонгогдоод байх нь ашигтай байсан. Уул уурхайн том том ордуудыг дээгүүрээ яаж ашиглаж, мөнгө угаасан тухай яриад байна. Тэгсэн мөртлөө гаргаж байгаа шийдвэр нь ерөөсөө бидэнд унах юм алга. Улсууд нь иддэгээ идээд, уудгаа уугаад л гарч ирж байна. Тэгэхээр хариуцлагатай иргэний нийгэм хэрэгтэй. Ард түмэн ядуурлаас гарч, хувь заяа, амьдралаа авч явахын төлөө дор бүрнээ чадлынхаа хэрээр өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Ядахдаа ард түмнийг төлөөлж төрд гарч ирсэн улсуудад хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй. “Та ингэж хэлээд төрд гарсан шүү. Бидний амьдрал улам муудаад байна. Гэтэл та бидний дээр гарчихаад зүгээр суугаад байна” гээд амлалт нэхдэг байх ёстой.

-Одоо сонгуулиар дахиад л мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдаж авах байх даа. Ард түмэн өөрсдөө хөдөлмөр хийхийг хүсэхгүй, “ул”-наас гарах сонирхолгүй байна уу?

-Үүнийг бид нэг өдөр арилгачихаж чадахгүй. Ард түмэн улстөрчийн хэн нь хэн бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нөхөр хэр потенциалтай юм, хэлж байгаа үгэндээ хүрч чадаж байна уу гэдгийг дүгнэж сонголт хийх нь зөв. Дэндүү хуучинсаг хүмүүсийг сонгочихвол их харамсалтай юм болно. Залуучуудыг сонговол бас их инээдэмтэй юм болно. Тиймээс алтан дунджийг баримталсан сонголтыг ард түмэн хийж чадна байх.

Ард түмэн боловсролгүй, гэгээрээгүй цагт “ул”-наас гарахад хэцүү л дээ. Манайд шинжлэх ухаан технологийн бодлого, явуулж буй шинжлэх ухаан технологийн суурь бодлого ч алга. Шинжлэх ухааныг хөгжүүлэх стратеги ч байхгүй. Зүгээр л хууль гаргачихсан. Тэр хуулийнхаа дагуу шинжлэх ухаанаа хөгжүүлэх стратегийн бодлого гаргах ёстой. Хоёр янзын технологи хэрэгтэй. Аж үйлдвэрийн IV хувьсгалтай уялдаад улс орнууд зайлшгүй нутагшуулах технологиуд нэвтрүүлж байна. Мэдээллийн технологи, биотехнологи, квантын технологи гээд. Энэ бол зах зээл, ирээдүйн эдийн засгийн бүтцийг тодорхойлох технологи учраас бид тодорхой хэмжээгээр үүнээс хоцорч болохгүй. Өөр нэг асуудал нь хувийн секторууд ямар компаниуд аятайхан ажиллаж байна вэ, тэд ямар технологи ашиглаж байна вэ гэдэгт анализ хийх хэрэгтэй. Уламжлалт сэргэж байгаа технологиудыг улам сайжруулах талаар төрөөс санхүүгийн талаас юм уу, хөрөнгө оруулалт, татварын хөнгөлөлтөөр дэмжих ёстой. Жишээлбэл, газар тариаланд технологийн шийдлийг ямар компаниуд яаж ашиглаж байгааг судалж, нэвтрүүлмээр байгаа юм.

-Аливаа улс орныг дундаж давхаргынхан авч явдаг. Тэднийг яаж дэмжиж гаргаж ирэх вэ?

-Хуучин нийгэмд багш, эмч нар манай дундаж давхаргыг төлөөлж байсан. Тэд цалин мөнгө сайтай. Дажгүй амьдралтай улсууд байв. Харин одоо эсрэгээрээ. Эд нарын цалин, үнэлэмж унаад ирэнгүүт багш нар наймаа хийх нь дээр гэж үздэг болж. Эсвэл Солонгос явж ажиллах нь амьдралд нэмэртэй гэдэг болсон. Монголын ирээдүйг бүтээж байгаа багш, эмч нар ажлаа хаях юм уу. Амьдрал нь баталгаагүй болж байна. Энэ салбарынхаа хүмүүсийн цалин мөнгийг нэмж байгаа гэдэг ч ТҮК-ийн ажилтнуудаас дорд үнэлэгдэж болохгүй. Төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжиж байгаа нь дундаж давхаргыг үүсгэх бас нэг хэлбэр юм. Уг нь жижиг дунд үйлдвэрүүдийг том компаниудын дагавар болгож, тэдэнтэй үйл ажиллагааг нь холбож байх юм бол шинэ санаачилга гарч, шинэ технологи орж ирнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогоо эсгий таавчиг, гар урлал руу чиглүүлэхийн оронд микро элементийн чип угсардаг ч юм уу тэргүүний технологитой жижиг дундыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Манай улс дэлхийн хоёр том хөршийн дунд оршиж байна. Хоёулаа шинжлэх ухааны том баазтай. Эдэнтэй бид шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой. Тэгж байж шинжлэх ухаанаа хөгжүүлж чадна. Шинжлэх ухаан боловсрол бол олон улсын чанартай хөтөлбөр учраас аль болох тэнд сурсан хүмүүсээрээ дамжуулаад мэргэжилтэн бэлтгэж Монголдоо нутагшуулах нь зөв. Боловсон хүчний бодлого, хүн амаа гэгээрүүлэх бодлогоо ойрын үед сайн хийх юм бол ядуурлаас гарч чадна. Дунд давхаргаа ч нэмнэ. Тэгвэл хөгжилтэй хөл нийлүүлэх бололцоо гарна.

-Эдийн засгаа тэлэх ямар бодлого бидэнд байна вэ?

-Уул уурхай байгалийн баялаг л биднийг аварч байна. Тэрийгээ экспортод гаргаж олж ирсэн валютаараа ард түмнийг импортын бараа бүтээгдэхүүнээр хангаж байна шүү дээ. Ковид гарлаа, хойд хөршид дайн боллоо, олон улсын геополитикийн асуудал хүндэрч ирлээ. Энэ үед манай эдийн засаг маш эмзэг гэдэг нь харагдсан. Иймд эхнээсээ баялгийг бүтээгч нь хүнсний аюулгүй байдал байна гээд “Цагаан алт” хөтөлбөр ярьж байна. Үүнийг 30 жилийн өмнө ярих ёстой байсан. Тэгсэн бол бид өнөөдөр өөрийн гэсэн боловсруулах үйлдвэртэй болсон байх байлаа.

Бид сүүлийн дөрөв, таван жил дэх Монголын эдийн засгийн махир түвшин, завсрын түвшний бүх анализыг хийсэн. Тэндээс хамгийн сүүлд салбар хоорондын балансын материал ашиглаад яаж эдийн засгаа солонгоруулах вэ гэсэн тооцоолол хийсэн л дээ. Төрөөс долоо, найман боловсруулах салбарыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл одоо манайд ашигт малтмал, олдворлох үйлдвэрийн салбар ерөнхий дүнгээр 40 орчим хувийг эзлээд байгаа юм. Тэрийг 20 хувь болгоод олдворлох үйлдвэрлэлийг долоо, наймхан хувь болгох юм бол хойшдоо үндэсний аж үйлдвэр хөгжиж, өөрийн гэсэн хоолоо хийж иддэг, хувцсаа оёж өмсдөг болно. Ингэвэл импортын хэрэглээ багасна. Харин импортоор тэргүүний технологи тэнд хөрөнгө оруулах боломжтой гэсэн тооцооллууд бий л дээ.

-Сонгуулийн дараа шинээр байгуулагдах, парламент, Засгийн газарт аль нам ялбал улс эх орны хөгжилд хувь нэмрээ үзүүлж чадах юм бол?

-Энэ сонгуульд аль ч нам ялах нь хамаагүй, шинээр байгуулагдсан парламент, Засгийн газар дээрх алдаануудыг засах хэрэгтэй. Юуны түрүүнд өөрийн уураг тархитай, ухаанаар хөгжүүлэхийн тулд боловсрол шинжлэх ухаанд гарсан бүх хуулиудыг эргэж хараасай. Яг өөрийнхөө хөгжил, нийгэм эдийн засгийн өмнө ямар асуудал шийдэх хэрэгтэй байна тэрэнтэй нь шинжлэх ухаан, боловсролоо уяж, холбож байх хэрэгтэй. Шинжлэх ухаанаа ч холбох ёстой. Өнөөдөр шинжлэх ухааны байгууллага нь төрийн мөнгөөр тэтгэмж авдаг байгууллага болчихлоо. Манай улсын ойрын 20, 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд шинжлэх ухааны ямар технологи гаднаас авах вэ, хувийн хэвшлийг яаж туслах вэ гэдэг талаар ажиллах ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад төр нь өөрийнхөө хөгжилтэй холбож хэрэглээний суурь судалгааг хийлгэдэг. Ихэвчлэн хувийн хэвшилдээ захиалдаг. Тэд өөрийнхөө ашгийг бодоод ямар технологи байна вэ гэдэгт үргэлж хяналт тавьдаг. Хаана ямар эрдэмтний толгойд идеа байна гэдэг тал дээр тусгай менежменттэй. Ийм байдлаар тэд хөгжиж байдаг. Харин манайд ийм бодлого алга. Яагаад бид ядуу амьдарч байгаагийн хариулт нь энэ. Ард түмэн сонголтоо хийх байх, ямар ч нам гарсан бай мэргэжлийн хүмүүсээр салбарын сайдуудыг томилох хэрэгтэй. Боловсролын системийг сүүлийн 30 жилд мэргэжлийн бус хүмүүс удирдаж ирсэн болохоор дампуу байна. Хичээл зааж, лекц уншиж үзээгүй, судалгааны ажил хийж мэдэхгүй ийм сайд нартай байхад энэ өвөрмөц салбар яаж хөгжих юм бэ. Дор нь ажиллаж байгаа хүмүүс сайдынхаа улс төрийн карьерын төлөө хууль баталж байхад бид хөгжлийн тухай ярихад үнэхээр хол байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ууганбаяр: Сонгуулийн үеэр хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байна DNN.mn

Хүний эрхийн Үндэсний комисс УИХын 2020 оны ээлжит сонгуулиар гарсан болон УИХын 2024 оны сонгуулиар гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн талаар өчигдөр мэдээллээ. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгох эрхийг хангах хүрээнд сонгуулийн санал авах байр тэдгээр иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн эсэхэд ХЭҮК мониторинг хийж ажилласан.

Мониторинг хийх явцад нийтлэг гарсан зөрчлийн тухай ХҮЭК-ын дарга Д.Сүнжид: -Иргэд санал өгөхөөр санал авах байранд очих үед нэр нь байхгүй байх асуудал гардаг. Үүнийг хэсгийн хороо, улсын бүртгэл болон холбогдох байгууллагууд сонгуулиас өмнө нэг мөр шийдвэрлэсэн байх шаардлагатай. Түр шилжив гэдэг тэмдэглэл хийсэн бүртгэлийг нэг мөр болгож, өөрт нь урьдчилан танилцуулсан байх шаардлагатай. Хүртээмжийн асуудлыг хүний эрхийн үндэсний комиссын зүгээс үргэлж дурддаг. Санал авах байр нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах бүрэн боломжтой байх ёстой. Аль болох нэгдүгээр давхарт байх шаардлагатай. Орц гарц, налуу замыг бодолцох хэрэгтэй юм. Мөн санал өгөхөд тохиромжтой байрыг сонгох, эсвэл тохижуулах хэрэгтэй.

2020 оны сонгуулийн санал авах байрны нийтлэг асуудал нь орц, гарц, довжооны асуудал байсан. Мөн харааны бэрхшээлтэй иргэд саналаа өгөх үед товгор үсэгтэй тэмдэглэгээ болон томруулах шилний хэрэгтэй байдаг.Санал авах байранд ажиллаж байгаа хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зааварчлах, туслах үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Тиймээс, хүртээмжийн асуудалд анхаарах гол зүйл нь санал авах байрыг сонгох, тохижуулах ажил. Саналын хуудасны тооцоо дээр ажиглагчдын тооцоо нийлэх асуудал нээлттэй байх шаардлагатай. Өмнө нь саналын хуудасны тооцоог танилцуулах дээр асуудал гарч байсан учир ажиглагчдад саналын хуудасны тооцоог нээлттэйгээр танилцуулах нь зүйтэй. Харин саналын нууцлалын асуудал дээр харьцангуй асуудалгүй. Зарим тохиолдолд дотоод багтаамжийн асуудлаас саналын нууцлалын асуудал үүсч байсан. Мөн орой болж санал авах хугацаа дуусах дөхөхтэй холбоотой бие биенийхээ саналыг харах, тэмдэглэх ийм асуудал үүсч байсан учир үүнд анхаарах хэрэгтэй. “Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын эцсийн тайланг бүрэн эхээр нь авах хүсэлтийг Үндэсний Аудитын газарт гаргасан боловч нийтэд нээлттэй байлгах мэдээллийг гаргаж өгөхөөс удаа дараа татгалзаж, олон нийтийн мэдэх эрхийг зөрчсөн…” гэх гомдол ТББ-аас ирсэн. Комисс гомдлын дагуу ажиллагаа явуулахад хүний мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэдэг нь тогтоогдсон тул Комиссын гишүүний Шаардлагыг хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажилласан.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын эцсийн тайланг нээлттэй байлгахад холбогдох байгууллага анхаарч ажиллах нь зүйтэй. Үндэсний Аудитын газар хуулийн дагуу энэхүү зардлын тооцоо, тайланг шууд байршуулах үүрэгтэй. Хамгийн гол гардаг зөрчил нь хүний нэр төрд халдах, цахим орчинд болон бусад төрлийн сурталчилгааг хууль бусаар явуулахгүй байхад анхаарах ёстой юм. Нэр дэвшигчид, намууд энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Хэрвээ эрх нь зөрчигдсөн гэж үзвэл яаралтай, цаг алдалгүй цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Тэгж байж цагдаагийн байгууллага нь уламжилж Харилцаа холбооны зохицуулах хорооноос арга хэмжээ авах юм. Зохион байгуулалтын асуудал дээр нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудал нь. Өмнө нь гарч байсан. Нэр дэвшигчдийг бүртгээгүй үндэслэл нь хуульд нийцэж байна уу, үгүй юү.

СЕХ-оос 154 иргэнийг тодорхой шалтгааны улмаас хууль зөрчсөн хэмээн одоогоор бүртгээгүй байгаа. Үүнийг залруулж зургадугаар сарын 11-нээс өмнө бүртгүүлэх арга хэмжээ авах шаардлагатай. Цаашид нэр дэвшигчид зургадугаар сарын 10-17-ны хооронд заагдсан газар, хугацаа, бүртгүүлсэн цахим хуудас, хуульд заасан арга хэрэгслийн хүрээнд сурталчилгааны ажлыг явуулна. Энэхүү сурталчилгааны ажлыг явуулахдаа Сонгуулийн тухай хуулийг зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм гэв.

Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.


-2020 оны сонгуулийн үеэр хэдэн гомдол хүлээн авсан бэ?

-2020 онд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой дөрвөн гомдол ирж байсан. Нэгдүгээрт, сонгуульд нэр дэвших үнэмлэхээ авсны дараа эрүүгийн хэрэгт татаж цагдан хорьсон гэх гомдол гарсан. Зарим нэр дэвшигчид цагдан хоригдож байх хугацаандаа сонгуульд оролцсон. Энэ асуудлын дагуу тухайн үед холбогдох шүүх, прокурорын байгууллагуудад зөвлөмж хүргүүлж байсан. Иргэний сонгогдох эрхийг хязгаарлах үйл ажиллагаа болж болзошгүй байгаа учир үүнд дээр анхаарна уу гэдэг зөвлөмжийг хүргүүлж байсан. Энэ жилийн хувьд нэр дэвшигчид эцсийн байдлаар үнэмлэхээ аваагүй байна. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол одоогоор гараагүй. Хүний эрхийн зөрчил гарах юм бол бид холбогдох шаардлага зөвлөмжийг хүргүүлэхэд бэлэн ажиллаж байгаа юм.

-Зөвлөмжийн хэрэгжилт энэ жил ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?

-2020 оны сонгуулийн үеэр гарсан зөрчлийг залруулах зөвлөмжийн биелэлт энэ сонгуулиар харагдах юм. Тиймээс 2020 оны сонгуулийн үеэр хүртээмжийн асуудлыг бид онцгойлон анхаарах талаар зөвлөмж хүргүүлсэн. Энэ удаагийн сонгуулиар энэхүү тал дээр тодорхой хэмжээний ахиц дэвшил гарна гэж харж байгаа.

-Одоогоор ямар нэгэн гомдол танай дээр ирсэн үү?

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр сонгогдох эрхтэй холбоотой цөөн тооны гомдол ирж байсан. Тухайн үед ХЭҮК-ын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Сонгуулийн хуульд заасны дагуу нэр дэвшигчийн эрхийг хамгаалах талаар болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор шаардлага зөвлөмж болоод албан бичиг хүргүүлж ажиллаж байсан. Өнөөгийн байдлаар сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна.

-Нэр дэвших магадлалтай хүн саяхан цэцэрлэгт хүүхдүүдтэй тоглож буй дүрс бичлэг цахим орчинд гарсан. Энэ нь хүүхдийн эрхийн зөрчил мөн үү?

-Сонгуулийн үйл ажиллагаанд хүүхдийг ашиглаж байна уу, хүүхдийн дээд эрх ашиг ямар нэгэн байдлаар зөрчигдөж байна уу гэдэгт манай байгууллагын зүгээс хяналт тавьж байгаа. Сонгуулийн тухай хуулиар бол сонгуулийн үйл ажиллагаанд хүүхэд ашиглах нь хориотой байдаг. Хүүхдийн эцэг эх гомдол санал гаргасан тохиолдолд энэ асуудлыг шалгах нь нээлттэй.

-Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үед эцэг эх нь зөвшөөрсөн байсан ч хориотой шүү дээ?

-Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үед зөрчилд тооцогдоно. Сонгуулийн албан ёсны сурталчилгааны хугацаа эхлээгүй байгаа болохоор тус үйлдлийг зөрчил эсэхэд СЕХ хяналт тавина. Бидний зүгээс сонгуулийн үеэр хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Цаг уурын мэдээний сүржигнэл арай хэтэрхий юм” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-06-07-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа. Тэрбээр “Хувийн сайн ажиллаж буй компани ямар технологи ашиглаж байгаад анализ хийх хэрэгтэй” хэмээснийг II нүүрээс уншаарай.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн тэргүүлэх зэрэгтэй, бага ангийн багш Б.Оюунжаргал “Эцэг, эхчүүд дэмжихгүй байвал ямар ч багш ажиллах хүсэлгүй болдог” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт  “Цаг уурын мэдээний сүржигнэл арай хэтэрхий юм” хэмээн өгүүллээ.

ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаяр “Сонгуулийн үеэр хүүхдийн эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарч байна” гэлээ.

Дэлхийн мэдээ: Жо.Байден: Украинд амар амгалан тогтоно гэдэг нь Украин НАТО-д элсэнэ гэсэн үг биш


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… DNN.mn

Архинд нэгэнт орчихсон иргэд гэртээ тогтдоггүй. Ялангуяа эмэгтэйчүүд нэгэнт хамааралтай болчихвол үр хүүхэд, гэр орон сонин биш. Тэдэнд архи авах мөнгө бэлэн. Сар бүр хүүхдийн мөнгө авч байна. Багадаа нэг, цаашлаад хоёр, гурав, таван хүүхэдтэй бол тэр тоогоор мөнгө авна. Дээр нь халамжийн мөнгө, тэжээгчээ алдсаны мөнгө зэрэг нэмэлт “орлогууд” тасрахгүй. Б.Батмөнхийн таван хүү сар бүр хүүхдийн 500 мянган төгрөг авах ёстой. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүгийн халамжийн мөнгө нэмэгддэг. Сарын нэг сая гаруй төгрөг хүүхдийн нэрээр ээжийнх нь дансанд ордог. Гэвч ээж нь архины хамааралтай болчихсон, хүүхдийн мөнгө буухтай зэрэгцээд гэрээ орхиод хүмүүстэй нийлээд архи уугаад явчихдаг. Хүүхдүүд нь хоолтой, хоолгүй, гэр нь зутруу. Эрх биш аав нь байгаа тулдаа хоногийн хоолоо арай ядан залгуулдаг. Хоолгүй үе олон. Тэр үед хөгжлийн бэрхшээлтэй том хүү нь дүү нараа дагуулаад гадуур явчихдаг. Хүмүүс өрөвдөөд хооллоно гэсэндээ тэр гэж аав нь ярьж байв.

Гэр хороололд ийм амьдрал захаас аваад байна. Зөвхөн Баруун салаа гэлтгүй баруун, зүүн зах, тэр битгий хэл хотын төвийн дүүргүүдэд ч архины хамаарлаас бий болсон ядуу зүдүү амьдралтай, хүүхдүүд өлсөж цангасан, өвдөж шаналсан. Ялангуяа охидын эрх хамгийн ихээр зөрчигддөг. Тэднийг хайрлаж хамгаалах ёстой ээжүүд, эмэгтэйчүүд өөрсдөө архинд орчихсон. Архи уудаггүй ч хүүхдээ хамгаалж мэддэггүй, хэрсүү биш эмэгтэйчүүд үй олон юм. Нөхөртөө, хамтран амьдрагчдаа найдсан итгэсэн, эсвэл тэднээс айж амьдрахдаа охин хүүхдээ давхар золиосолж, ирээдүйн амьдралаар нь тоглож байдаг явдал байдаг л үзэгдэл болчихож. Баруун салааны нэлээд гүн рүү хүчингийн яг ийм хэрэг гарч байжээ. Гурван охинтой эмэгтэй хамтран амьдрагчтай болжээ. Удаагүй хамтран амьдрагч нь найзаа авчран гэртээ архидаж, согтуу найз нь 14 настай дагавар охиныг нь хүчиндсэн хэрэг гарсан байна. Охин сэтгэл зүйн ноцтой асуудалд орж, амиа хорлохыг завдаж байсан тухай тэр айлын хамар хашаанд амьдарч байсан хижээл насны эмэгтэй толгой сэгсрэн ярьсан юм. Эл хэргээс хойш тэр айл хоёр тийш салж, эмэгтэй хүүхдүүдээ аван өөр тийш нүүсэн гэнэ. Ноцтой нь удаа дараа үйлдэгдсэн тус хэргийн талаар охины ээж мэдээгүй, анзаараагүй. Хойд аав нь арай ч тийм муухай хэрэг хийхгүй гэж итгэж байсан тухай шүүхэд мэдүүлснийг гудамжныхан нь ярьдаг юм байна. Охид гэртээ байхдаа эрсдэлд орохоос эхлээд хичээл сургуульдаа явахад ч эрсдэлтэй. Харьяалалгүй айлууд олон, хүүхдүүд нь автобус дамжиж сургуульдаа очдог. Өвлийн цагт өглөө хичээлд явахад харанхуй, орой тараад ирэхэд ч бас харуй бүрий байдаг учир ялангуяа охидод ихээхэн эрсдэлтэй.

Согтуу хөлчүү хүмүүс айлгах, ичээх явдал элбэг гэнэ. Гэр хороололд архидалт хэвээрээ, ядуурлын түвшин дээрдээгүй байгаа явдал саяхных биш. 10, 15 жилийн өмнө яг л өнөөдрийн Баруунсалаа, Зүүнсалаа, Улаанчулуут, Дарь-Эх шиг амьдрал ядуу, жил хийдэггүй, архины хамааралтай. Хүүхдүүд өнчирсөн, өлсөж цангасан, өвдөж зовсон. Тэр хэрээр буруу зүйлд уруу татагддаг явдал дийлэнх. Үүнд ээжүүд, эмэгтэйчүүд нэлээд “үүрэгтэй” байдаг нь гэр хорооллын амьдралаас бэлхэнээ харагдана. Үүний нэг гашуун жишээ гэмээр айлаар сурвалжилгын үеэр орж таарсан юм.

Баруун салааны нэгдүгээр буудалд гэр хороолол дунд торон хашаанд баригдаад олон жил болсон, засвар хийгдээгүй үзэмж муутайхан байшинд эгч дүү найман хүүхэд амьдардаг юм байна. Тэднийг том эгч Б.Маралмаа нь харж ханддаг.

Эгч дүүс долоон жилийн өмнөөс ийнхүү амьдарч эхэлжээ. Ээж нь хамгийн бага ихэр дүүг нь төрүүлээд хоёр нас гарантай байхад нь том охинтойгоо чацуу гэмээр залуутай амьдрал зохиогоод явж оджээ. Аав нь ч хүүхдүүдээ орхисон байна. Тэр үед Б.Маралмаа охин 17-хон настай байж. 2-15 насны долоон дүү нь хоол ундгүй, харж хандах хүнгүй болсон учир тэрээр дүү нараа өөрөө авч, асрахаар болжээ. Б.Маралмаатай ярилцахаар хандахад уриалгахан зөвшөөрч, гэртээ урив. Хашаанд хоёр хэцүү нохой уяатай, бас нэг муур гэрээс гараад гүйж харагдав. Б.Маралмаа “Манайхаас нохой, муур салдаггүй юм. Энэ хоёр жижигхэн гөлөг байхдаа манайд ирээд дүү нараас салаагүй. Одоо ийм том болоод хүн оруулахын эцэсгүй болчихсон. Муур ч бас тэжээдэг” гэж гэрт орох зуур ярина. Байшинд орвол хойморт нь нэг том матрас тавьж, дэргэд нь авдар байрлуулсан байна. Хаалганы хавьцаа хоёр хүн суучихаар зөөлөн сандал, нэг том ширээнээс өөр гойд тавилга үгүй.

Байшингийн доторх хана сааралтаж, зарим газраараа шохой нь унажээ. Матрас дээр үеийн гэмээр хоёр хүү, нэг охин шомбойж сууна. Нэг нь ухасхийж босоод цай аягалж өгөв. Том эгч нь “Хоёр гараараа өгөөч” гэж зэмлэх аядав. Долоон настай хамгийн бага ихэр хоёр, түүний дээд талын ах гурвуулаа байгаа нь тэр аж.

-Ихрүүд том болжээ. Хоёр настайд нь чи авч байсан гэсэн байх аа?

-Манай ихрүүд ээжээс төрөөд мөөмөө ганц удаа л амласан. Түүнээс хойш байнгын угжаар хүн болсон. Энэ хоёр маань том эгч ах хоёрын өвөрт хүн болсон. Ихэр хүүхдүүд хэцүү гэлцдэг. Манайх олуулаа болоод тэр үү тийм байгаагүй. Харин ч багад нь юу ч мэдрэгдэж байгаагүй. Одоо ч юм юм мэдрэгдэх гээд байна. Олуулаа учраас нэг дор юмаа хангаж чадахгүй, ээлжилнэ. Гэтэл ихрүүдэд зэрэг л юм авч өгөхгүй бол болдоггүй. Нэгэнд нь өгөхөд нөгөөхийнх нь нүд цаанаа л горьдоод үлддэг.

-17 настай охин долоон дүүгээ асарч хамгаална гэдэг шийдвэр амар байгаагүй байх аа?

-Тэгж шийдэхээс өөр арга байгаагүй. Эхний нэг жил чанга байсан. Эвээ олохгүй. Би багаасаа л энэ хэдийг асарч өссөн. 17 нас хүрэх үед ээжийн дүү “Аль юм болгон хүүхэд харах юм. Ажил хий” гээд өөрийнхөө ажилладаг гар урлалын дэлгүүрт ажилд оруулсан. Тэгж л анх удаа цалинтай ажил хийж үзсэн. Энэ үед би гэрээсээ яваад эмээ дээрээ хэсэг байсан юм. Дүү нар аав, ээжтэй хамт байсан учраас би юм бодоогүй. Гэтэл 2017 оны наадмаар цалингаа аваад дүү нартаа хоёр тор хүнс аваад гэртээ иртэл аав байхгүй. Ээж гадагшаа гарах гээд хамаг байдгаараа гоёж гоодчихсон, харин дүү нар халтайчихсан, баярлах битгий хэл хоол унд ч байхгүй нүд халтирмаар угтсан. Хэд хоногийн дараа оройн цагаар очиж үзье, ээж дүү нарт анхаарч байна уу гэдгийг харъя гээд шөнө иртэл манайд том хүн байхгүй. Дүү нар л хонож байсан. Ингээд л эмээ, эгчтэйгээ ярилцаж байгаад би эдэндээ толгой болж явахаар шийдсэн.

-Ээж чинь хүнтэй суугаад яваад өгчээ?

-Ээж одоо 50 нас хүрч байгаа. Бараг надтай чацуу залуу. Би хүнээс юм гуйдаг төрлийн хүн биш. Өөрөө болгоно, чадна гэж үздэг. Гэхдээ би ээжтэй нэг зүйл дээр байнга маргалддаг. Ээж хүүхдийн мөнгийг өөрөө авдаг. Сая хувьцааны мөнгө тараахад бас авсан. Ингэхээр цаанаа л зэвүү хүрээд байдаг. Тэр хүнтэйгээ миний хэдэн дүү нарын мөнгийг аваад үрээд сууж байна гэж бодохоор дургүй хүрмээр. Хороогоор явж үзсэн. Бүтэхгүй юм билээ. Тэгээд л орхисон доо.

Дүү нартайгаа одоо хэдийнэ амьдрах учраа олсон. Одоо манайх хоосон хоноод хэцүү тартагтаа тулсан уу гэхээр ер нь бид баян айл байгаа байхгүй юу. Идэх юмтай, үзэх зурагттай, тог цахилгаантай, уух устай байна гэдэг манайх баян. Манайх юнивишнтэй. Юүтүб ороод хүссэн юмаа үзэж байна.

Надад амьдрал тухгүй байсан зүйл бол аав ээж хоёрын хэрүүл дунд оршоод байгаа нь. Тэр хоёр бурууг өөрсдөөсөө биш надаас хайдаг. Аав уурлахаараа “Чи гэрээс явснаас болж манай гэр бүл ийм болсон” гэдэг. Ээж ч тэр.

-Дүү нар чинь сургуульд явдаг уу?

-Би таван хүү, хоёр охин дүүтэй. Миний доод талын дүү энэ жил 18 нас хүрсэн. Намар цэрэг татлагад явна. Түүний дараагийн 16, 13-тай хоёр хүү сургуульд явдаггүй. Анх нэгдүгээр ангид улсын сургуульд орсон. Гэтэл ээж хүмүүнлэгийн нэг сургуульд оруулчихсан. Тэр нь 3-10 дугаар ангийг нэг анги болгоод нэг л багш хичээл заадаг. Шал өөр түвшний хүүхдүүд нэг хичээл үзнэ гэж байж болохгүй. Тиймээс гаргаад авчихсан. Улсын сургуульд оруул гэж хүмүүс хэлдэг. Нэгэнт үеийнхнээсээ хоцорчихсон хүүхдүүд хэцүү байдалд орно. Сургуультай сургуульгүй зөв л хүн болж байвал амьдрал нь болно гэж боддог.

-Аав чинь холбоотой байдаг уу?

-Аав өнгөрсөн жилийн аравдугаар сараас бидэнтэй холбогдож, хамт амьдарч эхэлсэн. Түүнээс өмнөх зургаан жил бид наймуулаа л амьдарсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар долоон жил ажилласан гар урлалын дэлгүүрээсээ гарсан. Аав ажил хийж хоол хүнсэнд нэмэрлэж байгаа. Миний стрессээ гаргадаг нэг зүйл бол зураг. Би үүрээр босоод ч хамаагүй зурах дуртай.

-Та нар юу мөрөөддөг вэ?

-Нэг зорилгоо огт биелүүлж чадахгүй байна. Машин авах гэж сүүлийн хоёр гурван жил мөнгө цуглуулж үзсэн. Зундаа овоо хоёр, гурван сая болдог ч өвөлдөө яалт ч үгүй нүүрс түлээ, хоол унданд хэрэглэгдчихдэг. Машинтай болчихвол дүү нараа суулгаад агаарт гарахыг хүсдэг. Бид олуулаа нэг дор машинд сууж үзээгүй. Наймуулаа багтана гэхээр приус 41 л болох юм билээ.

Миний бас нэг том мөрөөдөл байдаг. Би Монголд байхгүй зургийн дэлгүүр нээх мөрөөдөлтэй. Багаасаа зураг зурсан. Аним төрлийн зураг зурдаг. Зургаа зурахдаа нүд, уруул хоёрыг гоё гаргахыг хичээдэг гээд хоёр хавтас дүүрэн гараар зурсан зураг гаргаж ирлээ. Нээгээд үзвэл мэргэжлийн зураач зурсан гэмээр анимийн дүрүүд байна. Эмэгтэй голдуу дүрүүдийг зурдаг аж. Нүд нь хурц, уруул нь ялдам, тийм нэг хараад л баймаар мэргэжлийн зурдаг юм байна. Ийм буйдхан орчинд, хүндхэн амьдрал дунд ийм гайхалтай бүтээл туурвиж суудаг, яг л нөгөө суут хүмүүсийн амьдралыг өөрийн эрхгүй санагдуулав.

Томчуудын ухамсаргүй, эцэг эх байх үүргээ ухамсарлаагүй, түүнээс болж хүүхэд хохирсон хүнд жишээ энэ найман хүүхэд мөнөөсөө мөн. Тэд өнөөдөр инээж буй сэтгэлийнх нь гүнд ямар гуниг зовлон, бэтгэрэл байхыг хэн ч тааж мэдэхгүй. Б.Маралмаа жаахнаасаа дүү нараа асарч, аав ээжийн хайрыг мэдрээгүй учраас өөрөө амьдрал зохиохгүй гэж шууд хэлнэ лээ. Түүний зөвхөн энэ үг л амьдрал ямар хэцүүг, томчууд тэнэг байхын үр дагавар юунд хүргэдгийг товчхон хариулчих шиг болсон юм.

Төр нь ядарсан гэх иргэдээ халамжаар угжихын үр дагавар эцэс төгсгөлгүй архидалтыг бий болгосон. Архины хамааралд орсон хүмүүс ар амьдралаа тоодоггүй. Гэр бүлийн төлөвлөлтийн тухай ухаарах сөхөөгүй, хүүхэд төрүүлдэг. Тэднээ хайхардаггүй. Тэд ажил хийж орлоготой амьдрах тухай мэддэггүй, ойшоодоггүй. Төр нь ажил хийгээд олохоос илүү мөнгийг цацчихаж байгаа нь хамгийн том хүчин зүйл. Нэгэнт үнэ цэнэгүй цацаж байгаа мөнгө ямар ч айлд үнэ цэнэ, баялаг бүтээхгүй. Дийлэнх нь гэр бүлийн хэн нэгний архины мөнгөнд урсаж байна. Ийм амьдрал үргэлжилсээр л байдаг. Ядуурал үргэлжилдэг. Дараа дараагийн үе нь тэр л амьдралын замналаар амьдардаг. Улаанбаатар хотын гэр хороололд хаана нь ч ийм бүлгүүд бий болчихсон. Удчихсан. Ийм нийгмийн бүлэг байх нь улстөрчдөд хэрэгтэй. Тэд ямар ч ухамсаргүйгээр санал өгөх автомат машин л гэсэн үг. Улаанбаатарын аль ч дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд үүнтэй холбоотой. Сонгогчид ядуу байх нь ашигтай. Тэдэнд халамж өгч архины хамааралд байсаар байх нь хэрэгтэй. Ийм л бодит дүр зураг өнөөдрийн гэр хорооллын гүнд оршиж байна.

Ядуурал үе дамжин үргэлжлэх хортой. Тэр дундаас өндийж босч ирэх боломж бараг үгүй. Ерөөсөө удамшчихдаг болохыг дэлхийн судлаачид тогтоочихсон. АНУ-ын хэсэг эрдэмтэд Макс Жек гэх гудамжны нэгэн эрийн удмын 840 хүнийг судлахад 100 жилийн дотор маш олон хүний амьдралынх нь түүх бүтэлгүй байсан бол Америкийн сэргэн мандуулагч Жонатан Эдвардын гэр бүл 100 жилийн дотор 1394 хүнээс их сургуулийн захирал 13, пастор 100, цэргийн жанжин 75, бичгийн хүн 60, хуулийн мэргэжилтэн 180, дээдсийн давхаргын 80, сенат гурав, Америкийн ерөнхийлөгч нэг төрсөн байдаг.

Түүгээр зогсохгүй Google-ийн “medium.com” хаяг дээр байгаа “Is poverty inherited?” буюу “Ядуурал удамшдаг уу?” нийтлэл дээр Бээжингийн багшийн их сургуулийн профессор Дай Жианье шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн түүх ярьсан тухай нийтлэл байна. Уг нийтлэлд нэгэн дарга мөнгө олохын тулд хот руу нүүж ирсэн тариаланчдыг хямд хөлсөөр ажиллуудаг байв. Нэлээд хэдэн жилийн дараа тусгай төсөлд шалгаран тэнцэж уг төслийг бие даан хэрэгжүүлэхээр болсон бөгөөд түүнд барилгын ажилчид бус материал ялгах, бичиг хэргийн ажилтнууд хэрэгтэй болсон байна. Дарга зардлаа бууруулахын тулд коллежийн оюутнуудыг маш бага цалингаар ажилд авчээ. Дарга санамсаргүйгээр эдгээр оюутнуудын эцэг эх нь өөрт нь ажиллаж байсан цагаач ажилчид байсныг олж мэдэв. Үүнээс болж Дай Жиане дарга ядуурал удамшдаг юм байна гэж бодох болжээ гэсэн байна. Ядуучуудын хүүхдийн 90 хувь нь ядуу байдалтайгаа эвлэрдэг бол 10 хувь нь сэтгэх чадвараа дайчлан энэ байдлаа өөрчилж сайхан амьдралд орж чаддаг байна. Тухайлбал, Америкийн боловсролын байгууллагын статистик мэдээнд “Эдийн засгийн өндөр орлоготой гэр бүлд хүүхдүүд цагт эдийн засаг, уран зохиол, улс төр болон бусад чиглэлээр эцэг эхээс дунджаар 2000 үг сонсож сэтгэх чадвар нь сайжирч байдаг бол дундаж орлоготой өрхийн хувьд энэ тоо 1200, ядуу өрхийн хувьд 600 болж буурдаг. Чинээлэг гэр бүл нь амьдралын чанарыг дээшлүүлж зогсохгүй хүүхдүүдэд илүү өргөн ертөнцтэй харьцаж, илүү өргөн хүрээтэй харах боломжийг олгодог. Ядуу гэр бүлд эцэг эхчүүд хоол унд, хувцас хунараа олж авахын тулд шаргуу хөдөлмөрлөж, хүүхдүүд нь сэтгэх нөөц бололцоо муутай өссөнөөс болж амьдралд нь бэрхшээл үүсдэг” гэсэн байна.

Энэ бол ядуурлын тухай шинжлэх ухааны тайлбар юм. Маш харамсалтай нь шинжлэх ухаан ядуурлын нэг гол шалтгаан сэтгэцийн өвчин байдгийг нэгэнт тогтоочихсон. Учир нь сэтгэцийн өвчлөл нь үе дамжин удамшдаг аюултай аж. Сүүлийн үед манай улсад цус ойртолт маш их байгаа бөгөөд үүний уршгаар төрөлхийн гажигтай, оюуны хомсдолтой хүүхдүүд ихээр төрөх болсон. Хөгжингүй улсад сэтгэцийн өвчтэй хүмүүсийн төрөлтийг хязгаарлах арга хэмжээ авдаг байна. Манайд тэгж чаддаггүй. Чаддаггүй ч гэж дээ. Төр, засаг нь тоодоггүй гэвэл илүү үнэнд ойртоно.

Судалгаагаар манай улсын нийт хүн амын 23 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарсан нь 600.000 гаруй иргэн сэтгэцийн асуудалтай гэсэн үг юм. Харин сэтгэцийн тулгамдсан асуудалтай болдог үндсэн шалтгаан нь ядуурал, архидалт, ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд юм гэж манай эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Амиа алдсан цэрэг Дотоодын цэргийн ангийн биш, хувийн компанийн хашаа барьж байжээ DNN.mn

Төв аймгийн Цээл сумын нутагт хугацаат цэргийн албан хаагч машины ослоор өнгөрсөн сарын 30-нд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн талаар ЦЕГ-аас тайлбар өгөхдөө “Төв аймгийн Цээл суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан 05 дугаар ангийн алба хаагч зам тээврийн осолд өртөн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Зам тээврийн ослын гэмт хэрэгт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодын цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалтыг хийж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийг тусгай ажилд томилуулан ажиллуулдаг. Энэ хүрээнд л явагдсан” гэсэн билээ.

Амиа алдсан цэрэг өнгөрсөн оны аравдугаар сард Булган аймгийн Дашинчилэн сумаас татагдсан 18 настай Б гэх хүү байжээ.

Ослыг харсан нутгийн иргэнтэй тухайн үед юу болсон талаар ярилцлаа. (Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.)


-Хугацаат цэргийн албан хаагч машины ослоор нас баржээ. Осол юунаас болж гарсан талаар ярьж өгөхгүй юү?

-Цээл сумын нутагт “Чандмань баян бүрд” гэх компанийн тариалангийн талбайн хашааг цэргүүдээр бариулж байсан. Осол оройн 22:00 цагийн орчимд болсон. Найман тоннын даацтай ачааны машиныг уулын уруу асаахаар өнхрүүлсэн юм билээ

Талийгаач цэргийг буугаад машины дугуйнд ивээс хий гэсэн. Ингээд ивээсийг нь хийж байгаад дугуйн дор орчихсон. Найман тоннын машин гэдэг хүнд шүү дээ. Цэрэг газар дээрээ нас барсан.

-Ивээс хийдэг нь ямар учиртай юм бол оо?

-Бүрэн бус тээврийн хэрэгсэл байсан гэж хүмүүс ярина лээ. Өөрөө асдаггүй, өнхрүүлж байж асдаг. Дээр нь тоормосгүй. Тиймээс уруу газар өнхрүүлсэн. Тоормосны оронд цэргээр ивээс хийлгэж байсан болж таарч байгаа. Тэр хүү машиныхаа гадна талд биш, дотор талд нь зогсож байгаад ивээсээ хийгээд өндийж амжилгүй машин нь өнхөрчихсөн гэсэн. Ингээд дугуйн дор нь орчихгүй юу.

-Цагдаагийн байгууллагаас дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор томилолтоор ажиллуулж байсан гэж мэдээлсэн. Таны хэлснээр бол хувийн компани юм уу даа?

-Тийм. Хувийн компани шүү дээ. Цээл сумын Засаг даргаар олон жил ажилласан хүний хүүхдийн эзэмшлийн тариалан эрхэлдэг компани. Дотоодын цэрэгтэй ямар ч хамаагүй. Тэгээд ч цэргүүд өдийд ажилд дайчлагдахгүй. Дайчилбал намар л ажиллуулдаг шүү дээ. Тиймээс энэ бол хувийн ажилд дайчилж байсан гэсэн үг.

Гол нь бүрэн бус тээврийн хэрэгсэл ашигласан нь хүний амь хохироох гол шалтгаан болсныг нутгийнхан шүүмжилж байгаа. Хугацаат цэргийн албан хаагчдыг ажиллуулж байсан хэрнээ техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй нь ноцтой асуудал шүү дээ. Ер нь энэ компани, эзэд нь нутаг усандаа нэр хүнд муутай хүмүүс байдаг даа. Бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглаад зогсохгүй цэргүүдийг 22:00 цагийн үед ажиллуулж байна гэдэг ажлын бус цаг болж таарна.

-Ажил явдал нь маргааш (өнөөдөр) болно гэв үү. Ар гэр нь ямар хүмүүс юм бол?

-Тийм юм билээ. Ар гэрийнхнийх нь хувьд аав нь харвачихсан, гэртээ байдаг ядруухан айл бололтой. Талийгаач хүү эмээ дээрээ өсч хүн болсон. Эмээ нь нэлээд эртхэн өөд болсон юм билээ. Ах дүү нарт нь хэргийн талаар бодитой зөв мэдээлэл өгөөгүй. Хэргийн талаар гадагшаа битгий ярь гэж цагдаагийн байгууллагаас үүрэг өгсөн гэж дуулсан гэв.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Улс орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай дуугарч, ажиллаж ирлээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр хаалтаа хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс тодруулга авлаа.


-Чуулган хаалтаа хийж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд танай намын Бүлгийн хувьд хэр ажилласан гэж бодож байна вэ?

-Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент өнөөдөр хаалтаа хийлээ. Ер нь парламентын түүхэнд нэлээд амаргүй парламент байсан болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр цөөнх болсон сөрөг хүчин Ардчилсан нам маань 11 суудал авсан нь хэт цөөнх байлаа. УИХ-аас гарч байгаа аливаа хөшүүрэг бүхий хууль, бодлого шийдвэрүүд хамгийн багадаа бүх гишүүдийн дөрөвний нэгээр дэмжигдэх учиртай.

Жишээлбэл, Түр хороо байгуулах, сонсгол хийх зэрэг асуудал 19-өөс дээш, магадгүй Ерөнхий сайдын асуудлыг ярья гэвэл 25 гишүүнээс дээш байх ёстой. Тийм болохоор хэт цөөнх болсон болохоор асуудлууд байлаа.

Ардчилсан нам маань ч өнгөрсөн хугацаанд багагүй асуудалтай байсан. Гэвч нөгөө талаараа хэдийгээр цөөнх байсан ч намын бүлгийн хувьд нэлээд бололцооны ажилласан. Гишүүд маань чамгүй олон хууль санаачлан өргөн барьж батлууллаа. Энэ дотроо найман хууль батлуулсан нь ч байна. Мөн намын эв нэгдлийг хангахын тулд бүлгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллалаа. Мэдээж биднийг хэрхэн ажилласан бэ гэдэг дээр ард иргэд маань дүнгээ тавьдаг ёстой.

-Эрх барьж буй намтайгаа хэр ойлголцолд хүрч, хамтарч ажилласан бэ?

-Улс орны эрх ашгийг хөндсөн томоохон ажлууд дээр бид заавал эсэргүүцэх ёстой. Сөрөг хүчин гэсэн байдлаар хандсангүй. Тухайлбал, Үндсэн хууль, тогтолцооны өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль зэрэг ажлууд дээр ойлголцолд хүрч, улс орны эрх ашигт нийцүүлэх байдлаар ажилласан.

-Тэгвэл эрх баригч нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ үгийг хэр сонсож, алдаа дутагдлаа засаж сайжруулах тал дээр ямар байсан бэ?

-Би түрүүн хэлсэн. Бид энэ удаад хэт цөөнх байсан. Тийм болохоор үнэхээр хүч хүрэхгүй тохиолдол гардаг. Ийм байлаа гээд бид жижиг сажиг зүйл ярьж гоншигноогүй. Харин ч эсрэгээрээ улс орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай дуугарч, ажиллаж ирлээ.

-Өнгөрсөн дөрвөн жилд парламент хэр үр дүнтэй ажилласан бэ?

-Бид өнгөрсөн дөрөв, найман жилийг эргээд дүгнэх хэрэгтэй. Энэ танхимд суугаад хэдэн хууль санаачлах, түүнийгээ батлуулах эсэх бол дараагийн асуудал. Хамгийн гол нь бодит амьдрал дээр ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарах вэ, гарсан бэ гэдэг л чухал. Гэтэл энэ найман жилийн хугацаанд эрх баригчдын амлалт хаачсан бэ. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнэ яагаад тогтмол буураад байна. Нөгөө амласан боловсруулах, арьс ширний үйлдвэр яасан юм. Нефть боловсруулах үйлдвэрийг аль найман жилийн өмнө л МАН-ынхан амлаад явж байсан. Гэтэл одоо түүхий эд ч байхгүй, бараг хоёр тэрбум орчим ам.долларын өр нэмэгдэхээр хэмжээний болчихсон байна. Бүхэл бүтэн дөрвөн жилийн дотор 200-хан км авто зам тавьлаа. Үүнд санхүү нь дутаагүй. Зөвхөн зохион байгуулах арга барил, сэтгэл зүтгэл л дутсан. Нөгөө л цэвэрлэх байгууламж, утаа, түгжрэл гээд шийдэгдсэн асуудал огт алга. Мөн өнөөдөр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх болон сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хэрхэн хумигдаж байгааг бид өдөр ирэх тусам харж байна. Энэ мэтчилэн цаасан дээр бичсэн хоосон амлалт бус, амьдралд хэд нь хэрэгжсэн бэ гэдгийг иргэд маань хараад дүнгээ тавьж байгаа байх л гэж бодож байна.

Т.ХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Амиа алдсан цэрэг Дотоодын цэргийн ангийн биш, хувийн компанийн хашаа барьж байжээ” хэмээв. Энэ тухай IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Улс орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай дуугарч, ажиллаж ирлээ” гэв.

СУРВАЛЖЛАГА: Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс…

УИХ-ын хаврын отгон чуулган завсарлалаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Г.БАДАМДОРЖ: Урвагч уу, эх оронч уу?” нийтлэл хэвлэгдлээ

“Amlalt.mn” сайтын эрхлэгч Ц.Мөнхбаатар “Амласан л бол хэрэгжүүлдэг байх, хэрэгжүүлж чадаагүйгээ ил тодоор тайлагнадаг улс төрийн соёлд төлөвших хэрэгтэй байна” хэмээн ярилаа.

Ардчиллын анхны партизануудын нэг С.Төмөрбүс “Ардчилсан нам эвтэй байвал Монгол бүтэн байна” хэмээснийг I болон “Улс төр” нүүрээс уншаарай

Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн охин Б.Уранчимэг “Миний ээж хүзүүний алчууранд дуртай болохоор явсан газар болгоноос гоёыг авчирч баярлуулдаг байлаа” хэмээн “Хүмүүс” нүүрт ярилаа.

ГАДААД МЭДЭЭ: Чихрийн шижин өвчинг эмчилжээ

АРЫН НҮҮР: Нойр, хоолондоо л сайн бол ажил аяндаа бүтнэ

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ