Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

3-4 сая төгрөгийн орлоготой өрх 85 мянгаар нэмэгджээ DNN.mn

2024 оны 2 дугаар улиралд өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2.4 сая төгрөг болжээ. Энэ үзүүлэлт нь 2023 оныхоос 490.2 мянган төгрөгөөр нэмэгдэхэд цалин хөлсний орлого 371.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Өрхийн орлогын бүтцийг авч үзвэл:

  • 1.3  сая төгрөг цалин хөлсний орлого,
  • 538.6 мянган төгрөг тэтгэвэр, тэтгэмжийн орлого,
  • 182.2  мянган төгрөг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого,
  • 135.6 мянган төгрөг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого,
  • 169,2 мянган төгрөг бусад орлого бүрдүүлж байна

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогод цалин хөлсний эзлэх хувь 2023 оныхоос 5.0 нэгж хувиар, бусад орлогын эзлэх хувь 0.4 нэгж хувиар нэмэгджээ. Харин хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 2.8 нэгж хувиар, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 2.2 нэгж хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлогын эзлэх хувь 0.4 нэгж хувиар буурсан байна.

Мөнгөн орлогоор өрхүүдийг бүлэглэн авч үзэхэд:

  • 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 109.5 мянга,
  • 700.0-1600.0 мянган төгрөгийн орлоготой өрх 253.9 мянга,
  • 1.6-3 сая төгрөгийн орлоготой өрх 341.5 мянга,
  • 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 290.7 мянга,

Мөнгөн орлогын бүлэглэлт тус бүрээр 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад:

  • 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 23.9 мянгаар,
  • 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 19.6 мянгаар,
  • 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 14.1 мянгаар,
  • 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 38.0 мянгаар,
  • 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 51.3мянгаар,
  • 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 17.5 мянгаар буурсан.

Харин:

  • 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 43.4 мянгаар,
  • 3-4 сая төгрөгийн орлоготой өрх 85.9 мянгаар,
  • 4 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 62.5 мянгаар нэмэгдсэн байна
Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засаг 5.6 хувиар өсөв DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний хагаж жилийн байдлаар эдийн засгийн гүйцэтгэлийг танилцууллаа.

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 758.3 (5.6%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

П.Сэргэлэн: Булангийн орнууд манай улсаас долоо хоногт 100 тонн мах авна DNN.mn

Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэнтэй Булангийн орнуудад мал, мах экспортод гаргаж байгаа асуудлаар ярилцлаа.


-Булангийн орнуудад мал, мах гаргах асуудал яригдаж, танай Элчин сайдын яамны оролцоотойгоор ХАЛАЛ стандартыг эх орондоо нэвтрүүлсэн гэж сонслоо. Энэ талаараа та дэлгэрүүлж ярина уу?

-Миний хувьд 2022 оны зургадугаар сарын 1-нд Монгол Улсаас Кувейт улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Өмнө нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ажлыг хийж байсан хүний хувьд тухайн улс оронд Монголынхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг гаргах зорилго тавьж ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгавар ч байсан. Ерөнхийлөгч надад эх орныхоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, аялал жуулчлал зэрэг асуудлыг хөгжүүлж, эдийн засгийг өргөжүүлэх тал дээр хичээж ажиллаарай гэсэн юм. Үүний ч дагуу ажилласан. Ажлаа аваад сарын дараа буюу 2022 оны долдугаар сараас махны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Кувейт улсын бүхий л супермаркет, дэлгүүр, захаар явж үзсэн. Махны үнэ ч их өндөр байдаг. Тийм болохоор Кувейтын мах худалдаалдаг 30-40 компанитай холбоо тогтоож байж хэдийг нь сонгож уулзалт хийгээд, үйлдвэр, агуулах, тээвэрлэлтийг нь үзээд Монголоосоо махаа экспортлоё гэсэн зорилго маань улам лавширсан. Махаа экспортолъё гэхээр зөвшөөрлүүд хэрэгтэй болж эхэлсэн. Кувейт улсын Гадаад харилцааны яамны харьяа Хүнс, хоол тэжээлийн ерөнхий газар гэж байдаг. Эндээс зөвшөөрөл өгдөг юм. Ингээд удирдлагуудтай нь уулзаж, өөрийн зорилгоо танилцуулсан. Гэтэл өөдөөс тэд маань шаардлагаа тавьж эхэлсэн. Ийм бичиг баримтууд бүрдүүлэх, нөхцөл шааардлага нь ийм байсан тохиолдолд танайхаас мах авч болно гэж хэлсэн. Үүн дээр ХАЛАЛ сертификатын асуудал яригдсан. ХАЛАЛ сертификатыг манай улс өмнө нь өөр улсуудаас дунджаар 10 мянган ам.доллар төлж авдаг. Зардал, чирэгдэл ч өндөртэй гэдгийг махны салбарынхан хэлж байсан. Гэтэл энэ өөр улсуудаас авсан ХАЛАЛ сертификатыг зөвшөөрөхгүй гэсэн. Саудын Арабад байрлах Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр дамжуулан танай улс өөрсдөө ХАЛАЛ сертификат олгодог болчихвол экспортын асуудал яригдана гэдгээ тэд хэлсэн. Ингээд Стандартчилал, хэмжил зүйн газраас ноднин жилийн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Булангийн орнуудын магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлээд бид дотооддоо ХАЛАЛ сертификатаа махны үйлдвэрүүддээ өнгөрсөн сарын сүүлээр албан ёсоор олгож эхэлсэн. Энэ ажлыг манай Элчин сайдын яам анх санаачилж, гардан зохион байгуулсан.

Мөн ХХААХҮЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, НҮБ-ын аж үйлдвэрийн байгууллага UNIDO гэсэн газрууд хамтран ажилласныг дурдах нь зүйтэй. Энэ олон байгууллага, хүмүүсийн хүчин чармайлтаар өнөөдөр Монгол Улсад ХАЛАЛ стандарт нэвтэрч байгаа юм. Дундад Ази, тэр дундаа муслим шашинтай улсуудад хонины махны хэрэглээ маш өндөр. Тэр утгаараа манай улсын зорилтод зах зээл эдгээр улсууд юм. Энэ долоо хоногт Кувейт улсаас махаа авахаар компаниуд манай улсад ирнэ. Тэдгээр компаниуд нь Булангийн орнууддаа сүлжээгээр тараадаг. Тэгэхээр зөвхөн ганц улсад биш, бүхий л Булангийн орнуудад манай улсаас мах очно гэж ойлгох хэрэгтэй.

-Тэгэхээр ХАЛАЛ стандартаа нэвтрүүлчихсэн манай аж ахуйн нэгжүүд махаа тухайн бүс нутаг, улсад өөрсдөө хүргэж өгөхгүй. Худалдан авагч тал нь өөрсдөө ирж авах юм байна, тийм үү?

-Өөрсдөө ирээд шууд онгоцоор аваад л явна. Ноднин жилийн гуравдугаар сард манай Элчин сайдын яамнаас Кувейт улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулж, манай улсын махны чиглэлийн 11 аж ахуйн нэгж очиж, мах худалдаж авах хүмүүстэйгээ уулзсан. Кувейт улсаас ч гэсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд нь ноднингийн арваннэгдүгээр сард Монголд ирж, нөхцөл байдалтай танилцаад явсан. Харин одоо бол үнээ тохироод гэрээгээ байгуулах л ажил үлдсэн. Үүн дээр нэмээд малын эрүүл мэндийн гэрчилгээ гэж том зүйл бий. Мөн хорио цээр, хил гаалийн асуудлуудтай холбоотой бүхий л бичиг баримтууд цэгцэрсэн.

-ХАЛАЛ стандарт гэж яг юуг хэлээд байна вэ?

-ХАЛАЛ стандарт гэдэг нь ерөнхийдөө тэдний шашны зан үйлтэй холбоотой. ХАЛАЛ гэдэг үг нь зөв аргаар бэлдсэн хоол хүнс, мөнгө гэсэн утгатай. Харин ХАРАН гэдэг нь буруу арга гэж байгаа юм. Бүх зүйл нь ном журмын дагуу л бэлтгэгдсэн байх ёстой. Ер нь энэ муслим шашинтай улсууд шашнаа маш их хүндэтгэдэг.

-Манай улс гадагш нь мах, махан бүтээгдэхүүн гаргахад хамгийн том саад бэрхшээл нь мал, амьтны гаралтай өвчлөл байдаг шүү дээ?

-Үнэхээр тийм. Дэлхийн улс орнууд бүгд гишүүнчлэлтэй Дэлхийн мал эмнэлгийн байгууллага гэж байдаг. Хэрвээ энэ байгууллагын вэб сайтад тухайн улс малын гоц халдварт өвчинтэй гэж бүртгэгдвэл бүхий л импортууд хаагдчихдаг. Манай улс Кувейт, Саудын Араб улсуудад хориотой байсан.

-Энэ хориог цуцлуулахад та бүхэн бас нэлээд анхаарал хандуулсан гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-Энэ асуудлыг бид ярьж, Мал эмнэлгийн ерөнхий газартайгаа, Дэлхийн мал эмнэлгийн байгууллагатай хамтарч ажиллаад энэ хорио цээрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалсан. Тэгэхээр одоо манай ямар нэгэн хориг байхгүй. Харин цаашдаа ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар малынхаа гоц халдварт өвчин дээр хяналт тавих асуудал яригдана. Хоёрдугаарт, бид цаашдаа махаа тогтвортой гаргая гэвэл эрүүл бүсээ бий болгоод явах нь зүйтэй. Манай махны үйлдвэрүүд ч гэсэн махаа бэлдэхдээ эрүүл бүсээсээ, вакцинаа хийлгэчихсэн, үзлэгт ороод баталгаажсан байдлаар бэлдэх хэрэгтэй. Ингэх юм бол танайд өвчин гарлаа. Тиймээс экспортыг чинь зогсоолоо гэдэг зүйл сонсохгүй ажиллах бүрэн боломж бий. Би ирээд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай уулзсан. Бүхий л зүйлийн талаар ярилцсан, дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс энэ аравдугаар сар гэхэд Булангийн орнуудын лангуун дээр Монголын мах худалдаалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Элчин сайдын яам зөвшөөрлөөс нь эхлээд худалдан авагчийг нь олж өгөх хүртэл бүхий л зүйл дээр санаачилга гаргаж, тусалж дэмжсэн. Одоо бол үнээ хоорондоо тохироод л явах асуудал үлдсэн. Элчин сайдын хувьд цаашдаа тогтвортойгоор л гарч байгаасай гэж хүсч байгаа. Эхний удаадаа долоо хоногт 100 тонн мах авна гэж байгаа юм. Цаашдаа манай улсын мах бэлтгэх хүчин чадлаас шалтгаалан хэмжээгээ нэмээд явах боломжтой гэсэн. Зөвхөн орон биш, бүс нутагтаа зарах учраас хэмжээ нэмэх бол асуудалгүй. Хамгийн гол нь бид чанартай, сайн махыг тогтвортойгоор нийлүүлэх юм. Ингэж чадах юм бол манай орны эдийн засагт маш том дэмжлэг болно. Цаашдаа махаас гадна ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, хөдөө аж ахуйн гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг гаргах бүрэн боломж байгаа. Дээрээс нь аялал жуулчлалын салбарт бид өнгөрсөн зургадугаар сард Кувейт, Катар улсуудад аялал жуулчлалын анхдугаар форумыг хийсэн. Шууд нислэгтэй, харилцан визгүй болж байгаа. Тиймээс эдгээр улсуудтай хүнс, хоол тэжээл, соёл, эдийн засаг, бизнесээрээ илүү холбогдоод явна байх гэж харж байгаа. Манай улс Кувейт улстай дипломат харилцаа тогтоогоод 49 жил болж байна. Ирэх жил 50 жилийн ойгоо маш өндөр амжилтаар угтана гэж хичээн ажиллаж байгаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 1.50 төгрөгөөр чангарав DNN.mn

Энэ оны 7 дугаар сард евротой харьцах сарын дундаж ханш 3663.85 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 139.49 төгрөгөөр чангарч, 6 дугаар сараас 23.84 төгрөгөөр суларчээ.

АНУ-ын ам.доллартой харьцах сарын дундаж ханш 7 дугаар сард 3380. 86 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 61.50 төгрөгөөр, 6 дугаар сараас 0.25 төгрөгөөр чангарав.

ОХУ-ын рубльтэй харьцах сарын дундаж ханш 7 дугаар сард 38.80 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 0.84 төгрөгөөр, 6 дугаар сараас 0.30 төгрөгөөр суларсан дүн юм.

БНХАУ-ын юаньтай харьцах сарын дундаж ханш 7 дугаар сард 465.55 төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 13.12 төгрөгөөр, 6 дугаар сараас 0.50 төгрөгөөр чангарсан байна гэж Монголбанкнаас зарлажээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсад 82.3 мянган хүн ажилгүй байна

Ажиллах хүчний судалгааны 2024 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.4 (62.2 хувь) сая нь ажиллах хүч, 868.5 (37.8 хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.

Ажиллах хүчний 1.3 (94.2 хувь) сая нь ажиллагчид, 82.3 (5.8 хувь) мянга нь ажилгүй хүн байна.

Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 68.0 (5.3 хувь) мянгаар, өмнөх улирлаас 14.5 (1.1 хувь) мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 6.1 (8.0 хувь) мянгаар, өмнөх улирлаас 10.5 (14.7%) мянгаар өссөн байна. Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 27.8 (3.2 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 0.2 (0.8 хувь) мянгаар, өмнөх улирлаас 8.5 (23.4 хувь) мянгаар буурсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 12 хувиар буурчээ DNN.mn

Нийт зээлийн өрийн үлдэгдэл долдугаар сарын эцэст 33.5 их наяд болж, өмнөх жилийн мөн үеэс 32 хувиар өссөн байна.

Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 5.8 их наяд, хувийн байгууллагынх 2.1 их наядаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 90.3 хувь нь хэвийн
  • 3.9 хувь нь анхаарал хандуулах
  • 5.9 хувь нь чанаргүй зээл байна.

Чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөг нь хувийн салбарын аж ахуйн нэгжийнх байгаа юм.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 39 хувиар өссөн бол анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 хувиар, чанаргүй зээл хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Г.Батзориг: Монгол Улс худалдаанд суурилсан эдийн засагтай орон. Иймд худалдааны бие даасан хууль гаргах зайлшгүй шаардлагатай DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Манай улс худалдааны хуультай болох шаардлагатай гэж эртнээс хөндөж, ярьсаар ирсэн. Гэвч өнөөг хүртэл энэ хууль гараагүй л байна. Худалдааны хуультай болвол эдийн засагт ямар, ямар боломжууд нээгдэх вэ?

-Худалдааны хууль нь тухайн улс орны бараа, үйлчилгээг авах зарахтай холбоотой үйл явц, стандарт, дэд бүтэц, дотоод болон гадаад худалдааг хэрхэн зохион байгуулах талаар ерөнхий харилцааг зохицуулдаг. Монгол орон маань худалдааны суурьтай эдийн засагтай орон. Тийм болохоор түүнийг зохицуулах эрх зүйн орчин үүнтэй холбоотой тодорхой стандарт мөрдөх хэрэгцээ шаардлага их байгаа. Тэгэхгүй бол чанаргүй вакцин, урдаас орж ирж байгаа гарал үүсэл нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүний асуудал байнга сөхөгддөг.

Иймэрхүү дүрэмгүй яваад байгааг цэгцлэх учраас Худалдааны тухай хууль зайлшгүй хэрэгтэй гэж харж байна.

Гол нь худалдаа хийхтэй холбоотой үүсч байгаа харилцаануудыг энэ хууль зохицуулна. Тэр утгаараа олон хуулиудыг нэгтгэж хамрах байх гэж бодож байна. Наад зах нь хүнсний аюулгүй байдал, гаалийн асуудал, зам дэд бүтэц, мэргэжлийн хяналт зэрэг асуудлууд сөхөгдөж гарч ирнэ. Хамарч байгаа хүрээний хувьд олон хуулиудтай холбогдох болохоор тэдгээрийг базах хууль болно байх.

-Ер нь Худалдааны хуультай болох нөхцөл суурь бүрдсэн гэж үзэж байна уу?

-Хүмүүс тодорхой давтамжтайгаар байнга эдийн засгийн харилцаанд ордог. Тэр нь ямар нэгэн хэмжээгээр эрсдэл үүсгэж, хор уршиг үзүүлэх зэрэг тодорхой бус байдлуудаас болж янз бүрийн ашиг хонжоо хайсан нөхцөл байдалд хүргэдэг. Иймэрхүү хууль эрх зүйн орчны тодохой бус байдлаас үүдэлтэй асуудал амьдрал дээр ургадаг. Тэр нь хууль гаргах гол эрх зүйн суурь болж байна гэсэн үг. Ялангуяа Монгол Улс шиг цэвэр худалдаан дээр тогтсон эдийн засагтай орчинд юу хамгийн чухал вэ гэхээр бараа бүтээгдэхүүнийг авчирч буй хүмүүс тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Дээрээс нь бараа бүтээгдэхүүн болгоны гарал үүсэл нь тодорхой, эргээд тухайн хэрэгдэгчид хор хөнөөл багатай, эрүүл, аюулгүй байдлын чанар стандартыг мөрддөг байх ёстой л доо. Манайд хүнсний аюулгүй байдал ялангуяа хадгалалтын хувьд асуудалтай. Тэр ч байтугай бараа, бүтээгдэхүүний үнэ дэндүү өндөр байдаг. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үнэ зохицуулдаг гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр харъя л даа. Хичээлийн шинэ жил дөхөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ гурав дахин өсдөг. Иргэдийн эдийн засагт том хүндрэл учруулж байна. Ийм асуудлууд байнга гардаг учраас тодорхой дүрмийн дагуу Худалдааны тухай хуулиа мөрдөөд явчихвал хэрэглэгч талдаа хожоотой. Мөн тодорхой чанар, стандартын шаардлага хангаад дүрмийн дагуу бараа, бүтээгдэхүүн оруулж байгаа худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд ч ашигтай. Яагаад гэвэл, хариуцлагатай, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн хажуугаар үүргийн худалдаа гээд хяналтгүй бараа ороод ирдэг. Тэдгээртэй үнийн хувьд өрсөлдөх шаардлага үүсдэг. Энэ талаас нь бодох юм бол Худалдааны тухай хуулийн хэрэгцээ шаардлага аль, аль талдаа байгаа л даа.

-Худалдааны хуультай болсноор экспортод яаж нөлөөлөх вэ?

-Худалдааны тухай хууль экспортод тийм ч сүртэй нөлөөлнө гэж харахгүй байна. Яагаад гэвэл манай эдийн засгийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс байдаг. Нүүрс бол Худалдааны тухай хуультай хуульгүй Хятадын нөхцөл байдлаас хамаарч экспортлогддог. Дээрээс нь уул уурхайн бүтээгдэхүүн талдаа нүүрсийг хэдэн янзаар ангилаад сорьцыг нь тодорхойлуулж байгаад Хятад руу гаргаж байгаа. Энэ талаас нь харвал экспортын хувьд нөлөөлөх нөлөө өндөр биш. Гол нөлөөллийн хувьд импорт байна. Импортын бараа бүтээгдэхүүн стандарттай, тухайн бүтээгдэхүүн аюулгүй байдал хангасан, худалдаа эрхлэгч нь зөвшөөрөлтэй, тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл болон хугацаа нь асуудалгүй, аль боомтоор яаж орж ирсэн зэрэг нь тодорхой байх ёстой. Худалдааны хуультай болбол эдгээр асуудал цэгцэрнэ. Энэ агуулгаараа импортын бараа бүтээгдэхүүнд илүү нөлөө орж ирэх болов уу гэж харж байна.

-Дотоодын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах гол хөшүүрэг нь энэ хууль болж чадах уу?

-Дотоодын бүтээгдэхүүний хувьд боломжтой. Гадагшаа гарах боломжийг энэ хуулиар олгож өгөх түлхэц, нөхцөл болно. Яагаад гэвэл дотоодод үйлдвэрлэгдэж буй үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний стандарт нь нийтлэгээрээ олон улсын стандартаа дагаж явах ёстой. Тэгвэл энэ хуулийг бичихдээ олон улсын стандартуудаас тодорхой хэмжээгээр оруулах ёстой. Нэгэнт хууль батлагдвал мөрдөх шаардлага үүсэхээр дотоодын үйлдвэрлэгчид маань стандартыг баримтлаад, бараа бүтээгдэхүүнээ цаашид тодорхой хяналт дор хийх боломж нэг талдаа бүрдэнэ. Мэдээж богино хугацаанд аж ахуйн нэгжүүд дээр зардал үүсэх ч урт хугацаандаа олон улсын зах зээл дээр чадлынхаа хэрээр өрсөлдөх боломжийг энэ хуулиар олгох боломжтой. Гол логик нь ямар нэгэн бараа зарлаа гэхэд тэр бүтээгдэхүүн нь чанарын шаардлага, стандарт хангасан байхыг олон улсад нэхэж байгаа. Тэгэхээр энэ талдаа илүүтэйгээр хуулийн ач холбогдлыг харж байна.

-Ингэхэд худалдааны эдийн засаг суурьтай орон хэрнээ яагаад өнөөдрийг хүртэл бие даасан хуультай болохгүй байна вэ?

-Өдийг хүртэл тухайн чиглэл чиглэлийн хуулиудаараа илүүтэй зохицуулагдаад яваад байсан. Наад зах нь гааль, хүнсний аюулгүй байдал, зам дэд бүтэц, хүнс үйлдвэрлэгчийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой зэрэг асуудлууд салбар салбарынаа хуулиар зохицуулагдаад явж ирсэн. Тийм болохоор нэгтгээд нэг өргөн хүрээнд нь базаад стандартаа мөрдөөд явна гэдэг юм алга байсан. Одоо цаг нь болж хуулийн хэрэгцээ шаардлага үүссэн гэж ойлгож байна.

-Худалдааны хууль гаргахын тулд Засгийн газрын зүгээс юу хийх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд олон улсын Худалдааны хуулийн туршлага судлах асуудал байна. Ямархуу нөхцөл байдал байгааг нь тодорхойлох ёстой. Улс орон болгонд энэ хуулийг яаж мөрддөг зэргийг харьцуулах нь чухал . Өндөр хөгжилтэй орнууд олон зуун жил хэрэгжүүлчихсэн болохоор алдаа дутагдлыг түүхэн хугацаанд нөхөөд ирсэн байгаа. Энэ зүйлийг тодорхой хэмжээгээр судлах нь магадгүй эхний ажил юм болов уу. Олон улсад ямар, ямар нөхцөл байдалтай байна вэ гээд харахаар тухайн улс орны өөрийнх нь онцлогт тохирсон Худалдааны хууль гэж байна. Мөн бүс нутгийн худалдааны хууль илүү хүчтэй байдаг. Жишээлбэл, Европын холбоонд чөлөөт худалдааны хэлэлцээр дээр үндэслэгдсэн татварын болоод таксын үнийн хөнгөлөлттэй нэг стандартаар явдаг иймэрхүү зүйлсийг бүс нутгийн хэмжээнд маш сайн шийдсэн. Тэгэхээр зөвхөн Худалдааны хууль гэлтгүй үүнтэй холбоотой бүс нутгийн хэмжээнд стандарт, татварын асуудал, үнэ тогтоох процесс бодит байна уу зэрэг дээр бүс нутгийн хэмжээнд сайн ажилласан. Бид ихэвчлэн чөлөөт худалдааны хэлэлцээр гэж ярьж байгаа. Нэг хэсэг манайх Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, энэ хүрээнд тус улсын дэлгүүрүүд манайд нэлээд орж ирсэн. Тэгэхээр энэ хүрээний асуудлыг хамарч байгаа гэж харж байна. Засгийн газрын зүгээс нэгдүгээрт, суурь судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, тус тусдаа мөрдөж байгаа хуулиуддаа яаж Худалдааны хуулиа нийцүүлэх вэ гэдгийг маш сайн судалж байж гаргах ёстой. Тэгэхгүй бол Худалдааны хууль гээд ерөнхий биччихдэг. Эргээд дагаж мөрдөх хуулиудтай зөрчилдөх, эсвэл алийг нь дагахаа мэдэхгүй болох зэрэг хуулийн цоорхойнууд үүсээд эхлэх эрсдэлтэй. Яг одоо байгаа бизнесийнхэн, худалдаа эрхлэгчдийн нөхцөл байдлыг ойлгосон байдлаар бичээсэй гэж бодож байна. Бодит байдалд хуулиа мөрдөөд явах ёстой бизнес эрхлэгч хэрэглэгчдийг хараагүй гадны хуулийг хуулаад биччихдэг, нөгөөх нь буцаад манай хөрсөн дээр буухгүй байвал асуудал үүсгэх эрсдэлтэй. Ийм учраас тэр талын оролцоог хангаж өгөх ёстой юм болов уу гэж бодож байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долдугаар сард инфляц 5.5 хувьтай гарчээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний долоон сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.

Инфляц 2024 оны долдугаар сард улсын хэмжээнд 5.5 хувьтай гарчээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны долдугаар сард улсын хэмжээнд 5.5 хувь гарсны 1.7 (30.6%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дотоодын нийт бүтээгдэхүүн 37.4 их наяд төгрөг болжээ DNN.mn

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 14.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 758.3 (5.6%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

May be an image of text

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Эдийн засагч А.Батпүрэв: Экспортоо нэмэгдүүлэхийн хэрээр ам.долларын ханш буурна DNN.mn

Эдийн засагч, судлаач А.Батпүрэвтэй ам.долларын ханшийн талаар ярилцлаа.


-Сонгуулийн дараахь эдийн засаг ямар байх талаар эдийн засагчид тал бүрийн таамаг дэвшүүлсэн. Яг одоогийн байдлаар Монголын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна. Та судлаач, эдийн засагч хүний хувьд сүүлийн үеийн мэдээлэл өгөхгүй юу?

-Уржигдар Засгийн газраас төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Энэхүү тодотголоороо эдийн засгийн нөхцөл байдлаа юу гэж харж байна вэ гэдгийг хэлье. 2024 онд эдийн засгийн өсөлт долоон хувьтай байх төсөөллөөр Төсөв батлагдсан байгаа. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 7.6 хувь буюу төсөөлснөөсөө бага зэрэг илүү явж байна гэсэн. Гэтэл хоёрдугаар хагас жилд эдийн засгийн өсөлт байхгүй. Зарим салбарт удаашралтай зүйл ажиглагдах болсон. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг өнгөрсөн өвөл, хавар хүндэрсэнтэй холбоотойгоор энэ намар буурах хандлагатай байна. Энэ утгаараа анхны төсөөлж байсан шиг долоон хувьдаа хүрэхгүй буюу жилийн дүнгээрээ 5.6 хувийн өсөлтийг л үзүүлэх чигтэй байна гэсэн байдлаар төсвийн тодотголоо оруулж ирж байна лээ. Миний хувьд энэ өсөлт бодитой үнэлгээ юм болов уу гэж харж байгаа.

-Яагаад эдийн засаг буурсан үзүүлэлттэй гарна гэж. Шалтгааныг нь та товчхон хэлэхгүй юу?

-Манай экспортын гол бүтээгдэхүүн болсон нүүрсний эрэлт буурч байна. Эрэлт буурахаар дагаад үнэ нь буураад байгаа. Нэгхэн жилийн өмнө 300 ам.долларын үнэтэй байсан нүүрс яг одоо 250 орчим ам.долларын ханштай явж байна. Энэ оны эцэс рүү өшөө ч буурах магадлалтай байгааг хэлж байгаа. Учир нь Хятад улсын эдийн засаг удаашралтай байна. Тэр дундаа гангийн үйлдвэрлэлүүд нь хаагдаж байгаа зэрэг шалтгаанаас болж экспорт багасах төлөвтэй байна. Энэ утгаараа эдийн засгийн өсөлт анхны төсөөлсөн долоон хувиасаа буурах хандлагатай байгаа.

-Манай улсын эдийн засгийг тогтвортой байлгах гол суурь бол валютын нөөц. Нэг хэсэг валютын нөөц хоёр тэрбум ам.доллар руу орсон. Харин одоо таван тэрбум ам.доллараас давсан. Цаашдаа валютын нөөцөө хэрхэн яаж нэмэгдүүлэх боломжтой юм бэ?

-Валютын нөөцөө нэмэгдүүлэх гол арга зам нь экспортоо өсгөх. Яг одоогийн байдлаар Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, зэсийн баяжмал хоёр л байна. Энэ бол маш эмзэг эдийн засаг гэсэн үг.

Зэс, эсвэл нүүрс дээр ямар нэгэн байдлаар үнэ буурчихвал дагаад валютын нөөц буурна. Нэмэгдүүлэх боломж багасна гэсэн үг. Тийм учраас бид зөвхөн нүүрс, зэс биш бусад бүтээгдэхүүнээ экспортлох ёстой. Тэгж байж эдийн засгаа төгөлдөржүүлэх боломж гарч ирнэ. Ингэснээр нэг бүтээгдэхүүн дээр уналт үүслээ гэхэд өөр нэг бүтээгдэхүүнээр эдийн засгаа нөхөж байвал улсын эдийн засаг тогтвортой болно. Харамсалтай нь бид нөхөх, эдийн засгаа төгөлдөржүүлэх чиглэлдээ дорвитой бүтээмжийг бий болгож чадахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хугацаанд хийх ёстой гол ажил бол экспортоо төрөлжүүлэн нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл уул, уурхайн бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг гадагшаа гаргадаг болмоор байна гэсэн үг. Үүнд л бүх зүйлээ зориулах хэрэгтэй.

-Ам.долларын ханшаас шалтгаалж иргэдийн амьжиргаа янз бүр болдог. Ханш буурвал амьжиргаа өсдөг. Ханш өсөхөөр амьжиргаа эсрэгээрээ буурдаг. Тэгэхээр иргэдээ бодохын тулд ам.долларын ханшийг байж болох хамгийн доод хэмжээнд л хүргэх ёстой юм шиг. Ер нь одоо байгаа ханшийг буулгах боломж юу байна вэ?

-Түрүүн хэлсэнчлэн уул, уурхайн бүтээгдэхүүнээс гадна бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ бид экспортод их хэмжээгээр бүр эдийн засагт нөлөөлөх хэмжээгээр гаргаж байж ханш тэр чинээгээрээ буурна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийг буулгахын тулд экспортоо эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Экспорт нэмэгдсэнээр валютын нөөц нэмэгдэнэ, төгрөгийн ханш тогтвортой болно. Энэ хоёр үзүүлэлт тогтвортой байснаараа том зургаараа улсын эдийн засаг тогтвортой болно гэсэн үг. Төгрөгийн ханшаа чанга байлгахын тулд Монгол Улс аль болох их хэмжээний ам.доллар олдог байх хэрэгтэй. Ам.доллар олдог эх сурвалж нь нэгдүгээрт экспорт, хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шууд хөрөнгө оруулалт орж ирж байж Монгол дахь ам.долларын хэмжээ нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр төгрөгийн ханш чангарах нь эерэг болон сөрөг талтай.

-Сул тал нь юу вэ?

-Өнгөрсөн жилийн яг одоо байгаатай харьцуулбал төгрөгийн ханш бага зэрэг чангарсан байгаа. Түрүү жилийн өдийд ам.доллар бараг 3500 төгрөг хүрч байсан. Харин одоо ам.доллар 3380 орчим төгрөгтэй тэнцэж байна. Манай улсын хувьд дийлэнх хэрэгцээгээ импортоор авдаг. Энэ утгаараа төгрөгийн ханш чанга байх тусам импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ хямд байна. Үүгээрээ төгрөгийн ханш чангарах нь давуу талтай. Тиймээс урт хугацаандаа төгрөгөө аль болох чангалах бодлого явуулах ёстой. Гэвч нөгөө талдаа сул тал нь бас байна. Аль болох төгрөгийн ханш гадаад валюттайгаа зохистой, оновчтой хэмжээнд л дүйцэх хэрэгтэй. Ингэж байж Монголын экспорт гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай болно. Өөрөөр хэлбэл, бидний зарж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ хэтэрхий өндөр байж болохгүй гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа төгрөгийн ханш хэт өндөр байж болохгүй. Хэрэв ханшаа чангалаад байвал бидний зарж байгаа экспортын бүтээгдэхүүнүүдийн эрэлт багасна. Зах зээл нь хумигдана. Тэгвэл жинхэнэ утгаараа эдийн засгийн уналтад орно. Энэ бол том эрсдэл. Энэ эрсдлээ бид тал бүрээс нь бодож ханшаа тогтвортой л байлгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ам.долларын ханшийг болж өгвөл буулгаад байх хэрэгтэй гэдэг ойлголт бол өрөөсгөл шүү гэдгийг хэлье.

-Зарим эдийн засагчид яг өнөөгийн эдийн засаг дээрээ тулгуурлаад харвал ам.долларын ханш хоёр дахин буурах боломжтой гэж үздэг. Энэ нь дэндүү хийсвэр ойлголт гэсэн үг үү?

-Хоёр дахин буурах тооцоолол яг ямар байдлаар гарч ирээд байгааг би эдийн засагч хүнийхээ хувьд огт ойлгохгүй байгаа. Миний харж байгаагаар ам.долларын ханш огцом буурах боломж ойрын жилүүдэд гарахгүй болов уу. Огцом бууруулахын тулд тэр чинээгээрээ Монгол Улсын экспорт эрс нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр бидэнд экспортоо хэд дахин нэмэх боломж бололцоо яг одоо байгаа бил үү гэдгээ бодох хэрэгтэй.