Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Содхүү: Ажил хийсэн гэдэг үндэслэлээр солонгосын хил дээр миний визийг тэр дор нь хүчингүй болгосон DNN.mn

Олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн хариуг ЭСЯ-наас 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, тодорхой, бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай төлөөлөгчидтэй өнгөрсөн нэгдүгээр сарын 19 -ны өдөр Сөүл хотноо албан уулзалт хийх үеэр мэдэгдсэн байдаг. Гэсэн ч БНСУ-д зорчих визний зөвшөөрөл гарсан ч тус улсын хил дээр очоод нэвтрэх боломжгүй, буцааж буй иргэд цөөнгүй байгааг олон нийт хэлж байна. Энэ талаар БНСУ-ын хил дээрээс буцсан манай улсын иргэн Н.Содхүүтэй ярилцлаа.


-Таны БНСУ-д зорчих виз гарсан ч тус улсын хил дээрээс буцсан гэж сонссон. Та хэзээ ямар төрлийн виз мэдүүлсэн бэ?

-Миний виз гурван жилээр гарсан байсан. Би 2022 оны наймдугаар сарын 25-нд анх виз авч, 2025 оны наймдугаар сарын 25-нд дуусах байсан юм. Өнгөрсөн наймдугаар сарын 10-нд БНСУ-ын хилээр орсон. Хил дээрээс шууд таныг Солонгосын хилээр оруулахгүй гээд буцаасан.

-Та тус улсын хил дээрээс яагаад буцах болсон шалтгаанаа мэдсэн үү?

-Намайг ажил хийсэн гэдэг шалтгаанаар буцаасан. Би хоёр жилийн хугацаанд Солонгос руу долоон удаа явсан байдаг. Өмнө нь явах бүрдээ 60 хоногоос дээш хугацаагаар явсныг минь анзаарч, тийм хүмүүсийг буцааж байсан.

Зарим хүнээс нь таны утсыг үзэж болох уу гэж асууж, зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсных нь дараа нь гар утсыг нь шалгаж байсан л даа. Миний утсыг шууд хурааж аваад л нууц дугаарыг нь гаргуулаад л утсан дээрх бүх зүйлийг үзсэн. Галарай дахь зураг, мессеж, чатуудыг шалгасан. Хүний хувийн мэдээлэл гэж огт бодохгүй. Сүүлд нь би хоёр юман дээр гарын үсэг зурсны нэг нь гар утас шалгах зөвшөөрөл байсан юм билээ. Гар утас шалгасныхаа дараа намайг зөвшөөрлийн бичигт гарын үсэг зуруулж байгаа юм. Дээрэнгүй гэх юмуу тийм байдлаар хандсан.

-Сүүлд та хэзээ Солонгос явсан байсан бэ. Таны утсанд ажил хийснийг тань нотлох зүйл байсан уу?

-Би сүүлд өнгөрсөн долдугаар сарын 21-нд Монгол руу буцаж ирээд, 20-иод хоносны дараа өнгөрсөн наймдугаар сарын 10-нд Солонгос руу дахин гарах гэсэн ч хил дээрээс нь буцаад ирээд л байж байна. Тус улсын хил дээр монгол орчуулагч эмэгтэй ажлын цагаар ажилладаг юм билээ. Оройн цагаар утсаар орчуулга хийдэг. Яг л байцаалт авч байгаа юм шиг бүх юмыг асуугаад л байсан. Миний хувьд мэдээж тэнд очсон юм чинь ажил хийж л таарна. Миний утсанд зураг ерөөсөө байгаагүй. Устгасан зургийг хүртэл сэргээж харсан.Намайг өмнө нь ажиллуулсан захирал руугаа “Миний тэд хоног ажилласан цалинг явуулаач ээ” гэсэн мессежийг тэд уншсан. Би мессежээ устгаагүй байсан. Ажил хийсэн байна гэж үзсэн. Бид яахав ажил хийгээгүй гээд л гүрийнэ. Ажил хийснийг мэдвэл буцаах нь ойлгомжтой. Тэр дор нь миний визийг шууд хүчингүй болгосон.

Түр саатуулах газартаа Монгол руу буцах тийзээ авч, явтал нь байлгадаг. Намайг түр саатуулах байранд байх хугацаанд нэг монгол залуу орж ирсэн юм. Маргаашийнх нь оройн нислэгээр л дээ. Тэр залуугийн хувьд гурван сарын визээр анх удаа Солонгост ирж байсан. Хүлээж авах хүнийх нь хаяг нь виз мэдүүлэхдээ өгсөн хаягнаас өөр хаяг Солонгост хэнийд очих гэж байгаа вэ гэсэн шар хуудас бөглүүлэхэд биччихсэн гэсэн. Түүнээсээ болоод таны хаяг тодорхой бус байна гэсэн үндэслэлээр залуу хилээр нэвтэрч чадаагүй. Энэ залуу буцах тийзтэй байсан болохоор тэр даруй маргааш, нөгөөдөр нь сул суудал гарангуут нь наашлуулаад шууд буцаагаад нисгэчихсэн. Хурдхан шиг манай орноос явж үз гэсэн хандлагатай. Мөн заавал “Korea air”-ээр нисэх гэсэн шаардлага тавьдаг. Энэ нь төвөгтэй.

-Түр саатуулах байранд нь та хэр удаан байсан бэ. Орчин нөхцлийн хувьд ямархуу байдаг вэ?

-Түр орогнол гэсэн цагаачлалын виз хүсэх үү гэсэн. Тэр нь бидэнд ямар ч шаардлагагүй юм чинь үгүй гэвэл нутаг буц гэсэн шаардлагыг тавьдаг. Өдөрт гурав, дөрвөн цагийн зайтай өрөөнд орж ирээд л буцах тийзээ захиал гэж шахна. Би Монгол руу ирэхдээ шинээр тийз авсан. Хурдхан шиг тийзээ захиалаад би хоёр хоноод буцсан. Түр саатуулах байранд удаан байх шаардлагагүй санагдсан. Өглөөний цай, өдөр онгоцны хоол шиг жижиг пакеттэй хоол өгдөг. Түр саатуулах байрнаас өдөрт 14-16 цагийн хооронд түр гаргадаг. Онгоцны буудлын нисэхийн өмнөх, шалганаар орсны дараа ордог зааланд хоёр цаг хэртэй саатуулагдсан хүмүүсийг түр явуулдаг. Тэр үедээ хоол авч идэх боломжтой. Гэхдээ онгоцны буудлын хоолнууд нь маш үнэтэй.

Хориотой хүн авч явж байгаа юм шиг нэг хүн намайг дагуулж явсан. Онгоц руу бүх хүн орж дууссаны дараа намайг оруулсан. Онгоцны үйлчлэгч ахлагч эмэгтэйд дугтуйнд хийсэн миний паспортыг өгч байгаа юм. Онгоцонд ороод суунгуут хоол өгдөг. Түүний дараа уух зүйлс төрөл бүрээрээ байдаг. Инээдтэй нь би санаандгүй шар айраг байхаар нь уух санаатай авъя гэтэл танд шар айраг өгөхгүй гэсэн. Яг яана гэж бодсоныг нь би ойлгоогүй. Онгоцноос буунгуут паспортыг минь өгсөн. Хоригдол шиг байж байгаад ирдэг юм билээ. Түр саатуулах өрөөнд нь олуулаа байдаг. Нимгэхэн гудастай, нөмрөх юм оройдоо өгөөд, өглөө хураагаад авчихдаг. Өөрсдөө авч явсан хамаг юм нь хоёр хоногт муудчихсан. Түр саатуулах байранд ороод ирсэн цагт юу ч гэж хэлсэн сонссдоггүй юм билээ. Давж заалдах гэдэг дээр өргөдөл бичээд ч нэмэргүй. Надад давж заалдах ямар ч боломж байхгүй гэж хэлсэн.

-Давж заалдана гэхээр яах вэ?

-Давж заалдсан тохиолдолд жижигхэн шүүх хурал шиг юм болдог. Яг ямар шалтгаанаар Солонгосын хилээр орох гэж байгааг нь шүүгээд л би шалтгаанаа тайлбарладаг юм шиг байна лээ. Гэхдээ тийм давж заалдах боломж хүмүүст өгөх нь ховор гэсэн. Түр саатуулах байранд орсон нь л бол ямар ч найдваргүй буцаадаг гэж олон хүн ярьж байхыг сонссон. Шалганы хүмүүсээс ихээхэн шалтгаалдаг юм шиг байсан. Шалгагч нэг эмэгтэй олон хүн хил дээрээс буцаадаг гэсэн. Монголчуудыг очингуут үзэхгүйгээр цаанаас хүн дуудаад л шалгуулдаг. Хувийн шалтгаантай гэх юмуу тийм тал ч ажиглагдсан. Намайг та хэзээ ч дахиж визэндээ орж болно л гэсэн. Дахиж виз мэдүүлсэн ч гэсэн Солонгосын хилээр орох эсэх нь эргэлзээтэй. Нэг удаа шалган дээр шалгагдаж, түр саатуулах байраар дамжин нутаг буцсан тохиолдолд хэцүү л гэж хүмүүс ярих юм билээ. Одоо дахиж Солонгос явах эсэхээ мэдэхгүй л байна.

-Танаас зарлага нэлээд гарсан нь мэдээж. Манайхан Солонгос явах гэж нэлээд цаг зав, мөнгөө зарцуулж виз мэдүүлдэг. Монголын тал визийг нь өгч, онгоцны тийзээ захиалж, Солонгосын хил дээр очдог ч олон залуус буцсаар буй дүр зураг ажиглагдсаар байна.

-Миний буцах онгоцны тийз есдүгээр сарын 30-нд байсан. Хатуу нөхцөлтэй тийз захиалсан юм. Хатуу нөхцөлтэй гэхээр наашлуулж, буцааж болохгүй. Энэ тийзээ тэр чигээр нь үхүүлээд Монгол руу шууд нислэгээр ирэх гэсэн ч маш үнэтэй бараг хоёр сая шахуу байсан. Тиймээс Солонгосоос Бээжин рүү нисээд, Бээжингээс Эрээн, Эрээнээс Замын-Үүд рүү дамжиж ирсэн болохоор зардлаасаа илүү маш их ядарч, хэцүү ирсэн. Виз хүчингүй болсныг ч хэлэх үү сэтгэл санаагаар ч унасан. Урьдчилж захиалж бус шууд тулж явсан болохоор автобусны билет нь ч олдохгүй. Замын-Үүдээс Улаанбаатар руу ирэхэд вагоны тасалбар ч байхгүй автобусаар хотод ирсэн. Би 560 мянгаар онгоцны тийз захиалсан гээд нийт буцах зардал нь сая төгрөг болсон. Мөнгөө хэмнэх үүднээс би Бээжингээс газраар явсан. Орчуулагч эмэгтэй нь аль болох л хямдхан нислэгийг хайж олж өгдөг. Тэгсэн ч тэр нь цаг хугацааны хувьд давчуу болохоор үнэтэй тусдаг. Миний хувьд олон явсан, дээрээс нь ажил хийж байсан нь үнэн. Анх удаа гурван сарын визээр явж буй залуугийн хувьд их харамсалтай. Ингэж буцдаг хүмүүс зөндөө. Маш олон хүнийг хил дээрээс буцаагаад байна гэж хүмүүс ч их ярьж байна лээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяаmай ярилцлаа. Тэрбээр “Хотын удирдлагууд түгжрэлийг “том мангас” болгож, мөнгө угааж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “УИХ-ын тогтоолоор улс жил бүр 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр болсон” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу хэмээн өгүүллээ

  • Баянхонгор аймгийн Шинэжинст сумын шүтээн болсон Сэгс цагаан Богд уул төдийгүй хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын нэрийг өөрийнхөө нэршил болгож “Сэкс цагаан богд” гэж илтэд гуйвуулан ашиглаж буй асуудлаар тус сумын ИТХ-ын дарга асан Д.Готовдоржтой ярилцлаа.

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Тэнгэр дуугаргадаг  хүн”-тэйдээ жаргалтай


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Сүхбаатар: В.Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд байдалд үлдэж байна DNN.mn

Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.


-Саяхан хоёр хөршийн төрийн айлчлал ар араасаа үргэлжиллээ. Эхлээд В.Путины айлчлалын талаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Түүний айлчлал цаг үеэ олоогүй, гадаад бодлогын хувьд зарчмын алдаатай боллоо. Яагаад гэвэл В.Путин чинь цэргийн гэмт хэрэгтэн. Олон улсын шүүхээс албан ёсоор зарлачихсан байгаа. Тэр хүнийг хаа явсан газарт нь баривчлах ёстой. Ялангуяа олон улсын шүүхийн Ромын дүрмийг өөрийнхөө хууль тогтоох дээд байгууллагаараа баталсан улсын хувьд бид энэ үүргээ заавал биелүүлэх ёстой. Гэтэл ийм гэмт хэрэгтэн хүнийг айлчлуулсан нь буруу. Ер нь цэргийн гэмт хэрэгтэн, олон улсын эрүүгийн Шүүх гэдгийг манайхан үл тоомсорлосон байдалтай хандаад байна л даа. Дээд удирдлагаасаа авахуулаад жирийн хүмүүсийн дунд “Энэ ер нь юу юм, хоосон шүүх шиг юм байж байдаг. Тэрийг нь хэн тоодог юм” гэсэн маягтай хандлага байна л даа. Дэлхийн II дайны дараа Нюрнбергийн шүүх хурал гэж болсон. Тэр бол дэлхийн II дайныг өдөөсөн, цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн анхны том шүүх хурал байсан. Ялагч орнууд дайныг өдөөсөн гэмт буруутнуудыг шийтгэсэн. Мөн Токиогийн шүүх хурлаар Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүж байв.

Сүүлд Юкславын дайныг өдөөсөн цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн шүүх хурал болж байсан. Ер нь дэлхийн II дайнаас хойш олон улсын харилцаанд гарч байгаа хамгийн аюултай зүйл бол дайн өдөөх явдал. Дайн гэдэг бол ямар ч тохиолдолд цэргийн албан хаагчаас гадна энгийн иргэд, иргэний байгууллагууд хүссэн ч эс хүссэн ч сүйддэг. Амь нас нь үрэгддэг аюултай үйлдэл учраас аль болохоор дайн гаргахгүй байх, дайныг өдөөсөн гэмт хэрэгтнүүдийг хувь хүнийх нь хувьд шийтгэдэг тогтолцоог хүн төрөлхтөн аль эртнээс хүсэн хүлээж ирсэн. Ингэж явсаар байгаад энэ асуудал биеллээ олсон л доо. НҮБ-ын хүрээнд Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулах асуудлаар маш олон жил яриа хэлэлцээ явагдсан.

Миний хувьд анх 1987 онд НҮБ-ын чуулганд оролцож байхдаа энэ асуудлаар хэлэлцүүлэгт оролцож байсан. Тэр үед ЗХУ болоод социалист орнууд үүнийг эсэргүүцдэг байв. Барууныхан ийм зүйл тогтоож, өөрсдөдөө ашигтай юм хийх гэж байна гэдэг үүднээс ханддаг байсан

Коммунизм нурж унаснаар Эрүүгийн шүүх байгуулах асуудал зарчмын хувьд боломжтой болсон. 1998 онд эцэслэн тохироод 140 орон гарын үсэг зурсан. Энэ бол батлахынхаа өмнө хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Дараа нь тэрийгээ өөрийнхөө дотоодын хууль тогтоох дээд байгууллагаар батлахаар тухайн улсын хувьд хууль болно. Ингээд 2022 онд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ болж батлагдсан. Үүнийг баталсан улсууд нь үүнийг заавал дотоодын хууль мэт хэрэгжүүлэх ёстой. Харин манай улсын хувьд хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрийнхөө дотоодын хууль, Үндсэн хуулиа үл хүндэтгэж байгааг харуулж байна.

-В.Путиныг авчирснаар Монгол Олон улсын эрүүгийн шүүхээс шийтгэл авна гэдгээ мэдэж байсан биз дээ?

-Үүнийг манай удирдлагууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Барууны зүгээс ямар нэг реакц үзүүлэх үү гэдгийг эрх биш мэдэж, тооцоолж байсан байх. Манай улс В.Путиныг баривчилж авч чадахгүй гэдгийг манайхан мэдэж байсан. Дэлхий ч мэдэж байгаа. Гэхдээ арай ч ингээд олон улсын өмнө хүлээсэн үүргээ үл хайхран ийм алхам хийхгүй байх гэж найдаж байсан байх. Гуравдагч хөршийн бодлогоо тэнцвэржүүлж явах нь чухал. Хоёр хөрштэйгээ аль болох эвтэй байх, аргыг нь олоод балансжуулаад явах ёстой л доо. Гэхдээ дээрээс нь нэмж гуравдагч хөршийн бодлогоо бид заавал авч явж байх хэрэгтэй.

-Энэ айлчлалын дараа дэлхий биднээс нүүр бууруулах уу?

-Украины дайн эхэлснээс хойш барууны орнууд Монгол руу цуван өндөр дээд хэмжээний айлчлалууд болсон. Манай удирдлагууд мундаг болохоор тэд ирээд байна гэж худлаа суртал ухуулга хийснээс биш мөн чанарыг нь ойлгоогүй байсан нь одоо харагдлаа. Дайн болж байна. Монгол орон Оросын хэт хамаарлаас болж нөгөө тал руу юм уу, гуравдагч хөршийнхөө бодлогоос ухарчих вий, ардчиллын тогтолцооноосоо ухарчих вий гэсэн улсууд аль болох манайд дэмжлэг үзүүлж, эв санааны нэгдлээ илэрхийлж ирж байсан. Улмаар “Танай хэт хамаарлыг арилгахын тулд туслахад бэлэн байна шүү” гээд ил тодоор дохио зангаагаар зөндөө хүмүүс айлчиллаа шүү дээ. Харин манайхан үүнийг зөрж, бид биеэ даасан орон, хэнээс ч хамааралгүй, тэр тусмаа америкуудаас хамааралгүй гэдгээ харуулах гэж ийм юм хийсэн болов уу гэж бодож байна. Эргээд ямар хор урхагтай вэ гэхээр балансаа алдагдуулчихлаа. Бид ямартай ч урд, хойд хоёр хөрштэйгээ балансаа бариад яваад байна л даа. Оросын төрийн тэргүүн нь ирэхэд. Хятадын төрийн тэргүүний орлогч нь ирж байх жишээтэй. Энгийн үед бол болж байгаа хэрэг. Гэтэл дайн байлдаан болоод цэргийн гэмт хэрэгтэн болчихсон, барууны орнуудтайгаа илэрхий дайсагначихсан өнөө үед тэр хүнийг зориуд авчирч байгаа үйлдэл нь Монгол Улс хэний талд байна гэдгийг харуулж буй хэрэг болчихож байна л даа. Тэрийг барууны орнууд маш тодорхой хэлж байна. “Монгол Улс бол дайн өдөөгчийг цэргийн гэмт хэрэгтнийг дэмжиж байгаагаа бодит үйл ажиллагаагаараа харууллаа” гэж. Иймэрхүү байдлаар барууны зүгээс харилцаан дээрээ янз бүрийн байдлаар өөрчлөлт оруулах байх гэж санаа зовж байна. Энгийн хүмүүс сошиал орчинд өөр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгааг харахад “Ер нь Монгол Улсын аюулгүй байдал хэнд хамаатай

юм. Бид өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн бол хэнийг ч ирүүлэх эрхтэй” гэж байгаа нь үнэн. Харилцаа гэдэг чинь харилцан адилхан байж, харилцан бие биеэ хүндэтгэж байж, бие биедээ өгсөн амлалтдаа хүрч байж харилцаа явдаг. Тэгэхээр барууны өндөр хөгжилтэй орнуудтай эвтэй найртай, гуравдагч хөршийн бодлого явж байна. Энэ гуравдагч хөршүүд чинь манай хоёр хөрштэй эн тэнцүү хүчирхэг байгаа учраас тэдний тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Гэтэл энэ балансаа алдагдуулсан ийм алхам боллоо гэж харагдаж байгаа юм.

-Үүний хор уршиг нь энгийн иргэдэд яаж нөлөөлөх үү?

-Барууны орнуудад манай үй олон монголчууд ажиллаж амьдарч байгаа. Тэдний хамаатан садан, эцэг эх, үр хүүхдүүд нь ирж, очих асуудал бий. Тэр болгонд виз мэдүүлэхэд хүндрэх байх гэж бодож байна. Миний олж дуулсан мэдээллээр Монголын төрийн албаны улсуудын визийг одоо болтол гаргахгүй, хатуурхаж байгаа юм билээ. Хил дээр очиход нь маш их байцааж шалгаж байгаа гэсэн. Ер нь бол цаашдаа нөхцөл байдал улам чангарна гэсэн үг. Жирийн иргэд дээр л хүндээр тусна шүү дээ. Хамгийн аюултай нь барууны орнуудын дээд сургуулиудад монгол залуус мэргэжил боловсрол эзэмших маш их сонирхолтой байдаг. Манай залууст олгож байгаа боломж нь барууны орнуудын засгийн газраас олгож буй тэтгэлэг байдаг. Баян чинээлэг айлын хүүхдүүд мөнгөө төлөөд явчихна. Барууны орнуудаас олгож байгаа тэтгэлгийг ямар нэгэн арын хаалгагүйгээр шууд чадалтай залуус өрсөлдөөд авч болдог том боломж. Жил болгон Америк, Баруун Европын орнуудаас тэтгэлэг нэмж ирдэг. Энэ бол Монголын ирээдүйг авч явах залуучуудад олдож буй асар том боломж. Тэгвэл одоо цаашид нэмэгдэхгүй, хорогдох вий гэж санаа зовж байна. Ийм сайхан боломжийг хумиж буй аюултай алхам хийж байгаад харамсаж байна.

-Сая Шведийн хаан манайд айлчлах байсан нь больчихлоо. Цаашид олон улсын харилцаанд ямар үр дагаврууд гарах бол?

-Барууны өндөр хөгжилтэй орнуудаас төлөвлөж байсан айлчлалууд эхнээсээ цуцлагдаад эхэллээ. Удахгүй НҮБ-ын чуулган эхэлнэ. Аягүй бол манай томчууд тийшээ явах байх.

-Ерөнхийлөгч удахгүй НҮБ рүү явна гэсэн. Дэлхийн томчууд яаж хүлээж авах бол?

-Одоо харцгаая. Барууны орнууд урдынх шигээ уулзаад сүйд болоод байхгүй байх

гэж бодож байна. Бид Орос, Иран, Хойд Солонгос зэрэг улсуудтай нэг клуб руу орчихлоо шүү дээ. Бусад төвийг сахиж байгаа орнууд уулзах байх л даа. Харин барууны орнууд хуучин шигээ найрсгаар хүсэлт тавихад нь шууд хүлээж аваад тэвэрч уулзаад байх нь юу л бол.

-Ковидоос хойш манай улсын гадаад харилцаа огцом сайжирсан. Энэ зун төрийн томоохон айлчлалууд ар араасаа хөвөрлөө. Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өссөн гэж судлаачид үздэг. Гэтэл В.Путины айлчлалаар нэр хүнд шалаар нэг болчих шив?

-Барууны орнуудад улаан шугам гэж байгаа шүү дээ. Өнгөрсөн 30 жилд Монгол Улс дэлхийд нээлттэй болоод асар их үнэ цэнээр олон үе дараалласан, олон төрийн албан хаагчид, дипломатууд ажиллаж байж өнөөдрийн нэр хүнд бий болсон. В.Путиныг айлчлуулж болно. Гэхдээ дайн дууссаны дараа шүү дээ. Дайны нөхцөлд Халх голын ялалтын ойг заавал 85 гэхгүйгээр 90 жилийг нь тэмдэглэе гээд хойшлуулж болох байсан.

-Э.Бат-Үүл баатар саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий чуулганаас ямар шийдвэр гарахаас бүх зүйл хамаарна. Манай улсын хувьд хатуу шийдвэр гарвал бид дэлхийгээс тусгаарлагдана гэсэн. Тэгвэл бид В.Путиныг хүлээж авахгүйгээр эвтэйхэн мултрах боломж байсан уу?

-Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс хэдийгээр Оростой манайхтай адилхан баланс барих гээд эвтэйхэн байх гээд байгаа. Гэтэл БРИКС-ийн хуралд В.Путин очих гээд байхаар нь эвтэйхэн аргалж байгаад С.Лавровыг нь аваад өнгөрөөчихөж байна шүү дээ. Тэр улс ийм маягаар нэрээ аваад гарчихаж байгаа юм. Манайх Оростой цахилгаан, нефть бүтээгдэхүүний хамаарал их байна. Тэрийг бүгд мэднэ. Гэхдээ заавал В.Путиныг авчирч, өөрийгөө товойлгож харуулах гэдэг энэ оролдлого үнэхээр явцгүй. Дайнаа зөвтгөж байгаа хүнд боломж олгож байна гэдгийг дургүйцэж хүлээж авч байна. За яахав Монгол хэцүү юм, яах аргагүй хүлээгээд авчихлаа гэж хэн ч харахгүй. Харин барууныхан “Монгол ямар чиг баримталж байгаа юм бэ. Аль талд байгаагаа зориуд илэрхийлэх гэсэн оролдлого” гэж хүлээж авч байна.

В.Путин Монгол бол миний дагуул улс юм гэдгийг харуулах гэсэн айлчлал боллоо гэж учир мэдэх хүмүүс байна л даа?

 

-Энэ бол Оросын бодлого. Украины дайн эхэлсний дараахан манайх руу Польш, Япон болон Хятадын сайд ч бас ирж байсан. Гэтэл С.Лавров учиргүй давхиж ирээ биз дээ. Монголыг тоодоггүй, ирдэггүй улс. Гэтэл дайн хийнгүүтээ нэг ч гэсэн улсыг өөрийн талдаа байлгах сонирхолтой ингэж ирсэн. Өнөөдөр олон улсын хэмжээнд ОХУ хүнд байдалд орчихоод байгаа. НҮБ-ын 190 гаруй орноос дийлэнх олонх нь эсэргүүцэж байгаа. Нэлээд хэдэн орон төвийг сахиж байна. Гарын таван хуруунд багтах орон л Оросыг дэмжиж байгаа.

ЗХУ-ыг дахин амилуулах зорилготой Евразийн эдийн засгийн холбоонд Монголыг элсүүлэх гэж байна. Энхийн цагт хэрэгжүүлээгүй ажлууд дайны үед хэрэгжихгүй гэж эдийн засагч Ч.Отгочулуу ярьсан. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Гол зорилго нь Монголын эдийн засаг, харилцаа холбоо биш. Үнэн хэрэгтээ улс төрийн хувьд Монгол гэдэг орон манай талд байгаа, бидний мэдэлд байна гэдэг зорилгоо биелүүлсэн. Монголчуудад эдийн засгийн хэд, хэдэн амлалтууд гаргасан. Оросод Элчин сайдаар сууж байсан С.Баяр хүртэл маш тодорхой хэлсэн байна лээ. Сүүлийн 20 жил ийм, ийм амлалт өгч байгаа. Одоо үүнд итгэх арга байхгүй гээд. Нөгөө л амладаг юмнуудаа ярьдаг байна лээ. Цаад санаа нь бол хэн ч тоодоггүй Евразийн эдийн засгийн холбоондоо оруулах гэсэн санаа. Тэгээд болоогүй “Түр зуурын хэлэлцээр” гээд байгаа юм шүү. Байгуулж байгаа хэлэлцээр нь хүртэл утгагүй. Гэрээ хэлэлцээрийг хэзээ ч түр зуурын гэж хэнтэй ч байгуулдаггүй. Хамтран ажиллана гэж байгаа бол тав, зургаан жил ч гэдэг юм уу хугацаа тавиад явдаг. Зүгээр л сайхан манайхныг хуурч, аргалаад өнгөрч байна.

-В.Путины дараа залгуулаад БНХАУ-ын дэд дарга айлчилсан. Хоёр хөрш цаагуураа юу тохиров. Монголыг үнэхээр дэмжих юм болов уу. Эсвэл шахалт үзүүлнэ гэв үү?

-Орос, Хятад хоёр цаагуураа Монголын талаар яаж тохирч, юу хийдгийг хэлэхэд хэцүү. Ер нь Хятадын дэд даргын айлчлал эртнээс төлөвлөөд явж байгаа. Хятадууд айлчлалын циклээ маш сайн барьдаг улс. 2014 онд Си Жиньпин манай улсад айлчилсан. Тэрнээс хойш 10 жилийн дараа Хятадын дэд дарга ирж байна. Одоо төрийн тэргүүний хэмжээнд манайд ирэх цикл нь ойртож байгаа. Үүний өмнө дэд дарга нь ирж байна гэж харагдаж байна л даа. Хятадууд манайд тодорхой хамтын ажиллагаа санал болгосон байна лээ. Эдний яриа хэлэлцээ илүү бодитой харагдаж байгаа юм. Хамтарсан Засгийн газар том, том төслүүд явуулъя гэж байгаа бол санхүүгийн болон технологийн боломжтой нь урд хөрш л байна. Өнөөдөр дайны байдалтай, хамаг нөөцөө шавхаж байгаа, өөрөө дайнд ялах эсэх нь тодорхойгүй орон манайд хөрөнгө оруулалт хийгээд хамтраад явах нь тун эргэлзээтэй. Зүгээр Монголд ирсэн айлчлалаа зөвтгөхийн тулд Эгийн голын УЦС-ыг хамтаръя гэж байх шиг. Манайхыг өөр улстай хамтраад хийчих вий гэсэндээ хамтарч ажиллах нэрийн дор өөрсдийн хяналтандаа байлгах санаа. Энэ том төсөл цаашаа явахгүй. Явуулж байгаа нэртэй бариад дараад байдаг шалгарсан арга л даа. Ингээд харьцуулаад харахад хоёр талд шинэ нөхцөл байдал бий болсон. Үүнд тааруулж харилцах зарчмуудаа тааруулах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа. Хуучин шиг хамаг юмаа ОХУ-тай өргөн хүрээнд хамтран ажиллана гэж найддаг цаг өнгөрсөн байна. Энэ дайн ямар нэгэн байдлаар дуусч таарна. Орос орон эдийн засгаа сэргээх урт хугацаа хэрэгтэй болно. Энэ хорио цээрээ тийм ч амархан дуусчихгүй гэж бодож байна. Бид цахилгаан эрчим хүч, нефть, шатахууны хэт хамаарлаа арилгах тал дээр шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Нефть боловсруулдаггүй манайх шиг орон зөндөө л байна. Бүгдээрээ Оросоос авахгүйгээр энд тэндээс импортлоод болж л байна. Манайх баруун талаараа төмөр замаар холбогдох юм бол Казахстан, цаашаа Пакистанаар дамжаад Арабын тэнгис рүү гарах боломж байгаа. Үүнийгээ судлаад энэ чиглэл рүүгээ дорвитойхон ажиллах хэрэгтэй.

-Ингээд явъя гэхээр хойд хөршүүдээсээ айгаад хөдөлдөггүй юм биш үү?

-Манайхан өөрсдөө хөдлөхгүй байгаа юм. Тусгаар улс юм бол өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэрүүдээ зоригтой гаргаад ажиллах ёстой. Тэрнээс УИХ-ын гишүүн Д.Рэгдэл шиг “Орос ах нар зөвшөөрөхгүй байх. Оросууд дургүйцэх байх” гээд суугаад байвал юу ч явахгүй.

-Бид В.Путиныг авчирсан үйлдлээ олон улсад яаж зөвөөр тайлбарлах вэ?

-Үүн дээр одоо гадаад харилцаа хариуцаж байгаа улсууд тодорхой ажлууд хийх ёстой. Элчин сайд нараа ажиллуулах хэрэгтэй. “Монгол Улс ингээд Лукашенко, В.Путин хоёрыг авчраад Монголын ардчилал ямар мундаг байгааг үзүүлж харуулах гэсэн юм. Тэгж байж дайныг зогсоох тал дээр бодит жишээгээр үзүүлэх гэж оролдсон юм” гэдэг ч юм уу. Нэг зүйлээр тайлбарлах хэрэгтэй болно. Тэрнээс бид аргагүй хүчинд автагдаад В.Путиныг ирнэ гэхээр нь үгүй гэж чадсангүй гэвэл хамгийн утгагүй тайлбар. Өөрийгөө доош нь хийсэн юм болно. Тусгаар бүрэн улсын хувьд айлчлалыг хүлээж авахгүй байх эрхтэй. Одоо бидэнд зөв тайлбарлах арга л үлдэж байна. Олон улсын арга хэмжээ, хурал зөвлөгөөнүүдэд үй түмэн улсууд яваад байгаа шүү дээ. Тэд очсон газар болгондоо зөв талаар нь тайлбарлаж, ойлгуулах ажлыг хурдан хийх ёстой. Нэгэнт бодит амьдрал дээр болсон явдлыг үгүйсгэх арга байхгүй. Ялангуяа барууны өндөр хөгжилтэй орнуудад лобби гэдэг чинь ингэж л явна шүү дээ. Маш өндөр хэмжээнд лобби явдаг. Тэр хүн нэр хүндтэй, хэл ус сайтай, гадна дотны элитүүд орж байгаа улстөрчидтэй ойр харилцаа холбоотой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зэрэг хүмүүсээ ашиглах гарц бий. В.Путиныг авчирч байгаа нь манай Монгол Улс биеэ даагаад явах чадалтай болчихсон шүү, бид өөрсдийнхөө сонгосон зам дээр хатуу байр суурьтай байгаагаа бодитоор харуулахыг хичээсэн гэдэг ч юм уу. Ийм тайлбарыг маш эрчимтэй хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг хэсэгтээ манай харилцаанд хүйтнээр нөлөөлөх үйл явдал боллоо. Дор хаяж хоёр, гурван жил үргэлжилнэ. Ядахдаа хоёр улсын Төрийн тэргүүн нарын хэлэлцээний үеэр олигтой зүйл хэлсэнгүй. “Халхын голын дайнд Украины хэдэн зуун цэрэг амь үрэгдсэн байдаг. Та нар ингэж дайнтай байгаа нь маш их харамсалтай байна. Та хоёр хоёулаа бидний ахан дүүсийн найрамдалт харилцаатай билээ. Та хоёр учраа олоод дайнаа зогсоочихвол яасан юм бэ” гэдэг санааг цухуйлгасангүй. Ядахдаа ийм мессэж өгсөн бол арай өөр байх байлаа. Гэтэл хуучин хүйтэн дайны сэтгэлгээгээрээ “Орос бол аугаа орон юм, энхтайвны түшиг тулгуур. Та нар маань манлайлаад өгөөч” гээд өөрсдөө дайн хийгээд байгаа оронтой ингэж ярих утгагүй сонсогдож байна лээ. Одоо биднийг гадны хурал зөвлөгөөнд уриад байхгүй байлгүй. Өөрсдөө баахан зардал гаргаад явах ажил үлдэж байх шиг байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Чинбүрэн: Эм илүү чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдсэн DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


-Эмийн чанарын тухай шинэ хууль ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна. Энэ хуулийн гол онцлог зүйл заалт нь юу байх вэ?

-Нэгт, энэ асуудлыг сонирхож асууж байгаа танай сонинд баярлалаа. Тэгэхээр та бүхэн санаж байгаа байх. Өнгөрсөн парламент 2020-2024оны сонгуулиар бүрэлдсэн парламентын чухал том дэвшил нь Хянан шалгах тухай хууль батлагдсан. 2023 оноос хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд үүнтэй холбоотой эмийн үнийн өсөлт, учир шалтгааныг судлах хянан шалгах түр хороог байгуулж миний бие ахалж ажилласан. Ингээд 2024 оны тавдугаар сараас зургадугаар сарын хооронд хянан шалгах үйл ажиллагаа буюу тайлангаа сонсгол хийсэн. Сонсгол дээр маш олон зөрчлүүд буюу үнэтэй холбоотой, чанартай холбоотой, тогтолцооны алдааг харуулсан дээрээс нь эмийн чанар, үнэ нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг ил гаргаж олон нийтэд сонсгосон. Үүний үр дүнд энэ болохгүй байгаа бүх зүйлүүдийг, эрүүл мэндийн хамгийн чухал нэг хэрэгсэл болоод байгаа эмийн асуудалтай холбоотой асуудлыг цэгцлэх зорилгоор хууль амжиж баталсан явдал юм. Хүмүүс надаас их асуудаг. Хянан шалгах хороо гээд зөндөө зүйл хийлээ, цаад үр дүн нь юу юм гээд байгаа. Үр дүн нь бид хууль баталсан. Эм, эмнэлгийн хэрэгсэл түүний тухай шинэчилсэн найруулгын хуулийг баталж чадсан явдал бол энэ сонсголын чухал том үр дүн. Сонсгол дээр ярьсан зарим зүйлүүдийг тодруулж сануулж хэлье гэж бодож байна. Тухайлбал, хугацаа нь дуусчихсан эмийг яаж нэвтрүүлдэг, хөлдөөсөн дуслыг хэрхэн буцааж зөвшөөрөөд Монгол Улсад хэрэглэдэг, үнэ хэд нугалсан байгааг тоо баримтаар харуулж чадсан.

Нөгөө чанар шалгах газар нь музей мэт болчихсон. Аппаратууд нь эвдэрчихсэн байсан. Хамаарал бүхий этгээдүүд гээд хайхаар хамаарал бус этгээдүүд ерөөсөө гарч ирэхгүй байсан. Нэрс сонсгож байсныг та бүхэн санаж байгаа байх

Нэг ёсондоо ажлаа хийх ёстой тодорхой хэдэн төрийн албан хаагчид нь хувийн хэвшлийн компаниудтай хуйвалдаа эмийн булхай луйвар хийдэг байсныг гэрчилж харуулсан шүү дээ. Үүнтэй холбоотой хамгийн чухал зүйл бол хүний эмийн зөвлөлийн асуудал яригдсан. Хүний эмийн зөвлөл дээр яагаад чухал шаардлагатай эмүүдээ гаргаж батлахгүй удаадаг юм. Эсвэл ямар нэгэн эмчилгээ, үйлчилгээгүй зүйлийг яагаад баталдаг зэрэг маш олон зөрчлүүд илрүүлсэн. Мөн дээрээс нь хувийн хэвшилд эмийн ханган нийлүүлэх байгууллагаа өгчихөөд үнээ буулга гэдэг нь хэрэгжих боломжгүй. Энэ хүртэл үнийн өсөлтийг иргэдэд өөрсдөд нь хянуулах нь хамгийн сайн механизм юм байна. “Төр түмэн нүдтэй” гэдэг шиг иргэд өөрсдөө хяналтдаа оруулж, хэд нугалж буцаагаад зардгийг үзэж хянах боломжийг хүртэл энэ хуулинд оруулж өгсөн. Тиймээс хууль аравдугаар сарын 1-нд хэрэгжих гэж байгаа явдал бол ирээдүйд Монгол Улсад эм илүү их чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдэж байгаа хууль. Тэр ч утгаараа ээлжит бус чуулганд тогтоолын төсөл санаачлаад энэ ажлыг улам эрчимжүүлж чадсан юм.

-Гадны том улсуудын лабораториор бүрэн баталгаажчихсан эм, эмнэлгийн хэрэгслийг Монголд оруулж ирэх гэхээр дахин шалгаж байгаа нэрээр удаадаг гэдэг асуудар яригдсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энэ хамгийн гол сэдэв байгаа юм. Яагаад сайн эм Монголын зах зээлд орж ирж чадахгүй, цаг алддаг гэдгийн гол шалтгаан нь нөгөө бүртгэх процесс. Дээрээс нь тэр өндөр хөгжилтэй улсын сайн гэсэн эмийг Монголд баталгаажуулах лаборатори ямар байгаа билээ. Тэгсэн хэрнээ дахиад шалгана гээд байдаг. Тэгээд шалгаж чадахгүй зүйлээ шалгах гээд байдаг. Эмийн компаниудтай уулзахад тэд зовлон, жаргалаа хэлж л байна лээ. Танай Монголд хийдэггүй шинжилгээний дүнг та бүхэн нэхээд байх юм. Тэгэх шаардлага байдаг юм уу гэсэн асуудал яригдаж байсан. Тэгэхдээ яахав тусгаар тогтносон Монгол Улс байна даа.Үнэхээр чанартай эм орж ирж байна уу гэдгийг шалгаж л байх хэрэгтэй. Тиймээс лабораторийн чадавхыг сайжруулах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл сонсголоос тухайн үеийн Эрүүл мэндийн сайд нэлээд идэвх санаачлагатай ажиллаад ДЭМБ-аас дэмжлэг үзүүлээд 1,4 сая ам.долларын эмийн чанар шалгадаг лаборатори байгуулах шинэчлэлийн асуудал яригдаж байгаа. Одоо сая гаруй ам.долларын тоног төхөөрөмжийг авсан гэх мэдээлэл ирсэн. Тэгэхээр бид ямар ч гэсэн Монгол Улсдаа зах дээл дээр байгаа эмийг дуртай үедээ авч үзээд чанартай байна уу, үгүй юу гэдгийг шалгах нөхцөл бүрдэж байна. Хоёрт, Итгэлцлийн гэрээ гэх маш чухал зүйлийг хуулиндаа оруулж өгсөн. ДЭМБ-ын зүгээс энэ аргыг та бүхэн хэрэглээч гэдэг зүйлийг сурталчлаад байгаа юм. Тэр нь эмийн чанараа хянаж чаддаг өндөр зохицуулалтай орнуудын эмийг итгэлцлээр энэ эмийг чанартай гэж үзсэн учир Монгол Улс дахин шалгахгүйгээр бүртгээд хэрэглэнэ гэдэг энэ тогтолцоог бид хуулиндаа оруулсан. Сая ээлжит бус чуулганы тогтоолд энийг оруулсан. Хүмүүс дэлхийн өндөр хөгжилтэй орон учир хамаагүй оруулж ирнэ гэж бодоод байгаа юм. Тийм биш шүү. Хоёр улсын Засгийн газар тэр дотроо Эрүүл мэндийн яам нь итгэлцлийн гэрээ байгуулах шаардлагатай. Жишээлбэл, монголчуудын хамгийн их очдог БНСУ-ын ЭМЯ-ны Эмийн агентлагтай гэрээ хэлэлцээр хийх нь байна. Манай Монгол Улс танай улсыг сайн чанарын эм хэрэглэдэг, ард иргэддээ сайн чанартай эм өгдөг учраас танай Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагааны гэрээ хийнэ. Энэ гэрээ хийсний дараа тухайн улсад бүртгэлтэй эмийн жагсаалтыг үзэх эрхтэй болчихож байгаа юм. Хилээр орж ирэхэд гаалийн ажилтан эмийг бүртгэлд байгаа эсэхийг шалгадаг. Тэгэхээр тэр бүртгэлийг гаалийн ажилтан үзэх эрхтэй болж байгаа юм. Тэр улс зөвшөөрсөн, эх орондоо хэрэглэж байгаа эмийг бид зөвшөөрсөнтэй ижлээр Монголдоо үзээд бүртгэлтэй юм байна. Дараа эдгээр зүйлийг шалгаарай гэдэг нарийн зүйлүүд орж ирэх юм. Хоёр талдаа хариуцлагатай байх. 24 цаг онлайн байх шаардлагатай. Энэ мэтчилэн бүртгэлтэй гэж хялбаршуулаад дахин бүртгэл үүсгэхгүйгээр Монголын зах зээлд оруулж ирэх юм. Ингэхдээ эм ханган нийлүүлэх эрхтэй байгууллагууд л оруулж ирнэ. Ерөнхийдөө бүртгэх, шалгах процессыг нь хялбаршуулж өгч байгаа юм. Тэгэхээр цаг алдахгүй, төлбөр хэмнэх боломж бүрдэнэ.

-Та хавдрын эмч хүн. Гэтэл Монголд хавдрын эм, хэрэгсэл хамгийн муу байдаг гэх юм. Тийм юм уу?

-Ер нь бид өнгөрсөн 30 жилийн алдааг ярихаар эмийн чанар дээр Монгол Улс маш том бодлогын алдаа гаргасан. Тухайн үед 1990-ээд оны төгсгөл үеэр Монголын зах зээл картын бараанд шилжсэн, дэлгүүрийн лангуун дээр талх, давснаас өөр зүйл байгаагүй. Тэгвэл тэр үед эрүүл мэндийн салбарууд эм ханган нийлүүлэх байгууллагагүй, улс мөнгөгүй, иргэд ганзгаар юм зөөдөг байсан. Чингэлгээр эмийг зардаг байлаа. Тэр үед хэрэгжиж эхэлсэн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тендерийн хууль хамгийн хямд үнэтэй. Нэг ёсондоо ханган нийлүүлэлтээ алдахгүй байя гэсэн том зорилго тавьчихсан байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байдалд хүрэв. Тэр үед нэг иргэнд 300 ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн оногддог байсан Монгол Улс өнөөдөр 5000 ам.доллар болчихоод байна. Хямд үнэтэй барааг шахдаг тогтолцоог Монголын нийгэм, өнөөгийн хөгжилд нийцэхгүй болж байгаагийн тод илрэл юм. Энд ганцхан хавдрын эм ч биш. Тэр ч утгаараа 2020-2024 оны парламентын гишүүн байсан хүний хувьд хэлэхэд бид энэ тогтолцоог сольсон. Жишээлбэл, Тендерийн хуулинд эмийн худалдан авах үйл ажиллагааг чанар нэгдүгээр үзүүлэлт, үнэ дараа нь гэдэг зохицуулалтыг оруулж өгсөн. Энэ хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тогтолцоог нь эрүүл болгох хэрэгтэй. Чанартай эмийг үнээр нь биш чанараар нь шалгаж авах ёстой. Эмийн хуулиар яаж чанартай гэдгийг тогтоох вэ гэдэг зүйл заалтыг оруулж өгөөд энэ эм чанартай гэдэг аргачлал руу буцаад орж байна. Тиймээс дэвшил гарч эхэлсэн. Тухайлбал, хавдрын эмийн тухайд ийм туршлага байсан. Одоо сайжраад өнөөдөр бид хямд үнэтэй гэхээс илүүтэй чанартай, хордлого бага өгдөг эм оруулж ирдэг болсон. Турк, БНСУ, Энэтхэгээс сайн эм орж ирж байна. Манайхаас хөгжил буурай орноос авдаг байснаа больж байгаа гэхэд болно.

-Сая ээлжит бус чуулган хуралдаад төсвийн тодотгол хийлээ. Ирэх оны төсвийн төслөө ч УИХ-д өргөн барьсан. Тэгвэл нөгөө яриад байсан хавдрын шинэ эмнэлгийн асуудал энд туссан уу?

-Нэгдүгээрт, шинэ хавдрын эмнэлэг өртгийн хувьд их том төсөвтэй. Ер нь монголчууд бид дэлхийд байгаа хамгийн сайн эмчилгээг ард иргэддээ өгөх төсөл байгаа юм. Түүнээс биш зүгээр амбаар барьчихаад шинэ эмнэлэг барьсан гэж хэлж болохгүй. Эмнэлгийн барилга өөр болсныг ковид, цар тахлын үе бидэнд харуулсан. Өнгөрсөн 2020-2024 онд хийж амжуулсан зүйл юу вэ гэхээр газрын асуудал. Хавдар судлалын үндэсний төв өөрийн гэсэн газартай байх нь маш чухал зүйл. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар гишүүн байхдаа СХД-т газар олгох асуудалд их дэмжлэг үзүүлсэн.Тухайн үед 18 га газрыг геодизийн судалгаа хийж үзэхэд доогуур нь цэвэр усны судал урсаж байгаа учир том бүтээн байгуулалт барьж болохгүй гээд зогсоосон. Тэгээд 2022 оноос хөөцөлдсөөр байгаад Чулуутын ам буюу Богд уулын цаад талд Туул зөрлөг БЗД-т 11 га газрыг Хавдар судлалын төвийн нэр дээр авч өгсөн. Үүнийг авахад тухайн үеийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тусалж дэмжижөгсөн юм. Харин энэ жил 11 тэрбум төгрөгийн төсөв төсөвлөсөн. Ямар ч байсан энэ ажил явна.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Дэлгэрбаяр: Улаанбурхны вакцин хийлгэснээс хойш сарын дараа томуугийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Халдвараас сэргийлэлт хяналт, дархлаажуулалтын албаны дарга А.Дэлгэрбаяртай ярилцлаа


-Одоогоор ямар төрлийн ханиад, томуу элбэг байна. Вирусын онцлог нь юу вэ?

-Энэ жилийн томуугийн улирал яг одоогоор эхлээгүй. Томуугийн улирал эхлэх шатандаа явж байна. Энэ сараас ирэх жилийн дөрөвдүгээр сар хүртэл томуугийн улирал үргэлжилдэг гэж үздэг. Яг томуугийн А, В хүрээний вирус эргэлтэнд ороогүй байна. Интер, адино зэрэг жижиг вирусуудын дэгдэлт явагдаж байгаа. Өндөр, хоруу чанартай вирус ажиглагдаагүй. Манай эмнэлэг хүүхдийн 140 ортой. Эрчимт эмчилгээний 10 ортой. Өнөөдрийн/ өчигдрийн/ байдлаар хүүхдийн тасагт 135 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь хэвийн хэмжээндээ байгаа гэж ойлгож болно. Түүнээс томуу дэгдээд, өвчлөл нэмэгдсэн зүйл байхгүй.

-Хоруу чанартай томуугийн вирус ажиглагдаагүй гэлээ. Хүмүүс ханиад удаан эдгээд байна гэх юм. Мөн ковидтой төстэй ханиад гараад байна уу гэж асуух гээд байна л даа?

-Ковидын шинж тэмдэг нь тодорхой болчихсон учраас томуугийн вирусны нэг төрөлд оруулж, хамтад нь тандаж, эмчилдэг болсон. Амьсгалын замын халдвар учраас ковид тодорхой хэмжээгээр 100, 1000 хүүхдэд нэг гэдэг байдлаар тохиолдож байгаа. Бид долоо хоног бүр харуулдан тандалтын нэгжээрээ дамжуулан Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү сорьцууд явуулдаг. Эдгээр сорьцонд ковид, адино, А хүрээний вирусуудын аль нь болохыг ялгаж, илүү давамгай гэж үзсэн вирусийн эмчилгээний заавар, зөвлөмжийг эмч нартаа өгдөг. Одоогоор ковид, томуугийн А,В хүрээний вирус илрээгүй. Тэгэхээр шууд ковид, томуу дэгдчихлээ гэж үзэх боломжгүй.

-Шингэн нус гоожоод ханиад хүрчихлээ гэж их байна. Энэ нь ямар вирус вэ?

-Ямар ч вирусийн төрлөөр хүүхэд өвдөхөд хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг нь хамраас нус гоожих, ханиалгах, халуурах шинжүүд илэрдэг. Сүүлийн үед шөнөдөө их хүйтэн хонож байна. Тиймээс тухайн хүүхдийн бие организм эсэргүүцэл үзүүлж, ханиад томуудаа бэлдэж байна гэсэн үг. Шууд нус гоожлоо, ханиалгалаа  гээд томуу тусчихлаа гэж ойлгож болохгүй. Хөнгөн хэлбэрийн ханиад явагдаж байгаа юм.

Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотойгоор шууд томуугийн дэгдэлт эхэлчихлээ гэж хэлэхгүй. Бага зэргийн ханиад хүрлээ гээд яаран эмчилгээ хийлгүй дулаан хувцаслаж, гэрийн аргаар эмчилж, илчлэгтэй хоол өгч, шингэн юмыг нь сайн уулгаж аль болох тухайн хүүхдийн биеийн эсэргүүцлийг нь нэмэгдүүлэх боломжтой.

-Сайн дурын үндсэн дээр сургууль, цэцэрлэгүүдээр дамжуулан томуугийн вакцин жил бүр хийдэг. Ингэхдээ хугацаа алдаж хийгддэг гэх шүүмжлэлийг их дагуулдаг. Энэ жилийн хувьд яаж зохицуулсан бэ?

-Энэ талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Энэ жил вакцинаа эрт өнгөрсөн долдугаар сард татсан. Өмнө нь есдүгээр сарын сүүл аравдугаар сард томуугийн вирусийн эсрэг вакциныг хийдэг байсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос өрхийн эмнэлгүүдээр дамжуулан хийж эхлүүлсэн. Мөн дархлаажуулалтын 10 хоногийн аяныг жил бүр зарладаг. Уг аян нь өнгөрсөн наймдугаар сарын 26-наас эхэлсэн.

Зургаан сартайгаас эхлэн тав хүртэлх насны цэцэрлэгийн хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хүндрэл өгөх эрсдэлтэй өндөр настнууд,сайн дурын үндсэн дээр гэдэг байдлаар томуугийн эсрэг вакциныг хийж байна. Өрхийн эмнэлэг болон цэцэрлэгүүд дээр вакцин хийгдэж байгаа.

-Улаанбурхны халдварын эсрэг вакцинд хамрагдсан хүүхэд хэр удаан хугацааны дараа томуугийн вирусийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой вэ?

-Саяхан бид улаанбурхны халдварын эсрэг вакциныг хүүхдүүдэд хийсэн. Уг вакциныг хийлгэснээс сарын дараа томуугийн вакцинд таны хүүхэд хамрагдах ёстой гэдгийг эцэг, эхчүүд маш сайн анхаарах хэрэгтэй. Улаанбурхан өвчин гаднаас тээвэрлэгдсэн тохиолдол манай улсад бүртгэгдсэн. Тиймээс эрсдлээ тооцож, улаанбурхны халдварын эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр авч хийлээ. Өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс улаанбурхны вакциныг хийж эхэлсэн тул зарим сар болчихсон хүүхдүүдийн хувьд томуугийн вакциндаа хамрагдаж болно гэсэн үг.

-Бага ангийн сурагчдын хувьд улирлын томуугийн вакцинд хамрагдах боломжтой юу?

-Энэ нь сайн дурын үндсэн дээр явагдана. Эрсдэлт бүлэгтээ эхлээд томуугийн эсрэг вакциныг хийдэг. 0-5 насны хүүхдүүдийн дархлаа бүрэн тогтож амжаагүй байдаг тул хүндрэл үүсэх эрсдэлтэй. Жил бүрийн улирлын томууг анзаарч харвал 0-2 насны хүүхдүүд илүү өвддөг. Тэр тусмаа бага сартай хүүхдүүд илүү хүндрэх эрсдэлтэй байдаг. Жирэмсэн ээжүүд маань хүн тээж буй учир дархлаа нь унадаг. Хүндрэл өгөх эрсдэлтэй өндөр настнууд гэсэн эрсдэлт гурван бүлэгтээ эхэлж томуугийн вакциныг хийдэг. Мөн төрийн байгууллагат ажиллаж, олон хүнтэй харьцдаг цагдаа, эмч, багш нараа вакцинд хамруулдаг. Мөнгө санхүүтэй холбоотойгоор бүх хүмүүсийг дархлаажуулах хэмжээний вакциныг татах нь асуудалтай юм.

-Эцэг, эхчүүд ханиад томуугаас сэргийлж, хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих нь зөв бэ?

-Хамгийн гол анхаарах ёстой зүйл нь бага насны хүүхдийг өвлийн улиралд, томуугийн дэгдэлтийн үед аль болох олон нийтийн газраар дагуулж явахгүй байх. Хоёрдугаарт хүүхдүүдээ маш сайн чийрэгжүүлэх. Тухайн хүүхдээ дулаан хувцаслаж, чанарлаг хоол хүнс идүүлж байх ёстой. Хэрвээ олон нийтийн байгууллагаар дагуулж явах шаардлагатай бол амны хаалтыг зүүлгэж байх. Эцэг, эхчүүд гадуур явахдаа болж өгвөл өөрсдөө ч гэсэн амны хаалтаа зүүгээд гэртээ орж ирээд тайлж хэвших нь гаднаас ямар нэгэн вирусийн халдварыг хүүхдэдээ өгөхөөс сэргийлэх юм. Мөн гадуур явж ирээд, бие зассаны дараа, хоол идэхийнхээ өмнө гарыг маш сайн угааж хэвших зэргээр энгийн амьдралын дадал хэвшлүүдийг баримталж чадвал тухайн өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн улирлын томуугийн эсрэг вакциндаа хүүхдүүдээ идэвхтэй хамруулах нь зүйтэй.

-Улаанбурхөн өвчний дэгдэлт хэр байгаа вэ. Танай дүүрэгт өвчний тохиолдол бүртгэгдсэн үү?

-Улаанбурхан өвний дэгдэлт одоогоор байхгүй. Монгол Улсад улаанбурхан өвчин гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Тухайн хавьтал болсон дөрвөн тохиолдол нь өвдсөн. Улаанбурхан нь амьсгалын замаар маш хурд тай тархдаг өвчин. Тийм учраас сэрэмж лүүлэх байдлаар урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна.

-Улаанбурхны вакцинд хамрагдсан бол уг өвчнөөр өвчлөхгүй гэж ойлгох нь зөв үү?

-Ер нь тийм. Аливаа вакцин тухайн хүний дархлааны тогтоцоос шалтгаалдаг. Вакцин хийлгэсэн бол хүмүүс огт тусахгүй юм шиг ярьдаг. Томуугийн вирус дээр ч гэсэн. Томуугийн вакцин хийлгэснээр огт өвдөхгүй гэж ойлгож болохгүй. Томуугаар өвдөхдөө дархлаа тогтоцоосоо хамаарч хөнгөн хэлбэрээр өвдөх, өвдөхгүй байх ч боломжтой. Бага насны хүүхдүүдийг томуугийн хүндрэлээс сэргийлж байгаа юм.

Энэ жил Солонгос улсад үйлдвэрлэгдсэн томуугийн дөрвөн цэнт вакциныг хийж байгаа. Улсын хэмжээнд томуугийн эсрэг вакцинд цэцэрлэгийн хүүхдүүд түлхүү хамрагдаж, жирэмсэн ээжүүд, өндөр настнууд хойрго хандаж байгаа гэсэн судалгаа байна лээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол үгээ монголоор бичих үү, яах уу?” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Элчин сайд Ц.Сүхбаатар “В.Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд байдалд үлдэж байна” хэмээснийг VII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эм илүү чанаржиж, бодитой үнэтэй, үйлчилгээ сайтай байх асуудлыг шийдэх боломж бүрдсэн” гэв.

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Монгол үгээ монголоор бичих үү, яах уу?” нийтлэл хэвлэгдлээ.

  • Баян-Өлгий аймгийн
    Ардчилсан намын дарга А.Бегарыс “Төр засгаас дэмжээд өгвөл Баян-Өлгий
    аймаг нэг сая жуулчин авах бүрэн боломжтой” гэлээ.
  • Дижитал шилжилтийг
    удирдахуй. Энэ тухай I болон IV нүүрээс уншаарай.
  • ЗГ: “Парис 2024” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож медаль хүртсэн
    тамирчдад 3-4 өрөө орон сууц олгоно

БНСУ-ын хил дээрээс буцсан манай улсын иргэн Н.Содхүү “Ажил хийсэн гэдэг үндэслэлээр солонгосын хил дээр миний визийг тэр дор нь хүчингүй болгосон” хэмээн ярилаа.

ГАДААД МЭДЭЭ:  Камала Харрис, Дональд Трамп нар анх удаа ном хаялцав


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Отгонтөгс: Гаднаас нь мянга орилох биш, дотор нь ороод шүүсийг нь шахаад өгье гэж бодсон DNN.mn

НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн гурав дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Отгонтөгстэй ярилцлаа.


Сошиал сүлжээнд таны илэрхийлсэн байр суурийг харсан нийгмийн тодорхой хэсэг таныг аль нэг нам эвслээс ангид гэж хардаг. Гэтэл та АН-аас НИТХ-д нэр дэвшихээр боллоо. Яагаад нэр дэвшихээр болов. Тэр дундаа Ардчилсан намаас?

-Би гудамжнаас орилж байгаад авлига албан тушаалын хуулийг өөрчилж үзлээ. Хотын асуудлаар ч дуугарч хэдэн сая үзэлт ч авч үзлээ. Гэхдээ Монгол Улс нам дээр суурилсан засаглалын хэлбэртэй учраас бие дааж нэр дэвшсэн ч ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй. Бие дааж ялсан тохиолдол ч байхгүй. Энэ бол намууд хүмүүсээ багцалж авдаг, намын дарангуйлсан системээс болоод байна шүү дээ. Би BRB-ийн захирал Ж.Энхжаргалан шиг “НӨАТ-ын 10 хувь хэтэрхий их байна” гэж МАН-ыг муулж байснаа тэр намаасаа Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа биш.

Ийм буруу, бурангуй системийн эсрэг АН-аас нэр дэвшиж байгаа ч би намын угшилтай хүн биш. АН болон АН-ын залуус надад санал тавьсан. Түүнээс АН-д ч олон асуудал байгаа. Эхний ээлжинд луйвартаа баригдчихсан энэ хотыг цэгцлэх ёстой. Ногоон автобус, бродюр зэргийг мартах ёсгүй. МАН өнгөрсөн хугацаанд өм цөм идлээ. Сонгууль дөхөхөөр л ажил хийдэг. Тиймээс зураасны эсрэг талд зогсох нь зүйтэй гэж үзэж ийн сонголт хийсэн.

УИХ-ын сонгуулийн үр дүн болон хамтарсан Засгийн газрыг та хэрхэн дүгнэж байна?

-Ийм үзэгдэл байж болохгүй. Хяналт тавих ёстой. АТГ, тагнуул, прокурор гээд бүгд босоо удирдлагатай. Гэтэл УИХ-ын 126 гишүүний дээр Монголын хөх тэнгэр, та бидний сайхан сэтгэл л байна шүү дээ. Тэднээс өөр хяналт тавих субъект байхгүй. Гэтэл сөрөг хүчин эвсчихсэн.

Улсын төсөв, нийслэлийн төсөв тусдаа байдаг. АН-д итгэл алдарсан өөр нэг асуудал бий. МАН өөрсдийн бодлогыг удаан хэрэгжүүлэхийн тулд ХҮН, АН-тай эвсэж байгаа нь засаглалын хувьд огт болохгүй. Нийслэлийн залуус надад санал тавьсан. Би ялсан ч бай, ялагдсан ч бай бродюр, автобусны хулгайчидтай эвсэхгүй гэсэн нөхцөлтэй нэгдсэн.

Нийслэлчүүдийн хувьд ихээхэн хүлээлттэй байгаа метроны төслийг өнөөгийн эрх баригчид хэрэгжүүлж чадах эсэхэд та ямар байр суурьтай байна?

-Манайд метро барих компани байхгүй нь ойлгомжтой. Гэтэл МАН метроны тендерийн зарыг автобусныхаа буудал дээр наачихаад байна. Дэлхийн том том компанийн захирлууд манай автобусны буудал дээр явж байна гэж байх уу. Энэ бол МАН-ын өөрсдийн пиар, суртачлигаа. Метро барилаа гэхэд эрчим хүч нь мөн л асуудалтай байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадал том биш. Бөөрөлжүүт бол хувийнх. Тодорхой хэлбэл Голомтын Д.Баясаглангийх. Хятадын хөрөнгө оруулалттай энэ станц метрог цахилгаанаар хангах чадал нь хүрэлцэхгүй. Хүмүүст дандаа худал мэдээлэл тараадаг. Метро барих гэж байгаа хүмүүс л бродюр солиод байна. Үүнээс гадна метро барих Солонгосын компаниуд ТЭЗҮ-гээ үнэгүй хийж өгдөг. Гэтэл Ардын намын метро барих ТЭЗҮ 80 сая ам.доллар. Хүмүүс үүнийг мэдэхгүй байгаа учраас би гаднаас нь мянга орилох биш, дотор нь ороод шүүсийг нь шахаад өгье гэж бодож байна.

Жил бүр бродюр солиод байгааг олон нийт шүүмжилж байгаа. Та ч бас?

-Бродюр солихдоо ядаж ус зайлуулах хоолой хийдэг бол хамаа алга. Үүнд зарцуулж байгаа жил бүрийн төсвийг харахад Х.Нямбаатарыг Хотын дарга болохоос өмнө 2023 онд 600 сая байсан. Энэ жил 800 сая төгрөг. Бродюр Хятадад 8-10 мянган төгрөгийн хооронд л байгаа. Тендерт ялсан компаниудыг харахад нэг компани л гэхэд гурван тэрбум төгрөгийн тендерт ялсан байна. Үүний цаана нөгөө авлига албан тушаалын хэрэг байна. Ашиг сонирхлын зөрчилдөөн байна. Яагаад ч иргэдээ бодсон шийдвэр биш. Үүнийг шийдэх маш амархан. Манайх шилэн данстай гэдэг ч хэр баргийн хүн ухаж олж чаддаггүй. Тиймээс илүү нээлттэй болгох ёстой. Тендер ч ялсан компани ямар компани юм, дарга нь хэн юм гэхчилэнгээр хийсэн ажлаа тайлагнах ёстой. Олон нийтийн сүлжээнд үүнийгээ байршуулах ёстой. Илүү ил тод байвал иргэд өөрсдөө хяналт тавина.

Хүмүүсийн мэдэхгүй байгаа бас нэг асуудал бол хороод. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд маш олон хороо нэмсэн. Миний амьдарч байгаа Баянзүрх дүүрэг 25 хороотой байхад 43 хороотой болгосон. 18 хороог 10 тэрбум төгрөгийн урсгал зардлаар нэмсэн. Цэцэрлэгийн байргүй хэрнээ хорооны байр нэмдэг. Бодоод үз дээ, шигүү барилгатай “Натур”-т нэг хорооны байр бариад 43, 25 дугаар хороо гээд салгачихсан. Өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар сонгуульд бүртгүүлэхдээ бүртгэлээ тэр хорооны байрнаас биш өөрийнхөө утаснаас авч байгаа. Тэгвэл шинэ хороо бидэнд ямар хэрэгтэй юм. Тэрийг өдөр өнжүүлэх, цэцэрлэг болгоё. Иймэрхүү менежментээр хүртэл түгжрэлийг бууруулах арга байна шүү дээ.

Зарим хүмүүс таныг нэг нам, улстөрчийн захиалгаар жагсаалд оролцдог гэлцдэг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Авлига, албан тушаалын 22.1 гэсэн лоозон бариад суухаар ажлаа хий болгодог. Сүхбаатар дүүрэгт сандалтай суулт хоёр хоног хийнэ гэсэн зөвшөөрлийн бичиг ч байсан. Гурав дахь өдрөөс нь буу зэвсэг болоод ажлаа хий гэсэн зүйл орж ирсэн. Юмны наад цаадахыг мэддэг хүмүүс үүнийг ойлгоно. Миний амнаас ажлаа хий гэсэн нэг ч үг гараагүй. Уншиж байгаа хүмүүс ч бодох хэрэгтэй. 22.1 гэсэн заалтыг өөрчлүүлэхийг хэн захиалах вэ. 40-хөн сая төгрөгөөр торгодог толгой илсэн энэ хуулийн заалтыг солихын тулд тэр дотроос нэг хү нь намайг захиалаад сууж байх уу. Эцсийн дүндээ 2023 оноос дахиж торгохооргүй болсон. Үүний үр дүн нь аажимдаа гарна. 2018 онд авлига авсан хүнийг 2023 оны хуулиар шийтгээд байж болохгүй. Манайх хуульд захирагддаг улс. Тэрхүү хуулийг засаж залруулаад хөрсийг нь бэлдэж байна гэдэг нийгэм цэвэршиж байна гэсэн үг. Бусдаар би өөр ямар нэгэн жагсаал цуглаанд оролцоогүй. Хулгайчидтай хуулийн мэдлэгийн хүрээнд тэмцэж болдог шүү гэсэн мотивацийг би залууст өгөхийг хүссэн. МАН-ын том сайдуудын хулгайг гаргаж ирж байгаа сөрөг хүчин ч байхгүй байна. АН сая УИХын сонгуулиар зодуулж, зодуулж 44 суудал авсан. Энэ бол том тоо. Гэвч АН толгой “ёоёо”-той болохоор сөрөг хүчин шиг гарч ирж чадсангүй. Нийслэлийн АНын залуус цусаа сэлбэх, шинэчлэл хийх цаг болсон. Энэ их мөнгө, авлигын эсрэг зогсоод өгөөч гэсэн. Би АНаас дэвшихдээ МАН-тай эвсэхгүй гэсэн ганцхан л болзол тавьсан.

Хэрвээ та нийслэлийн төлөөлөгч болвол ямар асуудалд онцгой анхаарч ажиллах вэ?

-“Хүүхдэд ээлтэй хот” гэсэн АН-ын мөрийн хөтөлбөр бий. Миний хувьд хороодын асуудлыг цэгцлэнэ. “Зүүн 4” замыг гүүрэн гарцтай болгоно гэдэг МАН-ын 2016 оны амлалтыг биелүүлэх цаг болсон. Уулзвар гарцаа нэмэх хэрэгтэй. Улаанбаатарыг шилтэй сав гэж үзвэл машин, скүүтер нэмэгдсээр тэрхүү шилтэй сав дүүрээд байна. Ингээд багтаамжаа дийлэхгүй задармагц “скочоор наах” 37 тэрбум төгрөг, шинээр зам тавих 10хан тэрбум төгрөг төсөвлөөд байна. Бидэнд шинэ зам, шинэ гүүр хэрэгтэй. Ядаж л хотын стандарттай барилга хэрэгтэй. Барилгуудыг B 1, 2 давхартаа машины зогсоолтой болгочихвол дэлхийн хотуудтай ижилхэн стандарттай болно. Эрх баригчид гадагшаа явахдаа яагаад энд зогсоол хийсэн юм бол гэж ерөөсөө бодохгүй байна. Бродюрыг авч ирж солихоос өөр юм хийхгүй.

Машин унана гэдэг хүний эрхийн асуудал. Иргэн ажил хөдөлмөр эрхлээд олсон мөнгөөрөө машин авч унамагц тусгай зөвшөөрөл гаргаж долоо хоногийн нэг өдөр нь унуулахгүй байна гэдэг Үндсэн хууль зөрчиж байгаа нэг хэлбэр. Тэгш, сондгой хуваарьт орвол иргэд гурван өдөр машинаа унахгүй. Нийслэл сая 500 мянга гаруй хүн амтай. Бусад хот шиг тэрбумаар тоологдох хүн амгүй. Том хот ч биш. Гэтэл нэг тэрбум хүн амтай хот түгжрэхгүй болоод байна. Тиймээс түгжрэлийг шийдэхгүй бол болохгүй.

Цэцэрлэг сургуульгүй хэрнээ хороо барьж байгаа нь МАН-ын бодлого. Цэцэрлэг сургуулийн хүртээмж нэмэгдвэл аав ээжийн ажлын бүтээмж нэмэгдэнэ. Үүнийг дагаад амьдралын чанар нь нэмэгдэнэ. Үүнийг эрх баригчид мэдэхгүй тэнгэрийн зүйл яриад байна. Иргэд хөрсөн дээр буулгах хүмүүсээ сонгох хэрэгтэй. Гэр хороололд хүртэл хорооны байр барьж байна. Эмнэлэг байхгүй хэрнээ хорооны хэдэн авгай нарыг тэжээж, улсаас мөнгө гаргах ямар шаардлага байгаа юм. Энэ үйлдлүүдийг зогсоохын тулд сонгуульд өрсөлдөж байна.

Бид өөрсдөө цахилгаан, бензинээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол өөр улс хараад байх шаардлагагүй. Ковидоор хил хаагдахад Хятадаас эдийн засгийн хувьд 100 хувь хараат гэдгээ тод мэдэрлээ шүү дээ. Түүнчлэн дотроо аж үйлдвэр нэмнэ. Аж үйлдвэр хөгжвөл залуус ажилтай болж, тэлж хөгжих боломжтой болно. Тиймээс амьдрах орчныг бүрдүүлж, татвараа бууруулж, замаа тэлж, бодлогоороо аж үйлдвэрээ дэмжих хэрэгтэй. Аж үйлдвэр барьж чадахгүй байж мянга гаднаас ажиллах хүч оруулж ирээд нэмэргүй. Бид хоёр хөршөөсөө хараат байна. Энэ хоёр хаалгаа хаахад тоггүй, бензингүй, хүнсгүй болно. Монголын залуус ажилтай тулдаа зээлтэй, зээлтэй тулдаа бараг оршиж байна. Бид “нар үзэх”-ээс өнгөрсөн. Харин бидний хойч үе үүнээс өөр нийгэмд амьдруулахын тулд бид арай дээр байх ёстой.

-Агаарын бохирдлыг бууруулах үүднээс хагас коксжсон нүүрс туршихаар болсон. Үүнийг та хэр оновчтой бодлого гэж харж байна?

-Хагас коксжулсан нүүрс гэдэг нь нүүрсийг дахин боловсруулж утаа тортгийг нь багасгана гэсэн үг. Нүүрсийг будаа гэж үзвэл түүхий будааг Хятад руу гаргаад Хятадаас агшаасан будаа импортолж байна гэсэн үг. 2012 онд барих байсан хагас коксжсон нүүрсний үйлдвэрийг төсвийг Ч.Хүрэлбаатар идсэн учраас би “орилсон”. Хэрвээ тэр үйлдвэр баригдсан бол тэр олон хүн утаанаас болж үхэх байсан уу.

Бидэнд шахмал түлш гэдэг хор гаргаж өгсөн. Тэрийг нь бүтэн жил түллээ. Энэ өвөл дахиад л түлнэ. Өөр гаргалгаа байхгүй. Эсвэл хагас коксжсон нүүрс Хятадаас авна. Бид ийм л өрөвдөлтэй улс болоод байна. Ч.Хүрэлбаатар хагас коксжсон нүүрсний үйлдвэрийн төсвийг ахынхаа 10 жилийн ангийн хүүхдэд өгөөд идсэн. Түүнийг нь би дэлгэсэн. Хэрвээ би худлаа ярьсан бол өнөөдөр шоронд байх ёстой. Х.Болорчулуун сайд ч намайг удаа дараа шүүхэд дуудсан. Би ялаад л гараад ирсэн. Би хоёр сайдыг хуулийн дагуу ялсан. Энэ олон залууст би үүнийг л ойлгуулах гээд байгаа юм. Залууст ойлгох нэг өдөр ирнэ байх. Нийгэм сайхан болно. Гэрэл гэгээ харагдаж байгаа.

Х.Нямбаатар намайг багаасаа лайв хийсэн гээд байна лээ. Би багадаа Орхон аймагт сагс тоглож байсан. Юун лайв хийх. Х.Нямбаатарын шилэн хүзүү одоо татаж байгаа биз. Учир нь тэр газрын наймааг цэцэглүүлж байна. Болоогүй бүр давраад Богд уулын нийслэлийн тусгай хамгаалалттай газрын удирдлагыг нийслэлийн удирдлагад шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, Богд уул, Зайсанд хаусны газар өгөх гэж Х.Нямбаатар улайрч байна. Яривал олон зүйл бий. Гэхдээ би МАН шиг өөрийгөө өргөх зүйлийг ерөөсөө ч хийхгүй. Энэ удаагийн сонгууль хулгайч гэмт хэрэгтнээрээ ялгарсан сайхан сонгууль болох гэж байна. Гол нь иргэд ухаалаг л хандах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

МҮОНРТ-ын удирдлагыг өөрчилж гурван намаас хүн томилох хэрэгтэй байна DNN.mn

Радио телевизийн 90 жилийн ой болж тэд маань хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа биз ээ. Яг энэ үе буюу хүмүүсийн анхаарлыг татаж байгаа үед нь хэдэн үг хэлмээр байх юм. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз цаг үеэсээ мөн ч их хоцрогджээ. Үүний нэг тод жишээ л гэхэд Оросын ерөнхийлөгч В.Путины айлчлалд зориулж “Халх голын дайн” нэвтрүүлгийг бүтэн хоёр сарын турш тасралтгүй гаргалаа. Дайн гэдгээ сүүлдээ байлдаан гэх болсон юм уу даа.Нэвтрүүлгийн үеэр Цэргийн музейн тайлбарлагч “Халх голын дайнаар манай улс жаахан л газар нутгаа алдсан” хэмээн тайлбарлаж зогсох юм. Энэ юу гэсэн үг вэ. Сөөмхөн газрын төлөө ч цусаа харамлахгүй тэмцэлд хэмээн ухуулж, сэнхрүүлдэггүй биш билүү.

Гэтэл Монголын газар нутгаас бүхэл бүтэн Мана уул, Нөмрөгийн голын зүүн эргийг алдсан Халх голын байлдааныг Монголын тусгаар тогтнолын гол дайн мэтээр хоёр сар ухуулж байх юм. Угтаа “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэх өвгөдийн захиастай гэж хийрхээд байдагсан, юу болсон бэ гэж асуумаар. Бурхан газар гуйн ч гэж юу байхав дээ, өөрөө бүтээчихээд, дараа нь хэдэн малчнаас газраа өгчих гээд л явна гэж сэтгэх бол мөн ч далийж байгаа юм шүү.

Тэгээд ч Япон Монгол руу дайтах санаа огт байгаагүй юм биш үү дээ, шинээр илэрч байгаа баримт фактуудаас харж байхад. Нөгөө Гэндэн сайдын “Дуртайгаараа Япон Орос хоёр л байлдана биз” гэж байсан үнэн л юм байна. Манай радио телевиз Японы NHK телевизээс мөн ч их тусламж дэмжлэг авдаг байсан даа. Бараг тэрийгээ бодоод ичмээр юм, Японыг дайсан гэж сурталчилж байхдаа. Монголын ард түмэн бол хүнд үед тусалсан япончуудыг мартаагүй байгаа.

Газар нутгийн ямар ч маргаангүй цэвэр Монголын газар нутаг Мана уулаа бусдын гарт алдчихаад энэ нь ялалт, гавьяа мэтээр өнөөдөр ярьж сууна гэдэг ямар нүд халтирам үзэгдэл вэ. Үүгээрээ энэ телевиз Монголын гэхээсээ илүү Оросын суртал ухуулгын дуу хоолой болсон мэт харагдаж байна. “Шалихгүй ээ, багахан л газар нутгийг алдсан шүү дээ” гэж ухуулбал энхийн бус цагт хэн эх орныхоо төлөө амиа үл хайрлан тэмцэх юм бэ. Энэ үгээрээ Монголын залууст ямар дархлааг бий болгох гээд байна вэ.

Загас толгойноосоо эхэлж мууддаг гэдэг. Тиймээс энэ телевизийн удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөх цаг хэдийнэ болж. Учир нь өнөөгийн Монголын залуус тэс өөр болсон гэдгийг тэд мэдрэхгүй хоцрогджээ. Үзэгчдийнхээ үзэж харж, сонсож байгаагаас хэдийнэ хоцрогдсон, тоож харахааргүй контент их хийх юм.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар “үндэсний соёл, урлаг, түүх, ёс заншил, уламжлалыг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, хүрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих” бодлого туссан байдаг.

Гэтэл ёс заншил, уламжлалыг сурталчилна гэхээр малын тухай, малчдын амьдралын тухай, бөөгийн тухай, нум сумны тухай, их сайндаа мөнгөн аяга, эмээл хийж байгаа тухай утга агуулгын хувьд хэтэрхий сонирхолгүй, уйтгартай нэвтрүүлэг гарах юм. Бидэнд тэгээд үүнээс өөр ёс заншил байхгүй хэрэг үү. Ямар сайхан жудагтай хүмүүс байсан тухай хийж болохгүй юү. Ийм юм л гол ёс заншил биз дээ. Вертуалжсан сошиал, дижитал зонхилсон ертөнцөд амьдарч байгаа орчин үеийн залуус тэр мал маллагааны тухай, чөдөр яаж зангидах тухай нэвтрүүлгийг чинь ойлгохгүй шүү дээ.

Өөрөөр хэлбэл, уйгаржин монгол бичиг байтугай кириллээр ч зөв бичиж чадахаа байчихсан өнөөгийн залууст Монголын нууц товчоог уйгаржин галигаар уншуулж бичүүлэхтэй л адил ойлгомжгүй зүйл. Ках гух гэсэн л юм уншигдана биз дээ.

МҮОНРТ-ийн редакцын бодлого, нэвтрүүлэг хэт хоцрогдчихоод байгаа нь контентоос нь ийн нэвт шувт харагдах боллоо. Дэлхийн контентуудын хажууд яая дээ гэж чамламаар харагдах юм. Уг нь техник технологийн хувьд шинэчлэгдэж орчин үеийнх болсон юм билээ. Ер нь контент хийхэд авьяас, сэтгэл, мэдрэмж, ур чадвар чухал. Өндөр чадвартай техник технологи шаардлагагүй гэдгийг дэлхийн олон сая блогчид, олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нотолж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт мобайл сэтгүүл зүй өнөөдөр хүчээ авч байна. Үнэтэй, нүсэр техник чирч явж байснаас өдөр тутмын мэдээллийг утсаараа хийчихэж болж байна шүү дээ. Гэтэл МҮОНРТ-д техник нь байгаа ч, хүн хүч нь байгаа ч нийтлэл нэвтрүүлгийн бодлогыг зангидаж яваа удирдлага, зохион байгуулалтын багийн харах өнцөг, бодлого өнөө үеийг гүйцэхгүй хоцрогдчихжээ.

Удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, солихыг шаардах эрх олон нийтэд бий. Учир нь хуулиар Монголын үндэсний радио, телевиз олон нийтийн өмч. Тиймээс дуугүй хаямааргүй байна.

Гурван нам хамтарч Засаг барьж байгаа энэ үед удирдлагын багийг гурван намд хариуцуулъя. Өөрөөр хэлбэл, Үндэсний зөвлөлийг нь шинэчилж, МАН-д ерөнхий захирлыг нь, АН-д дэд захирлыг, ХҮН намд Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргыг хариуцуулж өгье. Ядахдаа одоо байгаа Оросын суртал ухуулгын үүрэг гүйцэтгэхээсээ арай дээрдэх байх гэж горьдож байна.

Тэгэхгүй бол радио сонсдог хүнгүй боллоо. Нэр хүнд нь ч дахиж сэргэхээргүй боллоо. Сар бүр хураамж татвар төлдөг ч үзэж харчих юм алга гэх шүүмжлэл өнөөг хүртэл олон нийтийн дунд амь бөх оршсоор л байна. Аргагүй шүү дээ. Нэг бол социалист Оросын киногоор “бөмбөгдөнө”. Нэг бол зөвлөлт Оросыг дэмжсэн суртал ухуулгатай нэвтрүүлэг мэдээллээр “бөмбөгдөж” байна. Радио ч ялгаагүй.

Иргэдийн өргөн хэрэглэж байгаа төрлийн нэг бол радио. Орон нутаг ч, хотод машиндаа ч радио, fm эрэлттэй байдаг. Гэтэл мөн л Монголын радио сонсогчдоо алдаж байна. Хуучин цаг тутам таван минутын мэдээ түгээсэн болдог байсан бол одоо заримдаа өнждөг болж хэмээн сонсогчид нь шүүмжилж байх юм. Тиймээс МҮОНРТ-ийг шинэ шатанд гаргаж шинэчилмээр байна.

Мөн удирдлагын баг хуулиар хүлээсэн бодлого, нийтлэлийг түгээдэг болмоор байна. Хэдий хүртэл зөвлөлт Оросын школоор явж, хуучирсан нийгмийн үзэл суртлыг Монголын өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр тараах вэ. Одоо өөрчлөх цаг нь болсон. Ийм үүрэг УИХ-д ч ирж байна.

Олон нийтийн хэвлэл мэдээлэл бол нийгмийн соён гэгээрүүлэх үүрэгтэй. Эх оронч, ирж байгаа нийгмийн нэг гишүүн нь болж өсөх ёстой. Ийм учраас ч татвараар санхүүждэг. Аль нэг намын дуу хоолой болох учиргүй. Нийгмийн хөгжил дэвшлийг чиглүүлэгч гол луужин нь. Тиймээс хуучирч муудсан буруу чигийг заадаг, эх орноо үл хүндэтгэдэг, үзэгчид сонсогчдоо хүн гэж боддоггүй хуучин удирдлагыг нь солихгүй бол гадны дурын орны үзэл суртлыг тараагаад эх орондоо хайргүй хүмүүс болгон харагдуулах нь байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батханд: Өндөр албан тушаалын хүн хэдэн залууг багаасаа хулгай хийж ирсэн бацаанууд гэж хэлнэ гэдэг бол улс төрийн маш том алдаа DNN.mn

Эрхзүйч, сэтгүүлч О.Батхандтай ярилцлаа.


-Та төрийн хариуцлагатай албан тушаалууд хашиж байсан, мөн хэвлэлийн салбарт олон жил ажилласан хүн. Өнгөрсөн хугацаанд хаана хаана ажиллаж ирэв?

-Би эрхзүйч, сэтгүүлч мэргэжилтэй. Аав маань намайг “Эмэгтэй хүн хос мэргэжилтэй яв. Хуультай нийгэмд амьдарна, эрхзүй судал” гээд 2000 онд хөтөлж яваад хуулийн сургуульд оруулж байсан. Би өөрөө сонирхлоороо Хүмүүнлэгийн ухааны их сургуульд зэрэг элсэн орж, сэтгүүл зүйн чиглэлээр давхар суралцан 08.00-20.00 цагт сэтгүүл зүй болон эрхзүйн чиглэлээр их сургуульд суралцдаг байсан. Надад өдөртөө нэг сургуулиас нөгөө сургууль руугаа хүрэх 20-хон минут л чөлөөт цаг болж, энэ хугацаанд алхах зуураа хооллож хуулийн сургууль руугаа ордог байлаа. Төрийн ордны хоёр талд байдаг хоёр сургууль байсан болохоор ойрхон зайтай. Одоо бодох нь ээ, сайхан дурсамж үлдэж дээ. Сургуулиа төгсөөд анх ТВ-9 телевизэд сэтгүүлч, гадаад харилцааны албаны даргаар ажиллаж эхэлсэн. ТВ-9 телевизэд ажиллаж байхад УИХ-ын Тамгын газраас санал ирж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай байх үед Их хурлын хэвлэлийн албан албанд сэтгүүлчээр ажиллаж байсан. Ингээд тухайн үед Ч.Даваабаяр захирал ETV HD телевизийн захирлаар ажиллах санал тавьсан. Тэрээр маш няхуур хөдөлмөрч хүн учраас телевизийг хэрхэн удирдахыг сурахаар саналыг нь хүлээн авч байлаа. Мөн УИХ-ын гишүүн агсан Батхүү гуай намайг NTV телевизийн Медиа группт медиа хариуцсан захирлаар ажиллуулж байсан.

Тэрээр амьд ахуйдаа “Би чамайг медиа группын ерөнхийлөгчөөр бэлдэж байгаа шүү” гэж надад хэлж байсан нь одоо ч өчигдөрхөн юм шиг тод санагдаж байна. Төд удалгүй УИХ-ын Тамгын газраас УИХ-ын хэвлэлийн албаны даргаар ажилла гэж үүрэг ирсэн. Би төрд ажиллах үүрэг авсан учраас Г.Батхүү даргаас уучлал гуйгаад УИХ руу явж байлаа. Тэгээд УИХ-ын дарга З.Энхболдын хэвлэлийн төлөөлөгчөөр гурван жил ажилласан. Мөн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын Хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн албаны даргаар ажиллаж байлаа. Бас Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуайн гадаад орнуудад хийх олон улсын хурал цуглаан бүрийг хариуцан ТВ-9 телевизийн сэтгүүлч байхдаа сурвалжилж явсан даа.

-Улстөрч бүр өөр өөрийн харизмтай байдаг. Энэ хугацаанд юу бодогдож байсан бэ?

-Би нэг л зүйлийг боддог. Ер нь эцэстээ нам, улс төр гэж хэт хоёр туйл руу туйлшрах биш жинхэнэ монгол хүн байх, Монголын ард түмний хүн байх гэдэг асар чухал юм байна гэдгийг мэдсэн. Монголын томоохон улстөрчид, төрийн тэргүүнүүд өөр өөрийн харизмтай, зарчимтай, өөр өөрийн өнгөөр түүхэнд тод үлддэг. Тэр бүхний гэрч болсондоо би баярладаг. Төрийн өндөрлөгүүд намайг итгэж ажиллуулсанд ч би хувь заяандаа өөртөө талархдаг. Би дарга болъё гэж гүйж очиж байгаагүй. Үүрэг авч, бас санал ирснээр төрд зүтгэж байсан гэж боддог. Ирээдүйд эдгээр Монголын түүх болсон нөлөө бүхий эрхмүүдээр ном бичнэ гэж төлөвлөдөг. Бас улс төр үргэлж, сэргэн мандалт биш, уналт, урвалт, ухаарал гээд маш олон гинжин холбоон дунд байдаг юм билээ. Хамгийн сүүлдээ улстөрчдөд хамгийн чухал үе бол уналтын үе нь гэж хардаг болсон. Тэр үед хүн бүхэн нүүрний маскаа авдаг, жинхэнэ бодит үнэн төрхийг олж харж чаддаг. Тэр үед нь л хүн бүхэн хүн байгаасай гэдгийг харж мэдэрч ирсэн дээ. Тиймээс би таньдаг мэддэг улстөрчдийг унасан үед л адлаж, мандсан үед нь баяр хүргэж гүйх дургүй. Би зүгээр л зөв замаар чимээгүй ажлаа хийж байгаа Батханд байхыг л хүсдэг.

-Зөв замаар чимээгүй урагшилж байх нь бас л тухайн хүний хүмүүжил, этиктэй холбоотой юм шиг ээ…?

-Алдаа оноотой, зовлон жаргалтай амьдралыг хүн бүхэн туулдаг. Гэхдээ хуультай нийгэмд хуулиа дагаж, хулгай хийхгүй амьдрах нь чухал. Өнөөдөр Монголын нийгэмд байгаа хамгийн том хорт хавдар бол төсвийн хулгай, байгалийн баялгийн хулгай, авилга хээл хахууль болсон. Ямар ч хүн төрөөс нэг ширхэг зоос ч авч болохгүй. Тэр чинь төрийн мөнгө биш. Ард түмний татварын мөнгө. Төсвийн мөнгөний хулгай гэдэг бол хамгийн энгийнээр өлссөн хүүхдийн талхны мөнгийг дээрэмдэж авч байгаа гэмт хэрэг юм даа. Байгалийн баялгийн хулгай бол эх орон ард түмнээ суйлж байгаа хэлбэр. Тиймээс одоо ард түмэн маш ухаантай хэрсүү болсон, төсвийн хулгай, байгалийн баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй, хулгайчийг зайлуулъя гэдэг нийгэм бий болсон байна шүү дээ. Монгол Улс түүхэндээ ганцхан удаа ахмадуудын тэтгэврийг байгалийн баялгаараа тэглэж байсан удаатай. Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гэсэн гурван өндөрлөг санал нэгдэж олон ахмадын тэтгэврийг тэглэж байсан. Яг энэ практик буюу байгалийн баялгийн орлогыг хүн бүр тэгш хүртдэг тэр нийгмийг байгуулж чадвал монголчууд өр зээлгүй, өвчин зовлонгүй, стресс бухимдалгүй, амар амгалан, биенээ үзэн яддаггүй нийгэм ирнэ. Тэр нийгмийн төлөө хүн бүр хичээх зүтгэх хэрэгтэй.

-Байгалийн баялгийн хулгай, төсвийн хулгай асуудалтай яаж тэмцэх хэрэгтэй гэж боддог бэ?

-Ерөөсөө С.Зориг агсны хэлснээр нэгдүгээрт улс орны эрх ашиг. Ард түмэн нэгдүгээрт гэдгийг энэ улстөрчдийн өрөөний ханан дээр томоор бичээд тархи, зүрхэнд нь шивж суулгах хэрэгтэй. Бас тийм тархи зүрхтэй хүмүүс ард түмний төлөө ажиллах ёстой. Энгийнээр бодоход хүний сав ёроолоор байхад хэцүү, халихаараа бүүр ч хэцүү, дундуур сайхан бай гэж ахмад буурлууд хэлдэг. Бүгд дундуур сайхан амьдралдаа сэтгэл ханах хэрэгтэй. Их зүйлд шунах тусам их зовлон ирнэ гэж боддог. Социализмын үеийн дарга нар шиг мөнхөд хайрлагдах нэртэй, үлдэх мөртэй байхыг л одоогийн дарга бүр бодох хэрэгтэй. Тэрнээс хэт их алт мөнгө, авдар сав цуглуулаад аз жаргал гэдэг зүйл ирэхгүй ээ. Зүгээр л ард түмний хүн байгаач, чадвал нэг ядарсан хүүхдийн амьдралд чимээгүйхэн гэрэл асааж боломж олго, тэрийгээ зарлах ч хэрэггүй, эргээд буян нь булаг шиг ирэх байлгүй дээ гэж өнөөдрийн дарга сайд нарт хэлье дээ. Өөр юу ч хэлэх билээ би. Зүгээр албан тушаалын өндөр сэнтийгээсээ түр буугаад гэртээ харих замдаа зангиагаа тайлаад машины цонхоор харж явахдаа би хүний төлөө юу хийсэн бэ, өөрийнхөө төлөө юу хийж байгаа вэ гэдгээ вакум орчин, магтагч хүрээлэгчдээс холдоод нэг хором ч гэсэн бодож үзэх зүрхтэй байгаарай. Эцсийн дүндээ хүн гэдэг Хөдөлмөрийн баатар Хурц гуайн хэлснээр алдар хүнд, магтаал сайшаал биш, эд хөрөнгө элдэв зүйлээрээ биш бид тэр нутгийн тэр овогтой тэр гэдгээрээ л үлддэг юм билээ гэж боддог.

-Овог гэснээс та Осормаагийн Батханд гэж ээжээрээ овоглодог байх. Аав тань нэр яруу найрагч, цогтой тэмцэгч Зундуйн Дорж гэж эх оронч хүн байсан. Та яагаад ааваараа овоглоогүй бэ. Хүмүүс Зундуйн Дорж гуайн охин мөртлөө түүнээр овоглоогүйд нь асуудаг байх?

-Тийм ээ. Миний аав “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян” хэмээн тунхаглаж байсан Зундуйн Дорж гэж яруу найрагч хүн байсан. Бараг хүн болгон л чи О овогтой юм яагаад гэж асуудаг. Тэр бүрт би хувийн амьдралаа тоочих албагүй. Харин энэ удаа сонгууль болох гээд Дорж гуайн охин биш, З.Дорж гуай гандангийн хүрдэн дээрээс олсон хүүхэд л гэнэ, бутач хүүхэд гэнэ үү янз янзаар бичсэн харагдсан. Би үнэхээр гайхдаг л даа. Яагаад миний овог тийм сонирхолтой гэж. Намайг төрөхөд миний аав ХБНГУ-д радиод ажиллахаар явсан байсан. Тэр хугацаанд би төрсөн. Дүрэм, журмаараа төрсөн хүүхдийг нэг сарын дотор гэрчилгээг авах ёстой байдаг гэсэн. Тэгээд л хорвоод мэндэлсэн өлгийтэй Батханд ээжийнхээ овгоор овоглож байсан юм билээ. Аав маань ард түмэндээ хайрлагдсан, жинхэнэ эх оронч, жинхэнэ цогтой тэмцэгч, Монголын төлөө шатах зүрх сэтгэлтэй тийм л хүн байсан. Шүлэг бүр нь, үлдээсэн үг бүр нь миний аавыг Монголын хүү байсныг харуулдаг. Би алдар нэртэй ааваараа овоглоод овгоо сольж болох л байсан. Гэхдээ би өлгийтэй жаахнаас минь өдийг хүртэл өсгөсөн ээжийгээ гомдоохыг хүсээгүй юм. Би гадаад дотоодод хурал уулзалтанд их оролцдог байлаа. Гадныхан овгоор дууддаг тал бий. Уулзалтанд миний урд Батханд биш хатагтай Осормаа гэж англиар ихэвчлэн бичсэн байдаг байсан. Ээждээ явуулахаар хүүеээ гээд л их баярладаг, миний охиныг ээжийнх нь нэрээр дуудсан байна гээд. Тэр бүхнийг би харж мэдэрч суухдаа би ээж минь баяртай байна гэж боддог байсан. Тиймээс замыг минь сүүгээр мялааж, сэтгэлээ хоёр хуваан намайг гэдэг ээжийгээ гомдоож овгоо солихыг хүсээгүй, солихгүй бас. Гэхдээ миний аавын цус миний судсаар урсаж байгаа цагт би аавынхаа хийж бүтээх ажлын үргэлжлэл байх болно. Аав маань сүүлд бичсэн “Америк бүсгүйчүүдийн инээмсэглэл” нэртэй номондоо миний зургийг “Миний охин Батханд АНУ-ын Харвардын их сургуулийн босгоор давж суралцаж байгаа” хэмээн миний зурагтай хамт бахархан оруулсан байсан. Би эх оронч хүний хүүхэд гэдгээрээ, би төрд нэг өдөр ажиллаагүй өөрийн хөлс хөдөлмөрөөрөө сайхан зам мөртэй олонд хүндлэлтэй явдаг ээжийн охин гэдгээрээ би бахархдаг. Хүмүүс аавынхаа нэрийг барилаа гэсэн байна. Би төрөхөөс үхэх хүртлээ аавыгаа ээжийгээ ярьсаар байх болно. Би өөр хэнийг ярих юм бэ. Би ээж ааваа үргэлж очсон газар бүртээ ярих болно. Хүн бүхэн аав, ээжээ л ярьж бахархдаг байлгүй дээ.

-Аав тань малын хулгайтай тэмцэж Эрүүгийн хуульд малын хулгайн заалтыг оруулж байсан гавьяатай хүн шүү дээ?

-Тиймээ. Аав маань ухамсарт амьдралаа яг миний түрүүн хэлсэн өөрийнхөө төлөө биш, малчин ардын төлөө зориулсан хүн. Япончууд бэлэглэсэн цагаан машинаа унаад, малын хулгайтай тэмцэхээр галтай цогтой тэмцэж байсан аав маань хааяа нүдэнд харагддаг. Буянт малд бузар бүү хүргэ гээд, адуу малаа зодож байгаа хүнд аав маань их дургүй байсан. Би аав шигээ адуу малынхаа төлөө тэмцэж байгаагүй, адуу малын зүс ч сайн мэдэхгүй л дээ. Худлаа хэлээд яахав. Гэхдээ би аавынхаа хийж байсан хулгайтай тэмцэх үйлсийг төсвийн хулгайч нартай тэмцэх ёстой гэж өөртөө хэлдэг, бодож явдаг. Аав маань Мал хамгаалах нийгэмлэгийн тэргүүн байхдаа 1993 онд Эрүүгийн хуулийн 123.1 дүгээр заалтад мал хулгайлах гэмт хэргийн заалтыг оруулж байсан юм билээ. Үүнийг “Зундуйн Доржийн заалт” ч гэж хуулийн хүрээнийхэн ярьдаг юм билээ. Мал бол сандал, ширээ шиг эд зүйл биш. Өсөж үрждэг амьдралын эх үүсвэр Цаашилбал улс орны эдийн засгийн хөгжлийн хамгийн гол салбар. Тухайлан ач холбогдол өгч хамгаалахгүй бол орон байрны хулгайтай адилтгаж үзвэл малын хулгай буурахгүй гэж аав хэлдэг байсныг хүмүүс өнөөдөр ч ярьдаг. Ерөөсөө аав маань малын хулгайтай тэмцэж байсан шиг хүн бүр төсвийн хулгайг шат шатанд нь таслан зогсоохгүй бол манай улс хөгжихгүй ээ. Хүүхэд бүр тэгш боломж эдлэхгүй. Ирээдүйгээсээ зээлдэж, өр тавьж болохгүй. Өнөөдөр нэг монгол хүнд ноогдох өрийн хэмжээ 35 сая орчим төгрөг болсон байна. Төрсөн хүүхдээс эхлээд өтөл буурлууд хүртэл 35 саяын өртэй. Гэтэл ард түмэн дансандаа үлдэгдэл мөнгөгүй, талхны мөнгөгүй, үр хүүхдийнх нь гэдэс өлсгөлөн байхад зарим улс төрчид төрийн ордонд улаан хивсэн дээр шинэ гуталтай алхаад яах юм бээ. Нийгэм үе солигдоно, тэд үеийн үед хулгайч нэртэй үлдээд зогсохгүй гэмгүй хөөрхий хүүхдүүдээ ч хулгайчийн хүүхэд гэсэн нэрэнд унагана шүү дээ. Бизнес хийж, баялаг бүтээдэг бол өөр хэрэг. Харин цэвэр төрийн ажил хийгээд тэрбумтан болж байгаа бол ёстой төсвийн хулгайч, тендэрийн хулгайч гэдэг чинь шүү дээ.

-Та Ардчилсан намын хүн. Энэ удаагийн орон нутгийн сонгууль нэлээд ширүүн эхэлж байх шиг байна. Хотын дарга өнгөрсөн долоо хоногт АН руу чиглэсэн мэдэгдэл хийлээ. 30 женкочид буюу ажил хийж үзээгүй багаасаа хулгай луйвар хийсэн лайвчин, шантаажчид нэр дэвшиж байгаа гэж тэр хэлсэн. АН үнэхээр тийм хүмүүс нэр дэвшүүлж байгаа юм уу. Хотын даргын хэлсэн зүйлд та ямар байр суурьтай байна вэ?

-Хотын даргыг би зарим хийж байгаа ажлууд дээр нь дэмждэг. Би эсрэг нам байлаа гээд тэр хүний бүх үйлдлийг жадлан эсэргүүцвэл маш ухамсаргүй этгээд болно. Хувь хүн, хэн гэдэг нь бидэнд хамаагүй. Хотын даргыг албан тушаалаар нь харна, хүндэлнэ. Гэхдээ би үнэхээр гайхсан. Тийм өндөр албан тушаалын хүн хэдэн залууг багаасаа хулгай хийж ирсэн бацаанууд гэж хэлнэ гэдэг бол маш том улс төрийн алдаа, улстөрчийн хазгай гишгэлт. Хүн өндөр албан тушаал хаших тусмаа бусдыг доромжлох, гүтгэх, эсрэг намаа илт харлуулах нь ёс зүйн хувьд байж болохгүй. Залуу женкочид гэдэг нь ямар ч утгатай юм. Харин Женко гээд хэлэгдээд байгаа хүн нь хэн нэгэн яаж ч дайрч, доромжилж байсан нэг удаа гарч ирээд хэрүүл хийж, хов ярьж байхыг би хараагүй юм байна. Тамирчин хүний оюуны тэвчээр юм болов уу даа. Гэхдээ хотын дарга Хуульзүйн сайд байсан хариуцлагатай хүн шүүхээр гэм буруутай хулгайч, шантаажчин нь тогтоогдоогүй байхад 20-30 хулгайч гэж хэлэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Нөгөө бусдын талаар илт худал мэдээлэл тараавал Эрүүгийн хуулийн 13.14, Иргэний хуулийн 21 гээд хуулийн заалтууд бүхэлдээ бусдыг гүтгэх, доромжлох, илт худал мэдээлэл тараахтай холбогдсон зүйл ангиуд. Тиймээс хууль шүүх гэж хотын даргатай яриад яахав, надаас илүү хуулиа мэддэг ухамсартай хүн байхаа. Харин монгол хүний хувьд хулгайч байвал хулгайчаа нэрээр нь хэлээд, бусдаас нь уучлал гуйвал би тэр хүнээр бахархана. Япон, Солонгосын улстөрчид буруу үйлдэл хийвэл уучлал гуйдаг. Энэ бол буулт хийж буй биш харин маш том улс төрийн соёл гэж би боддог. Ер нь монголчууд хэт бид анархист биш нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг л бодох ёстой. Бас эрх дагаж, үүрэг ирдэг. Үүргээ хааяа умартаад хэт их эрх эдлээд байгаа санагддаг. Багаасаа хулгай хийсэн хүн бол одоо эрх нь хязгаарлагдсан л байгаа байх. Хулгай хийгээгүй, төрөөс сохор зоос, хугархай тэвэн авч байгаагүй, авах ч үгүй, тендер, ждү, концесс, нүүрс юу билээ тэр хууль бус бүхнээс би маш хол явж байгаа болохоор ил зоригтой яриад байна л даа. Яахав ингэж дуугарлаа гээд эмэгтэй хүнийх нь хувьд харлуулах, илт худал мэдээлэл тараах үйлдэл гарвал би ч бас эцсээ хүртэл, хуультай улсад амьдардагаа олон нийтэд нээлттэйгээр өдөр бүр ярьж харуулаад байж чадна. Би хулгай хийж, хууль зөрчиж байгаагүй болохоор юунаас ч айдаггүй. Ирээдүйд хулгай хийхгүй учраас бас юунаас ч айхгүй байна.

-Сүүлийн найман жил завсаргүй засагласан Ардын нам хотод юу хийв?

-Энэ ерөөсөө найман жил биш. Түүхэндээ хотын даргыг ганцхан удаа Э.Бат-Үүл дарга АН-аас хийж байсан. Бусад бүх хугацаанд хотын даргыг Ардын намын дарга нар удирдаж байлаа. Тэртээ 1996 онд байхаа, Баасанжав гээд хотын дарга байсан хариуцлагатай эрхэм М.Энхболд гуайд за би цэвэр устай карантнаас нь ус гоождог Улаанбаатар хотыг хүлээлгэж өглөө гэж ажлаа өгч байсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөдрийн Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаагүй түлш нэртэй угаартуулах бодис, түгжрэл, газрын наймаа, авилга хороолол энэ бүхний буруутан хэн бэ, иргэд өөрсдөө л бод. Би хэн нэгнийг харлуулах, муулчлах дургүй. Тиймээс тэр энэ тэгээд ингээд гэх мэт тогооны юм ярьмааргүй байна. Өөрөө баатар болох гэж бусдыг харлуулж бас суумааргүй байна. Өөрөөр бодлого, бодит ажил гэх мэт хариуцлагатай зүйлсдээ л анхаарлаа хандуулсан дээр.

-Хэрэв нийслэлд АН ялалт байгуулбал хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

-Сонгуулийн хуулийн дагуу амлалт өгөх, сонгууль ярих боломжгүй байна зөвөөр ойлгоорой. Хуультай улсад хуулиа л дагая даа .(Инээв)

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Яруу найрагч ба энэ хорвоо” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Халдвараас сэргийлэлт хяналт, дархлаажуулалтын албаны дарга А.Дэлгэрбаяр “Улаанбурхны вакцин хийлгэснээс хойш сарын дараа томуугийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой” хэмээв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Говьсайха “ХОТ бол Хүндээ ээлтэй, орчноо сайжруулсан, төлөвлөлтөө хэрэгжүүлсэн цогц бодлогын нийлбэр юм”  гэснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

АН-ын удирдлагууд хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Яруу найрагч ба энэ хорвоо нийтлэл хэвлэгдлээ.

 

НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн гуравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Отгонтөгс “Гаднаас нь мянга орилох биш, дотор нь ороод шүүсийг нь шахаад өгье гэж бодсон” гэв.

Цагдаагийн ахмад А.Итгэлт “Фэйсбүүкт амьдралаа дэлгэх нь романс залилангийн хохирогч болох эрсдэлтэй” гэлээ.

Арын нүүр: Нэр дэвшигчдийг өдөр тутмын сонин л таниулж өгдөг


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ