Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

О.Дашпагам: Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинд 11 настай охид, хөвгүүдийг үнэгүй хамруулна DNN.mn

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай ярилцлаа.


-Хүний папиллома вирусийн халдвар нь хүнд ямар хор нөлөөтэй вэ?

-Хүний папиллома вирусийн халдварыг авснаар эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсэх шалтгаан болдог. Эрэгтэйчүүдийн хувьд энэ вирусийн халдварыг авснаар ерөнхийдөө умайн хүзүүний хавдартай харьцуулахад тооны хувьд бага ч гэсэн зарим төрлийн хавдруудыг үүсгэдэг. Үүнд нь анус, шодойн хавдруудыг нэрлэж болно. Зарим улс оронд хүзүү толгойн хавдар бүртгэгдсэн тохиолдол бий.

-Энэхүү вирусийн халдварын эсрэг вакцин манайд хэзээнээс хийгдэж эхэлсэн бэ?

-Энэ хавдрын эсрэг вакцин нь манай улсад өмнө нь өвчлөл өндөртэй аймаг, дүүргүүдэд хийгдэж байсан.

Сайн дурын дархлаажуулалт гэж Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэн өөрөө төлбөрөө төлөөд хийлгэх зохицуулалтаар 2020 оноос эхлэн хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийж ирсэн. Үүнээс гадна манай улс 2023 онд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх товлолт вакцинд хүний папиллома вирусийн эсрэг тарилгыг багтаасан. Тус хуулийн 10.1-т “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан.

2024 оноос эхлэн 11 настай охид, хөвгүүдээ энэ вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах Үндэсний товлолт батлагдаж, хэрэгжиж эхлэх гээд бэлтгэл ажил хангаад явж байна.

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцин гэдэг утгаараа үнэ төлбөргүй болсон гэсэн үг үү?

-Тийм. Монгол Улс бие даасан Дархлаажуулалтын тухай хуультай. Заавал хийх Үндэсний товлолт вакцинаар хүүхдүүдийг вакцинжуулснаар ирээдүйд үүсч болох халдвар, хавдруудаас сэргийлж байгаа юм. Үндэсний товлолт гэж хүүхдийг хэдэн настайд нь ямар төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг хэдэн удаагийн тунгаар хийх вэ гэдгийг хэлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталдаг. Уг тогтоолыг 2023 онд шинэчлэн баталсан. Энэ тогтоолын дагуу Үндэсний товлолтоор 11 настайд нь хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх вакцинаар дархлаажуулснаар ирээдүйд хүүхдүүд маань хавдраар өвдөх эрсдлээс сэргийлж буй юм.

-Тус товлолтын вакцин хэзээнээс хаана хийгдэж эхлэх вэ?

-Бэлтгэл ажил хангагдаж байгаа гэж түрүүн хэлсэн. Вакцинжуулалтыг эхлэхийн өмнө мэргэжлийн сургалтууд зохион байгуулагдана. Энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна. Дархлаажуулалтын нэгж болох сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд дээр түшиглэж товлолт дархлаажуулалт маань явагддаг. Товлолт дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүйгээр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрээ хүүхдүүдээ дагуулж очоод үнэ төлбөргүй хийлгэдэгтэй яг адилхан зохион байгуулагдана. Үндэсний товлолтын хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэг удаагийн тунгаар хийгдэнэ.

Мөн энэ онд Дархлаажуулалтын зөвлөх хорооноос олон улсад өгсөн зөвлөмжид энэ вакциныг нэг, хоёр тунгаар хийх нь тухайн улс орнуудын шийдвэрээс хамаарна. Нэг, хоёр тунгийн хооронд нэг их ялгаа байхгүй гэж тусгасан байдаг.

-Үндэсний товлолтод заасан 11-ээс дээш насны хүүхдүүд уг вакцинд хамрагдах боломжтой юу?

-Вакцин үйлдвэрлэгчийн заавар бол их чухал байдаг. Энэ вакциныг есөн настайгаас хийж болно гэсэн үйлдвэрлэгчийн заавартай. Гэхдээ улс орон бүр өөрсдийн Үндэсний товлолтоор аль насныхнаа уг вакцинд хамруулах вэ гэдгээ шийддэг. 11-ээс дээш насны хүүхдүүд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад төлбөрөө төлөөд вакцинд хамрагдах боломжтой.

-Насанд хүрэгчдийн хувьд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд хэрхэн хамрагдах вэ?

-Үндсэн товлолтод хамрагдахаас бусад 18 хүртэлх насны хүүхдүүдийг насны ангиллаас нь хамааруулан хоёроос гурван тунгаар үйлдвэрлэгчийн зааврын дагуу ямар нэг шинжилгээ шаардахгүйгээр сайн дурын дархлаажуулалтад хамруулж байгаа.

18-аас дээш насныхны хувьд хүний папиллома вирусийн халдвар авсан эсэхээ шинжлүүлэх шаардлагатай. Шинжилгээгээр уг вирусийн халдваргүй тохиолдолд сайн дурын вакцинжуулалтад хамрагдана. Ихэвчлэн 26 хүртэлх насанд энэхүү вакциныг хийлгэхийг зөвлөдөг.

-Вакциныг биеийн аль хэсэгт тарих вэ. Вакцин хийлгэсний дараа ямар шинж тэмдэг, зовуурь илрэх вэ?

-Вакцины дараахь ерөнхий хариу урвалууд гэж бий. Вакцин хийсний дараа тарьсан хэсэгт хавдах, халуурах шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь хариу урвал багатай гарын булчинд тарьдаг вакцин юм.

Тухайн үед хүүхэд маань халдварт өвчнөөр өвдсөн, архаг хууч өвчин нь сэдэрсэн, халуурч байвал уг вакциныг хойшлуулах заалттай. Вакциныг өмнө нь хийлгээд өндөр хариу урвал буюу хүндрэл өгч байсан бол мөн вакцины эсрэг заалттай гэсэн үг.

Олон улсын судалгаанаас харахад урт хугацааны дархлаа тогтоно гэж үздэг. Гэхдээ тухайн хүний дархлааны системээс шалтгаалж дархлаа тогтох хугацаа нь харилцан адилгүй байдаг.

-Иргэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины тал дээр хэр ойлголттой байна вэ?

-Энэ вакциныг хүлээсэн, хийлгэх хүсэлтэй хүмүүс их бий. Иргэд мэдээлэл сайтай байна. Нэг ч гэсэн хүн хавдраас сэргийлэгдэх нь их ач холбогдолтой шүү дээ. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа хоёр дахь тарилга юм. Нэгдүгээрт, В вируст гепатитын эсрэг вакцинд ордог.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Я.Самбууням: Улаанбаатар төмөр зам ХНН-ийн аудитын шалгалт 12 дугаар сард дуусна DNN.mn

Үндэсний аудитын газраас Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын ХНН-ийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдах албан тушаалтнууд оролцов. Мэдээллийн эхэнд Ерөнхий аудитор Д.Загджав “Монгол улсын төрийн хяналтын дээд байгууллагууд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж хоёр улсын хөрөнгө оруулалттай байгууллагууд хамтарсан аудит хийж байсан туршлагатай. Аудитад хамрагдсан байгууллагын үйл ажиллагаануудыг сайжруулах үр нөлөөг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Орос Монголын төмөр замд оруулсан хувь нэмэр тэр дундаа Монгол орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хоорондын 1949 оны зургадугаар сард байгуулсан хэлэлцээрийн эрэлт, хэрэгжилтийн үйл явцыг үзэх, хуулийн хүрээнд хоёр орны ажлыг явуулах шаардлагатай чиглэлүүд байна. Аудитад хамрагдаж байгаа Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам, Монгол улсын үндэсний аудитын газар болон Оросын холбооны улсын тооцооны танхимын хамтарсан шалгалтын багийн гишүүдэд аудитыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх талын туслалцаа үзүүлж, дайчлах нөхцөлөөр хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь саадгүй гарган өгч ажиллахыг хүсье” гэв

Үндэсний аудитын газраас Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын ХНН-ийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдах албан тушаалтнууд оролцов. Мэдээллийн эхэнд Ерөнхий аудитор Д.Загджав “Монгол улсын төрийн хяналтын дээд байгууллагууд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж хоёр улсын хөрөнгө оруулалттай байгууллагууд хамтарсан аудит хийж байсан туршлагатай. Аудитад хамрагдсан байгууллагын үйл ажиллагаануудыг сайжруулах үр нөлөөг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Орос Монголын төмөр замд оруулсан хувь нэмэр тэр дундаа Монгол орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хоорондын 1949 оны зургадугаар сард байгуулсан хэлэлцээрийн эрэлт, хэрэгжилтийн үйл явцыг үзэх, хуулийн хүрээнд хоёр орны ажлыг явуулах шаардлагатай чиглэлүүд байна. Аудитад хамрагдаж байгаа Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам, Монгол улсын үндэсний аудитын газар болон Оросын холбооны улсын тооцооны танхимын хамтарсан шалгалтын багийн гишүүдэд аудитыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх талын туслалцаа үзүүлж, дайчлах нөхцөлөөр хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь саадгүй гарган өгч ажиллахыг хүсье” гэв

Шалгалтын талаар тодруулж ажлын хэсгийн ахлагч орлогч аудитор Я.Самбуунямтай цөөн хором ярилцлаа.


-Шалгалтын талаар тодруулж өгөөч?

-Үндэсний Аудитын газар, Оросын Тооцооны танхим хамтарч “Улаанбаатар төмөр зам” ХНН 2021-2023 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж байна. ОХУ-ын Тооцооны танхимын аудитын багийн гишүүд хүрэлцэн ирж оролцож байна. Энэ удаагийн аудитын сэдвийг УИХ-ын 2022 оны есдүгээр тогтоолоор баталсан. ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан цаг хугацааны хувьд хойшилсон. Аудитын эцсийн үр дүн энэ оны арванхоёрдугаар сард эцэслэгдэхээр төлөвлөгдөж байгаа. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг анх байгуулагдахад буюу ЗХУ, БНМАУ-ын засгийн газрын хооронд 1949 оны зургадугаар сард байгуулсан хэлэлцээр түүний өөрчлөлтийн хэрэгжилтийг, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдийн сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар, коронавирус цар тахлын үед ачаалалтай ажиллаж байсан үеийг ч хамруулан үзнэ.

-Улаанбаатар төмөр замын санхүүжилтийн шалгалт давхар хийгдэх үү?

-Гүйцэтгэлийн аудитын хүрээнд санхүүжилт буюу орлого төвлөрүүлж буй байдал, зарцуулалтын байдлууд үйл ажиллагааны үр ашигтай байдлууд, удирдлага зохион байгуулалтын асуудлуудыг бүгдийг хамруулахаар төлөвлөж байна.

-Энэ байгууллагыг өмнө шалгаж байсан уу?

-Энэ байгууллага нь Монгол Улсын хамтарсан хувь нийлүүлсэн байгууллага. Аудитын ажлыг хоёр орны аудитын дээд байгууллагууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр ямар хугацааг хамруулж хийх вэ гэдгийг төлөвлөж хийдэг. Аль нэг улс нь дангаараа аудит хийх зохицуулалтгүй. Хамгийн сүүлд 2015 онд аудит орсон байдаг. Үүнээс хойш зургаан жилийн хугацаанд аудитад хамрагдаагүй. Тэгэхээр бид 2021-2023 оныг хамруулж гүйцэтгэнэ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Дэндэвийн Амгаа: “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан хэлдэг байсан DNN.mn

Холоос харахад жанжин асар

Хондлой зоо нь уулын цар

Хэзээ ч гүндүүгүй монгол эр

Хэрж зогссон орооны буур хэмээн Тангадын Галсан нэгэнтээ Монгол Улсын заан, Самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Өрлүүд овгийн Дэндэвийн Амгаад зориулж шүлэглэсэн байдаг. Дэндэвийн Амгаа нь Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул бөгөөд 1980 оны Москвагийн олимпод жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан юм. Улсын Цогт-Идэр, хичээнгүй нягт, үнэн хүчит, өрнөн дэлгэрэх, өсөн нэмэх, улам нэмэх, үлэмж бадрах, бат нягт заан Дэндэвийн Амгаатай ярилцсанаа хүргэе.


-Таны төрсөн нутаг Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ой саяхан тохиолоо. Та сайхан наадсан уу?

-Сайхаан, сайхан наадлаа. Энэ жил манай сумын түүхт 100 жилийн ой боллоо. Нар хур тэгширсэн, газрын гарц сайтай цагт наадам их сайхан болж, ард түмний сэтгэл их өндөр байна.

-Их ойн наадамдаа хэчнээн хурдан хүлгээ сойсон бэ. Та хэд дэх жилдээ морь уяж байна вэ?

-Хоёр насны морь уясан. Азарга найм, есөөр давхилаа. Сумаасаа уралдсан азарганууд дотроо эхний гуравт нь орсон. Хязаалан үрээ нь дундуур давхилаа. Миний хувьд багадаа хурдан морь унаж байсан. Сүүлдээ сургуульд сурах болон хот руу барилдах гэж яваад морь уялгүй хэсэг завсарласан. Би 2000 оноос хойш морь уяж байна. Нэлээд хэдэн бүсийн болон янз янзын том, жижиг наадмуудаас олон айраг түрүү авч байсан. Би аймгийн алдарт уяач цолтой.

-Та ажлынхаа гарааг тээврийн жолоочоор эхэлжээ. Бөхийн спортод хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хүний амьдрал дэндүү богинохон юм. Би одоо 70 гаруй настай болж байна. Амьдралынхаа чамгүй хугацааг буюу 60-аад жилийг хөдөлмөрлөж өнгөрүүлжээ гэж боддог. Би арваа төгсөөд анх тээврийн жолооч болсон. 18 насандаа цэрэгт явах ёстой байсан ч намайг нэгдэлд жолоочоор үлдээж байсан л даа. Хэрэв би 18 насандаа цэрэгт яваад “Алдар” нийгэмлэгт очсон бол нэгдэлд тэрэг барихын оронд арай эрт бөхийн бэлтгэлээ хийж эхлэх байсан байх. Би таван жил нэгдлийн жолооч хийсэн. Тиймдээ ч би үеийнхнээсээ арай хожуу бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Ид юм сурдаг насаа тээврийн жолооч хийж өнгөрөөсөндөө жаахан харамсдаг. Энэ хугацаанд спортоо хөөсөн бол илүү амжилт гаргах байсан болов уу гэж бодогддог.

Намайг бөхийн спортод оруулсан хүн тухайн үед Соёлын яамны орлогчоор ажиллаж байсан П.Даваасамбуу гэж бөхөд их элэгтэй хүн байлаа. Намайг аймаг дээр барилдаж байхад дуудаж уулзаж байсан. “Чи хотод очиж бэлтгэл сургууль хийсэн нь дээр байх аа” гэж надад зөвлөсөн. Мөн “Үнэн” сонинд “Булган аймгийн Дашинчилэн суманд бөх болох сайн хүү байна”, Улсын шигшээ багт хот руу татъя гэдэг санаагаар П.Даваасамбуу гуай миний тухай бичсэн байдаг. Тэр үеийн “Үнэн” сонинд бичигдэнэ гэдэг ховор зүйл төдийгүй нэр хүндийн хэрэг байлаа. Манай сумын Намын дарга тэр үед н.Лувсанчоймбол гуай байсан. “Улсын шигшээ багийн тамирчнаар чамайг хот руу явуулах боллоо” гээд миний бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр би хотод ирж, энэ их бөхийн спортоор хичээллэх зам мөр маань нээгдсэн.

-Та Улсын баяр наадамд хоёрхон удаа зодоглоод начин цол хүртсэн бөх. Монгол улсын заан цолыг хүртэж байсан үеэ дурсвал?

-Би 1972, 1973 онд сумандаа хоёр түрүүлсэн юм. Дараа жил нь Улсын наадамд барилдаж, гурав давснаар том цолтой бөхчүүдтэй барилдаж болох юм гэсэн урам орсон л доо. Би 1975 онд улсын баяр наадамд 23 настайдаа улсын арслан У.Мижиддоржоор тав давж, начин цолны болзол хангасан. Миний хувьд хоёр жил улсад барилдаад улсын цолонд хүрсэн бөхчүүдийн нэг. 1981 онд Улсын аварга шалгаруулах барилдаан гэж болсон. Тэр барилдаанд би түрүүлж, улсын заан цол авсан. Тэр жил нь Ардын хувьсгалын 60 жилийн ой тохиож байв. Зун нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нарын олон бөхтэй бэлтгэлд гарсан юм. Бэлтгэл ч сайн хангагдсан. УАШТ-ээс заан цол хүртсэн болохоор улсын баяр наадмаар амжилтаа ахиулах, цолоо ядаж батлах зорилготой байлаа. Гэвч Ч.Гочоосүрэн намайг зургаагийн даваанд өвдөг шороодуулж, улсын заан цол хүртсэн. Би дараа жил нь улсын наадамд шөвгийн дөрөвт үлдэж, заан цолоо баталсан.

-Мөн тань шиг улсын баяр наадамд 10 удаа шөвгөрсөн бөх хэр олон бэ?

-Би самбо, жүдогийн улсын 10 удаагийн аварга, үндэсний бөхөөр 10 удаа улсад шөвгөрсөн заан. Манай бөх дотор улсад 10 удаа шөвгөрсөн заан Д.Долгорсүрэн, Ц.Мягмарсүрэн, З.Дүвчин, би гээд дөрөв, тавхан хүн бий. Үндэсний бөхөөр барилдсан баярын бичгүүдээ харахад 60-аад түрүүлсэн, үзүүрлэсэн 50 гаруй гэхээр 120-иод шахуу улсын болоод том, жижиг наадамд үзүүр, түрүүнд барилджээ.

Би Улсын шигшээ багт байхдаа ХААИС-д эчнээгээр суралцсан. Дараа нь МУБИС-ийг дасгалжуулагч багшаар төгссөн. Улсын шигшээ багт 1975 оноос 1990 он хүртэл 15 жил тасралтгүй хичээллэсэн. Дараа нь ХААИС-даа дасгалжуулагч багшаар арваад жил ажилласан юм. Энэ бүхнийг минь төр засгаас үнэлж, гавьяат тамирчин гэх эрхэм цолыг надад өгсөнд баярладаг.

-Таны нутгаас улсын цолтой бөх хэр олон төрсөн байдаг вэ?

-Манай нутгаас төрсөн улсын цолтой бөх цөөхөн бий. Б.Товуу заан, Д.Раднаабазар, Д.Галдандагва, С.Ганхуяг гэсэн гурван начин гээд бид тав байна. Аймгийн цолтой бөх гэвэл Очиржав, Чөөдөг, Лхагвасүрэн арслан гээд зөндөө бий.

-Та 1980 оны олимпод улсаа төлөөлөн жүдо бөхөөр оролцож байсан түүхтэй. Энэ жилийн “Парис-2024” зуны XXXIII олимпод жүдо бөхөөр Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ. Тамирчин хүн бүр олимпод эх орноо төлөөлөн оролцох их хүсэл өвөртөлж явдаг болов уу?

-Ядаж олимпод оролцож үзэх юмсан гэж мөрөөдөлгүй яахав. Олимпийн медаль гэдэг маш том зүйл. Олимп бол дэлхийн том тэмцээн юм. Би олон улсын том тэмцээнд оролцож, түрүүлдэг л байсан. Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин УГТ З.Ойдов, Монгол Улсын Ардын багш, дасгалжуулагч З.Дүвчин, Зууны манлай бөх, дархан аварга Х.Баянмөнх, Ц.Сэрээтэр, Д.Цэнд-Аюуш заан, МУГТ Цэндийн Дамдин, миний бие гээд бүрэн бүрэлдэхүүнтэй баг олимпод явж байлаа. Олимп ойрхон, Москвад болсон болоод ч тэр үү бокс, чөлөөт, хөнгөн гээд бүх л төрөлд нэлээд олуулаа оролцсон.Тухайн үедээ би олимпод өөдтэй барилдаж чадаагүй.Тус олимпоос чөлөөт болон жүдо бөхийн тамирчид болох Ж.Даваажав, Ц.Дамдин нар мөнгө, Д.Оюунболд, Р.Даваадалай хоёр хүрэл медаль хүртэж байсан.

Энэ жилийн Парист болж буй олимпоос Б.Баасанхүү гэж тэр жаахан годгор охин мөнгөн медаль аваад монголчуудыг хэчнээн их огшоож, баярлуулав. Б.Баасанхүүг хараад миний нүдний нулимс гарч байлаа. Эрэмгий байна. Олимпийн аварга болох дөхлөө.

-Сүүлийн үед бөхийн жудаг гэж хүмүүс их ярих боллоо. Энэ жилийн баяр наадмаар дархан аварга төрлөө. Иргэд дархан аваргадаа их шүүмжлэлтэй хандах шиг болсон. Таны М.Мөнгөн арслантай барилдаж байсан үетэй адил төстэй ч юм шиг.

-Би улсын наадамд 1982 онд шөвгийн дөрөвт үлдээд байсан юм. Х.Баянмөнх аварга Долгорсүрэн зааныг амлаад, би М.Мөнгөн арслантай тунасан юм. Бид хоёр өмнө нь их л барилддаг, гэмгүй л байсан. Тэр үед удаан ч барилдлаа. Баруун золгоод шуудагдаад, засуул барилд гээд яг би барьцаа аваад хаях гэсэн чинь М.Мөнгөн барьцаа тавьчихсан юм. Тэгэхээр нь би хүн барьцаа тавьж байхад дайралтай биш гэж бодоод мөн барьцаа задалсан. Намайг засч байсан н.Пүрэвсүрэн гэж хүн байлаа. “Намайг тэр чигтээ яваад хаяна биз дээ. Яах гэж барьцаа тавьж байгаа юм, хүний барьц тавих ямар хамаа байна. Бид барьцаа тавь гэж хэлээгүй байхад” гээд намайг загнаж байсан. Ахиж бид барилдаад би унасан юм. Би дараа нь М.Мөнгөнд хэлсэн л дээ. “Засуул барьцаа тавь гээгүй байхад яагаад барьцаа тавьсан юм. Би чамайг хаячихаад явчихвал яах юм” гэхэд М.Мөнгөн “Би хаашдаа унах юм байна. Барьцаа тавиад үзье гэж бодсон. Намайг барьцаа тавихад Д.Амгаа арай ч хаячихгүй байлгүй гээд хүн чанарт чинь найдсан юм. Эр хүний замын хүзүү урт, найздаа баярладаг шүү” гэж хэлж байсан.

Энэ жилийн улсын баяр наадмын үзүүр, түрүүний барилдаан арай өөр л дөө. Н.Батсуурь аваргын хувьд Б.Орхонбаяр арсланг барьцаа тавихад л хавирч байгаа юм. Эцсийн эцэст хүнд юу үлдэхэв гэхээр хэн байсан бэ, ямар чанартай хүн байв гэдэг л үлдэнэ. Бусад нь юу ч үлдэхгүй. Манай дээхнэ үеийн бөхчүүд чинь их сайхан чанартай. Хоёулаа зэрэг уналаа гэхэд чи давсан, чи дэв гэж бие биендээ хэлдэг байлаа. Одоо бол хоёулаа дэвж давхиад л байна. Хүн амжилт, нэр алдрын төлөө явж болно. Гэхдээ хүн чанарыг түүний дараа тавьж болохгүй гэж санадаг. Дархан аварга гэдэг үндэсний бөхийн хамгийн том цол. Үүнийг авахын тулд тэр хүн хамаг л юмаа гаргаж байгаа юм. Зуун хувь буруутгах аргагүй юм. Гэхдээ л жудаг гэдэг юмыг бодох л ёстой.

Монгол бөхийн хөгжил сайхан явагдаж байна. Бөхчүүд бие биенээ хүндэлж, хоорондоо маргадаггүй, үнэнч шударгаар барилддаг байх ёстой. Даваа, унаан дээр маргадаггүй сайхан бөхчүүд зөндөө бий. Манай И.Доржсамбуу гарьд мундаг сайхан жудагтай бөх. “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан ч хэлдэг байсан. Зориудаар юмыг яаж мэдэхэв гэж маргаан үүсгээд байгаа болохоос биш. Ер нь хүн унасан, хаяснаа мэддэг юм шүү дээ.

-“Гарьд магнай” кинонд та дүр бүтээхээс гадна өөр кинонд ч тоглосон байдаг. Кинонд дүр бүтээх болсон түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар агсан л “Чи энэ дүрд тогловол тохирох хүн” гээд намайг сонгосон. “Гарьд магнай” киноны Дэлэг зааны дүрд тоглосон. Туслах дүр л дээ. Мөн үзэгчид гайгүй мэдэх нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх, олон түмэндээ “хулгар” хэмээн алдаршсан Нацагийн дүр юм. Түүнчлэн“Морин хуурын домог” киноны Хөхөө намжилын дүр байна. Тэр үед “Хөхөө Намжил”-д тоглох нэг хүн хэрэгтэй байна гээд л бөхчүүдийг жагсааж байгаад л энэ хүнийг тоглуулъя гэж намайг сонгож байсан. Би 20 гаруй настай ч байсан. Энэ гурван дүрээс хамгийн хэцүү нь “хулгар” Нацагийн дүр. Тус кинонд “хулгар” Нацаг нь гол дүр бөгөөд бяр чадал ихтэй бөх байсан.

-Ээж тань таныг бүх зүйлд сургасан гэдэг. Зодог, шуудгаа хүртэл өөрөө оёод өмсчихдөг байсан гэж сонссон?

-Жилдээ л нэг далбаа урагддаг тул би улсын наадмын бэлтгэлд гарахдаа нэг далбаа эсгээд гардаг байсан. Миний ээж яасан ч ухаантай хүн байсан юм бэ дээ гэж би одоо боддог. Ээж минь “Би хүүгээ миний отгон хүү гээд эрхлүүлээд байвал бололгүй яахав. Ээж нь дандаа цуг байх биш дээ. Сайн яваасай гэсэндээ жаахан чангахан хандаж ирсэн. Хайртай морио хазаартай нь усалж сурга гэдэг юм” гэж хэлж байсан. Намайг жаахан байхад өглөө эрт босгоно, үнээ ивэлгүүлж, саалгадаг байлаа. Ээжтэйгээ хоёулаа хөдөө байхад дээл оёулж, ширдэг ширүүлэх зэргээр юм бүхнийг хийлгэдэг. “Ажил хүнийг голно гэхээс хүн ажлыг голохгүй” гэж ээж минь их захидаг байсан.

“Мал ядрахаараа усаа, хүн ядрахаараа нутгаа” гэдэг шиг нутгаа бараадаж, гэхдээ зүгээр суусангүй. Нутагтаа ирээд “Үржил” станц гээд балгас болсон газрыг би өөд нь татаж, “Заан” цогцолбор гэж газар байгуулаад ажиллуулаад явж байна.

-Таны хүү А.Өнөболд сумод барилдаж байгаад зодог тайлсан. Таны ач, зээ нараас бөхийн спортоор хичээллэж байгаа хүн бий юу?

-Хүү маань сумодоо барилдаж байхдаа гэмтэл аваад барилдахаа больсон. Миний хүү 10 гаруй жил сумогоор барилдсан. Миний охин МУГЖ Д.Ширмэнтуяагийн нэг хүү мэргэжлийн сумод барилдахаар бэлтгэл хийж байгаа.

-Бөхийн спортоор хичээллэж буй залуустаа та юу гэж захих вэ?

-Дээхнэ үед самбо, жүдогоор барилддаг хүн үндэсний бөхөөрөө ч бэлтгэл хийдэг байлаа. Чөлөөт, жүдо хоёр л холилдож бэлтгэл хийж болдоггүй талтай. Чөлөөт нүцгэн, жүдо нь хувцастай барилддаг гээд барьцтай, барьцгүй барилдахад стиль нь өөр юм. Сургалт нь ч өөр болж ирнэ. Үндэсний бөх бусад барилдаануудын суурь нь болж өгдөг. Барилдах гэдэг залуу насных юм.

Тамирчин хүн нэг удаа бэлтгэл хийхэд доод тал нь хоёр килограмм хөлс гардаг. Тамирчдыг бэлтгэл хийхийн өмнө, хойно жинлэдэг. Олон жилийн хөлс хөдөлмөр хэдэн тонн болох бол доо гэж би боддог.

Бэлтгэлээ сайн хий. Бяр чадал гэдэг чинь хүний юмыг хэрэглэж байгаад өгсөн юм шиг гэнэт л алга болдог. Чадалтай байх үедээ хүнд бууж өгөлгүй, шударгаар цолоо авахын төлөө тууштай барилдаарай гэж захья.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хуульч Л.Галбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хаалттай болсон нь өөрөө асуудал дагуулж байна DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өчигдөр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дурджээ. Тэрбээр өмнө нь Анхан шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх талаар хүсэлт гаргаж байсан ч хүсэлтийг нь шүүх хүлээн авч байгаагүй юм. Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтийг тэрээр дахин гаргасан байна. Мөн шүүх хурлыг ил тод нээлттэй явуулахыг дэмжиж өгөхийг олон нийтээсээ хүсчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа аж.

Энэ талаар “Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар буруутгаж 4.9 жилийн ял оногдуулан 461 дүгээр хорих ангид хориод байгаа. Буруутгагдсан зүйл ангиуд нь хэр үндэслэлтэй вэ?

-Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн Анхан шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, бүрэн дүгнэлт хийхэд төвөгтэй байгаа.

Хурал нь хаалттай явсан учраас зөвхөн Шүүхийн товч мэдээллээр баримжаа авах боломжгүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн үүх хурал нь хаалттай болсон нь өөрөө асуудал болж байна. Буруутгаж байгаа зүйл заалтуудаас харахад хоёр нь асуудалтай гэж үзэж болно. “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” энэ нь Эрүүгийн хуульд байх ёсгүй заалт гэж олон улсын байгууллага болон манайхаас ч тайлан мэдээндээ дурдсан. Яагаад гэвэл албан ёсоор төрийн нууц хариуцдаггүй хүнийг нууцад хамаарах баримт бичиг олж авсан, задруулсан гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн зүйл заалтаар буруутгах нь буруу гэж хүний эрхийн олон улсын байгууллагаас зөвлөмж гаргасан байдаг. Дараагийнх нь Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Худал мэдээлэл тараах” зүйл заалтыг мөн байх ёсгүй гэж үзэж байгаа. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс ч 2015, 2020 онд хоёр ч удаа “хүний нэр төрд хамаарсан өргөн хүрээтэй урвуулан ашиглах боломжтой ийм зүйл заалтыг эрүүгийн хуулиас халах ёстой” гэсэн зөвлөмжийг Монгол Улсад өгсөн байдаг. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор энэ нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутгах нэг зүйл заалт болж хувираад байна. Энэхүү зүйл заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй учраас шүүх энэ хоёр заалтыг хэрэглэхгүйгээр, бүр түдгэлзүүлэх ёстой байсан. Хууль тогтоогчид энэ хоёр зүйл заалтыг хүчингүй болгох ёстой. Н.Өнөрцэцэгт хамааруулсан Эрүүгийн хуулийн зүйл заалтууд болон шүүхийн шийдвэр нь сэтгүүлчид өөрсдийгөө цензурдэх, чөлөөтэй зоригтойгоор мэдээлэл бэлтгэхээс айдаг болох сөрөг үр дагаврыг дагуулж байна.

-Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчийнх нь гаргасан шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Түүнийг хаалттай бөгөөд өмгөөлөгчгүйгээр шүүсэн асуудал хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэх хүмүүс олон байна.

-Шүүхийн товч мэдээллийг харахад манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заавал өмгөөлөгчтэй оролцох хэргүүдийг жагсаасан байдаг. Н.Өнөрцэцэгийнх заавал өмгөөлөгчтэй оролцох хэргийн жагсаалтад байхгүй буюу өмгөөлөгчгүйгээр оролцож болох зүйл заалтуудаар зохицуулаад өгсөн. Үндсэн хуульд өмгөөлөгч авахаас гадна өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж заасан байдаг. Хүний эрхийг хамгаалахад өмгөөлөгчид чухал үүрэгтэй. Өмгөөлөгчөөсөө татгалзчихаад огт өмгөөлөгчгүй болсон ч гэсэн шүүх хурал цааш үргэлжилж болохыг хуульд мөн заагаад өгчихсөн. Тэгэхээр хууль муу, дутуу байгаа нь өөрөө шүүхийг буруутгахад хэцүү болж байгаа юм. Энэ асуудал дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай.

Олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажилладаг сэтгүүлчийг хаалттай хуралдаанаар яллаж байгаа нь буруу жишиг. Шүүх хуралдааныг хэсэгчлэн нээлттэй явуулах боломжийг хуульчилсан байдаг. Төрийн нууцад хамаарахаас бусад хэсэг дээр хэсэгчлэн нээх боломж байсан.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурлыг нь нээлттэй явуулах боломж хэр байгаа вэ?

-Түүнийг шүүх бүрэлдэхүүн дүгнэнэ. Өмнөх шүүх хурал нь хаалттай болсон. Шийдвэр нь нууцын заалттай тэр хэсгийг судлах мэтгэлцэх учраас Давж заалдах шатны шүүх хурал нь нээлттэй болох боломж хязгаарлагдмал байгаа. Энэ удаа ялын хэмжээ хүндрэхгүй болов уу. Хууль зүйн хувьд ялын хэмжээ нь хүндэрч болно. Энэ тал дээр өмгөөлөгчид нь хэр сайн мэтгэлцэх, онцлогийг нь хэрхэн гаргаж чадах вэ гэдгээс хамаарна.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмнө нь хэсэг хугацаанд цагдан хорьсны дараа гэрийн хорионд байлган, хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан байдаг.

-Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг зүйлийг лицензийн хуульд заасан байдаг. 2017 онд шинээр орсон зүйл заалтаар тодорхой үйлдэл хийхийг хязгаарлах гэж байгаа. Энэ нь агуулгын хувьд эмч, хуульчид хамаатай. Эдгээр нь тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлах юм. Тиймээс олон хүнийг хохироох эрсдэлтэй гэж үзээд ажил үүргийг нь болиулах агуулгатай. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл гэж байдаггүй. Үндсэн хуулийн олон улсын гэрээнд зааснаар сэтгүүлчийн хувьд мэдээлэл хайх, түгээх, хүлээж авах нь мэргэжлийн ажлынх нь онцлог юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох тохиолдлууд байдаг. Гэхдээ “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” гэсэн заалт бол байхгүй. Манай эрүүгийн процесс олон улсын гэрээнд нийцэхгүй байгааг харуулж байна.

Шүүх Үндсэн хууль, олон улсын гэрээний хууль тогтоомждоо нийцүүлэх шаардлага байна. Гэмт хэрэгтэн болохоосоо өмнө буруутгагдаж байгаа гэмт хэргийн төрөл зүйлтэйгээ хамаарал багатайгаар эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа нь олон улсын гэрээний ноцтой зөрчил юм.

-Хуульд ямар өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх шаардлагатай байна вэ?

-Шинээр бүрдсэн УИХ-ын гишүүдэд хийх ажил нь маш тодорхой байгаа. Ямар зүйл заалт ямар үр дагавартай байна, ямар хууль батлах вэ гэдгийг “Глоб интернэшнл” сүүлд гаргасан хэвлэлийн эрх чөлөөний тайландаа оруулсан байдаг.

Буруутгагдсан хэргээс нь хамаарч таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байх. Нөгөө талаар сургалтын хүрээнд ч гэсэн мөрдөгч, прокурор, шүүгчийг хууль тогтоомжийг хүний эрх талаас нь зөв оновчтой хэрэглэдэг болгох тал дээр хариуцсан байгууллагууд нь анхааралдаа авах шаардлагатай. Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй, хаалттай явуулахыг Шүүхийн удирдах зөвлөл, шүүгчдэд зориулсан сургалтандаа тусгаж, анхаарах нь зүйтэй.

Сэтгүүл зүйн хувьд мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зэргээр хууль боловсронгуй биш байгаад тэр хуулийг хэрэглэж байгаа хүмүүсийг шууд буруутгахад хэцүү.

Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө Эрүүгийн хуулийн зүйл заалтуудаар буруутгагдаж байна. Тиймд энэхүү хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн асуудлаар дуусахгүй. Эрүүгийн хуульд яллагдагчаар татагдан шалгагдаж, Шүүхээс ял сонсоход ойрхон сэтгүүлчид олон бий. Энэ нь зөвхөн тоогоор хэмжигдэхгүй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Г.Батзориг: Монгол Улс худалдаанд суурилсан эдийн засагтай орон. Иймд худалдааны бие даасан хууль гаргах зайлшгүй шаардлагатай DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Манай улс худалдааны хуультай болох шаардлагатай гэж эртнээс хөндөж, ярьсаар ирсэн. Гэвч өнөөг хүртэл энэ хууль гараагүй л байна. Худалдааны хуультай болвол эдийн засагт ямар, ямар боломжууд нээгдэх вэ?

-Худалдааны хууль нь тухайн улс орны бараа, үйлчилгээг авах зарахтай холбоотой үйл явц, стандарт, дэд бүтэц, дотоод болон гадаад худалдааг хэрхэн зохион байгуулах талаар ерөнхий харилцааг зохицуулдаг. Монгол орон маань худалдааны суурьтай эдийн засагтай орон. Тийм болохоор түүнийг зохицуулах эрх зүйн орчин үүнтэй холбоотой тодорхой стандарт мөрдөх хэрэгцээ шаардлага их байгаа. Тэгэхгүй бол чанаргүй вакцин, урдаас орж ирж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүний асуудал байнга сөхөгддөг.

Иймэрхүү дүрэмгүй яваад байгааг цэгцлэх учраас Худалдааны тухай хууль зайлшгүй хэрэгтэй гэж харж байна.

Гол нь худалдаа хийхтэй холбоотой үүсч байгаа харилцаануудыг энэ хууль зохицуулна. Тэр утгаараа олон хуулиудыг нэгтгэж хамрах байх гэж бодож байна. Наад зах нь хүнсний аюулгүй байдал, гаалийн асуудал, зам дэд бүтэц, мэргэжлийн хяналт зэрэг асуудлууд сөхөгдөж гарч ирнэ. Хамарч байгаа хүрээний хувьд олон хуулиудтай холбогдох болохоор тэдгээрийг базах хууль болно байх.

-Ер нь Худалдааны хуультай болох нөхцөл суурь бүрдсэн гэж үзэж байна уу?

-Хүмүүс тодорхой давтамжтайгаар байнга эдийн засгийн харилцаанд ордог. Тэр нь ямар нэгэн хэмжээгээр эрсдэл үүсгэж, хор уршиг үзүүлэх зэрэг тодорхой бус байдлуудаас болж янз бүрийн ашиг хонжоо хайсан нөхцөл байдалд хүргэдэг. Иймэрхүү хууль эрх зүйн орчны тодохой бус байдлаас үүдэлтэй асуудал амьдрал дээр ургадаг. Тэр нь хууль гаргах гол эрх зүйн суурь болж байна гэсэн үг. Ялангуяа Монгол Улс шиг цэвэр худалдаан дээр тогтсон эдийн засагтай орчинд юу хамгийн чухал вэ гэхээр бараа бүтээгдэхүүнийг авчирч буй хүмүүс тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Дээрээс нь бараа бүтээгдэхүүн болгоны гарал үүсэл нь тодорхой, эргээд тухайн хэрэгдэгчид хор хөнөөл багатай, эрүүл, аюулгүй байдлын чанар стандартыг мөрддөг байх ёстой л доо. Манайд хүнсний аюулгүй байдал ялангуяа хадгалалтын хувьд асуудалтай. Тэр ч байтугай бараа, бүтээгдэхүүний үнэ дэндүү өндөр байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үнэ зохицуулдаг гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр харъя л даа. Хичээлийн шинэ жил дөхөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ гурав дахин өсдөг. Иргэдийн эдийн засагт том хүндрэл учруулж байна. Ийм асуудлууд байнга гардаг учраас тодорхой дүрмийн дагуу Худалдааны тухай хуулиа мөрдөөд явчихвал хэрэглэгч талдаа хожоотой. Мөн тодорхой чанар, стандартын шаардлага хангаад дүрмийн дагуу бараа, бүтээгдэхүүн оруулж байгаа худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ч ашигтай. Яагаад гэвэл, хариуцлагатай, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн хажуугаар үүргийн худалдаа гээд хяналтгүй бараа ороод ирдэг. Тэдгээртэй үнийн хувьд өрсөлдөх шаардлага үүсдэг. Энэ талаас нь бодох юм бол Худалдааны тухай хуулийн хэрэгцээ шаардлага аль, аль талдаа байгаа л даа.

-Худалдааны хуультай болсноор экспортод яаж нөлөөлөх вэ?

-Худалдааны тухай хууль экспортод тийм ч сүртэй нөлөөлнө гэж харахгүй байна. Яагаад гэвэл манай эдийн засгийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс байдаг. Нүүрс бол Худалдааны тухай хуультай хуульгүй Хятадын нөхцөл байдлаас хамаарч экспортлогддог. Дээрээс нь уул уурхайн бүтээгдэхүүн талдаа нүүрсийг хэдэн янзаар ангилаад сорьцыг нь тодорхойлуулж байгаад Хятад руу гаргаж байгаа. Энэ талаас нь харвал экспортын хувьд нөлөөлөх нөлөө өндөр биш. Гол нөлөөллийн хувьд импорт байна. Импортын бараа бүтээгдэхүүн стандарттай, тухайн бүтээгдэхүүн аюулгүй байдал хангасан, худалдаа эрхлэгч нь зөвшөөрөлтэй, тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл болон хугацаа нь асуудалгүй, аль боомтоор яаж орж ирсэн зэрэг нь тодорхой байх ёстой. Худалдааны хуультай болбол эдгээр асуудал цэгцэрнэ. Энэ агуулгаараа импортын бараа бүтээгдэхүүнд илүү нөлөө орж ирэх болов уу гэж харж байна.

-Дотоодын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах гол хөшүүрэг нь энэ хууль болж чадах уу?

-Дотоодын бүтээгдэхүүний хувьд боломжтой. Гадагшаа гарах боломжийг энэ хуулиар олгож өгөх түлхэц, нөхцөл болно. Яагаад гэвэл дотоодод үйлдвэрлэгдэж буй үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний стандарт нь нийтлэгээрээ олон улсын стандартаа дагаж явах ёстой. Тэгвэл энэ хуулийг бичихдээ олон улсын стандартуудаас тодорхой хэмжээгээр оруулах ёстой. Нэгэнт хууль батлагдвал мөрдөх шаардлага үүсэхээр дотоодын үйлдвэрлэгчид маань стандартыг баримтлаад, бараа бүтээгдэхүүнээ цаашид тодорхой хяналт дор хийх боломж нэг талдаа бүрдэнэ. Мэдээж богино хугацаанд аж ахуйн нэгжүүд дээр зардал үүсэх ч урт хугацаандаа олон улсын зах зээл дээр чадлынхаа хэрээр өрсөлдөх боломжийг энэ хуулиар олгох боломжтой. Гол логик нь ямар нэгэн бараа зарлаа гэхэд тэр бүтээгдэхүүн нь чанарын шаардлага, стандарт хангасан байхыг олон улсад нэхэж байгаа. Тэгэхээр энэ талдаа илүүтэйгээр хуулийн ач холбогдлыг харж байна.

-Ингэхэд худалдааны эдийн засаг суурьтай орон хэрнээ яагаад өнөөдрийг хүртэл бие даасан хуультай болохгүй байна вэ?

-Өдийг хүртэл тухайн чиглэл чиглэлийн хуулиудаараа илүүтэй зохицуулагдаад яваад байсан. Наад зах нь гааль, хүнсний аюулгүй байдал, зам дэд бүтэц, хүнс үйлдвэрлэгчийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой зэрэг асуудлууд салбар салбарынаа хуулиар зохицуулагдаад явж ирсэн. Тийм болохоор нэгтгээд нэг өргөн хүрээнд нь базаад стандартаа мөрдөөд явна гэдэг юм алга байсан. Одоо цаг нь болж хуулийн хэрэгцээ шаардлага үүссэн гэж ойлгож байна.

-Худалдааны хууль гаргахын тулд Засгийн газрын зүгээс юу хийх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд олон улсын Худалдааны хуулийн туршлага судлах асуудал байна. Ямархуу нөхцөл байдал байгааг нь тодорхойлох ёстой. Улс орон болгонд энэ хуулийг яаж мөрддөг зэргийг харьцуулах нь чухал . Өндөр хөгжилтэй орнууд олон зуун жил хэрэгжүүлчихсэн болохоор алдаа дутагдлыг түүхэн хугацаанд нөхөөд ирсэн байгаа. Энэ зүйлийг тодорхой хэмжээгээр судлах нь магадгүй эхний ажил юм болов уу. Олон улсад ямар, ямар нөхцөл байдалтай байна вэ гээд харахаар тухайн улс орны өөрийнх нь онцлогт тохирсон Худалдааны хууль гэж байна. Мөн бүс нутгийн худалдааны хууль илүү хүчтэй байдаг. Жишээлбэл, Европын холбоонд чөлөөт худалдааны хэлэлцээр дээр үндэслэгдсэн татварын болоод таксын үнийн хөнгөлөлттэй нэг стандартаар явдаг иймэрхүү зүйлсийг бүс нутгийн хэмжээнд маш сайн шийдсэн. Тэгэхээр зөвхөн Худалдааны хууль гэлтгүй үүнтэй холбоотой бүс нутгийн хэмжээнд стандарт, татварын асуудал, үнэ тогтоох процесс бодит байна уу зэрэг дээр бүс нутгийн хэмжээнд сайн ажилласан. Бид ихэвчлэн чөлөөт худалдааны хэлэлцээр гэж ярьж байгаа. Нэг хэсэг манайх Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, энэ хүрээнд тус улсын дэлгүүрүүд манайд нэлээд орж ирсэн. Тэгэхээр энэ хүрээний асуудлыг хамарч байгаа гэж харж байна. Засгийн газрын зүгээс нэгдүгээрт, суурь судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, тус тусдаа мөрдөж байгаа хуулиуддаа яаж Худалдааны хуулиа нийцүүлэх вэ гэдгийг маш сайн судалж байж гаргах ёстой. Тэгэхгүй бол Худалдааны хууль гээд ерөнхий биччихдэг. Эргээд дагаж мөрдөх хуулиудтай зөрчилдөх, эсвэл алийг нь дагахаа мэдэхгүй болох зэрэг хуулийн цоорхойнууд үүсээд эхлэх эрсдэлтэй. Яг одоо байгаа бизнесийнхэн, худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдлыг ойлгосон байдлаар бичээсэй гэж бодож байна. Бодит байдалд хуулиа мөрдөөд явах ёстой бизнес эрхлэгч хэрэглэгчдийг хараагүй гадны хуулийг хуулаад биччихдэг, нөгөөх нь буцаад манай хөрсөн дээр буухгүй байвал асуудал үүсгэх эрсдэлтэй. Ийм учраас тэр талын оролцоог хангаж өгөх ёстой юм болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Ганбаатар: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна DNN.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламентын ээлжит бус чуулган өнөөдөр (өчигдөр) нээлтээ хийлээ. Энэ хурлаар ямар, ямар асуудлыг хэлэлцэхээр болсон юм бэ?

-Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хамгийн гол нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг л хэлэлцэнэ. Үндсэндээ энэ жилийн төсөвтөө тодотгол хийнэ гэсэн үг. Хоёрдугаарт, Засгийн газар 2024-2028 онуудад ямар, ямар ажлуудыг хийх гэж байгаа юм гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг ярина.

-Төсвийн тодотголын төсөлтэй танилцаж амжсан уу. Нийтдээ гурав орчим их наяд төгрөгөөр төсвийг тэлсэн тухай шүүмжлэл явж байна шүү дээ?

-Миний хувьд төсөлтэй танилцсан. Ер нь төсөв гэдэг чинь орлого, зарлага хоёрыг л хэлдэг. Орж байгаа орлого, гарч байгаа зарлага хоёр тэнцэх ёстой. Үүнийг нь төсвийн тэнцвэржилт гэж ярьдаг. Харин олж байгаа орлого төсөвлөснөөс гэнэт ихсэх юм бол төсвийн тодотгол хийдэг. Одоо шинээр нэмэгдэж орж ирж байгаа 2.9 их наяд төгрөгийг юунд зарцуулах вэ гэдгээ одоо энэ чуулганаар ярина. Олон жил бид төлөвлөснөөс өөрчлөгдсөн учраас юунаасаа хасах вэ гэдгээ ярих гэж төсвийн тодотгол хийдэг байсан. Харин энэ удаад төсвийн орлого нэмэгдсэн учраас тодотгол хийх гэж байна.

-Тэгвэл төсвийн орлого яагаад ингэж 2.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн хэрэг вэ?

-Үүнийг ёстой ард түмэнд хэлэх ёстой. Хятад руу гэнэтхэн баахан нүүрс зараад мөнгө ороод ирэв үү, эсвэл юунаас болж нэмэгдсэн бэ гэдгийг олон нийт мэдэх хэрэгтэй. Нэгдсэн төсвийн нийт орлогын батлагдсан дүнгээс 2.9 их наядаар нэмэгдүүлсэн байгаагаас хамгийн их нь буюу 58.6 хувь нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас орсон байна. Нэг ёсондоо аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа юм. Энэхүү өсөлтийн шалтгааныг нь тодруулахаар би яг одоо сууж байна. Ард түмэн үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Яг үйлдвэрлэлийн өсөлт үү. Инфляци хэдэн хувь нөлөөлсөн бэ. Мал, махны экспорт нэмэгдсэнээс болов уу гэсэн асуултуудад хариулт олох нь энэ удаагийн төсвийн тодотголын хамгийн чухал зүйл.

Би бодохдоо энэ удаад эрүүл биш төсвийн өсөлт байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмсэн байна гэж харж байгаа. Тиймээс л хүмүүсийг үүн дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байгаа юм.

-Засгийн газрын өр нэмэгдсэн гэж байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Үүнийг би ээлжит бус чуулганы үеэр нэлээд дэлгэрүүлж ярина. Гэхдээ танд товч мэдээлэл өгөхөд, үнэхээр Засгийн газрын өр нэмэгдэж орж ирсэн. Гэтэл гадаадын энэ өр зээл, тусламж бодит амьдрал дээр аж ахуйн нэгж, ард иргэдэд яаж наалдаж байгаа юм гэдгийг асуух хэрэгтэй. Монголын ард түмний аж амьдрал, зовлон бэрхшээлийг нулимс гартал төсөл бичээд гадаадаас зээл, тусламж хэлбэрээр авдаг. Үүнийхээ ойролцоогоор 70 хувийг нь өөрсдөдөө цалин болгож аваад 30 хувийг нь аманд ч үгүй, хамарт ч үгүй байдлаар тараадаг юм биш биз дээ гэж би хардаж байгаа. Ийм байвал нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Энэ өр, зээлийг чинь Монголын хүүхдүүд дараа нь хүүтэй нь төлнө. Тийм ч болохоор чуулган дээр нэлээд дэлгэрүүлж ярихаар төлөвлөж байгаа юм. Гадаад зээл тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт дотор Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэлийн төсөл байгаа. Гэтэл үүн дээр нэгхэн тэрбум төгрөг тавьсан. Уг нь мал аж ахуйн салбарыг өөд нь татах хамгийн гол төсөл юм шүү дээ. Бусад дээр нь болохоор олон зуун тэрбумаар нь тавьдаг. Өөрсдөдөө цалин авах гэж ийм олон хэрэгтэй, хэрэггүй төсөл хэрэгжүүлээд байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Үүнийг би мөнгө угаалт гэж ойлгодог. Сангийн яам хянаж, хариуцах ёстой. Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос яг энэ асуудал дээр Ажлын хэсэг байгуулж ажиллана. Эргээд ард түмэндээ тайлангаа тавина.

-Сонгуулийн үр дүнгээр гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгэнт хамтарсны дараа олон юм ярих нь жаахан ёс зүйгүй юм. Гэхдээ хяналтын механизмаа сайн хэрэгжүүлээрэй л гэж ард түмэн сонголтоо хийсэн байх гэж би ойлгодог. Одоо чинь хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулсан. Үүн дотор нь олон олон үйлдвэрлэл, бүтээн байгуулалт бичсэн байна. Гэвч зүгээр л мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна. Үүний цаана ТЭЗҮ, мэргэжилтэн, инженер, судлаачдын үндэслэл нь хаа байна гээд асуухаар бараг 50 орчим хувь дээр нь байхгүй л гэж хариулж байгаа юм. Манайхан чинь гарчиг хараад л баярлаад байдаг. Гэтэл үүн дотор чинь л луйвар байдаг юм. Тиймээс энэ төслүүд дээр хянуур хандаж, ТЭЗҮ-ийг нь сайн харах ёстой.

-Хамтарсан Засгийн газрын гэрээн дээр ямар, ямар заалт орсон юм бэ?

-Гэрээ гэдэг чинь хэрэгжих ёстой. Хэрэв хэрэгжихгүй бол яаж хариуцлага тооцох юм. Хэн нь хэндээ хариуцлага тооцох юм гээд асуудлууд бий. Миний нэг дургүй байгаа зүйл гэвэл МАН-ын дарга нь Ардчилсан намын сайд нарыг нөгөө фракцуудтай нь ярьж солино гэдэг заалт орсон байна лээ. Үүнийг ч гэсэн тодруулж асуух шаардлагатай.

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зүйлүүдээс онцлох юм юу байна вэ?

-Үйл ажиллагааны хөтөлбөрт бүтээн байгуулалтын том том төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна лээ. Жишээлбэл, Ган татлагат гүүрэн байгууламж, Хөшигийн хөндийн тунель, Засгийн газрын нэг цэгийн цогцолбор, Туул хурдны зам гээд долоон том төсөл байсан. Харамсалтай нь аж үйлдвэржсэн, ажлын байр бий болгосон, орлого нэмэгдүүлдэг, мөнгөөр мөнгө хийдэг аж үйлдвэрийн төсөл огт байхгүй. Дандаа дэд бүтцийн төслүүд. Үүнийг би эсэргүүцээгүй. Гэхдээ дэд бүтцийн төслүүдийг аж үйлдвэрийн төслүүдээсээ олсон ашгаараа хийдэг. Бүгдээрээ дэд бүтцийн төсөл байдаг нь яаж байгаа юм. Ядаж тал нь аж үйлдвэрийн төсөл байж болоогүй юм уу гээд асуулт их байна. Дээрээс нь төсвийн тодотголд 3.1 их наяд төгрөгөөр зарлагыг нэмэгдүүлж байгаа. Үүний 1.7 их наяд нь хөрөнгийн зардал, 1.2 их наяд нь урсгал зардал байсан. Одоо он дуустал дөрөвхөн сарын дотор ийм их мөнгийг нэмж зарцуулах гэж байна. Хамгийн аюултай зүйл нь энэ. Орон нутгийн сонгуульдаа зарцуулах гэж байна гэж хардах нь хаашаа юм. Гэхдээ үүнийг тодруулах ёстой. Хөрөнгийг нь зарцуулж чадах эсэх дээр тайлбар авна. Мөн хувь хүний орлогын албан татварыг 539 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Гэтэл зөрүүлээд төрийн албан хаагчдын цалинг 110 тэрбум төгрөгөөр хассан байгаа юм. Тийм олон цомхотгол хийсэн үү. Эсвэл тооцооны алдаа байна уу гэдгийг тодруулах л хэрэгтэй.

-Аж үйлдвэрийн бүсчилсэн паркууд барина гэж яриад л байсан. Засгийн газрын хөтөлбөрт тэр нь хэр туссан юм бэ?

-Яг энэ асуудал Засгийн газрын хөтөлбөрт байгаагүй.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээж өгөх үү DNN.mn

Улс төр хэзээнээсээ ил, далд үйл явдлуудтай өрнөж байдаг. Нэгээр халхавчилж нөгөөг амжуулна. Ялангуяа Монголын улстөрчид үүнд гаршсан. Яг одоо Засгийн газарт хамтарсан намууд ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө Их хурлаар хэлэлцүүлж байна. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлт ч албан бусаар хөндөгдөөд эхэлжээ. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эндээс “Зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн сүүлийн дөрвөн үгийг анзаарах хэрэгтэй. Учир нь энэ өөрчлөгдөж болзошгүй нь. Сүүлийн үед далдуур өрнөсөн улс төрийн зарим үйл явдлаас ийм зүйл ажиглагдлаа. Өмнөх долоо хоногт экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэдгийг эргэж харах хэрэгтэй” гэх утгатай зүйлийг ярьсан. П.Очирбат гуай, Д.Бямбасүрэн гуай, Д.Дэмбэрэл гуай тэргүүтэй төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүс үргэлжлүүлээд олон нийтэд ярих байх. Энэ долоо хоногт УИХ- ын гишүүд Их тэнгэрт очиж Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр уулзалт дээр ийм зүйл яригдсан эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн сард Говь- Алтайд төрийн түшээд нэгийгээ зодсон явдал ч үүнтэй холбоотой байх магадлалтайг улстөрчид яриад байна. Үндсэн хуулийн Цэцийн зарим гишүүн энэ асуудлаар нэр бүхий хүмүүстэй уулзалдах гэх мэт бас бус үйл явдлууд протоколны бусаар өрнөж байгаа л дуулдана. Харин нэгэнт сэдэл санаачилга нь гараад хэрэгжих шат руугаа орсон “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгохгүй” гэдэг эрх зүйн өөрчлөлтийг хэн, хэзээ, хаана, хэрхэн хийх вэ. Чадамж нь УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёрт байгаа. УИХ бол бараг үгүй болов уу. Сая шинээр бүрдсэн УИХ-д үүний эсрэг гишүүд олон орсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуулийн Цэцэд гомдол маргаан гаргаад заргаа авсан улс төрийн нам ч энэ УИХ-д суудатай болсон. Мөн сая Говь-Алтайд болсон зодоон ч “УИХ энэ асуудалд хаалттай” гэснээс үүдэлтэй байж болзошгүй юм байна лээ. Тэгэхээр энэ өөрчлөлтийг хийх ажил Үндсэн хуулийн Цэц дээр бууна. Гэхдээ Үндсэн хуулийн цэц ч яг энэ асуудлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд дүгнэлт гаргаж байсан. Тэр үед одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болчихсон байгаа О.Мөнхсайхан, Шадар сайд Т.Доржханд нарын хүмүүс маргаан гаргаж байсан. Яг үнэндээ тэдний маргаан 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байсан Х.Баттулгыг 2021 оны сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн агуулгад тулгуурлаж байв. Т.Доржханд /одоо Шадар сайд/ “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аас батлахдаа Үндсэн хуулиар тогтоосон “Зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн буюу “өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх” гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэнд тавигдах туйлын тодорхой шаардлагыг хоёрдмол утгаар ойлгож тайлбарлаж болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгоод байна”, О.Мөнхсайхан/ одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүн/ “Хэрэг, маргааныг шийдвэрлэх зорилгоор Үндсэн хуулийн болон бусад хуулийн заалтыг тайлбарлахад хэл зүйн арга, логик арга, зорилтот арга, түүхчлэх арга, системчлэх арга хэрэглэхийг Монголын эрдэмтэд, хуульчид нийтлэгээр санал болгодог. Эдгээр арга нь онолын хувьд төдийгүй Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгддэг. Эдгээр таван аргын алийг нь ч хэрэглэн уншвал 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэнд Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг болон дахин сонгогдохыг хориглодог гэсэн дүгнэлт гарна” гэсэн. Уг маргаанд УИХ-аас “Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орж, Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгох болсон нь тухайн асуудлаар эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, шинэ нөхцөл байдал үүсгэсэн. Энэ нь одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болон урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний нэр дэвшиж болох эсэх эрхийг хөндөөгүй бөгөөд үүнийг Үндсэн хуулийн үзэл баримтал, зарчимд нийцүүлж шийдвэрлэх асуудал гэж ойлгож байна” гэсэн тайлбарыг хийснээ Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлж байжээ. Ингээд Үндсэн хуулийн Цэц “УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль …бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна. Энэ дүгнэлтийг гаргасан бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн Цэцийн одоогийн дарга Г.Баясгалан, гишүүн Ж.Эрдэнэбулган нар багтсан байна. Улмаар УИХ уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авсан. Ингээд тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга 2021 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болж байв. Харин өнөөдрийн эдгээр нөхцөл байдал, үйл явдлуудыг ажиглавал Үндсэн хуулийн Цэцийн дээрх дүгнэлт эсрэгээрээ шийдэгдэж магадгүй л бололтой. Ингэвэл “Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээнэ” гэсэн үг л дээ. Гэхдээ яаж?

 

Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугч М.Төрбаяр: Шатсан байрыг маань гудамжны хүмүүс тонож, хоног төөрүүлдэг боллоо DNN.mn

Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан машин дэлбэрч “Edu apart” хотхоны 207 дугаар байр галд өртсөн. Үүнээс үүдэж 63 айлын 220 гаруй оршин суугч амьдрах гэр оронгүй болсон билээ. Осол болсноос хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр оршин суугчид болон галд өртсөн орон сууцыг хэрхэх болсон талаар 207 дугаар байрны оршин суугчдын төлөөлөгчдийн зөвлөлийн тэргүүн М.Төрбаяртай ярилцлаа.


-Өнгөрсөн тавдугаар сард тантай ярилцахад галд өртсөн 207 дугаар байрыг хүчитгэж засварлахаар Хотын захиргаа шийдсэн болохыг дуулгаж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Хосбаяр тухайн үед оршин суугчдыг байлцуулаад нөхцөл байдлыг сонсоод 207 дугаар байрыг засварлах нь зүйтэй юм байна. Засварлах компанийг сонгон шалгаруулах тендер зарлая гэж шийдсэн болохыг ярьж байсан. Бараг баяр наадмын өмнө засаад оршин суугчдыг байранд нь оруулчихна гэж Хосбаяр дарга мэдэгдэж, бид ч баярлаж байлаа. Гэвч баяр наадмын сар таараад тэгсэн үү, тендерт ямар ч компани санал ирүүлээгүй гэсэн. Тиймээс байрыг хүчитгэж засварлах ажлыг больсон. Барилгыг буулгаад шинээр барих болсон талаар оршин суугчид бидэнд Хотын захиргаанаас мэдээлсэн.

-Тэгээд хэзээ буулгаж, барилгын ажил эхлэх юм бол оо?

-Бас л тодорхойгүй байна. Өмнө нь бидэнтэй холбогдож мэдээлэл өгч байсан дарга нь албан тушаалаа өгчихсөн, өөр хүн ирсэн юм билээ. Ямартаа ч бас тендер зарлаад нураах компани сонгох бололтой. Одоогоор барилгын ажил эхэлсэн зүйл алга.

-Оршин суугчид ямар байдалтай байна вэ. Энэ есдүгээр сард түр байрных нь түрээсийн хугацаа дуусна гэж байв уу?

-Оршин суугчдын хувьд хүнд нөхцөл байдалтай байна. Яг хичээл сургуулийн үе эхэлж байна. Түрээсийн байрны хугацаа дуусч байна. Энэ байдлаараа түрээсийн байр, өөрийн байр ч үгүй болчих вий гэсэн айдастай айлууд олон байна. Үүнийгээ ч хэлж байгаа. Сургууль цэцэрлэг орох гэж байдаг. Хохирсон иргэдийг цаашид хэрхэх талаар Хотын захиргаа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй л байна. Бидэнд ч бас хэцүү байх юм. Татвар төлөгчдийн мөнгөөр түрээс төлүүлээд амьдраад байх. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байна. Ядаж манай барилгын улирал ямар хугацаатай билээ. Намар болж байхад барилгыг нурааж эхлээ ч үгүй байна. Хэзээ нурааж, хэзээ барилгын суурь тавих нь эргэлзээтэй. Арга ядаад оршин суугчид даавуун дээр эсэргүүцлийн үг бичээд шатсан барилга дээр татчихсан байх вэ дээ. Бид чинь гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан шүү дээ. Ихэнх айл хамаг байдгаа алдсан.

-Шатсан байр цагдаагийн хамгаалалтад байсан. Одоо ямар ч эзэнгүй байгаа юу?

-Тийм ээ. Эхлээд цагдаагийн хамгаалалтад байсан. Сүүлдээ цагдаа нар яваад өгсөн. Одоо бол байр маань тэнүүлчдийн орогнодог газар л болж гүйцлээ. Уг нь гал ороогүй хэсэгт айлууд эд тавилгаа авч чадаагүй шүү дээ. Авах ч боломжгүй. Тог цахилгаан байхгүй учир өндөр давхраас эд зүйлсээ буулгаж авч чадахгүй байгаа. Дээр нь ямар ч хамгаалалтгүй болчихоор янз бүрийн хүмүүс цонх хаалгыг нь эвдэж ороод хулгайлж тоноод, зарим нь хоног төөрүүлдэг газар болгож байна. Маш харамсалтай. Арга ядаад оршин суугчид ээлжлээд байраа манаж хонож байгаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Эдийн засагч А.Батпүрэв: Экспортоо нэмэгдүүлэхийн хэрээр ам.долларын ханш буурна DNN.mn

Эдийн засагч, судлаач А.Батпүрэвтэй ам.долларын ханшийн талаар ярилцлаа.


-Сонгуулийн дараахь эдийн засаг ямар байх талаар эдийн засагчид тал бүрийн таамаг дэвшүүлсэн. Яг одоогийн байдлаар Монголын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Та судлаач, эдийн засагч хүний хувьд сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?

-Уржигдар Засгийн газраас төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Энэхүү тодотголоороо эдийн засгийн нөхцөл байдлаа юу гэж харж байна вэ гэдгийг хэлье. 2024 онд эдийн засгийн өсөлт долоон хувьтай байх төсөөллөөр Төсөв батлагдсан байгаа. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 7.6 хувь буюу төсөөлснөөсөө бага зэрэг илүү явж байна гэсэн. Гэтэл хоёрдугаар хагас жилд эдийн засгийн өсөлт байхгүй. Зарим салбарт удаашралтай зүйл ажиглагдах болсон. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг өнгөрсөн өвөл, хавар хүндэрсэнтэй холбоотойгоор энэ намар буурах хандлагатай байна. Энэ утгаараа анхны төсөөлж байсан шиг долоон хувьдаа хүрэхгүй буюу жилийн дүнгээрээ 5.6 хувийн өсөлтийг л үзүүлэх чигтэй байна гэсэн байдлаар төсвийн тодотголоо оруулж ирж байна лээ. Миний хувьд энэ өсөлт бодитой үнэлгээ юм болов уу гэж харж байгаа.

-Яагаад эдийн засаг буурсан үзүүлэлттэй гарна гэж. Шалтгааныг нь та товчхон хэлэхгүй юу?

-Манай экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсний эрэлт буурч байна. Эрэлт буурахаар дагаад үнэ нь буураад байгаа. Нэгхэн жилийн өмнө 300 ам.долларын үнэтэй байсан нүүрс яг одоо 250 орчим ам.долларын ханштай явж байна. Энэ оны эцэс рүү өшөө ч буурах магадлалтай байгааг хэлж байгаа. Учир нь Хятад улсын эдийн засаг удаашралтай байна. Тэр дундаа гангийн үйлдвэрлэлүүд нь хаагдаж байгаа зэрэг шалтгаанаас болж экспорт багасах төлөвтэй байна. Энэ утгаараа эдийн засгийн өсөлт анхны төсөөлсөн долоон хувиасаа буурах хандлагатай байгаа.

-Манай улсын эдийн засгийг тогтвортой байлгах гол суурь бол валютын нөөц. Нэг хэсэг валютын нөөц хоёр тэрбум ам.доллар руу орсон. Харин одоо таван тэрбум ам.доллараас давсан. Цаашдаа валютын нөөцөө хэрхэн яаж нэмэгдүүлэх боломжтой юм бэ?

-Валютын нөөцөө нэмэгдүүлэх гол арга зам нь экспортоо өсгөх. Яг одоогийн байдлаар Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэсийн баяжмал хоёр л байна. Энэ бол маш эмзэг эдийн засаг гэсэн үг.

Зэс, эсвэл нүүрс дээр ямар нэгэн байдлаар үнэ буурчихвал дагаад валютын нөөц буурна. Нэмэгдүүлэх боломж багасна гэсэн үг. Тийм учраас бид зөвхөн нүүрс, зэс биш бусад бүтээгдэхүүнээ экспортлох ёстой. Тэгж байж эдийн засгаа төгөлдөржүүлэх боломж гарч ирнэ. Ингэснээр нэг бүтээгдэхүүн дээр уналт үүслээ гэхэд өөр нэг бүтээгдэхүүнээр эдийн засгаа нөхөж байвал улсын эдийн засаг тогтвортой болно. Харамсалтай нь бид нөхөх, эдийн засгаа төгөлдөржүүлэх чиглэлдээ дорвитой бүтээмжийг бий болгож чадахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хугацаанд хийх ёстой гол ажил бол экспортоо төрөлжүүлэн нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл уул, уурхайн бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг гадагшаа гаргадаг болмоор байна гэсэн үг. Үүнд л бүх зүйлээ зориулах хэрэгтэй.

-Ам.долларын ханшаас шалтгаалж иргэдийн амьжиргаа янз бүр болдог. Ханш буурвал амьжиргаа өсдөг. Ханш өсөхөөр амьжиргаа эсрэгээрээ буурдаг. Тэгэхээр иргэдээ бодохын тулд ам.долларын ханшийг байж болох хамгийн доод хэмжээнд л хүргэх ёстой юм шиг. Ер нь одоо байгаа ханшийг буулгах боломж юу байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн уул, уурхайн бүтээгдэхүүнээс гадна бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ бид экспортод их хэмжээгээр бүр эдийн засагт нөлөөлөх хэмжээгээр гаргаж байж ханш тэр чинээгээрээ буурна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийг буулгахын тулд экспортоо эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Экспорт нэмэгдсэнээр валютын нөөц нэмэгдэнэ, төгрөгийн ханш тогтвортой болно. Энэ хоёр үзүүлэлт тогтвортой байснаараа том зургаараа улсын эдийн засаг тогтвортой болно гэсэн үг. Төгрөгийн ханшаа чанга байлгахын тулд Монгол Улс аль болох их хэмжээний ам.доллар олдог байх хэрэгтэй. Ам.доллар олдог эх сурвалж нь нэгдүгээрт экспорт, хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шууд хөрөнгө оруулалт орж ирж байж Монгол дахь ам.долларын хэмжээ нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр төгрөгийн ханш чангарах нь эерэг болон сөрөг талтай.

-Сул тал нь юу вэ?

-Өнгөрсөн жилийн яг одоо байгаатай харьцуулбал төгрөгийн ханш бага зэрэг чангарсан байгаа. Түрүү жилийн өдийд ам.доллар бараг 3500 төгрөг хүрч байсан. Харин одоо ам.доллар 3380 орчим төгрөгтэй тэнцэж байна. Манай улсын хувьд дийлэнх хэрэгцээгээ импортоор авдаг. Энэ утгаараа төгрөгийн ханш чанга байх тусам импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ хямд байна. Үүгээрээ төгрөгийн ханш чангарах нь давуу талтай. Тиймээс урт хугацаандаа төгрөгөө аль болох чангалах бодлого явуулах ёстой. Гэвч нөгөө талдаа сул тал нь бас байна. Аль болох төгрөгийн ханш гадаад валюттайгаа зохистой, оновчтой хэмжээнд л дүйцэх хэрэгтэй. Ингэж байж Монголын экспорт гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай болно. Өөрөөр хэлбэл, бидний зарж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр байж болохгүй гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа төгрөгийн ханш хэт өндөр байж болохгүй. Хэрэв ханшаа чангалаад байвал бидний зарж байгаа экспортын бүтээгдэхүүнүүдийн эрэлт багасна. Зах зээл нь хумигдана. Тэгвэл жинхэнэ утгаараа эдийн засгийн уналтад орно. Энэ бол том эрсдэл. Энэ эрсдлээ бид тал бүрээс нь бодож ханшаа тогтвортой л байлгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ам.долларын ханшийг болж өгвөл буулгаад байх хэрэгтэй гэдэг ойлголт бол өрөөсгөл шүү гэдгийг хэлье.

-Зарим эдийн засагчид яг өнөөгийн эдийн засаг дээрээ тулгуурлаад харвал ам.долларын ханш хоёр дахин буурах боломжтой гэж үздэг. Энэ нь дэндүү хийсвэр ойлголт гэсэн үг үү?

-Хоёр дахин буурах тооцоолол яг ямар байдлаар гарч ирээд байгааг би эдийн засагч хүнийхээ хувьд огт ойлгохгүй байгаа. Миний харж байгаагаар ам.долларын ханш огцом буурах боломж ойрын жилүүдэд гарахгүй болов уу. Огцом бууруулахын тулд тэр чинээгээрээ Монгол Улсын экспорт эрс нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бидэнд экспортоо хэд дахин нэмэх боломж бололцоо яг одоо байгаа бил үү гэдгээ бодох хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “УИХ-ын гишүүд, туслахуудад сонин уншуулж сургая” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөрөөдлийн жагсаалтаа бичиж, гарчиг тавьсан байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • 126 гишүүнтэй парламент анхны хуралдаанаа хийв
  • Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээж өгөх үү

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “УИХ-ын гишүүд, туслахуудад сонин уншуулж сургая” хэмээн өгүүллээ.

Эдийн засагч Г.Батзориг “Монгол Улс худалдаанд суурилсан эдийн засагтай орон. Иймд худалдааны бие даасан хууль гаргах зайлшгүй шаардлагатай” гэлээ.

  • “Баримт, үйл явдал” нүүрт Монгол Улсын заан Дэндэвийн Амгаа “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан хэлдэг байсан” хэмээв.
  • ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинд 11 настай охид, хөвгүүдийг үнэгүй хамруулна” гэв.

ГАДААД МЭДЭЭ: Украины армийн ээлжит амжилтууд

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хэн гэдгээ үзүүлээд өг” номын тухайд


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ