Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

iPhone 16e загварыг танилцуулжээ DNN.mn

Apple компани лхагва гарагт iPhone загварын ухаалаг гар утасныхаа шинэ загварыг танилцуулсан нь жил бүрийн есдүгээр сард худалдаанд гардаг iPhone-ын үндсэн загваруудаас хямд үнэтэй байлаа.

iPhone 16e гэж нэрлэсэн шинэ загвар энэ сарын сүүлчээр 599 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна. Энэхүү загвар нь “home button” товчлуургүй, хурууны хээ мэдрэгчгүй, харин эдгээрийн оронд нүүр царай таних сканнер, дэлгэцийн дээд хэсэгт мэдрэгчүүдтэй ажээ. Мөн iPhone 16-гийн үндсэн загваруудад ашиглаж буй A18 чиптэй. Ингэснээр iPhone-ын үнэтэй загваруудтай адил бүх аппликейшн, тоглоомуудыг ажиллуулах боломжтой гэсэн үг юм. Шинэ загвар нь хар, цагаан өнгөний сонголттой бөгөөд ардаа нэг камертай.

Сүүлийн хэдэн улиралд борлуулалт нь тогтворгүй байгаа тус компани хамгийн чухал бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хямд үнэтэй шинэ iPhone гар утсаа танилцуулж байна. 2024 оны дөрөвдүгээр улиралд Apple-ийн нийт iPhone-ын борлуулалт жилийн өмнөх үеийнхээс 1 хувиар буурчээ. Гэхдээ улирлын борлуулалт 69 тэрбумаас давсан хэвээр байв.

Apple-ийн хувьд хямд үнэтэй iPhone нь шинэ хэрэглэгчдийг татахад ихээхэн ач холбогдолтой юм. Шинэ төхөөрөмжинд Apple Intelligence-ийг дэмждэг тул зураг үүсгэх, сануулсан мэдэгдлийг хураангуйлах зэрэг функцүүдийг ашиглах боломжийг олгох Apple-ийн хамгийн хямд гар утас болж байна. Apple-ийн хамгийн сүүлийн үеийн загварууд нь 799 ам.доллароос эхэлдэг бөгөөд iPhone 16 Pro нь 999 ам.долларын үнэтэй байгаа юм.

 

Э.Хулан

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Буддын шашны сүмээс 2000 жилийн өмнөх байгалийн гамшгийн ул мөр олджээ DNN.mn

Археологичид Пакистаны баруун хойд хэсгийн Сват хөндийгөөс 2000 орчим жилийн настай олдворуудыг илрүүлжээ. Буткара суваргын малтлагын явцад эртний Энэтхэгийн Гандхара вант улсад хэрэглэж байсан эртний зоос, шаазан эдлэл, харости үсгээр бичсэн бичээс олдсон байна.

Олдворуудын дунд Сака-Партийн ноёрхлын үеийн зоос болон Жамбил горхины үед үер болсныг нотолсон давхарга байжээ. Буткара суварга бол тухайн бүс нутгийн Буддын шашны хамгийн чухал дурсгалуудын нэг. 1956 оноос хойш энэ газрыг Италийн археологийн төлөөлөгчийн газар судалж, Венецийн их сургуулийн Алис Лори тэргүүтэй сүүлийн үеийн малтлагын үр дүнд суваргын хамгийн эртний давхаргууд илэрсэн байна. Эрдэмтэд нэгэн цагт бүс нутгийн нийслэл Массагана (одоогийн Мингора) хотыг энэхүү дархан цаазат газартай холбосон орон сууцны үлдэгдэл, цех, зам зэргийг олж илрүүлжээ. Нэг өрөөнөөс МЭӨ нэгдүгээр зууны үеийн зоос, тухайн үеийн амьдралын тухай өгүүлэх бусад олдворууд олджээ.

Эрдэмтэд Жамбил горхиноос эртний үер болсныг нотолсон давхаргыг олсон нь энэ бүс нутагт ямар байгалийн гамшиг тохиолдсон тухай мэдээлэл өгчээ. Хамгийн сонирхолтой олдворуудын нэг бол Харости дахь бичээстэй хөл хэлбэртэй жижиг сахиус юм. Археологичид мөн Сака-Парфийн засаглалын үеийн зоос, Мауриан гүрний үеийн (МЭӨ 320-185) эд зүйлсийг олжээ. Өөр нэг олдвор бас чухал ач холбогдолтой. Энэ газрын түүхэн хөгжлийн талаар шинэ ойлголт өгөх дархан цаазат газрын хамгийн анхны суваргатай холбоотой давхарга юм.

Сват хөндий нь эрт дээр үеэс соёл, шашны чухал төв байсаар ирсэн. Эрт дээр үед энэ нутаг дэвсгэр нь Энэтхэг, Перс, Эллинист уламжлалын өвөрмөц холимог гэдгээрээ алдартай Гандхара хаант улсын нэг хэсэг байв. Энд Энэтхэгийн буддын шашны хээг Грек-Ромын гоо зүйтэй хослуулсан алдарт Гандхаран урлаг хөгжиж байв.  МЭӨ II зуунд Гандхара хотод буддын шашны сүм хийд, суварга идэвхтэй баригдсан. Буткара суварга нь Буддын шашныг төрийн шашин болгож, Өмнөд болон Төв Ази даяар номлогчдыг илгээсэн эзэн хаан Ашокагийн үед (МЭӨ 268-232) үүссэн байх магадлалтай гэж эртний судар бичгүүдэд тэмдэглэжээ. Цаг хугацаа өнгөрөхөд Буткара мөргөлийн томоохон төв болж, эргэн тойрон нь худалдаа, гар урлалын үйлдвэрлэлийн газар болжээ.

Эх сурвалж: zms.mn

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Б.Баатархүү: Долоон гариг хамт гарч ирсэн ийм үзэгдэл дахин тохиохгүй DNN.mn

Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Баатархүүтэй долоон гариг нэг шугам дээр хамт гарч ирж буй ховор үзэгдлийн талаар ярилцлаа.


-Долоон гариг нэг шугам дээр хамт жагсах маш ховор үзэгдэл болох гэж байна. Одоогоор ямар гаригууд гарч ирсэн байгаа вэ?

-Энэ үзэгдэл ерөнхийдөө 2025 оны нэгдүгээр сараас эхэлсэн үйл явдал. Одоогоор сугар, ангараг, бархасбадь, санчир, тэнгэрийн ван, далай ван гэсэн зургаан гариг харагдаад эхэлсэн. Хоёрдугаар сард өдөр уртсаад эхлэхээр сугар, санчир гаригууд нарны байршлаасаа шалтгаалаад харагдахаа больж эхэлнэ. Буд бол долоо дахь гариг юм. Хараахан гарч ирээгүй байгаа. Маш хурдан эргэдэг учраас хоёрдугаар сараас харагдаж эхэлнэ гэж тооцоолсон. Хэрэв нар жаргасны дараа дурандаад үзэх юм бол нар манддаг зүүн өмнөд талд ангараг, үүнээс жаахан урд хэсэгт бархасбадь, тэнгэрийн ван байрласан харагдана. Харин хойхно талд нь далай ван, сугар, санчир гаригууд харагдана. Сугар бол гэрэлтэх чадвараараа сарны да раа ордог. Мөн ангараг гариг 2025 оны нэгдүгээр сарын 18-наас мандаж эхэлж байгаа учраас их хол харагдана. Эдгээр гаригууд тодорхой хурдтайгаар нарыг тойрч эргэдэг. Давхцал нь хурдныхаа зөрүүнээс шалтгаалаад хамт гарч ирж байгаа юм.

-Нэг шулуун дээр бол харагдахгүй гэсэн үг үү?

-Тийм. Тэнгэрт зэрэгцэж л харагдана. Гаригийн жагсаал тэгшитгэлийг прад гэж нэрлэдэг. Манай тэнгэрийн гаригууд нэг хавтгай дээр оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, нарны аймаг үүссэн цагаасаа л нэг хавтгай дээр эргэлдсэн. Наранд ойрхон байх тусмаа удаан эргэдэг. Тэгэхээр гариг болгон өөр, өөр хурдтайгаар нарыг тойрч эргэлдэж байгаа гэсэн үг. Буд, сугар хоёр бол маш хурдан тойрдог. Дэлхий 365 хоногт тойрно. Бүр цаашаагаа алслагдаад ирэхээрээ тэнгэрийн ван, далай ван гэх аварга хийн гаригууд 85 жилд нарыг тойрдог байх жишээтэй. Ийм удаан тойрдог болохоороо ойролцоогоор нарны нэг талд гарч ирж байгаа юм. Яг нэг шулуун дээр гарч ирнэ гэх юм бол харьцангуй ойлголт шүү. 3 градус, 4 градуст бүгд орж ирэхийг нэг математикч тооцоолсон байдаг юм. Түүнийхээр гаригууд нэг шулуун дээр гарч ирэх үзэгдэл 400 тэрбум жилд нэг удаа тохионо гэсэн. Тэгэхээр манай нарны нас гүйцэхгүй болчихож байгаа юм. Нар бол 10 тэрбум жилийн настай. Одоо бол 4.5 тэрбум жилийг насалсан явж байна. Тиймээс манай нарны насанд бүх гаригууд яг нэг шулуун дээр давхцах үйл явдал гарахгүй байх. Ерөнхийдөө 180 градус, 90 градус дотор л байрлах боломжтой.

-Энэ бол одон орон судлалын маш ховор үзэг дэлд орно. Гаригууд дахин хамт гарч ирэх тохиолдол бий юу?

-Одоогийн тооцооллоор 2040 онд таван гариг, 2080 онд таван гариг хамт гарч ирнэ. Яг долоон гариг гарсан тохиолдол үүн шиг бараг л дахин давтагдахгүй. Хоёрдугаар сарын 28-нд маш өндөрлөг газраас долоон гаригийг бас харах мөч тохионо. Цаг хугацааны хувьд бол яг нар жаргасны дараа харж болно. Эклютын хавтгайг дөрвөн тэнцүү хуваахад нэг талд нь буюу 180 градус дотор нарны аймгийн найман гариг орж ирнэ. Мянган жилд бол долоон удаа л тохиолддог үзэгдэл. Энд тооцоолсноор 2176 он, 2192 гэх мэт онуудад бүгд хамт харагдана.

-Улс үндэстэн бүр өөр, өөр газарзүйн байрлалтай. Тэгвэл дэлхий нийтээрээ уртраг өргөрөг, өндөр нам байршлаасаа хамаарахгүйгээр энэ үйл явдлыг бүх байрлалаас харах боломжтой өдөр гэж бий юу?

-Мэдээж байгаа. Нэгдүгээр сарын 21-нд л бүгдийг нь хаанаас ч харах боломжтой. Хоёрдугаар сарын 28-наас бол буд гариг гараад ирэхээр өндөрлөг газруудаас зурвасхан л харж болно. Ангараг гаригийг монголчууд улаан нүдэн гариг гэж нэрлэдэг. Үүнийг дурангаар харах юм бол бөөрөнхий улаан, гадаргуу нь хагарсан ул мөртэй харагдана. Хэмжээгээрээ манай дэлхийгээс жижигхэн. Бархасбадь бол аварга том хийн гариг. Манай нарны аймгийн хамгийн том гариг л даа. Дэлхийгээс радиусаараа 11 дахин том. Өөрийн гэ сэн дөрвөн дагуултай. Дагуулуудыг нь сар гэж нэрлэдэг. Яг л манай дэлхийг нэг сар дагадаг шиг. Дагуулууд нь улаан судалтай. Нартай хамт арванхорёдугаар сард ирсэн учраас их тод гэрэлтэж байгаа. Тэнгэрийн ван, далай ван хоёр алс хол байдаг учраас мэргэжлийн том дурангаар харах боломжтой. Сугар бол хамгийн үзэсгэлэнтэй гариг. Хагас дугуй хэлбэртэй. Дэлхийн дотуур байрладаг учраас нэг тал нь сүүдэртээд нар тусаж байгаа хэсэг нь гялтганадаг. Энэ гаригийн агаар мандал 500 градус хүрдэг учраас их халуун. Санчир гариг энгийн хоёр нүдний дурангаар ч харагддаг. Одоогийн байдлаар санчир холдож байна. Өмнө жил есдүгээр сард их ойртож ирсэн юм. Алсын гариг учраас манай дэлхий л холдож байна гэж ойлгох хэрэгтэй.

А.Даваадулам

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Parker Solar Probe станцын “Ногоон зүрх” DNN.mn

Манай нарны аймгийн ганц од буюу нарыг судлах Parker Solar Probe станц анх удаагаа нарны титэм гэгддэг давхарга руу ороод хэт халалтаас болж холбоо тасарсан билээ. НАСА-гийн Шинжлэх ухааны албаны дарга Никола Фокс ВВС-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүс нарыг олон зууны турш судалж ирсэн ч дэргэд нь очихоос нааш түүний орчны мандлын талаар тодорхой ойлголттой болж чадахгүй байсан. Иймээс бид Parker Solar Probe станцыг 2018 онд нар руу илгээсэн. Parker нарны титэм рүү орсон цагт л бид түүний орчин, мандлын талаар үнэн зөв мэдлэгтэй болно” гэж хэлжээ.

НАСА-гийн Parker Solar Probe станц нарны хажуугаар нийт 21 удаа өнгөрч байгаа бөгөөд хажуугаар нь өнгөрөх бүртээ улам бүр наранд ойртож, энэ жилийн Христийн мэндэлсний баярын өдрийн өмнө наранд ойртох дээд амжилт тогтоож байгаа юм. Энэ нь нарны гадаргуугаас 6.2 сая км зай учир бидэнд тийм ч ойрхон зай биш юм шиг санагдаж болох ч НАСА-гийн Никола Фокс үүнийг “Бид нарнаас 149 сая километрийн зайд оршдог. Хэрэв нар, дэлхий хоёрыг нэг метрийн зайд байрлуулбал манай станц нарнаас дөрвөн сантиметр зайд байна гэсэн үг.

Судалгааны станц энэ үед цельсийн 1400 хэмийн халуун температур болон өөрийн электрон төхөөрөмжүүдийг гэмтээж болох цацрагийг тэсвэрлэх ёстой. Энэ нь 11.5 см зузаантай нүүрстөрөгчийн нийлмэл бамбайгаар хамгаалагдсан манай станц бүрэн сүйрлээс зайлсхийхийн тулд нар руу өндөр хурдтайгаар ойртож мэдээллээ авсны дараа түүнээс маш хурдан холдох ёстой ажээ. Үнэндээ Parker Solar Probe станц хүний гараар бүтсэн бүх зүйлээс илүү хурдтай явж байгаа. Түүний хурд нь цагт 692 мянган км байх бөгөөд энэ нь Лондонгоос Нью-Йорк руу 30 секунд хүрэхгүй хугацаанд очиж чадна гэсэн үг юм. Уг станц наранд ойртох үед үүсэх асар их таталцлын хүчний нөлөөгөөр ийм их хурд гаргаж байгаа юм” гэж хэлжээ.

Сансрын хөлөг манай ганц од болох нарны гаднах агаар мандал буюу титэмийг дайран өнгөрөхөд олон нууц бидэнд тайлагдах болно гэж эрдэмтэд найдаж байна. Уэльсийн Оддын лабораторийн одон орон судлаач Женнифер Миллард “Нарны титэм маш халуун, яагаад гэдгийг бид одоогоор мэдэхгүй. Нарны гадаргуугийн температур 6000 орчим хэм байдаг. Гэвч нар хиртэх үед харагддаг гаднах агаар мандал болох титэм нь хэдэн сая градус хүртэл халдаг. Энэ нь нарнаас маш хол зайд байгаа зүйл юм. Тэгвэл яаж ийм их халуун болж байна вэ гэдэг бол том асуудал. Parker Solar Probe-ийн эрхэм зорилго нь нарны салхи, титэмээс цацагддаг цэнэгт бөөмсийн байнгын урсгалын талаар илүү ихийг мэдэхэд туслах зорилготой юм. Эдгээр бөөмс дэлхийн соронзон оронтой харилцан үйлчлэхэд манай тэнгэрт туйлын гэрэл үзэгддэг. Гэвч сансрын цаг агаар гэж нэрлэгддэг энэхүү зүйл дэлхийн цахилгаан сүлжээ, электроник, харилцаа холбооны системийг эвдэж, асуудал үүсгэдэг. Иймээс нар, түүний идэвхжил, сансрын цаг агаар, нарны салхи зэргийг ойлгох нь дэлхий дээрх бидний өдөр тутмын амьдралд маш чухал зүйл юм” гэж хэлжээ. Ийнхүү Христийн мэндэлсний баяр болж байхад зөвхөн НАСА-гийн эрдэмтэд л холбоо барихаа больсон станцдаа санаа зовж, сандарсан байдалтай үлдсэн билээ. Никола Фокс сэтгүүлчдэд сандарч байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч энэхүү зоримог даалгавар амжилттай биелэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гээд “Бид мэдээж сансрын станцынхаа хувь заяанд санаа зовж байна. Гэхдээ бид сансрын энэ бүх харгис хэрцгий, хатуу ширүүн нөхцөлийг тэсвэрлүүлэх гэж түүнийг зохион бүтээсэн. Энэ бол маш хүчтэй тоног төхөөрөмж. Манай станц хэвийн байна гэдгээ илтгэж, дэлхий рүү амьдрал бэлгэдсэн ногоон зүрх бүхий SMS илгээсний дараа авсан мэдээллээ дамжуулах болно” гэж хэлсэн билээ. Тэгвэл Parker Solar Probe станц бараг гурав хоног холбоогүй байсны дараа дэлхийд ногоон зүрхний зураг бүхий мессэж илгээж, НАСА өөрийн албан ёсны мэдээллийн хуудсанд “Нарыг ойрын зайнаас судлах энэхүү судалгаа нь бодисыг яг хэдэн сая градус хүртэл халдгийг илүү сайн ойлгох, нарны салхины үйл ажиллагаа буюу нарнаас ялгарах бөөмсийн тасралтгүй урсгал хэрхэн явагдаж буйг судлан гаргахад туслах хэмжилт хийх боломжийг бидэнд олголоо. Иймээс та бүхэн удахгүй өндөр энергитэй бөөмс хэрхэн, яаж гэрэлтэй ойролцоо хурдтай болдог учрыг мэдэж аваарай” гэж бичжээ.

НАСА-гийн нарыг тойрон нисэх үедээ дээд хурд авч, 700.000 км/ц буюу 194 км/с хурдалдаг Parker So­lar Probe төхөөрөмжийн нийт өртөг нь 1.5 тэрбум доллар юм. Энэхүү санц 2018 оны наймдугаар сарын 12-нд АНУ-ын Канаверал хошуунаас нар руу хөөрсөн билээ. Харин НАСА-гийн энэ станц нарыг анх удаа тойрох үеэр хийсэн хэмжилтүүд бүхий анхны шинжлэх ухааны мэдээллийг 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд дэлхий рүү илгээж байсан аж.

 

 

Орчуулсан

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Дрон туршилтын бүсүүд байгуулахаар болов DNN.mn

Дрон туршилтын бүсийг Дархан-Уул аймаг болон Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулахаар боллоо.

Ингэснээр дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, нэвтрүүлэх, нутагшуулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах нэг шинэ суваг нээгдэнэ.

Цаашид судалгаагаар тогтоогдсон бусад байршилд дроны туршилтын бүс байгуулахад шаардлагатай эрх зүйн болон бусад зохицуулалт хийх ажлыг эрчимжүүлнэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ DNN.mn

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газар шинээр эмхлэгдэн байгуулагдаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болж өөрчлөгдсөн болохыг дурдаж, 2025 онд Чех Улсад Монгол Улсаас хийхээр төлөвлөгдөж буй айлчлалын үеэр спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах саналтай буйгаа илэрхийлэв.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал Чех Улсын нийслэл Прага хотод ирэх оны гуравдугаар сард тоглохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн Үндэсний музейд зохион байгуулахаар Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музей 2024 оны зургаадугаар сард гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу үзэсгэлэн дэглэх бэлтгэл ажлын талаар ярилцав.

Мөн хоёр улс спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд дасгалжуулагч, тамирчид болон мэргэжилтнүүдийг харилцан урьж, хамтарсан бэлтгэл хийх зэрэг бусад холбогдох үйл ажиллагаа зохион байгуулах, туршлага солилцох хүсэлтэй буйгаа Элчин сайд Ян Вытопилд илэрхийллээ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Төрийн байгууллагуудын 70 хувь нь кибер халдлагын эрсдэлээ тооцоолж чаддаггүй DNN.mn

2021 онд MNS ISO/IEC 27001 стандартын дагуу орон нутгийн 605 төрийн байгууллагад үнэлгээ хийжээ.

Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 35 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлоготой ч үлдсэн байгууллагуудад хангалтгүй гэсэн дүн авчээ. Байгууллагуудын 53 хувь нь эд хөрөнгийн удирдлагын асуудлыг шийдвэрлэж чадсан гэж үзсэн ч үлдсэн 47 хувь нь сайжруулалт хийх шаардлагатайг тодорхойлов.

Дээрх байгууллагуудын 43 хувь нь хүний нөөцийн асуудлыг зохистой шийдвэрлэж байгаа боловч энэ чиглэлээр ахиц гаргах шаардлагатай аж. Мөн 23 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалт хангалтгүй түвшинд байгааг илэрхийлжээ.

Мөн Монгол Улсын 67 төрийн байгууллагын дунд кибер аюулгүй байдлын судалгаа хийсэн байна. Тодорхой хэлбэл, 32.35 хувь нь мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан тусгай нэгжтэй, 29.41 хувь нь ямар нэгэн байдлаар кибер халдлагад өртөж байжээ.

Мөн 50.33 хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандарт, фреймворк дагаж мөрддөггүй, 30 хувь нь эрсдэлийн үнэлгээ огт хийлгэдэггүй. Хамгийн анхаарал татах статистик нь дээрх байгууллагын 70.59 хувь нь өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлын халдлагад өртөх эрсдэлээ мэдэхгүй, 56.67 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын бодлого, баримт бичийг боловсруулаагүй байна. Тус судалгаа нь төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын талаарх хандлага, бэлэн байдлыг тодорхойлжээ.

Судалгаанд Монгол Улсын Их Хурлын 5 байгууллага, Засгийн газрын 28 агентлаг, Засгийн газрын 14 төв орон нутгийн 14 бусад 5 байгууллагыг тус тус хамруулсан гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгч монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс дээрх зарлигийг гаргажээ.

“Монгол түүх судлалыг дэмжих тухай” зарлигийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар зарлигт гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч түүхээ судлах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйл хэргийг эрчимжүүлэхийн тулд:
Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг цогцоор нь дэмжиж, мэргэшсэн судлаач, түүхчдийг төрийн бодлогоор бэлтгэх,
Нэн эртний үеэс эдүгээ хүртэлх Монголын түүхийг иж бүрэн судлан шинжилж, 30 боть болгон эмхэтгэн хэвлүүлэх, орчуулах, түгээн дэлгэрүүлэх,
Их эзэн Чингис хаан, Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний түүх судлалыг эрчимжүүлж, монголчуудын хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг судлан тодруулж, үнэлэн дүгнэж, олон улсад сурталчлан таниулах,
Монголын түүх, түүхэн хүмүүсийн намтар, үйл хэргийг гуйвуулах эрсдэлээс хамгаалах, таслан зогсоох,
Бүх нийтийн түүхийн мэдлэгийг дээшлүүлэх талаар бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Засгийн газарт зарлигаар чиглэл болголоо.

Мөн эх түүхээ судлан шинжилж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг иргэн бүрд уриаллаа.

Монголын түүх судлалыг дэмжих хүрээнд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар түүхийн хосгүй үнэт өв, нэн чухал эх сурвалж болох “Монголын нууц товчоон”-ы дэлгэрэнгүй бүрэн тайлбарыг олон салбарын эрдэмтэн судлаачид хамтран бүтээсэн.

Ерөнхийлөгчийн санаачилгаар мөн “Монголын нууц товчоон”-ы төрийн албан ёсны англи орчуулгыг олон түмний хүртээл болгож, дэлхийн номын сангуудад хадгалуулах боллоо.

Англи орчуулгыг бүтээсэн Ажлын хэсгийн ахлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, бригадын генерал Б.Даваадорж тэргүүтэй эрдэмтэн судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

С.Дэмбэрэл: Бүсчилсэн хөгжлийн реформыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монголын эрдэмтэд манлайлан ажиллана DNN.mn

ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 1983-1989 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2015 онд ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвд орлогч дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар тус тус ажилласан. 2015 оноос Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө ШУА-ийн Их чуулганы хуралдаанаар ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.


-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе?

-Их баярлалаа. Энэ завшааныг ашиглан ШУА-ийн Их чуулганаас итгэл хүлээлгэн сонгосон эрхэм хүндэт академичдадаа талархал илэрхийлье. Энэ итгэлийг дагаад том хариуцлага ирж байгааг ухамсарлаж байна. Бүхий л нөөц бололцоо, мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно.

-ШУА-ийн Их чуулган амжилттай болж өндөрлөсөн. Өрсөлдөөн хэр байсан бэ?

-Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн сонгууль өөрийн гэсэн журмаар зохицуулагддаг. Энэ журмын дагуу академийн ерөнхийлөгчөөр сонгогдох хүн өөрөө нэр дэвших эрхгүй байдаг. Аль нэг эрдэм шинжилгээний байгууллага тэр хүнийг нэр дэвшүүлэх боломжтой гэж үзвэл хамт олны хурлаа хийж, нууц санал хураалтаар олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлдэг. Бусад байгууллагуудын сонгуулиас ялгарах гол зүйл нь энэ. Манай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдмийн хамт олон намайг нэр дэвшүүлсэн. Бусад эрдэм шинжилгээний байгууллага их сургуулиас өөр гурван академичийг нэр дэвшүүлсэн байсан. Ер нь төрийн өмчийн томоохон их сургуулиудад сонгууль зарласан, Их чуулган болох гэж байгаа тухай, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал байгаа тухай албан бичиг явуулдаг уламжлалтай. Сая болж өнгөрсөн Их чуулганаар ШУА-ийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр шатны санал хураалт болж, миний бие нийт академийн гишүүдийн 61.1 хувийн саналаар сонгогдлоо.

-Их чуулганаараа өмнөх ерөнхийлөгч нь мөрийн хөтөлбөрийн биелэлтээ хэлэлцүүлсэн гэсэн. Биелэлт нь хэр байсан бэ?

-Өмнөх ерөнхийлөгч Д.Рэгдэл академич маань сүүлийн найман жил ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажилласан. Өнгөрсөн зургадугаа сард болсон УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдоод УИХ-ын анхны чуулганыг удирдсан нь манай салбарынхны бас нэгэн бахархал байлаа. Юуны өмнө УИХ-ын эрхэм гишүүн Д.Рэгдэл академичдаа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн удирдлага, академичид, нийт эрдэмтэн судлаачдынхаа өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье. Их чуулганы үеэр өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтээ танилцуулсан.

Үүнд, ШУА-ийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийг шинэчлэн тодорхойлж, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүний нөөцийг хөгжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зэрэг долоон багц асуудлын хүрээнд 41 томоохон зорилтыг дэвшүүлэн ажилласан. Их чуулганаар хэлэлцээд Д.Рэгдэл академичийг мөрийн хөтөлбөрөө амжилттай сайн биелүүлсэн гэж дүгнэсэн. Хамгийн түрүүнд материаллаг бааз, санхүүжилт нэмэгдсэнийг онцгойлон дурдах нь зүйтэй. Өнгөрсөн найман жилд ШУА-ийн тэргүүлэгчдийн газар 60 жилийн түүхэндээ өөрийн гэсэн байртай боллоо. Хоёрдугаарт, шинжлэх ухааны ажилтны анхдугаар болон хоёрдугаар их хурлыг зохион байгууллаа. Төрийн гурван өндөрлөгийн хувьд “шинжлэх ухааны салбарт хандах хандлагаа өөрчилнө” гэсэн байр суурьтай байсан. Түүнийгээ ч хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол шинжлэх ухааны салбарт ажиллагсдын урам зоригийг бадраасан явдлууд боллоо. Хандлага өөрчлөгдөхөөр ажилд тодорхой ахиц гардаг нь сүүлийн жилүүдэд харагдаж байна. Үүнийг батлах нэг зүйл нь Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборыг барьж байгаа явдал юм. Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн тавдугаар сард УИХ-аар батлуулсан зэрэг томоохон ажлуудыг нь онцолж байна.

-Таны хувьд салбарынхаа цаашдын хөгжил, дэвшлийн төлөө ямар ажлыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан бэ?

-Миний хувьд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн үе үеийн ерөнхийлөгчдөөс уламжлагдан ирсэн ёс жаягийг хүндэтгэж, академичдынхаа зөвлөмжийг дагаж, ирээдүйн хөгжил рүү тэмүүлэх залуу судлаачдаа манлайлан дагуулж “Сайхан үйлсийг үргэлжлүүлэн бадраая, Саатан хоцорсныг нь сэргээн хөгжүүлье” гэсэн уриатайгаар “Шинжлэх ухааны сэргэн хөгжилт” мөрийн хөтөлбөрийг боловсруулан Их чуулгандаа танилцуулсан.

Миний мөрийн хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын эрх зүйн баримтуудын хэрэгжилтийг хангахад Шинжлэх Ухааны Академийн үйл ажиллагааг чиглүүлнэ. Мөн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлийн ажлыг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тусгасан байгаа. ШУА маань Засгийн газрын шийдвэрээр Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяалалд байсан буйраа сэлгэсэн. Ирэх жилүүдэд Эдийн засаг, хөгжлийн яамны бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа явуулна. Үүнтэй холбогдуулан шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүч болгон ашиглана. Үүнд чиглэсэн бодлогыг нарийвчлан боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) болон бусад байгууллагуудтай хамтран ажиллана гэж төлөвлөсөн байна.

-ШУА нь Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) -ны харьяанд очсон юм чинь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд дэх эрдэмтдийн оролцоо нэмэгдэнэ гэж ойлгох уу?

-Тийм шүү. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын чадавх, нөөц бололцоог улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бүрэн ашиглаж, салбарын бүтээн байгуулалтыг түргэтгэх чиглэлээр ажиллана. Мөн салбар дундын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлэн бодит ажил болгохын төлөө төрийн болон төрийн бус бүхий л байгууллагатай хамтран ажиллана гэж төлөвлөж байна. Тодруулбал, их дээд сургуулиуд, яамдын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар зөвлөл, аймаг, нийслэлийн шинжлэх ухаан, технологи, инновацийн дэд зөвлөлүүд, төрийн ба төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран үр бүтээлтэй ажиллах механизмыг бий болгоно. Энэхүү механизм нь салбарын төрөлжсөн академи болон бага чуулгануудын бүтэц дээр суурилсан, нарийн мэргэжлийн судлаачдаас бүрдсэн байна. Мөн яам, нийслэл, орон нутгийн үйл ажиллагаа дахь шинжлэх ухаан технологи, инновацийн эрэлт хэрэглээ, сонирхолд нь нийцүүлэн монгол хүний амьдралын чанар, улс эх орныхоо нийгэм эдийн засгийн өсөлтийг бий болгох, Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачдын идэвхтэй оролцоог нэмэгдүүлнэ гэж зорьж байна.

-Тусгай стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ гэсэн үг үү?

-Юуны түрүүнд Их чуулган, салбар академи, бага чуулганы бүтэц, хүрээлэн төвүүдийн оролцоотойгоор төлөвлөгөө боловсруулж байна. Үүнд, 2030 он хүртэлх ойрын ирээдүйн “Эргэн сэргэлтийн бодлого”, 2040 он хүртэлх дунд хугацааны “Хөгжлийн баталгаажуулалтын бодлого”, 2050 он хүртэлх урт хугацааны “Тогтвортой хөгжлийн суурь” хөгжлийн баримт бичгүүдийг Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Их чуулганаар хэлэлцүүлэн батлуулна гэж бодож байгаа.

-Та бүхэн ирэх дөрвөн жилийн хугацаанд ямар томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-“Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” хөгжлийн дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд ШУА-ийн эрдэмтэн судлаачдын идэвхтэй оролцоог хангаж ажиллана. Мөн “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төслийн Байгаль нуур болон хүрээлэн орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааны ажлыг гүйцэтгэх талаар Засгийн газраас чиглэл авч ажиллана. Энэ судалгааны ажлыг ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран гүйцэтгэж, хоёр орны судлаачдын байр суурийг нэгтгэн хамтын зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөж байна.Дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт хувь нэмрээ оруулж буй Монголын эрдэмтэн судлаачдын уламжлалт академик судалгааг дэмжих, олон улсын эрдэмтдийн сонирхлыг татсан шинэлэг суурь судалгааг өргөжүүлэх, гадаадын тэргүүлэх эрдэмтэдтэй хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллана гэж бодож байна. Мөн ШУА-ийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.

Салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр гадаадтай хамтарсан судалгааны чиглэл, цар хүрээг нэмэгдүүлнэ. Үүнд, Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэмтэн солилцох, судалгааны хамтарсан лаборатори, төвүүд, ажиглалтын цэг, полигон байгуулах, судалгааны шинэ техник технологийг судалгаандаа нэвтрүүлэх, судалгааны техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадын түнш байгууллагуудтай хамтран ажиллана. Нийгмийг соён гэгээрүүлэх, эрдэм дэлгэрүүлэх үйл ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргана зэрэг олон ажлуудыг төлөвлөөд явж байна. Мөн надтай хамт ШУА-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн академич нарынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс зарим томоохон ажлуудыг нь хамтран хэрэгжүүлнэ гэж бодож байна даа.

-Өнгөрсөн хагас сайн өдөр Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган болж өндөрлөлөө. Ерөнхий сайд энэ чуулган дээр Бүсчилсэн хөгжлийн реформ болон ирж буй он жилүүдэд Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн өнгийг тодорхойлох 14 мега төслүүдийг танилцуулсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Өнөөдөр аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл нь тухайн улс орны шинжлэх ухаан технологийн потенциал, нөөц бололцоо гэдэгтэй бүгд санал нийлнэ. Манай Засгийн газраас улс эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө, ард олныхоо сайн сайхан амьдралын төлөө ихийг бодож төлөвлөсөн,олон ажлуудыг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Зарим өнцгөөс харахад эдгээр төслүүд нь ихийг бодож төсөөлсөн, хэрэгжүүлэн гүйцэтгэхэд нэн амаргүй мэт харагдавч өнөөдөр бид энэ төслүүдийг хэрэгжүүлж эхлэхгүй юм бол хэн хэзээ гэж хүлээх вэ. Мөрөөдөлтэй байх, түүнийг ажил хэрэг болгохын төлөө сэтгэлээ зориулан ажиллах нь бидний ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг шүү дээ. Миний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Бүсчилсэн хөгжлийн реформ” болон 14 мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ШУА болон Монголын эрдэмтэн судлаачдаа манлайлан ажиллана. Өнгөрсөн сарын хугацаанд зарим мега төслүүдийг урагшлуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

-Үндэсний хиймэл дагуулыг хөгжүүлэх тухай ямар төсөл, хөтөлбөрийг төлөвлөөд байна вэ?

-ШУА болон Их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид аравдугаар сарын 24-ний өдөр сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангасан “Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” хэлэлцүүлгийг ШУТИС дээр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт оролцогсод Монгол Улсад сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлдэх цогц арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр эрчимтэйгээр хөгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байсан. Үндэсний хиймэл дагуулыг, түүний дотор холбооны болон зайнаас тандан судлах хиймэл дагуулыг хөгжүүлэх, турших, хөөргөн ашиглах ажиллагааг өндөр хөгжилтэй орнуудтай хамтран цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь чухал гэдгийг онцолсон. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжөө “Үндэсний сансрын үндэсний зөвлөл”-д хүргүүлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Үндэсний хиймэл дагуул” төсөл нь ирээдүйг харсан шинжлэх ухаан, технологийг Монгол Улсад хөгжүүлэх томоохон алхам гэж харж байна.

-Атомын  цахилгаан станцыг Монголд хөгжүүлэх талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд атомын цахилгаан станцыг Монголын ирээдүйд хэрэгтэй гэж үздэг. Орчин үед атомын цахилгаан станцын техник технологи өндөр хөгжсөн. Бусад улс орнууд мини атомын цахилгаан станцыг хөгжүүлж байна. Ураныг ашиглаад үлдэгдлийг нь булшлах гэж том асуудал байна. Тэгтэл орчин үеийн технологиор булшлах ч шаардлагагүй. Нэг үгээр хэлбэл, ураныг бүрэн гүйцэт ашигладаг тийм технологи гарч ирсэн байна. Технологи өндөр түвшинд хүрнэ гэдэг нь аюулгүй ажиллагаа дээд цэгтээ хүрч байгаа гэсэн үг. Монгол Улс ураны нөөц ихтэй учраас, том биш юм аа гэхэд мини атомын цахилгаан станцын төслийг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ чиглэлээр манай олон эрдэмтэн судлаачид ойрын үед хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй байна.

Г.Балгармаа

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сар, Ангараг дээр мөөгөн байшин босно DNN.mn

НАСА агентлаг сар, Ангараг гаригийн гадаргуу дээр амьдрах боломжтой бааз бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь дэлхийгээс барилгын материал эдгээр гарг руу аваачих шаардлагатай гэсэн үг юм. Энэ бол найдвартай сайн арга боловч их зардалтай бас төвөгтэй ажил билээ. Иймээс эрдэмтэд дэлхийн байгалийн хиймэл дагуул болох саран дээр байгаа нөөцийг барилгын материал болгон ашиглах санал тавьж байв. Гэсэн хэдий ч энэ нь бас зардал орох төвөгтэй ажил. Тэгвэл эрдэмтэд огт өөр хувилбарыг санал болгожээ.

Энэ нь НАСА-гийн эрдэмтэд сар, Ангараг гариг дээр мөөг ашиглан хүмүүс амьдрах байшин барихыг санал болгосон явдал юм. Энэ арга нь эдгээр гариг дээр орон сууц барих ажлыг илүү хялбар, хямд болгох гэнэ. Бидэнд хэрэгтэй зүйл бол мөөгийг хүссэн хэлбэрээр ургуулах бэлэн бэлдсэн хүрээ, мицели гэх мөөгний бие ба ус юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ сонголт нь мөөгний бие болох мицел буюу багц утас шиг гуурснуудаас бүтэх биеийг ашиглан хүмүүст зориулсан байшинг “ургуулах нь сансрын нисгэгчид болон хүрээлэн буй орчинд ямар ч сөрөг нөлөө, аюул учруулахгүй байх давуу талтай юм байна. Калифорнийн Цахиурын хөндий дэх Эймес судалгааны төвийн хэсэг судлаачид НАСА агентлагаас хоёр сая ам.доллар авч мөөгөн байшин ургуулах төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Мөөгний мицели нь нимгэн утас(hyphae)-наас бүрддэг мөөгний ургах бие юм. Энэ нь шим тэжээлийг шингээх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бас нөхөн үржихүйн үйл явцад оролцдог.

Эрдэмтдийн үзэж байгаагаар зөв нөхцөлд мөөг нь нарийн төвөгтэй бүтэцтэй болж, нэлээд нягт материал үүсгэж чаддаг. Ялангуяа ус хангалттай бол тэд урьдчилан бүтээсэн хүрээний дагуу ургаж, байшингийн “хана” үүсгэж чаддаг ажээ. Энэхүү мөөгөөр “барилга барих” аргын нэг давуу тал нь дотор амьдрах хүн болон хүрээлэн буй орчинд ямар ч аюулгүй байдал юм. Мөн сансрын мөөгөн орон сууцыг гурван давхаргатай барих юм байна. Дээд хэсэгт нь цацраг туяанаас хамгаалах мөс, дунд хэсэгт нь ус шингээж, мөөг, сансрын нисэгчдийг хүчилтөрөгчөөр хангах фотосинтезийн процесс явуулах цианобактер байрлуулах ажээ. Хамгийн гадна тал нь хиймэл “хүрээ”-ний дагуу урган бий болох маш хатуу давхарга байх гэнэ.

НАСА төслийн эхний шатыг 2020 онд хэрэгжүүлэхэд зориулж хөрөнгө хуваарилсан юм байна. Түүнээс хойш судлаачид мөөгөнцөрт суурилсан био нийлмэл материалуудын олон тооны хослолыг боловсруулж, анхны стандартуудыг гаргаж, эдгээр материалыг гаригийн дуураймал нөхцөл дээр туршиж, тэдгээрийн ашиг тусыг (цацрагийн хамгаалалтыг оролцуулан) үнэлж, саран дээр мөөгөнцөр байшин бий болгох нарийвчилсан загварыг боловсруулжээ.

Өөрөөр хэлбэл, мөөгөөр барилгын гол материал болох янз бүрийн хэмжээ, хэлбэртэй блокуудыг гарган авч чаджээ. НАСА “Энэ хөтөлбөрийн гурав дахь шатанд ажиллах судалгааны баг “Сансрын барилгын” материалын шинж чанарыг илүү тохиромжтой болгоно” гэж тайлбарлав. Ойрын ирээдүйд тэд мөн дэлхийн тойрог замд энэхүү технологийнхоо анхны туршилтыг хийх боломжтой болно гэж найдаж байна. Энэхүү санааг зохиогчид олж авсан үр дүн нь дэлхий дээр бас ашигтай байж болно гэж тэмдэглэжээ. Жишээлбэл, мицелийг ашиглан усыг шүүж цэвэр ус гарган авах, ашигт малтмал олборлоход гардаг бохир усыг цэвэршүүлэх системийг бий болгоход ашиглаж болох аж.

Эрдэмтэд өмнө нь ирээдүйд сарны суурь оршин суугчид хэр хэмжээний ус шаардагдахыг тооцоолж байсан билээ. Тэдний үзэж байгаагаар 100 хүний ая тухтай амьдралыг хангахад жилд 100 гаруй сая литр ус шаардлагатай юм байна. Мөн энд “амьд байшин” ургуулахад нарны гэрлээс гадна ус чухал хэрэгтэй. Судлаачид энэ нөөцийг дэлхийн байгалийн хиймэл дагуул болох сарны гадаргуу дээрх мөсний ордуудаас шууд гаргаж авахыг санал болгож байгаа ажээ. Дашрамд дурдахад, мөөг нь амьтан, ургамал гэж салахын өмнөх үеийн дэлхийн эртний амьд организм юм. Ургамал байгаагүй тэр үед хүчилтөрөгч бага, нарны цацраг туяанаас хамгаалах азоны давхарга гэж байгаагүй учир мөөгнүүд нь хорт цацраг туяанаас маш сайн хамгаалагдсан байдаг. Чухамхүү энэ чадвар нь сар болон Ангараг дээр хүмүүст хэрэг болох маш чухал шинж чанар юм.

 

Г.АМАРСАНАА