Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Ундармаа: Эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэлгүй цахим хуудсаар худалдсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авна DNN.mn

Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын мэргэжилтэн Э.Ундармаатай ярилцлаа.


-Эм, эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулгыг 2024 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус хуулийн “26.5. Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах эмийн зар сурталчилгааг хориглоно. 26:5.9-д “Эмийг цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр сурталчлах” гэж заасан байна. Яагаад цахим сүлжээнд эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлахыг хориглосон бэ?

-Оюуны өмч, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтарсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлуудыг хийсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох телевиз, цахим орчинд байгаа зар сурталчилгааны судалгаануудыг хийгээд, гаргасан зөрчлийг зар сурталчилгааны хуулийн дагуу улсын байцаагч торгуулийн шийтгэл ногдуулаад зохих арга хэмжээг авсан. Эм эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулгаар 5 сувгаар зар сурталчилгааны зөвшөөрлийг өгөхөөр хуулинд тусгасан байгаа. Үүнд, Телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудас орсон байгаа. Яагаад цахим орчныг хориглосон бэ гэвэл фейсбүүк, твиттер, инстаграммаар Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчиж орж ирсэн байх болзошгүй эмийг иргэд гар дээрээс худалдан борлуулах үйлдэл удаа дараа илэрдэг учраас хориглосон.

-Тогтмол хэвлэл болох сонин бусад мэдээллийн хэрэгслээс илүү баталгаатай эх сурвалж болдог гэж үздэг. Гэхдээ дээрх таван сувагт сонин, сэтгүүл гэж заагаагүй учраас сонин дээр эм, эмнэлгийн хэрэгсэл сурталчилбал хууль бус болох уу?

-Энэ хуулийн шинэчилсэн найруулгаар сонинг зүйлчилж өгөөгүй учраас хориглоно гэсэн үг. Энэ таван сувгаар зөвшөөрөл аваад түгээж болно. Бусад сувгаар хориглоно гэсэн хуулийн зохицуулалт байна.

-Телевизийн тандалт судалгааг харахад 2021 онд 90.7 хувь, 2022 онд 69 хувь, 2023 онд 30.7 хувь нь зөвшөөрөлгүй, хууль бус эмийн сурталчилгаа буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь иргэдэд баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авах үндсийг бүрдүүлж байна уу?

-2021-2023 оны хооронд зөвшөөрөлгүй, хууль бус сурталчилгаа буурсан үзүүлэлттэй байгаа нь тандалтын үр дүн юм. Жил болгон телевизээр сурталчилж байгаа эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний үр дүнд үндэслээд “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 51 дүгээр тогтоол”-оор телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны журамд өөрчлөлт оруулсан. Энэ нь иргэдэд зөвшөөрөгдсөн сувгаар мэдээлэл авах боломжийг хангаж байгаа юм.

-Зөвшөөрөгдсөн мэдээллийн сувгууд дээр тандалт судалгаа хийх боломжтой юу?

-Шинэ хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлж эхэлснээс хойш тандах боломжтой. 2025 онд эдгээр сувгуудаар тандалт судалгаа хийнэ. Телевизийг “maximum media” гээд бид тусгай мониторинг компаниас мэдээллийг худалдаж аваад хийдэг. Радиогийн хувьд харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад тандалт хийх боломжтой. Самбар гэдэг нь гудамжинд, эсвэл лифтэнд байрлуулсан самбрыг хэлж байгаа юм. Энэ сувгаар түгээгдэж байгаа зар сурталчилгааг хянахад мэдээллээ цуглуулах нь зарим талаар учир дутагдалтай. Тэгэхээр эдгээр сувгууд зар сурталчилгааны зөвшөөрлөө аваад олон нийтэд түгээнэ. Мэргэжлийн хэвлэл гэдэг нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн гаргасан нарийн мэргэжлийн сэтгүүлийг хэлдэг.

-Эмийн зохистой хэрэглээний тухай жил болгон аян зохион байгуулдаг. Энэ жилийн аяны онцлог юу байв?

-Эмийн зохистой хэрэглээний тухай жил болгон аян зохион байгуулдаг. Энэ талаар ДЭМБ-аас жил болгон эмийн зохистой хэрэглээний тухай аян явуулдаг. Тэрхүү хүрээнд энэ жил эм эмнэлгийн хэрэгслийн шинэчилсэн найруулга, зар сурталчилгааны хуульд орсон зарим заалтуудаа таниулах үүднээс “Эмийг эмийн сангаас” гэдэг уриатайгаар ард иргэдийг хамруулаад олон хийтэд түгээсэн.

-Иргэдээс хэр их гомдол, санал ирдэг вэ?

-Эм нь өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хянаж байдаг онцгой бүтээгдэхүүн гэж явдаг. Тийм учраас эмийг заавал зөвшөөрөл авч байж зөвшөөрөгдсөн үг хэллэгийн дагуу сурталчлах ёстой. Манай байгууллагын цахим хуудас, 1111 төвд иргэдээс маш их санал гомдол их ирдэг. Тэр гомдлын үндсэн дээр түрүүн дурдсан телевизийн зар сурталчилгааны журамд өөрчлөлт оруулсан. Телевизээр та бүхэнд хүрч байгаа зар сурталчилгаа маань өөрөө анхааруулгатай байгаа. “Эмийн заавраас гаж нөлөө, эсрэг заалтыг уншиж, эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу, энэхүү бүтээгдэхүүн нь өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор хийгдээгүй болно” гэх зэрэг анхааруулгууд явж байгаа.

-Хуулийн шинэчилсэн найруулгаар онцлох ямар зүйл, заалтууд нэмэгдсэн бэ?

-Хуулийн шинэчилсэн найруулгаар биологийн идэвхт бүтээгдэхүүн дээр зайлшгүй зөвшөөрөл авах зохицуулалт байхгүй болсон. Үүний оронд эмнэлгийн хэрэгсэл дээр зар сурталчилгааны зөвшөөрөл авах шинэ зохицуулалт орсон. Өмнөх хуулийн зохицуулалт дээр иргэн бүртгэлгүй цахим хуудсаар эм худалдан борлуулахад ямар нэгэн зөрчлийн арга хэмжээ авах хуулийн зохицуулалтгүй байсан. Шинэ хуулиар иргэнийг зүйлчилж өгсөн. Иргэн гадагшаа дотогшоо яваад ачаандаа авч явсан эмээ цахимаар худалдан борлуулж болохгүй. Хэрэв борлуулбал иргэн зөрчлийн хуулийн дагуу 5 сая төгрөг, хуулийн этгээд 50 сая төгрөгөөр торгуулна. Торгуулийн арга хэмжээ шинэ хуулиараа нэмэгдсэн. Тусгай хангах нийлүүлэх байгууллага тусгай горимын дагуу, тухайн эмийг тохирсон температурт нь оруулж нарийн горимоор оруулж ирдэг учраас үүнийг зөрчсөн байж болзошгүй. Чанарын баталгаагүй, бүртгэлгүй, эсвэл бүртгэлийн загвараас зөрүүтэй байх магадлалтай учраас заавал эмийн сангаас эмийг худалдаж авах нь эрүүл мэнд болоод эдийн засгийн хувьд эрсдэлд оруулахаас сэргийлнэ.

Г.Балгармаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “Цахилгааны үнэ нэмэгдвэл бид улам сөхөрч туйлдана” гэж иргэд бухимдаж байна DNN.mn

“Монгол Улс 2025 он гэхэд тарифын шинэчлэл хийхгүй бол цахилгаан эрчим хүчний салбарт 825 тэрбум төгрөгийн санхүүгийн алдагдал хүлээхээр байна” гэж Дэлхийн банк мэдээлсэн. Иймд ирэх сарын нэгнээс цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувиар нэмэхээр болсон тухай яригдаж байна. Хэрэв энэ шийдвэр хүчин төгөлдөр болбол та сард тогны мөнгөнд 50 мянган төгрөг төлдөг байсан бол 65 мянган төгрөг төлнө. Дулаанд 200 мянган төгрөг төлдөг байсан бол 300 мянгыг төлдөг болох нь. Энэ асуудлаар гэр хорооллын айл өрхүүдээс сурвалжилга бэлтгэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны иргэн Б.Ганчимэгийн гэрт очлоо. Тэрээр тог цахилгааны үнэ нэмэгдэнэ гэх мэдээллийг хэдийнэ авчээ. “Ард иргэд бид чинь үнийн өсөлтөд сөхөрч туйлдлаа. Яасан иргэдээ боддоггүй хатуу харгис төр засаг вэ. Юм л бол татвар нэмнэ, юмны үнэ нэмнэ гэж иргэдээ чангалж байх юм. Ийм төр засагтай байгаадаа гутарч байна.

Энэ өвөл өмнөх жилүүдээс хүйтэн болох байдал мэдрэгдээд байна. Намрын сэрүүн их эрт унасан. Хүйтэн өвөл айсуй энэ баргар өдрүүдэд цахилгааныхаа үнийг бүр 30 хувиар нэмнэ гэж ярьж байгаа нь яс янгинамаар санагдаж байна” хэмээн ихэд бухимдан угтсан юм. Тэднийх хоёр өрөө байшинтай. Байшинд ороход гал түлсэн, дулаахан байлаа. Цаад талынх нь өрөө рүү ороход дээрээ хоёр ширэмтэй халдаг плитка, мөн та бидний нэрлэж заншсанаар тень буюу цахилгаан халаагуур хоёрыг өрөөний голд зэрэгцүүлэн тавьжээ.

Өмнөх жилүүдэд тэднийх гал түлэхгүйгээр плитка, тень хоёроо залгаад л өвлийг өнтэй давдаг байж. Эднийх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 135, арванхоёрдугаар сард 180, энэ оны нэгдүгээр сард 170, хоёрдугаар сард 125 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт төлжээ. Эдгээр мөнгөн дүн нь Засгийн газрын зүгээс үзүүлдэг цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийг хасаж тооцсон дүн гэдгийг хэлэх нь зүйтэй.

Харин энэ жил цахилгааны тариф нэмэгдэх гэж байгаа учраас гал түлэхээр шийдсэнээ гэрийн эзэгтэй хэлсэн юм. Тэднийх сургуулийн насны гурван хүүхэдтэй. Гэрийн эзэгтэй өвлийн улиралд 06:30 цагаас ажилдаа гардаг. Өмнө нь цахилгаанаар гэрээ халаагаад ажил руугаа явдаг байсан бол энэ жилээс эхлэн хүүхдүүдээ босохоос өмнө гал түлэх хэрэгтэй болж байна. Гэрээ цахилгаанаар халаадаг байхад хүүхдүүд маань гэртээ дулаахан байгаа гэж бодон санаа амар ажлаа хийдэг байсан. Харин энэ жил цахилгаан халаагуураа шаардлага гарсан үедээ л ашиглахгүй бол тогны мөнгийг нь төлж дийлэхгүй юм байна. Цахилгааны тарифаа сар бүрийн 25-наас өмнө төлөхгүй бол тог тасалчихна. Тасарсан тогоо тав, арван цаас төлөөд мэргэжлийн хүн ирж залгаж өгдөг хэмээн тэрээр ярьсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны иргэн Д.Амарсайхан “Цахилгааны тарифыг 30 хувиар нэмж байгаа нь туйлын буруу шийдэл. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар 10 мянган айлыг орон сууцжуулна, цахилгааны үнийг нэмэхгүй гэсэн ч юу ч хийгээгүй. Удахгүй аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ын сонгууль болох гэж байна. Цахилгааны асуудлыг хөндөж байгаа ганц ч хүн алга. Бүгд эрх мэдэл, албан тушаалын тухай л бодож байгаа. Дөрвөн жилийн дотор тэтгэвэр нэмснээс өөр дорвитой, бодитой ажил бага хийлээ. Цахилгаан, дулааны үнэ нэмэгдчихвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнэ бүгдээрээ өснө. Энэ нь нэг талаараа хувийн компани, ААН-үүдэд хүнд цохилт болно. Засгийн газар цахилгааны үнийг нэмэхгүй байх тал дээр нөөц бололцоогоо дайчилж ажиллаасай гэж хүсэх байна” гэсэн юм. Мөн гал түлэхийн тулд сайжруулсан түлш, түлээ худалдаж авах хэрэгтэй болно. Нэг өрхөд долоо хоногт зургаан шуудай сайжруулсан түлш өгдөг. Нэг шуудай түлш 3750 төгрөг. Нэг шуудай нүүрс нэг өдөртөө л дуусчихдаг. Идэр есийн үеэр долоо хоногт зургаан шуудай нүүрс хаанаа ч хүрдэггүй гэж иргэд ярьж байсан юм. Үүнээс гадна түлээний үнэ хүйтрэх тусам нэмэгддэг талаар иргэн н.Арилды хэлэв. Тэрээр “Энэ зун Хангай захаас нэг шуудай модыг 7000 төгрөгөөр авсан. Гэтэл 14 хоногийн өмнө 7500, долоо хоногийн өмнө 8000 төгрөг болж нэмэгдсэн. Өвлийн улиралд түлээний үнэ 15000 хүрдэг. Нэг шуудай мод өвлийн улиралд ихдээ 2-3 хоног л хэрэглэгддэг. Эндээс нэг тооцоолол гарч байгаа юм. Нэг айл сарын хэрэгцээндээ зориулан 24 шуудай сайжруулсан түлшийг 90 мянган төгрөг, 15 шуудай модыг нэг бүрийн үнийг 15 мянган төгрөгөөр тооцож авбал 225 мянган төгрөг, нийт 315 мянган төгрөгөөр худалдан авна. Энэ мөнгө айл өрх бүрийн хувьд харилцан адилгүй хэмээн өгүүллээ.

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны ахмад настан Б.Оролзод “Энэ шийдвэрийг би огт зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлаар ард түмнээс санал асуулга авбал нэм гэх хүн ховор л байх. Амьдрал хэцүү байна шүү дээ. Манайх өвөлдөө галладаг. Сард 45 мянга гаруй төгрөгийг цахилгааны төлбөрт төлдөг. Хэрэв үүнийг 30 хувиар нэмбэл сард 60, 70-аад мянган төгрөгийг төлнө гэсэн үг. Манайд хөгшин бид хоёр л амьдардаг. Тэтгэврийн зээл авах хэрэгцээ шаардлага гардаг ч огт авалгүй өдийг хүрсэн. Баяр наадмын үеэр тэтгэврийн мөнгө маань хаанаа ч хүрэлцдэггүй. Цагаан сар тэмдэглэх гэж үйлээ үздэг. Бид чинь үр хүүхдээ зулгааж чадахгүй юм байна шүү дээ. Хөгшин бид хоёр тэтгэвэр буухаар 25 кг-ын нэг шуудай гурил авчихдаг. Тэр гурилаараа талх, боорцогоо хийгээд идэхээр ядаж л талханд мөнгө үрэхгүй юм даа. Би ходоодны шархтай учраас аргагүйн эрхэнд энэ сард 14 хоног эмнэлэгт хэвтлээ. Эмчлүүлээд гарахад эмч 316 мянган төгрөгийн эм бичиж өгсөн. Энэ мөнгөө жаахан ч болов хөнгөлүүлэх санаатай өрхийн эмч дээрээ очиход ганцхан эм нь л хөнгөлөлттэй байсан. Манай ард түмэн дэндүү номхон юм даа” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Ариунаа “Цалингаас хуримтлал үүсэхгүй байна. Саяхан миний цалин буулаа. Ингээд би лизинг, тог, телевиз гээд бүх төлбөрөө төлчихөөд дэлгүүр ороод охиныхоо дуртай “Өгөөж”-ийн Жимст боорцогийг авах гэтэл 7500 төгрөг байсан боорцог найман мянга хэдэн зуу болчихсон байсан.

Манай тогны мөнгө дулааны улиралд 50 мянга гаруй төгрөг, хүйтний улиралд 70 мянган төгрөг болдог. Хэрэв нэмэгдвэл 100 мянга хүрэх нь байна шүү дээ. Охин маань ханиадтай байгаа. Өвөл эхлээгүй байхад л нөхцөл байдал ийм байна шүү дээ. Би хүүхдээ эмнэлэгт ч үзүүлж чадахгүй байна. Хэвт гэх юм болов уу гэж айгаад. Хэрэв эмнэлэгт хэвтвэл ажил тасалдаад цалин мөнгөө бүтэн авч чадахгүй. Тиймээс гэрээр эмчлээд л байж байна. Нэг хүүхэд ханиад хүрвэл бусад нь бас ханиад авчихна. Эмийн сангаас нэг хүүхдэд ханиадны эм авахад багадаа л 30 мянган төгрөг болдог. Манайх амралтын өдрүүдээр байранд амьдардаг эгчийндээ очиж усанд орж, хувцсаа угаадаг. Гэтэл одоо цахилгаан, дулааны мөнгө нэмэгдчихээр очихоосоо ч санаа зовж байна. Гэр хорооллын хүмүүс яг үнэндээ амьжиргаагаа яая даа гэж байгаа хүмүүс байдаг. Хоолгүй хонож байгаа хүмүүс олон байгаа. Цахилгааны үнэ нэмэгдвэл ард иргэдийн нуруун дээр ямар их ачаалал ирэхийг шийдвэр гаргагчид доторлох битгий хэл гадарлах ч үгүй байна гэж харж байна” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Доржхүү “Манайх Баянхошуунд хоёр давхар амины орон сууцтай. Өвөлд байшиндаа галлагаа хийхгүйгээр цахилгаанаар халаадаг. Тэгэхэд 400 мянга гаруй төгрөгийг тогны мөнгөнд төлдөг. Ажил хийж байгаа юм хойно өвчин зовлонд өгөхгүй байгаа юм байна гэж бодоод нүдээ аниад л төлдөг. Гэтэл энэ өвлөөс 500 мянга гаруй төгрөг төлөх шаардлагатай болох юм байна” гэв.

Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны иргэн Б.Болдбаяр “Цахилгааны тариф хямдхан байдаг бол халаалтаа тогоор шийдмээр байна. Тогны мөнгө нэмэгдээд

халаалтаа цахилгаанаар шийддэг болбол амь зуух мөнгө үлдэх юм уу. Манайх зургаан ам бүлтэй. Өрхийн нийт орлогоо ам бүлийн тоондоо хуваавал нэг хүнд үнэндээ тураалд орохоор мөнгө оногдож байна. Сарын өмнө дэлгүүрээс 100 мянган төгрөгөнд хүнс авахад тор дүүрдэг байсан бол одоо тор дүүрэхгүй байна. Байгууллагууд ч ажилчдадаа хугацаанд нь цалинг нь өгч чадахааргүй нөхцөл байдал үүсэхэд ойрхон байна. Ийм нөхцөлд цалингаа нэм гэж хэлэх арга алга. Цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихдөг болохоор нэмэгдээд ч нэмэргүй дээ. Манай гэрийн ойролцоох дэлгүүрүүд талх хувааж зараад эхэлчихсэн байна лээ” гэсэн юм.

Бидний уулзсан хүмүүс дотор баяртай байгаа хүн ганц ч байсангүй. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл олон айл өрх цахилгаан халаагуураа хэрэглэхээ больж сайжруулсан түлшээ түлж эхлэх нь мэдээж. Үүнийг дагаад хүүхэд гэлтгүй ханиад томууны дэгдэлт өснө. Мөн тог, дулаан ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрүүд урсгал зардлаа нөхөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнэ өртгийг нэмэх нь гарцаагүй. Нийгмийн

бүх хэсэгт ачаалал очно. Энэхүү хүнд нөхцөлд энэ шийдвэрээ дулааны улиралд хэрэгжүүлээд өвөлд нь цахилгаан, дулааны тарифаа нэмэхгүй байж болдоггүй юм болов уу гэж цөхөрсөн иргэд ам асууж байлаа.

Гэр хороололд гурван хүүхдийнхээ хүүхдийн мөнгө болох 300 мянган төгрөг, “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянга, нийт 350 мянган төгрөгөөр амьдардаг өрх толгойлсон ээжтэй таарлаа. Нөхөр нь сар хагасын өмнө салаад явчихсан. Түүнийг хөдөлмөрийн чадвартай гэж үзээд төрөөс хүнсний талон өгөхөө больчихсон гэнэ. Дөрвөн сартай хүүхдээ хараад гэртээ суудаг энэхүү ээж сард 315 мянган төгрөгөөр түлш, түлээгээ аваад үлдсэн 35 мянган төгрөгөөр нь яаж амьдрах юм бэ гээд хоолой нь зангирч байсан юм.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Д.Ганболд: Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой. Боловсролтой иргэд л баялаг бүтээнэ шүү дээ DNN.mn

МУБИС-ийн Багшийн сургуулийн МХНУ-ны тэнхимийн багш, доктор Д.Ганболдтой багш мэргэжлийн талаар ярилцлаа.


-Та боловсролын салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ. Анх багш болсон үеэ дурсан ярьж болох уу?

-Би 1990 онд МУБИС-ийн Багшийн сургуулийг төгссөн. Тэр цагаас эхлээд боловсролын салбарт 34 жил ажиллаж байна. Ингэхдээ боловсролын бүх шатны байгууллагуудад ажилласан. Сургуулиа төгсчихөөд хөдөө орон нутагт бага ангийн багшаар очсон. 1990 онд төрийн бичгийг монгол бичиг болгох нь зүйтэй юм байна гэж үзээд сурагчдад 1 дүгээр ангиас нь эхлээд монгол бичиг заах шийдвэр гарсан. Монгол бичиг заах шийдвэр гэнэт гарсан учраас багш нар бэлтгэгдээгүй байсан. Тухайн үед Багшийн сургуулийн оюутнуудаас шалгалт аваад хамгийн өндөр оноотой 30 оюутныг нэг бүлэг болгоод нэг жил түргэвчилсэн байдлаар монгол бичгийн багш бэлдсэн. Тэдний нэг нь би байсан. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн оюутан монгол бичгийн хичээл заах арга зүйн туршлагыг түгээн зуны гурван сар ахмад багш нарт хичээл заасан. Тэгээд 9 дүгээр сарын 1-нээс эхлэн сурагчдад хичээл заахад хүүхдүүд монгол бичгийг маш их сонирхож байсан. Залуу хүний хувьд ахмад багш нарт эхлээд хичээл заасан гэдэг маань нэр төрийн хэрэг байсан.

-Багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байв?

-Би суманд сурдаг байсан. 1986 оны үед 8 дугаар анги төгссөн хүүхдүүдийг Тусгай мэргэжлийн сургуулиудад оноогоор нь жагсааж оруулдаг байсан.

Өндөр оноотой хүүхдүүд энэ сургуулийг сонгох эрхтэй байдаг. Намайг ороход Багшийн сургууль, Анагаахын сургууль, Барилгын техникум зэрэг сургуулиуд байсан. Багш маань чиний сурлага энэ сургуулиудад тэнцэж байна, алийг нь сонгох вэ гэж асууж байж билээ. Энэ сургуулиудаас Багшийн сургууль нь л Улаанбаатар хотод байсан. Ингээд би ямар ч байсан багш болъё гэж бодоод Бадрангуй алдарт Багшийн сургуулийг сонгосон. Энэ нь оносон. Багшийн сургууль бол 104 жилийн түүхтэй суутнуудыг төрүүлдэг эрдмийн өргөө юм. 10 жил бага боловсролын салбарт багш, хичээлийн эрхлэгч хийж байгаад дараа нь МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг төгссөн. Энэ нь бас өөрийгөө нээх, хөгжүүлэх боломжийг надад өгсөн.

-Таныхаар багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ. Таны сэтгэлд тод үлдсэн нандин дурсамж бий юу?

-Би бага ангийн багшаар 10, дунд ангийн багшаар мөн 10 жил ажилласан. Энэ хугацаанд олон шавьтай болсон байна. Шавь нар маань одоо нийгмийн бүх салбарт ажиллаж байна. Үүнийг нь хараад шавь нараараа маш их бахархдаг. Сүүлийн жилүүдэд би багш бэлтгэх сургуульд ажиллаж байна. Анхны шавь нар маань одоо багш болчихсон байгаа. Багш хүний хамгийн гол бахархал бол шавь нарынх нь амжилт байдаг. Хаана ч явсан багш аа гэж дуудуулж явах сайхан. Багш хүний үндсэн үүргүүдийн нэг нь нийгмийг соён гэгээрүүлэх явдал. Тиймээс сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө ажиллаж байгаадаа сэтгэл өндөр байдаг.

-Та шавь нараа тоолж үзэж байв уу. Ер нь ойролцоогоор хэд орчим шавьтай вэ?

-Тийм ээ. Одоогоос 3 жилийн өмнө бага, дунд, их сургуулийн 4500 орчим шавьтай юм байна гэсэн тооцоо гаргаж байсан. ЕБС-ийн багшаар ажиллахдаа 3000 гаруй хүүхдэд Монгол хэл, уран зохиолын хичээл заасан. Багш бэлтгэх сургуульд ирээд 3000 гаруй оюутанд хичээл заасан байна. Ингээд барагцаагаар 6030-аад шавьтай болсон байна, гэхдээ нарийн тоолж үзээгүй.

-Багш хүнд байх ёстой хамгийн эрхэм чанарын тухайд та юу гэж боддог вэ?

-Нэгдүгээрт, онолын өндөр мэдлэгтэй. Хоёрдугаарт, арга зүйтэй. Гуравдугаарт, ёс зүйтэй байх. Багш хүнд хоёр далавч бий. Яг л шувуу шиг. Хэрвээ зөвхөн онолын мэдлэгтэй, эсвэл арга зүйтэй бол нэг л далавчтай шувуу гэсэн үг. Ийм шувуу нисэж чадна гэж үү. Тиймээс онол болон арга зүйн өндөр мэдлэгтэй байвал маш сайн багш болж чадна. Мөн үндэсний хэл соёлынхоо талаар өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Багш хүн соёлын өвийг тээгч байдаг учраас сурагчдадаа үргэлж түүх соёлоо сурталчилж байх шаардлагатай. Багш бүхэн шавь нарынхаа дунд амьдардаг, бүхий л үйл тэдний нүдний өмнө нээлттэй учраас сурагчид багшаасаа үлгэр дуурайл авч байдаг. Тиймээс багшид харилцааны болон ёс зүйн зөрчил гаргах эрхгүй. Багш хүн шавьдаа зайлшгүй байх ёстой мэдлэг, чадвар, хандлагыг цаг тухайд нь өгөх үүрэгтэй. Багшийн ажлаасаа гадна ажиллаж байгаа орон нутгийнхаа ард иргэдийг соён гэгээрүүлэх талаар төрөл бүрийн ажлууд зохион байгуулж болно шүү дээ. Би сургуульдаа номын клуб ажиллуулдаг. Учир нь оюутнууд ном уншсанаараа ихийг сурах хүсэл тэмүүлэлтэй болдог. Би өөрөө ч сэтгэл ханамжтай, шавь нар маань ч сэтгэл ханамжтай байвал сайхан шүү дээ.

-Танай сургуулийн оюутнуудын хүйсийн харьцаа ямар байдаг вэ. Ихэвчлэн эмэгтэй оюутнууд байна л даа.

-МУБИС-ийн хувьд авч үзвэл нийт оюутнуудын 27-30-аад хувь нь эрэгтэй. Харин бага ангийн багш мэргэжлээр сурч буй нийт оюутнуудын 6-7 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Энэ нь нэг талаар бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ихэнх нь эмэгтэй багш байдагтай холбоотой байж магадгүй. Харин сүүлийн үед эрэгтэй оюутнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа.

-Бага боловсролын багш мэргэжлээр төгсөж буй оюутнуудын хэдэн хувь нь цаашид мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Сургуулийн хөтөлбөрийн албанаас “Мөшгих судалгаа”-г жил бүр хийдэг. Судалгааны дүнгээс харахад нийт төгсөгчдийн 90-ээс дээш хувь нь мэргэжлээрээ ажилладаг. Арваад хувь нь мэргэжил дээшлүүлэх болон бусад салбарт ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд манай улс багшийн хомсдолд орчихоод байна. Тийм учраас оюутнууд сурах явцдаа дадлагажигч багшаар ажиллаж байна. Төгсөгчдөд маань ажлын байрны хүртээмж маш сайн.

-Багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмж одоогоос хэдэн жилийн өмнөхийг бодоход багасчихав уу даа гэж хардаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна. Эсвэл хот хөдөөгөөрөө ялгаатай байна уу. Суманд багшийн мэргэжил нэр хүндтэй ажил хэвээрээ байгаа шүү дээ?

-Монголчууд багшийг үеийн үед хүндэлсээр ирсэн. Би багшийн нэр хүнд унаагүй гэж бодож байна. Яагаад гэвэл сошиал орчинд байгаа зүйл олон хүнийг хамарч чадахгүй байгаа. Би оюутнуудаа дагуулаад дадлагын сургуулиудаар явж байхад нийт эцэг эхчүүд багшид маш их дэмжлэг үзүүлдэг, багшийг хүндэлдэг гэдэг нь ажиглагддаг. Энэ олон мянган багш нар дунд алдаа гаргаж байгаа хүмүүс байж магадгүй. Үүнийг нь олон нийт бүх багш нар ёс зүйгүй болчихсон юм шиг хараад байна. Харин багш мэргэжлийг сонгож байгаа хүүхдийн тоо багассан. Энэ нь олон төрлийн шинэ мэргэжил гарч ирсэнтэй холбоотой байж магадгүй. Залуучууд багшийн мэргэжлийг одоохондоо сон-гохгүй байгаа ч ирээдүйд сонгоно гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дээр багшийн мэргэжил мөнхийн мөнхөд байх ёстой. Хүн багшаар л хичээл заалгаж, амьд харилцаа тогтоож байж сурдаг. Багш нар хичээл заахдаа техник технологийг 30 хувь л ашиглаж болно. 70 хувь нь багшийн оролцоо байдаг. Тиймээс багш мэргэжил аль ч цаг үед байх ёстой. Байх ч болно. Хүн төрөлхтөн хуримтлуулсан туршлагаа дараа үедээ өвлүүлэхэд багш хүн л хэрэгтэй.

-Багш нарт олон асуудал тулгамдаж байгаа нь мэдээж. Танай салбарын гол асуудлыг та юу гэж харж байна?

-Хүн амын өсөлттэй холбоотойгоор сургуулиудын барилга байгууламж, орчны асуудлыг яаралтай шийдэж чадаагүйгээс болж хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байна, багшийн ачаалал их байна. Багш нь байгаа хэрнээ сургалтын орчин нь муу учраас сургалт явуулах ямар ч боломж байхгүй. Багшийг үе шаттайгаар бэлдэх нөөц боломж байгаа. Хамгийн гол нь сургуулийн барилга байгууламжийг орчин үеийн стандартын дагуу барих шаардлагатай. Дэлхийн хөгжсөн улс орнуудад сургууль нь нэг ээлжээр хичээллэж байна. Ийм тохиолдолд сурагчид өглөө нь хичээлдээ ирчихээд үдээс хойш нь хөгжүүлэх сургалтууддаа ороод явчихдаг. Тэгэхээр хүүхдүүд илүү хөгжиж байна. Гэтэл манай улсад хүүхдүүд хичээлээ дуусгаад л гэр лүүгээ явчихдаг. Орчин үеийн стандартын дагуу сургууль нь номын сан, урлаг заал, спорт заал, хөгжүүлэх төвүүдтэй иж бүрэн байх ёстой. Тэргэнцэртэй хүүхэд орж ирлээ гэж бодоход хаана ч чөлөөтэй явах боломжтой байх хэрэгтэй. Ингэснээр тэгш хүртээмжтэй байдал хангагдана. Ялгаатай байдал бий болчихсон байна. Нэг хэсэг нь дэлхийн жишигт нийцсэн хувийн сургуульд явж байхад нөгөө хэсэг нь багтаж ядсан сургуульд 50,60-аараа суугаад хоёр гуравхан цаг хичээллэчихээд явж байгаа нь харамсалтай. Энэ бүхний цаана хүүхэд хохирч үлдэж байна. Хүүхэд бол ирээдүйн Монгол орны ажиллах хүч, баялаг бүтээгч. Тийм байхад нэг хэсэг нь маш сайн бэлтгэгдээд, нэг хэсэг нь хохирч үлдээд байвал яваандаа улс орны эдийн засагт нөлөөлдөг. Тиймээс сургуулиудыг стандартын дагуу яаралтай барих хэрэгтэй байна.

-Нийгэмд багшийн хомсдол үүсчхээд байна шүү дээ. Та ер нь 45 хоногийн сургалтын талаар ямар байр суурьтай байна?

-45 хоногийн сургалт бүх мэргэжил дээр боломжгүй. Зарим мэргэжил дээр боломжтой байж магадгүй юм. Жишээлбэл, их сургуулийн химийн ангийг төгссөн хүн химийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй байгаа. Хэрвээ тэр хүн дүнгийн голч өндөртэй, ёс зүйтэй, төлөвшилтэй бол тухайн хүнийг маш сайн судалж үзээд түргэвчилсэн багшлахуйн сургалтад хамруулаад багш болгох боломжтой. Энэ хүнд онолын мэдлэг нь байгаад байна шүү дээ. Арга зүйг нь МУБИС-д зааж өгөөд ажлын байранд гаргах боломжтой. Харин хугацаа нь тухайн мэргэжил болон хүнээсээ хамаараад өөр өөр байх магадлалтай. Сайн мэргэжилтнүүдийг багш болгодог туршлага гадны орнуудад байдаг. Их сургуулийн химийн анги төгссөн оюутан багш болох юмсан гэж мөрөөддөг байсан байж магадгүй шүү дээ. Тэр хүнд багшлах арга зүйг нь заагаад өгчихвөл багш болох бүрэн боломжтой. 45 хоног гэдэг бол олон боломжийн нэг нь.

-Багш нарын цалин хангамжийн асуудал үеийн үед л яригдаж ирлээ шүү дээ. Гэтэл дорвитой өөрчлөлт орохгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Төр засгаас багш нарын цалин хөлсийг нэмэхийг л бодож байгаа. Би энэ талаар судлаагүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүх салбарын ажилчдын цалин өндөр баймаар байна. Цалин хөлс хангалтгүй байгаа нь улс орны суурь эдийн засагтай л холбоотой байх гэж бодож байна. Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой. Боловсролтой иргэд л баялаг бүтээнэ шүү дээ.

-Ямар ч мэргэжлийнхэнд нийтлэг дутагдал байдаг шүү дээ. Тэгвэл багш нарт ямар дутагдалтай тал ажиглагдаж байна вэ?

-Нийт багш нарт ийм дутагдал байна гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Бүх хүнд дутагдал байгаа. Хамгийн гол нь ямар ч мэргэжлийн хүн өөрийнхөө алдааг эргэцүүлэн боддог, хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Ингэж чадвал алдаа дутагдал багасаж, ажлын чанар дээшлэх бүрэн боломжтой.

-Сурагчдаасаа бэлэг авчихлаа гэдэг зүйл яригддаг. Манай сонин багш, эмч нар шавь, өвчтөний өгсөн зүйлийг авч болно гэдэгт бат байр суурьтай байдаг. Баярласан сэтгэлээ илэрхийлээд яагаад юм өгч болохгүй гэж. Энэ чинь хүүхдийн сэтгэл шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Шавь нь багшдаа чин сэтгэлээсээ талархаад цэцэг, ном өгч болно гэж бодож байна. Харин сурагчид зохион байгуулалтад ороод, мөнгө төгрөг хураагаад багшдаа бэлэг өгч байгаа бол өөр хэрэг. Ингэж болохгүй. Чин сэтгэлээсээ өгч байгаа зүйл л бэлэг болж чаддаг. Бэлэг гэдэг хэн нэгнээс авч байгаа шан харамж биш шүү дээ. Багш нар сурагчдаасаа бэлэг авч байгааг хүмүүс цахимаар харчихаад бүх багш бэлэг авдаг юм шиг боддог. Монголын багш нарын сайн тал нь их. Үүнийг л олон нийтэд харуулмаар байна. Нэг багшийн алдааг л сэвээд байх нь нийгэмд аюултай.

-Шавь нартаа үргэлж захиж хэлдэг үг байдаг уу?

-Мэдлэг, чадвар, хандлага гурвыг оюутнууд маань эзэмших хэрэгтэй. Харин багш хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол сайн хүн байх явдал. Сайн мэргэжилтэн хэрнээ сайн хүн биш бол хэцүү. Мэдлэг, чадварыг эзэмших амархан. Харин хүнд хандлага төлөвшүүлэх л хэцүү. Өөрөөр хэлбэл, мөсөн уулын ёроол шиг. Хүний үнэт зүйл үйл ажиллагаан дээр л харагддаг. Тиймээс аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүн олшрох чухал.

-Танд нэмж дэлгэрүүлэх зүйл байна уу?

-Мэргэжил бүхэн үнэ цэнэтэй. Хүн мэргэжлийнхээ үнэ цэнийг ухаараад түүгээрээ дамжуулан нийгэмдээ нөлөөлөх нь чухал. Сургалтын хөтөлбөрөө сайжруулах нь багш хүний хамгийн чухал зүйл. Судалгаа их хийгдсэн хөтөлбөр сайн байдаг. Сайн хөтөлбөр маш үнэ цэнэтэй байдаг. Тийм учраас л хөтөлбөрийг магадалдаг. Энэ хөтөлбөрөөр сураад төгссөн хүн маш сайн мэргэжилтэн болдог. Багш бол хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, сайжруулдаг, шинэчилдэг хүн. Хүүхэд 1 дүгээр ангид ордог биш 1 дүгээр ангийн хөтөлбөрт элсдэг.

-Багш нартаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Багш нартаа Дэлхийн багш нарын баярын мэнд хүргэе. Дэлхийн багш нар бүгдээрээ нэг зорилготой. Тэр нь хүнээр хүн хийх явдал шүү дээ. Шавь нар маань биднийг хайрлаж байна, монголчууд биднийг хүндэлж байна. Тиймээс бид боловсролын үйлчилгээгээ илүү сайжруулах ёстой. Ингэхийн тулд бүгдээрээ хүчээ нэгтгээд хамтарч ажиллая. Багш нартаа сайн сайхныг хүсье.

 

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Өмгөөлөгч М.Хандармаа: Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг заавал шүүхээр орж шийдэгддэг болсон DNN.mn

2024 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 32.492 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаагийн 87 хувийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэг эзэлжээ. Сүүлийн үед цахим сүлжээнд олон нийтийн газар танхайрч, бухимдлаа илэрхийлэх хүчирхийллийн үйлдлүүд ихээхэн тархаж байна. Энэ нь ямар шалтгаантай, нийгэмд хэрхэн нөлөөлж буй талаар Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч М.Хандармаатай ярилцлаа.


-Сүүлийн үед бусдын биед танхайрах зэрэг хүчирхийллийн үйлдлүүд олон нийтийн сүлжээнд ихээхэн харагдах боллоо. Эдгээр үйлдлийг таслан зогсоох, бууруулахад хууль эрх зүйн тогтолцоо ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Зөрчлийн шинжтэй маргаан нийт гэмт хэргийн ихэнх хувийг эзэлдэг. Сүүлийн үед цагдаагийн газраас камержилтыг ихээхэн байрлуулж байгаа. Иргэд байнга утастай явж буй учраас нийгмийн болж бүтэхгүй, ёс суртахуунгүй асуудлыг шууд бичлэг хийж, цахим орчинд нийтэлдэг болсноороо энэ асуудалд хүмүүс илүү их анхаарч байгаа. Бусдаар бол зөрчлийн болон хөнгөн гэмт хэргийн шинжтэй маргаан байнга гарч байдаг. Хүмүүс уурласан үедээ сүүлд гарах үр дагаврыг тооцоолоогүйн улмаас бусдын биед халдах, ёс суртахуунгүй байдлаар өөрийгөө харуулах үйлдлүүдийг гаргаж байна. Хууль эрх зүйн хүрээнд хохирогчийн бие болоод сэтгэл санаад хэр их хохирол учирсан эсэхээс шалтгаалан зөрчлийн тухай хуулиар зохих хэмжээнд торгож, хэргийг хянан шийдвэрлэдэг.

-Зөрчлийн хуулиар шийдвэрлээд дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн үндэслэл байдаг уу?

-Тухайн хүний ухамсар, уураа барих чадвараас л шалтгаална. Дахиад хөнгөн гэмтэл, гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн үндэслэл байхгүй. Ухамсаргүйн үүднээс бие биедээ түргэн зуурын уур бухимдлаас болж гэмтэл учруулах нь тухайн хүний тэвчээр, ухамсраас шалтгаална.

-Хүний амар тайван, аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа цаад шалтгаан нь юу вэ. Хүмүүсийн сэтгэл зүй, орчны стресс бухимдал нөлөөлж байна уу?

-Хүмүүс маш их ууртай байна. Хоёр машин хоорондоо шахалдсан байсан ч гарч ирээд зодолдох хэмжээний ийм бухимдалтай байна. Энэ бухимдлын үр дагавар өөрт нь хохирол учруулж байгаа учраас багахан хэмжээний уураа тэвчиж асуудлыг эергээр харж сурах хэрэгтэй. Мэдээж нийгмийн асуудал болох түгжрэл, утаа, хүмүүсийн хандлага нөлөөлж байгаа ч өөрийн эрхийн төлөө бусдыг эрхийг зөрчинө гэдэг бол хамгийн том анхаарах ёстой асуудал.

-Өнгөрсөн сард цахим орчинд тараад байсан Манлай уяач Т.Галбадрах олон нийтийн газар бусдыг зодсон гэх бичлэг цахим орчинд тархсан. Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэний биед гэмтэл учирсан гэж үзэн яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэхүү кейс гэхэд уур бухимдлаа тэвчиж чадалгүй, эцэст нь өөрт хохирол учрахыг мэдэхгүй бусдад гэмтэл учруулсан жишээ болж байна?

-Танхайрах зөрчил нь хариуцлагын хэмжээнд зөрчлийн тухай хуулиараа 100 нэгжээр торгодог. Зарим хүмүүст бол хэтэрхий бага мөнгө санагдаж байгаа. Гэхдээ энэ зөрчил нь бусдын биед гэмтэл учруулсан учраас хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэхүү хэрэг юунаас үүдэлтэй вэ гэвэл тухайн хүний ухамсар, үг, үйлдлээ захирч чадахгүй байгаагийн үр дагавар болж байгаа юм. Зарим тохиолдолд хохирогчийн биед ямар нэгэн хохирол учирсан нь тодорхойгүй байдаг. Хохирогчийн биед гэмтэл учраагүй улмаас эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гэж тооцож авах боломжгүй. Сэтгэл санааны хохирол бол гэмт хэргийн улмаас учирсан тохиолдолд хохиролд тооцдог. Зөрчлийн хэрэг дээр бол хохирогчид холбогдогчоос мөнгө авах хуулийн зохицуулалт байхгүй. Хуулиараа 100 нэгжээр торгоод, төрийн санд мөнгөө тушаагаад явчихаж байгаа.

-Энэ талаар иргэдийн анхан шатны хуулийн мэдлэг хэр байдаг вэ?

-Иргэд хуулийн мэдлэг маш багатай байдаг. Гэмт хэрэг, зөрчилд холбогдсоныхоо дараа хуулийн мэдлэггүйгээсээ боллоо гэж ямар ч маргаан дээр ярьдаг. Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс иргэдэд байнга хууль эрх зүйн боловсрол олгох аяныг зохиодог. Үүн дээр тухайлан иргэд анхаардаггүй. Орчин үетэйгээ хөл нийлүүлсэн байдлаар иргэдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хөтөлбөрүүд хийвэл зүгээр байх. Төрийн байгууллага, Хууль зүйн яамнаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үйл ажиллагаанууд хийгээд байгаа боловч иргэдэд дорвитой хүрэхгүй байна.

-Бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг заавал шүүхээр орж шийдэгддэг болсноороо цагдаагийн мэдээллийн санд бүртгэл үүсдэг болсон. Энэ нь тухайн хүний цаашдын хувийн амьдралд нөлөөлж байгаа байх?

-Өмнө нь цагдаа, прокурор дээрээ хаагддаг байсан бол одоо заавал шүүхээр орж шийдэгддэг болсон. Тэр утгаараа цагдаагийн мэдээллийн санд гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн бүртгэл үүсдэг болсон. Хэдийгээр торгуулийн ялтай ч тухайн хүний гэмт хэргийн мэдээлэл орж байгаа учраас дараа дараагийн эрх зүйн байдалд нөлөөлж байгаа. Төрийн албанд ажилд орох, визэнд орох, гадагшаа сурах гэх мэт хувийн байдал дээр маш их нөлөөлж байгаа. Тиймээс хүмүүс энэ төрлийн зөрчлийг аль болох гаргахгүй байх хэрэгтэй.

-Хамгийн их үйлдэгддэг зөрчил маргаан юу байдаг вэ?

-Гэмт хэргийн хувьд танхайрах, хөнгөн гэмтэл учруулах, машинаараа хүнийг шүргэх, гэр бүлийн маргаанууд их тохиолддог. Эдгээрээс хамгийн их ирж байгаа хэрэг нь гэр бүлийн маргаан, дараа нь хүний биед хөнгөн гэмтэл учруулах байдаг. Стресс, уур бухимдалтай байна гээд хүнд гэмтэл учруулж, бусдад халдаад байвал өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулаад “адгийн зарга арав хоног” гэдэг шиг шүүхээр явна.

Г.Балгармаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармагийн ачааллыг 20 хувь бууруулах тооцоололтой баригдсан шинэ гүүр эсрэгээрээ түгжрэлийг нэмэгдүүлсэнд иргэд бухимдаж байна DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэл хэдхэн жилийн өмнө хэсэг, хэсэг газартаа л түгжирдэг байсан бол өнөөдөр хаа сайгүй, өдөр, шөнө ялгаагүй түгжирдэг болсон. Тэр дундаа “мөнхийн таглаа” гэх Яармагийн авто зам өглөө зургаан цагт гарсан ч ажлаасаа хоцорно. Ажил орой 18 цагт тарлаа гэхэд гэртээ 22 цагт очвол баярладаг болж. Зөвхөн Яармагийн авто зам гэлтгүй хаа сайгүй л түгжрэл их байна. Тиймээс нийслэлээс түгжрэл бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч дорвитой шийдэлд хүрэлгүй өдийг хүрлээ.

Түгжрэлийг багасгах зорилгоор өнгөрсөн сарын 28-нд Яармагаас ТЭЦ-IV хүртэлх шинэ гүүрийг ашиглалтад оруулсан. Гэвч энэхүү гүүр түгжрэлийг багасгах нь битгий хэл нэмэгдүүлж байгаа талаар иргэд нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлсээр байна.

Тиймээс шинэ гүүрний нөхцөл байдал, хөдөлгөөн ямаршуу ачаалалтай байгааг сурвалжлахаар очлоо. Биднийг очиход автомашин гэхээс илүү ганц нэг алхаж яваа хүн, скүүтерээр тоглох залуучууд угтан авав. Угтаа тус гүүр Яармагийн түгжрэлийг 20 хувь бууруулах тооцоололтой баригдсан гэдгийг албаныхан хэлж байсан. Гэвч Яармагийн авто зам хоёр урсгалдаа ачаалалтай харагдаж байсан ч энэхүү гүүрээр зорчих хөдөлгөөн ховор байлаа. Өөрөөр хэлбэл, зургаан эгнээ бүхий гүүрэн авто замаар автомашины хөдөлгөөн зогсоо зайгүй урсаж байх ёстой атал ийнхүү сийрэг байгаа нь Яармагийн түгжрэлийг бууруулах тооцоолол зөв байсан эсэхэд иргэд эргэлзэж байв.

ЖОЛООЧ Т.МӨНХ-ОРГИЛ: МУХАР ГҮҮР БАРЬЧИХААД ТҮГЖРЭЛ БАГАСГАЧИХСАН МЭТ ЯРЬЖ БАЙГАА АЛБАН ТУШААЛТНУУДАД ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА

Уг гүүрээр зорчиж буй жолооч нараас тодруулга авах гэж нэлээд хүлээж зогссоны эцэст нэгэн жолоочоос тодрууллаа.


Жолооч Т.Мөнх-Оргил: -Гүүрээр зорчиход шинэ болохоор тэр үү явахад асуудал алга л даа. Харин

энэ гүүрийг гараад шууд түгжрэл рүү ордог. Тэр түгжрэлээс төвөгшөөдөг ч үүгээр явахаас өөр сонголтгүй. Мухар олгой гэдэг шиг энэ өргөн замаар явж байгаад огцом хоёр эгнээ нарийн авто зам руу шилжихэд улам их ачаалал үүсэх нь ойлгомжтой. Гэтэл яагаад ийм дэд бүтэц хийсэн юм бэ. Өчигдөр гэхэд энэ гүүрийг даваад цаана нь хэдэн цаг ямар ч хөдөлгөөнгүй зогссон. Автомашин дотроо бараг унтах шахсан даа. Үнэндээ энэ гүүрний учрыг ойлгохгүй байгаа. Цаад талыг нь шийдэж өгөхгүй бол ямар ч нэмэргүй түгжирсээр л байх болно. Энэ гүүрээр яваад баруун, зүүн хаашаа ч эргэсэн түгжрэл. Сонсголон, IV станцын уулзвар нэмэгдсэн болохоор энэ гүүрээр автомашин явахгүй байгаа юм. Бодит амьдрал дээр нийцсэн, асуудлаа харсан бүтээн байгуулалт, шинэчлэлээ хийгээч ээ гэж албан тушаал хашиж байгаа нөхдүүдэд хэлмээр байна. Бүтээн байгуулалт хийж байгаа гээд ямар ч үр ашгаа өгөхгүй байвал улсын төсвийг ач холбогдолгүй, үргүй зарцуулсан гэсэн үг. Нисэх, Яармагийн иргэд бид ч гэсэн адилхан гэр бүл, үр хүүхдэдээ цаг заваа зарцуулмаар байна. Гэтэл энэ түгжрэлд өдрийн талыг барж байна. Хаа хаанаа зөв шийдвэр гаргаасай даа. Ер нь бол мухар гүүр тавьчихаад түгжрэл багасгачихсан мэт ярьж байгаа албан тушаалтнуудад дургүй хүрч байна.

Яармагт дөрөв дэх жилдээ амьдарч буй иргэн Д.Ганболд: -Шинэ гүүр ашиглалтад орсноос хойш түгжрэл багасаагүй. Харин ч улам нэмэгдсэн. Өмнө нь Яармагийн нэгдүгээр буудлаас “Хүннү Молл” хүртэл түгжирдэг байсан. Орон сууцнуудын гарц төв замдаа нэгдээд түгжирдэг байсан. Гэтэл шинэ гүүрнээс болоод тэр гүүр лүү орох зам түгжирдэг болсон.

Хан-Уул дүүргийн иргэн Ё.Баяр: -Манай энд баригдсан шинэ гүүр нээгдэхээс өмнө Нисэх, Яармаг орчмоос хотын төв рүү явахад л түгжирдэг байсан. Шинэ гүүр ашиглалтад орж олон гэрлэн дохио, гарц, туслах зам, уулзвар нэмэгдсэнээр иргэд оройн цагаар Яармаг руу гэртээ харихад хотын төв рүү явдаг шиг адилхан түгжирдэг болсон. Шинэ гүүр барьснаар түгжрэл дахиад л нэмэгдлээ. Түгжрэл бууруулна гэж бүтээн байгуулалт хийсэн бол буурах ёстой биз дээ. Судалгаа тооцоололтой хийгээгүй юм болов уу гэж бодож байна. Зүгээр л бүтээн байгуулалт хийсэн нэрийдлээр хэдэн төгрөг халаасалсан нь тодорхой. Цаашид ер нь гоё сайхан бүтээн байгуулалтад итгэх итгэл ард түмэн бидэнд алга байна. Хүйтрээд цас орвол энэ зам тэг зогсолт гэдэг нь болно байх даа. Амьдралд үнэхээр олон талаараа сөрөг нөлөө үзүүлж байна.

Автобусны буудал дээр зогсож байсан иргэн: -Шинэ гүүр нээгдээд ямар ч ялгаа алга. Өмнө түгжирдэг байсан шигээ л ачаалал их байна. Энэ гүүр Тэц-IV-ийн зам руу ороод нэг нь дээшээ яваад Гурвалжингийн гүүр лүү нийлэх учраас хоёр талынхаа нарийнхан зам руу ялгаа байхгүй түгжирч байсан. Тэгэхээр цаашаагаа нэвт Таван шар луу нь гаргаад төв замтай нь холбовол Яармагийн түгжрэл гайгүй болж магадгүй. Хоёрын хооронд ийм дутуу зам тавих шаардлага байсан уу хэмээв.

Шинэ гүүр лүү салж буй эргэх хэсэг, гүүрнээс төв зам руу орох хэсэг дээр тус тус гэрлэн дохио байсан нь энэ уулзвар дээр ачааллыг үүсгэсэн байлаа. Гүүрнээс төв зам руу чиглэн ирж буй нэг л машин явган хүний гарцны өмнө зогслоо. Ийнхүү зам гараад хартал эсрэг талын автобусны буудлын харалдаа эсрэг урсгал руу эргэх зохицуулалт хийсэн байв. Гэрлэн дохио, замбараагүй эргэлтийг бий болгосон нь энэ замын ачааллыг нэмэгдүүлсэн гэдгийг иргэд хэлж байна. Дээрх гүүрний асуудлаар Яармаг дахь хотын захиргааны “B” блокд байрлах “Нийслэлийн Замын хөгжлийн газар”-аас тодруулах гэсэн боловч “…мэдэхгүй байна. Хажуу талын өрөөнөөс асуу” гэсэн хариуг өглөө. Зааж өгсөн өрөөнд ороод асуутал “…Захиргаанаас асуу” гэв. Захиргаа нь хэвлэлийн ажилтнаас асуу гэх зэргээр тодорхой мэдээлэл өгсөнгүй.

АЛБАНЫХАН: ИРГЭД ЭНЭ ГҮҮР ТАВИГДААД Л ТҮГЖРЭЛ БАЙХГҮЙ БОЛЧИХ ЮМ ШИГ БОДООД БАЙНА


Уг асуудлаар албаныхан хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Иргэд энэ зам тавигдаад л түгжрэл байхгүй болчих юм шиг бодоод байна. Яг үнэндээ гол замуудыг дөрвөн үе шаттай барихаар төлөвлөөд буй. Наадамчдын авто замыг Энхтайваны

өргөн чөлөөтэй холбох зам бидний төлөвлөсөн ажлын хэсгийн гүйцэтгэл шүү дээ. Тус зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийг саяхан нээсэн, Гүүрний бүтээн байгуулалт 2022 онд, харин 2023 оны наймдугаар сард авто замын ажил эхэлж байсан. Өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Уг зам, гүүрэн байгууламж нь Яармагийн авто замаас ТЭЦ IV-ийн авто зам хүртэл 2.84 км урттай. Бид үргэлжлүүлэн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлгийн ажлыг энэ онд багтаан дуусгана. Яармагаас хотын төвийг чиглэж оргил цагт 16 мянган автомашин зорчдог. Тэгвэл дээрх дөрвөн дэд бүтцийн төсөл хэрэгжсэнээр Яармаг орчмын суурьшлын бүсээс хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал хоёр дахин багасна л гэж тооцоод байгаа” хэмээжээ.

Г.БАЛГАРМАА

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Сайнзориг: Дампуурлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг цогц байдлаар нь шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна DNN.mn

Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа. Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах, Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж буй УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос товч тодруулга авлаа.


-Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийн ажил ямар шатанд байгаа вэ?

-Өнөөдөр манай улсад бизнес эрхлэх нөхцөл байдал түвэгтэй, бизнесийн маргааныг шийдвэрлэх цаг хугацаа удаашралтай байгаа. Үүний цаана бизнесийн эргэлт, мөнгөн хөрөнгө гацдаг, бизнес эрхлэгчдийн итгэлцэл эвдэрдэг. Энэ хэрээр компаниудын өсөж дэвжих боломж хумигддаг. Тийм учраас бизнес эрхлэгч хоорондын шүүхийн маргааныг зардал багатай, хялбараар түргэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, өмгөөлөгч шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг нөхцөлөөс зайлсхийх, шүүхийн шийдвэр нь биелдэг, гэрээний үүрэг хангагддаг байх нь маш чухал. Үүнийг бүрдүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчныг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байна.

-Эрх зүйн орчинд ямар асуудал байна гэж харж байгаа вэ?

-Нэн түрүүнд бизнесийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал бий. Гэрээг бичгээр үйлдэнэ гэж хуульд тусгасан ч бизнесийн түншүүд гэрээгээ цахим хэлбэрээр хийн мөнгөө шилжүүлээд, бараа материалаа солилцчихдог. Тэгээд маргаан үүсээд шүүхэд очихоор бизнесийн харилцаа бичгээр үйлдэгдэх ёстой байсан гээд бүгдийг буцаах асуудал үүсдэг. Энэ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжих бус, саатуулах үйлдэл болоод байгаа. Үүнийг өөрчлөхөөр зорьж байна. Түүнчлэн бизнесийн маргааныг зөвхөн шүүхээр биш, шүүхийн бус журмаар шийдвэрлэх асуудал бий.

Арбитр, эвлэрүүлэн зуучлах чиглэлийн эрх зүйн механизмуудыг бид тодруулж үзэх ёстой. Эцэст нь гарсан шийдвэрүүд хэрэгждэггүйгээс мөнгөн хөрөнгүүд гацаанд ордог. Энэ бүхнийг дампуурлын хууль тогтоомжтой уялдуулан авч үзэх ёстой.

-Дампуурлын тухай хуулийг шинэчлэх асуудлыг судалж байгаа талаар тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Төлбөрийн чадваргүй болсон компанид иргэний хэрэг үүсгээд, төлбөр оногдуулахаар шүүхийн шийдвэр гардаг.

Өөрөөр хэлбэл, хэрэг үүсгэхээс эхлээд биелэгдэх боломжгүй шийдвэрүүдийг шүүх үйлдвэрлэж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн төлбөрийн чадваргүй болсон компанид дампуурлын хэрэг үүсгэж, тэр эрсдэлийг хуваарилах, эсвэл тэр компанийг аврах төлөвлөгөө гаргах, бүтцийн өөрчлөлт хийх замаар бизнесийг сэргээх асуудлыг шүүхийн оролцоотойгоор сонирхогч талуудын хүсэлтээр хийх арга бий. Гэтэл үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин маш тодорхойгүй байдаг. Тийм учраас “х” тайлан гаргадаг “зомби” компаниуд бий болж, татан буулгаж болдоггүй, татварын болон нийгмийн даатгалын өр ширтэй явсаар байдаг. Тэгэхээр бид бие даасан арилжааны хуулийг иргэний хуультайгаа уялдуулж боловсруулах, үүнтэй хамт Дампуурлын тухай хуулийг шинэчилж Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль болгох, Арилжааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай, Эвлэрүүлэн зуучлах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг цогц байдлаар нь шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Бизнес эрхлэгчид, судлаачид ажлын хэсэгт саналаа ирүүлэн хамтран ажиллах боломж бий.

-Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулахаар төлөвлөж байгаа вэ?

-Авлигатай тэмцэх ажлын хамгийн бодитой алхам бол мэдээллийг ил тод болгох. Энэ мэдээлэл өгч байгаа этгээдийг хамгаалах асуудал бий. Тэгэхээр шүгэл үлээх ажиллагааг авлигатай тэмцэхээс гадна хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэрэг, экологийн эсрэг хууль бус үйл ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэмжих нь зүйтэй. Харин шүгэл үлээснийхээ төлөө иргэн аливаа нэг төрийн байгууллагын, албан тушаалтны дарамтад орж болохгүй. Ажлын хэсэг үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ажил, амьдралаа эрсдэлд оруулж шүгэл үлээсэн иргэдийг хамгаалахаас гадна урамшууллын тогтолцоог бий болгох асуудлыг ярилцаж байна. Өмнө нь шүгэл үлээх үйл ажиллагааг татварын хууль тогтоомж дээр хэрэглэж байсан. Татвараас зугтсан, зайлсхийж байгаа компаниудын талаар, экологийн эсрэг зөрчлийн талаар мэдээлэл өгвөл урамшуулдаг. Энэ удаа авлигатай тэмцэх үйл ажиллагаа, албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн этгээдийг хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгохоор ажлын хэсэг ажиллаж байгаа. Иргэд ажлын хэсэгт саналаа ирүүлж болно гэдгийг давтан хэлмээр байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Ц.Баатар: Сая НҮБ-аас гаргасан “Ирээдүйн төлөөх гэрээ” нь дэлхийн өнцөг булан бүрд хяналтаас гарахад дөхөж очсон олон хямрал, дайны нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилготой DNN.mn

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Ц.Баатартай дэлхий нийтийн өмнө тулгамдсан зарим асуудлын талаар ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан НҮБ-ын чуулганд оролцоод ирлээ. НҮБ-ын шинэчлэлтэй холбоотой Монгол Улсын байр суурийг та хэрхэн ажиглаж байв?

-Урьд өмнөхөөс илүү асар их хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн ороо бусгаа цаг үед НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулга уулзалтын хүрээнд “Ирээдүйн асуудлаар дээд түвшний уулзалт” болж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Дэлхийн байгууллагуудыг илүү хууль ёсны, шударга, үр дүнтэй болгохын тулд НҮБ-ын дүрэм, үнэт зүйлд суурилсан шинэчлэлийг хүлээн авахыг дэлхий нийтэд уриаллаа.

НҮБ-ын зүгээс гаргаж буй энэ удаагийн уриа, “Ирээдүйн төлөөх гэрээ” нь дэлхийн өнцөг булан бүрт болж буй хяналтаас гарахад дөхөж очсон олон хямрал, дайны үеийн геополитикийн нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилготой. Үүний тулд НҮБ-ыг дотроос нь шинэчлэхэд үндсэндээ чиглэж байна.

Дээд түвшний чуулга уулзалтаар хэлэлцэн батлагдсан энэхүү “Ирээдүйн төлөө гэрээ” болон түүний хавсралт болох “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” зэрэг баримт бичиг нь олон талт тогтолцоог цаашид хөгжүүлэхээр дэмжин ирээдүйн хөгжилд дасан зохицож, аюулгүй, амар амгалан, шударга, эрх тэгш, хүртээмжтэй, тогтвортой, цэцэглэн хөгжсөн ертөнцийг бий болгохын төлөө хичээн зүтгэх НҮБ-ын байр суурь, зорилго, зорилтыг тодорхойлсон маш чухал баримт бичиг гэж дэлхий нийт талархан хүлээн авч байна.

НҮБ-ын эдгээр санал санаачилгыг Монгол Улс талархан хүлээн авч дэлхий нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалт болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно гэдэг үзэл бодол, байр сууриа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийн өмнө маш тодорхой илэрхийллээ.

-Орос, Украины дайнтай холбоотой НҮБ дээр өгсөн манай байр суурь ер нь хэр зөв бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсын байр суурийг тов тодорхой илэрхийлсэн. Энэ хүрээнд Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улс орнуудтай дипломат харилцаа тогтоосон. Дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Тиймээс манай улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахина. Улмаар санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтална. Даян дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг хангах, ялангуяа цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж, уг асуудлаар НҮБ-ын хүрээнд тусгай чуулга уулзалт зохион байгуулахыг санал болгосон явдал дэлхий нийтийн ач холбогдолтой юм.

-Дэлхийн геополитик болоод олон улсын харилцааны өнөөгийн системийг судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?

-Ээдрээ төвөгтэй энэ асуудал шинжээчдийн анхаарлын төвд байж олон янзын таамаглал дэвшүүлсээр байна. Зарим нь бүр дэлхийн III дайн эхэлсэн гэж үзэж ч байна. “Хүчтэй нь хүчгүйгээ” гэх хандлага газар авч дэлхийн геополитик орвонгоороо өөрчлөгдөнө гэж таамаглах нь ч байна. Дэлхийн хүчний харьцаа бидний нүдний өмнө асар их хурдтай хувьсан өөрчлөгдсөөр байна.Энэ нөхцөлд олон улсын харилцаанд баримталж, хэвшин тогтсон дэг, дүрэм журам хөсөр хаягдах нь уу гэмээр ч байдал төлөв ажиглагдах болов. Бүс нутгуудын хувьд ч эргэн харахаас аргагүй геополитикийн хувьсал өөрчлөлт гарсаар байна.Улс орнууд бүс нутгийн харилцан хамааралд орохын зэрэгцээ тэгш бус харилцан хамааралд татагдан орох шинжтэй болж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болж байна.

-Орос, Украины дайн цаашид яахаар байна. Хэзээ дуусах бол?

-Шинжээчид олон янзын таамаглал дэвшүүлсээр байгааг бид харж л байна. Хэн хэн ч ширээний ард сууж энхийн хэлэлцээр байгуулах тал дээр зөвшилцөлд хүрэхгүй нь тодорхой бололтой. Энэ дайн хэзээ дуусахыг таамаглашгүй. Шинэ зууны гамшгийн хэмжээнд очсон дайны золиосонд гэм зэмгүй олон зуун мянган охид хөвгүүд явж эцэг эх, хань ижил үр хүүхдээ орхин одож байна. Үүнийг үгээр илэрхийлэхийн аргагүй.Сүүлийн үед Оросын зүгээс цөмийн зэвсэг хэрэглэх болно гэсэн сүрдүүлэг ч гарах боллоо. Энэ бүхний сүүдэр бидэнд тусахгүй гэх баталгаа алга. Эхнээсээ тусч эхэлж байгаа билээ.

-Ойрхи, дорнодын нөхцөл байдал бас ширүүслээ. Тал талд ассан дайны гал юунд хүргэж болзошгүй вэ. Дэлхийд ямар дэг журам ноёлох гээд байна вэ?

-Тийм ээ, өдрөөс өдөрт л ойрхи дорнодын нөхцөл байдал эрс ширүүссээр байна. Дайны голомтыг таслан зогсоохын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган анх удаа Израилийг Палестины газар нутгийг эзэмшихээ зогсоохыг уриалсан тогтоол баталлаа. Тогтоолд “Израиль эзэлсэн Палестины газар нутагтаа хууль бусаар оршин суухаа 12 сарын дотор зогсоох хэрэгтэй” гэж онцолжээ. Үүний улмаас хохирсон палестинчуудад нөхөн төлбөр олгохыг уриалжээ. Тогтоолыг НҮБ-ын Дээд шүүх болох Олон улсын шүүхийн зөвлөх бүлэг дэмжиж, Израиль Палестины газар нутагт байх нь хууль бус бөгөөд зогсох ёстой гэжээ. Олон улсын шинжээчид долдугаар сард тогтоол гаргахдаа Израиль газар нутаг эзэмшигчийн статусаа урвуулан ашигласан гэж үзсэн. Мөн Йордан голын баруун эрэг болон Зүүн Иерусалим дахь Израилийн суурин газруудыг хууль бус гэсэн байна. 1967 оны дайны дараа Израиль Йордан голын баруун эрэг, Газын зурвас, Зүүн Иерусалимийг эзэлсэн юм. Үүний дараа Израиль Йордан голын баруун эрэгт орон сууц барьж эхлэн, одоо олон зуун мянган Израиль иргэн амьдардаг юм билээ. Ихэнх орон Израиль Йордан голын баруун эрэг гэх мэт Палестин иргэд амьдардаг нутаг дэвсгэрийг эзэмших нь хууль бус гэж үздэг. Харин АНУ нь палестинчууд болон израильчууд гадны дарамтгүйгээр хоёр талын хэлэлцээ хийж, тохиролцох ёстой гэх байр суурьтай байгаа юм. Чухамдаа энэ дайн Израиль Палестины хооронд болж буй дайн бус. Энэ дайны хөлд өнөөдрийн байдлаар Сири, Ирак, Йемен, Ливи зэрэг дөрвөн улс татагдан орж ойрхи дорнодод улс төрийн гүн хямрал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их үймээн самуун, дайн, шашны маргаантай гэгдэх тус бүс нутагт яг одоо Сири, Ирак, Йемен гэх гурван улсад дайн үргэлжилж байна. Эдгээр дайн нь бүгд шашны мөргөлдөөний улмаас үүссэн. Шашны хэт даврагч, террорист бүлэглэлүүд ойрхи Дорнод дахь үймээн самуунтай тус орнуудын хилийн бүсэд хяналтаа тогтоож, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа юм. Хилийн шугам дагасан алан хядагчдын ноёрхлыг хязгаарлаж чадахгүй байгаагаас болж хүчирхийлэл, алан хядлага, цус асгаруулсан дайн цаашид улам өргөжих хандлагатай болж, НҮБ түүний өмнө хүчин мөхөстөж байна.

-Тайванийн ерөнхийлөгч Лаи Чин “Хятад улс тайванийн ард түмний эх орон байх боломжгүй” гэж мэдэгдлээ. Тэд удахгүй дайтахаар бэлтгэж байна гэх таамаг гадаад ертөнцөд бий. Хэрэв Хятад Тайванийн хооронд дайн дэгдвэл Орос, Украины хямралаас том хямрал үүснэ гэх юм билээ. Харин та ямар бодолтой байна?

-Энэ таамаглал төдий байгаасай гэж боддог. Хятад улсын хувьд Тайваньтай дайтахаас илүү давын өмнө дотооддоо шийдвэр хүлээсэн олон арван тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд асар их хүчин чармайлт гаргаж байна. Нөгөө талаар Хятад улс дэлхий дахинд энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулахаа нэгэнт тунхагласаар ирсэн улсын хувьд тийм асуудал ойрын ирээдүйд гарахгүй л болов уу. Хятад улсын хувьд бүс нутагтаа хүчний тэнцвэрийг хадгалах үүднээс зэвсэгт хүчнээ бэхжүүлж тал бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа дэлхий нийтэд ил тод ярьж ирсэн шүү дээ.

-Ер нь дэлхийн олон туйлтаас хоёр туйлт ертөнц болох нөхцөл бүрдчихэв үү. Дэлхийн геополитик болон гео эдийн засгийн хямралыг АНУ, Хятад хоёроос өөр шийдвэрлэх хүчин байхгүй боллоо?

-Энэ үйл явц ч маргаангүй үргэлжилсээр хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд очоод байх шиг. Гэлээ гэсэн ч энэ хоёр их гүрэн өнөөгийн дэлхийн геополитик болон гео-эдийн засгийн хямралыг гэтлэн давахад чиглэсэн, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхүйц хүчний тэнцвэрийг барьсан тийм гарц гаргалгаа гаргана гэдэгт эргэлзэх зүйлгүй гэж боддог.

-Ингэхэд дэлхийн геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Манай улс хоёр их гүрний дунд хавчуулагдсан, газар зүйн хувьд хорионд орсон байрлалтай. Дээр нь дан ганц эрдэс түүхий эдийн экспортод түшиглэсэн хараат эдийн засагтай. Эрдэс түүхий эдийн үнэ ханш дээр таны өгүүлсэн хүчин зүйлийн улмаас байнга хэлбэлзэж байдаг. Валютын ханшны өөрчлөлт ч ихээхэн нөлөөлдөг. Нэмж хэлэхэд, бид инфляци импортолдог гэх мэт олон суваг нэн ялангуяа нүүрсний экспорт Хятадын гангийн үйлдвэрүүдийн эрэлтээс ихээхэн хамааралтай. Хятадын эдийн засгийн хөгжлийн мөчлөг бүр манай эдийн засагт эерэг, сөргөөр нөлөөлж байдаг онцлогтой. Умард хөршид болж буй өнөөгийн нөхцөл байдлын нөлөө хамаарал хэр зэрэг хүндрэхийг таашгүй. Оросын шингэн түлшний орд газар,үйлдвэрүүд дронд их өртлөө гэх мэдээлэл тасрахгүй л байна.

-Хоёр том мөнхийн хөрштэй бид энэ дайны цөвүүн цагт ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Ээдрээ төвөгтэй энэ цаг үед хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн найрсаг харилцаагаа бататган хөгжүүлж, гуравдагч хөрштэйгөө хүчний тэнцвэрийг барин харилцаж ирсэн уламжлалт ухаалаг гадаад бодлогоо тууштай баримталж, түүндээ л итгэж найдах нь үлдэж байх шив дээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сумъяа: Юанийн ханшийн савлагаа ирэх саруудад ихээр мэдрэгдэх болов уу DNN.mn

Судлаач, эдийн засагч Ч.Сумъяатай ярилцлаа.


-Импортын 40 орчим хувь, экспортын 92 хувь нь Хятадаас хамааралтай манай улсын эдийн засагт хувьд юанийн өсөлт хэрхэн нөлөөлөх бол?

-Хятадын худалдааны статистикаас харвал эхний найман сарын байдлаар Хятад-Монголын худалдаа 12.3 тэрбум ам.долларт хүрч 16.1 хувийн өсөлттэй, Хятадын Монголоос авах импорт 9.2 тэрбум ам.долларт хүрч есөн хувийн өсөлттэй байна.Мөн эхний найман сарын байдлаар 78.72 сая тонн коксжих нүүрс импортолсон байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өссөн байна. Хятад улсын нүүрсний импортын зах зээлд, эхний найман сарын байдлаар Монгол Улс 53.8 сая тон нүүрс гаргаж зах зээлийн 15.8 хувийг, коксжих нүүрсний зах зээлд 39.3 сая тонныг гаргаж 50 хувийг эзлэж байна.

Цаашид ч зах зээл дэх байр сууриа хадгалах төлөвтэй байна. Олон жилийн ажиглалтаас харахад гадаад хүчин зүйлийн хувьд Хятад, Австрали болон Хятад Оросын харилцаа хэрхэн өрнөхөөс хамаарч Монголоос авах нүүрсний импортын хэмжээ хэлбэлзэж байдаг. Мөн Хятадын дотоодын тухайлбал, Шаньси, ШУӨЗО, ӨМӨЗО-ы нүүрсний уурхайн нөхцөл байдал, уурхайн осол зэргээс хамаарч олборлолтын хэмжээ өөрчлөгдсөнөөр Монголын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлдэг.

Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас хэдийгээр Монгол Улс хамааралтай ч Монгол дахь юанийн ханшийн өсөлт, голдуу манай улсын төсвийн тэлэлтээс хамаардаг. Хэрэв төсвийн халалт нэмэгдэж тухайлбал, хүүхдийн халамжийн мөнгө их хэмжээгээр тараах, аж үйлдвэр, барилга бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж эхэлбэл валютын эрэлт нэмэгдэж, ханшийн богино савлагаанд нөлөөлдөг.

-Засгийн газраас ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг найман хувь байна гэж тооцоолсон. Хэт өндрөөр төсөөлж буй энэ бодлого нь манай улсын эдийн засагт ямар урхаг үзүүлэх бол?

-Сангийн яам болон Монголбанк хэт өөдрөгөөр төсвийн орлогыг төсөөлөх нь өөрөө төсвийн үрэлгэн зарлагыг нэмэгдүүлж, тоон дээрх эдийн засгийн өсөлтийг өндөр харагдуулж байгаа нь өөрөө эрсдэлийг дагуулна. Монгол, Хятадын харилцаа болон Хятадын нүүрс, зэсийн эрэлтээс хамаарах манай эдийн засаг нь өөрөө мэдэж тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг огцом хүндрүүлэх, гадаад дотоод өр зээлийг нэмэгдүүлэх суурь болж байна. Өөрөөр хэлбэл, утсан дээр дугуйтай алхаж буй циркийн үзүүлбэр шиг өнөөгийн нөхцөл байдал нь тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж иргэдэд айдас төрүүлэх, эдийн засагт үл итгэх нөхцөл байдлыг бий болгосоор. Улам бүр данхайсан төрийн эдийн засаг, төсвийн хамаарал бүхий эдийн засгийн бүтцийг бий болгож хувийн эдийн засаг, хөрөнгө оруулалт бизнесийн нөхцөл байдлыг дордуулж байна.

-БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг олон улсын байгууллагууд янз бүрээр л таамаглаж буй. Бодитоор Хятадын засгийн өсөлт хэдэн хувьд хүрэх боломжтой бол. Та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар сул хэвээр байгаа нь 2024 оны жирийн иргэдийн өрхийн зарлагад сөргөөр нөлөөлжээ. Мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжсэний нөлөөгөөр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Мөн экспорт өссөн нь өрхийн зарлагын бууралтыг тодорхой хэмжээнд нөхөж байгаа харагддаг. Азийн хоёр дахь том эдийн засаг болох Энэтхэгийн эдийн засаг өнгөрсөн дөрөвдүгээр сард тооцсончлон 2024 онд 7.0 хувиар өсөх хэвээр байгаа нь дотоодын эрэлт, тэр дундаа засгийн газрын зардал нэмэгдсэнтэй холбоотой.

АХБ-ны 2024 оны есдүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайланд энэ оны бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 5.0 хувь байна гэж таамагласан байна лээ. Энэ нь дөрөвдүгээр сард тооцоолж байсан 4.9 хувиас өссөн төсөөлөл л дөө. Харин ирэх оны өсөлтийн төсөөллийг 4.9 хувьд хэвээр үлдээсэн байна.

АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хурцадмал байдал даамжрах, БНХАУ-ын дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал улам дордох, геополитикийн хурцадмал байдал хүндрэх, мөн уур амьсгалын өөрчлөлт болон цаг агаарын таагүй үзэгдлүүд түүхий эдийн үнэ, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэлүүд байна.

Хэрэв гадаад худалдаа хөрөнгө оруулалтын орчин ерөнхийдөө тогтвортой байж, макро эдийн засгийн бодлого бэхжиж, үр дүнтэй, дотоодын эрэлт сэргэлт хурдасвал энэ оны дөрөвдүгээр улиралд ДНБ 5.1 орчим хувь, бүтэн жилээр таван хувиар өсөх төлөвтэй байна. Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын эрсдэл, цочрол нэмэгдэж, тогтвортой өсөлтийн бодлогын үр нөлөө хязгаарлагдмал, дотоодын эрэлтийн сэргэлт хүлээлтээс доогуур байвал Хятадын ДНБ дөрөвдүгээр улиралд 4.7 орчим хувь, бүтэн жилээр 4.8 хувиар өсөх төлөвтэй байна.

-Аль салбартаа илүү хөрөнгө оруулах төлөвтэй байна вэ?

-14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд судалгаа, боловсрол, санхүү, технологийн салбарт тэргүүлэх ач холбогдол өгч, дижитал дэд бүтцэд 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг уриалсан. Энэ нь Хятадын зорилгод хүрэхийн тулд АНУ болон бусад гадаад зах зээл, технологи, хөрөнгө, судалгаанд нэвтрэх боломжийг хадгалахын зэрэгцээ бие даасан байдал, бие даасан инновацийг чухалчилдаг. Энэ нь эрчим хүч, хөдөө аж ахуй тэр дундаа биотехнологи, генетик нөөц, үрийн технологид өөрийгөө хангах боломжийг нэн тэргүүнд тавьж, Хятад улсыг дэлхийн худалдааны дүрэм, технологийн стандартыг тогтооход манлайлах үүрэг гүйцэтгэхийг уриалж байна. Энэ нь Хятадын нутаг дэвсгэрээс гадуурх нөлөөллийг хөхиүлэн дэмжиж, оюуны өмч, технологийн үнэ тогтоох тухай Хятадын шүүхийн шийдвэр, монополийн эсрэг үйл ажиллагааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэж байна.

-Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал өнөөдөр ямар байгаа вэ?

-ОУВС энэ оны наймдугаар сарын 2-нд нийтэлсэн эдийн засгийн үнэлгээний тайландаа Хятадын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар зөвлөмж өгсөн байна. Барилгын ажлыг дахин эхлүүлэх, барилга угсралтын явцад хүлээлгэн өгөх асуудлыг дуусгах ажлыг түргэтгэхийн тулд төв засгийн газраас төсвийн түр урамшууллыг эхлүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Төсвийн зарлагын тодорхой цар хүрээний хувьд дөрвөн жилийн дотор шийдье гэвэл ДНБ-ий 5.5 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн зардал хэрэгтэй гэсэн үг. 2023 онд нэрлэсэн ДНБ-ээр тооцвол ойролцоогоор долоон их наяд юаньд хүрнэ. Үүнийг ам.доллараар тооцвол 1 их наяд ам.доллар гэсэн үг. Хятадын засгийн газар ОУВС-гийн зөвлөмжийг няцааж, одоо байгаа бодлого нь үл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээлд эерэг хандлагыг авчирч чадна гэж мэдэгдээд, борлуулахаас өмнө ашиглалтад орсон орон сууцны зардлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө одоогоор байхгүй байгааг онцолсон.

Хятадын засгийн газраас өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тийм ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Орон сууцны шинэ үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт буурч байгаа ч анхаарууштай нэг зүйл нь борлуулалтын бууралт илүү тод харагдаж байна. Долдугаар сарын эцсийн байдлаар шинээр баригдсан орон сууцны барилга байгууламжийн м2 талбайн хэмжээ жилийн өмнөхөөс 23 хувиар өссөн байна.

Өнөөдрийн Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том асуудал бол үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчдийн санхүүжилт хангалтгүйн улмаас барилгын ажлын дундуур төслүүд тасалдсаар байгаа явдал юм. Орон сууцыг бариад хугацаандаа хүлээлгэж өгөхгүй байнга хойшилдог бөгөөд үл хөдлөх хөрөнгө оруулагчдад санаа зовнилоос болж орон сууц худалдан авах дургүй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Борлуулалт удаашралтай байснаас удаан үргэлжилсэн үнийн бууралт нь “орон сууцны үнэ буурна гэсэн хүлээлтийг улам бэхжүүлж байна. Мөн олон орон сууцны эзэд зарах хүсэлтэй байгаа бөгөөд орон сууцны зах зээлийн талаарх гутранги хүлээлт нь үнийн уналтыг хурдасгаж байна.

-АНУ-ын Төв банк мөнгөний бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байна. Үүнээс үүдэж АНУ-д үнэт цаас эзэмшдэг Хятадын иргэд өөрийн улсын зах рүү хөрөнгө оруулалт хийж магадгүй. Энэ нь юанийг 10 хувиар өсгөх магадлалтай хэмээн судлаачид дүгнэж байгаа шүү дээ. Үүнийг та юу гэж харж байна?

-Хятадын дотоодын зарим судлаачдын үзэж байгаагаар одоо хүлээгдэж буй өгөөж, хөрөнгийн урсгал бүхэлдээ өөрчлөгдөж, хөрөнгө буцаан урсаж эхлэх магадлалтай. Гадаадын зах зээлээс дор хаяж 400-500 тэрбум ам.доллар Хятадын зах зээлд буцаж орж ирэх боломжтой. Энэ нь юанийн ханшийг өсгөхөд чухал түлхэц үзүүлэхээр хүлээлттэй байна. Гэхдээ манай улс шиг Хятадаас болон төсвийн хөрөнгө оруулалтаас маш их хамааралтай улсад бол юанийн ханшийн савлагаа ирэх саруудад ихээр мэдрэгдэх болов уу.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Өсөхбаяр: Телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр 112 сая төгрөг залилсан хэрэг гарсан DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай цахим залилангийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үед цахим залилан ямар платформоор дамжин үйлдэгдэж байна?

-Хэдэн жилийн өмнө хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд давамгайлдаг байсан бол одоо гэмт хэргийн шинж байдал нь өөрчлөгдөж, иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахимаар залилах гэмт хэрэг нэмэгдэж байна. Залилах гэмт хэргийн арга илүү хүний сонирхол татах хэлбэрт шилжсэн. Телеграм, Тik Тok, We chat, Whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Ингэхдээ залилагч этгээдүүд бусдын итгэлийг олж авах замаар бага багаар ажилладаг. Хэрэв иргэдэд цахимаар сурталчилгааны ажил хийх, даалгавар биелүүлэн мөнгөө өсгөх зэрэг санал ирсэн тохиолдолд баталгаатай эсэхийг сайтар шалгаж дараагийн үйлдлээ хийхийг зөвлөж байна.

-Хамгийн түгээмэл цахим залилангийн талаар жишээ дурдаж болох уу?

-Садар самуун сурталчилсан зураг, бичлэг илгээнэ гээд хураамжаар мөнгө урьдчилан авдаг этгээдүүд байгаа. Цагдаагийн байгууллагаас устгуулах арга хэмжээ авахын зэрэгцээ цахим группүүд ч өөрсдөө устгаад байдаг болохоор багасчихсан. Гэхдээ байсаар л байна. Мөн хуурамч онлайн худалдаа газар авч байна. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарна гэсэн зарын доор иргэд утасны дугаараа тавьчихдаг шүү дээ. Ингээд дугаар руу нь хөндлөнгөөс залилагч холбогдоод “Урьдчилгаа төлж захиалгаа баталгаажуулна уу” гэх мэтээр ятган урьдчилгаа авдаг. Энэ мэт нэг удаагийн бараа худалдан авалтаар 200-300 хүнийг залилсан тохиолдол байдаг.

Үүнийг таслан зогсоохгүй л бол 200-300 хүн 2000-3000 болж өсөх магадлалтай шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр залилангийн тухай ярья л даа. Нэгэн иргэн телеграмаар бараа захиалаад 20 хувийг нь авна гэсэн зар, саналын дагуу Константин нэртэй хаягтай харилцаж нэр бүхий банкны гурван данс руу нийт 22 удаагийн гүйлгээгээр 31 сая төгрөг шилжүүлж залилуулсан. Мөн орон нутгийн нэг иргэн телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр нэр бүхий банкны дансууд руу олон удаагийн гүйлгээгээр нийт 112 сая төгрөгийг шилжүүлэн залилсан гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа хийж байна.

-Иргэн залилуулснаа мэдээд хамгийн түрүүнд хаана хандах ёстой байдаг вэ?

-102 гэсэн тусгай дугаар луу залгах, эсвэл өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад хандаж болно. Хэрэв хурдан шуурхай хандаж чадвал шилжүүлсэн мөнгөө барилт хийлгэх боломжтой. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт Шуурхай ажиллагааны төв ажилладаг. Тэр байгууллага Монголын банкуудын холбоотой хамтран газар дээр нь гүйлгээг нь хаах, дансыг нь царцаах, хэрэг бүртгэлтийн хугацаа дуусах хүртэл мөнгийг нь битүүмжлэх гэх мэт арга хэмжээ авдаг. Банкуудтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг нь харилцан адилгүй байдаг учраас зарим банкууд 24 цаг, 72 цаг барилт хийх боломжтой.

-Цагдаагийн байгууллагад хэрэг нээж, шалгуулахын тулд хохирлын хэмжээ нь хэдэн төгрөг байх ёстой вэ?

-Залилангийн хэрэгт хохирлын хэмжээг харгалзаж үзэхгүйгээр хэрэг нээн, шалгаж эхэлдэг.

-Цахим залиланг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн байгууллагаас “Хянамгай бай” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бий. Үүний хүрээнд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар залилах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн данс барилтын ажлуудыг хийх гэх мэт томоохон ажлууд бодлогын хэмжээнд хийгдэж байна. Хажуугаар нь мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмол хийж байна. Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын зүгээс нэг сард 50-иас доошгүй контент, масс мессэжийг иргэдийн гар утсанд нь хүргэдэг. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилладаг.

Энэ мэт цахим залилангийн эсрэг ажлууд тогтмол хийгдэж байгаа боловч нийгмийн байдлаас шалтгаалаад шинэ төрлийн залилан гарч, арга техник нь улам бүр нарийсч байна. Томоохон компаниуд бараа бүтээгдэхүүнээ онлайнаар зарж борлуулдаг болсон. Үүнтэй холбогдуулан томоохон байгууллагын нэр, логог ашиглаж залилан хийх тохиолдол гарч байна. Жишээ нь, улсын хэмжээнд томоохонд тооцогдох үүрэн холбооны оператор компанийн нэр, логог ашиглан цахимд ажлын зар оруулчихдаг. Ингээд иргэн анкет бөглөх гээд холбоос дээр нь дарахаар таны дугаар луу дөрвөн оронтой код илгээлээ, кодоо оруулна уу гээд цахим хаягийг нь хакарддаг. Тиймээс бид компаниудад албан ёсны цахим хуудсаараа дамжуулж мэдэгдэл гаргаж, ажлын зараа түгээж байхыг сануулдаг. Байгууллагуудын нэр хаягийг ашигласан цахим залилангийн ихэнх нь гадаадад сервертэй төвөөс халдсан байдаг. Үүнийг устгуулахын тулд Харилцаа холбооны зохицуулах хороотой холбогддог. Гэвч тухайн мэдээллийг фэйсбүүкт оруулахдаа илүү олон хүнд хүргэхийн тулд төлбөр төлсөн байдаг учраас устгах боломжгүй, хугацаа нь дуусахаар устгаж өгье гэсэн байр суурийг Мета компаниас илэрхийлдэг. Ер нь манай үйл ажиллагааны хүрээнд илэрсэн нэг сард дунджаар 100-200 гаруй хуурамч хаягийг хаах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлдэг. Фэйсбүүк компани зарим тохиолдолд хэрэглэгчийн нууцтай холбоотой гээд устгахгүй байх нь бий. Үүний улмаас олон хүн залилангийн хохирогч болж байна.

-Хохирогчид нь хэд орчим насны хүмүүс байдаг юм бол?

-Дийлэнх нь 24-39 насны хүмүүс байдаг. Энэ насныхан худалдан авалт хийх санхүүгийн боломж сайтай бөгөөд завгүй ажилладаг учраас хохирогч болох эрсдэл өндөр. Мөн орон нутгийн иргэд залиланд ихээр өртөж байна. Тэднийг ихэвчлэн захиалсан бараа бүтээгдэхүүнийг тань унаанд тавьж явуулна, гэрээсээ онлайнаар ажил хийх боломж байна, танилцах зар, цахим мөрийтэй тоглоом гэх мэтээр залилдаг.

-Орон нутагт цахим залилангаас сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ?

-ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас зохион байгуулж байгаа арга хэмжээ, мэдээ мэдээллүүд орон нутагт хуваарийн дагуу хүрч байдаг. Харин сумд болон алслагдсан бүсэд амьдарч байгаа хүмүүст хүрэх хүртээмж тааруу. Хүн нэг бүртэй уулзаж зөвлөмж өгөх боломж харьцангуй бага. Тиймээс сум орон нутгийн удирдлагуудаар нь дамжуулан мэдээлэл хүргэж байгаа.

-Жилийн аль үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо өсдөг вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Бүх нийтийг хамарсан баяр ёслол, олон нийтийн арга хэмжээний үеэр өсөх хандлагатай байдаг. Мартын найманд гэхэд л цэцэг хүргэлт, бэлэг хүргэлтийн хуурамч үйлчилгээ гарч ирдэг. Олон улсын худалдааны сайтуудаас бэлэг дурсгалын зүйлийн зураг татаж аваад, түүнийгээ зарна гэж зар тавьдаг. Ингэхдээ шинэ онлайн шоп нээгдлээ, та захиалахыг хүсвэл урьдчилгаа төлнө үү гэх мэтээр залилж байна. Хохирогчдын дийлэнх нь цагдаагийн байгууллагад ханддаггүй. Хэдэн төгрөг залилуулсан ч заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаарай гэж иргэддээ уриалмаар байна.

-Цахим гэмт хэргийн өнөөгийн түвшин ямар байна?

-Он гарснаас хойш улсын хэмжээнд 10027 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь сард 1000 гаруй хэрэг бүртгэгдэж байна гэсэн үг шүү дээ. Энэ нь нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт залилангийн 60 хувь цахимд үйлдэгдэж байна. Залилангийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол 318.4 тэрбум болж өмнөх оноос 70 гаруй хувиар өссөн.

-Цахим залилангийн хэдэн хувь нь илэрдэг вэ?

-Улсын хэмжээнд залилах гэмт хэргийн илрүүлэлт 34.5 хувьтай байна, урьд оны мөн үетэй харьцуулбал 831 нэгжээр буюу 9.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна

-Залилсан этгээдэд ямар хариуцлага оноодог вэ?

-Гэмт этгээд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Хэрэв буруутай этгээд байнга бусдыг залилж олсон орлогоо амьдралынхаа эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга буюу гишүүн элсүүлэх замаар залилан хийсэн мөн энэ үйлдлийг зохион байгуулалтад орсон гэмт бүлэг үйлдсэн нь тогтоогдвол таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорино. Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 мянган төгрөгөөс 4 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ төрлийн гэмт хэрэг цаашдаа багасах болов уу. Үүний талаар хийсэн судалгаа байдаг уу?

-Дэлхий нийтээрээ цахим гэмт хэрэгтэй тэмцэж байна. Иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэх тусам залилагчдын үйлдлийн арга нь улам нарийсах магадлалтай. Энэ гэмт хэрэг дэлхий нийтээр байгаа болохоор бид дийлэхгүй, тэмцэхгүй гэсэн ойлголт байхгүй. Бид залилагчдын шинэ аргуудын талаар мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, нэг хүнийг ч болов сэрэмжлүүлэхийг хичээж ажиллана.

-Цахим залилангаас сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгнө үү?

-Цахим ертөнцөд хянамгай болгоомжтой байхгүй бол залилах гэмт хэрэг өдөр өдрөөр өнгөө өөрчилж байна. Ямар нэгэн цахим хаягны ард хэн байгааг мэдэх боломжгүй учраас цахим орчинд түгээгдэж буй аливаа зар мэдээлэлд шүүлтүүртэй хандаж нягталж судлах, урьдчилж ямар нэгэн төлбөр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө цахим платформуудад хоёр шатлалт нууцлал бүхий тохиргоог хийх гэх мэт нууцлалын аргуудыг заавал хэрэглэх нь зүйтэй. Хэн нэгэн мөнгө зээлье гэсэн бол заавал утсаар нь холбогдож тодруулж асууж байгаарай гэдгийг хэлмээр байна.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ардын” баатар үхсэн (I)” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ц.Баатар “Сая НҮБ-аас гаргасан “Ирээдүйн төлөөх гэрээ” нь дэлхийн өнцөг булан бүрд хяналтаас гарахад дөхөж очсон олон хямрал, дайны нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилготой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Дампуурлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг цогц байдлаар нь шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна” гэв.
  • ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Яармагийн ачааллыг 20 хувь бууруулах тооцоололтой баригдсан шинэ гүүр эсрэгээрээ түгжрэлийг нэмэгдүүлсэнд иргэд бухимдаж байна
  • ЗГ: Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн  “Ардын” баатар үхсэн (I)” нийтлэл хэвлэгдлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Энэ оны физикийн салбарын Нобелийн шагналтнууд

АРЫН НҮҮР: Өөх тос муу хүнс биш

 


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ