Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Эрвээхэй 14 хоногийн настай амьтан DNN.mn

Дэлхий дээр 170-180 мянган эрвээхэй байдаг гэж үздэг ч жил бүр хэд хэдэн төрлийн эрвээхэй энэ тоон дээр нэмэгддэг. Үүний 10 хувийг өдрийн эрвээхэй эзэлдэг. Өдрийн эрвээхэйнд 17-18 мянган зүйл багтана. Монголын хувьд эрвээхэйн 300 гаруй зүйл байдаг аж. Монголоос шинэ шинэ зүйлийн эрвээхэй их нэмэгдэж байгаа юм. Эрвээхэйн төрөл зүйлийг нэмж олохын тулд судалгааг сайн хийх хэрэгтэй аж. Монголын хамгийн гоё эрвээхэйнээс дурдвал папилио махаон буюу морин эрвээхэй, парнасиус номион, парнасиус аполло зэрэг ордог байна. Эрвээхэй нь дөрвөн үе шаттай амьдралын мөчлөгтэй, ихэнх шавжны нэгэн адил тэд бүрэн хувиралд ордог. Эрвээхэй нь цэцгийн балаар хооллодог бол төөлүүр нь өөр өөрсдийн тэжээлийн ургамал дээр амьдардаг онцлогтой байна.

Эр, эм эрвээхэйг хооронд нь ялгахдаа төрөл бүрийн аргаар ялгадаг аж. Халуун орны эрвээхэйн хувьд өнгө нь өөр байдаг бол Монгол орны эрвээхэйнүүдийг биеийн бүтцээр нь ялгадаг. Ихэнхдээ эм эрвээхэйнүүд том, эр эрвээхэйнүүд жижиг байдаг аж.

Эрвээхэй нь халуун оронд хамгийн их байдаг. Тухайлбал, Монголд зургаа, долоо, наймдугаар сард л байж чаддаг. Зарим үед цөөхөн хэдэн зүйлийн эрвээхэй үр хөврөл нь богинохон байдаг учраас хоёр удаа нисэж гардаг. Бусад нь бол нэг л удаа ихэнхдээ хавар нисэж гардаг. Тиймээс Монгол орны хувьд эрвээхэйн төрөл зүйл бага бол халуун орны хувьд гайхамшигтай олон, өнгөний хувиралтай байдаг байна. Тиймээс эрвээхэйг цуглуулж сонирхдог хүн олон байдаг. Ер нь шавьж дотроо хамгийн гоё, үзэсгэлэнтэй нь эрвээхэй юм.


Эрвээхэйг дэлгэж хатааж мэргэшсэн хүмүүс манай улсад тийм ч олон байдаггүй юм байна. Иймээс бид мэргэжлийн биологич Ц.Одбаяртай уулзаж эрвээхэйн талаар ярилцлаа.


-Та эрвээхэйг хэрхэн сонирхож, хоббигоо болгож эхэлсэн талаараа хуваалцаач?

-Намайг 12 настай байх үед манайх Баянбулагийн зусланд гардаг байсан юм. Тэр үед гар утас, компьютер тоглоом байхгүй учраас уул, гол руу очдог байлаа. Нэг удаа ууланд явж байх үед улаан цэгтэй их гоё цагаан эрвээхэй хараад барих гээд араас нь дагаж нэлээд хөөцөлдөж байгаад цамцаараа дараад барьж авсан. Парнассиус номион гээд Монголын уулархаг газар хамгийн түгээмэл байдаг зургаан төрөл зүйлтэй парнассиусын нэг төрлийг барьж байсан юм.

Тэр эрвээхэйг харчихаад хөөх ямар гоё юм бэ, ийм сайхан байдаг юм уу гэж багаасаа амьтан сонирхдог байсан учраас эрвээхэйг зүүгээр хатгаж хадгалдаг гэж мэдэж байсан. Тэгээд номын завсар хийхгүй, оёдлын зүүгээр хатгаж хадгалж байсан. Дэлхий дээр олон зүйлийн эрвээхэй байдаг ч гэсэн одоог хүртэл надад парнассиус эрвээхэйг гүйцэх төрөл зүйл байдаггүй, энэ төрөлд хамгийн их дуртай. Хамгийн гоё жингүйддэг парнассиус нь өндөр хадан дээгүүр жингүйддэг, их үзэсгэлэнтэй өнгөний олон хувилбартай байдаг.

-Эрвээхэйн амьдралын мөчлөгийн талаар тодруулаач?

Хүмүүс эрвээхэйг хаа сайгүй нисэж, үргэлж байдаг гэж боддог ч эрвээхэй нь 14 хоногийн настай амьтан. Эрвээхэй болтлоо урт удаан хугацааг туулдаг. Монголын хамгийн том эрвээхэй шар будааны тал шиг хэмжээний өндөг гаргадаг бол жижиг эрвээхэй элснээс жижиг өндөг гаргадаг. Өндөг хагарч авгалдай гарч хооллож томордог бол ихэнх нь хүүхэлдэй болж амжихгүй авгалдайгаараа өвөлждөг. Ирэх хавар нь гарч ирж нэмж хооллож томроод гуужиж хүүхэлдэй болдог. Гуужих бүртээ томордог юм. Хүүхэлдэй болж байх үедээ төөлүүр эрвээхэй болох процесс явагдаж эрвээхэй дэлгэгдэн гарч ирдэг. Эрвээхэй үржилд ороход ихэнхдээ эр эрвээхэйнүүд хаа сайгүй эмэгчингээ хайж нисдэг бол эмэгчингүүдийн хувьд бэлгийн гормон гаргаж навчин дээр нисэлгүйгээр сууж байдаг. Тэдний үүрэг бол ийм л байдаг аж. Эрвээхэй нисэж эхэлсэн эхний долоо хоногт өнгө нь их өнгөлөг, тод байдаг бол хоёр дахь долоо хоногоос эхлэн өнгө нь наранд гандаж, салхин, бороо, ургамлын навч, ишинд далавч нь урагдаж сэмэрдэг. Гурав дахь долоо хоногоос гандаж, сэмэрч тодорхойлж болохооргүй хэмжээнд очиж үхэж дуусдаг.

-Одоогоор таны цуглуулгад хэчнээн төрлийн эрвээхэй байна вэ?

-Би Москвагийн их сургуулийг амьтан судлалын мэргэжлээр төгссөн. Оюутан байхаасаа эрвээхэйг хоббигоороо цуглуулж ирсэн, одоогоор миний цуглуулгад Монголын 200 гаруй зүйл, халуун орны 300 гаруй зүйлийн эрвээхэй бий. Шинжлэх ухааны талаар харж үзэж буй учраас энгийн хүний нүдээр эрвээхэй хаа сайгүй л байгаа юм шиг санагддаг. Хүн харахдаа хамгийн элбэг байдаг эрвээхэйг л хардаг. Жижиг шавар, бутан дээр суудаг чигчий хурууны эхний үе шиг хар, цэнхэр эрвээхэйг тоодоггүй. Энэ нь л хүнд баригддаггүй ховор төрөл зүйлүүд байдаг.

Монголын хамгийн том халуун орны эрвээхэйн цуглуулга надад бий гэж боддог. Анх хичээлийн дагуу Москва дахь Дарвины музейд халуун орны янз бүрийн өнгөтэй эрвээхэйг үзээд хөөх ийм амьтан байдаг байх нь ээ гэж бодож байсан. Дараагаар нь ОХУ-д хамт сургууль төгсөж байсан найз нар маань Монголд судалгаа хийх гэж ирэхдээ надад цөөхөн хэдэн эрвээхэй авчирч өгч байсан юм. Түүнээс хойш эрвээхэйг гаднаас худалдаж авч цуглуулдаг болсон. Одоо тооцоолж үзэхэд халуун орны эрвээхэйнд 30 гаруй мянган ам.долларыг зарцуулсан. Нэг жилд бүгдийг цуглуулж авахгүй шүү дээ, тав, 10, 30-аар нь цуглуулж байсан. “Ковид-19” цар тахлын дараагаар дэлхийн зах зээлд эрвээхэйн үнэ асар өндөр болсон. Тиймээс эрвээхэйг гаднаас худалдаж авахад хэцүү болсон. Миний цуглуулж байсан үеийн эрвээхэйн үнэ 2-3 дахин өссөн байна.

-Эрвээхэйг дэлгэж хатаах нь ямар ач холбогдолтой вэ?

-Шинжлэх ухаанд шавжин дотроо хамгийн их цуглуулгатай хүмүүс сонирхогчид байсан. Учир нь юм сонирхдог хүн цуглуулгынхаа төлөө юу ч хийсэн чаддаг юм. Чингис хааны музейгээс харахад хэдэн хувь нь хувь хүний цуглуулгаас авсан гэж байгаа билээ. Тэгэхээр сонирхдог хүний цуглуулгаас л авч байгаа юм. Халуун орны эрвээхэйн цуглуулга маань Монголын хаана ч байхгүй цуглуулга.

-Эрвээхэйг дэлгэж хатаахад эрвээхэйгээ барих нь их чухал шүү дээ. Та хэрхэн барих талаар тодруулаач?

-Эрвээхэйг барихын тулд дөнгөж өндөгнөөсөө гарч эхэлсэн үед, мөн идэш тэжээлийн ургамал нь цэцэглэх үед эрвээхэй балаа авч амьдардаг учраас тэр үеэр очвол барьж чадна. Тэгэхээр ямар нэгэн амьтан шавжийг үржлийн үе, гарч ирж буй үеийг тааруулж барьдаг. Би Монголын эрвээхэйг оюутан байхаасаа цуглуулж байгаад завсарласны эцэст сүүлийн 20 жил эрчимтэй явж цуглуулж байна.

-Эрвээхэйг хэрхэн дэлгэж хатаадаг вэ?

-Эрвээхэйг дэлгэж хатаахдаа байгаль дээр араас нь хөөж байгаад сачокоор барьж авч эрвээхэйг бүтэн байна уу, уранхай байна уу гэж хардаг. Хэрвээ уранхай бол тэр эрвээхэй хэрэггүй учраас буцаагаад тавих юм. Бүтэн эрвээхэйг барьж авсныхаа дараа цээжин хэсэгт нь гараараа зөөлхөн базах үед эрвээхэй далавчаа дэвэхгүй, хөдөлгөөнгүй байдалд ордог юм. Хөдөлгөөнгүй болсон үед гурвалжин цаасан пакетанд хийж, тусгай саванд хийх хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол эвдэрч, гэмтэх магадлалтай. Хөдөө хол явж байвал өдрийнхөө барьсан эрвээхэйг хөвөн матрасанд тэмдэглэж тавих ёстой. Хаяггүй бол хаанаас, хэзээ барьсан нь мэдэгдэхгүй учраас хаяглаж тэмдэглэх хэрэгтэй. Шинжлэх ухаанд ямар ч амьтныг барьсан хаягладаг. Матрасандаа хийгээд хөгцрүүлэхгүйн тулд цаасан, модон чийг нь авч болох саванд хийж авчирна. Үүний дараагаар чийгтэй орчинд шилэн саванд, нойтон элс зэрэг дээр тавибал хатсан байсан хэлбэрээсээ дэвтдэг юм. Тэр үед зориулалтын шавьж хатгадаг зүүгээр хатгаж, тусгай дэлгэдэг тавцан дээр дэлгэж тавьдаг. Дэлгэдэг хавтангүй бол хөөсөнцрөөр ч хийж болох юм. Youtube дээрээс хайж үзвэл олон бичлэг бий.

Categories
булангууд мэдээ нийгэм сав-шимийн-ертөнц

Хамгийн эртний хөхтөн амьтан 225 сая жилийн өмнө амьдарч байсныг эрдэмтэд тогтоожээ DNN.mn

Манай дэлхийн хамгийн эртний хөхтөн амьтан 225 сая жилийн өмнө амьдарч байсныг хэсэг эрдэмтэд палеонтологийн олдвор дээр үндэслэн тогтоожээ.

Ингэснээр өмнө нь тогтоосон хугацааг 20 сая орчим жилээр урагшлуулж байна. Brasilodon quadrangularis нэрээр шинжлэх ухаанд тэмдэглэсэн хамгийн эртний хөхтөн амьтан нь 20 см урт биетэй байжээ.

Энэ амьтан 225 сая жилийн өмнө буюу зарим эрт үеийн үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан байна. Шинэ нээлт нь орчин үеийн хөхтөн амьтдын үүсэл хөгжил, хувьслыг судлахад чухал ач холбогдолтойг Бразил, Их Британийн эрдэмтэд онцолжээ.

Судалгааг Лондон хотын Байгалийн Түүхийн Музей, Эзэн Хааны Коллеж, Бразилын Порто-Алегре хотын Рио Грандын Холбооны Их сургуулийн эрдэмтэд хамтран гүйцэтгэж, тайлангаа “Journal of Anatomy” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Brasilodon quadrangularis-ийг өмнө нь хөхтөн амьтан биш, хэвлээр явагч гэж буруу ангилж байсныг энэ удаагийн судалгаагаар зассан юм байна.

“Хэвлээр явагчдын шүд амьдралынхаа турш олон удаа солигддог. Харин хөхтөн амьтны шүд ердөө хоёр удаа л ургадаг. Эхнийх нь сүүн шүд, дараа нь байнгын шүд ургана. Үүгээрээ хөхтөн амьтан ялгаатай” гэж судалгааг ахалсан профессор Марта Рихтер тайлбарлажээ.

Бразилын нутгаас олдсон хэд хэдэн үлдэгдэл яснаас шүдний онцлог, ялгааг нь нарийвчлан судалснаар хөхтөн байсан гэх дүгнэлтэд хүрсэн байна.

“Энэ нь маш жижигхэн хөхтөн амьтан байсан бөгөөд бидний мэдэх хамгийн эртний үлэг гүрвэлүүдийн сүүдэрт газар нүхэлж амьдардаг байсан бололтой” гэж Рихтер ярьжээ.

Эрдэмтэд энэхүү нээлтдээ таван жил гаруй хугацааг зарцуулсан байна.

Эх сурвалж: CNN

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Э.Сэлэнгэ: Хон хэрээ их ухаантай, бас эрх DNN.mn

Э.Сэлэнгийн тэжээдэг байсан Цагаанаа нэртэй хон хэрээ


“Хар хэрээ гуаглалаа, муухай юм аа…”, “Хар хэрээ шиг тас хар юм”, “Хэрээ шиг пөөнийсөн юм чинь…”, “Хэрээ шиг дотортой” гэж ер нь тааламжгүй юмаа хэрээтэй зүйрлэх хандлага бий. Ер нь хэзээнээсээ монголчууд хэрээнд дургүй болсон нь тодорхойгүй. Гэтэл үүх түүхэнд хэрээтэй холбоотой баримтууд бий. Эрт үед бөө зайрангуудын хэлмэрч нь хэрээ байсан гэдэг бөгөөд үүнээс үүдэж хэрээг тэнгэрийн хэлмэрч гэдэг байжээ. Харагдах байтал нь хар ч авчирдаг хэл нь цагаан. Ёр бэлгээрээ хунгаас цагаан гэх нь ч бий. Тэр ч бүү хэл үнэнч хайрын бэлгэдэл хун шувуу гэдэг ч яг амьдрал дээр хэрээ шиг үнэнч шувуу байдаггүй гэнэ.

Ижил хосдоо, өсгөсөн эзэндээ хэрээ шиг үнэнч, найрсаг шувуу байдаггүйг хэрээ сонирхогч, тэжээгчид ярьж байна. Хун шувууг гоо үзэсгэлэнтэй хэмээн биширдэг ч яг тулбал муухай ааштай, уур нь хүрвэл ганц дэвэлтээрээ жижиг амьтныг хөнөөх чадалтай авир муутай жигүүртэн. Гэтэл хэрээ харагддагаасаа огт өөр, найрсаг, эрх, нялуун шувуу юм байна. Нялх ангаахайгаа тэжээхээс гадна сүргийнхээ гэмтэж бэртсэн юм уу, өтөлж хөгширсөн хамаатны хэрээнүүдээ ч асарч, хооллодог халамжтай, гэр амьтай, нийтэч амьтан юм байна.

Дэлхий дээр хэрээний овогт багтах 20 төрөлд хамаарах 100 зүйлийн шувуу бий. Хэрээ байгальд амьтны сэг зам, жижиг сээр нуруутан, шавьж, ургамлын үр, тариагаар хооллодог. Хавар бусад шувуудаас эрт өндөглөнө. Хосоороо буюу сүргээрээ мод бут, бургас, хадан цохио, байшин барилгуудад үүрлэн 3-9 ширхэг өндөг гаргана. Энэ овогт багтдаг шувууд ухаалаг байдгаараа онцлогтойг шувуу судлаачид тэмдэглэжээ. Өөрийн үүрэндээ таалагдсан элдэв чамин өнгөтэй, гялалзсан шил, толь, гялтгасан эд зүйлс, зүүлт мэтийг авчирч хадгалан өмчирхдөг нь бусад шувуудаас ялгагддаг нэг өвөрмөц зан араншин нь юм.

Хэрээнийхэн овгоос Монгол оронд 12 зүйл шувуу нь нутагладаг. Үүнээс бидний хамгийн сайн мэддэг нь хон хэрээ, хар хэрээ, шаазгай юм. Үргэлж гүйдэг хул саарал өнгөтэй хулан жороо, самар иддэг самарч, ятга шаазгай, улаан хошуут гээд хэрээний овогт багтдаг олон шувууд байдаг. Хэрээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг тэр чигээр нь, Ази, Америкийн талд тархан хаа сайгүй амьдардаг. Харин саарал хэрээ Монголд бараг байдаггүй. Монголын судлаачдын хэмжиж байснаар хамгийн том хон хэрээ 1.8 кг жин хүрч байжээ. Хэнтий аймгаар нутагладаг хэрээнүүд харьцангуй том, биерхүү байсан нь энэ судалгаагаар тогтоогджээ.

Хэрээ хосоороо амьдардаг. Нэг хостойгоо энэ насаа элтэл хамт, насан туршдаа амьдарна. Нэгнээ үхвэл араас нь үхдэггүй. Харин ч үр удам, ирээдүйгээ бодон хажуугийн хосоо бараадан эзэмшил нутгаа нэгтгээд, ангаахайнуудаа хамтран тэжээдэг бөгөөд харин дахин өөр нэгэнтэй ханилдаггүй, үлдсэн амьдралаа бэлэвсэн чигээрээ өнгөрөөдөг үнэнч шувуу аж.

Хэрээ өндөр мэдрэмжтэй, зөнч учир дэлхийн аль ч орны бөө, удган, зайрангууд ихэд хүндэтгэдэг бөгөөд онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршиж хүссэн газартаа нисч явдаг хэмээн үзэх нь бий. Эрдэмтэд хэрээний ухааныг судлаад аливаад дасан зохицох өндөр чадвартай хэмээсэн байдаг. Хүмүүс 33 авиа ашиглаж хоорондоо ярилцаж, харьцдаг бол хэрээ 46 орчим авиа гаргаж өөр хоорондоо харьцдаг. Ангаахай байхад нь хэрээний дуу авиаг ялгах боломжгүй бөгөөд томрох тусам нь дуу хоолойнд нь авианууд нэмэгддэг гэнэ. Хэрээ урт насална. Хүний насаар тооцвол 45-60 жил амьдарна. Хэрээ өндөглөөд 21 орчим хоногийн дараа ангаахай нь гарч ирнэ. Хэрээ жил болгон шинэ үүр засдаг бөгөөд түүний хуучин үүрийг шонхор, сар шувууд эзэмшдэг.

Монголд хэрээ сонирхогч, тэжээгч, судлаач олон бий. Тэд цахим орчинд нэгдэж хэрээний тухай мэдээллээ солилцдог хэд хэдэн фэйсбүүк бүлгэмтэй.


Хэрээ сонирхогч Э.Сэлэнгэтэй ярилцлаа. Тэрээрээ Цагаанаа гэх хон хэрээ тэжээж байсан туршлагатай нэгэн.


-Та хон хэрээ тэжээж байжээ?

-Тийм ээ. Би хот сууринд байдаггүй, хөдөө хээр амьдардаг хон хэрээ тэжээдэг байсан. Хон хэрээ их эрх юм билээ. Хүнд дасахаараа эрхлээд л байна. Илүүлэх дуртай. Яг л нохой шиг ирж наалдаад эрхлэх дуртай. Өлсөхөөрөө гуаглаад л хоолоо нэхээд идчихнэ. Манай Цагаанаа усанд орох их дуртай. Шүршүүрт их

оруулдаг байсан. Хон хэрээ гэж энэ шувуу надад их л эрх санагдсан даа.

-Хон хэрээ биеэрээ бусад хэрээнээс их том гэнэ?

-Хон хэрээ бусад энгийн хэрээгээ бодвол биеэр том. Нэлээд үсэрхэг, өд ихтэй. Хүнд их дасамтгай хөөрхөн амьтан юм билээ. Энгийн, суурин хэрээг харж л байсан. Манай найз далавч нь гэмтсэн хэрээг хашаандаа тэжээж байсан. Тэр хэрээнээс өөр л юм билээ. Миний хон хэрээ ангаахай байсан юм. Тэгсэн хэрнээ том биетэй байсан.

-Одоо Цагаанаа хаана байгаа вэ?

-Би хон хэрээгээ Цагаанаа гэдэг байсан юм. Байранд амьдардаг болохоор манай хөрш “Хэрээ чинь муухай орилоод байна” гэж уурлаад байсан болохоор Хэрээ сонирхогчдын группийнхээ охинд өгчихсөн. Одоо тэр охин хэрээг маань тэжээж байгаа.

Хэрээ хүмүүсийн боддогоос эсрэгээрээ их ухаантай, бас эрх.

-Хэрээг яаж хооллодог вэ. Юу иддэг вэ?

-Өдөрт 4-5 удаа хооллоно.

Түүхий, бараан мах өгнө. Заримдаа малын элэг өгдөг. Саванд ус хийгээд тавьчихаар өөрөө уучихдаг. Их хөөрхөн дэгдэж явдаг. Бас маш үнэнч шувуу. Хэрээ сонирхогчид ярьдаг юм, нэгэн бодит болсон явдал л даа. Архангай гэл үү дээ хөдөө аймагт нэг эмээ далавч нь гэмтсэн хэрээ ирэхээр нь асарч тэжээж эдгээжээ. Эмээ, хэрээ хоёр гадаа модон дээр хамт сууж өдрийг өнгөрөөдөг байсан байгаа юм. Гэтэл тэр эмээгийн бие муудаад хот руу хүргэгдэж ирээд хагалгаанд орох болсон гэсэн. Тэгтэл эмээгийн хэвтэж байсан эмнэлгийн цонхны гадаа модон дээр өнөө хэрээ нь ирээд гуаглаж байсан гэж ярилцдаг юм билээ. Бодит болсон явдал л даа. Эзэндээ их үнэнч, хэл мэдээ сайн хүргэнэ. Хэрээ их олон янзаар гуагладаг шүү дээ. Хэрээ өдөр, өглөө, шөнө хэдийд гуагласнаар нь ямар мэдээ ирж буйг урьдчилж мэдэх

боломжтой гэж номтой хүмүүс шинждэг юм билээ.

-Хэрээг гэрт тэжээхэд сул байлгах уу, эсвэл тор бэлдэх үү?

-Торонд байлгахгүй. Манайд анх авчрахад эхлээд би голын өрөөндөө паарны ойролцоо цаасан хайрцагт байлгадаг байсан. Сүүлдээ пааран дээр суудаг болоод яваандаа тэр хавиар дэгдгэнээд явдаг болчихсон. Уяад юмуу, торонд байлгахаар гуаглаад байдаг. Тийм юманд жаахан дургүй. Чөлөөтэй байх дуртай санагдсан. Сангас их гаргана аа. Байгальдаа бол тэр нь шингэнэ. Гэтэл байранд учраас хана болон өөрийгөө завааруулах гээд байдаг. Тийм болохоор өдөр болгон шүршүүрт оруулах ёстой юм билээ. Хүйтэн бүлээн шүршүүрт оруулчихдаг.

Categories
булангууд мэдээ нийгэм сав-шимийн-ертөнц

Тэнгэрийн гоо үзэсгэлэнг илэрхийлэгч согоо || DNN.mn

Согоо бол монголчуудын хувьд эмэгтэй хүний гоо төгс бие хааг зүйрлэдэг нэг амьтан билээ. Сайхан эмэгтэйг “Согоо шиг сайхан”, “Манай ангийн согоо”, “Сургуулийн согоо байлаа” гэж зүйрлэж ярьдаг. Эрчүүд аятайхан эмэгтэй байвал “Согоо, согоо. Ярих юмгүй сайхан амьтан” гэлцдэг. Согоотой зүйрлэгдэж буй эмэгтэйчүүд нь ихэвчлэн урт гуалаг хөлтэй, зэгзгэрдүү, тэгш бие хаатай, хөнгөн алхаатай, том алаг нүдтэй байх нь бий. Тэгвэл согоо гэж яг ямар амьтан бэ. Яагаад олон амьтдаас эм буга ийнхүү сайхан эмэгтэйн бэлгэ тэмдэг болов?


Согоог ариун амьтан хэмээн шүтдэг

Зарим улс оронд бугыг шүтдэг ард түмнүүд бий. Тэр дундаа согоог ариун савтай (умай) амьтан гэж шүтдэг. Алтайн нүүдэлчин овог аймгууд бугыг ариун шүтээн амьтан гэж хүндэтгэдэг бөгөөд тэнгэрт бугын сүрэг амьдардаг. Тэнгэр дэх тэдгээр бугын сүргээс дэлхий дээрх амьдрал үүссэн гэж үзэж, хүн нас барахаар сүнс нь тэнгэр рүү, бугын сүрэг рүү очиж нийлдэг гэж домог болгон ярьдаг юм байна. Согоог тэнгэрийн гоо үзэсгэлэнг газарт, дэлхий дээр харуулах гэж дөрвөн туурайгаараа зөөлхөн гишгэдэг хэмээн магтдаг аж. Эвэртэй гоо үзэсгэлэнг агнахыг ахмад анчид нь хойч залуу үедээ хатуу хориглодог бөгөөд “Хэрэв хоёроос дээш тооны Алтайн бугыг алах аваас тэнгэр ниргэнэ” гэж сургадаг юм байна.

Эм бугыг Doe, Hind, Cow гэх нэршлүүдээр ангилж ялгадаг

Эм бугыг ерөнхийд нь Doe, Hind, Cow гэх гурван нэршлээр ангилж ялгах нь бий. Эм буга төрөл, хэмжээ, газарзүйн байршил зэргээсээ хамаарч өөр өөр. Дое гэдэг нэршлийг ихэвчлэн нас биед хүрсэн эм бугад хэрэглэдэг бөгөөд хамгийн түгээмэл нэр юм. Hind гэдэг нь том зүйлийн эмэгчинд хэрэглэгддэг нэр. Ихэвчлэн сика согоог ингэж нэрлэх нь бий. Харин cow гэдэг нь хандгай, эсвэл цаа буга зэрэг том бугуудын эмэгчингийнх нь нэр. Зарим төрлийн эм буганы эврийн оронд бөөгнөрсөн үс гэмээр овойсон ноос байдаг бол Хятадын усан бугын эрэгчин, эмэгчин аль аль нь эвэргүй боловч соёотой байдаг. Гэхдээ эмэгчний соёо эрэгчингээсээ бага. Зарим төрлийн эм буганд эвэр ургадаг. Ховор тохиолдолд согооны тестостерон (эрэгчний бие махбодыг зохицуулдаг гол даавар)-ы түвшин өндөр байвал эвэр ургадаг гэнэ.

Согооны биеийн жин 120-130 кг

Бие гүйцсэн эр бугын биеийн урт 213-247 см бол согооных 193-232 см. Согооны биеийн жин дунджаар 120-130 кг юм байна. Дайрын биеийн жин 250-345 кг сэрвээний өндөр дайрт 142-165 см, согоонд 124-152 см байна. Зөвхөн эр нь эвэртэй. Эврийн урт нь 1.5 метр, далайц 1.3 метр хүрнэ. Нас ахих тутам эвэр уртсаж, хүчирхэг болно. Эврийн хөгжил 5-6 настайд гүйцэх бөгөөд 10-12 насны дайр хамгийн хүчирхэг эвэртэй байх ба үүнээс хойш хөгшрөлтийн шинж илэрнэ. Эврээ хавар 3-4 сард гээж, намар дуудлагын өмнө шинэ эвэр ургаж гүйцнэ. Ховор тохиолдолд 18 салаа эвэртэй буга тааралдана.

Тархацын хувьд Монгол орны ой модтой бүх нутгийн хэмжээнд буюу Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы салбар уулсын тайга, ойт хээр, мөн хээрийн бүсийн зарим нутгийг хамарч, бараг 500 мян.ам дөрвөлжин км нутгийн хүрээнд буюу 14 аймгийн 140 гаруй сумын дэвсгэр нутагт аль нэг хэмжээгээр тархан нутагладаг. Зуны улиралд өвслөг, өвөл хаврын улиралд модлог, бутлаг ургамал, намар төрөл бүрийн жимс жимсгэнэ, мөөг зэргээр хооллоно. Ороо хөцөө 9-10 дугаар сард болно. Бугын дуудлага нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талын үүрэгтэй. Хээлээ тээх хугацаа 230-258 хоног. Согоо 5-7 дугаар сард голчлон нэг илий гаргана. Ихэрлэх нь ховор.

Бугын тоо толгой зохистой үедээ ойн экосистемд ач тустай байдаг. Жишээ нь, туурайгаараа газар гишгэлснээр хөрсийг ил гаргаж, шотланд нарс гэх мэт ургамлын үр соёолох нөхцөл бүрдүүлдэг. Өвс ургамал идсэнээрээ ургамлын зүйлийн олон янз байдал баяжихад тустай байдаг. Буга ойтой газар төдийгүй ил задгай газрын байгаль орчинд бас чухал үүрэгтэй.

Согоо ба монголчууд

Бугыг нас урттай хэмээн эртнээс нааш гарал үүслийн онгон сүлдээ болгон шүтэж ирсэн заншил монголчуудад бий. Тийм учраас агнаж устгасан хүний амь насанд цөвтэй хэмээдэг нь эхэнд дурдсан Алтайчуудтай төстэй юм. Хурдан морины цол дуудахад “…Согоо сайхан чихтэй” гэдэг нь энэ амьтан ямар соргог, болгоомжтой сонор чихтэйг нь магтсан хэрэг юм. Согоо буюу маралтай холбоотой домог түүх, дуу хуур монголчуудад элбэг. Хамгийн түгээмэл мэддэг сурвалж бол “Монголын нууц товчоо”. “Монголын нууц товчоо”…Дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээн нэгэн хөвгүүнийг төрүүлжээ…хэмээн эхэлдэг. Үүнээс үзэхэд буга, согоо гэдэг амьтан яалт ч үгүй тэнгэр үзэлтэй уялдаж байгаа бөгөөд монголчууд эрт үеэс гоо, гуа, гуалаг бүхний охийг согоотой адилтган зүйрлэж ирсэн нь зүгээр ч нэг амны зугаа төдий биш бололтой.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Монгол бөхөнгийн тоо толгой өсчээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2021 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 8-ний өдрүүдэд хийжээ.

.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Улаанбаатар хот орчимд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ

Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг бөгөөд тайгын хамгийн өмнөд захын салбар уулст хамаарах тул тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой.

Нийслэлийн байгаль орчны газраас хөхтөн амьтдын тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тодорхойлох зорилгоор судалгаа хийжээ.

Судалгаагаар Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 58 зүйл хөхтөн амьтан бүртгэгджээ. Энэ нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувийг эзэлж байна. Үүнийг багаар нь авч үзвэл, шавж идэштэн 5, гар далавчтан 5, туулай хэлбэртэн 5, мэрэгчтэн 22, мах идэштэн 14, туруутан 7 зүйл байна. Эдгээрийг Дэлхийн Байгаль хамгаалах холбооны улаан дансны шалгуур үзүүлэлтээр үнэлбэл:

Олон улсын хэмжээнд

  • Анхааралд өртөхөөргүй 86 хувь
  • Ховордож болзошгүй 9 хувь
  • Эмзэг 3 хувь
  • Үнэлгээ хийгдээгүй 2 хувь

Бүс нутгийн хэмжээнд

  • Анхааралд өртөхөөргүй 53 хувь
  • Ховордож болзошгүй 12 хувь
  • Устаж болзошгүй 12 хувь
  • Эмзэг 2 хувь
  • Мэдээлэл дутмаг 15 хувь
  • Үнэлгээ хийгдээгүй 5 хувь байна.

Мөн 2016 онд тэмдэглээгүй Vespertilio murinus – Буурал 5 сармаахай, Spermophilus dauricus – Дагуур зурам, Microtus fortis – Өргөөнч оготно, Myopus schisticolor – Ойн хөвхөлжин, Ovis ammon -Аргаль хонь зэргийг шинээр тэмдэглэж, Халиун буга, Бор гөрөөс, Янгир ямаа, Монгол тарваганы тоо толгой өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа нь өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг илтгэж байна.

Хотжилтоос үүдэлтэй хөхтөн амьтдад учирч буй сөрөг нөлөөллийг тооцоолоход төвийн 7 дүүргийн газар нутгийн 62.5% нь өөрчлөгдсөн буюу амьтад идээшлэх боломжгүй гэж гарчээ. Амьдрах орчны хуваагдал орсон зэрэг үр дүнгээс харахад дараа дараагийн жилүүдэд зэрлэг амьтан нүүдэллэх боломжийг бүрдүүлэх экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ буюу зэрлэг амьтны тархац нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх, ойн сан бүхий газарт газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, зэрлэгшсэн нохойн тоо толгойг зохицуулах, тархац нутаггүй болсон амьтдыг шилжүүлэн нутагшуулах зэрэг арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлжээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Монголд 4000 гаруй аргаль байна

Нүүдэллэн амьдардаг аргалийн тоо толгойг гаргахдаа давхардал үүсгэхгүй үүднээс Монгол болон Оросын талууд харилцан тохиролцсон хуваарь, маршрутын дагуу аргалийн тооллогыг 2019, 2021 оны аравдугаар сарын 22-27-ны хооронд хийлээ.

Тооллогыг явуулахдаа хил орчмын аргалийн тархац нутгийн 90-ээс дээш хувийг бүрэн хамруулж, тааралдсан аргалийг нас, хүйсээр нь ангилан нэг бүрчлэн тоолж, бүртгэлийн тусгай хуудсанд тоологдсон газрынх нь солбицлын хамт тэмдэглэдэг.

Ийнхүү Баян-Өлгий болон Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт нийтдээ 4095 бодгаль аргаль тоологдож Монголын талын аргалийн тоо толгой дөрвөн мянгын босгыг давсан гэдгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Өөр галактикаас анх удаа дэлхийтэй төстэй гариг илрүүллээ

Одон орончид манай галактикаас гаднаас анх удаа дэлхийтэй төстэй байж болзошгүй гариг илрүүлжээ. Ер нь эрдэмтэд Нарны аймаг болон түүний ойр орчмын оддын аймгаас дэлхийтэй төстэй 500 гаруй гариг илрүүлээд буй. Гэхдээ тэд бүгд манай галактик буюу Сүүн замд оршдог юм. НАСА-гийн Чандра рентген телескопын илрүүлсэн дэлхийтэй төстэй гаригийн дохио энэ удаа харин Мессье 51 хэмээх галактикаас иржээ. Энэхүү галактик нь Сүүн замын бүлэг одны орд буюу манай галактикаас 28 сая гэрлийн жилийн зайтай юм байна.

Гариг нь одныхоо урдуур өнгөрөхдөө гэрлийн зарим хэсгийг хааж, дурангаар илрүүлж болох сүүдэр бий болгодог бөгөөд эрдэмтэд рентген телескопоор энэ сүүдрийг нь “барьж авах” замаар шинэ гаригийг илрүүлдэг юм.

Урьд өмнө нь нээгдсэн олон гаригийг энэ л аргаар илрүүлсэн бөгөөд үр дүн нь сүүлийн үед эрс нэмэгдэж, дэлхийтэй төстэй гаригийн тоо ойрын үед 4000-д хүрэх магадлалтай гэнэ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Европ, Японы сансрын хөлөг анх удаа Буд гаригийн гэрэл зургийг буулгаснаа дэлхийд ирүүлжээ

Европ, Японы мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн сансрын хөлөг наранд хамгийн ойрхон оршдог Буд гаригийн гэрэл зургийг анх удаа дэлхийд ирүүлсэн тухай Европын Сансрын Агентлаг өчигдөр мэдээлжээ.

Зургийг ирүүлсэн BepiColombo хөлгийг гурван жилийн өмнө Ariane 5 пуужингаар сансарт хөөргөж байв.

BepiColombo хөлөг анх удаа Буд гарагийн сүүдэртэй талд ойртохдоо гадна байрлуулсан энгийн камераар хар цагаан зургийг буулгаж чаджээ. Энэ удаа Будын гадаргууд 200 км зайд ойртож чадсан ч ийм зайнаас зураг буулгахад тохиромжгүй байсан тул 1,000 км холдсоныхоо дараа буулгасан гэнэ.

Гэрэл зурагт Буд гарагийн умард туйл орчмын тогоонууд, эрт цагт урсаж байсан лаавын ул мөрнүүдийг тод харуулжээ. BeliColombo хөлөг одоо Буд гарагийн тойрог замд орохын тулд Сугар, Дэлхий гарагуудын тойрог замыг дайрсан маш урт замаар 2025 он хүртэл аялах ёстой.

Энэ хугацаанд дахин таван удаа Буд гарагийн гадаргууд ойрхон нисэж өнгөрөх юм. Учир нь тус гараг наранд ойрхон, нарны татах хүчний хүчтэй нөлөөнд оршдог тул сансрын хөлөг хурдаа сааруулж, тойрог замд нь ороход маш хэцүү байдаг.

BeliColombo хөлөг 2025 оны сүүлээр хурдаа хангалттай сааруулж, Будын тойрог замд тогтвортой байрлах боломжтой болох юм. Ингэснээр судалгааны ажлууд нь 2026 оноос эхэлнэ.

Энэ үед хөлгийн дотор байрлах өндөр нягтралтай камернууд болон бусад судалгааны багаж хэрэгслүүд ажиллаж эхлэх юм.

Буд нь нарны аймгийн чулуулаг бүтэцтэй гарагууд дотроос дэлхийтэй ижил түвшний соронзон орон бүхий цорын ганц гараг. Соронзон орон шингэн цөмтэй гарагуудад л байдаг. Гэтэл нарны аймгийн хамгийн жижиг гараг Будын цөм шингэн байх боломжгүй гэж эрдэмтэд үздэг байна.

BeliColombo хөлөг энэ мэт Буд гарагийн нууцуудыг тайлах зорилготой юм. Хөлгийн Европын хэсэг нь Будын гадаргуу, дотоод бүтэц зэргийг судлах бол Японы тал соронзон орныг нь судлах ажээ.

Буд гарагийн гадаргуу нь бас маш их эрс тэс уур амьсгалтай. Гадаргуугийн температур хамгийн дулаан өдөртөө Цельсийн 430 хэм хүртэл халдаг бол хамгийн хүйтэн шөнө Цельсийн -180 хэм хүрдэг байна.

Гарагийн диаметр 4,880 км. Тэнхлэгээрээ нэг бүтэн эргэх хугацаа буюу нэг өдөр нь дэлхийн 58 өдөртэй тэнцдэг. Харин нарыг нэг бүтэн тойрох хугацаа буюу жил нь дэлхийн 88 өдөртэй тэнцдэг байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

3000 жилийн түүхтэй Буган хөшөөн дээр сараачжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжийн 15 дугаар буган хөшөөн дээр тосон будгаар бичиж, 3,000 жилийн тэртээд холбогдох буган хөшөөний эх төрхөд халдсан хэрэг гарсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээлсэн.

Хөшөөний том жижиг 7 буга, байлдааны зээтүү, унжуургатай цагирган ээмэг дүрсэлсэн нүүрэн талд цэнхэр тосон будгаар:

“Буган, хөшөө

Улаан толгойн үзүүрт

Ургасан юм шиг суулгасан хөшөө

Улс олон минь сонирхож сонжиж хардаа

Урт богино хөшөө чулуу нууд” гэж бичжээ.

Уг буган хөшөө нь он цагийн хувьд 3000 жилийн тэртээд холбогдох бөгөөд дөрвөн талдаа том жижиг 12 буга, 7 адуу, цагирган ээмэг, толь, хутга, байлдааны зээтүү, бамбай зэрэг дүрслэлүүдтэй Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөний төрөлд багтана.