Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Р.Даваадорж: Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хөрөнгө цацсанаас үүдэж гацсан DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талаар ярилцлаа.


-Киргиз улс газрын тос боловсруулах үйлдвэрийг нэг жилийн дотор барьж ашиглалтад оруулж байгаа тухай сүүлийн үед эдийн засагчид энэ чиглэлийн мэргэжилтнүүд онцлох боллоо. Манай газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл өнөөдөр хэд дэх жилдээ үргэлжилж байна вэ гээд харахаар анхаарал татдаг. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?

-Киргиз улс газрын тосны үйлдвэр боловсруулах үйлдвэрийг яг манайхтай ойролцоо хугацаанд барьж эхлүүлсэн. Гэхдээ арай түрүүлж бариад нийт хэрэглээнийхээ 20 хувийг үйлдвэрлэж байсан. Харин одоо жил хагасын хугацаанд энэ үйлдвэрээ шинэчлээд жилд 850 мянган тн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр болсон мэдээлэл явж байсан.

Ямар ч байсан бидний өмнө алхаж байгаа нь үнэн. Хятадын хөрөнгө оруулалтаар энэ үйлдвэрээ шинэчлэх болсон байна лээ. Санхүүжилтийн хувьд ч маш бага тоо харагдаж байсан. Харин манай улсын хувьд Энэтхэг улсын Засгийн газрын 1 тэрбум 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 2017 оноос хэрэгжүүлж байна. Газрын тосны үйлдвэртэй болно гэж дэврүүн мөрөөдөлтэй, үйлдвэрийнхээ шавыг тавиад олон жил өнгөрчээ. Тухайн үед үйлдвэрийг хоёр гуравхан жилд бариулна гэж зарлаж байв. Дараа нь 2024 онд ашиглалтад оруулна гэж байсан ч ковидын улмаас хойшлогдож, 2026 он болсон.

Тэгвэл одоо хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болчхоод байна, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийнхэн асар их хэмжээний санхүүжилт хэрэгтэй, одоогоор өрөнд орчихоод байна гэж УИХ дээр хээвнэг ярьж суусан. Нэмэлт хөрөнгөө энэ оны төсөв дээр суулгахаар ярилцаж байсан. Гэхдээ энэ оны төсөв дээр тийм их хөрөнгө мөнгө тавигдаагүй.

-Төслийн багийн зүгээс санхүүжилт дутсан тухай мэдэгддэг. Санхүүжилт үе үе дутаж төсөл гацаад байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди анх удаа манайд айлчлахдаа Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсноо мэдэгдлээ. Энэ зээлийг манай улс дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж улмаар нефть боловсруулах үйлдвэр барихаар болсон. Харин төсөл хэрэгжүүлэх санхүүгийн нарийн тооцооллыг гаргахад 1.236 тэрбум ам.доллар шаардлагатай болсон. Нэмэлт санхүүжилт болох 236 сая ам.долларыг мөн Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах хэлбэрээр 2019 онд шийдвэрлэж байв. 2023 онд УИХ дээр нэмэлтээр 437 сая ам.долларын асуудал яригдсан. Ний нуугүй ярихад, би энэ төслийг гадныхнаар хийлгэх ёстой байж дээ гэж харамсаж байсан. Яагаад гэвэл энэ нөхдүүд дахиад олон зуун сая ам.доллар нэхээд хошуугаа унжуулаад ороод ирэх нь цаг хугацааны асуудал юм байна гэж ойлгосон. Төсөл гацсан гол шалтгаан бол тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хэмжээний хөрөнгийг энэ төсөл рүү хийснээс үүдэлтэй. Улаанбаатар- Дарханы замын томоохон хувилбар гэж хэлж болно.

-Нөгөө талаар нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. Нөөц хангалттай юу манайх?

-Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр 1960-аад оны үед ажиллаж, дотоодын зах зээлийнхээ багагүй хувийг хангаж байгаад 1970-аад оноос зогсчээ. Хаалгаа барьсан шалтгаан нь газрын тосны нөөцтэй холбоотой. Зүүнбаянгийн үйлдвэр “түүхий эдийн нөөцийн асуудалд орсон” тул зогссон байдаг. Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 33 талбай байгаагаас өнөөдрийн байдлаар 28 талбайд 31 гэрээлэгч Засгийн газрын баталсан “Бүтээгдэхүүн хуваах” гэрээний дагуу ажиллаж байна. Монгол Улсын Ашигт малтмалын нөөцийн санд нийт 333.789 сая тонн газрын тос бүртгэгдсэнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43.4 сая тонн газрын тос байна гэж Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлэл бий. Гэтэл одоо барьж буй тосны үйлдвэрт 1.5-2 сая тн жилд шаардлагатай. Тэгэхээр нөөцийн хувьд том асуултын тэмдэг байгаа гэж ойлгож болно.

-Энэ төслийг Энэтхэгийн Засгийн газрын зээлээр барьж эхэлсэн. Эргээд маш их өрөнд орж байгаа гэсэн үг биз дээ?

-2017 онд зээлээ авч байхад эхний 7 жил зээлийн үндсэн төлөлтөөс чөлөөлөх заалт байсан. Тэгэхээр энэ оноос үйлдвэрээ бариагүй мөртлөө үндсэн зээлийн төлбөрөө төлж эхэлсэн байх ёстой. Манай улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй 1 тэрбум 236 сая ам.доллар, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл авсан. Өнгөрсөн жилийн зургадугаар сард УИХ дээр энэ бүтээн байгуулалт яагаад зогссон талаар асуудал орж ирэхэд нэмэлтээр 437 сая ам.доллар шаардлагатай хэмээн яригдаж байсан. Зөвхөн 2022 онд гэхэд л “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн урсгал зардал, ажилчдын цалин гээд Хөгжлийн банкнаас 166 тэрбум төгрөг авч, хүү нь гэхэд л 64 тэрбум төгрөг болсон тухай ярьж байсан. Өөрөөр хэлбэл, огт хэрэгжээгүй төсөлд асар их хэмжээний мөнгө нэмэлтээр хэрэгтэй байгаа талаар яригдаж байсан. Хийж бүтээсэн нь тун маруухан мөртөө өр үйлдвэрлэж байсан нь эндээс тод харагдана. Гоё сайхан бүтээн байгуулалтын нэр зүүчихээд ийм хариуцлагагүй байж яавч болохгүй.

-Мэдээж Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Чухам яагаад ажил хэрэг болж өгөхгүй байна вэ. ТЭЗҮ, зохион байгуулалт, менежмэнтийн дутагдал байна уу, эсвэл ерөөсөө манай улсад аж үйлдвэрлэлийн ийм төслүүд хэрэгжих боломжгүй юм уу?

-Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн гурван багц ажлаас гурван ажлын гэрээг байгуулсан төдий байгаа. IV багцын ажлыг хийхэд 448 сая ам.доллар хэрэгтэй байгаа нь төслийн нийт зардлыг 1.6 тэрбум ам.доллар болгож өсгөсөн. Хөгжлийн банкны санхүүжилт зогссон. Тус төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар Засгийн газраас 182 дугаар тогтоол гаргасан ч тогтоолын зарим заалт тодорхой бус, шат дамжлага нэмсэн байдлаас болж, үйлдвэрийн санхүүжилт, татвараас чөлөөлөх, хил гаалиар нэвтрүүлэх асуудлууд хойш саатаж, цаг хугацааны ихээхэн хохирол бий болж, гэрээлэгч байгууллагууд нөхөн төлбөр нэхэж байгаа гээд тоочвол “зуун зовлон, жаран хагархай ажил” бий. Манайд ийм том төсөл хэрэгжүүлэх туршлага байхгүй. Ер нь улстөрчдийн шахаасны хүмүүс ийм төсөл хөдөлгөж чадахгүй гэдэг нь өнгөрсөн найман жилд маш тодорхой харагдлаа. Аливаа төсөлд тооцоо судалгаа чухал байдаг. Бид заавал 1.5-2 сая тонн нефть боловсруулах үйлдвэр биш, 700-800 мянган тонн хүчин чадалтай үйлдвэр барьж ашиглалтад оруулаад тодорхой хугацаанд ажиллуулж үр дүнг нь үзээд цаашид хүчин чадлыг нь нэмэх эсэхээ шийдэх ёстой байсан юм. Нүсэр үйлдвэр барина гэж зүтгээд асар их хэмжээний өрөнд орох юм биш биз гэдэг томоохон эмзэглэл бий болчихоод байгааг эрх баригчид анхаарах ёстой. Төслийн багаа солихоос энэ ажил эхлэх ёстой.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Үйлдвэрчин ард”-ууд үнэ нэмэхийг шаардах болов” хэмээв DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдиин засагч Б.Лакшми “Япон бодлогын хүүгээ нэмж, иениин ханш чангарснаар олон улсад хөрөнгийн зах зээл савлаж байна” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахмад У.Дэлгэрхишиг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 57 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна” гэв
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

ЗГ: Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д
өргөн мэдүүлэхээр тогтов.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Үйлдвэрчин ард”-ууд үнэ нэмэхийг шаардах болов” хэмээв.

  • Энэ удаагийн “Цаг үе” нүүрт Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Иргэний нийгмийн сүлжээг удирдах хорооны дарга, “Ногоон Ази” ОУТББ-ын үүсгэн байгуулагч У ГИ ЧУЛ “Агаарын хэм нь хоёр
    градусаар нэмэгдсэн орон дэлхийд Монголоос өөр байхгүй” хэмээн ярилаа.

МЗЭ-ийн шагналт Д.Хүдэрмөнх “Миний багш чинь алдарт “Хүрэн морь”-ны
Чойжилжавын Лхамсүрэн юм” гэснийг I болон “Өд бэх” нүүрээс уншаарай.

ГАДААД МЭДЭЭ: Японы 100 дахь ерөнхий сайд

АРЫН НҮҮР: Бөөмтэй цай мөн боловч эмээгийнх шиг биш байна…


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Багш Ш.Баатармаа: Гүйцэтгэлийн үнэлгээнээс болж олон багш сайн муугаараа дуудуулан ажлаасаа гарч, өөр салбар руу дүрвэж байна DNN.mn

Нийслэлийн Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн багш Ш.Баатармаатай ярилцлаа.


-Өмнөх Боловсролын сайд Л.Энх-Амгалан гүйцэтгэлийн үнэлгээг анх хэрэгжүүлэхдээ боловсролын салбарын томоохон шинэчлэл хэмээн зарлаж байсан. Бодит байдал дээр хэр хэрэгжиж ирсэн бэ?

-Гүйцэтгэлийн үнэлгээ нь үнэлгээ дүгнэлт, арга аргачлал буруу явж ирсэн. Байх шаардлагагүй гэж би боддог. Янз бүрийн алдаатай аргаар багш нарыг үнэлж байгаа юм. Багш нарыг бодит байдлаар үнэлэхгүй, сурагчдын агуулгаар, дундаж түвшнээр авахгүй, хүндрүүлсэн материалаар 40-хөн минутад маш их даалгавраар авч байгаа нь багш нарт урамшуулал өгөхгүй л гэсэн санаатай хуурамч үнэлгээ гэж боддог.

Гүйцэтгэлийн үнэлгээ нь дөрвөн түвшинд үндсэн цалингийн 10, 15, 20, 25 хувиар бодож, урамшуулал олгодог. V түвшнээс дээшээ урамшууллын мөнгө авахгүй гэсэн үг. Байгууллагын үнэлгээ гэж тусдаа бий. Цэцэрлэгийг бол бүр үнэлэх шаардлагагүй. Хэлд ороогүй хоёрхон настай хүүхэд яаж багшийгаа үнэлүүлэх юм, хоёр настай хүүхдээр үнэлүүлдэг газар дэлхийд манайхаас өөр хаана ч байхгүй.

Багш нар гурав дахь жилдээ үнэлгээнд орлоо. Эхний удаад авч байгаа байгууллага нь ч тэр, өгч буй багш нар ч тэр хаа хаанаа туршлагагүй хандсан байж болно.

Дараа дараагийн жилээсээ илүү сайжрах юм болов уу гэсэн жил бүр өөрчлөгдсөн зүйлгүй сүр бадраасан нэрийн дор багш нарыг сайн муу гэж ялгаж байна. Шинээр ажилд орсон залуу багш нарыг мохоож байгаа бас нэг шалтгаан нь энэ гүйцэтгэлийн үнэлгээ болж буй нь үнэн. Үнэлэгдэж чадаагүй бол чи муу багш гэх хандлага тэр байгууллага дотор үүсч, багш хийхээ больё доо гэх бодол олон багш нарт төрөх болсон. Багш нар гүйцэтгэлийн үнэлгээнээс болж бусдад гадуурхагдах мэдрэмжийг авч байна.

Багш нарын үндсэн цалин хэд билээ, дээрээс нь суутгалууд маш ихтэй, тиймээс яалт ч үгүй үнэлгээний урамшууллыг үндсэн цалиндаа шилжүүлсэн нь зөв юм. Манай холбооны зүгээс 9200 гаруй багшаас санал асуулга авахад 98 хувь нь гүйцэтгэлийн үнэлгээг үндсэн цалинд шилжүүлсэн нь зөв гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн. Цаашдаа гүйцэтгэлийн үнэлгээг болиод урамшууллыг нь үндсэн цалинд шилжүүлж байж багш нарын амьдралд тус дөхөм болох юм.

-Энэ удаа үнэлгээндээ байгууллагаараа тааруу дүн авлаа гэхэд урамшуулалгүйн дээр дараагийн үнэлгээ хүртэл сэтгэл зүйн хувьд дарамттай нөхцөлд ажилладаг юм шиг санагдсан.

-Ерөнхийдөө багш нар нь тааруу байгууллага үнэлэгдэж чадаагүй бол үнэлэгдсэн байгууллагатай шифийн холбоотой ажиллаж үнэлэгдэх хүртэл нь хамтарч ажилла гэдэг байдал нэг хэсэг явсан. Тодорхой мэдээлэл, ахиц дэвшил гарахаар үйл ажиллагаа юу ч болоогүй. Хоёр сургуулийн хооронд хамтарсан спортын тэмцээн зохион байгуулах нь ямар ч үр дүнгүй юм.

Дээд албан тушаалтнууд шат шатандаа гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой биш байна.

Хангалтгүй үнэлгээ авсан цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ирэх сургаар хүүхэдтэйгээ ажиллах ёстой багш өдөр, шөнөгүй бичиг баримттай ноцолдож байгаа юм. Байгууллагын бодлогоор дээрээс хүмүүс ирэхэд гайгүй харагдчих санаатайг нь ойлгож байгаа хэдий ч хөрсөн дээрээ ажиллаж байгаа багш нарт олон цагаар ажиллах зэрэг дарамт шахалт маш их ирдэг. Цэцэрлэгийн багш нарын хувьд өглөө 07:30-аас эхлээд орой 18 цаг хүртэл хүүхэдтэй л байж байдаг. Хүний нялх олон хүүхдийг харж хандаж, сурган хүмүүжүүлж байгаа багш нарт зөвлөн туслах нэртэй хөндлөнгийн үнэлгээ шалгалт ороод ирэхэд мэдээж сэтгэл зүйн хувьд ч хүнд шүү дээ. Манай боловсролын салбарын нэг муу жишиг гэвэл гаднаас хүн ирнэ гэхэд багш нарыг цагийг нь тулгаж байгаад шахдаг.

Гүйцэтгэлийн үнэлгээг зөв болгоё гэвэл алхам тутам нь багш нарын гар дээр тодорхой байж байх ёстой. Ер нь гүйцэтгэлийн үнэлгээнд орохын тулд багш өөрийгөө болон хүүхдүүдээ яаж бэлдэх вэ гэдэг нь эхнээсээ дуустлаа ямар үе шаттай явагдах нь тодорхой л байх хэрэгтэй. Цаанаасаа хүүхдийн нэрийг нь сонгодог. Дөрөв, тавдугаар сард гүйцэтгэлийн үнэлгээтэй л гэдэг. Хэн, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй оньсого таавар тааж байгаа юм шиг айдас хүйдэстэй байдаг. Одоо болтол бид тавдугаар сард өгсөн гүйцэтгэлийн үнэлгээнийхээ хариуг сонсоогүй л байна. Өөрийгөө яаж үнэлэгдсэн, биднээс аваад явсан материалыг хэн засаж байгаа вэ, миний хүүхэд юун дээрээ алдсан бэ гэх тэр баримт, даалгаврын цаас бидэнд буцаж ирдэггүй. Шалгалтын материал нь бидэнд ирдэг бол үүн дээр алдаж гээд тухайн багш өөрийнхөө үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжтой.

-Таны харж буйгаар багшийн үндсэн цалин хэдэн төгрөг болох нь зүйтэй вэ?

-Багш нарын үндсэн цалин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж, нэг сая, 400 мянга болсон. Шинэ залуу багш нар ямар ч нэмэгдэл авдаггүй. Үндсэн цалингаасаа их хэмжээний татвар суутгуулдаг болохоор маш бага буюу нэг сая ч хүрэхгүй цалинг гар дээрээ авдаг гэсэн үг. Өнөөгийн нийгэмд юмны үнэ ханш ямар байгаа билээ, хамгийн доод цалинг багш нар буюу боловсролын салбарынхан авч байна. Багш нарын үндсэн цалинг доод тал нь 1000 доллар буюу 3 сая 500 мянгад хүргэхийг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж байгаа. Ингэснээр багш нарын хомсдол арилж, амьдралд авч буй цалин нь хүрэлцэж, тайван ажлаа хийх боломж бүрдэх юм болов уу гэж харж байна.

Олон багш ажлаасаа гарч, амьдралд нь хэрэгцээтэй өөр салбар руу дүрвэж байна. Одоо хичээлийн жил эхлэхэд 20 гаруй хоног үлдсэн байхад манай боловсролын салбарт дөрвөн мянга гаруй багшийн сул орон тоо байна. Нэгдүгээрт цалин, хоёрдугаарт нийгмийн асуудал, гуравдугаарт нь гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нарыг маш их мохоож байна. Миний хувьд 10 гаруй жил боловсролын салбарт ажилласан ч ахмад багш нарыгаа харсан ч тэр одоо үргэлжлүүлэн багш хийхгүй л гэж бодож байгаа. Өөрөө дурлаад сонгосон мэргэжил ч гэсэн ажлын ачаалал ихтэй, цалин нь үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байна. Энэ нийгэмд чинь үр хүүхдээ тэжээж, хүний дайтай амьдрахын тулд өөр салбарт орж ажиллахаас өөр яахав.

-Боловсролын сайд П.Наранбаяр багш нарыг сэлгэн ажиллуулах талаар мэдэгдэл гаргасан байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэхүү саналыг багш нар дэмжихгүй байгаа. Багш нарын зүгээс удирдлагуудыг сольж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэг газраа удсан удирдлага ямар байдгийг багш нар ч хоорондоо ярьдаг. Багшийн цалин хангамж амьдралд хүрэлцээтэй байсан бол багш солилцоонд хамаагүй ийш, тийш явж болж байна. Ихэвчлэн багш нар маань сургуультайгаа ойрхон байр түрээслээд төвхнөчихдөг. Гэнэт багш солилцоогоор хаа байсан хол газар руу цөлчихвөл тэр хүний ар амьдрал, үр хүүхдүүд нь яах вэ, цаанаа хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Багш нарын цалин хангамж, нийгмийн асуудал, эрүүл мэнд гэсэн гурван асуудлыг ямар ч шийдвэр гаргасан орхигдуулж болохгүй.

Мөн Боловсролын хууль, хөдөлмөрийн хууль хоёроороо зохицуулаад зундаа багш нар 48 хоног амардаг. Үүний тав хоногийг нь өвлийн амралт руу шилжүүлэх сайдын чиглэл, журам гарсан байсан. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Олон сараар чимээ шуугиантай нөхцөлд ажилласан багш нар тархи толгойгоо амраах боломжит хугацаанаасаа тав хоногийг хасуулж, зуныхаа амралтыг бүрэн эдэлж чадахгүй байна гэдэг хүнд л санагдаж байгаа юм. Хавар болоод амралт дөхөөд ирэхэд залуу хүн гэлтгүй хэл ам ээдрээд л ирдэг. Мэдрэлийн ядаргаанд ороод, нойргүйдэлд өртдөг. Амарч байх хугацаандаа багш нар эрүүл мэндийнхээ асуудлыг шийдэж, ар гэртээ анхаарал хандуулдаг.

-Хөдөө орон нутгийн багш нарт нэмэгдэл цалин олгох болсон. Гэсэн хэдий ч багшийн хомсдол арилахгүй байсаар байна. Хот, хөдөө гэж ялгах нь зөв үү?

-Хотын нягтаршлыг сааруулах зорилгоор хөдөө орон нутгийг багш боловсон хүчнээр хангах хүрээнд багшийн цалинг нэмж буй гэж харж байгаа. Уг санаа нь зөв боловч цалин нь нэмэгдэлтэй ч хөдөө орон нутагт багшлах багш ховор байсаар байна. Харьцуулаад харах юм бол Улаанбаатар хотод доод тал нь нэг анги дүүргэлт нь 40 хүүхэдтэй. Хөдөө орон нутагт анги дүүргэлт харьцангуй бага 20, 30 хүүхэд байдаг. Ачааллыг нь бодвол хот, хөдөө гэж ялгалгүй адилхан нэмэгдлийг нь өгмөөр байгаа юм. Шударга биш л гэж үздэг.

-Энэ жил элсэлтийн шалгалтад хүүхдүүд муу дүн үзүүлснийг цар тахлын үеийн цахим хичээлтэй холбон тайлбарлах хүн олон байна л даа.

-Ковид цар тахлын үед онлайнаар суралцсан нь нэг талаараа хүүхдүүдэд сул тал болж байна. Багш нарт цахимаар ажиллах арга зүй, чадварт суралцсан эерэг зүйл бий. Элсэлтийн шалгалтын дүйцүүлсэн оноо нь үнэлгээ дүгнэлт хуурамч байгаагийн илрэл. Хөрсөн дээр буусан дундаж агуулгаар хүүхдүүдийг үнэлдэггүй учраас сул дүн авч байхыг үгүйсгэхгүй.

-APLUS гэх мэт онлайн сургалтад багш нарыг хамруулдаг. Энэ нь хэр үр дүнтэй вэ?

-Цахим сургалт нь үр дүнгүй байдаг. Энэ нь цэвэр мөнгөний юм явж байдаг. Сургууль, цэцэрлэгээс сургалтад суух багш нарын төсвийг гаргадаг. Нэг багш хоёр сургалтад сонгон хамрагдсан байх ёстой гэдэг. Өмнөх жил нь гурван сургалт байсан. Өөрөө сонгон судлах сургалтынхаа сэдвийг сонгож байгаа боловч тэр дотор багш нарт ямар ч хэрэгцээгүй, үр дүнгүй сургалтууд их байдаг. Багшийн ангитайгаа ажиллах цагаас л хумсалж байгаа юм. Хичээлийн жилийн эхэнд календарчилсан төлөвлөгөө гаргаад ажлын байран дээр нь хөгжүүлэх сургалтыг багш нартаа явуулж болно. Түүнчлэн багш нарт ангитайгаа ажиллах цагийг нэмэгдүүлж өгөхгүй бол академик гэхээс илүү хүн болох зүрх сэтгэлийн боловсрол хүүхдүүдэд ихээхэн дутагдаж байна.

-Сургууль эхлэхтэй зэрэгцэн сурах бичгийн асуудал яригддаг. Сурах бичгийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Намар шинэ сурах бичиг шинэчлэгдэж, хэвлэгдэж байгаа гэдэг. Бараг арваннэгдүгээр сар гарсан хойно заримдаа арванхоёрдугаар сард шинэ сурах бичиг ирдэг. Бид хуучин сурах бичгээ номын сангаас аваад хэрэглэдэг. Шинэ сурах бичиг нь хүрээд ирэхэд тавын таван бүлэг байлаа гэж бодъё. Нэг бүлэгтээ 40 хүүхэдтэй, таван бүлэгт 200 хүүхэд бий гэхээр монгол хэлний сурах бичиг гэхэд хүүхдийн тоогоор ирээгүй, яг тал хувь нь ирсэн. Зарим анги нь шинэ, нөгөө хэсэг нь хуучин сурах бичгээрээ явдаг. Бид яг адилхан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөөр явах гэхээр шинэ, хуучин сурах бичгүүд нь хоорондоо зөрнө. Бүр байхгүй юмуу гэхээр урд нь байсан агуулгыг хойно нь оруулчихсан байдаг. Нэгдүгээр ангийн сурах бичигт “ү” үсгэн дээр үнээ сааж буй зураг орууллаа гэж бодоход сааж буй хүн нь үнээнийхээ буруу талд суучихсан байх жишээний олон алдаанууд сурах бичигт байдаг. Сурах бичиг шинээр хэвлэх нь бас л нэг мөнгө угаалтын хэлбэр гэж боддог. Сурах бичиг зохиох багт олон жил ажилласан туршлагатай, зөвлөх багш нарыг л оролцуулах нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу DNN.mn

Орогнолын Засгийн газар гэдэг ойлголт энд, тэнд бий. Жишээ нь, Төвөдөд 1959 онд орогнолын засгийн газар байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Товчхондоо, Төвөд БНХАУ хоорондын харилцаанаас үүдэж, төвөдүүд Энэтхэгийн Дарамсала хот руу олноор дүрвэсэн. Тэндээ төр захиргааны байгууллага байгуулан төвхнөснөөр орогнолын Засгийн газар, парламент гэж нэрийддэг болсон хэрэг.

Үүн шиг манайд бас орогнолын Засгийн газар бий болчихоод байна. Төвөд шиг улс төрийн харилцаанаас үүдэлтэй биш ч байрлах орон байргүй болж, энд тэндхийн байгууллага, албан газрын хатавчинд шилжихдээ тулаад байгаа юм. Нэг ёсондоо Төрийн ордноос хөөгдсөн гэсэн үг. Тиймээс орогнолын гэж нэрийдээд байгаа хэрэг.

Орогнолын Засгийн газрыг маань эхлээд Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах яриа тавдугаар сард хүчтэй яригдаж байлаа. Тагнуулынхныг Хөшигийн хөндий дэх Шинэ зуун мод гэх хот руу шилжүүлнэ гэж байв.

Одоо бол Тагнуулын байрыг нь болиод Кувейтын ам руу нүүлгэх тухай ярьж эхэлжээ. Ийнхүү улс төрийн тулгуур гурван засаглалын нэг гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч буюу Засгийн газар нь Төрийн ордноос жийгдэж, тагнуулын жижигхэн байранд хоргодох болоод эцэст нь Кувейтын ам руу шилжих болж байх шиг байна. Нэг бодлын Засгийн газар хаана байрлах нь тийм чухал биш, юу хийх нь чухал гэж харж болох ч нөгөө талаар энэ бол асар утга учиртай зүйл. Ер нь Монголын төр засгийн гол байгууллагуудыг ийм маягаар оролддог нь монголчуудыг, энэ улс орныг дэмий зүйлд бэлдэж байгаа явдал ч гэж харж болохоор юм.

Учир нь Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл гэдэг статустай. Үүнийг бүр Үндсэн хуулиараа хуульчлаад өгчихсөн. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан.

Гэтэл сүүлийн жилүүдэд амтай болгон нь “Улсын нийслэлийг нүүлгэнэ” гэж ярьж, Үндсэн хуулийг зөрчдөг болж байгаа. Үндсэн хуулийг хэн ч зөрчих эрхгүй. Энэ бол нийтээрээ дагаж мөрдөх монголчуудын эцэг хууль. Энэ хуульд тодорхой хатуу заачихсан агуулгыг илт зөрчиж, улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах тухай ярьж байгаа нь азарганы дэлийг нь авахтай адилхан явдал болно. Улаанбаатар хот бол нүүдэлчин монголчуудын бүх цаг үеийн түүхэнд нэг сая хүн ам хол давсан анхны хот. Энд эдийн засгийн маш том хүч, бааз суурь, тогтолцоо урт удаан хугацаанд бий болчихсон. Өнөөдөр дэлхийн улс орнуудтай хөл зэрэгцэж алхах, хөгжил ярих бол аль ч улс эдийн засаг л ярьдаг. Эдийн засаг ярихгүйгээр өнөөдрийн цаг үед хөгжил ярих боломжгүй. Нөгөө талаар эдийн засгийн энэ тогтолцоо улсын нийслэл Улаанбаатартай шууд холбогдоно.

Монголын бүхий л том аварга аж ахуйн нэгжүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компани, сангууд гээд эдийн засаг, бизнесийн эрэг шураг, бүхий л хөдөлгөгч хүч нь Улаанбаатарт төвхнөчихсөн. Улаанбаатараас нийслэлийн статусыг авахдаа тулбал эдийн засгийн энэ том хүчин чадал, нөөц бааз үгүй болно.

1.5 сая хүн амын өмч хөрөнгө салхинд хийснэ. Монгол Улсыг хөдөлгөж явдаг аж ахуйн нэгжүүд дампуурна. Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал шууд хөндөгдөж таарна.

Гэтэл ийм хорлонтой зүйлийг сүүлийн жилүүдэд маш эрчтэй ярих боллоо. Монгол үндэстэн өөрөө өөрийгөө ингэж хорлож сүйтгэхгүй. Тэгэхээр гадны даалгавар юм уу гэмээр гайхтал ярьж хэлэх хүмүүс хүртэл бий. Ялангуяа энэ тухай эрх баригч МАН-ынхан байнга ярьдаг болсон. Бүр нарийн харвал Төрийн тэргүүний зүгээс идэвхтэй санаачилга ажиглагддаг болоод удаж байна. Улсын нийслэлийг Хархорумд байгуулах тухай шийдвэр тогтоол хүртэл гаргуулаад амжсан. Хэрэв энэ чигээрээ явахдаа тулбал Үндсэн хуулийн зөрчил болно. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах болж таарна. Нэгэнт улс орны тусгаар тогтнол хөндөгдөж, хүн амын Үндсэн хуулиар олгосон хаана хэрхэн амьдрах, өмчтэй байх зэрэг үндсэн гол эрхүүд зөрчигдсөн. Дээр нь Үндсэн хуулиндаа “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэсэн заалтаа зөрчиж байгаа учраас Цэцэд өгч УИХ-аар хэлэлцүүлэх ажил эхэлж таарах нь.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ц.Туваан: Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай ярилцлаа.


-Биднийг одоо намрын их ажил, өвөлжилтийн бэлтгэл хүлээж байна. Үүнд шаардлагатай шатахуун, түлшний хангамж ямархуу байгаа вэ?

-Өнөөдөр (өчигдөр) намрын эхэн сар гарлаа. “Наадмын маргааш намар” гэдэгчлэн монголчууд маань намрынхаа ажилд орж байна. Ингээд ургац хураалт, өвлийн бэлтгэл гээд маш олон ажил давхацдаг. Дээрээс нь цаг хүйтрэхээс өмнө уул уурхайн компаниуд ажлаа шахдаг. Тиймээс энэ үеэр шатахууны хомсдол үүсэх гээд байх магадлал байдаг. Манай улсын шатахууны хангамжийг хувийн хэвшлийнхэн авч явдаг. Салбар яам болон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт бодлогоо зангиддаг. Одоогийн байдлаар АИ-92 шатахуун 30 орчим, түлш 40 бусад нефтийн бүтээгдэхүүн 30-аас дээш хоногийн нөөцтэй байна. Ер нь манайд гурван долоо хоног буюу 20 орчим хоногийн нөөцөөс доошоо орвол эрсдэл гэж хардаг. Тэгэхээр одоохондоо шатахуун, түлшний нөөцөд ямар нэгэн асуудал байхгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Ноднин жил уул уурхайн олборлолт, тээвэрлэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун, түлшний хомсдол үүссэн гэдгийг албаныхан, салбарын сайд нь хэлж байсан. Тэгвэл энэ жилийн хувьд уул уурхайн олборлолт, тээвэрт хэр хэмжээгээр шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан бэ?

-Ер нь бол захиалга, төлөвлөлтийн л асуудал байдаг юм. Өмнө жилийн хувьд гэвэл нүүрсний экспортыг нэг дахин нэмэхээр нэлээд шахсан. Тэгэхээр энэ ажилд явж байгаа том оврын тээврийн хэрэгслүүд маань бүгд л түлш, шатахуунаар явж байгаа. Гэнэтийн ийм огцом өсөлт оруулж ирсэн нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд нөлөөлсөн. Харин энэ жилийн хувьд бүх зүйл захиалгын дагуу явж байгаа. Иймээс огцом өөрчлөлт гарахгүй. Шатахууны нөөцөд нөлөөлөхгүй гэж харж байна.

-Өнгөрсөн сард ОХУ-д үнэ нэмэгдсэн гэдэг мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ үнэн бол манайд ямар нөлөө үзүүлэх вэ. Дээрээс нь ноднин жилийнх шиг хонож дугаарладаг байдал үүсгэхгүйн тулд Засгийн газар, салбар яамнаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Өмнө жилүүдэд гарч байсан асуудлыг бид энэ жил аль болох гаргахгүй гэж харж байгаа. ОХУ-д одоогоор үнэ нэмэгдсэн талаарх мэдээлэл алга. Тэгэхээр бодит мэдээлэл биш байх гэж бодож байна

Удахгүй Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга нь манай улсад ирнэ. Энэ үед нь бид шатахуун, түлштэй холбоотой асуудлаа нарийвчилж ярина. Мөн энэ онд Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж, нефть бүтээгдэхүүнүүдийн тал дээр бид хэлэлцээрүүдийг хийнэ. Энэ бүхэн эргээд баталгаа болж явна гэж харж байна. Ямар ч улс орны хувьд нөөцийн сав их чухал байдаг. Гэтэл манай улсад бараг байхгүйтэй адилхан. Тиймээс түлш шатахууны нөөц бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас Засгийн газраас хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч тодорхой хэмжээний нөөцийг бэлдэх ажлыг ярьж байгаа. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа гэж ойлгож болно.

-Та сайд болсноосоо хойш өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт ажилласан. Чухам яагаад тус үйлдвэрийг сонгож очсон юм бэ?

-Өнгөрсөн зургадугаар сард Үндсэн хуульд оруулсан нэмэлтийн хүрээнд Монгол Улсын анхны 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Үр дүнд нь гурван намын төлөөлөл орсон хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд манай яам хуучин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байсан бол одоо Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болж нэрээ өөрчилсөн. Үүгээрээ аж үйлдвэрээ түрүүнд нь тавьж явъя. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хэдий болтол том улсуудын бэлтгэл бааз байх вэ. Өөрсдөө үйлдвэрлэл, баяжуулалт явуулж, боловсруулалт хийгээд нэмүү өртөг шингээгээд өндөр үнээр борлуулах боломжтой. Дээрээс нь ажлын байрыг маш ихээр нэмэгдүүлэх боломжтой учраас энэ чиглэлд бодлогоо явуулахаар шийдвэр гаргаж ажиллаж байна. Бидний хувьд хүнд үйлдвэрийн асуудал ярихаар төсвийн орлогын нэлээд хувийг бүрдүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэр. Тийм болохоор тус үйлдвэрт очиж ажилласан. Аж үйлдвэр, тэр дундаа хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд Үйлдвэр технологийн парк байдлаар хэрэгжүүлэхээр болж Үйлдвэр технологийн паркийн тухай хууль гарсан. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг ганц үйлдвэр байдлаар биш, гол түүхий эд нь гарч байгаа том уурхайгаа түшиглэж байгуулах юм бол боловсон хүчний асуудал, хөрөнгө төсвийн хэмнэлттэй байдлыг тооцож хийхээр болсон. Ингээд манай улсад Үйлдвэр технологийн паркийг зургаан газар байгуулна. Эдгээрийн хамгийн том нь Эрдэнэтийн Үйлдвэр технологийн парк байгаа юм. Энэ паркийн ажил эхлээд дэд бүтцээ бий болгохоор нэлээд ажлыг хийсэн байна. Үүнд 1100 гаруй га газрыг тусгай хэрэгцээнд авч, авто болон төмөр зам, цэвэр ус, ариутгах татуургын ажлыг 60-90 хувьтай гүйцэтгэсэн байдалтай байна.

-Томоохон үйлдвэрүүд барина гэдэг ч гацсан, удааширсан байдал олон бий. Наад захын жишээ гэхэд л Нефть боловсруулах үйлдвэр байна. Тэгэхээр та салбар хариуцсан сайдын хувьд эдгээр урагшилж өгдөггүй, ашиглалтад ордоггүй үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт дээр ямар бодлого барьж ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ бол үнэн. Ер нь бид аж үйлдвэрийн салбарыг яриад олон жил болж байна. Харин одоо энэ шинэ Засгийн газар эдгээр ажлуудаа 100 хоногийн ажлынхаа хүрээнд яриад эхэлчихсэн байгаа. Хоёрдугаарт, хамтарсан засаг учраас улс төрийн ямар нэгэн гацаа саад бага байна гэж харж байна. Улс оронд хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай томоохон шийдвэрүүд, бүтээн байгуулалтууд хамтарсан засгийн үед явагддаг. Ийм байдлаар эдгээр ажлуудаа нэлээд ахиулна. Мэдээж төсөв, санхүүгийн хувьд дан төсвийн хөрөнгөөр дийлэхгүй. Тиймээс гадны хөрөнгө оруулалтуудыг татах, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах чиглэлд ажиллана. Мөн бид цаашдаа маш олон төслийг эхлүүлж, сэглээд хаях биш, салбар бүр дээр бүтээн байгуулалтыг хийнэ. Жишээлбэл, Эрдэнэтийн үйлдвэр технологийн парк дээр Зэс хайлуулах үйлдвэр, Дарханых дээр Гангийн үйлдвэр гээд зориод ажиллана. Таван толгой дээр гэхэд л Нүүрс, химийн асуудлаа яриад дараагийн шатанд нь гаргана. Ингэж тодорхой болох, ТЭЗҮ нь хийгдсэн асуудлуудыг бариад явна.

-Том үйлдвэрүүд байгуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад эхлэхээр худалдан авагч олох асуудал гарч ирж л таарах байх. Энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Эрдэнэтийн Зэс хайлуулах үйлдвэр дээр ярихад бид баяжмалаа шууд гадагш нь гаргаж байгаа. Катодын зэсээ их хэмжээгээр үйлдвэрлээгүй. Харин түүнийг дагасан жижиг үйлдвэрүүд дээр л катодын зэс үйлдвэрлэж байгаа. Тиймээс эхний ээлжинд баяжмалаа гадагш нь гаргаад байх биш, өөрсдөө катодын зэсээ гаргаж авах зорилготой байгаа. Дараа нь түүнийг дагасан жижиг үйлдвэрүүд гарч ирнэ. Үүн дээр төр гэхээсээ илүү хувийн хэвшил оролцох боломжтой. Зэс турба, эдлэлүүд, зэс утас, зэсийн нунтаг хүртэл үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага бий. Ингэж гол нэмүү өртөг маш их шингэдэг хэсэг нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэсэг дээрээ гарч ирнэ. Бид яагаад Үйлдвэр технологийн парк гэж яриад байна гэхээр эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх катодын зэсээ гаргаж авах шаардлага байна. Тэгж байж үйлдвэрлэл явна. Цогцоор нь асуудалд хандъя гэдэг байдлаар УИХ, Засгийн газар дээр шийдвэр гарсан нь Үйлдвэр технологийн парк юм аа л гэж ойлгох хэрэгтэй.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Р.Даваадорж “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл тооцоо судалгаагүй, дэврүүн сэтгэлээр асар их хөрөнгө цацсанаас үүдэж гацсан” хэмээн ярьсныг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Төсвийн тодотгол бол сонгуулийн үр дүнгээр зайлшгүй хийхээр болсон зүйл” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд нэвтэрсэн
зээлдмэл үгс” нийтлэл хэвлэгдлээ.

  • ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр “Монгол, Швейцарь хоёр улс адил үнэт зүйлтэй” гэв.

“Цаг үе, үйл явдал” нүүрт Нийслэлийн Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн багш Ш.Баатармаа “Гүйцэтгэлийн үнэлгээнээс болж олон багш сайн муугаараа дуудуулан ажлаасаа гарч, өөр салбар руу дүрвэж байна” хэмээн ярилаа.

  • “Эдүгээгийн даяаршлын нийгэм дотор дияанчлан буй Күнз” хэмээснийг “Өд бэх” нүүрээс уншаарай.

ГАДААД МЭДЭЭ: Трампын сонгуулийн тактик

АРЫН НҮҮР: Ус хэдий барьцгүй ч урьдчилан сэргийлж болно


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Их эмч Т.Мөнхзул: Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсанаар уг өвчнөөс 15 жил сэргийлж чадна DNN.mn

Улаанбурхан өвчнөөр 47 настай иргэн халдварласан болох нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Улаанбурхан өвчний эхний тохиолдол 47 настай, эрэгтэй Монгол Улсын иргэн болох нь долдугаар сарын 31-ний өдрийн лабораторийн оношоор батлагдсан. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдсанаас нэг нь дотоодын тохиолдол боллоо. Мөн сэжигтэй нэг тохиолдлыг бүртгэж, хяналтад аваад байна. Тохиолдол батлагдсантай холбоотойгоор эрсдэлийн үнэлгээг хоёр удаа хийлээ. Үнэлгээгээр улаанбурхан өвчин дунд зэрэг гэж үнэлэгдэж байгаа ч идэвхжлийн зэрэг нэгдүгээр түвшинд орсон. Тохиолдлын удирдлагын штабыг сайдын тушаалаар батлан ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд зургаан чиглэлээр бүх эрүүл мэндийн байгууллагад энэ өвчлөлийг тандан судлах, эрсдэлд бэлэн байх үүрэг чиглэл өгсөн гэлээ.

Түүнчлэн 725 хавьтлыг тодорхойлж, голомтын вакцинжуулалтыг зохион байгуулж, 67.1 хувийг дархлаажуулалтад хамруулжээ.

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад гурван удаагийн сургалт зохион байгуулж, 1200 эмч, мэргэжилтнийг хамруулсан байна. Улаанбурхан өвчний тархах эрсдлийг бууруулах, өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор нийт иргэдэд, эрсдэлд өртсөн хүн амд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа аж. Улаанбурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалт зохион байгуулах, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулж дархлаажуулалтад хамрагдсан, хамрагдаагүй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, яаралтай вакцинжуулалтад хамруулах. Улаанбурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдлийн үнэлгээг нарийвчлан гаргаж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс зохион байгуулах.

Гадаад улсаас ирж байгаа иргэдэд эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, эргэх холбоо тогтоохын тулд очих газрын хаяг, утасны дугаарыг бүх шатны байгууллага (Хил хамгаалах газар болон хилийн цэргийн байгууллагууд) авах. Нөхөн дархлаажуулалтыг шуурхай зохион байгуулах. Тандалтыг эрчимжүүлж голомтыг яаралтай цомхотгох. Өвчилсөн иргэдийг эмнэлэгт тусгаарлан эмчлэх. Хүнд

шатлал, хөнгөн шатлалаар тусгайлан ялгаж эмчлэх. Вакцин хийлгүүлээгүй хүүхэд, иргэдээ үе шаттай вакцинд бүрэн хамруулах.

Ахмад настан, зүрхний болон тархины цусан хангамжийн алдагдалтай, сахарын өвчтэй эмзэг бүлгийн иргэдээ нэн тэргүүнд дархлаажуулалтад хамруулах талаар Улсын онцгой комисс уржигдар хуралдаж дээрх үүрэг чиглэлүүдийг өгчээ.

Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан бид Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.

Сайн дурын дархлаажуулалтын кабинетаар оров. Тус кабинетын үүдэнд 10 гаруй хүн улаанбурхан, улаануудын эсрэг вакцинд хамрагдахаар оочерлож байв. Мөн эмнэлгийн удирдлагууд улаанбурхан өвчний тохиолдол гарсантай холбоотойгоор Эрүүл мэндийн яаманд хуралтай байлаа.

Яаралтай тусламжийн тасгийн лавлах дээр бага насны хүүхдээ тэвэрсэн ээжүүд “Нүүр болон биеэр нь тууралт гараад байна хаана үзүүлэх вэ” гэсээр ээлж дараалан ирж байлаа. Лавлахын ажилтнууд 7, 8, 9 дүгээр цонхон дээр очиж үзүүлэхийг зөвлөж байв.

Мөн ахлах ангийн эрэгтэй сурагч “Би олон улсын зусланд амарч байхад ковидын нэг тохиолдол илэрсэн. Тиймээс зусланд амарч байсан бүх хүүхдүүдээ ковидын

гэсэн юм” гэхэд “маргааш 11 цаг хүртэл ковидын шинжилгээг амбулаториор өгөх боломжтой” гэв.

Их эмч Т.Мөнхзул: Улаанбурхан өвчний голшинж тэмдэг нь томтолбот, гөвдрүүт тууралт дээрээс доош чиглэлтэй гардаг

Улаанбурхан өвчний талаар ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Т.Мөнхзултай ярилцлаа.


-Улаанбурхан гэж ямар өвчин бэ?

-Улаанбурхан нь халууралт, амьсгалын замын болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гөвдрүүт тууралт гардаг цочмог халдварт өвчин юм. Энэ нь амьсгалын замаар дамждаг, халдварын эх уурхай нь улаанбурхан өвчнөөр өвдсөн хүн байдаг. Улаанбурхны вирус нь халдварлахдаа амьсгалын дээд замд байрлаад ханиах, найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар агаарын урсгалаар нэлээд хол цацагддаг. Халдвартай хүнтэй ярих, шүргээд өнгөрөх төдийд ч энэ халдварыг авах боломжтой.

-Улаанбурхан өвчний илрэх гол шинж тэмдэг нь юу вэ. Нууц үе нь хэдий хугацаанд үргэлжилдэг вэ?

-Улаанбурхан өвчний нууц үе нь 7-11 хоног байдаг. Хамгийн багадаа долоо хоног, түүнээс цааш 28 хоног хүртэл хугацаанд нууц үе нь үргэлжилж болно гэж үздэг. Энэ өвчин цочмог байдлаар илэрдэг. Өндөр халуурна, цочимтгой болно, бага насны хүүхэд ууртай, уцаартай, уйлагнаж, тайван бус болох шинж тэмдэг эхэн үедээ илэрнэ. Хоолны дуршил буурч, нойр өөрчлөгддөг. Дээрээс нь стимсоны гурвал буюу ринит, ларингит, коньютивит гэсэн гурван шинж тэмдэг илэрдэг. Ринетийн үед найтаах, хамар нь битүүрэх, усан нус гоожиж байгаад яваандаа ногоон өнгөтэй болно. Ларингитын үед хуурай ханиалгадаг, шаналгаатай олон удаа хуцуулж ханиалгах, хоолой сөөнгөтдөг. Кониктивит нь нүдний салст улайж хавагнах, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах шинж тэмдэгтэй. Эдгээр нь амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдгүүд юм. Улаанбурхны эхний үед халуурч, нүдний зовхи нь хавагнадаг. Дараа нь үечилсэн байдалтайгаар тууралт гардаг. Эхний өдөр нүүрээр, дараагийн өдөр цээж нуруугаар гарна. Гурав дахь өдрөөс мөчдөөр гарах зэргээр дэс дараатай, дээрээс доош чиглэлтэй гардгаараа бусад өвчний тууралтуудаас онцлог байдаг.

-Уг өвчин нь хэр удаан эмчлэгддэг вэ. Гэрээр эмчлэх боломжтой юу?

-Эмнэлгийн нөхцөлд 7-10 хоног эмчилдэг. Хүндрэл гарсан тохиолдолд түүнээс удаан хугацаагаар эмчлүүлэх тохиолдол бий. Улаанбурхан өвчний үед менингит, уушгины хатгалгаа зэрэг бусад хүндрэлүүд ихэвчлэн үүсдэг.

Өмнө нь манайд 2015, 2016 онд 50 гаруй мянган хүн улаанбурхан өвчнөөр өвдсөн том дэгдэлт болсон. Энэ үед хөнгөн хэлбэрийн хүмүүсээ гэрээр эмчилж байсан тохиолдол их бий.

Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлан эмчилж байна. Улаанбурхан өвчний дэгдэлт их гарсан тохиолдолд хөнгөн хэлбэрээр туссан өвчтөнүүдийн хувьд эмч, эмнэлгийн байгууллагын хяналт, зөвлөмжийн дагуу эмийн эмчилгээ хийлгэн, гэрийн нөхцөлд өөрийгөө тусгаарлан, амин дэмээр тэжээллэг хоол хүнс хэрэглэх ёстой.

-Хэрхэн улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ?

-Эхний үед хамгийн том дархлаажуулалт вакцин байдаг. Манай улсад хүүхдэд есөн сартай болон хоёр настайд нь улаанбурхан, гахайн хавдар, улаануудын вакциныг товлолын дархлаажуулалтаар хийдэг. Энэхүү товлолт вакцинд хамрагдсанаар уг өвчнөөс 15 жил хүртэлх хугацаагаар хамгаалагдана гэж үздэг. Хэрвээ вакциндаа хамрагдаж чадаагүй, ямар нэгэн байдлаар улаанбурхан өвчнөөр өвдөөгүй болон өвдсөнөө мэдэхгүй хүн байвал улаанбурхны эсрэг дархлаажуулалтад хамрагдана. Энэ нь 96 хувиас дээш хувийн халдвартай өвчин. Хамгийн их халдварлалт өндөртэй, хүн бүр өвчлөх боломжтой өвчин учраас олон нийтийн газар, дотоод орчинд явахдаа амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахих хэрэгтэй. Бага насны хүүхдүүд товлолын вакциндаа хамрагдаж чадаагүй байвал хурдан хугацаанд товлолын вакцинд хамруулах шаардлагатай. Улаан бурхан нь вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчин.

Есөн сартайгаас улаанбурхан өвчний товлолт дархлаажуулалт эхэлдэг учраас 0-9 сар хүртэлх насны хүүхдүүдээ шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, эцэг, эхчүүд нь вакциндаа хамрагдаж, хүүхдэдээ халдвар тараахаас сэргийлэх хэрэгтэй.

-Уг өвчний вакцин 15 жилийн баталгаатай гэлээ. Хамгаалалтын хугацаа нь дууссан иргэдийн хувьд дахин вакцин хийлгэх шаардлагатай юу?

-Улаанбурхнаар өвдсөн хүн дахиж өвдөхгүй. Вакцины дархлаа нь суларсан сүүлд өвдөөгүй гэж бодож байгаа иргэд дархлаажуулалтдаа дахин хамрагдах юм. Эрүүл мэндийн яамнаас тушаал гарч бүх, өрх, дүүргийн эмнэлгүүдэд харьяалал харгалзахгүйгээр улаанбурхны вакциныг хийж эхлэх гэж байгаа.

Улаанбурхан өвчинд хамгийн их өртөх эрсдэлтэй нь 0-9 сар хүртэлх насны хүүхдүүд, урьд нь өвчлөөгүй, вакцинд хамрагдаагүй хүмүүс. Нэмэлт нэг тун вакциныг насанд хүрэгчдэдээ, хүүхдэд хоёр товлолт вакцин хийж байна.

-Вакцин хийлгэсний дараа ямар шинж тэмдэг, зовуурь илрэх вэ?

-Бага зэргийн халуурах, вакцин хийлгэсэн газарт улайж, үрэвсэх, хөнгөн хэлбэрийн тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ нь вакцин хийлгэсний дараахь хариу урвал учраас үүнийг өвчлөл гэж үзэхгүй.


Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дараахь тохиолдолд тарьж болохгүй. Үүнд:

-Гормон болон туяа эмчилгээ, дархлаа дэмжих болон дарангуйлах эм хэрэглэж байгаа хүнд

-Төв мэдрэлийн системийн эмгэгтэй хүнд

– Халуунтай болон цочмог халдварт өвчний үед

-Уг вакцины найрлагад орсон ямар нэгэн бодист харшилтай

-Өмнөх дархлаажуулалтад харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд

-Цусны системийн өвчнүүд лейкеми, хүнд хэлбэрийн цус багадалт

-Бөөрний дутагдалтай өвчтөнд

-Ээнэгшлээ алдсан зүрхний эмгэгүүдийн үед

-Жирэмсэн

-Өмнө нь неомицин хийлгээд хүнд харшлын шинж илэрсэн

-Гаммаглобулин хийлгэснээс хойш 45 хоногийн дотор

-Хүнд хэлбэрийн төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд

-Цус, сийвэн сэлбүүлснээс хойш гурван сарын дотор зэрэг эдгээр тохиолдолд тус вакцинд хамрагдаж болохгүй.

Л.МИНЖМАА

Т.АЛТАНМИНЖ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Манай тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад тэмцэлдэж чадахгүй юм DNN.mn

“Парис-2024” зуны олимп шувтарлаа. Монголчуудын хувьд ганц мөнгөн медальтай энэ удаагийн олимпийг дуусгаж байх шиг байна. Өөр медаль горьдох шаанс ч алга. Уг нь манайх Парис руу 32 тамирчнаа илгээсэн. Тэд олимпийн есөн төрөлд хурд, хүчээ сорив. Гэвч жүдо бөхийн эмэгчтэйчүүдийн -48 кг-ын жинд авсан ганцхан мөнгөн медальтайгаа олимпоо өндөрлүүлэх нь ээ.

Дэлхийн хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон энэхүү спортын их наадамд зодоглож буй тамирчдаа харахад үнэхээр сэтгэл дундуур оргиод болж өгөхгүй юм. Үзэгчид, фанатууд бол дэмжиж байгаа тамирчнаа харж огшиж, омогшиж, оргилж буцалж, сэтгэлийн жаргал таашаал мэдрэхийг хүсдэг. Тамирчин хүн ур чадвар, авхаалж самбаагаар өрсөлдөгчдөө буулгаж авч байгаа тэр торгон мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Харамсалтай нь манай тамирчид тэгж чадсангүй. Зөвхөн энэ удаад ч биш. Сүүлийн 30 жил ийм дүр зураг ажиглагдлаа. Энэ нь тухайн тамирчны карьерт муу урхагтай. Жишээлбэл, саяны олимпоос харж байхад манай тамирчид тоглолтдоо ер орж өгөхгүй байгаа нь хүн бүхний нүдэнд ил байсан. Шуулуухан хэлэхэд, яг тэмцээн эхлэнгүүт гөлийчихдөг. Анхаарал, төвлөрөл нь маш сул. Сэтгэл зүйн бэлтгэл хангалтгүй. Бодол санаа нь өөр газар тэнэж байдаг гэлтэй. Ямар ч идэвх санаачилга, тэмцэл байхгүй. Дайчин биш харагдах юм. Өрсөлдөгчийнхөө өөдөөс дайралт хийхдээ уран ухаан, авхаалж самбаа гаргахдаа үнэхээр лазан, хойрго. Урсгалаараа гөлийж байгаад буугаад өгчихдөг. Үүний гол шалтгаан нь аваагүй шагналаа алдчихна гэсэн сэтгэл зүйн айдастай нь холбоотой юм шиг. Яагаав, улсаас олимп, дэлхийн аваргын медальт тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал өгдөг болсон доо. Олимпийн наадмын алтан медалийн эзэн дөрвөн сая, мөнгөн медальтан гурван сая, хүрэл медаль хүртсэн бол хоёр сая төгрөгийн урамшууллыг сар бүр авна. Харин дэлхийн аваргаас алтан медаль авбал хоёр сая, мөнгөн медаль бол нэг сая, хүрэл медальтанд 500 мянган төгрөгийн урамшуулал тус, тус олгох Ерөнхийлөгчийн зарлиг үйлчлээд арав гаруй жил болж байна.

Тухайн тамирчин ДАШТ-ээс алтан медаль хүртээд хоёр сая төгрөгийн урамшуулал авах эрхтэй байлаа гэж бодъё. Дараа нь олимпийн наадамд ялалт байгуулж алтан медаль хүртээд дөрвөн сая төгрөгийн урамшуулал авахаар боллоо гэхэд сар бүр нийтдээ зургаан сая төгрөгийн урамшуулал авна гэсэн үг. Энэ мөнгийг насан туршдаа авах эрхтэй. Сард зургаан сая төгрөг гэхээр жилд 72 сая төгрөг тухайн тамирчинд ажил хийсэн, хийгээгүйгээс нь хамаарахгүйгээр дансанд нь автоматаар ороод байна. Арван жилд 720 сая төгрөгтэй болно. Хорин насандаа олимп, дэлхийн аварга болсон тамирчин 60 нас хүртлээ энэ урамшууллыг авлаа гэхэд бараг 30-аад тэрбум төгрөгтэй болсон байх нь ээ. Хэрэв олимпийн медаль хүртэх юм бол насан туршдаа ийм тэтгэмж авах боломжтой гэсэн сэтгэл зүй манай тамирчдыг алаад байгаа хэрэг. Аваагүй энэ шагналаа авсан мэт төсөөлж, тэрийгээ алдчих вий гэсэн түгшүүрт автан тэмцээний үеэр биеэ барьж, ерөөсөө хөдөлж чадахаа байсан нь худлаа биш. Бид ч юм үзээгүй ядуу хоосон улс гэдэг нь үнэн л дээ. Тэгсэн ч гэсэн аваагүй шагналаа алдчихна гэсэн айдастай хэдэн тамирчид маань ямар ч тэсрэлт, тэмцэл хийж чадалгүй ойчоод өгөх юм. Энэ бүхэн тамирчны бие бялдрын хэлэмж, сэтгэл зүйн байдлаас нь тод уншигддаг шүү.

Саяын олимпоос мөнгөн медаль авдаг жүдочин охины хувьд анхнаасаа тийм сул байсан уу гэвэл бас ч үгүй юм аа. Мөнгөн медаль автлаа ярих юм байхгүй сайхан тэмцэлдсэн. Монгол түмнээ ч огшоож чадсан. Гэтэл алтан медалийн төлөө барилдахдаа яг хуучцуул шигээ гөлөрчихөөд гараад ирсэн. Мөнгөн медальдаа ханачихсан аятай. Царай, үйл хөдлөл нь цаанаасаа л цадчихжээ гэмээр. Алт, мөнгө хоёрын ялгаа ч бараг байхгүй дээ гэсэн бодолтой харагдахаар. Дээрээс нь тамирчдын тархийг ганц барьдаг хүн бол энэ хэдэн багш, дасгалжуулагчид. Тэд “Ялсан ч, ялагдсан ч медаль дээрээ буулаа. Одоо болно. Насан туршийнхаа хоолтой болчихлоо” гээд хэлбэл өнөөх тамирчин мэдээж ханачихна шүү дээ. Тэгээд ч ийм сэтгэл зүйтэй дэвжээн дээр гарсан тамирчин яаж ч хичээгээд уран барилдаан гаргаж чадах уу. Гөлөрч байгаад ойчоод өгснийг бодохоор харамсмаар. Хэрэв аваргын алтан медалийг зүүсэн Японы тамирчинтай шөвгийн дөрөвт таарсан Шведийн 18 настай охинтой таарсан бол ёстой арчуулах байсан биз. Цунадо Нацуми энэ швед тамирчинтай үзэхдээ зүгээр л мах болчихсон байсан. Анхныхаа олимпоос хүрэл медаль хүртсэн тэр швед охиныг манай тамирчин яагаад ч барахааргүй тийм тэмцэлтэй, идэвхтэй, эрч хүчтэй юм билээ. Түүний дэргэд өөрийн тамирчныхаа барилдааныг харахад үнэхээр урам хугармаар. Тэмцэлгүй, дайчин биш.

Ер нь тамирчин хүн тэмцээндээ орох тусмаа урам авч, цэнэглэгддэг биш билүү. Гэвч энэ бүх шинж чанарыг тамирчдаасаа олж харахгүй болохоор гутармаар санагдах юм. Тамирчдын амжилт, идэвх санаачилгыг хойш татахад хамгийн том нөлөөлөгч нь сар бүр өгдөг мөнгөн урамшуулал. Мэдээж тамирчныхаа амжилтыг үнэлэх нь зүй ёсны асуудал. Гэхдээ насан туршид өгдөг нь үнэхээр том тэнэглэл. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Амжилт гаргасан үед нь нэг удаа шагнадаг байх хэрэгтэй. Алтан медаль авбал ахиухан. Мөнгө авбал бага. Хүрэл медаль хүртсэн бол амсуулах төдий. Шагналт байранд орвол урамшуулал тооцдоггүй байхаар ч юм уу. Тэгэхгүй болохоор энэ насан туршийн урамшуулал чинь тамирчны амжилтад асар хортой байна.

Насан туршдаа авах тэтгэмжиндээ сэтгэл ханаад спортын карьераа орхиж, нам даган даргын суудалд тухалсан олимпийн аваргуудын жишээ ойрхных. Бусад орны тамирчид гурав, дөрөв дэхээ олимпдоо оролцоод явж байхад манайхан яаж байна. Ажил хийхгүйгээр улсаас бэлэн тэтгэмж аваад сууж байгаа хүмүүст спортын ноён оргилд гарах нь тийм ч сонин биш. Уг тамирчин хүний хувьд олимп, дэлхийгээс медаль авна гэдэг гайхалтай амжилт. Дэлхийн долоон тэрбум хүнээс онцгойрч, олимпийн тэнгэрт улсынхаа тугийг мандуулаад ирсэн тамирчнаа урамшуулах нь буруу биш. Гэхдээ үнэлэмж нь зөв байх ёстой. Ганцхан удаа оцойтол нь шагнадаг байя. Тэгэхгүй болохоор Монголын тамирчид аваагүй шагналаа алдчихна гэж айгаад хөдлөхөө байжээ. Хуучин арай ч ийм байгаагүй юм шүү.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Эрдэнэболд: Хүний эрх, бизнесийн дарамтгүй орны төлөө бодлогын алхмууд дээр төвлөрч ажиллана DNN.mn

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламентад сонгогдлоо. Энэ парламент, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд ямар байдлаар ажиллах ёстой, юуг шийдэх шаардлагатай, эрх чөлөө, шударга ёсыг ямар бодлогоор бодитой болгох хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Энэ парламент, түүний бүрдүүлсэн хамтарсан Засгийн газраас ард түмэн ихийг хүсэн хүлээж байна. Тэд нийгэмд шударга ёсыг тогтоогоосой, дарга нарт бус иргэдэд үйлчилдэг төрийн албыг бүрдүүлээсэй, авлигатай дүр эсгэсэн маягаар бус жинхэнэ ёсоор тэмцээсэй, ажлын байр ихээр бий болгож, ядуурлыг бууруулаасай гэж хүсч байна. УИХ-ын гишүүний хувьд би сонгогч түмний өмнөөс эдгээр хүсэлтийг нь биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж хүчин зүтгэнэ. Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа. Өмнө нь эрх баригчид найман жилийн турш дангаар ноёрхохдоо үндсэндээ хараа хяналтгүй ажилласан гэж хэлж болно. Тэд алдаа их гаргасан, түүний уршгаар байгаа нөөц боломжийг ч алдсан. Алдагдсан боломжийг, алдааг богино хугацаанд засаж, эрчимтэй ажиллахад нь би гишүүний хувьд ард түмний дуу хоолой нь болж ажиллахыг зорино. Ер нь парламентын засаглалтай оронд бид дан гүйцэтгэх засаглалд найдалгүй, УИХ-ын гишүүн бүр нийгмийн хөгжилд өөрийн манлайллаа үзүүлж байж, дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд болон улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэг.

-Та яг энэ зарчмаар ажиллах уу?

-Би энэ зарчмыг баримтална. Өөрөөр хэлбэл, “жирийн л нэг гишүүн” байхыг хүсэхгүй байна. Харин манлайлагч гишүүн байх болно. Үүний тулд бидний хамтын гэр Монгол эх орныхоо үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж буй гадаад, дотоод хүчин зүйлсэд бодитой дүн шинжилгээ хийж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Яг нарийндаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Үндсэн хуулийн дараа орох төрийн бодлогын хамгийн чухал бичиг баримт юм. Гэтэл одоогийн мөрдөж буй үзэл баримтлал маань 2010 онд батлагдсанаас хойш даруй 14 жил өнгөрчээ. Гэтэл уг баримт бичигт дэвшүүлсэн нэлээд олон зорилт хэрэгжээгүй, эсвэл хангалтгүй хэрэгжиж байгаад би санаа зовж явдаг. Үүний шалтгаан нь энэ чухал баримт бичгийн хэрэгжилтэд нэг их ач холбогдол өгөлгүй орхисонтой холбоотой болов уу. Үндэсний аюулгүй байдлын үүднээс дотоодод ч шийдэх асуудал байна. Иймд УИХ-ын бусад гишүүдтэй хамтарч энэ асуудлаар санаачилга гаргаж нэлээд ажил төлөвлөж байна.

-Хамтарсан Засгийн газарт зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бол зарим нь нэгдээд ажлаа хийхийг шаардаж байна. Таны хувьд ямар байдлаар хүлээн авч, ямар зарчим баримтлан ажиллах ёстой гэж үзэж байна вэ?

-Миний хувьд Монголын ард түмний язгуур эрх ашгийн үүднээс хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахыг дэмжиж хүлээн авсан байгаа. Гэхдээ таны асуусанчлан энд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд баримтлах зарчим их чухал гэдгийг онцлон хэлье. Гурван намаас Засгийн газрыг бүрдүүлж байгаа гишүүд маань “нэг хөнжил дотор ороод давхар дээлтэй” амар жимэр хэвтээд байж болохгүй. Хамгийн гол нь хамтарч том төслүүдийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх чин эрмэлзлэлтэй байх, авлигаас ангид байх, төрийн дарангуйллыг халж, төрийн албыг шинэчлэх, бизнесийн орчныг эрүүлжүүлэх, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих гээд зарчмуудыг баримталж ажиллах хэрэгтэй байна. Хэрхэхийг цаг хугацаа харуулна. Хэрэв “буруу замаар будаа тээвэл” түүнтэй эвлэрэхгүй.

-Саяны сонгуулиар маш их мөнгө зарцуулагдлаа. Монгол Улсын эдийн засаг өсөлттэй гэж байгаа ч маш эмзэг гэдэг. Байгаагийнх нь хэрээр үрээд байж болохгүй байх л даа. Яаж эдийн засгаа одоо байгаагаас хэд дахин илүү өсгөх вэ?

-Саяхан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг харуулах хагас жилийн хугацааны статистик гарсныг уншиж танилцсан. Гадаад худалдаа сайн байгаатай холбоотой төсвийн гүйцэтгэл боломжийн, эдийн засаг өсөлттэй, инфляци зорилтот түвшиндээ орсон байна. Гэхдээ үүнийг түр зуурын биш, цаашид тогтвортой өсөлт болгож авч үлдэх нь чухал. Манай улсын эдийн засаг гадаад худалдаа ялангуяа нүүрс, зэсний үнээс шууд хамаардаг. Монгол Улс 2024 оны хагас жилийн байдлаар экспорт 7.9 тэрбум ам.долларт хүрч. Миний санаж байгаагаар дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны зургадугаар сард нийт экспортын хэмжээ 2.8 тэрбум ам.доллар байсан. Тэгэхээр манай улс тэр үетэй харьцуулахад гурав дахин их валют олжээ. Энэ оны хагас жилийн импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ бол чамлах үзүүлэлт биш.

-Чамлахгүй ч бид баярлах болоогүй байлгүй…?

-Манай улсын эдийн засаг эмзэг гэдэгтэй санал нийлнэ. Учир нь Монгол Улсын эдийн засаг нүүрснээс хэт хараат болсон нь санаа зовоож байна. Хэрэв нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унах, өмнөд хөрш нүүрсний худалдан авалтаа багасгавал манай эдийн засаг хүндэрнэ. Хятадын зах зээл дээрх коксжсон нүүрсний ханш 200 орчимд хэлбэлзэж байна. Манай Монголын нүүрс бусад улстай харьцуулахад хямд, зах зээлдээ ойр, бас Дэлхийн гангийн холбоо 2024 онд дэлхийн гангийн эрэлт өнгөрсөн оныхоос буурахгүй гэсэн мэдээлэл өгсөн болохоор ойрын хугацаанд хүндрэл гарахгүй гэж найдаж байна.

-Эдийн засгаа яаж өсгөх вэ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Уул уурхайн экспортод гардаг элдэв хүнд суртал, гадаадын хөрөнгө оруулалтад саад болдог байдалд онцгой анхаарах ёстой. Бид зөвхөн Хятад биш, сүүлийн үед эдийн засаг нь эрчимтэй өсөж байгаа Энэтхэгийн зах зээлд нүүрсээ борлуулах, Япон, Солонгос зэрэг орнуудын зах зээлд гарах гарцыг нэн яаралтай нээж чадвал эдийн засаг хэд дахин нэмэгдэх боломж байна. Мэдээж том дүнгээр нь харвал хувийн хэвшлээ дэмжиж, зээлийн хүүг буулгах, ажлын байр олноор бий болгох, төсөв, мөнгөний зөв бодлого хэрэгжүүлэх гээд шийдвэл зохих асуудлууд бол байгаа.

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр удахгүй тодорхой болж, ээлжит бус чуулганаар танилцуулагдах сураг байна. Таны хувьд энэ засаг яг ямар том төсөл, хөтөлбөрүүдээр нэгдэх ёстой гэж бодож байна вэ?

-Гурван нам хамтарч шинэ Засгийн газар бүрдүүллээ. Мэдээж өөр өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд гурван тийш чангаах шаардлагагүй байх. Томоохон төслийн хувьд дэд бүтцийн улс орны цаашдын хөгжилд нэмэр болохуйц төсөл хөтөлбөр эхлүүлэх ёстой. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС энд дурдмаар байна. Бид эрчим хүчээ гаднаас экспортоор авалгүй өөрсдөө бие даан шийдвэрлэх ёстой. Улс орны хөгжлийг эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Гадаад өрийн асуудалдаа анхаарах цаг ирлээ гэж бодож байна. Манай нийт иргэдийн арилжааны банкнаас авсан зээл ганц жилийн дотор 14 их наядаас 19.7 их наяд буюу даруй 5.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэх статистик хагас жилийн тайланд харагдсан. Ломбард, ББСБ, хоршоо энэ тэрийг оруулбал бүр их тоо гарах байх. Тэгэхээр улс орноо төдийгүй иргэдийн, өрхийн зээл санаа зовоох асуудал болжээ. Үүнээс гадна, Статистикийн бизнес регистрийн санд 2024 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэлтэй 245 мянган хуулийн этгээдийн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж, 60 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Энэ бүхэн төсөв, мөнгөний бодлого оновчгүй байгааг харуулж байна. Төр нь бүтээн байгуулалт хийхээс илүүтэй хувийн хэвшилдээ орон зай үлдээх ёстой. Дээр дурдсан асуудлууд Шинэ Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж би хэлнэ.

-Удахгүй намрын чуулганаар төсөв хэлэлцэнэ. Жил бүрийн төсөв алдагдалтай батлагддаг. Ер нь Төсвийн шинэчлэл, хуваарилалт, орлого бүрдүүлэлтийг яаж хийх хэрэгтэй вэ?

-Бидний гадаадаас олдог 10 ам.долларын бараг найм нь зэсийн баяжмал, нүүрс хоёрт оногддог. Саяхныг хүртэл зэсийн баяжмал дангаараа экспортын орлогод гол байр суурьтай байсан бол 2005 оны үеэс урд хөршийн эдийн засаг эрчимжихийн зэрэгцээ нүүрс үнэд орж манай экспортын гол бүтээгдэхүүний нэг болсон байдаг. Энэ хоёр бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр байвал эдийн засаг нь өсөж, унавал дагаад унадаг эмзэг эдийн засагтай орны тоонд багтаж байна. Ийм улс орнуудад төсвийн тогтвортой байдал маш чухал. Уул уурхайгаас хараат улс орнуудад төсвийн тогтвортой байдлын арга хэрэгслийг чадварлаг ашиглаж, сахилга баттай байж чадсанаас хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байдаг. Ийм улсуудын тоонд Австрали, Канад, Чили, Шинэ Зеланд зэрэг орнууд орно.

-Гэтэл манайд тэр бодлого нь хангагдаж чадахгүй байгаа байлгүй?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв хоёр их наядын алдагдалтай баталдаг болсон. Энэ хэмжээгээр гадаад өр нэмэгдэж байгаа. Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан дөрвөн тусгай шаардлагыг чанд мөрдөх ёстой. Сүүлийн жилүүдэд энэ нь тас орхигдсон асуудал. Ялангуяа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай байх болон Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн хоёр чухал заалтыг чанд мөрдөх ёстой. Мөн төсөвт элдэв зардал нэмж хувийн хэвшлийнхээ орон зайг булаадаг асуудалд цэг тавимаар байна. Өөр нэг чухал асуудлыг хөндөхгүй байж боломгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг анхаарах ёстой. Олон жил дамнан өртөг нь өсдөг. Хэт өндөр мөнгөн дүнтэй мөртлөө иргэдийн амьдралд наалдахгүй олон төсөл хөтөлбөр төсөвт орж ирдэг. Энэ бүхнийг засаж залруулахын төлөө ажиллана гэж бодож байна.

-Саяхан 21 настай иргэн амиа алдсан. Ар гэрийнхэн нь хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг Монголын цагдаагаас асууж, нэхэж байна. Ер нь цагдаа аливаа гэмт хэрэгт холбогдох тохиолдол эрс нэмэгдсэн. Энэ салбарт юу болохгүй байна вэ, таны хувьд шинэчлэл хийх шаардлага байна гэж харж байгаа юу?

-Энэ талаар би Дэд хороон дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хүний эрх, эрх чөлөөг хангах ардчиллын суурь зарчмын үүднээс цагдаа, хууль хяналтын байгууллагуудыг эрс шинэчлэх хэрэгтэй байна. Цагдаа нар ч арга барилаа өөрчилмөөр юм.

-Аж ахуйн нэгж, хувийн бизнес эрхлэгчдээ дэмжих талаар саяны сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл бүхэн мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан. Таны хувьд өнөөгийн Монголын бизнесийн орчин ямар байна, цаашлаад яаж өөрчлөх шаардлага гэж харж байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд, бизнесийн үйл ажиллагааг төрөөс дэмжихээс илүү чөдөр тушаа болох нь их. Бизнес эрхлэгчдийг дэмжихгүй юм гэхэд ядаж үйл ажиллагаанд нь саад тотгор учруулахгүй байвал тэр нь дэмжлэг болох юм. Энэ талаар хийх ажил их бий. Би ч цаашид анхаарч ажиллах болно.

-Та түрүүн гадаад өрийн асуудлыг ярьсан. АН-ын хувьд сонгуулиас өмнө эрх баригчдад гадаад өртэй холбоотойгоор нэлээд хурц шүүмжлэлийг тавьж байсан. Одоо өөрсдөө Засгийн танхимд багтаж ажиллаж байна. Гадаад өрийн асуудлаа энэ бүрэн эрхийн хугацаанд нэгдээд багасгаж чадах уу?

-Аливаа улсын гадаад өрийн хэмжээ өсвөл инфляци нэмэгдэж, ажилгүйдэл өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг. Гадаадад төлөх өрийн төлбөр улсын хатуу валютын нөөцийг шавхаж, бүхэлдээ эдийн засагт чөдөр тушаа болдог. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал. Монгол Улсад ойрын ирээдүйд хэт их өрийн дарамтаас гарах хүнд зорилт хүлээж байгаа. Энэ бүхэн төсвийг алдагдалгүй төлөвлөх, уул уурхайн баялгаас авах татвар хураамжийн зөв тогтолцоонд анхаарах, гадаадын зээл тусламжийг зөв зүйтэй төсөлд зориулах, хөрөнгийн зардлыг бууруулах, бүх шатны төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх зэрэг цогц арга хэмжээ авах ёстой гэж бодож байна.

-Татварын дарамт их байгаа. Ажиллаж байгаа хүн болгон энэ дарамтад өртөж байна гэдэг. Яаж татварын орчинг эрүүл, шударга болгох вэ?

-Татварын дарамт их байгаа учраас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байгаа талаарх тоог би түрүүн хэлсэн. Нөгөө талаас өрх бүр олон сая төгрөгний өртэй байгаа статистик нь татварын дарамт өндөр байгааг харуулах үзүүлэлт юм. Хүмүүс дур зоргоороо тэр татварыг тэглэнэ, энэ татварыг үгүй болгоно гэж ярьдаг. Нөгөө талаас Татварын Ерөнхий газар манай улс татварын хэмжээ бага улс орны тоонд ордог гэж тайлбарладаг. Миний зүгээс маш нарийн тооцоо судалгаа хийх ёстой гэж үздэг. Тухайлбал, өнөөдрийг хүртэл НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгжүүд, хувь хүн байсаар байна. Тиймээс яаж нийтээрээ татвараа төлдөг болох вэ. Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүд эхний нэг, хоёр жилдээ татвараас чөлөөлөгдөх, ажлын байр олноор бий болгож буй аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх, тансаг хэрэглээний татвар нэмэгдүүлэх гэх зэргээр цогц арга хэмжээг тооцоо судалгаанд үндэслэн нэн даруй авах цаг ирсэн.

-Монгол Улс авлига, ардчиллын индексээрээ хойшоо ухарсаар байгаа. Энэ чиглэлд ямар бодлого үйл ажиллагаа явуулж байж бид урагшлах вэ?

-Саяхан би УИХ-ын гишүүн Ц.Тувааны хамтаар хэд хэдэн төрийн өмчит үйлдвэрийн газраар орлоо. Төрийн өмчит газрууд байнгын хардлагад байдаг. “Цавчаа”, “шахаа” татвар төлөгчдийн мөнгө, нийгмийн баялгийг дээрэмдсэн тухай олон түүхүүд бид сонссоор ирсэн. Ерөөсөө авлигыг бууруулах эхний алхам бол ил тод байдал. Бүх мөнгөний урсгал шилэн байхыг бид газар сайгүй хэвшүүлэх хэрэгтэй. Мөнгө бүхэн мөртэй. Сүүдрийн эдийн засгийг аль болох багасгах, шийдвэр гаргалтад дарга нарын, хувь хүний үзэмж, субьектив нөлөөллийг багасгаж байж авлига буурна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мэдээлэлд ойр байгаадаа дулдуйдаж бусдаас давуу тал эзэмших бүх гарцыг үгүй хийх сонгодог арга бол ерөөсөө л ил тод байдал шүү дээ.

-Эрдэнэт үйлдвэрийн хувьд асуудал ямар байна вэ?

-Эрдэнэтийн үйлдвэр жишээ нь худалдан авалт, тендерийн үйл явцаа хиймэл оюун ухаанд суурилсан программаар хийдэг болж байна лээ. Энэ бол маш зөв. Дээр нь орж гарч буй мөнгөн урсгалаа бүхэлд нь шилэн болгох алхмууд хийсэн байна лээ. Ийм зөв жишгүүдийг бүх төрийн өмчит газар дээр хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар би холбогдох шийдвэр гаргагч нарт хандахаар бэлтгэж байгаа. Ерөөсөө нийгмийн суурь, итгэлцэл, шударга ёсны үнэ цэнийг нурааж байдаг зүйл бол авлига, хээл хахууль. Нүдэн дээр улс орны өрсөлдөх чадвар ухарч, олон улсын судалгаагаар улам муу дүн аваад байхад бид юу ч болоогүй юм шиг, бас юу ч хийхгүй байж болохгүй шүү дээ.

-Таны хувьд газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон хүн. Удахгүй намрын ургац хураалт эхэлнэ. Энэ жилийн хувьд улаанбуудай тариалсан хүн асар бага байна. Ихэнх нь рапс ургуулж. Энэ байдал нь цаашдаа Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх үү. Импортын улаанбуудайг хориглох бус татвараас хөнгөлснөөр дотоодын тариаланчдад асар том цохилт ирсэн юм биш үү?

-Үнэнийг хэлэхэд, Засгийн газар энэ шийдвэрээ эргэж харах шаардлагатай. Улаан буудайнаас гадна цемент дээр ч бас алдсан гэж үзэж байгаа. Судалгаа, тооцоолол, ирээдүйд гарах үр дүнг нь дутуу тооцсон алхам. Монгол Улсын өрсөлдөх чадварыг авч явж байгаа дотоодын үйлдвэрлэл, хувийн хэвшлээ хамгаалахын оронд асар хүнд байдалд оруулж байгаа шийдвэр. Яаралтай алдаагаа засах хэрэгтэй гэж үзэж байгаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Их эмч Т.Мөнхзул “Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсанаар уг өвчнөөс 15 жил сэргийлж чадна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу” гэв.

  • “Nowar” буюу эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлагч, үүсгэн байгуулагч Э.Одбаяр “Цагдаа нар “Чи үзэл бодлоо илэрхийлж, суулт хийж болохгүй” гэж эелдэг замаар дарангуйлдаг болсон” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “21 настай амь хохирогчийн хэргээс үүдэж хүний эрхийн сонсгол хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн” хэмээн ярьсныг I болон II нүүрээс уншаарай.

  • “Монцемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Халиун “Үйлдвэрээ лацдуулаад ид ажлынхаа улирлыг алдчихлаа” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Израилийн арми Хезболла бүлэглэлтэй дайтах уу

АРЫН НҮҮР: Бусадтай хуваалцах нь сайхан мэдрэмж өгдөг


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ