Categories
мэдээ спорт

DIVISION-1 FINAL FOUR эхлэхэд хэдхэн хоног үлдлээ

Монголын бүх их дээд сургуулиудаас бүхий л ур чадвараараа илүү байж шалгарсан 4 багийн ГАЛЗУУ ГАНЦ тоглолт 2025.04.28-нд М БАНК АРЕНА-д болох гэж байна.

Сүр дуулиант 2024-2025 оны Оюутны сагсан бөмбөгийн лигийн аварга тодрох хугацаа ойртсоор байна.

Хамгийн олон үнэнч хөгжөөн дэмжигч, үзэгчдийн ордон доргиосон дуу хоолой талбайд гарсан тамирчдын цөсийг хөөргөж, билэг оюуныг нь тэлэх учиртай.

Самбартаа эзэрхийлэгч олон залуусын зүрхэнд нь цус хуруулагч BLOCK мангасуудын халз тулааныг.

Эцсийн мөчид багийн аврал, эгзэгтэй үеийн онооны лидер багийн мэргэн буучдын өрсөлдөөнийг.

No look pass, чихэр шиг дамжуулалт, хорыг хутгагч, тоглолтын амин зүрх болсон удирдаачдын гоёмсог дамжуулалтыг.

Залуу насны уур омог, хурд тэсрэлтийн гайхамшиг, төгс сэтгэмжийн тулаан SLAM DUNK

Олон олон комбинаци, довтолгоо, хамгаалалтын ур ухаан, агшин зуурыг шийдвэрлэх time out, сэлгээ, талбай дээрх шатрын хөлгийг удирдагч Дасгалжуулагчдын ур ухааны тулааныг бид хүлээн авахад хэдхэн хоног үлдлээ.

М БАНК АРЕНАД FINAL FOUR галзуу ганц тоглолтоор уулзацгаая.

Тэдэнд 2 дахь боломж гэж үгүй зөвхөн АВАРГЫН ТӨЛӨӨ өрсөлдөнө.

  • Ерөнхий ивээн тэтгэгч: Red Bull Mongolia
  • Ивээн тэтгэгч: Бодь Даатгал – Bodi Insurance
  • Хамтран ажиллагч: OUP, Khan Bank Naadam club, Ubrand, Premier Sports Network, Sneak Peek Media Agency, TG sports
  • Мэдээллийн хамтрагч: Өдрийн Сонин
Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг энэ сарын 10-ны өдөр буулгаж дууссан.

Байршил дээр нь Дунд голын үерийн хамгаалалтын даланг 180 метрт шинээр барих, 100 метрт нөхөн сэргээх ажлыг хийж байна.

Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Тухайн байршилд зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц гарц 40 метр өргөн бөгөөд Дунд голын усыг гурван бетонон хоолойгоор урсгаж, голын голдирлыг өөрчилсөн байсан. Ингэснээрээ “Алтай хотхон” болон Дунд голын хоёр талаар үер болох эрсдэлийг нэмэгдүүлсэн.  Бид гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гүүрэн байгууламжийг 14 хоногийн дотор бүрэн буулгаж, үргэлжлүүлэн даланг хавтанжуулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар дээд шүд, хавтан хоорондын заадас цутгах ажил үргэлжлээд явж байна” гэв.

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж ГУББГ-аас Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Баруун уул, Толгойт, Намгийн сувагт цэвэрлэгээ хийж байна. Мөн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт төлөвлөгөөт шугамын лаг цэвэрлэгээг хийж байна.

ГУББГ-аас өвлийн халиа тошингийн үед цас, мөс зөөж тээвэрлэн гүүрэн байгууламжуудын гарцыг сайжруулсан. Ингэснээр шар усны үерээс сэргийлж, ус нэвтрүүлэх чадамж дээшилж, иргэдийг аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлж байгааг албаныхан онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 61.2 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 138 дуудлага хүлээн авчээ гэж АТГ-аас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн Зэрэг суманд 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Буурал” гэдэг газар өчигдөр  04.16-ны өдрийн 17:24 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 17:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

 

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Шар хоолойн аманд гарсан түймрийн улмаас 12 га талбай шатжээ

Баянзүрх дүүргийн 33 дугаар хороонд Шар хоолойн аманд шар өвс шатаж уулын мод руу тархаж ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 13:15 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, дүүргийн мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд ажиллаж ойн гал түймрийг дөрөвдүгээр сарын 16-ны 16:45 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 12 га талбай шар өвс, зургаан га ойн сан бүхий газар түймэрт өртжээ. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн саванд хийх, хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 9.1 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2025 оны гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцуулсан байна. Энэ оны гуравдугаар сард хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна. Үүнд:

Хүнсний барааны бүлгийн үнэ 8.2 хувь

Хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.5 хувь

Барааны бүлгийн нийт үнэ 6.7 хувь

Үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувь тус тус өссөн нь нөлөөлжээ.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оныхоос 315.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Нийгмийн даатгалын сан /НДС/-гийн орлого 2025 оны эхний улиралд 1 573.5 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 315.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Тус сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 259.4 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 23.6 тэрбум төгрөгөөр нөлөөлсөн байна.

Сангийн зарлага энэ оны эхний улиралд 1443.2 тэрбум төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 326.9 тэрбум төгрөгөөр өсөхөд,  тэтгэврийн даатгалын сангийн зарлага 278.8 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 26.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.

Тэтгэврийн даатгалын сангаас эхний улиралд 513.8 мянган хүнд 1.3 их наяд тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс тэтгэвэр авагчид 13.2 мянгаар, олгосон тэтгэврийн хэмжээ 279.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Уг сангаас тэтгэвэр авагчдын 79.2 хувь нь өндөр настны, 12.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4 хувь нь тэжээгчээ алдсаны, 4.3 хувь нь цэргийн тэтгэвэр авагч байна. Тэтгэмжийн даатгалын сангаас оны эхний улиралд 47.7 мянган хүнд 117.4 тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс тэтгэмж авагчид 17.3 мянган хүнээр, олгосон тэтгэмж 46.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг оны эхний улирлын байдлаар 13.3 мянган хүнд 51.5 тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.6 мянган хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 19.2 тэрбум төгрөгөөр их байна.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд оны эхний улирлын байдлаар 2.2 сая хүнд 643.6 тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс хамрагдсан хүн 102 мянгаар буурчээ. Харин олгосон тэтгэвэр, тэтгэмж 60.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийгмийн халамжид хамрагдсан хүний 59.2 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж, 7.1 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тусламж хөнгөлөлт, 6 хувийг нийгмийн халамжийн тэтгэмж, 3.9 хувийг нийгмийн халамж, хөгжлийн үйлчилгээ, 2.6 хувийг тэтгэвэр, 21.2 хувийг бусад үйлчилгээ эзэлжээ хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“И-баримт аппликэйшн засвартай байгаа, хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна” гэв

НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс хойш нэвтрэх боломжгүй болсон.

Иймд “даатгуулагч иргэн та E-Mongolia аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлнө үү. “Ebarimt” системийн үйл ажиллагаа хэвийн болсон даруйд эргэн мэдэгдэх болно” гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэв.

Харин Татварын нэгдсэн лавлах “Гэмтэл гарсан тул засвар хийгдэж байгаа. Хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна” гэжээ

Categories
мэдээ улс-төр

АҮББХ: “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны  (2025.04.16)-ийн хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.

Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь … гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй.” гэсэн заалт орсон байна. Уг 15.7.8-д “Антре гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/, улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” талаар заасныг тодорхой дурдав. Мөн тэрбээр, гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан талаар танилцууллаа.

Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д дурдагдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Антре (“Онтрэ”) ХХК-д 2001 оны дөрөвдүгээр сарын 03-нд олгосон бөгөөд хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь хамаарч байна.

Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд 2004 онд буюу Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо “Ашиг хуваах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр Онтрегийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд Туркойз хилл ресурс компани 35.0 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70.0 болон 30.0 хувь, 560 метрээс доош бол 80.0 болон 20.0 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ Туркойз хилл ресурс компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, Онтрегийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Оюутолгой ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн Онтре гоулд компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн байна. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг Оюутолгой ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны 12 дугаар 19-ний өдөр гаргаад байгаа юм. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон байна.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч долоо хоногийн (2025.04.09) хуралдаанаараа стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулаад байна. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтре” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Тусгай зөвшөөрлүүдийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх…” шаардлагыг хангуулах нь чухал байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэлдээ онцлов.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах байр суурьтай байгаа эсэх, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан эсэх асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл “Онтре” ХХК-ийн лицензүүдийг Оюутолгой ХХК-д шилжүүлэхгүйгээр шинээр гэрээ байгуулж болох эсэхийг асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан мөн энэ асуултыг тавьсан юм. Тэрбээр Оюутолгой төслийн хэрэгжилтэд хийсэн аудитын нууц тайланд Монгол Улс 2034 оноос бүү хэл хэзээ ч ноогдол ашиг авахгүйг дурдсан тухай мэдээлээд, “Онтре” ХХК-ийн 34.0 хувийг эзэмшиж, Үндэсний баялгийн санд шилжүүлэх талаар Засгийн газраас ямар алхам хийж байгааг асууж тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын хилийн заагийг тогтоосон нь маргаан дагуулах эсэх, Оюутолгой ХХК-аас ашиг авч чадахгүй байгаа хэрнээ нэмж “Онтре” ХХК-ийн лизензийг шилжүүлэх нь зөв эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн хэлэлцэж буй асуудлыг Засгийн газар мэдэж байсан эсэх, хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгосон шийдвэрт Засгийн газар яагаад хяналт тавиагүй талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Оюутолгой төслийн гэрээ байгуулагдаж байх үед энэ асуудлыг нууцалсан эсэх, эдгээр лицензийн асуудлыг шийдвэрлэхдээ Оюутолгойн гэрээ шиг зүйл болгохгүй байх зэрэг асуудлыг хөндөж асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Онтре” ХХК-ийн лизензүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдохгүй гэдэг дээр хатуу зогсох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох үүднээс Оюутолгой ХХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах шаардлагатай гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар энэ асуудлаар Засгийн газар олон улсын хөндлөнгийн бие даасан шинжээчийн дүгнэлт гаргуулсан эсэх, ашгийн дийлэнхийг Монголын ард түмэн эзэмших талаарх Үндсэн хуулийн заалтыг хэрхэн хангах, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд гэрээ байгуулж байх үед Оюутолгойн нөөц тогтоогдсон байсан эсэх, лицензүүдээр ямар эрх олгогдож байгаа болон Онтре ХХК-тай байгуулах гэрээнд Монголын тал санхүүгийн хариуцлага хүлээхгүй талаар тодорхой тусгах эсэхийг асуув. Тэрбээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Онтре ХХК-ийн эзэмшиж байгаа талбайнууд хамаарахгүй биз дээ гэсэн тов тодорхой асуулт тавихад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хамаарахгүй гэсэн хариулт өгөв. Засгийн газар Онтре ХХК-ийн лицензүүдийн асуудлаар шинээр сайн гэрээ байгуулж алдаагаа засах алтан боломж олдож байна хэмээн Байнгын хорооны дарга онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариултдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Оюутолгойн гүний уурхайн туннелийн байгууламж Онтре ХХК-ийн лицензтэй талбайн хилд тулаад ирчихсэн тул асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, Оюутолгой ХХК болон Рио Тинто компаниуд энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол гүний уурхайн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, чиглэлийг өөрчлөхөд хүрэх бөгөөд ингэснээр Монгол Улсын өгөөж хүртэх хугацаа улам хойшилно гэсэн асуудал тавьж байгааг мэдээлэв. Засгийн газар стратегийн ордуудын хил хязгаарыг бүрэн тогтоож дууссан гэдгийг тэрбээр хэлж, Оюутолгойн бүлэг ордод Онтре ХХК-ийн лицензтэй талбайг хамааруулсны дагуу тус компанийн 34.0 хувийг тогтоох асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал хариуцан ажиллаж байгааг танилцууллаа. Гэхдээ үүнийг бие даан шийдэрлэх эрх Засгийн газарт байхгүй тул Улсын Их Хуралд ойрын хугацаанд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ гэсэн юм.

Мөн Оюутолгой ХХК болон Онтре ХХК-ийн лизензтэй талбайнуудад байгаа хүдрийн биет нь нэг цул бөгөөд доороос нь блоклон унагах технологиор олборлож буй тул хүдэр лицензийн хил хязгаараар зааглагдахгүй бүтнээрээ унана гэсэн тайлбарыг сайд нарийвчлан хийж, Жавхлант орд бол Хойд Хюго ордын, Шивээ толгой орд Херуга ордын үргэлжлэл учир салгаж ойлгох боломжгүй гэлээ. Улсын Их Хурал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) шийдвэр гаргаж, лицензүүдийг шилжүүлнэ гэдгийг тэрбээр хэлж, Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниудын харилцан тохиролцсон 80, 20 хувь гэх харьцааны тухайд Оюутолгой ХХК-д ноогдох 80.0 хувийн 34.0 хувь нь одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Монголын талд ирнэ, харин Онтре ХХК-д оногдох 20.0 хувийн 34.0 хувийг авах уу, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ)-өөр орлуулах уу гэдгийг Улсын Их Хурал шийдвэрлэснээр Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай гэлээ. Мөн Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд тухайн үед нэгэн зэрэг шахам хайгуулын лицензүүдээ авсан талаар Ц.Туваан сайд дурдаж, улмаар ашиглалтын лиценз болгосон зэрэг үйл явц тухай тухайн үеийнхээ хууль, журмын дагуу явагдсан гэдгийг тайлбарласан юм.

Хэлэлцэж буй асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариулт өгсний дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга: Рио Тинто компани 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд дурдагдсан учраас Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд тус гэрээнд хамрагдана гэж үзэж байгаа юм байна. Тэгээд Улсын Их Хурлаар оруулахгүй байх байр сууриа илэрхийлсэн боловч манай Засгийн газар Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоосноор энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлэхээр болсон байна. Тэр үед асуудлыг тодорхой ярилцах боломж бүрдэнэ гэж бодож байна. Нэг зүйлийг хэрэг болгож хэлэхэд, олон улсын арбитр дээр очиж, шийдэрлэгдэж байгаа манай улстай холбоотой бүхий л хэргүүд уул уурхайн төслүүдтэй холбоотой байгаа юм. Энэ бол маш харамсалтай зүйл. Тэгэхээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Ашигт малтмалын тухай хуулиа яаж сайжруулах шаардлагатай вэ гэдэг дээр салбарын яам идэвхтэй ажиллана байх гэж найдаж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Замира: Стратегийн ач холбогдол бүхий ордын 34.0 хувийг эзэмших асуудлаа шийдэхээс бусдаар аж ахуйн нэгжүүдийн дотоод асуудалд улс оролцох ёсгүй. Үлдсэн 66 хувиа 80, 20-оор хуваана уу, яаж шийднэ тэдний дотоод асуудал байх учиртай. Үүнийг тодорхой хуульчилж, цэгцэлж авах нь зүйтэй.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан: Бид өмнө нь алдаа хийж байсан, дахин давтах вий. Өнөөдөр гэхэд л Уул уурхайн биржийн тухай хуулиа дахин засаад сууж байна. Тухайн үед 40 их наядын луйвар гарлаа, нүүрсний хулгайчдыг бөөн бөөнөөр нь баривчиллаа, мундаг хууль гарлаа гээд л явсан. Монгол, Францын хамтарсан ураны гэрээг бас магтаж, Засгийн газар урагшаа том алхлаа гэсэн. Одоо энэ Оюутолгойгоос том ордынхоо хувийг АМНАТТ-өөр орлууллаа, барилаа гээд бүрээ бөмбөр нүдээд давхичих вий дээ. Юмыг сайн шалгаж, ул суурьтай нягталмаар байна. Энэ Онтре ХХК-гийн асуудлыг Оюутолгойн гэрээний хэрэгжилттэй хамтруулан шалгах ажлын хэсэг байгуулъя гэсэн санал оруулж байна. Тэгэхгүй бол энэ гэрээг зүгээр нэг ПиАр болгоод явчих вий гэсэн айдас байна. Эдийн засгийн байдал хүндрэхээр, эсвэл улс төрийн нөхцөл байдал хүндрэхээр нэг томхон юмыг оруулж ирээд гялалзтал аваад явдаг, түүнийгээ улс орны хэмжээний гайхамшигтай ажил гэж сурталчилдаг явдлаас айж, болгоомжилж байна.

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн: Байнгын хорооноос энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргах ёстой гэж үзэж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг анх Монгол газар ХХК-д олгосон нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Шивээ толгой, Жавхлант гэх нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон шийдвэр Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө гарсан уу, хойно гарсан уу гэдгийг тодруулж, мөн хуулийн дагуу шийдэгдсэн эсэхийг нягтлах, ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүртэлх найман жилийн хугацаанд Онтре ХХК хайгуул хийсэн эсэхийг хянах шаардлагатай. Тухайн хоёр аж ахуйн нэгж хоорондоо “Ашиг хуваах гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн үү гэдгийг нягтлах шаардлага мөн байна. Оюутолгой ХХК зэргэлдээ байгаа компанийхаа лицензийг түүгээрээ тохиролцож шилжүүлж аваад өмнө байгуулсан гэрээнийхээ үйлчлэлд дур мэдэн хамруулчихаж болох юм уу? Тусгай зөвшөөрөл, лицензийнхээ асуудлыг Монголын төр мэдэх юм уу, үгүй юм уу? Бусад стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордуудын эргэн тойронд ийм зөрчлүүд байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, олон нийтийн мэдэх эрхийг хангамаар байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат: Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангаж байгаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хамт олон, бодлогын асуудлыг танилцуулж байгаа Ц.Туваан сайдад талархал илэрхийлье. Уул уурхайн салбарыг ойлгохгүй, уурхайчид яаж ажилладаг, олборлолт хэрхэн явагддагийг мэдэхгүй хэрнээ улс төржих нь хортой. Энэ асуудалд Монгол Улсынхаа эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой шүү гэдгийг салбарын яам, мэргэжилтнүүддээ захья. Монгол Улс хуулийн дагуу Онтре ХХК-ийн лицензийн 100 хувиас 34 хувиа авна. Нэг бол өсөн нэмэгдэх АМНАТТ-өөр орлуулж, шууд татвар, төлбөрөө авна гэсэн байр суурь дээр хатуу байх ёстой. Улс төрийн сэдэв болгож болохгүй.

Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга: Оюутолгойн гэрээ байгуулагдаж байх үед Онтре ХХК тухайн лицензийн талбай дээрээ хайгуул хийгээгүй байсан гэж танилцуулж байна. Тэгэхээр Онтре ХХК ямар ч зардал гаргахгүй байж байгаад баялгийн 20.0 хувийн ашгийг авах хэлцэл явсан байна. Үүнийг нэлээн нарийн авч үзэж, бүх асуудлыг цоо шинээр, 100 хувиар эдгээр лиценз дээр эхлүүлэх боломж байна гэж харж байна. Энэ нөхцөл байдлыг нарийн дүгнэж, Засгийн газар ухаанаа уралдуулж ажиллаасай гэж хүсэж байна.

Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал: Арбитрын шүүхийн шийдвэр гарсан. Энэ цаг хугацаанд Монголын тал цаг алдалгүй хувь хэмжээг хэрхэх вэ гэдгээ ойлгомжтой болгох ёстой. Монголын тал асуудлаа шийдсэнээр оролцогч бүх талуудын олон жил ужгирч, эрсдэлд тооцогдож байсан асуудлууд нэг мөсөн шийдэгдээд явах боломж бүрдэх юм. Тийм учраас бид асуудлаа шийдчихвэл гурван талын харилцаа маш ойлгомжтой болоод, цааш харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломж нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Асуудлыг Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульдаа нийцүүлэн иж бүрнээр шийдчихмээр байна. Оюутолгой ХХК-ийн татварын маргааныг ч мөн цогцоор нь шийдээд урагшилмаар байна. Энэ татварын маргаанаар бид 1.3 их наяд төгрөгийн татварын алданги ноогдуулсан. Гэтэл жилийн өмнө Оюутолгой ХХК Сингапурын Монгол Улсад давхар татварын гэрээтэй компани руу бүх өр төлбөрийн зүйлээ шилжүүлсэн байгаа юм. Тус компани давхар татварын гэрээтэй учраас бид дахиад татварын маргаан гаргах боломжгүй болж, хаагдах эрсдэл дагуулж байгаа юм. Энэ алдааг бид давтаж болохгүй. Тэгэхээр Оюутолгойтой холбоотой бүх асуудлуудыг Засгийн газар цогцоор нь Улсын Их Хуралд оруулж ирэх нь зүйтэй. Онтре ХХК-ийн хоёр лицензийн талаар Засгийн газар Үндсэн хуулийн 6.2 болон Ашигт малтмалын хуулийн 5.3, 5.5-д заасны дагуу шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм байна гэж ойлголоо.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар: Онтре Гоулд компанийн асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Оюутолгой ХХК 80.0 хувийг нь Хөрөнгө оруулалтын гэрээндээ хамруулна гэж удаа дараа мэдэгдээд байхад салбарын яам дуугүй байна. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Энэ асуудал төрийн нууцад авагдаагүй учир нээлттэй ярих ёстой. Жишээ нь, ордыг ашиглах 2010 оны ТЭЗҮ-ийн нэгдүгээр бүлгийн 106 дугаар хуудсанд, Монголын тал 34.0 хувьдаа ямар ч санхүүгийн хариуцлага үүрэхгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэдгийг албан ёсоор бичсэн байгаа шүү. Яамныхан түүнийг нарийвчилж хараарай. Түүнчлэн бие даасан, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулж, тэр дүгнэлтээ тойрч ярилцах шаардлагатай. Одоо хэдүүлээ туршлагатай болсон, Монголынхоо талд нааштай шийдвэр гаргана гэж би итгэж байна.

Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа Онтре ХХК-ийн эзэмшиж буй лицензүүдийн талаарх уг асуудлыг хянан шалгах Байнгын хорооны ажлын хэсэг байгуулах тухай Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн саналыг хэлэлцсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга горимын санал гаргаж, зөвхөн Онтре ХХК-ийн лицензүүдийг бус ийм байдлаар хэсэгчлэн хувааж хуваарилсан бүх тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай тул хойшлуулж, иж бүрнээр авч хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Түүний горимын саналыг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн саналыг татлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх дараагийн мэдээллийг хийв. Тэрбээр мэдээлэлдээ, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах, нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, олон нийтийн хяналт тавих, олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зэрэг үйл ажиллагааг тус зүйлд хуульчилсан талаар танилцууллаа. Хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийг уулын ажлын тайлангаар дүгнэж ажилладаг талаар тэрбээр дурдаад, 2023 оны байдлаар Монгол Улсын 21 аймагт олборлолт явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс уулын ажлын нийт 211 тайлан ирүүлсэн болон эдгээрийн 173 нь дээрх зүйлд заасны дагуу нутгийн захиргааны байгууллагатай байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх гэрээг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Эдгээр гэрээний биелэлт дунджаар 95.7 хувьтай байгаа ажээ.

Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, аймгуудын Засаг дарга нартай 42 дугаар зүйлд заасны дагуу эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах, үйл ажиллагааны уялдааг хангах, байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар гэрээ байгуулж, хэрэгжилтийг жил бүр дүгнэдэг байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, М.Бадамсүрэн, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, С.Ганбаатар, С.Замира, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон сумд болон аймгийн удирдлагууд намчирхаж, харилцан эрх ашгаа хохироох явдал байгааг шалгаж нягтлах, цэгцлэх, шаардлагатай бол хуулийн 42.1 дэх хэсгийг илүү дэлгэрэнгүй, тодорхой болгож өөрчлөх, нутгийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төсвийн эрх мэдлийг бэхжүүлэх, сумдын Засаг даргын эрх зүйн байдлыг дээшлүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулдаг болгох, мөн гэрээний зохицуулалтыг тодорхой болгох, www.geree.mn сайтыг олон нийтэд сурталчлах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж ярьсан юм. Мөн уулын ажлын тайланг дүгнэхдээ гүйцэтгэлийг хэрхэн дүгнэж байгаа, ард иргэдийн саналыг сонсохоо больсон зохицуулалтыг засаж сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хийдүүлж болзошгүй нөхцөлд хөндлөнгийн хяналт тавьж, асуудлыг шударгаар шийдвэрлэх эрх зүйн боломжийг нээх, хуулиас давсан журмаар дуудлага худалдаагаар олгосон хайгуулын лицензүүдийг цуцалж, дуудлага худалдааг зогсоох, малчдын олон үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөө, хаваржаа, бэлчээр нутагт тусгай зөвшөөрөл олгосны нөхөн төлбөрийг олгох, багийн иргэдийн Нийтийн хурлаас санал авдаг байх зэрэг асуудлыг жишээ баримт дурдан ярьж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон ажлын хэсгийн гишүүдээс тодорхой хариулт авлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд АМНАТ-ийн тодорхой хувийг нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдэд олгодог байх, нөлөөллийн бүсийг байгалийн бүс бүслүүрийн онцлогтой уялдуулж тогтоох, гэрээг нэг талаас аймаг, сумын Засаг дарга, нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх удирдлага байгуулахаар, мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хяналтыг сайжруулахаар тодорхой хуульчлах, хандив тусламжийн хөрөнгийг юунд зарцуулахыг нэгбүрчлэн зааж өгөх, нутгийн захиргааны байгууллага болон иргэдийг талцуулсан хоёрдмол зохицуулалтуудыг засах шаардлагатайг хэлж байлаа. Байнгын хорооны дарга С.Ганбаатар манай улсад нийт 2740 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 173 эзэмшигчийн 147 гэрээ дүгнэгдсэн байгаа нь хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хариуцлагыг чангатгаж ажиллахыг зөвлөв. Мөн уул уурхайн төслүүд орон нутаг, ард иргэдэд ямар ч өгөөжгүй байдаг тул зогсоох хүсэлт их ирүүлж байгааг тэрбээр уламжлаад, газрын хэвлийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасныг сануулан, иргэдтэй гэрээ байгуулдаг харилцаанд шилжих, гэрээг олон нийтэд ил тод, нээлттэй байлгахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонссонтой холбогдуулан Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 42 дугаар зүйлийн биелэлтийг хангуулах болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нутгийн захиргааны байгууллагатай хэрхэн харьцаж байгаа талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолыг төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсан тооцлоо. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Замира, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, Б.Уянга, М.Бадамсүрэн, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Х.Жангабыл, О.Батнайрамдал нар ажиллахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт машин цогцолбор” үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг сонсов. Мэдээллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа.  Тэрбээр, Засгийн газар металлурги, машин механизм, газрын тос, нүүрс боловсруулах болон химийн үйлдвэрийг хөгжүүлэн, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буйг дурдаад, уг хөтөлбөрт тусгагдсан үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, металл хийц, машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний кластерыг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) хамтран ажиллаж байгааг онцлов. “Эрдэнэт машин цогцолбор” байгуулах ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллага боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлсэн байна. Төслийн хүрээнд 1-10 тонн хүртэл даацтай ачааны автомашин, бүх төрлийн автобус, ачааны вагон үйлдвэрлэх бөгөөд үйлдвэр байгуулагдсанаар ачааны автомашины зах зээлийн 5.0 хувь, ачааны хагас вагон болон автобусны зах зээлийн эрэлтийн 50.0 хувийг хангах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Үйлдвэр байгуулах төсөл хэрэгжсэнээр нийт 1113 байнгын ажлын байр бий болж, Монгол Улсын ачаа тээврийн багтаамж, эргэлтийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээний ачааны вагон, зорчигч тээвэрт үүсээд байгаа хүндрэлийг арилгахад томоохон түлхэц болно гэж яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдав.

Зам, тээврийн яамны мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Д.Батлут, Д.Жаргалсайхан, Б.Тулга нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, төрөөс үзүүлэх дэмжлэг болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагаа, шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны талаар асууж, уялдаатай, үр дүнтэй ажиллахыг зөвлөсөн юм.

Үүний дараа Байнгын хорооны энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаар байгуулсан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг ахлагчтай Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамжийг баталж тогтоол гаргалаа. Тогтоолоор, ажлын хэсгийн танилцуулга, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бэлтгэж хэлэлцүүлэх, мөн тогтоолын биелэлтийг Аж үйлдвэрийн бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Сумы хотын цохилт Украины цэргийн дарга нарыг онилсон байжээ

Украины Зэвсэгт хүчин энэ сарын 13-нд Сумы хотыг буудах ажиллагаанд оролцсон Оросын Зэвсэгт хүчний 448 дугаар пуужингийн бригадын Курск муж дахь байнгын байршилд цохилт өгөв.Украины Жанжин штабын мэдэгдэлд дурдсанаар, Курск муж дахь Сумыд болсон халдлагатай холбоотой нийт хэд хэдэн объект” цохилт хийж, 448 дугаар бригадын байршилд цохилт өгөх үеэр бөмбөг, пуужингийн агуулахад дэлбэрэлт болсон, цохилтын үр дүнг тодруулж байна гэжээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ мэдээлэлд тайлбар хийгээгүй байгаа бөгөөд “Курск мужид урд шөнө 109 Украины дроныг сөнөөж, дроны хэлтэрхийд нэг хүн амиа алдаж, есөн хүн шархдан, 24 орон сууцны барилга, олон арван машин эвдэрсэн” гэж мэдээлэв.
Энэ сарын 13-ны өглөө Оросын цэргийн хүчин Сумы хотын төвд хоёр баллистик пуужингаар цохилт өгч, 35 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд, 129 хүн гэмтэж бэртсэний 17 нь хүүхэд байсан юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам Сумы хотын төвд цохилт өгснөө баталж, “Бай нь Сумы хотын төвд байрлах театр дотор болсон Украины оператив-тактикийн “Северск” бүлгийн команд штабын хурал байсан гэж мэдэгдсэн билээ. Үнэхээр ч Украины хэд хэдэн улстөрч “Уг цохилт болох ажил хаях үеэр тус хотод Украины Зэвсэгт хүчний 117 дугаар бригадын дайчдад шагнал гардуулах ёслол болж байсан” гэж мэдээлж “Цэргийн захиргааны дарга Володимир Артюхийг уг арга хэмжээг зохион байгуулсан” гэж буруутгасан. Украины Батлан хамгаалах яам засгийн газар Артюхийг албан тушаалаас нь огцруулсан билээ. Иймээс Сумы хотын төвд цохилт өгсөнд Москваг буруутгах аргагүй болов. Энэ явдал Украины армийн хувьд цэрэг жагсааж, эсвэл цуглуулан Оросын цохилтод өртөж ихээхэн хэмжээний хохирол амсаж буй гурав дахь тохиолдол болж байна.
Оросууд олон удаа цэрэг жагсааж хохирол амссаны дараа олон цэрэг нэг дор цуглуулахаа зогсоогоод удаж байна. Гэтэл манай генералууд Цэргийн баяраар өдөр тутмын сонинд “Монголын цэргүүд жагсахаас гадна буудаж сурах ёстой” гэсэн ярилцлага өгөөд сууж байна. Та манай генерал, хурандаа нарын бие хаа, хувцас хунарыг дайтаж буй Украин, Израилийнхтай харьцуулаад хар даа! Украины дайн гэх хоёр армийн тулалдаан цэргийн шинжлэх ухаанд цэрэг жагсаадаг явдлыг таслан зогсоож, их хүчээр бус цөөн тооны цэрэг, техникээр бүр 3-5 цэргээр довтолдог болгов. Дэлхийн II дайнаас хойш анх удаа болж буй хоёр армийн тулалдаан сүүлийн ганц жилд л гэхэд нэг цэрэг, нэг хэсэг цэрэг, хуягт, танк, нисэж байгаа дрон, гүүр, бэхлэлт устгах зориулалттай янз бүрийн дронууд бий болгож “дайны бурхан” гэгддэг байсан их буунуудыг “төмрийн хог” болгож эхлэв.
Сонирхолтой нь эдгээрийг зэвсгийн алдартай том, том компаниуд бус хэдхэн хүнтэй жижиг стартапууд угсарч байна. Ганц жишээ авахад, Пентагоны дрон үйлдвэрлэх тендерт гарааны “Firestorm Labs” компани Америкийн батлан хамгаалах салбарт дрон нийлүүлдэг алдарт “Lockheed Martin” компанийг ялж, дрон үйлдвэрлэх гэрээ байгуулав. Бас Украины дайн улсын зардлаар хугацаат цэргийн алба хаасан хүмүүс хөлсний цэрэг болсон ч байлдах чадваргүй байдгийг нотолж, барууны улсууд хувийн мэргэжлийн цэрэгтэй болох зүг хөдөлж эхлэв. Энэ бүхэн биднийг Батлан хамгаалах яамыг татан буулгаж, зардлаар нь хувийн мэргэжлийн хөдөлгөөнт цэрэгтэй болж, олон жижиг стартапуудаар янз бүрийн дрон угсруулж, хилээ хамгаалах цаг болсныг баталж байна. Гэхдээ гарааны компаниудын дунд өнөөгийн дронуудын үндсэн хоёр алдааг засаж угсрах тендер зарлах хэрэгтэй. Нэгдүгээрт, дроныг дуу чимээ гаргаж, түлш зарцуулдаг моторын оронд сэнснийхээ эргэлтээр зайгаа цэнэглэж дуртай газартаа нисэж хүрдэг болгох. Хоёрдугаарт, өндөр зардалтай бас нисэж байхдаа хол зайнаас амархан илрэх гол шалтгаан болдог дроны долгион ойлгодог металл их биеийг цаас,хаягдал хуванцар сав ашиглан 3D-принтерээр хийдэг болох. Тэгээд эдгээр технологийг барууны дроны компаниудад нийлүүлж, валютын тогтмол орлоготой болох хэрэгтэй байна.
Үнэндээ гарааны компаниудын олон дрон дайн гэхээсээ энх цагт илүү хэрэг болно. Ганц жишээ гэхэд, өнөөдөр нийслэлд сүндэрлэсэн өндөр барилгуудын оройд хүрдэг шаттай галын машин худалдаж авснаас өндөрт усны хоолой гаргаж гал унтраадаг дрон өөрсдөө угсарсан нь дээр. Тэгээд ч шуурганд төөрсөн малчдыг дрон л хурдан олж халуун цай, эм тариа, хувцас хунар хүргэж чадна. Ядаж л Хөвсгөлийн Худалдааны төвд гарсан гал, ой, хээрийн түймрийг дроноор цаг алдалгүй унтраадаг болцгооё. Энэ ажлыг манай төр, засаг эхлүүлнэ гэдэгт итгэх хэцүү. Иймээс чадвартай нь цаг алдалгүй энэ ажлыг эхлүүлж, өөрийн гэсэн технологи бий болгож авцгаая. Харин таны технологи маш нууц байх учиртай тул оюуны өмчийн гэрчилгээ авах огт хэрэггүй, зүгээр л бүтээгдэхүүнээ л барууныханд үзүүлж гэрээ хий. Учир нь болгож чаддаггүй хүмүүс л гэж байдаг болохоос болохгүй юм гэж байдаггүй юм.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА