Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Озоны давхаргыг хамгаалах Олон улсын өдөр тохиож байна DNN.mn

Озоны давхаргыг хамгаалах Олон улсын өдөр есдүгээр сарын 16-нд тохиодог. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө турш олон сайн зүйлийг бүтээсэн боловч тэдгээрээс бас нэлээд сөрөг үр дагавар бий болжээ. Түүний нэг нь агаар мандлын озоны давхаргын хомсдол юм. Энгийнээр Озоны давхарга бол нарнаас ирж буй хэт ягаан туяаг өөртөө шингээж, шүүж авдаг бидний амьдралыг хамгаалдаг давхарга юм.

1970-аад оны сүүлчээр ажиллаж байсан эрдэмтэд хүн төрөлхтөн энэхүү хамгаалалтын бамбайд нүх үүсгэж байгааг олж мэдээд тэд түгшүүрийн дохиог өгсөн гэдэг. Энэ нүх нь хөргөгч, агааржуулагч гэх мэт аэрозоль, хөргөлтөд ашигладаг озоны давхаргыг задалдаг хий (ODS) -ээс үүдэлтэй байсан тул арьсны хорт хавдар, катаракт өвчний тохиолдол нэмэгдэж, ургамал, таримал, экосистемд гэмтэл учруулах аюул заналхийлж байв.

Тиймээс хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 1972 онд олон улсын хуралдаанаас санаачлан байгуулсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн ивээл дор дэлхийн улс орнуудын энэ талаар мэдлэг чадвар бүхий эрдэмтэн мэргэд, олон улсын харилцааны мэргэжилтнүүд 1985 он хүртэл хэд хэдэн удаа хуран чуулж, тулгараад байгаа аюултай үзэгдэл асуудлаар санаа бодлоо солилцож, гарах арга замыг дипломат бодлогын хүрээнд олж тогтоосон нь аюулыг сөрөн зогсоох эхлэл болжээ.

Ийнхүү озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц буюу Монералын протоколыг 1985 онд Австри улсын нийслэл Вена хотноо баталсан байдаг. 

Монералын протоколын дагуу засгийн газрууд, эрдэмтэд, аж үйлдвэрүүд хамтран озон задалдаг бодисын 99 хувь багасгахын төлөө хамтран ажилласан. Энэ протоколын ачаар озоны давхарга нөхөгдөж, энэ зууны дунд үе гэхэд 1980 оноос өмнөх утгадаа эргэж орох төлөвтэй байна.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл Бүгд Найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2023 оны есдүгээр сарын 5-7нд “Цахим Таллин Чуулган 2023”, наймдахь удаагийн “Нээлттэй Засаглалын Түншлэл” олон улсын чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Эстони улсын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, өндөр технологийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай хууль эрх зүй, техник технологи болон бусад арга хэмжээг авч Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад үүрэг болголоо.  НҮБ-аас байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл” байгууллага  Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх чармайлтыг үнэлэн “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээжээ.
Монгол Улсын төлөөлөгчид чуулганд оролцох хугацаандаа Эстони Улсын цахим шилжилтийн өнөөгийн явцтай танилцаж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тогтоожээ. Тухайлбал, Эстонийн “И-Засаглалын академи”-тай байгуулсан санамж бичгийг шинэчилж, Зөвшөөрлийн цахимжилт, ”Үндэсний танилт, нэвтрэлтийн систем”, “Цахим оршин суугч”  хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Товч мэдээ
·      Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“iPhone 15” загварын гар утсыг өнөөдөр нийтэд танилцуулна DNN.mn

“Apple” компани “iPhone 15” загварын гар утсаа өнөөдөр буюу есдүгээр сарын 12-нд Америкийн цагаар 10:00 цагаас олон нийтэд танилуулна. Үүнтэй холбогдуулан “Apple” компанийн оффисын гадаа хүмүүс хэдийнэ дараалал үүсгэж эхэлсэн байна.

“iPhone 15” загварын хувьд USB оролт, дэлгэцний хэмжээ, ухаалаг цагны холболт, Bluetooth чихэвч зэргийн үзүүлэлтээрээ шинэлэг байх аж. Үнийн хувьд 3500 ам.доллар буюу 12 сая төгрөгөөр борлуулагдах аж.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо DNN.mn

“Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэг Монголын архитекторуудын эвлэлийн ордонд есдүгээр сарын 07-ны өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны 12 дугаар сард гаргасан.  Зарлигийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар холбогдох тогтоол, шийдвэрийг  гаргаж, Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг 2023 оны гуравдугаар сард байгуулсан.

Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр “Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн талаар танилцуулга хийсэн юм.

Уг хэлэлцүүлэгт “Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, түүх, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байхаар үзэл баримтлалдаа тулгуурлажээ. Тодруулбал, “Хархорум” хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд 500 мянган хүнтэй, суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөж буйгаа танилцууллаа.

Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хотыг байгуулахаар үзэл баримтлалд тусгаад буй.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Цагаан хэрэм”-ийг экскаватораар нүхэлжээ DNN.mn

“Цагаан хэрэм”-ээс холгүй барилга дээр ажиллаж байсан хоёр хүн замаа товчлохын тулд экскаватораар түүхэн дурсгалт байгууламжийг нүхэлсэн хэрэгт буруутгагдаж байна. Хятадын төв телевиз энэ тухай мэдээлжээ.

The Great Wall of China: Two people detained for allegedly damaging cultural relic with excavator | CNN

Шаньси мужийн хойд хэсгийн Ююй аймгийн Шожоу хотын дүүргийн хэрмийн хананд нүх гаргасан байсныг илрүүлсэн. Улмаар зэргэлдээ аймгийн 38 настай эрэгтэй Чэн, 55 настай эмэгтэй Ван нар дээрх хэргийг үйлдсэн болохыг олж тогтоожээ. Ажилдаа очих зам дэндүү тойруу учир замаа товчлохын тулд хэрмийг нүхэлснээ хүлээсэн тэднийг соёлын дурсгалыг эвдлэн сүйтгэсэн хэргээр баривчлан саатуулаад байна.

Categories
нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сарны баялгын өрсөлдөөн гараагаа эхлэв DNN.mn

Энэтхэгийн “Чандраяан-3” хөлгийн буулгасан робот станц сарны өмнөд туйлаас усны нөөц хайж байна. Эндээс усны арвин нөөц олдвол сар нь цаашдаа хүн төрөлхтний сансар огторгуйн аяллын дамжин өнгөрөх өртөө болох ирээдүйтэй гэгддэг. Өмнө нь саранд хүрсэн АНУ, Хятад хоёр ч өмнөд туйлыг судлахаар төлөвлөж байгаа. Уснаас гадна эрдэс баялгийн арвин нөөц сарны хөрсөн дор байгаа гэж судлаачид үздэг юм. “NASA” 2015 онд сарны хөрсөн дор олон зуун тэрбумын үнэ хүрэх баялаг нуугдаж байгаа тухай мэдээлж байжээ. Тухайлбал халуун цөмийн урвалын түүхий эд болох helium-3 болон лантанид, скандиум, иттриум зэрэг газрын ховор элементийн нөөц бий гэж дүгнэсэн байна. Эдгээрийн зах зээлийн үнэлгээг янз бүрээр тооцоолсон байдаг. Зарим эх сурвалж сарны эрдэс түүхий эдийн үнэлгээг $1 квадриллион (арвын 15 зэрэг) хүрэх тооцоо гаргасан байна. Зөвхөн сар биш сансрын өөр олон биетийн нөөцийг үнэлсэн байдаг. Тухайлбал 16 Psyche нэртэй 280 км өргөн астероидын алт, төмөр, никелийн нөөцийг $10 орчим квинтиллион (арвын 18 зэрэг) хүрэх тооцоо гаргаж байжээ. “Davida” нэртэй өөр нэг солирын нөөцийг $27 квинтиллионоор үнэлсэн байна. Ирээдүйд сансрын уудамд олборлолт явуулдаг болох нь гарцаагүй юм. АНУ-ын конгресс 2015 онд “US Commercial Space Launch Competitiveness Act” хуулийг баталснаар хувийн хэвшлийн байгууллагуудад сансрын уудамд хайгуул явуулах, олборлох боломж олгох эрх зүйн үндсийг тавьсан юм. Өнөөдөр зарим компаниуд энэ чиглэлд ашиглагдах технологиудыг турших, зохион бүтээх ажлыг эхлүүлээд байна гэж “Business Insider” мэдээлжээ.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Neuralink” компани чип бүхий тархины суулгац бүтээхэд 280 сая ам.доллар төвлөрүүлжээ DNN.mn

Мэдрэлийн технологийн салбар дахь стартапууд оны эхнээс зургадугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд 143 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

Хүний тархинд чип бүхий суулгац бүтээх зорилготой Илон Маскийн стартап “Neuralink” компани технологийн хөгжүүлэлтдээ зориулж хөрөнгө оруулагчдаас 280 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ. Тус компани энэхүү санхүүжилтийг өөрсдийн технологио хөгжүүлэхэд зарцуулахаар байгаа юм.

Хөрөнгө оруулалтад тэрбумтан Петер Тиэлийн санхүүжилттэй “Founders Fund” зэрэг томоохон сангууд оролцсон байна. “PitchBook Data” компанийн статистикаас харвал “Neuralink” компани энэ оны зургаадугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчдаас нийт 143 сая ам.доллар босгожээ.

Харин 2022 онд 278.1 сая ам.доллар, 2021 онд 518.9 сая ам.доллар босгосон байна. Илон Маскийн энэхүү стартап хүний тархинд чип бүхий суулгац бүтээх зөвшөөрлөө АНУ-ын Хүнс, эмийн удирдах газраас хүлээн аваад байгаа юм.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

TheMongolz Бразилын хамгийн шилдэг багийг дахин хожлоо DNN.mn

ESL-ээс зохион байгуулдаг CSGO-ын их дуулга гэж болох Intel Extreme Masters-ын ээлжит тэмцээн Кёлн хотноо үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй “Intel Extreme Masters Cologne 2023”-т Монгол улс, Ази тивийг төлөөлөн оролцож буй TheMongolz баг тэмцээний гурав дахь тоглолтоо хийлээ.

  • CSGO-ын их дуулга тэмцээнд Монголын баг оролцож байна
  • TheMongolz баг Бразилын шилдэг багийг дахин хожлоо
  • Ингэснээр тэд IEM Cologne 2023 тэмцээний хэсгийн шатанд шалгарлаа

Тэд тэмцээний хэсгийн шатанд шалгарахын төлөөх хожигдох эрхгүй тоглолтыг дэлхийн чансааны 10-т байгаа Бразилын FURIA Esports-той хийв. Эхний map-ын сонголт монгол багийнх байсан бөгөөд тоглож дадсан map-даа хүндхэн хожлыг авсан бол эсрэг багийн сонголт дээр илүүрхэж 2-0 (Inferno 19-15, Overpass 16-8) харьцаагаар хожлоо.

Тоглолтод “techno4k” М.Содбаяр 85.7 ADR-тай багаа тэргүүлсэн 16 настай залуу тоглогч “mzinho” Б.Аюуш удаалав

  • TheMongolz Британийн ITB багийг 2-0 харьцаагаар илүүрхлээ
  • The Mongolz хоёр удаа нэмэлт цаг сунгаж хожигдлоо
  • Монголын CSGO-ын аваргаар “The MongolZ” тодорлоо

Ингэснээр TheMongolz “IEM Cologne 2023” тэмцээний хэсгийн шатанд шалгарлаа.

Монгол залуус тэмцээний эхний шатанд MOUZ багт Nuke map-д 22-19 харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү унасан бөгөөд доод хүснэгтэд Британийн Into The Breach багийг 2-0 (Mirage 16-8, Ancient 16-8) харьцаагаар хожсон билээ.

Categories
гадаад шинжлэх-ухаан-технологи

Олон тооны лугшагч од шинээр илрүүлжээ DNN.mn

Дэлхийн хамгийн том, Хятадын FAST (The Five Hundred Meter Aperture Spherical Telescope) радио дуран авай 2016 онд ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй лугшагч /пульсар/ одыг шинээр илрүүлжээ. FAST-ийн илрүүлсэн эдгээр шинэ одны тоо энэ хугацаанд гадаадын дурангуудаар илрүүлсэн одны тооноос гурав дахин их байгааг уг дуран авайн ерөнхий инженер Жян Пэн онцолжээ.

Лугшагч буюу маш хурдтай эргэлддэг нейтрон од нь супернова гэх хүчтэй дэлбэрэлтийн улмаас мөхөж буй асар том од буюу нарны цөмөөс үүсдэг. Гэхдээ ихэнх од болох нарнууд зул шиг зүгээр л мөхөн гэрэлтэхгүй болдог бол цөөн нь л лугшигч од болон үлдэж улмаар дэлбэрч сүйрдэг аж. Иймээс лугшигч оддыг ажиглах нь FAST-ийн хувьд ажиглалтынх нь мэдээллийг таталцлын цацраг, хар нүх байгааг батлахад, мөн физикийн бусад олон чухал асуултын хариултыг олоход ашиглаж болох чухал даалгавар юм.

Сүүлийн жилүүдэд FAST радио тэсрэлт, ионжоогүй атомын устөрөгчийн хий, лугшуур оддыг судлахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд Орчлон ертөнцийн бүтцийг ойлгох боломжийг ихээхэн өргөжүүлжээ.

Энэ жил уг дуран авай хос одны системтэй пульсаруудын хувьд нэг одоо тойрон эргэх хамгийн богино буюу 53 минутын хугацаатай хос лугшагч одоос гадна, наногерцийн таталцлын долгион оршин байгааг нотлох гол нотолгоог олж илрүүлсэн байна. FAST буюу “Хурмастын мэлмий” хэмээн нэрлэдэг энэхүү дуран авайн голч нь 500 метр бөгөөд үүнээс өмнө дэлхийн хамгийн том гэж тооцогддог байсан Пуэрто-Рикогийн дуран авайн диаметр нь 305 метр юм.

Г.АМАРСАНАА

Categories
шинжлэх-ухаан-технологи

Титаникийн аялалд гарсан шумбагчийн салангид хэсгүүд далайн ёроолоос олджээ DNN.mn

Зуу гаруй жилийн өмнө живсэн Титаник хөлгийн үлдэгдлийг үзэх аялалд гараад сураггүй алга болсон Титан шумбагч машины сэг өчигдөр далайн ёроолоос олдсоноор уг аялалд явсан таван хүнийг аврах найдлага тасарсан байна.

“Эдгээр хүмүүс нь адал явдалд дурлагчид, далай тэнгисийг судлах, хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй, жинхэнэ судлаачид байлаа. Ийм хүнд хэцүү цаг үед бидний зүрх сэтгэл эдгээр таван хүний гэр бүлийнхэнтэй хамт байна” гэж Титан шумбагчийг эзэмшдэг OceanGate Expeditions компани мэдэгджээ.

Канадын эрлийн хөлөг онгоцноос далайн ёроол руу илгээсэн шумбагч робот өчигдөр өглөө усны мандлаас 4 км-ийн гүнд, Титаник хөлгийн үлдэгдлээс 488 метрийн зайд Титан машины салангид хэсгүүдийг олсон тухай АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.

6.7 метр урт эх биетэй Титан шумбагч машины таван том хэсэг далайн ёроолоос олдсон тул түүнийг ямар нэг шалтгаанаар дэлбэрсэн гэж дүгнэжээ.

Хүний цогцсын үлдэгдэл олдсон эсэх талаар аврагчид мэдээлэл өгөөгүй байна.

Шумбагч машинд жолоочоос гадна дөрвөн аялагч явсан юм. Тэд бол Их Британийн 58 настай тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистан гаралтай Британийн иргэн 48 настай бизнесмэн Шахзада Давуд, түүний 19 настай хүү Сулеман, Францын далай судлаач, Титаникийн эксперт гэгддэг 77 настай Пол Анри Наргеолет, OceanGate компанийн Америкийн талын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стоктон Раш нар байжээ.

61 настай Стоктон Раш шумбагч машиныг жолоодож явсан байна.

Ням гарагт сураггүй алга болсон Титан шумбагчийн эрлийн ажиллагаанд өнгөрсөн хугацаанд олон орны аврагч мэргэжилтнүүд оролцож, далайн олон мянган километр талбайтай хэсгийг самнасан юм.

1912 онд Британиас АНУ-ын чиглэлд 1,500 гаруй зорчигчтой анхны аяллаа эхэлсэн Титаник хөлөг мөсөн уултай мөргөлдсөний улмаас живж байжээ.

Тус хөлгийн эх биеийн үлдэгдэл одоо Канадын Ньюфаундлэнд мужийн Сэйнт Жонс боомтоос өмнө зүгт 640 км зайтай Атлантын далайн ёроолд байдаг.

OceanGate компани живсэн Титаникийн үлдэгдлийг үзэх аяллыг 2021 оноос хойш зохион байгуулж байжээ. Уг аяллын нэг суудлын төлбөр $250,000 юм.

2018 онд болсон далай судлаачдын хурлын үеэр Титан шумбагч машины аюулгүй байдлын асуудал яригдаж, OceanGate компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал шүүхэд дуудагдаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters