ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………….
Лондонгийн зуны олимпийн XXX наадмын жүдо бөхийн 73 кг–ын жинд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Сайнжаргалын Ням–Очиртой ярилцлаа.
–Лондонгийн олимпоос хойш дэвжээнд гарч харагдсангүй. Бэлтгэлээ хийж байна уу?
-Олимпоос хойш хэсэг хугацаанд амарч байгаад саяхнаас бэлтгэлдээ орлоо. Олимпийн дараа бэртэл гэмтлээ эмчлүүлээд одоо гайгүй болчихсон. Бэлтгэл хийгээгүй удчихсан чинь жин ч нэлээд нэмэгдсэн. Дөрөвдүгээр сард Турк улсад болох Гран при тэмцээнээс эхлээд 73 кг-ынхаа жинд барилдана. Тавдугаар сард дэлхийн шилдэг 16 бөхийн барилдаантай. Уг барилдаанд амжилттай барилдчих хүсэл их байна. Бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн болохоор ерөнхийдөө формдоо орчихсон гэж ойлгож болно.
–Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Та барилдаж байгаа юу?
-Миний хувьд 82 кг-ын жинд зодоглоно.
–Одоо таны жин хэд байна вэ?
-Яг одоо 78 кг байна. Би ямар ч тэмцээн уралдаанд орохын тулд таван кг хасдаг л даа. 73 кг-ын жиндээ орчихсон гэж ойлгож болно.
–Лондонгийн олимпийн наадмын тухай асуулгүй өнгөрч болохгүй нь. Лондонгийн олимпийн наадмаас эх орныхоо анхны медалийг хүртсэн шүү дээ. Тухайн үеийн мэдрэмжийг эргэн дурсаж болох уу?
-Манай жүдогийн шилдэг тамирчид эхний хоёр өдрийн барилдаанд төдийлөн сайн барилдаагүй нь сэтгэл санааны хувьд хүндхэн байдалд оруулсан байсан. Ямартай ч жингийнхээ тамирчдын судалгааг сайн хийж, өөрийнхөө барилдааны бэлтгэлийг 100 хувь хангасан байсан л даа. Би олимпод очихдоо л өөрийгөө ирлэж том зүйлийг сэтгэлдээ тээж очсон.
–Ямар ч байсан медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байж ээ?
-Эхний гурван байрын нэгэнд өөрийгөө байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Харин алт, мөнгө, хүрэл медалийн аль нь минийх вэ гэдэг л таавар хэвээр байсан юм. Гэхдээ өөрийгөө аварга болно л гэж бодсон. Гэсэн ч хүрэл медаль хүртсэндээ баяртай байлаа. Хийе, бүтээе гэж зорьж явсан ажил аяндаа бүтчихсэн юм л шиг санагдсан.
–Тамирчдын салхийг хагалж медаль хүртсэн болохоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд олон хүн баяр хүргэсэн үү?
-Мэдээж тэнд байсан бүх монголчууд баяртай байсан. Би өөрөө хаана яаж гишгэж яваагаа ч бараг мэдэхгүй шахам байлаа. Тийм болохоор ямар их баярласан нь тодорхой байгаа биз дээ. Тамирчин хүн болсных эх орныхоо нэрийг олимпийн дэвжээнд дуудуулна гэдэг гайхалтай. Намайг барилддаг өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн түшээд ирж үзэцгээсэн. Тэр бүх хүмүүстэй баярын сэтгэгдлээ хуваалцаж, ялангуяа Лондонгийн олимпийн наадмын хүрэл медалиар эх орноо шагнасан гэж өөрийгөө бодохоос омогших сэтгэл төрсөн.
–Олимпоос ирсний дараа барилдаануудынхаа бичлэгийг харав уу. Оросын Мансур Исаевтай барилдсан барилдаан маргаантай болсон доо?
-Тухайн үед барилдаан маш хурдан болоод өнгөрсөн. Дараа нь олимп шүүсэн шүүгчид, Оросын багийн ахлагч, мэргэжилтнүүд надтай уулзсан. Би Оросын дасгалжуулагчид тэр миний оноо байсан гэхэд “Тэр та хоёрын хэний ч оноо биш. Гэхдээ чамайг хүрэл медаль хүртсэнд баяртай байна” гэсэн. Тэр барилдаан дээр ерөнхийдөө оноо байхгүй байсан. Хэрэв оноо өгөхөөр бол надад л өгөх байсан юм. Үүнийг мэргэжилтнүүд ч хэлж байсан. Тэр хожигдол намайг хэсэгтээ шокноос гаргаагүй. Тухайн үед маргаантай барилдаан болсон болохоор би илүү шатаж байсан юм л даа. Намайг хийгээд хожигдуулчихлаа ч гэж бодсон. Тийм болох үед дараагийн барилдаанаа бодох тэнхэлгүй болчихдог юм билээ. Түүнээс болоод хямарч байхад багш нар ирээд “Миний хүү юу ч бодож болохгүй. Одоо хоёр ялаад медаль авна. Чи сайн байгаа” гэсэн. Миний дараагийн өрсөлдөгч АНУ-ын бөх байсан. Ямартай ч өөрийгөө ялагдлын шаталтаас чөлөөлж дараагийн барилдаандаа анхаарал хандуулж чадсан.
–Барилдааны өмнө танд ямар хүн хамгийн үнэтэй зөвлөгөөг өгсөн бэ?
-Тэр үед холбооны ерөнхийлөгч дасгалжуулагч нараас өөр надтай ойрхон байсан хүн байгаагүй. Бусад хүмүүсийг ойртуулах боломжгүй байсан. Х.Баттулга ерөнхийлөгч “Миний дүү сайн байгаа шүү” гэж хэлсэн. Олимпод явахаас өмнө хүртэл Нүхтэд бэлтгэлд гарчихсан байхад Х.Баттулга сайд ирээд “Миний дүү мундаг байгаа шүү. Хичээгээрэй” гэж билээ. Тухайн үед би гартаа гэмтэл авчихаад эдгээгүй байсан юм. Олимпод явах болчихоод байдаг. Гэмтэл эдгэхгүй байсан үед надад тэр үг сэтгэлийн дэм болж байсан юм шүү. Олимпод очсоны дараа ч мөн тэр үгээ хэлээд “Ухаантай барилдаарай” гэхэд нь “Ухаантай барилдаарай гэдэг нь намайг ялаарай” гэж хэлсэн болов уу гэж бодсон. Барилдаануудаа хараад байхад би ухаанаар барилджээ гэж бодогдоод байгаа. Өрсөлдөгч бөхөөсөө илүү барилдаж торгуулж, өөрт эрсдэлгүй мэх хийж барилдсан. Мансур Исаевтай барилдсан шигээ том мэх хийгээд ялагдах шалтгаан гаргахгүйн тулд тактикаар барилдаанаа үргэлжлүүлсэн.
–Та өөрийнхөө бага насны тухай дурсахгүй юу. Олимпийн наадмын хүрэл медальт Ням–Очир багадаа ямархуу хүүхэд байсан нь сонирхол татаж байна?
-Би Увс аймгийн Тэс суманд дөрөвдүгээр ангийн бор хүү гүйж явахдаа жүдо бөхийн секцэнд анх орж байлаа. 60 кг-ын жинд Монгол Улсын шигшээ багийн тамирчин байсан аймгийн арслан Ю.Баттогтох багшийнхаа шавь болсон. Манай багш чинь гавьяат тамирчин Д.Нармандахын бэлтгэл хангагчаар ажиллаж байсан мундаг тамирчин. Багшийг нутагтаа очиж дасгалжуулагч болох үед аав маань “Улаан гуталт клуб” гэж бөхийн клуб нээж билээ. Тэгэхэд би “Улаан гуталт клуб”-т явж эхэлсэн. Тэр үед бидэнд жүдогийн зориулалтын өмсгөл ч гэж байсангүй. Цуу ямбуугаар самбо бөхийн куртик, жүдогийн өмсгөл оёулчихна. Самбо нь ч мэдэгдэхгүй жудо нь ч мэдэгдэхгүй нэг тийм завсрын хувцастай барилддаг байлаа шүү дээ.
–Увсын цэнхэр хязгаараас улсын аваргад амжилт гаргаж эхэлсэн он цаг хэзээнээс эхэлсэн бэ?
-Манайх сумын төвд байдаг хэдий ч тодорхой тооны малтай байлаа. Малаа тэжээж, адгуулахаас эхлээд бүхий л гэрийнхээ ажлыг хийнэ. Хажуугаар нь хичээлдээ явж бэлтгэлдээ цаг заваа зориулна. Тавдугаар ангид байхад нэг өдөр аав намайг бэлтгэл хийхийг хориглоод хагас жил барилдуулаагүй юм. Сүүлд учрыг нь асуутал ядаргаанд орчихсон байсан юм билээ. Ядаргаанд орчихсон би юун бөх болохтой манатай байж л дээ.
Би наймдугаар ангид байхдаа анх улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон медаль хүртэж амжилтын гараа эхэлсэн гэхэд болно. Түүнээс хойш улсын аваргад тогтмол оролцож алтан медаль хүртэн залуучуудын улсын аваргад түрүүлээд 2006 онд шигшээ багт дуудагдсан.
Улсын аваргаас медаль хүртэхэд хөдөө чинь сүр болно шүү дээ. Увс аймгийн 18 сумаас нэг ч хүүхэд ороогүй байхад Тэс сумын Ням-Очир улсын аварга боллоо гээд аймгийн сонин дээр зураг хөрөгтэйгөө гарна. Тэр хэмжээгээрээ өөртөө итгэх итгэл, спортын төлөө гэх хүсэл эрмэлзэл төдий чинээ нэмэгдэж байлаа. Хүмүүст багахан мэт санагдах энэ зүйл намайг ихээхэн хурцалсан. Энэ мэтчилэн миний амжилт тогтмол ахиж ирэх үед аав, ээж хоёр минь хүүгээ дагаад 2005 онд Улаанбаатар хотод нүүж ирсэн. Ирснийхээ дараа залуучуудын Ази тивийн аваргаас медаль хүртэж байсан.
–Бөхийн секцийн бэлтгэл, шигшээ багийн бэлтгэл хоёрын хооронд асар их ялгаа байсан биз?
-Тэгэлгүй яахав. Бэлтгэлийн ачааллаас болоод шантрах үе тохиолдож байсан. Шигшээ багийн бэлтгэл гэдэг үнэхээр чанга. Бэртэл гэмтэлтэй байхад бэлтгэл хийх хэцүү. Бэлтгэлээ хиймээр байдаг гэтэл бие өвдөөд байдаг. Бэлтгэл л хийхгүй бол муу барилдана шүү дээ. Одоо ч гэсэн шантрах үе гардаг л юм. Ямартай ч энэ бүгдийг даван туулах хэрэгтэй. Үүнийг л би тэвчиж даван туулж байж цаана нь байгаа зүйлийн үзүүрээс атгана гэж боддог байлаа.
-2016 оны олимпод зодоглоно биз дээ?
-Мэдээж өөрийнхөө үндсэн жин болох 73 кг-даа барилдана гэсэн бодолтой байна. Энэ жилээс олимпийн цикл эхэлчихлээ. Одоо л олимпийн наадамд оролцох эрхийн оноог цуглуулна даа.
-Гавьяат тамирчин Г.Жамсран, Г.Барсүрэн, Д.Нямхүү гээд таны ойр дотнын хүмүүс бүгд л бөхийн замналаар амьдарсан. Тийм болохоор таныг бөх болоход хамгийн их түлхэц үзүүлсэн хүмүүс мөн биз. Д.Нямхүү 81 кгын жинд Бээжингийн олимпийн хүрэл медалийн төлөө барилдан ялагдаж байсан болохоор ахын тань авч чадаагүй медаль таныг хурцалсан уу?
-Намайг их спортын тамирчин болоход ах нар л хамгийн их нөлөө үзүүлсэн. Монгол бөх удам дагадаг гэж ярьдаг. Би яах аргагүй бөхийн удамтай л даа. Ялангуяа жингийн спортод манай ах дүүс мундаг шүү дээ. Жамсран, Баатарсүрэн, Барсүрэн, Нямхүү гээд л энэ хүмүүсийнхээ нөөлгөөр спортод орохгүй байхын арга байгаагүй. Одоо манай ахын хүүхдүүд сайхан барилдаад эхэлчихлээ. Манай ээжийн дүүтэй гэр бүл болсон Дэмчиг ахын хүүхэд өсвөр үед барилдаж байгаа. Мөн Барсүрэн ахын хүүхэд гэхэд л сая жүдогийн залуучуудын улсын аварга болчих жишээтэй. Дүү нарыг сайн барилдах байх гэж бодож байна. Намайг улсын аваргад оролцох гээд ирэхэд Барсүрэн ах “Алдар”-ынхаа зааланд аваачиж бэлтгэл хийлгэдэг байлаа. “Улаан гуталт клуб”-ийнхэн бүгд нас ойролцоо байсан юм. 2005 онд бид Улаанбаатарт ирж тэднийг хаая, хүүе гэх хүн байхгүй болохоор ахын клубийг барааддаг байсан юм. Тухайн үед “Жигүүр гранд” гээд тэмцээн болоход надтай хамт Увсаас ирсэн найзуудтайгаа нэг баг болж ороод түрүүлж байсан.
–Багадаа барилдахын хажуугаар юунд сонирхолтой байсан бэ?
-Би моринд их дуртай. Манайд ганц хоёр уралддаг морь байлаа. Аав тухайн үед сургуулийн захирлын алба хашдаг байсан тул өөрөө морь малтай ойр байж чаддаггүй байсан. Би жижигхэн биетэй хүүхэд байсан тул тав, зургадугаар ангидаа их насны морио өөрөө уяад бас болоогүй унаад уралдчихна. Тэр үед миний морь уяна ч гэж юу байхав. Уяачдыг дагаж л наадмын өмнө хэд хоног уяад уралдана. Сумын болон овооны наадамд айрагт давхиж байсан түүх бий. Би сумын төвд байхдаа өвөл, зунгүй л морин дэл дээр дарцаглаж явдаг хүүхэд байсан юм.
–Та Орхон аймгийн баяр наадмаар аймгийн начин цол хүртэж байсан. Үндэсний бөхөөр барилдаж байна уу?
-Одоогоор үндэсний бөхийн бэлтгэл хийгээгүй. Би наймдугаар ангидаа Увс аймгийн наадамд дөрөв давж тавын даваанд унаж байсан. Яахав хөдөө бөх ховор болохоор хааяа нэг овооны наадамд түрүүлж, үзүүрлэдэг л байлаа. Үндэсний бөхөөр аймгийн цол авчих юмсан гэж бодно. 2010 онд Орхон аймгийн баяр наадамд тав даваад зургаагийн даваанд одоогийн улсын начин Амарзаяатай тунаад унаж байсан. Үндэсний бөхөөр дагнаж бэлтгэл хийхгүй. Их спортынхоо бэлтгэлд л цаг заваа гаргая гэсэн бодолтой байгаа.
–Олимпийн наадмын хүрэл медалийн тавцан дээр тантай хамт зогссон Францын жүдоч Уго Легранд ирсэн байсан. Уулзаж амжив уу?
-Уулзсан. Бид хоёр эртний найзууд байгаа юм. Монголд анх бэлтгэл хийгээд дараа нь Хятадад болсон Гран прид түрүүлсэн. Тэр ондоо дэлхийн аваргаас медаль хүртсэн. Ноднин мөн манай оронд бэлтгэл хийгээд Лондонгийн олимпоос хүрэл медаль авсан болохоор Монголд их элэгтэй, ирэх ч дуртай болсон юм билээ. Сая уулзахад Уго “Манай Францад ирж бэлтгэл хийгээрэй” гэж байна лээ. Уго Леграндын аав нь Францдаа жүдогийн клубтэй. Манайхан 2011 онд клуб дээр нь очиж бэлтгэл хийж байсан.
Уго Монголд элэгтэй байдаг гэдэг нь олон зүйлээс анзаарагддаг. Францын шигшээ баг Бразилд бэлтгэлд гарчихаад байхад клубийнхээ хоёр тамирчныг аваад эх оронд минь ирсэн. Монгол их энергитэй, тэнд очихоороо амжилт гаргадаг гэж боддог юм шиг байна лээ.
–Таны гэргий П.Лхамдэгд мөн л жүдогийн шигшээ багийн тамирчин. Хоёр тамирчин бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд гэртээ анхаарал хандуулж чадаж байна уу?
-Залуу хүмүүс болохоор аль, алийг нь зохицуулах гэж хичээдэг. Бид хоёр их спортын гэр бүлд багтаж яваа болохоор өөр өөрсдийнхөө хүрч болох тэр оргилд хүрмээр байна. П.Лхамдэгд маань одоо бие давхар болсон. Удахгүй бид үрийн зулай үнэрлэх гэж байгаа. Гэргий маань ямартай ч нэг жил дэвжээн дээрээ гарч чадахгүй байх аа. Хэдий хоёулаа тамирчин ч гэсэн ар гэрийн ажлаа амжуулж, гэр бүлээ зохицуулахгүй бол залуу нас мөнх биш шүү дээ.
–П.Лхамдэгд та хоёр хэзээнээс нэг гэрт орсон юм бэ?
-2005 онд манай гэр Увсаас нүүж ирсэн. 2006 оны өвлөөс бид хоёр нэг гэрт орж 2008 он хүртэл Центрпойнтын хажууханд нэг өрөө байр хөлсөлж амьдарсан. Өглөө бэлтгэлээ хийх гээд спортын ордон руу хамтдаа алхаад орой бэлтгэлээ тараад алхаж хариад хоолоо хийж идчихээд амардаг байсан. Өдөржин хамтдаа бэлтгэл хийдэг байсан болохоор бид хоёр биенээ ойлгоход амар байсан.
Түүний дараа 2009 онд циркийн хажууд хоёр өрөө байр авч тусдаа гарсан даа. Тамирчин болох хүсэлдээ хөтлөгдөж явсан намайг бурхан харж спортын алдартнуудын эгнээнд орж, олимпийн медальтан болсон болов уу гэж боддог.
–Таныг 2006 онд шигшээ багт ороход цалин хэдийг авч байсан бэ?
-Анх шигшээ багт ороод 200 гаруй мянган төгрөгийн цалин авч байсан. Сая нэмэгдээд 350 мянган төгрөг болсон гэсэн. Тушаал нь гараад удаагүй болохоор цалингаа бүтнээр нь авч үзээгүй л байна. Энэ сарын сүүлээр л мэдэгдэх байх.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох болсон. Энэ нь мэдээж тамирчдын хувьд их тустай зүйл болж байгаа.
П.Лхамдэгд бид хоёр шигшээ багийн цалингаа авч, клубээсээ мөн цалинждаг байсан. Нэгдүгээр сараас Ерөнхийлөгчийнхөө нэрэмжит цалинг аваад эхэлсэн. Бид овойж оцойтлоо мөнгөтэй болоогүй ч амьдралд хүрэлцэж байна. Миний хувьд цалингаа нэмүүлэх боломжтой. Цаашид дэлхий, олимпийн наадмаас медаль хүртэхэд ганц би ч биш бусад олон тамирчдын орлого нэмэгдэнэ. Сайхан амьдрах үгүй нь тамирчид бидний гарт байгаа. Ерөнхийлөгчийн нэрэмжит цалин олгох болсноор тамирчдын өмнө зорилго бий болсон. Оюутан болоод хичээлээ хийх үү, бэлтгэлээ хийх үү гэсэн хамгийн том шалгуур тамирчдын өмнө тулгардаг. Бэлтгэл хийгээд би амжилт гаргах уу, гаргалаа гэхэд ямар түвшинд хүрэх нь эргэлзээтэй байлаа. Яахав нэг дэлхийн аварга боллоо гэхэд гэр бүлээ авч явах үүрэг байж л байх байсан. Мэдээж, ажил хийх шаардлага тулгарна. Тэр үед хийх ажил олдохгүй. Ажил хийхгүй болохоор цалингүй, цалингүй болохоор наад зах нь олигтой хоол унд идэж чаддаггүй тул амжилт гаргахаа байчихдаг. Тэр үед олимп, дэлхийн аварга болох хүсэл нь бөхчихдөг юм. Надад ч ийм зүйл тохиолдож л байсан. Хоол ундгүй бэлтгэлээ хийгээд хичээлдээ явна гээд хэцүү. Энэ зарлиг гарснаар ямар ч хүнд боломж нээлттэй болчихсон. Ямар ч хүнд бурхнаас адилхан л эд эрхтэн заяасан. Хэн чадаж байна тэр хүн бэлтгэл сургуулилтаа хийгээд сайхан амьдарч чадах болж байна.
–Та хэр сайн гэрийн эзэн бэ?
-Сайндаа орохгүй байх аа. Хоол ундаа бол хийчихдэг юм. Тамирчин хүн болохоор хүмүүс шиг тэр бүр гэрийн ажилд оролцоод байж чаддаггүй. Гэргий маань намайг гэрийн ажилд оролцуулаад байх хүн биш.
–Таны барилдааны онцлогийн тухай ярилцъя. Барилдааныг тань хөндлөнгөөс харж байхад хурдтай, тэсрэлттэй мэх хийж байгаа харагддаг?
-Миний хувьд том үнэлгээ авах мэх хийж барилддаг. Том үнэлгээ авах мэх хийнэ гэдэг том эрсдэл дагуулдаг. Түүнээсээ болоод хожигдчих гээд байдаг талтай. Энэ миний барилдааны онцлог юм шиг байна лээ. Сүүлийн үед ухаан гаргаж жижиг зүйлээр хождог болсон.
–Манайхан цол дагаж бяр нэмдэг гэж ярьдаг. Таны хувьд олимпийн наадмаас хүрэл медаль хүртээд гавьяат тамирчин болсон. Бяр мэдрэгдэж байна уу?
-Цол дагаж бяр нэмдэг гэдэг үнэн байх. Гэхдээ надад анзаарагдсан зүйл алга л байна. Би өөрийнхөөрөө л барилддаг. Одоогоор тэмцээн уралдаанд ороогүй байгаа болохоор тэгтэл сүрхий мэдрэгдэхгүй байнаа. Тэмцээнүүдэд оролцоод эхлэхээр аяндаа мэдрэгдэнэ биз дээ.
–Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Одоогоор чөлөөт цаг гарвал амарч байна. Формдоо орохын тулд зарим өдөр өдөрт гурван удаа бэлтгэл хийж байгаа. Чөлөөт цагаараа гэр бүлдээ цаг гаргаж салхинд гарах дуртай. Ер нь бол хөдөө явах дуртай.
–Хөдөө гэснээс олимпийн өмнө нутагтаа очиж өөрийгөө даатгасан гэсэн байх аа?
-Би жил бүр дэлхийн аваргад явахынхаа өмнө нутагтаа очиж нуурынхаа усанд орж сан тавьчихаад ирдэг. Аавынхаа нутгаар мөн орно. Тэр жишгээрээ олимпийн өмнө уул, усандаа мөргөчихөөд явсан даа.
Э.ЭНХБОЛД