Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

М.Буянбадрах: АМНАТ-ийн одоогийн тогтолцоог өөрчлөхгүй бол Монголд үйлдвэр барих хүн олдохгүй DNN.mn

Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбооны гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-2025 оноос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх хууль хэрэгжиж эхэлнэ гэж ирэх оны төсвийн танилцуулгын үеэр онцолж байсан. Хууль хэрэгжсэнээр энэ салбарт ямар боломжууд бий болох вэ. Татварын чөлөөлөлт бодит дэмжлэг болж чадах уу?

-Боловсруулах үйлд вэрүүдийн тоног төхөө рөм жийг гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-ыг сунгаж төлөх хууль хэрэгжээд явж байгаа. Шинээр байгуулагдах үйлд вэрүүдэд бага хэмжээний дэмжлэг болно.

-Сая Сангийн сайд 2025 оноос хэрэгжинэ гэсэн шүү дээ. Ирэх жилээс хэрэгжинэ гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Хөнгөлөлт үзүүлж буй нэр зүүх гэж байгаа юм байлгүй.

Үнэхээр энэ төр засаг хүнд үйлдвэрийг хөгжүүлэх оношоо олохгүй байгаа юм. -Тэр онош нь юу юм бэ?-АМНАТ-ийн одоогийн тогтолцоог өөрчлөхгүй бол Монголд үйлдвэр барих хүн олдохгүй. Үйлдвэрүүдийг дэмжье гэвэл зөв онош нь АМНАТ-ийг тогтолцоог эрс өөрчлөх ёстой. АМНАТ бол нэг удаа заавал төлөгдөх ёстой гэдгийг онцольё. Манай улс шиг олборлох, баяжуулах, боловсруулах шат бүрд АМНАТ ногдуулдаг улс дэлхийд байхгүй.

-Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө баталчихлаа. Хүнд үйлдвэр сэргэх боломж харагдаж байна уу?

-Мөрийн хөтөлбөрт сайхан үйлдвэрүүд барьж байгуулах талаар тусгагдсан. Юуны түрүүнд Засгийн газар өмнөх алдаагаа дэнсэлж засах ёстой. Яагаад өөрийн ордгүй 30 орчим баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд татварын өрөнд орж үйл ажиллагаагаа зогсоов, хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний үе шат бүрд АМНАТ ногдуулах зөв юм уу. Яагаад шинээр үйлдвэрүүд нэмэгдэхгүй, ажлын байрууд байхгүй болов, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн хэдий хэмжээний хөрөнгө царцав гэдэг асуудлуудыг судлах ёстой. Монголд өөрийн ордтой 18 үйлдвэр үлдэж бусад жижиг ордгүй үйлдвэрүүдээ шууд дампууруулах замд оруулчихсан. Ашигт малтмалаа баяжуулж, боловсруулж нэмүү өртөг шингээсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжинэ гэчихээд яагаад бодит байдал дээр хувийн хэвшлийн үйлдвэрүүдээ дэмждэггүй юм бэ гэдгийг судалдаг нягталдаг албагүй болжээ. Бидний баяжуулж, боловсруулж чадаагүй ашигт малтмал хилийн гадна байгаа үйлдвэрүүдийн түүхий эд болж тэд жинхэнэ ашгийг хүртдэг. Ашигт малтмалынхаа 90 гаруй хувийг түүхийгээр нь экспортлосоор байна. Ядаж 20-25 хувийг баяжуулж боловсруулдаг болоход маш олон ажлын байр бий болж, их хэмжээний валютын орлого олно. Боломжоо ашиглаж чадахгүй байна. Хамтарсан Засгийн газар Ашигт малтмалын хуулиа, АМНАТ-өө дэлхий нийтийн зарчимд нийцүүлж өөрчлөх хэрэгтэй. Үүнийг зөв өөрчилж байж мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжинэ.

-Сангийн сайд 2025 оны улсын төсөвтэй хамт татварын шинэчлэл хийнэ гэсэн. шинэчлэл хийгдэж чадах уу?

-Чадахгүй. Яагаад гэвэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олоогүй орлогоос нь, зараагүй металлаас, өөрийн ордгүй үйлдвэрүүдээс давхар авдаг алдаатай бодлогоо өөрчлөхийг хүсдэггүй. Энэ алдаатай бодлогоос шалтгаалж татварын алба авч чаддаггүй авлагатай, компаниуд нь төлж чаддаггүй их хэмжээний өртэй болоод байна. Зөвхөн бид шүүмжлээгүй, гадаадын хөрөнгө оруулагчид, судалгааны байгууллагууд хангалттай шүүмжиллээ. Татварын өрөнд орсон компаниуд үйл ажиллагаагаа өргөтгөж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа, ажлын байраа нэмэгдүүлэхгүй.

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийг яаж хийх ёстой вэ?

-Ашигт малтмалын тухай хууль бол манай улсын хөгжилтэй маш холбоотой суурь хууль. Уг хуулийг 35 удаа өөрчлөөд энэ том салбарын хөгжлийг тушаад гадаадын хөрөнгө оруулагчдыг хүлээлтэд оруулсан. Манай улсын гурван том орд л улсын төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж энэ салбарын нүүрийг тахалж байна. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх гэж УИХ-ын сүүлийн найман чуулганаар хэлэлцэх жагсаалтад оруулсан боловч салбарын яам нь өргөн барьддаггүй. Сангийн яамтайгаа ойл голц доггүй.

Шинээр байгуулагдсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Ашигт малтмалын тухай хуулиа эрс өөрчилж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтыг цогцоор нь дэмжсэн хуулийн төслийг энэ ондоо багтааж батлуулах  түүхэн хүлээлт үүсээд байна. Шинэ сайдтай уулзах хүсэлт тавьсан боловч хүлээж авахгүй байгаа.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс ямар асуудлыг сонирхож хүлээж байгаа бол?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй байгаагаас болж хайгуулын салбар уналтад орж улсын нөөц нэмэгдэх боломжоо алдсаар байна. Улмаар хайгуулын үйл ажиллагаа хумигдсан тул олборлолтын салбарт шинэ ордууд нээгддэггүй. Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд давхар АМНАТ, үндэслэлгүй олон улсын жишиг үнэ зэргээс шалтгаалаад олон үйлдвэр хаалгаа барьж шинэ үйлдвэрүүд хүлээлтэд орсон. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, тодорхой хувийг шилжүүлэхэд урьдчилгаа татвар төлүүлдэг болгосон. Бид дэлхий нийтэд байхгүй ийм тоглоомын дүрмээ засахгүй бол томоохон Хөрөнгө оруулагчид орж ирэхгүй.

Хүндрэлтэй асуудлуудаа энэ Засгийн газар хурдан шийдэх хэрэгтэй.

-Жишиг үнэ бодитой бус тул компаниудад хүндрэл учруулсаар байна уу Биржийн арилжааны талаар саналаа хэлнэ үү?

-Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж байна. Мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Жишиг үнэ бодитой бус байснаас маш их хэмжээний татварын өрөнд орсон нүүрсний болон жоншны компаниуд байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль  мөрдөгдөж эхлээд жил гаруй боллоо. Нүүрс, угаасан нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмалын жишиг үнийг тогтоож АМНАТ ногдуулдаг эрх зүйн орчинг бий болгож хувийн хэвшлийн компаниуддаа татварын дарамтыг бууруулах боломж их байна. Татварын дарамт буурснаар тэдний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

-Төмрийн баяжмал, бүтээгдэхүүн боловсруулахад бас л АМНАТ саад болж байна уу?

-Тэгэлгүй яахав. Бага агуулгатай төмрийн хүдэр АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр худалдаж аваад баяжуулаад, бүтээгдэхүүн буюу хорголжин үйлдвэрлээд экспортлоход олон улсын жишиг үнээр тооцож дахин АМНАТ ногдуулдаг. Төмрийн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмждэггүй хууль, тогтоол, журамтай болоод олон жил боллоо. НӨАТ-ын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль үйлдвэрлэгчидээ, экспортлогчдоо дэмжсэн сайн хуулиуд байсныг олон удаа өөрчилж тэднийг төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлохоос өөр аргагүй болгосон. Стандарт, хэмжил зүйн газар нүүрс, угаасан нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний стандартыг шинэчилсэн боловч Сангийн яам Засгийн газрын хуралдаанд оруулахгүй хойшлуулсаар байгаа. Үүнийг Ц.Туваан сайд анхааралдаа авах хэрэгтэй. Үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажилгүйдлийг олноор бууруулж, иргэдээ ядуурлаас хамгаалж, улсын болон орон нутгийн төсвөө нэмэгдүүлэх боломжтой. Иймд шинээр бүрдсэн УИХ, Засгийн газар үйлдвэрлэгчидээ дэмжсэн эрх зүйн орчноо яаралтай шинэчилж аж үйлдвэрүүдээ сэргээх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор хангаж ажиллаасай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зууны шилдэг “нийллэг” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “В.Путины айлчлалыг эсэргүүцэн үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг залхаах зорилгоор саатуулсанд санаа зовниж байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.
  • Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтм “Хүүхдэд ээлтэй хотыг бид бий болгоно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Зууны шилдэг “нийллэг” нийтлэл хэвлэгдлээ.

  • ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины манай улсад
    хийсэн албан айлчлалын үеэр “No war” хэмээн духан дээрээ бичиж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Уг асуудлаар иргэн Б.Тэгшжаргалтай ярилцлаа. Тэрбээр “Монгол Улсын иргэд эрх чөлөөтэй юм шиг боловч сэтгэлгээний хувьд аль хэдийнэ шоронд оржээ” хэмээн ярилаа
  • ЗГ: Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ

ГАДААД МЭДЭЭ: Орос улс цөмийн пуужин байршуулж магадгүй болов

АРЫН НҮҮР: Бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацрал: Дайны гэмт хэрэгтэн В.Путины айлчлалыг эсэргүүцсэний төлөө нэг өдөр хоёр удаа саатуулагдлаа DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлал хийсэнтэй холбогдуулан “No war” хөдөлгөөнийхөн өчигдөр эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан юм. Энэ үеэр тус хөдөлгөөний зургаан хүнийг саатуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачжээ. Энэ үеэр “No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацралтай холбогдож дараах тодрууллаа.


-Цагдаа нар та бүхнийг саатуулан хэлтэс дээр аваачсан гэх мэдээлэл байна. Тодруулахгүй юу?

-Яг одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дөрөвдүгээр давхарт хүйтэн шалан дээр зургуулаа сууж байна. Биднийг өнөөдөр /өчигдөр/ 12:00 цагт төв талбай дээрээс баривчилж энд авчирсан. Эрх чөлөөний хөдөлгөөний залуус бид 116 дахь удаагийн жагсаалаа зохион байгуулж байсан нь энэ. Энэ удаа бид “В.Путиныг баривчил” гэж шаардсан. В.Путин бол Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээр дайны гэмт хэрэгтэн. Түүнийг Монгол Улсад урьж байгаа үйл явдлыг дэлхий нийтээрээ харж байна. Дайны гэмт хэрэгтнийг Монгол Улсад төрийн айлчлал хийлгэж байгаа нь эх орноосоо урвасан хэрэг гэж үзэж байгаа. Бид дэлхийн хөгжил, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолын талаар ярьдаг хэрнээ дайны гэмт хэрэгтнийг эх орондоо урьсан нь дэлхий нийтэд дайны гэмт хэрэгтний нэг холбоотон гэдгээ харуулж, зарлаж байгаагаас өөрцгүй явдал. Эрх чөлөөний хөдөлгөөн гурав дахь жилдээ Монгол Улс дайны талаарх байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой. Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ёстой байтал төвийг сахих бодлого нэрийн дор иргэдээ хагалган бутаргаж байгаад харамсч байгааг ярьж, шүүмжилж ирсэн. Энэ удаа ч үүнийг бид хэлж шаардаж жагссан.

-Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар хамгаалалтын нэг, хоёрдугаар бүс гэж тогтоосон байсан. Иргэд хоёрдугаар бүсэд үзэл бодлоо илэрхийлж болно гэж зөвшөөрсөн ч та бүхнийг хамгаалалтын нэгдүгээр бүсэд нэвтрэхийг оролдсон. Үүнээс үүдэж шалгаж эхэлсэн гэж мэдээлж байна. Энэ үнэн үү?

-Цагдаа нар бидэнд үзэл бодлоо илэрхийлэхийг завдах битгий хэл ямар ч нөхцөл боломж олгоогүй. Биднийг төв талбай руу ирэх үеэс эхэлж хүмүүс дагасан. Бид төв талбайн хажууд ирээд зогссон. Дотогш ороогүй. Хашаа хаалтыг давах гээгүй. Зөвхөн гарцаар гарах үйлдэл хийхэд биднийг хууль бусаар баривчлаад аваад явсан. Гэтэл тэнд энгийн иргэд нэрийн дор ОХУ-ын туг далбааг барьсан хүмүүс бидэн рүү дайрсан. Цагдаа нар ямар нэгэн эмх замбараагүй үйлдэл гаргахад, иргэдээ хамгаалахаар хамгаалалтанд гардаг. Гэвч бидэнд ямар нэгэн тусламж ч үзүүлээгүй. Зүгээр хараад л зогсдог юм.

Энд нэг том зөрчилтэй зүйл байна. Монгол Улсад нэг, хоёрдугаар үзэл бодол гэж байхгүй. Хүн үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө. Монголд нэг, хоёрдугаар зэргийн үзэл бодол, амь нас гэж байх ёсгүй. Гэтэл ийм зүйл байдгийг Цагдаагийн байгууллага өнөөдөр (өчигдөр) мэдэгдлээ. Цаашид ч энэ дарангуйлал үргэлжлэх юм байна. Дайны гэмт хэрэгтэн В.Путинд сайхан харагдахын тулд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг төв талбайд оруулахгүй байх ямар ч хууль эрхзүйн үндэсгүй.

-Цагдаагийн албан хаагчид та бүхнийг юунд буруутгаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгсөн үү?

-Тодорхой мэдээлэл өгөөгүй. Нэг зүйлийг хэлэхэд биднийг баригдах үед ОХУ-ын туг далбаа барьсан иргэд төв талбайн хажуугаар чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж жагсаж байсан. Гэтэл бид энд эрүүдэн шүүгдэж хууль бусаар баривчлагдаад дөрвөн цагийн турш цагдаагийн хэлтэс дээр сууж байна. Яг энэ цаг үед ч Жуковын хөшөөний дэргэд ОХУ-ыг дэмжигчдийн жагсаал болж байгаа мэдээлэл байна. Энэ үйл явдал Монгол Улсыг олон улсын хоригт орох үндэслэл болно. Бид нэг зүйлийг хатуу ойлгох ёстой. Өнгөрсөн хугацаанд манай улс ОХУ-аас эрчим хүч, түлш шатахуун авдаг ч үргэлж дутуу, гэрээ хэлэлцээгээ зөвшөөрдөггүй, давуу эрх эдэлдэг нөхцөлд явж ирсэн нь үнэн. Бид тусгаар тогтносон, эрх чөлөөтэй улс юм бол өөрийн газар нутаг дээрээ ямар төсөл хэрэгжүүлэх, эрчим хүч, шатахууны хязгаарлалтыг багасгах талаар аль улстай хамтрах нь манай дотоодын асуудал. Үүнд гадны аль нэг улс нөлөөлж болохгүй гэв.

Дугаар шилжих мөчид: No war хөдөлгөөний зургаан гишүүнийг сулласны дараа тэд төв талбай руу гарчээ. Гэвч тэр даруй дахин саатуулж цагдаагийн хэлтэст авчирсан болохыг мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Жаргалсайхан, З.Дашдаваа нарын албыг хэн авах вэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал оруулж УИХ-аар томилдог хуулийн гол байгууллагын удирдлагууд гэж бий. Үүний нэг бол Улсын ерөнхий прокурор.

Үндсэн хуулийн тавинзургадугаар зүйлийн 56.2-т “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Үүний дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор Б.Жаргалсайханыг ерөнхий прокуророор томилох шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн 94.6 хувийн саналаар дэмжин томилж байлаа. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүрэгт хугацааныхаа ихэнхийг үдээд байна. Үндсэн хуулийн заалт ёсоор түүний ажиллах хугацаа 2025 оны дөрөвдүгээр сард дуусна. Өнгөрсөн хугацаанд түүнийг чөлөөлөх тухай улс төрийн болон хуулийнхны хүрээнд хэд хэдэн удаа хүчтэй яригдаж байгаад намжсан. 2021 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор “сахал” гэгддэг Э.Амарбатыг томилохоор болсон талаар дуулдаж байлаа. Гэвч томилгоо өөрчлөгдөөгүй. Тэгвэл энэ удаа ерөнхий прокурорын үүрэгт ажил дуусгавар болох хугацаа ойртсон учир прокурорын байгууллагыг толгойлох сонирхолтой ганц, хоёр хүн Ерөнхийлөгчийн эргэн тойронд үзэгдэх болсон гэнэ.

Ерөнхий прокурорын үүрэгт хугацаатай яг ижилхэн албаа өгөх дараагийн албан тушаалтан бол Авлигатай тэмцэх газрын дарга юм. Одоогийн дарга З.Дашдавааг мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн саналаар 2019 оны тавдугаар сарын 2-нд УИХ-аар хэлэлцэн томилж байв. Авлигын тухай хуульд “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан билээ. Үүний дагуу АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох учиртай. Мөн л З.Дашдаваа даргын оронд томилогдох сонирхолтой хүмүүс хуулийн салбарын дундаас аль хэдийнэ нэр нь тодорсон сурагтай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бордюраас бусдыг нь тоодоггүй Монгол DNN.mn

Хичээл сургууль орлоо. Их хотод өнгө нэмэх сурагчийн формтой хүүхдүүдийн шуугиантай намрын налгар өдрүүд эхэллээ. Есдүгээр сарын 1-нийг яаран хүлээсэн сурагчид анги танхимдаа багталцдаггүй хэцүү дүр зураг энэ жил ч бас хэвээрээ. Сургуулиудын анги дүүргэлтийг харахад үнэхээр нүд халтирмаар байна. Зарим анги дээд тал нь 70 хүүхэдтэй бужигнаж байна гээд бод доо. Алслагдмал аймгийн сумдын сургуулийн нийт сурагчдын тооноос ч илүү хүүхэд нэг ангид хоорондоо зөрөх зайгүй шахам сууж байна. Анги дүүргэлт 30 хүүхдээс хэтрэхгүй байх стандарт хаана байна вэ?

Хүн төрөлхтөн аж төрж байгаа нөхцөлд бүх юм стандарттай байх ёстой. Нэг ёсондоо бидний эрүүл, аюулгүй оршин буйн баталгааг энэ стандарт гээчээр тогтоож байгаа. Хоол хүнс, гэр орон, гудамж талбай, ажил алба, эмнэлэг, сургууль гээд бүх зүйл өөрийн гэсэн норм стандарттай байна. Тэр жишгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын орчин, нөхцөл ямар байх талаар тогтоож өгсөн стандарт гэж бий. Мэдээж хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдээ хүлээж авна. Нэг сургууль 1400-аас илүүгүй сурагчтай байхаар тооцно. Бага ангийн хүүхдүүдийн хичээллэх танхимыг хоёроос доош давхарт байрлуулж, ахлах ангиас тусгаарлана. Сургуулийн дотоод заслын барилгын материалууд нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байна. 1000 хүн ам тутамд 200 хүүхдийн багтаамжтай сургууль байх ёстой. 1400 хүүхэдтэй сургууль 3.5 га эдэлбэр газартай байна. Энэ дотроо биеийн тамир спортын, амралт, аж ахуйн, сургалт туршилтын бүсүүд заавал багтаана гэх зэргээр стандарчилжээ.

Хамгийн чухал нь нэг анги 30-аас илүүгүй сурагчтай байна. Өөрөөр хэлбэл, нэг сурагчид 2.5 ам.метр талбай ногдох ёстой гэсэн Барилга, хот байгуулалтын сайдын баталсан норм, стандарт хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэвч амьдрал дээр хэрэгжилт нь нойл. Зөвхөн ерөнхий боловсролын сургууль дээр ч гэлтгүй эмнэлэг, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, байшин барилга, гудамж замууд гээд хаана ч мөрддөг стандарт гэж алга.

Харин Монголд стандартаа хатуу мөрддөг ганц зүйл нь бордюр л бололтой. Нийслэлд энэ зунжин үргэлжилсэн 60 гаруй замын ажлуудаас урьдаад бүх бордюрыг хуу сольсон доо. Энэ ажил маш шуурхай хийгдсэн. Үүнийг хотын дарга тайлбарлахдаа “Бордюр газрын гадаргаас 15 см өндөр байх стандарттай” гэж ярив. Үнэхээр даажинтай сонсогдож байлаа. Замгүй байж бордюраа солиод ч яах юм билээ. Тэгээд ч бордюраас илүү тулгамдсан асуудал Монголын нийгэмд дүүрэн байхад шүү. Ер нь ингэж автозамын бетон хашлагыг солих нь үе, үеийн дарга нарын хоолоо олж иддэг арга байсаар ирсэн. Одоо хэдүүлээ ийм увайгүй сэтгэлгээгээ больё. Амьдралд ойрхон байя. Хөрсөн дээрээ бууж асуудлыг бодитоор харж сурцгаая. Энэ улсууд дарга болоод албан ажил хийхдээ амьдралаас тасраад явчих юм. Сансрын, сансрын юм сэтгэнэ. Тэндээсээ байнга ашиг харна. Тэгээд стандартаар түрий барьж хэрэгжүүлнэ.

Ард түмнээ ингэж доромжилдгоо л больчих хэрэгтэй. Тийм болохоор чинь та нарыг “Амьдрал ахуй ямар байгааг мэддэггүй. Мэдрэмжгүй” гээд иргэд чинь шоолоод байдаг юм шүү дээ. Бодоод байх нь ээ, тэдний энэ хандлага социализмын үеэс эхтэй юм шиг. Тэр үед аливаа хурал хуй дээр дандаа амьдралаас тасарсан шүүмжлэл хөвөрдөг байсан гэж хуучцуул өнгөтөөр ярьдаг сан. Жишээлбэл, хамгийн сайн найзыгаа хурал дээр хамгаалах ёстой байтлаа даргад таалагдахын тулд далд ортол нь шүүмжилдэг байсан гэх юм билээ. Улаан нүүр рүү нь харж зогсож байгаад түмний нүдэн дээр байж суухын аргагүй болгочихоод гарч ирснийхээ дараа “Хурал бол хурал шүү дээ” гэж ёжилдог байсэн гэлцэх. Ийм муухай социализмын үеийн авир ардчилалд шилжсэн 34 жилийн дараа хүртэл арилаагүй л байна. Уг нь амьдрал дээр найз бол найз л байх ёстой биз дээ. Нэг нэгнийгээ нөхөж, түшиж, итгэж нөхөрлөдөг хүмүүсийг найз гэдэг биш бил үү. Яг үүнтэй адилхан амьдралаас тасарсан шийдвэрүүдээ одоо болих хэрэгтэй. Амьдралд ойрхон, ард түмэндээ ээлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргадаг байя. Жинхэнэдээ зам дээр бордюрын ч хэрэггүй. Дэлхийн замуудыг харахад тийм сүрхий бетон хашлаганууд байна уу. Харин ч хаа, хаагуураа чөлөөтэй зорчиж болохоор замтай байдаг. Гэтэл манайх яахаараа гарч болохгүй заавал хаших ёстой юм. Шинэ жолооч нар тэр бордюруудыг чинь мөргөж машин тэргээ эвдэх тохиолдол өчнөөн бий. Явж, явж бордюр бол амьдралд ямар ч хэрэгцээгүй, төрийн хэдэн машинаа хянаж цагдах гэсэн социализмын үеийн хийрхэл биз.

Бордюрын стандартаа барьж, солих ажлыг гялалзуулдаг шигээ ерөнхий боловсролын сургуулиуддаа тогтоосон тэр олон стандартуудаас ядаж ганцыг нь хэрэгжүүлээд өгөөч, төрийн түшээд ээ. Анги дүүргэлт 30 хүүхэдтэй болчихвол хичнээн сайн бэ. Хүүхдүүдийн сурлагын чанар шууд дээшилнэ. Яагаад гэвэл багшид ирэх ачаалал багасчихаар хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтой. 70 хүүхэд пиг чихсэн саун шиг нөхцөлд яаж эрдэм ном сурах гээд байгаа юм бол. Ямар адуу мал хашиж байгаа биш дээ. Боловсролын салбараа хойгуур эрэмбэлж гаргуунд нь хаясны хамгийн тод жишээ энэ юм. Монголын ирээдүй болсон толгойг ингэж бэлдэх нь хэнд ашигтай вэ. Магадгүй гадны бодлого нөлөөлж байна уу. Тэгэхэд боловсролоо тэргүүнд залсан улс орнууд яаж хөгжиж, мандан бадарч байгааг дэлхийгээс харж байна. Япон улс гэхэд стандартыг хатуу мөрддөг орон. Манай гуравдагч хөрш болсон тус улсын буцалтгүй тусламжаар Монголд барьж өгсөн хэд, хэдэн жишиг сургууль бий. Анзаарвал сургуулийн давхар бүр хүүхдийн өндөрт тохирсон модон бариултай. Анги танхим нь босгогүй, самбар нь нам дор байрладаг, анги бүр угаалтууртай, толь нь налуу байрлалтай байх жишээтэй.

Шат, налуу зам, заал, ариун цэврийн өрөө, коридорын шалны хулдаас зэрэг нь нян бактер үрждэггүй, хальтрахаас сэргийлсэн технологитой. Дуу хөгжмийн танхим нь тусгай зөөврийн тайзтай. Ханаа дуу чимээ нэвтрүүлдэггүй акустик хавтантай болохоор бүх төрлийн хөгжмийн зэмсэг эгшиглэхэд бусад хичээлд саад болохооргүй. Дээрээс нь гамшгаас сэргийлэх хоргодох байртай. Сургуулийн орчин хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлсэн мөлгөр хийцтэйн юм билээ. Иргэнээ боддог орон стандартыг ингэж л хэрэгжүүлж байна. Ийм стандартыг манай дарга нар мөрдөнө гэвэл ёстой холын мөрөөдөл байх. Уг нь бордюрын стандартаас илүү боловсролын байгууллагуудынхаа стандартыг анхаардаг болмоор байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Түрэг ба Монгол хэлний уялдаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сэтгүүлч Ж.Баттуул “Б.Энхбаяр гишүүн ээ, Үндсэн хуулийнхаа амин сүнс болсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалаарай” гэснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Дорноговь аймаг хүнд үйлдвэр, тээвэр логистикийн шинэ төв болно” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Түрэг ба Монгол хэлний уялдаа “ нийтлэл хэвлэгдлээ.

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох замын хучилт болон гүүрэн байгууламжийн ажил үргэлжилж байна

Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц гацаанаас гарчээ

ГАДААД МЭДЭЭ:  BBC: Монгол Улс бас нэр
хүндтэй ардчилсан улс

Арын нүүр: Дуунд мөнхөрсөн хүүхнүүд


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: III ДЦС-ын төсөлд төр, засгийн зүгээс илүү анхаарал, болгоомжтой байх биз DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногт УИХ, Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг яаралтай журмаар хэлэлцэж дэмжсэн. Та энэ салбарын мэргэжлийн хүний хувьд уг үйл явцыг хэрхэн харж байна. 1.4 тэрбум ам.долларын зээлээр барих ер нь хэр зөв бэ?

-Түүх яривал бүр 2014 онд бил үү дээ. ДЦС-3-т 50 МВтын чадал нэмсэн. “ДЦС-3-ын Нэгдүгээр шатны шинэчлэл” нэртэй төслийн хүрээнд. Амжилттай хэрэгжсэн, одоо хүртэл хэл амгүй ажиллаж байна. Залгаад 2014 оны аравдугаар сарын 11-ний өдөр Засгийн газрын 331 тоот тогтоол гарч хоёрдугаар шатны шинэчлэл хийж чадлыг нь дахиад 2х125 МВт буюу 250 МВт-аар нэмэх гэрээг түлхүүр гардуулах нөхцлөөр байгуулж хэрэгжүүлж эхлэх даалгаврыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М,Сономпил нарт өгсөн байдаг.

Төсөвт өртөг нь 300 сая орчим ам.доллар байл уу даа. Эх үүсвэр нь Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, бонд болон 2015-2019 оны улсын төсвөөс гэж заасан байсан. Энэ асуудал сонгуультай холбогдоод замхарсан байх. Яагаад гэвэл уг тогтоолыг 2016 оны сонгуулийн дараа хүчингүй болгосон байдаг. 300 сая ам.долларын төсөв 10 жилийн дараа 1.3 тэрбум евро болчихоор эгдүүцэхээс өөр аргагүй биз дээ.

-Энэ төсөлд шинээр ТЭЗҮ хийхээр яригдсан. Гэтэл өмнө нь ТЭЗҮ хийгдэж, гуравдугаар ДЦС-ын инженерүүд хянасан юм байна лээ шүү дээ. Хянасан инженерүүд нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм байна лээ. ТЭЗҮ-д манай талтай нийцэхээргүй яг ямар асуудлууд туссан байдаг юм бол?

-Одоо хийгдэх нь зураг төсөл юм билээ. Өмнө нь оросууд ТЭЗҮ хийсэн. Түүнийг нь манай инженерүүд хянасан. Шүүмжүүдээ нэгтгээд яамандаа өгсөн юм билээ. Тэр үед л 1,3 тэрбум евро гэдэг тоо гарч ирсэн. ТЭЗҮ гэдэг чинь техник талыг нь ч, эдийн засаг талыг нь судлаад төсөл хэрэгжүүлэх утга учир байна уу гэдгийг шийддэг гол бичиг баримт. Тэгэхээр зураг, төсөл буюу дараагийн шатны ажлыг эхлүүлэх гэж байгаа нь тэр ТЭЗҮ-г үндсэндээ зөвшөөрсөн гэсэн үг шүү дээ. Техникийн чанартай 100 гаруй маргаантай асуудлууд байгаа. Гол нь энэ өндөр үнэ өртөг хойч үедээ үлдээх утгагүй өр.

-Та цахим хуудастаа “ДЦС-3-ын өргөтгөлийг Оросын нөхцөлөөр хийвэл дараа нь мөн ч олон хүн шоронд орно” хэмээн бичсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ, яагаад шоронд орно гэж?

-Өнөөгийн ханшаар 500-700 сая ам.долларт хийгдэх ажлыг 1,44 тэрбум доллараар хийлгэчихвэл наад захын үр дагавар нь ийм шүү гэж сануулсан ухаантай.

-Эрчим хүчний хувьд эмзэг манай улсын хувьд гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн гэх энэ төсөл чухал төсөл биш үү?

-Чухал учраас аль 2014 онд, бас 2018 онд яригдаж байсан. Тухай бүртээ л ойлгомжгүй шалтгаанаар замхарч байсан даа.

-Олон нийтийн ойлголтоор манайх эрчим хүчний хувьд Оросоос хараат гэгддэг ч начир дээрээ БНХАУ-аас хараат, тиймээс энэ төсөл бол чухал гэх хэсэг ч байна л даа?

-Америкийн нэг суу билэгт улстөрч наад хоёр хөр шөөс хамааралтай байд лыг чинь шийдэх ганцхан арга нь “Power of Balance” буюу тэнцүүлэлт гэж хэлсэн байдаг. Энэ нь хоёр хөршийг тэнцүүлэхээр тогтохгүй гурав дахь хөршийг хамааруулж хэлсэн үг гэж би ойлгодог. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Оросын технологиор баригдсан станц учир өргөтгөл ч Оросынх байх ёстой гээд байна лээ. ДЦС-4-ийн зуухны тоос бэлдэх систем бүхэлдээ, турбинуудын тохируулгын систем Японых болсныг мэдэхгүй байх л даа. Зардал нь хүртэл 2-3 дахин бага, дээр нь маш найдвартай байдаг. ДЦС-3 дээр ч барууны технологи их нэвтэрсэн байгаа.

-Ямар байдлаар явуулбал манайд харилцан ашигтай төсөл болох вэ?

-Нэгдүгээрт, үнэ өртөг дэлхийн жишгээр, хоёрдугаарт, зээлийн нөхцөл боломжийн байх ёстой. ДЦС4-ийн шинэтгэлүүдийг хийсэн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүү нэг хувь хүрдэггүй юм шүү. Дээр нь зээлтэй холбоотой үндсэн зээл төлөхгүй байх хугацаа, эргэн төлөлтийн ерөнхий хугацаа гээд зөндөө юм бий. Техникийн хувьд ч олон асуудал бий. Тийм нарийн ширийн зүйлийг уншигч ойлгохгүй учир энэ удаа нурших хэрэггүй байх. Ямарч байсан энэ төсөл олон нийтийн анхаарлыг татаж чадлаа. Тийм учир төр, засгийн зүгээс илүү анхаарал, болгоомжтой байх биз.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хамтарч засгаа байгуулсан юм бол төрийн бүх байгууллагуудад ч хамтрах хэрэгтэй байна DNN.mn

Хэдхэн сарын өмнө УИХ-ын сонгууль болж, МАН ялалт байгуулсан. Тэд огцрохгүйн тулд ХҮН нам, Ардчилсан намтай хамтарч Засгийн газраа байгуулсан. Шинэ Засгийн газартай холбоотой янз бүрийн л яриа, дүгнэлт нийгэмд өнөөдөр ч хөвөрсөөр байна. Жишээ нь, МАНын яам, АН-ын яам, ХҮН намын яам гэхчилэнгээр Монгол төрийн гүйцэтгэх байгууллагуудыг намдаар ялгаж, намын харьяаны байгууллага мэтээр ярих боллоо. МАН-ын яаманд ажил горилолтой нь биш дээ, АНын, ХҮН намын яаманд ажилд орж доошоо орох чинь ичмээр… гэх яриа үүний тод илрэл биш гэж үү.

Тиймээс нэгэнт ийн хамтарч байгаа бол бүх яамд, агентлагт хамтрах хэрэгтэй.Өөрөөр хэлбэл, МАНын улстөрч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг ашиж байгаа бол АНын улстөрчийг дэд сайдын албанд, ХҮН намын улстөрчийг Төрийн нарийн бичгийн даргын албанд томилох хэрэгтэй.

Ингэвэл нэгдүгээрт, улстөрийн тогтвортой орчныг бий болгоно. Хоёрдугаарт, ингэж байж хамтарсан Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна магадгүй хяналт ч сайжирч, дотоод зөрчил, ажлын хийдэл багасах талтай ч юм билүү.

Ер нь улс төрийн намын зорилго нь төрийн эрхийг авах байдаг. Тиймээс л улс төрийн сонгуульд тухайн намын зөвхөн нэр дэвшигч нь ч бус бүх гишүүд, дэмжигчид өрсөлддөг. Тэд ганцхан сайд ажилтай болгохын тулд тийн тэмцээгүй. Гэтэл шинээр томилогдсон зарим сайд нар “Ажилд оръё гэсэн өөрийн намын нөхдүүд их байна” гээд уйлагнаад байх юм. Тэгэлгүй яах вэ дээ. Ганцхан тэр сайдыг албан тушаалтай болгох гэж намаараа, намын дэмжигч гишүүдээрээ өрсөлдөөгүй. Тэр сайдаар дамжуулж, тэр сайдын баг бүрэлдэхүүнээр дамжуулж намын бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж л нийтээр хөдөлсөн хэрэг. Яахав өнгөн дээрээ нийгмийн сайн сайхны төлөө гэдэг ч бодит амьдрал дээр бол намын нэг ч гэсэн хүн төрийн өндөр дээд албан оччихвол намынхаа хэдийг дээш татчих юм даа гэсэн бодол л өвөртөлж байгаа. Гол зорилго нь энэ учраас сонгуулиар нүсэр том баг болоод бусадтай өрсөлдөж эхэлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ биз ээ.

Тиймээс намын гишүүд дэмжигчдэд зохих шагналыг нь өгөх хэрэгтэй. Хэрвээ ганцхан сайд гаргаад бусдыг нь явуулахгүй бол тэр сайд улс төрийн хувьд сөнөдөг. Намынхан нь ч үзэхээ байна. Ганцхан үүнийг ажилтай болгохын тулд бид тэгтлээ чармайсан болж байна уу гэж зүхнэ. Өнөөх сайд нь намын бусад нөхдөө ажилд авахгүй гэвэл тэр хүн намын болоод улс төрийн дэмжлэггүй болно гэхчилэнгээр зовлон их бий.

Ер нь тэгээд улс төрийн намд улстөрч олон ч үндэсний хэмжээний улс төрийн нам гэдэг бол цөөн шүү дээ. Иймээс намын зарим улстөрчдийн хүслийг гүйцээгээд орхих бус намдаа үнэнч зүтгэсэн, боловсролтой, чадвартай, намын үзэл санааг түүчээлж чадах хүмүүст улс төрийн албан тушаал өгч ажилуулах л хэрэгтэй.

МАН, ХҮН нам, АН хамтарсан л юм бол улс төрийн бүх албан тушаалд хүмүүсээ сөөлжүүлж байршуул. Ингэж байж намуудын улс төрийн сонгуульд орсны үр дүн гарч ирнэ. Мэдээж төрийн ажил, улс төрийн намын бодлого хэрэгждгээрээ хэрэгжинэ. Нөгөөтэйгүүр шинэ Засгийн газар Монголын улс төрд шинэ замыг бий болгох хэрэгтэй байна. Хамтарсан бол яам ялгахгүй хамтарч, нэгэнт зорьсон бодлого хөтөлбөрийг нам ялгахгүй гар нийлүүлж ажилладаг байх улс төрийн шинэ соёлыг түүчээлмээр байна.

Өөр нам юм чинь гээд гацаадаг, эсэргүүцдэг хандлага Монголын улс төрийн орчинд бөх оршиж ирсэн. Энэ хэрээр Монголын хөгжил хойшилсоор л яваа.

Энгийнээр зүйрлэвэл, сургуулиа төлөөлж бусад сургуультай өрсөлдөх гэж байгаа тамирчид чи өөр анги юм чинь гээд ганцаарчилсан тоглолт хийдэггүй шүү дээ. Тиймээс нэгэнт хамтарсан хойно төрийн бүх байгууллагад холилдож ороод ажиллах хэрэгтэй байна. Монгол төрийн яамд бол нэг нэгээр нь зууж авчихаад мэрдэг нохойд хаясан яс биш. Улс төрийн намын улстөрчөөр удирдуулж Монголын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн төрийн институци. Тиймээс намууд хаа гуяар нь салгаж аваад өмчлөөд байх нь нэн гутамшигтай харагдаж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Баатар: Метротой болох хүлээлт, эдийн засгийн чадамж өнөөдөр төгс бүрдээд байна DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатартай ярилцлаа.


-Хичээл сургууль орж байгаатай холбоотойгоор нийслэлийн замын түгжрэл ихсэж, иргэд бухимдалтай байна. Танай нэгж, хотын захиргаа ямар шийдэл олж, ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Авто замын түгжрэл нь дэлхийн бүхий л том хотуудын толгойны өвчин байсаар ирсэн. Нэг саяас дээш хүн амтай метрополис хотуудаас авто замын түгжрэлийг 100 хувь шийдчихсэн хот гэж бараг байхгүй. Түгжрэл ярихын тулд эхлээд хот төлөвлөлтөө ярих нь зүйтэй. Улаанбаатар хот өөрөө их онцлогтой. Дөрвөн уулын дунд хавчигдмал гэж ярьдаг ч дэд бүтэцдээ хашигдсан хот. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал өнөөдрийн нягтралыг үүсгэхэд хамгийн их нөлөөлж байгаа. Үүнийг бид маш сайн ойлгох хэрэгтэй.

Механик өсөлтөд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс байна. Нэгдүгээрт, авто машин нь хүний анхан шатны хэрэглээ болчихсон учраас үүнд буруу өгч болохгүй. Хоёрдугаарт, Улаанбаатар хот эрс тэс уур амьсгалтай бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотын нэг. Мэдээж 40 хэмийн хүйтэнд хүн алхахыг хүсэхгүй шүү дээ. Аль болох тав тухтай, дулаан зорчихыг бодно.

Ингээд машиныг сонгож байгаа юм. Анхны төлөвлөлтөөр Улаанбаатар хот ихдээ 300 мянга орчим авто машинд зориулагдаж төлөвлөгдсөн тул автомашины зогсоол, гарааш зэргийг тооцоолоогүй байсан. Түүнийгээ дагаад авто замын багтаамж  муу. Энэ төлөвлөлт маань нийгэм солигдсон ч өөрчлөгдөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Дээрээс нь төвийн дулаан, эрчим хүч, цэвэр, бохир усны хангалтаасаа үүдээд хүн ам, барилга орон сууцны нягтаршил үүссэн. Ингээд зөвхөн авто зам дээрх тээврийн хэрэгслийн түгжрэл гэхээсээ илүү нийгмийн хүртээмж буюу сургууль, цэцэрлэгийн хүртээмж ч хэцүү болсон. Тиймээс хот төлөвлөлтийн бодлогоо шинэчилж, “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г удахгүй УИХаар батлах гэж байна. Засгийн газар, нийслэлийн удирдлага “20 минутын хот” гэдэг шинэ бодлого боловсруулж, арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ. Эдгээртэй уялдуулж нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилго бүхий урт хугацаанд хэрэгжих томоохон төслүүдийг эхлүүлж байна. Тухайлбал, их багтаамжийн тээврийн хэрэгсэл болох метро, авто замтай огтлолцохгүй дүүжин замын тээврийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Мэдээж зам гүүрийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах хүрээнд өргөтгөх, боломжтой байршилд шинийг барих, хоёр түвшний гарцыг байгуулж байна. Иж бүрэн инженерийн байгууламжтай Таваншарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд нээх гэж байна. Дараагийн хоёр нүхэн гарцны ажил эхэлсэн гээд урт хугацаандаа үр өгөөжөө өгөх олон ажлыг эхлүүлээд байна.

-Нийтийн тээвэр, дугуй, скүтэрийн тусдаа замтай болохгүй л бол түгжрэл буурахгүй нь гэж ярих хүмүүс байдаг. Ингэж шинээр зам барих боломж бололцоо бий юү?

-Одоогоор явган хүний болон авто зам эрэлтээ хангаж чадахгүй байна. Хувийн хэвшлийнхэн хэрэгцээ шаардлага байгааг олж хараад скүтэр, түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь, тусгай замын хүртээмжгүй байдал, олон нийтийн хайхрамжгүйгээс осол гарсаар байгаа сөрөг үр дагавар бий. Хот энэ жил нийт авто замынхаа 80 гаруй хувийг засаж, шинэчлэхээр ажиллаж байна. Боломжтой байршлуудад явган болон дугуйн замыг байгуулж байгаа. Гэвч зарим байршилд хэт төвлөрөлтэй, зам өргөтгөх байтугай явган зам гаргах ч боломжгүй бэрхшээл тулгарч байна.  Гэсэн ч хотын удирдлага иргэнд ээлтэй хот болгоход анхаарч байгаа.

-Метроны бүтээн байгуулалт эхэлсэн гэж та дээр дурдлаа. Хэдэн ч жил ярив. Метро мөрөөдөл байсаар байна гэдэг үл итгэгч олон бий. Яг барих юм уу?

-Улаанбаатар хотыг метротой болгох судалгааг анх 1980-аад оны сүүлээр хийж байсан юм билээ. Идэвхтэй яриад бараг 20 жил болж байна. Энэ санаачилгыг гаргахдаа хэрэгцээ шаардлага бий болсныг анзаараад л гаргасан байж таарна. Харамсалтай нь, энэ сэдвийг хэтэрхий улстөржүүлж, сонгууль бүрээр сэтгэлийн хөөрлөөр хандаж ирсэн. Одоо бидний хэрэгжүүлж байгаа метроны шугамын судалгааг 2009-2011 оны хооронд Солонгосын компани байгаль орчин талаас нь, ЖАЙКА нийгэм эдийн засгийн үр ашиг талаас нь боловсруулаад, анхны урьдчилсан ТЭЗҮ-ийг нь баталсан байдаг. Бид эдгээр ТЭЗҮ-үүд дээр үндэслэж төслийн ажлыг эхлүүлээд байна. Гэхдээ хот төлөвлөлт болон Улаанбаатар хотын хүн амын нягтрал, өсөлт бидний тооцоолж байснаас илүү хурдан байна. ТЭЗҮ-ээр таамаглаж байсан 2030 онд Улаанбаатар хотын хүн амын өсөлт ийм болно гэсэн тооцооллын түвшинд аль хэдийнэ хүрчихсэн байна. Тиймээс л тээврийн хэрэгслийн тэгш, сондгой зорчилт, буруу хүрдтэй машины хориг гэж 10-аад жилийн өмнөөс ярьж эхэлсэн шүү дээ.

2023 онд Засгийн газраас метро барих шийдвэр гаргасан. Ингээд энэ жил бид төслийн зөвлөх үйлчилгээнийхээ тендерийг зарлаж, долдугаар сарын 5-нд Солонгосын “Dohwa Engineering” компанийн консерциум шалгарч ажилдаа орлоо. Тэгэхээр метро барих асуудал хий хоосон мөрөөдөл биш болсон гэмээр байна. Э.Бат-Үүл даргын үед анх бонд босгож, хот мөнгө барьж үзэж байсан. Д.Сумъяабазар даргын үед хот татвараас бүрдүүлсэн орлогоо өөрийнхөө нэн шаардлагатай ажилд зарцуулах эрхтэй болсон.  Тэгвэл Х.Нямбаатар даргын үед хот өөрөө бонд босгож, төр хэвийн хэвшлийн түншлэлд түшиглэн том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх эрхтэй боллоо. Арван жилийн өмнө иргэд метро барихын оронд зам бариач ээ гэдэг байсан бол өнөөдөр метро шаарддаг болсон. Өөрөөр хэлбэл, метротой болох хүлээлт, эдийн засгийн чадамж өнөөдөр төгс бүрдээд байна.

Иж бүрэн инженерийн байгууламжтай Таваншарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд нээнэ

-Метроны бүтээн байгуулалтыг дагаад бизнес, эдийн засгийн өөр орчин бий болно биз дээ?

-Шинэ гэхээсээ илүүтэй хүртээмжтэй үйлчилгээнүүд бий болно. Метроныхоо буудлаас бүх үйлчилгээгээ авдаг. Цагийг хэмнэж, зүй зохистой ашиглаад ирэхээр хүмүүсийн гэр бүлдээ, өөртөө цаг зарцуулах нь нэмэгдэнэ.

-Барилгын ажил нь хэдийгээр эхлэх төлөвлөгөөтэй байгаа вэ

-Ирэх онд эхлүүлнэ. Энэ жил бид төслийн барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах эхний шатны тендерийг зарлана. Тендерийг хоёр үе шаттай зохион байгуулна. Ирэх оны хоёрдугаар сард хоёр дахь үе шатны тендерийг зарлаад хавар гэхэд барилгын ажил гүйцэтгэх компанитайгаа барилга угсралтын гэрээгээ байгуулахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна бэлтгэл ажил гэж асар том зүйл бий. Ирэх он бол бүхэлдээ барилгын ажлын бэлтгэл хийгдэх жил байх болно. Тоног төхөөрөмжөө оруулж ирэх, угсрах, дэд бүтэц, газар чөлөөлөлтийн асуудлуудыг бүрэн шийдэх гээд олон ажил бий.

-Метрогоо дагаад нийслэлийн эрчим хүчний асуудлыг хөндөж таарна байх. Аюулгүй, найдвартай байх тал дээр юу хэлэх вэ?

-Нийслэл төдийгүй манай улс эрчим хүчний асар өндөр дутагдалтай байгаа. Үүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Түүнээс биш зөвхөн метронд зориулж цахилгаан станц барина гэж байхгүй. Метроны үйл ажиллагаанд ашиглагдах цахилгааны асуудал нь том масс дотор байгаа нэг л жижиг хэрэглэгч шүү дээ. Хамгийн гол нь найдвартай, аюулгүй байх ёстой. Тийм ч учраас энэ тал дээр бид нэлээд судалгаа хийж ажиллаж байна. Мэдээж 10 жилийн өмнөхөөс одоо огт өөр болсон. Метро ашиглалтад ортол дахиад л нөхцөл байдал өөрчлөгдсөн байна байх. Тийм болохоор бид том зургаар нь харж, эрчим хүч, дулаан, цэвэр, бохир, хөрсний усны асуудал гээд инженерингийн маш том ажлуудыг хийх хэрэгтэй болно. Аль болохоор л юмыг хаяж гээгдүүлэхгүйгээр хийх ёстой. Дээрээс нь эдгээр асуудлуудыг хот дангаараа хийж чадахгүй. Яам, агентлагуудын уялдаа холбоо, иргэдийн оролцоо маш чухал.

-Шинээр зам барих, гүүрэн байгууламжуудын тоог нэмэх чиглэлээр олон ажил хийж байгааг та хэллээ. Яг бодитой, хийгээд эхэлчихсэн ямар ажил байна вэ?

-Улаанбаатар хотыг анхнаасаа машинд зориулж төлөвлөөгүй, одоо ч тиймээрээ байгаа тухай хоёулаа ярилцлаа. Ямар ч түгжрэлгүй болгохын тулд одоо байгаа авто замын хүртээмжийг гурав дахин нэмэгдүүлэх хэрэгцээ бий. Харамсалтай нь, өнөөдөр бидэнд тийм боломж алга. Улаанбаатар хот дундуураа гол болон төмөр замаар хуваагдсан. Тэгэхээр гүүрийг олноор барих, нүхэн гарцны тоог нэмэх шаардлагатай гэсэн үг. Тиймээс нийслэлийн зүгээс түгжрэлийг бууруулах хүрээнд төмөр замын гарцыг нэмэгдүүлэх, хоёр түвшинтэй болгох тал дээр ажлууд хийж байна. Цаашид төмөр замын дээгүүр болон доогуур ганцхан машин гарах биш явган болон дугуйтай хүн гарах боломжийг нэмэх шаардлагатай. Өнөөдөр машины гарц нь явган хүнийхээс олон байгаа. Машинд сууж олон цаг түгжирч, тойрч төмөр замын дээгүүр гарч байхаар явганаар шууд гардаг гарцыг маш олон болгох нь түгжрэлийг бууруулахад том дэмжлэг болно. Мөн Туул гол дээгүүрх гүүрийг аль болохоор олшруулах хэрэгтэй. Үүний хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжихээр яригдаж байгаа.

-Шинээр төлөвлөсөн хоёр гүүрийг хаана, хаана барих вэ?

-Биокомбинат орчимд нэг, Яармагт ахиад нэг гүүр төлөвлөсөн байгаа. Эдгээр гүүр ашиглалтад ороод ирэхээр замын нэвтрэх чадвар нэмэгдэнэ. Мөн Туулын хурдны зам төсөл энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэх төслүүдийн жагсаалтад оруулсан. Төлөвлөгөөт хугацаар ирэх онд барилгын алыг эхлүүлж 2029 онд дуусгах тооцоотой. Манай нэгж яг одоо ажлын даалгавар дээр нь ажиллаж байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөө буюу хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгал мэдэгдэхүйц буурна.

-Нийслэлийн тойрог замын төсөл гэж бас яриа байгаад байгаа?

-“Их тойруу” гээд тойрог замын төслийн зөвлөх үйлчилгээг бид энэ жилдээ сонгоно. Байршлуудын хувьд ойролцоогоор 13-15 километр орчим Их тойруугаа дайрсан давхар болон дан, тунель гээд олон хэлбэрээр төлөвлөөд, трассаа гаргаад олон улсын зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт зарлана. Авто замын эдгээр төслүүдийг хийхэд их төвөгтэй боловч хийхгүй байж болохгүй ажил болчихоод байгаа юм. Хийсний дараах үр ашиг нь харин өндөр.

-Энэ том бүтээн байгуулалтуудыг хийхэд хамгийн их асуудал болдог, цаг хугацаа алдуулдаг зүйл нь газар чөлөөлөлт байдаг. Та түрүүн том төслүүд дээр иргэдийн оролцоо, хандлага чухал гэсэн. Тэгвэл иргэд энэ талдаа хэр байна вэ?

-Удахгүй ашиглалтад оруулах Таваншарын нүхэн гарцын бүтээн байгуулалтыг дурдъя л даа. Хүмүүс уг нь их дэмждэг. Гэхдээ газраа хэт өндөр үнэлдэг бэрхшээл бий. Сүүлийн үед хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа шүү. Хот ч энэ тал дээр нэлээд анхаарч байгаа. Газрын үнэ өндөр байвал төслийн зардал нэмэгдэнэ. Хоёрдугаарт, газраа чөлөөлж байгаа иргэдтэй гэрээ хэлэлцээр хийх, заримтай нь шүүхээр хүртэл асуудлаа шийдүүлэх гээд цаг хугацаа их ордог. Тэр хэрээрээ маш их хугацаа алддаг юм. Ер нь том төслүүдээ хийхийн тулд газар чөлөөлөлтийн асуудлыг урьдчилж харах зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, метроны нэгдүгээр шугамын судалгааг урьдчилж хийлгэчихээд тухайн трассыг хамгаалаагүй. Шинээр газар олголт өгөхгүй, байшин барилга бариулахгүй байх ажлаа хийж чадаагүй гэсэн үг л дээ. Тухайлбал, Амгалан орчим хэт барилгажсан учраас газар чөлөөлөхөд хүндрэл гарах магадлалтай. Тиймээс бид хотын ерөнхий төлөвлөгөөндөө метроны хоёрдугаар шугамаа тусгаж өгсөн. Эхнийхийгээ хийгээгүй байж гэж бодох хүн гарч мэднэ. Гэвч босоо тэнхлэгийн метроны шугамын газрыг хамгаалах зорилгоор ингэж тусгаж өгөхөөс өөр аргагүй. Тэгэхгүй бол газар чөлөөлөлтөд тулгарч байгаа одоогийн асуудал дахиад л үүснэ шүү дээ.

-Дүүжин замын тээврийн ажил эхэлчихсэн байгаа гэсэн. Энэ ер нь юу болж байна вэ?

-Бас л олон жил ярьж байгаа ажил. Бүгд найрамдах Франц улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төсөл. Нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх ажлын нэг хэсэг нь. Дүүжин замын тээвэр нь олон улсад эхлээд цанын бааз, аялал жуулчлалын хэлбэрээр ашиглаж байгаад сүүлийн 20-иод жил нийтийн тээвэрт ашиглаж байна. Дүүжин замын тээврийн хувьд газар чөлөөлөлт харьцангуй бага ч ажил саатсан шалтгааны нэг мөн. Металл хийц болон кабин, тоног төхөөрөмжүүдийг Франц улсад үйлдвэрлэж байгаа. Эхний ээлжийн үйлдвэрлэлт нь 90 орчим хувьтай явж байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт авсан. Бараа материалын эхний хэсэг буюу тулгуур багануудыг суурьтай бэхэлдэг анкорууд нь ирэх сард Монголд бууна. Төслийн хүрээнд эхний шугамыг Улаанбаатар хотын босоо тэнхлэгт, Энхтайваны өргөн чөлөөг Наадамдчдын замтай холбосон 4.2 км урттай барьж байгуулна. Энэхүү шугам нь Туул голын дээгүүр гарч байгаа учраас тулгуур багануудын дийлэнх нь голын сав газар байрлаж байгаа. Францууд яг багана суух газрууд дээрээ геологийн нарийвчилсан судалгаа хийгээд суурийн бүтээцийг өөрчлөх шийдвэр гаргасан. Голын сав болон газар хөдлөлтийн нэлээд өндөр идэвхжилттэй бүс учраас гадсан суурь хийхээр болж, одоо нарийвчилсан зураг төсөл нь Барилгын хөгжлийн төвийн магадлалаар орж байгаа. Бэлтгэл ажлууд ерөнхийдөө хангагдсан. Нарийвчилсан зураг төслийн магадлалын ажил дуусангуут дулааны улирлаа ашиглаад ажлыг гурван ээлжтэйгээр явуулах төлөвлөгөөтэй байгаа. Ирэх оны гурав, дөрөвдүгээр улиралд багтаж ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Дүүжин замын тээвэр жилийн дөрвөн улиралд ажиллах уу?

-Ер нь жилийн дөрвөн улиралд ажиллана. Дүүжин замын тээвэр нь хэд хэдэн онцлогтой. Жишээ нь, авто замын ачааллыг нэмэхгүй, цахилгаанаар ажилладаг учраас агаарын бохирдол үүсгэхгүй, дуу чимээ гаргахгүй, иргэн бүрт ээлтэй тээврийн хэрэгсэл юм. Мөн зорчих хурд нь тодорхой учраас хүмүүс цагаа тохируулаад сууж үйлчлүүлэх боломжтой. 4.2 км замыг нэг талдаа ердөө 11 минутад туулна.

-Найдвартай, аюулгүй байдал нь ямар байх бол?

-Ган татлагат тээврийн хэрэгсэл шүү дээ. Мэдээж өндөр технологи шаардсан хариуцлагатай ажил. Тийм ч учраас Францын тал тооцоо, судалгаан дээрээ нэлээд сайн ажиллаж байгаа. Бидний хувьд ч гэсэн бэлтгэл ажлыг хангаад явж байна. Үүнийг дагаад Европын холбооны хүн тээвэрлэх зориулалт бүхий дүүжин замын тээврийн ашиглалтын 15 шинэ стандартыг Монголын үндэсний стандарт болгон баталсан. Ер нь бид анх удаагаа ган татлагат тээврийн хэрэгслээр зорчих гэж байгаа мэтээр ойлгож, хүлээн авах хэрэггүй гэж бодож байна. Учир нь бидний өдөр тутам суудаг цахилгаан шат чинь яг л энэ системеер ажилладаг шүү дээ. Босоо чиглэлийн цахилгаан шатыг л хөндлөн чиглэлийн буюу дүүжин замын тээврийн хэрэгсэл болгочихоод байгаа юм. Гэхдээ техник учраас аюулгүй байдлыг сайтар хангах нь чухал. Туршилтыг 3-6 сарын хугацаанд зорчигчгүй, түр ачаа өгч явуулдаг олон улсын жишээ бий. Гүйцэтгэгч компанийн зүгээс гурван жилийн хугацаанд 16 мэргэжлийн ажилтан ажиллуулахаар давхар гэрээ хийсэн. Эдгээр мэргэжилтнүүдээ дагалдуулаад 50-60 хүн сургаж авна.

-Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамын зам тодорхой болсон гэсэн үү?

-Хоёрдугаар шугам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл байхаар төлөвлөж, ойролцоогоор 2.6 км урттай трассаа гаргасан. Их Монголын болон Олимпийн гудамж буюу 6.5 км зам байнгын түгжрэлтэй байдаг. Энэ чиглэлд шинэ гүүр барьсан ч дахиад замаа өргөтгөх ямар ч боломж байхгүй. Тиймээс тухайн орчинд амьдардаг хүмүүс бусад чиглэлүүдээс илүү ихээр алхаж, дугуйтай явдаг нь судалгаагаар гарсан. Газар чөлөөлөх ажил бага тул эхний трасс дууссаны дараа барилгын ажлыг шууд эхлүүлэх боломжтой.

-Өмнөх жишгүүдийн адилаар хоёулаа болно, бүтнэ гэж сайхан л ярилаа. Тэр ярианууд ажил болсон бол өнөөдөр бид ядахдаа хөнгөн галт тэрэг, тусгай замын автобусаар зорчиж байх байсан шүү дээ. Ер нь тэр төслүүд хэрэгжих боломж байсан юм уу?      

-Хөнгөн галт тэрэг газар дээгүүр явна. Уг нь хэрэгжих боломжтой хугацаа байсан гэж үздэг. Метрог бодвол хөрөнгө мөнгө бага шаардах, хурдан хийх боломжтой байсан. Мэдээж хийж болоогүй олон шалтгаан байсан байх. Том төслүүдийг хийхийн тулд улс төрийн том зориг хэрэгтэй. Дээрээс нь хөрөнгө санхүүгийн асуудал байна. Мөн хотод хийгдэж байгаа том төслүүдийг уул уурхайн ч юм уу, хөдөө орон нутагт хийгдэж байгаа төслүүдтэй харьцуулж болохгүй л дээ. Улаанбаатарт болохоор нөлөөллийн бүс нь маш өндөр. Тиймээс цаг хугацаа, тооцоо судалгаа, хөрөнгө мөнгө, олон нийтийн зөв хандлага гээд олон чухал зүйл шаарддаг. Авто зам дээрх тээврийн хэрэгслийн түгжрэлийг арилгахын тулд улс төрийн болоод гүйцэтгэлийн түвшинд, ард иргэд маань ч гэсэн нэг цонхоор харж, нэг зорилготой явах хэрэгтэй. Яах вэ, сонгууль угтсан шоудалтын нөлөө байсан ч байж болзошгүй. Ямартай ч өнөөдөр бидний эхлүүлсэн төслүүд санхүүжилтээ шийдсэн, гараанаасаа хөдөлчихсөн учраас амжилттай болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Бордюраас бусдыг нь тоодоггүй Монгол” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Хуульч П.Эрхэмбаяр “Хуулийнхан Н.Өнөрцэцэгийг шалгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессыг уландаа гишгэсэн” гэснийг V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх жил хувийн хэвшил, эдийн засгийн өсөлтөө дэмжсэн хөрөнгө оруулалтууд л байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Бордюраас бусдыг нь тоодоггүй Монгол” хэмээн өгүүллээ.

Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн “УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т автобуснуудыг нь хүлээлгэж өгөх гэж байна” гэлээ.

  • Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомбо “III ДЦС-ын төсөлд төр, засгийн зүгээс илүү анхаарал, болгоомжтой байх биз” хэмээснийг I болон III нүүрээс уншаарай.
  • Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн “Амбасэлмаа эгчид би ганцхан удаа магтуулсан байдаг юм” хэмээн ярилаа.

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Лу жанжин гүний наадам Хан Хөхүйн тэнгэрээ өргөлөө

ГАДААД МЭДЭЭ: Дональд Трампыг яллах дүгнэлт шинэчлэгджээ

АРЫН НҮҮР: Түгжрэлийг бууруулахад өөрсдийнхөө хувь нэмрийг оруулцгаая


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ