Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Давааням: Хэвлэлүүд нэгдэж хар тамхитай нэр холбогдсон олны танил хүмүүсийг бойкот хийх хэрэгтэй DNN.mn

“Хуульч, өмгөөлөгч Ж.Даваанямтай хар тамхины гэмт хэргийн талаар ярилцлаа


Хар тамхины хэрэглээ монгол залуусын дунд өндөр байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээлдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд, сургуулийн сурагчид өртөж байгааг анхааруулж байна. Энэ чиглэлийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг хүний хувьд нөхцөл байдлын талаар хэрхэн үнэлдэг вэ?

-Цагдаагийн байгууллагын өгч буй мэдээллээс үзэхэд, 2024 оны эхний таван сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 122 бүртгэгдсэн. Үүнээс 105 гэмт хэрэгт нь 18-35 насны залуус холбогдсон байна. Энэ бол цөөн хүн амтай манай улсын хувьд зайлшгүй анхаарах асуудал мөн. Иргэдийн дунд мөнгөтэй, чинээлэг айлын хүүхдүүд уг гэмт хэрэгт холбогддог байх гэсэн хэт өрөөсгөл ойлголт байдаг. Нийгмийн аль ч давхаргынхан хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэгч болох, үүнтэй холбоотой гэмт хэрэгт холбогдох болсон.

Мөн манай улсад бүртгэгдэж байгаа хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэргийг ихэнх хувь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт “өвс” гэх нэршилтэй ургамал болон уг ургамлаар хийж бэлтгэсэн буюу “шавар” гэх нэршилтэй бодистой холбогддог. Гэхдээ манай улсын Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн тохиолдолд хураагдсан бодисын хэмжээ хамааралгүй нэг грамм эсвэл 1000 грамм байсан ч ялгаагүй ижил ял оногдуулж байгааг анхаарах хэрэгтэй.

-Хэрэглээ залуужиж байгаа асуудалд эцэг эхчүүд юунд анхаарах вэ. Жишээ нь, хүүхдийнхээ гарыг анзаар, янз бүрээр тариа хийсэн ул мөр байгаа эсэхийг ажиглаарай гэж сэрэмжлүүлэх болсон. Хууль зүйн талаас та юуг сэрэмжлүүлэх вэ?

-Нэг кейс ярья л даа. Нэг хүүхэд арван жилийн сургуулиа дөнгөж төгсөөд жүжигчин болохоор урлагийн сургуульд ороод, хар тамхи анх хэрэглэж үзсэн байгаа юм. Эхэндээ найз нөхдөдөө байгаа өвсийг хэрэглэж эхэлсэн бол хэсэг хугацааны дараа өөрөө хэрэглэгч, худалдан авагч болж, гэртээ хадгалж байгаад Хар тамхитай тэмцэх газрын ажилтнуудад баригдсан. Тэгээд шүүхээр орж таван жилийн хугацаагаар тэнссэн. Эхэндээ хичээл, сургуультай холбоотой мөнгөний хэрэг гараад байна гэж худал хэлээд ар гэрээсээ бага мөнгө авч байгаад мөнгөн дүн нь ихсээд байхад ч эцэг эх нь анзаарахгүй өгсөөр байсан. Ингэж явсаар тэр залуу хар тамхинд донтож эхэлсэн. Хэдийгээр худалдаалах зорилгогүй хадгалах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч, тэнсэх боломжтой байдаг ч шүүх ихэнх тохиолдолд хорих ял оногдуулах хандлагатай байдаг. Нэг ёсондоо хүнд гэмт хэрэг. Тиймээс эцэг эхчүүдийн хараа хяналт чухал. Таны хэлснээр өсвөр насны хүүхдүүдийг анхаарах, биед нь үзлэг хийх ёстой. Гэхдээ хар тамхи, мансууруулах бодисыг тарихгүйгээр сорох байдлаар хэрэглэдэг нь ноцтой асуудал. Нөгөөтэйгүүр, хар тамхи хэрэглэхэд багагүй нөлөө үзүүлж буй хүчин зүйлийн нэг нь гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл хайхрах хүчирхийлэл ч үүнд хамаарч байдаг.

Тухайн хүүхдийн гэр бүлийн орчин хүүхдүүд нөлөөлөхийн зэрэгцээ, гэнэн томоогүй зан нь бусдыг даган дуурайх, буруу хүмүүст уруу татагдан мансууруулах бодис хэрэглэхэд хүргэдэг талтай.

Тэгэхээр дан ганц хүүхдэд хараа хяналт тавихаасаа гадна эцэг, эхчүүд өөрсдөдөө ч мөн анхаарал хандуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Мөн Эрүүгийн хуульд хар тамхины хэрэгт холбогдсон л бол 14 наснаас дээш хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Үүнийг эцэг, эхчүүд мэддэг байх шаардлагатай.

Хилээр хар тамхи оруулж ирэх нөхцөл байдлын талаар тодруулъя. Хилээр оруулж ирэх арга улам нарийсч байгаа гэдэг. Жишээ нь, саяхан гадны улсаас хүнд илгээмж илгээх замаар хар тамхи нэвтрүүлсэн хэрэг гарсан?

-Монгол болон аль ч улсын хилээр нэвтрэн гарахдаа хамгийн их анхаарах ёстой зүйл бол “хэзээ ч хэн нэгний гуйлтаар өөрөө үзэж шалгаагүй, шалгах боломжгүй эд зүйл авч явахгүй байх” ёстой. Зарим хүмүүс боож багласан эд зүйл гуйгаад өгчихдөг. Авч байгаа хүн нь тухайн хүндээ тусалж байна гэж бодоод түүнийг нь авч явахдаа хил дээр саатуулагдаж, улмаар ял шийтгэл хүлээсэн хүмүүс цөөнгүй бий. Ялангуяа БНХАУ-ын хил дээр саатуулагдаж тухайн улсад хорих ял эдэлж буй иргэд ч байдаг.

Учир нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Тиймээс нягтлаж, шалгахгүйгээр бусдын дайвар эд зүйл авч явахгүй байхыг үргэлж анхаарч байх нь зүйтэй.

Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил хүмүүс бий. Нийгмийн хариуцлагын хүрээнд тэдгээр хүмүүсийг олон нийтэд сурталчлах нь буруу. Гэтэл тэднийг сурталчилж ярилцлага нэвтрүүлэг хийж олон нийтэд түгээж байгаа зарим хэвлэл мэдээллийн х эрэгслийг хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Өсвөр насны хүүхдүүд, сургуулийн сурагчид уг гэмт хэрэгт холбогдож буй шалтгааны тухайд, тэдний даган дурайдаг олны танил уран бүтээлчид хар тамхийг ил болон далд хэлбэрээр сурталчилж, мөн өөрсдөө уг гэмт хэрэгт нэр холбогдож байгаа нь өсвөр насны хүүхдүүдэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзэх хүслийг тодорхой хэмжээгээр төрүүлж байна гэж хардаг. Тэгэхээр хар тамхи, түүний хэрэглээг сурталчилсан кино, дуу хөгжим, клип, контентийг хязгаарлах, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг холбогдох хууль тогтоомжид тодорхой тусгах нь зүйтэй болов уу. Хэдийгээр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, компьютерийн сүлжээг ашиглан сурталчлахыг хориг лоно” гэж заасан боловч Зөрчлийн тухай хуульд түүнийг сурталчилсан тохиолдолд хү лээлгэх хариуц лагын талаарх тодорхой зохицуулалт байхгүй.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх эрхийн асуудал яригдаж болох ч цаагуураа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхуйц асуудал шүү дээ. Тиймээс хар тамхитай нэр холбогдсон олны танил хүмүүсийг бойкот хийх тал дээр хэвлэлүүд нэгдэх хэрэг тэй болов уу. Яг шууд хэвлэлийг боож хаах тухай ярих ярвигтай асуудал. Зарим хэвлэл мэдээллийн хэрэг сэл хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож, олон нийтийн анхааралд өртөөд байгаа хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулах байдлаар олон нийтээс хандалт авахаар хичээж байгаа нөхцөл байдал ч бий. Гол нь тухайн хэвлэлийн ёс зүй, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг сайжруулах тал дээр анхаарсан нь, тэднийг уриалсан нь арай илүү үр дүнтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс Украины дайнаар НҮБ-д түдгэлзэх аргагүй болох шиг боллоо DNN.mn

Монгол Улс Украины дайн болсноос хойш НҮБ-д түдгэлзэх санал байнга өгсөөр ирсэн. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассемблей ОХУ-ын зүгээс Украин руу цэрэг дайны үйл ажиллагаа явуулж буйг зогсоох асуудлаар санал хураалт явуулдаг. Ерөнхий ассемблейн гишүүн орнуудаас авдаг энэхүү санал хураалтад манай улс түдгэлзэх санал өгсөөр ирсэн.

Монгол Улсын энэхүү байр суурийг мөнхийн хөрш болох Оростойгоо муудахгүй, хоёр орны харилцааг хэвийн хадгалахын тулд түдгэлзэх нь аргагүй дээ гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хандлагатай байсан. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дараа ардчилсан орнууд төдийгүй дэлхий нийт улс орнууд Монголыг шахах байдал илтээс мэдрэгдэж эхэллээ.

В.Путин айлчилсан даруйд АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Бид Монголыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжмээр байна. Харин тэд олон улсын үүргээ биелүүлэх нь чухал гэж бодож байна. Мөн тэд Оростой харилцахдаа Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэх нь чухал” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдсэн.

Энэ бол дэлхийн томоохон улс гүрнүүдийн манайд өгч буй улс төр, геополитикийн маш том сануулга.АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд манайхыг олон улсын үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь юу вэ гэхээр Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг хэлсэн байх магадлалтай. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм нь 1998 онд НҮБ-ын дипломатын бага хурлаар батлагдсан байдаг.

Ингэснээр Нидерландын Хаага хотноо байнгын ажиллагаатай шүүх үйл ажиллагаа эхэлж төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүх олон улсын эрхзүйн үндэс тавигдсан. Монгол Улс Ромын дүрэмд 2000 онд нэгдэн орж 2002 онд соёрхон баталж хүчин төгөлдөр болсноор хамтран ажиллах түүний заалтыг хэрэгжүүлэх эрхзүйн үндэс бүрэн тавигдсан юм.

НҮБ-аар батлагдсан уг дүрмийн заалт ёсоор “Дайны гэмт хэрэгтэн” гэж дэлхий нийтэд зарлагдаж баривчлагдах шийдвэр хүлээсэн ОХУ-ын ерөнхийлөгчийг Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд Монгол Улс нутаг дэвсгэртээ төрийн айлчлал хийлгүүлсэн нь Ромын дүрмийг зөрчсөн, үндсэндээ олон улсын үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Мөн В.Путиныг баривчлаагүйд харамсаж буйгаа Европын холбоо мэдэгдсэн. Тэгээд зогсохгүй Украин дахь Олон улсын эрүүгийн шүүхийн мөрдөн байцаалтыг дэмжиж, оролцогч бүх улсыг бүрэн хамтрахыг уриалсан.

Энэ бүхнийг бататгасан бас нэгэн мэдэгдлийг Цагаан ордон хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж дэлхий нийтэд хүргэсэн. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер “Дэлхийн аль ч орон ОХУ-ын Украинд явуулж байгаа дайныг дэмжих ёсгүй гэж бид үзэж байна. Олон улсын хуулиар бол ОХУ-ын зэвсэгт хүчин болон бусад албаныхан Украины эсрэг дайны гэмт хэрэг үйлдэж байгаа нь эргэлзээгүй. Буруутай үйлдлийнхээ төлөө тэд хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид тодорхой хэлсэн” гэж мэдэгдсэн.

Мөн тэрээр “Бид Монгол Улсыг аливаа улс орны газар нутгийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэн үзэж НҮБ-ын суурь зарчим, үнэт зүйлсийг даган мөрдөнө гэж найдаж байна. Бидний зүгээс Монгол Улсаас хүлээж буй зүйл энэ байна” хэмээн товч тодорхой илэрхийлсэн. Дайнтай холбогдуулж Цагаан ордон анх удаа Монголын төрд сануулга өглөө гэж улс төр болон олон улс судлаачид үзэж байна.

Америкийн Төрийн департамент болон Цагаан ордны энэхүү мэдэгдлүүд утга агуулгын хувьд ижил байна. НҮБ-ын өмнө хүлээсэн олон улсын үүргээ чандлан биелүүлэхийг Монголоос шаардаж байна. Ямар ч байсан манайхыг Украины нутаг дэвсгэрийн халдашгүй байдал, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг дэмжиж байгаа гэдгийг олон улсад мэдэгдэх, ялангуяа Оростой харилцахдаа заавал мэдэгдэх ёстойг сануулж байна. Ийм байдлаар Монголыг олон улсын геополитикийн тоглоомын өрөг дотор дэлхийн томоохон гүрнүүд буланд шахах хандлагатай болж байна.

Энэ нь эцсийн дүндээ Монгол Улс Украины дайнаар НҮБ-д цаашид түдгэлзэх санал өгөх аргагүйд хүрч байна. Дайныг эсэргүүцэх шахалтыг дэлхийн том гүрнүүд Монголд үзүүлж эхэллээ. Бид энэ асуудалд яаж хандах вэ гэхээр юуны өмнө олон улсын хэлэлцээр хийх хэрэгтэй. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаатай холбоотой аливаа асуудалд улс төрийн хэлэлцээрийн дагуу явагдаж байж амжилтад хүрдэг. Тиймээс олон улсын хэлэлцээр хийж байр сууриа тодорхой илэрхийлэх хэрэгтэй.

“Бид дайны асуудалд түдгэлзэх аргагүй боллоо гэдгээ хойд хөршийнхөө удирдагчид эртхэн хэлж ойлгуулах хэрэгтэй. В.Путины айлчлалтай холбоотой улс төрийн ийм нөхцөл байдал дэлхий нийтэд бий боллоо гэдгийг ойлгуулж хэлэх хэрэгтэй. Мөн дэлхийн бусад орнуудтай улс төрийн нарийн бодлогоо ярьж хэлэлцээр хийхээс өөр аргагүй. Манай улсын хувьд геополитикийн тэр том өрөг дотроос гарах хамгийн зөв арга бол НҮБ-д түдгэлзэхгүйгээр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө байна гэсэн санал өгөх явдал. Үүнээс өөр гарц харагдахгүй байна.

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хеорхий Тыхий “Монгол Улс В.Путиныг баривчлаагүй нь Олон улсын эрүүгийн шүүхийн болон Олон улсын эрүүгийн эрхзүйн тогтолцоонд хүнд цохилт боллоо. Яллагдагчаар татагдсан гэмт хэрэгтнийг шүүхээс мултрах боломжийг Монгол Улс олгосон. Ингэснээр түүний дайны гэмт хэргийн хариуцлагыг хуваалцаж байна. Бид Улаанбаатарт үр дагаврыг нь үзүүлэхийн тулд хамтрагчидтайгаа ажиллах болно” гэж мэдэгдсэн бол Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “NBC News” телевизэд ярилцлага өгөхдөө “Монгол Улс олон улсын хуулиас илүүтэй В.Путиныг хүндэтгэж байна. Энх тайвнаас илүү дайныг эрхэмлэж байна” гэж хэлсэн.

Бид улс төр, геополитикийн энэ айхтар шахалтад орсон энэ нөхцөлд цаашид яахыг хашир дипломатчид, улстөрчид зөвлөлдөж улс орны хувь заяаг эергээр шийдсэн бодлого гаргах хэрэгтэй байна. Нэг талын тодорхой шийдвэрт хүрэхгүй бол геополитикийн байдал тун эвгүй байна. Швейдийн хаан манайд албан айлчлал хийнэ гэж байснаа гэнэт цуцалсан. Энэ маягаар албан айлчлалууд цуцлагдаж, ардчиллын амин сүнс болсон улс орнууд, бидний яриад байдаг гуравдагч хөршүүд маань царайгаа бууруулчих вий гэж санаа зовниж байна. Цагаан ордон, Төрийн департамент, Европын холбооны мэдэгдлүүдийг харахад өөрийн эрхгүй сэтгэл түгшихээр байна.

Уг асуудалд Гадаад харилцааны сайд, хатагтай Б.Батцэцэг уран нарийн нүүдэл гаргах цаг нь иржээ. Монгол Улсын гадаад бодлого, нүүр царайг сайн авч явж ирсэн хэмээн үзэж Б.Батцэцэгийг Гадаад харилцааны сайдаар дахин томилсон. Улс орны хувь заяа шахалтад орж, дэлхий дахинд дэнсэн дээр тавигдсан яг энэ цагт цэцэн бэрийн нүүдэл хийж тоймтой шийдвэр гаргахыг монголчууд хүлээж байна.

Д.Батболд

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуултай ярилцлаа.


-Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бонд босгосон. Энэ ажил маань хэр үр дүнтэй байна вэ?

-Нийслэл хотын хөгжил цэцэглэлт дан ганц төсвийн хөрөнгөөр явахгүй юм байна гэдгийг хэдэн жилийн өмнөөс бид хаа хаанаа ойлгож эхэлсэн. Өмнө нь нийслэл зөвхөн өөрийнхөө төсвөөр хөрөнгө оруулалтаа хийдэг байсан. Гэтэл манай хотын хүн ам бараг хоёр сая хүрэх гэж байна. Түүнийгээ дагаад барилга байгууламж, нийтийн аж ахуй нь ачааллаа дийлэхээ больж байгаа. Тийм болохоор Д.Сумъяабазар даргын үеэс эхлүүлээд одоо Х.Нямбаатар дарга үргэлжлүүлээд хууль эрхзүйн орчны шинэчлэлүүдийг нэлээд далайцтайгаар хийсэн. Үүний үр дүнд нийслэл хот маань өөрийн бие даасан байдлаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж нь нээгдсэн байдаг. Миний хувьд нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр энэ оны дөрөвдүгээр сараас эхэлж ажиллаад, долдугаар сард нэгдүгээр орлогчоор томилогдсон. Зөвлөхөөр ажиллаж байхдаа би нийслэлийн энэ анхны бондыг гаргасан. Нийтдээ 500 тэрбум төгрөгийн дотоодын бондыг анх удаа гаргаад, эхний 30 минутад захиалга дүүрсэн. Бондын өгөөжийн хувьд Монголбанкны бодлогын хүүнээс бага зэрэг өндөр буюу зах зээл дээр суурь хүүг тогтоосноороо санхүүгийн зах зээлийн хөгжилд том түлхэц болсон. Манай санхүүгийн зах зээлийнхэн суурь хүүний өгөөжийн муруй эргэн сэргэсэнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байгаа. Нөгөө талдаа нийслэлийн бондын зарцуулалтыг Засаг даргын ярьж, эхлүүлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажилд хөрөнгө оруулалт хэлбэрээр хийсэн. Энэ төсөл маань 100 хувь хувийн өмчөөр хэрэгжиж байгаа төсөл. Сүүлийн 40 жил буюу 1984 оноос хойш манайх цахилгааны шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй юм билээ. Харин ирэх сарын 5-нд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мегаваттын шинэ эх үүсвэр ашиглалтад орно. Ингэснээр нийслэлд орлого орж эхэлнэ. Түүгээрээ бондынхоо эргэн төлөлтийг хийнэ гэсэн зохицуулалттайгаар явж байна.

-Бөөрөлжүүтийн цахилгаан станц анх 600 мегаваттын хүчин чадалтай гэж байсан санагдаж байна. Яагаад 150 болчихов?

-Тус цахилгаан станц нийтдээ 600 мегаваттын хүчин чадалтай станц байх юм. Гэхдээ 150, 150-иар нь тусдаа блок байх юм билээ. Тиймээс эхний ээлжийн блок нь ирэх сарын 5-нд ашиглалтад орно гэсэн үг. Харин хоёрдугаар блокын ажил эхэлчихсэн явж байгаа. Ирэх намар ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Үүнээс гадна бид цахилгаан хураагуур буюу батарей станцын 50 мегаваттын хүчин чадалтай станцын ажлыг эхлүүлж байна.

Ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно. Үүн дээрээ тулгуурлаад бид цаашдаа сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох боломжуудыг судалж байна. Эрчим хүчний яамтайгаа энэ тал дээр хамтраад нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн нэмж хэлэхэд, манай эрчим хүч өдөр нь өндөр ачаалалтай хэрнээ шөнийн илүүдэл нь хаягдаад байдаг. Тиймээс энэ батарей станц шөнийн эрчим хүчийг хуримтлуулаад өндөр ачааллын үед төвийн шугамд нийлүүлнэ гэдгээрээ онцлогтой.

-Дэлхий нийт ногоон эрчим хүчийг дэмжиж, их хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж байгаа гэдэг. Тэгэхээр нийслэлээс энэ тал дээр гадаадын зах зээлд бонд босгох зэрэг ажлууд хйигдэх үү?

-Сая хэлсэн цахилгаан хураагуурын станцын санхүүжилтийг бид олон улсын байгууллагаас шийдэж байгаа. Дэлхийн банкны группт харьяалагддаг Олон улсын санхүүгийн корпорацитай яриа хэлэлцээрээ хийгээд дууссан. Яагаад энэ байгууллага орж ирж байгаа вэ гэхээр энэ төсөл бол ногоон эрчим хүчний нэг төрөл юм байна. Тиймээс хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр өгье гэсэн. Тийм болохоор бид дараагийн цахилгаан хураагуурын төслүүдийн талаар өөр олон улсын байгууллагуудтай ярилцаад явж байна.

-Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийсэн. Тэгвэл нийслэлийн төсөв дээр барьж байгаа бодлого юу байна вэ?

-Шинээр бүрэлдсэн Засгийн газар томоохон зорилтууд тавьж, тэдгээр нь төсвийн тодотголд тусгалаа олсон. Нэгдүгээрт, Засгийн газрын өргөн барьсан саяын төсвийн тодотгол болон ирэх жилийн төсвийн төсөл дээр ирэх жилүүдэд нийслэлийн хөгжил рүү анхааръя гэдэг зорилт дэвшүүлсэн. Тиймээс ч сая газар чөлөөлөлтөд 500 тэрбум төгрөг тусгаж өгсөн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би өөрөө Сэлбэ дэд төвийн ажлыг хариуцан ажиллаж байгаа. Өмнө нь гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх зэрэг олон төсөл яваад хөрөнгө санхүүгийн дутагдлаас болж, газраа чөлөөлж чадахгүйгээс зогсчихоод байсан. Харин Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ жилээс газар чөлөөлөлтөө шуурхай хийгээд барилга угсралтын ажлынхаа тендерийг зарлачихсан явж байна. Хөрөнгийн эх үүсвэрийг нь гадаадын зах зээлээс босгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлт дээр юу хэлэх вэ. Газрын төлбөрийг нэмэгдүүлсэн гэдэг мэдээлэл байсан?

-Нийслэлийн төсвийн дийлэнх нь хувь хүний орлогын албан татвараас бүрддэг. Хуулиараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь нийслэлд орж ирдэг. Мөн төлбөр хураамжаас бүрддэг. Гэхдээ олон улсын жишгийг харахад хотын төсвийг бүрдүүлдэг гол зүйл нь үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр байдаг. Манайх энэ жишигт хараахан хүрээгүй байна. Тиймээс бид ирэх жилийн төсвөөс эхлэн энэ асуудлыг цогцоор нь авч үзээд төсвийн шинэчлэлийн ажиллагаа руу орох гэж байгаа юм. Бид зөвхөн үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр гэж механик байдлаар нь харж болохгүй. Үл хөдлөх хөрөнгө, газар гэдэг чинь маш том хөрөнгө шүү дээ. Гэтэл эдийн засгийн эргэлтэд ордоггүй ийм хөрөнгүүд нийслэлд маш их байна. Эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулаад ирэхээр хотын эдийн засгийг өргөжүүлэх маш том хөшүүрэг болно. Үүн дээр захиргааны хэд хэдэн арга хэмжээ авах ёстой. Одоо бол хотын төвд том газартай хэрнээ түүнийгээ ашигладаггүй. Эсвэл үнэ хүргэж зарах гээд хүлээгээд байдаг тохиолдлууд байна. Энэ нь газрын төлбөр хэт бага байгаатай холбоотой. Тиймээс үүнийг бид эргэж харна. Зориулалтын дагуу ашиглаж байна уу. Хэдэн жил ашиглаагүй байна гэдгийг үзээд болохгүй бол нийслэлийн өмчид буцаан авна. Харин эргүүлээд зориулалтынх нь дагуу ашиглах, хөрөнгө санхүүгээ шийдсэн байгууллага, хувь хүмүүст нь үнэ хаялцуулан худалдаж, нийслэлийн орлогоо дэмжих ёстой. Нөгөө талдаа үл хөдлөх хөрөнгийн татвар, дулаан, цэвэр, цахилгааны төлбөр нь маш бага. Тийм болохоор эдгээрийг цогцоор нь эргэж хараад төлбөрийг нь зохих түвшинд авна. Түүнийгээ эргүүлээд нийслэлийн газар доорх дэд бүтэц рүүгээ оруулна. Ингэж байж нийслэл маань тэлнэ.

-Таны хувьд Сэлбэ дэд төвийн ажлыг хариуцаж байгаа юм байна. Энэ ажил хэр яваа вэ. Мөн иймэрхүү бүтээн байгуулалтын үеэр газрыг нь бодитоор үнэлэхгүй байна гэсэн гомдлууд байдаг. Энэ тал дээр та тайлбар өгөөч?

-Өнгөрсөн жилүүдэд гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлууд амжилттай болоогүй хэдэн шалтгаан байдаг юм билээ. Нэгдүгээрт, газар чөлөөлөлтөө хувийн компанид гэрээгээр өгчихөөд ямар барилга байгууламж барих дээр нь нийслэл бараг оролцоогүй явж ирсэн. Ингэхээр хувийн хэвшил маань газраа боломжоороо чөлөөлөөд барилгаа барьж байгаад санхүүжилт зэрэг шалтгаанаас болоод гацчихдаг. Одоо чинь хэдэн зуун өрх байна шүү дээ. Газраа чөлөөлөөд өгчихсөн. Тэгсэн хэрнээ орон сууцанд орж чаддаггүй. Эдгээр хүмүүстэй ч гэсэн бид одоо уулзаж байгаа. Гэрээг нь цуцлаад тухайн газрыг нь нийслэл өөрөө аваад барилгыг нь барья гэдэг рүү эхнээсээ орж байна. Хоёрдугаарт, хөрөнгө санхүүгийн дутагдал байсан. Хувийн хэвшилтэй гэрээ байгуулаад ажлыг нь эхлүүлээд явж байсан чинь төсөв дээр мөнгөгүй болоод ажил нь зогсчихсон. Гуравдугаарт, дэд бүтцээ татаагүй байж газар чөлөөлөөд ажлаа эхлүүлсэн алдаа байгаа юм. Тэгэхээр Сэлбэ хорооллын бүтээн байгуулалтыг бид энэ мэт алдаа гаргахгүйгээр хийж байна. Ингэхийн тулд газар чөлөөлөлтөө нийслэл дангаараа бүрэн хариуцаж хийнэ. Мөн газрын үнэлгээг нь зах зээлийн зарчмаар хийж байгаа. Хөндлөнгийн үнэлгээний компаниудаар хийлгэж байна. Одоо бол нэг айл гэхэд 160-250 сая төгрөг авч байгаа. Ингэхээр иргэдийн сэтгэл ханамж ч өндөр байна. Сэлбэ дээр нийтдээ 158 га газрыг чөлөөлөхөд 2200 орчим айл өрх хамрагдаж байгаа юм. Энэ газартаа 12 мянган айлын орон сууц барина. Үр дүнд нь 12 мянган яндан, нүхэн жорлон байхгүй болно. Энэ нь түгжрэл, утааг шийдэх том суурь болж өгнө гэж харж байгаа. Үүнээс гадна “20 минутын хот” хөтөлбөрөө бариад ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, эмнэлэг, сургуулийг нь бүрэн шийднэ. Дэлхийн жишиг ч ийшээ л явж байна.

-Газар чөлөөлөлтийг олонхын саналаар шийддэг болсон нь бас шүүмжлэл дагуулаад байсан?

-Газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын тухай хуулийг ноднин жил УИХ-аар баталсан. Энэ хуулиараа ийм боломж нь байгаа. Гэхдээ бид аль болох ингэж захиргаадалтын аргаар шийдэхгүй байхыг зорьж байна. Иргэдтэйгээ байнга уулзаж байна. Одоо зарим айл нь эзэмших гэрчилгээтэй байгаа. Ийм болохоор үнэлгээ нь арай бага гараад байгаа юм. Тиймээс нийслэлээс тухайн газрыг нь өмчлөх эрхтэй болгож өгөх зэрэг иргэдээ бодсон шийдвэрүүдийг гаргаж байна. Аль болох л иргэд хохирч болохгүй.

-Сарын дараа орон нутгийн сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотой ч юм уу, зам засварын ажил ид хийгдэж байгаа. Гэтэл иргэд замын хашлага сольж байгаа дээр их бухимдалтай байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Замын хашлага солиод байгаадаа ч гол нь биш. Замын засвар, арчилгааны нэг хэсэг нь л юм билээ л дээ. Стандартаа бариад явахаар замаа эхлээд хусаад дараа нь хашлагаа байрлуулаад, тэгж байж хучилт хийгддэг. Гэвч үүн дээр Замын хөгжлийн газрынхандаа шүүмжлэлтэй хандаж байгаа хэд, хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, гүйцэтгэгч компаниуд маань замаа хэт урт хусчихаад ажил нь удааширдаг. Хоёрдугаарт, манайхан зам гэдгийг зөвхөн машин явах хэсгээр нь ойлгодог юм байна. Тиймээс захирамж гаргаад явган болон дугуйн зам, ус зайлуулах шугам чинь замын нэг хэсэг шүү гэдгийг тодорхой болгож өгсөн. Өмнө нь авто болон явган замын тендерээ тусад нь зарладаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд хугацааны болон стандартын ялгаа гардаг. Тиймээс одооноос зөвхөн нэг тендер зарлаад авто болон явган, дугуйн зам нэг л багцаар явна. Ингэхгүй болохоор машин зам тавьж байгаа нь явган замаа эвддэг. Явган зам хийхээрээ авто замаа сэтэлдэг байдал гараад байгаа юм. Нийслэлээс саяхан Замын хөгжлийн даргадаа хариуцлага тооцоод шинэ залуу боловсон хүчин томилсон. АНУ-д суралцаад, Монголдоо олон жил ажилласан замын инженер хүн байгаа. Тийм болохоор замын стандартыг илүү олон улсын стандартад нийцүүлнэ гэж харж байна. Мөн стандартаа тодорхой болгоод хяналтаа сайн тавих ёстой юм билээ. Миний хувьд иргэдийнхээ хардлагыг бодитой байж мэднэ гэж бодож байгаа. Учир нь замын хэдхэн компани тендерт шалгараад тухайн замаа чанаргүй тавьдаг. Тэгээд дараа жил нь дахиад тендер зарлахад нь оролцдог байх магадлалтай гэж харсан. Тийм болохоор иймэрхүү асуудлуудыг одоо таслан зогсооно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “МҮОНРТ-ын удирдлагыг өөрчилж гурван намаас хүн томилох хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрхзүйч, сэтгүүлч О.Батханд “Өндөр албан тушаалын хүн хэдэн залууг багаасаа хулгай хийж ирсэн бацаанууд гэж хэлнэ гэдэг бол улс төрийн маш том алдаа” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Дулааны шугам сүлжээний 11 Г, Д засварын ажил энэ сарын 20 гэхэд дуусаж, усаа шахаж эхэлнэ гэв.

  • Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын дарга Т.Наранбат “Орон нутгийн ээлжит сонгуулийг аравдугаар сарын 11-ний баасан гаригт товлон зарласан” хэмээн ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “МҮОНРТ-ын удирдлагыг өөрчилж гурван намаас хүн томилох хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ

  • Хуульч Ж.Давааням “Хэвлэлүүд нэгдэж хар
    тамхитай нэр холбогдсон олны танил хүмүүсийг бойкот хийх хэрэгтэй” гэв.
  • АЯН ЗАМ: Ханд вангаас Амар сайд хүртэл …

АРЫН НҮҮР: Эхнэртээ гар хүрдэг “энгийн үзэгдэл”


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхтүвшин: Компаниуд ААНОАТ-т төлөх мөнгөөрөө нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж, өөрийнхөө нэрийн хуудас болгох боломжтой DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар бизнес эрхлэгчдэд хэрэгтэй онцлохоор ямар хууль, тогтоомж батлав?

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг онцолмоор байна. Энэ өөрчлөлтөөр компаниуд байгаль орчин, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, судалгаа шинжилгээ зэрэг тухайлсан 10 төрлийн үйл ажиллагаанд олгосон хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг орлогын албан татвараас хөнгөлөхөөр болж байгаа. Энэхүү хөнгөлөлт нь тухайн компанийн татвар ногдох борлуулалтын орлогын нэг хүртэл хувь байж болохоор өөрчлөлт оруулсан. Татварын хөнгөлөлт олгох үйл ажиллагаануудыг доорх байдлаар тодорхойлсон.

Нэгд, ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийгсааруулах;

Хоёрт, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийнасрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсантохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомынталбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах;

Гуравт, соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номынсангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл туурвих, тоглох, түгээх, соёлынбүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор барьж байгуулах, ашиглах;

Дөрөвт, нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих;

Тавд, давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусадгамшгийн улмаас хохирол барагдуулах;

Зургаад, спортын барил га байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпын төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпын хорооны бүртгэлтэйолимпын төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг;

Долоод, Монгол Ул сын Зас гийн газраас зар ла сан тэргүүлэх чиглэ лээр гадаадын их, дээд сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг;

Наймд, их, дээд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа, шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг;

Ест, төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүлмэндийн байгууллагын үйл ажиллагаа; Аравт, Засгийн газрын т усгай сангийн үйл ажиллагаа юм.

-Жагсаалтаас харахад өмнө нь голдуу төсвийн хөрөнгөөр хийгддэг байсан өргөн хүрээний нийгмийн салбарын үйл ажиллагаанууд орсон байна. 2025 оны төсвийн төслийн танилцуулга хийхдээ Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэг барихгүй гэж хэлж байсан. Татвараа аваад төсвийн хөрөнгөөр шинэ сургууль, цэцэрлэгүүдээ барихын оронд татварын хөнгөлөлт өгч хувийн хэвшлээс х өрөнгө оруулалт татахыг оролдож байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Эерэг талаас нь харвал төсвийн хөрөнгийн ашиглалтын чанар, хурд, үр өгөөжийг хувийн хэвшлийн гүйцэтгэлтэй харьцуулах боломжийг нээх, олон нийтийн дунд бизнес эрхлэгчид, ялангуяа өндөр татвар төлөгчдийн нэр хүндийг өсгөх зэрэг эерэг нөлөө гарахаар харагдаж байна. Нөгөө талаас Төсвийн холбогдох урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд шинээр оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцлийг тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай гаргана гэсэн заалтыг хангахад эергээр нөлөөлөхөөр байна.

-Энэ хууль хэзээнээс ямар хугацаатэй хэрэгжих вэ?

-Энэ нэмэлт өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2035 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл буюу нийт 10 жил мөрдөхөөр баталсан. Засгийн газраас өргөн барьсан төсөлд 2031 он хүртэл байсныг УИХ-ын чуулганаар хэлэлцэж 2035 он хүртэл мөрдөхөөр сунгаж баталсан.

-Нийтдээ ямар хэмжээний татварын хөнгөлөлтийн асуудал яригдаж байна гэсэн үг вэ?

-2023 оны топ 100 хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нийт борлуулалтын орлого 50 их наяд байсан. Эндээс тооцвол жилдээ доод тал нь 500 тэрбум, 10 жилийн хугацаанд доод тал нь таван их наяд төгрөгийн асуудал яригдахаар байна. Багцаагаар жил болгон хэдэн арван эмнэлэг, сургууль барих, олон мянган оюутан гадаадад сургах хэмжээний мөнгө гэсэн үг.

-Энэ их хэмжээний мөнгийг татвар байдлаар төлж түүнийг нь улстөрчид төсвөөр дамжуулан нийгмийн хөрөнгө оруулалтуудад захиран зарцуулдаг байсныг хувийн хэвшлүүд өөрсдөө шийддэг болох нь. Энэ хуулийн өөрчлөлтөөр нийгмийн хандлагын хувьд ямар өөрчлөлтүүд гарна гэж та харж байна?

-Олон нийтийн дунд бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн нэр хүндийг дээшлүүлэх боломжтой гэж харж байна. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудын дэргэдэх судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын хувьд компаниудтай ажиллах хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах боломжтой. Үйл ажиллагаагаа илүү нээлттэй, үр ашигтай болгох, удирдлага, зохион байгуулалтуудаа сайжруулах хэрэгтэй болно. Улстөрчид ч мөн тойрогтоо сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд төсвийн хөрөнгө оруулалтад оруулахаар лоббиддог байсан бол одоо илүү татвар төлөгчидтэй ойрхон ажиллах хэрэгтэй болохоор байна. Нөгөө талаас сайн төсөл, хөтөлбөр байвал компаниудыг зохион байгуулалтанд оруулан нийгэмд чиглэсэн дорвитой томоохон хөрөнгө оруулалт, төслүүдийг хамтран санхүүжүүлэх орон зай байна. Энэ боломжийг ашиглан компаниуд орлогын албан татварт төлөх мөнгөө өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд шууд болон дам нөлөөтэй нийгмийн асуудлуудыг шийдсэн, өөрийн нэрийн хуудас болохоор томоохон төслүүдийг хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улааныг үзэж урвадаг эрх баригчдын өмнөөс ард түмэн ичиж байна DNN.mn

Өөрийн гэсэн үзэл бодолгүй, бусдыг аялдан дагах, зусардах гэсэн санааг монголчууд “Улааныг үзэж урвах, шарыг үзэж шарвах” хэмээх үгээр илэрхийлсэн байдаг. Тэгвэл өнөөгийн эрх баригчдад энэ үг жинхэнэ утгаараа таарч байна. Энэ жил тохиож байгаа Халх голын ялалтын 85 жилийн ойг угтаж, бараг хагас жилийн туршид монголчуудын заналт дайсан нь Япон улс мэтээр суртал ухуулга хийв. Монгол Улсад ОХУ-ын ерөнхийлөгчийг урьж авч ирэхийн тулд л энэ бүгдийг хийлээ. Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэн жилүүдэд Япон улс л тусламжийн гараа сунгаагүй бол бид балрах байсан. ЗХУ тарж эдийн засгаа зуун хувь тэднээс хараат байсан улс ёстой үнсэнд хаясан шалз гэдэг болдог юм байгаа биз дээ. Тэд туслаагүй бол нилээд зовж байж ард нь гарах байсан. Одоо ч гэсэн найрамдалт улсын харилцаагаар манай олон иргэд тус улсад ажиллаж амьдарч, суралцаж байгаа. Түүхийн бодит үнэнээс гажууд суртал ухуулгаас нь болж тэднийхээ өмнөөс яс хавталзах шиг болж байна. Харь улсад эрдмийн мөр хөөж, амьдралаа босгож яваа тэднийг хавчин гадуурхаад эхэлвэл хэрхэх билээ. Халх голын дайн бол мэдээж япончуудын хувьд эмзэг сэдэв байж таарна. Хүн ёсны үүднээс ч гэсэн бусдын эмзэг сэдвийг уулзах болгондоо хөндөөд байх нь утгагүй. Түүн шиг хагас жил орчим эл асуудлыг хөндсөн нь саяхан ирэх гэж байсан Япон улсын ерөнхий сайдын айлчлал цуцлагдахад ч хүргэсэн байж магадгүй юм. Мэдээж наанаа улс төрийн болоод эх оронд нь болсон газар хөдлөлттэй холбоотой гэж байгаа ч цаана нь ямар асуудал байгааг бид мэдэхгүй шүү дээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа тун амжилттай, чамбай явж ирсэн гэдгээрээ бид хөөрцгөлөн цээжээ дэлдсээр ирсэн. Дэлхийн том гүрнүүдийн удирдагч нар манай улсад албан ёсны айлчлал хийж, манайхан ч гэсэн гуравдагч хөршийн бодлогоо амжилттай хэрэгжүүлж буй тухайгаа гайхуулсаар байв. Өнгөрсөн 2022 онд Канад улсын Гадаад хэргийн яамны Хойд Азийн орнууд хариуцсан газрын захирал Уэлдон Эпп, Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш зэрэг хүмүүс манай улсад ирсэн. Тэгвэл ноднин жил Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис, АНУ-ын Элчин сайд Виктория Нуланд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Блинкен нарын томчууд манай улсыг зорин ирж, манай ардчиллыг дэмжиж байгаагаа баталж, цаашдын хамтын ажиллагаа болоод томоохон төсөл хөтөлбөрүүд дээр туслахаа илэрхийлцгээж байлаа. Зөрөөд манай төрийн гурван өндөрлөг ч гэсэн олон улсад төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн. Энэ олон айлчлалаар бид бүхэн улс төрийн олон тулгуурт бодлого, гуравдагч хөрш гэдгээ л ярьцгааж, бараг бүгдтэй нь газрын ховор элемент, эрчим хүч, уран, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлэхээр боллоо гэцгээсэн. Гэтэл дайн өдөөж хөрш орон луугаа довтолгож, Гаагийн шүүхээс дайны гэмт хэрэгтэн, хүүхдийн хулгайч гэж зарласан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг урьж айлчллуулсан нь дээрх бүх амжилтаа үгүй хийлээ. Гаагийн шүүхийн дүрмээр гишүүн орнууд нь гэмт хэрэгтнээр зарласан хүнийг шууд баривчилж тушаах үүрэгтэй байдаг. Гэвч бид хэдийгээр Гаагийн шүүхийн гишүүн орон ч тэгэх зүрх зориг бас хуулийн заалт ч тохирохгүй байсан. Гэрээгээ зөрчих болбол баривчилж болохгүй гэсэн Гаагийн шүүхийн заалт байдаг аж. Төрт ёстой, тусгаар тогтносон улс учраас хэнийг урьж, хэнийг хүлээн авахаа бид өөрсдөө шийдэх ч дэлхий даяараа дайны гэмт хэрэгтэн гээд зарласан хүнийг урих нь зөөлхөн хэлэхэд юм мэдэхгүй гэнэн, хатуухан хэлэхэд бодлогогүй улсаа хорлосон асуудал байв. Хойд хөршийн тэргүүний айлчлалыг эсэргүүцсэн зарим иргэдийг хорьж саатуулсан асуудал гарсан. Үнэхээр ардчилсан орон л юм бол дэмжсэн нь эсэргүүцсэнтэйгээ хамт байж байх ёстой байлаа. Үүнээс үүдэж олон улсад манай орны нэр хүнд шууд унаж ардчилал байхгүй гэдгээ харуулчихлаа. Учир нь дэлхий нийтээрээ тус айлчлалыг сонжсон, гайхсан, цочирдсон, бас дургуйцэн харж байсан.

Гаднынхан уг нь олон жил биднийг эрчим хүчний хараат байдлаас чинь гаргаад өгье. Түлш, шатахууны асуудлыг чинь хамтраад шийдье. Уул уурхайн салбарт чинь хамтарч ажиллая гэж гуйсан. Тэд биднийг ардчиллын баян бүрд гэж итгэсэндээ л тэгдэг байв. Бид ч болно, бүтнэ гэдэг ч нидэр дээрээ байнга худлаа хэлж, зохих хуулиуддаа байнга өөрчлөлт хийж, гаднын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, улмаар хойд хөршөөсөө ам асуусаар ирсэн. Энэ нь эргээд биднийг худалч, хэлсэн ярьсандаа байдаггүй гэх ойлголтыг гадныханд өгсөн. Одоо энэ бүхнээ Оростой хийнэ гэж тохирч байх шив дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр хэлсэн үгэндээ “ОХУ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх их үйлсэд манлайлал үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гээд хэлж. Үүнийг нь дээр дооргүй магтан сайшаагаад сүйд байна. Тойруу утгаар өдүүлсэн дайнаа зогсоогооч ээ гэсэн юм байх. Харамсалтай нь өнөөхөд нь ингэж ойлгоод, тэгж энхтайванд манлайлах цаг харамсалтай нь бараг үлдээгүй дээ. Дэлхий нийт энхтайванд манлайлна гэнэ гээд өдүүлсэн асуудлыг нь мартаад явчихдаг бидэн шиг биш шүү дээ. Шийтгэл хүлээлгэж заавал дайны төлбөр төлүүлнэ. Ойрын хэдэн арван жилдээ л лав дэлхийг манлайлах байтугай оршин тогтнож байвал дээдийн заяа болно. Нээрэн манай ерөнхийлөгч Францад очсоноо санаж байгаа болов уу. Бараг Напелоноосоо ч илүү хүндэтгэж байв даа францууд. Тэдэнтэй эргээд уулзах нүүр түүнд үлдсэн болов уу, юу бодож байдаг бол.

Ер нь явж явж Оросыг дагана гэж шийдээд, алив бүх асуудлаа тэднээс асуугаад, стратегийн бүхий л зүйлээрээ хараат байхыг хүсээд байгаа нь ард түмний хүсэл зориг биш. Гагцхүү төрийн эрх барьж байгаа өнөөгийн нам, тэдний эрх баригчдын хүсэл сонирхол гэдгийг л хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Түүнээс биш бүх монголчууд бусадтай эрх тэгш харилцаатай, хэнийг ч дээрэлхдэггүй, бас хэнээр ч дээрэлхүүлэхгүй байхыг хүсч байгаа. Мөн бусадтай л адилхан ажиллаж, хөдөлмөрлөж, түүнийгээ зохих түвшинд үнэлүүлэхийг эрмэлздэг билээ. Харин ингэж улааныг үзээд урваж, шарваад байгаа эрх баригчдаасаа өнөөдөр ард түмэн ичиж байна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүл: В.Путины айлчлалд Монголын прокурор хариуцлага хүлээх ёстойг олон улсад ойлгуулах хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн асан, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлал манай улсын геополитик, эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий чуулганаар ямар шийдвэр гарах вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Энэхүү шүүхэд 123 орон багтдаг. Тэдгээр улс хуралдаж, Монголын талаар нэлээд хатуу шийдвэр гаргавал манай улсын хувьд аюул ирлээ гэсэн үг. Учир нь бид дэлхийгээс тусгаарлагдана.

Уг шүүхийг их гүрний хүчирхийлэлд өмнө нь өртөж байсан үндэсний цөөнхүүд, улс орнууд өөрсдийгөө хамгаалах гэж хамтарч байгуулсан. Зөвлөлтийн хүчирхийлэл, геноцидод бид өртөж байсан учраас нэгдэж орсон. Том гүрний аль ч удирдагчид өнөөдөр Олон улсын эрүүгийн шүүхээс улам л айдаг болж байна. Учрыг жишээгээр тайлбарлая л даа. Хятадын удирдагч манайх руу ямар нэгэн хүчирхийлэл үйлдлээ гэж бодъё. Тэгвэл Олон улсын шүүхээс түүнд шууд хэрэг үүсгэнэ. Ингэвэл Хятад хичнээн том гүрэн байгаад ч нэмэргүй. Учир нь Монголд хүчирхийлэл үйлдсэн байна гээд Олон улсын шүүхээс хэрэг үүсгэчихвэл ямар ч том гүрний, ямар ч том дарга байсан үхэн үхтлээ тэр шүүхээс мултарч чадахгүй. Тиймээс энэ шүүх бол том нөлөөтэй, маш чухал байгууллага.

Одоо бидний санаа зовох гол зүйл бол Олон улсын эрүүгийн шүүх шийдвэр. Хэрвээ хатуу шийдвэр гарвал манай улс 123 улсын хоригт орно. Тэр дундаа Европын холбоо, барууны орны хоригт орно. Тэдгээр 123 орны гаргасан хоригийг Хятад, Оросоос бусад улс дагаж мөрдөнө. Ингэвэл бид маш хүнд байдалд орно.

Бид өнөөдөр гуравдагч хөршийн үйлдвэрлэсэн машиныг унаж байна. Барууны интернэт орон зайд өнөөдөр бид амьдарч байна. Өнөөдөр орос хэл мэддэг хүүхэд ховор болчихсон шүү дээ. Ер нь хүүхдүүд англиар хэлд орж байна. Барууны соёл иргэншилд нэгэнт нэгдчихээд байгаа орныг хоригт оруулчихвал бидэнд ямар аюултай тусах вэ. Хамгийн наанадаж банк санхүүгийн салбар дампуурна. Бидэнтэй барууны банкууд шууд харилцахаа байчихна шүү дээ.

-Мөн гуравдагч хөршийн болоод олон улсын донор байгууллагуудын хөгжлийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зээл тусламж бүгд зогсох нь, тийм үү?

-Тийм. Монгол Улсын хууль ямар ч нөлөөгүй юм байна. Путин Монголд ирээд юу хүссэнээ хийж байна. Монголчууд Путин болон Оросоос ухаан алдталаа айдаг юм байна.

Монголын хуулийг нулимаад ороод ирж байна гэдгийг Путин айлчлалаараа хөрөнгө оруулагч нарт харууллаа. Үүнийг тэр санаатай хийсэн. Монгол бол бидний дагуул, тоглоомын улс хэвээрээ шүү. Бид энд асуудлыг шийддэг гэж үйлдлээрээ үзүүллээ.

-Манай эдийн засаг Хятадаас, стратегийн чухал салбарууд жишээ нь түлш, эрчим хүч Оросоос хамааралтай учраас бид Оросыг түлхэж болохгүй. Тиймээс эдийн засгийн хувьд манайд хүндээр тусахгүй гэж үзэх нийгмийн хэсэг байж магадгүй л дээ?

-Дэлхий бидэнд ямар хамаатай юм бэ. АНУ, барууны орнууд бидэнд хамаагүй. Орос, Хятадын дунд бид хавчуулагдаж бяслаг шиг амьдаръя гэж бодож байвал болно. Гэхдээ бид тоёото приус унадаг гэдгээ мартаж болохгүй.

Хоёрдугаарт, Хятад бол маш том улс. Дэлхийн хоёр дахь эдийн засаг. Гэхдээ тэд барууны хоригт орохоосоо ухаан алдталаа айж байна. Тиймээс Хятадын банкууд Орос руу гүйлгээ хийхгүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр аварга гүрэн айж байна.

Бод доо. Барууны хоригт орчихвол баруунд амьдарч байгаа монголчууд ар гэр рүүгээ яаж мөнгө шилжүүлэх вэ. Өмнөд Солонгост ажиллаж байгаа Монгол иргэд мөнгөө яаж шилжүүлэх вэ. Арга ядахдаа гадаадад байгаа иргэд нутаг буцахад хүрвэл яах вэ.

Нэг зүйлийг хэлэхэд, БНСУ Оростой дайсагначихсан байгаа. Путины айлчлалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын зүгээс манайд хатуу арга хэмжээ авах байх. Учир нь бид дайсантай нь хамтарчихлаа шүү дээ. БНСУ-д Монголын олон мянган иргэн ажиллаж ар гэрээ тэжээж байгаа.

Бид гуравдагч хөршийг өнгөрсөн 30 жилд арай гэж бий болгосон. Тиймээс дэлхийгээс тусгаарлагдаж Хятад, Оросын голд бяслаг шиг хавчуулагдаад үлдчихвэл биднийг хэн ч өмгөөлөхгүй.

2002 онд Монголын удирдагчид бодлоготойгоор Олон улсын эрүүгийн шүүхэд нэгдсэн юм шүү дээ. Учир нь Хятад, Оросын хүчирхийлэлд бид өртвөл яах юм бэ, хэн биднийг хамгаалах вэ гээд Олон улсын эрүүгийн шүүхэд нэгдэж орсон. Орос, Хятадын зүгээс бидэнд ямар нэгэн хүчирхийлэл үйлдвэл ядахдаа 123 улсаар хамгаалуулах гэж элссэн.

-В.Путины айлчлалд Монгол Улс, Монголын улстөрчид яаж хандвал зохилтой байсан бэ?

-Бид Путиныг урьсан уу. Эсвэл уриулсан уу. Ер нь уриулсан байх аа даа. Би бол зориуд бодлого явуулсан гэж үзэж байгаа.

Ер нь олон улсын харилцаа, геополитикийг ойлгодоггүй бүхэл бүтэн нэг үе гараад ирчихжээ. Эрх мэдэл албан тушаалын хойноос гүйдэг болохоос олон улсын бодлого гэж юу болох, ямар арга заль хэрэглэдэг гэдгийг мэдэхгүй гэнэн үеийнхэн гараад ирж.

Тиймээс Путин уриулчих шиг боллоо л доо. Том гүрэн бол бодлоготойгоор үүнийг хийсэн. Оросоос Монголд суугаа Элчин сайдаас авахуулаад Гадаад харилцааны сайд нь удаа дараа занасан.

Харж байгаарай, та нарыг Орос, Хятадын дунд хавчиж үлдээнэ. Бусад бүх хөршөөс чинь салгана гэж удаа дараа мэдэгдэл хийсэн. Ийм мэдэгдэл хийж байхад тэдний ам руу өөрсдөө гүйгээд орчихдог нь яаж байгаа юм бэ. 30 жил бид үүнийг нь барьж явсан.

Путин биднийг Орос, Хятадын дунд хавчуулагдаж үлдэх нөхцөлд оруулчихлаа.

-Сэхээтний төөрөгдөлд ортлоо Оросын геноцидод өртсөн монголчуудаас тодорхой хэсэг хүмүүс Оросыг, Путиныг дэмжих юм. Ах дүү, амраг саднаа хядуулчихаад орос ах нар гэж гүйгээд байгаа нь ямар учиртай гэж та харж байна. Социализмын үеийн суртал ухуулгаас үүдэлтэй юу?

-Зөвлөлтийн коммунистууд Монголд геноцид хийсэн гол зорилго нь өөрсдийгөө шүтүүлэх байсан. Учир нь маш их айсан хүмүүс тэрхүү айдсыг бий болгосон хүмүүсийг шүтдэг. Хүн яагаад бурхан шүтдэг вэ. Ертөнцийн ямар нэгэн тайлагдашгүй зүйлээс айсандаа бурхан шүтдэг. Бурхан шүтнэ гэдэг бол айдсын илрэл.

Одоог хүртэл тоог нь тогтоож чадахгүй байгаа ч зарим тоогоор 40 мянга, зарим тоогоор 100 мянган хүнийг хядсан гол шалтгаан нь оросууд өөрсдийгөө шүтүүлэх гэж тэр. Айлгаж байгаад түүхийн санамж, соёл зэрэг бүхнийг тархинаас нь арчаад хаячихсан.

Айсан хүмүүс шүтэж эхэлдэг. Хүнд амьтанлаг араншин байгаад байдаг л даа. Зодуулсан нохой янаг гэдэг. Нохой айхаараа эрх болоод байдаг юм. Ийм зан чанартай хүмүүс байдаг. Оросыг шүтээд байгаа хүмүүс бол тийм хүмүүс.

Жишээ нь, “Босоо хөх Монгол”-ынхныг би ойлгодоггүй юм. Учир нь Зөвлөлтийнхөн Чингис хааныг өмхий үнэртүүлсэн зэрлэг гэж монголчуудад харагдуулсан. Монголын түүхийг арчаад хаячихсан шүү дээ. ХIII зууны монголчуудыг хүн мал нь ялгагдахгүй зэрлэгүүд байсан мэтээр, Чингис хааныг хүний мах иддэг мангас байсан мэтээр ойлгуулсан. Гэтэл “Босоо хөх Монгол”-ынхон Чингисийг шүтдэг хэрнээ Чингисийг гутааж, түүхийг нь устгах гэсэн зөвлөлт Оросыг шүтдэг. Яагаад хоёр харш зүйлийг шүтээд байгаа юм бэ. Айдас бол ийм мунхаглалд оруулдаг. Буддын гүн ухаанд айдсыг өвчин гэж үздэг.

-В.Путины айлчлалаас манайд бодит эерэг үр дүн гарав уу. Та юу гэж харж байна вэ?

-Эерэг ямар ч бодит үр дүн гараагүй. Монголд эерэг нөлөөтэй бодит үр дүн гаргах шаардлага Путинд байхгүй.

Олон улсын хоригт орчихсон, тэр бүү хэл Хятадын хоригт орчихсон Орос улстай бид эдийн засгийн харилцааг сэргээх тухай ярьж байна гээд бод доо. Тиймээс л гадныхан бидэнд анхааруулаад байна шүү дээ. Путин зориуд үүнийг хийсэн.

Барууны хориг тийм аймар биш юм бол хятадууд яагаад айгаад байгаа юм бэ. Мэдээж бид Хятад, Оростой эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлмээр л байна. Гэтэл Хятад хоригт орохоос айгаад хөрөнгө оруулагчид нь Орос руу орохгүй байна. Банкууд нь харилцаагаа зогсоож байна. Яагаад…

-В.Путин манайхаар дамжуулж олон улсад яг ямар ойлголтыг өгөхийг зорьсон гэж харж байна?

-Монгол бол миний дагуул улс гэдгийг харуулахыг зорьсон.

-Монголыг дэлхийгээс тусгаарлах нь В.Путин ерөнхийлөгчид ямар ашигтай гэж?

-Монгол бол 80 сая малтай, эрчим хүчний болоод байгалийн баялгийн маш их нөөцтэй улс. Нэгдүгээрт, энэ бүгдийг өөрийнхөө хяналтад авч, Монголыг түүхий эдийн бааз болгох гэж. Өмнө нь ч тийм л байсан шүү дээ, бид.

Хоёрдугаарт, Путин дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нутаг дэвсгэрийнхээ нэг хэсгийг укрианчуудад алдчихсан. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Оросын ямар ч удирдагч ийм байдалд орж байгаагүй. Тиймээс ард түмнийхээ санааг үүнээс холдуулахын тулд зориуд Монголд ирсэн. Курскийг алдсанаа үл тоосон мэт жүжиг тавьсан. Путинд олон давхар тооцоо байсан. Путин сая нэг сумаар 10-аад туулай буудчихлаа.

-Олон улсын шүүхийн “банга”-наас мултрах, олон улсын хоригт орохгүй байх ямар гарц бидэнд байна вэ?

-Олон улсын шүүхийн ерөнхий хуралдаанаас өмнө Шведийн хаан манайд ирээсэй гэж залбирч байна.

АНУ-ын Төрийн департемантын хэвлэлийн төлөөлөгч “Бид Монголчуудыг үргэлжлүүлэн дэмжмээр байна” гэж мэдэгдэл хийсэн байна лээ. Бидний өмнөөс америкууд сандраад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монголын ардчиллыг дэмждэг улс орнууд биднийг дэмжиж байна. Тиймээс Монголыг дэмжихээ зогсоож болохгүй шүү гэж хэлээд байна шүү дээ. Английн талаас ч хэлж байх шиг байна. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээллийн том байгууллагууд зориуд “No war”-ийн жагсагчдыг харуулсан. Тэд бидний өмнөөс сандарч байна шүү дээ.

Хэрвээ Шведийн хааны айлчлал хойшилж байгаа бол энэ тун таагүй мэдээ шүү. Өөрөөр хэлбэл, Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хүлээгээд эхэлж байгаагийн дохио. Хэрвээ Шведийн хаан Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрээс өмнө ирвэл бид учир байдлаа хэлж болно.

Үүнээс гадна гадныхан ч, манай улсын иргэд ч, олон улсын байгууллагууд ч Монголын хуулийг сайн ойлгохгүй байна. Путины айлчлалд прокурор бүх хариуцлагыг хүлээх ёстой.

Монголд хэн нэгнийг баривчлах уу, үгүй юу гэдгийг шийддэг ганц л байгууллага бий. Тэр бол хуулиар прокурор. Түүнээс Монгол Улсын Ерөнхийлөгч ч биш. Монголын Засгийн газар, УИХ ч биш. Тэдэнд баривчил гэж хэлэх эрх ч байхгүй.

Монголын прокурор төр засгаасаа хараат бус байдаг. Тиймээс саяны айлчлалд Монголын прокурор шийдвэр гаргах ёстой байсан.

Англи ч юмуу, АНУ-д прокурор нь Засгийн газрынхаа шийдвэрийн дагуу ажилладаг. Манайх бол Итали, Франц шиг бие даасан прокурортой. Тиймээс прокурор шийдвэр гаргаагүй л бол манай Ерөнхийлөгч, УИХ юу ч гэж хашхираад нэмэргүй байдаг.

Монгол Улс биш, Монголын прокурор хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Үүнийг олон улсад ойлгуулах ёстой. Үүнийг Олон улсын эрүүгийн шүүхэд тайлбарлах ёстой.

-Тийм боломж прокурорт байхгүй юм биш үү?

-Тэгвэл прокурор Путиныг баривчилсан ч гэсэн Гаагийн шүүхэд хүргэх арга байгаагүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Манай улс БНХАУ, ОХУ-тай хиллэдэг.Хятад, Орос хоёрын хаагуур нь авч гарах вэ гэдгээ хэлж, тайлбарлах л хэрэгтэй шүү дээ. Путинд хэрэг үүсгэсэн явдлыг мэдээж Орос өөрсдөө эсэргүүцсэн. Мөн Хятад эсэргүүцсэн. Тиймээс энэ хоёр орон хэзээ ч Гаагийн шүүхэд Путиныг баривчилж өгөхгүй. Үүнийг нь хэлэх ёстой.

Хуулийн нэг процедент бий. Хуулийг хэрэгжүүлэхгүйгээр хэрэглэж болдоггүй. Тиймээс прокурорт хүлээсэн үүргээ хэрэгжүүлмээр байсан ч боломж байгаагүй гэдгээ хэлэх хэрэгтэй.

-Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг нийгэм болоод УИХ прокуророос шааардах ёстой юм байна шүү дээ. Тийм үү?

-Болдог бол АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд чуулганы хуралдаанд ерөнхий прокурорыг дуудаж яагаад хууль хэрэгжүүлээгүйг асуух ёстой. Монгол Улсын прокурор бол УИХ-аас баталсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. МАН-ынхан Орос гэхээр сүнс нь зайлчихдаг. Тиймээс АН-ынхан л прокуророос асуух хэрэгтэй. Би АН-ын нэг ч болтугай гишүүн асуучихгүй яав даа гэж харж суусан. Ингэсэн бол маш утга учиртай байх байсан. Ядаж л Х.Тэмүүжин дуугарчихгүй яав даа.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монгол Улс Украины дайнаар НҮБ-д түдгэлзэх аргагүй болох шиг боллоо” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Компаниуд ААНОАТ-т төлөх мөнгөөрөө нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж, өөрийнхөө нэрийн хуудас болгох боломжтой” хэмээн ярилаа.

  • Эдийн засагч Ч.Отгочулуу “ЗХУ-ыг дахин амилуулах зорилготой Евразийн эдийн засгийн холбоонд нь элсчих юм бол татваргүй болгоно гэж амлаж л байна билээ” гэлээ.
  • Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Н.Мандуултай ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монгол Улс Украины дайнаар НҮБ-д түдгэлзэх аргагүй болох шиг боллоо” хэмээн өгүүллээ.

Камала Харрис “Би улс орноо үргэлж өөрийн нам болон өөрийнхөө өмнө тавьж ажиллана” хэмээв.

ГАДААД МЭДЭЭ: Карим Хан: Улаанбаатарт хийсэн
В.Путины айлчлалын талаар “Монгол Улс ОУЭШ-ийн тогтоолыг үл тоомсорлосон шалтгаанаа тайлбарлах ёстой”

Арын нүүр:  Хүйтэрч эхлэхээс өмнө хүүхдийнхээ дархлааг дэмжье


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батсуурь: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөс 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд нэмж санхүүжүүлнэ DNN.mn

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Өнөөдөр “Барилгачдын өдөр” тохиож байна. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байна вэ?

-Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хугацааны 70-аад жилд нь төвлөрсөн төлөвлөгөөт, Оросын барилгын стандартаар явж ирсэн. Нэг хэсэг хятад барилгачид ч ажиллаж л байсан. Харин социалист нийгмээс ардчилсан нийгэмд ороход системийн ялгаанд барилгын салбар жаахан бүдгэрсэн. Учир нь тэр үед хувийн өмч гэж байсангүй. Одоо бол бараг бүхий л зүйл хувийнх болсон. Орон сууц гэхэд 1997 оны гуравдугаар с ард анхны хувийн гэрчилгээг авч байсан түүх байдаг. Ингээд харахаар хот байгуулалт, барилга, нийтийн ахуйн салбар яалт ч байхгүй уналт босолт, хөгжил дэвшлийг туулж ирсэн. Одоо гэтэл барилга гэхээр зөвхөн салбар төдий биш бүх хүн мэддэг зүйл болсон байна. Дээрээс нь манай улсад дэлхийн бүхий л улсад үйлдвэрлэж байгаа барилгын материал бараг бүгд байна. Хуучин нэг загвараар л барилга баригддаг байсан бол дэлхийн хаана ч байдаг орчин үеийн барилгууд баригддаг болсон.

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Танай салбарт ямар бодлого баримталж ажиллахаар болж байна вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулаад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам гэж байгуулсан. Өнөөдөр манай улсын хүн амын бараг тэн хагас нь улсынхаа нийслэлд амьдарч байна. Тэгэхээр шинэ хот барихаас өөр аргагүй болсон. Хамгийн ойрхон гэвэл олон улсын нисэх онгоцны буудлаа тойруулаад “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод” хот байгуулахаар болж байгаа. Ингэж хотыг задалж өгөхгүй бол хот дотроо дахин төлөвлөлт хийгээд л байвал төвлөрөл нэмэгдсээр байна. Мэдээж Улаанбаатар хот дотроо дахин төлөвлөлтийг хийсээр байх болно. Гэсэн хэдий ч үүнийхээ хажуугаар хотоо задалж, шинэ хот байгуулах зайлшгүй шаардлага бий болсон.

Тэгэхээр манай яамнаас шинээр хот барьж нийслэлийнхээ төвлөрөл, түгжрэл, утааг задлах бодлогыг барина. Мөн гаднын орнуудын энэ талын туршлагыг давхар судалж байна. Саяхан л Хөх хот утаатай, түгжрэлтэй байсан бол одоо энэ бүхнээ шийдчихсэн байгаа. Тэгэхээр бодлоготой, төлөвлөлттэй байх юм бол богино хугацаанд эдгээр асуудлуудыг шийдэж болдог юм байна гэдгийг эндээс харах хэрэгтэй. Үүнээс гадна сум, аймгийн төв, хотод амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг ижил түвшинд аваад ирэх юм бол хүмүүс хот хүрээ газарт тэр бүр амьдрахыг хүсэхээ больчихсон. Тийм болохоор энэ талын бодлогыг барина. Хөдөөг хөгжүүлэхийн тулд хамгийн чухал нь инженерийн шугам сүлжээний асуудлыг л шийдэх хэрэгтэй. Ингэсэн байхад тухайн хүн өөрийн хүссэн байдлаар амьдрах орчноо бүрдүүлээд амьдарч чадна. Тиймээс төрөөс инженерийн шугам сүлжээг нь хийж өгнө. Харин та өөрийнхөө хүссэнээр байшин, орон сууцаа бариад амьдар гэдэг бодлогыг хөдөөд барьж ажиллана. Мэдээж ингэхдээ зохион байгуулалт, төлөвлөлтийг нь сайтар хийх ёстой.

-Иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийг санаачилж хэрэгжүүлсэн. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд зогсч, сүүлдээ бага хэмжээтэйгээр гарч эхэлсэн. Үүнийгээ дагаад хээл хахуулийн асуудал ч яригдах болсон. Тэгэхээр салбар яамны зүгээс ипотекийн зээл дээр ямар ажил хйихээр төлөвлөж байна вэ?

-Иргэдээ орон сууцжуулах асуудлыг шийдэх гол зүйл бол ипотекийн зээл. Одоо энэ зээлийн эргэн төлөлт нь 500-600 орчим тэрбум төгрөг байгаа юм. Дээрээс нь энэ зээлийг Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлээд ахиад энэ хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг нэмэхээр болсон. Тэгэхээр жилд ийм хэмжээний хөрөнгөөр и потекийн зээлийн асуудлыг шийдээд ирэхээр таны яриад байгаа наад асуудлууд чинь харьцангуй багасна. Нэг ёсондоо нийлүүлэлт ихсэхээр үнэ буурна. Нийлүүлж чадахгүй болохоор л үнэ өсөөд, маргаан мэтгэлцээн, хээл хахуулийн асуудал гарч ирээд байгаа юм. Үүнээс гадна гадна, дотны нэн хөнгөлөлттэй зээл, тусламжаар инженерийн шугам сүлжээг өргөтгөх асуудал байна. Ирэх жил Хятадын буцалтгүй тусламж, Мянганы сорилын сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна. Мөн Шинэ Зуунмод хотод дээрээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад гаргасан алдааг дахин гаргахгүй байх нь л манай яамны гол зорилго. Зах зээлийн нийгмийн хүнд үед орон сууцнууддаа өргөтгөл барьчихсан. Тэр нь хувийн өмч болчихсон учраас өнөөдөр замаа өргөтгөж чадахаа байсан. Өнөөдөр Яармагийн зам хэт нарийхан, шахаад өндөр барилгууд барьчихсан. Тийм болохоор өргөтгөж болдоггүй. Ингээд шинэ хот руугаа очихын тулд Богд уулыг 15.7 км хонгил гаргаж, хоёр урсгал, зургаан эгнээ замтай байхаар төлөвлөж байна. Цаана нь өнөө яриад байгаа шинэ хот маань байх юм. Гэтэл бас тунель барьчихлаа гэхэд тийшээгээ очих гэж түгжирнэ. Тийм болохоор тунель рүүгээ очдог Ган татлагат гүүр барина. Ингэсний дараагаар бүх яам, тамгын газар буюу гүйцэтгэх засаглал нь хотоосоо гаръя гэж байгаа юм. Манай яам бол бодлогын яам. Тийм болохоор хотоо задалъя, шинэ хот барья, харин шинэ хотдоо алдаагаа давтахгүй байя гэсэн бодлого гаргаж байгаа юм. Түгжрэлгүй болчихвол нөгөө “20 минутын хот” чинь аяндаа бий болно. Гэвч бүх зүйл мөнгөөр хэмжигдэнэ. Ган татлагат гүүр, тунель, Засгийн газрыг гаргах, Туул гол дагуух хурдны зам гээд төслүүдийг хийхэд 100 гаруй их наяд төгрөг хэрэгтэй. Тийм болохоор төрөөс инженерийн шугам сүлжээг нь хийгээд хүмүүсээ сэдэлжүүлье. Дээрээс нь дэлхий нийт хүлэмжийн хийг бууруулах зорилгоор асар их эх үүсвэрийг хүүгүйгээр өгч байна. Энэ мэт олон арга замыг л хайж байгаа. Өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдал нэг л өдөр бүгд засагдахгүй. Гэхдээ үүнээс цааш түгжрэл, утааг нэмэхгүй байх хэрэгтэй. Ингээд нааш нь багасгасаар байхгүй болгох хэрэгтэй л гэж үзээд байгаа юм.

-Гоё нэртэй, том төслүүдийг бид анх удаа ярьж, сонсож байгаа юм биш. Өмнө ч ярьж байсан олон гоё төсөл тэгсгээд зогссон тохиолдол бий. Тийм болохоор иргэдийн итгэл алдарсан гэж болно. Тэгэхээр энэ том төслүүдээ бүрэн дуусгахын тулд хэрхэн ажиллах вэ?

-Бүх зүйл нэг цэгээс эхэлдэг. Тийм ч болохоор хамтарсан Засгийн газар энэ эргэлтийн цэгийг эхлүүлж байна. Ер нь бол өнөөдөр бид өмнөхөө муулаад байж болохгүй. Алдаа дутагдал байгаа бол засах ёстой. Учир нь өнгөрсөн 30 жил ингээд яваад ирсэн. Дараагийн 30 жилд ямар байх нь хамаагүй гэж бодож болохгүй биз дээ. Өмнөх Засгийн газрууд дангаараа засаглахыг оролдоод, бусад нь сөрөг хүчин учраас гээд эсэргүүцдэг, нийгэмтэйгээ зөвшилцөж чаддаггүй байсан гэж үзэж байгаа юм. Дандаа ахуйтай зууралдаж байсан. Тийм болохоор одоо парламентад суудалтай байгаа нам, эвслүүд нэг ойлголттойгоор хамтраад зүтгэвэл энэ том төслүүдийг хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа. Бидэнд одоо өөр арга байхгүй. Энэ нийгэмд би, чи гэж талцаад байх хэрэггүй. Миний, чиний хүүхэд өснө. Өөрийн гэсэн орон сууцтай, машинтай байхыг, тав тухтай амьдрахыг л хүснэ. Тэгэхээр бид ямар ч байсан эхлүүлж байгаа юм. Харин муулах, өөлөх бол амархан.

-Том төслүүд бол цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Тэгвэл ойрын хугацаанд нийслэлийнхээ асуудлыг бага багаар ч болов шийдэх төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Байлгүй яах вэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, 1008 айлын орон сууц, Солонго-1, 2, Залуус-1, 2 гээд хийж байна. Нийслэлтэй бид маш сайн ойлголцож, хамтарч ажиллаж байгаа. бүх ажлуудыг бодлогоор дэмжих ёстой. Мөн барилгын стандартуудаа шинэчлэх том ажил байна. Ажиллах хүчний хомсдол энэ салбарт том асуудал болсон. Ажлын байрны нэгж өртөгийг нэмэгдүүлэхгүй бол ажиллах хүн олдохоо байсан. Солонгос, Австралид барилга дээр ажиллахаар 3-5 дахин, магадгүй 10 дахин их мөнгө аваад байгаа учраас тийшээ яваад байна. Тийм ч болохоор энэ мэт асуудлуудад онцгой анхаарч ажиллаж байгаа.

-Ипотекийн зээлээс гадна өөр арга замуудаар иргэдээ орон сууцжуулах асуудал яригдаж байгаа юу?

-Дэлхий дээр ер нь хэдхэн янзын л арга зам байдаг юм байна. Ипотек, түрээс, түрээслэх замаар өмчлөх гэж бий. Эдгээрийг зэрэгцүүлээд хийгээд явна. Мэдээж хамгийн чухал нь урт хугацаатай, бага зүйтэй зээл болох ипотек шүү дээ.

-Сонгуулийн өмнөхөн импортын цементийн татварыг таван хувь болгосон. Ингэснээр орон сууцны үнэ буурна гэж байсан ч эсрэгээрээ улам нэмэгдчихсэн. Дээрээс нь орж ирж байгаа цементийн чанар муу зэрэг асуудлууд үүссэн. Та салбарын сайдын хувьд энэ бодлогыг эргэж харах уу?

-Аливаа асуудлыг хэлэлцүүлгийн замаар шийдэх ёстой. Тийм ч болохоор салбарын сайдаар томилогдоод салбарынхаа ахмадууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Эндээс ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Ажлын хэсгээс дүгнэлт гаргаад, манай цементийн хэрэглээ хэр байна, гаднаас оруулахаар бол яах юм гээд олон зүйл тодорхой болно. Харин үүнээс үл хамаараад чанар болон жингийн асуудал байгаа юм. Гол нь хэрэглэгч хохирдоггүй л байх ёстой. Энэ тал дээр үүрэг чиглэл өгнө. Эдийн засагт нөлөөлөх гол шийдвэрийг нь үйлдвэрлэгч, импортлогч, хэрэглэгч гурвын олон талын хэлэлцүүлгээс дундын хувилбар гаргаад явна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян DNN.mn

Суурин иргэншилд чиний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэрийг ойлгож, ухамсарлаж, хэрэгжүүлдэг нь тун цөөн. Та бидний алхам тутамд энэ байдал анзаарагдаж байгаа биз дээ. Жишээлбэл, явган хүний зам дээр машинаа дамнуулж тавьчихаад хээвнэг дотор нь утсаа ухаад хэвтэж байдаг улс бий. Алхаж яваа хүмүүс тэр машиныг тойрч авто замаар алхах болдог. Хурдтай давхиж байгаа машинд мөргүүлж гэмтвэл явган зорчигчийн замыг булаасан жолооч хариуцах уу. Мөргөсөн жолооч, мөргүүлсэн хүн хоёр л хохирно. Явган хүний зам дээр машинаа хөндөлсүүлбэл гэмгүй иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндэд том хохирол учруулна гэдгийг манай жолооч нар үргэлж санаж явдаг байгаасай. Бас зорчиж байгаа эгнээ нь түгжрээд байхаар урсгал сөрөөд давхидаг жолооч нар бишгүй байдаг даа. Хэдхэн минут хүлээж чадахгүй урсгал сөрөн урагшилж байгаад урдах, хойдох эгнээгээ явуулахгүй таг түгждэг. Түүнээс болж тэр зам дээр зорчигч олон хүний ажил амьдрал саатаж байгааг мэддэг болов уу. Магадгүй жирэмсэн ээжийн тэсэхийн аргагүй өвдөлт, шалгалтнаасаа хоцорсон оюутны шаналал, түргэн аваад явж буй хэн нэгний харуусалд тэр жолооч буруутай.

Заримдаа томоохон дэлгүүрийн урсдаг шатаар яаран алхах гэхээр урд таглаад зогсчихдог хүмүүсийг өнхрүүлээд уначихмаар санагдах үе танд байдаг уу. Уг нь урсдаг шатан дээр баруун гар талын хэсэг рүү шахаж зогсоод нэг талаа чөлөөлөх ёстой гэдэг ойлголтыг бүгд ухамсарладаг болчихвол хэн хэндээ төвөг удахгүй шүү дээ. Чөлөөтэй хэсгээр нь яарч сандарсан хүмүүс алхана гэж яагаад боддоггүй юм бол. Энэ мэтчилэн бидний энгийн үйлдлүүд хэн нэгэнд төвөг болохгүй байвал нийгмийн стресс нимгэрэх сэн. Ер нь бусдад төвөг удахгүй амьдрах нь хамгийн том буян юм даа.