ШИНЭН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалаас сонгуулийн бүсчилсэн тойргийн талаар тодрууллаа.
-Сонгуулийн тойргийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аас бүсчилсэн томсгосон байдлаар баталлаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-УИХ-ын дарга Г.Занданшатар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулж энэхүү тойргийг тогтоосон гэж уг нь мэдэгдсэн. Энэ асуудал эхэндээ бүсчилсэн, төсөв хуваарилалт, орон нутгийн хөгжил гэж хэлсэн. Гэвч яг ийм зүйл байсангүй ээ. Эрх барьж байгаа нам, одоо Их хуралд байгаа 76 гишүүний нэр хүнд унасантай холбоотойгоор өөрсдийгөө дахин сонгуулах зүйлийг хийлээ. Нэг үгээр ард түмэн Их хурлыг сонгох бус өөрсдийгөө сонгуулах хуулийг баталлаа гэж харж байна. Энэ бүхнийг тодорхой жишээнүүдээс харж болно. Өөрсдөө бүсчилсэн хөгжил гэж ярьсан хэрнээ, хууль батлахдаа өөр зүйл хийсэн байна. Тухайлбал, БаянӨлгий аймгийн асуудал байна.
-Баян-Өлгий аймгийг тусдаа тойрог болгосон асуудалд нийгэм хоёр талтай хандаж байна?
-Уг нь Баян-Өлгий аймгийг баруун таван аймгийн нэг гэдгээр нь авч үзэх ёстой. Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан зэрэг аймгууд нэг бүс болох ёстой юм.
Гэтэл МАН Баян-Өлгий аймгаас дангаараа сонгогддог, илүү дэмжлэг авдаг гэдэг үндэслэлээр тус аймгийг тусдаа нэг тойрог болгосон. Энэ чинь бүсчилсэн хөгжлийнх нь үзэл баримтлал мөн юм уу. Эсвэл Монгол Улсын тусдаа нэг бүс нь Баян-Өлгий гэж хэлээд байгаа юм уу. Үүн дээр УИХын дарга Г.Занданшатар даргын хэлж байгаа, хийж байгаа хоёр нь зөрөөд байна. Хоёрдугаарт, дээр миний хэлсэн аймгуудын дөрвийг нь нэг тойрог болгосон. Өөрөөр хэлбэл үүнээс үүдэн МАНАН чинь дахин Их хуралд орж ирэх магадлалыг ихэсгэж байна. Мөн говийн бүсийн аймгуудад ч гэсэн одоо ямар ч нэр нүүргүй болсон нөхөд дахин сонгогдохын тулд ийм байдлыг зурагласан. Монголын баялгаар баяжсан Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, “Ажнай” гэгддэг Д.Бат-Эрдэнэ нарын хүмүүст говийн бүсийг өгсөн.
-Бүсчилсэн тойргийн мандатын хувьд та юу хэлэх вэ?
-Мандатынхаа тоо, хэмжээг хуваарилахдаа маш их алдаа гаргасан. Тухайлбал, хотын дүүргүүдийг аваад үзье. Уг нь хот чинь бүсчилсэн хөгжил гээд яриад байдаг. Гэтэл заримыг нь нэгтгээд, заримыг нь үл ойлгогдох байдалд үлдээчихсэн. Баянзүрх дүүрэг гэхэд л 300 мянга гаруй сонгогчтой хэрнээ 3-4 мандат л өгдөг. Уг нь бол 5-6 мандат өгөх ёстой тойрог. Гэвч эрх баригчид тус дүүрэгт муу ажилласан, сонгогдох магадлал муу учраас ингэж хандаж байгаа юм. Харин эсрэгээрээ 200 гаруй мянган сонгогчтой Сонгинохайрхан дүүрэгт МАН байнга сонгогдож байсан учраас таван мандат өгчихсөн. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө сонгогдох магадлалтай газарт олон мандат өгч, ард түмний сонгох эрх, төлөөллийн зарчим зэргийг уландаа гишгэж байна. Мөн Чингэлтэй, Сүхбаатар гэсэн хоёр дүүргийг МАН-ын нэр хүнд муу гэсэн шалтгаанаар нэгтгэж таван мандаттай болгосон. Уг нь тус бүр нь 100 гаруй мянган сонгогчтой, гурав хүртэлх мандаттай том дүүрэг шүү дээ. Ингээд эрх баригчид нэг мандатыг нь хулгайлчихаж байгаа юм.
-Алслагдсан дүүргүүдийн хувьд асуудал ямар байна вэ?
-Налайх, Багахангай, Багануурыг С.Амарсайхан нарын хүмүүс тусад нь нэг тойрог болгоод өмчлөөд авчихаж байгаа юм. Ийм улстөрчид өөрийн тойргоо зурдаг тогтолцоог эрх баригчид хийчихлээ. Биднийг нүүрсний хулгай ярьж, сошиалд тэмцэлдэж байх хооронд тэд ард түмний төр барих эрхийг хуулийн аргаар энэ бүхнийг хулгайлсан гэж харж байна. Ард түмний зарим нь ойлгох манатай л амьдарч байна шүү дээ. Тийм учраас бүсчилсэн томсгосон тойрог бол төрийн эрхийг авах гэсэн хуулийн хулгай гэж харж байгаа.
-Бүсчилсэн тойрог нь тэгвэл хэнд ашигтай юм бэ?
-Шинэ, залуу улстөрчдөд маш халгаатай зүйл. Урьд нь сайд, Их хурлын гишүүн хийж байсан, эсхүл олигарх хүмүүст л ашигтай. Нэг үгээр бол МАНАН-ын хүмүүс ирэх дөрвөн жилд төрийн эрх барих хуулиа Нүүрсний хулгайн асуудлын ард чимээгүйхэн баталчихсан. Гэтэл үүнийг эсэргүүцэх ёстой сөрөг хүчин болсон АН-ын дарга нь өөрөө жагсаалтаар сонгогдчихвол бусад нь хамаагүй гэсэн байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна. Их хуралд суудалгүй намуудаас санал, хүсэлтийг нь асуулгүйгээр ийм тойргийн системийг зурцгаасан. Тийм болохоор ирэх оны сонгуульд ард түмэн маань ухаантай, эв нэгдэлтэй, хэрсүү байхгүй бол хуулийн аргаар та бидний саналыг хулгайлахаар хуулиа баталсан. Өнгөрсөн сонгуулиар нийт сонгогчдын 40 орчим хувийн санал авсан МАН УИХ-д дийлэнх олонх болсон. Тэгвэл одоогийн энэ зураглалаас нь харвал нийт сонгогчийн 30 хувийн дэмжлэг авахад л төрийн эрхийг барих хуулийн хулгайг хийчихсэн гэж хардаж дүгнэхээр байна.