Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Уран зурагт хорхойтой ДИПЛОМАТЧИЙНХ

Гадаадын төрийн тэргүү­нүүд хийгээд өндөр албан тушаалт­нуудыг айлчлан
ирэхэд бүхий л арга хэмжээг зохион байгуулж, хагас цэрэг­жилтийн байдалтай ажил­ладаг
хүмүүс бол ёсло­лын албаныхан. Түү­хэнд тэмдэглэгдэн үлдэх тэдгээр үйл явдлыг нарийн
дэг журмын дагуу явуулах учиртай болохоор тэдэнд алдах эрх гэж байхгүй. Олон улсын
төрийн томчуудыг айлчлахад Монголын нүүр царайг улайлгахааргүй ажил­лаж ирсэн хүмүүсийн
нэг бол яах аргагүй Готовдоржийн Луузан гуай юм. Энэ удаа­гийн “Танайд өнжье” брэнд
буландаа тэднийхийг сонго­лоо. Их сургуулиа дүүргэж, мэргэжил эзэмшсэн цагаасаа
Гадаад харилцааны яамтай амьдралаа холбосон энэ эрх­мийг гадна дотнынхон андах­гүй.
Тэрбээр Орос, Франц, Вьетнам улсад суугаа Элчин сайдын яаманд нарийн бич­гийн даргаас
өгсүүлээд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сай­даар ажиллаж байсан юм.

Баялаг түүх намтартай сэхээт­нийд өнжсөн нэгэн өдрийн тэмдэглэлийг
хүргэж байна.

Тэднийх Төрийн ордны чанх ард талын байранд амьдардаг юм билээ. Гэрт
нь очихын тулд Г.Луузан гуайн зааж өгсөн орцоор орж гурван давхарт гарлаа. Хаалганыхаа
гадна талд хөлийн гишгүүр дээр цагаан өнгийн алчуур дэвсчээ. Ингээд хонхыг нь дартал
нүд гялбам цагаан өнгийн хувцастай, буурал үстэй, нүдний шил зүүсэн эрхэм хаалгаа
нээж өгсөн нь Г.Луузан гуай байлаа. Тэрбээр биднийг найрсгаар угтаж, “Алив хүүхдүүдээ,
хөгшин бид хоёр хоёулаа байгаа” гэсээр зочны өрөө рүүгээ хөтөллөө.

Төд удалгүй цаад өрөөнөөс гэрийн эзэгтэй орж ирж, бидэнтэй гар барин
мэндчилээд “Миний нэр Марта” гэж өөрийгөө танилцуулав.

Эднийд орж ирээд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол хананд өлгөсөн
уран зургууд. Олон мундаг зураачийн бүтээл харагдав. Гэрийн эзний сонирхлыг илтгэсэн
тэдгээр нандин цуглуулгууд бидний ярианы сэдэв боллоо.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНИРХЛЫГ ТАТСАН БҮТЭЭЛ

“Манайх 50 мянгатад амьдардаг байлаа. Хонх дуугарангуут онгойлгохоор
уран зураг барьчихсан хүн зогсч байдаг байж билээ” гэж гэрийн эзэгтэй өгүүлэв. Г.Луузан
гэдэг хүн тийм л уран зурагт сонирхолтой нэгэн. Тэрбээр “Эхнэр маань намайг галерей
нээх гэж байгаа биш дээ гээд шүүмжлээд байхаар нь сүүлийн үед уран зураг худалдаж
авсангүй. Тэгээд ч тэтгэвэртээ суугаад санхүүгийн байдал нөлөөлсөн” гэв. Ямартай
ч түүнд 20 гаруй сонин содон бүтээл бий. Зураач Г.Баттөмөрийн мууту цаасан дээр
урласан “Богд хаан гадаалахдаа” гэдэг зургийг зочны өрөөндөө өлгөжээ. Богд хааныг
дагаж хичнээн цэрэг, бие хамгаалагч явж байгааг гурван метр гаруй урттай энэ зурган
дээр дүрсэлжээ. Богд хааны музейд хадгалагдаж байдаг уг бүтээлийн эх хувийг Г.Баттөмөр
зураач хуулбарласан нь Г.Луузан гуайд маш их таалагджээ. Морины дэл, сүүл гээд үсний
ширхгийг нарийн чамин гаргаж, хүч хөдөлмөр зарцуулсан энэ бүтээлийг жинхэнээсээ
хамаагүй сайн болсон хэмээн тэрбээр үнэлсэн юм. Мөн энэ зурагны баруун талд нь Өндөр
гэгээн Занабазарын Жанлавцогзол судрыг Төвд хэлнээс хэсэгчлэн орчуулсныг уйгаржин
монголоор бичжээ. Үүнийг Г.Луузан гуай түвэггүйхэн уншиж сонирхууллаа. “Намайг хүүхэд
байхад аав маань монгол бичиг сур гэж загнадаг байлаа. Тэгэхээр уйгаржин бичгийг
гадарлана аа” хэмээв. Энэ зургийн дээд талд нь зураач Хүрэлбаатарын “Удган” нэртэй
бүтээлийг байрлуулжээ. Залгаа хананд зураач Лхагвасүрэнгийн хөдөөгийн монгол айлыг
өнгө будаг хослуулан урласан сайхан зураг өлгөөстэй байв.  Мөн Зураач Эрдэнэ агсны “Уяан дээр” зургийг хоймортоо
байрлуулжээ. “Манай аавд жороо алаг морь байсан юм. Тэр морийг зуруулсан юм” гэж
Г.Луузан гуай хуучин цагаа дурсав. Мөн эдний зочны энэ өрөөнд Төрийн шагналт До.Болдын
абстракт зураг, Мөнхцэцэг зураачийн бүтээл ч харагдлаа. Уран зургаас тухайн зураачийн
сэтгэл санаа ямар байсан нь шууд анзаарагддаг болохыг гэрийн эзэд ярьж байв. Г.Луузан
гуай “Би та нарт нэг сонин юм үзүүлье” гээд цаад өрөө рүүгээ оров. Төд удалгүй жаазалчихсан
эскиз зураг аваад ирлээ. Энэ нь “1921 оны “Бидний анхны бага, дунд сургууль, утасны
хороо” нэртэй Ц.Намхайцэрэн гуайн эх зураг байв. Одоогийн төв шуудан, нэгдүгээр
сургууль зэргийг дүрсэлсэн энэ зураг 1981 оных юм билээ. Г.Луузан гуайн хувьд энэ
зураг нандин эд гэдэг нь ярианаас нь ажиглагдсан юм. Төрийн тэргүүний сонирхлыг
татсан нэг бүтээл эднийд бий. Тэр бол Төрийн соёрхолт барималч Ч.Ганхуягийн дипломын
ажил гэнэ. Хүрлээр хийсэн цутгамал аж. Нарны өөдөөс хараад хүндээр бие засч байгаа
хөдөөгийн хээгүй эрийн хажууд нохой нь хүлээн сууж байх юм. Ч.Ганхуяг энэ бүтээлийнхээ
хэвийг унагаад хагалчихсан болохоор Г.Луузан гуайд байгаа нь дэлхийд цор ганц болж
таарна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл түүний энэ цуглуулгын талаар олж мэджээ.
Тэгээд санал тавьж байсан удаатай гэнэ. Харин Г.Луузан гуай хэзээ ч хэнд ч энэ бүтээлээ
өгөх хүсэлгүй байгаа бололтой.

Тайландын
Элчин сайд Ю.Цэдэнбал даргад итгэмжлэх жуух бичиг барьсны дараа. Арын эгнээ, зүүн
гар талаас эхнийх нь Г.Луузан

 Г.Луузан гуай Францад арав, Орост болон Вьетнамд тус бүр гурван жил
Элчин сайд болон ЭСЯ-нд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн. Тэгсэн атлаа
сууж байсан орнуудынх нь бэлгэ тэмдэг болохуйц зүйл гэрт нь харагдсангүй. Энэ тухай
сонирхоод асуутал “Хүн хүний сонирхол ондоо. Гадаад явсан хүмүүс очсон газрынхаа
сонин содон үзмэрүүдийг авчирдаг. Харин би тэгэх дургүй. Надад байгаа үнэт зүйл
бол Монголын зураачдын уран зураг. Манай зураачид мундаг авьяастай. Сайхан зурдаг
шүү” гэв.

Гэрийн эзний ажлын өрөөнд орлоо. Торгон дээр урласан бурханыг хоймортоо
залжээ. Томдуу хэмжээтэй энэ шүтээн Оюун билгийн Манчир бурхан болохыг Г.Луузан
гуай тодотгов. Түүний ажлын ширээн дээр бичиг цааснууд овоорчээ. Дэргэд нь томоо
гэгч нь чийдэн байрлуулсан харагдав. Харин номын шүүгээнд нь голдуу гадаад хэл дээр
бичигдсэн бүтээлүүд зонхилно. “Нас яваад ирэхээр энэ олон номоо маллаж чадахаа байх
нь. Зусланд ч нэг хэсэг нь бий” гэж Г.Луузан гуайг хэлэхэд гэргий нь “Франц хэл
дээрх номнуудыг хүүхдүүд маань ашиглана биз дээ” гэв.

 “ХЭДИЙГЭЭР ТЭТГЭВЭРТ ГАРСАН Ч ЗҮГЭЭР СУУЖ ЧАДАХГҮЙ НЬ”

“Гадаад яамныхан хүнийг тэтгэвэрт гарахыг андахгүй шүү. Намайг
60 нас хүрэнгүүт байн байн сануулж байгаад л тэтгэвэрт суулгачихсан” гэж Г.Луузан
гуай ёжлонгуй хэлээд биднийг инээлгэв. Тэрбээр Төрийн албанд орж байгаа хүмүүс мэдэхэд
илүүдэхгүй “Этикет” нэртэй ном гаргажээ. Номын зохиогч ярихдаа “Этикет” гэдэг үг
бол ёс жаяг гэсэн утгатай. Монгол орчуулгаар нь номоо нэрлэбэл манайхны толгойд
орж ирэхгүй. Тиймээс “Этикет” гэдэг үгээр нь нэрлэчихсэн юм. Харин дипломат ёслол,
үндэсний ёс заншлын талаар зөндөө ном хэвлэгдсэн болохоор бичсэнгүй” гэлээ. Энэ
номд төрийн албанд ажиллаж байгаа болон ирээдүйд ажиллах залуус, гадагшаа явах хүмүүст
анхаарвал зохих өдөр тутмын зүйлсийг тусган тайлбарлажээ.

Францын
Ерөнхийлөгч асан Жак Ширакт итгэмжлэх жуух бичиг гардуулсны дараа. 1998.11.16

 “ДИПЛОМАТЧ ХҮН

САЙН ТОГООЧ БАЙХ ЁСТОЙ”

Г.Луузан гуай хоол хийхдээ гаргууд юм билээ. Бидний яриа тэдний гал
тогооны өрөөнд үргэлжлэх болсон шалтгаан нь түүний хоол хийх цаг болсонтой холбоотой.
Тэрбээр хамгийн түрүүнд сонгино арилгаж, хэрчив. Дараа нь хөргөгчнөөс махаа гаргаж
хөшиглөлөө. Мөн савтай будаа гаргаж ирээд шаазан аягаар хэмжин түмпэнд хийж байна.
Ямар хоол хийх гэж байгааг нь сонирхтол будаатай хуурга гэж хариулав. Ер нь ямар
хоол сайн хийдэг болохыг гэргийгээс нь асуутал “Манай хүн плов” сайхан хийдэг дээ
гэв. Эхнэрийгээ ингэж хэлэнгүүт мань эр “Бас шөлтэй хоол сайхан хийнэ. Ер нь материал
нь байвал бүх төрлийн хоолыг хийнэ шүү” гэж үргэлжлүүлэн хэллээ. Тэрбээр плитка
дээр хоолоо хуурангаа “Бид оюутан байхдаа XVII-XVIII дугаар зууны үеийн дипломатуудын
номыг их уншдаг байлаа. Тэдгээр номд зааснаар “Дипломатууд бол сайн тогооч байх
хэрэгтэй” гэдэг байсан. Харин одоо бол өнгөрсөн. Гадуур ресторанд хооллочихоод байна
шүү дээ. Ер нь хятад, франц эрчүүд голдуу хоолоо хийдэг. Харин манай монгол эрчүүд
хоол хийж байгаа эхнэрээ “Алив хурдлаарай, болж байна уу, наад хоол чинь” гээд л
яаруулж, дутуу болсон хоол идэцгээдэг. Тэгээд дараа нь тэр ч өвдлөө, энэ ч өвдлөө,
ёо, ёо гэцгээдэг” гэж хатуу ч гэсэн үнэн үг хэллээ.

Г.Луузан гуайг хоол хийх зуур гэрийн эзэгтэй ойр зуурын юмыг нь дөхүүлэн
туслахын үүрэг гүйцэтгэнэ. Тэднийг хэрхэн танилцаж байсан дурсамжаа хуучлахыг хүсэхэд
Ж.Марта гуай “Би Москвагийн олон улсын харилцааны сургуулийн II дамжааны оюутан
байхад Г.Луузан I курст ирж байлаа” гээд дараагийнхаа үгийг хэлэх гэтэл нөхөр нь
“Тэгээд л надад дурлачихсан байхгүй юу” гээд хошигнов. Тэрбээр “Бид хоёр оюутны
байранд хамт байна гэдэг тухайн үед амаргүй байсан. Учир нь нэг өрөөнд хоёр хүн
оруулдаггүй байлаа. Тэгэхээр нь гадуур хосоороо амьдарч байгаа найзынхаа тоог өөрсөд
дээрээ нэмээд дөрвөн хүн энэ өрөөнд сууна гээд хамт амьдарч билээ” гэв. Оюутан ахуй
цагийнхаа сэтгэлд тод үлдсэн дурсамжаас тэд ийн хуучлав. Мөн Ж.Март гуай “Гадаадад
сурч байгаа оюутнуудыг амьдралд сургаж байгаа нь гээд хөдөө явуулдаг байлаа. Бид
хоёр ч Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйд очиж ажилласан. Нэг удаа хашаа барьсан,
бас хонь хяргасан” гэхэд нөхөр нь “Олон малын арьс зумласан байх даа” гэж эхнэрээ
цаашлуулав. Гэргий нь ч хариуг нь дор нь барьж “Тэгвэл дуулдах байлгүй” гээд инээв.

Дипломатч хүний эхнэр гэдэг бол нөхөр хаана очно тэнд дагаад л явж
байдаг улс. Тэр утгаараа Ж.Марта гуай улсад ажилласан жил нь тун цөөн. Гэхдээ тэрбээр
“Туушин” пүүсийг байгуулахад гар бие оролцож явсан нэгэн. “Сургуулиа төгсч ирээд
банкинд хэсэг ажилласан. Луузанг дагаж гадагшаа явчихаад ирэхээд орон тоо байхгүй
болчихдог. Гадаад худалдааны яаманд таван жил ажилласан. Хөрөнгийн биржид Арилжаа
эрхлэгчдийн нарийн бичгээр ажиллаж байлаа” гэж дурсав. Түүнийг ийн хэлэхэд нөхөр
нь “Намайг бодох нь ээ их универсаль хүн байгаа биз” гэв. Г.Луузан гуай эхнэрээ
“Намайг дагаж дэмий тэнэсний хүчинд тэтгэвэр нь 22 мянган төгрөгөөр тогтоолгосон”
гэхэд эзэгтэй “21.800 төгрөг гээч” гээд инээв. Дараа жил нь 10 мянган төгрөг нэмэгдэхэд
золтой л найр хийчихээгүй гэж Луузан гуай хөгжөөгөөд авлаа. Тэрбээр “Манай эхнэр
2003 онд тэтгэвэрт гарахад тийм багаар тогтоож байсан юм. Харин минийхийг 145 мянгаар
тогтоосон юм шүү дээ. Сонин байгаа биз. Одоо нэмэгдээд 385 мянга болсон” гэхэд Ж.Марта
гуай “Минийх Луузангийнхаас 100 мянган төгрөгөөр доогуур” гэлээ. 

Ж.Март  гуай бол сэхээтэн айлын
хүүхэд. Улс төрийн товчооны гишүүн Жамбалдорж гуайн ганц охин. Тэрбээр ижий аавынхаа
талаар ингэж дурсаж байлаа. “Би Төв аймгийн Заамар сумынх. Ээж маань есөн хүүхэд
төрүүлснээс гурван охин нь үлдсэн. Эгч Дарханд, дүү Төв аймгийн Зуун мод хотод ажиллаж
амьдардаг даа. Хөвгүүд нь тогтдоггүй байсан юм билээ. Тэгээд намайг айлд өргүүлчихсэн.
Өргөсөн аав маань Жамбалдорж. Би төрсөн эцэг, эхээ “Аав, ээж” гэж дууддаг. Харин
өргөсөн ижий, аваа “Паап, маам” гэж дуудна. Паап, маам хоёр 1958 оноос хойш энэ
байранд амьдарч байлаа. Тэгээд 1998 онд тэд маань бурханы оронд очоод бидэнд энэ
байр шилжин ирсэн юм даа” гэв. Тухайн үеийн Улс төрийн товчооны гишүүн гэдэг бол
орчин цагт парламентын гишүүн гэсэн үг. Жамбалдорж гуай ганц охиныхоо боловсролд
ихэд анхаарч байсан бололтой. Ж.Марта гуай англи, орос хэлтэйн дээр нөхрийгөө дагаж
Франц, Вьетнамд хэдэн жил амьдарсан болохоор тухайн орны хэлийг ойлгоно. Тэрбээр
дипломатч хүний гэргий болохоор тэр үү, цаанаа л дэгжин. Алхаа гишгээ, ярьж байгаа
нь хүртэл цэгцтэй, цэмцгэр гэж жигтэйхэн. Тун нямбай нэгэн гэдгийг нь түүний байгаа
байдал, орон гэрээ авч яваа зэрэг нь илтгэх шиг. 

Г.Луузан, Ж.Марта хоёр дөрвөн хүү, таван ачтай. Хөвгүүд нь бүгд тусдаа
гарчихсан болохоор тэднийх нам гүм айл юм билээ. Нэг хүү нь Тайландад амьдардаг
бөгөөд хувийн зөвлөхийн компанитай гэнэ. Бас нэг хүү нь информатикийн мэргэжилтэй
бөгөөд Францад ажиллаж амьдардаг ажээ. “Хөвгүүд нэг бодлын амар л даа. Гэхдээ нас
ахисан хойно бол охид ээж, аавдаа хэрэгтэй юм шиг. Харчууд хүргэн хүү хүчтэй гэгчээр
хадмууддаа хүчээ өгөх гээд байна. Манай хөвгүүд хааяа утасдчихаад байх шиг байна”
гэж Г.Луузан гуай инээж байна. Тэд хэдий тэтгэвэрт суусан ч ач нартайгаа зууралдаад
байхыг хүсдэггүй ажээ. Ж.Марта “Ач нар хааяа өвөө эмээ дээрээ ирнэ. Ойрхон байвал
очоод харж өгнө. Заримдаа өөрсдөө аваад ирдэг юм” гэтэл Г.Луузан “Гэхдээ ач нартайгаа
нялганаад байдаггүй л дээ. Уул усны ойр нь, ураг садангийн хол нь дээр” гэдэг дээ.
Хэзээ нэгэн цагт мажийх болохоор хүүхдүүдтэй зууралдаад юу хийхэв” гэлээ. Гэрийн
эзэгтэй “Хамгийн гол нь дасгаад яахав. Хүүхдүүд дасчихаараа хэцүү байдаг юм билээ”
гэв. 

 МАЛЧНЫ ХОТНООС ДИПЛОМАТЧ БОЛСОН ТҮҮХ

Г.Луузан гуай Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат. Энэ нутагт төрж,
өссөн бөгөөд аав ээж нь малчин хүмүүс байжээ. Арваннэгэн хүүхэдтэй айлын дөрөв дэх
хүү нь гэсэн. Одоо биднээс найм нь үлдэж дээ гэж санаа алдан ярилаа. Г.Луузан
1956 онд сурагч болж байжээ. Хөдөөний сургууль өвөлдөө галлагаа муутай, хүйтэн гэж
жигтэйхэн байв. Тухайн үеийн хүүхдүүд үзэг бэх хэрэглэнэ. “Өвлийн хүйтэнд бэх маань
хөлдчихнө. Хөлдөөхгүйн тулд үзэгнийхээ хошууг байнга амандаа хийгээд гэсгээнэ. Тэгээд
долоо хоногийн дараа үс хусна. Тэр үед зулайд бэхний толбонууд гараад ирчихсэн байдаг
байж билээ. Хуурай бэхэн дээр ус хийгээд, алтан үсэг гаргана гээд хичээнгүй бичдэг
сэн. Бараг л бэхтэй саваа амандаа хийх нь холгүй байж дээ” гэж Г.Луузан гуай хүүхэд
насаа дурсав. 1960-аад оны эхээр тэднийх хотод нүүж иржээ. Ээж нь дунд сургуульд
үйлчлэгч, харин аав нь нэгдүгээр цэцэрлэгт манаач хийж байгаад тэтгэвэртээ гарцгаасан
гэнэ. Харин гол дүрийн маань баатар Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгсч, 1966
онд МУИС-ийн Франц хэлний ангид элсчээ. Найман охинтой ангид ганц эрэгтэй нь тэр
байж. Ингээд Гадаад яамны бодлогоор Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд
дипломатч болохоор элсчээ. Энэ сургуулийг 1972 онд төгсч ирээд хоёр жилийн дараа
гадаад томилолт авчээ. Тухайн үеийн ЗХУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар
нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Элчин сайдаар Банзрагч гуай ажиллаж байсан
гэнэ. Шинэхэн очсон дипломатч маань Элчин сайдын яам, онгоцны буудал, дарга нарын
байр гэсэн гурвалжинд ажилладаг байжээ. Тодруулбал, ёслолын ажлыг хариуцдаг байсан
гэнэ. Гадагшаа явж байгаа бүх дарга Москвагаар дамждаг байсан тэр цагт Г.Луузан
гуайн ажил ч мунддаггүй. Тэнд ажиллаж байхдаа нэгэн түүхэн үйл явдлын гэрч болсон
тухайгаа ингэж ярилаа. “1976 онд ЗХУ-ын удирдлага Монголын Элчин сайдыг Халимагт
айлчлахыг анх удаа зөвшөөрсөн юм. Коммунизмын үеийн адайр дэглэмтэй байсныг хэлэх
үү. Хааяа зөвлөхүүд л очдог байсан. Тэгээд Банзрагч даргыг гэргийтэйгээ Халимагт  айлчлахад тун сүртэй угтаж авч билээ. Лениний
паркад бидний суулгасан мод байдаг юм” гэлээ.

Г.Луузан гуай ЗХУ-д гурван жил ажиллаад Монголд ирчихээд байтал
1980 онд Франц руу томилжээ. Тэндэхийн Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн
даргаар таван жил, Элчин сайдаар мөн таван жил ажиллаж байжээ. Тухайн үед улс төр,
худалдаа, ЮНЕСКО-гийн зарим зүйлийг хариуцаж байсан гэнэ. Францад “Версалийн хаалга”
гээд том танхимд сар болгон өөр өөр сэдэвтэй үзэсгэлэн гардаг байсан тухай Г.Луузан
гуай хүүрнэв. “Улс ардын аж ахуй гэдэг судалгааг дипломатууд  хийдэг байсан юм. Улс орондоо хэрэгтэй туршлагыг
суугаа орны ЭСЯ-ууд судлах ёстой байв. Тэр үед хөдөө аж ахуйн үзэсгэлэн дээр явж
байхад үхрийн гуур, хонины хувалз, хачгийг зад арилгадаг тариа байж байна. Би тэр
тарианаас хоёрыг аваад  Хөдөө аж ахуйн яаманд
явуулж билээ. Тэр үед хэдийгээр улс ардын аж ахуйд хэрэгтэй зүйлийг судал гэдэг
хэрнээ судалсны дараа хэрэгжүүлдэггүй байсан нь үнэн юм. Нөгөөтэйгүүр хөрөнгөтөн
орныг судалсан хүн олигтой биш болдог байлаа. 1993 онд Вьетнамд ажиллаж байгаад
Монголд ирсэн чинь нөгөө тариаг хүнд тарих нь холгүй болчихсон байна. Францад
1997 онд очиход Малын халдварт өвчний олон улсын товчооных нь захиралтай уулзахад
энэ тарианы талаар монголчуудад тун хэрэгтэй зөвлөгөө өгч байж билээ. “Тариаг яг
тунгаар нь хийх ёстой. Хэтрүүлэх буюу дутаавал үйлчлэхгүй.  Тариулсан малыг тухайн жилдээ идэж болохгүй шүү”
гэж анхааруулж байсан юм даа.

Г.Луузан гуай дээрх улс орнуудад суугаа Элчин сайдын яамдад Монголоо
төлөөлж байсны хажуугаар Гадаад харилцааны яаманд ёслолын хариуцлагатай албыг хашиж
байв. Энэ алба өндөр хариуцлага нэхдэг болохоор өчүүхэн ч алдаа мадаг гаргаж болохгүй.
Хүн л юм чинь алдаа гаргахгүй байна гэж юу байхав.

Нэг удаа Ю.Цэдэнбал дарга Чехийн Элчин сайдыг Ордонд хүлээн авчээ.
Ю.Цэдэнбал дарга босоод үгээ хэлж гэнэ. “Нөхөр Элчин сайд Густов түүний гэргий..”
гээд хэлтэл гэргийнх нь суудал хоосон байжээ. Гэтэл ёслолын алба хариуцсан нөхдүүд
палхийгээд явчихаж. “За болохоо байсан Луузаан. Чехийн Элчин сайдыг гэргийн хамт
ирээрэй гэхдээ урилган дээрээ гээгээд бичсэн байна. Хоол ч орохоо болилоо” гээд
нэгэн настай ажилтан мань эрд хэлж байжээ. Хүлээн авалт тарсны дараа алдаа гаргасан
нөхдүүд Ю.Цэдэнбал даргад бангадуулжээ. Бас нэг хүлээн авалтад Английн Элчин сайд
цагаан архинд өт хийчихээд хүмүүст үзүүлээд явж байжээ. Арга хэмжээний хоол хүнсийг
бэлтгэхдээ салатыг нь нэг өдрийн өмнө бэлдчихэж л дээ. Тэгсэн тэрэнд орсон өт Английн
Элчин сайдад таарчихаж. Мань эр нөгөөхийг харангуутаа олзуурхаж, хүн хүний урд очиж
харуулж байсан гэдэг. Ингээд л  уг хүлээн
авалтыг зохион байгуулагчид бас арга хэмжээ авахуулж байжээ. “Уул нь Английн колониуд
өт байтугай идэж л байсан даа. Тэр үед капитализм, социализмаар хуваагдчихсан байсан
үед Английн Элчин сайдад бөөн олз болсон биз” гээд Г.Луузан гуай инээв.

 

“БИД ШИНЖЛЭХ

УХААНД ИТГЭНЭ”

Тэрбээр тэтгэвэрт суусныхаа дараа Францын “Арева” компанид хэсэг
ажилласан нэгэн. Түүнтэй уулзсаных ураны талаарх маргаан дэгдээдэг энэ асуудлаар
бодлыг нь хуваалцсан юм. “Уран гэдэг бол стратегийн ач холбогдолтой ашигт малтмал.
Энэ материалыг бид хоёр хөршдөө монопольдуулж болохгүй. Үүний тулд гурав дахь хөрштэйгээ
ажиллах ёстой. Ингэхдээ бас бодох хэрэгтэй. Өнөөдөр ураныг газрын доор уусган олборлох
аргаар Франц дэлхий дээр ноёлж байна. “Арева” цөмийн бүхий л салбартаа дэлхийд номер
нэг нь юм. Маш туршлагатай компани. Сүүлийн үеийн аюулгүй техник технологийг хэрэглэж
байгаа. Дээрээс нь Монгол Улсын хууль дүрмийг ягштал баримталж байгаа улс. Үүнийг
шүүмжилж болно. Хорих эрх байхгүй. Гэхдээ мэдлэгтэй шүүмжлэх хэрэгтэй. Одоогийн
хүмүүсийн яриад байгаа цацрагт идэвхт бодис, уран хүдэр гаргаж байгаатай ерөөсөө
хамаагүй. Уран гэдэг юм чинь баяжуулсан хойноо цацраг идэвхт аюултай болдог. Тэрнээс
газар доороос гаргаж ирэхэд ямар ч хор нөлөөгүй. Ямар зорилгоор шуугиан дэгдээгээд
байгааг мэдэхгүй. Мэдээж монголчууд уранаа битгий ашиглаасай гэсэн гадна дотнын
хүмүүсийн янз бүрийн ашиг сонирхол байгаа л даа. Улс үндэстний эрх ашигтай холбоотой
энэ асуудалд бодлоготой хандах ёстой. Бид чинь шинжлэх ухаанд итгэнэ. Тэрнээс ам
дамжсан цуу ярианд итгэж, тэрүүгээр шинжлэх ухааны үндэс болгож болохгүй шүү дээ.
Эрдэмтэд зөв ярьж байгаа” гэв.

Гурав дахь хөршийн асуудлыг анх гаргаж ирсэн цаг үед Гадаад харилцааны
яаманд ажиллаж, энэ бодлогыг боловсруулахад гар бие оролцож явсан хүн бол Г.Луузан
гуай. Тэрбээр гурав дахь хөршийн талаар ямар бодолтой явдгийг сонирхсон юм. Тэрбээр  “Бид гурав дахь хөрш гээд 30, 40 улстай сүжрээд
хэрэггүй. Гурав дахь хөрш гэдэг дотроо Европоос Францыг, Азиас Японыг, бас Америкийг
дагах хэрэгтэй. Тэгээд хоёр хөрш байна. Хэзээ ч хөршөө сонгодоггүй учраас хэзээд
үргэлж найрамдалтай байх ёстой. Агуу хөршүүдийн ая эвийг нь олохгүй бол заанд дэвсүүлбэл
хэцүү. Хоёр хөршийн маань айлчлал сайн байна. Харин нэг хэцүү зүйл нь харилцан тохиролцсон
зүйлээ хэрэгжүүлэхгүй байгаа. Манайх биелүүлэхдээ тун хойрго улс шүү дээ. Үүндээ
ч анхаарах ёстой. Худлаа хэлдэг хүнтэй гадныхан хэзээ ч ажил явуулдаггүй. Сая хоёр
хөршийн тэргүүн биелүүлэлтдээ анхаарна биз гэж цаад утгаар хэллээ шүү дээ. Төмөр
зам нарийн өргөн гээд маргаад байх юм. Нарийн ч байсан, өргөн ч байсан төмөр замаар
орж ирдэг дайсан гэж XXI зуунд байхгүй. Орчин цагт танк, зэр зэвсгээ тэнэг юм шиг
төмөр замаар зөөж дайнд оролцдог улс хаана байна вэ. Бид Хятадын хилийн дагуу нүүрсээ
гаргах гэж байгаа юм бол төмөр замаа нарийнаар нь тавих ёстой шүү дээ” гэв.

Нар ч жаргаж, цаг ч орой болсон байв. Өдөржин хуучилсан бидний яриа
өндөрлөлөө. Ирсэн зочид буцах болж Г.Луузан, Ж.Марта нар биднийг үдсэн юм. 

 М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Төмөр замаар овоглосон РАШ ИЙНХ

Монгол Улсын хөдөл­мө¬рийн баатар, гавьяат тээвэрчин Раднаабазарын Раштай хууч хөөрч өнжлөө. Дундговийн зон олны итгэлийг хүлээж Их хуралд найман жил суун төр түшилцсэн, С.Баярын Засгийн газрын үед Зам тээ¬вэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан уг эрхмийг төрийн түшээ, сайд гэхээсээ илүү “Төмөр замын” хэмээн тодотгох нь бий. Энэ нь ч аргагүй юм. Тэрээр далан найман оны наймдугаар сарын зургааны өдөр Чойрын өртөөний жижүүрээс ажлын гараагаа эхэлж, дар­га даамлыг нь хүртэл амьд¬ралынхаа дийлэнх он жилүүдийг ган замчдын дунд өнгөрүүлсэн нэгэн. Өөрийнх нь хэлснээр “буг” болтлоо ажиллажээ.  Өнөө хэр нь Төмөр замдаа харьяалагдаж байна. Вокзалын зүүн хойд талын байранд нь хүрч очлоо. Хөдөлмөрийн баатар маань гэргий, бага охиныхоо хамт угтав. 

Зочны өрөөнийхөө ханын шүүгээнээс даалин хөөргөө авчраад цагаан хөөргөөр тамхиллаа. “Намаржаа сайхан уу, мал сүрэг мэнд үү, ажил алба тавтай юу” хэмээсэн нь уулзсан нэгэнтэйгээ “сайнуу, юу байна, өглөөний мэнд” гэсхийгээд өнгөрдөг надад их сайхан сэтгэгдэл төрөөд явчихлаа. Нуруу тэнийгээд айван тайван болоод явчих шиг. Гэргий бага охин хоёр нь цай цүй гээд гал тогооныхоо өрөөнд наана цаана болох зуурт зочны өрөөнийх нь ханан дахь гэр бүлийнх нь зургийг сонирхлоо. “Манайх чинь хоёр охинтой айл” гэж гэрийн эзэн өгүүлснээ  “Том охин маань Их хурлын Тамгын газар ажилладаг юм. Одоо хүүхэд гаргаад гэртээ байгаа” гэв. 

“1978 оны зургадугаар сарын 13-нд том охин Оргилмаа Ленинград хотод төрж, би гурав хоногийн дараа буюу 16-нд дипломоо хамгаалж төмөр замын инженер болж байлаа. Энэ бол миний амьдралд тохиолдсон баярт мөчүүдийн нэг, оюутан цагийн мартагдашгүй дурсамж. Том охинд маань Оргилмаа гэдэг нэрийг манай сургуулийнхан өгсөн юм. Фонтанка гэдэг нь манай сургуулийн урдуур урсдаг голын нэр. Түүний нэрийг монголчлон эхний үе болгон авч түвдээр эмэгтэй, эх дагина гэсэн утгатай “маа”-г залгаж бүтээсэн утга учиртай нэр. Намайг сургуулиа төгсөөд диплом хамгаалах үеэр аав, хадам ээж хоёр минь очсон байсан. Нутаг руугаа хөдлөхийн өмнөхөн аав “Миний хүү сургууль дээрээ очоод сургуулийнхаа хаалганд мөргөөд нэг адис авчих” гээд явуулж билээ. Тэнд нэг учир начир байсан байх гэж одоо хэр нь боддог юм. Нутаг руугаа буцаж явахдаа “Би энэ сургуулийн хаалгаар дахин орох ч билүү, үгүй ч билүү хэн мэдлээ” гэж бодож байлаа. Гэтэл хувь тавилан хөтөлж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2009 оны өвөл ОХУ-д хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан Москвад очих үеэрээ сургуулийнхаа 200 жилийн ойд оролцох завшаан тохиосон” хэмээн дурсамж дурдатгалаасаа хуваалцлаа. 

Раш баатрын гэргий Мягмарсүрэн гэж нүдээрээ инээд алдсан даруухан эмэгтэй байна. Украины Киев хотын технологийн дээд сургуулийг төгссөн хөнгөн үйлдвэрийн инженер, зохион бүтээгч мэргэжилтэй нэгэн ажээ. Гутлын үйлдвэрт мэргэжлээрээ олон жил ажилласан гэнэ. “Сүүлд үйлдвэрийнхээ хажуугаар явахад өөрийн эрхгүй харамсах сэтгэгдэл төрдөг байж билээ. Ямар сайхан үйлдвэр байлаа, яаж зүтгэж явлаа гэж бодогддог юм билээ” хэмээн Мягаа эгч бодлоо хуваалцсан юм. Тэрээр туйлын даруу нэгэн. Хөгшинтэй нь хууч хөөрч байхад барагтай бол зочны өрөөгөөр орохгүй. Хэрхэн танилцсан талаар нь хэрэг болгон асуухад “Бид хоёр далан долоон онд танилцаад Москвагийн Элчин дээр бүртгүүлж байлаа. Хоёулаа оюутан байсан үедээ” гэх товчхон хариултыг өгсөн. Баатрынх одоогоор хоёр зээтэй болоод байгаа гэнэ. Том охин Оргилмаагийнх хоёр хүүхэдтэй гэнэ. Эхний зээ хүүдээ Раш гуай Цэрэнноров гэдэг нэрийг өгчээ. Төмөр замд нэгдүгээр орлогч даргаар 23 жил ажиллаж, Монголын талаас удирдсан хүний нэр гэдгийг гадарлах хүмүүс нь гадарлаж байгаа байх. “Төмөр замын хүн болоорой гэсэндээ биш бэлгэшээж л өгсөн хэрэг” хэмээн манай хүн мушилзаж суулаа. Бага охин Ундармаа нь Хятадад сурч байгаа гэнэ. Амралтаараа аав ээждээ ирчихээд байгаа бололтой.  

Юунаас ч боллоо доо, Раш гуайтай судар номын талаар яриад явчихсан. “Ээж маань судар номтой сүрхий хүн байсан. Миний мэдэх гэж юу байхав. Ганц нэг тарнитай л хүн. Харин өөрт минь өлзий болох байх гэж бодоод өглөөдөө төв гандангаа нэг тойрч алхдаг юм” гээдэхэв. Баатар өглөө долоон цагийн алдад гэрээсээ гарч алхуулсаар Гандантэгчинлэн хийд, Мэгжиджанрайсиг шүтээнээ нар зөв тойрон гороолчихоод гэртээ ирдэг байна. Гандантэгчинлэн хийд гэснээс Чой хамба Раш баатар хоёр нэг ангийн нөхөд юм билээ. Рашийгаа улс төрд хүч үзэн Дундговьд нэр дэвшихэд “Раш бол УИХ-д хэрэгтэй хүн” гэж хамба маань сүрхий улс төржөөд “Бид хоёр арван жилийн 28 дугаар сургуульд хамт суралцаж байлаа. Тэр үеэс бие биенээ сайн мэднэ. Их төлөв даруу хүүхэд байсан юм даг. Дараа нь Ардын их хурлын депутатаар сонгогдож Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг хамт баталсан түүхэн барилдлагатай хүмүүс” хэмээх батлан даалтыг говийн аараг толгод руу илгээж байсан удаатай. 28 дугаар сургуульд Чой хамбаас гадна Сангийн сайд Ч.Улаантай хамт нэг танхимд аравдугаар ангиа дүүргэсэн гэж байгаа. “Манай Улаан бол тоо физиктээ гаргуун, тун цэвэрч нямбай хүүхэд байж билээ” гэж дурссан юм.

“Та ойрд өнөө хэдтэйгээ уулзаж байна уу” гэж яриан завсар асуугаад авлаа. “Өнөө хэд” гэдгийг манай хүн шууд ойлголгүй хаачихав. Саарал ордонд найман жил суусан төрийн түшээд их л дотно сонсогдсон байх. -Саяхан үсээ засуулангаа ордон орлоо. -Өө тийм үү, та ордныхоо үсчинд засуулсан хэвээр байгаа юм уу. 

-Дассан газрын даавуу зөөлөн гэгчээр тийшээгээ сажлах юм. Тэгж нэг очихдоо саяхан Нямдорж таарлаа. Цаад чинь тун давгүй эр хүн ш дээ. Бид хоёр баахан ярьж зогслоо. –Та хоёр тэгээд юу ярив даа. –Украин Оросын асуудлыг ярьсаар байгаад хамаг цагаа авсан гэв. “Өнөө хэд”-тэйгээ гэх асуултаас улбаалаад бид хоёрын хооронд ийм яриа өрнөөдөхөв. “Гэр бүлийн найзууд юу билээ” гэж асуухад “Их хурал талдаа бол Одбаяртай холбоотой. Тэрбишдагва сайдтай тун дажгүй. Хөвсгөлийн Даваасүрэнтэй хааяа бүр ахаа эгчээ” гэлээ. За тэгээд Нямдорж, Лүндээ хоёроо нэрлэсэн. Эд бол улс төрийн хүрээнийхэн нь. Урлаг, спорт, төмөр зам гээд явбал тоо томшгүй олон хүний нэр дурсагдах ажээ.       

“Оройхондоо Өлзийт хорооллын тийшээ морь мал руугаа очдог юм билүү” гэв. Мань хүний уг ярианаас үүдэн, ханын шүүгээний дээд талд зэрэгцүүлж өрсөн баахан “морьд”-той холбогдоод яриа хөөрөө маань адуу мал руу хэвийлээ. Раш гуайн өвөг дээдэс хурдан хурц хүлгүүдээрээ зартай, адууны нутаг Эрдэнэдалайдаа адуугаараа гайхагдаж явсан хүмүүс байжээ. Ардын хувьсгалын 25 жилийн ой буюу 1946 оны улсын наадамд говь нутгаасаа ирж ажнай хүлгүүдээ Хан уулын ар, хатан Туулын хөвөөнөө хурдлуулж байсан түүхтэй гэнэ. Тэдний удмынхныг ус голынхон нь Дориуныхан гэдэг байж. 

Дориун гэдэг нь Раш гуайн аав Раднаа даргын төрсөн ах. “Дориуныхан Баян улаан хөтөл усны аманд адуугаа хураахад ам тэр чигтээ дүүрч байвал бүрэн байна гэж багцаалддаг байсан” тухай Дэлгэрхааны “Малига бүргэд” Пэлжидийн Бат-Очир арслангийн хүү Монхор дурссан байдаг. Тэгэхээр ямархан хэмжээний адуу малтай овог айл байсан нь мэдрэгдэнэ. Мөн говь нутгийн алдарт адуучин Намхайн Ичинхорол хөдөлмөрийн баатар цол хүртээд Монголын радиод өгсөн ярилцлагадаа “Мал маллах арга ухааныг би Дориун гэдэг хүнээс сурсан” хэмээн ярьсан нь бий. Ийм л эцэг өвгөдийнх нь заяа түшсэн үү, 2001 оны наян жилийн ойгоор Рашийн хүрэн азарга төрийн наадамд аман хүзүүдсэн билээ. Морьдынх нь уяа сойлгыг тод манлай Д.Онон тааруулжээ. Тэр жил мөн Ононгийн хээр магнайлж тэдний уяаныхан хавтай сайхан наадсаныг сонирхууллаа. “Миний хүрэн азаргыг Буянт-Ухаагийн буурал дэнжид аман хүзүүдээд ороод ирэхэд зургийг нь дараад, тухайн фотогоо харж байгаад үүнийг Дашзэвэг зураач зурж надад бэлэглэсэн юм” хэмээн мань хүн хэдийнэ суудлаасаа босч харайгаад хананд өлгөөтэй зурагны өмнө зогсож байна.

Уг зурагны эсрэг талын хананд Раш гуайн хөдөлмөрийн баатрын тэмдгээ зүүж буй торгон агшин дурайна. “Та чинь 2005 онд баатар болсон билүү” гэж лавлахад, тийм ээ гэв. Гэтэл тухайн мөчид гэргий нь чихэр жимс, хиам талх зэргийг ширээгээр өрөөд буцахдаа “Хөгшөөн 2004 онд баатар болсон шүү дээ” гэлээ. Манай хүн, өө тийм билүү, нээрээ сонгуулийн дараа болсон доо гээд инээвхийллээ. Багабанди гуайгаас баатрын алтан соёмбот тэмдгийг авч буй зурагны доод талд гэрийн эзэнд хүмүүсийн зориулж бичсэн шүлэг зохиол, дурсгалын зүйл, өргөмжлөл диплом, одон медалиуд ёстой нэг зулаастай байна даа. Тэр бүгдийг сонирхсон шигээ хэсэг зогсоод гоёмсог буйданд нь дахин шигдлээ. Хоёул хөгшнийх нь будаатай цайг амтархах зуурт баатар “Америкийн конгрессийн гишүүн Раш гэж хүн байдаг. Монголд ирэхэд нь уулзаж байлаа” гэснээ хоёр нүдээ сүрхий жуумалзуулж ирээд “Тэр жил Зава Дамдины хийдийн сэргээн босголтод оролцохоор Дэлгэрцогтод шөнө дүлээр очсон юм. Хоноглох газар байдаггүй эмнэлэгт хонолоо. Тэгтэл хажуу өрөөнд нэг бүсгүй амаржиж охин хүүхэд төрүүлжээ. Намайг ирж хоносонд бэлгэшээсэн үү, охиндоо Рашмаа гэж нэр өгч билээ” гээд өөдөөс ширтээд авлаа. “Чамд сонин байх болов уу гэх үүднээс үүнийг хэллээ шүү” гэх зүйл харцнаас нь уншигдаж байна. 

“Та бол төмөр замынхаа тухай эл дол болтол ярьсан хүн. Гэхдээ мэдээж танаас асууж таарна. Эхлээд улс төрд орох болсныг тань дахин сонирхъё. Намбарын Энхбаяр анх санал тавьсан гэдэг билүү” гээд тууж орхилоо. Тэрээр шууд л “Тэгсэн юм” гээд цааш нь ингэж ярьсан юм. “Энхбаяр дарга Дундговь руу таныг явуулна гэж байна. Би бол төмөр замдаа хоргодоод байдаг. Өмнөх сонгуулиар мөн л намайг дэвшүүлэх санал гарч байсан. Гэвч би Сүрэнд байраа тавьж өгч байв. Өмнөх гэдэг нь 2000 оны сонгууль шүү дээ. Ингээд Дундговийн намын хорооны хуралд явж очоод дэвшинэ ч гээгүй, үгүй ч гээгүй бөөрөнхий хариу өгчихөөд хүрээд ирсэн хүн шүү дээ, би. Тэгтэл намайг М.Энхболд дарга Баянгол дүүрэгт нэр дэвшүүлнэ гэдэг юм аа. Хотын намын хорооны даргын хувьд хэлж байгаа хэрэг. Би татгалзлаа. Маргааш нь Энхбаяр дарга дээр ороод Дундговьд дэвшье гэдгээ эрсхэн хэлсэн. Тэгэхдээ гурван зүйл санал болгосон юм” гэв. Тэдгээр нь юу байсан гэхээр “Би аж ахуйн хүн. Наад улс төр гээчийг чинь сайн мэдэхгүй. Түүнд тус дэм болоорой. Төмөр замын даргаар өөрийнхөө орны хүнийг би өөрөө мэдэж санал болгоно” гэж тулган хүлээлгэсэн байна. 

Ингээд мань хүн төрөлх нутаг руугаа гараад өгчээ. “Урлаг соёлынхноос таныг хэн хэн дагаж явсан бэ” гэхүйд “Хурд хамтлаг явсан. Манай төмөр замын хүүхдүүд шүү дээ” гэж сүрхий өмчирхөөд авна лээ. Тэрээр ялалт байгуулна гэдэгтээ итгэл дүүрэн байсныг нь дараахь ярианаас анзаарсан юм. Түүний гол өрсөлдөгч нь ардчиллын Лантуугийн Алтанхуяг гэж нөхөр байж. Раш даргаас санаа оноо авдаг, наануу цаануугаа асуудаг, эдийн засгийн тус дэм ч хүсдэг байсан аж. Уулзах бүртээ “Та Дундговьд очихгүй биз дээ” гэж асууна. “Үгүй ээ” гэхийг нь сонсоод уужирдаг байсан нь мэдээж. Тэгтэл яалт ч үгүй дэвшихээр болоод хамгийн түрүүнд өнөө Алтанхуяг руугаа ярьжээ. “Ах нь дэвшихээр боллоо. Намын даалгавар, одоо яая гэхэв. Миний дүү тийшээ очоод нэмэр байна уу, мөнгөний гарз биз дээ” гэж шуудхан хэлээд авч. Үндсэндээ томорсон байгаа юм.  Рашийг очих нь гээд Ардчилсан хүчнийхэн нэр дэвшигчээ яалаа гэж татах билээ. Алтанхуягаа тулаанд мордуулах нь мэдээж. Их хуралд Дорнодын Одбаяр, Төв аймгийн Сүхбаатар, Монголбанкны Пүрэвдорж нартай тохой нийлүүлж суусан байна.  “Их хурал гэдэг чинь далай шиг өргөн дэлгэр харчуудын цугларалт юм” гэж гэрийн эзэн маань сүрхий бодлогошронгуй суугаад хэлж байна. Тухайн агшинд шугамын радио ёнгиноод явчихлаа. Их үдийн цаг агаарын мэдээ явсан нь тэр. “Малчид, тариаланчдын анхааралд” гээд байх шиг дуулдсан. Раш гуайнх шугамын радиогоосоо салаагүй нь мөн л таатай сэтгэгдэл төрүүлсэн юм. 

“Та Их хурлын танхимд монгол ухаан нэвт шингэсэн айхтар үг хэлдэг, нуруулаг хүмүүсийн нэг байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Мөн зарим үед хэлсэн үг чинь гишүүдийг хөгжөөж инээдэм наргиан ч болж байсан үе бий дээ” хэмээн ширээг нь тохойлдож баатар руу налаад сүрхий асуулаа. “Үгүй ээ, яахав дээ. Миний үгийг цаад хэд чинь сонсдог л байсан. Ямар нэгэн асуудал дээр намайг хэрхэн хандаж байгааг сүрхий ажиж анхаардаг нэг нь байсан л байх. Намын нөхөддөө ч би хатуу үг хэлдэг л байлаа. Уулын оройгоор дарцаглаад явах яах вэ. Бэл рүүгээ бууж аргал түүвэл яасан юм бэ гэж хэлж л байсан. Сайд байхдаа “Зам тээвэр гэдэг үг чинь өөрөө сахилга бат гэсэн үг” хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж байлаа. Мөн аялал жуулчлал гэдгийг “аятайхан мөнгө олох уут, томоохон үүц нөөц, улс орныхоо нүүр царайг дэлхий нийтэд харуулах цонх” гэж хэлж байсан. Баяр, Лүндээ, Нямдорж бүгд л миний үгийг анхаарч сонсдог байсан даа. Нэг удаа чуулган дээр “Та хэд гадуур дотуур явж гадна дотнын хүмүүстэй нөхцчихөөд тэдний эрх ашгийг хамгаалсан хууль батлах гэж улайрч байна” гэж хэлээд танхимыг нэрхийтэл инээлгэж байлаа. Нөхцчихөөд гэдэг үгийг манай нөхөд буруугаар ойлгож намайгаа дамшиглаж байгаа байхгүй юу. Засгийн газрын хуралдаан дээр  шиг санагдана. Хотоос гараад явахаар замд “хурд-үхэл” гэсэн машины сэг байж байх юм. Анхааруулсан, болгоомжлуулсан зүйл гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ энэ чинь монгол хүний оюун ухаанд бууж өгөхгүй юм аа. Машины сэг хараад, үхэл гэсэн үгээр үдүүлээд замд гарч байгаа хүмүүсийн санаа сэтгэл ямар байх уу гэж хэлэхэд Баяр сайд жигтэйхэн инээж билээ. Арван хоёр оны хавар билүү, Үүл баатартай маргаад. Бат-Үүл “олонхид дарлуулдаг цөөнх гэж юу байхав” гэхээр нь зөрүүлээд “цөөнхөд дээрэлхүүлдэг олонхи гэж байхгүй байх аа” гэж хэлсэн удаатай” гэв. 

Буурал баатар маань энэ мэт олон зүйлийг хэлснээс цөөн хэдийг нь хүргэж байгаа минь энэ л дээ. “Манай ажлын өрөөгөөр нэг орох уу” гэж гэрийн эзэн хэлэв. Тэгээд унаагаа дуудлаа. Манай зурагчинд мань хүн зургаа даруулах гэж сүрхий юм болоодохов. “Ах нь энэ цамцыг солиод орхиё. Бараантаад нэг л олигтой гарахгүй нь лав” гээд ухасхийлээ. Тэгснээ “Миний охион аавынх нь нэг цэнхэр цамц байдаг даа. Тэр хаа байна. Ээж нь хааччихав аа. Ээж нь л сайн мэдэх ёстой” гээд цаад өрөөгөөр алга боллоо. Энэ хооронд зочны өрөөнд тохоостой байх ланжгар хоёр мөнгөн эмээлийг сонирхлоо. Хэн хүний нүд булаахаар эртний хийц бүхий эмээлүүд байна. Раш баатар цэнхэр цамцаа олоод өмсчихсөн, хүүхэд шиг цамц руугаа хараад тэнгэр цэлмэсэн мэт л ороод ирэх нь тэр. “Энэ хоёр эмээлийн тухай танаас асуух гээд” гэхүйд “Эдээрээ гайхууллаа гээд улс амьтан дургүйцэх л байх даа. Гэхдээ яахав, сонирхож байгаа учир түүхийг нь хэлье. Ааваас минь өвлөгдөж ирсэн юм аа” хэмээн баруун талынх нь эмээлийг зааж байна. Хансан занги гэж өвөг эцгийнх нь үнэт өв бололтой. Өвөг эцгээс нь эл эмээл, мөн өөрийн гараар бичиж үлдээсэн “Жадамба” судар хоёр Раш гуайнд хадгалагдаж байгаа ажээ.

Раш гуай эмээлийн бүүргэнд ороогоостой байгаа суран жолоог зааснаа “Хойшоо сургуульд явахад аав минь “Миний хүү туруут морь яваад хүрэхгүй, тураг шувуу нисээд очихгүй хол газар явлаа” гээд энэ суран жолоог хадагтай барьж билээ” хэмээсэн. Тэгээд аавынхаа тухай жолоочоо хүлээх зуур тохоостой эмээлээ түшиж байгаад ийн өгүүлсэн юм.   

“Миний аав гэрийн боловсролтой, тухайн үеийнхээ том сэхээтэн байлаа. Арван хоёр настайгаасаа төр улсдаа зүтгэх ажлаа Говь түшээ гүний хошууны тамгын газар тал бичээчийн албаар эхэлсэн юм билээ. Дундговь аймгийг 1942 онд Ембүүдэрсэнэ-Ус гэдэг газар анх байгуулагдахад шавыг нь тавилцсан арван долоон хүний нэг. Сүүлхэн үедээ Эрдэнэдалай сумын дарга, намын үүрийн нарийн бичгийн даргын албыг цөөнгүй жил хашсан. Төр улсынхаа хөгжил түүхийн ачааны тэнг таталцаж явсан сайхан зам мөртэй хүн” хэмээн эцгийнхээ тухай өгүүлж байхад жолооч нь ярилаа. Гадаа ирчихлээ гэдгээ хэлэх бололтой. Ингээд “төмөр замын Раш”-ийн хар машинд суугаад төмөр замынх нь ажлын өрөөгөөр орлоо. Гэрийн гаднаас л хүмүүс мань эртэй мэндлээд сүйд байна. Нэг хүүхэд сүрхий мэндэлсэн нь Өлзийт хороололд хурдан морь унадаг аваргуудын нэг гэнэ. 

Төмөр замын удирдлагууд буурал “хурандаа”-даа скалад байсан өрөөгөө суллаж тохижуулж өгчээ. Томоо гэгч цэлгэр сайхан өрөө байна. Гишүүний өрөөн дэх бүхий л дурсгалт зүйлс, ном бүтээлээ авчирчээ. Сайд болоход нь өөрийн унасан газар Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөлөөс дурсгасан зураг байна. Тэрээр Эрдэнэдалайн хүн. Гэхдээ яг төрсөн нутаг нь Дэлгэрхааны Баян уулын Булаг гэдэг газар юм билээ. Тавин гурван оны усан могой жил Раднаа даргынх Эрдэнэдалайгаас Дэлгэрхаанд оторлон нутаглах жил нэг хүү төрсөн нь өнжиж буй айлын маань эзэн хөдөлмөрийн баатар ажээ. Өрөөнд нь Ленин, Ганди нарын хөрөг баримлаас гадна Самбуу даргын хөшөөний эх загвар байна. 

Тэр тухай сонирхоход “Би Самбуу гуайг хүндэлж дээдэлж явдаг юм. Самбуу гуай манай эцэгтэй ойр дотно нөхөрлөж явсан юм билээ. Өмнөговь аймгийн дарга байхдаа Эрдэнэдалайгаар дайрч манайхаар хонож өнжөөд явдаг байсан гэдэг. Манай том ах Содномдорж “Би та нарыг бодох юм бол Самбуу даргын хоолыг хийж байсан хүн шүү” гэж томордог сон. Энэ баримлыг Самбуу гуайн Сүрэнжав надад дурсгасан. Самбуу дарга Хойд Солонгост Элчин сайдаар сууж байхдаа тэднийд цөөн тооны мал бэлэглэхээр амласан юм билээ. Тэгээд өгч авч амжилгүй явсаар өнгөрсөн зууны ерээд он гаргасан. Хойд Солонгосын төмөр замын яамны сайд тэр малыг авахаар ерэн нэгэн онд Монголд ирлээ. Би тэр хүнд тусгай вагон гаргаж хэдэн сайхан эм хонь, саваг нь газар шүргэсэн сарлаг, нас гүйцэж дэрийсэн сэрх, унагатай гүү гэхчлэн тэмээнээс бусад бүх малыг ачиж явуулсан. Аавтай дотно явсан тэр хүний төрийн өндөр түвшинд амласан бэлгийг насан өөд болсноос нь хойш гучаад жилийн дараа Ардчилсан Солонгосын ард түмэнд хүргэх ажилд тэгж гар бие оролцсон” хэмээн хуучиллаа. 

“Сочигийн өвлийн олимпийн дараа таны нэг зураг интэрнэтээр баахан “од” болж, багагүй баалуулсан даа” гэж асуугаад авлаа. Тэгтэл өөдөөс “өнөө эмгэн чинь хэн билээ” гэж байна. “Ямар эмгэн билээ, өө танхай эмээ юу” гэхэд, “Тийм ээ. Танхай эмээ чинь надад үүргэвч үүрүүлж цана углуулаад сүйд болсон доо. Би тэр зургийг хараад өөрөө ч инээд хүрсэн. Манай зээ “өвөө та өөрийгөө харсан уу” гэж явуулж ч байх шиг. Гэхдээ тэр зургаар намайг шоолсон, донгодсон зүйл байхгүй байх аа. Зүгээр л өхөөрдсөн, инээд наргиан болгосон зүйл болов уу. Цанын спортоо Монголын төр анхаарах цаг нь ирсэн юм биш үү гэсэн сануулга гэж боддог” гээд өнөө л хоёр нүдээ жуумалзуулж харагдана.    

Тэрээр өрөөнийхөө дурсгалуудыг сонирхуулах зуурт нэг хүний нэрийг сүрхий гэгч нь хэлсэн нь Эрдэнэт хотын орлогч дарга байсан Гүнсэнгийн Чулуунбат. Уг эрхэм далан гурван онд хойно хамт оюутан байхдаа Раштаа нэг цүнх бэлэглээд “Миний найз Төмөр замын 50 жилийн ойгоор энэ цүнхэнд илтгэлээ хийж очоод ойн хурлыг нээнэ шүү” гэж хэлжээ. Тэгтэл хэлсэн ёсоор нь болж 1998 онд Раш дарга найзынхаа бэлэглэсэн цүнхэнд илтгэлээ хийж бариад Төмөр замын ойг нээж байсан түүхтэй гэнэ. Өрөөнийхөө хойморт О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” шүлгийг хадчихаж. Тэр зүгт харц хандуулахад “Балбар хувилгаан хүн байсан байх, тийм үү. Би тэгж боддог” гэсэн юм. 

Уулзалтын ширээнийх нь ард суугаад хоёул баахуу найруулж уунгаа бас л хүүрнэлээ. Өвгөн баатрын яриаг сонсоод л баймаар. “Балхаажав гуай Их дэлгүүрийн тэндээс алхаад манай өрөөнд хүрээд ирнэ. Хөгшинтэй хоёул хууч хөөрөх сайхан. Түдэв гуайтай ойрдоо ярьсангүй. Наян долоон онд төмөр замын намын хорооны бүгд хурлыг Түдэв гуай удирдаж, илтгэл тавьж байлаа. Тэгэхэд хэлэх үгийг нь би бэлдэж байсан. Тэр үеэс бид хоёр дотно. Сүрэнжав гуай, Цогзолмаа гуай гээд урлаг соёлынхонтой би их ойр байдаг. 2004 онд Их хурал руу явахын өмнөхөн Лувсаншарав гуай гээд аваргуудыг цуглуулж арван хүнд “Хүндэт төмөр замчин” гэх тэмдэг гардуулж баяр хүргэсэн. Түдэв гуай ч ирж байсан. Тэр аваргуудтай дурсгалын зураг татуулсан бол гэж одоо хэр нь бодогддог юм. Лувсаншарав гуайгаас аваад унаад өгч байна даа” хэмээн цайгаа оочлонгоо ярьж байлаа. “28 дугаар сургуулийн маань ой удахгүй болно. Цэсэнжав, Цэрэннадмид, Намжилсүрэн гээд домог болсон багш нараа үргэлж дурсдаг, Гунгаадорж гуайн засгийн үед Бугын Дэжид агуу хүн намайг төмөр замын дарга болгож байсан”-ыг ч мөн л хуваалцсан юм.

Түүнийг ажлынхаа ширээнд очиж суухуйд ширээг нь түшиж зогсоод “Та Багабанди гуайтай хэр дотно вэ” гэж асуулаа. “Дотно бишдээ тэр хүн надад гавьяат тээвэрчин, хөдөлмөрийн баатар хоёрыг өгөх үү” гэж өөдөөс ам асуудаг байгаа.   Ажлын өрөөний хананд сайд байх үеийнх нь зураг байна. “Баяр сайдтайгаа та сүүлд уулзав уу” гэхүйд “Огт үгүй. Сураг алдарсан даа” гэлээ. “Та ингэхэд намдаа гомддог уу. Өнгөрөгч сонгуулиар танд нэр дэвших мандат олдоогүй дээ” гээд бас л тулгаад асуучихлаа. “Уул нь манайхан намайг Баянгол дүүрэгт, төмөр замд минь нэр дэвшүүлнэ гээд за зүй болоод тохирчихсон байсан. Гэтэл намын бага хурлын өглөө баруун хойноос салхилж байсан салхи гэнэт зүүн урдаас үлээгээд манаргачихдаг байна шүү. Ах нь та хэдэд дараа болохоо болъё доо гээд гараад явчихсан” гэлээ. Тэрээр “найман жил төр түшилцэхдээ нэг зүйлийг мэдэрлээ. Өөрийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү. Ах нь төрийн хүн юм аа” гэж хэлсэн нь үнэн сонсогдсон. Мөн “манай улстөрчид их л цэцэрхэх юм. Амьдралын үнэн гэдэг чинь хатуу байдаг юм шүү” гэж яриан дундаа хэд хэд хэлсэн нь бодох л үг. 

Раш гуайн ээжийг хөгшин залуугүй Жуужаа хэмээн авгайлж хүндэлдэг байжээ. Арван дөрвөн хүүхэд төрүүлсэн хөгшин. “2001 оны өвөл Их хурлын дарга Л.Энэбиш Дундговь аймагт ажиллахдаа Эрдэнэдалайд очоод буудалд хоноогүй. Рашийн ээжийнд очиж очъё, буянтай сайхан хөгшний бор гэрт хонож, задгай галын цай уух сайхан шүү гээд Энэбиш, Лүндээжанцан нар Жуужаагийн жижигхэн гэрт хонож билээ” хэмээн Раштай нэг хонхрын хүүхдүүд болох соёлын гавьяат зүтгэлтэн Сүрэнгийн Зэвсэг бичсэн байдаг.  

Өдөржингөө хуучилсны эцэст баатрын ажлын өрөөнөөс гарахуйд тэрээр “Намхайнямбуу гуай “Миний энэ хөдөлмөрийн баатрын тэмдэг чинь хотонд байгаа хэдэн хонь минь юм шүү дээ” гэсэн байдаг. Түүн шиг Монголын төмөр замаар хөндлөн гулд тээвэр хийж байгаа хэдэн вагон, замаа засч байгаа шар хантаазтай хэдэн замчид, энэ төмөр зам л ахынх нь амь амьдрал юм. Өдөр шөнийн аль ч цагт вокзал дээр гал тэрэг уухилсаар түжигнэн ирж зогсоход сэтгэлд нар мандах шиг болдог. Ах нь ховорхон хувь заяанд төрсөн хүн шүү хэмээн инээмсэглээд хоцорсон юм. 

Н.ГАНТУЛГА

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Дэлхийд данстай “Говь”-оор тойрон аялсан нь

Энэ удаа “Танай өнжье” булангаа “Говь” компанийн үйлдвэрээс бэлтгэлээ. Дэл­хийд алдартай “Говь”-ийн бүтээгдэхүүнүүд чухам ямар шат дамжлагуудыг дам­жин байж хэрэглэгчдэд хүр­гэд­гийг сонирхсон юм. Бид¬нийг тус үйлдвэрийн хянал­тын инженер Г.Мөнх¬саруул хүлээн авч үйлд­вэрээ танилцуулахаар бол­лоо. Компанийн зүгээс үйлдвэрийнхээ үйл ажиллагааг нийтэд танилцуулах зорилгоор тойрон аялал зохион бай­гуул¬даг аж. Гадаадын жуул¬чид, дотоодын компани, байгууллагуудын хамт олон, их, дээд сургуулийн оюутнууд, сургуулийн сурагчид, хөдөө орон нутгийн иргэд гээд янз бүрийн хүмүүс олон арваараа, гурав дөрвөөрөө тойрон аяллаар үйлдвэртэй танилцах гэж ирдэг юм байна. 

Үйлдвэрийн бүс рүү орлоо. Уртаас урт хонгилууд. Халаад өмссөн ажилчин залуусын хөл хөдөл­гөөн, тоног төхөө¬рөмж, машинуудын жигдхэн нүргэлсэн дуу угтана. Дээх­нэ үеийн кинон дээр гардаг түм түжигнэж, бум бужигнасан үйлдвэр хэмээх их айлын өнгө төрх нүдний өмнө бэлхнээ тодров. Тойрон аяллын маршрутын дагуу эхлээд ангилан ялгах цехэд очлоо. Энд малчдаас авсан ноолуураа өнгө ширхгээр нь ялгана. Ангилан ялгах ажлыг тусгай машин төхөөрөмж бус бүсгүйчүүд гүйцэтгэнэ. Ангилан ялгагч гэдэг энэ мэргэжил манайдаа ховорт тооцогддог юм гэнэ. Бөөгнөрсөн, хаг, хог хаягдал, хялгас, тоос шороотой ноо­¬луу­рыг хурууны өндөг, нүдний хараагаараа нарийн мэдэрнэ. Ялгасан ноолуурыг лабораторийн шинжилгээнд оруулахад ямар ч зөрүү гардаггүй гэнэ. Үүнээс ангилан ялгагчид ажлаа хэрхэн хийдгийг мэдэж болох нь. Тус цехийн чанар шалгагч С.Бадамцэцэг үйлдвэртээ 19 жил ажиллаж байгаа нэгэн. Тэрээр ноолуурыг хэр­¬хэн ял­гадаг талаар сонирхууллаа. Аймгуудын, бүр сум сумын ноолуурын чанар, өнгө харилцан адилгүй. Хөвсгөлийн ноолуур бараан байхад Хэнтий, Сүхбаатарынх улаан байх жишээний. Тэгтэл Баянхонгорын Шинэжинстийнх цав цагаан байдаг аж. С.Бадамцэцэг ялгагчдын өмнөө тавьсан ноолуур руу зааж “Тээр харав уу, цав цагаан. Тэр чинь Шинэжинстээс ирсэн ноолуур юм шүү дээ. Тэгтэл Хөвсгөлийнх нь бараантаад байгаа биз” гээд зааж сонирхуулна. Энэ цехэд 35 ажилчин хоёр ээлжээр ажилладаг юм байна. Ангилан ялгагчид өмнөө байх ноолуурыг хагтай, хогтой, хялгастай гээд л эргэн тойрондоо тавьсан сагс, сав, тор руу ялгаж хийнэ. Ноолуурыг ялгахад хуруу өндөгний маш өндөр мэдрэмжээс гадна өнгийг нь ялгахад нүдний хараанаас гадна байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг тун чухал гэсэн. 

Энэ цехэд ялгасан ноолуурыг угаах цех рүү шилжүүлнэ. Угаах цех их халуун, чийглэг учир барагтай бол гадны хүнийг оруулдаггүй юм байна. Ингээд гурав дахь дамжлага болох Хялгас ялгах үйлдвэрт ирлээ. Ноолуурыг 0.1, 0.2, 0.3, 0.4 гэж үндсэн өнгөөр нь ялгахаас гадна тэмээний ноос, сарлагийн хөөврийг ч ангилна. Угаах цехээс гарч ирсэн ноолуурыг 28 метрийн урттай машинд оруулна. Уг машин нь энгийн нүдээр харвал сам, шүдтэй олон дамартай юм. Ноолуур машинаар дамжсаар ажилчны гарт хүрэхдээ хөвсийсөн, зөөлхөн, хөнгөн болчихсон байна. Ажилчин машинаас зугуухан урсах адил унах ноолуурыг хоёр гартаа тосч аваад тасдаад гэрэлд харна. Хялгас үлдсэн эсэхийг няхуур шалгана. Монгол ямааны ноолуур үндсэн дөрвөн өнгөтэй, цагаан, цайвар шаргал, хөх саарал, бор гэсэн. Худалдан авагчид “Говь” ХК-ийн “Mongolian Organic Cashmere” брэндийг мэддэг. Ямар нэгэн аргаар цайруулаагүй, өнгө нэмж будаагүй ноолууран бүтээгдэхүүн тун ховор. “Говь”-ийнхон дээрх үндсэн дөрвөн өнгийг элдэв будагт оруулахгүй, байгалийн өнгийг нь хэвээр хадгалсан нь “Gobi Mongolian organic cashmere”-ийн онцлог гэдгийг худалдан авагчид хэдийнэ мэддэг болсон билээ.

Мөн “Говь”-ийн хамт олны сүүлд гаргасан “Говь Гольф” брэнд нь дулаан, биед эвтэйхэн тансаг материалаар хийгдсэн нь олны талархлыг хүлээгээд байгаа аж. Дээд зэрэглэлийн спортын тансаг хувцсыг урласан нь цагаа олсон хамгийн зөв сонголт хэмээн хэрэглэгчид дүгнэж байгаа гэсэн. Энэ коллекцийнхоо нээлт болгож “Говь Гольф” цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлцгээсэн билээ. 

Цэвэрхэн болсон ноолуурыг будах цех рүү шилжүүлнэ. Энэ цехийн машин, тоног төхөөрөмжүүд нь Итали, Японых. Ажилчин залуус ноолуураа өнгөнд оруулах гэж томоос том тогооны дэргэд зогсоцгооно. Хэрэглэгчдийн хүссэн ямар ч өнгийг тус цехийнхэн гаргаж өгнө. Одоогоор 1080 өнгө гаргаад байгаа гэнэ. Хэрвээ эдгээр өнгөнөөс хүссэн өнгө байхгүй бол шинээр гаргаж өгдөг юм байна. Ингэхээр дуртай өнгөөрөө хийлгэсэн ноолууран хувцас өмсөх боломж хүн бүрт бий гэсэн үг. Энэ цех хоёр ээлжиндээ нийлээд 20 гаруй ажилчинтай. Ер нь “Говь” компанийн ажилчдын ихэнх нь залуус. Нийт 1400 гаруй ажилчинтайгаас 80 гаруй хувь нь эмэгтэй юм байна. Компанийн удирдлага нь залуу, ажилчид нь ч залуу болохоор ажил нь тэр хэрээр хурдан, шуурхай өрнөнө. Дөрөвдүгээр сараас аравдугаар сар бол “Говь”-ийнхны хувьд оргил ачааллынх нь үе гэсэн. 

Өнгөтэй болсон ноолуурыг холих цех рүү оруулна. Холих цехийн төхөөрөмжүүд нь бүгд Итали улсын нэртэй брэндийнх аж. Будах цехээс гарч ирсэн ноолуур бүхэл, том болчихсон байна. Тэрийг холих машин сэмэлж, жижиглэж холино. 

Холигдсон ноолуурыг ээрч, утас болгоно. Ээрэх үйлдвэрээр ортол шөнийн ээлжийн ажилчид ажлаасаа бууж байгаа болохоор бүх машин төхөөрөмжөө цэвэрлэж, тосолж байгаатай таарлаа. Уртаас урт ээрэх машины урд ажилчин бүсгүйчүүд зогсч арчиж харагдана. Засварчид засвар үйлчилгээ хийж, машинуудын энд тэнд гарна. Энэ цехээс гарсан утас Сүлжих үйлдвэрийн ажилчдын гарт очно. “Говь” компани сүлжих хоёр үйлдвэртэй бөгөөд нийт 500 гаруй ажилчинтай.  Эхлээд Сүлжих-2 үйлдвэрээр нь орлоо. Энэ үйлдвэрт 253 хүн ажиллаж байна. Оёдолчин, чанар шалгагч, индүүчин гээд олон төрлийн мэргэжилтэй залуус. Үйлдвэр бүрэн автомат сүлжмэлийн машинуудтай бөгөөд Японы SHIMASEIKE, Германы STOLL брэндийн машинууд харагдана. Автомат машинд цаанаас нь ямар бүтээгдэхүүн сүлжихийг тусгай программаар өгчихнө. Тэгэхээр машин программаар өөрөө уншаад бүтээгдэхүүнээ сүлжиж эхэлнэ. Нэг машин дээр очтол хар өнгийн ноолууран цамц сүлжиж байна. Нэг машин цагт нэг цамц сүлждэг гэнэ. Энэ үйлдвэрт нэг цамц сүлжиж дараагийн дамжлагад хүргэх хүртэл 22-29 дамжлага дамжина. Сүлжмэлийн төрөл хязгааргүй бөгөөд хэрэглэгч, захиалагчийн хүссэн сүлжмэлээр бүтээгдэхүүн хийдэг талаар Сүлжмэлийн үйлдвэр хариуцсан дарга Г.Саруулзаяа ярилаа. Энэ үйлдвэрийнхэн жилд 450 мянган сүлжмэл бүтээгдэхүүн гаргадаг юм байна. Оёдолгүй сүлжмэл буюу ямар ч оёдол, залгаас, зүүдэлгүйгээр бүтээгдэхүүн нэхдэг машинууд анхаарал татлаа. Цамцны программаа уншуулахад машин ажиллаж эхэлнэ. Цагийн дараа ямар ч оёдолгүй сүлжээсэн цамц бэлэн. Маш нимгэн, нарийн сүлжээстэй цамц, гоёлын ноолууран даашинзууд байдаг шүү дээ. Тэдгээр бүтээгдэхүүнийг энэ машинаар сүлжих нь тохиромжтой гэсэн. Хамгийн нарийн ноолууран утсаар технологийн дэвшлийг шингээсэн бүтээгдэхүүнийг монголчууд төдийгүй гадныхан хэдийнээ мэддэг болсон. Жилийн аль ч улиралд өвөл зун гэлгүй хэзээ ч өмссөн хөөрүүлэхгүй, дааруулахгүй шинж чанартай. 

Дээхнэ үед хэрэглэгдэж байсан сүлжмэлийн хагас автомат цөөхөн машинууд сүүлийн үеийн шилдэг технологийн машинуудтай “мөр зэрэгцэн” ажиллаж байна. Эдгээр машинууд дээр халаас, зах гэх мэт жижиг хэсгүүдийг сүлждэг аж. 

Сүлжих-1 үйлдвэрээр дайран гарлаа. Өнгөрсөн онд ашиглалтад орсон энэ үйлдвэр 250 ажилчинтай. Сүлжмэлийн машинуудын дээр шар, хөх гэрлүүд анивалзаж, автомат машинууд бүтээгдэхүүн сүлжиж, ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгааг сануулна. Бүрэн автомат машинууд суурилуулсан болохоор ажлын бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний чанар ч сайжраад байгаа аж. 

Ер нь орсон цех, үйлдвэр болгоны тоног төхөөрөмжийг зуун хувь шинэчилж, сүүлийн үеийн шилдэг технологиор бүтээгдэхүүн хийж байгааг ажилчид, мастерууд нь бахархалтайгаар дуулгаж байсан юм. 

Сүлжих үйлдвэрээс гараад Сүлжмэлийн программын албаар орлоо. Албаны программистууд бүгд Японы сүүлийн үеийн мундаг хүчин чадалтай компьютер дээр ажиллана. Эл албыг энэ үйлдвэрийн цохилох зүрх гэж нэрлэх болох аж. Дизайнеруудаас ирсэн загварыг энд л боловсруулж, сүлжмэлийн үйлдвэр рүү илгээнэ. Өмнө нь бэлэн болгосон программ, өгөгдлөө флашаар зөөж Сүлжмэлийн үйлдвэрийн компьютерт уншуулдаг байсан бол одоо программистын компьютерээс сүлжээгээр шууд өгөгдөл явна. Энэ албаныхан Японд тогтмол мэргэжил дээшлүүлдэг юм байна. Программистууд тухайн бүтээгдэхүүний эс ширхэг бүрийг нарийн гаргаж, зурна. Нэг ширхэг сүлжээс, утсан дээр хүртэл маш нарийн ажиллагаа хийж байгаа харагдлаа. 

Тойрон аялал маань үргэлжилсээр Принтийн цехэд хүрлээ. Та ноолууран бүтээгдэхүүн дээрээ юу хэвлэмээр байна вэ, түүнийг тань л хэвлэнэ. Цэцэг, байгаль, абсурд маягийн, уран зураг гээд элдэв төрлийн зурагтай бүтээгдэхүүнүүд байна. Алдарт “Монголын нэг өдөр” зургийг шаалин дээр буулгачихаж. Мөн сүүлийн үеийн шилдэг зураач нарын бүтээл ч харагдана. Хэн нэг зураачийн бүтээл бүтээгдэхүүн дээр хэвлэгдлээ гэхэд ашгийн тодорхой хувийг нь тухайн уран бүтээлчид өгдөг гэрээтэй юм байна. Гадныхан шааль, цамц, ороолт гээд ноолууран бүтээгдэхүүн дээр төрөл бүрийн зураг хэвлүүлэх сонирхолтой байдаг гэнэ. Гадаадын нэг захиалагч цамцны захаа тойруулаад индианчуудын эртний бичээсийг хэвлүүлж байжээ. Зарим захиалагч “Би ийм зурагтай алчууртай болмоор байна. Цор ганц хувийг л би нөмөрмөөр байна” гээд зургаа үзүүлдэг гэнэ. Тэгэхээр тэр зургийг нь сонирхсон бүтээгдэхүүн дээр нь хэвлээд өгчихнө. Захиалагч цор ганц гэсэн учир түүний өнөө зураг дахиад ямар ч бүтээгдэхүүн дээр хэвлэгдэхгүй. 

Ноолууран дээр хэвлэх энэ машин, цехийг “Говь” компани Монголд анх удаа нэвтрүүлж, суурилуулсан гэдгээрээ онцлогтой. 

Принтийн цехэд алив нэг бүтээгдэхүүн дээр юм хэвлэх захиалга орж ирэхэд эхлээд будгийг сайн тогтоож бэхжүүлдэг тусгай бодисд тухайн бүтээгдэхүүнээ оруулна. Ингэсний дараа тусгай гэрлээр шарж хатаана. Хатсаных нь дараа нь зургаа принтлээд дахиж хатаана. Ноолууран дээр юм принтэлдэг машин нь асар хурдтай хэрнээ, ухаалаг. Эхлээд ноолууран бүтээгдэхүүнийхээ талбайн хэсэг тус бүрийн зургийг нэг бүрчлэн аваад дэлгэцэнд гаргахаар оператор дээр нь хэвлэх зургаа байршуулна. Ингээд хэвлэх гол ажил эхэлнэ. Зураач Ч.Сэндэмийн “Говь” хэмээх зургийг шаалин дээр хэвлэж эхэллээ. Говийн тэнгэрийн хаяа, тэгснээ ботгоо дагуулсан ингэ шаалин дээр хэвлэгдээд гараад ирлээ. Ингээд говийн алтарсан шаргал элсэн манхан хэвлэгдсэнээр “Говь” зурагтай шааль бэлэн болчихов. Хэрвээ зураг хэвлэх явцад ноолууран бүтээгдэхүүний гадарга дээр ганц ширхэг хялгас байвал принтийн машин мэдрээд дохио өгнө. Одоогоор Принтийн цех нийт 1300 гаруй зураг, дүрсний сантай болчихоод байгаа аж. 

“Говь” салоны үйл ажиллагааг сонирхлоо. Пальто, пиджак, дээл, нөмрөг, хүрэм, хантааз, хөнжил, майк гээд ноолуураар ямар бүтээгдэхүүн хийдэг вэ. Тэр бүгдийг энэ салоны уран гартай үйлчин бүсгүйчүүд урлана. Энэ салоны наяад ажилчин сард 1200-1500 гаруй бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй ажилладаг аж. 

“Говь” компани өнгөрсөн онд салоныхоо үйлдвэрлэлийн шат дамжлагыг шугаман системд шилжүүлэн, үйлдвэрлэлээ өргөтгөж хүчин чадлаа нэмэгдүүлжээ. 

Төлөвлөгөөнийхөө дагуу ажилладаг ч улсын баяр наадам, цагаан сараар ачаалал нь эрс нэмэгдэнэ. Учир нь энэ үеэр монголчууд маань дээлээр гангардаг. Ганцаараа ноолууран дээлээр гангарахгүй. Гэр бүлээрээ, хань ижилтэйгээ хос дээл хийлгэнэ. Бүр битүүнд амрах гэж байхад нь хүртэл дээл хийгээд өгөөч гэж гуйдаг гэсэн. Улирал нь эхэлсэн болохоор драпан пальто, нөмрөг ихээр оёж байлаа. Гадаад, дотоодын захиалга их байгаа аж. Мөн гадаадаас ноолууран хөнжлийн захиалга их ирж байгаа гэнэ. Драпаар бүтээгдэхүүн хийхэд хаягдал гардаг бөгөөд тэр хаягдлыг дахин боловсруулж хөнжил хийж байгаа аж. Драпны хаягдлыг дахин боловсруулж, хөвөн зөөлхөн болгоод хөнжил хийхэд түүн шиг дулаахан эд үгүй гэнэ. Ноолуурыг тансаг хэрэглээ хэмээн хүлээж авдаг ч нөгөө талаар хүний биед эрүүл мэндийн талаасаа ямар их ашиг тустайг төдийлөн мэддэггүй гэнэ. Хүний биеийн дулааныг барьж, хөлс гадагшлуулж амьсгалдаг учир өвөл, зуны алинд ч тохиромжтой. Нимгэн ноолууран хөнжлөөр хучихад хөнгөн, зөөлнөөс гадна ерөөсөө жиндүүлдэггүйгээр гайхамшигтай. 

Та “Говь”-ийн сонгодог загварын аль нэг пальтог сонирхлоо гэж бодъё. Очоод биеийн хэмжээсээ өгөхөд эндхийн дизайнер, оёдолчид 48 цагийн дотор таны хүслийг биелүүлнэ. Манайхан гэлтгүй гадныхан эдний сонгодог загваруудаас өөрт тохируулан захиалдаг гэсэн шүү. 

Хоёрхон өдрийн дотор амждаг гэж үү хэмээн зарим захиалагчид гайхдаг гэсэн. “Говь” салоныхон үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмснээр “Захиалгын хувцас дор хаяж арав хоногийн дараа бэлэн болдог” гэх ойлголтыг халж, хоёрхон өдрийн дотор захиалсан бүтээгдэхүүнийг бэлэн болгодог болсон нь маш том дэвшил юм. 

Нэхэхийн гүйцэтгэн боловсруулах цехээр орлоо. Энэ цехийн үйл ажиллагаатай танилцсанаар тойрон аялал өндөрлөнө. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг худалдан авагчдын гарт хүрэхэд шаардлагатай эцсийн боловсруулалтыг хийнэ гэсэн үг. Жишээ нь, хүзүүний ороолтыг  эрчлээд, агшаагаад, угаагаад, хатаагаад, үслээд, хагийг нь түүгээд, индүүдээд, хэсэгчлээд, жигнээд гээд олон үе дамжлагаар явуулаад эцэст нь савлана. Энэ цехийн үйл ажиллагааг ерөнхийд нь хэлбэл ийм аж. 

Дэлхийд эхний тавд ордог “Говь” компанийн үйлдвэрт хийсэн тойрон аялал маань өндөрлөлөө. Яагаад эхний тавд ордог вэ гэхээр хүчин чадал, тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн технологийнх, ноолуур нь дээд зэрэглэлийнх гэдгээсээ гадна хамгийн гол нь ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ малчны хотноос очиж түүхий эдээ авчраад эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах бүх үйл явцыг нэг дор, бүрэн цогцоор нь хийдэгт байгаа юм. 

Засгийн газраас “цагаан алт”-ыг зуун хувь эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бодлогын хүрээнд “Говь” компани техник технологио шинэчлэн, хүчин чадлаа нэмэгдүүлж бүтээгдэхүүний тоог өсгөх, гадаад зах зээлээ тэлэх, оёмол бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг өсгөх, үнийн уян хатан бодлогыг баримтлан ажиллаж байгаа нь уулзсан ажилчин бүрийн яриа, үйлдвэрлэлийн бүхий л үе шат дамжлагаас мэдрэгдэж байлаа. 

Манайхан ноолуурыг хэтэрхий тансаг, нийгмийн хэсэг бүлэг хүмүүст зориулсан бүтээгдэхүүн мэтээр ойлгох нь бий. “Говь”-ийн үйлдвэрийн бүх шат дамжлагыг сонирхож, тойрон аялж, ажилтай нь танилцан нэг өдөр өнжихдөө нэг ширхэг ноолууран бүтээгдэхүүн гаргахад ямар их хөрөнгө хүч, цахилгаан эрчим хүч, хөдөлмөр ордгийг ойлгосон юм. Олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрээс савлагдаад дэлгүүрийн лангуун дээр очихдоо өөртөө асар их үнэ цэнэ, хүндэтгэл агуулдгийг мэдэрч байлаа. Тэгтэл дэлхийд чанараараа гайхагддаг Монголын ноолууран бүтээгдэхүүн бусад орны ижил төстэй, чанар нь адил бүтээгдэхүүнээс даруй хэд дахин хямд гэдгийг сонсоод гайхах, үл итгэх зэрэгцэв. “Говь” үйлдвэрийн Монголын брэндийн цамц дунджаар 140 ам.долларын үнэтэй байгаа бол “Loro Piana” дэлхийн брэндийн цамц дунджаар 1000 ам.долларын үнэтэй. Ингэхээр бид дэлхийд гайхагдаж буй Монгол брэндийн цамцаа бусад орны иргэдээс хэд дахин хямдаар худалдан авч байгаагаа хүлээн зөвшөөрөх болох нь. 

Ийнхүү Монголын томоохон үйлдвэрлэгч, дэлхийд Монгол ноолууран бүтээгдэхүүнээр улсынхаа нэр төрийг өргөж яваа “Говь” ХК-ийн үйлдвэрт өнжсөн тэмдэглэлээ өндөрлүүлж байна. Монгол хүн бүр үндэсний энэ том үйлдвэртэйгээ танилцаж өвөг дээдсээс уламжлагдан ирсэн мал аж ахуйн гаралтай түүхий эд хэрхэн дэлхийн түвшний тансаг бүтээгдэхүүн болон гарч байгаатай танилцах боломжтой гэдгийг дуулгая.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монгол математикчдыг дэлхийд үнэлүүлсэн АРДЫН БАГШИЙНХ

Чадраа гуай ШУА-ийн ерөнхийлөгч 
байхдаа “Тасганы овооны өнөө муу арваннэг чинь сүрхий болчихож. Тэнд ер нь
юу болоод байна аа” гэж гайхаж байсан гэдэг. Найман жилийн 11 дүгээр сургууль математик,
физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болж, сурагчид нь олон улсын олимпиадад шил дараалан
медаль авчихсан учраас ШУА-ийн ерөнхийлөгч тэгж гайхсан хэрэг. Энэ удаа өнжихөөр
зорьсон айл маань “өнөө муу арван нэг”-ийг сүрхий болгосон Ардын багш  Маамынх.

Бэлдсэн шавь нар нь математикийн олон улсын олимпиадаас медаль шүүрээд
ирдгээрээ улсдаа зартай, гоц хүүхдүүдийг анги алгасуулах шийдвэр гарахад том нөлөө
үзүүлсэн, математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай сургуулийг анх удаа
байгуулсан гэж ирээд яривал энэ эрхмийн боловсролын салбарт хийсэн ажил өчнөөн.
“Шинэ үе” дунд сургуулийн захирал энэ эрхмийг математикийн Маам гэдгээр нь мэдэхгүй
хүн үгүй. Ямар сайндаа л сургууль байгуулсан чинь шавь нар нь, шавь нарынх нь танилууд
хүүхдүүдээ дагуулаад ирэхэв. Сургуулийнх нь сурагчдын жараад хувь ийм шалтгаанаар
ирсэн гэсэн. Маам багшийнх сургуулийнхаа яг хажуугийн байрны дөрвөн өрөө сууцанд
төвхнөөд удаж байгаа гэнэ. Зуун хорьд амьдарч байгаад ийшээ нүүж иржээ. Биднийг
ороход гэрийн эзэгтэй, гэрийн эзэн хоёр “Сургууль эхлэхийн өмнөх өдрүүдэд манайх
гэдэг айл бужигнана шүү дээ” гэсээр угтав.

Эзэгтэйг цай, хоол базаах зуур зочны өрөөнд тухлангаа  гэрийн эзэнтэй нутаг ус, удам судрын яриа хөөрөө
үүсгэв. Маам багш Завхан аймгийн Сонгино сумын уугуул аж.  “Би уг нь Пэлжээ гэдэг хүний хүүхэд.  Үнэнбилэг гэдэг нь өргөж авсан аавын минь алдар.
Нэг сонин нь надад хэн ч нэр өгөөгүй. Хүн бүр намайг  маамаа гэж өхөөрддөг байж л дээ. Тэгээд л Маамаа
гэдэг нэртэй болчихсон. Сургуульд ороход хүүхдүүд шоолно гээд Маамаагаа Маам болгож
өөрчилсөн” хэмээн яриагаа эхлэв. 1964 оноос хойш багшилж байгаа аж. 52, 18, 11 дүгээр
сургуульд ажиллаж байсан тухайгаа баахан ярив. Тулж ажилласан сургуулиуд нь гэнэ.
Зургаан жил багшлаад л хичээлийн эрхлэгч, менежер, захирал гээд явчихаж. Гэхдээ
хичээлээ бол заасаар байж. “Дал гарсан хэрнээ шохой бариад хичээлээ заагаад явж
байгаа Ардын багш ганцхан байгаа” гэж эзэгтэй ярианд оролцов. Гэрийн эзэгтэйг Цэрэндолгор
гэдэг юм байна.  Маам багштай нэг нутгийнх,
бүр нэг багийнх гэнэ. Баян Нямаа гэдэг хүний үр сад аж. Тэд гэрлээд хагас зуун өнгөрчээ.

 

АМЕРИК ЦЭРГИЙН ДЕСАНТ БУУЛГАСАН ЗАХИРАЛ

Арваннэгдүгээр сургуулийн захирал болсон түүх нь сонирхол татав.
Яармагийн 34 дүгээр сургуулийн захирлаар гурван жил ажиллачихаад Хотын боловсролын
газарт математикийн сургалттай тусгай сургууль байгуулах хүсэлтээ уламжилсан гэнэ.
Өнөөдүүл нь ч дэмжиж 11 дүгээр сургуулийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай
болгожээ. Ойр хавийнхаа сургуулиас тоондоо сайн 
хүүхдүүдийг сонгон авч хичээллээд хоёрхон жилийн дотор улс даяар нэртэй сургууль
болсон гэнэ.  Хүүхдүүд нь олон улсын математикийн
олимпиадаас медаль авч тухайн үедээ шуугиан дуулиан болж байж. Хүүхдүүдийнх нь мундгийг
гайхсан АНУ-ын Элчин сайд Жонсон Америкийн цэргийн тусгай десант буулгаж сургуулийнх
нь заалыг барьж өгсөн гэж байгаа. “Их л сонин явдал болсон гэж дуулддаг. Америк
цэргүүдээр спорт заалаа бариулсан тэр үйл явдлаа нэг сайхан яриад өгөөч” гэтэл
“Тэр үед гадаадаас мөнгө орж ирэх төвөгтэй байсан. АНУ ганцхан батлан хамгаалахын
шугамаар харилцаатай. Жонсон сайдыг ирдгийн хавар сургуулийн заал барьж өгнө гээд
баахан цэргийн дарга нар ирдэг юм. Америкаас мөнгө орж ирсэн тул заал барьж өгнө
гэнэ. Элчингээсээ асуутал Америкийн Ази Номхон далайн цэргийн флотоос Батлан хамгаалах
яам руу мөнгө шилжүүлсэн гэж байна. Яамныхан 
хариуцаж бариулсан ч цонх нь цантаад болдоггүй. Элчингээ ахиад дуудлаа. Үнэхээр
тааруу болж гэж толгой сэгсэрч байгаад явлаа. За тэгээд нэг их удалгүй Америкийн
цэргийн десант буудаг юм. Нэг их том онгоцтой. Монголд тийм том онгоц анх удаа л
буусан нь тэр болов уу. Өнөө онгоцондоо барилгын бүх багаж, материалаа хийчихсэн.
Эндээс тоос, шавар, элс энэ тэрээ л авсан байх. Цэргүүд нь гэж хачин гоё ногоон
эрээн хувцастай. Урт түрийтэй үддэг гуталтай. За тэгээд өнөө цэргүүд чинь манай
сургуулийн спорт заалыг барьж эхэлсэн дээ. 
Би өнөөдүүлээ манаж хянадаг ажилтай” гэж байна. Америк цэргийн гоё хувцас,
гутлыг нь манай залуус сонирхоод байж л дээ. Гадаадаас ирсэн цэргүүдийг харах гэж
тэр хавиар эргэлдэх болсон охид ч цөөнгүй байж. Ингээд л захирал манаанд гарсан
хэрэг. Арваннэгдүгээр сургуулийг хоёр жилийн өмнө нураахад өөрийнх нь бариулсан
улаан тоосгон суурьтай төмөр хашаа, Америк цэргүүдээр бариулсан спорт заал нь хэвээр
үлдсэнийг бэлгэшээж байгаа гэнэ. “Цаашид ашиглах юм байна гэсэн бодолтой байгаа
шүү” гэж байна.

 

ГОЦ АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ АНГИ АЛГАСУУЛДАГ

БОЛГОСОН НЬ

“Шинэ үе” сургуулиа байгуулсан түүх нь ч санамсаргүй гэмээр тохиолдол
болж. 2002 онд амралтаа авчихаад хотын захиргааны хажуугаар өнгөрч явахдаа гэнэт
л сургуулийн газар хүсч ормоор санагдсан гэнэ. 52 дугаар сургуульд хүүхдүүдээ олимпиадад
бэлддэг байхад нь тухайн үеийн хотын дарга 
М.Энхболд нэгдүгээр сургуулийн сурагч байсан аж. Сайн багш гэдгийг нь мэддэг
хотын мэр сургууль барих газар гуйхад нь уриалгахан тусалжээ. Сургуулиа хүн гуйж
бариулсан  үеийн түүхээ ярьж байтал эхнэр
нь гал тогооны өрөөнөөс “Амжилтаа ярихгүй юм уу. Нөгөө Алтанцог, Энхболдыг…” гэж
байна. Маам багш нүүрэндээ инээмсэглэл тодруулснаа “Чи ярьж өг тэгвэл” гэж цаашлуулж
инээдэм болов. Эзэгтэйг өнөөхөө хэл гэж сануулах бүрд л гэрийн эзэн иймэрхүү хошин
үг унагах юм.  Тэрээр “Би ингэсэн тэгсэн гэж
ярих ч халуун шүү” гэсээр  яриагаа үргэлжлүүлэв.  Маам багш 52 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн
сургалт явуулах гээд хүчрээгүй учраас дугуйлан ажиллуулж байж. Нэг талаас олон улсын
тэмцээнд хүүхдүүдээ сойё, нөгөө талаас математиктаа сайн хүүхдүүдийг сонгож нэг
дор хичээллүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож хийсэн ажил аж. Ингэж зүтгэсний хэрэг
ч гарч олон улсын олимпиадаас анхны медалиудаа аваад эхэлсэн гэнэ. Шавь нараасаа
Энхболдыг онцолж байна. Математикт авьяастай хүү 32 дугаар сургуульд наймаа төгсөөд
есдүгээр ангидаа 52-т шилжиж ирсэн аж.  Маам
багш хайртай шавийнхаа талаар “Энхболдод ес, арвынх нь хичээлийг заагаад аравдугаар
ангийн олимпиадад оруулсан чинь хотын аварга болчихлоо. Анги ахиулсан гээд хэл ам
болсон л доо. Дараа нь олон улсын олимиадаас медаль аваад ирэхээр аргагүй хүлээн
зөвшөөрч байгаа юм. Тэр үед би хичээлийн эрхлэгч. Тийм сайн хүүхдээ аравт нь суулгаад
дахиад уралдаан тэмцээнд оруулж сургуулийнхаа нэрийг гаргаж болох байсан л даа.
Гэхдээ тэгээгүй. Ээжтэйгээ амьдардаг хүүд нэг жил ч гэсэн хэрэгтэй. Тэгээд их сургуулийн
Содном багш дээр очлоо. Гэрчилгээгүй гээд авдаггүй. Боловсролын сайд дээр яваад
орлоо. Тэр үед Дашцэрэн гэж  математикийн
хүн сайд байсан болохоор төгсөлтийн гэрчилгээ асуудалгүй шийдэгдэж Энхболдыгоо их
сургуульд оруулсан түүхтэй. Дээд сургуулиа хугацаанаас нь өмнө төгсөх гэтэл Төв
хорооноос бусад хичээлээ судал гээд зөвшөөрдөггүй. Энхболд маань сүүлдээ төгсөх
курстээ багшилж байлаа. Төгсөнгүүт нь Москвагийн аспирантурт явуулах гэтэл хоёр
жил ажиллаж байж бол гээд мөн л халгаасангүй. Ажиллаж байгаад хойшоо явлаа. Тэнд
очоод бүр гялалзсан. Москвагийн их сургуулийн багш нар тавьсан илтгэлийг нь  нээлт хийсэн илтгэл болж байна гээд алга ташаад  сүйд байсан. Даанч нэг их урт наслаагүй дээ” хэмээн
дурсамж сөхөв.

Сонирхуулж хэлэхэд Маам багш Энхболдоос үүдэж боловсролын салбарт
нэг шинэчлэлийг анх удаа хийсэн юм билээ. Гоц сайн хүүхдийг анги алгасуулах шийдвэр
гаргуулах гэж нэлээд зүтгэжээ. Ерээд оноос анги алгасч болохыг албан ёсоор хүлээн
зөвшөөрсөн гэнэ. Боловсролын салбарт хийсэн бас нэг шинэчлэлээ анхны тусгай сургууль
байгуулсан явдал гэж тайлбарлав. 11 дүгээр сургуулийг хэлсэн хэрэг.

Шавь нарынх нь тоог сонирхтол цаасан дээр тоо бодож сууснаа “Лав
4000 гарчээ” гэж байна. Эрдэмтэн шавь нарынхаа тоог алджээ.  “Монос”-ын Хүрэлбаатар, академич Бэгзээс эхлээд
жагсаавал барагдахгүй шинжтэй. Аль нэгийг нь хаячихаар “Багш миний нэрийг хэлсэнгүй”
гээд сүйд болдог гэнэ. Улстөрчдөөс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын
гишүүн Бурмаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ, Боловсролын сайдаар
ажиллаж байсан Ё.Отгонбаярыг онцолж байна. 
Урлагийнхнаас хамгийн мундаг яваа нь дуучин Ариунаа гэнэ. За тэгээд хөдөлмөрийн
баатар шавь гэвэл Цэнд-Аюуш, Бямбажав, Ганчимэг гээд өчнөөн нэр жагсаахаар юм билээ.
Дэлхийд гэж яригдах хүн ч шавь нар дунд нь байгаа гэж бахархав. Америк, Азийн их
сургуулиудад хичээл зааж байсан, одоо Европт багшилж байгаа  Отгонбаярыгаа нэрлэв. УИХ-ын гишүүн, Хотын дарга
байсан Ц.Баасанжав багшдаа ойр шавь нарын нэг. Дотно холбоотой, байнга л тусалж
дэмжиж явдаг аж.

 

СУРАГЧДАА ГЭРТЭЭ ЦУГЛУУЛЖ ШӨНӨЖИН ТОО БОДДОГ БАГШ

Хоол бэлэн болжээ. Гуляш идэх зуур гэрийн эзэгтэй дуугүй суусангүй.  “Манай хүний шавь нар салбар бүрт л амжилттай
яваа. Маам багшийн чинь нэг онцлог ёстой хүний төлөө шүү дээ. Тэр үед конкурст бэлдэнэ
гэж том ажил болдог байлаа. Манайх 120-д. Маам багшаар бэлдүүлнэ гээд дарга нар
хүртэл хүүхдээ дагуулаад ирнэ. Хүүхдүүдээ сургуульд оруулна гээд шөнө унтахгүй бэлдэнэ.
Би том өрөөнд хүүхдүүдтэйгээ унтаад өгнө. Өнөө хэд гал тогооны өрөөнд шөнөжин суугаад
бодлого бодчихно. Конкурс эхэлдэг өдөр Маам хүүхдүүддээ анхаарал тавина гэж жигтэйхэн.
За тэр маань гараад ирлээ яасан, ямар бодлого ирсэн гээд гүйчихнэ. Чехэд элчингийн
тэрэг барьж байсан Сэнгээгийн эхнэр бүр сүүлд “Маам багшийг бодохоор санаа зовоод
байдаг юм. Хүүхдээ тэгж бэлдүүлж өчнөөн гоё сургуульд оруулчихаад баярлалаа гээд
хэдэн төгрөг өгөхөө ч мэдэхгүй. Албатай юм шиг л явдаг байж” гэж билээ. Манай Маам
ийм л хүн” хэмээн ярихад гэрийн эзэн дуугүйхэн инээмсэглэнэ.

Сургуулиа байгуулах үед хэдэн шавь нь  “Маам багшаа, бид танд өртэй шүү. Тусламж хэрэгтэй
бол та бусад шавь нартаа дуулгаарай” гэхэд “Би ямар мөнгө гуйх гэж шавь нараа сургасан
уу. Бүтвэл бүтэг байвал байг” гээд халгаагаагүй гэнэ. Зэрэг цолтой өчнөөн сайн багштай,
улс, нийслэлийн шилдэг сургууль хэр нь төлбөрөө нэмье гэж огт дуугардаггүй гэнэ.
Гэрийн эзэгтэй сургуулийнхаа санхүүг хариуцдаг учраас хааяа төлбөрөө нэмэх санал
тавихаар “Би төлбөрөө нэмэхгүй. Энэ хэдэн сэхээтний хүүхдүүдийг хэн сургах вэ. Эрдэм
шинжилгээний ажилчид, их сургуулийн багш, төрийн албан хаагчид байна. Эдэнд тийм
өм цөм мөнгө хаана байхав” гээд халгаадаггүй аж. Эзэгтэй сургуулийнхаа санхүүг барихаас
гадна сурагчдын автобус, дүрэмт хувцас, цайны газрын эрүүл ахуй, сургуулийн доторх
соёл гээд хариуцдаггүй ажил үгүй бололтой. Маам багш “Манай сургуулийн соёл сайн
шүү. Арваад жил болсон гэхэд хана нь тэр хэвээрээ. Өнөөг хүртэл ямар ч будаг хүргээгүй.  Хулгай гэж огт байхгүй” гэснээ  “Манай сургуулийн удирдлагууд их сайн. Заавал
бичээд өгөөрэй, манай дэд захирал О.Идэрсайхан гэж мундаг залуу бий. Ур чадварын
уралдааны гурван удаагийн аварга, улсын хоёр удаагийн аварга” гэж ярив.

Гэрийн эзний ажлын өрөөг сонирхлоо. Нэг ханандаа битүү ном өрчихөж.
Дан тооны чигийн ном харагдав. Шавь нар нь гадагшаа яваад ирэхээрээ л нэг ном авчирч
өгдөг гэнэ.  Компьютер тавьсан ажлын ширээгээ
“Гаднаас мэдээлэл авах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй газар” гэж байна. Бичгийн ширээний
эсрэг талын  ханын шүүгээнд бурхан тахилаа
залжээ. Далай багштай авахуулсан зургаа их л нандигнан залжээ. Бурхан тахил залсан
шүүгээний доод талын тавиурт хүндэтгэн байрлуулсан  цагаан зааныг Энхболдын ах Алтанцог дурсгажээ.
Хайртай шавийнхаа дурсгасан зүйлийг нандигнаж явдаг гэнэ.  Ном өрсөн шүүгээний дээд талд өчнөөн шагнал өржээ.
Энд  Ж.Батмөнх гэсэн гарын үсэгтэй Засгийн
газрын хүндэт жуух ч байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан шагнал авснаа их
л онцгойлж байна. Тэргүүний ажилтны улаан хавтастай үнэмлэх дээр  “Ардын боловсролын яамны үзлэгээр амжилттай дүн
үзүүлж ажилласан явдалд…” гэсэн өгүүлбэрийг зүгээр ч нэг бичээгүй гэнэ. 52 дугаар
сургуульд очсон жил нь яамнаас үзлэг иржээ. Хажуу хавийн сургуулиуд нь үзлэгт уналаа
гэсэн түгшмээр мэдээ ирээд байж. Үзлэгийнхэн ч ирж гэнэ. Шалгуулсан сурагчид нь
бүгдээрээ зуу авчихаж. Маам багшийн амжилт нь 100, чанар нь 90 хувь гэж гарчээ.  Үзлэг ахалсан дарга  “Ийм юм гэж хаана байдаг юм. Тест задарсан юм
биш үү” гээд дахиад шалгасан чинь мөн л 100 гэсэн үнэлгээтэй гараад ирж. Шалгалтын
дараа өнөө хардсан дарга дээр очоод “Хүүхдүүдийг маань ахиад шалгах уу” гэж асуутал
“Битгий донгос, явж үз” гэж бухимдан хэлж байжээ. 1972 онд авсан тэргүүний ажилтны
тэмдэг нь Хятадад хийлгэсэн  эд гэнэ. Уртаа
гэгчийн шруптэй, төрийн далбааны цэнхэр улаан хосолсон ромбо хэлбэрийн тэмдэг харагдав.

Зочны өрөөний ханын шүү­гээний дээд тавиурт дурс­галын үгтэй мөнгөн
аяганууд өржээ. Ардын багш авдаг жил нь салбарынхаа яамнаас дурсгасан мөнгөн аягыг
зааснаа “Эдэлж хэрэглэхдээ дургүй, харж байх хүсэлтэй” гэж байна. Зочны өрөөний
ханандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас гавьяат багш цол хүртэж байгаа
үеийн зургаа өлгөжээ. Хажууд нь Н.Багабанди Ерөн­хий­лөгчөөс Ардын багш цол авч
байх үеийнх нь зураг  харагдана.

 

ГУЧ НАРАА “МОНГОЛ ХҮН БОЛГОХООР” АМЕРИКААС АВЧИРЧЭЭ

Маам багшийнх хоёр охин­­той юм байна. Том нь Ленинградад суралцаж
ирснээсээ хойш  Хавдар суд­ла­лын үндэсний
төвд ажилласан гэнэ. Ээж нь “Инженер эмч хийдэг” гэж тодруулав. Элэг бөглөхөөс эхлээд  энэ эмнэлэгт ашигладаг бүх л чухал аппаратуудыг
мэддэг хүн бололтой. Хүргэн нь мөн л эмч. Одоо хувиараа бизнестэй аж. Аав нь ууган
охиноо “Миний охин нэг газ­раа удаан ажилласан болохоор ажилдаа гаршсан, шагнал
урамшуулал сайн авдаг” гэж магтав. Бага охин нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг
төгсөөд Татварын газарт өнөөдрийг хүртэл 
ажиллаж байгаа юм байна. Том охиных нь хүү Америкт гэр бүлтэйгээ амьдардаг
гэнэ. Зээ хүүгийнхээ гурван хүүхдийг “монгол хүн болгох” гэж саяхнаас авчирчээ.
Гуч нар нь хагас бүтэн сайнаар ээжийнхээ аавынх руу явчихдаг гэнэ. Бусад өдөрт нь
Маам багшийнд бужигнадаг аж. Том нь Чингүүн, 
хоёрдугаар анги. Харин  дундах нь Нинжин,
нэгдүгээр анги. Өвөөгийнхөө “Шинэ үе” сургуулийн сурагчид гэнэ.  Маам багшийг “Манай хэд анх ирээд хэлгүй хэцүүдсэн.
Дунд охин яриа ойлгохгүй болохоороо уйлаад унана. Том нь их сэргэлээн. Чалчаа талдаа
болохоор монгол хэлээ их түргэн сурсан. Саяхан өө, “энэ тэнэг” гэж байна лээ. Тэгэхээр
монгол хэлийг муу, сайнгүй сурсан болж таараад байгаа юм. Эхлээд дүүдээ орчуулах
маягийн юм болно. Хоёулаа бол англиар шулганаж өгнө. Одоо бол холиод л давхиад байна”
гэж хэлээд инээхэд  эхнэр нь “Саяхан би Чингүүнд,
сайн сурч өвөө шигээ мундаг хүн болоод сургуулийнхаа захирал болоорой гэсэн чинь,
“Тэгнээ, би захирал болно харин Нинжин таны өрөөнд суух уу” гэж байгаа юм даа. Дүүгээ
бас дарга болгох нь” гээд хөгжилтэй инээв. Эзэгтэйг “Манай хүүхдүүд ер нь банк,
санхүү чигийн улс болж байна. Нэг нь ч багшийн мэргэжил сонгоогүй. Чингүүн маань
харин яах бол” гэхэд Маам багш “Би хашраачихсан шиг байгаа юм. Хүүхдэд конкурсын  давтлага өгөхөөр шөнө их богино. Хэдхэн тоо бодоод
сууж байхад л нар манхайчихна. Шөнөжингөө тоо боддог муу ажил байна гэж бодоод л
халгасан байх”  гээд хүд хүд инээв. Энэ хооронд
зэгтэй яаралтай ажилтай гээд гарч одов. Том охинтойгоо багш нарынхаа өрөөг гоёх
шкаф сонгох гэж байгаа аж.

Маам багшаас гэр бүлийнх нь нандигнаж явдаг зүйлийг сонирхоход “Хоёр
юм бий. Гэртээ номтой байхсан гэж боддог. Харин манай гэрийн хүн цэвэр байхсан гэж
хичээдэг” гэж байна.  “Үр хүүхэд, ач зээ,
гуч нар гэрт байхад их сайхан. Хоёулаа байхад бол ер нь хэцүү шүү дээ. Зун амрахдаа  би тийм тааламжтай байдаггүй. Хүүхдүүдийнхээ дунд
орчихоор бие хөнгөрөөд, энд тэнд юм өвдөхөө болиод ирнэ шүү дээ” гэж яриагаа үргэлжлүүллээ.

Эзэгтэйг гарсны дараа хагас цаг орчим яриа хөөрөө өрнүүлсний эцэст
гэрийн эзэн ажлынхаа өрөөний Очирваань хайрханы зургийг үзүүлэх юм болов. Гэрээс
нь дөнгөж гараад л ажил нь. ”Шинэ үе” сургууль хичээлийн шинэ жилдээ ид бэлдэж байв.
Хоёр давхар, дотоод зохион байгуулалт сайтай юм. Тасалгааны цэцэг хаа сайгүй. Зарим
цэцгээ хүүхдүүдээрээ арчлуулахаар гэр рүү нь өгөөд явуулсан гэхээр битүү цэцгэн
дунд л өнждөг бололтой.

Найман зуу гаруй сурагч энд бужигнадаг юм байна. Үүнээс ч илүүг авах
боломжтой ч ийм хязгаар тавьдаг гэнэ. Маам багш ”Олон байх чинь хоёр  талтай. Нэгдүгээрт сургалтын чанар муудна. Хоёрдугаарт,
энэ хөгшин чинь ямар шуналтай хүн бэ гэж ярина. Багш нь ийм ярианаас жаахан айдаг”
хэмээв. 

Багш нарынхаа зургийг зэрэг цолтой нь бичээд ханан­даа өлгөх гээд
бэлдчихэж. “Гадаадад явж байхад багш, эмч нарын зургийг зэрэг цолтой нь бичээд өлгөсөн
байдаг юм билээ. Хүмүүс зурагнаас нь харж байгаад эмч, багшаа сонгодог. Тэр жишгийг
нэвтрүүлж байгаа юм” гэж тайлбарлав. Зурагнуудыг нь сонирхоход зэрэг, цолгүй багш
гэж алга. Сайн багш нарыг цуглуулж чаддаг турш­ла­га­тай нь ярианаас нь илт. Маам
багш дээхэн үед яаманд байцаагч хийх үедээ аймгуудын аль сайн гэсэн багш нарыг хот
руу татаад бангадуулсан удаатай  гэж байгаа.

Бага охин нь сургууль дээр ирчихсэн засварын ажилд туслаад завгүй
харагдана. “Захирал Монгол Улсын Ардын багш Ү.Маам” гэсэн хаягтай өрөөнд орлоо.
Хоймор хэсэгт нь Отгонтэнгэрийн фото зургийг хүндэтгэн залжээ. “Хайрханы орой ингэж
бүрэн харагдах нь ховор шүү. Голдуу дээгүүр нь үүл манан бүрхэж бай­даг. Номтой
лам нар ирээд ном уншихаар дорхноо цэлмээд, алга болчихно. Би бас том лам аваачиж
үзсэн. Тэр үед хайрханы  дээр их том үүл байсан
ч өнөө ламыг ном  уншингуут алга болсон. Хайрхан
сайн үйлстэй, сайн энергитэй хүнийг андахгүй” гэж байна. Шүтэж явдаг хайрханых нь
зургийг сонирхоод Маам багшийн сургуулиас гарахад нар жаргаж байлаа. 

 Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээвэрт өнжлөө

Хотын дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар ний­тийн тээврийн зохион бай­гуу­лалтад том өөрчлөлт орсныг нийслэлийн иргэн бүр мэдэрч байна. Та, бид өдөрт хаашаа ч зорч­сон автобусанд ердөө 500-хан төгрөг зарцуулж байна. 

Аль 60 жилийн өмнөх сүл­жээ төлөвлөлтөөрөө ний­тийн тээвэр иргэдэд үйл­чил­сээр өнөөдрийг хүрэв. Тиймээс шинэчилсэн энэ марш­рут хүмүүст танин мэдэхүй болж буй нь ойл­гомж­той. Дэлхийн өндөр хөг­жилтэй орнуудын нийтийн тээврийнхээ салбарт хийсэн хувьсал, өнөөгийн хөгжлийн замд хүрсэн туршлага зэр­гийг манай нийслэлийн удирд­лагууд судалсны дүнд ийн хэрэгжүүлж байгаа нь мэдээж. Өнгөрсөн баасан гаригаас эхэлсэн автобусны буухиа төлөвлөлт арав хоног л мөрдөгдөнө. Хотын замын түгжрэлийг бууруулж иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэм­нэ­сэн энэхүү ажил цаашид үргэлжлэх боломжтой эсэхийг нийслэлчүүд шийднэ. Арав хоногийн дараа автобусны уг үйлчилгээний талаар иргэдээс санал авч эцсийн шийдвэрийг гаргах учиртай. Манайд анх удаа хэрэгжиж буй нийтийн тээврийн шинэ­чил­сэн маршрут иргэдэд хэр­хэн хүрч байгаа юм бол. Энэ удаагийнхаа “Танайд өнжье” булангаараа нийгмийн захиалгат үйлчилгээ болсон нийтийн тээвэрт өнжлөө.

Иргэд болон билет борлуулагч нар чиглэлийн автобуснуудын мэдээллээр хомс байв

2014.08.22.Баасан гариг. Буухиа автобусны маршрут энэ өдрөөс иргэдэд үйлчлэх болсныг  холбогдох албаныхан хэвлэлээр мэдээлж байсны дагуу хэрэгжлээ.  Автобусны буудал болгон дээр “Тасалбар борлуулагч” зогсчээ. Тэд иргэ­дийг автобусанд суухаас нь өмнө билетээ борлуулахыг бодохоос чиглэл маршрутын талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байлаа. Телевиз, радио, сонин хэвлэлээр мэдээлэл авсан хүмүүсийн хувьд буудал дээр ирэнгүүтээ түүнээс бүтэн өдрийн турш үйлчлэх 500 төгрөгийн тасалбар худалдан авч байв.

Харин энэ үйлчилгээний тухай ямар ч мэдээлэлгүй хүмүүс ихэд гайхаж байсан юм. Байнга явдаг чиглэлийнх нь бус огт өөр, өөр хаягтай автобусууд ойр ойрхон ирэхээр иргэд тэр болгон суухгүй, төөрөлдсөн янзтай хүлээж авч байлаа. Тэд “Энэ хаашаа явах автобус вэ” гэхэд билет таслагч “Ганцхан чиглэлд явна, энэ автобусаар үйлчлүүлж байгаад чиглэлийнхээ автобусанд сэлгэж суучихаж болно шүү дээ” гэв. Харин ямар автобусанд хэрхэн сэлгэж суух боломжтой талаар тэд ямар ч мэдээлэл өгч чадахгүй байв. Автобусанд орсон зорчигчдыг гаднаас тасалбар авсан эсэхийг шалгах хяналтын ажилтан тэдний дундуур явж зогсч нягтална. Гаднаас тасалбар авч орж ирээгүй хүмүүс хяналтын ажилтнаас нэг удаагийн билет авах нь цөөнгүй байсан юм. 

Зорчигчдын хувьд шинэ үйлчилгээнд өөр өөрийн өнцгөөр хандаж байлаа.  500 төгрөг төлөөд бүтэн өдөржин нийтийн тээврээр үйлчлүүлж, мөнгөө хэмнэж байгаадаа таатай иргэдийн баярласан царай андашгүй. Ар гэрийнхэн рүүгээ залган “Гадаа буудал дээрээс билет авч суугаарай. Хаашаа ч хамаагүй өдөржин явж болно гэж байна шүү. Дотроос билет авбал нэг л удаа үйлчлэх юм байна” гэхчилэн ойр тойрныхон руугаа сануулж байлаа. Харин зорьсон газартаа ямар чиглэлийн автобусанд хэрхэн суухаа мэдэхгүй, мөнгө хураагч, хяналтын ажилтнаас энэ талаарх лавлагааг авч чадахгүй байгаа иргэд нийтийн тээврийнхэн рүү уурсаж байв.  “Ямар хачин юм бэ, ажлаасаа хоцорчихлоо ш дээ. Одоо ямар автобусанд суух юм бэ” гэхчилэн ам амандаа шаагилдана. Шинэ үйлчилгээний маршрут төлөвлөлтийн талаар хаа хаанаа мэдээлэлгүйн улмаас дэмий бухимдацгаана. Нөгөөтэйгүүр үйлчилгээнд явж буй автобусууд шинэ чиглэлийнхээ хаягийг тодорхой бичээгүйгээс иргэд төөрөлдөж байсан юм. Зарим нийтийн тээвэр нь хуучин хаяг дээрээ цагаан цаас наачихсан явж байх ч жишээтэй. 

Энэхүү нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлт нь автобусууд буухиа маягаар өртөөлөн явах учиртайг иргэд тэр бүр ойлгохгүй байх нь аргагүй биз ээ. Манай улсад ямар метро гэж байх биш. Бүхэл бүтэн 60 жилийн турш нэг автобусанд сууж явсаар хэдэн ч цаг хамаагүй түгжирсээр зорьсон газартаа очоод сурчихсан юм чинь. Гэтэл нэг л өдөр амьдралынх нь энэ хэв маяг автоматаар өөрчлөгдчихөөр хүмүүс тийм ч шууд дасан зохицохгүй нь ойлгомжтой. Баасан гаригийн орой ажил албаа тараад ар гэртээ харьж яваа хүмүүсийн сэтгэгдэл өглөөний бухимдлаас тэс ондоо өөрчлөгдсөн байв. Автобус доторх уур амьсгал нэг л өөр болжээ. “Өнөөдөр чинь 500-хан төгрөгөөр гадуур ажлаа амжуулчихлаа шүү дээ. Энэ чинь уг нь зүгээр юм аа. Даанч автобусныхаа чиглэлийг тогтоох болтол нэлээд толгой эргэх бололтой” гэж зорчигчид ам уралдуулж байв. Өдөрт дор хаяж 1000-2000 төгрөг автобусанд өгдөг байсан хүмүүсийн сэтгэл өег байв. 

Бямба гариг. Хичээл сургууль эхлэх цаг хаяанд ирж, хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Ялангуяа амралтын өдрүүдэд нийтийн тээврийнхэн нэлээд ачаалалтай ажиллаж байв.  Урьд өдөр нь автобусаар зорчсон иргэд ч учраа түвэггүй олж байгаа бололтой. Харин хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд их л будилж байгаа харагдана лээ. “Зах орох унаа ирэхгүй юм байх даа” гэж бие биенээсээ асууцгаана. Ойр ойрхон, ердөө хоёр минутын зайтай ирээд явах автобусанд тэр болгон суусангүй. “Зах орохгүй юм уу” гэж асуухад тасалбар борлуулагчид “500 төгрөг төлөөд хаашаа ч хамаагүй явах юм чинь суугаад яв л даа” гэж давхар таниулга хийнэ. Ерөнхийдөө автобусны маршрут хэрэгжиж эхэлсэн хоёр дахь өдөр иргэдийн дийлэнх нь мэдээлэлтэй болсон байлаа. Автобусаар зорчигчдын 65 хувь нь энэ үйлчилгээг сайшаан олзуурхаж байв.

Энэ өдөр хамгийн ачаалалтай ажиллаж байсан зам нь Энхтайваны өргөн чөлөө. Офицеруудын ордноос “Таван шар” хүртэлх зам нийт 39 автобусны буудал бий. Буудал болгон дээр хүн гэж пиг. Уг нь энэ төв замд “Тэнүү-Огоо”, “Автобус-1”, “Эрдэнэ-транс”, “Blue buss” компанийн нийт 100 автобус иргэдэд үйлчилж байгаа аж. Автобусууд хоёр хоёр минутын зайтай явж байхаар зохицуулалт хийсэн байна. Гэвч замын түгжрэлээс шалтгаалан автобусууд саатаж, буудал дээр хүмүүс оволзжээ. Автобуснууд нь ирэхээрээ бөөн бөөнөөрөө нэг дор ирэх юм. Тухайлбал, Саппорогийн буудал дээр Сонсголонгийн автобусыг 30 гаруй минут хүлээн зогсч байна гэж иргэд ярьцгааж байлаа. Тэнд дөрвөн тасалбар борлуулагч ажиллаж байсан бөгөөд иргэдэд чиглэлийнх нь талаар мэдээлэл өгч чадахгүй, зорчигчдод загнуулцгаах нь энүүхэнд ажээ. Буудал дээр автобус хүлээн зогсох иргэд хэсэг хэсгээрээ санаагаа нэгтгэж, сайн дурын “үйлдвэрчний эвлэл” байгуулчихсан зогсч байх жишээний. Тэд “Хуучин чиглэлээрээ автобусууд нь явах ёстой. Тэгээд бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр зорчвол болж байна” гэх нь тэр. Нийтийн тээврийн маршрут  төлөвлөлт задарч, метро схемээр шинэчлэгдэж байгаагийн ач холбогдлыг тэд ойлгохгүй байгаа бололтой. Ингээд иргэдийг удаан хүлээлгэсэн чиглэлийн автобусууд замын гацаанаас гарангуутаа буудал дээр шил шилээ даган ирж зогсоцгоох юм. Харин тэнд оволзож байсан хүмүүс ч яах ийхийн зуур алга болцгоов. Тиймээс зарим автобус нь хүнгүй шахам, нэг хэсэг нь хүнээ багтааж ядан явцгаах нь анхаарал татлаа. Мөн энэ их ачааллын үеэр троллейбуснууд суудлынхаа тоогоор зорчигчтой явж байсан юм. 

Мөн нийтийн тээврийн энэ төлөвлөлтөөр микро автобуснууд мэр сэр явж байгаа харагдав. Бүтэн өдрийн турш хүчинтэй 500 төгрөгийн тасалбар микроныхонд үйлчлэхгүй. Тиймээс иргэд тасалбараа дахин ашиглах гээд микрод тэр болгон суухгүй байлаа. 

Замын цагдаа нар ажлаа хийвэл хотын даргын санал амжилттай хэрэгжих боломж байна

Офицеруудын ордноос Таван шар хүртэлх Энхтайваны өргөн чөлөөнд зорчиход хэдэн минут зарцуулж байгааг сонирхлоо. Офицеруудын ордноос 13.16 цагт хөдөлсөн нийтийн тээвэр яг 40 минутын дараа Таван шар дээр ирлээ. Уг нь үүнээс богино хугацаанд туулах боломж байсан юм. Төв замын нэгдүгээр эгнээ нийтийн тээврийн зорчих хэсэг болсон. Хичээл сургууль эхлэх гээд ачаалал ихтэй болсон энэ өдрүүдэд төв зам их  түгжирч байгаа. Тээврийн хэрэгслүүд автобусны замаар зорчсоноос нийтийн тээврийн зорчих хугацаанаас хугаслаж байлаа. Уг нь автобус нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчвол иргэдэд л хэрэгтэй. Гэтэл автобусны урдуур машин орж түгжрэл үүсгэчих юм. Энхтайваны өргөн чөлөөнд замын цагдаа нар ойр ойрхон гарсан харагдав. Харамсалтай нь тэд автобусны урдуур орсон тээврийн хэрэгслүүдийг зохицуулж байгаа нь харагдсангүй. Харин ч дугаар нь явдаггүй машинуудыг хэд хэдээр нь нэгдүгээр эгнээнд зогсоож торгуулийнхаа ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байсан гэхэд болно. 

Офицеруудын ордноос Таван шар хүрсэн автобус бүх зорчигчоо буулгачихаад буцаад явчихаж байлаа. Орбит, Нисэх, Яармаг, Сонсголонгийн чиглэлийн автобусууд тэндээс хүнээ аваад цаашаа өртөөлж байв. Хотын төв шугам болсон Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал их байсан бол гэр хорооллын замд ямар байгааг сонирхохоор “Таван шар”-аас Орбитыг чиглэв. Автобусан дахь хяналтын ажилтан зорчигчдын билетийг нэг бүрчлэн шалгана. Өврөө байн байн ухаж, тасалбараа хайн зогсох арав гаруй насны лам хүү нүдэнд туслаа. Хяналтын ажилтан түүнээс тасалбараа авсан эсэхийг лавлахад “Би 200 төгрөгийн тасалбар авсан даа. Одоохон” гээд хамаг халаасаа нэгжсэний эцэст нандигнаж хадгалсан тасалбараа сая нэг юм гаргаж үзүүлэв. Тэр автобусанд зорчиж байсан иргэдийн дийлэнх нь тасалбараа гаднаас авчихсан байлаа. Хяналтын ажилтны ярьснаар хүмүүс урьд өдрийнхийгөө бодвол тасалбараа гаднаас аваад сурчихсан гэв.  Таван шараас автобусанд бөөнөөрөө суусан хүн Орбитын буудал болгон дээр буусаар бараг хоосон шахуу эцсийн зогсоол дээр очив. Бидний суусан автобус тэнд очингууд нэг автобус зөрөөд хөдөллөө. Эцсийн зогсоол дээрх тасалбар борлуулагч эмэгтэйгээс зарим зүйлийг тодруулсан юм. Түүнийг Я.Дуламсүрэн гэдэг бөгөөд “Тэнүүн-Огоо” компанийн ажилтан ажээ. Тэрбээр “Өдрийн тал өнгөрчихсөн байхад 200 гаруй мянган төгрөгийн тасалбар борлуулаад байна. Нэг тасалбараар тухайн гэр бүлийн хэдэн ч хүн үйлчлүүлж байгааг бид мэдэхгүй, хянах аргагүй. Гэрээсээ гарч ирсэн хоёр хүний нэг нь л тасалбар авч байх жишээний. Гадаа байнга зогсох жаахан хүндрэлтэй юм. Тоос шороо ихтэйн дээр зэврүү хүйтэн өдөр хэцүү юм шиг санагдсан. Үүний оронд автобусандаа явж байж болдоггүй юм байх даа. Иргэд 500 төгрөгөөр явж байгаад их таатай хүлээж авч байгаа. Миний бодлоор сургуулийн насны хүүхдүүдээс мөнгө авч байхын оронд оюутнуудаас авмаар байгаа юм. Тэд орой үдшийн цагаар голдуу халамцуу явж байдаг. Тэгээд биднийг загнадаг. Уг нь ямар ч орлогын эх үүсвэргүй жаахан хүүхдүүдээс мөнгө авч байхын оронд сардаа 70 мянган төгрөгийн тэтгэмж авдаг оюутнуудыг мөнгөөр нь явуулдаг болох хэрэгтэй” гэлээ. 

Цэвэрлээд хөдөлсөн автобус хэдхэн буудал яваад л шороонд дарагдчихав

Нийтийн тээвэр иргэдэд соёлтой боловсон үйлчилбэл замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо багасна гэх яриа бий. Энэ бол биелэх боломжтой асуудал. Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, маршрут төлөвлөлтөө задалснаар энэ асуудал түвэггүйхэн шийдэгдчихмээр. Харамсалтай нь өнөөдөр манай автобуснууд орлогын төлөө, цаганд баригдаж, даац хэтрүүлэн давхиж байна. Нийтийн тээвэрт бодлого дутаж байгаагийн бодит үнэн энэ юм. Харин энэ салбарынхан метро зураглалаар явж байгаа арав хоногтоо иргэдэд аль болох ая тухтай үйлчлэхийг хичээж байгаа нь илт. Автобуснуудын гаднах өнгө будаг, дугуйны обуд зэрэг нь өнгөлөг харагдана. Орбитын эцсийн буудал дээр ирсэн автобусуудад хяналтын ажилтнууд нь чийгтэй цэвэрлэгээ хийгээд хөдөлж байв. Тэндээс цэвэрхэн гарсан автобус хэдхэн буудал яваад тоос шороонд дарагдах нь тэр. Манай зам ч гэж зам. Орбитын зам маш их эвдрэлтэй болохоор автобус тарчигнаж, чихэнд чийртэй, зорчигчдын тав тухыг алдагдуулна. Үүний оронд намбалзсан цэвэрхэн автобус үйлчилгээнд явбал иргэд дуртайяа суух нь тодорхой. 

Зорчигчдоос нийтийн тээврийн шинэ үйлчилгээ, тав тухтай байдлын талаар лавлахад “Би автобусанд сууж явахаар хамаг цагаа алддаг юм шиг санагддаг. Өнөөдөр миний машин явдаггүй болохоор би автобусанд суучихлаа. Бас 500 төгрөгөөр хаашаа ч хамаагүй явна гэхээр хэмнэлттэй санагдаад зориуд суусан юм. Би өдөрт хамгийн багадаа 10 мянган төгрөгөөр шатахуун хийдэг. Автобусныхаа чиглэлийг тодорхой болгоод иргэд өөрсдөө хэд яваад  сурчихвал энэ боломжийн санаа байна. Мөнгөнд ч хэмнэлттэй. Манай хотын зам, орчин маань хэцүү л дээ. Тоос шороотой нөхцөлд хичнээн цэвэрхэн автобус яваад нэмэргүй. Дээрээс нь манай зорчигчид соёлтой боловсон байхыг өөрөөсөө эхлүүлэх ёстой. Гэтэл автобусанд хогоо хамаагүй хаядаг хүмүүс олон бий” гэлээ. Хотын жирийн иргэний үг ийм байна. 

Автобус таксины үүрэг гүйцэтгэхээ болив

Сүүлийн гурван өдөр нийтийн тээврийнхэн салхинд туугдсан юм шиг давхихаа больж, нэгэн жигд хурдаар хөдөлгөөнд цэгцтэй оролцож байгааг иргэд анзаарсан байх. Автобусанд өнжиж байхад иргэд ч энэ тал дээр ам сайтай байв. Өмнө нийтийн тээврийнхэн хоорондоо уралдаж, бие биеийнхээ урдуур дайран галзуу юм шиг л эрсдэлтэй үйлдэл хийдэг байв. Замд гараа өргөсөн хүн болгоныг авч, таксины үүрэг гүйцэтгэдэг байлаа. Харин арав хоногийн хугацаатай хэрэгжих шинэ маршрут төлөвлөлтөөр эдгээр асуудлуудад цэг тавьж чадлаа. Хамгийн гол нь нийтийн тээврийнхэн орлогын араас биш, үйлчилгээндээ анхаарвал энэ салбар хөгжих бүрэн боломж байна гэдгийг энэ цөөхөн өдрүүд харуулах биз ээ. Автобусны буудал дээр тасалбар борлуулагчид цагийн 4000 төгрөгөөр цалинжиж байгаа. Өдөрт 12 цаг ажиллалаа гэхэд 48 мянган төгрөгийн цалин авна. Дээрээс нь борлуулсан тасалбарынхаа үнийн дүнгээс 10 хувийг нь нэмэгдэл цалин болгож авч байгаа. Хэрэв өдөрт 500 мянган төгрөгийн тасалбар борлуулбал нийтдээ 98 мянган төгрөгийн цалин авчихаж байна. Сардаа бараг гурван сая төгрөгийн цалин авчихна гэсэн үг. Жолооч кондукторуудын цалингийн асуудлыг ингээд шийдчихвэл нийтийн тээвэр зөвхөн иргэд рүүгээ чиглэсэн үйлчилгээг үзүүлэхийг нийслэлийн удирдлагууд шаардах эрхтэй болох юм. Тэд иргэдэд ч соёлтой боловсон үйлчилдэг болно шүү дээ. 

Автобусны жолооч Н.Бат-Эрдэнийн ярьснаар “Жолооч бидний хувьд энэ маршрут төлөвлөлт таалагдаж байгаа. Бид замд гар өргөсөн хүн болгоныг өрсөлдөн авч, дүрэм зөрчдөг байлаа. Харин одоо орлогын араас явахгүй болохоор гараа өргөсөн хүмүүсийг авахаа больчихож байгаа юм. Ингэснээр иргэд ядаж автобусны буудал дээрээсээ сууж сурна. Манай иргэд бараг гэрийнхээ үүдэн дээр буух гэж уурлацгаадаг. Ийм хүмүүс автобус сэлгэж суухдаа залхуурах нь аргагүй. Эхэндээ арга барилаа олохгүй будилж байх шиг байна. Яваандаа болох байх аа” гэв.

Хуурамч тасалбараас болгоомжил

Автобусны буудлын ачааллаас хамаарч 1-4 тасалбар борлуулагч тэнд ажиллаж байгаа юм. Иргэд өдөр бүр өөр өнгийн билетээр зорчино. Гэтэл автобусны буудлууд дээр хуурамч тасалбар борлуулж байгаа гэсэн мэдээлэл Нийслэлийн цагдаагийн газарт иржээ. Тасалбар борлуулагчдын ярьж байгаагаар “Драгон”-ы автобусны буудал дээр ахмад настай эрэгтэй хүн хуурамч билет борлуулж байгаад нийтийн тээврийн ажилчдад баригджээ. Энэ дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн цагдаа ахлах, ахлагч Э.Бат-Ирээдүй тасалбар борлуулагчдыг овог нэр, хувийн дугаараар нь шалгаж явж байхтай таарлаа. Тэрбээр “Бэлэн мөнгө биедээ авч явж байгаа та бүхэн аливаа халдлагаас болгоомжтой байгаарай. Ямар нэгэн асуудал гарвал 102-т мэдэгдээрэй” гэж тасалбар борлуулагчдад захилаа. Иргэд тасалбар авахдаа борлуулагчийн таних тэмдэг, ажлын үнэмлэх зэргийг нягтлан харж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна лээ. 

Энэхүү сүлжээ төлөвлөл­тийг хийхэд хотоос 1.3 тэрбум төгрөг, нийтийн тээврийнхнээс 1.8 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа юм. Тэд хамаг эрсдлээ өөрсдөө хариуцаж алдагдалтай ажилласан ч хамаагүй сүлжээ төлөвлөлтөө сайжруулан иргэдэд хүрч үйлчлэхийг зорьж буй ажээ. 

“Нийтийн тээврийн чиглэлүүдийн мэдээллийг бүрэн таньчихвал Э.Бат-ҮҮл даргын санаачилгыг бүрэн дэмжиж байна” гэв

Ням гариг. Автобусны шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн гурав дахь өдөр буюу өчигдрөөс иргэдийн дийлэнх нь зүг чигээ олчихсон байсан гэхэд болно. Гэхдээ өндөр настай хүмүүсийн хувьд автобус дамжиж бууж суухад хүндрэлтэй байгаагаа нуусангүй. Арга ч үгүй биз. Тэд хагас зуун жил хэрэгжсэн нийтийн тээврийн хэв маягт дасан зохицчихсон байсан улс шүү дээ. 

Залуучуудын хувьд энэ төлөвлөлтийг маш их дэмжиж байгаагаа илэхийлж байсан. Автобусны буудал дээр зогсч байсан хэсэг залуу “Э.Бат-Үүл дарга зөв алхам хийлээ. Өмнөх хотын удирдлагууд иргэдийнхээ төлөө ингэж зоригтой шийдэл гаргаж байсан удаагүй. Бүтэн өдөржин 500 төгрөгөөр зорчиход үнэхээр мөнгөнд хэмнэлттэй. Даанч нийтийн тээврийн чиглэлүүдийн талаар иргэдэд мэдээллээр хангах ажил дутмаг санагдлаа. Ядаж тасалбар борлуулагчид нэг нэг маршрут бариад суучихаж яагаад болохгүй гэж. Хүмүүс билет зарахын хажуугаар та ийм автобусанд суувал зорьсон газартаа очноо гэх тайлбар бидэнд хэрэгтэй байна. Жишээлбэл, Саппорогийн урд буудлаас Сонсголон явна гэж бодоод 40 минут хүлээж зогслоо. Тасалбар борлуулагчдаас асуухаар мэдэхгүй гэх юм. Тэгээд нийтийн тээвэр рүү утасдаж асуутал замынхаа урд талын буюу эсрэг урсгалын автобусны буудлаас сууна гэж байх юм. Энэ бол иргэдэд хүндрэлтэй. Нэг буудал дээр бууж суухад түвэгшээж байгаа хүмүүс замын эсрэг талд гараад автобусандаа суухад юу гэж дуртай байв. Хүмүүс ямар автобусанд сууж явахаа мэдэхгүй байна. Манайхан нэг хэсэг будилах нь ойлгомжтой. Автобусны шугамд нэг өөрчлөлт гарахаар хүмүүс яаж төөрөлддөг билээ дээ. Гэтэл нийслэл даяар бүх чиглэлд өөрчлөгдсөн болохоор хүмүүс төөрөлдөх нь аргагүй. Автобусны шугамны талаар мэдлэгтэй болоод хэд яваад сурчихвал энэ бол гоё санаа” гэлээ. 

Анхандаа ямар нэгэн таних тэмдэггүй явж байсан автобусууд өчигдрийн байдлаар чиглэлээ бичээд хадсан байв. Мөн автобусны шилэн буудлууд дээр сүлжээ төлөвлөлтийн талаарх схемийг томоор байрлуулжээ. Тасалбар борлуулагчид ч тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байв. Иргэдэд чиглэлүүдийг нь зааж өгч, тухайн автобус ямар маршрутаар явахыг тайлбарлаж байгаа харагдав. Энэ мэт сувгаар мэдээлэл авсан иргэд нийтийн тээврийн метро төлөвлөлтөд ам сайтай байна лээ. Автобусны буудлууд ч сэлүүхэн болжээ. Энхтайваны өргөө чөлөөний замын ачаалал эхний өдрүүдийнхээс эрс буурчээ. Замын цагдаа нар нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажилд идэвхтэй ажиллаж байгаа нь ч нүдэнд тусав.

Нийслэлийн нийтийн тээврийн төлөвлөлтийг задалж шинэчилнэ гэдэг амар ажил биш юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ийм л замаар явж өнөөдрийн ололт амжилтдаа хүрсэн. Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг хамгийн сайн хийсэн орон бол Солонгос гэгддэг. Өнөөдөр тус улсын нийтийн тээвэрт том том дарга нь зорчоод явж л байдаг. Хүмүүс нь чихцэлдэж, хөл гар дээрээ гишгэлцэх асуудал байдаггүйг кинон дээрээс та бид цөөмөөрөө харсан. Харин ч иргэд нь суудлаараа зорчоод явж байдаг шүү дээ. Манай улсад ч ийм өдөр ирэх л болно. Нийслэлийн хүн ам цаашид өсөн нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс нийтийн тээврийн хуучинсаг үзлээ халж, өөрсдөдөө таатай орчин бүрдүүлэхэд нийслэлийн иргэн бүрийн оролцоо чухал юм. 

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Бартаат замын “ХАНХҮҮ”

“Сайн байна уу” гэсээр нүдээрээ инээсэн туранхай бор залуу хаалга тайлж өглөө. Тэрээр орноосоо босоод удаагүй бололтой “Та нарыг хүлээгээд сууж байлаа” гэсээр угтав. Өглөөний 09.00 цагийн үед “Танайд өнжье” булангийнхаа энэ удаагийн зочныд яаравчлан очсон нь энэ. Түүнийг олон улсын хэмжээний мастер, Монголоос төрөн гарсан Ази тивийн  анхны аварга Э.Халиунболд гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ нэрийг сонсмогц уншигч түмэн мото спортын Халиука гэдгээр нь андахгүй биз ээ. Учир нь тэрээр Монголд мото спортын ямар л тэмцээн уралдаан болно тэргүүн байрт л ордог тамирчин. Зөвхөн Монгол гэлтгүй гаднын олон тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргаж мотоциклийн бартаат замын уралдаан буюу мото кросс төрөлд манлайлагч нэгэн билээ. Түүний аав Ш.Эрдэнэбилэг, ах Ууганбаяр гээд гэр бүлээрээ мото спортын Монголын нэртэй тамирчид. Тиймээс энэ удаа хурдны хаадынд ийн зочилсон хэрэг. Э.Халиунболд “Олимп” хотхонд хоёр өрөө байранд ганцаараа амьдардаг юм байна. Харин биднийг очих үед аавындаа байсан юм. Гэрийн эзэн Ш.Эрдэнэбилэг хөдөө ажлаар авсан гээд эзгүй байлаа. Харин Халиукагийн ээж Н.Энхжаргал  мэнд мэдээд цай унд авчрахаар гал тогооны өрөө рүү орж харагдав. Халиунболд эхээс гурвуулаа. Түүний ахыг олон улсын шүүгч, нэгэн үе мотоциклийн бартаат замын уралдаанд өмнөө тамирчин оруулдаггүй байсан Ууганбаяр гэдгийг спорт сонирхогчид мэднэ. Тэрээр гэр бүлээсээ өрх тусгаарласан ч биднийг очих үед ирсэн байв. Харин эгч Ундраа нь Японд амьдардаг ажээ. Зочны өрөөнд нь дүүрэн цом, өргөмжлөл, медаль харагдана. 

Энэ бол аавынх нь амжилт. Харин хоёр хүүгийнх нь өөрсдийнх нь гэрт байдаг гэнэ. “Манай харчуул бүгд мотоцикльд хоббитой. Охин маань энд байхдаа хүртэл мотоцикль сонирхдог байлаа. Харин эгч нь мотоцикль сонирхох нь битгий хэл айгаад араар нь ч сундалж явдаггүй”  хэмээн эзэгтэй Н.Энхжаргал хөөрөлдөв. Н.Энхжаргал нөхөр, хоёр хүүгийнхээ уралдааныг үзэхээр олон ч тэмцээн уралдаанд дагаж явдаг байсан гэнэ. Уралдааны замыг нүдээр харах, биеэр туулах хоёрын хооронд тэнгэр газар шиг л ялгаа байдаг талаар тэрээр ярив. Энгийн хүн уралдааны бэлтгэсэн замаар хэд алхаад л цуцаж, энхэл донхол руу нь хөл алдаж гишгэхээс эхлээд үнэхээр хэцүү гэдгийг тэрээр ярив. Хэдий өөрөө сонирхдоггүй ч нөхөр, хүүхдүүдээ дэмжиж, ар талын албыг нь сайн авч явдаг “фэн” нь гэсэн. Хоёр хүү нь ээжийгээ хамгийн сайн хөгжөөн дэмжигч гэж магтах аж. Ууганбаяр, Халиунболд хоёр ч мотоспорт бол хамгийн эрсдэлтэй, хурд хүч, тэсвэр тэвчээр шалгасан хүнд спорт гэдгийг хэлж байлаа.

ААВД НЬ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ ТОХИОЛДСОН Ч ХӨВГҮҮДИЙГ МОХООСОНГҮЙ 

Энэ гэр бүл удмаараа мото спортын тамирчид гэдгийг дээр хэлсэн. Учир нь Эрдэнэбилэгийн аав Шагдарсүрэн анхны мото спортын клубийг Сэлэнгэ аймагт үүсгэн байгуулж байсан түүхтэй. Мото спортод төрсөн түүний шавь хүү Эрдэнэбилэг, гавьяат тамирчин Баасанжаваас эхлээд олон бий. Аавынхаа хоббиг өвлөж авсан Эрдэнэбилэг гуай 1990-ээд оны эхээр ёстой мото спортод шуугиулж явсан нэгэн. Тэрээр бүх ард түмний спартикиадын 16 удаагийн аварга төдийгүй авто машины “Батхүлэг” уралдааны анхны аварга юм байна. Мөн улсын дээд амжилт тогтоогч, авто машины олон улсын  уралдааны хүрэл медальт, Буриадын хошой аварга гээд түүний амжилтыг дурдвал нэлээд хэдэн хуудас цаас хөвөрнө. Эрдэнэбилэг 1996 онд дэлхийн цомын уралдааны гуравдугаар байранд явж байгаад хүнд бэртэл авч тэргэнцэрт насаараа суух болсон билээ. 

Энэ аймшигт явдлыг эргэн дурсвал дэлхийн цомын мастер раллид уралдаж явсан Эрдэнэбилэг Францаас Монголын нутгаар дамжин уралдах үедээ осолдсон юм. Үүнийг тэрээр “Замын ялихгүй бартаанаас болоод гэмтсэн. Энэ уралдаан миний сэтгэл зүрхнээс хэзээ ч арчигддаггүй” хэмээн ярьсан байдаг. Энэ бол хурдны хаадын гэр бүлд тохиолдсон хамгийн аймшигт явдал. Түүнээс хойш ээж нь хоёр хүүгээ уралдах бүрт сэтгэл нь байнга зовних болжээ. Гэхдээ гэнэтийн тохиолдсон явдал энэ гэр бүлийг мотоциклиос хөндийрүүлж чадаагүй юм. Хоёр хүү нь аавынхаа хүслийг гүйцээхээр уралдсан уралдаан бүртээ түрүүлж байсан нь Эрдэнэбилэгийг их спортдоо эргэн ирэх шалтгаан болсон юм. Одоо Эрдэнэбилэг Техник спортын төвийн мото спортын ахлах дасгалжуулагчаар ажиллаж Монголын мото спортын үе үеийн тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа. “Аавынхаа ослоос болоод ч тэр үү өөрийг тань раллид уралддаггүй, зөвхөн мото кросс төрөлд уралддаг гэж хүмүүс яриад байдаг” гэж асуухад “Яг ч тэгж ойлгож болохгүй. Миний сонирхол бол мотоциклийн бартаат замын уралдаан. Мэдээж нас ахиад ирэхээрээ Дакар раллид уралддаг Батболд, Болдбаатар ах нарынхаа араас орох байх” гэв. Батболд, Болдбаатар нар бол Дакар раллид уралддаг Монголын шилдэг тамирчид юм.

АХЫГАА ГАДАГШ ЯВСАН ХОЙГУУР МОТОЦИКЛИЙГ НЬ УНАЖ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АВАРГАД ТҮРҮҮЛЖЭЭ 

Ах дүү хоёр хоорондоо яг л найзууд шиг дотно юм. Ахыгаа үг хэлэхэд Халиука ихэд хүндэтгэн хүлээж авна. Төрсөн ах дүү, тэгээд адилхан мото спортын хоббитой, олон улсын хэмжээний тамирчид. Ууганбаяр “Аав бид хоёрын эдэлж хэрэглэж байсан зүйлс гараашид байгаа. Нэг их хэрэглэхээ байсан. Харин Халиукагийнх л гэрээр дүүрэн байна даа” гээд инээв. Халиунболдын аав, ах нь мотоциклийн хорхойтнууд байсан учраас аль бага байхаасаа л тэрээр мото спортод хөл тавьсан нь тодорхой. Өдгөө Халиука 25 настай. Түүнийг ах нь “Манай дүү дөрвөн настайдаа л мотоцикль унаж сурсан. Энэ нь Монгол Улсад бага болон өсвөр насны хүүхдүүд мото спортоор хичээллэх үндсийг тавьснаар зогсонги байдалд ороод байсан Монголын мото спортын үсрэнгүй хөгжлийн суурь нь болсон төдийгүй тив, дэлхийн топ тамирчид төрөн гарах үндэс болсон” гэж ирээд л дүүгээрээ бахархаж байгаа нь нүдэнд нь тодроод ирнэ. Ууганбаярын хувьд дүүгийнхээ өмнөх үеийн шилдэг тамирчин гэхэд болно. Тэрээр мото спортын мастер, мөн анхны олон улсын шүүгч, мотоциклийн бартаат замын уралдааны улсын аваргын мөнгө, хүрэл медальт, холын зайн ралли уралдааны улсын аваргын мөнгөн медальт, Сибирийн аваргын багийн хүрэл медальт төдийгүй   2000-аад онд авто машины төрөлд гурав, дөрвөн ч  удаа уралдаж хоёрдугаар байр болон шагналт байрт шалгарч байсан аж. Түүнчлэн эх орноо төлөөлөн Азийн аваргын уралдаануудад уралдаж байжээ. Харин тэрээр гадагшаа хэсэг хугацаанд явахаар болж уралдааныхаа мотоциклийг үлдээсэн гэнэ. Ахыгаа эзгүй хойгуур Халиука мотоциклийг нь унаж насанд хүрэгчдийн улсын аваргад анх удаа уралдаж түрүүлжээ. Энэ бол 2003 он. Тэрээр 14 настайдаа улсын аваргад түрүүлэв. Энэ уралдаан түүнд урам зориг өгч мото спортод эргэлт буцалтгүй оржээ. Одоо харин ах, аав хоёр нь түүний хамгийн сайн дасгалжуулагчид. Ер нь бол гэр бүлээрээ Монголын мото спортыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж яваа хүмүүс юм.

АМЖИЛТААР БЯЛХСАН ЗӨВХӨН ТҮҮНИЙ ОРОН ЗАЙ

Ингээд энэ гэр бүлийн их спортын түүхийг эргэн дурсах зуур нар хэвийж Халиука ч ажилдаа явах дөхлөө. Тэрээр ажилдаа ойрхон гээд “Олимп” хотхонд ганцаараа амьдардаг юм байна. Гэртээ хонодог ч аав, ээждээ дээрээ зав л гарвал очдог гэнэ. Ингээд ажлынхаа хувцсыг өмсөх ёстой гээд гэрийн зүг хөдлөв. Бид ч түүнтэй хамт гэрт нь очихоор явав. Цахилгаан шатанд сууж долоо гэсэн давхрын товчлуурыг дарлаа. Ингээд хаалгаар ормогц нэлэнхүйдээ цомоор чимэглэгдсэн өрөө өөдөөс угтлаа. “Хичнээн цом байгаа вэ. Аавынд чинь байснаас их юм аа” гэхэд “Тоогоо алдсан. Аав тавиур нэмж тавина гэсэн амждаггүй. Багтахгүй болохоор нь цонхон дээр өрчихсөн байсан юм. Та нарыг ирнэ гэхээр чинь энд өрөөд тавьчихлаа” гээд нүдээрээ инээв. Түүний амжилтыг зөвхөн өрсөн цомоос нь харахад л тодорхой. Тавиур дээгүүр битүү өрж, гал тогооны шүүгээн дээгүүр үргэлжлүүлэн өрөөд, багтахгүйг нь шалан дээр жирийтэл тавьсан байв. Эдгээр цомыг хараад түүгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Харин тэрээр их даруухан инээмсэглэж цомуудаа тэдэн онд, тийм тэмцээнээс авсан хэмээн тайлбарлах аж. 

Ганцаараа байдаг болоод ч тэр үү энэ гэрт зөвхөн түүний л гэх эд зүйлс харагдана. Тэрээр мотоциклийнхоо хажуугаар төрийн албан хаагчийн үүргийг гүйцэтгэдэг аж. Тэмцээн уралдаангүй үедээ бусад залуусын л адил ажлаа хийнэ. Тэрээр ЦЕГ-ын Төрийн хамгаалалтын тасагт цагдаа зохицуулагч ажилтай. Төрийн тусгай айлчлалын үеэр хамгаалалтад зогсоно гэсэн үг. Энгийн үед замын хөдөлгөөнийг зохицуулна. Энэ ажилдаа ороод нэлээд удаж байгаа юм билээ. Цагдаагийн малгайгаа ихэд хүндлэн тавиур дээр тавьсан харагдав. Тэрээр Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамт олны өмнөөс мото кроссын төрөлд уралдаж хошой алтан медаль хүртэж байсан юм байна. Ажлын хамт олон нь түүнийг аливаа тэмцээний үеэр их дэмжиж ажилладаг талаар тэр ярив. Ам нээх бүртээ л мотоциклийн талаар ярих аж. “Түүнээс найз охинтой юу” гэж асуухад жаахан ичингүйрч “Байгаа. Мото спортод 30 наснаас хойш уралдахад зохимжгүй. Одоо надад тавхан жил л байна. Энэ хугацаанд өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх бодолтой байна. Харин дараа нь гэр бүлээ төлөвлөх байх” гээд аядуухан хэлэв. Ярианаас  нь  хүсэл тэмүүлэл, эрч хүч сонсдох мэт энэ залуу өнгөрсөн хугацаанд Монголын мото спортын түүхэнд олон амжилтыг эвдсэн аж. Тухайлбал, мотоциклийн бартаат замын төрлөөр Монгол Улсаас төрөн гарсан анхны Ази тивийн аварга, Ази тивийн аваргын таван мөнгөн медаль хүртсэн,  Монгол Улсын  хамгийн залуу, хамгийн олон удаагийн улс, хот, спартакиадын аварга, анхны өсвөрийн тамирчин, анх Монгол улсаас Дэлхийн аваргад өрсөлдсөн тамирчин, АНУ-ын аваргад анх уралдсан, суперкросс төрлөөр анх дэлхийн аваргад уралдсан ба Монгол улсаас анх мэргэжлийн тамирчин болсон гээд л хөвөрнө. Одоо тэрээр Монголын автомото спортын холбооны шигшээ баг, Техник спортын төв, “Монголын үндэсний авто мото спортын клуб”-ийн тамирчин билээ. 

Э.Халиунболд хамгийн анх 2001 онд Ази Номхон далайн орнуудын АШТ-ий өсвөрийн ангилалд  V байрт орсон бол хамгийн сүүлд Орост болсон Дорнод Сибирийн уралдаанаас хошой медаль хүртжээ. Сүүлийн тэмцээнээс хүртсэн хоёр цомоо сонирхуулангаа уралдааны үед тохиолддог эрсдлүүдийн талаар яриагаа үргэлжлүүлэв. 

2000-2014 он хүртэл тасралтгүй улсын аварга болсон цом өрөөстэй харагдана. Нэг хэсэг тэрээр төрөлдөө өрсөлдөгчгүй байсан учраас олон улсын тэмцээнд орох бэлтгэлээ ганцаараа хангадаг байсан гэнэ. Одоо харин шинэ залуу тамирчид гарч ирсээр байгаа аж. Хэдий шилдэг нь ч “Гараанаас гарч байгаа тамирчид бүгд миний өрсөлдөгч” хэмээн даруухан загнах. Мото спорт эрсдэл өндөртэй хүнд спорт учраас тэр болгон хүмүүс хичээллээд байдаггүй бололтой. Бас өртөг өндөртэй. Хананд өлгөсөн жааз руу зааж “Энэ миний хамгийн анх өмсч уралдсан хувцас. Одоо уралдааны арав гаруй хувцастай болсон” гээд хувцасны шүүгээнээсээ нэг өмд гаргаж ирлээ. Уг өмд хэсэг газартаа түлэгджээ. Учрыг асуувал олон улсын уралдааны үеэр мотоциклийнхоо янданд түлчихсэн гэнэ. Уралдааны үед осолдсон тохиолдолд мотоцикльдоо дарагдах, янданд нь түлэгдэх энүүхэнд гэнэ. Уг нь гаднын уралдаанд очоод мотоцикль түрээсэлж уралддаг болохоор нэг их эвдрэл гараад байдаггүй аж. Учир нь олон улсын нэртэй уралдаанд очиж уралдахдаа заавал мэргэжлийн мотоцикль түрээсэлдэг гэсэн. Дор хаяж 1500 ам.доллараар түрээслэнэ. Харин уралдааны шагнал тэрнээс ч баг байдаг гэнэ. Америкийн шагнал өндөртэй уралдаанд орж болох боловч өртгийг нь дийлдэггүй аж. Америкчууд асар үнэтэй, чанартай мотоцикль унадаг байна. Яагаад гэвэл мото спорт хөгжчихсөн оронд хамгийн сүүлийн үеийн мотоцикль худалдаанд хараахан гарч амжаагүй байхад л тамирчдадаа зориулаад нэмэлт тоноглол хүртэл хийгээд аваад өгчихсөн байдаг аж. Нэг удаа Халиунболд дэлхийн аваргад уралдах үед түүнийг Америкийн тамирчин хараад “Чи наад мотоцикльтойгоо уралдаж үхэхээр шийдээ юу” гэж ихэд гайхаж байжээ. Тэд бол мото спортод юугаа ч хайрлахгүй, бас боломжийн амьдралтай хүмүүс байдаг ажээ. 

Харин манай тамирчид нэг тэмцээнд орохын тулд дунджаар 50 сая төгрөг хэрэгтэй болдог. Энэ мөнгийг мото спортыг дэмждэг “Алтай констракшн” зэрэг компаниас гаргадаг гээд тусалж дэмждэг ах нартаа баярласнаа илэрхийлэв. Энэ мэт мото спортын эргэн тойрон дахь сонин хачныг ярих зуур түүнээс хэдэн мотоцикльтойг нь асуусан юм. Тэрээр 6000-7500 ам.долларын үнэтэй хоёр уралдааны зориулалтай мотоцикльтой аж. 

Түүний утас дуугарав. Сүүлийн үед дугуй сонирхох болсон гэнэ. Амралтын өдрүүдэд найзууд нь дугуй уная гэж утсаар ярьсан бололтой.  Арван жилийн хэдэн хүүхдүүд түүнийг танихгүй дугуй унахыг нь хараад “Та чинь харин овоо дугуй уначихаар ирээдүйтэй харагдаж байх чинь” гэж ёжлоод авчээ. Тэрээр “Би ч хөөрхөн хэдэн багш нартай болсон шүү” гэв. Ингээд түүний ажилдаа явах цаг болж бид ч төрийн ажил цалгардуулахгүйн тулд өндөрлөв. 

Дашрамд дурдахад манай тамирчин дэлхийн долоон удаагийн аварга тамирчныг эгнээндээ нэгтгэсэн “AXO” брэнд, Италийн “SURFLEX” брэндийн АНУ дахь нүүр царай тамирчин болоод амжжээ. Мөн Японы “Dirt Freak” компанийн нүүр царай тамирчин юм байна. 

 

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Ардын дуугаараа овоглосон Л.Чулуунчимэг гавьяатынх

ААВ, ЭЭЖ НЬ ЭХ БАРИГЧ ЭМЧ НАР БАЙЖЭЭ

Олон түмнээ “Эрдэнэтийн, ардын дууны” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Лувсандагвын Чулуунчимэгийнд өнжлөө. Американ дэнж хотхон буюу “Сэлэнгэ” зочид буудлын архан талд орших гэртээ тэр биднийг хүлээн авсан юм. Цай цүй болох зуур “Та манай Баянхонгор аймгийн Заг, Жаргалант суманд цагаан морин жил ардын уран зохиолч Тангадын Галсан, ардын жүжигчин Гонгорын Хайдав гуай нартай очиж тоглолт хийж байсан даа” хэмээвэл “Хамаг залуу насаа тэнэж л өнгөрөөлөө дөө” гэж инээмсэглэн өгүүлж байна. Булган аймгийн Халиун сумын хоёрдугаар баг буюу одоогийн Орхон сумын уугуул тэрээр айлын хоёр дахь охин аж. Аав Лувсандагва, ээж Жавзан хоёр нь хоёул эх баригч бага эмч мэргэжилтэй хүмүүс байж. Гавьяатыг гурван ойтой байхад тэднийх Улаанбаатар хот руу шилжин ирж, аав ээж хоёр нь хүнсний тавьдугаар дэлгүүрт махны худалдагчаар ажилд орцгоосон байна. Тухайн үед хонины нэг килограмм мах долоон төгрөг тавин мөнгөний үнэтэй. Худалдан авагч гурван төгрөг өгч мах авахад ээж нь жигнэж, боодлын бор цаасанд боож өгчихөөд нөгөө хүн нь махаа хараад зогсчиход өрөвдөөд уйлчихдаг байсан байна. Хөдөө махыг тэгж бага жингээр зардаггүй байсан болохоор хар ухаандаа хотынхныг өрөвддөг байж л дээ. 

                          ЭРГЭЖ ИРСЭН ААВЫГАА ДАГААД ГАНИЙЖЭЭ

Ийн нийслэл хотод аж төрцгөөж байтал Эрдэнэтийн уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, Булганы Хан¬гал, Халиун сумын нутагт уулын баяжуулах үйлдвэр байгуулагджээ. Эцэг өвгөдөөс улам¬жилж ирсэн төрсөн нутаг­таа б­айгуулагдаж байгаа Эр­дэнэтийн үйлдвэрт аав, ээж нь илгээлтээр очиж ажиллах үед Чулуунчимэг охин наймдугаар ангийн сурагч байв. Нийслэлийн 46 дугаар сургуулийн улсын тэр­гүүний бүлгийн охин тэрээр аав ээжээсээ зөрж, ангидаа үлдэнэ хэмээн нулимс унаган гуйсан гэж байгаа. Ангийн багш Жагдал нь хүүхдийн сэтгэлийг ч бодсон уу “Намар хичээл эхлэхээр багшийндаа бай даа”  гэж. Ингээд Чулуунчимэг намар нь ангийнхаа багшийнд амьдрах болов.

Монгол
Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулав. 1996 он

ЭРДЭНЭТИЙН СОЁЛЫН ОРДОНД ДАГАЛДАН ЖҮЖИГЧИН БОЛСОН НЬ

Гэвч, Чулуунчимэг “Би яадаг ч байсан насаараа ганц ширээ тойрдог ажил хийхгүй. Сургуулиа хаяна” гэхэд найзууд нь үнэмшдэггүй байж. Тухайн үед сахилга бат тааруутай юм уу, жирэмсэн охид л жилийн чөлөө авдаг байсан ч тэрээр дургүй сургуулиасаа чөлөө аваад гэртээ очиж, аав ээждээ гэрийнх нь ажилд туслалцах болов. Наймдугаар анги хамт төгссөн Оюунчимэг гэдэг охин Эрдэнэт хотын Соёлын ордонд бүжигчин болсон байв. Тэр нэг өдөр таарч “Чи Соёлын ордонд дуучнаар шалгуулаач” гэж л дээ. Аав нь ч үүнийг дэмжиж “Миний охин дуучин болчих” гэж хэлж. Соёлын ордонд очоод шалгууллаа. Тайз нь одоо бодоход жигтэйхэн том санагдаад, сүртэйхэн байж. Богд хааны дүрийг бүтээсэн ардын жүжиг­чин Нямын Цэгмид гуай Соёлын ордны дарга. Дууриар Болгарт сургууль төгссөн “болгар” Самбуу, Н.Цэгмид жүжигчин хоёр шалгал¬тын комисс. Тухайн үеийн залуусын дуулдаг ганц хоёр дуу дуултал, ангийнх нь нөгөө бүжигчин охин “Багш аа, наадах чинь уртын дуу дуулдаг юм” гэж алтан хошуу өргөж дээ. Ардын дуу “Жаахан шарга”-ыг тал хагас дуултал Н.Цэгмид жүжигчин “Хоолой чинь өвддөг үү” гэж асууж. “Өвддөг” гэвэл “Хоолой нь өвддөг хүн дуучин болдоггүй” гэж буцаажээ. Хаврын өдөр замын хажуугаар гэр өөдөө нулимстай алхаж явахад уурхайн тэрэгний жолооч нар их л гайхаж байсныг тэр өнөөдөр дурсаж байна.

Гэвч, түүнд урлагаар амьдрах хувь заяаны харгуй цаанаасаа л заяасан байжээ. Ээж нь нэг өдөр “Соёлын ордонд өлгүүрчин авна гэж байна. 

Гэр бүлийн
хамт

 Би Цэрэнбатаа даргатай ярьчихлаа” гэсээр ирж. Яваад очвол “Өлгүүрчин биш бичээч хэрэгтэй дээ хө” гэж. Бичгийн машин ч үзээгүй охин ингэж Нямын багшийнхаа нарийн бичгийн даргаар, нэгэн өрөөнд суух болжээ. Н.Цэгмид даргыг гараад явсан хойгуур бичгийн машины үсгүүдийг цохиж, хурлын тайлан энэ тэр шивсээр бас ч дөртэй болоод авав. Бичээчээр ажил¬лаж байгаад жирэмсний амралттай хүний оронд сарын 250 төгрөгийн цалинтай дагал­дан жүжигчнээр ажилд ороод авав. “Орчлонд ийм туранхай хүн бас байдаг аа” гэж гайхаж байсан бүжиг­чин Цэрэннадмэд гэдэг бүсгүйтэй нэг өдөр дагалдан жүжигчин болж хожим хоёул гавьяатын тэмдгээр энгэрээ мялаасандаа өнөө ч талархаж явдаг аж. Дагалдан жүжигчнээр бүтэн зургаан жил ажиллаад мэргэжлийн шал­галтаа хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт өгч, жүжигчний үнэмлэхээ гардан авчээ. Гавьяаттай ийн хуучлах зуур тэрээр гэрийнхээ төгөлдөр хуур дээр дууныхаа ноотнуудыг цэгцлэн, завсар зайгаар нь жимсний цай хандлан барьж байна. 

ЭМЭЭГИЙНХ НЬ АХ ХАНД ВАНГИЙН ДУУЧ БАЙЖЭЭ

Зургийн цомог, ардын дууны цомгуудаа сонирхуулж, номын сангаа үзүүлэв. Ардын богино дууны өчнөөн олон номтой юм. Ингэж тэр Эрдэнэтийн чуулгад хорин дөрвөн жил ажиллахдаа ардын дуунаас гадна “Эрдэнэтийн цагаан шөнө” зэрэг нийтийн дуунууд дуулж, драмын жүжигт тоглож жүжигчин хүний хийх ёстой бүхий л ажлыг гүйцээсэн гэдэг. Тэр үедээ шанз бариад хөгжим тоглочихдог байсан гэдэг. Эрдэнэтээс хот руу шилжин ирж Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад 2002 оноос ажиллан олон сайхан нөхөдтэй болж, одоогоос дөрөв таван жилийн өмнөөс СУИС-ийн ардын богино дууны ангийн багшаар ажиллах болсон байна. Л.Чулуунчимэг ардын дуу дуулах арга барилыг аав, ээж, эмээгээсээ өвлөн авсан аж. Түүний удамд эмээгийнх нь ах Ханддорж Чин вангийн дууч Очир хэмээх мундаг дуучин байж. Энэ Очир ахынх нь төрсөн дүү Дарьсүрэн хэмээх мундаг уран үйлч бас байж. Тиймээс тэрээр дуулах авьяас, үйл мэтгэх хоёрыг удмаасаа өвлөж авсан гэж бахархах дуртай юм. Өөрийнхөө тоглолт тайзны хувцас хунарыг өөрөө л эсгэн урлачихдгаа тэрээр бидэнд сонирхуулсан. 1988 онд зохиогдсон ардын богино дуу дуулаачдын анхдугаар уралдаанд тэрээр эмээ, ээжийнхээ дуулдаг дуунаас арван хоёрыг Соёлын ордны Лхамжавынхаа хамт бэлдэн ирж оролцож байснаа бахархалтайгаар дурдав. Ер нь энэ уралдаан Ш.Чимэдцэеэ, Гэрэлмаа, Үенч, Даваахүү, Увсын Загиржав, Эрдэнэцэцэг, Хэнтийн Даваажав, Эрдэнэтийн Чулуунчимэг гэсэн сайхан дуучдыг нээж, ард түмний танил болгож өгсөн байна. 

ХАЙРТАЙ АЧИЙНХАА ӨӨЖИНГ ЗАСАН СУУНА

Чулуунчимэг гавьяатыг ийн хуучилж суутал утасных нь хонх жингэнэв. Ууган хүү Болд-Эрдэнэ нь Говь-Алтайгаас ирж явахдаа Өвөрхангайгаас ээжтэйгээ ярьсан нь энэ аж. Хүү нь Орхон сумандаа аж төрдөг, гавьяатын хошигносноор “мэргэшсэн малчин” гэнэ. Гэргий нь харин Эрдэнэтэд цэцэрлэгийн арга зүйчээр ажилладаг. Эднийх хоёр хүүхэдтэй гэж байгаа. Удаахь охин Нандинлхам эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн газарт ажиллаж байгаа. Хүргэн нь хуульч. Отгон хүү Ниндэвдэмбэрэл гэмтлийн мэс заслын эмч бол бэр нь шүдний эмч юм байна. Хүүгийнх нь нэрийг хэлмэгдлийн үед арван жил шоронд суусан түвд номд нэвтэрхий гавьж өвөө нь өгсөн аж. Тэрээр одоо хүү, бэр, ач охиныхоо хамт амьдардаг ч хайртай үрс нь зусландаа байгаа болохоор биднийг очиход ач охин Сүндарийнхаа бяцхан өөжин орыг өхөөрдөн зассан шигээ суусан. 1996 онд Эрдэнэтийн чуулгад ажиллаж байхад Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнасан тухай анх утсаар сонсоод өрөөндөө ороод хаалгаа түгжээд суучихсан гэдэг. Ингээд наадмаар Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас шагналаа авч байж. Яагаад тэгж хаалгаа түгжин нуугдсаны учрыг асуухад “Нэгд, ичээд, хоёрт, одоо яанаа, цаашид юу хийнээ л гэж бодогддог юм билээ” гэж тэр хариулсан. Чулуунчимэг гавьяат “Сэрвэгэр хадны зэрэглээ”, “Ханд вангийн бүсгүй”, “Хатан аялгуу” болон ардын сайхан дуунуудаар овоглосон арав гаруй тайлан тоглолтыг ард түмэндээ өргөн барьсан дуучин. Түүний “Монгол ардын богино дуу”, “Дуундаа жаргах тавилан” зэрэг цомгууд гарсан даруйдаа л түмний түгээл болон одоо өөрт нь ч олдохоо байжээ. “Ардын богино дууны дагалтат түүвэр” ном нь ч нүдний гэм болж.

НУТГИЙН АХЫНХАА БҮТЭЭЛИЙГ ШИРЭЭНИЙ НОМ БОЛГОЖЭЭ

“Дулаанхан цэнхэр орчлонд гэгэлгэн эгшиг дутвал

 Дуундаа жаргасан тавилан минь бүтэн болгож бүүвэйлдэг ээ” гэж дуун цомогтоо гарын үсгээ зурж бэлэглэсэн тэрээр бас шаггүй шүлэгч гэдгээ ч нуусангүй. Гэхдээ тэр шүлгийнхээ дэвтрийг олсонгүй гэдэг хөөрхөн шалтаг тоочихоо бас мартсангүй. Гавьяатын элэнц хуланц нь Галбын говиос гаралтай хүмүүс байсан гэнэ. Тэрээр ханан дахь гэр бүлийнхээ зургийг харж байгаад “Манайд шинээр олон хүн нэмэгдсээн. Тиймээс Сансарын зурагчин орж шинээр гэр бүлийн зураг авахуулахаар хүүхдүүдтэйгээ тохирсон. Маргааш бөөгнөрч аваад зургаа авахуулцгаана даа” гэж байсан. Ардын дуугаараа овоглосон гавьяат маань бурхан шүтээндээ дэндүү сүсэгтэй нэгэн юм билээ. Тэрээр 25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан наадмын “Ардын богино дууны шилдэг дуулаач” өргөмжлөлөө хүндтэй газар байрлуулсан харагдана. Нутгийн ах, эрдэмтэн Жигжидийн Болдбаатар академичийн саяхан бэлэглэсэн “Монгол түмний сод хүмүүс” цуврал ботийн яруу найрагч, яруу тайлбарлагч нарын дөрөв, тавдугаар ботийг ширээний ном болгон талбиж.  

Л.БАТЦЭНГЭЛ        

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

“Алтан аяга”-наас ус уусан Ардын багшийнд өнжлөө

Өнөр бүл

Ж.Нямсүрэн  гуай биднийг  тосч, гэртээ хүртэл замчлав. Замд тааралдсан хариугүй нурах шахсан бяцхан модон байшинг зааж, “Ж.Батмөнх гуай албанаасаа буугаад амьдарч байсан байшин” хэмээн сонирхууллаа. Төрийн тэргүүн явсан хүн гэхэд хэтэрхий даруухан, эгэл боргил амьдарч дээ гэсэн сэтгэгдэл төрнө. Хашааг нь буулгаж байхыг бодоход энэхүү жижигхэн модон байшингийн  сүүлийн төрхийг гэрэл зурагчин маань зургандаа буулгав бололтой.  Ж.Нямсүрэн гуай харин төрийн дээд албан тушаал хашиж яваагүй ч гэр бүлийн амьдралдаа тохь тухыг эрхэмлэдэг болох нь илэрхий.  Түүний амьдардаг хоёр давхар хаус алсын бараатай үзэгдэнэ.  Хэдийгээр  тэр дал гарч яваа ч Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багшийн албатай. Насаараа багшилсан энэ эрхэм  наадмын өмнөхөн Ардын багш цол хүртсэн билээ.  Түүнтэй уулзахаар Бэлхийн аман дахь өргөө гэрт нь зочилсон нь энэ.  Тэднийх амар амгалангийн орон гэлтэй юм. Хашаанд нь 200 гаруй бут сөөг, жимсний мод, сарнай, цэцэгс, айраг өвс, элдэв нарийн ногоо ургадаг юм билээ. Байшингийн нөгөө хэсэгт хүргэнийх нь суудаг. Байшин нь даруухан ч нүнжиг ханхална. Архитекторч хүү, инженер, эдийн засагч мэргэжилтэй гэргий нарынх нь хамтын бүтээл аж.   Байшингийн гол түүхий эд хар модыг Хөвсгөлөөс авчруулсан учраас гэрийн эзэн үргэлж төрсөн нутгаа мэдэрч суудаг гэхэд болно. Хашаан дотор суулгасан хоёр бяцхан модыг гэрийн эзэд онцлов. Мөн л Хөвсгөл далайн эргээс ирсэн аж.     

Ж.Нямсүрэн  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас гаралтай. Наадмын өмнөхөн төрсөн нутгаа зорьж, Сэлэнгийн хөвөө орох гэж явтал Улаанбаатарт дуудагджээ.  Манай сургуулийн “Удирдах зөвлөлийн дарга, Р.Амаржаргал гишүүн “Хамгийн том шагнал авч байгаа хүн ирэх нь зүйтэй. Онгоцоор хурдан ир гэж хэл” гэсэн юм билээ. “Онгоц таарсангүй, машинаар “нүдээд” байлаа. Үүрээр ирээд, хувцсаа солиод, Төрийн ордонд очиж Ерөнхийлөгчөөсөө шагналаа гардаж авсан. Тэгээд тэр оройгоо нутаг руугаа буцсан хэмээн гэрийн эзэн хуучлав. Түүний төрсөн бууц  Хавчиг хэмээх өндөр ууланд байдаг.  Өндөрт мацахын тулд супер жолооч олж авдаг аж. Өндөрт явахад машиных нь урд цонхоор зам биш тэнгэр харагддаг учраас жолоочийн чадварыг шалгана. “Ер бусын сайхан зун боллоо.

1960 онд залуу хосууд гэрийнхээ гадна.

Өндөр уулын сэрүүн газар ч өнгийн цэцэгс алаглаад, өвс ногоо  хөлөөр хөглөрөөд л. Нутаг орон ивээсэн юм байлгүй дээ, төр өндөр шагнал хайрлалаа” хэмээн Ж.Нямсүрэн гуай хуучлав. Төрсөн нутгийн цэцэг, навчсын тухай яриа нь хашаан дахь өвс ургамал руу шилжлээ. “Цэцэг ногоо арчилгаа ихтэй. Хэд хоног явах хооронд хашааны өвс ургачихаж. Наадмын өмнө хадсан юм шүү дээ. Хадсан өвсөө гаргаад тавьчихад өмнө нь таньж мэддэг айлууд малдаа өгөхөөр авчихдаг сан. Харин одоо хадсан өвс маань хог болох янзтай” гэж сууна.  Ардын багш хүртлээ 60 жил хөдөлмөрлөсөн хүн дээ.  1955 оноос хойш өнөөг хүртэл Санхүү эдийн засгийн техникум буюу өнөөгийн Санхүү эдийн засгийн дээд сургуультай амьдралаа холбожээ. 

Гэргий Х.Оюун мөн л энэ сургуулийн “бүтээгдэхүүн”.  Хожим нь ЗХУ-д Украйны хуучин нийслэл Харьковт  инженер, эдийн засагч мэргэжлээр суралцаж, 1970   онд төгсжээ. “Лениний 100 жилийн ойгоор төгссөн” гээд  тухайн үедээ их л хөөрч байсан хэмээн гэргий нь ярив. Тэд их л залуудаа бие биеэ олжээ. Ж.Нямсүрэн гуай тэгэхэд Эвлэлийн хорооны дарга байж. Харин Х.Оюун техникумд элсээд удаагүй үе.”1958 оны  аравдугаар сарын 29 -Лениний Комсомолын төрсөн өдөр  концерт үзэхэд зэргэлдээ суудалд таарсан” гэж нөхөр нь танилцсан үеэ дурсав. 56 жил ханилан сууж, дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болсон аж.  50 жил ханилсан хосууд “Алтан хурим”-ын  болзол хангадаг.  Хүүхдүүд нь “Алтан хуримыг чинь хийж өгье” хэмээн ятгасан ч Х.Оюун гуай “Бид хоёр залуудаа ч найр хурим хийж яваагүй улс” хэмээн дургүйлхжээ. Гэсэн ч “Алтан хурим”-ын өргөмжлөлийг нь хүүхдүүд нь  Гэрлэх ёслолын ордноос авчирч өгсөн байна лээ. Жаран жил ханилсан хосууд Очир эрдэнийн хурим  хийдэг гэсэн.  

Ж.Нямсүрэн  дөрөвдүгээр анги төгсөөд, Санхүүгийн техникумын оюутан болсон гэхээр тухайн үеийн сургууль боловсролын систем их л түргэвчилсэн хэлбэртэй байж дээ. Мань эр арван насандаа сургуулийн босго алхсан. “Жаахан том болог. Эгчтэй нь хамт оруулъя” гэж эцэг эх нь шийдсэн юм билээ. Тухайн үед хүүхдээ сургуульд явуулахгүй байсан ч гайхах хэрэг биш байв. Дөрөвдүгээр анги төгсөх жил нь Санхүү эдийн засгийн техникумын хуваарь Хөвсгөлийн жижигхэн сургуульд ирсэн юм билээ. Ямар сургууль байдгийг нь мэдэхгүй ч ангийн багшийн зааснаар мэргэжлээ сонгожээ. Аав, ээж хоёр нь  ч “Улсынхаа нийслэлд очиж үзэх шиг сайхан юм хаа байхав” гэсэн аж. Техникум төгссөний дараа “Гайгүй төгссөн юм байна. Багш болгоно” гэцгээж.  Сангийн яамны сайдын тушаал гарч, сургуульдаа багшаар үлджээ. Оройгоор аравдугаар анги төгссөн гэнэ. “Нам олон нийтийн байгууллага хүчтэй байсан. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаас бусдыг нь  бараг хийлээ” гэж гэрийн эзэн наргиа болгов. Тэрбээр “Мэргэшсэн нягтлан бодогчдын инситут”-ийг үүсгэн байгуулагчдын нэг. Тус байгууллагын сайтад “Ж.Нямсүрэн багш ардын багш цол хүртлээ. Ийнхүү мэргэшсэн нягтлан бодогчдоос анх удаа ардын багш цолтон төрлөө” хэмээн бичсэн байна лээ. Ж.Нямсүрэн багш “Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалт”-д хэдэнтээ оролцож явснаараа бахархдаг аж. 

Багш нар түмний хүүхдийн төлөө зүтгэсээр өөрийнхөө хүүхдийг орхигдуулдаг гэдэг. Харин Ж.Нямсүрэн гуай халамжтай аав. 

-Хоёр хүүхэд маань дээд сургуулиа Сүхбаатарын цалинтай төгссөн. Хүү Н.Шинэбаяр Москвад архитектурын дээд сургууль төгссөн. Ерэн он хүртэл Монголоос долоон хүн төгссөн сургууль хэмээн ээж нь бахархлаа. Анагаах ухааны их сургууль төгссөн сайхан охиноо алдчихсан. Бид хоёрын эдлэх ёстой лай ланчиг байсан юм байлгүй дээ гэж гэргий нь хоолой чичрүүлэн хэллээ. Бага охин Н.Шинэ-Өлзий нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд багшилж байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөсөнд ээж нь сэтгэл хангалуун байдаг аж. Аавтайгаа хамтраад, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Ахисан шатны нягтлан бодох бүртгэл” ном гаргажээ. Аав, охин хоёр тус тусдаа ч олон ном бичсэн аж. “Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Гурав нь энх тунх, ач зээ, зээнцэр нийлсэн 22 ам бүл болоод байна” гэж гэрийн эзэн илтгэв. Хүүхдүүдээ багад нөхөр нь нийгмийн талын хичээлүүдэд тусалж, гэргий нь  орос хэл, математик, физикийн хичээлд туслах үүргийг өөртөө авчээ.  

Х.Оюун ээж  бага насны гурван хүүхэдтэй болсон хойноо гадаадад сургуульд сурах хэцүүхэн шийдвэр гаргах хэрэгтэй болжээ.  Дээд сургуульд орохоор бэлтгэж, оройгоор аравдугаар анги төгсөж, конкурс өгсөн юм байж. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам гадаадад хүнээ сургах төлөвлөгөөтэй байж. Конкурс өгсөн олон хүн гадаадын хуваариас “мултарч” цөөнгүй хуваарь суларчээ. “Шалгалтаа  амжилттай өгчээ. Гадаадад яв” хэмээх шаардлагыг  Х.Оюунд тавьжээ. Том хүүхэд нь дөрөв, бага нь хоёр нас хүрч байсан учраас “Би чадахгүй” гэв.  Ч.Зул сайд аргаа бараад “Хар нялхаараа яасан олон хүүхэд цувуулдаг  золиг вэ” гэсэн аж. Гэсэн ч цөхөрсөнгүй “Нөхөр сүүдэр чинь байна уу, аав ээж чинь байна уу, хадмууд чинь байгаа юу” хэмээн лавлажээ.  “Байгаа”  гэсэн хариу сонсоод “Гэрийнхэнтэйгээ ярь” гэж даалгасан аж.  Нөхөр нь “Хүмүүс  гадаадад сургуульд явах гээд  боломж  олдохгүй байхад  хүссэн сургуулиа сонгох боломж олдсон дээр нь сурвал яасан юм” гэж дуугарчээ.  Арай л цөөхөн жилтэйгээр нь Зөвлөлтөд сурахаар сонгосон байна.  “Таван жил Зөвлөлтөд хэцүү сурсан. Сургуулиа хаяад явчихвал хүүхдээ санаад ирж гэж хэлэхгүй, сурч чадахгүй хүрээд ирж л гэнэ хэмээн нэр хичээж, шүд зууж төгссөн” гэнэ.  Зуны амралтаар ирэхдээ хүүхдүүддээ хувцас урлана.  Ганц хүний цалингаар  дэлгүүрийн хувцас хунар авах боломж ч бага байж. Эрээн даавуу авч охиддоо даашинз “үйлдвэрлэж”, аавынх нь хуучин өмдийг эргүүлж тойруулж байгаад хүүдээ олон ч өмд оёж өгчээ.  Хоёр охиндоо  пальто ч хийгээд өгчихнө. Эхний жил өвлийн амралтаар ирэхэд  бага охин нь танихгүй бишүүрхэж гэнэ. Аавыгаа харамлаж, ээжийгээ орноосоо түлхээд “Чамд аав эвхдэг ор засч өгнө” гэсэн аж. Одоо тэр  охин Н.Шинэгэрэл нь 51 хүрсэн эмээ болсон.   Москвад Технологийн институт төгсөөд, өдгөө дөрөвдүгээр хороололд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний “Мандухай Хатан” ХХК-ийг удирдан 24 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа гэж аав нь магтлаа. “Би ч яахав ажил гээд явчихдаг. Хадам аав хүүхдүүдийг тасралтгүй асардаг байсан” гэж тэр тайлбарлав.  “Аав нь бүтэн сайнд  угаалга хийгээд, хүүхдүүдээ хөгжүүлэх гэж үзэсгэлэн үзүүлдэг байсан.  Хүүхдүүд үзсэн харсан юмаа зураад, надад зузаан гэгч нь захиа илгээдэг байлаа” хэмээн эзэгтэй хуучилсан. Аав нь хүүхдийнхээ зургийг “Хүүхдийн ертөнц” зургийн уралдаанд илгээдэг. Сэтгүүлд зураг нь  нийтлэгдсэн нь хүүд  урам өгчээ. Архитекторч болох  зам нь эндээс эхлэлтэй ч юм билүү.       

               

Социализмын үеийн санхүүгийн хүн зах зээлд  зохицож өөрчлөгдөхөд хэцүү байсан эсэхийг лавлалаа. “Ерээд онд нийгэм өөрчлөгдөхөд манай сургууль Эдийн засгийн коллеж болж шинэчлэгдсэн. Хамгийн эхлээд зах зээлийн жаягаар ажиллах болсон. Нийгмийн байгууллага өөрчлөгдөхөд улсын сан хөмрөгийг барьж байгаа хүмүүсээ эхэнд бэлтгэдэг. 1921 онд хувьсгалын дараа Ардын засгийг бэхжүүлэхийн тулд санхүүгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр манай сургуулийг 1924 онд байгуулсан түүхтэй. Эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөхөд дөрвөн жил коллеж нэртэй яваад, 1996 онд дээд сургууль болсон юм. Манай сургуулийн нэр солигдоод бүх юмыг шинээр үзэх хэрэгтэй болсон. Сангийн яам, ОУВС, Дэлхийн банктай хамтраад Санхүү, эдийн засгийн албыг шинэчлэн бэхжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.  Багшаас эхлээд ерөнхий  ахлах санхүүчдээ зах зээлд бэлтгэх ажил манай сургуульд төвлөрсөн дөө. Сургалтыг өдөр шөнөгүй хагас бүтэн сайнгүй хийдэг байсан. Ня-бо мэргэжилтнийг зах зээлд хөрвүүлэхэд  суурь мэдлэгтэй хүмүүс учраас цаг хэмнэж, шуурхай явсан хэрэг. 1992-1998 он хүртэл сургалтын ажил үргэлжилсэн.  Ном үзсэн багш нар орон нутагт  очиж, нябо санхүүчдийг зах зээлд бэлтгэх ажил өргөн хүрээтэй өрнөсөн” гэв. 

“Өрх гэр ая тохитой амьдаръя гэвэл тооцоо хэрэгтэй. Бүх юмыг урьдаас харсан нарийн төлөвлөгөөтэй, байж айл гэр ч улс орон ч өөдтэй явна” гэж Ж.Нямсүрэн хэлсэн.  

“Нарийн ногоогоо  үе шаттай тарихгүй бол зэрэг ургаад идэж барахгүй хөгширчихдөг. Энэ жил мөндөр цохиод, манай ногоо хэлмэгдсэн” гэж эзэгтэй хуучлав. Зөв буруу янз бүрээр тарьсаар цэцэрлэгч, ногоочны ажлаа эхэлсэн. “Дахиад нэг газар тохижуулбал их гоё болгоно доо” гэж сууна. Мод тариад худгаас ус зөөнө гэдэг бэрх ажил байж. Ач, зээ нар нь гар хөлийн үзүүрт гүйх насан дээрээ явсан учраас их хэрэг болжээ.  Харин охин нь “Ингэж их мод тарьж, буян хийж байгаа улсыг яалтай билээ” гээд  худаг гаргаж өгсөн гэлээ. Эдний хашаанд 200-гаад жимсний болоод гоёлын  мод 20 гаруй төрлийн нарийн ногоо, хүнсний ногоо ургадаг.  “Одоо эдийн засагч мэргэжил байхгүй. Өвс ургамал яаж тарих вэ гэж л анхаардаг болсон” гэж эзэгтэй наргиа болгов.  

Эзэгтэй  өөрийн гараар тарьсан ногоогоор  салат хийж, биднийг дайлав. Эрүүл хоолыг эрхэмлэдэг нь ширээн дээрхээс илэрхий. Салатанд бууцай, яншуй, самар, үзэм хүртэл “цохиж” явна. Хоолны жорыг заримдаа зохиодог, энд тэнд идсэн юмнаасаа ч санаа авдаг гэж “ерөнхий тогооч” тайлбарлав. Салат онцгой амттай байсан нь тогоочийн сэтгэлээс гадна ногоогоо  хөх бууцаар бордсонтой ч холбоотой вий. Аарцандаа хүртэл хивэг, овъёос, арвайн гурил хольж, онцгой амт бий болгожээ. Зүгээр л баахан бууз жигнээд тавган дээр овоолчихсонгүй.  Хоёр том саран бууз,  чинжүү, нарийн ногоогоор амталсан жигнэсэн будаатай олгох нь сайхан санаа юм гээч. Муу хүн идсэнээ гэдэг.  Маханд хэмнэлттэй, эрүүл мэндэд тустай санагдсан учраас эзэгтэй нарт хэрэгтэй байх гээд идсэнээ тоочиж, “муу хүн” болов.          

  Монгол хүний  нас уртсах тутам ахмад настанд анхаарсан бодлого хэрэгцээтэй болно.  Тэтгэвэрт гарсны дараа  дахин суралцах, мэргэжил эзэмших, идэвхтэй  хэв маягаар амьдрахад нь ахмадаа дэмжих шаардлага тулгарч буй. Тиймээс ч гэр бүлийн хосуудын тэтгэвэрт гарснаас хойшхи амьдралын хэв маягийг сонирхов.  Ж.Нямсүрэн, Х.Оюун нар “2009 онд Америкт амьдарч байсан зээ хүү А.Мэнджаргал, А.Мэнд-Орших нарынхаа урилгаар очихдоо 92-той эмч урилгаар мэс засал хийдэг, эдлэн газартаа жимс, ногоо тарьдаг” тухай зурагтаар харсан нь тэдэнд “Газартайгаа харьцаж, жимс ногооны ажил эрхлэх” урам өгчээ. “Би наяд ойртож явна. Манай сургуулийн Удирдах зөвлөлд 80 гарсан, 90 хүрсэн хоёр хүн байдаг. Ахмад, залуу боловсон хүчнээ манай сургуулийн удирдлагууд хамтад нь авч явдаг юм.  2001 оноос хойш зөвлөх багш болоод гавьяат багш, Ардын багш болоод идэвхтэй залуу хүн шиг явна” гэж нөхөр нь дүгнэв. 

Багадаа багш болох сон гэж хүсдэг байв уу хэмээн түүнээс сонирхлоо.

 -Хөдөөгийн бөглүү нутгийн хүүхдэд  багш болох тухай ямар ч ойлголт байхгүй. Ерөөлөөр учирсан гэдэг шиг юм болсон. Арьс шир түүхий эдээ хуримтлуулж байгаад сумын хоршоонд тушаадаг байлаа.  Хоршооны ня-бо Ж.Арамжин  гоё хятад сампингаар тоо хийгээд, дүрдэг үзгээр монгол бичгээр урсган бичих нь их л гоё харагддаг. “Энэ хүн шиг сампин гэдэг юм сурах сан. Ингэж гоё бичих сэн” гэж бодогдоно. Хожим санхүүгийн сургуульд сампин, дүрдэг үзгийг жинхэнэ хэрэглэсэн дээ гэв. Үрээ танихгүй өнөр гэдэг шиг Ардын багшийн шавь нар асар олон буй за. Шавь нараасаа онцолж нэрлээч гэхэд “Улс орны санхүүг барьдаг сайхан сайхан хүмүүсийг алинийг нь хэлж барахав” гэнэ. Гэсэн ч  зохиолч Б.Догмид  Дорноговь аймгийн санхүүгийн хэлтэст 20-иод жил  ажилласан санхүүч гэдгийг онцлов. Ардын уран зохиолч цолтой ч тэр Санхүүгийн сургуулийн бүтээгдэхүүн. “Б.Догмид сэргэлэн, сүрхий хөдөлгөөнтэй хүүхэд байсан” гэнэ.  “Сангийн яамны сайд байсан А.Базархүүд хичээл орж байсан, сайн оюутан байсан”. “Номин Холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан, “Өгөөж” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл, гавьяат эдийн засагч Л.Дондог, Б.Осоргарав, Р.Батжаргал нар  манай сургуулийг төгссөн” гэлээ. 

Ахмад санхүүч улс орны санхүүд ч анхаарал хандуулж  суудаг. “Чингэс бонд бодлогогүй ажил. Сангийн авдар хоёр болоод байна. Бондын мөнгө авсан нь буруу биш. Эртнээс бодсон төлөвлөсөн байх нь гарцаагүй хэрэгтэй. Манайхан эхэлж мөнгө аваад дараа нь зарцуулалтын тухай ярьж эхэлдэг” гэж байна. Өрхийн төсөвтөө харин онц дүн тавив.  “Манай хөгшин ня-бо эдийн засагч хүн, өр зээл огт гаргахгүй.  Өрхийн төсвөө бичдэг байлаа. Орлогоо тодорхойлоод, юунд зарахаа жагсаадаг. Мөнгө хүрэлцэхгүй бол зарим зардлаа хасна. Өр зээл тавьдаггүй, хүнээс огт мөнгө зээлж байгаагүй. Мөнгө ихтэйдээ биш бодлоготой, тооцоолдогтоо байгаа юм” гэж гэрийн эзэн тайлбарлав.  “Сангийн авдар нэг л байх учиртай. Эзэн олширвол үр дүнгүй зардал ихэснэ. Нэг гэрийн хоёр хүн дур дураараа зарвал үр дүнгүй” хэмээн өрхийн төсвөөрөө жишээ татав. Өрхийн төсвийг гэргий нь барьдаг. 

Эднийд айл болоход нь гэргийнх нь аав нь авч өгсөн  хоёр арслантай авдар бий. Нарийн нандин юмаа хадгалдаг гэнэ.  Өдгөөгийн Дүрслэх урлагийн музей буюу тухайн үеийн Өндөр дэлгүүрээс авсан  сэрүүлэгтэй, бүжиглэдэг хүүхэнтэй герман  цаг нь өнөөг хүрч иржээ. “Саяхан аваад тавьсан юм мартагдаад байхад эднийгээ ерөөсөө мартдаггүй” гэж гэрийн эзэн онцлов. Хоёрдугаар давхартаа жижиг өрөөндөө Лхам бурхан, Ногоон дарь эх зэргийг залжээ. Эзэгтэйн ээжээс ирсэн өв хөрөнгө хээтэй авдрыг харуулав.   “Бидэнтэй хамт 60 жил боллоо, биднээс өмнө хэдэн жил болсныг мэдэхгүй” гэнэ. Монгол банкинд тушаагаагүй алтаа энд хадгалдаг гэж өвгөн наргиа болгов. Хананд буй баахан хүүхдийн зургийг гэргий нь заалаа. Сургуулиас нь төрсөн анхны гавьяат багш хэмээн Ж.Нямсүрэн гуайн төгссөн сургуулийг сумынхан нь түүний  нэрэмжит болгосон гэнэ. Нэрэмжит болгоод, нээлт хийж, бэсрэг наадам, математикийн олимпиад зохиож, хөөрхөн ажил өрнүүлсэн гэлээ. 

Үүдэндээ Орос бас  Германаас авчирсан гүзээлзгэний модыг том шаазан саванд суулгачихаж, гадаа нь ойн гүзээлзгэнэ ч ургаж байна. Хашаанд байх сүүдрэвчиндээ намар ургацын баяр тэмдэглэж, шорлог хийж, шар айраг шимнэ. Хашаанд анхилуун үнэртэй агч мод, хус, тэхийн шээг байна. “Тэхийн шээгээр дарс хийхэд улсууд жигтэйхэн сонирхдог” гэж эзэгтэй хэлсэн.  Хавар хашаанаасаа халгай түүж, иднэ. Гишүүнэ буюу айраг өвсийг тармилжуулж,  варень хийдэг.  Гараар хийсэн хүлэмжиндээ артишок тарьж туршсан гээд эзэгтэйн ажил их. Сакура нь тавдугаар сард цэцэглэдэг.  Эзэгтэйн хадгалсан  элдэв навч эрүүл мэндийн цайны түүхий эд болно.                  

“Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг.  Сайн сайхныг их л үзэх юм байна даа гэж гэрийн эзэн хэлсэн юм.   Ж.Нямсүрэн, Х.Оюун нарын алтаар үнэлэгдэх амьдралын тавин жил улирч, очир эрдэнийн өдрүүд нь дөтлөн айсуй.  

Б.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Б.БАТДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Бөх нь найраагүй, морь нь будлиангүй сумын наадам

Наадам дөхөөд ирэхээр “Ай даа, сумын наадам ч сайхан шүү” гэх үг хүн бүрийн л амнаас гардаг. Ер бишийн сайхан болдог сумын наадам дээр өнжихөөр Төв аймгийн Батсүмбэр сум руу явлаа. Өнөө жил тус сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой нь. Тиймээс гурван өдөр дэлгэр сайхан наадахаар болжээ. Наадмын нээлт өнгөрсөн баасан гаригт болсон юм. Хөтөлбөр дээр 10 цагт нээлт болно гэчихэж. Улсын наадам шиг яг цагтаа эхлэх байх гэж санасаар хүрээд очлоо. Улаан юбка, цагаан богино цамцаар ижилссэн хүүхдүүд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайн голд гүйлдэж байна. Тэднийг чанга яригчаар удирдах ажээ. “Нэг хоёр, нэг хоёр. Арын эгнээнийхэн яагаад зөрөөд байгаа юм бэ” гээд л. Тэгсэн нээлтийн бэлтгэлээ хийж байх нь тэр. Нээлтээс хоцорчихлоо гэж сандраад байтал эхлээгүйгээр барахгүй, дөнгөж бэлтгэлээ хийж байдаг байгаа. Таарсан хүмүүсээс “Нээлт 10 цагаас гэсэн биз дээ. Хэзээ эхлэх юм бол” гэж асуутал “Тэгж байгаад эхлэх байлгүй дээ” гэж байна. Цагаа барьсангүй гэж бодож байгаа ч хүн алга. Морио унах нь унаад, явган алхах нь алхаад хуушуурын гэр хэссэн шигээ явах ажээ. 

Эндхийн хуушуур 1000 төгрөг гэнэ. Гэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуушуурыг бодвол мах багатай. Ёстой нөгөө нар, сар нь гэрэлтэж байна. Уг нь хөдөөний хуушуур мах ихтэй байх болов уу гэж бодож байв. Гэхдээ амт сайтай юм билээ. Хуушуур эргүүлж байгаа хүмүүс аль байдгаараа гоёчихож. Хаашаа л харна шинэ дээл өмссөн хүмүүс. Залуус, багачууд нь ч гэсэн голдуу дээлтэй, эс бөгөөс монгол цамцаар гангарчээ. Хуушуурын гэртэй хаяа нийлэн суух наймаачид ус ундаанаас өгсүүлээд гутал, цамц, өмд, үсний хавчаар, нарны шил гээд есөн жорын бараа зарж байна. Ганц зуны настай хөнгөн шаахай таван мянган төгрөгөөс эхлэх жишээтэй. Түүний хажуугаар залуусын сонирхлыг татах хөгжөөнт тоглоомууд ч бий. Турникнээс зүүгдээд хоёр минут тэсэж чадвал 10 мянга, гучин секундын дотор бүтэн жигнэмэг идэж чадвал 15 мянган төгрөгийн шагналтай зэрэг зүйлээр залуусыг өрсөлдүүлж байв. Мөн морьтой залуусын дунд давхилтан дундаа нум сумаар харвах тэмцээн зохиож байсан. 

Батсүмбэрийн цэнгэлдэх хүрээлэн сумын төвийнхөө зүүн урдхан. Сумын 90 жилтэй холбогдуулан зам засварын ажил явагдаж буй тул морь уралдах газраа цэнгэлдэхээс 10 гаруй км-ийн цаана болгожээ. Сумын наадам дээр урагшаа харж суун бөхөө үзээд, хойшоо харахад морио үзчихдэг гэж ярьдаг. Тэгвэл Батсүмбэрчүүд бүтээн байгуулалтын ажлаас шалтгаалж морь барианы газраа хээр гаргажээ. Урьд нь цэнгэлдэхээ тойрон наадаад сурчихсан сумын төвийнхөн хурдан морины уралдаан үзэх гэж шороон замаар арван км давхиснаас хуушуур эргүүлээд байж байя гэлцэж байв. Хөтөлбөр дээрээ 10 цагаас эхэлнэ гэсэн нээлтийн ажиллагаа 13 цаг өнгөрч байхад эхлэв. Яарч байгаа, цагаасаа хоцорчихлоо гэж санаа зовж байгаа ч хүн алга. Цагт баригдахгүй, айвуу тайвуу байх нь сумын наадмын нэг онцлог ажээ. Ингээд төрийн есөн хөлт цагаан тугийг дуурайлган хийсэн цагаан сүлдээ залж, төрийн дуулал эгшиглэснээр наадмын нээлтийн ажиллагаа эхлэв. Батсүмбэрийн Засаг дарга Д.Ганбаяр сумынхандаа баяр хүргэж үг хэлсний дараа төрийн далбаа, Төв аймгийн хүндэт далбаа, Батсүмбэр сумын хүндэтгэлийн далбааг залан оруулж ирэв. Гурван далбааг тус сумын алдартай есөн хүн барьжээ. Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайхан, аймгийн харцага Б.Жавхлансайхан, спортын мастер Д.Баттулга, аймгийн заан Б.Цэцэнтунсаг, улсын аварга фермер О.Лхагважав, аймгийн аварга механикжуулагч Д.Бямба, улсын аварга саальчин Ц.Цэцэгмаа нарын хүмүүс хүндэтгэлийн далбааг мандуулж байв. Залгуулаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын уран гимнастикийн үзүүлбэр, албан байгууллагууд оролцсон баярын жагсаал, ардын бүжиг, уртын дуу зэрэг урлагийн үзүүлбэрээр нээлтийн арга хэмжээ үргэлжилсэн. Нээлт үзэж суугаа хүмүүс харин нэгнийхээ өмссөн зүүснийг ярилцан хоорондоо шивэр авир гэлцэж буй нь сонсогдоно. “Үйтэн хуаран дээр цагаан малгай ёстой зохидоггүй юм байна”, “Би шинэ дээл хийлгэж өмсөх гэсэн чинь амжсангүй. Аав ээж хоёрт дээл хийлгэж өгөөд өөрөө хоосон хоцорлоо”, “Нээлт сайхан болж байна шүү. Хотоос найруулагч авчирсан гээд байсан, овоо доо” гэхчилэн эргэн тойрны хов живийг базан суух ажээ. Цаг гаруй үргэлжилсэн нээлтийн дараа хүчит бөхийн нэгийн даваа эхэлсэн юм. Түүхт 90 жилийн ойд 128 хүчтэн зодогложээ. Аймгийн хурц арслангуудаас гадна улсын цолтнууд ч ирж. Монгол Улсын гарди Б.Гончигдамба зүүний магнайг, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу барууны магнайг тэргүүлжээ. Нэгийн давааг эхлүүлчихээд цэнгэлдэх хүрээлэн тойрлоо. Жаахан хүүхдүүд 3500 төгрөгийн үнэтэй цаасан шувуу авахуулан энд тэндгүй нисгэнэ. Зарим нь өндөрт хөөргөж чадахгүй морь мал үргээн томчуулд загнуулж байв. 

Бас ганцаараа суугаад жолоодож явдаг тоглоомон машин түрээсээр унуулж байлаа. Таван минут нь 2000 төгрөг гэнэ. Ер нь энд байхгүй юм алга. Яг л төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа наадмын өдрүүдэд ямар байдаг билээ. Яг л тийм. Морьтой залуус харин тэдэн дээр нэмэгдэнэ. Сумын төвд амьдарч байгаад сургууль соёлын мөр хөөн нутгаасаа холдсон оюутнууд ёстой нэг дураараа дургиж байна. Анги  хамт олноороо нийлэн морьтой давхилдаад л. Хөвгүүд нь бүрх малгайтай, охид нь ганган дээлтэй. Чанга чанга инээлдэх морьтой залуусын хөлд дарагдчихгүйн тулд  наадамчин олон холуур тойрон өнгөрөх ажээ. Ингэж тойрч явахдаа дахиад л хуушуурын гэрийн дэргэд ирэв. Үдээс хойш наадамчин олны захиалгаар бууз хийгээд эхэлчихэж. Хонины махтай бууз 800 төгрөгийн үнэтэй. Бууз, хуушуур захиалвал сүүтэй цай үнэгүй дагалдана. Бас айраг бий. Нэг аяга нь 1000 төгрөг. Литрээр нь авбал 3000 төгрөг ажээ. Хуушуур идэхээр ширээ тойрон суугаа хүмүүс нэгийгээ сураглан чих тавина. “Баатаржавын хүү өнгөрсөн жил цэрэгт яваад ирсэн гэж дуулдсан. Өнөөдөр барилдаж байгааг нь харлаа. Сайхан залуу болжээ”, “Сүрэнгийн ах дүү нар хотоос ирчихсэн, хуушуур хийж байгаа гэсэн. Төрсөн сумандаа барагтай бол ирдэггүй атлаа хуушуур хийж мөнгө олох болохоор бөөн бөөнөөрөө ирсэн байна лээ”, “Дашбалжирын авгай шинэ дээл оёулж байгаа гээд л сагсуураад байсан. Өнөөдөр биеийн тамирын хувцастай явж байх чинь билээ” гэх мэтээр нүдэнд харагдсан бүхнээ сонин болгож ярина. Мөн таарахгүй удсан хүмүүс бие биенээсээ ажил сураглаж байв. Батсүмбэр сумынхан хотод сургууль төгсөөд ирсэн залуусыгаа ажлын байраар хангах бодлого баримталдаг гэнэ. 

Нутаг орныхоо залуусыг дэмжихийн тулд, сургуулиа төгсөөд ирэхээр нь ажилтай, орлоготой болгохын тулд ажлын байр шинээр бий болгох хөтөлбөр санаачилжээ. Тиймээс ч сүүлийн хоёр жил сумаа зорьсон залуус нэмэгдэж байгаа гэнэ. Харин залуусыг олноор ажилд авч байгаагаас тэр үү дөч хүрч буй хүмүүст ажил олддоггүй тухай сумынхан ярьж байлаа. Гэхдээ сумандаа мод тарих аян эхлүүлсэн учраас хаврын улиралд суулгац суулгах, эсвэл газар шорооны ажил мэр сэр гарч ирдэг болжээ.  

Хурдан морины уралдаан цэнгэлдэхээс зайтай, бас эхний өдөр дөрвөн ч нас уралдчихсан учраас морины уралдаан үзэж чадсангүй. Тод манлай уяач Ц.Батсайханы хоёр, гурван ч морь айраг, түрүү авсан сурагтай. Түрүү морийг гурван сая төгрөгөөр байлсан гэж байна. Харин морьдоо түрүүлгэсэн унаач хүүхдийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдовын “Цагаан нуга” амралтад долоо хоног амрах эрхийн бичгээр урамшуулжээ. Харин хүчит бөхийн барилдаан өдөртөө болоод өнгөрөв. Бөх тайлбарлагчийн дэргэд зарим нэг залуус ирж нэрээ хэлээд “Ахаа, би хэнтэй таарсан бэ” гэж учраагаа асууж байна. Амласан бөхийнх нь нэрийг хэлэхээр “Өө, намайг амалчихаж байгаа юм уу” гэж хэлээд бөх тайлбарлагчид загнуулаад буцаж байв. Амьхандаа гайгүй цолтой хүнд амлагдаад хэд давчих санаатай. Харин найраа хөөрөө байхгүй болсон гэж бөхчүүд ярих юм билээ. Дөрөв, таван жилийн өмнө сумын заан хүртэл шөлний хонь л гэж ярьдаг байсан гэнэ. Одоо харин бөхчүүд өөрийн хүчээр цолоо нэмүүлэхийг эрхэмлэдэг болжээ. Энд харин давсан бөхөд давааны хэрээр мөнгөн шагнал олгодог юм байна. Нэг давбал 9000, хоёр давбал 13500, гурав давбал 16000 гээд л. Даваа өгсөх болгонд шагналтай. Түрүү бөхийг мотоциклиор байлсан гэсэн. 

Гурвын давааны дараа сумын наадамд түрүүлж, айрагдсан хурдан морины цолыг дуудаж, шагнал гардуулахаар болов. Энэ үед наадамчин олон ямар ч хаалтгүйгээр цэнгэлдэхийн дэвжээ рүү ороод ирэх юм. Морины хөлсийг авч духандаа хүргээд л. Хажууд нь зогсож зургаа авахуулаад л. Ер нь сумын наадамд элдэв хориг саад байхгүй, цагдаа цэргээр захиргаадуулахгүй эрх дураараа нааддаг болохоор сайхан байдаг бололтой. Түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, шагнал гардуулах гэж цаг гаруй юм болов. Түрүүлсэн морины эзэд хамтдаа зургаа авахуулна, тэднийг таньдаг хүмүүс зэрэгцэн очиж баяр хүргэнэ гээд л. Бөхчүүдийг барилдах газаргүй болгосон цаг гаруйн дараа сая нэг дөрвийн даваа эхлэв. Сүүлийн даваануудын барилдаан тэгтлээ удсангүй. Гарлаа, давлаа гэдэг шиг л хурдан барилдчих юм. Бөхийн давааны дундуур харин тус сумаас төрөн гарсан алдар цуутай хүмүүс есөн хөлт цагаан тугийн дэргэд зургаа авахуулж байлаа. Ингээд долоогийн даваа дуусаж түрүү, үзүүрийн бөх тодорчээ. Улсын гарди Б.Гончигдамба түрүүлж, аймгийн арслан н.Дамба үзүүрлэжээ. Бөх дуусахтай зэрэгцэн гэгээ ч тасрав. 

Тав, арвуулаа нийлсэн залуус орой болох шоуг хүлээн энэ тэрүүгээр хөлхөнө. Сумын наадам, тэр дундаа тэгш ойтой жилийн наадам уулзаагүй удсан хүмүүсийг уулзуулдаг. Төгсөлтөөрөө, ангиараа, найз нөхдөөрөө, хамт ажиллаж байснаараа нийлэн хууч хөөрсөн хүмүүс оройн шоуг алга ташсаар байгаад цагаас нь өмнө эхлүүлэв. Транс, диско ая нүргэлэн наадамчин олныг хөгжөөх ажээ. Шоу эхэлснээр сумын наадам ч өндөрлөв. Нэг л ер бишийн юм сумын наадмын үеэр болдог мэт сэтгэгдэлтэй очжээ. Бага насны гэгээн дурсамжтай холбоотой болохоор төрсөн сум нь хэний ч сэтгэлд эрхэм байдаг байх. Бас хүүхэд ахуй цагийн хөгжөөнт өдрүүдээ эргэн дурсах боломж олгодгоороо сумын наадам сайхан байдаг байх нь.

С.ЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын баярын өмнөх Хүй долоон худаг, Галзуу харын худаг, Цагаан хөтөлийн өнгө

Хүй долоон худаг, Галзуу харын худаг, Цагаан хөтөл наадамчин олны хөлд дарагджээ. Улсын баяр наадам хором, хормоор ойртож буй энэ өдрүүдэд уяа мориныхоо сойлго, давхилыг тааруулах уяачдын хөдөлмөр, гараа, барианы зурхайг тохижуулах ажлын явц Эмээлт тосгоныг өнгөрмөгц ажиглагдана. 

Хүй долоон худаг хурдан морины барианы зурхай орчмыг хөгжиж байна гээд хэлчихэд хилсдэхээргүй болж. Олон жил яригдаж, өнгөрсөн жилээс эхэлсэн бүтээн байгуулалт өнөө жил бүр ч хурдацтай, ахицтай байна. Наадамчин олны тав тухыг хангах үүднээс гурван мянган түшлэгтэй сандал байрлуулах ажил өнгөрсөн баасан гаригаас эхэллээ. Бас автомашины зогсоол, хуушуур, айраг, хорхог худалдаалах талбай, орчин үеийн боловсон жорлон гээд бүхнийг хийж байгаа нь томоохон хотын төв талбайтай жишихүйц өнгөлөг байна. Төмөр замын автобус явах зам, зогсох буудал, автомашины асфальтан зам уулзварууд ч нэгэн өнгө нэмэн байна. 

Хур бороо элбэг, долоон сарын зун дэлгэр байгаагаас орчин тойронд зүлэг ногоо жигдрэн өнгийн цэцэгс алаглан байна. Гэм нь ойр ойрхон бороо орж байгаагаас газрын хөрс зөөлөрч балчиг ихтэй болсон ажиглагдана. Оготно, зурамны нүүдэл энэ хавийг одоохондоо дайраагүй ч өнгөрсөн жилүүдэд үүссэн үлий бас л бэрхшээл дагуулж магадгүй байгаа юм байна. Хүй долоон худагаас Цагаан хөтөл өнгөрч гарааны зурхай хүртэлх газрын өнгө төрх нэг ийм.

Хүй мандалын хөндийд уяачид 200 орчим гал болон айлсчээ 

Бараг 30 орчим км үргэлжлэх энэ хэсэгт улсын болоод аймгийн алдар суут уяачид гал болон гарчээ. Дааганы уяаг онцгой сайн тааруулж олон түмэндээ “Дааган” хэмээн цоллуулах болсон  манлай уяач Ц.Цэнд-Аюушийн гал Галзуу харын худгийн зүүн урд аманд байна. Хуучин “Ноёд” гурппийн гэх тодотголтой М.Буяндоржтой нэг гал болдог байсан бол өнөө жил нутгийн уяачидтай айлсан буужээ. Тэрээр арав гаруй хурдан ажнай уяан дээрээ сойж соёолон, дааган насны морьдоо Цагаан хөтөлд энэ өдөр болох сунгаа руу авч явсан байлаа. Ц.Цэнд-Аюуш уяачийнхтай айл, саахалт гуч гаруй гал байгаа нь бүгд баруун нутгаас ирсэн гэдгийг унаач хүү өгүүлнэ. Айл, саахалтуудынх нь уяан дээр ихэвчлэн 10-20 морь сойсон байх агаад ганц модонд ганц морь уясан айл ч байх. 

Нутгийн залуу Батболд боломжийн үнээр авсан морио сойж байгаа нь энэ гэж хавийн хүмүүс хэлэлцэнэ. Тэрээр хурдан моринд саяхнаас хорхойсч буй шинэ тутам хүн учраас олон алдарт уяачийг бараадан байгаа нь энэ аж. Ер нь Ц.Цэнд-Аюуш уяачийн үйл хөдлөл бүрийг нь ажиглан дагаж хөдөлдгийг хүмүүс мэдэх юм билээ. Гал, галын уяа руу дуран сунган үйл хөдлөлийг нь дагаж хийж үнэ хаяж авсан хээр мориныхоо хөлс, хүчийг тааруулж байгаа гэх. Шөнийн хоёр цагт морио идээшлүүлж, өглөө үүрээр барьдаг эрдэмд саяхнаас суралцаж байна гэх наргиа ч дуулдаж байсан. Хурдан ажнайн хөлсийг тааруулж авахад уяач цалинжуулбал ханш өндөр болсон сураг ч энэ хавиас сонсогдлоо. Зургадугаар сараас намар болж, наадам шингэртэл морь мэддэг, дүйтэй нэгнийг цалинжуулахад арав гаруй сая төгрөг зарцуулдаг тухай яриа байна. Тиймдээ ч Батболд өөрийн арга барилаар хурдан хээр морио сойж буй нь энэ гэнэ.

Энэ амны баруун хойд захын уяан дээр 40 орчим хурдан морь сойсон нүсэр гал байх нь тод манлай уяач, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийнх. Тод манлайнхтай бас нэгэн тод манлайнх айлсан буй нь Э.Эрдэнэчулуун. Өвөрхангай гаралтай хоёр тод манлай өглөө Улаанбаатарын зүг хөдөлсөн бөгөөд Г.Батхүү гишүүн Цагаан хөтөлийн сунгаанд оролцоогүйгээрээ онцлог байлаа. Саяхан болсон дунд сунгаанд оролцож их сунгааг хүлээн буй нь энэ аж. УИХ-ын гишүүн Г.Батхүү гал дээрээ байрлаж буй бөгөөд таван ханатай дүнэгэр цагаан гэр барьжээ. Хоолны гэр, унаач, уяачдын гэр гэж барьсны зэрэгцээ том чингэлэг, хэд хэдэн жийп тэдний галыг чимнэ. Зүүн жигүүрийн улаан халзтай таван ханат нь Э.Эрдэнэчулуун тод манлайнх байлаа. Эртлэн боссон томцуул нь үдээс өмнө дугхийж өдрийн ажлыг ихэвчлэн хүүхдүүд амжуулдаг бололтой. Гийнгоо хадаан морьдоо хөдөлгөхөөс эхлээд шавших, услах, ундны ус, түлээ мод бэлтгэх гээд хүүхдүүд тун завгүй. 

Энэ галаас цааш хөдөлбөл манлай уяач Түвдэн агсны хүү алдарт уяач Т.Батцоожийнх ганц гэрээр байх нь тааралдана. Сүүлийн үед бага залуу насны морьдын уяа сойлгийг тун ч сайн тааруулж буй Т.Батцоож алдарт уяач өнөө жил ч нас насны морьд сойжээ. Харин “Налгар” амралтын газрын наад аманд “Талын хүлэгч” галын улсын алдарт уяач Н.Даш-Өлзий ганц гэрээр буусан байна. Цөөн тооны гүү саяхан барьсан бололтой унага нь зэлнээсээ зулран байх. Мөн л нас насны арав гаруй хүлэг сойсон харагдана. “Талын хүлэгч” галыг тарсан тухай мэдээлэл саяхан цацагдаж байсныг түүнээс асуухад мэдээлэл худлаа болохыг баталж байв. Энэ галын уяачид Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь аймгуудад бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын наймнаас нэгдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Жил бүр “Талын хүлэг” гал энэ аманд гардаг байсан бөгөөд галын уяачдын морь олширсноос ийн тарж нүүсэн гэнэ. Харин Н.Даш-Өлзий гуай галынхаа шавыг тавьсан энэ газарт байнга гардаг бөгөөд худаг гаргаж урд уулан дээрээ хийморийн овоо босгон тахижээ. Мөн зарим уяачдынх нь морь өнгөрсөн жил уралдааны замаас хадуурч энэ ам руу гүйсэн болохоор ганц нэг нь Цагаан хөтөлөөс зүүн тийш барианы зурхай хүртэлх зам дагуу зусч байгаа аж.

Галзуу харын худагийн урд уулын бэлээр ийн уяачид 40 гаруй гал болон гарсан байгаа бол Цагаан хөтөл орчимд бараг 100 орчим уяачийн гал байна. Хамгийн баруун талд “Макс”-ын гал байхаас эхлээд сүүлийн үед олны хараанд өртөөд буй аймгийн алдарт уяач Т.Ихбаяр ойролцоогоор 70 орчим морь сойж байна. Тэрээр “Хүй мандал” гал уяандаа нутаг усныхнаасаа эхлээд Монголын томчуулын хурдан ажнайг ийн нэг дор сойж байгаа нь энэ юм байна. Түүний 2013 онд нэг түрүү, 13 айраг авсан амжилт нь залуу гэлтгүй буурь заасан уяачдыг ч эмээхэд хүргэж байгаа гэлцэх.

 Цагаан хөтөлийн баруун хэсгээр Ховд, Баянхонгор, Увс, Завханы зүгийн уяачид улсын алдарт уяач Б.Ерөөлтийг бараадан бууцгаажээ. Мөн хонгор азаргаа Их хурдад айрагдуулж, төвийн бүсийн хурдад торгон жолоо өргүүлсэн Дамбын Баяраа, хурдан хүрэн үрээгээ төвийн бүсэд айрагдуулсан Батмөнхийн Шагдаржав, хурдан буурал морьтой Шаравын Мөнгөншагай нарын уяачид гал, галын тоог нэмэн хол саахалтын зайтай хаяа хатгацгаасан байна. Олноо Дугараа хэмээн авгайлах болсон Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, улсын Манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий өнгөрсөн жил зургаан  түрүү, найман  айраг авсан амжилтаа эвдэхээр бэлтгэж байна. Хурдан мориндоо зориулан сүүдрэвч, асар барьсан ганц айл тэднийх байлаа. 

Даага, соёолонгийн сунгаа будлиантай болж, хэд хэдэн хүүхэд унажээ

Энэ өдрүүдэд хоёр хоногийн зайтай сунгааг уяачид зохион байгуулж буй бөгөөд баасан гаригт уяач Т.Ихбаяр даага, соёолон насны морьдоо сунгах санал гаргаснаар ийн Цагаан хөтөлийн арын дэнжид уяачид нийлцгээжээ. Энэ сунгаанаас бас Хүй мандалын хөндийд айлссан уяачдыг ажиглахад өнөө жилийн наадам тун ч өтгөн болох шинжтэй. Сунгаанд 70 гаруй соёолон, 100 орчим даага уралдаж байгаа нь үүнийг илтгэнэ. Өвөрхангай аймгийн хойд болон Архангай аймгийн урд биеийн сумдын уяачид улсын наадмын түрүүг зүүдэлж ирснээсээ хойш тунчиг амь нэгтэй байгаа гэдгийг хавийн хүмүүс хүүрнэцгээж байна. Тэд гурав хоногийн өмнө ирцгээж гэр ч барилгүй уяа хатган “Портер” машиндаа амьдарцгааж байгаа сураг байна.  Үүнийхээ хажуугаар сунгааны хуушуур зарж бэлээхэн ашиг хайцгааж байхтай нь таарлаа.

Уяачид төвийн хэвлэл мэдээллийн байгууллага, зургийн аппарат, телевизийн камераас нүүр буруулдаг болчихож. Улсын баяр, томоохон уралдаануудаас өмнө олон нийтийн хэвлэлээр өөрөө эсвэл мориных нь дүрс цацагдчихвал хар, цагаан хэл ам хүрэх нигууртай гэнэ. Тиймээс улсын баяр наадам хүртэл зураглаачдын дуранд өртчихгүйг хичээж ойр байгаа гэр, хуушуурын палатка, машины цаагуур зугтан орж байна.  Харин баяр наадмын дүн гарсан тохиолдолд өөрийгөө олонд таниулах сонирхол тун их байдаг учир сэтгүүлчдийг урьж залдаг тухай ч тэд ярьж эхэлсэн байна. 

Цагаан хөтөлөөс зүүн тийш Хүй долоон худаг зүгт 17 км явж байж соёолонгийн уралдааныг эхлүүлэхээр ярилцаж тохиролцоод байв. Бараг 30-40 жийп машин хашиж явсан ч газрын цээжинд хүрүүтээ унаач хүүхдүүд эргэхийг санаархаж эхэлсэн юм. Баруун жигүүрийг захлан явсан арваад хүүхэд мориныхоо амыг эргүүлэн гүүглэхэд унаач хүүхдүүдийн бараг хагас нь дагасан нь морьд хоёр тасрахад хүргэсэн. Эзэд нь аль болох цааш нь шахсан ч төдий л холдолгүй  үлдсэн морьдыг эргүүлэхээр болсон юм. Ингээд хоёр тасарсан морьд уралдаж барианд ороход хэний морь түрүүлж байгаа нь тодорхой мэдэгдсэнгүй. Сүүлд хөдөлсөн хэсэг нь гүйцэж түрүүлсээр утга учраа алджээ. УИХ-ын гишүүн асан Р.Буд соёолон насны хоёр ч үрээ хөтөлж ирсэн нь нэлээд хойгуур иржээ. Унаач хүүхдүүддээ 20 хуушуур авч өгчихөөд Улаанбаатарын зүг шууд хөдөлж байгаа харагдсан. Харин хэний морь түрүүлсэн бэ гэхэд нэг хэсэг нь “Макс”-ын уяанаас гэж байхад нөгөө хэсэг нь тод манлай Э.Эрдэнэчулууны үрээ түрүүлсэн гэцгээж байснаар үзүүр, айргийн тавд хурдалсан морьд ч тодорхой болсонгүй. Дааган насны уралдаан ч мөн л дээрхийн ижил будлиантай боллоо.  Хоёр тасарч эргэснээр хэн гээч уяачийн даага өнгөлж байгааг тэнд очсон хүмүүсийн хэн нь ч мэдсэнгүй. Морьдоо дагаж явсан уяачид л өөрийнхөө ажнай хүлгийн сойлго хэр таарсныг барагцаалж мэдэх шиг боллоо. Энэ үеэр дөрөв таван ч хүүхэд унаж зарим нэгнийх нь даага барианы зурхайд биш гүүн зэл рүүгээ давхиж оджээ. 

Хүүхэд унасан тухай асуудлаар туслах уяачид тойрч суугаад хэсэг хөөрөлдлөө. “Талын хүлэгч” галын бололтой арав орчим насны хүүхэд морьд тасарч эргэхэд унасан тухайгаа өгүүлэхэд “Ийм асуудалтай уралдвал хүүхэд битгий хэл том хүн ч унана. Одоо ч тэгээд хүүхдийн асуудлыг хөндөж, хүний эрх ярьж улс төр хийх гэсэн хүмүүс олон болж дээ. Бага байхад морь унаж байна гэж зүүдэлж босч ирдэг байлаа. Тэр үед чинь одоогийнх шиг хамгаалалт, аюулгүй байдал хангах нь бүү хэл ярьдаг ч үгүй байсан үе. Одоо ч овоо л болоод байна. Хурдан морийг хүүхдээр унуулахгүй гэвэл яах бол. Үс сахал нь өрвийж, дэлэн хөхөө савчуулсан хүүхнүүдээр унуулах гээд байгаа юм байх даа. Хэрвээ тийм зүйл болбол би л лав морь уяж, наадам үзэхгүй. Та нар том хүн бүдүүн хоолойгоор бархирч, хэлээ унжуулсан морьд барианд орж ирж байхыг харах сайхан уу” хэмээн ёжлонгуй ярих нэгэн ч байсан. 

Мэдээж бэсрэг наадам дээр нутаг нутгийн ахан дүүсийн ярилцаж байсан дараагийн асуудал нь “Хэний морь хурдан байх вэ” гэдэг. Уяачдын өгүүлж буйгаар тод манлай Э.Эрдэнэчулуун, “Макс”-ын гал, “Талын хүлэгч” галын морьдын уяа жигдэрч тэр дундаа бага залуу морьдынх нь хөл чанга байна гэцгээж байсан. Тэгвэл улс төрийн хүрээнээс “Мон Уран”-ы буюу УИХ-ын гишүүн Б.Наранхүү, сайд Д.Бат-Эрдэнэ, Ч.Улаан гээд улсын наадмын айргийг авдгаараа уламжлал болчихсон гээд хэлчихэж болох уяач улстөрчдийн морьдыг өнгөтэй байна гэлцэж байсан. 

Хүй мандалын хөндийгөөр бүтэн өдрийн турш бэдчиж “Танайд өнжье” булангаа бэлтгэхэд ийм сонин сайхантай байлаа. Жил жилийн наадмаас өнөө жилийн баяр бүр ч өнгөтэй, өтгөн сайхан болох бололтой. Барианы зурхайд баяр наадмын бэлтгэл ажлыг базаагсад хийгээд хурдан буянаа сойх уяачдын морьд өнөөдөр өнгөтэй байна. Чухам хэн гээч аавын хүүгийн хурдан ажнай торгон жолоо өргүүлэхийг харахад хэдхэн хоног үлдлээ. 

Л.МӨНХТӨР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН