Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл өд-бэх туслах-ангилал

Монгол тулгатны зуун эрхмийн нэг

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын 100 жилийн ойд


Миний бие Цаст Алтай нутгийн эрхэм зохиолч Бөхийн Бааст ахтайгаа анх 1968 оны намар “уулзсан” юм. Тэгэхэд би Баян-Өлгий аймгийн 10 жилийн Хоёрдугаар дунд сургуулийн зургадугаар ангийн сурагч байлаа. Намрын тэр нэг өдөр манай сургуулийн удирдлага, багш нар, мөн үдээс өмнө хичээллэдэг таваас аравдугаар ангийн сурагчид Баруун монгол түмний дундаас төрж гарсан, орон даяар нэр алдар нь хэдийнэ түгсэн нутгийн зохиолчтой уулзаж байсан нь тэр юм билээ. Өнөө эргэн санахад зохиолч маань намхан нуруутай, тунгалаг шаравтар царайтай, нүдний шилтэй, цэмцгэр хувцасласан, яриа хөөрөө чөлөөтэй, юм үзэж, нүд тайлсан эрхэм гэдэг нь тэр үед уулзалтад орсон хэний ч нүдэнд тод харагдаж, ой тойнд мөнхөд хадгалагдан үлдсэн буй за. Тэгэхэд Вьетнам улсад томилолтоор явснаа, голчлон Америкийн түрэмгийлэгчдийн өдөөсөн аймшигт дайны гай гамшгийн тухайд сурагч бидний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийтэл ярьсан санагдана.

Тэр уулзалтаас хойш би зохиолч ахын уран бүтээлийг улам бүр шунан сонирхох болж, “Хяруу унасан цагаар”, “Алтайн цэцэг”, “Алтайн салхи”, “Алтайн хоёр өнгө” зэрэг номуудыг нь аймгийн нийтийн номын сангаас картаар авч уншиж, олон сайхан өгүүллэг, нийтлэл, найрууллынх нь амтанд орсон юм аа. Удалгүй “Одтой тэнгэрийн дор” шүлэг, найраглалын номыг нь ч олж уншлаа. Ч.Чимидийн редакторлосон уг түүвэрт “Миний эх орны өглөө”, “Алтай”, “Дэгдээхэй шиг дэрвэж явсан бага нас минь”, “Нутгийн цагаар хорин гурван цагт би”, “Намрын шөнө голын эрэг дээр”,“Тариа унтдаг юм”, “Москва”, “Орос зан”, “Орос нутгийн хавар”, “Сибирь”, “Оросын ой”, “Балтын тэнгис долгилоно”, “Цаг ирнэ ээ” зэрэг уянгын шүлэг, дуу, “Хүслийг эрсэн үлгэр”, “Үнэн ба гэрлийн тухай дуун”, “Тэмээний тухай лекц” зэрэг бичлэгийн хувьд энгийн, өвөрмөц хэлбэртэй найраглалууд, мөн мөнөөх Вьетнамд уран бүтээлийн томилолтоор явахдаа үзсэн харснаа бичсэн бүлэг шүлэг нь хэвлэгдсэн байлаа.“Ханойд америкийн 11 онгоц сөнөөсөн 1967 оны тавдугаар сарын 19-ний ялалтанд зориулав” гэсэн ишлэлтэй “Ханой” нэртэй нэг шүлэгтээ:

“Лүн лүн!

Дахиад л лүн, лүн!

Юу вэ та минь!

Газар хөдлөх шиг

Галт уул дэлбэрэх шиг!..

…Хүнд тулалдааны чимээгээр

Хөл доорх газар доргиж

Зүүгээр шивүүлсэн юм шиг

Зүрх минь өвдөж байна!

Хар хөлс шанаа руу

Халуун, горхи шиг урсаж

Хар хөлс, нулимс хоёр

Харах нүдий минь хорсгож байна!..” гэж бичсэн нь дээрх уулзалтын үеэр сурагч бидний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн Вьетнам дахь аймшигт дайн тулалдааны тухай байсан юм.

Би ЗХУ-ын Украины Одесс хотын Ус цаг уурын дээд сургуулийн оюутан болсон 1973 оноос Монголын маань тухай болон манай зохиолчдын орос хэлээр гарсан ном цуглуулж, сонирхож уншдаг нэг зугаатай ажилтай боллоо. Тэр үед хуучин номын дэлгүүрээс Бааст зохиолчийн “Б.Басто. Хурлэ и другие рассказы” нэртэй 1963 онд Москвад “Гадаадын уран зохиол” хэвлэлийн газраас гаргасан арваад хэвлэлийн хуудас номыг нь олж авч, чухамхүү ширээнийхээ ном болгож, уг номын өгүүллэг туужийн орос хэлний мэдэхгүй үгсээр толь хийж, цээжилж яриа, уран зохиолын үгсийн гайгүй сантай болсон минь орчуулга оролдож эхлэхэд нэн их тус болсон билээ. Тэр үед бас Н.Банзрагчийн “Путь” “Зам”, Л.Түдэвийн “Открывая мир…” “Хорвоотой танилцсан түүх”, С.Удвалын “Первые тринадцать” “Анхны арван гурав”, С.Лочингийн “Цвет души” “Сэтгэлийн өнгө” зэрэг манай зохиолчдын орос хэлээр хэвлэгдсэн номууд мөн уншиж амжсан юмдаг. Дашрамд хэлэхэд Бааст ахын маань дээрх ном ЗХУ-д манай зохиолчдоос Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн номын түүвэр зохиолын дараа орос хэлээр хэвлэгдсэн гурав дахь томоохон түүвэр зохиол юм билээ. Түүнчлэн зохиолчийн бие даасан ном, зарим бүтээлүүд нь Хятад, Герман зэрэг улсад хэвлэгдсэн байдаг.

Зохиолч ахтай би биечлэн уулзсан нь 1976 оны зун юмдаг. Зуны амралтаар Улаанбаатарт ирэхдээ Д.Доной нагацаараа зуучлуулан МЗЭ-ийн хоёр давхар саарал байшингийн босгыг анх алхаж Бааст ахтай уулзлаа. Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал авахад нь Одессаас баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн байсан тул оюутан намайг танимхайран хүлээн авч, шүлэг зохиол оролддогбайсныг минь талархан дэмжиж, машиндсан хэдэн шүлгийг минь үзэж, улмаар залуу зохиолчдын “Яргуй” түүвэрт хэвлүүлэхээр авч, хэн нэг яруу найрагчид шавь орох тухайд завлөж, СнЗ-ийн референт, яруу найрагч Д.Нямаа гуайтай уулзуулсан юм. Тэр цагаас хойш манай яруу найргийн нэгэн нэрт төлөөлөгч Д.Нямаа гуайтай яруу найргаар холбоотой явж ирсэн билээ. Д.Нямаа багш маань өөрийн “Шөнийн талд адуу янцгаана” яруу найргийн түүвэртээ:

“Яруу найргийн урт замд

Ямагт сайхан нөхөрлөж явдаг Хангайсайхандаа. Д.Нямаа. 2003.8.22” гэж бичиж дурсгасан бол миний 2018 онд хэвлэгдсэн Орос- Зөвлөлтийн болон бусад орны яруу найргийн орчуулгын “Яруу найргийн цоморлог” гэх 32 хэвлэлийн хуудас номыг биеэ чилээн байж уншиж, чин сэтгэлээсээ редакторлож өгсөн юм.

1978 онд Одессын Ус цаг уурын дээд сургуулиа төгсөж ирээд МЗЭ орж, Бааст ахтай дахин уулзаж, улмаар “Утга зохиол, урлаг” сонинд ажиллаж байсан утга зохиолын судлаач, шүүмжлэгч Ч.Билэгсайхан, яруу найрагч П.Пүрэвсүрэн, мөн утга зохиолын судлаач, шүүмжлэгч Д.Өлзийбаяр, хүүхдийн зохиолч Б.Доржсүрэн нартай танилцсан билээ. Бааст ах маань намайг аль нэг утга зохиолын нэгдэлд хамрагдахыг зөвлөж, УБДС-ийн дэргэдэх нэгдэлд орохыг дэмжсэн юм. Нэгдлийн ажлыг Д.Дашдорж багш удирдаж, оюутан Ж.Саруулбуян хариуцан ажиллуулж байлаа. Гэвч миний бие хотын төвөөс хол үндсэн ажилтай байсан тул утга зохиолын нэгдэлд төдийлөн тууштай явж чадаагүй билээ. Энэ байдалд Бааст ах маань нэлээд шүүмжлэлтэй хандаж, уран зохиол тууштай бичиж буй эсэхийг уулзах болгонд асууж, зэмлэж байсан удаа нэг бус бий. “Уг нь орос бас казах унаган шахуу хэлтэй, нэлээд уншсан, ялангуяа Орос-Зөвлөлтийн уран зохиолтой чамгүй танилцсан, байгаль техник хосолсон мэргэжилтэй, гайгүй сайн боловсролтой хүн чи юм бичих л ёстой…” гээд Ж.Лхагваа, Д.Урианхай, Л.Дашням нарын манай утга зохиолын онцгой авьяастнуудын нэрийг дурдаж, тэдний замаар явах ёстой хүн гэж хэлж байсныг молхи миний бие шүүрс алдан сонсож байсан минь бас нэг бус удаа билээ. 1979 оны сүүлч шиг санагдана, нэгэнтээ манай ажлын газар руу утасдаж “Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан томоохон антологи удахгүй хэвлэгдэнэ. Би энэ сайхан номыг хэвлэлд бэлтгэж байна. Бичсэн юм байдаг бол хэдэн шүлэг яаралтай өгч болно. Нутаг нугын талаар юм байвал их сайн…” гэсэн баяртай сайхан мэдээ дуулгав.Би ч тэр даруйд хэдэн юм машиндуулаад аваачиж өглөө. Тэгээд, “Шүлгүүдээ зас, бас нэмж, хасаж өг…” гэх хариу өгөх биз гэж нэг хэсэгтээ чих тавин хүлээсээр л байлаа. Гэтэл тэгсэнгүй, харин 1981 оны дундуур “Аймгийн ном гарсан. Морилон ирж нэг ном авбал ав…” гэж утасддаг юм байна. Би ч тэр даруйд давхиад очлоо. Миний өгсөн хэдэн шүлэг яг машиндсан дэс дугаараараа, цэг таслалын засваргүй “Цаст Алтайн уянга” нэртэй нутгийн онцлогтой зураг чимэглэл бүхий хатуу супер хавтастай сайхан номонд хэвлэгджээ. Анх удаа том антологид орсон хэдэн бор шүлгээ уншаад эхлээд баярласан ч сүүлдээ айх шиг болж билээ.

Учир нь сүүлд хийсэн засвар нэмэлтээ оруулаагүй хэвлүүлжээ. Энэ байдлыг ажиж байсан зохиолч ах маань “Яав?..” гэж байна. Би «Та миний нэг ч шүлэгт ер гар хүрээгүй, байгаа чигээр нь… Уг би таныг…» гэтэл, Бааст ах «Би юу гэж хүний бүтээлд гар хүрч байх ёстой билээ? Хүний “хүүхдэд” гар хүрэх эрх надад байхгүй ээ. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юмаа, хө…» гэж их л ёжтой хэлж, намайг бүр гайхшируулж орхив. Тэгснээ “Би нэг л хүний шүлэгт сүрхий гар хүрсэн юм. Ц.Гайтав хүү Санхүүд сурч байхдаа, нэг урт шинелийн гол юм, манай зохиолчдын хороо руу байсхийгээд л шүлэг тэрлэсэн баахан гар бичмэлээ бариад шогшиж ирнэ. Түүнийг тухайн үед тоож байгаа ч амьтан алга. Харин би нэг удаа өрөвдөөд, нэлээд хэдэн юмыг нь авч үлдэж уншив. Тэгээд “Галын наадмын тухай” нэг юмыг нь засаж, бараг өөрийнхөөрөө шүлэглэж, анх хэвлэж өгсөн юмдаг. Тэр л Гайтавт их тус болсон байх. Учир нь би түүнийг гайгүй юм бичих хүн болно байх гэж зөн совингоороо мэдэрсэн юм.

Миний итгэл, найдварыг тэр хөсөрдүүлээгүй ээ. Базарваань, Гайтав тэгээд ХХ зууны манай яруу найргийн иргэний уянгын хамгийн лут амьтан болоо биз дээ. Их эрт төрийн шагнал авч, улмаар соёлын гавьяат болсон доо…” гээд над руу нүдний шилнийхээ дээгүүр сүрхий харснаа “Одоо энэ цагийн та нарын тухайд би хэлж мэдэхгүй юм. Цаг хугацаа харуулна биз…” гэж түс тас хэлж намайг бүр алмайруулж билээ. Тийм ээ, тэгж зохиолч ах минь надад зохиол бүтээл туурвих ажлын амаргүйг, нэн өндөр хариуцлагатайг ухааруулах шиг болсон юм (Дашрамд дурдахад 1976 оны “Яргуй” түүвэрт орсон хэдэн бор шүлэг бас редакторын гар оролгүй хэвлэгдсэн түүхтэй).Энэ явдлаас хойш би сонин сэтгүүлд ганц хоёр шүлэг өгөхдөө нэлээд бодож байж өгдөг болсон юм. Ялангуяа орчуулгын шүлгүүдийг эхээс нь гажуудуулахгүй, хэлбэр хэмжээг нь яг таг хадгалах ёстой гэж өөртөө өндөр шаардлага тавьдаг болсон билээ.

Бааст ахын манай бусад зохиолчдоос онцгой нэг ялгарах чанар гэвэл үзэг нэгт нөхдөө хүндэлж, хэний ч зохиол бүтээлийг цаг алдалгүй маш шуурхай уншдаг байсан нь гайхалтай гэж би баттай хэлнэ. Нэг очиход Ж.Пүрэв гуайн “Зүрхний хилэн”, дахин нэг уулзахад“Манан будан” зэрэг нүсэр том романыг ширээн дээрээ дэлгэчихсэн, энд тэнд нь зурж, хуучин монгол бичгээр тэмдэглэж уншиж байхтай таарсан юм. Бас нэгэнтээ “С.Эрдэнэ роман бичдэг боллоо. Уг нь тууж, өгүүллэгээр бид хоёр л дагнадаг байсан юм. Нөхөр маань одоо роман руу уравлаа…” гээд намайг сүрхий харснаа«Амдралын тойрог» романаа амжилттай бичиж шүү…” гэж инээж байсныг нь мэдэх юм.

Сүүлд Е.Евтушенкогийн “Ягодные места” (Жимст газар) романыг орос хэлээр уншиж суухтай нь таарч, энэ романы талаар нэлээд ярилцсан билээ. “Е.Евтушенко ийм роман бичжээ. Уран сайхан, баримт, зөгнөл, янз янзын зүйл хольж, их маягласан байнаа. Уншихад нэлээд ярвигтай юм. Та нар уншиж үзэхгүй юу, орос хэл ус сайтай улс…” гэж хэлсний дараа нь би уг романыг эрэл сурал болж байж олж авч уншиж билээ. Нээрээ л тогтож уншихгүй бол зохиолын гол үйл явдал, бусад нарийн ширийнийг нь барин тавин ойлгоход хялбаргүй бүтээл байлаа.

Бүр сүүлд молхи миний “Сэтгэлийн цэнхэр огторгуй” гэх номыг минь бас л энд тэнд нь зурж, зах буланд нь хуучин монгол бичгээр тэмдэглэл хийж, эрээчин уншиж, санал бодлоо харамгүй хэлж байсан тухайд өгүүлвэл урт түүх болох буй заа. Зохиолч ах маань орос хэлээр шинэ гарсан номууд ч, хаанаас олдог юм, аль хэдийн худалдаад авчихсан, уншчихсан, тэр тухайд хуучлах нэн дуртай байлаа. Нэгэнтээ Л.Толстойн тухай дурсамжийн том ном уншиж, оросын суут зохиолч орос цагаан толгойн үсгүүд зохиож байсан тухайд хүртэл хуучилж, Америкийн Индианы Серая Сова гэх нууц нэртэй зохиолчийн байгаль, амьтны тухай сонирхолтой ном уншиж буйгаа үзүүлж, дараа нь намайг заавал унш гэж өгч байж билээ. Мөн нэг удаа ХХ зууны Оросын нэртэй яруу найрагч эмэгтэй Белла Ахмадуланагийн “Аня болон бусад хөвгүүд охидод зориулсан дуу” нэртэй шүлэг, үргэлжлсэн үг салаавчилсан, хэлбэр хийцийн хувьд нэн ярвигтай 5-6 хуудас шүлгийг өгч, надад долоон хоногийн дотор орчуулж өг гэж тулгав аа. Би ч гэртээ очингуут яруу найрагчий том ботийг дэлгэж, шүлгийг уншиж гарлаа. Нэлээд олон удаа уншиж, шүлгийн санааг сайтар ойлгож аваад яаж орчуулахаа бодоод хэд хонолоо. Гэтэл ах маань мартаагүй, яг хугацаандаа нэхэж байнаа. Би ч, ерөнхийдөө буулгачихсан, танд хоёр гурав хоногоос аваачиж өгнө л гэлээ.Тэгээд, яаралтай сууж мөнөөх шүлгийг нэг өдөр орчуулж, компьютерт шивж, хэвлэж аваачихад, ах маань бараг мэндийн зөрүүгүй хэдэн хуудас орчуулгыг маань яаран үзсэнээ, чи ч гайгүй зөөлөн чихтэй, бас юм хийдэг хүн болж байна шүү… гээд, намайг аанай л гэрт нь бэлээхэн байдаг кофе, чихэр печениэр дайлж гарч билээ.

Бааст ах өөрөө аль залуу цагийн туршлагатай орчуулагч шүү дээ. Орос-Зөвлөлтийн зохиолчдын бүтээлээс болон Энэтхэг, Түвд, Хятад, Унгар, Япон, Итали зэрэг олон орны ардын аман зохиолоос орос хэлнээс орчуулж хэвлүүлсэн бол төрсөн нутаг Баян-Өлгий аймгийн казах зохиолчдын олон арван шүлэг, найраглал, өгүүллэгүүд монголчилж, олон зохиолчын бие даасан ном гаргаж, редакторлож, аймгийн зохиолчдын бүтээлээр “Таван Богдынханы дуу”, “Таван Богд”, “Цаст Алтайн Уянга” нэртэй томоохон эмхэтгэлүүд хэвлүүлсэн билээ. ХХ зууны монголын яруу найрагт шилдэг арвын нэг болох Б.Ахтааны “Бүргэд” туульсын найраглалыг яруу тансаг орчуулсан нь зохиолчийн орчуулагчийн авьяас чадварыг илтгэх нэг үзүүлэлт юм аа.

Бөхийн Бааст зохиолч манай шинэ үеийн уран зохиолын анхдагчидтай бараг нэг үеийнхэн болж явж ирсэн гэхэд хилсдэхгүй буй заа. Тэрээр Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын тухай сонин хууч хөөрч, Д.Намдаг, Ц.Цэдэнжав, Э.Оюун, С.Удвал,Ч.Чимид нартай зэрэгцэн ажиллаж, заримтай нь хамтарч зохиол бичиж, тэдний зарим зохиолыг ариутган шүүж, хянан тохиолдуулж ирсэн байдаг. Тухайлбал, бүр өнгөрсөн зууны дөчөөд онд хорь гаруйхан насандаа зохиолч Ц.Цэдэнжавтай хамтарч “Мандухай цэцэн хатан”, “Цогийн идэр нас” зэрэг жүжиг бичиж, Бөмбөгөр ногоон театрт тоглуулж, тэдгээрийг нь маршил Х.Чойбалсан, нөхдийн хамт биеэр үзэж, урам зориг өгч байсан бол Д.Намдагийн алдарт “Цаг төрийн үймээн” романыг анх эх барьж авсан тухайдаа сонин түүх хүүрнэдэг байсан юм.

Монгол Улсын Ардын уран зохиолч маань ийм л “Хайр нь дотроо, хал нь гаднаа…” халамжтай сайхан ах маань байлаа.Хааяа онцгой үйл явдлаар ч юмуу, сүүлд Цагаан сарын баярын үеэр золгож очиход Бааст ах өөрийн шинэ гарсан ном юмуу, эсвэл миний сураглаж очсон гадаадын зохиолчдын номонд сэтгэлийн сайхан үг бичиж, дурсгал болгож өгнө. Ийм маягаар надад 30 орчим ном бэлэглэсэн байх юм. Энэ нь маш үнэтэй бэлэг, цомхон сайхан номын сан болой. Тэрээр «“Дөрван туужийн Бор” (1986) номдоо «Эрхэм дүү Хүрэн-Алагийн Хангайсайханд! Даруу чинь дэндэж, хөдөлгөөн чинь удааширч байна. Энэ их хөдөлгөөнтэй үед ингэж амьдарч болохгүй ээ! Тэмцэл, зүтгэл эцсийн эцэст бүхнийг шийднэ шүү!.. Б.Бааст. 22.03.1986.Улаанбаатар», “Писатли Монгольской Народной Республики(1921-1981). Библиографический справочник. Москва, 1982” номд:

“Нутаг усны минь хүү

Нэг насны хайрт дүү

Хангайсайхандаа

Халуун сэтгэлийн угаас дурсгав. Б.Бааст. 1993.IV.19» гэсэн бол “Чонын буян” (1997) номдоо:

Хайртай хар дүү-

Хангай сайхандаа дурсгав.

Ахыгаа санаж, дурсаж,

Алдсаныг нь давтахгүй яваарай!Б.Бааст. 7.XI.1997”, мөн шинээр хэвлэгдсэн“Дөрвөн туужийн Бор” (2004) номдоо:

“Аймаг нэгтэй

Амьдрах зорилго нэгтэй

Авъяаст найрагч,

Адтай орчуулагч,

Андын дээд,

Ариун журамт Х.Хангайсайхандаа дурсгав.Нөгөө муу ах хэмээгдэх Б.Бааст. 22.VIII.2005”,

“Уйтай сэрүүн намар”(2006 он) номдоо:

“Монголын яруу найраг, үргэлжилсэн үг, орчуулгын ажлын үйлст их ирмүүн- ширүүн ажилтай, амжилттай яваа дүү Х.Хангайсайханд дурсгав. Б.Бааст. 3.III.2007” гэж,“Чулуунцэцэг” (2012)” номдоо: “Нутаг нуга нэгтэй, амьсгалах агаар нэгтэй дүү- Хангайсайхандаа. Б.Бааст. Шинийн гурван” гэх зэргээр бичиж дурсгасан билээ, өмөг түшигт, буянтай буурал ах минь!..

Харин 2000-аад он гарахад Бааст ах маань миний сонин сэтгүүлд хэвлүүлж буй шүлэг, нийтлэл, орчуулгыг нэлээд анзаарч, “Одоо би чиний тухайд нэг дуугарна аа…” гэж нэгэнтээ хэлснээ гүйцэлдүүлж “Хангайсайханы Ромьео Жульетта хоёр” гэсэн томоохон шүүмж-тэмдэглэл бичиж сонинд нийтлүүсэн нь надад мөн ч их урам өгснийг мартахын аргагүй ээ. Энэ шүүмж- тэмдэглэлдээ манай уран зохиолын богино өгүүлэгийн төгс чадвартан Ж.Лхагва, богино шүлгийн нэртэй инжаан Д.Нямаа, дуун хөрвүүлэгчийн их гавьяатан Ц.Хасбаатар нарын бүтээл туурвилын уламжлал чамд ямар нэг байдлаар ажиглагдаж буй гэлтэй гэж намайг магтсан нь бүр ч өндөр хариуцлага хүлээлгэсэн явдал болсон билээ.

Монголын их утга зохиолын нэгэн зууны амьд архив болсон зохиолч маань өөрөө 150 гаруй ном хэвлүүлж Монголын уран зохиолд үргэлжилсэн үгийн романаас бусад бүх төрлөөр зохиол бүтээлээ туурвисныг доктор С.Байгалсайхан, Д.Болормаа нарын судлаачид «Б.Бааст нь яруу найрагч, хүүрнэл зохиолч, жүжгийн зохиолч, нийтлэлч, орчуулагчийн хувиар өөрийн гэсэн өнгө аястай бүтээлээрээ баримтыг уран сайхнаар боловсруулж, уйгагүй хөдөлмөрлөхийн жишээг үзүүлж хоёр үеийн уран бүтээлчдийн бат холбоос гүүр болж залгамж үед туршлагаа өвлүүлж, XX-XXI зууны Монголын утга зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа оюун билэгтэн мөн» гэж үнэлсэн байна.

Тийм ээ, бүтэн нэгэн зуунд амьдарч, ажиллаж, бүтээж туурвихын гайхамшигт үлгэр жишээ үзүүлсэн эрхэм буурал ах маань төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэний хүндтэй алдрыг зүй ёсоор хүртсэн ХХ зууны Монгол тулгатны зуун эрхмийн нэг яах аргагүй мөн билээ!

МҮЧЗХ-ны болон Н.Рубцовын нэрэмжит Бүх Оросын Утга зохиолын шагналт Х.ХАНГАЙСАЙХАН

Categories
булангууд мэдээ өд-бэх

Уулсын уулсаас өндөлзөх азын цэнхэр уул

Хүний сэтгэлийн хойморт хүндэт суудал эзлэн заларсан эрхэм хүмүүн орчлонг гэнэт орхилоо гэсэн гашуун мэдээ сонсоход өр зүрх өмөрч, ухааны чагтага мултрах шиг болдог юм байна. Ухаан санааны орон зайд олбог түшлэгтэйгээ заларсан Пүрэв баавай минь миний хувьд тийм л хүний нэг. Тэсгим өвлийн жавар тачигнасан тэр орой муу сураг сонсоод, дөнгөж өчигдөрхөн бид инээлдэж суугаагүй билүү гэж бодохоор үнэмшихэд бэрх санагдавч хуурамч хорвоогийн овлигогүй араншинтай эвлэрэхээс өөр яах ч билээ. Монголын их утга зохиолын эрдэнэсийн өв санг манлай бүтээлүүдээрээ арвижуулж ирсэн үргэлжилсэн үгийн зохиолын үнэт хүдэр олборлогч, өгүүлэхүүн уран дархан Санжийн Пүрэв эх орны аугаа их дайны түймэр дүрэлзсэн жилийн өвөл цаг дор Алтайн их уулсын салбар өндөрлөгт дуугаа хадаан төрсөн байдаг. Жирийн малчин ардын аргалын утаа бургилсан эсгий гэрт өсч торнин, хурга ишигтэй хөөцөлдөж, унага даагатай ноцолдон эрийн цээнд хүрсэн тэрбээр бичээч, нягтлан бодогч, слесарь, байлдагч, нүүрс малтагч, эвлэлийн ажилтан, яруу найрагч, сэтгүүлч, зохиолч гээд хийж үзээгүй ажилгүй, амьдралын урт замыг туулжээ. Нэрт зохиолч болтлоо өсөж өндийсөн Монголын утга зохиолын нэгэн ноён оргилд ийнхүү цасан нурлага болсноороо ажилчны алхны тогшилт, уурхайчны өрөмний нүргээн, байлдагчийн бакалийн чимээ, усны гудамж дахь хашгираан, усаа дагаж жаргах хонгор бүсгүйн инээмсэглэл, азын цэнхэр уулаа зүглэх малчны нүүдэл зогслоо гэсэн үг биш, харин ч уншигч түмний сэтгэл зүрхэнд улам бат хоногшин үлдлээ гэсэн үг юм.

Баавай бид хоёр нэг нутаг усны хүмүүс гэж би бардамнан ярих дуртай байлаа. Алтайн ноёлог уулсын үргэлжлэл Даривын хөндлөн хөх нуруу, тэр их хөглөгөр уулсын дунд орших Майханы хөндий бол бидний хүй цөглөсөн тоонот билээ. Манай Алтайчууд дандаа л Даривын цэнхэр нуруу гэж нэрлэдэг тэрхүү хөх уулсдаа Баавай минь дэндүү хайртай байв. Бага насны гэрэлт өдрүүд нь тэнд өнгөрсөн болохоор тэндээс л уран бүтээлийн урам зоригоо олж, ундарга арвин мөрөн шиг уншигчдынхаа сэтгэлийг цэнгүүлсэн, жинхэнэ монгол ахуй амьдралыг тагнайд амтагдаж, нүдэнд харагдтал урласан уран яруу бүтээлүүдээ хөврүүлдэг байсан юм шүү дээ. Баавайн олон зохиолд тэрхүү цэнхэртэн харагдах Дарив сумын минь миний мэдэх, сонсож дуулсан олон уул усны нэр дурдагдаж, таньж мэдэх олон хүний дүр төрх санагддаг нь хуучин танилтайгаа уулзах мэт сайхан сэтгэгдэл төрдөг билээ. Дагестаны их яруу найрагч Расул Гамзатов “Уулын хүн уулаа л дуулдаг юм” гэж хэлсэн байдаг. Үнэн ажээ. Гамзатов, Баавай хоёр адилхан уулын зохиолчид юм. Том улсын найрагч болохоор эрхэм Гамзатов дэлхийд нэр нь түгсэн болохоос бус Санжийн Пүрэв авьяас билгээрээ юу дутах байсан юм гэж би мунхагланам.

Уран зохиолын олон төрөл зүйлээр урлан бодож, ухааран сэтгэж бичих төрмөл онцгой авьяастай, Монголын уран зохиолын том төлөөлөгч энэ эрхэм бол ард түмэндээ азаар заяасан зохиолч байв. Түүнийг Монголын уншигчид хэрхэн хүндлэн хайрладаг нь зовохын цагт нөхрийн чанар танигдана гэгчээр гадагшаа явж эмчлүүлэх болоход нь илрэх шиг болсон доо. Алтайчуудаас эхлээд алс холын Америк, Австрали, хажуу дэргэдийн Япон, Солонгост суугаа монголчууд, өвөрлөгч нар гээд хэдэн зуун хүн өглөгийн гараа сунгаж, хайр халамжийн халуун алгаа дэлгэсэн юм. Монголын зохиолчдын хороон дээр Баавайн олон ном зохиолыг борлуулах ажил зохиогдоход мөнгөөр тусалж чадахгүй ч номыг нь худалдаж авъя гэсэн хүмүүс олноороо ирж байв. Энэ бүгдийн буянд эмчилгээний зардал нь амархан бүрдэж, урд хөршийг зорьсон ах минь удсан ч үгүй эрүүл сайхан болоод эргэж ирэн бичгийн ширээнээ суусан сан. Явахаас нь өмнө болон ирснийх нь дараа Гачуурт дахь гэрт нь өдөр бүхэн зочид гийчдийн хөл тасрахгүй байж, хэрхэн эрхэмлэн хайрлаж, энгүй ихээр хүндэтгэж байсныг нь ойр дотно байсны хувьд мэдэх болохоор эргэн санахад сайхан байна. Энэ бүхэн бол төрөөс олгоогүй гавьяа шагнал, алдар цолноос илүү эрхэм дээд хүндлэл байв.

Энэ сайхан хүнтэй би хувь заяаны төөргөөр мянган бээрийн аяллыг хэдэнтээ хамт хийжээ. Эрхэм ах минь намайг бараа болгож дагуулан олон ч удаа төрсөн нутгийн замд гарч, тэр бүхэнд хийморь заяатай, хоймор суудалтай явсан билээ. Хамт явахад ханилгаатай хүн сэн. Илүү дутуу зангүй, энгийн, хүн голно шилнэ гэж байхгүй, өнөөх л Баавай минь яг л байгаагаараа, хааяа ялимгүй халамцуу байхдаа тогоо нэрэхэд эхний ус авсан жалавч шиг тос даан хөлрөөд, зүлгэмэл хүрэн царайнд нь хөлс шууран, тугалынх шиг тунгалаг хар нүд нь эргэлдээд, тослог сайхан яриа өрнүүлж суух нь бахтай сан. Цагаан сүүний ундарга мэт санаа цагаан, хүнд гэмгүй, мөрөөрөө, өгөөмөр тусч, алсын ханилгаатай, монгол жудагтай эр хүн бол Баавай минь байсан даа. Монголын их утга зохиолд хоёрхон эрхмийг Баавай хэмээдэг. Тэр нь агуу их Сэнгийн Эрдэнэ, Санжийн Пүрэв хоёр юм. Энэ нь Баавайд минь оноосон хэр их үнэлгээ болох нь тодорхой. Хэнтийд болсон зохиолч-уншигчдын уулзалт дээр хөтлөгч нь: –Төрийн шагналт зохиолч Пүрэв үг хэлнэ гэжээ. Тэгэхэд нь Баавай: -Ээ базарваань, тэр чинь би биш “Зүрхний хилэн” роман бичсэн Жамбын Пүрэв шүү дээ хэмээн сандран өгүүлсэн гэдэг юм. Тийм л сайхан эгэл даруухан хүн байв.

Баавай бид хоёр ярилцаад Алтайн хэсэг зохиолчдыг манлайлан нутаг явж, улмаар аймгийн зохиолч нөхөдтэйгөө нийлэн цөөнгүй суманд очиж, зохиолч-уншигчдын уулзалт цэнгүүн зохион байгуулж аялсан нь 2014 он бөгөөд энэ аялал маань амжилттай болж, миний бие “Алаглан харагдах Алтай” хэмээх замын тэмдэглэл бичиж,”Өдрийн сонин”-д нийтлүүлсэн түүхтэй. Тийн явахдаа аймгийн Засаг дарга болон бусад холбогдох хүмүүстэй нүүр тулан ярилцаж, сэтгэлээ нээлцсэний буянд зардал мөнгө нь шийдэгдсэнээр Говь-Алтай аймгаас төрж гарсан зуу гаруй зохиолчийн намтар түүх, шилмэл уран бүтээлээр “Тэнгэрийн мөнгөн Алтай” гэдэг жар гаруй хэвлэлийн хуудас бүхий тоосго лугаа том боть бүтээж, орон нутагт түгээсэн нь уншигчдын хүртээл болж, талархал хүлээсний дээр энэ ном одоо олдохоо больж, эрэл сурал ихтэй эрдэнэ болсонд баярлаад баршгүй. Энэ бол Баавайгийн минь нэр нүүрийн буян, алдар хүндийн нөмөр нөөлөг байсан юм. Дараа жилийн хавар нь бид хоёр дахин Алтайгаа зорьж, яруу найрагч, орчуулагч соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж агсны 85 насны ойд уригдан оролцож, энэ ойд зориулан бүтээсэн миний “Алтайн хөх салхи” номын нээлтийг ташралдуулан хийж, энэхүү арга хэмжээний талаар “Утга зохиол,урлаг” сонинд материал бэлтгэн өгч нийтлүүлж байв. Бид хоёр төрөлх Дарив сумынхаа түүхт ойн номыг бичих хүндтэй даалгавар хүлээсэн байсан тул энэ явалтаараа цэнхэр нутгийнхаа зүг хөлгийн жолоо залсан юм. Сумаа бүтэн тойрч, Баавайнхаа төрсөн бууц Их гашууны өвөлжөө хүрч, нутаг усны олон хүнтэй уулзаж, олон арван зураг дарж, сумын дарга нараас бэлтгэж өгсөн зочид буудалд хэдэн өдөр тухлан, биднийг зорьсон нутгийн хүмүүсийн хөлд дарагдаж, бичих номынхоо ноён нурууг босгож, тэр бүхнийхээ хүчинд “Цэнхэр нутаг” хэмээх уран нийтлэл, намтар судлалын томоохон ном бүтээж, нутгийн зон олондоо их ойгоор нь өргөн барьсан билээ. Баавай бидэн өмнө нь сумынхаа сургуулийн ойн номыг “Даривын сургууль” нэртэйгээр бүтээснээ тэмдэглэх ёстой. Манай Дарив хэзээнээс бичгийн мэргэд олонтой. Баавайгаас гадна Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч С.Лочин, сэтгүүлч зохиолч Р.Чулуун, радиогийн нэрт сэтгүүлч, яруу найрагч М.Цагаан гээд гавьяатуудын араас зөгнөлт зохиолч Ярвааны Чулуун, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Шаравын Энхбаатар, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Шунхайн Цоодол гээд шүлэг зохиол туурвидаг олон хүн жагсана. Бидэн хоёр эд нарынхаа шилмэл бүтээлүүдийг сорчилж “Цэнхэр нутгийн эгшиглэн” хэмээх утга зохиолын эмхтгэл бэлтгэн хэвлүүлж нутгийн түмэндээ өргөн барьсан юм. Энэ ном өдгөө манай Даривчуудын нэрийн хуудас болж, айл бүхний хойморт залаатай байгаа.

Бидний хамтдаа аялах зам бас л үргэлжлэх учиртай байжээ. Алтай нутгийн суут хүү, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жилийн ойг Алтайчууд өргөн тэмдэглэх ёслолд Алтайгаар овоглосон зохиолчдын хамт оролцох завшаан өчүүхэн бичгийн хүн надад тохиосон билээ. Энэхүү түүхт ойг тохиолдуулан Ч.Лодойдамбатай холбоотой материалуудыг нэгтгэн миний бие “Сайхан хайр” гэдэг ном бүтээснийг минь Баавай бусдаас түрүүлэн уншиж дуусгаад “Сонирхолтой сайхан ном болсон байна” гэж надад урам хайрлаж байв.

…Аугаа их авьяас билигт, эрдэмлэг энэ зохиолчийн “Цэрэг эрийн тууж”-ийг аль далаад оны эхээр олж уншсанаас хойш түүний “Эх газрын чулуу” роман, “Айлын бүсгүйг мартахгүй” тууж тэргүүтнийг амтархан уншиж, энэхүү бичгийн их хүнийг өчүүхэн би далд сэтгэлдээ бишрэн шүтэж явлаа. “Цог” сэтгүүлд хэвлэгдсэн “Айлын бүсгүйг мартахгүй” хэмээх уянгалаг гэгээн туужийг уншаад зохиол гэж ийм л байдаг аж. Яаж ингэж бичдэг байна аа хэмээн гайхан биширч, гүн бодолд автаж байснаа одоо хэр мартдаггүй юм. Гэтэл эрхэм зохиолчийн Москвад оюутан байхдаа бичсэн “Азын цэнхэр уул” өгүүллэг, “Уулын намар” тууж нь хэвлэгдэж, өөрийг нь бишрэн шүтэгч миний зүрх сэтгэлийг бужигнуулж орхисон билээ. Нэг нутгийн хүмүүсийн хувьд нутаг усныхаа олон жилийн уламжлалт амьдрал ахуйг торойтол дүрсэлсэн “Азын цэнхэр уул” өгүүллэг надад дэндүү ойр байсан юм.

Хол газраас нутаг усаа, нутгийнхаа хүн ардыг санан гэгэлзэхдээ тэднийхээ энгүүн хэрнээ ёс жудагтай монгол амьдралыг уран сайхнаар дурайтал зурж үзүүлсэн нь уг өгүүллэгийн амин сүнс билээ. Тус өгүүллэгийн багахан хэсгээс дурдахад:

…Ханд нөхрөө гайхан харснаа:

– Чи чинь өнөөдөр юу болчихоо вэ гэв.

– Яачихсан байна. Ингэхэд чи санаж байна уу, Хандаа. Танайх тэр зүүн буурин дээр, манайх баруун буурин дээр нь байлаа шүү дээ. Сайхан байжээ, бид хоёр. Ханд бүдүүн ташаагаа хөдөлгөн эмээл дээрээ суудал засаж, нөхрөө бас ч гэж сэтгэл хөдлөн хайрын нүдээр харсан хэрнээ:

-Энд чи надаар анх наадсан чинь санагдав уу гэж егөөдөв. Тэгсэн мөртлөө дотроо, манай Авир залуудаа ч сайхан амьтан байсан даа. Яаж ч болохгүй сэтгэл булаасан хүн хэмээн хайрлаж, нөгөө л ялдамхан харцаараа хүрлэгэр царайг нь илбэв… гэсэн нь бий. Эндээс харахад аливаа нэг үйл явдал, үзэгдэл юмсыг оновчтой мэргэн үгээр урнаар хэлдэг нь харагдаж байна. Энэ сайхан өгүүллэгийг би одоо ч ахин дахин унших дуртай. Энэ гэгээн өгүүллэг бичигдсэнээсээ хойш 40 дэх жил дээрээ эзнээ орхиж буурал зохиолч минь номын агаар сэлгэжээ.

Ийн зохиол бүтээлд нь шунан дурлаж, эчнээ бишрэн шүтэж, хүндэтгэн хайрлаж явсан хүнтэйгээ олон сэжмээр ойртон нөхөрлөж, ах дүү шиг ижилдэн, хол ойрын олон аянд дөрөө нийлж, буурал ахынхаа үг сургаал, яриа хөөрөөг сонсон бэлгэшээж явсан минь их хувь заяа юм. Миний өгүүллэгийн анхны түүвэр “Будрах цасны гэгээ” номыг өлгийдэн, өмнөх үг бичиж, гар дээр ирэх хүртэлх бүх ажилд замчлан тусалж, “За, нутгийн дүү минь бичээд бай даа” хэмээн урам хайрлаж байсан нь хориод жилийн өмнөх явдал агаад түүнээс хойш олон ч номыг минь шүүн тунгааж, хянан нягталсан билээ. Над мэтийн олон хүний зохиол бүтээлд анхаарч, тусалж дэмжин, өгөөмөр сэтгэлээ дэлгэж байсан ч тэрээр хэзээ ч “тэр миний шавь” гэж сайрхаж байгаагүй билээ. Даруу гэхэд даанч даруухан, өгөөмөр гэхэд дэндүү өгөөмөр, Даривын нурууныхаа хөх уулс шиг бусдад нөмөр нөөлөгтэй сайхан л хүн явсан даа.

Дутуу насалсан ч дүүрэн амьдарсан эрхэм ахын минь туурвисан арван хэдэн роман, зуу гаруй тууж, хэдэн зуугаар тоологдох өгүүллэг, уран сайхны олон кино, олон арван дурсамж, хөрөг нийтлэл, яруу найргийн ном зэрэг үй түмэн бүтээл нь Монголын уран зохиол дахь нэгэн сүрлэг сайхан сүмбэр оргил болон үеийн үед дурсагдан, монгол уншигчиддаа сэтгэлийн цэнгэл хайрласаар байх биз ээ.

Нутгийн минь хөх уулс шиг нөмөр түшигтэй зохиолч ахын минь гайхамшигт сайхан зохиол бүтээлийг үе үеийн уншигчид уншсаар байх болно, олон сайхан уран сайхны кино нь үе үеийн үзэгчид сонирхон үзсээр байх болно… хэмээн бодохуй уран бүтээлч хүн хэзээ ч сэрүүн тунгалаг гэдгийг мэдэрнэм. Оюун билигт ахын минь бүтээсэн алсын алсаас өндөлзөх “Азын цэнхэр уул” үеийн үед хөхрөн цэнхэртсээр байх болно.

А.МОЛОМЖАМЦ

Categories
булангууд мэдээ өд-бэх

Алтан шар зам

Говийн намхан намхан толгодын дунд орших жирийн л нэг жижигхэн сум ойртох бүрийд зам хорж өгөхгүй зовоох нь хэцүү. Өнөөдөр ч тэр ёсоор сумын төвийн бараа харагдсаар их л удлаа. Хоёр мянга шахам бээрийн урт зам туулаад ирсэн ачааны цэнхэр тэрэг нь урагш явахаа байчихав уу, эсвэл сум цаашаа нүүгээд байгаа хэрэг үү, хамгийн өндөр нь болох сургуулийн хоёр давхар тоосгон барилга нь эхлээд харагддаг жижигхэн сум говийн цэнхэр зэрэглээнд алслаад байх шиг санагдана.Тэр тусмаа өнөөдөр нэг л сайхан учрал хүлээж байгаа юм шиг сонин совин төрж Баяр урьд урьдынхаас илүү гэр рүүгээ яарч байлаа. Ачааны цэнхэр тэрэг дасал болсон замаар давхисаар говь газар тэр бүр харагдаад байдаггүй өвлийн дүнзэн байшинтай, аргагүй л алсын тээвэрт ийш тийшээ байнга явдаг “олонтой ч, овсгоотой ч” жолоочийн гэр орон гэдгийг илтгэх мэт хүрэн зосоор будаж, дээгүүр нь нарийн модоор эмжсэн цэлгэр банзан хашааны үүдэнд ирж зогслоо. Хашаан дотор зогсох шинэвтэр улаан мотоциклийг хараад Баяр хэн ирсэн юм бол гэж гайхан, бас гэр рүүгээ яараад байсан учрал нь энэ байжээ гэсэн шүү юм бодсоор гэртээ орвол баруун хоймор нь сууж байсан үл таних залуу яаран босч, дээлийнхээ энгэр заамыг товчлон, ханцуй хормойгоо янзалснаа өврөөсөө цэнхэр хадаг гарган барьсаар золгох гэсэн бололтой гар сунган ирэв. Өөдөөсөө инээмсэглэн ирсэн залуутай золгож, үнсүүлэхээр бөхийхөд нь яаран сандран хацрыг нь үнэрлэхдээ Баяр хэн гэдгийг нь үнэхээр таньсангүй.Гэрийнхээ хоймрыг дүүргэн сууж, эхнэрийнхээ аягалсан цайг амсаад ширээн дээр тавин тавьтлаа өөртэй нь золгосон тэр залууг хэний үр удам, хэн болохыг таамаглах гэсэн ч Баярын санаанд юу ч орсонгүй. Баяр уг нь арын сайхан хангайд төрж өссөн хүн.Цэрэгт мордоод л нутгаасаа гарчээ. Говь хээр хосолсон энэ газарт шинэ уурхай нээгдэж, уурхай дагасан жижигхэн сум байгуулагдахад тэрээр жолоочоор ирээд бараг хориод жил болсон билээ. Гэвч алтан шар замын буянаар нутагтаа очих завшаан Баярт байсхийгээд л олдож, ах дүүсээрээ ороод гарчихдаг болохоор хамаатан садан хэн нэгнийх нь үр хүүхэд бол танихгүй байх учиргүй.

Өөрийг нь танихгүй байгааг анзаарсан бололтой үл таних залуу ам нээж “Та намайг нэг л танихгүй байна аа даа” хэмээн асуув. Баяр сандран

-“Хм мм. Үгүй ээ, үгүй. Үгүй ч гэж дээ үнэнийг хэлэхэд нэг л оноохгүй л байна” хэмээн зовнингуй өгүүлбэл залуу инээснээ “Аргагүй ээ, би тэгэхэд одоогийнхоос үнэхээр их өөр байдалтай тантай таарсан л даа. Би Болд байна.Тэр жил та надад үнэхээр том тусалсан шүү” гэлээ. Залуу ийн хэлээд нэгийг санасан бололтой гунигтайхан инээмсэглэхэд нь таван жилийн өмнөх тэр нэгэн явдал Баярын санаанд зурсхийн орж ирэв.Тийм ээ, тэр цагаас хойш Болдын царай зүс үнэхээр өөрчлөгдөж, гэхдээ энэхүү гунигтайхан инээмсэглэл харин Баярын санаанд хэзээ ч мартагдахааргүй тод үлдсэн юм.

…Баяр Улаанбаатараас ачаа ачаад оройхон гарлаа.Шөнийн сэрүүнд машин сайхан явдаг хэмээн тэр үеийн тээврийн жолооч нар ярьдаг, тиймээс ч тэр үү, ихэнх нь орой ч байсан хамаагүй замдаа гардаг байсан билээ. Жаахан ч болов зам хороогоод авна аа хө хэмээн бодсоор замд гарсан Баяр зуу гаруй км давхиад Багануур хүрчээ.Шөнийн сэрүүнд нэлээд явчихъя, юутай ч Хэрлэнгийн гүүр өнгөрч байж хоноглоно хэмээн зүтгэсээр Хэрлэн хүрсэндээ сэтгэл ханасан Баяр жаахан нойр авахаар шийдэж, замаас зайдуухан гарч зогсоод, машиныхаа хаалгыг дэлгэн унтахаар хэвтэв. Гэнэт нойрон дунд нь хэн нэгэн толгойг нь илээд авах шиг санагдахуйд Баяр сэрмэглэж “Үгүй ээ, зүүдэлсэн байлгүй. Энэ эзгүй хээр газар харанхуй шөнө хэн намайг татаж чангаах билээ. Магадгүй ээжийгээ зүүдэлснээс зайлахгүй” хэмээн бодоод нүдээ анин хэвтэж байтал яах аргагүй тэргүүнд нь нэг юм хүрэх нь тэр. Баярын нуруугаар хүйт дааж “ За байз, галзуу чоно, нохой таарснаас гарцаагүй. Тэгээд л цоройж үнэрлээд байгаа байх” хэмээн бодонгуут гараа явуулан бүсэндээ байнга зүүж явдаг жижиг хутгаа тэмтэрлээ. Хутга нь бүсэндээ байсанд жаахан зориг орж, хутгаа сугалаад ухасхийн босч кабиныхаа гэрлийг асаавал алаг эрээн хувцастай туранхай залуу бүдэгхэн гэрлээс нүүрээ халхлах аядан зогсч байв. “Хоригдол. Хоригдол байх нь” хэмээн бодохуй Баярын нуруугаар түрүүнийхээс ч илүү хүйт оргиод явчихлаа. “Юу вэ чи? Хүн үү? Хэн бэ” хэмээн асуухдаа Баяр өөрийнхөө хоолой чичирч байгааг мэдрэв.

Нөгөөх алаг хувцаст шөнийн үзэгдэл Баяраас ч илүү чичирч сааралтсан хоолойгоор “Ах аа, би хүн байна аа. Та надад туслаач” хэмээн гоншгонох нь тэр.

-Юу? Би чамд юугаар туслах гэж. Харанхуй шөнө, хээрийн замд хүн цочоогоод… Яадаг хүн бэ, чи” хэмээн асуухдаа Баяр арай сэхээрлээ.

Алаг хувцаст өнөөх л гоншгоносон нарийн дуугаар,

-Уучлаарай ах аа, таныг сэрэх болов уу гээд хүлээсэн сэрдэггүй.Тэгээд л аргагүй сэрээчихлээ. Би хорих газраас оргож яваа хүн байна аа. Та намайг суулгаад эндээс гаргаад өгөөч. Би танд замдаа бүх учраа хэлье” гэлээ.

Бүдүүрч амжаагүй, хүүхдийнх шиг шингэн дуугаар нь хорь орчим насны залуу болохыг Баяр таамаглав.Гэрэлд бүдэгхэн сүүмэлзэх тэрхүү залууг дахин ажвал бие бялдраар Баяраас арай бага бололтой. “За гэнэт дайрлаа гэхэд бариад авбал дийлчихэж болох л юм байна. Намайг унтаж байхад алчихаж ч болох байсан.Тэгээгүйг бодоход муу юм хийхгүй биз” гэж бодоод Баяр нэлээд тайвширлаа. Гэхдээ л түүний сэжиг арилсангүй.

-Алив чи тэр гэрэлд гараад зогс доо хэмээгээд машиныхаа гэрлийг татвал алаг хувцаст дуулгавартай нь аргагүй асаасан гэрлийн дор очоод зогслоо. Баяр андуурсангүй. Хорь орчим насны туранхай жижиг биетэй залуу аж.

-За одоо нөгөө талын хаалгаар хүрээд ир. Тэгээд юу болсноо надад яриатах гэвэл залуу,

-Ах аа, би ээжтэйгээ уулзах гэсэн юм. Ээж минь бие нь муу гэсэн сураг ирээд.Тэгээд би ээжтэйгээ уулзах гээд оргочихсон. Манайх Дорнодод хөдөө байдаг л даа.Та зүүн тийшээ явж байгаа бол намайг жаахан дөхүүлээд өгөөч” хэмээн гуйлаа.

Чухам яагаадыг бүү мэд, Баяр тэгэхэд Болдод итгэсэн юм. Анх хараад айж цочин, сэжиглэж байсан тээврийн тэрэгний жолооч маань нэг л мэдэхэд тэрхүү “алдаж яваа эрд” өөрийн хуучин муу хүрэм, өмдөө илүүчлээд зогссонгүй, маргааш нь өөр тийш зам салахдаа замын машинд хэдэн литр бензин хийж өгч байж шинэхэн танилаа дайсан ажгуу. Бас замын бэл болгон хэдэн төгрөг авч өгөхөд Болдын нүдэнд нулимс цийлэгнэж ирснээ “Баяртай, ах аа. Танд их баярлалаа. Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ. Дахиад уулзана биз дээ” хэмээн хэлээд салж билээ.Ачааны тэрэгний тэвшин дээр суугаад хөдлөхдөө тэрээр яг түрүүнийх шиг гунигтай инээсээр гар даллан одсонсон.

Баяр ийн бодлогошрон суутал Болд ам нээж “Ах аа, би танд эр хүний замын хүзүү урт. Дахиад уулзана гэж хэлсэн байх аа. Таньтай дахиад уулзаж чадна гэдэгтээ би итгэлтэй байсан. Харин ээжтэйгээ л уулзаж чадахгүй байх вий хэмээн санаа зовж байлаа” гээд тамхи асаан бодлогошров.

Тэгээд? Тэгээд уулзаж чадсан уу? хэмээн асуумаар байсан ч Баяр асууж зүрхэлсэнгүй. Хэрвээ уулзаагүй гэвэл тэрээр юу гэх билээ. Тийм тохиолдолд яагаад ч юм Баяр өөрөө буруутай болох юм шиг нэг л их сонин санагдаад явчихав. Болд тамхиа уртаа гэгч сорон уушигласнаа яриагаа үргэлжлүүлж,

– Тантай ямар ч гэсэн дахиад уулзаж, баярлалаа гэж хэлнэ хэмээн би ээждээ амалсан юм. Магадгүй, ээжтэйгээ амьд уулзаж, толгойг нь түшиж чадсан минь тухайн үед миний амьдралдаа хийсэн хамгийн том гавьяа байсан байх. Намайг очоод удаагүй байхад эрлийн хэсэг араас минь ирсэн. Гэхдээ тэд намайг авч яваагүй.Би ээжийнхээ ажил явдалд оролцоод буцсан шүү гэхэд нөгөө л гунигтай инээд нүүрэнд нь зурс гээд өнгөрлөө.

-Хоёр жилийн өмнө суллагдаад нутагтаа очсон. Амьдрал маань ч овоо жигдэрч байна. Маргааш нөгөө “байсан” газраараа нэг дайраад буцна. Надад итгэсэн сайхан хүмүүсийн итгэлийг дааж, дахиж алдахгүй эр хүн шиг амьдарна аа гэж би ээжийнхээ шарилын өмнө өөртөө тангарагласан юм.

Одоо дүү чинь дахиж алдахгүй ээ гэж хэлээд Болд Баяр луу харан инээмсэглэв.Түүний царайд өмнө нь Баярын санаанд үлдсэн тэрхүү гунигтай инээмсэглэл биш, харин өөртөө итгэсэн залуу хүний жаргалтай инээмсэглэл тодорч байлаа.

Маргааш нь мань жолооч санаандгүй учралаар таарсан “муу” дүүгээ,

-Дүү минь, ах нь жолооч хүн болохоор алтан шар зам өлзийтэй байг ээ гэсэн ерөөл хэлэх дуртай. Миний дүүгийн амьдралын алтан шар зам өлзийтэй байг хэмээн ерөөсөөр үдлээ.

М.АМАРБАЯР

Categories
булангууд мэдээ өд-бэх

Нэгэн их нууц буюу Цэвээний ЦЭНД

-СОДОН ХҮНИЙ ТУХАЙ-

Яруу найрагч Цэвээний Цэнд гэж нэг “содон” нөхөр бий. САЛДАН ДОЛООН ОВОГТ түүний дотоод ертөнцөд нэвтэрнэ гэдэг тийм ч амар хялбар хэрэг бус. Ямар ч энгийн санааг тултал нь орооцолдуулж орхино. Ээдрээ төвөгтэй болгочихно. Юмыг ээдрүүлж байж сая сэтгэл ханана. Тэр нь сэрэхүйн нарийн гижиг хөдөлгөх нь бүүр ч жигтэй. Шүлгүүдийг нь анх уншихад “энэ лав гажиг нөхөр байх” гэж бодмоор. Юутай ч түүний шүлгүүдийг Г.Бадамсамбуу “имперссионист” гэж оношилсон юм даг. Монголын яруу найрагт ай тэмдэглэх оролдлогыг тууштай хийж яваа хүн бол Ц.Цэнд юм. Бас номынхоо шүлгүүдийг өөрийн зурсан таталбаруудаар дүрсжүүлсэн найрагч.

Ц.Цэндээс гэнэ гэнэ хачин авир гарна. Хамтдаа алхаж явснаа уулын бэлд идэшлэх үхрийг хараад, “Хүмүүс, жишээ нь, тэр үхрийг өвс идэж байна гэх байх. Би бол үхэр өвс идэж байгаа нь үхрийн хэлэнд байна гэж хэлнэ. Өвсийг ороож аваад тасдаж байгаа тэр хэлэнд л үхрийн мөн чанар байна” гэх юм уу, “Ээждээ хурдан очихыг сумтай зүйрлээд байх юм. Сум гэдэг чинь мөн чанар нь үхэл” гэж уулгална. Нэг удаа Г.Бадамсамбуутай хотын гудамжаар явж байснаа утааны сүүдэр газар унасныг хараад “Хөөе, энэ утаа чинь сүүдэртэй юм гээч” гэж олзуурхан хөөрөлхсөн гэх. Тэгээд Г.Бадамсамбуу “Утааны сүүдэр” нэртэй ойллого түүнд зориулж бичсэн удаатай.

Түүний 1988 оны өвөл Увс аймгийн “Тэргүүний малчин” сонинд нийтлүүлсэн “Цочино гэдэг агшны хорвоо” шүлэг тухайн үедээ л “эвэртэй туулай” байв. Мөн “Сүүдэр”, “Дэлхийн агаар” зэрэг шүлгүүд нь ч бусдаас онцгой ялгарч байсан юм. Яруу найрагч Б.Лхагвасүрэн 1980-аад оны сүүлээр Дарханд ирэхдээ “Залуучууд” театрын гэрлийн техникч Ц.Цэндийн шүлгүүдийг уншуулж сонсоод “Ямар хуцдаг бацаан бэ?” гэж дуу алдсан гэдэг. Тэгээд хэдэн шүлгийг нь радиод бичиж аваад явжээ. Тэр үе бол Б.Лхагвасүрэн найрагчийн ид босоо үе нь шүү дээ. Одоо бол Ц.Цэнд театрын дулаан хариуцсан инженер. Нэгэнт танигдсан яруу найрагч.

Ц.Цэндийн энэрэхүй үзэл Д.Урианхай багшийнхаа хөг, агаартай нэг гэж болно. Тэр бас талийгаач анд Б.Пүрэвсүрэнтэй уулын даяанд суусан хүн. Нүсэр хүнд юм шиг бодогдох шүлгүүд нь асар их дотоод хүчтэй. Тэсрэлттэй. Тэгсэн мөртлөө тэнд итгэхэд бэрх уян зөөлөн ай, хөдөлгөөнүүд бий. “Өвсний жавар” хэмээх бяцхан ойллого гэхэд л тэр чигтээ энэрэхүйн зөөлөн ай. Их мөсөн цавтах дуу цээжнээ түрэн ирэхэд загасны нүд жиндэхийг сонсон халаглах дотогш орь дуу. Ийм зөөлөн айтай мөртлөө хүн нь өөрөө адгуу, тэрслүү, цочмог нэгэн. “Насны эрхээр өтөлнө” гэдэг шиг одоо л жамаа дагаад зөөлөрч яваа болохоос. Гэхдээ л төрөлх зангаа амар тавихгүй нь мэдээж.

Хаврын адгуус

цээж нүцгэн!

Ороо удирдах

тарлан газар

Сар бөгтөр харайн

Хоосон дуу гишгэлээ…

* * *

Буга урамдаж өвс зуув уу?

Бүсгүй зүүдэлж хөхөө дарав уу?

* * *

Ичээнд унтах хулгана

Исгэрэн өвслөх сонсдоод…

Ц.Цэнд ийм л тод содон мэдрэмжтэй найрагч.

Түүний тэрслүү зангийн нэг жишээг Ж.Баяржаргал найрагч хөгжилтэй ярьдаг юм. Тэр нь юу гэхээр Дархан хотын Утга зохиолын нэгдлийн нэг удаагийн цуглаан дээр Ц.Цэнд О.Дашбалбар найрагчийн шинэхэн хэвлэгдсэн “Оддын аялгуу” түүврийг цоохор болтол нь засчихсан аваад иржээ. Нэгдлийн эрхлэгч П.Авирмэд гуай түүнийг үзээд бөөн уур болж, Цэндийг зад загнаж. Мань эр ч амар бууж өгсөнгүй. Өөдөөс нь мөчөөрхөж. Түүнээс болж бөөн маргаан дэгдсэн юм байх. Тухайн үедээ энэ нь сэтгэлгээний эрх чөлөө эрмэлзсэн тэмцлийн “хурц” хэлбэр байж.

Согтоод ирэхээрээ тэр ганцхан дуутай:

Нүд чинь талимаараад

даанч сайхан

Нүглийн шүд хүрээгүй

алиман дээр суусан

Хар цоохор эрвээхэй

Хатан сормуусаа билүүднэ

Б.Лхагвасүрэнгийн шүлэг.

Үг, ая нь яг Цэндэд тохирсон дуу.

Алтан хуа цэцэг нь хар илтэстэй яа…

Энэ бол түүний надад үзүүлсэн дууны шүлгийн нэг шад.

Ийм шүлэгт ая тааруулахад чамгүй нарийн ухаан шаардах байх.

Увс нутгийн уулс

Уур хүрэм өндөр…

Нутгийнхаа уулсыг тэр ингэж “магтах” жишээтэй.

Жүнз жингэнүүлье!

Зүрхээ баясгая…

Хөнгөхөн шүлэг нь.

Г.Бямбажав найрагч их дуртай.

Хөмсөг нийлье!

Нэг мөрт шүлэг нь.

Шувуу, шувуу…

….увуу, увуу…

…вууд вууд…

“Шувууд” шүлгээс нь.

Тэр бас “Улисс”-т модерн шүүмж бичсэн гэж байгаа.

Судлаач, шүүмжлэгчид Ц.Цэндийг үгүйсгэж зүрхэлдэггүй юм. Гэсэн мөртлөө одоо болтол түүний тухай өөртөө бүрэн итгэлтэй дуугарсан нь үгүй. Энэ нь Ц.Цэндийн уран бүтээлийн ертөнц хэнд ч хөндөгдөөгүй, атар зэлүүдээрээ байгаа гэсэн үг. Түүний бүтээлийн нарийвчилсан судалгааг “ИРЭЭДҮЙ ЦАГТ” итгэж даатгаад орхино гэхэд дэндүү харамсмаар. Утга зохиолын шүүмж судлалд өөрийгөө зориулж, шинэ хуудас нээхийг хүссэн, ид оргилж яваа залуусын хувьд гэвэл хүч сорих томоохон талбар уг нь энд л байгаа юм даа.

Ц.Цэнд ид залуу насандаа яруу найрагт өөрийн дотоод цөмөөс нэгэн их нууцыг үүтгэжээ. Номын санаа шинэ содон юмгүй, хэвшмэл бол уйтгартай. Хэрэв уншигчийн бодолтой яг таг давхцаж байвал толгой дохин зөвшөөх, сайшаахаас хэтрэхгүй. Харин шал өөр байвал тэндээс шинийг танин мэдэж, мэдсэнээ цааш лавшруулах хүсэл төрнө. Тиймээс л бүх цаг үеийн өдөөгч, уриалагч, турхирагч хүч нь БУСДААС ӨӨР СЭТГЭХ явдал байсаар ирсэн байна.

Ц.Цэнд амьдралаас хэт тасархай мэт этгээд сэтгэлгээтэй мөртлөө амьдралыг маш сайн мэднэ. Сайн аав. Сайн хань. Бас сайн өвөө. Зах зээл эхлэхэд тэр бидэн шиг алмай суугаагүй. Дампуу загнаж, дэмий тэнээгүй. Цээжээ дэлдэж хийрхээгүй. Нам гүмхэн байсан. Бүтээлээ хийхийн зэрэгцээ янз бүрээр хөдөлж үзсэн. Наймаа ч хийсэн. Уух архиныхаа мөнгө олох гэж (өөрийнх нь хэлснээр) бөхийн зодог шуудаг хүртэл ширж сурсан. Аливаад няхуур, цэвэр цэмцгэр нэгэн.

Ийм л нэгэн найрагч чимээгүйхэн аж төрсөөр л…

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.УЯНСҮХ

Categories
булангууд мэдээ өд-бэх

Ертөнцийг хавар мэт шинэтгэх найргийн гэрэлт өдөр өө…

Оросын их зохиолч Ф.М.Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн удаатай. “Яруу найраг ертөнцийг аварна” гэж яруу найрагч Гүн Аюурзана эшлэх дуртай. Монгол түмний оюун сэтгэлгээнд яруу найрагчдын гэрэлт мөр шад дурайсаар байдаг нь сайхан. Ванчинбалын Гүларансын

“Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт

Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил

Үсийн хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад

Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмой” гэж “Сайхан хүмүүн” шүлэгтээ өгүүлсэн нь сэтгэлийн дотор бүсгүй ертөнцийн гайхамшгийг мэдрүүлэн байдаг билээ л. Явуугийн “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би”, дорнын их найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”, Эрээнцавын Нямсүрэнгийн “Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм. Дэргэд нь усны хөх ванн байсан юм”, Ванхүүгийн Батбаярын “Юутай сайхан бэ, эжийн минь өгсөн ертөнц” зэрэг алдарт шүлгүүдийг уншаагүй, сонсоогүй монгол хүн байдаг гэвэл өвсөнд зүү хайхаас хэцүү. Нямбуугийн Нямдоржийн

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг

Зүрхний их хулгайч юм

Олон эрсийг шаналгах

Сэтгэлийн тулалдааны талбар юм

Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс хойно нь болоход

Ерэн ес нь шархална” гэсэн шүлэг бий. Нэг л сонсоод чихэнд хоногшдог эгшиглэнт ийм мөрүүдээр Монголын яруу найраг хэзээд дуташгүй буюу. Мөнгөн бахал нь салхинд хийсэх шиг хөнгөн халуун сэтгэлт найрагч Ламжавын Мягмарсүрэнг

“Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам” гэж уншихад мянгантаа сонссон ч уйдсан хүнийг би найрагчдын ертөнцөөс олж хараагүй. Ерээд онд “Зүс бүгэг андууд”-ын Баатархүүгийн Пүрэвсүрэн ахын “Шулга хархан нүдийг чинь санахын цагтаа яанам бэ…” гэсэн мөрийг бодох бүр л нэг л гэгээхэн мэдрэмж төрдөг сөн. Өмнө нь өчнөөн л найрагч нүдийг янз бүрээр магтан дуулаа биз ээ. Гэлээ ч “шулга хар нүд” гэхэд л сэтгэлд гунигтай ч юм шиг, баясгалантай ч юм шиг хэлэхийн аргагүй догдлол үелзэл амилна.

Тэнгэр зүг халгин одсон Урианхайн жонон Хөөдөө Эрдэнэбаатар андын минь

“Урианхайн хөх уулс гэрлээр давалгаалж

Умрын салхиар хавар тэнүүчилсэн

Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд

Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй

Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх

Зэрэглээ тэнд хаялга болж чадахгүй…” гэсэн халгиа мөрүүд ямархан яруу сонстном билээ дээ. Түүний “Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад минь

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн байсан

Хацрынх нь хонхорт бороон дусал тогтож

Халгин инээхэд нь усан цацраг үүснэ

Мөнгөн лаа мэт бэлхүүс нь гэрэлтээд

Мөнөөхөн өдрийг минь зүүдлүүлж орхино” гэсэн шүлгийг ерээд оны олон найрагч анд нь цээжээр уншдаг сан.

“Уудам лаа түнгийн оройгоор

Уйтай лаа шашраа татна аа…” гэж дуулсан тэрээр униартагч ертөнцийг уянга дуугаараа сүлээд оджээ. Цэл залуухан насандаа Жан шамбалын орноо заларсан намуун тунгалаг найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил маань

“Хаалга задгай Шамбалын

Хаанаас нь ч орж болно.

Харанхуйд гэрэлтэгч дэнлүү шиг

Гэгээн болоод тодорхой” гэсэн ариун шид увдисыг өнөө чухам хэн тайлан чаднам. Дашбалбар найрагчийн баруун гарын шүлэгч шавьд тооцогддог Говь-Алтайн Хөхморьтын Дашдондовын Цогбадрахын

“Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана

Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би” хэмээх гайхамшигт мөр эдүгээ Шүлэг уулын хөх салхинаа гэрэлтэн бий.

“Охидын инээд сар адил мөнгөлөг гялалзах

Ойрадын шилтгээн-Ховдын цэцэрлэгт би ургаж явсан

Улиасны мөчрөөс соёолж хэдэн хаврыг ширтээд

Уйдангуй эгшгийн хатан сүйх шиг тасарч хийссэн

Өөр модон дээр хээнцэр бүсгүй цэцэглэдэг байсан

Өчнөөн шувуу жиргэлдэн үүрээ засах гэдэг байсан

Өнгө бадрангуй наран цагийн хаш элгийг дэвтээх

Өнцгий нь урж зажилсан бадгууд минь түүнд очдог байсан” гэсэн яруухан бадагсыг бичсэн Малиг баяуд сэтгэгч найрагч Төрийн Баянсанг ямархан хүн яруу шүлэгч биш гэж маргах билээ. Хонгор нутгийн Өлзийтийн суурингийн хүү, Ламын гэгээний найрагч Цэндийн Доржсэмбийн “Цас бороо” шүлгийг өнөө үеийн утга зохиолын хүрээний гэрэлт охид хөвүүд найрал өнгө хоршуулж

“Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна…” гэж уншихад “хүйтэн өдрийн турш ганцаардсан” найрагч хөлчүүхэн, турьгүй намхан биеэ найгуулан ганхаж зогсдог нь тэнгэрийн зараалын учир биз ээ.

“Гоо сайхан гэдэг энгийнээр

Хорвоо бид хоёрын дундын өмч юм

Гоо сайхан гэдэг эцэстээ

Хайр гэдэг үгний өргөмөл охин юм” хэмээн тансагхан бичдэг Лхамсүрэнжавын Ганзулыг

“Алтан дальтай шонхорын жигүүр надад байлаа ч

Агуу ихийн дээгүүр нисэж үл зүрхэлнэ

Арслангийн омгоор дүрэлзэх зориг надад байлаа ч

Аав л ээжийнхээ амьдад үхэж үл зүрхэлнэ” гэж уншихад хэн түүнийг авьяасгүй хэлж зүрхэлнэ. Хэлж зүрхэлсэн нэгэн хээгүй тэнэгт үзэгднэм зээ. Хөвсгөл буйдхан нутагтаа аж төрж хаврын хаварт шинэхэн номтойгоо хамт аяны шувуу шиг айсдаг Пүрэвжалын Майнбаяр гэж гэрэлт нэгэн найрагч бий.

“Жижигхэн нахиа өөр ертөнцөөс яаран ирээд

Жирийн л моддыг яруу сайхнаар хучнам

Хар турлиахнуудын шаагилдаан

цав цагаан цагираг үүсгээд

Нугын дээгүүр эргэлдэхэд

Нууцын гүнд нулимс өнхрөөд,

Хавар болмуй” Энэхэн дэлхийг шинэтгэгч хаврыг тэр ингэж мэдэрч. Авьяас төгөлдөр монгол найрагчдын ай уянга хэзээ ч тасрашгүйг Сайнжаргалын Начин найрагчийн

“Орчлонгийн захад хүрэх гээд жигүүр нь цуцсан хүлгийн

Омруун дээр гэрэлтэх толионд хүслээ живүүлэхсэн”,

“Бид мэдэрдэг юм

Мод биш ч

Бичсэн, зурсан, урласан

Мөр бүхнийхээ цаасны амийг нөхөх гэж!

Эх дэлхийнхээ хэвлийд шингээд

Эргэж төрөхдөө өөрөөсөө үй олон ой төрүүлнэ гэдгээ” гэх гэгээн утгат уянга юутай сайхан гээч. Дагийраазын Нямдорж хэмээх даруухан найрагч залуугийн “Одод живчихжээ

Огторгуйн цээлд

шувууд л сэлнэ” гэсэн “ХИЯН” шүлгийг унш даа. Хэний ч илэрхийлээгүй яруу найраг энэ биш үү.

Од, сарыг найрагч бүхэн л магтан дуулсан. Тэгвэл Ш.Хатанбүүвэйбаатар

“Од оддын бэлчирт

Нэгэн нуур байдаг

Урьдын адил туулай сэлсээр л…” гэж дүрсэлсэн буй.

Энэ цагийн уянгат гэгээн найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш

“Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд сүүдрээ нууна

Үгүй ээ…

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд сүүдрээ хайна

Үгүй ээ…

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд тэнгэрээс бууна

Үгүй ээ…

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувуудын далавч

Харанхуйг үл даана

Тийм ээ…

Тэнгэрийн мөн чанар үнэндээ

Тийм хүнд” Энэ бол жинхэнэ монгол философи, жинхэнэ монгол найраг.

Яруу найрагч Энхбаатарын Энхболдын оюутан ахуйдаа ээжийгээ санахдаа бичсэн

“Үрээ гэсэн эхийн сэтгэл уул юм билээ

Ижийгээ санасан хүүгийн бодол тал юм билээ

Бие биедээ тэмүүлэх итгэл нь мөрөн юм билээ

Ижий бид хоёр эх орон юм билээ” гэсэн мөр сэтгэлд нэг л дотно байдаг. “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн найрагч бүсгүй Батсуурийн Баясгалангийн

“Хамгийн сүүлд хэзээ уйлснаа чамд хэлэхгүй

Хашааны завсраар яралзах нохойн шүд шиг эрэмгий өдрүүд

Харван дүүлж айсуй ирээдүйгээс

Харин чи бүү ай, ирээгүйгээс…” гэх нь ямархан уншигдана, танд.

Давхардаваагийн Гансаруул гэх этгээддүү зантай ч гэмээр энхрий нэгний “Цоргоноос цацарсан далай минь

Шүршүүрхэн минь!

Зуныг, бороог санагдуулсан усан минь

Санамсаргүйгээр савж унах

Үхлийн шалтгаан минь.

Шалдан агаад хөрсөн бие дээр минь

Тасралтгүй үнэнчээр цутгах хур билээ л, чи

Шүршүүрхэн минь!

Чи миний аадар.

Над дээр тасралтгүй үнэнчээр цутга!” гэх мөн нарийн мяндсан мэдрэмж дээ. Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Балдоржийн Алтанхуягийн

“Үргэлжлэл нь эхлэл болдог гэдгийг ойлгох

Үгсээр мэс урлах шиг өрөөсгөл санагдахуй

Хаягдаж хоцорсон мэт мэдрэмжийнхээ ачаар л

Харьж гэртээ ирсэн халамцуу бие минь…” гэхийг унших ямархан байна. …

“Аяа, ядаж ялаа нисээсэй!

Ай, энэ нулимс хашгирч унадаг ч болоосой!” Яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаа ганцаардал гунигийг юутай зэвүүн, хичнээн гиюүтэй “хашгирсан” байна даа? Ай, яруу найраг гэж хүний сэтгэлийн уй гуниг, яруу баяслыг илэрхийлэгч мөнхийн жигүүр минь дээ. Эрхэмсэг гэгээн уншигчдадаа Дэлхийн яруу найрагчдын өдрийн мэндийг хүргэж, яруу найрагч Я.Баяраагийн

“Дүүрэн сархдыг дундуур аягалаад

Үүрэн гэлдэрсэн гунигаа сэгсэрье

Үхэж дуусдаг нь амьдралын жам

Үхэшгүй мөнх нь бидний зам” гэсэн шүлгээр эл бичвэрээ өндөрлөе дөө!

Ямагт биднийг ариусгадаг яруу найраг мандтугай!


Categories
булангууд мэдээ өд-бэх

О.Цэнд-Аюуш: Би долоодугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуштай хөөрөлдлөө.


-Цаст Отгонтэнгэр хайрхан, Завхан нутгаас үе үеийн сод сайхан найрагчид мэндлэх юм. Өөрөө ингэхэд яг аль сумынх билээ?

-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн хүн. Хөгшин ээж, аавынхаа гар дээр өссөн. Манай хөгшин аав Арьяа гэж нутаг хошуундаа нэртэй уяач хүн байлаа. Ус ганзагалсаар байгаад хоёр бөөр нь цоорч, цагаан үс ургаж олойртсон морийг хүртэл уяад наадмын түрүү авч байсан мундаг хүн байсан. Хөгшин ээж минь Жаргал гэж буурай ная гарчихсан нутагтаа сууж байна. Сүүлийн үед манай нутгийг хүмүүс Улаагчны хар нуур, Бор хярын элсэн манхан, Мухартын голоор нь сайн мэддэг болсон.

-Бага насандаа хаана дэрвэж өсөв?

-Ээж минь намайг нэг ойтой байхад хөдөө орхиод сургуульд явсан. Би тэрнээс хойш нутагтаа л өсч, өндийсөн дөө. Арван хоёр нас хүртэл нагац ах нар минь намайг ёстой л ардаа үүрч, урдаа дүүрч байснаа түүнээс хойш эмнэг дааганд мордуулаад тавьчихдаг болсон. (Инээв.сур) Эхлээд айна, уйлна, амаа мэдэхгүй дааганыхаа эрхэнд орно, унана. Дараа нь хашрааж сурсан. Манайх өвөлдөө нам дор, зундаа уулын хяраар нутаглана. Хярыг Нахиу ч гэж нэрлэнэ. Гоё нэрүүд шүү. Хяр, Нахиу гэж. Өглөөний сэнгэнэсэн агаарыг цээж дүүрэн амьсгалаад тэртээ баруун хойгуур цэлийх Их Монгол элсний тэндээс борооны хөх үүл газар тэнгэртэй нийлэн айсуйг ажиглаад, гүү морь унаад явж байх хичнээн сайхан гээ. Гүү морь гэснээс зуны цагт хур хүчтэй, хурдан түргэн морь унана гэж байхгүй. Нэг бол хусран гүү, нэг бол амаа мэдэхгүй даага, шүдлэнтэй шогшино. Бодоод байх нь ээ энэ том хүмүүжил байжээ.

-Хөдөөгийн хүүхэд хэдийнээс шүлэг найрагт шимтэв дээ?

-Ах нараас хожим оо. Номын ах нар минь эрт бичиж, эрт уншиж эхэлсэн байдаг юм билээ. Долоодугаар ангид байхдаа л оролдож эхэлсэн. Манай монгол хэл, уран зохиолын багш Балт гэж сайхан хүн байлаа. Тэр сайхан хүнд би үүрд талархаж явах ёстой. Надад ийм сайхан замыг нээж өгч, уран зохиол руу гараас минь хөтлөөд явсан. Багш минь бас надад түшиг тулгуур болж явсан буянтай хүн байсан. Одоо тэнгэрт морилсон. Гэвч эргээд ирсэн байх гэж би боддог.

-Өөрөө ингэхэд Р.Чойномын, Б.Явуухулангийн, Д.Пүрэвдоржийн гээд томоохон наадмуудад одтой уншиж түрүүлж байна. Ер нь хэдэн наадмын түрүүг авчихав аа?

-Наадамд яахав ээ. Хүмүүс янз янзаар л ярьдаг. Яагаад байж болохгүй юм бэ. Яагаад уралдаж болохгүй юм бэ. Наадамд уралдсанаараа хэн ч биш болчихно гэж ярих л юм билээ. Наадамд уралдаад хэн ч биш болсон хүн би мэдэхгүй. Ер нь хэн ч биш болно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Тийм үү. Тэдэн наадамд тэгж уралдсан гэж яриад яах вэ. Тоогүй сонсогдоно шүү дээ.

-“Болор цом” яруу найргийн наадамд миний мэдэхээр арваад удаа шагналт байрт орчихов уу. Лав л нэгэнтээ “Хасар, Басар хоёр үзүүр түрүүнд үлдэв” гэж бичиж байсан санагдах юм?

-Сэтгүүлч Гангаа ах тэгж бичиж байсан. “Болор цом” сайхан наадам. Д.Нямсүрэн, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Д.Урианхай нарын аваргуудын, их найрагчдын тоосоо өргөж явсан торгон дэвжээ шүү дээ. Энэ торгон дэвжээн дээр уралдаж байгаадаа баяртай байдаг шүү.

-Аль сургуулийг хэдэн онд төгсөв?

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуш захирлын Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Манай сургуулийг хүмүүс мэднэ. Сайхан яруу найрагчид, сайн сэтгүүлчид төрөн гарсан оюуны өргөө. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа багш минь биднийг тэр сайхан сургуульд тосч авсан. Ш.Дулмаа багш гайхамшигтай их хүмүүн.

-Айлын хэд дэх хүү вэ дээ?

-Айлын том нь доо. Дороо ганц эмэгтэй дүүтэй.

-Саяхан болсон төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, Зундуйн Дорж нарын нэрэмжит арван сая төгрөгийн бооцоотой наадамд түрүүллээ. Сэтгэгдлээ хуваалцаач!

-Сайхан наадам болсон. Хөөрч дэврээгүй ээ. Би түрүүлсэн нь чухал биш. Харин уран зохиолыг үнэлэх үнэлэмж сэргэж байгаад их баяртай байна. Энэ наадам дараа дараагийн жилүүдэд улам илүү өргөн цар хүрээнд, өндөр шагналын сантай зохион байгуулагдана гэсэн сураг дуулдана лээ. Энэ жил төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж хэмээх хоёр их найрагчийн нэрэмжит болсон бол ирэх жил Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Д.Нямсүрэн нарын нэрэмжит болж зохиогдох юм билээ. Сайхан үйлс бүтээж яваа “Сод Монгол” группийнханд болон хамтран зохион байгуулагчдад нь баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсэе.

-Өөрөө одоо хаана ажиллаж байна даа?

-Монголын радиогийн “Шинэ эрин” радио станц буюу нийгмийн нэвтрүүлгийн албанд ажиллаж байна. Манайхыг “Бага зохиолчдын хороо” гэж ч ярьдаг. Үнэхээр тийм. Манай албанаас соёлын гавьяат зүтгэлтэн, “Радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан, нэрт сэтгүүлч, яруу найрагч Базарын Цэдэндамба, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр гээд олон сайн зохиолчид, яруу найрагчид төрөн гарсан түүхтэй.

-Яруу найргаас өөр төрлөөр бүтээл туурвил хийж байна уу?

-Уншиж л байна. Янз бүрийн оролдлого хийж үзэж байна. Гэхдээ амар, хялбар юм гэж хаа байх вэ. Богино өгүүллэг гэж маш гоё төрөл байна. Хүний хорхой хүргэсэн төрөл. Даанч түүнийг бичнэ гэдэг хэрийн аавын хүүгийн хийж чаддаг ажил биш бололтой юм. Тууж гэж бас гоё төрөл байна. Бас л бяр шаардах ажил. Роман, жүжигтэй юу ярих вэ. Гэхдээ өөрийгөө голохгүй шүү.

-Нийгэм цаг үеийн байдал ямар байна вэ. Хүндэлдэг улс төрч бий юу?

-Ойлгомжтой байна. Болж байна, бүтэж байна гэж би худлаа ярихгүй. Тэгж хүний дургүй хүргэхгүй. Ер минийхээр бол шударга байдал их чухал юм уу даа. Манай улс жар гаруй сая малтай, нэг сая 500 км квадрат газар нутагтай. Хөрсөн дороо асар их баялагтай, түүнээс ч илүү баялаг монгол хүний сэтгэл дотор байна. Тэгсэн атлаа дөнгөж гурван сая гаруйхан хүн амтай. Ингээд бодохоор л нэг хачин байгаад байгаа юм даа. Яавч ядуу дорой байх боломжгүй. Онгирч, дэвэрч, сагсуурч явахаас илүүтэй гудамжинд өмнөө хайрцаг тавьчихаад дуулж суугаа хүүхэд, насны асарт гарчихсан эмээ, өвөө нар жин дээр минь хэн зогсох бол гэж нүдээрээ горьдож, харуулдаад гудамжны хүйтэн чулуун шалан дээр сууж байхыг үзээд сэтгэл өвддөг. Ийм байхад болж байна, бүтэж байна гэж ярих утгагүй ш дээ. Би болж байвал болоо гэсэн муухай үзэлтэй байж яаж болно. Монгол хүн байна даа энэ чинь гэж нэг гоё байна. Энэ үгийг би ойлгохдоо монгол хүн хамгийн сайхан сэтгэлтэй гэсэн утгатай байх гэж боддог. Хүндэлж явдаг улс төрчийн хувьд харамсалтай нь байхгүй. Хүндлэл хүлээх хэмжээнд байгаа эх оронч байна уу, гэвэл хэцүү байх. Хэн нэгэн эрх мэдэлтэн надад тэгээд хэлчихвэл тэгж тусалж мэднэ, ингэж магадгүй гэсэн бодол ч алга. Хааяа номын хуудаснаас аугаа их Агданбуугийн Амар, Балингийн Цэрэндорж, Манлай баатар Дамдинсүрэн, Харчин гүн Бавуужав, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын их хүмүүсийн тухай олж уншаад тэднийг өөрийн эрхгүй хүндэтгэж хайрлах сэтгэл төрдөг шүү. Харин хожим энэ үеийг удирдаж байгаа хүмүүсээс сая дурьдсан халуун эх орончид шиг хойч ирээдүйдээ дуурсагдах хүмүүс хэд байх юм бол доо, мэдэхгүй. Хэтэрхий том юм ярьж байж мэднэ. Гэхдээ би энэ улсын иргэний хувьд л бодсоноо хэлчихлээ. Энэ бол жирийн л иргэн хүний бодол шүү дээ.

-Жаахан хүндхэн сэдвээр ярьчихлаа. Ярилцлагаа сайн, сайхнаар төгсгөвөл ямар вэ?

-Тэгэлгүй яахав. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ойртож байна. Монгол түмнийг минь нохой жил ивээж, өгөөж хишиг буянаа өгөх болтугай. Хилийн цаана хувь заяаны эрхээр үлдсэн Өмнөдмонгол, Халимаг, Шинжааны Ойрад, Буриад, Дээд Монголчууд маань ч гэсэн сайн, сайхан байгаасай билээ.

НУТАГ

Манай нутгийн шувууд

Манан зүсээд нисэлдэж байна

Жаахан жаахан үрсийнх нь далавч

Жагарын орноо орхиод

Хорвоо шиг хоосон манантай

Холилдоод нисч байна

Зунжин тэднийг бөөцийлсөн өндөгний

Зулай шиг эмзэг хальс

Эндэж хагалсан дун шиг

Эвлүүлж болохгүй үзэгдэж байна

Аварга том бүргэдүүд дотроос нь

Амилж ниссэн тэр жижигхэн дэлхийнүүдийг

Амьсгал шиг зөөлөн салхи

Амьдралын альхан зүгт хийсгэх юм бол доо

Хөөрхий

Манай нутгийн буга, согоо

Манан зүсээд зогсож байна

Үрт амьтдын янзага нь

Үнэг чоныг мэдэхгүй

Орчлон шиг оргүй манан дотор

Оч шиг дулаахан унтаж байна

Хавар зуны зургаан сард

Хаданд үрж хурцалсан

Зун намрын зургаан сард

Зулзага янзагаа өмгөөлсөн

Сэргэр тэр сайхан амьтны эвэр

Сэтгэл эвдэртэл сэм унахад

Халиун магнайгаараа манай нутгийн буганууд

Харанхуйтай яаж мөргөлдөх юм бол доо хөөрхий

Манай нутгийн азарга, морьд

Манан дотор янцгаалдаж байна

Цагаан сүүндээ цадсан унаганууд нь

Цагийн хатууг санахгүй

Сүүлээ өргөлдөөд

Сүүдрээсээ үргэлдээд байна

Нүгэлтэй ноцолдсон олон сорвитой

Нүд рүүгээ унжсан хур дэлтэй

Манай нутгийн азарга, морьд

Чимээгүйн дундаас айдас хүйдсийг

Чихээрээ яаж олоод

Олон эмтэлсэн туурайгаараа

Онож тангарах юм бол доо хөөрхий

Манай нутгийн хөх чононууд

Манан дотор улилдаж байна

Цасан дээр мөр үлддэгийг мэдэхгүй

Цагаахан бэлтрэгнүүд нь

Уулын агуйд хэвтэх эхийнхээ

Улаан сарьсан хөхийг дэрлээд унтаж байна

Анхны цасны араас

Авын бүрээ татаж

Гөрөөчид суран ташуураараа

Гөлөмдсөөр хүрч ирэхэд

Зэвтэй сумтай зэрэгцсэн

Манай нутгийн чононууд

Зээртэй хөндийн дундуур зугтахдаа

Сөрөвгөр бэлтрэгээ зуусаар

Сөхөрч унавал яана даа хөөрхий

Манай нутгийн өвгөд, эмгэд

Манан дотор аж төрж байна

Үрийнхээ үрийг үүрсэн эмгэн

Үндсэн дээгүүр алхаж

Хүүгийнхээ хүүг дүүрсэн өвгөн

Хүн чанарыг өвөртөлж

Бурханд хоёулаа мөргөсөөр

Бууралтаж байна

Өнө хожмоо

Өвөөгөө санасан хүү яаж өнчирч

Эмээгээ санасан охин

Яаж эмтэрнэ дээ хөөрхий

Манай нутаг хөөрхий

Categories
булангууд мэдээ өд-бэх цаг-үе

Буурал найрагчийн бодол ухаарал

Улаанбаатараас Мөрөн хотыг чиглэсэн машин зам Эрдэнэт, Булган хотоор дайрч цааш баруун хойш Намнан, Хөвсгөлийн их уулсын зүгт алсарна. Булган аймгийн Хутаг-Өндөр сум хүртэл 20 гаруй их өртөө яваад дөрөө мултална. Замын турш уулсын сайхан хөндийд Төв, Орхон, Сэлэнгэ, Дарханы нэр алдрыг өргөдөг тариан талбай эрээлжлэж уринш хагалж, хөрс боловсруулж байгаа хүчит техник шороон манан босгож харагдана. Тариан түрүү урт бадриун агаад шувтран авч алгандаа үрчин цайруулж үзвэл нэг толгойноос 25-30 ширхэг үр тоологдож энэ жилийн ургац арвин байхыг дохиолно. Тариан талбай тэр аяараа сэвшээ хонгор салхин аясаар давалгаалан өрхөлж үелзэн сэтгэлийн гүнд нэгийг бодогдуулна. Зурваслан тариалсан тариан талбай ажнай хүлгийн шанхалж, сумалж зассан дэл мэтээ. Газартай харьцах, тариалан эрхлэх соёл сайжирч, миний газар, миний тариа будаа гэдэг ухаарлаар хандсан нь илт анзаарагдана. Булган хотоос цааш Чачиртын голын гүүрээр гарч өгссөөр Түлүүгийн даваан дээр буугаад алсын цэвэр тунгалаг агаарыг Сайхан, Баян-Агтын айрагны сэнгэнэсэн үнэртэй хамт залиглан уужирч, Булган нутгийн нэрс, хуушуур буузны амтанд түр саатан биеийн чилээ гаргана. Түлүү гэдэг нэр “түлээ” гэсэн үг болой. Эндээс “Өрөмийн цагаан нуур”-ын ар биеэр давхиж “Мэргэн” хөтлөөр өнгийгөөд алдарт “Бүрхээр тогоо” уулын хөндий уруудана. Ар хөвч бүхий хоёр их уулыг холбосон цагаан хамрыг “Мэргэн” хөтөл хэмээнэ. Энэ хөтлөөр зэрлэг ан амьтан хойд урд ар хөвч рүү дамжин гүйдэг учир анчид тэр хөтөл дээр суурилан отож чоно үнэгнээс эхлээд тураг амьтад намнадаг байжээ. Сайхан, Баян-Агтын зүгт зурайх олон салаа шороон замын хойгуур Бүрхээр, өмнө этгээдээр Тогоо уулын байгалийн үзэсгэлэнт цогцолбор зорчигчдын нүдийг соронзон мэт татна. Арга буюу очиж сонирхвол Тогоо уулын хүрмэн чулуун хүрээний төвд зургаан га орчим тэгш талбай байх агаад тэнд эртний Түрэг, Хиргисийн булш, чулуун хөшөө арсайж харагдана. Харин Бүрхээр уулын дээр гараад өнгийхөд тэртээ доор нүдэн нуур гялайж, энэ том хүрмэн чулуун уул миний доороос ориглон тогтсон /бий болсон/ юм шүү гэж хэлээд байх шиг санагдуулнам. Энэ уулын хормойд амралт жуулчны бааз байгуулагджээ. Эндээс ялимгүй уруудаад

Шандын хүүхнүүд шартай шүү

Шанд ус нь рашаантай шүү

Шарсан мах, сайхан айраг нь

Шанд, Уньтын бэрээнд шүү гэж аархдаг нутгаар дайрч төдөлгүй “Цангааны ус” гэж эрт үеэс нэршсэн эдүгээ “саахарын өвчинд” зовсон олныг илааршуулдаг рашаан сувилал хүрнэ. Энэ сувилал богино хугацаанд их өргөжиж олны хөлийн газар болж хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөх гэдэг болж байна. Эндээс Түлбэрийн голын хөндий уруудаж нүд баясган явсаар өргөн Сэлэнгийн хөвөө “Баатар ван” амралт сувилал хүрч “Гучин гурт гурван хайлантай” нутгийн сонин сайхнаар сэтгэл зүрхээ амрааж саатна шүү дээ. Булган нутгийнхан хэлэх ярих үгээ “шүү дээ”-ээр төгсгөдөг нь онцгой шүү дээ. Булган нутгийн нэгэн эрхэм хүн сонинд өгсөн ярилцлагадаа “шүү дээ” гэдэг төгсгөлийг хориод удаа давтсаныг анзаарсан биз ээ. “шүү дээ” гэдэг аялга төгсгөл нь хүнд итгэл үнэмшил төрүүлэх, үг яриаг аядуу зөөлөн болгох, төлөв тайван харилцааг илэрхийлэх шиг санагддаг. “Баатар ван” амралт сувилал цаашдаа улам их өргөжих бололтой дог оо. Ер нь Түлбэрийн голын адгаар эрт үеэс тариа ногоо тариалж, хятадын худалдаа наймааны пүүс ажиллаж, хүн зон ихээхэн зорчдог суман өртөө төвлөрч байсан нутаг л даа. Энэ орчимд түүх бичвэрт олонтаа дурдагддаг Гучин гурт гурван хайлантай, Хайлантайн хүрээ /одоо бол туйр үлдэж/, Хатанбаатар Д.Магсаржавын сэлэм гялалзаж, чамин бароны толгой бөндийж байсан газар шороо /энэ тухай тусгайлан босгосон пайз-самбар байдаг/бий. Сэлэнгэ мөрнийг гаталдаг дүнз модон хийцтэй бярвааз /1942 онд баригдсан перевоз/ буйраа сэлгэж зуу гаруй метр урт цемент-бетон гүүр босжээ. Ер нь Булганаас Хутаг-Өндөр хүртэлх нэгэн зуу гаруй километр замд эртхэн үедээ жолооч зорчигчдын муу үгийг бардаг Чачиртын голын шавар намаг, Түлбэрийн хөндийн дов сондуул, хонон өнжин цовхчуулдаг шороон зам, Сэлэнгэ мөрөн зайр гүйж хадгалах, цөн түрж баримтаглах тайлах үеэр нөгөө бярвааз нь ажиллахгүй хэдэн хоногоор саатаж хугацаа алддаг байсан гачаал бэрхшээл аль хэдийнээ чөтгөртэйгээ хамт арилж л дээ. Мал сүрэг идэш нялайсан, тариа ногооны ургац сагсайн халиурсан, уул ус, нутаг бэлчээр нь тэгширсэн энэ сайхан хангайд хошуу ноён жанжин түшээ гүн Ц.Ганжууржав, Хатанбаатар ван С.Магсаржав, Сайн ноён хан Ц.Намнансүрэн, Ардын хувьсгалын партизан М.Сундуйсүрэн, Автономит Монгол улсын баатар Ж.Далай /Богд хааны 1913 оны 8-р сарын 6-ны өдрийн зарлигаар “Шаламгай баатар” цол олгожээ/, Богд хааны эх дагинын бөх, даншиг наадмын анхны арслан Раднаабазар, Ардын хувьсгалтай мөр зэрэгцэн зодоглож, 1924 онд Ардын засгийн наадамд бүх цэргийн жанжин С.Магсаржавын нэрийн өмнөөс босож барилдаад “боохой” Данзангаар зургаа давж Монгол улсын заан цол авсан. “Хулгар”, “Гонжоон”, “Тунгалаг тамир” киноны гол дүрийн нэгэн “Цахиур Төмөр” буюу Т.Сандуйжав нарын алдар цуутнууд төрж өсөөд төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ажээ. Тэр замаар МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намдавын Дагвадорж ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлст ухаан бодлоо хурцалж үзэг цаас элээсээр явна.

Тэлмэн жороо морьдын тэнхээ шалгасан газар минь

Тэнгэр заяат өвгөдийн сургаал оршоосон өлгий минь

Буцаад хүүгээ ирэхэд хур хайрласан хурмаст минь

Буянтай үйлсийн далай будаа тарианы орон минь

Чанадын сэтгэл өвөрлөсөөр чамайгаа түшиж ирлээ

Чарлан унасан бууцандаа хөрвөөж омогшиж явна би гээд л яруу найргийн шинэ бүтээлийн номоо тэрлэж суух авай. Тэрээр үе тэнгийнхнээ, эрдэмтэн багш нараа, өнгөрсөн цаг үеэ сэргээн бодох зуураа өөрийнхөө ургийн овгийг олон янзаар эргэцүүлж “харалган” гэдэг үгийг Я.Цэвэл гуайн “ногоон”-оос сөхөж үзэв. “Харалган” гэдэг үгийг хол ойрын хараа муудах гэж тайлсан учир “харлаг” гэдэг үгийг харвал “хар алаг” хэмээсэн байжихуй. Н.Дагвадорж толгой өндийлгөн миний ургийн овог бол “хар алаг” буюу үг сунжрахын эрхээр “хар лаг” болж л дээ. За одоо өнгөрч, залруулна гэвэл болохгүй биз гээд мушийж билээ. Нээрээн л тийм аж бичихэд ч хараа муудсаныг “харалган” хар алагийг “харлаг” гэвэл зохилтой. Дээр үед Төв аймгийн Гацуурт суманд эрээн цоохор адуутай Балдан гэдэг хүнийг адууны нь зүсээр “бар” Балдан гэдэг байж. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд “Хар үхэрт” овгийнхон бий. “Цэргийн хүү” кино бүтээсэн зохиолч С.Цэрэнбалжав гуай “Хар үхэрт” овгийнх шүү дээ. Манай энд Хувьт гэдэг айл алаг зүсмийн жороо удмын адуутай байж билээ. Нутгийнхан нь Хувьтын цоохор л гэнэ. Түүний хүү Х.Туваанжав нэгдэлд малаа нийгэмчлэхгүй гэж гүрийгээд 1960-аад оны үеийн сонин хэвлэлийн шүүмжлэлд ихээхэн өртөөд гучаад жилийн дараа мал хувьчлагдаж нэгдэл тарснаар түүний зөрүүд зөн үнэний ухааралд хүрч магнай тэнийлгэсэн. Энэчлэн хариулж адгуулж байгаа малынх нь зүс байдлаар овог нэр гуншин нь мөнхөрдөг байж. “Хавчир гангын” асга хадтай энгэрт хонь хариулж явахдаа өвлийн тасхийм хүйтэнд агь шавагны галын дөлөөр гараа бүлээцүүлж, Сэлэнгэ мөрний чилгэр хөх мөсөн дээгүүр шороо асгаж харуун зам гаргаад, мал сүргээ цувуулан тууж байсан тэр л агшин түүний нүдэнд харагдаж сэтгэл зүрхийг нь эзэмдэх аж. Н.Дагвадорж багадаа онигор нүдтэй, мариалаг цулцгар шар банди анги танхимийн арын ширээнд суучихаад хөвгүүд охидын үс гэзгээр оролдож, чимээ аниргүй үймүүлдэг онц сурлагатан байж л дээ. Өдгөө тэрээр цулцагар биш цэлцгэр шар царайтай цүлхэгэр биерхүү агаад бодол ухаарал хурхуулсан буурал найрагч болжээ. Бас ч түүний өмнө мэхийн намсхийж “багшаа” гэж хүндэлдэг уран үгийн увидастан, утга яруу эгшиглэнт Д.Буянтунгалаг, Н.Хишигдорж, Ц.Чинбат, Б.Цэрэнжамц гээд уран зохиолчдын сан хөмрөгт орон зай эзэлсэн нөхөд цөөнгүй. Дагва найрагч насан өндөр болж буй ч МЗЭ-ийн Булган аймаг дахь салбарыг удирдаж Булган нутгийн зохиолчдын бүтээл туурвилыг эмхэтгэн 12 дэвтэр хэвлүүлж амжжээ. Өөрөө гар хумихсангүй шамдаж “Ухаарлын чагтага”, уул усны шивнээ зэрэг ном хэвлүүлж нас болоод бүтээлээ дагаж алдар цол, шагнал сайшаал цөөдсөнгүй. МЗЭ-ийн шагнал, Хатанбаатар ван С.Магсаржавын хүндэт шагналтан хэмээгдээд зохиолч сэтгүүлчийн нэр хүндийг даруухан өргөж явна. Бодол ухаарлын ундарга болсон буурал Дагвадорж өдгөө Булган хангайн төвд суурьшин уран бүтээлээ цогцлоож зон олныхоо дунд амар амгалан аж төрж суунам. Н.Дагвадорж орой бүр бичгийн ширээний ард пөгвийн сууж үе үе тонголзон нүдээ анимар болоод гүн бодолдоо хөтлөгдөнө. Унаж шингэрээгүй буурал үс нь шанаа санчиг руугаа унжиж салхи шуурганд сагсалзах “үнэгэн залаа” өвсний толгой шиг намирна. Энэ зуур түүний халамжит хань Базарханд:

-За өвгөн минь бодолдоо хөтлөгдөөд дэлхийгээр тэнээд явчих шиг боллоо гээд чимээ аниргүйгээр нөгөө өрөөнд ороод хаалгаа сэмхэн хаана. “Буур эзнээ анддаггүй” гэгчээр бие биеэ ойлгож, хайрлан хүндэлсэн хамтарч амьдарсан он цагийн нэгээхэн өнгө төрх энэ. Онигор нүдээ огтхон ч нээлгүйгээр их л алсын бодол урт замын түмэн нугачаанд сэтгэл алдарсан бололтой:

-Тиймээ, Намнан уулын өвөр бие, цагаан голоор нутагтай Энхийн Бадарч тэр үед Гэгээрлийн яаманд ажилладаг байсан даа. Намайг УИС-г төгсөхөд сургуульдаа багшаар үлдэж ажилла гэсэн. Би гэдэг зөрүүд амьтан хөдөө явна гэж зүтгээд, тэгвэл чамайг Булганд явуулахгүй залгаа нутаг Хөвсгөл аймагт хуваарилна гээд анхны томилолт өгч билээ. Э.Бадарч дунд зэргийн нуруутай мах мариа зүс царайгаар олны хайр татсан нүдэнд дулаан хүн байсансан. Түүний дүү Э.Жарантай гэдэг жавхаалаг сайхан бүсгүй Намнан, Хутаг /Өндөр/-ийн бага сургуульд багшилдаг байлаа. Би олон багшаар эрдэм ном заалгажээ дээ. УИС-ийн манай анги даасан багш минь Цэндийн Дамдинсүрэн байлаа. Ямар их өргөн мэдлэгтэй уужуу тайван хүн байсан юм билээ. Хичээл зааж байхдаа ардын уран зохиол, үлгэр домог дээр үеийн хөлгөн судраас иш татаад сонин сайхныг ярьдагсан.1837 онд зохиогдсон “Болор толь”-д

Их хүн найр наадам ба жаргал хийгээд

Идээнд хурьцахгүй тэвчигдэхгүй /эс тэвчиж/

Дурлан шүлэнгэтсний гайгаар

Дашаграва хэмээх мангас алагдавай хэмээн шүлэглэсэн байдаг юм.

Та нар минь найр наадам архи идээг хэтрүүлбэл улс орон ч, та нарын ажил амьдрал ч тэр мангас шиг үхэл мөхлөөр дуусна шүү гэж захидагсан. Одоо бидний энэ үед найр наадам архидалт хэрээс хэтэрч байх шиг яана даа, та минь. Дамдинсүрэн багш минь босоодуухан агаад магнай тэнэгэр нүүртэй нэлээдгүй халзан ч гэлээ өтгөн хар үстэй, цайвар царайлаг хүн байлаа. Тэрээр монгол дээл өмсөх нь ховор, дандаа л европ хувцастай, зангиа зүүсэн, их цэвэрч цэмцгэр дээ. Буурал суугаагүй өтгөн хар соёо сахлаа үе үе имэрч, өргөн саруул магнайгаа илж суугаа харагдана. Тэр үед багш минь их залуу байж дээ. Харин Ри багш /Ринчин гуайг тийн хүндэлнэ/ европ хувцас өмсөх нь ховор, ямагт монгол дээлтэй байдагсан. Хааяахан хөх өнгийн монгол дээл өмсөнө. Мөнгөн голхитой хүрэн тэрмэн дээлэндээ ууртай даа. Хянгардуухан өндөр хамар, эргэлдсэн том алаг нүд, бууралтаж намирсан урт үс сахал нь тэр хүнийг улам ч цоглог сүрлэг харагдуулдагсан. Шатаар өгсөх уруудахдаа оюутан биднээс хөнгөн шалмаг гээч. Сэвшээ салхинд үс сахал нь намиж хийсээд, өөрөө намс намс алхлаад, ханцуйгаа сул тавьж гараа хаяласхийгээд явдагсан. Хичээл зааж байхдаа хошигнох, ёгтлох дуртай. Заримдаа дугуй малгай /берет/ дарж духдуулаад буриад гутал жийж гангарна. Хэл уран зохиолын Ш.Гаадамба багштан бусдаасаа хамгийн намхан, жижигхэн, хамгийн хоовон том толгойтой нь тэр. Түүний хурдан шалмаг хөдөлгөөн, сэргэлэн, гүйлгээ ухааныг ярих юм биш. “Монголын нууц товчоо” судалсан бүтээлээрээ төрийн шагнал авсан эрдэмтэн зохиолч хүн дээ. Хичээл заахын хажуугаар их сургуулийн дэргэдэх Утга зохиолын дугуйланг удирддаг байв. Энэ дугуйлангаар өнөөдрийн нэр хүндтэй академич, яруу найрагч, зохиолчдоос цөөнгүй хүн дамжсан гэхэд болно. Ш.Сүрэнжав, Д.Цэдэв, Т.Галсан, Г.Галсан Ж.Дашдондог гээд олон доо олон.

Миний Да багш, Ри багш, Га багш бүгдээрээ улс төрийн хилс хэрэгт ороогдож шорон гянданд зовж, ном бүтээлээ шатаалгуулж ажил албанаасаа халагдаж их л дарамтлуулж байсан даа. Тухайн үед тэд нар шиг бурхад, эрдэмтэн мэргэд ховор байжээ гээд уртаар санаа алдаж, нэлээд чилээрхсэн байдалтай толгой өндийлгөв. Эхнэр Б.Базарханд нь ааг үнэртэж, шар тос халигсан цай, гоньд ханхалсан аяга шөл барьсаар орж ирээд:

-Өвгөн минь! Одоо жаахан амар, ядарчихлаа хэмээн хошуу дэвсэнэ. Найрагч маань Дархадын цэнхэр уулсын орон-хоймор нутгаас өвөртөө багтааж ирсэн ханийнхаа үгэнд оромтгой. Б.Базарханд УИС-ийг орос хэлний мэргэжлээр төгссөн, дөч гаруй жил багшилж байгаа боловсролтой нэгэн. Дагва найрагч “Нүд” хэмээх шүлэгтээ:

Говьд ч хангайд ч байдаг л нүд

Гоёхон нүд, гойд нүд

Голд орсон нүд, гал асаасан нүд

Гайхам нүд, галзуу нүд

Гэр бариулсан нүд, гэгээ оруулсан нүд

Гэзэг дэрлүүлсэн нүд

Үүд нээсэн үүд, үр төрүүлсэн нүд

Үзэг бариулсан нүд, үнэнийг мэдрүүлсэн нүд

Үхэл холдуулсан нүд, ураг барилдуулсан нүд

Ай даа, мөн ч ачтай нүд, ертөнцийг таниулсан нүд

Ерөөл өрнүүлсэн нүд

Энэ нүд энхрийхэн нүд

Эхнэрийн минь нүд

Эх орны минь нүд гэж уянгалж ханийнхаа хайр энэрлийг гижигдсэн бол өрх гэрийн тухай өөр нэг шүлэгт:

…Хайрын бурхан ивээж

Ханийн заяанд учруулбу

Ханьсахын совин даллаж

Үрийн зулай үнэрлүүлбу

Цэлмэг санаа өвөрлүүлж

Хатгал тосгонд очуулбу

Цэнхэрхэн усыг нь ууж

Насны ханиа олбу… хэмээсэн буй.

Гуртын хөтөл дээр биеийн чилээ гаргаж алсын цэвэр тунгалаг агаар амьсгалан зогсоход яруу найрагчийн төрж өссөн нутаг Хужирт булангийн цагаан тохой, Сондуулт, Хутаг- Өндөр хайрханы баруун биеийн Хавчир ганга, Тээлийн хөндий, тэртээ цаана нь хан Намнан хайрхан цэнхэр униарын дунд хөвөрч хөндөлсөн харагдана. Хэн боловч тэр хайрханы зүг мэлмийгээ чилээн:

-Ээ, Лхам Намнан уул мину хэмээн мэхийнэ.

Н.Дагвадоржийн хүй дарсан чулуу Сэлэнгэ мөрний урьд хаялга Хужирт буланд бий. Тэрээр бага, дунд, их сургуулийн болоод ажил албанд зүтгэсэн баяр хөөртэй, бараантай цоогтой он жилүүдэд үеийн харчуудтай барилдан ноцолдож, охид бүсгүйчүүдийг сандаргаж шаналгаж сүүн завод, тариан талбай, малын бэлчээрт элээсэн дээл гутал мөн ч олон доо. Энэ сайхан нутаг усаа насны өндрөөс хараад мэлмэрч:

Буцалсан амьдрал, бужигнасан олны дунд байх дуртай

Булган хангайн будаа тариатай нүтгийн хүү би

Хувь заяаны төөргөөр, хурмаст тэнгэрийн зараалаар

Хутагт-Өндрийн Хужирт буланд төрсөн иргэн би

Цагийн саалтанд саатаагүй цадиг түүхийн гэрч

Цагаан сүүгээр ундаалсан цайлган сэтгэлт үр ач

Хаан Чингэсээрээ омогшдог хамуг Монголын угсаа

Хатан Сэлэнгээр бахархдаг харлаг овогтны гал голомт хэмээн уянгын халилтай шүлэг найргаа чээжний гүнээс цалиглуулан уншигч олноо баясгана. Булган нутгийн шүлэг найрагч яруухан агаад даруухнаар сэвшээлнэм.

А.Далхжав.

Гучин гурт-2016

Categories
булангууд мэдээ өд-бэх

Монгол түмэн минь сайхан наадаарай

Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаж байна уу. Энэ зуны наадам бороо хур тэгширч АСЕМ-тай, Олимптой дэлхийн Монголчууд орон бүртээ уухайлан нэгдсэн сайхан наадам болж байна. Монголын маань тамирчид дэлхийд алдараа цуурайтуулж, хүүхдүүд нь ой тогтоолтын дэлхийн аварга болон мандаж, залуус нь дэлхийн чанартай өндөр боловсролуудыг эзэмшиж эх орон элэг нэгтнүүдээ баясгасаар байгаа билээ. Энэ буухиа цаашдаа улам өргөжин тэлэх болтугай гэж ерөөгөөд та бүхэндээ үе үеийн агуу яруу найрагчдынхаа Монгол наадмын тухай шүлгүүдийг хүргэе. Босоо Монголын хөх хийморь үргэлж гал шиг өөдөө мандан бадарч явах болтугай!

Д.Пүрэвдорж : Сумын наадам
Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадам ч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Болий гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Б.Лхагвасүрэн :Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн

Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн…

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан…

Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан…

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж…
Зөв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.

Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Хөлсий нь хусахьiн зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.

Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Гүрбазар: Дугуй хээтэй наадам

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа

Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр
Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоогуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа

Гүрбазар: Би Монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн юм

Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би, хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр нь хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам шавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээглэсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Тийм ээ, би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүслэж гоёдог
Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор өчүүхэн чулуу ташчихаад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насандаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан шилийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулай минь гэж залбирна аа эх орон минь
Алгын чинээхэн нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна аа эх орон минь
Бөөрийн чинээхэн улс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхэт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацна
Дулаацсан биенээс минь хийморь савсан
Савссан уурны нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар, дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар, дээлтэй сахиус шиг явлаа гээд галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар, энэрлээ энэрлээ гээд энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар, эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад төрөх биш дээ
Би ямар, үнэн худлыг ялгах сүүлчийн цэгийг хатгах биш
Би ямар, үүлтэй нартай хорвоод сүүдрээ адлаж чадах биш дээ
Гэхдээ би, агтны мөртэй Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юм
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явах юмсан гэж хичээдэг юм
Эх орон минь
Би Монголоороо гоёдог

Монгол наадам Ч.Дагмидмаа
Борлог зүстэй үүлс тэнгэрийн хаяа руу нүүж
Бор тойрмын бялзуухай хурмастын инээдээр жиргэнэ
Босоо заяатай монголын наадмын өглөө эхлэж
Баяр цэнгэлийн магнайд хүлгийн тоос үнэртэнэ
Зодог шуудга нь нарны хээ тогтсон
Зогсоо хийморь бөхчүүд уулсын оргил дэвнэ
Өтөл болсон буурлын магнайн үрчлээ тэнийж
Өргөн түмний цэнгэл лусын хаадтай үелзэнэ.

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам үзнэ

Хангайн цэнхэр уулс баярын хөөнгө татаж
Хуйларч эргэсэн морьдын тоосноос сугарч үлдэнэ
Хул эцээсэн айраг наадамчдын цэнгэлд исэж
Хувилгаан дэлхий хуучин бүхнээ умартана
Ээж нь хүүгийнхээ дээлийн захыг мушгихад
Эрэмгий бөхийн мэхэнд азын тэнгэр сөгдөнө
Мөнх тэнгэрийн одод газарт чуулсан наадмын өдөр
Морь бөх монгол гурав дууныхаа шуранхайнд багтнам зээ…

Categories
булангууд мэдээ өд-бэх

Наран тогоруу

Төрийн шагналт, ардын уран зохиолч
Сэнгийн Эрдэнийн алдарт өгүүллэгийг уншигч танаа толилуулж байна.

Миний бие зуны оройн нартай салах
ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр
сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их
үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч
харамсах юм алга. Бага байхдаа олон гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас
зүүгдэн авирч гардагсан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан,
хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн
дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдагсан. Бурханд мөргө гэхээр нь мөргөнө. Тэр
бүхэн газар цөмөрсөн мэт алга болж зөвхөн сүмийн чулуун суурь үлджээ. Тэр чулуун
дөрвөлжүүдийн хоорондуур лууль шарилж ургажээ. Харамсах юм алга. Мөхөх ёстой болоод
л мөхөө биз. Худаг нь хүртэл ширгэчихсэн. Энэ худгийг миний аав ухалцсан гэж ярьж
байсан санагдана. Аав минь ч байхгүй. Ер нь сүм дуган, аав бас өөр олон юм алга
болж урьд өмнө байгаагүй олон шинэ юм бий болдог юм байна. Дайн болов гээд манай
нутгийн аль чадалтай түшигтэй эрчүүд цэрэгт дайчлагдсаар жил болж байна. Миний ах
ч бас явсан. Эргэж ирэх үгүйг бүү мэд. Дайны газар хүнд алуулчихдаг гэнэ. Маргааш
өглөө би ч бас явна. Аймгийн сургуульд явж байгаа хүн дайнд явж байгаа биш боловч
урьд байсан юм байтугай, хүн алга болчихдог ертөнцөд ямархан хувь заяа угтаж байгааг
хэн мэдэх билээ.

Ингэж бодоод газраас хайрга авч
худаг руу шидэхэд ёроолын шалбаагт чол чол хийн унав. Би нутгийнхаа нартай салах
ёс гүйцэтгэж байгаа учир шингэтэл нь энд сууна. Оройн саалины цаг. Айл айлын үнээний
хороод тавьсан майн утаа найман сарын нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа суунаглан
мөлхөнө. Тэрүүхэн урдах модны булгийн ойролцоо сүрэг улаан тогоруу бэлчиж явна.
Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд дэгдээхий тогоруунууд хүчийг сорих
гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан гүйнэ. Тэр тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх
боловч “Миний нутгийн тогоруунууд баяртай” гэж дотроо би өгүүлнэм. Урд арын модны
захын цэл ногоон цагдуулууд шингэх нарны гэрэлд мөн л улбар өнгөтэй болжээ. Надтай
хамт өссөн тэр зулзаган моднуудыг би цөмийг танина. Булгийн эхний ганц хөгшин шинэс
одоо хөгшрөөд бөв бөгтөр болжээ. Хөгшин мод үхэж, залуу мод ургаж байдаг ёс юм биз
ээ.

Бага байхдаа борооны дараа татсан
солонгыг барих гэж ойн зах хүртэл гүйхэд энэ цагдуул зам хаадаггүйсэн. Чингэхээр
надтай хамт “төрсөн” нялх модод байжээ.

Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн
утаан дундуур толгойгоо сэжлэн олон зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна.
Баруун хотын тэндээс нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлзэж “надтай
цанхаагаа гаргах бух байна уу” гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг нэлдээ агь
ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүүд хонио ялган шуугилдаж тэртээ
зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна.
Тэр Тэхийн Палхай лав мөн. Тэх гэдэг нэртэй байх яах вэ. Харин Палхай гэдэг маань
юу гэсэн үг вэ. Багад нь муу амтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай
нутагт үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд түйвээж
явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон хэрэг. Палхайн орь дуунаас
үргэх мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан дээгүүр эргэлдээд ганц модны
булгийн тэнд дахин буув.

Нар шингэх дөхжээ. Маргаашаас эхлээд
би үхрийн хорооны шургааг дээр юм уу энэ худгийн ирмэг дээр сууж нутгийнхаа нар
шингэхийг үзэхгүй, хол явчихсан байна. Нөгөө улаан бух хичнээн шороо цацлавч мөргөлдөх
зүрхтэн ирсэнгүй тул цээлхэн залуу дуугаар урамдан үнээнүүдийн хойноос яваад өглөө.
Би Палхайг тэр бухтай тархий нь хага мөргөлдүүлэх юмсан гэж бодоод инээд алдав.
Манай хөрш Сангид гуайн гадаа үнээгээ сааж дууссан хүүхнүүд цуглараад хангинасан
сайхан хоолойгоор дуулцгаав. Тэдний дуу үдшийн сэрүү буусан нуга талын дээгүүр зэллэн,
шингэх нарны түмэн цацрагаар дамжин одож байх мэт.

“Огторгуй харахад минь хол шиг аад

Орох л борооны түргэнийг дээ

Орчлон санахад минь хол шиг аад

Очих л насны түргэнийг дээ…” Цэрэгт явсан
эр нөхөр, сэтгэлт хүнээ санаж дээ гэмээр гэгэлгэн гунигтай дуулна. Хүн хүнээ хайрлах
ба санах ёсыг би мэддэг болжээ. Чингэснээс хоолой дээр минь бөөн хар юм тулж ирээд
арай л уйлчихсангүй.

“Ганга л мөрний гургалдай

Гадаа ирээд жиргэнэ л…”

Ээжийн бурхны орон гэж ярьдаг тэр
Ганга мөрөн хаа ч юм билээ. Энэ тогоруунууд тэндээс ирдэг юм биш байгаа. Үгүй, бий
болох үхэх, төрөх жамтай энэ ертөнц ямар их уудам бэ. Тэр Ганга мөрөн гэдэгт нь
хүрч очих цаг ирэх ч юм бил үү “Мөнх биш хорвоод хүн төрдөг, ухаантай зоригтой яваарай”
гэж аавын захидаг үнэн. Ухаантай зоригтой явбал аймгийн сургууль байтугай тэр гайхамшигт
Ганга мөрөнд ч хүрч болно.

Хүүхнүүдийн дууг уяран чагнаж байтал
нар шингэж улаан тогоруунууд жирийн хөх тогоруу болов. Нутгийн минь нар баяртай.
Тогоруунууд ч нар шингэхийг хүлээж байсан мэт агаарт хөөрөн майн хөх суунаг дээгүүр
алсыг чиглэн нисэв. Тогоруунууд минь баяртай. Би маргааш та нарын хойноос одно…

Од түгж дулаахан шөнө болов. Хөрш
айлуудынхаа хөгшдийг сайн сууж байгаарай гэж хэлээд ир гэж ээж минь хэдэн хадаг
өвөртлүүлээд явуулав. Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд
өлзийтэй болно гэж би итгээд, Ерөөл сонсохоос илүүд бодох нэгэн зүйл надад бий.
Үерхдэг охин гэх юм уу, юу гэмээр юм бэ дээ. Булгийн ганц модон дор түүнийгээ хүлээж
байхдаа зүрх минь түг түг цохилон байв. Зүгээр нэг үерхдэг бол юундаа ингэж зүрх
булгилах билээ. Энэ амьтан болгон ямар нэг юм хүлээж ийм одтой дулаан шөнийн тэнгэр
дор анир чимээ чагнаархан байдаг болов уу гэмээр. Хээр талд адуу янцгаан, мэлхий
нойрмог дуугаар вааг вааг гэж ноход хөв хөв хуцна. Адуу адуугаа мэлхий нь мэлхийгээ,
нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт. Хүлээсэн тэр минь нүцгэн хөлөөрөө хий
агаарт явах мэт чимээгүй гишгэлэн оддын гэрэлд сүүтэгнэн хүрч ирээд “Цайгаа буцалгах
гэсээр удчихлаа. Чи их хүлээв үү” гээд зайдуухан суув. Саяхан болтол бид эзэнгүй
зуслангийн байшин саравч, лууль шарилжинд нуугдаж тоглодог байсан атал одоо тийнхүү
тоглох байтугай бие биендээ хүрэхээсээ эмээн болгоомжлох болжээ. Бие биесээ нууцаар
хүсэмжилж сэтгэл догдлох соньхон. Бид хэн, хэнийхээ дээрхэн гарсан амьсгааг чагнаж
нэг хэсэг дуугүй суулаа. Хажууд чөдөртэй морьд өвс ширд ширд зулгаахаас өөр чимээгүй.
Охиноос буцалсан цагааны үнэр ханхлах нь нөгөө л аарц сүү болсон оготор даалимбан
тэрлэгтэйгээ аж. Харин би дэлгүүрийн үнэртэй шинэ даавуу дээл савхин гутал өмсөөд
харанхуйд боловч түүнийгээ байн байн харж, тийм сайхан шинэ хувцастайгаа охинд мэдэгдэх
аргаа олж ядан суув. Ялангуяа савхин гутал хүсэл болсон эд билээ. Нэлээд томдсон
тэр хуучин савхийг ээж минь бүтэн бодоор авч өгсөн юм.

-Сампилын аав, Баатарын ээж гээд
бүгдээрээ над мөнгө өгсөн. Ээж ноосныхоо мөнгөний талыг өгнө гэсэн. Би аймгаас чамд
савхи авч явуулна аа.

-Аймгийн хоршоо нээрээ их юмтай
байх даа гэж охин горьдож итгэсэн дуугаар хэлэв. Бидний дуу хүртэл өөр болжээ. Ээж
намайг ёстой эр хүн шиг бүдүүн дуутай болсон гэнэ. Охин хоолой дээрээс гарах огцом
чанга дуутай байснаа одоо цээжний зөөлөн дуутай болжээ. Харанхуйд би түүний номхон
бор нүдний гунигт харцыг мэдэрч байлаа. Би аймгийн сургуульд явж тэр минь аарц цагаа
буцалгасаар үлдэх тул гуниглах нь аргагүй дээ. Би түүнд зүрх шимширтэл хайр хүрч
байлаа. Оготор даалимбан тэрлэгний хормойгоор үхрийн баас, шавхай болсон нүцгэн
хөлөө ороож хацраа өвдөгтөө наагаад нулимст нүдээр гөлрөн хоцрох хөөрхийлөлт дүр
нь үзэгдэв. Хүүхдийн харьцах гэнэн цагаан ёсыг эвдэж, аргагүй ертөнцийн нүгэлт амьдралын
амтыг үзүүлдэг тийм нэгэн цагт ийнхүү хагацан салах өдөр тохиолдоно гэж санасангүй.

Гэвч хайр бол зөвхөн бодлоор биш
бас биеэр хүрдэг ажээ. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадас, зуны шөнийн түмэн
түмэн од гялалзах аугаа ертөнцийн дор хослон байдаг жаргал зовлон өчүүхэн хоёр амьтанд
бас ноогджээ. Хүүхэд бас гэнэт нисэн одсоныг харамсах адил чимээгүй уйлан гашуун
нулимсаа залгихад маань дотор бяцхан онгойв.

-Би аймгийн сургууль төгсөөд цэргийн
сургуульд явна. Цэргийн дарга болоод чамайгаа аваачна. Тэр болтол зуны амралтаар
уулзаж байх боллоо доо.

-Би чамайг хүлээгээд л байна. Ах
жин тээж аймаг орвол хамт очиж магадгүй. Чи надад захидал л их бичиж байгаарай.

-Тэгнэ ээ.

-Ээж чинь яачихав гэж хүлээж байгаа
даа.

-Яах вэ, миний хүүгийн дуу хүртэл
бүдүүрээд ёстой эр хүн болж гээд л байсан.

Охин шүүрс алдаад миний гарт нэг
зөөлхөн юм бариулав. Миний багын үс. Чи комсомол болгоно гэж гэзгийг минь хайчилчихсанаа
санаж байна уу гэв. Дүрсгүй толгой би нээрээ тайранхай үстэй хүүхнүүдийг хараад
шодгорхон гэзгийг нь тас хайчлан “комсомол” болгосон юм. Хүүхдийн үнэр анхилсан
тэр туг үс эрдэнэ чандмань шиг нандин болно гэж хэн санах билээ дээ.

Охин түүнийг зөнгөөрөө мэджээ. Амьдрал
гэдэг үлгэр шиг ч юм шиг, үгүй ч юм шиг. Үлгэр хэвээрээ байгаасай гэтэл барин тавин
үнэн юм болчихно. Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ. Бид хоёр үүнийг мэдрэн тэнгэр
ширтэж гайхан хэвтлээ. Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй. Салалтын гунигт
мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа. Тэнгэр над үлгэр хайрлав. Мөнгөн тоос татан
зурайх тэнгэрийн заадсаар замнан сүрэг улаан тогоруу нисэн явтал нутгийн минь нарны
гэрлийг авч яваа тэдгээр наран тогоруу алсын алсад нисэж одъё гэж намайг дуудан
байх мэт.

-Наран тогоруу. Хараач, тэр наран
тогоруу!

Амьдрал үлгэр биш ажээ. Хайрт бяцхан
нөхрөөс минь үлдсэн юм хүүхдийн үнэртэй сэвлэг үс байна. Нутгийн минь нарны гэрэл
сүүлчийн гэнэхэн үлгэрийг авч одсон Наран тогоруунууд альхан газартаа явна вэ. Алсын
алсад нисэн одъё гэж одоо ч намайг дуудсаар байна уу.

Categories
булангууд мэдээ өд-бэх

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Гуйвшгүй Гризельда

Эл ном бол Италийн Сэргэн мандалтын үеийн тууриудын түүвэр юм. Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйн сонголтоор түүхэнд зураг нь ч үлдээгүй зохиолчдын бүтээлүүд багтжээ. Нийт 10 зохиолчийн анталоги юм. Алдарт “Poмео, Жульетта” драмын жүжиг болохоосоо ч өмнө туурь байжээ. Харин үүнээс яруу найрагч, их зохиолч Жованни Боккаччо (1313-1375)-ийн “Декамерон” буюу “Арав хоногийн хугацаанд яригдсан үлгэрүүд”-ээс арав дахь өдрийн үлгэр буюу Х туурийг нь сонирхуулж байна.

Гвальтьери хэмээх язгууртан гаралтай, ухаан сэргэлэн баян эр байв. Гэвч тэрээр гэр бүлтэй болох талаар огт боддоггүй бөгөөд ан авд хорхойсч явдаг нэгэн. Хэнэггүй хийсгэлэн эзэнтнээ үр удмаа үлдээхгүй байсаар “явчих” юм биш биз хэмээн зовнисон албат нар нь түүнийг “гэрлээч” хэмээн ятгах болов. Гэвч Гвальтьери өөрт таарч тохирох хүн хайж байна хэмээн алгуурлан явсаар зэргэлдээ тосгоныхоо Гризельда хэмээх ядуу тарчиг амьдралтай айлын охиныг эхнэрээ болгожээ. Гризельда царай зүсээр хэнээс ч дутахгүй үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Гвальтьери Гризельдаг эхнэр болгон авахдаа болзол тавьж, ам өчиг авсан болой. Гризельда ч язгууртан нөхөртэй болоход татгалзах зүйлгүй тул нөхрийнхөө хэлсэн бүхнийг хийж, ямар ч ааш авир гаргасан хүлцэн тэвчиж, уурлахгүй, дуулгавартай байна гэсэн ам өчгийг ядуу хөгшин эцгийнхээ өмнө өгөв. Тэдний хурим сайхан болж албат нартаа хүндлэгдсэн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарцгаах болов. Тэгтэл нэгэн өдөр Гвальтьерид ямар ад нь шүглэчихсэн юм өөгүй цэмцгэр, ааш авир сайтай, дуулгавартай, халамжтай эхнэрээ элдвээр гоочлон доромжлох болов. Язгуур угсаагүй ядуу зүдүү хүнийг эхнэрээ болгосон нь алдаа байжээ гэнэ. Энэ бүхэнд нь Гризельда анх амласан ёсоор ааш авир хувиршгүй, уурлан уцаарлахгүй байв. Энэ бүхэн Гвальтьеригийн эхнэрээ сорьж шинжсэн санаанд багтамгүй үйл явдлуудын өчүүхэн хэсэг нь байлаа. Гризельдаг хэлсэн үг, амласан амлалтдаа гуйвшгүй үнэнч гэдгийг мэдсэн ч нөхрийнх нь далд хорон санаа үүгээр дууссангүй. Албат нар нь аз жаргалгүй болж байна гэсэн шалтгаар төрсөн үрээ хөнөөлгөх санаа гаргав. Тушаал ёсоор албат нар нь охиныг нь аваад явахад ч Гризельда урьдын хэвээр байв. Энэ явдлаас хойш байдал намжин Гвальтьери эхнэрийнхээ чигч шулуун занд эрхгүй баясан сэтгэл хангалуун аж төрсөөр төдөлгүй хүүтэй болов. Хүү төрсөнд тэрээр хэмжээлшгүй их баяр жаргалтай байсан ч эхнэрээ урьдын аргаар турших санаа нь салж өгсөнгүй. Хүү минь ядуу хүний зээ хүү болно гэхээс айж байна. Ер нь чамаас салж өөрт нийцэх өндөр угсааны эхнэр авахгүй бол болохгүй нь. Хэрэв тэгэхгүй бол албат нар минь сэтгэл дундуур байх нь. Тэд маань сэтгэл дундуур байвал надад үнэнч биш болно шүү хэмээн гоншигоноход Гризельда, аажуу тайвнаар бүх зүйл таны хүссэнээр байх болно гэж би ам өчиг өгсөн шүү дээ. Би бол таны хүчинд амьд яваа ядуу тариачны охин. Танд л ая тухтай, сэтгэл амар байвал болох нь тэр хэмээгээд байдал намжив.

Тэгтэл нэгэн өдөр хатуу хахир нөхөр нь Гризельдаг дан цамтай нь гэрээсээ хөөж явуулаад өөрөө өөр эхнэр авна хэмээв. Төдөлгүй өөр эхнэр авч иржээ. Харин Гризельда нөхрийнхөө шинэ эхнэрт үйлчлэн, сэтгэлд нь сэв хийчих вий хэмээн хичээх болов. Энэ бүхнийг хөндлөнгөөс ажиглаж байсан Гвальтьери эхнэрийнхээ чинхүү сэтгэл, үнэнч байдалд дахин хэзээ ч эргэлзэхээргүй болж сэтгэл догдлон хамаг үнэнээ өчнө. Үнэн хэрэгтээ шинэ эхнэр гэгч үзэсгэлэнт охин бол тэр хоёрын анхны охин байжээ. Охиноо хөнөөсөн хэмээн нууцаар өсгөснийг мэдээд Гризельда уйлан хайлан охиноо тэврэн аваад бүх хэрэг явдлын учиг тайлагдав.

Тэгээд Гвальтьери өгүүлсэн нь: “Эрхэм Гризельда минь ээ, одоо л чи минь удаан хагацааны тэсвэр тэвчээрийнхээ үр шимийг хүртэх боллоо. Би чамайгаа хүн бүхэн дуурайхуйц үлгэр жишээч эхнэр байгаасай гэсэндээ тэсэхийн аргагүй зовлон шаналал чамдаа үүрүүлж байлаа. Би бол энэ орчлонгийн эрчүүд дотроос эхнэртээ хамгийн ихээр сэтгэл ханамжтай хэмжээлшгүй их аз жаргалтай байдаг цорын ганц эр хүн” гэвэй. Тэд урт удаан аз жаргалтай амьдарч буйгаар зохиол төгсдөг.

Магадгүй энэ туурийг уншсан хүн амлалт болоод, үнэнч байна гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэх биз. Ялангуяа таарамж муутайхан хосууд, харилцаагаа шинэ хандлагатай болгохыг эрмэлзэж буй залуус унших аваас үл ойлголцлын манан сарнин замхарч, итгэлцлийн наран гийнэ вий.

Г.Лхагвадорж