ӨДРИЙН СОНИНЫ 2012 ОНЫ АРХИВААС…
Реппер Gee буюу Төгсжаргалын Мөнх–Эрдэнэтэй ярилцлаа.
–Та бараг мэдээ үздэггүй гэв үү?
-Ер нь мэдээ үзэхээс айдаг. Яагаад гэхээр нийгэм аймаар байна ш дээ. Хүмүүс зарим талаараа араатан шиг болж байна. Мэдээ үзэхээр “Тийм хүнийг тэгж гэртэй нь шатаалаа”, “Хэдэн арван тоогоор хутгалж аллаа” л гэнэ. Аймаар аймаар юм гарна. Өдөр нь ажил төрлөө хийгээд явж байхдаа нийгмийн асуудалтай хутгалдаж явдаг болохоор гэртээ харихаараа тэрнээс түр ч гэсэн ангижирмаар байдаг байхгүй юу. Би компьютер тоглодог. Сайхан ангижруулдаг шүү. Нээрэн. Бүх юмаа мартаад сайхан тоглодог. Тэр л гоё байдаг юм. Гэхдээ хааяа үзэхгүй байж чадахгүй мэдээ үзнэ л дээ. Үзэхээр маниусаас дээр суудаг манай нөгөө ухаантай хэдэн хүмүүс “Ингэлээ, тэглээ” гээд хоорондоо хэрэлдээд, бөөн юм болоод сууж байдаг. Дандаа хэрүүл уруул, алаан хядаантай юм үзээд байхаар чинь залхаж байгаа юм чинь.
–Манай зарим хип хопчид мансууруулах бодистой холбогдсон нь энэ урлагийг унагасан зүйл болсон. Харин сүүлийн үед гарч ирж буй залуу уран бүтээлчид хип хопыг арай өөрөөр, шинэ уур амьсгалаар гаргаж ирж байна. Хөндлөнгөөс харахад “Vanqiush” гэх хамтлагаас салбарлан гарсан мэт?
-Аймаар буруу ойлголт. Хувь хүний л асуудал байгаа ш дээ. Хувь хүн талаасаа. Хэрэгт холбогдож байсан хүн байлаа гэхэд тэр нь хувийнх нь л асуудал. Дараагийнх нь хүмүүсийн асуудал бол тэдгээр хүмүүсийн хувийнх нь л асуудал. Ерөөсөө л хувь хүмүүсийн ялгаа байхгүй юу. Хүн алддаг шүү дээ. Алдаа л биз. Ахиж тийм зүйлд орооцолдохгүй гэж суралцаа байлгүй дээ. Түүнээс биш хип хопчдын нэр хүндийг унагалаа гээд л хип хоп гэдэг нэр томъёог тэрэнтэй холбох гээд байх шаардлага байхгүй.
“Vanquish”-ээс салбарласан гэвэл сонин л доо. Тэрийг би эсэргүүцнэ. Мань, заньд нь бол ёстой хамаагүй ш дээ. Мэдэхгүй. Тийм хамтлаг байсан. Би юмаа хийгээд явдаг байсан. Хамтарч дуу хийе гэсэн. Хамтарч дуулсан.
Тэндээс шинэ үеийн хип хоп гарч ирээд салбарласан гэвэл ёстой маргаантай асуудал.
–Хип хопчид бусад хамтлаг, дуучдынхаа нэрийг дуундаа оруулаад муулж дуулаад байдаг даа.
-Dis үү?
–Тэр нь юу гэсэн үг вэ?
-Dislike гэдэг ш дээ. Тэрэнтэй адилхан утгатай.
–Бусдынхаа талаар дургүйцлээ илэрхийлж дуулж байгаа нь тэр үү?
-Энэ чинь хип хопын бараг нэг төрөл ш дээ.
–Тэгэхээр реппер Цэцээ та хоёр байнга бие бие рүүгээ dis илгээдэг болж таарав уу. Боксчид рингэнд тулалддаг шиг та хоёр үзэл бодлоо уран бүтээлээрээ илэрхийлж “зодолддог“?
-Энэ нь маш олон төрлийн зорилгоос болж хийгдэнэ. Зөвхөн үзэл бодлоо хамгаалахын тулд гэж болохгүй ч бас байж болно. Зарим нэг нь ашиг сонирхлын үүднээс хийдэг. Энэ овоо гайгүй байгаад байна, энийг ингээд дуулчихвал намайг хүмүүс сонсчих юм байна гэх PR-ийн зүгээс хийж болно. Янз бүр. Тухайн хүнд ашиг сонирхол, үнэт зүйл нь юу байна вэ гэдгээс шалтгаална. Тэр хүнд нэр хүнд чухал бол хэнийг ч, сайн хүнийг ч тэгж хэлнэ ш дээ. Тухайн хүнд өөрийн үзэл бодлыг хамгаалах нь илүү үнэтэй, үзэл бодол нь чухал бол түүнийгээ хамгаалж, үзэл бодол руу нь дайрсан хүнтэй шөргөөцөлдөх хэрэгтэй байхгүй юу.
Харин бид хоёрын хувьд уг нь рингэнд гараад зодолдчихвол амар л байна. Намайг муулж дууллаа. Би очоод түүнийг цохиод л авна. Энэ бол байдаг л асуудал. Тэрний дараа яах вэ. Дуулсан дуу нь явсаар л байх болно. Тийм болохоор түүний эсрэг дуу хийж хамгаалахаас өөр арга байхгүй.
–Та хоёрын хэн нь анх ингэж дуугаар шөргөөцөлдөх алхмыг тавьсан юм. Яагаад, юунаас болоод ингэв?
-Мань эр өөрөө ч мэдэж байгаа даа. Өөрөөс нь л эхэлсэн. “Vanquish” хамтлагийнхантай “Гайгүй хүүхдүүд байна” гээд нөхөрлөе гэж бодсон, хийсэн. Тэр үед “Hood” гэж дуу хийсэн. Тэгэхэд Цэцээ буюу Цэцэнбилэг гэж хүн байгаагүй. Цэцэнбилэг гэж хүнийг тэгэхэд танихгүй байсан. Гэтэл гэв гэнэт нэг хүн гарч ирээд “Vanquish, Цэцээ, Gee чи зайл. Хашаандаа очиж банхраа хоолло. Юу хийгээд байгаа юм” гээд эхлэхээр нь би гайхаад “Vanguish”-ийнхнаас тухайн үед асууж байсан. Танай хамтлагт чинь Цэцэнбилэг гэж байдаг юм уу гэсэн чинь “Байдаг. Америкт амьдардаг юм” гэхээр нь “Энэ чинь намайг дуулаад байна ш дээ” гэсэн чинь “Өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Би тухайн үед тэгээд орхисон. Тиймэрхүү насны саваагүйтдэг хүүхэд байдаг шүү дээ. Саваагүйтэж л байгаа юм байлгүй дээ гээд хаячихсан. Тэгсэн чинь мань эр бүтэн жил дуулсан ш дээ, намайг. Маш олон дуун дээр миний нэрийг хэлсэн байдаг. Би тэсээгүй, сүүл рүүгээ. Өт хүртэл биеэ хамгаалж хатгахаар хөдөлдөг. Сүүлдээ тэссэнгүй, тэвчсэнгүй. Тэгээд би өөрт нь хэлсэн. Намайг ингэж байгаа бол чи өөрөө ийм байна шүү. “Пүүз, пүүз л гэнэ. Ая хулгайлж байхаар пүүз цуглуулдаг мөнгөөрөө ая хийлгээч ээ” гэж сайн санааны үүднээс зөвлөгөө өгсөн. Түүний үнэт зүйл юу байсныг мэдэхгүй. Харин миний хувьд үзэл бодлоо хамгаалах байсан. Бас гэр хорооллынх гэдэг ялгавар үзлийг хүмүүсийн дунд битгий гаргаасай гэж хүссэн. Яагаад гэвэл бид адилхан монголчууд. Адилхан хүмүүс. Бид хэн нэгнээ өссөн орчин, үзэл бодлоор нь ялгаварлана гэдэг бол үнэхээр тэнэг асуудал байхгүй юу. Бид нар энд байгаа гадаадынхныг яаж ч чадахгүй байж хоорондоо маш их тэрсэлддэг. Тэрийгээ болих хэрэгтэй.
Би гэр хороололд өссөн. Надтай адилхан гэр хороололд өссөн өчнөөн залуусын эрхэнд нь энэ хүн бөгөөд түүний цаана байгаа сонсогчид нь битгий халдаасай гэж боддог ш дээ.
–Та дуунууддаа хараал, этгээд үг их оруулдаг. Энэ нь эцэг эхчүүдийн зүгээсээ эсэргүүцэлтэй тулгардаг бол хүүхэд, залуусын хувьд өөр байх шиг байдаг юм?
-Тэр чинь ийм юм. Хип хоп дуунд зуун үг байлаа гэж бодъё. Зүгээр жишээ. Хип хоп дуунд бол үүнээс ч их үг ордог. Тэр зуун үгийн тав нь хараал байдаг. Тэгэхээр хүмүүс, ялангуяа эцэг эхчүүд нь хүүхдүүдээсээ сонсгол муутай байгаа байхгүй юу. Хүүхдүүд тэр таван үгийг хаяад 95 үгийг нь сонсоод утгыг нь ойлгож чадаад байна. Гэтэл эцэг эхчүүд 95 үгийг нь сонсохгүй таван үгийг нь сонсдог. Тэгэхээр тэр хүн тэгж бодохоос яахав.
Монголд ганцаараа хараал хэлдэг хүн нь би биш. Монголд бүгдээрээ л хараал хэлдэг. Надад энэ хараалыг хэн зааж өгсөн юм бэ. Миний орчин тойрон, нийгэм чинь зааж өгсөн. Тэгвэл энэ нийгмийн зааж өгсөн хараалыг бид нийгмийн буруу зүйлийг хэлэхдээ буцаагаад өөрт нь хэлж байгаа юм. Түүнээс биш би хүүхдүүдэд муу юм заагаагүй. Бие биенээ хайрла, биенээ хайрлавал хүчтэй байж чадна гэдгийг сануулдаг. За яах вэ, би муу хүн. Хараал зааж байна гэж бодъё. Ингэх нь муу үзэл суртал юм байна л даа. Тэгэхээр зурагтаар дотуур хувцастайгаа дуулаад байгаа охид урлаг юм уу. Тэд нар зөв юм заагаад байгаа юм байна л даа, тэгж л ойлгоё доо.
–Таны дуунд нэр нь хавчуулагдсан хүмүүс, ялангуяа улстөрчдөөс дарамт үзүүлдэг үү?
-Тийм том хүмүүсийн зураг хөргийг нь оруулсан клип байхгүй. Үг хэлээрээ хэлсэн дуунууд байгаа. Хэн нь мэдэгдэхгүй хүмүүс л утасдаад байдаг юм.
–Юу гэж утасдах уу?
-Ална л гэдэг. Амьд явж л байна. Үхтлээ үгээ хэлнэ.
-Gee гэдэг нэрээ тайлбарлавал?
-Энэ чинь нэр биш хоч. Миний нэр бол Мөнх-Эрдэнэ. Найзууд маань намайг Gee гэж дууддаг байсан. Хоч маань явсаар нэр шиг болчихож.
–Таныг Монгол реппер гэдэг билүү?
-“Монгол реппер” гэдэг дуунаас минь л болсон байх. Зүгээр л реппер. Монгол репперийг би үүсгэсэн юм биш шүү. Надаас өмнө 1995 онд “Дайн ба энх” хамтлаг Монгол репперийг үүсгэсэн. Би үргэлжлэлийнх нь өчүүхэн хэсэг.
–Хип хопчид хоорондоо хэр эв найрамдалтай, холбоотой байдаг юм бэ?
-Харьцаатай байлгүй яахав. “Дайн ба энх” манай “Click click boom” бүлэг хамтарсан дуун дээр ажиллаж байна. Байнга харилцаатай байдаг. Бид өмнө нь юм хийж байсан хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. Тэднийг үгүйсгэж огт болохгүй. Яагаад гэвэл тэдний суурин дээр бид хөдөлж байгаа.
Гэтэл ингэдэггүй хүмүүс байдаг. Би шинээр юм гаргаж ирлээ. Би л, би л гэж юм бүхний анхдагч байх гэж үздэг. Монголд анхны юм гэж арай хэтэрлээ. Хүн болгон анхных гэнэ. Монголд анхны юм хийе гэвэл амархан. Би ийм нэг дуу хийж байна. “Хүн болгон Монголд анхных байх гэж ядаж байна. Тэгвэл би Монголд хамгийн анхны, хамгийн урт нэртэй дуу хийчихлээ” гэж байгаа юм.
Телевизийн шоунаас гарч ирж байгаа найман охинтой нэг хамтлаг байна аа. Ярьж байгааг нь сонслоо. “Бид бол Монголын анхны найман охинтой хамтлаг” гэсэн. Ёо, ёо. “Бид Монголын анхны бүжиглэдэг охид” гэж байгаа юм. Тэднээс өмнө хүмүүс яадаг байсан юм бэ. Ингэж арай болохгүй. Зарим нэг хүн өмнө нь хүмүүсийн нээчихсэн, хийчихсэн нэр томъёог нь хараахан өгөөгүй байсан урсгалыг нээгээд байна ш дээ. Тэд нар бол ичих л хэрэгтэй. Ичиг ичиг гэдэг шиг, тийм үү?
–Та сэтгүүлч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажилласан уу?
-Радио, телевизийн дээд сургуулийг 2005 онд төгссөн. Мэргэжлээрээ л ажиллаж байна гэж боддог ш дээ, уг нь.
Чи эх орондоо юм хийе гэж бодож байгаа бол өөрийнхөө амьдралаа хэнээс ч хараат бусаар аваад явчих. Тэр чинь чиний эх орондоо хийж байгаа хамгийн том зүйл. Яагаад гэвэл татвараа төлнө. Чиний татвараар улс хөгжинө. Тэгээд чи улсаас буцаагаад татаас авахгүйгээр сайхан амьдарчих гэж би зарим залуучууд, найзууддаа хэлдэг. Би ингэж боддог юм. Гэхдээ төлж байгаа татварыг нь дээрээс нь хусаад байвал хэцүү л дээ. Хэн нэг нь тэндээс нь гүзээлээд байвал хэцүү.
Та цаасан дээр үгээ буулгаад уншигчдадаа хүргэж байна. Тэрэнтэй адил би дуугаар үгээ сонсогчдодоо хүргэж байна. Таны бичсэн мэдээллийг хүн уншаад нэгийг ойлгоно. Миний дуунуудаас миний сонсогч нэгийг ойлгож байгаа. Тэгэхээр нь энэ чинь сэтгүүлчийн ажил. Сэтгүүлчийн ажлыг янз бүрийн хэлбэрээр хийж болно. Ямарваа зүйлийг хайрцганд барих нь явцуу.
–Таныг хэдий дуундаа этгээд үг ихээр хэрэглэдэг ч үзэл бодлоо өөрийн гэсэн арга барилаар илэрхийлж байна, зоригтой байна гэж магтах хүмүүс байдаг юм билээ?
-Янз бүрийн насны янз бүрийн хүмүүсийн дунд надад дуртай нь ч байгаа, дургүй нь ч байгаа. Дүртай ч бай, дургүй ч бай бүгдэд нь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Үзэн ядсан ч бай, хайрласан ч бай тэр хүмүүсийн хүчээр л би өдий зэрэгтэй яваа. Баярлалаа.
–Урлагийн олон төрөл дундаас хип хопыг сонгох болсон тань юутай холбоотой вэ?
-Болж байгаа бүх юм нөлөөлсөн. Гэхдээ гэр бүл биш. Гэр бүлээ энэ бүхэнд хутгамааргүй. Би гэр бүлдээ аль болох жаргалтай байхыг боддог. Айлын охиныг жаргаана гэж авч суудаг биз дээ. Би эхнэрээ, охиноо жаргалтай байлгахын төлөө бухимдалтай асуудлаа гэртээ очоод гаргахыг хүсдэггүй. Гаргахгүйг хичээдэг. Заримдаа тэсдэггүй. Яах вэ, болох юм болдгоороо болно биз. Ямар ч байсан өөрийнхөө бодож буй зарчмыг дагаад явбал болох байх.
Бид зүгээр энэ нийгмээ харъя л даа. Тэнгэрийн хаяа харагдахаа болилоо. Утаанаас болж. Сайхан уудам талд тэнгэрийн хаяаг хараад гэдэг үгтэй шүлэг, яруу найраг байдаг биз дээ. Тийм шүлэг, яруу найргийг одооны хүүхдүүд уншаад ойлгохгүй. Тэнгэрийн хаяа гэж хаана байдаг юм бэ, тэр утааг хэлээд байна уу гэнэ. Уудамдаа биш утаанаас болоод тэнгэрийн хаяа харагдахаа больсоон гэж. Асуудал зөндөө байна аа.
–Таны олон фенээс “Gee эх оронч. Монголоо гэсэн сэтгэлтэй” гэх үгийг сонссон юм байна?
-Монгол гэдэг бол оюун санааны асуудал. Би хэдий Монголын реппер гэгддэг ч хэт туйлшрахыг хүсдэггүй. Монгол гэхээр л дээлээ өмсөх ёстой гэж хүмүүс ярьдаг. Надаас нэг сэтгүүлч “Та Монгол реппер гэчихээд яагаад зурагт хуудас дээр чинь бууны зураг байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тэгээд нум сумны зураг тавих юм уу” гэж зөрүүлж асуусан.
Бид дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэж явах ёстой. Гэхдээ дээл гэдэг соёлыг мартаж болохгүй нь үнэн үү гэвэл үнэн. Мартаж болохгүй боловч хэтрүүлж болохгүй. Бид өдөр тутамдаа өмсөхөө байг гэхэд цагаан сараар дээлээ өмсөх хэрэгтэй. Надад нэг дээл бий. Тэр минь их гоё торгоор хийгээгүй ч энгийн нэг хөвөнтэй дээл. Тэрийгээ цагаан сараар өмсөнө. Наадмаар бас нэг дээл өмсчихдөг.
Зарим нэг санаа надад таалагддаг. УИХ-ын гишүүд, эрхэм сайдууд гадаад руу явахдаа монгол дээлээ өмсч бай. Арабууд үндэсний хувцастайгаа явж байдаг. Энэтхэгчүүд сайритайгаа ирлээ. Монголчууд дээлтэйгээ явна гэдэг чинь боломжийн. Гэртээ ирээд солиод өмсчихнө биз. Үүнийг би дэмждэг. Харин хэтрүүлж бас болохгүй. Яагаад гэвэл энэ үе чинь орчин үе учраас.
–Та одоо ямар томоохон уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би чинь угаасаа том юман дээр ажиллаж үзээгүй ш дээ. Яагаад гэвэл хийсэн юмнууд маань эргээд харахад жижигхэн байсан. Одоо бүлгээрээ “Click click boom”-ынхнаа цомгон дээр ажиллаж байна. Соло дуунуудаа түр хойшлуулчихаад байна.