Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа
-Энэ удаагийн сонгуулийн санал авах өдөр болоход ганцхан хоног үлдлээ. Бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан уу?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуваарийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт хэвийн үргэлжилж байна. Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороонд нийтдээ 23 мянга гаруй төрийн албан хаагч иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахаар ажиллаж байна.
Сонгууль зохион байгуулах бүх үйл ажиллагаа олон нийтэд болон хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй байгаа. Та бүхэн анзаарсан байх, сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгсэл буюу санал тоолох төхөөрөмжийг саналын хуудастай нь улс төрийн нам, төрийн бус байгууллагын ажиглагчдад шалгуулж, туршуулаад хэсгийн хороодод хүргүүлсэн. Ажиглагчдын зарим нь саналын хуудсыг халуун индүүгээр индүүдэж, хэдэн янзаар санал тоолох төхөөрөмжид уншуулаад ямар нэгэн асуудалгүй юм байна гэсэн. Хэсгийн хороодод хүргүүлсний дараа буюу өнгөрсөн мягмар гаригт орон даяар нэгэн зэрэг туршсан. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооны байранд шалгаж, туршаад, баталгаажуулж гэрчилгээжүүлээд явуулсан төхөөрөмж тэр янзаараа санал авах байранд очсон уу, хэвийн ажиллаж байна уу гэдгийг мөн л нам, эвслийн ажиглагч, олон нийтийн өмнө нээлттэй туршсан гэсэн үг. Энэ бүх үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагууд лайв хийж, мэдээ мэдээлэл бэлтгэж сурвалжилсан.
Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийг технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосноор хэсгийн хороодод хүргүүлдэг. Энэ бүх ажиллагаа нам, эвсэл, хөндлөнгийн байгууллагуудын ажиглалт, хяналт дор болдог. Энэ жилийн тухайд нэмээд хэвлэл мэдээллээр нээлттэй олон нийтэд хүргэлээ. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2198 хэсгийн хороонд 2943 санал тоолох төхөөрөмж ашиглах бөгөөд саналын хуудсыг сонгогчдын тоонд үндэслэсэн нөөцтэйгөөр хэвлүүлснийг хэсгийн хороодод хүргүүлсэн.
-Тэгэхээр хар машинд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн үг үү?
-Өнгөрсөн 2012 оноос санал тоолох төхөөрөмж ашиглаж байгаа. Дээр ярьсан процесс, хяналт байсаар л ирсэн.
Санал тоолох төхөөрөмж, гар тооллогын дүн зөрж байсан удаагүй. Нам, эвслийн төлөөлөл төхөөрөмжийг шалгаж, ажиглаад өөрсдөө туршдаг. Тэгсэн атлаа нийтэд янз бүрээр ярьдаг учраас сэтгүүлчдийнхээ тусламжтайгаар нийтэд ил болгосон. Дээр нь энэ удаагийн сонгуулиар бүх хэсэгт, бүх саналын хуудсыг гараар тоолж, хяналтын тооллого хийнэ.
Саналын хуудсыг гараар тоолох үйл ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдын төлөөлөлд бүрэн нээлттэй.
Саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудасны зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдод мэдээлсний дараа нэн даруй эхлүүлж, завсаргүйгээр явуулна. Ингэхдээ саналын хайрцгаас саналын хуудсыг нэг, нэгээр гаргаж, саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг ажиглагчдад ил тод харуулж, нэр дэвшигч, нам эвсэл бүрийн авсан санал бүрийг уншиж танилцуулна.
-Энд тэнд саналын хуудас бөглүүлээд яваад байна гэсэн яриа гардаг. Тийм эрсдэл бий юү?
Ямар ч боломжгүй. Саналын хуудас усан хээтэй үнэт цаасан дээр нэгдсэн дугаарын мэдээлэл агуулсан ил, тусгай зориулалтын неон гэрлээр харагддаг далд нууцлалтай, аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай хэвлэгддэг бөгөөд олшруулах боломжгүйг ажиглагчид үзэж, шалгасан юм. Үнэт цаас хэвлэдэг тусгай зөвшөөрөлтэй компанид тагнуул, цагдаагийн 24 цагийн хяналт дор яг заасан тоогоор хэвлэдэг. Яг тоо ёсоороо хэсгийн хороодод хүргэгдээд, зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдын хяналт дор тэмдэглэдэг. Санал тоолох төхөөрөмж дээр ярьсан нууцлал, кодтойгоос өөр хуудас уншихгүй.
-Нийт хэдэн нэр дэвшигч өрсөлдөж байгаа вэ?
Улсын хэмжээнд 2198 санал авах байранд 2.058.865 сонгогч саналаа өгнө. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч нийт 1341 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн 969 нь тойрогт, 372 нь жагсаалтаар нэр дэвшсэн. Тойрогт нэр дэвшсэн 969 хүний 42 нь бие даан нэр дэвшигч байгаа.
–Гадаад улсад суугаа монголчуудын саналыг авч дууссан. Хэдэн хувьтай оролцсон бэ. Дүнг нь хэзээ танилцуулах вэ?
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт саналаа өгсөн. Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах ажлыг Төв комисс болон Дипломат төлөөлөгчдийн г азруудын дэргэдэх Салбар комисс зохион байгуулсан. Нийт 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 буюу 74.53 хувь нь саналаа өгсөн байна. Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авсан. Энэ удаагийн сонгуулиар санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо, ирцийг тэр үеийнхтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн. Бүртгэлийг цахимаар зохион байгуулсан, санал өгөх өдрийг дөрөв болгож нэмэгдүүлсэн нь сонгогчдын ирц, идэвхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Гадаадад байгаа иргэд саналаа өгсөн хуудсаа өөрсдөө битүүмжлээд лацтай хайрцагт хийдэг. Түүнийг дипломат шуудангаар авчирч төрийн хамгаалалтад байлгаж байгаад зургадугаар сарын 28-ны өдөр 22:00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолно. Түүнээс өмнө санал хураалтын дүн гарах ямар ч боломжгүй.
-Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн бол санал өгч болох уу?
Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан санал авах байранд ажиллаж байгаа. Хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой. Хурууны хээ нь уншигдахгүй тохиолдолд иргэний үнэмлэхээр нягталдаг гэсэн үг. Тэгэхээр сонгогч иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдол И-Монголиагаас мэдээллээ харуулчих ч боломжтой. Хамгийн гол анхаарах асуудал нь сонгогчид Улсын Бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтаа шалгаж санал өгөх байраа мэдэх ёстой. Энэ удаагийн сонгуулиар хэсгийн хороод 100 гаруйгаар нэмэгдсэн. Тэгэхээр өмнө өгдөг байсан байр өөрчлөгдсөн байх магадлалтай тул санал өгөх байраа урьдчилж мэдээд очихыг зөвлөмөөр байна. Хэрвээ санал өгөх өдөр андуураад өөр байранд очсон байсан ч бүртгэлийн ажилтнаас лавлаад сонгогч дын нэгдсэн сангаас шүүлгэж хаана очиж саналаа өгөхийг шүүлгээд мэдчих бүрэн боломжтой.
–УИХ-ын ээлжит сонгуульд нийт хэчнээн ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид оролцох вэ?
Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) гишүүн орнуудынхаа сонгуулийг иж бүрнээр ажиглаж дүгнэлт гаргадаг. Тус байгууллагаас 191 ажиглагч орон даяар ажиллаж байна. Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлсэн гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын 68 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах юм. Түүнчлэн Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thom son Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency зэрэг дэлхийн нэр хүндтэй 12 агентлагийн 27 сэтгүүлч сонгуулийн үйл явцыг дэлхий дахинд сурвалжилна.
Дотооддоо нам эвсэл, төрийн бус байгууллагын 30 мянга гаруй ажиглагч бүртгүүлэн ажиллаж байна.
–Нэг намын нэр дэвшигчдийг л дугуйлж байж саналын хуудас хүчинтэй гэсэн ухуулга явж байна. Энэ тал дээр тодорхой тайлбар өгнө үү?
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгогчдод хоёр саналын хуудас очно. Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болно. Дутуу тэмдэглэсэн тохиолдолд сонгогч бүхээгтээ буцаж суугаад гүйцээж тэмдэглэх боломжтой. Илүү тоогоор тэмдэглэвэл хуудсаа хүчингүйд тооцуулж, дахин нэг саналын хуудас аваад тэмдэглэх боломжтой. Саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчээс сонгогч мандатын тоогоор дэмжихийг хүссэн нэр дэвшигчийнхээ өмнөх зууван дугуйг дүүргэж тэмдэглэнэ. Заавал нэг нам, эвсэл байх албагүй. Таны хэлснээр нэг намын нэр дэвшигчийг дугуйлж байж хүчинтэй гэдэг огт худлаа, буруу мэдээлэл.
Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч дэмжиж буй нэг нам эсвэл эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл саналын хуудас хүчингүй болно. Дээр хэлсэнчлэн сонгогч дахин нэг хуудас авах боломжтой.
–Иргэд, сонгогчдод хандаж юу хэлэх вэ?
Үндсэн хуульд зааснаар төлөөлөгчөөрөө уламжилж төрийн эрх барих нь иргэний үндсэн эрх. Нөгөө талаар төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөгчөө сонгох нь улсынхаа өмнө хүлээсэн хариуцлага. Тиймээс эрхээ эдэлж, хариуцлагатай хандан Төрийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье. Иргэд маань төрийнхөө өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж хандана гэдэгт итгэж байна.