Categories
мэдээ эдийн-засаг

“Монголд 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагийн 1.5 сая нь хуурамч хаяг байна” гэв DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЦЕГ-ын дарга Д.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Албан бус мэдээгээр Монголд 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч бий гэсэн мэдээлэл бий. Үүний 1.5 саяыг нь хуурамч хаяг гэж үздэг юм байна. Сонгууль дөхөж улстөрчдийг харлуулах боллоо. Жирийн үед ч “гөвж” л байна. Сонгуулийн үеэр гүтгэсэн, доромжилсон, харлуулсан хуурамт хаягуудыг илрүүлэх боломж бий юү. Бид энэ чиглэлээр хууль гаргасан боловч Ерөнхийлөгч хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээгээд авчихсан.

Мөн хиймэл оюун ухаанаар хүний хийгээгүйг хийсэн, хэлээгүйг хэлсэн болгож харуулдаг боллоо. Үүнийг ашиглаж хууль зөрчсөн хүнийг илрүүлэх, хариуцлага тооцох боломжтой юу?

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 4.8 тэрбум ам.долларт хүрэв DNN.mn

Гадаад валютын нөөц 2023 оны эцсийн урьдчилсан байдлаар 4.8 тэрбум ам,долларт хүрчээ.

Энэ нь оны эхнээс 1.4 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Төв банкнаас мэдээлж буйгаар нүүрсний экспорт нэмэгдэж, валютын дотогшлох урсгал сайжирсны зэрэгцээ төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад голлон нөлөөлсөн аж.

Өнгөрсөн онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 300 сая ам.доллар, Монгол улсын хөгжлийн банкны евро бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, Самурай бондын эргэн төлөлтөд 30 тэрбум иен, мөн Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 1.5 тэрбум юань төлснөөр нийлбэр дүнгээр 1.2 тэрбум ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг ГВУН-ийн удирдлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хувиараа бизнес эрхлэгч нэг хувийн ХХОАТ төлнө DNN.mn

ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны орлоготой хувиараа бизнес эрхлэгч болон  иргэд и-баримтаа бүртгүүлж олсон орлогоосоо нэг хувийн татвар төлөх хуулийн зохицуулалт 2024 оны  нэгдүгээр сарын 1-нээс  мөрдөгдөнө. Ингэхдээ иргэд харьяа дүүргийнхээ татварын газарт хүсэлтээ гаргах юм.

ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдог. Үүний нэг нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс байдаг.  2024 оноос эхэлж үйл ажиллагааны орлоготой иргэдээс ХХОАТ-ыг нэг хувиар тооцож авах хуулийн төсөл батлагдсан. Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг юм. Одоо хувиараа бизнес эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэд зайлшгүй зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй. И-баримт дээрээ олгосон нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогынхоо дүнгээс нэг хувийг төлөх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 мянгад хүргэх шийдвэр гарсан билээ.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.

Монгол Улсад 100 мянган гаруй иргэн дээрх хэмжээгээр цалинжиж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний борлуулалтын 20 хувийг биржээр арилжжээ DNN.mn

Монголын хөрөнгийн биржээр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 12.8 сая тонн нүүрс арилжаалсан байна.

2023 онд Андын илч ХХК, Тавантолгой ХК, Хангад Эксплорэйшн ХХК, Энержи ресурс ХХК, Эрдэнэс тавантолгой ХК зэрэг таван компани биржээр нүүрс арилжсан бөгөөд хамгийн их буюу 8.6 сая тонн нүүрсийг Эрдэнэс тавантолгой компани дангаар арилжаалжээ.

Мөн тус компани нь энэ сарын 22-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр 175 багц буюу 1.1 сая тонн коксжих нүүрс арилжсан нь арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр дүнтэй борлуулалт болж нийт 9.7 сая тонныг арилжаад байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн чуулганыг ирэх оны долдугаар сард зохион байгуулна DNN.mm

“Монголын Эдийн засгийн чуулган-2024”-ийг ирэх онд УИХ-ын сонгуулийн дараа буюу 2024 оны долдугаар сарын 8-9-нд зохион байгуулахаар товложээ.

Энэ талаар Монголын Эдийн засгийн чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг” Монголын Эдийн засгийн чуулганыг энэ онд Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн аяны хүрээнд амжилттай зохион байгуулсныг онцлон дурдлаа. Тодруулж хэлбэл, чуулганы хүрээнд 4 нэгдсэн хуралдаан, 15 салбар хуралдаан болж эрчим хүчний шилжилт, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцсэн” гэв.

“Монголын Эдийн засгийн чуулган-2023”-д 4000 гаруй зочин оролцон, үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд 10 зөвлөмж, шийдэл санал болгосныг онцоллоо.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ашгийн далай “Улсын их дэлгүүр”, “Таван толгой” хоёр мөнгөгүй гээд хувьцааны ногдол өгдөггүй улсад хувьцаа гэдэг бол зүгээр цаас DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 34 хувийн хувьцааг ирэх онд ард түмэнд эзэмшүүлэхээр ярьж эхэллээ. Энэ асуудал биеллээ олбол жил бүр иргэдэд хувьцааны ногдол ашиг тараана гэсэн. Тэр хэрээр монголчуудын амьжиргаа ахиж, дэвшинэ гэж хууль санаачлагчид үзэж байна лээ. Үндсэн хуульд “Байгалийн баялаг бол ард түмний мэдэлд” гэх заалт ашгүй одоо л амилах нь гээд олон нийт жигтэйхэн баярлаж байна. Мэдээж энэ бол яалт ч үгүй сайн мэдээ. Гэхдээ хөрсөн дээр буутлаа удна. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл хөгжөөгүй манайх шиг оронд хувьцааныхаа ногдол ашгийг хүртэнэ гэдэг бол зүгээр л үлгэр. Бид өмнө Таван толгойгоос юу авснаа эргээд санацгаая л даа.

Засгийн газраас анх 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргаж байв. Энэ нь тус компанийн нийт 15 тэрбум ширхэг хувьцааны ердөө 20 хувь нь юм. Үлдсэн 80 хувийг нь төр, хувийн хэвшил эзэмшдэг. Аж ахуйн нэгжүүдийн эзэмшил нь нэг хувьд ч хүрдэггүй гэдэг. Тухайн үед Засгийн газраас нэг ширхэг хувьцааг 933 төгрөгөөр үнэлж, иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилав. Мөнгөн дүнгээр тооцвол нэг сая төгрөгтэй тэнцдэг. Гэтэл Засгийн газар төд удалгүй “Сайн хувьцаа” нэрээр иргэдэд тараасан 20 хувь хувьцааныхаа 6.2 хувийг нь хамаад авчихсан. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгов. Мөн оюутнуудын сургалтын төлбөрт хамаг хувьцааг нь суутгаад авчихсан. Үүнээс хойш 1072 хувьцаатай холбоотой асуудал дөрвөн жил ор тас мартагдаж билээ. Иргэд ч хувьцааныхаа ногдол ашгийг нэхэж, санасангүй, дараагийн сонгуулийн жилтэй золгов. Ингээд 2016 оны сонгуулийн өмнө иргэдэд 300 мянган төгрөг тараахдаа бас л хувьцаанаас нь суутгасан байдаг. Монголын ард түмэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааныхаа ноогдол ашгийг түүхэндээ ганц удаа л хүртэж байсан нь 2019 он. Тухайн үед ХХОАТ-ын 10 хувийг хасаад цөөхөн хэдэн төгрөг өгсөн болсон. Тэгээд “Ногдол ашиг түрдээ байхгүй шүү. Энэ мөнгөөр чинь төмөр зам барина” гээд төр шийдчихэж билээ. Харин өнгөрсөн жилээс “Эрдэнэс Тавантолгой” компани ашиггүй ажиллаж байна гэсэн мессэжийг нийгэмд өгөөд эхэлсэн. Засгийн газраас томилогдсон БЭТ гэж нэг ярвайсан нөхөр гарч ирээд “Та нарт нэг удаа 100 мянган төгрөгийн ногдол ашиг тарааж байснаас үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Нүүрс угаах үйлдвэр барьчих юм бол тонн тутамдаа 50-80 ам.долларын ахиу ашиг хүртэнэ” гэж ярьсан. Төр ард түмний ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулахдаа эздээс нь огт асуусангүй. Үнэн хэрэгтээ хууль нь анхнаасаа ингээд гарчихаж. “Эрдэнэс Тавантолгой”-гоос эзэмшиж байгаа иргэдийн хувьцаа ямар ч саналын эрхгүй. Нөгөө та нарын хэлээд байдаг цонхны цаанаас долоолгодог мөсөн чихэр энэ юм.

Өнгөрсөн жилүүдэд дандаа алдагдалтай ажиллаж ирсэн гэдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэн нүүр царайг хэдүүлээ сая нүүрсний сонсголоор сайн мэдэж авлаа. Ямар их хөрөнгө идэж, ууж, хулгайлсныг нь хар даа. Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн шуналын далай байж шүү дээ. Тэд бүхэл бүтэн 40 их наядын хулгай хийсэн байна. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө шийдвэр гаргах түвшний хүмүүс биш. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагад оролцдоггүй гээд л камерын өмнө биеэ өмөөрөөд сууна лээ. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх ийм их хөрөнгийг хулгайлсан хүмүүст үнэхээр ичих нүүр гэж байдаггүй юм байна. Жирийн иргэн тооны машинд ч цохиж барахааргүй тийм том тоо энд яригдлаа. Та бүхэн тэр 40 их наяд төгрөгийг ямар хэмжээний мөнгө гэж бодож байна. Цаг тутамд арван сая төгрөг дансанд оруулахад 100 жилийн дараа хийж дуусах хэмжээний мөнгө шүү дээ. Зуу биш, мянга биш, бүр арван саяар нь гүйлгээ хийгээд байхад хүний нэг насны амьдралтай дүйцэх хугацаа хүрэлцэхээргүй их мөнгө байгаа биз. Элсэн чихэр дээр шавсан шоргоолж шиг л “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг эрх мэдэлтнүүд ингэж баруун, солгойгүй “идсэн” байхад “Та нарын ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр барина” гээд нүд цавчихгүй ярьж байсныг нь бодохоор хэлэх ч муу үг олдохгүй юм. Тэр нөхөр ийм их мөнгө хулгай хийчихсэнийг мэдэхийн дээдээр мэдсээр байж “Та нарт өгөх мөнгө алга” гэж хэлж чадаж л байгаа юм даа. Тэгэхлээр энэ нөхөр л лав ард түмнийг юу ч биш гэж үздэг нөхдийн төлөөлөл мөнөөсөө мөн.

Хөрөнгийн зах зээл Монголд хөгжих ерөөсөө болоогүй байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон хувьцаат компаниуд доороо охин компани байгуулчихдаг. Санхүүгийн тайлан дээрээ ашиггүй ажилладаг гэнэ. Үнэн хэрэгтээ охин компаниудаараа дамжуулаад хувьцаа эзэмшигчдэдээ хүртээх ёстой ашгийг өөртөө авдаг. Үүний сонгодог жишээ бол Улсын их дэлгүүр байна. Монголын хамгийн анхны том дэлгүүр төдийгүй ашгийг цөм хийдэг газар. Гэтэл түүхэндээ ганц ч удаа ногдол ашиг тарааж үзээгүй. Дандаа л ашиггүй ажилласан гэж гоншигнож ирсэн. Охин компаниудтайгаа түрээсийн гэрээгээ зах зээлийн үнээс хэд нугалж өндөр байгуулж байгаад хамаг ашгаа өөрсдөө луйвардчихдаг. Харин татварын дараах ашиг нь тэрбум тэрбумаар тоологддог гэсэн олон жилийн статистикийг судлаачид хэлдэг. Угтаа Улсын их дэлгүүр гэдэг чинь 45 мянган иргэнээс мөнгө босгож бий болгосон хөрөнгө.

Ийм санхүүгийн луйвраа цэгцэлж чадаагүй байхад Монголд хөрөнгийн бирж хөгжихгүй. Яагаад гэвэл хуулийг нь дандаа дутуу хийдэг. Дараа нь ингэж луйвардахад амар гэж бодоод хийдэг юм уу гэж бодогдох болсон. Ер нь аливаа улс орны хөгжсөн туршлага нь хөрөнгийн захын хөгжил байдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хөгжлөөр дан ганц цалингийн орлогоос  хамаарахгүй, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын орлоготой болдог. Иргэдийн амьдралд капитал бий болох боломж ингэж бүрддэг. Тэр үүднээс дэлхийн топ 500 компанийн 90 орчим хувь нь нээлттэй компани байна. Харин Монголд бол бараг 80 орчим хувь нь хаалттай компани байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр

тухайн компанийн ашиг орлого өөрсдөд нь үлдэж байгаа хэрэг. Хөрөнгийн зах зээл дээр бодлогын дэмжлэг үзүүлснээр хаалттай компанийг хөрөнгийн зах зээл дээр задалж, нээлттэй компани болгодог процессууд явагддаг. Гэтэл манай төр баригчид үргэлж эсрэгээр нь ажиллаж ирсэн. Хууль гаргах бүрдээ дандаа дэгээ тавина. Тэгээд өөрсдийнхөө төлөө нүүдэл хийхдээ ашиглах хувилбараар хууль баталдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ард түмэндээ тараасан юм бол үр шимийг нь ард түмэндээ өчиггүй өгчих л дөө. Гэвч хуулиараа тэр боломжуудыг нь хаагаад өгчихсөн байх жишээтэй. Эсвэл “Та нарт ийм хувьцаа байгаа шүү” гээд шилэн хоргонд хадгалуулж, сэтгэлийг нь баясгах гэдэг юм уу. Өнөөдөр хувьцааны ногдол ашиг өгөхгүйг нь мэдсэн бол арван жилийн өмнө төр худалдаж авч байхад нь буцаагаад зарчихдаг байж л дээ. Тухайн үед хувьцаагаа зарсан мөнгөө банканд хадгалуулсан бол хэдийнэ дөрөв дахин өсөх боломж байсныг эдийн засагчид тооцоолох юм билээ.

Монголчууд их өлөн ховдог зантай. Шунал, сувдаг сэтгэл нь арай л дэндсэн үндэстэн. Сүүлийн гурван зуун жил өөрсдийнхөөрөө амьдарч үзээгүй. Бие биедээ үнэхээр хайргүй, аминчхан үзэлтэй хүмүүс. Ямар сайндаа “Монгол Монголдоо хайргүй. Мод ярандаа дургүй” гэдэг хуучны үг гарах вэ дээ. Хүн төрөлхтний хөгжлийн хэмжүүр нь хүн чанар, нинжин сэтгэл, үнэнч чанар. Гэтэл бид шуналтай, соёлгүй хувиа хичээсэн хандлагатай байхад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг тараах нь, ногдол ашиг авч баяжих нь” гээд баярлаад байх юм байхгүй. Хамгийн гол нь монголчууд орлогоо хувааж сураагүй улс гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь аль эртний алдартай үлгэр домогт гардаг баатруудаар дүрслэгддэг. Ямар ч тохиолдолд дандаа ашгаа өөрсдөө авдаг. Жишээлбэл, 15 толгойтой атгаалжин хар мангасын үлгэр байна. Эрэмгий дайчин баатар мангасыг хөнөөгөөд авгай хүүхэд, алт мөнгөтэй юутай хээтэй нь өөрөө авчихдаг л биз дээ. Бидний магтаж сайшаагаад байдаг шилийн сайн эрс хүртэл хулгайлсан эд хөрөнгөө өөрөө л авдаг. Хааяа ганц нэг адуу мал зовсон зүдэрсэн нэгэнд өгсөнийгөө нүдэндээ нулимс дуслуулан ярьдаг. Тэгвэл орчин цагт Монголын алдар цуутай бөхчүүд гэж хүмүүс байна. Ард түмний шүтэн биширч, дээдлэн хүндэлдэг тэр бөхчүүд чинь хагартлаа баяжчихаад “май” гээд алгаа дэлгэдэг бил үү. Тэднийг нийгмийн хариуцлагын хүрээнд тийм сүрхий хандив өгч байсныг мэдэхгүй юм байна.

Харин тансаг орд харш, машин тэрэг, үнэтэй брендээр өрсөлддөг л гэж дуулсан. Гадаадаар аялж, бие биедээ идэж, ууж, өмсөж зүүснээ гайхуулсан хүмүүс л байх юм. Монголчууд ашгаа хувааж сураагүй болохоор ийм байна. Тэгэхээр хувьцаа хөрөнгийн бирж хөгжих нь өдий байна. Ашиг мөнгөний далай “Улсын Их дэлгүүр”, хэдэн зуун их наядын орлоготой Таван толгой хоёр л ногдол ашиг өгч чаддаггүй оронд хувьцаа гэдэг бол зүгээр л цаас юм даа. Таван толгойн хувьцаа бол бүүр цаас ч биш хэдэн дижитал тэмдэгт л юмдаг уу.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

О.Лхагвасүрэн: Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулж, татварын таатай нөхцөлийг бий болгох хэрэгтэй DNN.mn

“Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн ТУЗ-ын дарга, судлаач О.Лхагвасүрэнтэй хөрөнгө оруулалтын орчин, алдаа дутагдал болон ирэх оны төсвийн талаар ярилцлаа.


-Манай улсын хөрөнгө оруулалтын орчин нөхцөл ямар байна гэж та дүгнэх вэ?

-Хөрөнгө оруулалтын орчноо бид 30 жилийн хугацаанд маш олон өөрчилсөн. Хөрөнгө оруулагчид ороод ирэхээр л хуулиа чангалчихдаг. Эргээд нөгөөдүүл нь гараад явсны дараа буцаад оруулж ирэх гэж будилдаг. Миний хувьд Монголын хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг хоёр салгаж ойлгомоор санагддаг. Улсын хөрөнгө оруулалт бол тусдаа асуудал. Улс дангаараа, хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр, эс бөгөөс төр, хувийн хэвшил хамтарч хийдэг хөрөнгө оруулалтын хэлбэрүүд бий.

Чөлөөт эдийн засагтай орнуудад Засгийн газар нь нийгмийн дэд бүтцийг бий болгох, хувийн хэвшил хийдэггүй тэр хэсэгт хөрөнгө оруулах үүрэгтэй. Гэтэл манай улс үргэлж төсвийн алдагдалтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл татварын суурь бааз маань том хөрөнгө оруулалт хийх хэмжээний чадамжтай биш. Тиймээс олон улсын хөгжлийн байгууллагууд болон хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэсээр ирсэн. Жишээлбэл, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагаас урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авч, олон хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэж ирсэн. Гэсэн хэдий ч эрчим хүчний дутагдлаа нөхөх, хурдны зам байгуулах хөрөнгө оруулалтаа авч чадаагүй. Уг нь манай улс эрчим хүчний маш их дутагдалтай, зам харгуй муу, ганц ч хурдны зам байхгүй. Аймаг бүрд цэвэрлэх байгууламж алга. Хүн амын эрүүл мэндийн хамгийн чухал асуудал бол бохир усны цэвэрлэгээ, цэвэр усны нөөц байдаг. Эрчим хүчний дутагдал гэдэг зөвхөн Засгийн газрын асуудал ерөөсөө биш. Үүнээс болоод хувийн хэвшил өргөжин хөгжих боломж бололцоо нь хязгаарлагддаг. Орон сууцны хорооллууд тэлж, гэр хороололд барилга баригдахгүй байна гэхээр тэнд эрчим хүч, дулааны шугам гэх мэт суурь дэд бүтэц байхгүйгээс шалтгаалж байна. Хөрөнгө оруулалтын орчинд голлон нөлөөлдөг хүчин зүйлс бол манай улсын зээлжих чадамж, эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны зохистой байдал зэрэг юм. Иймээс Засгийн газрын хувьд дан ганц улсын төсөв болон бондоор хөрөнгө оруулалтаа шийднэ гэхээсээ илүү төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийгмийн дэд бүтцийг шийдэх боломжтой. Жишээлбэл, Филиппин улсын Манила хот гэхэд 11 сая хүн амтай хотынхоо цэвэрлэх байгууламжийг хувийн хэвшилдээ өгчихсөн байдаг. Цахилгаан станц, хурдны зам, цэвэрлэх байгууламж зэрэг томоохон хөрөнгө оруулалт шаарддаг хөрөнгө оруулалтыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийдэг механизмыг нэвтрүүлэх шаардлагатай.

-Эрчим хүчний дутагдлаа нөхөх тал дээр дорвитой зүйл огт хийгээгүй гэж хэлэх гээд байна уу?

-Засгийн газар өнөөдрийг хүртэл яагаад нэг ч цахилгаан станц барьж чадахгүй байгаа юм бэ. Эрчим хүчний дутагдлаас болж барилгын салбар тэлдэггүй, орон нутагт үйлдвэр барих гэхээр эрчим хүч байхгүй. Оюу толгой гэхэд л дэлхийн хэмжээний үйлдвэр байгуулчихаад өнөөдөр Хятадаас 200 мегават цахилгааныг шууд импортлож байна. Уг нь Таван толгойн цахилгаан станцаа барьчихсан бол Оюу толгойгоос гадна Таван толгойн өөрийнх нь хэрэглээг бүрэн хангах хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт юм. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл үүний шийдлийг олж чадахгүй суугаад л байна. Тэгэхээр Засгийн газар аль болох шаардлагагүй өр зээлээ хойш тавиад хувийн хэвшилтэйгээ хамтраад эрчим хүчний дутагдлаас гарах ажлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай.

-Хувийн хэвшлийнхэн гаднаас хөрөнгө оруулалт татах дээр ямар асуудал байна вэ?

-Олон шалтгаан бий. Нэгдүгээрт, манай эрх зүйн орчин маш тогтворгүй. Дээр нь давхар татвар хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байх том шалтгаан болж байна. Монгол Улс нэлээд олон улстай давхар татварын гэрээтэй байсан. Гэвч 2010-аад оны үед хөрөнгө оруулагчид татварын таатай орчинтой гээд ороод ирэхэд нь давхар татварын гэрээгээ цуцлаад 20 хувийн татвартай болгочихсон. Монголд хөрөнгө оруулснаар буцаагаад өгөөжөө авахад 20 хувь болгочихсон. Олж байгаа өгөөжийнхөө 20 хувийг суутган татварт өгөөд, дээрээс нь ашгийн татварт 10 хувь гэхээр 30 хувийн татвартайгаар яаж хөрөнгө оруулагч орж ирэх юм бэ.

-Ямар ч ашиггүй бизнес болчих гээд байна, тийм үү?

-Тийм. Ийм болохоор бид давхар татварынхаа гэрээ хэлэлцээрүүдийг эргэж харах хэрэгтэй. Мөн хөрөнгийн зах зээл уг нь хөрөнгө оруулагчдыг татах хамгийн чухал орон зай. Манай өнөөгийн хувийн хэвшлийнхэн дотор 10-аад байгууллага л гадагшаа гарч хөрөнгө оруулалт босгож байна. Бусад нь дотоодын арилжааны банкууд, хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалт авдаг. Гэтэл тэдгээр нь хамгийн багадаа 12 хувь, дээд тал нь 30 гаруй хувийн хүүтэй. Ийм байхад бизнес яаж үр ашигтай байх вэ. Тиймээс бид олон талт эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй. Үүнээс гадна гаднаас долларын 7-8 хувийн хүүтэй, урт хугацааны зээл олоод үйлдвэр байгуулаад явдаг. Гэтэл валютын ханшийн зөрүүнээс болоод маш их алдагдалд ордог. Нэг ам.доллар 1300 төгрөг байхад зээл авсан хүмүүс өнөөдөр буцаагаад төлөх үед 3500 төгрөг болчихсон байна. Тиймээс Төв банк ханшийн эрсдэлийг хааж өгдөг своп хэлцлүүд, хөрөнгийн зах нь шинэ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Мөн бодлогын хүү, инфляциа тогтвортой барих тал дээр сайн ажиллаж байж хөрөнгө оруулагчид орж ирнэ. Хөрөнгө оруулагчид сонирхдог салбаруудынхаа бодлогыг урт хугацаанд тогтвортой байлгамаар байна. Төсөл нь хэдий сайн байлаа ч гэсэн -В үнэлгээтэй улсынхаа эрсдэлийг давж чадахгүй байна шүү дээ.

-Хуулиа байнга өөрчилдөг гэснээс саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулиа өөрчилсөн. Та тэр хуулийг харсан уу. Ямар болсон гэж үзэж байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ерөнхийд нь харсан. Энэ хуулийг хэдэн янзаар, яаж ч өөрчлөөд байж болно. Харин бид дагалдах хууль, орчноо сайжруулах ёстой юм. Тус хуульд “Тогтворжилтын гэрээ” гэж ойлголт бий. Гэтэл өнөөдрийг хүртэл хэдэн аж ахуйн нэгж энэ гэрчилгээг авч, татварын таатай нөхцөлд байгаа юм. Улаанбаатар хотод хөрөнгө оруулбал тогтворжилтын гэрчилгээ өгөөд, энэ хүрээнд татварын орчин нөхцөл өөрчлөгдсөн ч тухайн үед гэрээ хийсэн байдлаасаа өөрчлөгдөхгүйгээр явах байтал энэ нь амьдрал дээр огт хэрэгждэггүй. Миний мэдэж байгаагаар 5-6 томоохон төсөлд л бөөн юм болж байж өгсөн. Улаанбаатартай ийм ойрхон байж Төв аймагт яагаад томоохон төсөл хөтөлбөр хэрэгжихгүй байгаа юм гэдэг чинь үүнтэй холбоотой.

-Хөрөнгө оруулагчдаа хулхидсан тохиолдол хэд, хэд гарч, шүүхээр хүртэл орж байсан. Энэ нь гаднын хөрөнгө оруулагчдыг үргээдэг бас нэгэн шалтгаан гэж ярьдаг шүү дээ?

-Манай улсын хувьд эрүүгийн, иргэний гээд хууль зүйн орчин нь харьцангуй дажгүй. Гэтэл бизнесийн харилцааны орчин нөхцөл нь маш сул. Жишээлбэл, маргаан шийдвэрлэдэг механизм бидэнд байхгүй. Гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхдээ Монголын хуулийг дагаад явъя гэхээр хэрэг шийдэгддэг процесс нь авлига, хээл хахууль, танил тал болоод явчихдаг. Хөрөнгө оруулагчийг хамгаалдаг арбитрын, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ байхгүй. Монголд Дампуурлын тухай хууль байдаг ч дампуурсан гэж нэгийг ч сонсоогүй. Эдийн засаг сэргэсэн 2010-аад маш олон хөрөнгө оруулагч орж ирсэн. Тэд Монголд, бизнесийн орчин нөхцөлд нь итгэж байсан. Гэтэл авлига, хүнд суртал, тогтворгүй бодлого, бизнесийн таагүй нөхцөл үүсээд хөрөнгө оруулагч гарах шийдвэр гаргадаг. Ингэхэд бизнесийн харилцаа, арбитрын хуулийн зохицуулалтууд, гэрээний эрх зүйн харилцааны зохицуулалтууд сул байгаагийн улмаас зарим нэг ёс зүйгүй бизнесүүд хөрөнгө оруулагчдыг хулхиддаг тал бий. Яагаад хөрөнгө оруулагчид Сингапур, Лондонгийн хуулиар явъя гэдэг гэхээр тэнд нь хөрөнгө оруулагчийг хамгаалдаг эрх зүйн орчнууд тогтвортой байдаг юм. Мөн Монголд төгрөгөөр хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагч хязгаарлагдмал. Уг нь олон улсад хөрвөх чадвартай валютаар хөрөнгө оруулалт хийхийг ямар хөрөнгө оруулагч бодно. Иймээс ханшийн тогтвортой байдлыг хангах асуудал хөрөнгө оруулалтын орчинд маш чухал.

-Гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирээд, сайн орчин нөхцөлөөр нь хангаад өгвөл дагаад манай жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бий болно л гэж хараад байна?

-Манай бизнесийн 95 орчим хувь нь арилжааны банкуудаас санхүүжилт авдаг. Дэлхийн улс орнуудад санхүүгийн систем нь хоёр хөлтэй байдаг. Нэг нь хөрөнгийн зах зээл бол нөгөө нь арилжааны банкууд. Гэтэл манай хөрөнгийн зах зээл одоо л нэг сэргэж, хөгжих учраа олох шатандаа явж байна. Мөн Монголыг огт мэдэхгүй хөрөнгө оруулагчид яаж орж ирэх аргаа олохгүй байгаа. Дээрээс нь манай давхар татвар өндөр. Хөрөнгө оруулагчийн оруулсан нийт мөнгөнөөс нь татвар авдаг. Уг нь олсон өгөөж, ашгаасаа татвар авах ёстой биз дээ. Үүнийг өөрчилж, нийт оруулсан хөрөнгө оруулалтаас биш Монголын эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон ашгаас нь татвар авдаг болох хэрэгтэй. Мөн бид хөрөнгийн зах зээлд орж ирэх гэж байгаа хөрөнгө оруулагчдад тууштай бодлого санал болгомоор байгаа юм. Та таван жилийн хугацаанд хөрөнгө оруулбал ийм, 10 жилээр Монголд мөнгөө байршуулж, хөрөнгө оруулсан тохиолдолд ийм хөнгөлөлт эдэлнэ гээд ялгаатай орчныг бий болгож өгвөл хөрөнгө оруулагчид илүү сонирхоно. Манай хөрөнгийн зах зээл дээр гарч байгаа бонд өнөөдрийн байдлаар ердөө л хоёр жил хүртэлх хугацаатай. Хөрөнгө оруулалт татаж аваад түүгээрээ бизнес хийгээд буцаагаад хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай наанадаж тэнцүү хөрөнгө оруулалтын, бондын хугацаа нийцэх ёстой. Долоон жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж дуусах бол долоон жилээр зээл авах ёстой юм.

-Гэтэл манайх нөхөх боломжгүй хугацаа тавьчихаад байгаа юм уу?

-Яг Хөгжлийн банкны асуудал байхгүй юу. Засгийн газар нь таван жилийн хугацаатай бонд гаргаад тэр төсөл хэдий хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөхөөс үл хамаараад таван жилийн дотор л төл гээд тулгачихсан. Гэтэл цементийн төсөл л гэхэд 7-8 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө. Эрчим хүчний төслүүд 7-12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг. Санхүүжүүлж байгаа хугацаа, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа хоёр нь нийцэж чадахгүй байна. Тэгээд бизнесүүд олдсон дээр нь аваад л аргална даа гэдэг байдлаар явж ирсэн. Уг нь ийм баймааргүй юм. Дахин санхүүжилтыг аль болох хийхгүй байхаар төслийг анхнаас нь загварчлах ёстой. Тиймээс хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахаас гадна урт хугацаатай хөрөнгө оруулалт орж ирэх орчныг бий болгоход анхаарах хэрэгтэй. Монголыг мэдэхгүй хөрөнгө оруулагчид яаж орж ирэх учраа мэдэхгүй гэж би түрүүн хэлсэн. Тиймээс өмнө нь манай улсад хөрөнгө оруулж байсан, одоо байгаа Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг олон улсын банкуудыг томоохон төслүүдэд тэргүүлэх хөрөнгө оруулагчаар татан оролцуулах замаар бусад хөрөнгө оруулагчийг татах боломжийг харах хэрэгтэй.

-Тантай уулзсаных ирэх оны төсвийн талаар асуумаар байна. Сонгуульд зориулсан амлалтын шинжтэй, хэтэрхий хөөсөрсөн төсөв болсон гэх шүүмжлэл байгаа. Таны хувьд хэрхэн харж байна вэ?

-Манай улсын сүүлийн 30 жилийн түүхийг аваад үзвэл бид олсныхоо хэрээр үрж ирлээ. Аав, ээж нь хэдийг ч олсон байлаа үнэтэй газар хоол идээд дор нь дуусгачихдаг. Тэгээд сарын эцэс болоогүй байхад одоо яах вэ гээд сууж байдаг үрэлгэн айл шиг л явж ирсэн. Богино ой санамж, үйлдлээр Улсын төсөвт ханддаг. Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай зэрэг сайн хуулиуд уг нь баталсан. Би Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг газарт ажиллаж байхдаа улсын төсвийн реформын хоёр ч үе шатанд ажиллаж байлаа. Үрэлгэн зан чинь манай сонгуулийн цикл, улстөрчдийн сонгуулийн амлалтаа биелүүлэх гэдэг тойргийн системтэй холбоотой. Манай эдийн засаг 10-хан жилийн дотор нүүрснээс бүрэн хамааралтай болчихлоо. Эдийн засгаа солонгоруулна гэдэг ч дорвитой үйлдэл, хөрөнгө оруулалт, хүчин чармайлт гаргаж байсангүй. Чили улс л гэхэд 100 жилийн туршид зэс, молбиден хоёроороо л боссон. Сүүлийн 30 жилийн хугацаанд уул уурхайн баялгаас олсон орлогоосоо эдийн засгийн хоёр, гурван хөлөө тэжээх хөрөнгө оруулалтууд хийсэн. Чили улс мах, вино, жимсний экспортоор өнөөдөр дэлхийд толгой цохиж байна. Тиймээс бид урт хугацаанд аль салбарыг дэмжвэл нүүрсний үнэ унахад манай эдийн засгийг тогтвортой авч явах вэ гэдгийг огт бодохгүй, шийдэхгүй байгаа. Мэдээж сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн суурь асуудлыг шийдэх нь Засгийн газрын үүрэг. Гэхдээ хавтгайруулсан нийгмийн халамж, төрийн данхайсан бүтэц нь л захиргааны шинжтэй зардлаа даахгүй байдалд хүргэж байна.

-Та төрийн бүтэц данхайсан гэж үзэж байна уу?

-Ирэх оны төсвийг би сонгуулийн төсөв гэж хэлнэ. Баахан амлалтууд өгсөн. Тэртээ 1990-ээд онд манай төрийн албаны бүтэц 70-аад мянган төрийн албан хаагчтай байсан бол 2010-аад онд 110 мянга болж нэмэгдсэн. Харин өнөөдөр 220 мянган хүн төрийн албанд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөдөлмөрийн насны хүн амын гурван хүний нэг нь төрийн албанд ажиллаж байна. Төрийн албыг улам томруулаад байхаар урсгал зардлаа дийлэхгүй болчихсон. Хөрөнгө оруулалтыг бүр хаясан. Эрчим хүч дутагдалтай гэж 30 жил ярьчихаад тогтвортой эрчим хүч бий болгохын тулд нэг ч удаа Засгийн газраас баталгаа гаргаж өгсөнгүй. Баталгаа авахгүйгээр явж болох төсөлд ч дэмжлэг үзүүлсэнгүй. Монголын Засгийн газар 600-хан сая ам.долларын баталгаа гаргаад Таван толгойн цахилгаан станцыг барьж чадсангүй. Тэгсэн хэрнээ энэ хэмжээний мөнгийг хавтгайруулсан халамжид дуртайяа цацдаг. Реформын шинжтэй зүйл огт хийхгүй байна. Дөрөв, дөрвөн жилийн хугацаатай амиа аргацаасан, төрийн албаны данхар бүтцийг тэжээсэн төсвийг батлаад явж байна. Ковидын өмнө 12 их наяд байсан төсөв ирэх онд 27 их наяд болтлоо томорсон. Нүүрс илүү гаргаж болно. Гэхдээ нүүрсний үнэ үргэлж ийм тогтвортой байх уу. Бид ганцхан БНХАУ-д л нүүрсээ гаргадаг. Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл нь бага байсан ковидын үед бидэнд боломж олдсон. Одоо бизнесийн хэвийн голдиролдоо орчихлоо. Дараа жил нүүрсний хэрэглээ нь өндөр байна гэдгийг яаж таамаглаад байгаа юм бол. Манай оффтэйк гэрээнүүдийн хугацаа нь бүгд дууссан гэж сонссон. Биржээр нүүрсээ зарна л гээд байгаа. Дандаа богино маневртай ажлууд хийж байна. Биржээр нүүрс авна гэдэг чинь богино хугацааны худалдан авалт. Харин оффтэйк бол үндсээрээ өөр зүйл. Нүүрсийг Хятад авч байгаа боловч цаана нь химийн болон гангийн үйлдвэрүүд эцсийн хэрэглэгч нь. Тэдгээр үйлдвэр Монголын нүүрсний чанарт тохируулан технологио тохируулдаг. Урт хугацаанд манай нүүрсийг авна гэсэн харилцаа хийх хэрэгтэй. Улсын төсвийг уншихаар энэ жил яагаад 60 саяыг гаргасан юм. Ирэх жил ямар учраас энэ хэмжээний нүүрс гаргах юм гэсэн зах зээлийн таамаглал огт байхгүй. Урт хугацааны оффтэйкийн хэлэлцээр хийгээгүй байж яаж ийм их хэмжээний нүүрс гаргах төлөвлөгөөтэй байгаа нь ойлгомжгүй харагдаж байна.

-60 сая тонн нүүрс гаргана л гээд байгаа шүү дээ?

-Эрдэнэс Таван толгойнхны ярьж байгаагаар одоо нэг ч идэвхтэй гурав, таван жилээр хийсэн оффтэйк гэрээ байхгүй гэж ойлгосон. Биржийн арилжаа зөв байж болно. Гэхдээ нүүрс чинь улаанбуудай, алт, зэс шиг комодити биш. Тухайн бүс нутагтаа үнэ тогтож явдаг. Иймээс урт хугацааны оффтэйкийн гэрээ хийх замаар урт хугацаанд тоо хэмжээгээ баталгаажуулж авах нь чухал ач холбогдолтой.

-Ганц худалдан авагч маань авахаа больчихвол хэцүү байдалд орно биз дээ?

-Алдаанаасаа сургамж авах хэрэгтэй. Өнгөрсөн 2012-2016 он хүртэл бид үүнийг туулсан шүү дээ. Манай нүүрсний үнэ унасан үе байсан. Яагаад ингэж үнэ нь унасан бэ гэдгийг одоо ярьж байгаа хүн алга. Тэр үеийг бодоход манайх эрчим хүчний, хагас коксжих нүүрсээ гаргаж чаддаг болсон байна. Энэ эрэлтийг бид урт хугацаанд тооцоолж байж л ярих ёстой юм. Урт хугацааны оффтэйкийн давуу талыг үгүйсгэж ерөөсөө болохгүй. Яагаад гэхээр ийм гэрээндээ суурь үнийг бодитой тогтоож чадвал Монголд олон давуу талыг бий болгож чадна. Ер нь урт хугацааны төслүүдийн хувьд оффтейкын гэрээ хөрөнгө оруулалтын баталгаа нь болдог. Яагаад Оюу толгой арван хэдэн тэрбум ам.долларыг татаж чадсан гэхээр тэд цаана нь 10, 20 жил зэсээ зарах худалдан авагчийн оффтэйкийн гэрээтэй юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж дууслаа DNN.mn

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулсныг батламжлан өрийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.

Аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм.

Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байгааг мөн онцолж байна гэв.

Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наяд төгрөгийг зээлийн эргэн төллөө. Олон улсын хөрөнгө оруулагчид Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр зээлийн өрийг төлж чадах эсэхийг анхааралтай ажиглаж байсан.

Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр нийт 700 сая ам.долларын зээлийг хугацаанд нь төлсөн нь гадаад хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлж байна. Сүүлийн жилүүдэд цар тахал, дайн зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор манайхтай ижил түвшинд байсан улсуудын зээлжих зэрэглэл буурсан бол Монгол Улс үүнийг тогтвортой хадгалж чадсан.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашид Хөгжлийн банкийг Эксим банк болгоход анхаарч ажиллах болно. Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд өр барагдуулах чиглэлээр л ажиллалаа. Хэрэв энэ байдал үргэлжилбэл 2-3 жилийн дараа эргээд дампуурлын ирмэг дээр ирэхийг үгүйсгэхгүй” гэв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монголын 131, гадаадын 400 иргэн хил гаальтай холбоотой зөрчлийн хэрэгт холбогдон шалгагджээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.

Монгол Улсын хилийн боомтын хөдөлгөөн эрс нэмэгдэж, хил, гаальтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай болсон байна.

Энэ онд 182 орны 1.2 сая гаруй зорчигч, 29 орны 9,000 орчим агаарын тээврийн хэрэгсэл “Чингис хаан” Олон улсын агаарын замын боомтоор үйлчлүүлсэн мэдээлэл бий.

Үүнээс гадаад улсын 400, Монгол Улсын 131 иргэн зөрчлийн хэрэгт, гадаад улсын болон Монгол Улсын тус бүр хоёр иргэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагджээ.

Тиймээс Тээврийн прокурорын газраас “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудтай хамтран зорчигчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.

Тодруулбал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, тэдгээрийг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг монгол, англи хэлээр бэлтгэн, хүлээлгийн танхим, хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр “QR” хэлбэрээр байршуулах арга хэмжээг авсныг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.