Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Жүжигчин, бүжигчин, реппер, загвар өмсөгчтэй сэтгүүлзүйн нэг ангийнхан

Одоогоос гурав, дөрөвхөн жилийн өмнө сэтгүүлч мэргэжлээр сургуулиа төгссөн хэдий ч сэтгүүлзүйн салбарт өөрсдийн өнгөө олохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж явна, тэд. Олны таашаалд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэж, “босго өндөр” сонин, сэтгүүлд мэргэжлээрээ ажиллаж, гадаад дотоодын алдартай их сургуульд элсэн суралцаж, зарим нь бүр телевиз радиогийн захирал хүртэл болжээ. Гэсэн хэдий ч нэг нь төрж ээж болоход, эсвэл нөгөө нь гутарч сэтгэлээр унахад үргэлж хамтдаа байдаг тэр л энгийн хэрнээ нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлзүйн ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа.

Тэдэнтэй болзсон газраа уулзах цагаасаа арван минут хоцроод очтол ангийн 20 гаруй хүүхдээс хүндэтгэх шалтгаантай цөөн хэдээс бусад нь цөм ирчихээд, хөгжилтэй дурсамжаа хөөрөлдөн инээлдэн сууж байлаа. Ийм олон хүнийг нэг дор болзсон цагаасаа өмнө цуглачихна хэмээн төсөөлөлгүй цугларах гэж дор хаяж нэг цаг болно доо хэмээн төсөөлсөн би багагүй сандарч “Та нар чинь яг цагтаа цугларчээ” гэвэл “Цагаа ягштал баримтална гэдгийг оюутан байхаасаа л сурлаа даа” гэцгээгээд уриалгахан ширээндээ урилаа.

Нэгдүгээр дамжаанд элсэхдээ тэд өглөөний найман цаг 40 минутанд эхлэх хичээлд ес гэж цуглардаг байж. Бүр хичээл тарахын алдад хаалганы завсраар “Орж болох уу, багш аа” гэж хэлээд багшийнхаа уурыг хүргэдэг байсан удаа бий. Хичээлээс гадуур уулзаж цугларахдаа цаг товлох нь бүү хэл үдээс хойш, өглөөгүүр, оройхон тийш гэх зэргээр цагаа товлодог байж. Тэгтэл англи хэлний хичээлдээ 20 минут хоцортол оруулсангүй гэнэ. Дараагийн удаад нь 10 минут хоцорч ирээд хичээлдээ суух гэтэл бас л оруулсангүй. Бүр ангийн дарга нь хоёрхон минут хоцорчихоод аахилж уухилсаар орох зөвшөөрөл хүсэхэд “Хаалгаа цаанаас нь хаа даа” гэжээ. Ийм маягаар эхний улирал өнгөрөхөд заасан хичээлээрээ шалгалт авч, дүн гаргах нь бүү хэл хичээлдээ суусан нь тун цөөн байж. Тэд “Н.Оюунцэцэг багшийнхаа ачаар л цаг баримталж сурсан даа. Эхэндээ ядаргаатай санагдаж, өөр багшаар хичээл заалгуулмаар байна гэж хүртэл ярилцдаг байсан. Ялангуяа эхний цаг дээр англи хэлний хичээл орох бол хоцрохгүйг л хичээнэ. Тэгсээр байгаад ганцхан англи хэлний хичээл ч гэлтгүй өдөр бүрийн эхний цагийн хичээлдээ хоцрохоо больсон” гэцгээв.

Тэд хамгийн сүүлийн уулзалтынхаа тухай ирээгүй нэгэндээ сонин болгохоос гадна саяхан нярайлсан нэгнийхээ тухай өөр хоорондоо ярилцаж сууснаа нэг нь “Гэртээ бас ангийнхантайгаа уулзахдаа л олон давхар “баг”-аа тайлж, жинхэнэ өөрийнхөөрөө байх юм даа” гэтэл бусад нь “Нээрээ л тийм шүү” хэмээн толгой дохицгоох. Угаас бүгдээр “хүн чанар”-тай, элэгсэг, найрсаг, нэгнээ гэсэн сэтгэлтэй болохоор ам муруйх нь бүү хэл хөгжилтэй түүхээ хүүрнэлдэж, инээлдэж хөхрөлдсөөр цагийг өнгөрөөдөг байжээ. Тэд оюутан байхын л сургуулийнхаа цайны газар, хичээлийн хоёрдугаар байрны номын сандаа тойрч суучихаад онигоо их ярьдаг байж. Одоо ч тэр л хэвээрээ.

Ангийнхнаас нь Сувдаа хэмээх паянгийн эзэн байдаг аж. Нэгдүгээр дамжааны эхний улиралд бараг хоёр сар шахуу өөр ангийнхантай хичээллэчихсэн байж. Ангиа ололгүй будилж явсан түүхээ өнөөг хүртэл ангийнхандаа хууч болгон ярьдаг гэсэн шүү. Бас англи хэлний хичээл дээр өөрийнхөө тухай танилцуулахдаа “Ай эм фром центр аймак” буюу “Би центр аймгаас ирсэн” гэчихэж. Угтаа бол Төв аймгаас ирсэн гэж хэлж байгаа аж. Үүнээс хойш “Центр” хочтой болжээ.

Ангийн төгс гэгээрсэн хүнээр Г.Уужимбаярыгаа тодруулчихжээ. Учир нь ангийнхан нь хичээлийн хоёрдугаар байрны номын сандаа суучихаад, онигоо ярьж суухад Уужмаа ганцаараа нэгдүгээр байрны номын санд хичээлээ хийдэг байв. Тийм болохоор бичгээр авах шалгалтад Уужмаа олон ч хүний “аминд” оржээ. Тэрээр сэтгүүлч мэргэжлийг сонгохоосоо өмнө сэтгэл судлаачийн ангид нэг жил сурчээ. Түүнийг “SBN” телевизийн гадаад мэдээний редактор, хөтлөгч хийдэг гэдгийг хүмүүс андахгүй мэдэх биз ээ. Сүүлийн үед тэрээр фитнессээр эрчимтэй хичээллэж байгаа болохоор “Манай хүн сэтгэл судлаач биш булчин судлаач болсон” гэцгээн хөгжилдөцгөөв.

Эдний анги Тухлан, Чухлан гэсэн хоёр охинтой. Угтаа бол нэр нь Ж.Хулан, Д.Хулан. Ж.Хулан нь ангийн дарга бөгөөд аливаа асуудлыг нухацтай, чухалчилж авч үздэг болохоор нь Чухлан, харин Д.Хулан айвуу тайван, аливаад яарч сандардаггүй болохоор нь Духлан гэж дууддаг болчихжээ. Сүүлдээ тэр хоёр нь “Хөөе, Хулаан” гэхээр эргэж харахаа больчихсон байсан удаатай гэнэ. Ангийнхныгаа хөгжөөж, ам хуурай байдаггүй нь Э.Зоригт, Я.Учрал хоёр аж. Бусдаасаа овор багатай, сургуулиа төгсөөд дөрвөн жил болж байгаа хэдий ч нэгдүгээр дамжаанд орсон үеийнхээ төрхөөр байгаа нь үүнтэй холбоотой гэж ангийнхан нь “оношилсон” юм байх. Э.Зоригт “Ангийнхаа охидоос хамгийн түрүүнд Б.Үүрийнтуяад “зарагдаж” анхлан танилцаж билээ. Шилжиж ирсэн эхний өдөр хамгийн арын ширээнд сууж байсан над руу зааснаа “Хөөе, чи хэн билээ” гэснээ нэрээ ч хэлэх завдал өгөлгүй “Ханын сонингоо тогтоох гэсэн юм, скочинд яваад ир” гэж билээ. Мөнгөгүй болохоор хөвгүүд дээрээ очоод “Та нарт 500 мөнгө байна уу” гэсэн чинь “Чи мөнгөөр яах гээв” гэж байна. Нэрийг нь ч мэдэхгүй болохоороо “Мэдэхгүй ээ нэг ууртай л охин байна” гээд тэд нараасаа мөнгө зээлээд скоч авчирч билээ. Скоч авчирч өгөөд л өөрөө ч мэдэлгүй байж байгаад фото сэтгүүл зүйн хичээлийнхээ бие даалтыг хийчихэж билээ. Ангийн охид нэрийг минь хамгийн томоор дээр нь биччихсэн дээ” хэмээн хуучлав. Эхэндээ ирц бүртгэх бүрт Б.Сансармааг багш нь “Чи 1981 онд төрсөн үү” гэж асууна. Яагаад гэсэн чинь Гүррагчаа 1981 онд сансарт нисч, тухайн үед төрсөн бараг бүх хүүхдэд “Сансар”-тай нэр өгч байжээ. Ингэж асуусан багшийнхаа хариуд Б.Сансармаа “Үгүй ээ, 1989” гэвэл тийм байх учиргүйдээ гэсэн нүдээр хардаг байсан тухай тэд дурсан инээлдэцгээнэ. Ганган чамин хэрнээ, тод өнгийн хувцас өмсдөг түүнийг нэг удаа “Сансрын нисгэгчийн хувцастай ирчихэж” гэж хүртэл багш нь толгой сэгсэрч байсан удаатай гэнэ лээ.

Эдний ангийнхан жигдхэн сурлага сайтай оюутнууд байж. Чөлөөт цагаараа номын сандаа инээлдэж хөхрөлддөг ч гэсэн шалгалт шүүлэгтээ бэлтгэх, бие даалтаа хийх болохоор цагийн зүүний чимээ л сонсогдохоор чив чимээгүй орчинд, дор бүрнээ хичээлээ давтдаг байснаа тэд дурсав. Ямар сайндаа л төгсөлтийн шалгалтдаа бэлтгэхээр Найрамдал зуслан явахав дээ.

Ангийн дарга Ж.Хулан нь төгссөнийхөө дараахан төрөлх сургуульдаа хоёр жил шахам багшилж байгаад Англи руу магистрын зэрэг хамгаалахаар яваад, одоо тэндээ сурч байгаа гэнэ. Тэрээр сурлага сайтайн дээр хичээлээс гадуурх ажилд тун идэвхтэй нэгэн. Урлагийн үзлэгээр бол үсээ сүлжээд тайзан дээр гарахдаа Эминемийн дууг үглэн дуулж, бараг л Эминемийг ажилгүй болгох дөхдөг гэсэн шүү.

Одоо эдний ангийнхнаас гадаадад мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалж байгаа нэгэн байхад хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Америкийн Лос-Анжелос хотод жүжигчний мэргэжлээр суралцаж яваа нэгэн ч бий. Идэвх зүтгэлтэй, сайн оюутнууд байсан учраас зөвхөн тэдний ангийнхан номын санчийн арын өрөөнд орж номоо сонгох “дархан эрх”-тэй байжээ. Бусад нь номынхоо нэрийг номын санчдаа хэлээд л шилэн цонхны наана цаанаас номоо өгч авалцдаг гэдгийг оюутан байсан бүхэн мэдэх биз ээ.

Өнөөдөр тус ангийнхнаас төрсөн дөрвөн сэтгүүлч Монголын эдийн засгийн тэргүүлэгч “Mongolian economic” сэтгүүлд ажиллахаас гадна “Стар” телевизийн ахлах редактор, продюсер, SBN телевизийн гадаад мэдээний редактор, Ховд аймаг телевизийн захирал хүртэл хийж байна.

Ангийнхан дундаас нь Э.Оюунцэцэг, н.Дамцагдорж нар гэр бүл болж, нэг хос төрсөнд тэд их л бэлгэшээж явдгаа нуугаагүй юм. Тэд өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд эх орондоо ирэхдээ заавал ангийнхантайгаа уулздаг гэнэ лээ. Бас ангийнхаа фейсбүүк группээр байнгын холбоотой байдаг гэсэн. Түүнчлэн ангийн дарга нь групп дээрээ хүүхэд нэг бүрийн төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай аж. Тэгэхдээ зүгээр ч нэг мэндчилгээ дэвшүүлэхгүй уран үгтэй хэрнээ ёжтой шүлэг явуулдаг гэж байгаа.

Тэдний зураг интернет ертөнцөөр дамжин аль хэдийнэ олны танил болжээ. Гүүглээс “Оюутан” гээд хайхад сургуулийнхаа үүдэнд гурван жилийн өмнө татуулсан эдний ангийнхны гэрэл зураг гарч ирдэг байна. Тэд “Ангиараа цугласных, тэр зургаа шинэчлээд авахуулчихъя. Сайтууд тэр зургаа шинэчилнэ биз” хэмээн бие биенээ бас л хөгжөөж байна.

Ийнхүү хөгжилтэй хөөртэй, дуу хууртай оюутан ахуй насаа дурссан тэд биднийг гарах үед төрөлх сургуулийнхаа 35 жилийн ойд ямар бэлэг барих тухайгаа ярилцан үлдсэн билээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Хэвээрээ

“Яг хэвээрээ байна шүү”, “Нүд, инээмсэглэл чинь яг л хүүхэд үеийнх шигээ” гэж уулга алдаж мэндэлсэн нэг ангийн “хүүхдүүд” олон. Өнгөрсөн долдугаар сард Увс аймгийн төв Ю.Цэдэнбалын талбайд уулзсан 300 гаруй “хүүхэд” нэгийгээ “яг хэвээрээ” гэж тодотгож байв. Тэд 30 жилийн дараа сурагч ахуй үедээ эргэн очиж, хүүхэд насныхаа дурсамжаар гурав хоног хөглөгдсөн юм. 1974-1984 онд Увс аймагт дунд сургуульд сурч байсан бүх сурагч өнгөрсөн долдугаар сарын 18-19-нд төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор цугласан нь тэр. Нэг ангийн, нэг төгсөлтийн тийм олон сурагч нэг дор цуглана гэдэг сүртэй, сүртэй. Ю.Цэдэнбалынхаа талбайд нижгээд шуугиан өрнүүлж мэнд мэдэлцээд, аймгийн Бөхийн өргөөнд уулзалтынхаа албан ёсны нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд зохион байгуулагчид албаны үгээ хэлж, анги ангийн төлөөлөгчид цугласан олонд мэндчилгээ дэвшүүлж нэг үгээр албан ёсны арга хэмжээ болжээ.

“Нэг аймгийн бүх төгсөгчид уулзаж байгаа нь маш сайн хэрэг. Бүгд цугласных сургуульдаа, аймагтаа хийж бүтээхээ ярьцгаая” гэж санал тавих хүн ч олон байж. Ингэж санал, санаачилга гаргасны үр дүнд 1984 оны төгсөгчид аймагтаа Цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргажээ. Тэр оройгоо “Ойрд” театрт төгсөлтийн цэнгүүнээ хийж, “Мөнгөн харандаа” хамтлаг урилгаар ая дуугаа өргөжээ. Тэр үеийн хүүхэд, залуусын шүтээн байсан “Мөнгөн харандаа” хамтлаг жинхэнэ утгаараа дурсамж сэргээсэн хэрэг. Төгсөгчдийн төлөөлөл ч тайзан дээрээ ангийнхандаа мэндчилгээ дэвшүүлж дуулж, хуурдан үдшийг өнгөрөөжээ.

Улаангом хотын дөрвөн арван жил, 18 сумын нэг ангийнхныг ингэж цуглуулна гэдэг нүсэр ажил. Тийм нүсэр ажлыг Улаангом хотын II дунд сургуулийг 1984 онд төгссөн 10А ангийнхан санаачилж, хийжээ. Нэг төгсөлтийнхөн нь тэднийг “Гүнзгийгийнхэн” гэх юм билээ. Ангиараа онц сурлагатай, спортлог, санаачилгатайгаараа аймагтай алдартай “Гүнзгийгийнхнийг” энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа.

ТАВАН ОНЦЫН ЭЗЭД

1А ангийнхан тавдугаар ангиасаа орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болжээ. Наймдугаар ангид ороход нь сум, сумаас ирсэн онц сурлагатнуудаас шалгалтад тэнцсэн цөөн хэдэн “мундаг”-уудаар бүл нэмсэн гэдэг. “Соц үеийн бүтээгдэхүүнүүд. Дээр нь сум, сумаас ирсэн таван онцын эзэд цуглачихсан болохоор өрсөлдөөнтэй гэж жигтэйхэн. Бүгд сурлагаараа өрсөлдөнө. Таван онцын эзэн л болохгүй бол гүнзгий ангид байгаадаа ичдэг байлаа шүү дээ” гэцгээнэ. “Багш нарын нөлөө хамгийн их байсан шүү. Тэр үед манай сургууль байгуулагдаад удаагүй байсан. Багш нараа өндөр шалгуураар авсан болохоор хичээл ойлгуулна гэж гайхалтай. Шилдэг багшийн бүтээгдэхүүн шилдэг байхгүй бол болохгүй биз дээ” гээд инээлдэцгээх аж.

Таван онцын эзэд улс, аймгийн олимпиадад байнга манлайлна. Энэ тухайгаа ярьцгаахдаа их л бахархалтайгаар “Хоёр удаагийн аварга бил үү”, “Үгүй ээ. Гурван удаагийнх шүү дээ” гэцгээнэ. Физикийн улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл медальтнуудаасаа Ч.Гантулга, Н.Буянхишиг, Б.Чулуун-Эрдэнэ гэх мэтээр нэрлэнэ. Ч.Гантулга гэхэд физик, математикийн олимпиадын гурван удаагийн аварга болж байжээ. Химийн олимпиадад Ц.Тулга хэд, хэдэн удаа түрүүлж байсныг бас онцлов. Зөвхөн аймагтаа биш улсдаа сурлагаараа тэргүүлж байсан гүнзгийгийнхэн аравдугаар ангиа төгсөхөд 14 нь таван онцын эзэн болж, нэг нь алтан медалиар шагнуулсан гэдэг. Тэр үед дээд сургуулийн хуваарь цөөн ирдэг байсан үе. 1984 онд Увс аймгийн хэмжээнд гадаадын их, дээд сургуулийн хуваарь 20 гаруй, дотоодынх 50-аад иржээ. Тэгтэл “Гүнзгий” 10А-гийнхан ангиараа эхний 50-д жагсч, 36-уулаа их сургуулийн хуваарь авчээ. Бүр 20 нь Орост сурах эрх авч сурлагаараа тэргүүлэгчид гэдгээ баталжээ.

ГАР БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН

“Гүнзгийгийнхэн” үргэлж хичээл шагайгаад, онцын төлөө өрсөлдөөд байна гэж юу байх билээ. Тэдний ангийнхан сурлагаасаа гадна спортлог, бас нэлээд хөдөлгөөнтэй нөхдүүд. Хөвгүүд нь хичээлийн бус цагаар хөл бөмбөг, гар бөмбөг хөөгөөд гүйцэгдэхгүй. Хичээлийн завсарлагаанаар, заримдаа багшийнхаа нүдийг хариулж байгаад цаасаар гар болон хөлбөмбөг хийж тоглоно. Хичээлээ тарахаар шайб, лааз гээд бөмбөг хийж болох бүхнээр тоглоцгооно. Дүрмээ өөрсдөө зохиогоод хөөрхөн “том” тэмцээн зохион байгуулчихна. “Ингэж спортоор “өвчилсний” дүнд гар бөмбөгөөр аймагтаа шигшээд орж байлаа шүү дээ” гэцгээнэ. Үнэхээр ч тэдний ангийн Болдбаатар, Чулуун-Эрдэнэ, Тулга, Гантулга, Уламбаяр, Хүрэлбаатар нар аймгийн волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлдэг байжээ. Шигшээ багийнхан идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд таван удаа аваргалж үеийнхэн дундаа мандаж явж. Идэрчүүдээс насанд хүрэгчдийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн гэдэг.

Тэдний ангийнхан одоо ч волейболын хорхойтой хэвээрээ. Үе, үе уулзалдаж хөлсөө гартал тоглоно. Энэ л хоббигоороо арван жилийн өмнө Увс аймагт төгсөгчдийн дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиож байжээ. Уг тэмцээн уламжлал болж 1979 оны төгсөгчдөөс эхлээд 1996 оны төгсөгч хүртэл 15 баг оролцдог болжээ. II дунд сургуулийн биеийн тамирын багш Б.Нааюугийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээний арав дахь нь ирэх сарын 22-ны өдөр болох гэнэ лээ.

ХЭВЭЭРЭЭ

Бидний онцолсон ангийнхны олонхи нь өдгөө бизнес эрхэлж байгаа. Яг арван жилдээ онцгойрч байсан шиг өдгөө амьдрал дээр амжилттай яваа бизнесмэн олон. Сургуулиа төгсөөд төрд ажиллах нь ажиллаж, багшлах нь багшилж байгаад зах зээл эхлэх үеэс цөөнгүй хэд нь бизнесээ эхлүүлжээ. Бизнесийн салбаруудын анхдагчдын дунд тэдний ангийнхан олон бий. Монголд анх брокерын пүүс нээгдэх үед Б.Чулуун-Эрдэнэ “Орчил” пүүсээ нээж байжээ. Энэ эрхэм 1995 онд хөрөнгийн зах зээлийн талаар “Ардын эрх” сонинд манай эрхлэгчид ярилцлага өгч байснаа дурссан. Төв хэвлэлд, том сэтгүүлчид тоогдож байсныг бодоход тухайн үедээ яггүй бизнесмэнд тооцогдож байсан нь гарцаагүй. Өдгөө ч түүний бизнес амжилттай яваа.

Олимпиадын гурван удаагийн аварга Ч.Гантулга ОХУ-д физикийн ухааны докторын зэрэг хамгаалаад иржээ. Ангийн багш Д.Ядамцоо шавийнхаа талаар

“Дэлхий сөнөхөд Бат-Отгон Монголоо үлдээнэ

Атом дэлбэрэхэд Гантулга 10А-гаа үлдээнэ” гэж элэглэсэн удаатай. Түүний араас эрдэм шинжилгээний ажил хийж, зэргээ ахиулах гэж байгаа олон хүн бий гэцгээсэн. “Зэрэг, дэвээ хамгаалсных нь дараа нэрлэхгүй бол онгирсон болчихно” гэж нэрэлхэнэ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү “Гүнзгий А” ангийнх. Барилгын бетон зуурмаг, бетон эдлэл, төмөр хийцүүд зэргийг үйлдвэрлэх 10 гаруй үйлдвэр байгуулсан тэрбээр улс төрийн хувьд НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайдын албан тушаал хашиж байсан билээ.

“Гүнзгий” ангиас хоёр хос төрсөн нь Ж.Баатарсүрэн З.Туул болон Э.Бодьгэрэл, Ц.Цэцэгмаа нар. Ж.Баатарсүрэн ханьтайгаа “Намир” компаниа байгуулсанд ангийнх нь цөөнгүй хүүхэд ажилладаг юм билээ.

10А-гаас агрономич, багш, орчуулагч, эмч, хуульч, инженер гээд төрөл бүрийн мэргэжилтэн төрсөн. Тухайлбал, О.Эрдэнэтогтох шүүгчээр ажиллаж байгаад өмгөөлөгч болсныг ангийнхан нь ярьсан. Мөн “Батжил” компанийн захирал Э.Бодьгэрэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Төгсжаргал, Сайншанд дахь Гаалийн газрын дарга Ц.Отгонжаргал, “Улаанбаатар менежмент” компанийн Харуулын албаны дарга Н.Уламбаяр, Баруун бүсийн эрдэм шинжилгээний эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Доржсүрэн, ТӨХ-ны хэлтсийн дарга Н.Буянхишиг, Увс аймаг дахь Гаалийн газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, “Аръян интернэшнл” компанийн захирал Д.Дашгомбо гэх мэтчилэн бүгдээрээ эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа тэргүүлж явааг бахархан ярьцгаасан.

Д.Нямхүү, Б.Чулуун-Эрдэнэ нар хамтран ангийнхандаа “Хэвээрээ” дуугаа зориулжээ.

…Дурсан ярихад дүр нь хэвээрээ

Дуудан уулзахад хоч нь хэвээрээ

Дандаа сэтгэлд хүүхэд хэвээрээ

Дахин олдохгүй ангийн андууд

Залуу нас хайрын дуу минь

Зургийн цомогт инээмсэглэн үлджээ

Сарны салхи биднийг элээсэн ч

Сурагч нас минь зүрхэнд хэвээрээ гэдэг гэгэлгэн үгтэй дууг “Элкондор” хамтлагийн Цогоо дуулж, удахгүй олны сонорт хүргэх юм билээ. Тэгэхээр Хэвээрээ дуу “Гүнзгийгийнхний” хийгээд бүх нэг ангийнхны шүтээн дуу болох биз ээ.

Ц.ӨРНӨХ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Ерөнхийлөгчийн ангийнхан

Урд эгнээний баруун гар талаас хоёр дахь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

“Хөөе, Дарьцэрмаа хаа байна. Бушуул, бушуул. Энэ анги саваа онгойлго” хэмээн он цагийн буурал хүрд духны үрчлээнд нь тодорсон хүрэл бор царайтай нөхөр малгайгаа авангаа хоолой мэдэн хашгична. Түүний энгэрт “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” гэх тэмдэг нарны гэрэлд ойн буух ажаам. Харахад урлагийн гэж хэлэхээргүй харин ч эсрэгээрээ хөдөөний сайхан монгол малчин хүмүүсийн нэг байна хэмээн бодогдохоор энэ эрхмийг Банзайн Батмөнх гэдэг. Ховд аймгийн Зэрэг сумын сургуулийн урдаа барьдаг, сургууль ч гэлтгүй сумынхаа нүүр царай болдог энэ шавилхан биетэй шаавай хөдөлгөөнтэй эр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ангийнх нь хүүхэд. Ангийнхаа урлагийн үзлэгийг Элбэгтэйгээ хамтдаа авч гардаг байсан журмын нөхөр нь юм байсан аж. “Манай Элбэг чинь хэлэмгий гэж жигтэйхэн, мундаг шүлэглэнэ. Мань мэтийг ангайтал нь ярьдаг хүүхэд байсан. За тэр ой тогтоолттой нь ярих юм биш. Нэг уншсан бол шууд тогтоочихдог байлаа. Уншсан үлгэр, үүх түүхээ бидэнд ярина. Багаасаа л ер нь тодорчихсон юм шүү дээ” гэж ирээд л сайрхан ярих. Ерөнхийлөгчийн гэж тодотгож болох энэ ангийнхан 1971 оны намар Зэрэг сумын сургуулийн 1б ангид орцгоон Бааст багшийн шавь нар болцгоожээ. Ахлах ангид ороод монгол хэл, уран зохиолын багш Сүрэнхүүгийн шавь нар болсон түүхтэй. Тус ангийнхан 1979 онд 8б ангийг төгссөн бөгөөд түүнээс хойш 35 жил заримтай нь ч уулзаж чадаагүй одоо л уулзаж байна хэмээн ярьцгааж байсан юм. “Манай ангийн эрэгтэйчүүд Алтантээлийн хөндийг адуу шиг цамнаж өнгөрөөсөн” хэмээн ангийн охид ярьцгаасан бол “Орохын булгийг оргитол охидынхоо инээд дунд найман жилийг өнгөрүүлсэн” хэмээн хөвгүүд нь сайрхаад авсан юм. 35 жилийн ойн уулзалтын үеэр харамсалтай нь багш минь байхгүй байна. 30 жилийн уулзалтаар багш минь бидэнтэйгээ хамт байсан юм шүү” хэмээн самсаа шархируулан ярьцгаах. Ангийн багш нь өөрөө хөдөлмөр хүнийг бий болгодог гэдгийг яс манхандаа шингэтэл ойлгосон байсан тул ангийнхныгаа хар багаас нь ажил, амьдралын ухаанд сургасан юм байна. Сайн багш нарын шавь нар сайн явдаг юм аа.

Улсын аварга ногоочин Ноосонгийн Алтансүх маань Дарханы жимс ногооны Орхонд сайхан л амьдарч явна. Халзангийн Баатархүү, Намидын Дарьцэр­маа, Галигаан Байгалмаа, Тогмидын Уранчимэг гээд манай ангиас мундаг багш нар, Монгол Улсын Ерөнхийлөгч мөн төрөн гарсан байна хэмээн бахархангуй өгүүлэв. Мажгаан Гэндэн ангиасаа төрсөн Ерөнхийлөгчийн тухай ийн ярьсан юм. “Манай хүн чинь дотуур байранд хамт амьдардаг байлаа. Элбэг орой унтахад бидэнд үлгэр ярьдаг ажилтай.

2008 онд 30 жилийн ойгоороо уулзав

Байрны хоолонд орохдоо хоол нэмүүлэх хүүхэд байна уу гэхэд Элбэг бид хэд гараа өргөж нэмүүлнэ. Манай ангийнхан одоо сайн явцгааж байна. Би харин мал эргүүлдэг ажилтай л сумандаа амьдарч байна даа” гэсэн юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 35 жилийн ойн уулзалтдаа ирж амжаагүй. Учир нь Тажикстаны Душанбед ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүдийн 14 дэх удаагийн уулзалтад явж таарсан тул ангийнхандаа мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Ангийнхан нь “Уг нь манай Элбэг байсан бол сайхан байх байлаа. Гэхдээ Төрийн тэргүүн хүн тэр чухал уулзалтдаа заавал очих ёстой юм шүү дээ” хэмээн зөвтгөлөө. Ерөнхийлөгчийн ангийнхан монгол хэлний хичээлдээ сайн байсан бөгөөд нэг ч алдаатай бичдэг хүн байхгүй. Цэвэр бичгийн тал дээр бүр янзтай хэмээн Ядамын Алтанцэцэг хэлсэн юм. Тэрбээр өдгөө Ховд аймгийн Чандмань сумын Чандмань хөх уулс хоршооны захирлаар ажиллаж байгаа юм байна. Тэдний ангид Ж.Алтанцэцэг, Я.Алтанцэцэг, А.Алтанцэцэг гэсэн гурван Алтанцэцэг байжээ. Гурван алтан цэцгийг өндөр, дунд, намхан алтан цэцэг гэж нуруугаар нь ялгадаг байсан гэнэ. Би өндөр Алтанцэцэг нь байлаа шүү дээ гэв. Тэднийх гурван хүүтэй бөгөөд хамгийн бага нь их сургуульд оюутан, нөхөр нь Чандмань сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм байна. Тэрбээр Элбэгээгийнхээ тухай ингэж ярьсан юм. “Элбэг их шогч хүүхэд байсан. Багадаа “Баавгай” шүлгийг их уншдаг байлаа” гээд шүлгийг нь цээжээр уншиж ангийнхаа 31 хүүхдийг хөгжөөгөөд авлаа. Мөн “Элбэгээ “Гахай” шүлгийг бас их уншинаа” гэлээ. Б.Батмөнх “Элбэг бид хэд намхан болохоор урдуур суудаг байсан. Юуг нь нуухав. Үймүүлнэ гэж үзүүлж өгнө. Манай энэ Алтаа бид хоёрын нэг онигоо бий. Сургуульд нь АСК тэмцээн болоход Элбэгийн санаачилгаар “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор бид жүжигчилсэн тоглолт хийж түрүүлж байсан” гэхэд “Алив би нэг дурсамж хэлье” гээд “Зургадугаар ангид урлагийн үзлэг болж Элбэг бид хоёр хөтөлсөн юм. Манай Элбэг Сүхбаатарын зураг барьж байгаад

“Сүх гэдэг хүү байжээ

Сүүлдээ харин баатар болжээ

Хонгор халиун унага байжээ

Хожмоо тэр хүлэг болжээ” гэж уншиж байсан юм. Бас л шүлэг бичнэ гэж үзүүлнэ шүү. Гурван жилийн өмнө тэр үед би гартаа барьж байсан зургаа хадгалсан зурагныхаа ард энэ дөрвөн мөрийг нь бичээд өгсөн” гэж байсан юм. Ангид ийн яриа өрнөж байтал арын ширээнээс атан тэмээ шиг биерхүү эр “Би нэг зүйл хэлье” хэмээн жаахан хүүхэд шиг ширээний араас гараа өргөдөг юм. Түүнийг Луутын Буяндэлгэр гэдэг. “Элбэг бид хоёр найман жил нэг ангид сурсан. Бид хоёр 1963 оны гуравдугаар сарын наймны өдөр зэрэг хорвоод мэндэлж байсан. Элбэг ангидаа хамгийн намхан нь би харин хамгийн өндөр нь байснаараа ялгаатай. Манай аав дотуур байрны тогооч байсан. Элбэг дотуур байранд амьдрахдаа аавын гарын хоолыг найман жил идсэн моньд доо” гээд инээмсэглэн үгээ залгичихав. Энэ ангиас Даржаагийн Чимэдбалжир Ерөнхийлөгчтэй хамт дотуур байрны нэг өрөөнд хамт амьдарсан юм байна. “Дотуур байранд найман жил амьдрахдаа зургаан жил нь Элбэгдорж бид хоёр нэг өрөөнд амьдарлаа шүү дээ. Элбэгийн аав намын хуралд ирэхдээ боорцог авч ирнэ. Өнөөхийг нь хуваагаад цохьчихно. Хэнийхээс ааруул ирэх бол гээд л өөр хоорондоо яриа үүсгэнэ. Сурагч байхад зурамны арьс авч ирэх даалгавар авч явдаг байлаа. Ангийн эрэгтэйчүүд тойрч сууж байгаад зурам хэрхэн намнаснаа хэд хоног ярьдаг байв шүү. Тухайн үед нэг намар 100 зурамны арьс нэг хүүхэд өгч хичээлийн хэрэгслээр шагнуулж байсан. Элбэг бид хоёр зурамны арьсаараа хичээлийн хэрэгслээр арай шагнуулж чадаагүй. Нөгөө ангийн Амаржаргал хоёр жил дараалан тэгж шагнуулсан. Сүүлдээ “Анчин” Амаржаргал нэр өгсөн дөө” гээд шилээ маажин суулаа. Чимэдбалжир цааш нь “Би яаж жолооч болох вэ гэж боддог байсан. Элбэгийн цээжинд ямар зүйл цохилж явсныг мэдэхгүй. Гэхдээ Элбэг хананд өлгөөтэй Оросын том удирдагч нарын зургийг хараад “Би эдэн шиг хүн болно” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм” гэлээ.

35 жилийн дараа ангидаа

Тус ангиас төрсөн дөрвөн багшийн нэг “Алтангадас” одонт Намидын Дарьцэрмаа Зэрэг сумынхаа сургуульд 31 дэх жилдээ багшилж байгаа юм байна. Тэрбээр Сүрэнхүү багшаа дурсан “Оролдлого сайт оройд нь, оролдлого муут ёроолд нь хоцорно гэж багш маань сургадаг байсан. Ерөнхийлөгч маань багшийн энэ үгийг сэтгэлдээ үлдээж оролдлого сайтай байсан болохоор оройд нь гарч чадлаа. Багш маань бидний төлөө үнэхээр их зүтгэдэг байсныг өөрөө багш болоод мэдэрч сууна. 2008 онд Элбэг маань Улаанбаатарт ангийнхаа хүүхдүүд, багшийгаа урьсан. Тэр үед багш маань үнэхээр шавиараа бахархаж байсан” гэсэн юм. Тухайн үед ангиараа тоосго цохиж сургуульдаа өгдөг байсан юм шүү хэмээн Г.Байгалмаа хэлж байв. Тэрбээр “Элбэгдорж, Батмөнх хоёр их дүрсгүй. Манай анги наран талдаа цонхтой болохоор жигтэйхэн халуун. Охидууд гадуур хувцсаа нимгэлж, зарим нь эсгий гутлаа тайлаад хичээлдээ сууна. Тэр үед Элбэг, Батмөнх хоёр ширээн доогуур мөлхөж ороод гуталнууд аваад нуучихдаг байсан. Хичээл завсарлаад гутлаа өмсөх гэтэл гутал олдохгүй шүү дээ” хэмээн инээмсэглэв.

“Элбэг хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд шоглосон, толгой холбож шүлэглэж тоглоом наадам хийдэг элдэвтэй гэж жигтэйхэн хүүхэд байв. Бид сурлагаараа хэн нь хэнээсээ даваад гарах хэмжээнд байгаагүй. Харин хичээл зүтгэл хүнд амжилт авч ирдэг юм байна гэдгийг манай Элбэг харууллаа” хэмээн ангийнх нь онцолсон юм. Жужуухайн Шилхүү ангийнхаа хөвгүүдийг магтсаны дараа Дамдины Ундрам нар “Элбэг бид хоёр нэг бригадын хоёр юм аа. Элбэгээгийн ахынх Шовогт байдаг байлаа. Тиймээс ахынх руугаа их очно. Бид гэр рүүгээ явахдаа мөсөн дээгүүр бие биенээ хөөж гүйлдэн тоглож явсаар гэртээ харьчихна. Оройдоо бол тэр намайг ингэсэн тэгсэн гэсэн зарга ярьсаар л харьдаг байв.Элбэгийг Очирлхагва ах нь “Яахаараа чи эмэгтэй хүүхдийг уйлуулдаг юм” гэж ирээд хэд сайн загначихна” гэсэн юм.

Уран зохиолын хичээл орж байхад өгүүллэг уншуулдаг байж. Ангийн хүүхдүүд бүгд уншаад дууссаны дараа Ц.Элбэгдоржийг багш нь самбарын урд дуудан гаргаад уншсан өгүүллэгээ ярьж өг гэдэг байж. М.Гэндэн сурагч ахуй цагийнхаа тухайгаа нэмж ярих хүсэлт гаргасныг ангийнхан нь бүгд дэмжсэн юм. “Дотуур байранд Элбэг, Буянаа бид хэд хамт амьдарна. Дээл хувцасаа урагдтал барилдана. Манай Элбэг хүүхэд байхдаа бас л барилдвал барилдчихдаг, зурвал зурчихдаг, шүлэглэвэл шүлэглэчихдэг мундаг байсан. Бид байрны багшаас их айна. Байрны хүүхдүүд үймүүлж байгаад багшийг хараад нам болно. Багш байрны үүдэнд ирээд сар хийтэл хамрынхаа бөглөөсийг онгойлгоно. Энэ дуунаар нь бид дэг журмандаа ордог байлаа” гэсэн юм. Тухайн үед эмэгтэйчүүд нь ногоон, эрэгтэйчүүд нь хөх дээл өмсдөг байж. Барилдсаны харгайгаар хөөврөө хаяагүй тором шиг юмнууд л салбайсан хувцастай гүйлдэх нь энүүхэнд. Нэг удаа барилдаад дээлийнхээ зүүн ханцуйг тэр чигт нь тасдуулчихлаа. Тэгсэн ээж чинь ирчихлээ гэхээр нь яваад очтол нэг ханцуйтай дээл өмссөн хүүгээ хараад ээж ичсэн гэж жигтэйхэн. Ядаж байхад хотныхоо олон хүмүүстэй хамт ирсэн юм билээ” гэв. Дотуур байранд байхад байрны ах нар нь айлаас бууз хулгай хийлгэдэг байж. Авч ирсэн буузаа данханд чанаад иддэг байж. Олон хавар нэгэндээ гэгчээр нэг удаа баригдсан аж. Хүүхдүүдээс хэдийг идсэнийг нь асуутал 30 гаруй хүүхдээс мань Гэндэн хамгийн олон бууз идсэн болж таарчээ. Гэтэл маргааш нь том цаасан дээр гуашаар том том бууз зураад хүзүүнээс нь зүүгээд ширээн дээр зогсоожээ. Тухайн үед ичиж барихаа ч мэдэхгүй хүзүүн дэх “Том том бууз” гэсэн бичигтэй идсэн дөрвөн буузных нь зурагтай самбараа санжигнуулан зогсож байтал эгч нь ирээд хөлөөс нь чимхээд явжээ. Яахав дүүгийнхээ өмнөөс ичсэн нь тэр байж л дээ. Ахлах ангид байхад нь биеийн тамирын хичээл дээр гүйлгэсэн юм байна. Өнөө сахилгагүй Б.Батмөнх хамгийн ард гүйж явж. Ядаж нэг хүн гүйцье гээд өмнөө гүйж явсан охины араас хичнээн гүйгээд ч өмнө нь гарч чадаагүй тул шаралхсандаа гүйж яваа охиныг дэгээдэж унагачихаад гүйсээр хойноосоо хоёрт оржээ. Амьсгаа ч намдаж амжаагүй байтал ангийнх нь охин араас нь чулуу аваад шидтэл хөлийг яз цохьсон юм байна. Тэрбээр “Алтаа чиний шидсэн тэр чулуу миний хөлөнд ийм сорви үлдээсэн. 30 жил өнгөрөөд байхад ерөөсөө арилаагүй шүү” хэмээн үг хаях аж. Өнөөх нь хариуд нь “Мэхт мэхэндээ хө” гээд инээмсэглээд зогсох. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн ангийнхны түүх хөврөх ажгуу. Монгол орны алс баруун хязгаар Ховд аймгийг Зэрэг сум хэмээх буйдхан нэгэн суурин бий. Баатархайрханы цаст цагаан өвөрт Алтантээлийнхээ хөндийд хүүхэд насны дурсамжаа 35 жилийн дараа ийн сэргээсэн бүлгээ. Орохын булагт хүүхэд нас нь өдгөө ч оргилж, 60 жилийн түүхтэй сургуулийнх нь хананд тэдний үлдээсэн гэгээн аялгуу өдгөө ч сонсогдох мэт ээ.

Э.ЭНХБОЛД

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Бөхийн холбооны тэргүүлэгчид болоод академич Б.Жадамба нарын ангийнхан

“Нэг ангийнхан” буланд МУИС-ийн физик-математикийн факультетийн физикийн ангийн 1972-1977 онд төгсөгчид онцлогдлоо. Энэ ангийг арван есөн оюутан төгссөнөөс тав нь эмэгтэй байж. МУБИС-ийн ректороор олон жил ажилласан академич, шинжлэх ухааны доктор, онолын физикч, Монгол Улсын гавьяат багш Б.Жадамба бол энэ ангийнхны бахархал гэхэд хилсдэхгүй. Архангай аймгийн Тариат сумын уугуул эл эрхэм арван жилийн сургуулиа алтан медальтай төгсөж ирсэн “танк хүлэгч” аж. 1932 оны эсэргүү хөдөлгөөн дэгдэхэд Тариатынхан танк хүлнэ гэснээс үүдэлтэй энэ хочийг ангийнхан нь түүнд оюутан болсон эхний өдрөө л өгсөн гэнэ. Тамхи татахаас өөр ноцтой дутагдалгүй тэрээр ангийн даргаар томилогдож, таван жилийн хугацаанд үүргээ ч сайн гүйцэтгэжээ. Түүний нэг онцлог бол хөөрхөн барилдчихна, бас гар барилдаанаар ангийнхаа хөвгүүдэд хэзээ ч дийлдэж байгаагүй шөрмөслөг эр аж. Эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас Х.Хайрат хэмээх сэргэлэн хөвүүн ирсэн нь онолын физикч болжээ. Ангийнхнаа хооронд нь холбогч гүүр бол яах аргагүй тэр юм. Хайрат сургуулиа дүүргээд ШУА-ийн физик техникийн хүрээлэнд олон жил ажиллаж, Монголын анхны өнгөт “Монел” телевизийг хийлцсэн инженер гэж байгаа. Тэрээр эдүгээ байгаль орчны үнэлгээний компани удирдан ажиллуулдаг юм байна.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзан найзынх нь тодорхойлсноор “Говь-Алтай аймгийн Чандмань сумаас ирсэн өндөр хар залуу” бол эдүгээгийн МУСГЗ, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Рэгжийбуугийн Нямдорж байж. Тамхийг бол хуруу шиг бүдүүн ороогоод сайхан маналзуулчихдаг нөхөр ирсэн гэж байгаа. Ер нь Д.Данзан бээр Б.Жадамбаа, Р.Нямдорж хоёрын тамхи татах зуршилтай олон жил уйгагүй тэмцсэн нэгэн юм билээ. Ямар сайндаа л оюутан байхдаа сонин сэтгүүлээс тамхины хор холбогдлын талаарх булангуудыг хайчилбар хийн бэлэглэдэг байсан юм билээ. Харамсалтай нь мөнөөх хоёр нь андынхаа хичээл зүтгэлийг өнөө хүртэл талын нэг тарааж хаян, уушгины улаанаа уугиулсаар буй юм. Өнөөгийн тэргүүн Нямдорж оюутан байхдаа төрөлх сумандаа зуныхаа амралтаар очин барилдаж сумын начин цолтой ирж. Нямдорж, Данзан хоёр их сургуульд элссэн анхны өдрөөс эхэлж үерхэн өнөөг хүртэл холбоотой хоёр үрээ шиг зорилго үйлсээ нэгтгэж яваа нь хүн атаархмаар. Бөх хамт үздэг, уран зохиолын сонирхлоороо нэгдсэн гээд тэр хоёрыг холбох зүйл маш олон байжээ. Р.Нямдоржийн хувьд уянгын өгүүллэгүүд бичнэ. “Газрын хол”, “Дөмөн дуутай намар” зэрэг өгүүллэгийн түүврүүдээс гадна нийтлэлийн хорь гаруй ном туурвисан хүн бол тэр юм. “Газрын хол” киногоо 2002 онд олноо толилуулжээ. Данзан шүлэг оролдоно. Сонирхуулахад мань хоёр цагдаагийн байгууллагын ойгоор найруулал бичиж уралдаанд оролцож байсан. Төгсөх жилээ ангийн дарга онц сурлагатан Б.Жадамбынхаа тухай “Оюутны цонх гэрэлтэй” гэсэн найруулал бичин “Залуучуудын үнэн” сонинд хэвлүүлсэн нь ирээдүйн ректорын хувь заяанд эергээр нөлөөлсөн байх магадлал өндөр гэнэ. Учир юу гэвэл эдний ангийнхан байгалийн шинжлэх ухааны хичээлдээ “гавал” болохоос Шинжлэх ухаан коммунизмын түүх зэрэг нийгмийн ухааны чиглэлийн хичээлүүддээ “нохой хориход” маруухан байж. Сурган хүмүүжүүлэх ухааны хичээлийн шалгалт авахад ганц ч хичээлд сайн дүнгүй Б.Жадамба нэлээд баргар харагдана гэнэ шүү. Тэгтэл аз болж тэр өдөр нөгөө найруулал сонинд нийтлэгдсэн байсныг шалгалт өгөхөөр орсон ангийнхаа нэг нөхрөөр шалгалтын комиссын багш нарт атгуулчихаж. Нөгөөдүүл нь дамжуулж уншаад, хоорон­доо шивнэлдэн байж цонх гэрэл­түүлэгч найрууллын баат­рыг онц дүнгээр мялаажээ.

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор Довдонгийн Данзан бол Ховдын Дарвийн уугуул нэгэн бөгөөд аймгийнхаа дунд сургуулийг онц дүнтэй төгсөөд МУИС-д элсэх урилга гардсан завшаантай. Сурагч байхдаа л ангийн эвлэлийн үүрийн даргын албан тушаалтай байсан тэрээр оюутан ангидаа ч, төгсөөд сургуулийнхаа багшаар ажиллахдаа ч энэ сэнтийгээсээ буугаагүй дархан дарга аж. “Монгол эрийн жавхаа”, “Түшээт хааны Намхай аварга”, “Гэртээ ирлээ”, “Насны хайр” тэргүүт олон дууг нь аялах хүн олон байж таарна. Мөн “Босоо дэлтэй борлог”, “Дэлхийд ганц наадам” зэрэг шилдэг бүтээлүүдээрээ Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртсэн нэгэн. Тэрээр МУИС-ийг онц дүнтэй төгсөж, сургуульдаа өчигдрийн оюутнаас өнөөдрийн багш болж, 16 жил бодис зүйн эрдмийн шимийг амтлуулж явсан багш, сурган хүмүүжүүлэгч, ардын боловсролын тэргүүний ажилтан хүн. “Хэт богино радио долгионы тархалтын судалгаа” гэсэн сэдвээр 1992 онд физик математикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Үндэсний бөхөө эрхэмлэн дээдэлж хөгжүүлэх үйлст оюун билэг, авьяас чадвараа сорин МҮБХ-г байгуулалцаж Бөхийн өргөөтэй болох нүсэр ачааг үүрэлцэж уран барилга, архитекторч болж үзсэн толгой. Д.Данзан “Эгшиглэнт нас”, “Босоо дэлтэй бор”, “Дэлхийд ганц наадам”, “Дэлхий чимсэн нутаг”, “Бусдынх амттай хорвоо” тэргүүт яруу найргийн түүврүүд хэвлүүлж, “Насны хайр”, “Сайхан хүмүүс” тоглол­тоо ард түмэндээ толилуулсан. Энэ эрхэм нийтлэл, танин мэдэхүйн гуч гаруй номыг хэвлүүлсэн хөдөлмөрч, авьяаслаг нэгэн.

Өвөрхангай аймгийн Хужирт сумаас ирсэн Ц.Нинжбат төгсөөд сумандаа багшаар очин, сургуулийнхаа хичээлийн эрхлэгч, захирлын алба хашихын зэрэгцээ физикийн улсын олимпиадад шавь нараа олон жил тууштай сайхан сойж байгаа “уяач” болжээ. Эдний ангийнхан намрын ажилд Төв аймгийн Жаргалантын САА-д хэдэн жил дараалан очиж ажилласан байна. Харин 1974-1975 онд хоёр жил дараалан зуны ажлаар Дорнод аймгийн Баяндун суманд очин сумын клубийн тоосгон барилгыг босголцжээ. Ийн ажиллахдаа 1974 оны наадамд Р.Нямдорж зодоглон үзүүрт тунаж, сумын заан Басгадайд тахимаа өгч байсан нь дурсгалтай санагддаг гэнэ. Хойтон жилийнх нь наадамд Ц.Нинжбат шигшээ барилдаанд түрүүлж, ангийн анд Жадамбаа, Данзан хоёрынхоо хорыг гозолзуулж байсан гэж байгаа. Учир нь энгийн үед барилдахад мөнөөх хоёр Нинжийгээ ёстой нэг нүдээрээ үздэггүй байж. Тэгсэн тэр барилдаанд нөгөө хоёр нь доор даваанд нутгийн ханагаруудад унаж, унаад байдаг найз нь түрүүлж л дээ. Эдний ангийн хөвгүүд Тасганы овоон дээр гараад бараг өдөржингөө барилдчихдаг байсан нь Монголын үндэсний бөхийн ирээдүйн их зүтгэлтнүүд төрөх үүдэл болсныг үгүйсгэх газаргүй. Баяндунд хоёр жил дараалан зусахдаа тухайн сумын наадмыг жинхэнэ утгаар амилуулсан гэдэг. Учир нь буриадууд монгол наадмыг тэгтлээ нэг их сонирхдоггүй болохоор идэвхгүй, нэг л тийм үлбэгэр наадманцар болдог байж л дээ.

Энэ ангийнхан хоёрдугаар курсээсээ гурван бүлэгт хуваагдан хичээллэх бол­жээ. Хатуу биеийн физикийн бүлэгт Д.Данзан, Р.Нямдорж, Ц.Нинжбат, Л.Майдар, Ш.Жаргалсайхан, Ц.Одончимэг нар, радио физикийн бүлэгт С.Бэрхээ, Г.Хүрлээ, С.Баасанцэрэн, А.Тогтох, Д.Ишзэн, Р.Бат-Эрдэнэ, С.Мягмарсүрэн нар, онолын физикийн бүлэгт Б.Жадамба, Ж.Бааст, Төгөлсүрэн, Ц.Мөнхжаргал, Х.Хайрат, Цэндсүрэн нар тус тус хуваагджээ. Шинжлэх ухааны докторын зэргийг Б.Жадамба хамгаалсан бол боловсролын докторын зэргийг С.Мягмарсүрэн, Д.Данзан нар нэр төртэй хамгаалсан байдаг. С.Мягмарсүрэн Ховдын багшийн дээд сургуульд насаараа физикийн багшаар ажилласан хөдөлмөрч, маш цэвэрч нэгэн. Цэвэрч нь дэндүүдээ оюутан байхдаа өглөө бүр цүнхнээсээ тусгай алчуур гарган сандал, ширээгээ бараг нүүр харагдтал зүлгэн арчиж байгаад суудаг байж. Энэ нь хамт суудаг Данзанд сайхан санагддаг байсан гэнэ. Харамсалтай нь энэ нямбай хүмүүн тавь гаруйхан насандаа бурхан болжээ. Төгөлсүрэн, Мягмарсүрэн, Майдар, Бэрхээ, Ишзэн нар нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч ангийн нөхөд нь оюутан ахуйн тэр л гэгээн дүр, хүүхдэрхэг занг нь өнөө ч дурссаар. Сургуулиа төгссөн даруйд Хүрлээ, Бэрхээ, Хайрат, Баасанцэрэн нар ШУА-ийн физик техникийн хүрээлэнд хуваарилагдан баяртайгаар очиж, хожим тэд “Монел” теливизийн хамтран зохион бүтээгчид болсон түүхтэй. Р.Нямдорж төгсөөд МУИС-ийн хуулийн тэнхимд криминалистикийн багшаар 16 жил ажилласан бол Оюунчимэг Геологийн төв лабораторид инженерээр ажилласан байна.

Ангийн гарын таван хуруу, цэцгийн таван дэлбээ болсон охид нь Төв аймгийн Жаргалантын САА-гаас ирсэн Жаргалсайхан хэмээх аманцар шар охин, нийслэлийн V сургуулийн төгсөгч Оюунчимэг, Сэлэнгэ нутгаас ирээд нутагтаа багшаар одсон Мөнхжаргал, Увсын Цэндсүрэн, Өмнөговийн Тогтох нар юм. Тогтох шиг гайхамшигтай сайхан бичигтэй хүнтэй өнөөдрийг хүртэл таарсангүй гэж ангийнхан нь ам шүд алдаж байна. Майдар, Баасанцэрэн хоёр Эрхүү хотоос эдний ангид ирсэн аж. Тэд орос хэлэнд ус цас болохоор нөгөөдүүл нь бараг л хадаг барьж шавь орохоо шахдаг байж. Ишзэн гитарыг ёстой л уйлуулж дуулуулах шиг тоглож, дуулахыг ч нэг үзүүлж өгдөг байсан нь оюутан цагийн уянгыг хөглөж үлджээ. Г.Хүрлээ нийслэлийн нэгдүгээр сургууль дүүргэж ирсэн болохоор математикаар толгой цохино. Аав Гомбосүрэн нь хот тохижилтын зүлэг услалтын жолооч хүн байж. Зан сайтынд хүн болгон цуглана гэгчээр эднийхийг тус ангийнхан бараг босгогүй болгосон гэж байгаа.

МУИС-ийн физик-математикийн факультетийн физикийн ангийн багш нь Монголын үндэсний сурын спортын мастер, физикийн шинжлэх ухааны доктор, Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг байжээ. Эднийг анх оюутан болоход МУИС-ийн захирал академич Н.Содном байсан бол төгсөх үед нь Монгол Улсын нам төрийн удирдагч Жамбын Батмөнх гуай захирлаар ажиллаж байсан гэнэ. Тэд мэргэжлийн хичээлийг доктор Д.Батсуурь, Д.Цэрэн, Г.Шилаагарьд, Н.Лувсандорж, Ө.Баваасан, Э.Дамдинсүрэн, И.В.Арсентеев нарын эрдмийн гэрэлт мэргэдээр заалгаж, ухааны жигүүр тэлсэндээ өнөө ч бахархаж явна.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Ерөнхий сайд, Улсын баатар төрсөн физикийн ангийнхан

МУИС-ийн Физикийн ангид 1976 онд 23 хүүхэд элсэн оржээ. Арав гаруй
аймгаас дунд сургуулиа төгсөөд ирсэн хүүхдүүд нэг анги болон суралцаж, насан туршдаа
найз нөхөд болж ирсэн түүх ингэж эхэлжээ. 1976 оны намар  Баруун хязгаар Увс аймгаас  Н.Алтантуяа ноосны машинд дайгдан 20 гаруй хоног
явсаар Улаанбаатарт ирж байсан гэнэ. Харин  
Хөвсгөл аймгаас Ч.Сайнбилэг, Н.Дүүжий нар  арав гаруй хоног явсаар оюутан болохоор ирж байжээ.
Дундговь аймгаас Тэрбиш мөн ирж байсан аж. Тэр жил Физикийн ангид ЗХУ-аас нэг оюутан,
Вьетнамаас хоёр оюутан элсэн суралцаж  байв.
Мөн үсээ ургуулж, трапецин өмд өмсөж чанамал жинсээр гангарсан унаган хотын хүү
Э.Бат-Үүл ч энэ ангийн хүүхэд. Ерөнхий сайд, Монгол Улсын баатар олон эрдэмтэн,
доктор, профессор төрөн гарсан ангийнхны энэ удаагийн уулзалтад очлоо. Тэд сургуулиа
төгсөөд 30 жилийн дараа 2011 онд ангиараа уулзсан байна. Уулзалтаар гурван гадаад
оюутнаас бусад нь бүгд цугларсан гэнэ. Тэр уулзалтаас хойш жил бүрийн намар  уулзалдах болжээ. Энэ жил ч гэсэн ангиараа уулзсан
байна.  Уулзалтын үеэр  ангийн багш Х.Цоохүү “Арав  гаруй аймгаас ирсэн хүүхдүүд нэг анги, би анги
удирдсан багш нь болж байлаа. Тухайн үеийн хүүхдүүдийн хүмүүжил одоогийнхоос их
өөр байсан шүү дээ. Хүүхдүүд маань маш богино хугацаанд ижилсэж билээ.

Манай ангиас Ерөнхий сайд, улсын баатар, олон эрдэмтэн төржээ. Манай
Э.Бат-Үүл хичээлээ их тасална. Нэг удаа багш нарын хурлаар орж байсан юм байна.
Ер нь их жигдхэн, хүмүүжилтэй хүүхдүүд байсан. Харин сурлагатай, мундаг гэвэл Н.Алтанхуяг,
Р.Хоролжав, Д.Сүхгал, Ж.Цэрэндолгор, С.Наранцэцэг гээд олон хүүхэд бий дээ.  Гэхдээ манай ангийн хүүхдүүд хоорондоо их эвтэй,
сурлага хүмүүжилдээ ч сайн.  Сургуулиас бусад
ажилд нийгмийн идэвх сайтай хүүхдүүд байсан” 
гэж ярьсан юм.

“ЦЭНДЭЭ, АЛТАНТУЯА НАРААС
ХУУЛСААР БАЙГААД Л ТӨГСЧИХСӨН ХҮН ШҮҮ ДЭЭ”

Нийслэл хотын дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Юуны өмнө багш
нартайгаа, ангийн хүүхдүүдтэйгээ уулзаад сэтгэл үнэхээр их хөдөлж байна.  Эхлээд багш нараасаа хүлцэл өчмөөр байна. Их тааруу,
аргыг чинь барсан оюутан байжээ, би. Бараг хичээлд суугаагүй юм шиг санагддаг юм.
Цэндээ, Алтантуяа нараас хуулсаар байгаад л төгсчихсөн хүн шүү дээ. Дамба багш миний
дипломыг удирдсан юм. Тухайн үед хүмүүсийн нэг их анхаараад байдаггүй сэдвээр диплом
бичүүлж байлаа. Аргыг нь мөн ч барсан даа. Дипломынхоо учрыг ч ойлгоогүй, нэг мэдсэн
хамгаалаад төгсчихсөн байсан. Гэхдээ төгссөнийхөө дараа өөрөөсөө ичээд дипломынхоо
сэдвийг нухацтай судалсан шүү. Өөр нэг юм гэвэл би ямар азаар физикийн анги сонгож,
төгссөн юм бэ. Физикийн шинжлэх ухаан гэдэг бодит байдлыг өөрийнхөө тааллаар тайлбарладаг
юм. Үүгээрээ бусад бүх салбараас онцлог. Боловсролтой, сэтгэж  чаддаг, амьдралын мөн чанарыг тайлж, ухамсарлаж
чаддаг болъё гэвэл физикийн ухааныг л сонгох хэрэгтэй. Сүүлд нь ангийн нөхөдтэйгээ
уулзсан чинь одоогоос 30 гаруй  жилийн өмнө
дэггүйтэж явсан Бат-Үүл болчихсон юм шиг сэтгэгдэл төрөөд байна” хэмээн оюутан ахуй
цагийн дурсамжаас хуваалцсан юм.

“ЭНЭ ЭЙНШТЕЙНИЙ ХАРЬЦАНГУЙН ОНОЛ ХУДЛАА ЮМ ШИГ САНАГДААД БАЙНА” ГЭЖ Э.БАТ-ҮҮЛ
НАДААС АСУУГААД …

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Анх оюутан болоод 301 тоотод сууж
байтал самбарынх нь зүүн дээд буланд “Физикийн шинжлэх ухаан бол цэнгэлийн манлай”
гэсэн үг байж байна. Тэр үед ийм аймаар зовлонтой хичээлийг цэнгэлийн манлай гэдэг
нь яаж байгаа юм бол гэж бодож байлаа. Гэтэл үнэхээр л цэнгэлийн манлай шинжлэх
ухаан мөн байсан. Биднийг өдий зэрэгтэй яваа нь физикийн шинжлэх ухааныг судалсны
гавьяа. Мөн улстөрд туйлширдаггүй занг маань ч энэ л салбар төлөвшүүлсэн гэж боддог
юм. Бүх юманд онцлог гэж байдаг. Тэгвэл манай анги онцлогийн онцлог анги. Улсдаа
ганцхан баатартай бас интернациональч. Ирц бүртгэж байсан дэвтрээ хааяа хардаг юм.
Түүн дээр хамгийн олон удаа хичээл тасалсан нь манай баатар шүү дээ. Ер нь Дамба
багш  Бат-Үүлийг энэ нийгэмд их тэсрэлт хийхэд
бэлдсэн хүн нь юм байна шүү гэж сүүлд бодох болсон. Дипломынх нь сэдэв хүртэл  тэсрэлтийн талаар байдаг. Гэхдээ Бат-Үүл аймаар
мартамхай хүүхэд байсан. Ямар сайндаа л бээлийгээ байнга резинээр холбож өмсдөг
байх вэ дээ. Гэхдээ тийм л хүн хувьсгал хийж чаддаг юм. Энэ Бат-Үүл их сонин хүүхэд
байж билээ. Нэг өдөр Туяа нааш ир гээд болдоггүй. Яваад очтол “Энэ Эйнштейний харьцангуйн
онол худлаа юм шиг санагдаад байна” гэдэг байгаа. Тэгэхээр нь “Чи юу яриад байгаа
юм бэ. Наад бодлогоо л олигтой бод” гэж байлаа” хэмээн Ерөнхий сайд маань өгүүлж
байна.

НАМРЫН АЖИЛД ЯВАХДАА ИХ
ӨЛСДӨГ БАЙСАН  ГЭВ

Оюутан ангийн гэгээн дурсамж ийн хөвөрч эхлэх ажээ. Ангийн хамгийн
“гавал” Цэндсүрэнгээс эхлээд ангидаа төдийгүй сургуулийнхаа оюутнууд дунд ганган
хээнцэрээрээ алдартай  “фигур” Самбаа, говь
нутгийн хүүхэд “ТБ”, Ангийн зохион байгуулагч Д.Сүхгал, ШУТИС-ийн математик, технологийн
сургуулийн Физикийн салбарын эрхлэгч П.Түмэндэмбэрэл, Засгийн газрын хэрэг эрхлэх
газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Шинжлэх ухааны Академи, физикийн хүрээлэнгийн доктор,
профессор, Р.Хоролжав нар ангийнхаа хөгжилтэй явдлын талаар дурсан ярих аж. Тэдний
оюутан цагийн санаанаас гардаггүй дурсамжуудын нэг нь  намрын тариа хураалтын үе. Оюутны анхны намрын
ажлаар Жаргалантын САА-д 45 хоног төмс, байцаа, лууван хураалцсан байна. Мөн Төв
аймгийн Октябрийн САА-д шонгийн мод суулгаж цахилгаан татах ажил, Хэнтий аймгийн
Мөрөн суманд сургуулийн дотуур байр барих, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд дунд
сургуулийн байшингийн суурь цутгаж өрлөг хийх, Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрт
сургуулийн байшингийн суурь тавих ажлуудыг хийжээ. Ангийнхаа найман охиноор хүнд
хүчир ажил хийлгэдэггүй, “эрхлүүлдэг” байсан гэнэ. Тухайн үед улсаас томилолт өгдөг
байгаагүй болохоор өөрсдөө тарвага агнаж эсвэл арвайн гурил багсарч иддэг байжээ.  Ангиараа тариан албайд дуулж хуурдаад, нэгнийгээ
шоглож уйлуулчихаад аргадах гэж зовдог байсан тэр л дурсамжууд нь хамгийн сайхан
үе гэнэ.

Ангийн Самбалхүндэв ихэнх охинд хайрын захиа илгээсэн нэгэн.  Сургуулийнхаа олон охинд захидал бичиж, олон охинд
сэтгэлээ өгч байсан аж. Мөрөө давсан урт үстэй, их наргианч, шогч зантай Самбалхүндэв
дөрвөн хуруу зузаан өсгийтэй гутал өмсчихөөд л таалагдсан бүсгүйнхээ өмнө орж дуулж,
бүжиглээд л явдаг байжээ. Ангийнхан түүнийг “фигур Самбаа” хэмээн дууддаг байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ангийнхан нь Туяа гэж дуудна. Түүний
нэрийг Алтантуяа гэдэг байжээ. Их сургуулиа төгсөхийн өмнөхөн нэрээ сольж Алтанхуяг
болгожээ. Гэвч ангийнхан нь түүнийг одоо хүртэл Алтантуяа гэж дууддаг юм билээ.  

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
булангууд мэдээ нийгэм нэг-ангийнхан

Үндсэн хуулийг бүтээсэн нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа тун өвөрмөц нэг ангийг урилаа.
Өнөөдөр байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 24 жилийн
ой тохиож байгаа түүхэн өдөр. Тиймээс тухайн үедээ “Нэг ангийнхан” болж, анхны Ардчилсан
Үндсэн хуулийг баталж байсан Улсын бага хурлын гишүүдийг энэхүү буландаа урив. Тэднийг
“Монголын түүхэнд улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг
бүрдүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан парламент” хэмээн түүхийн номуудад тэмдэглэсэн
байдаг билээ.

Анхны парламентын гишүүдтэй өчигдөр Төрийн ордноо уулзах боломж тохиосон
юм. Учир нь түүхэн ойг тохиолдуулан өнөөгийн УИХ-ын дэд дарга, тухайн үеийн Улсын
бага хурлын дарга, БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч Р.Гончигдорж  ахмад гишүүдээ хүлээн авч уулзлаа. Энх орныхоо
өнцөг булан бүрээс 53-уулаа цуглаж байсан анхны парламентчидаас энэ өдөр 20 гаруй
хүн иржээ. Тэдний дунд, одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж,
Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Сангийн сайд
асан Ц.Өөлд, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Сангийн дэд сайд асан Т.Очирхүү, иргэн Д.Ламжав
нарын олон эрхмүүд байснаас гадна тухайн үеийн Улсын бага хурлын Тамгын газарт ажиллаж
байсан ажилтнууд хүрэлцэн ирсэн байлаа. Тэр бүр уулзалдаж чаддаггүй ахмад парламентчид
нэг л сайхан дотно, элгэмсэг байдлаар тэврэлдэн уулзалдах нь нүднээ тусч байлаа.

Энэхүү анхны парламен­таас өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын
дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Л.Болд, Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд
асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан С.Баяр, Д.Балдан-Очир, Т.Очирхүү нарын зэрэг
улс төр, нийгмийн олон зүтгэлтнүүд улстөрч байхын анхны “хичээлээ” заалгаж байсан
гэхэд болох билээ. Улсын бага хурал 1990-1992 оны хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж
байв. Ингэхдээ Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Социал демократ нам, Монголын
үндэсний дэвшлийн нам гэсэн дөрвөн намын төлөөлөл болох 53 гишүүнээс бүрдэж байсан
юм. Тэднийг Ардчилсан Үндсэн хууль болон бусад суурь хуулиудыг батлуулах зорилготойгоор
таван жилийн хугацаатай сонгож байсан ч эдгээр үндсэн үүргээ хоёр жилийн хугацаанд
биелүүлж, хуулиудаа баталж чаджээ. Тиймээс ч өөрсдөө хугацаанаасаа өмнө “буух” хуулийг
баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу 76 гишүүнтэй
шинэ парламентдаа суудлаа тавьж өгсөн хэрэг. Үүнийг ч энэ өдрийн уулзалтыг зохион
байгуулсан Р.Гончигдорж дарга хэлж байлаа. Тэрээр “Өөрсдөө сайн дураараа эрхээсээ
татгалзсан энэхүү үйл явдал нь дараа дараагийн парламентад нэгэн жишиг болж чадсан
юм” хэмээж байлаа. Тэд төрийн эрх барих хоёр жилийн хугацаанд 27 хуулийг шинээр
баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж байсан
юм.

Эдгээрээс хамгийн онцлог хууль нь Ардчилсан шинэ Үндсэн хууль. Үндсэн
хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаар
ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байсан бөгөөд Бага хурлын байнгын хороодын хэд
хэдэн удаагийн хэлэлцүүлэг, бүх нийтийн санал асуулгын хэдэн арван мянган санал
зэргийг нэгтгэж, жил гаруйн хугацаанд хэлэлцэж байж шинэ Үндсэн хуулийг баталж байлаа.
Ингэхдээ шөнө бүр нэг, хоёр цаг хүртэл хуралдаж, өөрсдийн үзэл бодлоо хамгаалан
хэрүүл, маргаан хийж эвдрэлцэхээс эхлээд эвийн хүчээ нийлүүлэн байж улс эх орныхөө
хөгжлийг чиглүүлэх тулгуур хуулиа баталж байсан гэдэг.

Ийм их нөр хөдөлмөрийг хийж чадсан “Нэг ангийнхан”-ы хувьд малчин,
эксковаторчаас эхлээд хуульч, эдийн засагч, санхүүч, инженер зэрэг салбар салбарын
төлөөлөл багтаж байв. Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Г.Лхагважав гуай
малчин ардын төлөөлөл болон Бага хуралд сууж байсан бол барилгачин Б.Искра гуай
жирийн нэгэн ажилчин ангийг төлөөлөн ажиллаж байв. Тэднээс гадна олон багш нар тэнд
багтаж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Түүнчлэн “Үндсэн хуулийн эцэг” хэмээн ард
түмэндээ хүндлэгдсэн Б.Чимид агсан ч энэ парламентын түшиж, тулах туршлагатай хуульч
нь байсан юм.

Парламентын анхдагчдын дунд ердөө хоёрхон бүсгүй ажиллаж байжээ.
Тэдний нэг телевизийн нэвтрүүлэгч Э.Алтангэрэл харамсалтай нь ертөнцийн жамаар бурхны
оронд очжээ. Түүн шиг ангийн нөхдөө орхиод одсон арав гаруй гишүүн бий.

Харин нөгөө бүсгүй болох Ж.Бямбажав гуай Бага хурлын гишүүний албаа
өгснөөс хойш Үндсэн хуулийн Цэц зэрэг өндөр хариуцлагатай хэд хэдэн албан тушаалд
томилогдон, өндөр бүтээлтэй ажилласан нэгэн юм. Тухайн үед хоёрхон эмэгтэйгээ эрхэм
гишүүд маань ихэд хүндэтгэн саналыг нь сайшаан хүлээн авч, дэмждэг байсан хэмээн
Ж.Бямбажав гуай дурсан ярьж байсан билээ. Хоёр бүсгүй маань жендерийн асуудлыг тодорхой
хэмжээгээр хэлэлцэж буй хуулиуддаа оруулж чаддаг байсан гэдэг.

 

ПАРЛАМЕНТЫН ХАМГИЙН ЗАЛУУ ГИШҮҮН С.БАЯРЦОГТДОО СҮҮЛ ҮҮРҮҮЛЖ БАЙЖЭЭ

Булангийн маань зочид тухайн үедээ 23-65 насных байсан юм. Тэдний
хамгийн бага нь өнөөгийн УИХ-ын гишүүн С.Баярцогт гэдгийг олон хүн мэдэх биз ээ.
Дөнгөж их сургуулиа төгссөн шижигнэсэн бор залуу Монголын Залуучуудын холбооны квотоор
парламентын гишүүн болж байв. Түүнээс хойш тэрээр үргэлж төрд ажиллан, УИХ-ын гишүүн,
дэд дарга, сайд гээд хариуцлагатай албан тушаалуудыг хашсаар байгаа юм.

Ангийнхнаасаа хамгийн бага нь байсан тул тухайн үеийн хөгжилтэй олон
дурсамж С.Баярцогт гишүүнтэй холбоотой байдаг. Ардчилсан хувьсгал дөнгөж ялж, эдийн
засаг, нийгмийн байдал хүнд хэцүү байх тэр үед Бага хурлын гишүүдэд өнөөгийн гишүүдийн
эдэлж, хэрэглэж байгаа шиг эрх ямба байсангүй. Зөвхөн “Бага хурлын гишүүн” гэх үнэмлэхээр
автобусанд үнэ төлбөргүй явах л эрхтэй байв. Нэгэн өдөр С.Баярцогт гишүүн автобусанд
суужээ. Тэгсэн тасалбар түгээгч нь учиргүй мөнгө нэхэж, “Чиний бага хурлын гишүүн
гэж юу байдаг юм. Харваас жаахан амьтан байж яасан том ярьдаг юм. Хуурамч үнэмлэх
биз” хэмээн загнасаар тасалбарынхаа мөнгийг авч байсан удаатай гэнэ. Бага хурлын
гишүүн Н.Сампилноровын дурсан ярьснаар С.Баярцогт гишүүн маань хонины таван кг сүүл
үүрээд одоогийн бидний нэрлэж заншсан Сансарын туннелийн байр орж байсан тохиолдол
ч бий. Учир нь Н.Сампилноров гуай Төрийн ордны ресторанд ортол хонины шинэхэн сүүл
зарж байна гэнэ. Өөхөнд нэлээд дуртай тэрээр олдсон дээр нь гэсэн шиг таван кг өөх
авч орхилоо. Гэтэл гэртээ аваачих гэтэл хүч дутжээ. Тэгэхээр нь танхимынхаа залуу
гишүүд болох С.Баярцогт, Сомат хоёрт үүрүүлээд гэр рүүгээ явуулчихаж. “Ямар ч байсан
аваачаад л өгсөн дөө” хэмээн Н.Сампилноров гуай өдгөө хүд хүд инээн сууна. Гэхдээ
бас С.Баярцогт гишүүн  дуугүй байгаагүй гэнэ
лээ. “Улсын бага хурлын гишүүнээр сүүл үүрүүлээд байхдаа яадаг юм” гэж хэлж үзсэн
гэнэ лээ шүү.

Хашиж буй албан тушаалаасаа үл хамааран хаа ч таарсан хөгжилтэй,
хөгжөөнтэй яриа дэлгэж явдаг Ж.Бямбадорж гуай энэхүү уулзалтын үеэр хэзээний бусдыгаа
инээлгэсээр явна лээ. Тэрээр энэ өдрийн уулзалтад орж ирэнгүүтээ л Р.Гончигдорж
дарга, С.Товуусүрэн нарын зэрэгцэн суугааг хараад “Үстэй, үсгүй хоёр зэрэгцээд суучихаж”
хэмээн бусдыгаа инээлгэж байлаа. Үнэхээр ч Р.Гончигдорж дарга урт үсээ боосон байхад
С.Товуусүрэн гуайн толгой харин гялтганаж байсан юм.

Бага хурлын гишүүн Ж.Бямбадорж гуайн хөгтэй явдлууд тун олон. Нэгэн
удаа Боловсролын тухай хуулийн талаар өргөн хэлэлцүүлэг болж байлаа. Бүр тодруулбал,
Намын дээд сургуулийг татан буулгаж, төр, нийгэм судлалын академи байгуулах тухай
асуудал яригдаж байв. Ж.Бямбадорж гуай ч багш учир үе үеийн удирдагчдыг бэлтгэж
ирсэн сайхан сургуулиа татан буулгуулахгүй гээд л үзэж тарлаа. Бүр нүдээ бүлтийлгэж,
нүүрээ улайлгаж байгаад л хэрэлдсэн гэж байгаа. Түүний эсрэг саналтай байж, тэгтэл
нь уурлуулсан хүн бол МҮДН-аас орж ирсэн н.Батсүх байв. н.Батсүх гуай харин багш
мэргэжилтэй атлаа сургуулийг татан буулгахыг гойд дэмжиж байсан нэгэн. Үүнээс үүдэн
хоёр багш үзэл бодлоо тууштай хамгаалан танхимаар нэг хэрүүл болсон гэдэг. Бүр өөрсдийнхөө
саналыг дэмжүүлэх буюу талдаа урвуулахаар бусад гишүүдээ ч ятгаж байсан гэж байгаа.
Эцэстээ Ж.Бямбадорж гуай дийлсэн гэсэн.

Энэ мэт үзэл бодлынхоо төлөөх тэмцэл нь тэр үеийн Бага хуралд байнга
гардаг үзэгдэл байв. Гэхдээ энэ нь ямар нэг хорон хэрүүл бус Монгол орны ирээдүйг
гэрэлтүүлэхийн төлөөх маргаан байсан юм. Ямартаа л Ж.Бямбадорж, Батсүх хоёр тэрхүү
“хүндхэн” хэрүүлийн дараа танхимаас гарах мөчдөө хувь хүнээрээ уулзалдсан байхав
дээ. Тэдний дунд “Чи багш хүн байж, үгүй би чамд хэзээ ч бууж өгөхгүй за” гэсэн
инээдтэй зэрэгцсэн үгс урсаж, бие биенийхээ мөрөн дээр цохиод өнгөрч байсан өдрүүд
зөвхөн үүгээр дуусахгүй.

Бага хурлын гишүүд олон түмний дунд их нэр хүндтэй. Үүнийг нотлох
нэгэн үйл явдал Ж.Бямбадорж гуайд тохиолдсон байх юм. Тэрээр нэг удаа шөнийн 11
өнгөрч байхад Амгалангаас автобусанд суутал нэгэн танихгүй эр “Хүүе. Бямбадорж гуай
тантай золгоё” хэмээснээр автобусанд явсан 20 гаруй хүн түүнтэй золгох болсон гэдэг.
Автобустай холбоотой өөр нэг дурсамж бол Байнгын хорооны даргынхаа машинд дайгдан
гэр рүүгээ дөхдөг явдал. Эрх биш байнгын хорооны дарга учир Д.Лүндээжанцан гишүүн
маань машинтай байж. Тиймээс ч гуравдугаар хороололд байх гэр рүүгээ явахад нь
“Хамт дөхье” гээд л суучихдаг байсан гэсэн.

Хэзээд мөн чанараа алдахгүй зөв хууль, зөв шийдвэр гаргахын төлөөх
өөр нэг маргаан бол мөнгөн дэвсгэртийн тухай хэлэлцүүлэг байв. Ингэхдээ мөнгөн дээр
ямар хүний зураг байх ёстой талаар гишүүд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байв.
Тэдний дунд “Чингэс хаан, Маршал эсвэл бүр Хубилай, Өгөдэй хааныхаа зургийг тавья”
гэсэн санал ч байв. Тэгсэн гишүүн Н.Сампилноров “Зүс барааг нь харж байгаагүй хаадыг
ямар гэж дүрслэх вэ. Нүдийг нь, хамрыг нь ямар байдлаар зурах вэ. Харин түүний оронд
хэний ч мэдэх одоогийн Ерөнхийлөгч П.Очирбатын зургийг оруулъя” гэж. Түүний энэ
яриа танхимыг инээдээр дүүргэж, хүн бүр өөр өөрийнхөө зургийг тавих уу гэх мэтчилэн
хөгжөөнтэй яриа өрнөсөн гэдэг. Н.Сампилноров гуай мөчөөгөө өгөлгүй дарга Р.Гончигдорждоо
хандан гаргасан саналаараа санал хураалгая гэж. Хуулийн дагуу санал хураалт ч болж,
53 гишүүнээс долоо нь дэмжив. Энэ учир дутагдалтай боллоо дахин хураалгая гэсэн
ч дахиад л нөгөө долоо л дэмжиж байсан түүхтэй.

Түүнчлэн төрийн сүлдэнд шонхор шувууг оруулах гэснээс үүдэн шувуунд
мөргөх болж байна уу гэсэн яриа, шүүмжлэл ч гарч байсан удаатай.

Бага хурлын гишүүдийн олонхи нь хөдөө орон нутгаас ирсэн тул тэднийг
Туннелийн өндөр ногоон байруудад түр зуур суулгадаг байсан гэдэг. Шөнийн нэг, хоёр
цаг хүртэл хуралдчихаад хоорондоо хууч хөөрсөн шигээ гэр рүүгээ алхацгаадаг байсан
нь ахмадуудын маань сайхан дурсамжийн нэгээхэн хэсэг. Ням гаригийн ганцхан амралтын
өдрөөрөө бие биенийдээ орж, айраг цагаа уунгаа шатар тоглон цагийг бас ч үгүй үр
бүтээлтэй өнгөрөөдөг байснаа гишүүд маань дурсан ярьж байсан юм. Гишүүд маань тэр
үед сарын 1300 төгрөгийн үндсэн цалинтай байв. Уг нь үүнийг 3000 болгон нэмэгдүүлэхээр
АИХ-д оруулсан ч “ихэднэ” хэмээсэн тул хуучнаараа тогтжээ. Зарим багш, эрдэмтэн
үүн дээр эрдмийн нэмэгдэл авна. Гэхдээ л төдий нэмэгдэхгүй, 2000 төгрөг л болно.
Өнөөгийнх шиг бусад хангамж байхгүй ч тэдний цалин ямар ч байсан болгоод л байсан
тухай ахмад гишүүд маань хуучилж байна лээ.

Улсын бага хурал албан ёсоор тарах үед гишүүддээ бүгдэд нь орон сууц
хуваарилж өгчээ. Тэгсэн одоогийн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд эзэнгүй
байсан тул уг хуваарилалтаас хоцорчихжээ. Чухам яг хаашаа явсан байсныг нь ангийн
нөхөд нь ярихдаа “Угийн л хэл ус сайтай байсан болохоор гадаадад л тэнэж явсан байх”
хэмээсэн. Нэгийгээ байргүй болчих гээд байхаар нь ангийн нөхөд нь хөөцөлдсөөр түлхүүрийг
нь аваад эгчид нь хүргэж өгч байсан нь анхны парламентын гишүүд маань сонгогдсон
нам энэ тэрээсээ огтхон ч хамааралгүйгээр бие биенийхээ төдийгүй улс орныхоо хөгжлийн
төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг, зүтгэдэг байсны нэг жишээ ажээ.  

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхан

Баруун
гар талаас Т.Галсан, Т.Гомбодаш, Б.Базылхан, Сүрэн, Эвлэлт, Долгор, Ч.Алгаа, Нямсүрэн,
Т.Моонон, Н.Отгон. Ангийнхан 40 жилийн дараа

 Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1956-1960 онд дүүргэсэн оюутнууд нэг жарны хойно оюутан ахуй насаа түүх болгон хуучилж байна. Их сургуулийн боловсрол эзэмшээд өөр өөрийнхөөрөө замнасан энэ ангиас ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтний зэрэгцээ, зохиолч, эрдэмтэн олон төржээ. Ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян, Т.Гомбодаш, Лажымар, Банзрагч, Долгор, Н.Нямсүрэн, Моонон, Н.Оточ, Сүрэн, ОХУ-аас К.Малчанов, БНХАУ-аас Эвлэлт, Цагаанхад, Ренчиндорж нар суралцаж байжээ. Мөн энэ ангийг дүүргэсэн оюутнуудаас төгссөн даруйдаа салбар салбарт дарга болон дэвшсэн хүмүүс бий. О.Осор Намын төв хорооны хэлтэст, Б.Доноров Хотын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга, Т.Гомбодаш хотын Цагдаагийн газрын намын хороонд засгийн машин унах эрхтэй дарга болон дэвшсэн нь олон жил төр засгийн хариуцлагатай албанд ажиллах эхлэл нь болж. Б.Доноров нь Ю.Цэдэнбал даргын ойрын хамаатан байсан нэгэн. 

Тэрчлэн тухайн цагт эмэгтэй зохиолчид дундаа манлайлж асан Ч.Алгаа, орчуулагч Ш.Цэрэнрагчаа нар энэ ангиас тодрон гарсан бол Т.Моонон, Банзрагч, Сүрэн нар шүлэг, зохиолоо олны хүртээл болгосон уран бүтээлчид болжээ. Энэ ангиас төрөн гарсан эрдэмтдийн нэг нь Б.Базылхан юм. Тэрээр Монголын хэл уран зохиолд томоохон хувь нэмэр оруулсан аж. Н.Жамсранжав шинжлэх ухааны салбарт судлаачаар олон жил ажиллаж мөн л төрийн өндөр дээд одон медалиудаар энгэрээ цоолж асан нэгэн. ОХУ-аас ирж суралцаж байсан  К.Малчанов нь Москва дахь Монголын радиод насаараа ажилласан бол Хятадаас ирсэн Эвлэлт нарын хүмүүс тухайн үеийн сонгодог зохиолуудыг Хятад, Монгол, Орос хэлнээ орчуулан олны хүртээл болгож нэрд гарчээ. Эдгээр өвөрлөгч оюутнуудаас хамгийн том судалгааны ажил хийсэн хүн Монголч эрдэмтэн Ренчиндорж юм байна. Харин Н.Нямсүрэн нь Боловсролын сайд асан Ё.Отгонбаярын ээж гэж байгаа.

Нэгэн цагийг манлайлж асан энэ ангийнхны түүх тун ч арвин. 1956 оны намар хичээл эхлэхэд 20 хүүхэдтэй нэг анги бүрдэж байсан бол төд удалгүй хоёр оюутан нэмэгдэн элсчээ. Тодруулж хэлбэл ардын уран зохиолч Т.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян нар Монгол хэл, уран зохиолын ангид суралцах эрх авч чадаагүй бөгөөд шүлэг тэрлэдэг гэдгээрээ түрээ барьж Зохиолчдын хорооны хаалгыг сахисаар дарга нарын цохолт олж авсан байна. Нэг ёсондоо “арын хаалга”-аар элсэн суралцсан нь анги хамт олноо улмаар салбартаа манлайлж чадсан байгаа юм.  Т.Гомбодаш, Лажымараас эхлээд ажиллаж байгаад оюутан болсон олон хүн байсан бөгөөд 25-30 настай нь ч байж. Лажымар нь цэрэг, батлан хамгаалахын салбарт багагүй хугацаанд ажиллаж байсан бөгөөд дөнгөж арван жилийн сургуулийг дүүргэсэн залуусыг жинхэнэ “дэглэдэг” байжээ. Лажымар хичээлдээ ирсэн цагт ангийн гурван охиноос бусад нь зэрэг босч, зэрэг хөдөлж цэрэг шиг л байдаг байсныг хүүрнэнэ. Ангийн дарга Т.Гомбодаш ч эхний нэг жил Лажымарын энэ “дэграамыг” таслан зогсоож чадаагүй гэдэг.  

Бас намрын ажилд уралдан гардаг байснаа ч тэд өгүүлэх. Бараг мянган төгрөгийн цалин авчих учир, олонтой нөхөрлөж цаг хугацаа хөгжил хөөртэй өнгөрдөг байсан тул ийн намрын ажилд яардаг байжээ. Бөөн, цөөнөөрөө улсын ажилд гарч уралдан хийх юутай урамтай хэмээнэ. Ажилд явах өдрөө тэсэн ядан хүлээгээд явах өдрөө унтаж хоцорсон, дулаан хувцсаа мартсан гээд хөгтэй явдал олон. Гуравдугаар курст ордгийн намар цаг. Тус ангийн залуусаас бие товируун хэдийг сонгож аваад Хөдөө аж ахуйн факультетийн хэдэн оюутантай Хандгайтад аваачин самар түүлгэхээр явуулжээ. Хугацаа талдаа орж ажил ч нэлээд явсан байж. Нэг шөнө унтаж байтал хоноглох байранд нь нэг амьтан орж ирэн бедон сав тачигнуулж гарчээ. Оюутнууд эхнээсээ сэрэн хашхиралдаж эхлэхэд хамгийн урдуур унтаж байсан залуу руу мөнөөх амьтан асч дайрсан байна. Төд удалгүй “цохиод байгаарай” гэсэн дуу гарахад нь харвал хоёр чихийг нь атгаж аваад хойш дарсан байжээ. Ингээд тэд мод түншиж самар буулгадаг мунаараа нүдсээр араатны амийг тасалж маргаашийг угтсан байгаа юм. Өглөө сэрээд шөнө дайрсан амьтныг харахад завьж, энгэрээр нь шүлс нь наалдсан чоно байж. Гоц халдварт өвчин судлал, галзуугийн больницоос мэргэжилтнүүд ирж тусгаарлах арга хэмжээ авснаар энэ явдал намдсан байна. Ер нь намрын ажил аравдугаар сар шувтартал үргэлжилдэг байсан бөгөөд ажлаасаа дах, дэхдийтэй бууж ирэх үе ч тохиодог байжээ. Оюутнууд ажлынхаа хөлсөөр тухайн үед хүмүүс нэг их өмсөөд байдаггүй драпан пальто худалдан авч өмсөн охидын урдуур эгнэн алхдаг байсан гэж байгаа.  

Тэр цагийн оюутнуудын онцлог гэвэл байнга сурсан мэдсэнээ, сэдсэнээ нэгэндээ уншиж, ярьж мэдлэг, бүтээлээ хуваалцдаг байсных. Т.Галсан, Сүрэн, Банзрагч, Т.Моонон, Г.Жамъян нар шүлэг бүтээлээ нэгэндээ уншиж өгч, шүүмжилж, засч сайжруулдаг байсан бол Ш.Цэрэнрагчаа, К.Малчанов нар гадаад орон, хүн төрөлхтний хөгжил хийгээд шинэ содон бүхнийг ангийнхандаа ярьж өгнө. Дэлхийн сонгодог зохиолууд ч Монгол хэлнээ орчуулагдан олны хүртээл болж байсан цаг. Дөнгөж хэвлэлтэд гарсан ном зохиолуудыг аль болох ангийнхнаасаа түрүүлэн уншиж бусдадаа ярьж өгөх сонирхолтой. Харин Б.Базылхан, Эвлэлт, Цагаанхад, Ренчиндорж нараас сонсч мэдэх зүйл гэвэл тодорхой. Өмнөд Монголын хийгээд Монголын казах, казах үндэстний талаар гээд олон сэдвээр ярилцана. 

Тиймдээ ч Т.Галсан, Г.Жамъян нар ажлын талбарт гарч амжаагүй шахам байхдаа эсэргүү хэмээгдэн нутаг заагдаж байсныг олон хүн мэдэх биз ээ. Тодруулбал, энэ хоёр эрхэм уралдаж өөр өөрийн чадах хэмжээнд хамгийн том бүтээл туурвихаар болсон байгаа юм. Т.Галсан “Арвайхээр” найраглалаа туурвисан бол Г.Жамъян “Халхын талд” шүлэглэсэн роман бүтээжээ. Шөнөдөө 100 мөр шүлэг бичихээр төлөвлөж уралдсан нь ийм амжилтыг дагуулсан. Харин дээрх найраглал, шүлэглэсэн роман нь хоёр залуугийн бүтээл туурвих урам хийгээд боломжийг багагүй хугацаанд хумисан байдаг. “Арвайхээр” найраглалд “Өнгө мөнгө хоёр үнэ цэнээ хэзээ алдах бол, Өөдгүй хуурамч сэтгэлийн үр хэзээ тасрах бол” гэсэн бадаг орсон бол “Халхын талд” гэх 20 мянган мөр шүлэглэсэн романд “Номхон цагаан хоньдыг минь Нохой сүүлтэй болгочих вий, Номын үсгээ мартаж бусдын тэнгэрт залбирах вий” гэж орсон нь улс төрийн бодлогод тэрсэлсэн хэрэг болжээ. Тухайн үед мал эрлийзжүүлэх, үндэсний бичиг үсгээ сэргээх эсэх асуудлыг төрийн хэмжээнд ярьж байхад ийн шүлэглэж эхэлсэн нь улс төрийн эсэргүү нэр зүүх хэмжээнд хүргэж. Тэгэхэд Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ш.Гаадамба, “Тууврын замд”, “Зоог депутатын зоог” туужийг бичсэн С.Сандагдорж гээд олон зохиолч эсэргүү болон тодорч До яамны байнгын хяналтад ороод байж. 

Ийнхүү гуравдугаар курстээ Г.Жамъян бичсэн зүйлээсээ болон байцаагдаж эхэлсэн бөгөөд айсандаа сургуулиа хаян нутаг тийш оргожээ. Түүнийг “усанд унаж үхсэн”, “хорлогдсон” гээд олон ч тайлбар хөвөрч байжээ. Харин Т.Галсангийн “Арвайхээр” найраглал олны хүртээл болж бусдын талархлыг хүлээж байсан ч сүүлдээ шүүмжлэлд өртөж мөн нутаг заагдсан түүхийг сэргээн сануулахад ийм. 

Ангийнхан сурлага, бүтээлээрээ манлайлдаг шигээ номхон дөлгөөн бас байсангүй. Хичээл таслах үе бий. Хичээлийн дундуур гарч Улсын их сургуулийн хажуугийн “Хишигт” гуанзнаас 50 мөнгөний хуушуураас эхлээд хоол оруулж ирэн танхимын хойгуур бөөгнөрөн идэх үе ч байсан байна. Тухайн цагийн нийгмийн сэтгэлгээ өөр  байснаас болоод ч тэр үү багш нар нь хичээл цалгардууллаа гэх мэтээр загнана гэж үгүй байжээ.      

Өдгөө гавьяаныхаа амралтад сууж, төрийн цол тэмдгээр ажил бүтээлээ үнэлүүлж, оюутан ахуй цагаа хүүрнэн суугаа эрхмүүдийг боловсролд чиглүүлж байсан багш нарыг өгүүлэхгүй өнгөрөхийн аргагүй.  О.Наранцацралт, Лувсанцэрэн, Ч.Лхамсүрэн, Ш.Гаадамба, Д.Цэгмид, С.Зориг агсны аав Д.Санжаасүрэн, Оюун, Ренчинсамбуу нарын олон ч нэр төртэй багш нарынхаа гараар орсон нь өдий зэрэгтэй амьдрахын гол түлхүүр болсон доо гэлцэнэ. Нэгэн жарны тэртээд эрдэм боловсролд шимтэн Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхан гэгдэж байсан эрхмүүдийн тухай өнөөдөр өнгөц өгүүлэхэд ийм. 

Л.МӨНХТӨР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Малчин сумын анхны нэг ангийнхан

“Манай ангийн дарга яг л хэвээрээ шив дээ. Багын л нямбай шар охин байсан сан” хэмээн хоорондоо ярилцаж “Батхүрэлийнхээ ачаар бид хэд ингэж уулздаг байжээ” гэж ирээд л хөгшчүүд гар барин мэндэлнэ. Энэ бол Увс аймгийн Малчин сумын анхны сурагчид болох “1а” ангийнхан. Тэд сургуулиа төгссөнөөсөө хойш 50 гаруй жилийн дараа анх удаа ангиараа уулзаж байгаа нь энэ. Нэг ангийнхан Сонгинохайрхан дүүрэгт байрлах цахилгаан шуудангийн гадаа уулзав. Ангийн дарга Л.Батхүрэл ангийнхантайгаа холбоо тогтоож өглөө 08.00 цаг гэхэд бэлэн байхаар үүрэг өгсөн бололтой. Харин хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй уулзалтынхаа хугацаанаас цаг гаруйн өмнө ирж ийн дуу шуу болсон хэрэг. Ихэнх нь үр, хүүхдээрээ унаа тэргээр хүргүүлж ирж харагдав. Ингээд арваад хүн цугларлаа. Ангийн дарга Л.Батхүрэл гэх 60 гаруй насны шав хийсэн хөдөлгөөнтэй хөгшин автобусны жолоочид хөдлөхийг үүрэгдэв. Замаараа Чингэсийн талбайгаас ангийнхаа хэсэг нөхдийг аваад Тэрэлж орох юм гэнэ. Учир нь Тэрэлжид бага ангийн багш Басангийн Пэлжээ 85 насныхаа ойг тэмдэглэж байгаа аж. Ингээд багшийнхаа баяраас хоцорч болохгүй гэсээр хөгшчүүл яаран хөдлөв. Машин хөдлөө юу үгүй юу хоорондоо шуугилдах агаад шуугилдсан анги дунд яваад орчихсон мэт санагдав. Нэг нэгнийгээ ануухан, залуухан хэвээрээ байна гэж байнга л магтана. Автобусны арын суудалд суусан хоёр эрэгтэй “Манай Сэрчмаа, Н.Огоо ирсэн үү, одоо хэдэн хүн талбай дээрээс суух юм бэ” гэж ангийн даргыгаа шалгаана. Энэ зуурыг хөөрөлдсөөр талбай хүрлээ. Автобусны буудлын сандал дээр сууж байсан зургаа долоон хүн шуугилдсаар автобусанд орж ирэв.

Цэнхэр дээл өмсч, жанжин малгай тавьсан уяач болов уу гэмээр 70 орчим насны эрэгтэй их л хөнгөн шингэн хөдөлгөөнтэй аж. Хүн бүр дэргэд нь очиж гар барин, хөөрөг зөрүүлээд “Үгүй ээ мөн ийм сайхан өдөр ирдэг ээ” гэсээр хөлсөө арчих аж. Тэрээр хөдөөнөөс иржээ. Хөдөөнөөс ирсэн гэх тав зургаан хүн байлаа. 50 гаруй жилийн дараа ангийнхантай уулзаж байгаа болохоор ч тэр үү сэтгэл хөдлөөд ойрын гурван хоног нойргүй хонолоо гэх хүмүүс ч байв. Зарим нь нэгнийгээ танихгүй бишүүрхэж хэсэг зогсонгоо “Чамайг гэж таньсангүй ш дээ. Эвий минь бие нь сайн уу, хаана амьдарч байна” гээд л тэврэлдэж хоолой нь зангиран, нулимс унагаж харагдав. Харин насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх офицер эр “За хөвгүүд минь мэнд мэдээд охидоо үнсэхдээ үнсэлцэхгүй шүү” хэмээн хошигноод авав. Ингээд мэнд усаа мэдэлцэж аваад багшийнхаа зүг яаравчлан хөдөллөө. 

Хэдий 70 дөхөж яваа ч инээд цалгисан их өргөөндөө, хүүхэд ахуй цагтаа эргээд оччихсон юм шиг л хоорондоо хөгжилдөж, хөөр баяраар бялхсан инээд автобусаар нэг цангинана. Эрчүүд нь “Манай ангийн охид”, эмэгтэйчүүд нь “Хөвгүүд ээ” гэж дуудах аж. Тэгсэн хэрнээ хэн хэдэн хүүхэдтэй, хэдэн ач, зээтэй болсон гэж ирээд л яриа дэлгэнэ. Барилгын инженер О.Базар “Миний багш 20-хон настай, хонгор зүстэй байхад бид сэвлэг даахиа ч авахуулаагүй үе байсан. Тийм л залуугаараа биднийг хорвоотой танилцуулсан хүн дээ. Хичээлийн анхны өдөр 1958 оны есдүгээр сарын 25-нд манай ангийнхнаас хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн болохыг асуулаа. Хэн ч төрсөн өдрөө мэддэггүй. Тухайн үед аав, ээж чи хавар, намар төрсөн л гэж хэлэхээс биш нарийвчилж хэлэх биш. Тэгсэн багш та нарын хорвоод шинэ хүн болж мэндэлсэн өдөр энэ өдөр байх болно гэж хэлж билээ. Одоо бидний ихэнхийнх нь иргэний үнэмлэх дээр төрсөн өдөр нь 1958 оны есдүгээр сарын 25 гэсэн байдаг” гэж ярив. Тэрээр ангийнхаа хамгийн үг яриа хурц, уран цэцэн үгтэй нэгэн гэнэ. Бусад нь ч ам булаацалдан “Багш ёстой л шинэ хүн болгосон” гэх. Ингээд зорьсон газраа ирлээ. Нэг ангийнхан багштайгаа уулзана гэхээс их л догдолж харагдана. Автобусны хаалгаар эрчүүд нь эхэлж буулаа. Харин эмэгтэйчүүд цүнхнээсээ гоёлын дээл гаргаж өмсөцгөөв. Бүгд л дээлийнхээ энгэрт эхийн нэг, хоёрдугаар одон гялалзуулж, зарим нь тэргүүний ажилтан зэрэг хэд хэдэн тэмдгээр гоёжээ. Автобусны хаалгаар буунгуут эрчүүд нь “Манай хэд чинь нөгөө хувцсаа өмсөөд нүүрээ будчихаараа дажгүй харагдаж байна” гэж ангийнхаа охидыг цаашлуулна. Багшдаа өгөхөөр хөдөөнөөс айраг, цагаа хүртэл авчирсан байв. Бага ангийн багш Басангийн Пэлжээ нь өдгөө 85 нас зооглож яваа бөгөөд жаахан чих хатууг эс тооцвол ануухнаараа байна. Тэрээр 400 гаруй шавь нартай хүн аж. Нэг ангийнхан багшдаа хадаг барин золгож үнсүүлнэ. Багш “Миний анхны шавь нар. Ширээ сандал дээрээ ч яаж суухаа мэдэхгүй будилж явсан үрс одоо намайг дагаад өтөлжээ” гэсээр нулимс унагаж сүйд болов. Пэлжээ 30 гаруй жил багшилсан нэгэн, 400 гаруй шавьтай гэнэ. Түүний шавь нараас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, өмгөөлөгч Монгол зэрэг улс төр, нийгэмдээ танигдсан олон хүн бий.  

Түүнийг 14 настай байхад анх крилл үсэг гарч “шинэ үсгийн багш”-аар хөдөө томилжээ. Хөдөө айлуудаар явж малчдад бичиг үсэг заана. Ингээд 1955-1958 оны хооронд Багшийн их сургуульд сурч ирэхэд шинэ сургууль ч нээгдэж анхны ангийг нь дааж авчээ. 

Пэлжээ багш нь морьтой явж ангийнхаа хүүхэд бүрийн гэрээр орж сургуульдаа явахыг шаарддаг байсан гэнэ. Шинэ залуу багшийн ангийнханд ч “Хорвоотой анх танилцсан нь”  зохиол дээр гардаг шиг  бүх зүйл ховор, сонин, содон харагддаг байж. О.Базар “Багийн даргын балыг харж байснаас гарнаас нь авч барьж үзээгүй байсан үе” хэмээн тухайн цаг үеэ тодотгоно. “1а” ангийнхан хоёрдугаар ангид ороход  сургуулийн хамгийн том ах эгч нар болж хувирахын зэрэгцээ доод ангийнхнаа асрах ажил гүйцэтгэдэг байжээ. Одоогийнх шиг паартай байшин, паалантай жорлон байх биш үүрийн 05 цагт босч хоёр хоёроороо сургууль дээрээ ирж жижүүрлэдэг байсан аж. Гал түлнэ, ангиараа мод хөрөөднө гээд аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй бяцхан багачуудын хувьд ахадсан ажил байсан нь тодорхой. Харин тэдний хувьд хамт олонтойгоо хөгжилдөж, эрдэм ном сурна гэдэг дээдийн жаргал байсан гэнэ. Нэг удаа М.Жөвжөө гэх охин ангийнхаа цоожийг хөшөөд эвдчихэж. Эрт ирээд ангидаа орох санаатай явсан нь тэр. Цоож онгойлгох гэж байгаад багшийнхаа хайчийг хүртэл хугалж байсан паянгаа ярьж “Тэр үед чинь хайч ховор байсан байхгүй юу” хэмээн ангийнхандаа хэлж инээлдэв. Мөн ангийнхаа зуухан дээр мөнгөлөг цаас тавьж байгаад элсэн чихэр хайлуулж иддэг байснаа дурсав. Бас болоогүй тэрийгээ булаацалдаж байгаад нэгнийхээ гарыг түлэх энүүхэнд байж. 

Тэд ангийнхаа даргыг сонгохдоо сумын төвийн цагаан охин гэх шалтгаанаар Л.Батхүрэлийг сонгосон гэнэ. Бүгд л малчдын хүүхэд байсан болохоор сумын төвийн хүүхэд арай өөр байх гээд шууд л гар өргөж сонгожээ. Харин ангийн дарга нь “Тухайн үед би сумын төвийнх гэлтгүй адилхан хөдөөний л хүүхэд байж таарна ш дээ” хэмээн даруухан инээнэ. Олон жил уулзалдаагүй ангийн нөхөд энэ мэт олон дурсамж хүүрнэж багшдаа “Үзэг барьсан турьхан гарт минь үг холбох аргыг заасан … Бага ангийн багшдаа баярлалаа” хэмээн нүдэндээ нулимстай аялж өгч Ц.Гунгаа, М.Жөвжөө, Н.Огоо, П.Долгор, Ц.Батчулуун, О.Базар, О.Хартолгой, Ж.Улаантолгой, Ц.Сэржмаа, И.Бат-Очир, С.Дэмбэрэл, Н.Лхагваа, Н.Дүүрэн, Л.Батхүрэл, Д.Дэмбэрэл гэж нэрээ бичсэн дурсгалын зүйлс гардуулав. Ингээд нар ч шингэж, нэг ангийнхан ч яарсаар хотын зүг хүлгийн жолоо залав. Буцах зуур нь нэг нь  “Энэ бидний ангиараа цугларсан сүүлчийн уулзалт байх даа” гэж гунигтайхан хэлэхэд нөгөө нь “Яалаа гэж багш минь буянтай хүн юм биднийг уулзуулаад. Үүнээс хойш холбоотой байж байнга уулзана шүү” гэсээр салцгаав.

Д.ДАВААСҮРЭН   

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Хайлаастын 72 дугаар сургуулийн хамгийн анхны сурагчид

2004 он. Ангийн багш Д.Зузааны Хөдөлмөр алдрыг тэмдэглэх баярын үеэр

1979 оны намар Хайлаастын гэр хороололд 71 дүгээр сургуулийн нэр дээр бэлтгэл анги бүрдүүлж  Батсуурь багшид 39 хүүхэдтэй нэг анги даатгаж өгчээ. 71 дүгээр сургуульд дахиад үндсэн  бэлтгэл анги бас байсан гэсэн үг. Ингээд Батсуурь багштай бэлтгэл ангийнхан өөрийн гэсэн хичээлийн байргүй учраас 71 дүгээр сургуульд орон тооны танхим гаргаж хичээлээ хийдэг байж. Ингээд тэндээсээ 49 дүгээр сургуульд танхим суллаж бас нэг хэсэг хичээллэж байтал Хайлаастын 15 дугаар хороонд шинэ сургууль баригдав. Айлын шоовдор хүүхэд мэт сургууль сургууль царайчилж байсан бэлтгэл бүлгийнхэн өөрийн гэсэн эрдмийн өргөөтэй болжээ. Энэ бол 72 дугаар сургууль ашиглалтад орсон үе. Батсуурь багштай анги “1а” гэсэн нэр зүүж сургуулийнхаа хамгийн анхны сурагчид болсон түүхтэй аж. Бүр сургуулийнхаа нээлтээр 1а ангийн сурагч Мажигсүрэн хонх цохиж, ангиараа зурагтаар гарчээ. Энэ явдлыг одоо ч мартдаггүй хэмээн 72 дугаар сургуулийн 1989 оны 10а ангийнхан 25 жилийн дараа ийн хөөрөлдөв. Энэ удаагийн “Нэг анги” булангийн зочид бол гэр хорооллын дунд сургуульд нэгэн арваныг үдсэн эгэл атлаа, сургуульдаа бол “онц” үлгэр жишээ хамт олон юм. 

1988 оны арванхоёрдугаар сар

Бид сургуулиа төгсөөд 25 жил болж байгаа ч анх нэг анги гэсэн нэгэн дээвэр дор инээд хөөр, сэтгэл зүрх, хүсэл мөрөөдлөөрөө нэгдээд 35 жил болсон шүү дээ хэмээн Ж.Зоригтбаатар ярив. Ж.Зоригтбаатарын хувьд ангийнхаа ганц зурагчин. Хаана л явна өнөө хэдийнхээ зургийг дарж өгнө. Өөрөө ч энэ ажилдаа дуртай болохоор одоо ч уулзахдаа зурагчин мэргэжилдээ ордог гэсэн. Тэрээр ангийнхныхаа зургийн цомгийг үзэж суунгаа “Ингээд л миний зураг байхгүй. Би дарсан байхгүй юу” гэж хошигноод авав. Харин ангийнхаа нөхдийг төгссөн цагаас нь эхлээд өдийг хүртэл холбоотой байлгаж холыг ойртуулж, холыг учруулагч гүүр болсон ангийн “ЗБ” С.Түмэндэмбэрэл “Гэр хороололд өсч торнисон болоод ч тэр үү манай ангийнхан их ажилсаг, хөдөлмөрч. Бас их дотно. Хоорондоо байнга холбоотой явна шүү дээ” гэв. Нээрээ ч хөдөлмөрч анги гэдэг нь илэрхий. Учир нь ангийнхан нь барилга, эрүүл мэнд гээд бүхий л салбарт өөрийн гэсэн байр сууриа олцгоожээ. Мөн найман сурагч гадаадад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа аж. Хэдий харийн оронд байгаа ч байнга холбоотой байдаг гэсэн. Энэ намар 25 жилийн ойгоо тэмдэглэхэд нь ирэх гэнэ. 25 жилийн дараа эргээд бодоход мартахааргүй өчнөөн дурсамж бий гэж хоорондоо хөгжилдөнө.

Нэг нь “Манай ангийнхан донгодуулахаасаа магтуулах нь их байсан” гэв. Эцэг, эх нь багш мэргэжилтэй олон ч сурагч байж. Тийм болоод ч тэр үү сургуулиас өгсөн даалгавар, багшийн үүрэгдсэн хичээл номонд их нямбай хандаж хариуцлагатай гүйцэтгэдэг байсан гэнэ. Хоёр удаа айхтар донгодуулж байжээ. Тэр үед сурагчдыг “Хөдөлмөр” зусланд амраангаа төмс хүнсний ногоо хураалгадаг байж. Түүндээ гаршаад ч тэр үү, угийн санаачилгатай ажилсаг хамт олон болоод ч тэр үү Төв аймгийн Жаргалант сумын сангийн аж ахуйд очиж төмс хураалтын ажил хийхээр шийджээ. Ингэхдээ багшдаа хэлэлгүй шийдвэр гаргаад явах гэтэл ахлах ангийнх нь багш Д.Зузаан ажил гараад явахааргүй болж өнөөх нөхдийн төлөвлөгөөг сургуулиар нэг мэдчихэж. Бүр хүүхэд бүр 25 төгрөг нийлүүлж 14 хоногийн хүнсээ хүртэл авчихсан байж таарав. Үүнийг нь сургуулийн захиргаа мэдэж багш нарын хурлаар оруулж ангиар нь шөнөжин зогсоожээ. Энэ ажлыг ангийн зурагчин гэх Ж.Зоригтбаатар санаачилсан болж таарч нэлээд хатуу бангадсан байна. Ингэж сургуульдаа үлгэр жишээч “онц” ангийнхан анх удаа бангадуулсан нь хэдэн өдөртөө л сургуулиар нэг яриа болсон гэдэг. Эдний ангийнхан  бүгдээрээ л бараг сурлага сайтай. Мөнгөнбагана, Мөнхзул, Сайзмаа гээд хичээл номондоо тэргүүний хүүхдүүд олон бий. Мөнгөнбагана сургуулийнхаа “тооны бурхан”. Нийслэлийн тооны олимпиадад түрүүлсэн нь тоогоо алджээ. Харин Ганбаатар “спортын бурхан” нь. Чөлөөт бөхөөр тухайн үедээ их сайн барилддаг байсан төдийгүй 1987 онд Болгарт болсон тэмцээнээс алтан медальтай ирж ангийнхныгаа баярлуулж байсан удаатай аж. Ганбат урлагийн бурхан гэнэ. Тэрээр багаасаа л улсын циркт гимнастикаар хичээллэдэг байсан болохоор дээрээ таван хүн зогсоодог үзүүлбэрийг нь ангийнхан нь бөөндөө очиж үзэн, дэмждэг байсан гэнэ. Одоо тэрээр мэргэжлээрээ гадаадад багшилдаг болжээ. Харин Эрдэнэбаяр, Саран нар утга зохиолын бурхад гэсэн. Эрдэнэбаяр шүлэг яруу найраг сонирхож тэр үеийн “Пионерын үнэн” сонинд шүлэг нь байнга гардаг байж.  Саран ангийнхныхаа тухай ирээдүйд ямар хүн болох талаар нь зөгнөл зохиол бичиж байжээ. Одоо ч түүнд зөгнөл зохиол нь байдаг гэнэ. Тэрээр одоо Орост гэр бүлийнхээ хамт амьдардаг юм байна. Ангийнхан нь түүний ачаар “Болор толь”, “Зүрхний хилэн” зэрэг олон ном уншиж, номд дуртай болсон хэмээн хүүрнэв. Саран хамгийн гоё бичигтэй болохоор багш нар журнал дээр дүнгийн жагсаалт бичүүлдэг байж. Тэгсэн нэг удаа мань нөхөр тооны багш Лодойдамбын дүнг тавихдаа онц сурдаг хүүхдүүдийг дунд гээд дунд сурдаг сурагчдаа онц гээд солбиод тавьчихаж. Дур мэдэж дүн тавилаа гээд бангадуулахдаа тоосон ч шинжгүй “Дунд, сайн сурдаг хүүхдүүд ганц удаа ч гэсэн онц авч үзэг” гэж хэлж бөөн инээдэм болж байжээ. Ангиараа сургуулийн арга хэмжээнд идэвхтэй оролцохоос гадна кино театр руу их зүглэнэ. Нэг удаа ангийнхаа хүүхдийн аавд билет захиж байгаад “Хонгилдон” үзэхээр нэг төгрөг цуглуулж л дээ. Тэгсэн өнөөх хүүхдийн аав нь цагдаа байж таараад хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй кино гээд тас эсэргүүцсэн учраас киногоо үзэж чадаагүй гэнэ. 

Тэд ийн хэсэг хугацаанд хөөрөлдөхдөө Д.Зузаан багшийгаа байнга ярих. Заримынх нь нүдэнд нулимс цийлэгнэх нь харагдав. Багш нь сурагчдын амьдралд үлгэр дууриал болсон хүн аж. Хэл уран зохиолын багш болоод ч тэр үү хичээлээ сэтгэл хөдлөлтэй заадаг байж. Бүр яруу найрагч шиг уянгалуулж ирээд л хичээлээ ороход нь сурагчид завсарлагааны хонх битгий дуугараасай гэж боддог байсан гэнэ. Хамгийн сүүлд багштайгаа 2004 онд бөөнөөрөө уулзжээ. Тэр жил улсын тэргүүний багш нь хөдөлмөр алдраа тэмдэглэсэн юм байна. Д.Зузаан гэхэд II сургуулийнхан ч андахгүй хэмээн багшийгаа ам булаацалдан магтах аж. Багш нь ертөнцийн мөнх бусыг үзээд хэдэн жил болжээ. Ийн яриа дэлгэж тэднийг гуниглах зуур ангийн “ЗБ”-гийн тухай хөгжилтэй хийгээд, санамсаргүй сайн үйлсийг дурсав. Гоё бичигт Саран, “ЗБ” Түмэндэмбэрэл хоёр ангийнхаа хөвгүүн Энхбатын хайрын захиаг андуурч өгснөө хөөрөлдөв. Захиаг нь дамжуулахдаа доод ангийнхаа Нарантуяа гээд охинд аваачаад өгчихөж. Тэгсэн дээд ангийн Нарантуяад өгөх ёстойгоо мэдээд Энхбатад хэлэлгүй дахиж өөрсдөө бичжээ. Захиа хүргэхдээ охид уншчихсан болохоор  дахин бичихэд төвөг байсангүй.

Ингэж нэг юм жинхэнэ эзэнд нь захиаг нь хүргэж өгсөн нь хожим заяаны ханьтай нь учруулсан ерөөлтэй явдал болсон байна. Төөрч учирсан хоёр хос одоо хамтдаа барилгын компани удирдаж яваа бол энэ ангиас төрсөн хос болох Эрдэнэбаатар Насанбат хоёр дөрвөн хүүхдийн ээж, аав болж гадаадад амьдарч байгаа юм байна. 

Ингээд нар ч хэвийж бид ажлын зүг хөдөлж нэг ангийнхан маань ирэх намар 25 жилийнхээ ойгоор хаана, хэрхэн уулзахаа ярилцаад үлдэцгээв. 

Энэ зуур бага ангийн багш Батсуурьтаа мэнд дамжуулж нэр нь гараагүй ангийнхантайгаа үргэлж сэтгэл зүрхээрээ нэг шүү гэсэн сэтгэлийн үг дайлаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Баянхонгорын анхны 10- ынхан

1963 онд Баянхонгор аймагт.

Тэртээ 1954 оны зуны эхэн сар. Хөх ногооны униар цэнхэртсэн сайхан өдөр байлаа. Баянхонгор аймгийн арван жилийн сургуулийн анхны төгсөгчид тодотголтой, өд сөд нь ургаж гүйцээд үүрнээсээ нисэхийг завдан буй хорин “дэгдээхий” байжээ бид чинь. Төгсөх шалгалтаа амжилттай давчихаад бүрэн дунд боловсролын үнэмлэх, их, дээд сургуульд суралцах эрхийн бичгээ гардсан тэр өдөр. Сургуулийн захиргаа, багш нар маань биднийг хүндэтгэж цэнгүүн зохиож, цайлж дайлж билээ. Бүрэн дунд боловсрол эзэмшиж томчуулын армид шилжсэн бид сургууль багш нараараа бас өөрсдөөрөө бахархаж, багш нар маань биднээрээ бахархаж үнэт сургаалаа хайрлаж, багш сурагчидгүй л огшиж байсан торгон мөчийг яахан мартах билээ.

Цаг хугацаа яасан түргэн нисэн одож, хүмүүний амьдрал ямар амархан хувьсан өөрчлөгддөг юм бэ. Тэр дурсгалт мөчөөс хойш нэгэн жаран биднээс алслан холджээ. Өнөөдөр эргэн санахад 60 жилийн өмнөх сурагч насны амьдрал нүдэнд илхэн, сэтгэлд тов тодхон.

 Наймаас аравдугаар анги төгстөлөө хөгнөөтэй хурга шиг ижилдэн дассан эвсэг найрсгаараа, сурлага сахилга, спорт, урлагийн авьяас чадвараараа гайхагдсан хамт олон байлаа бид.

“Та нар сургуульдаа байтугай аймагтаа юм юмаар аваргалдаг хүүхдүүд байсан. Анхны сурагч та нараараа би үргэлж бахархаж явдаг шүү гэж анги даасан Л.Раднаа багш  уулзах бүртээ ярьдаг юм. Цана, тэшүүр гэдгийг бараг мэдэхгүй байсан Баянхонгор аймагт уулын спортын мастер, тоо физикийн багш Л.Раднаа, малын их эмч, тэшүүрчин Р.Сандаг зэрэг хэсэг сэхээтэн ирснээр өвлийн спортын энэ төрөл тус аймагт дэлгэрсэн юм. Аз болоход уулчин Л.Раднаа манай анги даасан багш болсны ачаар бид аймагтаа анхны цаначид, тэшүүрчид болж билээ. Л.Раднаа багш маань өдгөө УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн аав билээ.

1953 онд Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн “Туяа” нийгэмлэгийн цаначдын бүсийн тэмцээн манай аймагт болсон юм. Уралдааны эрэгтэйчүүдийн 15, 30 км-т манай С.Жамбал, эмэгтэйчүүдийн тав, 10 км-т Ц.Бадамжанцан, трамплейн харайлтад ангийн багш Л.Раднаа, манай ангийн Д.Төмөрбаатар, 1х4 км-ийн буухиа уралдаанд Халзан, манай ангийн гурван охин (Ц.Бадамжанцан, Б.Цэвэл, Д.Дорждулам) нар түрүүлснээр тэмцээний бүх төрөлд ангиараа тэргүүлж аймгийнхаа нэрийг гаргаж байсан юм.

Сурагчдын өвлийн амралтаар хацар нүүр хайрах идэр есийн жавар сөрөн хөгжмөө үүрээд Мандал, Эрдэнэцогт, Өлзийт сумдаар бид багштайгаа цанаар аялж, концерт тоглоод сургуульдаа баярын бичигтэй, өөрсдөдөө чихэр боов, үзэг дэвтрийн шагналтай ирж байсан удаатай. Бид цанаар аваргалаад зогсохгүй тэшүүрээр бусдыг урдаа гишгүүлдэггүй аваргуудтай анги байв аа. Тэд бол Ж.Адъяабазар, С.Давдай нар.

Хагас, бүтэн сайнд бид ангиараа Баруун булгийн мөсөн дээр очиж өнжин хонон гулгацгаана. Эсгий гутал дээрээ дээс, сураар оосорлосон “Какск” тэшүүрээ түлээний модоор тэвхдэж бэхлээд, монгол дээлийн ханцуйг шамлан, хормойгоо эргүүлж бүсэндээ хавчуулчихаад л: 

Ган тэшүүрийн ирэн дээр

Гар хүргэхийн аргагүй ээ

Галтай цогтой залуус бүгдээрээ

Гар гараасаа барилцан хурдалцгаая.

Толь шиг тунгалаг мөсөн дээр

Тоглон наадацгаая бүгдээрээ

Далавчгүй нисэх мэт

Даанч сайхны нь хэлээд яах вэ…

хэмээн хоолой нийлүүлэн дуулж, хөтлөлцөн хөлсөө гартал хурдлахад нүүр, нүд хөмсөг цавцайн цантаад цаанаа л нэг жавхаа төгс байдагсан. Тэр үеэ эргэн санахад,  “Аз жаргал дүүрэн хонгорхон бага нас минь” хэмээн дуу алдмаар болдог юм. Бидэн шиг цанаар аялж, хөдөөгийн хөдөлмөрчдөд урлагаар үйлчилж явсан анги хамт олон өнгөрсөн жаранд гараагүй юм билээ.

Манай ангид урлаг спортын авьяастан олон байсаан. С.Давдай, Ч.Шарав-Арилдий хоёр баян хуурдаж, М.Сүрэнхорлоо аман хуур, хулсан хуураар, М.Сүрэнхорлоо, Ц.Бадамжанцан хоёр мандолинаар хоршиж, Балдангийн Лхагваа пляск товшиж бусад нь дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина. Э.Жамъян “Хүрэн толгойн сүүдэр” танхим дүүргэн цангинуулахад үзэгчид алга нижигнүүлэн ташиж, хөгшид нулимс мэлтрүүлэн байж дахиулдагсан. Оюуны спорт шатар, даамаар бол С.Халзан, С.Давдай, М.Сүрэнхорлоо, С.Даваа, С.Жамбал нар аймагтаа дээгүүр ордог шаггүй тоглогчид байсан шүү!

2013.01.09. Улаанбаатар зочид буудалд. Ангийн багш Л.Раднаа, Дорждулам, Б.Цэвэл, С.Халзан, М.Сүрэнхорлоо нар.

Арван жилээ амжилттай төгссөн анхны хорь бид амьдралын хорин өөр замаар алхсан хэдий ч сурагч насны үерхэл нөхөрлөл маань холдож хөндийрөөгүй ээ. Сурлагаар манийгаа манлайлагчийн нэг Ц.Жамбал маань Москвад сурч барилгын материалын үйлдвэрийн инженер болсон. Биднээс гадаадад суралцсан ганц нь. Бас ангиас төрсөн төрийн сайд ганц нь ч Ц.Жамбал. Тэр хорин тавтайдаа Монгол Улсын Барилгын яамны орлогч сайд, хорин долоотойдоо тус салбарынхаа сайд, хоёр ч удаа Ардын Их Хурлын депутатаар сонгогдож явсан “онцгой” эр. Салбаруудын тэргүүнээс эхлээд Ардын хувьсгалын ойн ба Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон түүний энгэрт гялалздаг байв. Хамгийн ажилсаг, ухаантай, нөхөрсөг, даруу болохоор түүнийг маань бурхан арай л эрт аваад явчихсан даа. 

Манай онцчуулын нэг М.Чундар бол арван жилийн боловсролыг долоохон жил сурч Онц төгссөн онцгой IQ-тай нөхөр. Гадаадад сургахаар хуваарилахад “би Монголдоо л сурна” гэж зөрүүдлээд Анагаахыг ангийн найз Ж.Адъяабазар, Ч.Шарав-Арилдий хоёртойгоо хамт сурч төгссөн. Төгсөөд аймагтаа анхны их эмчээр очсон. Ч.Шарав-Арилдий, М.Чундар хоёр маань хоёргүй сэтгэлээр хонгор нутгийнхандаа хорь гучаад жил үйлчилж, олон мянган хүнд эрүүл энхийн жаргал бэлэглээд хорвоогоос одсон хоёр доо. Гурав дахь эмч Ж.Адъяабазар эмчийн диплом өвөртөлмөгцөө алс баруун хязгаарын Баян-Өлгий аймагт хөлгийн жолоо залсан. Казак түмэнд сайн эмч гэдгээ мэдүүлж байтал ЭХЯ төвд дуудаж Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт ажиллуулсан. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр олон жил ажилласан. Ер нь мэдээгүйжүүлэлтийн талаар бол монголдоо л нэг номер.

Түүнийг Эрүүлийг хамгаалах Яам, нэгдсэн хоёрдугаар эмнэлэг нь хүний гавьяат эмч болгохоор олонтаа тодорхойлж байсан. Тухайн үед шалгуур хатуу байлаа. Ажлаараа болзол хангасан хэдий ч ар гэрийн будилаанаас болоод гавьяатын оосороос атгаад алдчихсан юм аа тэр. Гэхдээ Монгол төрийн хамгийн том нь болох Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад бүх одонг “түүчихсэн” хүн шүү манай Адъяа эмч.

Тоо физикийн хичээлд толгойлдог М.Сүрэнхорлоо, Балдангийн Лхагваа, Г.Даш гурав Их сургуулийн тоо физикийн ангийг төгсцгөөсөн. М.Сүрэнхорлоо Монгол улсын гео-физикийн анхны инженер. 1958 оноос усны системийн байгууллагад 34 жил ажиллахдаа эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист усны цахилгаан хайгуул хийж, хүн ам, малын бэлчээр усжуулах ажилд онцгой хувь нэмэр оруулсан юмдаг. Түүний ажлын үр дүнг хамгийн товчоор, тоон үзүүлэлтээр хэлбэл 34 жилийн 3768 хоногийг хүнд хэцүү нөхцөлд хээрээр гэр, хэцээр дэр хийж явж цахилгаан хайгуулын 459670 цэг хэмжиж, түүнийг хийхийн тулд дэлхийг бүслүүрээр нь дөрвөн удаа тойрсонтой тэнцэх 113840 км замыг туулж, 681 уст цэг тогтоож, 70607 хавтгай дөрвөлжин км талбайг усжуулсан байдаг юм. 1958-1968 онд цахилгаан хайгуулын бригадын дарга, инженерээр ажиллахдаа байгууллага, иргэдийн захиалгаар говь хээрийн бүс, отрын бэлчээр, мал тууврын зам дагуу, төв суурин газарт цахилгаан хайгуул хийж инженерийн хийцтэй гүн өрмийн болон богино яндант худгийн 225 уст цэг илрүүлж 14400 хавтгай дөрвөлжин км талбайг усжуулжээ. Тэр энэ их ажлыг амжуулж явахдаа дуулж, хөгжимдөж, дэмбээдэж ардын язгуур урлагийг ард түмэнд түгээж явсан авьяас билгийн ундарга болсон “этгээд”. М.Сүрэнхорлоо дэмбээгийн, хулсан хуурын улсын аварга цолтой ганц хүн шүү дээ ангийнхан дундаа. Түүний хөдөлмөрийг төр засгаар үнэлүүлж Гавьяат усжуулагч болгохоор усны байгууллага хэд хэдэн удаа тодорхойлсон юм билээ. Гэвч гавьяатын оронд “одон” олгосоор нөгөө гавьяат нь “будаа” болчихсон болохоор үндсэн байгууллага нь гомдолтой байдаг гэсэн.

Балдангийн Лхагваа чинь бидэн дундаа нисэхийн инженер ганц хүн байсан юм. Тэр иргэний нисэхийн төв, орон нутгийн байгууллагад насаараа ажиллахдаа мэргэжил, мэдлэгээрээ улсын урдаа барьдаг инженер байсан. Г.Даш маань Батлан хамгаалах Яаманд цаг уурын инженерээр ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд шамдаж, газарзүйн шинжлэх ухааны дэд докторын зэргийг 1990 онд хамгаалсан. 1993 онд “Хурын шим” төвийн суурийг тавилцаж, уг төвийн албаны даргаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийг төр, засаг үнэлж Цэргийн гавьяаны одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнасан. М.Даш маань бүтээн туурвих ид насан дээрээ 1996 онд бурханы оронд явсаан. 

2004 оны тавдугаар сар. Зүүн гар талаас ангийн багш уулчин Л.Раднаа, хичээлийн эрхлэгч Л.Сандаг, М.Сүрэнхорлоо

Бид хориос хамгийн олон буюу долоо нь багшийн мэргэжлийг сонгосон. Тэд бол С.Давдай, С.Халзан, Б.Цэвэл, Баатарын Лхагваа, Ц.Бадамжанцан нар. Арван жилдээ орос хэлийг онцгой сонирхож, түүндээ онцоос өөр дүн авдаггүй С.Халзан сонирхлынхоо дагуу Багшийн дээдийн орос хэлний ангид орж суралцсан. Бас л хонгор нутгаас төрсөн орос хэлний анхны багш. С.Халзан Өлзийт, Баянцагаан сум, аймгийн төвийн сургуулиудад арваад жил багшилж, олон зуун хүүхдийг гадаад ертөнцөд нэвтрэх хөлтэй, хэлтэй болгосон ачтай багш аа. Дараа нь нийслэлд дэвшин ирж, Боловсролын хороо, Яамандаа төв, хөдөөгийн сургуулиуд хариуцсан мэргэжилтнээр насны тэтгэвэрт гартлаа ажилласан Ардын боловсролын Тэргүүний ажилтан билээ.

Манай Б.Цэвэл бас Ардын боловсролын тэргүүний ажилтан цолтой ажил, мэргэжлээрээ явсан газар, уулзсан хүн бүхэндээ багш болсон нэгэн бий. Тэр 1958 онд Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөнөөс хойш насны тэтгэвэрт гартлаа нийслэлийн 14-р сургуульд багшилсан, амьдралдаа ажлын байраа солиогүй ганцхан хүн дээ. Сайн багш, авьяаслаг дуучин, уран үйлчин гээд л Цэвэлийг магтан алдаршуулах зүйл олон.

Манай долоон багшаас С.Давдай бас онцгой авьяас билигтэй нэгэн байв. Түүхийн багшийн мэргэжилтэй түүнд мэдэхгүй чадахгүй ажил гэж үгүй. Бүх төрлийн хөгжмийг чадамгай эзэмшиж, гайхалтай хөгжимдөнө. Гар, сагсан, одон бөмбөгөөр хэнтэй ч өрсөлдөхөд дийлдэж байгаагүй гэвэл худлаа болохгүй ээ. Тэр  наяад он хүртэл хонгор нутагтаа төв, хөдөөгийн сургуулиудад багш, захирлын алба хашиж, очсон сургууль болгоноо тэргүүний болгож байсан юм.

Наяад оны эхээр нийслэлд ирж, МАХН-ын Төв Хорооны ерөнхий хэлтэст бичиг хэргийн ажилтан болоод удалгүй тасгийн даргаар дэвшиж, Монгол Улсын хэмжээний бичиг баримтын үлгэрчилсэн загварыг гаргаж мөрдүүлсэн нь одоо ч хэрэглэгдэж байгаа. Аливаад авхаалжтай, нягт нямбай, хатуу чанд шаардлагатай С.Давдай маань хийж бүтээх ид насандаа хорвоог орхисон нь даанч харамсалтай.

Балдангийн Лхагваагийн амидаа Баатарын Лхагваа бол сурагч ахуй цагаасаа үг дуу цөөтэй, дэндүү даруухан, тэгэхдээ хичээл, ажлын алинд нь ч хувиа тавьдаггүй хөөрхөн бор хүү байлаа. Даруухан болохоороо ярихаас илүү биеэр хийж бүтээж үзүүлэхийг бодсон биз. Тэр зураг хөдөлмөрийн багш болсон. Хот хөдөөд олон шавьтай, олон хүнд амьдралаа авч явах насны мужаан, дархны мэргэжил олгосон гартаа ур дүйтэй, ухааны сум нь урт нэгэн байсан даа, Лхагваа минь. Өнөөдөр бас л биднийхээ дунд алга. Ангийн гурван найз охины хамгийн их авьяастай нь Ц.Бадамжанцан. Урлаг спортын амжилтаар аймагтаа л гайхагдаж байсан. Цана, тэшүүр, гар бөмбөг, одон бөмбөг гээд амжилт үзүүлээгүй спортын төрөл түүнд бараг байгаагүй. Сургуулийн концерт ч манай Бадамжанцангүйгээр болж байсныг санахгүй байна. Тэр дуулна, шүлэг уншина, бүжиглэнэ. Утсан хөгжим сайхан тоглочихно. Тэр их авьяас нь багшийн хөдөлмөрт нь их тустай байсан байж таарна. Хэдэн жилийн өмнө тэнгэрт хальсан найз минь биднийгээ бурханы орноос харж л байгаа байх даа.

54 жилийн дараа уулзав.

Д.Төмөрбаатар гэж манай ангийн цор ганцхан эдийн засагч. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэргийг социалист нийгмийн үед амжилттай хамгаалсан нөхөр дөө. Тэр төрөлх аймагтаа төлөвлөгөөний комиссын орлогч даргын алба хашиж байсан. Хожим нь Улаанбаатар зочид буудлын даргаас авахуулаад аль нэг газар, ямар нэг “хурган” даргын алба хашсаар байгаад насны тэтгэвэртэйгээ золгосон. Нэг үгээр хэлэхэд “даргын одонд” төрсөн хүн.

С.Даваа, Ж.Сэрчин хоёр маань орон нутагтаа багш, баг, бригадын дарга “сэтэртэй” явсаар насыг элээсэн. Уулзаж ярилцаж сэтгэл бодлоо хуваалцах хүсэл хэн бүхэнд маань байсан ч газрын хол, усны урт, ажил албаны нөхцөлөөс болоод тэр хоёр минь бидэнтэйгээ ховорхон л уулзаж байж дээ.

Ц.Жамбалын амидаа С.Жамбал бол арван жилдээ цанын аваргаар (бүсийн) шалгарч шуугиулж явсан одтой эр.

-Би цагдаа болж та нарыгаа хамгаална гэж сурагч цагаасаа ярьдаг байсан С.Жамбал маань мөрөөдлөө биелүүлж, цагдаагийн хурандаа, онц сэргийлэгч болтлоо нийслэлийн сэргийлэх байгууллагад хүчин зүтгэсэн. Жаран хэдэн онд нийслэлд тохиолдсон их үер усны аюулаас олон хүний амь аварч, олон зуун саяын өртөг бүхий эд хөрөнгийн хохирол учрахаас хамгаалж, амь биеэ үл хайрлан зүтгэж явсан гавьяатан байсаар идэр залуудаа нарт хорвоог орхисонд нь бид гүнээ харуусаж явдаг юм.

Хүн ардад өдөр тутам амин хэрэгтэй чухлаас чухал мэргэжил эзэмшсэн хүн бол манай С.Цэдэнбалжир байлаа. Тэр нийслэлийн гэр хорооллын цахилгаанчнаар насан туршдаа ажилласан. Уг хүн нь даруухан, ажилдаа үнэнч болохоороо үйлчлүүлэгчид нь түүнд дандаа “онц” дүн тавьж, их сургуульд сураагүй ч инженерийн дайтай цахилгаанчин гэж үнэлдэг байсан юм.

Анх олсон малын эмчийн мэргэжлээ сэтгүүлчийнхээр сольж, ажил мэргэжлээсээ “урвасан” ганц нөхөр бол энэхүү тэмдэглэлийг тэрлэгч би билээ. Хэдийгээр мэргэжлээсээ урвасан “нүгэлтэй ч” анхны 20-ийнхоо нэр, алдрыг цаасан дээр үлдээж байгаадаа мэргэжлээрээ би бас бахархнам.

Улиран одсон жаран бидэнд ихийг өгч бас багагүйг авчээ. Өгөө аваатай хорвоогийн жамыг яалтай билээ. Биднийг төгсөхөд 30 настай байсан төрөлх сургуулийн минь 90 жилийн ой энэ жил тохиож байна. Мянга мянган хүүхдийн оюуны мэлмийг нээж амьдралынх нь чиг замыг заадаг эрдмийн их уурхай-төрөлх сургуульдаа ойн баярын мэнд дэвшүүлж, эрдэм мэдлэгийн далай их амжилтыг анхны 10-ынхны нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч 

Даваагийн Дорждулам