Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг-ангиллын-баннер

Тэрбумтан Роберт Фридланд: Ирээдүйд Оюу толгой шиг 20 орд бий болсноор дэлхийн зэсийн хэрэглээг хангана DNN.mn

– УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА –

“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь жилдээ Шангри-ла Их танхимд зохион байгуулагдаж байна. Уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ. Тус чуулганаар эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадварыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын шинэ орчныг бүрдүүлсэн эрх зүйн шинэчлэл, бүтээгдэхүүний тээвэрлэлт, дэд бүтцийн төслүүдийг онцолж, байгал орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудыг танилцуулж байгаа юм.

Тус арга хэмжээнд Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Чуулганы эхний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээнд оролцогчдод болон гадны хөрөнгө оруулагчдад хандан үг хэлсэн. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10 мянган гаруй орд, илрэлийг тогтоож, улсын эрдэс баялгийн сан хөмрөг арвижсан. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын орлогын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 шахам хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, эдийн засаг, төсөв, санхүүгийн гол судас болон хөгжиж байна. Олборлолтоос боловсруулалтад шилжих шилжилтийг богино хугацаанд амжилттай хийхэд онцгой анхааран ажиллаж, зэсээ бүрэн баяжуулж, нүүрсээ гүн боловсруулахаас эхлээд уул уурхайн баялгаа нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох учиртай” гэсэн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТУХАЙН УЛСЫН ХУУЛЬ, БОДЛОГЫГ НЬ ХАРААД Л ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЭСЭХЭЭ ШУУД ТОДОРХОЙЛДОГ БОЛОМЖИЙГ НЭЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Харин чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр яригдсан чухал сэдэв бол Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан явдал байлаа.

Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж, хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгаа талаар албаныхан хэллээ.

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: -Энэхүү арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхүүтэй оролцуулах, татах чиглэлээр цааш цаашдаа уламжлал болгон зохион байгуулна. Арга хэмжээгээр яригдаж байгаа гол асуудал бол эрх зүйн орчинг сайжруулах. Тэр утгаараа Ашигт малтмалын хуулийг шинэчлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болох зэргийг голлож ярилаа. Хүнд үйлдвэртэй холбоотой аж үйлдвэржилтийн бодлогоо бид бас тодорхой болгох ёстой юм байна. 2020 оноос Ашигт малтмалын хуулийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж эхэлсэн байдаг. Уг хууль өөрөө орон нутгийн уялдаа холбоог хангах, салбар хоорондын уялдаа холбоог хангах хамгийн том ач холбогдол бүхий хууль. Тэр утгаараа багагүй хугацаанд энэхүү хуулийн төслийг судалж, одоо бэлэн болоод байна.

Хуульч, өмгөөлөгч К.Жархынбек: -Мэдээж уул, уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт асар их шаардлагатай. Тэр утгаараа бид гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд манай улсын хууль эрх зүйн орчин тодорхой, ойлгомжтой, тогтвортой байх шаардлагатай.

Үүнд л хамгийн гол зүйл оршиж байгаа юм. Батлагдсан хуулиа бид хөрөнгө оруулагчдадаа танилцуулах, цаашид ямар байдлаар эрх зүйн орчин өөрчлөгдөх вэ гэдгээ сайн хэлж, таниулж байх учиртай. Тэгэж байж бид хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авна. Итгэл байгаа цагт хөрөнгө оруулагчид орж ирэх нь гарцаагүй. Тиймээс юун түрүүнд бид хууль, эрх зүйн орчноо маш зөвөөр, ойлгомжтой тодорхой гаргах шаардлагатай байна. Хоёрдугаарт, татварын бодлого тогтвортой байх ёстой.

Цаашдаа Монгол Улсын хууль нь ийм байна, бодлого нь ийм байдаг юм байна гээд хөрөнгө оруулагчид шууд хардаг, итгэдэг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төрийн бодлого, хууль эрх зүйн орчин нь ийм юм байна. Тэгэхээр бид ийм хөрөнгө оруулалтыг ингэж хийвэл бидэнд тийм хэмжээний ашигтай байх нь гэдэг ерөнхий тооцоолол хийх боломжоор нь бид хангах шаардлагатай. Тэгэж чадаж байж бид хөрөнгө оруулагчдыг татна. Маш энгийнээр хэлбэл хууль, тогтоол, татварын бодлого хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, боломжийг нь нээж өгсөн байдлаар гарчихсан байх шаардлагатай гэсэн үг. Товчхондоо хөрөнгө оруулагчид тухайн улсын хууль, бодлогыг нь хараад л хөрөнгө оруулах эсэхээ шууд тодорхойлдог боломжийг нээх хэрэгтэй.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: -Хайгуулын салбар манай улсад зогсонги байдалд орсон. Үүнийгээ дагаад гадаадын хөрөнгө оруулалт удааширч, эрдэс баялгийн сангийн нөөц хомсдож байгаа. Монгол Улс одоогоор хайгуулд 42 сая ам.доллар зарцуулсан бол дэлхий нийт 11.2 тэрбум ам.доллар зарцуулж байна. Дэлхий ногоон эдийн засаг, хөрөнгө оруулалт руу чиглэж байгаа энэ үед мэдээж нүүрсний салбарт хөрөнгө оруулалт бага байх нь тодорхой харагдаж байгаа учраас зэс, алт, газрын ховор элементийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай.

АНУ, Канадын бизнесмэн, тэрбумтан Роберт Фридланд: -Дэлхийн улсууд уул уурхайн салбарын хөгжил тогтвортой, ногоон ирээдүйн төлөө чиглэж байна. 2035 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 82 хувьд хүрч өснө. Тухайлбал, АНУ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлд ирэх онд 397 тэрбум ам.доллар зориулахаар байгаа. 2022 онд тус улсын хэрэглээ 44 хувь байсан бол 2035 он гэхэд 65 хувь болж өсөхөөр байна. Түүнчлэн монголчууд Оюутолгойн ордоос олон үе дамжин ашиг хүртэнэ. Ирээдүйд Оюутолгой шиг 20 орд бий болсноор дэлхийн зэсийн хэрэглээг хангана. Монголын өмнийн говь зэс болон нефтийн асар их нөөцтэй. Тиймээс шинэ нөөц тогтоох хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 20 жилд дэлхийд өрөмдлөг хийхгүйгээр нөөц тогтоодог өндөр технологи нэвтэрсэн. Тиймээс Монгол Улс тогтвортой ногоон хөгжлийн дэмжих орчин үеийн өндөр технологийг ашиглаж шинэ орд нээх боломж байна. Мөн шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулснаар дэлхийн бусад оронд туршлагаа экспортлох боломж бас байна.

Монголчууд уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж бусад орноос ялгарч болно. Конго болон Монгол Улс ойрын хугацаанд уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэх боломжтой. Манай Конго дахь Оюутолгойн ордтой дүйцэхүйц зэсийн том орд долоо хоногт 301366 тонн зэс үйлдвэрлэдэг. Цаашид 650 мянган тонн зэс баяжуулна. Өөрөөр хэлбэл, Дэлхийд гуравт орох ногоон үйлдвэрлэлийг эрхэлсэн том орд. Энэ ордын орлогын 50 хувь нь улсдаа үлддэг.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг-ангиллын-баннер

А.Батпүрэв: Бодит цалинг өсгөхийн тулд бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой DNN.mn

Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа

-Иргэдийн цалин үнийн өсөлтийг дийлэхгүй байгаад нийгэм бухимдалтай байна. Тэгэхээр цалингийн хэмжээг ахиулахын тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Цалин нь иргэдийн гол орлого болохоор амьжиргааны түвшинтэй шууд холбоотой. Үүнээс гадна иргэдийн боловсрол, ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлд эергээр нөлөөлдөг. Тэр утгаараа эдийн засгийн нэг чухал нөөц болох хүмүүн капиталын хөгжилд голлох үүрэгтэй. Хөдөлмөр эрхлэлт нь улс орны эдийн засгийн өсөлтийн амин чухал хөдөлгөгч хүч юм. Учир нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн хөдөлмөрийн орчныг сайжруулах, бодит цалинг нэмэгдүүлэхэд оролцох зайлшгүй шаардлага тулгардаг.

Монгол Улсын дундаж цалин сүүлийн таван жилд 60 хувь өсч 1.5 сая төгрөг болсон байна. Байршлаар нь харвал уул уурхайн дагасан Орхон ба Өмнөговь аймгууд хамгийн өндөр цалинтай байна. Гэвч энэ хугацаанд бодит цалин арван хувиар л өсчээ. Иймд ажилчдын худалдан авах чадварыг хамгаалах зорилгоор бодит цалингийн өсөлтөд анхаарах шаардлага тулгарч байна.

Том дүр зургаар нь авч үзвэл төрөөс иргэдийн цалингийн бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, инфляцийг нам тогтвортой байлгах ажлуудаа сайн хийх ёстой. Харин микро түвшинд шууд оролцдог үндсэн арга хэлбэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалингийн орлогын татварыг оновчтой тогтоох юм.

-Төрийн албан хаагчдын цалин саяхан нэмэгдсэн. Энэ нь бодит цалинг өсгөхөд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Манай улсад албан ёсоор байнгын ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 20 орчим хувь нь төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа гэдэг. Энэ бол хувийн хэвшил давамгайлсан чөлөөт эдийн засагтай орны хувьд өндөртөө орохоор тоо. Тийм ч учраас төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх нь хөдөлмөрийн зах зээл дэх нэг өрсөлдөгч гэдэг утгаараа хувийн хэвшлийн цалинд тодорхой нөлөө үзүүлж болох юм. Гэхдээ төрийн албан хаагчдын тооны гол цөмийг бүрдүүлдэг эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын хувьд угаасаа хувийн хэвшилд илүү өндөр цалинтай байдаг. Иймд орлуулах нөлөө нь бага.

-Манай улс импортлогч орон. Гэтэл цалингийн хэмжээ дэлхийн дунджаас ч доогуур байдаг. Ийм бага цалингаар дэлхийн зах зээлийн ханшаар заримдаа бүр өндөр үнээр худалдан авалт хийж байна. Тэгэхээр цалин хөлсний хэмжээгээ дэлхийн дундаж руу дөхүүлж очихын тулд хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ?

-Хөдөлмөрийн нийлүүлэлт болон бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог. Гэвч манай улсын эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн түвшин харилцан хамаарал бага явж ирсэн. Энэ нь манай эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн салбар нь ажиллах хүчийг бага шингээж байгаатай холбоотой юм. Уул уурхайн салбарт бүтээмж бусад салбартай харьцуулахад өндөр байдаг. Гэтэл хөдөө аж ахуйн салбарт уул уурхайгаас тав дахин их хүн ажилладаг боловч бүтээмж нь 8.6 дахин бага байгаа. Үүнээс болоод хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт цалин бодитой өсөхгүй байгаа юм. Товчхондоо бүтээмж, цалингийн өсөлт өндөр байгаа уул уурхайн салбарт хөдөлмөрийн нийлүүлэлт нь эрэлтээсээ өндөр. Харин бусад салбарт нийлүүлэлт нь хомс буюу бүтцийн ажилгүйдэл бий болоод байна. Тиймээс хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цалинг өсгөх шаардлагатай. Цалин өсгөхийн тулд салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой.

-Ингэхэд халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд яаж нөлөөлж байна?

-Саяхан “Нээлттэй Нийгэм Форум”-ын захиалгаар манай судлаачид судалгаа хийсэн. Үр дүнгээс нь үзэхэд халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлж байна. Тодруулбал, судалгаанд авч үзсэн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхэлдэг болон хөдөлмөр эрхэлдэггүй байдалд нийгмийн халамжид хамрагддаг эсэх нь бодитой нөлөөтэй байгаа юм. Судалгаанаас харахад халамж авдаг иргэдийн хувьд халамж авдаггүй иргэдтэй харьцуулахад 12.1 хувиар доогуур хөдөлмөр эрхлэх магадлалтай. Эрэгтэйчүүдийн хувьд халамж авдаг байх нь хөдөлмөр эрхлэх магадлалыг 15.5 хувиар бууруулж байгаа нь эмэгтэйчүүдээс харьцангуй өндөр байна.

-Хувийн хэвшлийнхэн цалингийн өсөлтийг дэмжихийн тулд юу хийх ёстой вэ. Ямар шийдэл байна. Цаашлаад бидэнд эдийн засгаа тэлэх ямар боломжууд байгаа вэ?

-Эдийн засгийг тэлэх гэдэгт өсөлт, төрөлжилт аль алиныг нь багтаана гэж ойлгож байна. Өсөлтийг дэмжихийн тулд өнөөдөр бид төр буюу төсвөөр дамжуулан орлого хуваарилах юм уу төрийн өмчит компаниудыг улам томруулснаар сайн үр дүнд хүрэхгүй. Энэ бол онолын хувьд төдийгүй бодит амьдрал дээр одоо нэгэнт нотлогджээ. Сүүлийн 20 жилд манай улсын төсөв 30 дахин томорсон. Гэвч өрхийн орлого ердөө арав дахин нэмэгдсэн. Үр дүнд нь хувийн хэвшил шахагдаж нэг хүнд ногдох ДНБ 4000 орчим долларын хавьцаа арав гаруй жил гацлаа. Иймд эдийн засгийн өсөлтийг дорвитой томоор нь өөрчилье гэвэл эдийн засгийг нээлттэй болгоё. Гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг салбар бүрд татах, бас айл өрхийн санхүүгийн чадавхыг бий болгох хэрэгтэй байна. Яг орон сууц, мал хувьчилсан шиг, хилээ нээж бүх хүн гадаад паспорт аваад наймаанд явдаг болсон шиг реформын шинжтэй өөрчлөлт хиймээр байна. Үүнийг хийх боломжит гарц нь төрийн мэдэлд байгаа уул уурхайн ордууд, тэдгээрийг эзэмшиж буй ТӨК-иудыг иргэддээ эзэмшүүлэх. Мөн иргэн бүрдээ газар өмчлүүлэх явдал байж болох юм. Аль алийг нь сайтар судлаад оновчтой хэрэгжүүлж чадвал Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжинө. Мөн эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжих тамир тэнхээг нь бүрдүүлэхийн тулд одоо нэгэнт бий болсон “Голланд өвчин”-ий сөрөг нөлөөг анагаах орлогын зөв менежмент хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж бий болгосон үр өгөөжөөсөө уул уурхайн бус, нэн ялангуяа олон улсад өрсөлдөх боломжтой салбаруудаа хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Дахиад л улс төр, засгаас хамааралтай байдлаар хуваарилах биш жинхэнэ утгаар нь Үндэсний баялгийн санг байгуулж хараат бусаар ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх нь чухал.

-Ер нь Монгол Улсад дундаж давхаргыг яаж нэмэгдүүлэх вэ?

-Манай орны хувьд нийгмийн хамгааллын зардал дэлхийн дунджаас өндөр. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой улс оронтой жишихүйц хэмжээнд байна. Уг нь цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн халамжийг бууруулах ёстой. Мөн бага орлоготой өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр нийгэм болон эдийн засагт эерэг нөлөө авчрах боломжтой. Ингэснээр хөдөлмөрийнхөө үр шимээр боломжийн амьдардаг дундаж давхаргыг бий болгох нөхцөл бүрдэнэ. Мэдээж хэрэг дундаж давхарга гэдгийг цалин гэх мэт орлогын абсолют тоогоор биш амьдралын чанараар нь тодорхойлох нь зүйтэй. Ингэж авч үзвэл дундаж давхаргыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх бодлого нь эдийн засгийн тогтвортой, олон тулгуурт өсөлт, нийгмийн цогц арга хэмжээнээс бүрдэх учиртай.

 

Categories
мэдээ нийгэм нийгэм-ангиллын-баннер нүүр-хуудасны-онцлох улс-төр

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ АНУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ КАМАЛА ХАРРИС НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ DNN.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Дэд Ерөнхийлөгч Камала Харрис олон жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлээд АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч буйг чухалчиллаа. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашид энэхүү ойр дотно хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа цохон тэмдэглэв.

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлахын зэрэгцээ “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна. Хэлэлцээний дүнгээр “Монгол, Америкийн Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-ийн тухай хамтарсан мэдэгдэл гаргана

Categories
жинлүүр

2023.06.07

Аргын тооллын зургадугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 19, элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
нийтлэл

Улаан бич өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 7, Буд гариг. Билгийн тооллын 19, элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:48 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
жинлүүр

2023-6-6

Аргын тооллын 5 сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Могойг хүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
жинлүүр

2023-5-13

Аргын тооллын 5 сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 23, Чөдөр одтой , цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
жинлүүр

2023-5-10

Аргын тооллын 5 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 20, Суулга одтой, шар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
жинлүүр

2023-05-12

Аргын тооллын 5 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 22, Тооно одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Categories
жинлүүр

2023-05-11

Аргын тооллын 5 сарын 11, Бархасвадь гараг. Билгийн тооллын 21, Элдэв тэнгэртэн одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.