Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэл мэдээллээр явуулдаг болъё DNN.mn

Өнөөдөр Монголын зар сурталчилгааны зах зээлийг твиттер, фэйсбүүк бүрэн атгаж байгаа. Компани аж ахуйн нэгжүүд бүгд өөрсдийн цахим хуудастай болсон. Түүнийгээ дагуулаад фэйсбүүк пэйж хуудас нээнэ. Түүгээрээ л зар сурталчилгаагаа явуулдаг болсон. Энэ нь хүртээмжтэй, хялбар байдаг давуу талтай нь үнэн. Харин төлбөр мөнгөний хувьд бол хямд биш л дээ. Олон давтамжтай хямд үнэтэй явдаг болохоор нэг мэдэхэд л овоо хэдэн төгрөг гараад явчихсан байдаг. Нэг жишээ хэлье л дээ. 2020 оны сонгуулиар “нэг нэр дэвшигч сурталчилгааны бүхий л хугацаанд 3000-5000 ам.доллараар фэйсбүүкт төлбөртэй пост тавьж байна” гэсэн судалгааг Шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналт сүлжээнийхэн танилцуулж байлаа. Энэ бол сонгуулийн 14-хөн хоногийн хугацаанд зөвхөн фэйсбүүкт зарцуулсан мөнгө. Твиттер, инстаграм зэрэг бусад сүлжээгээр тооцвол бүр ч их дүн гарна. Эндээс үзэхэд Монголын аж ахуйн нэгжүүдийн зар сурталчилгааны бүх мөнгө ийшээ урсаж байна. Тэгвэл сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллүүдээр явуулдаг болмоор байна. Яагаад ингэх ёстой юм бэ гэж. Үндэсний хэвлэл мэдээллээ авч үлдэх нийгмийн хариуцлага тухайн үндэстэнд байх ёстой. Яагаад хэвлэл мэдээллээ авч үлдэх болоод явчихав гэвэл хэвлэл мэдээллийн амьдрах үндэс болсон мөнгө олох үндсэн аргуудын нэг нь зар сурталчилгаа байсаар ирсэнд гол учир бий. Иймээс үндэснийхээ хэвлэл мэдээллийг дэмжиж зар сурталчилгааныхаа тодорхой хувийг Монголынхоо хэвлэл мэдээлэлд тавьж байх нь журамт үүрэг юм. Зөвхөн үүрэг байгаад зогсохгүй үүнийг хуульд тусгах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг ч мөн зар сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллээр явуулдаг болгох үүргийг хуулиар хүлээлгэмээр байна.

Яагаад заавал дотоодын хэвлэл мэдээллээр гарга, хуульчил гээд байна гэхээр үндэсний том эрх ашиг үүний ард байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллага зах зээлийн жамаар, зөв замаар хөгжих гол үндэс нь бие даасан эдийн засагтай, хэн нэгнээс хараат бус байх явдал. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага ч тэр, аливаа байгууллагын үйл ажиллагаа явуулах “шатахуун” нь мэдээж мөнгө санхүү. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага шударгаар санхүүжилт олдог байх нь хараат бус бие даасан эрүүл сэтгүүл зүйг сая бий болно.

Хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн хувьд чадамжгүй бол хэн нэгэн мөнгөтэй хүний гарт ордог. Энэ бол за

зээлийн хууль. Хэн мөнгөө өгсөн нь дуугаа захиалдаг биз дээ. Тухайн цаг үед хэвлэл мэдээллийг мөнгөөр “халааслах” этгээд нь голдуу эрх баригчид, төр барьж байгаа намынхан байдаг. Ингээд тухайн хэвлэл мэдээлэл эрх баригчдын дуу хоолой болохоос аргагүй болчихдог. Учир нь үйл ажиллагаа явуулах гол  хөдөлгөгч хүч болох мөнгийг нь өгч байгаа шүү дээ. Тиймээс хэн нэгнийг магтан дуулдаг, хэн нэгний үзэл суртлыг хамгаалдаг хэвлэл мэдээлэлтэй болохгүй байх, чөлөөт хэвлэлийг авч үлдэх арга нь компаниуд зар сурталчилгаагаа дотоодын хэвлэлээр явуулах юм. Энэ бол дотоодын хэвлэл мэдээллийг эрүүлээр дэмжиж байгаа зүйл.

Энд зар сурталчилгааны-хаа тодорхой хувь гэдгийг дахин тодотгоё. Мэдээж цахимаар сурталчилгаа явуулдагаараа явуулдаг л юм байгаа биз. Зар сурталчилгаанд зориулсан мөнгөнийхөө тодорхой хувийг заавал үндэснийхээ хэвлэл мэдээлэлд өгөөрөй л гэсэн санаа юм.

Хэвлэл мэдээлэл нь  гадныхны гар хөл болчихгүй байхад энэ туйлын чухал. Мөн хэн мөнгө өгсөнд үйлчлээд ард түмнийхээ эсрэг явдаг болчихгүй байхад ч хэрэгтэй. Эрх баригчдыг дагаж намираад ард түмний дуу хоолойг хүргэхгүй байдаг хэвлэл олшрохгүй байхад хөрөнгө мөнгөтөй хүмүүс, том компаниудын дэмжлэг чухал байдаг нь ийм учиртай. Тиймээс компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгснөөр чөлөөт сэтгүүл зүйг, мөн үндэсний тусгаар тогтнолоо, ардчиллаа хамгаалах том үйл хэрэг болно.

Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь иргэдээ өмөөрөх, эрх баригчид ард түмний эсрэг хийж байгаа зүйлийг шударга, ил тод нийтлэх, болох бүтэхгүйг шүүмжилдэг, хуулийн лобби бүхнийг илрүүлж чаддаг. Зөрчилдөөн бүрийн ард мөнгө явж байдаг. Мөнгөөр хэвлэлийг дуугүй болгохыг ямагт зорьдог. Хэвлэл мэдээлэл санхүүгийн эрх чөлөөгүй бол дорхноо л амаа үдүүлдэг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн эрх чөлөөтөй байснаар эрүүл саруул шударга нийгмийг улс эх оронд бий болгодог.

Ер нь ч дэлхий нийтэд хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн үздэг. Гэтэл өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагаа явуулах санхүүг хуулиар хангалттай олгочихоод хэвлэл мэдээллийн эдийн засгийг болж л өгвөл боомилох сонирхлыг эрх баригчид цаг мөнхөд агуулж байна. Шударга хэвлэлтэй байхаас үе үеийн эрх баригчид жийрхдэг. Тиймээс болж л өгвөл эдийн засгаар хараат байлгах сонирхолтой байдаг нь тэр юм.

Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь ардчиллын баталгаа. Ардчилал нь тусгаар тогтнолын баталгаа. Тиймээс явж явж хэвлэл мэдээлэл тусгаар тогтнолын нэг баталгаа болж байгаа юм. Иймд хэвлэл мэдээллийг эдийн засгийн хувьд хэн нэгнээс хараат бус байлгах нь нэн чухал ач холбогдолтой.

Ийм учраас гадаад, дотоодын компаниуд зар сурталчилгааны тодорхой хувийг хэвлэл мэдээллээр дамжуулах нь ардчилал, тусгаар тогтнолоо дэмжиж байгаа гэсэн үг. Ардчилалтай, тусгаар тогтнолтой байна гэдэг нь авлига устаж, дотоодын компаниуд хөгжиж дэвших суурь нь болдог. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хуулийн дагуу шударгаар үйл ажиллагаа явуулах, дарамт шахалтгүй байлгах үндэс нь ардчилал. Энэ бүгдийн эх сурвалж нь хэвлэл мэдээллийн байгууллага. Тиймээс л ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулах гэж байгаа бол зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгөх үүрэгтэй гэж үзэж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ариун: Үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийнхөнд учраад байна DNN.mn

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн багш доктор, дэд профессор Л.Ариунтай ярилцлаа.


-Та шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын “Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд торгох шийтгэлийг хүчингүй болгож, 1-5 жил хорих ялтай болгож ялын бодлогыг чангатгах”-аар төлөвлөж байгаа тухай мэдэгдлийг сонссон байх. Сэтгүүлчийн мэргэжлээр оюутан бэлтгэдгийн хувьд та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд тусгах гэсэн энэхүү оролдлогын УИХ-аар хэлэлцэх нь маш олон хор хохирлыг дагуулах бодит эрсдэлтэй. Зөвхөн сэтгүүл зүй, хэвлэл мэдээлийн салбарт хамаатай асуудал биш иргэд сонгогчдынхоо мэдэх эрх, шүүмжлэлт дуу хоолойг хязгаарлах оролдлого гэж үзэж болно. Монгол Улсын Их хурлаас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эрхэм зорилгод “… хүмүүнлэг нийгмийг цогцлоож, ардчилал, шударга ёсны засаглал бэхжүүлэх” талаар тусгасан. Гэтэл энэ оролдого үйлдэл нь ардчилсан Монгол Улсад байх боломжгүй үйлдэл юм.

Мөрдөн байцаалтын нууц задарлаа гэхэд тухайн хэрэгт мөрдөн байцаалтын багаас гадна прокурор, хохирогч, сэжигтэн, гэрч гэх мэтээр хэргийн маш олон оролцогч байдаг. Тэдний хэнээс ч мэдээлэл задрах боломжтой. Үүнээс болж хэн нэгнийг хэлмэгдүүлэх магадлал үүсч болох уу?

-Хангалттай үндэслэл болон судалгаанд суурилаагүй дээрх хуулийн төслийн өргөн барихдаа олон улсын зөвлөмж, мэргэжлийн байгууллагын саналыг тусгаагүй. Хэвлэл мэдээлэл, иргэдийн эрхийн асуудлыг хөндөж байж тэдний олон талт оролцоотой хэлэлцүүлэг, санал дүгнэлтийг аваагүй нь ямар зорилготой вэ гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд хардаж, эрс эсэргүүцэж байгаа.

-Эх сурвалж сэтгүүл зүйд ямар үүрэгтэй вэ?

-Олон нийтэд мэдээллийг бодитой хүргэхийн тулд тухайн үйл явдалтай холбоотой янз бүрийн түвшний эх сурвалжтай холбогдох хэрэг гардаг. Сэтгүүлч эх сурвалжийнхаа аюулгүй байдлыг хангах, тэдний итгэл үнэмшлийг олж авах нь туйлын чухал. Тиймээс Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд “Хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанд нууцална” гэсэн агуулгатай заалт бий. Ийм заалт Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хуульд ч бас бий. Өөрөөр хэлбэл олон нийтийн эрх ашгийг зөрчсөн, нийгэмд хор хохирол учруулах буруутай үйлдлийг ил тод бөгөөд шударгаар шүүмжлэх эрх Монгол Улсын иргэн бүрд байх ёстой. Ингэснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл, оролдлого үүсгэж байна.

-Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах, нууцлах үүрэгтэй. Тэгвэл хууль хүчний байгууллага сэтгүүлчийн эх сурвалжийг хэлүүлэх ёстой юу. Бид эх сурвалжаа хамгаалахын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалж чадахгүй бол бодитой мэдээлэл авах, хүргэх нөхцөл боломжгүй л болно гэсэн үг. Нэр төр гутаах, доромжлолтой холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулахгүйгээр шүүмжлэлт, эрүүл дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах бүрэн боломжтой. Энэ нь бусдыг доромжлох явдлыг өөгшүүлэхгүй бөгөөд үүнийг иргэний хэргийн шүүхээр болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдүүлэх арга зам нь илүү тохиромжтой гэдгийг олон улсын байгууллагууд сануулсаар байна. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр алдар хүндийг хамгаалах, нөгөө талаас шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн идэвхтэнүүд айдасгүй, аюулгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нэгэн зэрэг хангах бүрэн боломж бий гэсэн үг юм.

-Сайдын дээрх шийдвэр хэрэгжээд эхэлбэл гарах хор уршиг нь юу вэ?

-Дараах хор хохирлыг дагуулах бодит эрсдэл байна хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байна. Нэгдүгээрт, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний язгуур эрх чөлөөг хэтрүүлэн хязгаарлах, хясан боогдуулах, урвуулан ашиглах замаар ардчиллын үнэт зүйлээс ухрах. Хоёрдугаарт, шүүх хяналтын байгууллагад хүний нэр төр алдар хүндийг гутаасан гэх нэхэмжлэлийг улам өргөжүүлэх замаар үндэслэлгүй, зохиомол хохирол үүсгэх. Гуравдугаарт, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, шударга ёс, тэгш эрх, боломжийн талаарх иргэдийн чөлөөт шүүмжлэх эрх, эрх чөлөөнд халдаж цензур тогтоож, айдас үүсгэх. Дөрөвдүгээрт, шаардлагагүй хууль тогтоомжоор дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төрд хяналт тогтоох чөлөөт сэтгүүл зүйг боомилох. Тавдугаарт, үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийнхөнд учраад байна.

-Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр сэтгүүл зүйн салбар яаж өөрчлөгдөх бол?

-Чөлөөт сэтгүүл зүй хөгжиж, Монгол Улс ардчилсан улс гэж хэлэх боломжгүй л болох байх даа. Иймэрхүү практик зөвхөн ОХУ-д л байдаг тухай судалгаа бий.

-Хамгийн сүүлийн жишээ гэхэд сэтгүүлч мэдээлж байж жолоочид мэдээлэл авч хэрэгтнийг барьсан. Хэрэв энэ мэтээр мэдээлэл дамжуулахгүй бол нийгэмд ямар байдал үүсч болох вэ?

-Нийгмийг бодитой мэдээллээр хангаж, танин мэдүүлж, соён гэгээрүүлж гэх мэтээр олон сайн сайхан нөлөөг хэвлэл мэдээлэл, сэт-гүүлчид үзүүлдэг, үзүүлсээр ч байгаа. Эрүүл нийгмийг цогцлоож, ардчилсан улс орныг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн чөлөөт байдал хамгийн чухал нөлөөтэй. Хатуу хязгаарлалт хууль цаазаас илүү зөөлөн хэм хэмжээг олон улс зөвлөж байгаа. Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус шугамаар буюу Хэвлэлийн зөвлөл зэрэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд тэр тусмаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйд эх сурвалжгүй болно гэсэн айдас сэтгүүлчдэд учирлаа. Сэтгүүлчид эх сурвалжгүйгээр яаж ажиллах вэ?

-Ажиллах ямар ч боломж байхгүй. Сэтгүүл зүй хөгжих, оршин тогтнох ямар ч арга зам үлдэхгүй. Ийм нөхцөл байдал яагаад ч бий болгож болохгүй.

-Энэ нь нэг үгээр Дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийнхний амыг барих үйлдэл мөн үү?

-Шууд утгаараа мөн. Хамгийн гол нь ганц хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид биш. Иргэд олон нийт, сонгогчид, иргэний нийгмийн төлөөлөл ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэлт үзэл бодлоо хаалгаж байна гэж ойлгож болно.

-Ямарваа нэгэн хэргийг мэдээлэхгүйгээр үнэн бодит байдал илрэх боломтой юу?

-Асуух юун. Жинхэнэ хуурамч мэдээлэл, тархи угаалт л хөгжих байх даа.

-Сэтгүүлч мэдээлж байж тэр мэдээлэл амилж нийгмийн хараанд өртдөг. Гэвч одоо эх сурвалжаа ялтан болгох хэмжээнд хүрвэл энэ нь хэнд хамгийн ашигтай вэ?

-Цөөн хэдэн ёс зүйгүй улстөрчид, УИХ-ын гишүүдэд л ашигтай байх.

-Хэрэв сэтгүүлч эх сурвалжгүй байсан бол ЖДҮ, Хөгжлийн банк, 60 тэрбумын хэрэг, нүүрсний хэрэг гэх мэт нийгэмд асуудал тарьсан том хэргүүд олны хараанд өртөж чадах байсан уу?

-Зөвхөн дээрх хэргүүдээр тогтохгүй маш олон үйл явдал асуудлыг төр засаг олон нийтийн хараанд авчирч эергээр шийдүүлж ирсэн. Монголын нийгмийн хөгжил, өнөөгийн энэ чөлөөт сэтгүүл зүйн хөгжилд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, мэргэжлийн байгууллагууд маш өндөр үүрэг гүйцэтгэж ирсэн юм шүү. Одоо харин ухралт хийх гээд байна. Уг нь манай оронд 2015 оноос хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоо бүрдэж, редакц болон иргэний хоорондын зөрчил маргааныг үр дүнтэй шийдвэрлэдэг жишиг загвар бий болсон. Үүнийг маань Зүүн Европ, Төв Азийн улс орнууд сайн туршлага болон суралцаж байна. Бид салбар дотроо ёс зүйгээ хэлэлцэж, сургалт судалгаагаар өөрсдийн алдаа дутагдлаа засах гэж маш олон ажлыг хийж байгаа үр дүнгээ ч өгөөд эхэлсэн. Хатуу хууль тогтоомжоор хэвлэл мэдээллийг зохицуулахгүй эргээд хүний эрхийн зөрчил болдог тул хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй болох тухай олон үндэслэл, судалгаа бий л дээ.

-Энэ хууль хэрэгжээд эхэлбэл сэтгүүлч яаж ажиллах ёстой болох вэ?

-Хүмүүнлэг, энэрэнгүй, шударга иргэний ардчилсан нийгэм цогцлоох нь монгол хүн бүрийн хамтын зорилго билээ. Шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх, эрх чөлөөг улам бататгахын төлөө уг хуулийн төслийг эсэргүүцэх нь бидний өнөөдрийн хийх ёстой ажил. Энэ хуулийн төслийг дэмжихгүй байх гэж найдаж байна.

-Сэтгүүл зүйн салбар үүн дээр хэрхэн ач холбогдол өгч хандах ёстой вэ?

-Сэтгүүлчид, судлаачид, иргэний нийгмийнхэн, иргэд олон нийт бүгд энэ оролдлогыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. ХМХ, мэргэжлийн байгууллагууд, судлаачид, сэтгүүлчид зэрэг манай салбарын хүмүүс энэ их хор хохирол дагуулах оролдлогыг зогсооход бүхий л арга хэлбэрээр дуу хоолойгоо хүргэхээр ажиллаж байна. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, Монголд чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд саад болох энэхүү үйлдлийг зогсоох нь угаасаа бидний үүрэг юм. Олон нийт, сонгогчдынхоо үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэлт дуу хоолойг хамгаалж “Доромжлох” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахаар өргөн мэдүүлсэн төслөөс татгалзаж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн алхам хийхийг УИХ-ын гишүүдээс хүсч байна.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “D.Parliament.mn буюу бүгдээрээ УИХ-ын гишүүн болох боломж бүрдлээ” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт эдийн засагч Н.Энхбаяр “Геополитикийн ямар нэгэн асуудал үүсчихгүй бол зэсийн үнэ өндөр байх боломжтой” хэмээн ярьсныг “Эдийн засаг” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хууль зүйн ухааны доктор, профессор, хуульч, өмгөөлөгч С.Отгонгэрэл “Парламентын түү хэнд анх удаа тун сонир холтой сонгууль болох гэж байна” хэмээв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан” Ураны төслийг монголчууд анх удаа хэрэгжүүлэх гэж байна гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “D.Parliament.mn буюу бүгдээрээ УИХ-ын гишүүн болох боломж бүрдлээ” гэв.

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид юунд хордсон нь одоог хүртэл тодорхойгүй байна.

“Цаг үе” нүүрт Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүх “Бензиний найрлагад өөрчлөлт орсноос хурц үнэртэй хий дэгдсэн байх магадлалтай” хэмээн ярилаа.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Шаарийбуу: Мартаж болохгүй зүйл гэж байдаг юм аа DNN.mn

Одоогоос 18 жилийн өмнө Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан хар өдөр энэ сарын 19-н юм. Талийгаачийн аав С.Шаарийбуу охиндоо зориулан мод тарьж байхад нь уулзлаа. Тэрбээр “Маргааш галав юүлэхийг мэдэж байсан ч өнөөдөр алимны мод тарь” гэсэн ухаант үг байдаг юм аа гэснээр бидний яриа эхэллээ.

– Малайзын шүүх 16 жилийн дараа улс төрийн захиалгат хэргийнхээ бурууг хүлээж, таны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээ жил орчмын өмнө мэдэгдсэн. Өнөөдөр хүртэл юу болж өнгөрөв?

– Малайзын шүүх 15 жилийн дараа иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдэж, 2020 онд шийдвэрээ танилцуулсан юм. Олон ч хүн надад “Болж дээ, үр дүнд хүрлээ дээ” гэх зэргээр санаа бодлоо илэрхийлсэн. Би ч хүмүүст талархалтай байдаг.

Гэсэн ч тэр өдрөөс хойш юу ч шийдэгдээгүй өнөөдрийг хүрч байна. Харин ч Малайзын Засгийн газар иргэн надтай давж заалдсан. Давж заалдах хурлаа хийдэггүй, товлодоггүй явсаар хоёр жил өнгөрч байна.

Охиныг минь аймшигтайгаар энэ хорвоогоос холдуулсан өдөр энэ сарын 19-н. Би энэ өдрийг мартаж болохгүй асуудал гэж байдаг юм аа гэж өөртөө болон олон хүнд дахин нэг хэлэхийн тулд чамтай уулзаж байгаа юм.

– Малайз улс давж заалдсан үндэслэлээ юу гэж тайлбарлах юм бэ?

– Тодорхойгүй. Манай Засгийн газар ийм шалтгаанаар давж заалдаж байна, өмнөх шүүхийн шийдвэр ингэж гарлаа гэж албан ёсоор ямар ч тайлбар, мэдээлэл ирүүлдэггүй. Таг болсон. Надаас өөр хөөцөлдөх, хэлэх хүн байхгүй.

– Манай талаас Хууль зүй, дотоод хэргийн яам зэргээр дамжуулаад хөөцөлдөж болдоггүй хэрэг үү?

– Монгол, Малайз хоёр орны хооронд эрх зүйн гэрээгүй болохоор боломжгүй гэж Хууль зүйн яамнаас албан бичиг ирүүллээ. Гадаад харилцааны сайд саяхан намайг хүлээж авсан. Гадаад яам дипломат үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн үйл ажиллагаа явуулж, хэн нэгэн хүний хэрэгт орооцолдоод байх боломжгүй. Юуг бичих, ярих нь тусдаа. Тодорхой цензуртэй байдаг болохоор яах вэ, хүлээж авсан нь сайн хэрэг.

Малайзад манайхаас ямар ч төлөөлөл байхгүй. Сүүлийн 13 жил Малайз улсын тал Монгол Улсад итгэмжлэх жуух бичгээ бариагүй. Малайзыг хариуцсан Монголын Элчин сайдад ч итгэмжлэх жуух бичгийг нь бариулаагүй. Ингэхээр хоёр талаасаа ямар ч үйл ажиллагаа явуулах эрх нээгддэггүй. Монгол, Малайз хоёр визгүй зорчдог. Ер нь Малайз хамгийн хариуцлагагүй орон. Би ганцхан өөрийнхөө хүүхдийн тухай яриагүй. Олон монголчууд тэнд амь насаа алдсан. Бүр дайн болж байгаа юм шиг буудуулсан, захын үүдэн дээр дүүжлүүлсэн, сураггүй алга болсон нь ч цөөнгүй бий.

Хүний наймаанд маш олон монгол эмэгтэй очиж хэлмэгдсэн. Би хэдэн арав гэж яриагүй шүү, түүнээс олон тоогоор хэлж байна. Тэр хүмүүс надад ханддаг юм. Манай хүүхэд ингэчихлээ, би ингэж зүдэрч зовж явна гээд. Хүний эрхийн төрийн бус байгууллагуудтай хамтарч эх оронд нь авчирч байсан удаатай.

– Хүний наймаа одоо ч бий гэгддэг…?

– Өчнөөн жил, одоо ч үргэлжилж байгаа. Хүний наймаанд орсон хүн юунд хэрэглэгдээд, эцэст нь яаж хаягддагийг мэднэ. Ингэж баригдсан монголчууд Малайзын шоронд өдөрт өвдгөөрөө сөхөрч суугаад тэдний шүтдэг шашны мөргөлийн үг, төрийн дуулал хоёрыг малайз хэл дээр өдөрт гурван удаа өвдөглөж байгаад дууддаг. Тэгээд өвдөг нь цус нөж болж, ялаа шумуулд баригдаад сүүлдээ хатуурчихсан байдаг.

Би энэ хэргийн төлөө 18 жил явж байна. Чамгүй хугацаа. Өнөөдөр хүртэл үр дүнд хүрээгүй байна. Малайз Монголын харилцааны тухай хамгийн сайн мэдэх хүн нь би. Өөр хүн төдийлөн мэдэхгүй. Тэгэхээр ийм хариуцлагагүй юм бол энэ оронтой ядаж визгүй зорчдогоо болиоч. Бүрмөсөн биш юм гэхэд тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд үз гэж төр засаг. Гадаад яаманд санал хүргүүлж байна.

– Болох юм уу?

– Тийм улсыг ямар нэгэн байдлаар доргиох хэрэгтэй. Улс төрийн болон дипломат ямар нэгэн уулзалт өнгөрсөн 18 жилийн хугацаанд нэг ч болоогүй. Төрийн айлчлал гэж хоёр талаас хийж байгаагүй. Ийм харилцаа гэж байх уу. Ийм хөлдүү царцуу харилцаа байхгүй байсан нь дээр. Ямар ч гэсэн бид тоншоод үзэх хэрэгтэй. Ингээд хүлцэнгүй гөлийгөөд, бид хэрэг хийчихсэн биш, хоёр гараа өргөөд сууж байх ямар албатай юм бэ.

– Гадаад харилцааны сайдтай уулзсан гэлээ. Энэ хэргийн талаар нааштай зүйл яригдав уу?

– Нэг ч гэсэн улс оронтой бид эв зүйтэй байх зорилго байдаг гэж хариулна лээ. Гэхдээ бид хэнтэй хэрхэн нөхөрлөх, ямар байдлаар түүнтэй найзлах вэ гэдэг нь асуудал шүү дээ. Монгол хүнд төрөхөд нь төрсний гэрчилгээ өгөөд, 16 нас хүрэхэд нь иргэний үнэмлэх олгодог. Энэ бол таныг төрснөөс энэ хорвоогоос явах хүртэл чинь энэ улсын иргэн бөгөөд хамгийн үнэт зүйл гэдгийг баталгаажуулж буй хэрэг.

Бид таны боловсрол, эрүүл мэнд, амьд явах эрхийн бүхий л зүйлийг хариуцна гэж өгч байгаа баталгаа. Би хүн. Монгол төр давхар иргэнээ алдсан хохирогч мөн. Энэ утгаараа надтай адил байдлаар Малайзад хандах ёстой. Үүрэгтэй бас эрхтэй. Тэгэхгүй байгаа нь харамсалтай. Яах вэ захидал явуулдаг юм. Малайзын тал хэзээ ч хариуг нь өгддөггүй. Тийм муухай аргатай. Аль юм болгон бид Малайзад өртэй юм шиг, найрсаг найзын сэтгэлээр хандах вэ дээ. Үнэхээр хангалтгүй байна гэж би харамсаж байгаа юм. Түүнээс биш би төрөө шүүмжлээд яах вэ дээ.

– Бараг хорь орчим жил гэдэг маш урт хугацаа. Ийм урт хугацаанд явсан таны зам ямар байсныг төсөөлөх хүн үгүй биз. Үгчлээд яривал ямар дүр зураг буух бол?

– Малайзын Засгийн газар 2006 онд миний охиныг цааш нь харуулахдаа Монгол Улсыг төрийнхөө түвшинд “дайсан” гэж үзсэн байдаг. Манай орны аюулгүй байдалд онц ноцтой аюул учруулахаар Монгол Улсын иргэн тэр хүнийг маш хурдан ул мөргүйгээр устгах ёстой гээд тэр үүргийг Ерөнхий сайд нь цагдаа нараа дуудаад өгсөн байдаг. Бүр тодруулбал Ерөнхий сайдын зөвлөх Багиндагийн захиалгаар Батлан хамгаалах яамандаа даалгавар өгч зэвсэг гаргуулан үйлдсэн. Тэгэхээр бид дайсан нь байж таарсан бололтой.

Хүн ер нь бүх хүнтэй сайн байх албагүй. Тийм бололцоо ч байдаггүй. Хүнд таалах таалагдахгүй, болох болохгүй юм зөндөө л байдаг. Бүх хүнийг надад өрөвч сэтгэлээр хандаасай гэж би хүсдэггүй. Намайг, охиныг минь ч элдвээр бичиж, хүүг нь ч зүгээр байлгаагүй. Өчнөөн жил сошиал ертөнцөөр хайр найргүй балбууллаа. Бичиж л байг л дээ. Гэхдээ хэн хүнд ямар нэгэн асуудал хэзээ нэгэн цагт заавал таарна. Эрт үү орой юу гэдэг цаг хугацааны асуудал болохоос биш хүн амьдралын өмнө асуудалтай тулах, шууд хэлэх юм бол зовлон жаргал хоёрыг эдлэх гэдэг хэмжээтэй юм шүү дээ. Хэн бүхэнд таарна. Надад л эрт тааралдаж, олон жил зүдэрч яваа ч хүмүүст сургамж болдог байх аа гэж боддог юм. Сэтгэл зүйн хувьд маш дарамттай. Сүхээр цохисноос дор эд шүү дээ. Явж явж хэвлэл мэдээлэл л тус болж ирлээ.

– Шүүх хурлууд ч олон улсын анхаарлын төвд болж ирсэн байх аа?

– Би юунд эмзэглэдэг вэ гэхээр 2008 онд анх шүүх хуралд очсон юм. Азийн жижигхэн хөгжил муутай орон социализмыг хэчнээн ч жил дагаж навсганасан. Одоо ардчиллыг юу нь ч мэдэхгүй байж гүйж ирцгээсэн ийм улстай яаж ч хандсан яадаг юм гэсэн байдлаар хандаж байгаа нь харагдаж байсан.

Кинон дээр гардаг шиг том биетэй хар арьстай нөхдийг шүүхийн гадна жагсаагаад зогсоочихсон. Тэдгээр нь цаанаа биеэ тоочихсон. Би тамхи татдаггүй л дээ. Гэхдээ би зориуд тамхи асаагаад хөлнийх нь завсраар нясалж билээ. Би монгол хүн гэж хэн байдгийг харуулъя гэж бодсон юм. Удалгүй шүүх хурлын үеэр зодоон болж байж тэдний хүмүүс тусдаа, манай тал тусдаа суудаг болгосон юм.

АНУ-аас “Манай иргэн та эх орноосоо яваад таван cap боллоо. Танд ямар нэгэн юм тохиолдсон уу, асуудал гарсан бол хэлээрэй, эх орондоо эргэж ирээрэй” гэсэн агуулгатай мессэж байна лээ. Иргэн гэдэг ийм үнэтэй байдаг юм байна шүүдээ

Тэнд хийсэн хэвлэлийн хурал дээр би “Монголчуудыг дэлхий мэднэ. Монгол хүнээр оролдож болдоггүй юм шүү гэдгийг би мэдрүүлнэ. Битгий доромжлоорой” гэж ярилцлага өгч байсан юм. Дараа нь нэг очиход сэтгүүлч надаас “Та амьдралдаа инээж үзсэн үү” гэж байна. Би хариуд нь “Би танай нутагт онгоцны буудал дээр буугаад л миний инээд алга болчихдог юм. Гэхдээ байнга уурлаж явдаг хүн биш шүү. Би хорвоод инээдэг, уурладаг, баярладаг цусан зүрхтэй, усан нүдтэй хүн. Гэхдээ танай энд надад инээх шалтгаан алга” гэдгээ хэлсэн.

– Эцэст нь энэ бүхэн явж явж хүний эрхийн асуудал болж хөндөгдөж байгаа юм биш үү?

– Би саяхан Америкийн иргэн болчихсон монгол найзтайгаа тааралдаж жаахан хамт суусан. Биднийг ярьж суух зуурт гар утсанд нь мессэж ирж байна. Тэр нөхөр маань Монголд ирээд таван cap болж байгаа юм байна. Гэтэл АНУ-аас “Манай иргэн та эх орноосоо яваад таван cap боллоо. Танд ямар нэгэн юм тохиолдсон уу, асуудал гарсан бол хэлээрэй, эх орондоо эргэж ирээрэй” гэсэн агуулгатай мессэж байна лээ. Иргэн гэдэг ийм үнэтэй байдаг юм байна шүүдээ.

Гэтэл манай хэдэн зуун мянгаар тоологдох иргэн гадагшаа гараад 20, 30 жил бор зүрхээрээ ажиллаж амьдраад явж байна. Тэдэнд анхаарал тавьж байна уу. Тийм эзэнгүй байж болох уу. Монгол хүн өдөрт ямартаа ч нэг удаа уулан дээр гарч бодоо дурандаад, богоо хариулаад орой хотонд нь авчирч хэвтүүлдэг билээ. Гэтэл хүнээ ингээд мартчихаж болох уу.

Ийм нөхцөлд хүний эрх гэж ярихад ч хэцүү санагдана… Дөрвөн жил болоход “Та минь биднийг сонгоод өг” гээд өнгө өнгийн туг барьж, харайж ирээд хошхируулж гуйгаад л сонгогдож аваад алга болдог. Тэр үед таны эрхийг хангана, гайхалтай болгоно, бүхнийг шийднэ гэсэн уриа лоозон нь тэр л байдаг биз дээ.

Ер нь гадаадад амьдарч байгаа иргэдэд ямар нэгэн асуудал болоход надтай холбогдох нь олон. Гадаадад амьдарч байгаа монголчуудын эрх зүйг хамгаалах албан ёсны бичиг баримт байдаггүй. Тиймээс гадаадад амьдрагсдын эрхийг хамгаалах хуультай болох юм сан гэж боддог юм бэ. Амьдрал, эрүүл мэнд, иргэншил, үр хүүхэд нь үүх түүх, хэл соёлоо сурахад нь хэрэгтэй. Яг амьдрал дээр очоод өмгөөлөгч аваад ажиллах гэхээр “Танайх иргэнээ хамгаалах тухай ямар нэгэн эрх зүйн акт байна уу” гэж асуудаг гэсэн.

Ингэж бид гадаадад хэлмэгдэж явах харамсалтай. Тиймээс болдогсон бол гадаадад амьдарч байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс босдог, ноёны бөх гэдэг шиг УИХ-ын гишүүн та болооч гэсэн санал ирж л байдаг юм. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгтэй, хэрэггүй олон хуульд оролцож яах юм. Гадаадад амьдарч байгаа монголчуудын эрхийг хамгаалах ганц чухал хууль батлуулчихад болно оо гэцгээдэг.

– Малайзын талтай та хувиараа холбогдож байна уу. Таны өмгөөлөгч байдаг байх аа?

– Саяхан Малайзад байгаа миний өмгөөлөгчөөс Сангитаас захидал ирсэн. Тэрбээр “Би ганцаардаж хүчин мөхөстөж байна. Монголын төр засгаас жаахан ч гэсэн нөлөөлөл маш чухал байна” гэсэн агуулгатай захидал байсан. Түүний аав дэлхийд нэртэй шударга хуульч Карпалл Синх анх миний хэргийг өмгөөлж байсан ч 2012 онд “машины осол” гэдгээр амиа алдсан.

Гэмт хэргийг үйлдсэн хоёр этгээдийн нэг нь Австрали руу зугтаачихсан. Үүнд хамгийн гол буруутан нь монгол хүн байдаг. Олон улсын хурал дээр Малайз хүн монгол хүний амь насыг егүүтгэсэн байвал түүнд цаазын ял оноож болохгүй, тэр ч битгий хэл хүнд ял оноохгүй байхыг хүссэн илтгэл тавьсан нь олон улсын хэвлэлүүдээр гарсан шүү дээ. Бөөн асуудал болсон. Тэгээд л цаазын ял авчихсан байсан хэрэгтнүүдийг чөлөөлчихсөн.

Малайзын өнөөгийн ерөнхий сайд Анвар Ибрахим шударга үнэний төлөө тэмцэгч бөгөөд шоронгоос гарч ирээд 2012 онд надтай уулзаж, “Шантарвал тэмцэх хэрэггүй, үнэн хэзээ нэгэн цагт ялдаг. Тэмцэнэ ээ, хоёулаа” гэж байсан юм. Би түүнд захидал бичсэн. Хүлээж авсан тухайгаа хариу ирүүлсэн. Гэхдээ аливаа асуудалд цаг хугацаа, хэмжээ, тэсвэр гэж байх ёстой. Би цөхөртлөө явлаа. Заримдаа “Хариуг хариугаар л авахаас өөр гарцгүй юм байна” гэж бодогддог үе бий. Зэрлэг асуудал л даа…

“Та ер нь яажшуухан амьдрав даа” гэхэд “Би бригадын бага сургуулиас МУИС хүртэл 50 жил багшилсан хүн. Сүүлийн 20 жилд Монголын бүх алдарт академичдын 100 жилд зориулсан баримтат кинонууд бүтээж амжлаа. Түүнээс гадна төрийн есөн хөлт цагаан сүлдийг шинэчлэн бүтээхэд голлон оролцсон болохоор хэн бүхэнд тохиохгүй хувь шүү гэж бэлгэшээж явдаг” хэмээн дурсав. Төр таныг ивээх болтугай.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол төрийн сонгууль үндэснийхээ хэвлэлээр сурталчлуулах ёстой DNN.mn

лсын Их хурлын сэтгүүлч мэргэжилтэй гишүүдэд)

Сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах шаардлагатай. Гадаадын буюу нэг улсын нэг компанийн эзэмшилд буй сошиал платформыг тэтгэх нь эргээд үндэсний аюулгүй байдалд хортой тул үндэсний хэвлэлээ дэмжихийн зэрэгцээ гадагшаа чиглэх мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлэх нь тухайн улсын эдийн засагт ашигтай. Өнөө үед сошиал медиа хүчтэй хөгжиж байгаа нь үнэн. Дэлхий нийтээрээ цахим сүлжээг ашиглаж байгаа нь ч худлаа биш. Гэхдээ ямар үед яаж ашиглах ёстой вэ гэдгээ дэлхий нийт мэддэг. Тухайлбал, сошиал платформыг дэлхийн бусад орон, тэр дундаа өндөр хөгжсөн улсууд яаж ашиглаж байна вэ. Улс болгон төрийн эрхээ ээлжлэн барихын тулд тодорхой хугацаанд сонгууль явуулдаг. Сонгууль гэдэг бол нэг талдаа ард түмэн нь төр барих эрхээ эдэлж байгаагийн шууд хэлбэр. Нөгөө талдаа тухайн улсын ард түмний нийтлэг оролцоог хангадаг учир тодорхой хэмжээний мөнгө зөвхөн сонгууль тойрсон салбарт эргэлддэг. Үүнийг өндөр хөгжсөн орнууд маш ухаалаг эдийн засгийн системээр өнөөг хүртэл зохицуулж ирсэн байна. Сонгууль гэдэг тухайн улсын асуудал. Тиймээс энэхүү нийтийн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгөө улс дотроо л эргэлдүүлэх зарчмыг төрийн бодлогоороо зохицуулж ирснийг ухаалаг систем гэж байгаа юм.

Ерөөс өндөр хөгжсөн болон эдийн засгийн өсөлт нь хурдацтай нэмэгдэж байгаа улсуудын энгийн мөрддөг зарчим бол мөнгөний урсгалыг гадагшаа биш дотооддоо эргэлдүүлэх явдал. Нэмээд гадаад валютын урсгалыг эх орон руугаа нэмэгдүүлэх туйлын сонирхолтой байдаг нь тухайн улсын эдийн засаг өсөх гол шалтгаан болдог гэдгийг наад захын эдийн засагчид хэлнэ. Гэтэл манайд төрийн бодлого хаашаа чиглэж байгаа билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан. Уг өөрчлөлтөөр гуч гаруй жил явж ирсэн 76 гэх тоог 126 болж нэмэгдүүллээ. Дагалдаад сонгуулийн тогтолцоогоо ч өөрчлөв. Энэхүү хуулийн хэрэгжилт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс бид ирэх 2024 оны УИХ болон орон нутгийн ээлжит сонгуулийг шинэ дүрмээр явуулахаар болсон. Гишүүдийн тоо нэмэгдэх, сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн учир урьд өмнөхөөсөө илүүтэйгээр сонгуулийн сурталчилгаа хийгдэнэ гэсэн үг. Тэр ч утгаараа зардал өсөх нь тодорхой. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдах зардлын тодорхой хувийг улсын төсвөөс гаргадаг. Тухайлбал, ирэх жилийн сонгуулийн сурталчилгаанд зориулж 80 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт суулгаад байна. Энэ бол манайх шиг эдийн засагтай улсын хувьд өндөр тоо. Тиймээс ард түмэн зардал багатай сонгууль явуулахыг байнга шаарддаг. Харин иргэдийн энэхүү шаардлагыг эрх баригчид хүлээж авсан нэрийдлээр сурталчилгаа явуулах зардлаас танаж эхэлдэг. Ингэж танахдаа үндэснийхээ хэвлэлээр явуулах сурталчилгааны зардлаас танадагт асуудал оршиж байгаа юм. Үндэснийхээ хэвлэлээр гаргах сурталчилгааны зардлыг танаж байгаа ч гадны хэвлэлээр гаргах сурталчилгаагаа эсрэгээр нь нэмдэг Монгол төрийн бодлого эсрэг зүгт явж байгаагийн нэг тод үйлдэл. Тиймээс энэхүү алдааг бид ирэх жилийн сонгуулиар давтах шаардлага байхгүй

Засахын тулд эхлээд хууль гаргах ёстой. Хуульдаа Монгол төрийн сонгуулийн сурталчилгааг зөвхөн үндэснийхээ хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. Гаднын хэвлэл буюу сошиал платформыг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг оруулах хэрэгтэй

Яг одоо намрын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байна.

Тиймээс энэхүү хуулийн төсөлд дээрх заалтыг оруулснаараа эдийн засаг болоод Үндэсний аюулгүй байдал, улсын хөгжилд томоохон өөрчлөлт гарч ирнэ. Үүнийг парламентын түвшинд санаачлан, ажил хэрэг болгоход хэвлэлийн салбараас улс төр лүү орсон эрхэм гишүүд та бүхэн манлайлан оролцох учиртай. Хэвлэлийн салбараас төрийн эрх барих дээд байгууллагад суугаа олон улс төрчид бий. Эдгээр эрхмүүдийн хамгийн том төлөөлөл, нөлөөлөл нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та билээ. Таны дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” гэдэг угтаа эдийн засгаа сэргээх бодлого гэж ойлгож байгаа. Эдийн засгаа сэргээхийн тулд одоо ашиглаж байгаа 40-ийн бетоноо бид 80, 120, 200 болгох ёстой гэж та хэлсэн. Эдийн засгаа тэлэхийн тулд мөнгөний урсгалыг дотооддоо эргэлдүүлж, гадаад валютаа нэмэгдүүлэх шаардлагатай. Энгийнээр хэлбэл гадагшаа бид мөнгө гаргахгүйгээр гаднаас дотогшоо чиглэсэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх ёстой биз. Гадагшаа мөнгө гаргахгүй, эдийн засгаа өсгөхийн тулд ядаж Монгол төрийн

сонгуулийн сурталчилгааг үндэснийхээ хэвлэлээр явуулах ёстой. Эсрэгээрээ гадаад хэвлэл рүү бид нэг ч төгрөг оруулах учиргүй. Ингэж чадвал эдийн засаг бодитой өснө, тэлнэ. Ингэж чадвал үндэсний хэвлэл хүчирхэгжинэ. Хэвлэл хүчирхэг байх тусам хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлын бат нот цайз бий болно. Ингэснээр том зургаараа ардчилал жинхэнэ утгаараа төгөлдөржинө. Ардчилал төгөлдөржсөнөөрөө нийгэм эрүүлжинэ. Эрүүл нийгэмтэй, эрүүл төртэй, эрүүл ардчилалтай улсын хөгжил бодит утгаараа гараанаасаа хөдөлнө. Энэ л монголчуудын хүсээд байгаа ирээдүй. Монголын ард түмэн төр засгаасаа энгийн хүн ёсны зарчмыг л хүсдэг, шаарддаг. Үүнийг нь хүлээн авч чадаж байгаа засгийн эрх баригчид л бодит утгаараа Монголын хөгжлийг урагшлуулна. Тиймээс бид эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, улсынхаа хөгжлийг бодож, түмний шаардлагын дагуу Төрийн сонгуулийн

сурталчилгааг үндэснийхээ хэвлэлээр явуулах ёстой. Үндэснийхээ хэвлэлээр сонгуулийн сурталчилгаа явуулах нь нэгдүгээрт, улс орны эдийн засагт олон давуу талыг үүсгэнэ. Хоёрдугаарт, монголчууд тусгаар улсынхаа төрийг байгуулах язгуур эрх ашигт нийцэж байна гэсэн үг. Гуравдугаарт, Монголын ардчиллын баталгаа болсон хэвлэл мэдээллийн эдийн засгийн байдлыг сайжруулна.

Нөгөөтэйгүүр үндэснийхээ хэвлэлээр сурталчилгаа эс явуулах нь яагаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой вэ гэж та асууж магадгүй. Дээр хэлсэнчлэн сонгууль гэдэг бол тухайн улсын асуудал. Тухайн улсын ард түмэн улс орон, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, төлөөний хүнээрээ дамжуулан төрийн эрхээ барих үндсэн язгуур эрхээ эдлэх гэж байна. Тиймээс энэхүү язгуур эрхээ эдлэх үйл явцад гадны ямар нэгэн нөлөөлөл орох ёсгүй юм. Гадны нөлөө гэдэг ямар ч утгаараа ойлгогдож болно. Аль ч утгаар нь ойлгосон Монгол төрийн асуудал гадныханд ямар ч хамаагүй зүйл. Адаглаад бид сонгууль явуулахдаа сурталчилгаанд урсах мөнгөө үндэснийхээ хэвлэлд зарцуулчих хандлагатай байх хэрэгтэй. Сошиал платформын цаана дандаа гадаад эзэд бий. Тэр утгаараа сонгуулиар хэн нэгэн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө ямар хэвлэлээр дамжуулан ард түмэндээ өгч байгаагаас нь хамаарч сонголтоо хийх ч боломжтой. Жишээлбэл, танай тойрогт нэр дэвшиж байгаа улс төрч өөрийн болоод намынхаа мөрийн хөтөлбөрийг сошиалаар явуулж байна уу, сониноор дамжуулж байна уу гэдгийг нь сонгогч та хараарай. Сошиалаар явуулж байгаа бол эдийн засгийн наад захын ойлголтгүйгээс гадна эх орныхоо төлөө зүтгэх хүн биш гэж бодох хэрэгтэй. Харин үндэснийхээ хэвлэлээр сурталчилгаагаа явуулж байгаа улстөрч бол зөв хүн гэдэг нь танигдана.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрс, нийслэл, “49”… намрын нанчилдаан одоо л эхэлж байна DNN.mn

“Намрын улс төр ширүүснэ, нанчилдана” гээд л байсан. Батлах мэт ногоон автобусны дуулиан гарч ирж, МАН-ын хэдэн нөхөр хоорондоо үзэж тарж эхэлсэн. Нам талаасаа гэвэл МАН-ын генсек, Нийслэлийн МАН-ын дарга нар, Засаг талаас нь харвал ЗГХЭГ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга хоёр нь нанчилдсан. Тэр нь одоо ч дуусаагүй байна.

Гэхдээ тэр нь киногоор триллер нь байсан аж. Улс төр одоо л, энэ долоо хоногоос л жинхэнэ утгаараа халуурч эхлэх бололтой.

Нэгдүгээр шалтгаан бол нүүрс. Нүүрсний хулгай үндсэндээ нам зогсоон. Баригдаж, шүүхээр орсон ганц хэрэгтэн Төмөр замын С.Батдөлийн ялыг шүүх өнгөрсөн долоо хоногт хоёр жилээр хасчихлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал байсан Б.Ганхуяг хоригдож байна. Тэрбээр “Үгээ хэлье” гэж байнга хэлж байгаа. ХЭҮК-т ч хандсан. Шүүх ч, ХЭҮК ч түүнийг үг хэлэх эрхээр хангах эсэх нь тодорхойгүй. Хэрэв тэр үгээ хэлбэл нүүрсний хэргийн үнэн мөн илэрнэ гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Б.Ганхуягт бололцоо олгох, нүүрсний хэрэгт гарц болох ганц зүйл нь Нүүрсний сонсгол болчихоод байна. УИХ энэ ажлыг зохион байгуулна. Өнгөрсөн долоо хоногт Нүүрсний сонсгол хийх гол хүнээр Хууль зүйн сайд Б.Энхбаярыг сонгожээ. Угаасаа Б.Энхбаяр нүүрсний сонсгол хийх л гэж сайдаар томилогдсон. Ерөнхий сайд нь томилохдоо тийм чиглэл өгсөн гэх яриа гарч байна. Тэр талаас нь харвал Б.Энхбаяр нүүрсний сонсголыг заавал хийнэ гээд гүрийчих магадлал өндөр. Тэгж чадвал алдарт нүүрсний хулгайн мэдээлэл ил тод болно гэсэн үг. Харин нүүрсний сонсгол хийлгэхгүй байх сонирхолтой улс төр, бизнесийн маш том бүлэглэл бий. Нүүрсний сонсгол болох л юм бол тэд баларна. Томчуудынх нь үйлдэл нь эхнээсээ ил гарч байна. Том улстөрчид, том бизнесмэн гээд л. Гэхдээ тэд өнөөдөртөө маш хүчтэй байгаа. Тэд Б.Энхбаяраар нүүрсний сонсгол хийлгэхгүй байх санал ч, шантааж ч тавьж чадна. Тиймэрхүү үйл явдлууд нүднээс далд өрнөж байгаа юм байна. Б.Энхбаяр тэрэнд нь тэсэх үү үгүй юу гэдэг удахгүй харагдана. Хэрвээ нүүрсний сонсгол хийх юм бол нам чинь баларна шүү гэх зэргээр айдсын шанаа өгөөд эхэлжээ. Бас нүүрсний сонсгол хийвэл огцруулна гэж айлгасан гэх ч мэдээлэл байна.

Хоёр дахь шалтгаан нь нийслэлийн асуудал. Намрын чуулгантай зэрэгцээд нийслэлийн нийтийн тээвэртэй холбоотой хэрэг гарч ирсэн. Ногоон автобусны луйвар илэрсэн. Маш бохир луйвар тэнд болсон нь тодорхой болсон. Одоогоор цаад эзэн нь тодорхойгүй байна. Гэхдээ удахгүй илрэх магадлал өндөр ажээ. Бас л улстөрчийн нэр дуулдаад эхэлсэн. Ногоон автобуснаас болоод нийслэлд ч, Засагт ч сэлгээ орсон. Л.Оюун-Эрдэнийн цорын ганц шадар гэгддэг Хууль зүйн сайд Х.Нямбаатар нь Нийслэлийн Засаг дарга болсон. Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыгаа тийш нь томилсон учир тодорхой. Энэ долоо хоногт нийслэлд том хэргүүд дараалан илэрч, томоохон баривчилгаа болоод эхэлнэ. Нийтийн тээврээс гадна газрын наймаа гэж том хэрэг бий. Газрын наймааны дэргэд ногоон автобус бол юу ч биш. Үе үеийн нийслэлийн дарга нар үүнд холбогдоно. Энэ долоо хоногт гэхэд л Нийслэлийн Засаг дарга байсан нэр бүхий том улстөрч хэрэгт татагдахаар болжээ. Барилгын зөвшөөрөл гэж бас том маапаан байдаг. Ерөөсөө нийслэлийн гэх багц хэрэг АТГ, ЭЦА-аар шалгагдаж эхэлнэ л гэсэн үг. Нийслэл дэх авлигын том хэрэг ганц Нийслэлийн Засаг дарга асанаар тогтохгүй. Үе үеийн маш олон хүнийг хамарсан сүлжээ байдаг байна.

Гурав дахь нь Эрдэнэтийн 49-тэй холбоотой. Энэ хэрэг шүүхэд шилжилгүй олон жил болсон. Өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжсэн. Бас л ганцхан Д.Эрдэнэбилэгийн асуудал биш. Зөвхөн шүүхэд шилжсэн нь гэхэд л 20 шахам хүний нэр яригдаж байна. Цаана нь үлдсэн өчнөөн хүний нэр дуулддаг. Энэ хэрэг шүүхээр орох нь Д.Эрдэнэбилэгт бараг ашигтай. Нэр нь тодроогүй хүмүүст хортой.

Энэ гурван шалтгаан намрын улс төрийн нанчилдааныг эхлүүлжээ. Энэ нанчилдаан чуулган эхлэхтэй зэрэгцээд далдуур болоод байжээ. Их олон явдал болсон байна. Одоо ил болох цаг нь болоод тэсэрч байгаа бололтой.

Өнгөрсөн өдрүүдэд нүүрс, нийслэл, 49-ийн асуудлаар хохирч мэдэх хүмүүс нэг талдаа гарсан гэх мэдээлэл яригдаад байна. Энд тэнд уулзалтууд ч зохиох болжээ.

Мөдхөн Монголын улс төрд ямар нэг томоохон үйл явдлууд л өрнөнө гэсэн үг. Нүүрс, нийслэл, 49-өөр олон хүний эрх ашиг хөндөөд байгаа нөхөд хонгоо уруулж мэдэх л юм. Ерөөсөө л нүүрс, нийслэл, 49 ялах уу, тэдний мууг үзээд байгаа Л.Оюун-Эрдэнэ нар нь дийлэх үү гэдэг мөд тодорхой болох нь.

Мөн энэ нанчилдааны хажуугаар энэ өдрүүдэд Францад хийгдэж байга ураны гэрээ ч улс төрийн хэрүүл дагуулж, өнгө чимэг нэмэхээр боллоо. Энэ нь Дубайн гэрээг хийж, Эрдэнэтийн 49-ийг авчрахад яригдаж байсантай ижил. Эдгээр дээр “УИХ-аар хэлэлцээгүй” гэдэг асуудал гарч ирсэн. Түүн лүгээ Францтай хийсэн ураны гэрээг ч УИХ огт мэдээгүй байгаа юм. Нэмж хэлэхэд сүүлийн үед Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд шиг ажиллаад байгаа тухай хаа сайгүй ярьдаг болж. Байгаль орчны сайд шиг мод тарьдаг. Хөдөө аж ахуйн сайд мэт хүнс ярьдаг. Зам тээврийн сайд шиг төмөр зам тавьдаг. Энэ мэтээр яриад л байх болсон билээ.

П.Хуяг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Болорчулуун: Бүх төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт, квот тогтоохгүй DNN.mn

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай ярилцлаа.

-Намрын тариа хураалтын ажил ид явагдаж байна. Энэ жилийн тухайд хичнээн хэмжээний үр тариа хурааж авахаар төлөвлөж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд дунджаар нэг га-гаас 15 центнер буюу 1.5 тонн улаанбуудай хураан авч байна. Энэ бол сүүлийн 10 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм. Ургац хураалтын урьдчилсан балансаар 480 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан. Аравдугаар сарын 10-ны байдлаар үр тариа хураалтын ажил 30 гаруй, төмс хүнсний ногооны хураалт 75 орчим хувьтай явагдаж байна.

-Цаг агаарын байдал хэрхэн нөлөөлж байна?

-Есдүгээр сарын сүүлээр тариалангийн бүс нутгаар үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас ургац хураалтын ажил долоогоос найман хоногоор саатсан.

Цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор буудайн хатаалгын үйлчилгээ, ургац тээврийн 100 км доторх зардлыг хариуцах, элеватор агуулах түрээслэх, бүтээгдэхүүний стандартын зарим үзүүлэлтэд зохицуулалт хийж түр горимоор ургац хүлээн авах зэрэг олон ажлыг зохион байгуулж байна.

-Хүнсний ногооны хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байгаа вэ?

-Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа дээд амжилт тогтоохоор ажиллаж байна. Бид энэ оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарласан. Төмс хүнсний ногоо хураалтын механикжуулалтыг дэмжих зорилгоор худалдан авсан техник, тоног төхөөрөмжийн үнийн 50 хүртэл хувийг хөнгөлөх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн

Хот суурин газрын иргэдийг шинэ ургацын ногоогоор тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 нэр төрлийн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлсөн. Түүнчлэн эцсийн бүтээгдэхүүнд нь урамшуулал олгож эхэлснээр тариалсан талбай, хураан авсан ургацын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 18.3 хувиар өсөх төлөвтэй байна.

-Тэгвэл төмс хүнсний ногооны дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэсэн үг үү?

-Энэ жил улсын хэмжээнд 18.4 мянган га талбайд төмс, 13.9 мянган га талбайд бусад хүнсний ногоо тариалсан. Урьдчилсан байдлаар төмсний хэрэглээг 100 хувь, хүнсний ногооны 82 хувийг дотоодын ургацаас хангахаар ажиллаж байна. Хүнсний ногооны хувьд тариалалтаас илүүтэй хадгалах ногооны зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг жилийн хугацаанд дотоодын хэрэглээгээ бүрэн хангахуйц ургац авах нөхцөл боломж бий. Гэхдээ хурааж авсан хүнсний ногооныхоо 30 орчим хувийг хадгалалтын горимоос болж алдах эрсдэл өндөр. Тэгэхээр хадгалах, хамгаалах нь тарьж ургуулахаас илүү асуудал болоод байна гэсэн үг юм. Түүнчлэн хүнсний ногоочдоо дэмжиж, тэдний амьдралын түвшинг дээшлүүлэх, энэ салбарт ажиллах боловсон хүчинг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг болох үнэ ханшийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, импортоор орж ирж байгаа төмс хүнсний ногооны татварыг нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай. Тэгж байж бид жилийн дөрвөн улиралд дотоодын хүнсний ногоогоо хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

-Үр тариа, улаанбуудайн тухайд ирэх жилийн нөөцийн хэмжээ ямар байгаа вэ. Энэ жил ОХУ-аас импортоор үр тариа авах уу?

-Энэ намрын ургацаас 55 мянган тонн хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн. Үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай дээд сортын үрээр тариалалт хийхийн тулд ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг Орос улсын Алтайн хязгаараас нийтдээ 5.6 мянган тонн элит үр импортоор авч үнийг нь 30 хувиар хөнгөлж, дээрээс нь нэмээд 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгосон. Товчоор хэлбэл, тариаланчдаа бүх талаар дэмжин ажиллаж байна.

-Бензин шатахууны тасралт үе үе гарч байна. Хөдөө аж ахуйн салбарт шатахууны хэрэгцээ өндөр байдаг. Тэр утгаараа яамны зүгээс ямар бодлого зохицуулалтаар хангаж ажиллаж байгаа вэ?

-Ургац хураалтад шаардагдах шатахуун, түлшний асуудлыг тасалдуулахгүй нийлүүлэх тал дээр яамны зүгээс онцгой анхаарч байна. Өвлийн түлшний үнэ нэмэгдсэн. Улсын ургацын комиссын гишүүн Ашигт малтмал, газрын тосны газарт чиглэл өгсөн. Түүнчлэн тээвэрлэлт, зам талбай, гүүрний засвар, ялангуяа цахилгаан, эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангахад онцгойлон анхаарч цаг хугацаатай уралдаж байна. Бидэнд үр дүн л чухал.

-Хөдөө аж ахуйн салбар бол Монголын эдийн засгийг өсгөх, солонгоруулах хоёр дахь том салбар. Малчдыг дэмжих бодлого орхигдсон талаар иргэд шүүмжилдэг, энэ талаар?

-Хэдхэн хоногийн өмнө “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулган зохион байгуулагдлаа. Энэ удаа 800 орчим залуу малчид чуулж, тэдний зарим төлөөлөл өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн. Чуулганаар малчдад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор E-malchin, Малчдад мэргэжлийн боловсрол олгох, Мал аж ахуйн кластер зэрэг 10 төсөл хөтөлбөр ажил хэрэгжүүлэхээр болсон. Малчдын зүгээс маш олон санал, шүүмжлэлийг дэвшүүлсэн. Том зургаар нь харвал залуу малчид маань өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон малын махаа зах зээлд хэрхэн яаж боломжит үнээр нийлүүлэх асуудлыг ихээхэн хөндлөө. Угтаа бол бид дотоодын хэрэглээгээ хангахаас гадна гадаад улсад их хэмжээгээр, мөн өндөр үнээр махаа экспортлох бүрэн нөөцтэй. Гэхдээ малын махаа олон улсын стандартад нийцүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

-Малын эрүүл бүс байгуулах асуудал ихээхэн яригдах болсон. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Дотоодын нийт бүтээгдэхүүний голлох салбар, тэр дундаа хүнсний салбарт томоохон хувийг эзэлдэг малын махаа эрүүлжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Эрүүл монгол малын мах бий болгож, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Тэгэхээр мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулж малаа бүрэн эрүүлжүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Ингэж байж бид дэлхийд махны экспортын хэмжээгээрээ хүчтэй өрсөлдөгч болж чадна. Хорио цээрийн бүс буюу эрүүл бүсэд бэлчээрлэж буй малыг хуваарьт вакцинжуулалтад хамруулж, гаднаас өвчтэй байж болзошгүй мал нэвтрүүлэхгүй байх дэглэм тогтооно. Зарим аймгуудын зүгээс өөрсдийн саналаар эрүүл бүсэд хамрагдах хүсэлтээ яаманд ирүүлж байгаа нь энэ талын ойлголт сайжирсныг харуулж байгаа нэг үзүүлэлт юм. Тухайлбал, Хөвсгөл аймгийн зургаан сумыг эрүүл бүсэд хамруулах тогтоол гарсан боловч аймгийн удирдлага, иргэдийн зүгээс нь бүх сумаа эрүүл бүсэд хамруулах хүсэлт ирсний дагуу Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон.

-Эрүүл бүс олон байгуулах нь мах экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

-Салбар яамны зүгээс малын махыг гадаад улсад нийлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. Монгол Улс малын махныхаа чанарыг дэлхийн жишигт хүргэж, зах зээлийн үнийг өсгөхөд онцгой анхаарах ёстой. Би ХХААХҮЯ-нд сайдаар ирэхдээ “малын махны экспортод эрс өөрчлөлтийг авчирна” гэж хэлж байснаа санаж байна. Өнгөрсөн жил үхрийн махнаас бусад төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт буюу квот тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, адуу, хонь, ямааны мах экспортлоход ямар нэгэн квот зарлаагүй гэсэн үг юм. Энэ шийдвэр махны экспорт нэмэгдэхэд ихээхэн нөлөөлсөн нь тоон судалгаанаас харагддаг. Өнгөрсөн жил 16 мянган тонн мах экспортолсон бол өнөө жилийн хувьд аравдугаар сарын 1-ний байдлаар 53.2 мянган тонн мах экспортод гаргаад байна. Оны сүүл гэхэд энэ тоо улам нэмэгдэнэ. Квот ямар их саад тушаа болж байсан нь эндээс харагдах байгаа. Тэгвэл саяхан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж бүх төрлийн махны экспортод квот тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Гадаад улсад нийлүүлэх махны квот тогтоох нь олон талын учир дутагдалтай талаар аж ахуй нэгжүүд болон иргэд байнга шүүмжилдэг. Ямар нэг хязгаар тогтоох нь шударга бус өрсөлдөөн, авлига хээл хахууль зэрэг олон талын сөрөг үр дагавартай шүү дээ.

Тиймээс эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан үйлдвэр аж ахуй нэгжүүд сайн чанарын махаа ямар нэг тоо хэмжээний хязгаарлалтад баригдалгүйгээр нийлүүлэх эрх зүйн орчин бүрдлээ гэж ойлгож болно. Энэ нь төрийн зүгээс аж ахуй нэгжүүдийг тэгш боломжоор хангах сайн талтай гэж харж байгаа.

-Манай улс дэлхийн хэдэн оронд мах нийлүүлж байгаа вэ?

-Хятад, Япон, Орос, Казахстан, Узбекстан, Иран зэрэг арав орчим улсад их бага хэмжээгээр махаа экспортолж байна. Адуу, хонины махыг хөлдөөсөн, бусад махыг дулааны аргаар боловсруулсан хэлбэрээр экспортолдог.

-Экспортолж байгаа махны үнийг цаашид нэмэгдүүлэх боломжтой юу?

-Үнэ ханшийн хувьд экспортод гарч байгаа махны үнэ дотоодод худалдаалагдаж байгаа махны үнээс зарим тохиолдолд доогуур байгааг үгүйсгэхгүй. Учир нь яг одоогоор гадагшаа гарч байгаа малын мах олон улсын стандартыг 100 хувь хангаж чадахгүй байгааг нуухгүй. Жишээлбэл, Америк, Европ зэрэг орны хүмүүс үхрийн махыг шүүрхийгээр болон хагас болгож хүнсэндээ хэрэглэдэг. Ингэж шүүрхийгээр хэрэглэхийн тулд тухайн малыг төрснөөс эхлээд хүнсэнд хэрэглэх хүртэлх хугацааны бүртгэл, мэдээлэл заавал байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, тухайн нэг үхрийн хувьд ямар өвчин тусч байсан, ямар эм бэлдмэл, вакцин, туулга, тарилгад хамрагдаж байсан эсэх нь бүртгэлийн мэдээлэлд бичигддэг. Яг ийм бүртгэлжүүлэлтэд хамрагдсан малын мах олон улсын зах зээлд үнэ хүрч байна. Бид өөрсдөө ямар нэг стандарт зохиогоод байгаа юм биш. олон улс биднээс ийм эрүүл ахуйн стандартад нийцсэн мах авах шаардлага тавиад байгааг иргэд маань ойлгох хэрэгтэй. Монгол Улсын хувьд Малын генетик нөөцийн тухай хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар бүртгэл хяналтад хамруулахыг хуульчилсан. Судалгаанаас харахад үхрийн мах нь шүлхийгээс гадна 40 орчим төрлийн өвчин тээгч шимэгчтэй гэж үздэг.

Ялангуяа үхрийн махан дээр Мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу махны экспортын зөвшөөрөл өгдөг газар нь бүртгэл хяналтад оруулсан байх ёстой. Тэгэхээр энэ асуудлаа дотооддоо нэн тэргүүнд шийдэж байж олон улсад махаа өндөр үнээр борлуулна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Үндэсний компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэл мэдээллээр явуулдаг болъё ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Бат-Эрдэнэ: Улаанбаатарыг олон төвт хот болгох хэрэгтэй DNN.mn

Монгол Улсын эрдмийн их сургуулийн Докторантыг дэмжих төвийн захирал, доктор, дэд профессор Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотод тулгамдсан асуудал тоймгүй их байна. Улаанбаатарын асуудлыг шийдчихвэл улсынхаа тэн хагас асуудлыг шийдчихлээ гэсэн үг биз дээ?

-Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл хот гэдэг утгаараа хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтцийн нягтаршил ихтэй. Энэ нь хэн бүхэнд ойлгомжтой. Ер нь бол Улаанбаатарын асуудлыг том зургаар нь харах юм бол Монгол Улсын асуудал юм. Өөрөөр хэлбэл, манай өргөн уудам хязгаар нутагт хөгжлийн түвшин алдагдалтай байгаа учраас төвлөрсөн нэг крант руугаа ус урсч ороод байгаа юм. Орон нутгаас жилд 40-60 мянган иргэн Улаанбаатарт суурьших гэж ирж байгаа гэсэн судалгаа байдаг. Нийслэл рүү ингэж хэт төвлөрөөд байгаа урсгалын шалтгааныг бид хамгийн түрүүнд олж харах хэрэгтэй. Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэлийн шийдлийг бид олж чадахгүй юм байна гэдгийг өнгөрсөн 30 жил харлаа. Өнөөдөр Улаанбаатар хотын хүндрэл бэрхшээл сорилтыг даван туулъя гэвэл Монгол Улсын хөгжлийн өөрийнх нь чиг баримжааг судалж үзэх хэрэгтэй. Тиймээс хөдөө орон нутагт соёлыг түгээмээр байна.

Хүн амьдрах таатай орчныг тэнд бүрдүүлэх ёстой. Тэгвэл орон нутгаас Улаанбаатар руу ирэх урсгал буурна.

Тэр хэрээр Улаанбаатар хотын хүндрэл бэрхшээлүүд саарна. Ер нь хүний биеийн эрүүл мэнд бодисын солилцооны тэнцвэрт үйл ажиллагаанаас шууд шалтаалдаг даа. Яг үүнтэй ижилхэн хот ч гэсэн өөрийн бодисын солилцооны үйл ажилгааг тэнцвэржүүлэх нь чухал. Иймд Улаанбаатар хот юу хэрэглэж байна, түүнийгээ хэрхэн шингээж байна гэдийг нарийвчлан судлах хэрэгтэй. Жишээлбэл, бид жилд хэдэн сая тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа билээ. Түүнээс ялгарах утаа тэр хэмжээнд л байна гэсэн үг. Бүх л зүйлс өөрийн үр дагаврыг бий болгодог. Энэ нь асуудал үүсгэж буй эх үүсвэрүүдийг л бууруулах явдал юм.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг яаж шийдэх ёстой вэ?

-Нийслэл хотод маань тулгын гурван чулуу шиг дэд бүтэц байдаг. Нэгдүгээрт, усны хэрэглээ. Хоёрдугаарт нь эрчим хүчний хангамж. Гурав дахь нь нийтийн тээвэр. Энэ тулгын гурван чулууг хөгжүүлэх юм бол бусад асуудлууд нь салбарлаад дэмжигдээд явна. Энэ гурав унавал бусдыгаа татаж асуудал үүсгэдэг. Яг үнэндээ агаарын бохирдол гэдэг бол эрчим хүчний хангалтгүй байдлаас үүсэлтэй байж болох нэг сэжүүр байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр олон байдаг. Жишээлбэл, зуухны яндангийн утаа, автомашин, цахилгаан станц, тоос шороо, үнс гээд олон эх үүсвэр бий. Тэр дундаа хаврын улиралд цахилгаан станцуудын овоолсон үнс салхинд хийсээд өвлийн оргил үеийнхтэй тэнцэхүйц хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг. Өнөөдөр манай улс агаарын бохирдлыг яаж алга болгох вэ гэдгийг мэдэхгүйдээ хийж чадахгүй байгаа юм биш. Бүгд мэдэж байгаа. Ганцхан арга зүй л дутаад байна. Төрийн үйл ажиллагааг удирдахад арга зүй ч зайлшгүй чухал. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах зорилготой 400-гаад мянган гэр хорооллын өрхүүдийн яндангийн тоог цөөлөх гэсэн бодлогыг хэн ч буруутгахгүй. Гэвч ийм оношлогоог мэдсээр байж 177 тэрбум төгрөгөөр коксжсон нүүрс оруулж ирж энэ өвөл түлнэ гэхээр логикоор уялдахгүй байгаа биз дээ. Уг нь тэр олон мянган айлын яндангийн тоог цөөрүүлэхийн тулд өдөрт гурав, дөрвөөр ч хамаагүй багасгах ёстой. Гэтэл тэр айлуудын зуухыг дандаа галлуулж байх зорилготой түлшийг нь бэлдэж өгөөд байгаа юм. Дээр нь жилээс жилд орон нутгаас шилжиж ирж буй өрхүүдийн хувьд хамгийн өртөг багатай сууц бол монгол гэр. Тэдний түлшийг хотод ирэхэд нь сайхан бэлдээд өгчихөөд байна шүү дээ. Энэ янзаараа төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга барилаа өөрчлөхгүй бол асуудлыг шийдэж чадахгүй гэдэг нь харагдаж байна. Тиймээс агаарын бохирдлыг аль хэзээний тархиндаа шийдчихсэн. Юунаас болж агаар бохирдоод байна, яаж бууруулах уу гэдгийг захын хүн бүр мэднэ. Гэхдээ хийж байгаа ажил нь бидний оношлогооноосоо зөрөөд байна. Дэлхийн олон хотууд агаарын бохирдлоосоо салах хэд хэдэн арга замыг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Үүний нэг нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр. Нүүрс, модон зуухны оронд байгалийн хий, цахилгаан, төвлөрсөн халаалтын систем гэх мэт илүү цэвэр халаалтын хувилбаруудыг ашиглахыг дэмжих ёстой. Энэ нь цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг оршин суугчдад хямд, хүртээмжтэй болгохын тулд төрөөс татаас эсвэл урамшуулал шаардаж болно. Дээрээс нь сайжруулсан дулаалга байна. Бас нийтийн тээврийн дэд бүтцэд зохимжтой зөв хөрөнгө оруулалт хийж, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоог бууруулах хэрэгтэй. Замын хөдөлгөөнтэй холбоотой утааг бууруулахын тулд автобус, метро болон бусад төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг дэмжих зайлшгүй шаардлага бий. Ингэхдээ цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, цэнэглэх дэд бүтцийг бий болгоход урамшуулал олгох эрх зүйн орчныг илүү сайн хөгжүүлэх нь чухал юм. Нэмж хэлэхэд, Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд төр засаг, аж ахуйн нэгж, оршин суугчдаас урт хугацааны хамтын үүрэг хариуцлага шаардагдана гэдгийг мартаж болохгүй.

-Замын түгжрэлээс хэрхэн ангижрах вэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр гэж зовлонтой асуудал байна. Нийслэлийн автозамын сүлжээг сайжруулж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ гээд түүхэнд байгаагүй их хэмжээний мөнгийг улсаас төсөвлөж байна. Манай улс мөнгөгүй биш. Төсвийн үр өгөөжтэй ашигтай байдлаар захиран зарцуулалт дээрээ алдаад байна. Тэгэхээр эргээд төрийн ажлыг эрхэлж байгаа арга зүйдээ анхаарах ёстой. Ойрын жишээ гэхэд, монголчууд битгий хэл дэлхий дахинаа асуудал болж буй ногоон автобусны дуулиан байна. Дэлхийн стандартыг хангасан орчин үеийн хоёр автобус худалдаж авах хэмжээний мөнгөөр капитал засвар хийсэн нэг автобус авчихсан байх жишээтэй. Төр иргэдийн татварын мөнгийг шударга зарцуулж байна уу гэдэгт эргэлзээ төрж байна шүү дээ. Нийтийн тээвэр гэдэг бол хүний бие дэх судас гэсэн үг. Хүн болгон өглөө бүр нийтийн тээврээр тал, тал тийшээ зорчдог. Тэгэхээр нийтийн тээврийг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тохилог парк шинэчлэлтээр шийдчихвэл хүн болгон хувийнхаа автомашиныг унаад яваад байхгүй. Цаашлаад түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээвэрт хөрөнгө оруулалт хийхээс гадна моторгүй тээврийг дэмжих хэрэгтэй. Унадаг дугуй, явган хүний зам хангалттай барьж байгуулах ёстой. Хэрэв бид автозамаа өргөтгөөд л гүүр зам шинээр бариад байвал автомашины тоо нэмэгдээд л байхаас буурахгүй. Мөн түгжрэлийн үнийн бодлого гэж бий. Олон улсын туршлагаас харахад, түгжрэл ихтэй газар юм уу оргил ачааллын үед тээврийн хэрэгслээс нэмэлт төлбөр авдаг байх жишээтэй. Ийм маягаар, түгжрэлийн үнийн бодлогыг нэвтрүүлдэг юм байна лээ. Энэ нь ачаалал ихтэй үед замын хөдөлгөөнд оролцох машины тоог багасгахад тусална гэж үздэг. Улаанбаатар хот бол нэг төвтэй. Нийслэлчүүд өглөө болгон босоод нэг чиглэлд явдаг. Тэр нь хотынхоо төв рүү. Нэг төвтэй хотын төвлөрөл гэдэг бол өглөө, оройдоо ч бөглөрнө. Тиймээс олон төвтэй хот болж хөгжих нь чухал.

-Тэгвэл Улаанбаатар хотыг хэрхэн задлах вэ. Бүхэл бүтэн нэг аймагтай тэнцэх хэмжээний дүүргүүд байдаг. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг гурав хувааж асуудал ч яригддаг шүү дээ?

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар шиг том, цогц хотыг өөрчлөх нь үнэхээр амаргүй ажил. Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдийн хэмжээ, менежмэнттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх нь томоохон сорилт, болон боломжуудыг бий болгоно. Үнэндээ Сонгинохайрхан дүүрэг бол Говьсүмбэр аймгийг хоёр, гурав нугалах хэмжээний хүн амтай шүү дээ. Ер нь Улаанбаатарыг олон төвт хот болгох хэрэгтэй. Миний хувьд эдгээр том дүүргүүдийг жижиг, илүү удирдах боломжтой хэсгүүдэд хуваах нь зүйтэй гэж бодож байна. Ийм хуваагдал нь засаглал, үйлчилгээний хүртээмж, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулна. Улаанбаатар бол нэг төвтэй хот болохоор ихэнх асуудал үүнтэй холбоотой. Тиймээс хотыг ерөнхий төлөвлөгөөнд олон төвт хөгжлийн чиглэлийг оруулсан байдаг. Тэр чигт явж байгаа бид. Гэсэн хэдий ч энэ санааг сайтар бодож боловсруулсан төлөвлөгөөтэй хандах нь чухал юм. Ийм өөрчлөлтийг эхлүүлэхэд анхаарах зарим үндсэн алхмуудын талаар хэлье л дээ. Эхлээд дүүргийн иргэд, оршин суугчид болон холбогдох эрх бүхий байгууллагуудтай тэдний үзэл бодол, хэрэгцээг ойлгохын тулд олон нийтийн санал зайлшгүй чухал. Мөн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах шаардлагатай. Томоохон дүүргүүдийг хуваах нь бодит байдал, боломжит үр өгөөжийг үнэлэх цогц ТЭЗҮ-ийг хийж, захиргааны үр ашиг, нөөцийн хуваарилалт, үйлчилгээний хангамж зэрэг хүчин зүйлсийг авч үзэх шаардлагатай.

-Улаанбаатарт газрын наймаа, автобусны луйвар гээд цавчихгүй зүйл гэж алга. Улаанбаатар хот бүхэлдээ авлигажсан хот болчихов уу. Судлаачийн хувьд яаж харж байна вэ?

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд газрын наймаа, ногоон автобусны авлига зэрэг олон асуудал ундарч байна. Эдгээр нь хотын хөгжил нийтийн тээврийн ил тод, шударга байдлын талаар эргэлзээ төрүүлж байна. Хотын төвийн үнэ цэнтэй газар ихэнхдээ газрын наймаа, авлигын гэмт хэргийн эх үүсвэр болдог. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт газар олголт, хуваарилалт шударга, хуулийн дагуу хийгдэж байна уу гэсэн хардалт сэрдэлтийг төрүүлэх болсон. Үүний нэгэн адил автобусны гэрээ, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэгт авлигын асуудал яригдаж байна. Хотын нийтийн тээврийн систем нь оршин суугчдад нэн чухал. Автобусны гэрээнд авлига авсан гэх мэдээлэл нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хямд, үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр асуудал олон нийт, иргэний нийгмийн болон төрийн хяналтын байгууллагуудын анхаарлын төвд байсангүй. Өөрөөр хэлбэл, энэ талын мэдээлэл хаалттай нууц байснаар ийм уршиг тарьж гэж би харж байна. Тиймээс хууль эрх зүйн шинэчлэл, авлигатай тэмцэх санаачилга зэрэг эдгээр салбар дахь авлигыг шалгаж, арилгахад хүчин чармайлт гарган ажиллах биз. Улаанбаатар хот бүхэлдээ авлигад идэгдсэн байх албагүй ч эдгээр асуудлууд хот байгуулалт, төрийн үйлчилгээний ил тод байдал, шударга нээлттэй засаглал үгүйлэгдэж байна. Авлигатай тэмцэх нь хотын баялгийг оршин суугчдынхаа сайн сайхны төлөө зарцуулах, төрийн байгууллагуудад итгэх итгэлийг бий болгох ёстой. Тиймээс хотын удирдлага урд өмнөхөөс илүү шударга нээлттэй, иргэдээ гэсэн сэтгэл гаргах нь нэн тэргүүний ажил болоод байх шиг.

-Шинэ хотын дарга ажлаа авангуутаа хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг маш сайн мэдэрч, Улаанбаатар хотыг юу зовоогоод байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, ил тод байдлаар ард иргэдтэйгээ ойлголцох ёстой л доо. Хаяа гарч ирж загначихаад суугаад байж болохгүй. Хороодоороо алхаж, иргэдтэйгээ уулз. Өөрөө нийтийн тээвэрт суугаад алслагдсан дүүргүүдийнхээ хороодод очиж үзээсэй гэж бодож байна. Х.Нямбаатарын хувьд үнэхээр хүнд нөхцөл байдалд хотын дарга болж байна. Энэ хүн айхавтар сурпрайз барина гэдэгт итгэхгүй байгаа. Ядаж хотынхоо жирийн албан хаагчидтайгаа шударга харьцаад тэднийгээ ажиллах боломжоор хангаасай билээ. Тэд нар олон жил ажилласан улсууд болохоор ажлаа Засаг даргаасаа илүү мэдэж байгаа. Тэгэхгүй бол танай, манай хүн гэж ялгаад албан хаагчдынхаа итгэл зүтгэлийг хаадаг байж болохгүй. Хотын шинэ дарга эдийн засаг, төсвийн сахилга батыг маш сайн анхаарах хэрэгтэй. Шударга байхыг хичээ. Өөр юу ч хийж чадахгүй. Угаасаа сонгуулийн жил тулаад ирсэн энэ үед хугацаа ч алга. Мөн Улаанбаатар хотыг өмгөөлдөг бай. Ялангуяа Засгийн газартай хотынхоо өмнөөс үзэж тардаг байх хэрэгтэй. Э.Бат-Үүл даргад байсан хамгийн том давуу тал нь энэ байсан. Нийслэлчүүдийнхээ өмнөөс Засгийн газартай амь биеэ хайрлахгүй үздэг байсны үр дүнд 2012-2016 онд хотод ямар их ажил хийлээ дээ. Энэ дөрвөн жил бол Улаанбаатарын цоо шинэ өнгө байсан. Тэгэхээр одоо шинээр томилогдох хотын даргын өөр нэг онцгой анхаарах асуудал бол орон сууцны хүрэлцээг шийдвэрлэмээр байна. Онцгой байдлын бэлэн байдлыг хангах, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах, хотын эрх ашгийг хамгаалах, ёс зүйтэй манлайлах гээд яриад байвал олон л чиглэл байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Тэгшбаяр: Монголын нийгэм өрөнд баригдаж, авлигын өтөнд идэгдээд байна. Авлигагүй, өрийн дарамтгүй болгох ёстой DNN.mn

АН-ын даргын зөвлөх, доктор Н. Тэгшбаяртай ярилцлаа.

-Таныг физикийн ухааны докторын хувьд хоёулаа ярилцаж байсан. Энэ удаад эрхзүйч, Олон улсын арбитрчийн хувьд ярилцъя. Сүүлийн үед хотод үүсээд байгаа асуудлуудыг бүгд харж байгаа байх. Автобус, нүүрс гээд л баахан асуудал гарлаа. Та эдгээр асуудлуудыг эрхзүйч хүнийхээ хувьд хэрхэн харж байна вэ?

-Ардын намын авлигачид арай дэндэж байна. Гудамжны цас цэвэрлэх гээд агуулахын тоос сорогчийг автобусны мөнгөөр авчихаж байна. Шинэ автобусны мөнгөөр хуучин ногоон сэг чирч ирлээ. Улаанбаатар ямар хуучин автобусны оршуулгын газар юм уу. Ер нь ардын нам сүүлийн 100 жилээс бараг 96 жилд нь эрх барьж, олонхи байлаа. Өнөөдрийн авлига хээл хахуулийн автор нь ардын намын үе үеийн цүнх баригчид бөгөөд тэд дарга нарынхаа ялыг үүрсээр өнөөг хүрсэн. Ийм авлигын гинжин хэлхээг тасалж, ардын намыг чөдөрлөх нийгмийн шаардлага үүсээд байна. Сүүлдээ авлига хээл хахуулиа далдлахын тулд гэмт хэргээр олон нийтийн санаа бодол тархийг угааж, шударга ёсны жагсаалын өмнөөс жагсаалаар цурам хийж байна. Цаг хугацааг эргэн сануулахад, авлигачдыг ажлаа хий гэж жагсдаг галзуу өвчин шиг эргүү жагсаал Монголоос өөр хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл, огцор гэж жагсдаг болохоос ажлаа хий гэж жагсдаггүй юмаа. Ардын нам авлигын мөнгөөр жагсаалыг хүртэл худалдаж авч монголыг мөхөөх зам руу явуулж байна. Эрдэнэт мэт томоохон газруудад Бүрэн эрхэт төлөөлөгч гээд Монголд өнгөтэй өөдтэй бүх газар үндсэн хууль зөрчсөн томилгоо хийж далд, нууцын тамгаар их наяд, их наядын худалдан авалт хийж байгаа нь олон нийтийн дургүйцлийг өдөөж байна. Эмч нар цалингаа нэмүүлэх гэж жагссаны төлөө байцаагддаг, дайныг эсэргүүцсний төлөө залуус цахим гав зүүдэг цадиггүй эрхзүйн болон үндсэн хуулийн зөрчил ил цагаандаа гарлаа. Аймаг нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхэд халдаж Ардын нам аймаг нийслэлийн засаг даргыг шууд томилж нийслэл, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн эрхэд бүдүүлгээр халдаж байна. Ардын намын алдаа дутагдлыг хэлсэн иргэд, сөрөг хүчинг нийгмийн сүлжээгээр дамжуулж эр зориг, шударга тэмцлийг нь мохоодог үзэгдэл газар авлаа.

Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш энэ байдал эхэлсэн гэх хүмүүс бий. Зах зээлийн үндсэн зарчим яг юу вэ?

-Сая би дээр дурдсан. Энэ бол Ардын намын бий болгосон 100 жилийн зовлон. Социалист, коммунист маягийн сэтгэлгээтэй хүмүүс баян байх дуртай боловч баян хүнд дургүй байх нь элбэг. Шударгаар баяжсан хүмүүсийг хүндлэх. Худал хулгайгаар баяжсан хүмүүстэй тэмцэх ёстой. Зах зээл бол үг хэлэх эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрх чөлөө. Баялаг бүтээх эрх чөлөө юм. Сүүлийн жилүүдэд зах зээлийн бус төрийн ноёрхол улам ихээр тогтож буйд харамсаж явдаг. Угтаа бол зах зээл гэдэг ёс суртахуун юм. Гэвч бид тийм ёс суртахуунлаг нийгмийг бүтээж чадахгүй байна.

-Хөдөө хотгүй аль болох илүү л авахыг боддог болж. Энэ юутай холбоотой гэж та бодож байна вэ?

-Илүү авах биш бүтээсний хэрээр, үйлчилгээ үзүүлснийхээ хэмжээнд цалин хөлсөө авах ёстой. Гэтэл дээр дооргүй шударга бус байна гэж шүүмжлэх боловч жишээлбэл, таксины жолооч шударга байх ёстой гэж төр засгаа харааж явсаар яг өөрөө төлбөр авах болохоор илүүг нэхдэг. Ийм сэтгэлгээнээс салах цаг болжээ. Өөрөөр хэлбэл нийтээрээ гэгээрч, сэхээрч байж бузар булай худал хулгайч улстөрийг сонгуулийн замаар ордноос түлхэн гаргаж чадна. Нийгмийн халамж хэрэгтэй хүмүүст очих ёстой. Гэтэл ардын намаас сонгогдсон хорооны дарга, хэсгийн ахлагч нарт таалагдсан айлуудад очдог явдал хавтгайрсан талаар гэр хорооллын иргэд гомдол мэдүүлцгээж шивэр авир хийж байна. Иргэн бүр өрийн дарамтанд амьдарч байна. Нэг иргэнд 30 гаруй сая төгрөгийн өр ногдож байна. Мөн иргэдийн халаас хоосон байна. Тиймээс улсаа, иргэдээ өрийн дарамтгүй болгох нь нийгмийн шаардлага болжээ.

-Та АН-ын даргын зөвлөхийн хувьд өнгөрсөн долоо хоногт эхэлсэн чуулганыг харсан байх. Ирэх жилийн төсвийг хэрхэн хэлэлцэхийг харж байна уу?

-Үлгэрийн төсөв 2024 гэж хэлмээр байна. Нүүрсний экспорт 60 сая тн төлөвлөсөн нь энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэл түүхэн экспорт 50 сая тн хэмжээг 20 хувь нэмэгдүүлсэн байна. Би хувьдаа 2024 оны төсвийг үрэлгэн, үлгэрийн, сонгуулийн төсөв болсон гэж дүгнэнэ. Энэ бол их бүдүүлэг ирээдүйн орлогоо бодит бусаар нэмэгдүүлж тооцсон төсөв юм.