Түүнтэй ярилцаж суух цаанаа л нэг уярам, яагаад ч юм бэ яруусалтай байдаг. Үзэсгэлэнт энэ жүжигчинтэй би гурав дахь удаагаа ярилцаж байна. Тэгэхдээ анхны ярилцлагаас хойш 10 жилийн дараа ярилцсан. Ярилцлага өгөх тийм ч дуртай биш энэ бүсгүй намбалаг төрхтэй, ухаалгаас гадна их чамбай. Ярилцаж суух хоромдоо бурхан түүнд бүхнийг харамгүй заяажээ гэж бодохоос гадна бишрэх сэтгэл төрж байснаа нуухгүй. Ингээд ярилцлагаа уншигчдадаа хүргэж байна. Энэ эрхэм хүмүүн бол МУСТА, “Алтан гадас” одонт, жүжигчин Р.Анхням юм.
-“Чонон сүлд” киноны нээлт 2015 оны хоёрдугаар сарын 7-ны баасан гаригт Монголд болж, нийслэлийн гурван кино театрт зэрэг явагдаж байлаа.“Чонон сүлд”-ийг Монголд авчрахын тулд маш өндөр өртөг төлсөн гэж тухайн үед яригдаж байсан. Энэ киноны нээлтийг Монголд хийхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь бол Та. Тийм нүсэр үйл ажиллагаа болсон уу?
-“Чонон сүлд” киноны нээлтийн бүх асуудлыг манай нөхөр бид хоёр хариуцаж ажилласан л даа. Манай киноныхон бол бүхий л боломжит нөхцөлөөрөө бид хоёрыг дэмжиж ажилласан.Кино театрууд, манай уран бүтээлчид бүгдээрээ л “За, ахын дүү яаж байна, эгчийн дүү яаж байна, яаж туслах уу” гэж дэмжиж, тусалж байсан нь киноны нээлтийг хийхэд маш их дэм болсон.“Монгол контент” компанитай хамтарч байсан, монгол контентынхон бас зохион байгуулах тал дээр нь ажиллаж байсан. Ялангуяа “Ард кино театр”-ын Ганхуяг ах бидэнд маш их тусалсан. Тухайн үед бидний саналыг хүлээж аваад л хамтарч байлаа. Бүх телевиз, бараг л бүх сонин хэвлэлүүд тусалж байсан даа.
-Найруулагч нь франц хүн. Маш өндөр шалгуураар жүжигчдээ авсан гэдэг. Р.Анхнямын хувьд “Чонон сүлд” кинонд тоглохын өмнө Хятадад хэд хэдэн кинонд тоглосон нь нөлөөлсөн,“Гаадаа Мээрэн”-гийн гол дүрд тоглосон зэрэг нь нөлөөлсөн гэх ярианы зэрэгцээ хятадуудаар яриулаад Анхням орчихсон юм аа гэх чхүн байсан. Энэ сонгон шалгаруулалт нь яаж явагдсан юм бэ?
-Маш өндөр төсвөөр бүтсэн кино шүү дээ. Тийм хэмжээний хөрөнгө гаргаад, тийм хэмжээний бүтээл хийхэд ямар хэмжээний ашиг олох вэ гэдгээ урьдаар төлөвлөөд, маш олон жил бэлдээд хийж байгаа уран бүтээлч бол жүжигчдээ тус бүрт нь энэ жүжигчний нэр хүнд, авьяас чадвар хэр вэ,карьер нь аль хэмжээнд байгаа вэ гэдгийг харж сонгоно.Би тэр франц найруулагчийг ч, тэр продюсерыг ч танихгүй, өөрөө л сонгон шалгаруулалтад ороод кинондоо сонгогдож байгаа хүн шүү дээ. Тэр хүмүүст киног сайн уран бүтээл болгоё л гэсэн зорилго байсан нь тодорхой. Олон
орны уран бүтээлчид нэг зорилгын төлөө энд тэндээс ирж, сайн болгохын тулд газар газрын шилдгүүдийг цуглуулж ажиллаж байсан хэрэг.
Ганц жүжигчнийг сонгохын тулд зөвхөн найруулагч юм уу захирал шийддэггүй, тухайн киноны арын албанд байгаа бүх хүн сонгодог. Яагаад Анхнямыг сонгох ёстой вэ,яагаад заавал монгол жүжигчин гэж вэ гэдгийг намайг сонгосон найруулагч хамгаална шүү дээ. Тэгэхээр тэр хүн хамгаалж ярихын тулд надаас харсан нэг төсөөлөл байна тийм үү. Энэ хүн манай кинонд ингэж оролцоно, ийм хэрэгтэй байгаа учраас энэ жүжигчнийг авах хэрэгтэй гэж яриад тэр компани нь зөвшөөрнө. Тийм амархан болчихдоггүй, эхлээд санал болгоно, найруулагчтай нь уулзана, кино проб өгнө.
-Монголын жүжигчин Анхням урд хөршид очиж кинонд тоглох болсон нь юунаас эхлэлтэй вэ. Тэнд хэдэн хүн амтай билээ. Монголын жүжигчин тэнд илүүднэ үү гэхээс дутахгүй газар шүү дээ?
-Хятадын нэг эмэгтэй найруулагч байдаг. Монголд анх ирж киноны проб хийж байсан юм. Тэр пробонд орж тэнцээд Өмнөд Монголд очиж киноны зураг авалтад орсноор би Өмнөд Монголын жүжигчидтэй анх танилцаж байсан юм. Ер нь Өмнөд Монголд очсон маань тэр. Одоо бол багш хийгээд, кино урлагаа төлөөлдөг болчихсон хүмүүс байгаа. Тэр үед би очоод ажлаа л сайн хийе гэж бодож байсан. Анх олон ангит киноны зохиол аваад хятад хэлгүй болохоор тэнд байгаа өмнөд монголчуудаараа орчуулга хийлгэж, түүнийгээ хэвлүүлчихсэн, дунд нь өөрөө баахан юм наагаад, орчуулж бичиж аваад нарийн бичиг шиг л явдаг байлаа. Харин тэр хүмүүст миний зүтгэл их таалагдсан юм шиг байгаа юм.
Тэгээд дараа нь “Гаадаа Мээрэн” киноны пробонд ороод гол дүрд шалгарсан.
-Хятад бол асар том зах зээл, Холливудад киногоо гаргах гэж зүтгэдэг, тэр том зах зээлд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурьтай болчихлоо. Энэ бол хувь тохиол байх.Гэтэл үүнийг мөрөөдөж байгаа маш олон уран бүтээлч байгаа. Энэ зах зээлд ороход хэр хэцүү вэ?
-Боломжгүй зүйл гэж байхгүй, хөдөлмөрлөж байж л ямар нэг зүйлд хүрнэ гэж боддог.
-Сайн киноны цаана жүжигчдийн авьяас чадвар түүнийгээ дагаад үнэ хөлсний тухай яригддаг. Анхнямын хувьд дундаж кинонд дүр бүтээх ханш нь 40-50 сая байдаг гэх мэдээлэл гарсан?
-Ер нь бол олонд хэр танигдсан бэ гэдгээрээ үнэлэгдэнэ. Олон хүн амтай газар олонд танигдсан жүжигчин уран бүтээлдээ оруулах нь киноныхонд илүү ашигтай. Дараа нь киноны нээлтэн дээр дагуулаад явж байсан ч, нэг газар оруулаад ярилцлага өгүүлсэн ч гэсэн олонд танигдсан жүжигчин тоглуулах сонирхолтой л доо. Түүнийгээ дагаад үнэ хөлс нь шийдэгддэг.
-“Чонон сүлд”38 сая ам.долларын өртгөөр бүтсэн кино. Энэ урилга бол хүн болгонд олдоод байдаг боломж биш. Таныг хэр үнэлсэн бэ?
-Өндрөөр үнэлсээн. “Чонон сүлд”-д Галсмаа нь эмэгтэй гол дүр гэж явдаг юм. Номон дээрээ бол Галсмаа дөнгөж гарч ирээд л байхгүй болчихдог.Тэгээд найруулагч маань ганцхан эмэгтэй дүрийг нь тодруулсан л даа. Ер нь бол киноны бүтэж байгаа өртөг өндөр байх тусмаа гол дүрийн жүжигчдийн цалин өндөр байдаг.
-Таныг хэдэн төгрөг аваад цаашаа хийчихсэн юм бэ гэдэг талаас нь асуугаад байгаа юм биш.Таны үнэ өндөр байх тусмаа Монголын жүжигчний үнэ төдий чинээ өндөр байна гэдэг бол таатай мэдээлэл.Өндөр өртөг амлаад байхад Монголдоо кинонд тоглодоггүй юм уу?
-Монголд тоглосон кинонуудад үнэ хөлсөн дээр нь фокус өгөөд байдаггүй ш дээ. Дэлгэцийн уран бүтээлчид ер нь үнэлэмжээ өндөр байлгах ёстой гэж боддог.
-Хүн болгонд өөрийн гэсэн характер байдаг.Таныг таньж мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсний хувьд ажигласан нэг чанар байдаг юм. Тэр нь өөрийнхөө тоглосон уран бүтээлийг олонд сурталчлах хандлага байдаггүй, даруу гэх үү нэг тийм байдал. Хүмүүс бол өөрийгөө амьд байгааг янз бүрээр мэдрүүлэх гэдэг, харин Р.Анхням чимээгүй байж л байдаг?
-Би хийсэн зүйлээ сурталчлаад байх дургүй, санаа зовоод байдаг юм. Сайн уран бүтээл болсон бол хүмүүс үнэлнэ. Энэ сайн уран бүтээл болсон байна, энд Анхням тоглосон байна гээд л. Тийм байхад би нэг их өөрийнхөө тухай яриад байх шаардлагагүй гэж боддог. Жишээлбэл, би телевизийн нэвтрүүлэгт ороод, сонинд ярилцлага өгөх дургүй, та ч намайг мэдэж байгаа. Сонинд ярилцлага өгөхдөө хамгийн их хүсдэг зүйл бол миний тухай тэр сонин дээрээс ойлгож мэдрээсэй гэж боддог. Миний хэлэхийг хүссэн санааг тухайн сэтгүүлч гаргаж чадаагүй байхад сонинд үүрд хадгалагдаж үлдэнэ гэдэг надад тун харамсалтай санагддаг. Тэгэхээр би сонинд ярилцлага өгөх гэж нэг их чармайдаггүй. Тухайн хүний дотоод сэтгэлийг таниулж чадсан л ярилцлага хийхгүй юм бол заавал ярилцлага хийх шаардлага байна уу гэж боддог. Түүний оронд цахим ертөнцөөр өөрийнхөө бодлыг илэрхийлчихсэн нь надад илүү амар.
-Монголын волейболын нэртэй тамирчин, лигт тоглож байсан, ид залуу насандаа олныг шуугиулдаг байсан Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Баярсайхан амьдралын чинь хань.Та ханийнхаа тухай олон сайхан зүйл хэлдэг. Анх биднийг уулзаж байхад танайх гурвуулаа байлаа, одоо өнөр болжээ. “Гаадаа Мээрэн”-д тоглож байхад хүүхэд төрүүлж болохгүй гэж байсан уу, эсвэл хувь заяагаараа л сүүлийн хоёр охин чинь хүрээд ирсэн үү?
-Ер нь бол хувь заяа төөргөөрөө л болсон. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд хүүхэд төрүүлэх цагаа хойшлуулсан байж магадгүй, хүүгээ наймтай байхад нь хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Хоёрдугаарт, эцэг эх болно гэдэг чинь асар их хариуцлага.Хүүхдэд мөнгө биш хайр, цаг заваа л зориулах ёстой. Эцэг эх болоод тэр хүүхдийг төрснөөс эхлээд хажууд нь хамт байх ёстой.Миний хувьд хоёр хүн бие биенийгээ таньж мэдээд, одоо хоёулаа хүүхэдтэй болъё гэдэг шийдвэрт хүрэх ёстой гэж боддог юм.
-Гүнж байх насаа дуусгаад 15 наснаасаа мөрөөдөлд автаад, 17,18 насандаа болзоонд зогсох гээд яардаг охин насыг бид үдсэн. Тэр мөрөөдөл тань өнөөдөр биелсэн үү?
-Ихэнх мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Би тайзан дээр олон хүний өмнө байх дуртай хүүхэд байсан.Тэгэхээр багын мөрөөдөл маань одоо биелсэн байгаа биз дээ. Бас сэтгэл хангалуун, хамгийн гол нь тайван амьдралыг, гэр бүлийнхэн маань өвчин, зовлонгүй байгаасай гэж хүсдэг. Тэрнээс биш эд баялаг, эрх мэдлийг хүсдэггүй. Тийм болохоор тэр хүссэн амьдралаар минь амьдруулах тийм л хүнтэй суусан гэж боддог.
-Кино, жүжигт нүцгэлж тоглоход хань ижил чинь яаж хүлээж авдаг вэ. Ялангуяа жүжигчин хүний хань ижил ажил мэргэжлийг нь ойлгож хүндэлдэг байж тухайн хүний уран бүтээл амжилттай байдаг.Хань ижил нь ойлгож дэмжээгүйгээс маш олон авьяас гундаж, зэвэрч байгаа гэж би боддог?
-Анх надтай суухад л би жүжигчин, Баяраа тамирчин байсан. Тамирчны амьдрал гэдэг чинь амаргүй ш дээ, гэрийн бараа харахгүй, байнгын тэмцээн уралдаантай, хөдөө гадаа явна.Би Баярааг хүлээн зөвшөөрсөн шиг намайг ч хүлээн зөвшөөрөөд л хамтдаа байхаар шийдсэн хэрэг. Хоёр өөр орчноос нийлээд амьдарна гэдэг чинь хоёр талаасаа ухаан шаардана гэсэн үг.
Би урьд нь ажил нэгдүгээрт, амьдрал хоёрдугаарт гэж боддог байсан. Тэгээд гэр бүлтэй болсноос хойш амьдрал нэгдүгээрт, ажил хоёрдугаарт гэдгийг ойлгосон. Ямар нэгэн кинонд тоглох болоод кино зохиол уншаад дараа нь “Баяраа, чи үүнийг нэг уншаадхаарай” гэхэд шөнө ч хамаагүй сууж байгаад уншдаг. Тэгээд харилцан бодол санаагаа хуваалцдаг. Миний ажлыг ерөөсөө үгүйсгэдэггүй. Амьдралын маань хамгийн сайн зөвлөгч бол миний хань. Тийм болохоор би өөрийгөө хамгийн азтай эмэгтэй гэж боддог. Ер нь хүнд сайн хань заяана гэдэг бол бурхны хишиг шүү дээ.
-Дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн сайхан хүүхний тоонд Та зайлшгүй орно. Сайхан гэдэг ойлголтыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Сайхны тухайд гэвэл харахад сайхан, үнэрлэхэд сайхан, сонсоход сайхан гээд л сайхан зүйл зөндөө л байна шүү дээ. Сэтгэл гэж нэг харагддаггүй, удирдаж болдоггүй эрхтэн байдаг, урьд шөнө сэтгэл өвдөөд нойр хүрсэнгүй ээ, сэтгэл өвдөөд бие тавгүй болчихлоо гэх мэт. Тэр сэтгэл гээд эрхтнийг сайхан дуу сонсож, сайхан үнэр үнэртэж, сайхан зүйлсийг мэдэрч байж эмчилдэг. Урлагаар дамжуулж сэтгэлийг эмчилж болдог, манай үндэсний урлаг хөөмий, хөгжим хүний сэтгэлийг эмчилдэг.Тийм учраас театрыг ариун сүм гэж нэрлэдэг.Тэнд хүний сэтгэлийг ариусгаж,эмчилдэг.Дунд сургуулийн боловсролоор урлагийг зөв танин мэдэж, сэтгэлээ эмчилж сурах хэрэгтэй л гэж би хувьдаа боддог. Тэр боловсролыг эзэмшсэн хүн юунаас ч сайхныг олж харж чаддаг. Хэрвээ хүн аливаа зүйлээс ямар нэг сайхныг олж харж чадаж л байвал тэр зүйл сайхан. Тэгэхээр сайхан гэдэг нь харьцангуй ойлголт л доо.
-Жүжигчний мэргэжлийг сонгосондоо харамсаж байсан үе бий юү?
-Манай гэрт тарвагачин ч байсан, гуйлгачин ч байсан, ганцхан номын хүн л байгаагүй гэдэг шиг жүжигчин хүн манай удамд байгаагүй. Тэгэхээр би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй.Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтын нэг.
-Хотын унаган хүүхэд Анхням Хятадын кинонд морь унаад л давхидаг. Өмнөд Монголд очоод сурсан уу, эсвэл өөрөө бэлдэж очиж байв уу. Ер нь жүжигчин хүн уншиж тархиа цэнэглэхээс гадна монгол ахуйгаа сайн мэддэг байх хэрэгтэй гэж боддог юм?
-Тавдугаар ангидаа өвөөтэйгөө цуг яваад морь унаж сурч байсан.Энэ нь монгол ахуйтай кинонд тоглоход сонгогдох нэг давуу тал болсон. Тэгэхээр жүжигчин болж байгаа залуус монгол ахуй, соёлоо маш сайн мэддэг байх хэрэгтэй.Одоогийн жүжигчид хаана ч тоглох боломжтой болсон цагт энэ их чухал.Тухайлбал, гадаад хүнд сүү самрахыг зааж өгөөд самруулах нэг өөр, монгол хүн самрах шал өөр. Монгол хүн бол зөвхөн сүүгээ самрахгүй,алсын бараа ширтээд, гадаа үнээ тугал юу болж байна, гурван настай нөхөр хаана явна гэх мэтчилэн сүүгээ самрангаа мэдээлэл авч байдаг. Жишээ нь, Хятадын жүжигчидтэй хамт кинонд тоглож байхад гадаа бороо ороод гэр доторх зураг авч байгаа юм.Тэгэхэд хэн ч тооно руу харахгүй байгаа байхгүй юу.Манайхан чинь тэнгэр дуугарахаар тооно руугаа хараад л “Ээ, бурхан минь” гэж залбираад амандаа маани уншдаг шүү дээ.Тэд тэгэхгүй байгаа юм. Тэгээд намайг хэлэнгүүт энэ яг мөн, монгол хүн нээрээ ингээд байдаг гэсэн. Энэ чинь л жүжигчин хүний давуу тал.
-Р.Анхнямын хувийн ертөнцийг тодорхойлбол яг юу гэж хэлэх вэ?
-Би өөрийгөө тодорхойлох гэж их хичээсэн. Би ер нь ямар хүн бэ гэж боддог, заримдаа бүр өөрийгөө танихаа байдаг. Тэгэхлээр амьдралын цаг, минут, секунд бүрт өөрөө өөрийгөө олборлож байгаа нь, ухах тусам доороосоо гарч ирээд байдаг эрдэнэсийн уурхай шиг, тэр уурхайг ухаад байхаар янз бүрийн өнгөтэй, гэрэлтэй, гэрэлгүй чулуунууд гарч ирдэг шиг, би ч бас тийм хүн шиг санагддаг. Одоо ч гэсэн би өөрийгөө бүрэн хайж олоогүй байгаа. Энэ нь миний мэргэжилтэй холбоотой. Жүжигчин хүн дүр бүтээх гэж өөрөөсөө огт өөр бүхэл бүтэн нэг хүнийг бий болгодог байхгүй юу. Сайн дүр бүтээхийн тулд шүү дээ. Жүжигчин хүн насан туршдаа нэг сайн дүр бүтээх юмсан гэж бодож байгаад бурхны оронд очсон тохиолдол маш их. Тийм дүрийг бүтээхийн тулд хүнээс маш их хөдөлмөр, бүр ихийг шаардана. Тэгээд тэр нь дандаа сэтгэлийн үзүүртэй холбоотой. Эхлээд сэтгэл дотроо ургуулна, тэгээд сэтгэлээрээ дамжуулаад бодитоор гаргана, тэгж байж тэр хүнээ хөгжүүлнэ. Анхням гэдэг хүн өөрийгөө бүрэн бүтэн мэддэг байхаас гадна дахиад нэг хүнийг өөрөөрөө дамжуулан бүтээнэ гэдэг маш хэцүү. Тийм өнгөцхөн, амархан зүйл огт биш.
-Хайрыг юу гэж хүлээж авдаг вэ. Хайр гэдэг зүйл дандаа гэрэл гэгээ ч юм уу, зөв энерги, эерэг юм дагуулдаг гэдэг?
-Ямар нэгэн хайргүйгээр би хувьдаа оршин тогтнож чадахгүй. Хэн нэгэн намайг хайрлахгүй байхад надад хамгийн аймшигтай. Гэвч бурхны авралаар миний эргэн тойрны хүмүүс намайг дандаа хайрладаг. Тэд маань намайг хайрладаг болохоор би бас хүмүүсийг хайрладаг болж хүмүүжсэн.
-Ямарваа нэгэн кинонд тоглох урилга аваад зохиолыг нь уншаад татгалзаж байсан удаа олон уу?
-Тийм тохиолдол зөндөө.Би алаан талаантай, аймшгийн кино үзэх дургүй.Би тийм киноны зохиол аваад “Уучлаарай, би амжихгүй нь” гээд өгдөг. Хэтэрхий их хүчирхийлэлтэй киноноос шууд татгалздаг.Түүний оронд аль болох хүнд сайн сайхан, гэрэл гэгээ, итгэл өгөх тийм л кинонд тоглох дуртай.
-Хамгийн өрсөлдөөнтэй салбар бол урлаг. Тэнд нэр төр олохын төлөө “Хоролмаа”-дах энүүхэнд байдаг байх.Танд ийм зүйл тохиолдож байв уу?
-Би тийм ч их шартай, хортой хүн биш. Айхтар муу авир зан надад байхгүй. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү.Өөрийгөө бодохоос илүү өрөөлийг бодох гээд байдаг юм. Ямар нэгэн өрсөлдөөн бий болоход за яахав, би заавал үүний төлөө зүтгээд яах юм бэ, дараа нь надад үүнээс илүү боломж олдоно шүү дээ гэж боддог. Угаасаа л хүн хүнд тохирсон хувь гэж байгаа. Хүн түүнийгээ л эдлээд явах хэрэгтэй. Заавал хүний хувь руу гар дүрэх гээд зүтгээд байх хэрэггүй. Би бол яардаг ч үгүй, алгуурладаг ч үгүй.
-Ер нь эмэгтэй хүнийг брэнд чимдэг юм уу, эсвэл эмэгтэй хүн өөрөө өөрийгөө чимдэг юм уу?
-Эмэгтэй хүн өөрөө өөртөө л чимэг. Хэтэрхий их чимэг, хэтэрхий их илүү дутуу юм хүнд гоё чимэг болохоосоо илүү тээр садаа болоод байгаа юм шиг надад санагддаг. Эмэгтэй хүн сайхан сэтгэлтэй, дотроосоо гэрэлтэж байвал сайхан харагдана. Тэгэхдээ тохирсон газраа тохирсон зүйлээ л өмсөж, зүүх хэрэгтэй.
-Хүүхнүүд хааяа нийлж суугаад хошуу холбодог шиг найз бүсгүйчүүдтэйгээ уулзаад шивнэлдэх боломж гардаг уу. Олон найзтай юу?
-Гардаг. Найз гэдэг хүнд чухал учраас би найз нөхдөдөө яаж ийж байгаад зав гаргадаг.“Найзаар минь намайг таньдаг” гэдэг шиг санаа сэтгэл нийлсэн, нэг нэгнийхээ төлөө байж чадах тийм хүмүүс л найзууд болно. Тийм найз надад цөөхөн.Танил бол олон байгаа. Тиймээс найзууддаа би зав гаргадаг. Нэг нэгнийхээ ахуй амьдралыг асууж сураглаж, сэтгэл санаагаа солилцож суух нь надад таалагддаг.
-Анхням жүжигчний амьдралдаа авсан хамгийн том бэлэг юу вэ?
-Хүн болж төрсөн минь хамгийн том бэлэг. Ээждээ баярладаг. Өглөө болгон мандаж байгаа нарыг харж байгаадаа би баярладаг. Амьдарна гэдэг сайхан шүү дээ.
Бид ийн ярилцсан юм. Ярилцлагынхаа төгсгөлд авъяаслаг, үзэсгэлэнт монголжингоо бүсгүйнхээ бусдад хэлэхийг хүсдэг үгийг сонссон юм. Тэр юу гэсэн гээч. “Хүмүүсийг бие биенээ хайрлаасай л гэж хэлмээр байна, хүмүүс амьдрал хайр дээр тогтдог, тогтдоггүй гээд л яриад байдаг. Үнэндээ амьдрал хайр дээр л тогтдог шүү дээ” хэмээсэн. Ердөө л энэ.
Ярилцсан Н.САРАНЧиМЭГ