Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Соёлын довтолгооны үеийн нэгдүгээр ангийнхан тавин жилийн дараа цуглав

1а ангийнхан

Ангийн дарга Г.Чулуун “1а”-гийнхны дараа “1б”-гийнхэн жагсаад зогсч байгаарай. Дараагийн анги томоотой байна шүү” гэж захиргаадна. Жараад настай “хүүхдүүд” ангийн даргынхаа үгээр нэг эгнээгээр зогсох зуураа нэгийгээ нудран нуг нуг инээх нь өхөөрдмөөр ч юм шиг. Гурав, дөрвөөрөө бөөгнөрч зогсоод, хөгтэй явдлаа ярьж байгаа бололтой тасхийтэл инээлдэнэ, хэсэг дүрсгүй нөхдүүд гэрэл зургийг албаны байдал­тай даруулах ажил үймүүлэх янзтай. “Хүүе, энэ багын л тосны өт шиг нөхөр байсан юм. Яг хэвээрээ”, “Захиа өг­дөг байсан охиныхоо дэргэд зогсоноо, яадаг юм” “Алив тэр ангиас төрсөн хосууд зэргэцээд зогсоодох” гэх мэтээр инээд цалгисан шуугиан эцэс, төгсгөлгүй мэт үргэлжилнэ. 

Увс аймгийн Малчин сумын сургуульд 1946 онд нэгдүгээр ангид орсон ангийнхан 50 жилийн дараа уулзаж байгаа нь энэ. Тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн өглөө эртлэн цуглаж, Төрийн ордонд зочилжээ. Тэнд охидууд инээлдэж, үймүүлээд ёс ал­дсаныг хөвгүүд нь ховлох янзтай. Хариуд нь охидууд “Та нар тэгж л бай. Амралтад очоод яаж хөглөхийг чинь харна аа” гэж даажигнана.  Төрийн хүндэтгэлийн есөн хөлт цагаан тугны өм­нө нутгийнхаа гишүүн Ц.Нямдор­жийг дундаа зогсоож бай­гаад дурсгалын зургаа татуул­чихаад, Чингэсийн талбайд очиж мөн л бөөнөөрөө инээж байгаад гэрэл зургаа авахуулжээ. Тэндээсээ зоо­гийн газарт зочлоод байхад нь “Нэг ангийнхан” буландаа урихаар очлоо. Биднийг очи­ход танхим дүүрэн инээд цалгиж байлаа. Тавин жилийн тэртээх ангид ийм л дуу шуу байсан байх гэмээр. Аргагүй, нэг ангийнхан цуглахаараа хүүхэд насандаа очдог юм байна гэж төсөөлөхөөр юм. Тэд маань ч “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэндээ аялж байгаа мэт санагдаж байна. Ангийнхныгаа үнэхээр их санажээ. Өглөө уул­за­хад заримд нь нэр өгч ча­дахгүй будилж байсан. Одоо бол жинхэнэ дундаа ороод байна шүү дээ. Багш нар маань чимээнд жаахан ядарч байгаа байх. Гэхдээ бидний шуугиан залуу насыг нь дуурсгаж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэцгээлээ. Бид ч тэдний хүүхэд насны галт тэргэнд сууснаа хүргэж байна.

Соёлын довтолгоогоор цугласан ангийнхан жилийн дараа хүргэнтэй болчихов

1960-аад онд соёлын довтолгоон улс орон даяар өрнөсөн үе. Үүнээс 20 жилийн өмнө кирилл үсэгт суурилсан шинэ үсэгт шилжиж, үүний дараа хүн бүрийг бичиг үсэгтэй болгох аян эхэлсэн юм. 1970 он хүртэл 8-12 насны бүх хүүхдийг анхан шатны боловсролтой бол­гох, хот аймгийн төвийн хүүх­дүүдийг долоон жилээс илүү хугацаагаар сургах зорилт дэвшүүлээд байсан үе. Яг тэр үед буюу 1964 оны намар Малчин сумын бага сургуулийн нэгдүгээр ангийг дөрвөн бүлэг болгож, найман настангуудаас гадна сургууль завсардсан 15 хүртэлх нас­ны хүүхдүүдийг сургуульд хамруулахаар болжээ.

Захир­гаа, эмнэлэг, сургуулийн ажилт­нууд хөдөөгийн айл бүрээр орж сургууль зав­сардсан нөхдүүдийг бүртгэж цуглуулахад 160 сурагч нэг­дүгээр ангид орсон нь өдгөө “Нэг ангийнхан” булангийн маань баатрууд. Тухайн үед багшийн сургууль дөнгөж төгссөн Ч.Батцэнгэл багш  30 сурагчтай “1а” ангийг авч байж. Шинэхэн багш сурагчдаа жагсааж ангидаа ороод “За, хүүхдүүд ээ ширээн дээрээ сууцгаа” гэхэд олонхи нь ширээн дээрээ үсэрч гараад суучихсан гэдэг. Сургууль завсардсан нөхдүүд гэхэд хурдан уншиж сурсан, дөрөвдүгээр анги төгстөлөө тэргүүний ангиар шалгарсан гэдгийг Ч.Батцэнгэл багш дурсана билээ. Түүнээс гадна Д.Бадамгарав, Г.Буянтогтох багш сурагчдынхаа тавин жилийн дараахь уулзалтад иржээ. Тэд хүүхдүүдээсээ сайхан энерги авч байгаагаа хэлж, бүгдэд нь “Хайртай шүү” гэж дамжуулсан юм. 

1б ангийнхан

Малчдын голдуу хүүхдүүдэд анх сургуулийн сурагч болоод ирэхэд сумын төв сүрдмээр том хот мэт санагдаж байсан гэнэ. Дурсамжийг нь сонсоход хичээлийн эхний долоо хоногт сургуулиа өөрөө олж очсон нь цөөн бололтой. Сургуулиа оллоо гэхэд ангиасаа төөрч уйлаад зогсч байсан нь олон гэсэн. Эхний хэдэн өдөр хамаатныхаараа байж байгаад бүгд шахам дотуур байранд оржээ, нэгийнхэн. Нэгдүгээр анги төгстөлөө нэгэнтэйгээ сайн танилцаж амжаагүй гэдэг. Бичиг үсэг сурах их ажлын хажуугаар хөдөө байгаа гэр, ээжийн боорцог, мал хуй нь нүдэнд харагдаад найзалж, нөхөрлөх завгүй явсан юмдаг уу даа. Ингээд хоёрдугаар ангидаа ирэхэд нэг охин нь айлын бэр болоод явчихсан байсан гэдэг. “Хоёрдугаар ангидаа айлын бэр болчихсон гэхээр сонин юм, “яриач” гэхээр “Хүүхдийн нэр хэлж ичээгээд яахав дээ. 15 настай охин байсан юм. Тэгээд л хадамд гарчихгүй юу. Айлын бэр болсон ч соёлын довтолгооны үед сургууль завсардаж болохгүй учраас ангидаа ирсэн хэрэг” гэцгээлээ. 

Дотуур байрны хөгтэй явдал буюу Зооёо ирсэн өдөр

Тэдний ангийнхан ангиараа шахам дотуур байранд өсчээ. Тиймээс ч дурсамжууд нь дотуур байртай холбогдоод байх янзтай. Байрныхны гол ажил нь хичээл хийх гэхээсээ илүү ноцолдож, тоглох. Хөвгүүд нь барилдана. “Улсын заан Ө.Тулгаа агсанаас эхлээд олон бөх бидэн дундаас төрсөн дөө” гэж дурсана. Бас өвлийн хүйтэнд адууны хөлдүү хомоолоор гахай тоглоно. Энэ тоглоомыг “Одоогийнхоор бол бэйсбол юм шүү дээ. Гахай тоглоход Ш.Бат-Очир, Н.Ширэндэв нар сургуульдаа “од” явлаа. Тэр хоёрыг авах гэж багууд үнэ хаялцана. Манай ангийнхан ер нь их спортлог хамт олон байж.  Хөлбөмбөгийн оронд хөлдүү хомоол өшиглөн гүйлдэнэ. Одон бөмбөг тоглохын тулд сумын клубийн галлагааны модыг өдөржин хөрөөдөж, хагална. Өвлийн улиралд бол алхана гэж байхгүй. Бүгд цаначин болчихно. Хөвгүүд зогсоогоороо, араас нь охид нь бариад л олон чиргүүл болоод гулгачихна. Тийм учраас Малчныхан цанын спортод амжилттай явдаг” гэж дурссан. 

1в ангийнхан

Дотуур байрны сурагчдад хааяа гэрээс нь ууттай боорцог, ааруул, чанасан мах ирнэ. Ийм илгээмжийг тэд “зооёо” гэж нэрлэдэг байж. Гэрээс нь “зооёо” ирсэн хүүхэд тэр өдөртөө л байрны хаан шиг байж, бусдадаа тааллаараа хишиг хүртээнэ. Уг нь бага ангийнхан шал шүүрдэж угаах, том ангийнхны гутал тослож, хувцсыг нь угаах үүрэгтэй. “Зооёо” ирсэн өдөр бол энэ бүх ажлаас чөлөөлөгдөнө гэсэн үг. Дотуур байрны тогоочийг Иш гэдэг аж. Хүүхдүүд малгайгаа сольж өмсөөд хоол нэмүүлэх гэж байгаад Иш гуайд баригдана. Олонхи нь айлаас бууз хулгайлдаг байснаа нуулгүй ярив. Арай олон бууз хулгайлдаг байсан болохоор Бааяа гэдэг хөвгүүнийг “Бууз Бааяа” гээд хочилчихсон одоо ч хэвээрээ. Тэдний ангид бас “Оргодол Тогтох” гэдэг хочтой хүү байжээ. Сав л хийвэл гэр рүүгээ оргочихно. Багш нь олж ирэх үүрэг хүлээнэ. Оргодол Тогтохоос гадна тэдний ангийнхан оргохдоо гаргуун. Д.Буян, Т.Бат-Очир хоёр мөс хайлж байх үед гэр рүүгээ оргож. Голын хөндий шар усны үерт автаад морьтой хүн ч гарч чадахгүй байсан цаг. Мань хоёр гутлаа шидэж, голын нөгөө талд гаргачихаад араас нь ус руу харайгаад орчихож. Сэлсээр байгаад гарсан тухайгаа “Одоо бодоход юун сэлэх, шидэгдээд гарсан шиг байгаа юм” гээд инээлдэнэ. Үхэхээс наагуур гэртээ очихдоо “Багш чөлөө өгөөд” гэж худлаа хэлээд ангийнхаа багшийг “Үер устай үеэр хүүхдэд чөлөө өглөө” гэж донгодуулаад авсан гэдэг. Дараа нь худлаа хэлсэн нь баригдаж ааваасаа алганы амт амсч байжээ. 

1г ангийнхан

Нэр хочны тухай яриулаад байвал бүгд хочтой болж таарав. Ц.Оюун ангийнхаа хөвгүүнээс хайрын захиаг “Шифр” үнэртэй устай хамт авсан тухайгаа “Хүнд битгий хэлээрэй” гээд найздаа ярьчихсан нь тарж “Шифр Оюун” болсон гэдэг. 

Хайрын захиа буюу ангиас төрсөн хосууд

Тэдний ангийнхан бичиг үсэг сурсан даруйдаа хайрын захиа шидэлцсэн нь өнөөх л 13, 14 настайдаа сургуульд орсон нөхдүүдийн явдал. Ш.Бат-Очир урлагийн үзлэгээр 

“Борхын голын ус нь хө

Боргио хаялан урсах шиг

Борхон зүрхний цохилтоор

Болзоот чамайгаа мөрөөднө” гэж дуулаад Бадамгарав багшаараа “Хайр дурлалын дуу дууллаа” гэж загнуулж байсан гэдэг. Тэдний ангийнхнаас хайрын захиаг гайгүй сайн биччихдэг нь Д.Буян. Үеийнхэн нь “Чиний бичсэн захиа өвөрмөц, бас зөвшөөрсөн хариу авдаг” гэж онгирооно. “Бусад нь “Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор шүү…” гээд захиагаа эхэлдэг бол минийх “Аав, ээж тань чамайг охиноо гэж хайрлана. Ах эгч чинь чамайг дүүгээ гэж бодно. Анд найз нар чинь чамайг нөхрөө гэж хүндэлнэ. Амрагаа гэж боддог нь би ганцаараа шүү…” гэх маягаар эхэлдэг болохоор өвөрмөц байсан байгаа биз” гэж хошигнох юм. Иймэрхүү захиа бичээд мань хүн гурав, таван төгрөгийн цалин авчихдаг байжээ. Багш нар нь өөрсдөөс нь ердөө тав, зургаа эгч учраас хөвгүүд нь дурлачих гээд байдаг байж. Ямар сайндаа ангийн дарга Г.Чулууны хувийн хэрэгт багш нь “Сурлагадаа сайн. Даанч хүн ширтээд байдаг муу талтай” гэж бичиж үлдээсэн гэдэг. Ангийн дарга энэ талаар “Тэр үед багш хөөрхөн харагдаад харц салгаж чаддаггүй байлаа” гэж ярина. 

Ч.Батцэнгэл багшай 1-р анги

Тэдний ангийнхнаас Н.Батдэлгэр Д.Чулуухай, Ц.Бат-Эрдэнэ Б.Долгор, Н.Ширэндэв Ц.Загир нарын хосууд төрж, одоо өнөр гэр бүл болцгоожээ.   

Дурсгалын дэвтэрт үлдсэн мөртүүд

Тэр үеийн хүүхдүүд дурсгалын дэвтэр аялуулдаг байсныг уншигчид маань санаж байгаа буй за. Одоо ч 96 хуудастай бор, ногоон дэвтрээ гэрэл зургийн цомог мэт нандигнадаг хүн олон. Манай зочин болсон нэг ангийнхан ч ийм дэвтэр аялуулдаг байснаа дурссан. “Тэр үед найзуудын минь бичиж үлдээсэн гэгээлэг, инээдтэй гэмээр мөрөөдлүүдийг одоо уншаад суухад сайхан байдаг юм” гэнэ. Дурсамжийн дэвтэрт үлдсэн мөртүүдээс сорчлоход “Сур, сур бас дахин сур”, “Ганц мод гал болдоггүй юм”, “Үнэнч дурлал үхэхээс буцахгүй” гэж эхлээд алдарт эх, гавьяат тамирчин, МАХН-ын дарга болохыг ерөөснөөр үргэлжлэх жишээтэй. Тухайлбал, Н.Цэндхүүгийн дурсамжийн дэвтэрт Ц.Пагам-Орлом найз нь “Энэ дэвтрийнхээ өнцөг буланд нэрийг минь багтаасанд баярлаж, элсэн суралцах есдүгээр ангидаа амжилт гаргахыг ерөөв. Найз минь Улсын драмын театрын тайзан дээр үргэлж өнгийн цэцэг шиг найгаж, нахилзаж байхыг хүсэн ерөөв. 

5а ангийнхан. 1968 он

Н.Цэндхүү найздаа сургаал болгон хэлэхэд “Бүтэлгүй амраг бүх амьдралын дайсан”, “Сурагч хүнд эхнэр, нөхөр аль нь ч хэрэггүй, сурлагын дайсан мөн”, “Эрэгтэй хүүхдийг үс гэзгэндээ хүргэж болохгүй ж… болчихно”, “Дурлал гэдэг бол мөнгө биш, дурлана гэдэг бол өнгө биш”-ийг санаж яваарай” гэж бичиж үлдээжээ. Энэ мэт эргүүлээд байхад дуртай мэргэжлээ сонгоорой, сайн яваарай гэсэн утга бүхий шүлгүүд үргэлжлэх янзтай. 

Илгээлтийн эзэд аварга малчин хүртэл

1971 оны өвөл МАХН-ын бүгд хурлаар Мал аж ахуйг ойрын таван жилд хурдацтай хөгжүүлэх зорилт тавьж дунд сургуулиудаас 70 мянган сурагчийг мал дээр гаргах шийдвэр гаргажээ. Энэ талаар сурталчилгаа орон даяар мандаж долоо, наймдугаар ангиасаа илгээлтээр мал дээр гарвал эчнээгээр аравдугаар ангиа төгсөх, улмаар их, дээд сургуульд конкурсгүйгээр элсүүлэх яриа гарсан гэдэг. Тухайн үед манай зочид долдугаар ангид байж. Ингээд бүгд илгээлтээр гарахаар болж МХЗЭ-ийн илгээлтийн эзний тэмдэг, үнэмлэх, 300 төгрөгийн хамт аваад мордоцгоожээ. Тухайн үед “7а” ангийнхныг төлөөлж Л.Цамба үг хэлэхдээ “Бид БНМАУ-ын аварга малчин болно” гэсэн бол Д.Буян “7б” ангиа төлөөлж үг хэлэхдээ “Хөдөлмөрийн баатар болцгооно” гэж амлаж байсан гэдэг. 

Өдгөө тэдний төгсөлтөөс мянгат малчин 17, Монгол Улсын аварга малчин 14, салбарын аварга ес, Засгийн газрын жуух бичиг найм, сум байгууллагын хөдөлмөрийн аварга 13 бий. Мөн МХЗЭ-ийн шагналтан 15, МҮЭ-ийн таван жилийн гавшгайч 16, онц тээвэрчин, осолгүй манлай жолооч 11 байдаг юм байна. 

Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, салбарынхаа тэргүүлэгчдээр тодорсон олноос жишээ болговол Улсын заан Ө.Тулгаа, Улаанбаатар хотын цанын аварга А.Цэвээнжав, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах шинжээч Ц.Шарав, СЭЗДС-ийн багш Б.Буян, “Рааш булаг” ХХК-ийн захирал, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан С.Сэржмаа, “Шилдэг эмэгтэй” өргөмжлөлт П.Жанчив, Дархан хотын “Залуучууд” театрын орлогч захирал Ш.Бат-Очир, Увс аймгийн “Цас тогтох” компанийн захирал Ц.Мөнхнасан нарыг ангийнхан нь жишээ болгосон.

6-р ангийн төгсөлт. 1969 он

Ангиараа сумынхаа 30 жилийн ойгоор цугласнаас хойш нэгнийдээ зочлох, нутагтаа аялах зуураа хэд, хэдэн удаа уулзаад авчээ. Харин албан ёсоор бүгд цугласан нь 50 жилийн дараах энэ уулзалт. Гурван хоног “Баянбуурал” амралтад амраад буцахдаа нэг ангийн нөхөд ирэх жил сумынхаа ойгоор баяртай уулзахын ерөөл тавиад салцгаасан билээ. 

Ц.ӨРНӨХ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Онгоцны 42 зорчигчийн амийг аварсан гавьяатай анги

Нэг. Байлдааны анги байгуулагдсан түүх


Хилийн цэргийнхэн болон гадаадад үүрэг гүйцэтгэхээр явж буй дайчдын тухай л биз гэж бодож байна уу. Үгүй юм аа. Хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй, өөрсдөө ч бид хилээ манаж байгаа гэж цээж дэлдээд явдаггүй, гэхдээ эх орны өгсөн тушаалыг биелүүлэн цэнхэр тэнгэрээ нүд цавчилгүй харуулдаж “байлдсаар” байгаа цэргийн анги байдаг юм. Бүр 50 жил байлдааны үүрэг гүйцэтгэсээр байгаа гээч. Түүх сөхвөл 1960-аад оны эхээр олон улсын байдал их хурцадсан тухай ахмад үеийнхэн мэднэ байх. Манай өмнөд хөршид соёлын хувьсгал гарсан жил л дээ. Улаан хамгаалагчид улс орноо шинэчилнэ хэмээн бужигнуулж, бас манай улсын дархан хилийг удаа дараа зөрчихийн зэрэгцээ дотооддоо ч үймээн самуунтай байсан цаг. Төр засгийнхаа өндөр албан тушаалтнуудаас эхлээд албан байгууллагын дарга эрхлэгч нарыг хүртэл, цаашлаад их дээд сургуулийн багш, профессорууд, үндсэндээ сэхээтнүүдээ бараг толгой дараалан баривчилж, хөнөөхийг нь хөнөөн шоронд хорихыг нь хориод ёстой л нөгөө хөл толгойгоо алдаж байсан эгзэгтэй, эмгэнэлтэй мөч. Батлан хамгаалахын сайд байсан Пэн Ди Хуа гэж генералаа хүртэл зодож нүдээд хөлийг нь хугалан, улаан нялга болгочихсон гудамжаар чирээд явж байсан гээд бодохоор ямар аймшигтай явдал болсон нь төсөөлөгдөж байгаа биз. Энэ үймээн самуун манай улсын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд нөлөөлсөн нь мэдээж. Ямар ч гэсэн өмнөд хил дагуу Хятадын олон мян­ган цэрэг байрлаж өдөөн хатгалт тасрахаа больсон гэдэг. Тэр ч бүү хэл зарим өдөөн хатгагчид “Хятадын цэргүүд хил давж орж ирээд хөвөнтэй өмднүүдээ тайлаад шидэхэд Монголыг бүхэлд нь дарж хүрэлцэнэ” гэх бор шувуу нисгэж байсныг санаж байна.

Түрүүчийн шуугиан ид өрнөж байхтай зэрэгцээд Карибын тэнгисийн эрэг орчим мөн л дайны сүүдэр хүүшилсэн сураг гарлаа. Куба Америктай дайтахдаа тулсан түүхийг хэлж байна. Дэлхий нийтээрээ түгшиж байхад манай улс яаж зүгээр суухав. Цэрэг армиа бэхжүүлэх шаардлага гарч. Тэр үед манай улс ардын армиа татан буулгаад ганц хоёрхон барилгын батальон үлдээж, Батлан хамгаалахын сайд Ж.Лхагвасүрэн генералыг Биеийн тамир спортын Улсын Хорооны даргаар томилсон, их л тайван байсан цаг шүү дээ.

Цэрэг армиа цэгцэлж амжаагүй шахам байтал хойноос орос (ЗХУ-ын) цэргүүд зэвсэг, техникээ агсаад хил дээр бөөгнөчихлөө. Хоёр улсын гэрээ хэлэлцээр ёсоор манай улсын өмнөд хилийг хамгаалах гэж тэр. Монгол цэргүүдийг орчин үеийн байлдааны зэвсэг техникт сургах мэргэжилтнүүд нь ирчихсэн байдаг. Барилгын ганц хоёр ангиасаа аравдугаар анги төгссөн цэрэг цуглуулсан чинь арав хориос хэтэрсэнгүй. АИХ-ын тэргүүлэгчид яаралтай хуралдан тогтоол гаргаж, их дээд сургуулийн оюутнуудыг цэрэгт татахаар болов. Ийнхүү 1964 оны долоогоос аравдугаар сарын хооронд голдуу оюутан залуучуудаас бүрдсэн Ардын Армийн 065, 028 дугаар ангиуд байгуулагдсан түүхтэй. 065 гэдэг нь радио локаторын, 028 нь пуужингийн анги. Эхний нэг жил манай хоёр анги Улиастайд нэг дороо байсан юм. Нэг гал тогоонд ээлжээр хооллож, нэг клубт үзвэр үзэж, нэг хашаанд байрлах боловч дарга нар нь тус тусдаа байлаа. Үе үе өөр зуураа хөөрхөн тэмцэлдэнээ.

Ялангуяа нэг анги хоол­лож дуусаад нөгөө анги хоо­лондоо орох үед аяга хал­багаа булаацалдахаас эхлээд хоолоо ч шидэлцэх нь байх. Өлссөндөө биш л дээ. Залуучуудын дунд байдаг л нэг гэм хоргүй өрсөлдөөн юм даа. Оюутан цэргүүдийг голдуу барилгын ангиас ирсэн харьцангуй хуучин цэргүүд даргалдаг байлаа. Бага дарга нар гэсэн үг. Салааны дарга нар хүртэл Цэргийн Ерөнхий сургуулийн төгсөх ангиасаа шууд томилогдож ирсэн, халимагаа ч ургуулж амжаагүй залуухан бага дэслэгчүүд.

Нөгөө барилгын цэргээс ирэгсэд маань бас ч гэж цэргийн карантинд 45 хоног нухлуулсан болохоор юм үзэж нүд тайлсан, нэг ёсондоо цэрэг хэрхэн дэглэдэг талаар анхны мэдэгдэхүүнтэй. Тэд л асуудлыг өдөөлгүй яахав. Яриад байвал сонин сонин хууч зөндөө дөө зөндөө. Ямар ч байсан бид Халх голын дайны домогт жанжин Лхагвасүрэн, Б.Цог нарын удирдлагад цэргийн алба хааснаараа бахархаж явдаг. Бас их дээд сургууль, техникумаас цэрэгт татагдсан анд нөхдөө хэзээ ч мартдаггүй. Арга ч үгүй биз бүтэн гурван жил нэг казарма (цэргүүдийн байрыг ингэж нэрлэдэг)-д амьдарч нэг тогооноос хооллож, хөл нийлүүлэн жагссан юм чинь. “Ээжийн бор аяга”-ын Нанзадын Чулуунхүү бид хоёр давхар орон дээр зэрэгцэн унтдаг байлаа. Чулуунхүү, Ядамсүрэн, Равдан бид хэд ойролцоохон офицер болцгоосон юм. Манай Чулуунхүү тэр үед ингэж сайн дуулдаггүй байж билээ. Хүүхэд байхдаа уртын дуу дуулдаг байсан гэсэн. 1970 онд байх бүх ард түмний урлагийн үзлэгийн нэгдүгээр шат эхэлж, цэргийн анги бүр концерт бэлтгэдэг юм. Тэр уралдаанд манай ангийн концерт армидаа тэргүүн байр эзэлж иж бүрэн хөгжмөөр шагнууллаа. Манай хөгжмийн салааны ахлагч Жогоогийн Төмөрбаатар, улс төрийн ажилтан Дамбын Мятав бид гурав цирк дээр очиж, тэдний хөгжмүүдийг иж бүрнээр нь хүлээж авсан юм даг. Манай концертонд Цэвээнравдан (яагаав нөгөө ангийн байцаагч) “ гэрийн гадаа пид пад…” гээд л шүлэг уншина. Өөр нэг цэрэг ард нь зогсож суган доогуур нь гараа оруулаад хөдөлгөөн хийнэ. Харин найруулагч Доржсамбуу хөдөөгийн салбарт байсан болохоор оролцож амжаагүй. Цэргийн ансанбелиас манай ангид хоёр сайн бүжигчин холбоочин болохоор ирсэн үе ч таарсан. Долгор, Баярсайхан гэж. Манай ангийн бүжиг их сайн байсан нь энэ хоёртой холбоотой. Манай Мятав, Төмөрбаатар хоёр баян хуур хөгжим сайхан тоглоно. Готовын Нямаа (цэргийн ансамбельд дуучин байгаад хойшоо сургуульд явж зохиолч болсон), Барамбай (цэргийн ансамбелийн 60 харын нэг шүү дээ), Хашчулуун, Батмөнх (Дарханы чуулгын дуучин болсон МУСТА), Цэндсүрэн, Дуламсүрэн гээд мундаг авьяастай залуусыг нэрлэж болно. Хөдөөгийн салбаруудад олон авьяаслаг залуус байсан л даа. Тэр болгоныг татаад авчрах боломж хомс. Яагаад гэхээр тэд маань байлдааны үүрэг гүйцэтгэж байсан болохоор тэр. Баавгайн Цэрэндорж гэж гоё дуулдаг байлдагч байлаа. Хожим нэртэй дипломатч болсон. Барамбай Мятав бид дөрөв гитардаж байгаад л орос дуунууд дуулдагсан. Үүнээс гадна манай анги Монголдоо анх удаа КВН буюу АСК-ийг телевизээр явуулсан түүхтэй. Архивт байдаг эсэхийг мэдэхгүй юм. Эвлэлийн төв хороо (тэр үеийн нэрээр)-ны байранд урьдчилж бичээд тэр жилийн наадмаар гарсан юм. Өрсөлдөгч баг маань 028 дугаар ангийн баг. Манай Чулуунхүү ангийн уран сайханд бүжиглэдэг байсан чинь хожмоо гитар тоглож сураад, улмаар дуучин, ая зохиогч, гавьяат болчихдог байгаа. Миний доод талын орон дээр Гаваадайн Гомбожав гэж Налайхын хүү байрлах. Одоо ч бид найз нөхөд хэвээр. Тэр маань ахмад уурхайчин, бас бэлтгэл офицер, хошууч байх. Цаашаа үргэлжлүүлээд Үлэмжийн Чангаа (хүний их эмч), Ален (их эмч), Жумай (эм зүйч), Шархүү (эрүүл ахуйч эмч), Эрдэнэбаатар, Батнасан (гэмтлийн алдарт эмч болсон), гээд л Нэргүй, Буджав (сайн боксчид болсон), Санжжав гээд л цуварна даа. Манай ротынхон ихэнх нь хожмоо цэргийн том том дарга нар болсон доо. Ядамсүрэн бригад, дивиз командлагч хурандаа, Налжир хурандаа Ерөнхийлөгчийн зөвлөх, ОХУ-д цэргийн атташе байсан, Чулуунхүү хурандаа, Дашзэвэг хурандаа Армийн улс төрийн Газрын дэд дарга асан, Тунтуу хурандаа Армийн эвлэлийн ажлын Хэлтсийн дарга асан, Даваасамбуу хурандаа ПВО-ийн дарга асан, Доржпалам хурандаа химийн цэргийн командлагч асан, Наранбаатар, Батцэнгэл, Үрстэмийн Хусаан, Дуламын Бямбаа, Цэрэнтогоочийн Бямбаа, Дамбын Мятав, Маднет гээд хурандаа, дэд хурандаанууд.

Хоёр. Эх орноо хамгаалан “байлдах” тушаал авсан нь

Дээр дурдсан хоёр ангийн дайчид бид нэг жил Зөвлөлт (тэр үеийн нэрээр)-ийн мэргэжилтэн офицеруудаар цэргийн эрдэм заалгасныхаа дараа буюу 1965 оны зургаан сард шиг билээ, АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар байлдааны үүрэг гүйцэтгэх даалгавар авч Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн нутагт анхны салбаруудаа нээснээс хойш өнөөдрийг хүртэл 50 жил улсынхаа агаарын хилийг хамгаалах байлдааны үүргийг гүйцэтгэсээр байдаг. Манай салбар тэр жил Өвөрхангай аймгийн төвөөс урагш тав зургаан км зайд Дайрганы голын хөвөө орчим байрласан юм. Бид 45-уул байсан юм. Анхны дарга нар маань Цэрэнтогоочийн Бямбаа, Чадгаа, өндөр Бадам, Кавкай, эмч Санги, ахлагч Таяийн Дэмбэрэл, Батчулуун, Жаграй гэж сайхан залуус байлаа. Тэр өвөлдөө байр баригдаж дуусаагүй тул дан майханд өвөлжиж билээ. Өвлийн хүйтэнд гадаа хооллох л их хэцүү санагддагсан. Тэр үед голдуу л шар будаатай хярамцагтай шөл иднэ. Амандаа хийж амжаагүй шахам байхад л царцана. Зарим шөнө цас шуураад, салхинд майхан маань хийсчихнэ. Босохоосоо түвэгшээгээд тэр чигтээ л хөнжилдөө шургаад, нэхий дээлээрээ хучаад, цасанд даруулаад хоночихно доо. Залуу насны аагаар л даарч хөрөхийг тоолгүй л өвлийг давсан байх. Увсын Авгаан гэж бүдүүн бор цэрэг тогооч хийнэ. Дарга нар маань ч гэсэн дээ, дан бүрээстэй гэрт л даарч хөрөн өвөлжсөн дөө. Салбар маань идэшний хэдэн хоньтой. Сант сумын нутагт нэг цэрэг хариулдаг. Дараа жил нь манай ангийн хоньтой саахалт Лоохууз гэж малчных буулаа. Сураг сонсвол нам төрийн эсрэг хуйвалдсан эсэргүү, нутаг заагдаж ирсэн нь тэр гэх. Хониндоо явахдаа хурганы уутанд дүүрэн ном хийж аваад явдаг гэж хоньчин цэрэг хуучлах. Хожмоо цагаадаж, АИХ-ын орлогч дарга хүртэл болсон алдарт Лоохууз гуай шүү дээ. Бид ээлжээр станц дээр жижүүрлэнэ. Локаторын цэргүүд болохоор станц бүхий машиндаа тухтайхан сууна. Харин морзчин цэрэг дан бүрээстэй гэрт станцынхаа өмнө сууна даа. Ээлжинд гарахдаа хоёр хөнжил авч гарна. Нэгээр нь толгойгоо, нөгөөгөөр нь хөлөө ороож аваад суудагсан. Хоёр цаг болоод нэг мэдээ дамжуулна. Долоо хоногийн бямба гаригт нэг жаргана. Дарга нар маань дагуулаад аймгийн төв орж халуун усанд мулз угааж аваад, дараа нь бүжгэнд ор­но, заримдаа бөхийн ба­рилдаан үзнэ. Манай салбараас гурав дөрвөн цэрэг барилданаа. Баянхонгорын Дуламын Бадарч гэж залуу сайн барилдаж дараа жил нь аймгийн начин болсон юм даг.

Нутгийнхан биднийг ни­сэхийн цэргийн анги л гэдэг байлаа. Анх 1965 оны тэр нэг өдөр хотоос үүр шөнийн заагаар л түргэн авч машин машиндаа суугаад гурван тийш гарсансан. Улиастайгаас Говь-Алтай аймгийн Гуу­лингийн талд байрлах ангитай хамт урт цуваа болж гараад бид замдаа үлдсэн юм. Тэр дороо л том нуувч ухаад машин техникээ далдалж, өөрсдөө майхан, палаткаа барин тухалчихав. Бямбаа дарга аймаг давхиад айраг, хэдэн шуудай өргөст хэмх олж ирээд дэргэд тавьж байгаад өдөр шөнийн дотор л машин техникээ далдалж билээ. Хожим нутгийнхан гайхдагсан. Нэг өглөө харсан зөндөө олон машин техник зогсож байсан маргааш нь алга болоод хэдэн ногоон дов болчихсон байсан гэж. Тэгээд л байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсноо төвд дамжуулснаар “байлдаж” эхэлсэн гэсэн үг. Салбарын дарга маань Цэрэнтогоочийн Бямбаа цэргийн хүн ийм л байдаг гэж хэн ч бодохоор, гялалзсан дэслэгч залуу байлаа. Баянхонгор нутгийн уугуул. Зөвлөхөөр нь Бабаев гэж дээд урууландаа сахалтай, ахмад очлоо. Хотод би энэ ахмад, бас Яремчук гэж хоёр метр гаруй өндөр түрүүч хоёрын орчуулагч хийдэг байсан болохоор Бабаев ахмад намайг энд дагуулж очсон хэрэг. Бабаев ахмад радио техникийн, Яремчук түрүүч морзын хичээл заана.

Өвөрхангайд үлдсэн хоёр жилийн албаа хаасан манай салбар одоогийн 103 дугаар салбар болсон аж. Бид бол энэ салбарын анхны цэргүүд гэсэн үг. Уг нь бүх цэргүүдээ овог нэр, нутаг усаар нь мэддэг байж билээ. Одоо нилээдийг нь мартчихсан байх юм. Лав л Отгивийн, Оригийн, Бадиагийн, Надмидын гээд дөрвөн Батсүхтэй байсныг мартаагүй. За тэгээд Хорлоогийн Сумьяа, Санж-осорын Пүрвээ (хожим хурандаа болсон), Намжилын Лхагвасүрэн, Үрстээмийн Хусаан, Аятбайн Аманбай, Жүжингийн Үрчээн, Дүүдэйн Сорогжоо, Жалцангийн Найдан, Жүгдэрийн Даваахүү, Өжөөгийн Нямаа, Жахирхааны Казбек, Нямбуу, Дашийн Бямбаа (хожим Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ИТХ-ын дарга асан),Нурдаан, Хүрэлчулуун, Жамьянгийн Чулуун, Цэрэнпилийн Бааяа, Пүрэвдорж, Хусмаан, Аманбай, Нурдаан, Чулай, Сумьяа гээд санаанд орж ирж л байна. Үрстээмийн Хусаан, Намжилын Лхагвасүрэн, Цэрэндоржийн Өлзийбат бид гурав Анагаах ухааны дээд сургуулиас хамт цэрэгт татагдаж очсон нөхөд. Өлзийбат бид хоёр бүр арван жилээ хамт төгссөн гээч. Нэр нь бичигдээгүй үлдсэн дайчин андууд минь битгий гомдоорой. Мартаагүй шүү. Тэр үед зургийн аппарат ховор байсан болохоор эргэн дурсахаар зураг хөрөг ховорхон үлдэж.

1965 онд Аймгийн наадмаар анх удаа цэргийн парад алхсан нь бид хэд. Дарга нар урд талд нь араас нь АК (тэр үед дөнгөж ирж байсан автомат буу) буу элгэндээ авсан бидний дөчин цэрэг, алхаад л… Бүгд нэг дороо болохоор жижүүрт гарах ч амар. Орноосоо нойрмог босоод станцынхаа ард суучихна. Нойр хүрээд байвал цэргүүд унтаж байгаа байранд ороод нөхдийгөө шоглоно доо. Өглөө босоход бүгд л сахалтай, урт сормостой алиалагч шиг л эрээн алаг болчихсон, бөөн инээд наадам болно. Шоглуулсан нөхөд дараа нь хариугаа янз бүрийн хэлбэрээр авна даа.

Гурав. Олон зорчигчийн амь насыг аварсан манай даргын гавьяа

Манай анги их сайхан, өвөрмөц анги байлаа. Манай салбарынхан нэг гавьяа байгуулсан юм байна. Манайхан иргэний агаарын тээврийн бүх онгоцыг маршрутаар дагуулан бичиж, том самбар дээр зураад тэр дагуу төвд мэдээлдэг байлаа. Яг үүнтэй зэрэгцээд пуужингийн ангиуд хяналтанд орж, пуужингууд онгоцны чигийг даган онилдог байсан гэсэн үг л дээ. Дайсны онгоц байвал шууд устгахад бэлэн байдаг гэж ойлгож болно. Тэгсэн иргэний тээврийн онгоц Өвөрхангайд дөхөж ирээд төвтэйгөө холбоо тасарч бөөн сандрал үүсэхгүй юу. Тэгсэн манай локаторынхон явж буй маршрутыг нь мэдэж байсан болохоор холбоо тогтоож, шатахуун нь дуусан, бас дугуй нь буухаа больсон онгоцыг аймгийн төвөөс урагш 30 гаруй км зайд байх, говийн элсэн дунд элгээрээ гулсаж буух боломж олгосон юм. ИЛ-18 онгоц байсан биз, одоо санавал 42 зорчигч байсан нь эсэн мэнд газардаж, нэг ёсондоо онгоц болон тэдгээр 40 гаруй иргэний амь насыг аварсан гэсэн үг л дээ. Бид яахав үүргээ л гүйцэтгэсэн цэргийн албан хаагчид болохоор ямар нэг гавьяа байгууллаа гэж төсөөлөө ч үгүй л өнгөрсөн юм даг. Гэхдээ мэдээж арай ч зүгээр биш ээ. Нисэхийн зүгээс талархал илэрхийлж баяр хүргэсэн л дээ. Бас яамнаас, төр засгийн зүгээс манай зарим дайчдыг шагнаж урамшуулсан байх. Харин гол үүрэг гүйцэтгэсэн манай салбарын дарга дэслэгч (одоо бол бэлтгэл хурандаа) Бямбаа маань зүгээр л магтуулаад өнгөрсөн шиг билээ. Магад ч үгүй тухайн ослыг (одоогоор бол осолд тооцогдох байлгүй) нэг их дэлгээд зарлаад байхыг хүсээгүй л болов уу. Улсын нэр хүндийн асуудал гэж үздэг байсан цаг шүү дээ. Уг онгоцонд голдуу л Өвөрхангай, Баянхонгор аймгийн иргэд зорчиж явсан гэдэг. Сураг сонсвоос зарим нэг зорчигч нутагтаа энх тунх амьдарч байгаа гэх юм билээ. Манай Бямбаа дарга ч жинхэнэ эр хүн тэр тусмаа цэргийн хүн байсан. Одоо ч тэр л хэвээрээ тэв тав хийгээд л гялалзаж яваа шүү. Бэлтгэл хурандаа. Тэтгэвэрт гарсан хойноо ч гэсэн хилийн цэргийн Зэлтэрийн заставт сайн дураараа очиж хэдэн жил гэрээт үүрэг гүйцэтгээд ирсэн гэж байгаа.

Дөрөв. 50 дахь жилдээ “байлдсаар” байгаа ангийн алдар үл мартагдмуу

Монголын мянга мянган хөвгүүд Зэвсэгт хүчний 065 дугаар ангид цэргийн албаа нэр төртэй хааж, байлдааны үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Харин тэдгээр дайчдын гавьяа зүтгэлийг төр засгийн зүгээс анзааран үнэлж байсан нь ховор талдаа. Буудалцаагүй болохоор анзаардаггүй биз ээ. Хилийн цэргийнхэн халагдахдаа “Онц хилчин” тэмдгээ зүүгээд буцна. Гадаадад тэр дотроо Ирак, Афганистанд, Чад гээд улс орнуудад алба хаасан дайчид бараг бүгд эх орноо хамгаалсан гэх тодотголтой төрийн одон медаль шагнуулна. Харин 065-ынхан өргөсөн тангарагтаа үнэнчээр “байлдсаар” л, халагдсаар л.

Одоо бол манай анги 103 дугаар салбар гэдэг нэртэй, Баянхонгор аймгийн Баянлиг суманд үүргээ гүйцэтгэж байна. Хугацаат цэргүүд алба хашихаа больж гэрээт дайчидтай болсон гэсэн.

Ангийнхаа тухай бичээд байвал бүхэл бүтэн хэдэн боть ном ч багадах байлгүй. Харин тавин жил байлдааны үүрэг гүйцэтгэсэн энэ алдартай ангийг яам, төр хэрхэн анхаарахыг мэдэхгүй юм. Халх голын дайнд оролцсон дайчдад ”Цагаан морь” гэх дурсгалын тэмдэг өгөөд хожим нь гучин жилийн дараа төрийн одон болгох зарлиг гаргасан байдаг. Тэгвэл 065, 028 дугаар ангид алба хаасан дайчдад байлдааны үүрэг гүйцэтгэснийх нь хувьд дурсгал болон үлдэх төрийн одон үгүй юм гэхэд нэг сайхан дурсгалтай “тэмдэг” үлдээх талаар Батлан хамгаалахынхан санаачилга гаргаасай гэж бодох юм. Лав л манай Чулуунхүү нэг сайхан дуу хийх байлгүй. Яруу найрагч СГЗ Б.Хүрэлбаатар үгийг нь бичих байх. Яагаав нөгөө “Цэцэгт нуурын хөвөөнөөс цэргийн албанд мордлоо доо .. “ гээд бичдэг. Ийм л түүхтэй, алдартай анги. Эх орноо хамгаалан 50 жил байлдсан, одоо ч байлдсаар байгаа дайчид шүү дээ.

Олхонууд ШААБАР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Нас чацуу хүүхдүүдтэй нэг албаныхан

Нэг ангийнхныг нэг салбарт, тэр дундаа нэг анги болгон дахин нэгтгэж чадсан  газар бол Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги юм. Онцгой байдлын хурандаа Д.Чинзориг захирагчтай тус ангид оюутны ширээнд тохой нийлүүлэн сурч байсан онжавууд олон бий. Монгол Улсын хэмжээнд эрэн хайх аврах үйл ажиллагаа гүйцэтгэдэг тус анги 200 гаруй аврагчтай. Тэдний ихэнх нь Батлан хамгаалахын болон Хууль сахиулах их сургуулийг төгсөөд ийшээ хуваарилагдсан байна. Зарим нь ч хүсэл сонирхлоороо аврагч болохоор уг ангийг зорин ирцгээж амьдралын гараагаа эхлүүлжээ. Аврах ангид ирсэн шинэхэн төгсөгчид шууд гамшгийн үйл ажилла­гаанд ханцуй шамлан орол­цоно гэвэл эндүүрэл. Тэд хамгийн түрүүнд сэт­гэл зүйн бэлтгэлтэй болох ёстой. Цаашлаад гамшгийн үед самбаатай ажиллах ур чадварыг эзэм­шихийн тулд сургалтад хам­рагддаг. Ингэж байж үер ус, газар хөдлөлт, галын аюул, нуранги гээд гамшгийн нөхцөлд ажиллах чадвартай жинхэнэ аврагчид болдог юм байна. Сургалтад хамрагдагсдад 2004 оноос хойш номын дуу зааж буй багш бол хурандаа Ц.Баттулга. Түүний хувьд “алтан шавь нар маань” гэж бахархдаг 20 гаруй шижигнэсэн залуу бий. Орон нутгийн болоод олон улсын хэмжээний аврах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон амжилтын эздийг “Нэг ангийнхан булан”-даа онцолж байна.  

 “Багшдаа нэг шавхуурдуулсан байхад долоо хоног нам шүү дээ”

Онцгой байдлын алба хаагчдын дунд зохион байгуулагддаг “Аврагч” тэмцээн 2006 оноос хойш тасалдаад байсан. Тэгвэл энэ уралдаан өчигдөр Тахилт дахь хээрийн сургуульд бол­сон юм. Тэнд орон нутгаас ирсэн алба хаагчид олон тө­рөлд өрсөлдөв. Энэ тэм­цээнийг Аврах тусгай анги удирдан зохион байгуулж, шүүгчээр оролцож байлаа. Урьд жилүүдэд зохиогдож байсан энэ тэмцээнд тус анги тэргүүлдэг байсан нь Ц.Батсүх багшийн дасгалжуулалттай шууд холбоотой гэж шавь нар нь ярилаа. Мөн тэд 2005, 2006 онуудад ОХУ-д зохион байгуулагдсан олон аврагчдын тэмцээнээс хоёр удаа алтан медальтай иржээ. “Аливаа тэмцээн уралдааны өмнө багш биднийг алтан медаль авах ёстой гэсэн шаардлага тавьж, маш их шахдаг байлаа.

Үүнээс нь халширч, багшаас зугтаах тохиолдол олон. Баригдчих юм бол багш хөөнө, өмнөхөөсөө ч илүү шавдуулж бэлтгэл улам сайн болдог сон” гэж аврагч Н.Хуягбаатар дурсан ярилаа. “Бэлтгэлээ таслах юм уу, залхуурвал багшдаа нэг шавхуурдуулахад долоо хоногтоо ёстой нэг номондоо орох шиг болно шүү дээ. Турникэн дээр дүүжлэгдээд ахиж чадахгүй бол халгайгаар ороолгох үе ч гарна. Уяачид мориныхоо шилэн хүзүүн дээрээс нь бариад хэрхэн яаж хурдлахыг мэддэг шиг манай багш бидний судсыг атгаж үзээд л андахгүй” гэж аврагч Ж.Баяртогтох нэмж хэлсэн юм. Тэдний ярьсанд Ц.Баттулга багш бяцхан “залруулга” хийв.  Тэрбээр “Одооны хүүхдүүдийг шавхуурдвал уйлаад сүйд болно байх. Харин манай энэ хэд гарын ая сайн даана. Эмэгтэй хүүхдүүдэд үг хэлэхээр дор нь хүлээж авдаг. Харин харчууд бол тоохгүй шүү. Эднийг бэлтгэлээс зугтаж гүйвэл одоо би гүйцэхгүй л дээ. Машинтай хөөвөл юу юм гэхээс” гэж хошигнолоо. Ц.Баттулга багшийн 20 гаруй шавь Цэргийн гавьяаны улаан тугийн одонтой ажээ.

Усан дор гацуур мод засч, оргилуун дарс буудуулан 

шинэ жилээ тэмдэглэсэн нь

Арав гаруй жил нэг ангид “сурч”, өнгөрсөн он жилүүдийн ихэнх өдрүүдийг хамтдаа үдсэн Аврах тусгай ангийнхны ур чадварууд бусад орны аврагчдыг хэдэнтээ алмайруулсан түүхтэй аж. Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд нэг ширээний хоёр болох Д.Батчулуун, Ж.Баяртогтох нар 2012-2013 онд оролцсон юм. Тэд тус улсад энхийг сахиулах үйлсэд манайхаас оролцсон анхны аврагчид. Эднээс гадна нийтдээ 27 аврагч Суданд үүрэг гүйцэтгэжээ. Тэд Нил мөрөнд завьтай эргүүл хийдэг байж. Тэр үедээ НҮБ-аас өндөр үнэлгээ авсан гэнэ.

Японд цунами нүүрлэхэд арав гаруй залуус очиж эрэн хайх аврах үйл ажиллагаа гүйцэтгэсэн дээ. Арлын орон руу явсан аврагчид мөн л тэд. “Байгалийн гамшиг арлын оронд тохиолдоход манайхаас 13 аврагч тус улсыг зорьсон юм. Манай хэвлэлүүд энэ тухай маш их мэдээлж, бид сэтгэл зүйн бэлтгэлээ бүрэн хангаад очлоо. Гэтэл Токио хотод нам жим байх нь тэр. Цунами нүүрлэсэн дүүрэгт хандивын аян өрнөж байв. Гайхаад асуутал ард түмнээ тайван байлгах гэж сонин, телевизээр ямар нэгэн мэдээлэл цацаагүй гэсэн. Ингээд бид нурангинаас том том хавтгайнуудыг гараараа өргөөд зөөж гарсан. Гэтэл гадны аврагчид гайхаад жигтэйхэн. Тэд тусгай багаж ашиглан зөөж байсан юм. “Монголчууд ийм ажилсаг хэрэг үү” гэцгээгээд. Бид хариуд нь “Ажилсагдаа ч биш л дээ гараар өргөж дийлэх зүйлээ багаж ашиглан цаг алдах хэрэггүй” гэж  тайлбарласан”  гэж Н.Хуягбаатар өгүүлсэн юм. Монголд анх удаа 50 метрийн гүнээс дүүрэн шатахуун ачсан машин гаргаж ирсэн хүмүүс бол мөн л эдний ангийнхан. Тэд 2012 оны өвөл усны гүнээс дүүрэн шатахуун ачсан машин гаргажээ. 

2011 оны хоёрдугаар сард “Петровис”-ын “Урал” маркийн хоёр машин Хөвсгөл нууран дээгүүр явж байгаад цөмөрч орсон талаарх мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байв. Мөсөн дээгүүрх замаа буруу тооцоолж явснаас болж хоёр машины нэг нь цөмрөн усны гүн рүү орсон юм. Харин нөгөөх нь мөсөнд хавчуулагдчихсан байжээ. Аврах тусгай ангиас Ж.Баяртогтох, Д.Батчулуун нарын долоон хүнтэй бүрэлдэхүүн тийшээ очжээ. Аврагчид цаг агаарын маш хүйтэн нөхцөлд усны гүнд 25-30 метрийн гүнд үүрэг гүйцэтгэх чадвартай багажаар хоёр дахин илүү гүнд орж, шатахуунтай машиныг амжилттай татан гаргажээ.  “Усны гүнд ороход өвлийн нөхцөл учраас дээрээ мөстэй, дороо азотын хордолтод орох аюултай байдаг. Маш өндөр даралттай ус руу ороход эрсдэл өндөр. Усан доорх 50 метрийн гүний даралтыг хэмжвэл жижиг машины дугуйг зад буудахаар. Тухайн үед зуултуур нь хөлдөж, үүрэг гүйцэтгэхэд хүнд байсан. Дээшээ гарахдаа минут гаран амьсгаагүй байж, арайхийн цооногоо олж гарч ирсэнээ санадаг юм” гэж Ж.Баяртогтох дурсан ярилаа. 

Тэд өнгөрсөн өвөл Өгий нуурт усан доор сургуулилт хийжээ. Хэдийгээр шинэ он гарчихсан байсан ч гэсэн усан дор тэд баяраа тэмдэглэсэн байна. Усны гүнд гацуур мод засч, оргилуун дарс буудуулсан гэхээр та итгэж байна уу. Тэгвэл манай аврагчид үүнийг төвөггүй хийхээр чадвар эзэмшсэн мундаг залуус аж. Тэд гацуур модны оройг тусгай багажаар мөсөнд бэхлэн тогтоожээ. Дараагаар нь оргилуун дарсаа усанд буудуулж, сүлд модоо тойрон шинэ жилийн баяр тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдэд манай аврагчдын ур чадвар өсөн дээшилж байгаагийн нэг жишээ энэ юм. 

“Эмэгтэй аврагчдаа хайрлахыг мэдэхгүй”

Ингэж хэлэхээр хэтэрхий хатуу мэт сонсогдож байгаа байх. Гэхдээ аврагчдын хувьд эр, эм, нас, хүйсийн ялгаа байхгүй болохоор эрчүүд нь энэ тухай ингэж л ярьж байна лээ. 

Эмэгтэй аврагчид аливаа осол, аваар, гамшгийн үед эрчүүдтэйгээ адил ачааллыг тэнцүү үүрдэг юм байна. Аврах тусгай ангийн хувьд 20 гаруй эмэгтэй аврагчтай. Бусад үед эрчүүдтэйгээ эн зэрэгцэхүйц ана мана байдаг мөрдөстэй бүсгүйчүүд маань “Мартын 8”-наар ёстой нэг хатан хаан шиг байдаг гэнэ. 

Эмэгтэй аврагчдын хувьд тэр бүр нурангин доороос хүний цогцос зөөж, усны гүн рүү шумбаад байдаггүй.Голдуу холбоочин, зааварлагч, эмчээр ажилладаг байна. Шаардлагатай тохиолдолд эрчүүдтэйгээ ижил үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол цөөнгүй гэсэн.

“Их түймрийн хүүхдүүд”

Баяр ёслол, амьдралын торгон агшин, тэмдэглэлт өдрүүдээс олонтаа хоцорч байсан хүмүүс бол яах аргагүй онцгойгийнхон. Гамшиг осол хэлж ирдэггүй болохоор хэзээ ч хэнд ч юу ч тохиолдож болно. Тэр болгонд байнгын бэлэн байх ёстой хүмүүс бол аврагчид. Тэд зөвхөн ажилдаа хамаг анхаарлаа хандуулна. Ар гэрээ авч явах үүрэг хань ижлүүдэд нь оногддог аж.

Хаана түймэр гарна тэнд л аврагчид бөөн бөөнөөрөө очдог шүү дээ. Тиймээс аврагчдын хүүхдүүд голдуу нэг онд бүр нэг сард төрцгөөсөн байдаг гэсэн. Үүрэг гүйцэтгэхэд явж, ирэх хугацаа нь адилхан болохоор  эхнэрүүд нь голдуу ижил хугацаанд амарждаг гэж “нэг ангийнхан” ам уралдуулцгаав. Хүүхдүүдээ бүр “Их түймрийн хүүхдүүд”, “Хүдэрийн түймрийн хүүхдүүд” гээд нэрлэчихсэн. Он оноороо насны ялгаатай дэрсхэн жаалууд аврагчдын гэрт өсөж торницгоож байгаа гэнэ. 

Шинэхэн төгсөгчдийг сургасан нь

Онцгой байдлын алба бол эрсдэл өндөртэй болохоор хэр баргийн хүн ийшээ зүглэхгүй. Ёстой л олон аавын шигшмэл хөвгүүд зориглон ирдэг газар. Сургуулиа төгсөөд ирж байгаа шинэхэн боловсон хүчний хувьд ах нарынхаа цогцос зөөж, гаргаж байгааг хараад хэдэн өдөр, шөнө зүүдэлж, хар дардаг гэсэн. Унтаж байгаад цочиж сэрэх нь энгийн үзэгдэл гэж тэд ярив. За тэгээд ах нарынхаа хатуухан тоглоомонд хааяа өртчихдөг гэж байгаа. Хэдэн жилийн дараа туршлага суугаад ирэхээр өөрсдөө дүү нараараа тохуурхах хөгжилтэй явдлууд ч олон аж. Задлан шинжилгээний өмнө баахан юм ярьж, хоолноос “гаргах” нь энүүхэнд. Үүнийгээ энгийнээр сэтгэл зүйн бэлтгэл хангах дасгал гэж нэрлэдэг бололтой. Амьдрал дээр тэрнээс илүү олон гамшигтай нүүр тулах болохоор сэтгэлийн хаттай, бэлтгэлтэй байх нь юу юунаас чухал аж. Ц.Баттулга багшийн шавь нар Сэлэнгэ аймгийн Хүдэрт гарсан түймрийг унтраахаар явахдаа 100 км газрыг гурав хоног туулж, хоёр өдөр хоолгүй гүрийж байсан тохиолдол ч бий гэнэ. Нэг удаа Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан түймрийг унтраачихаад буух гэтэл ширүүн бороо орж, бүгд шалба норж, бээрцгээжээ. Гал асаах гээд хэнд ч шүдэнз байсангүй. Гэтэл нэг аврагч нь ихэд нандигнан боосон ганцхан ширхэг шүдэнзний мод  гаргаж иржээ. Юмыг яаж мэдэхэв гээд шүдэнзний толгойг лааны тосонд дүрээд далд хийсэн байж. Тэр ганцхан ширхэг шүдэнз залуусыг аварчээ. Бусад аврагчид нь айлын малын саравчнаас зомгол ховхлон авчирч галтай залгасан гэнэ лээ. Энэ мэт өөрсдөө аврах ажиллагаанд яваад эрсдэлд орох магадлал өндөр байдаг аж. Өндрөөс буухдаа хөл, гараа шалбалах, түймэр унтраах гэж байтал салхи гэнэт эргэх мэт аюулыг аврагчид байнга сөрнө.

Дээрээс нь эрэн хайх ажиллагаа явуулж байхад ар гэрийнхэн нь нэрмээс болох нь юу ч биш. Усанд осолдсон хүний цогцсыг хайж байхад нь ар гэрийнхэн нь лам, бөө нар авчираад “Энд л байна” гэж эрлийн ажиллагаанд саад болно. Уг нь аврагчид усны урсгал, тогтоол зэрэг бүх зүйлийг судлаад эрэн хайх ажиллагаа явуулах дүрэмтэй улс.

Монгол Улсын иргэний хамгаалалтын газар, Монгол Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газар нэгдээд Онцгой байдлын ерөнхий газар байгуулагдаад арван жил болж байна. Харин Аврах тусгай анги бол 78 жилийн түүхэн замналтай. 

Нэг үеэ бодвол манай онцгойгийнхны хувцас хэрэгсэл, багаж хэрэгсэл сайжирчээ. 2013-2014 онд гамшгийн нөхцөлд хэрэглэдэг багаж хэрэгслээр 70-80 хувь хангагдсан байна. Монголд анх удаа агаараас буюу нисдэг тэргээр барилга байгууламжаас аврах үйл ажиллагааны сургалтыг Дархан-Уул аймагт  амжилттай зохион байгуулсан тухай өчигдөр болсон “Аврагч-2014” тэмцээний үеэр ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж онцолж байсан юм. Энэ мэт сургалт хичээлүүдийг тогтмол явуулж, 2014 оноос онцгой байдлын албаны стандарт журмыг батлан мөрдөж байгаа аж.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“Энхийн хүч” отрядынхон

Монгол Улсын их сургуу¬лийн хуулийн ангид элсэхэд шалгуур өндөр учир хүссэн хүн бүр ордоггүй байв. 1984 онд их сургууль хуулийн ганц¬хан ангид элсэлт авчээ. Гэтэл 35 хүүхэдтэй энэ ангид аравдугаар ангиа төгсөөд конкурсдэж тавхан хүүхэд орсон байна. Бусад нь хуулийн дунд сургуулийг дүүргэсэн, хот, сум, дүүрэгт захиргаанд даргын алба хашдаг албан хаагчид голдуу байжээ. 

17-36 насныхнаас бүр䬬сэн энэ ангийг бусад оюутнууд сониучирхана. Ямар сайндаа ангийнх нь хаалгаар шагайснаа “Хуулийн нэгдүгээр курсийнхэн эцэг эхийн хурлаа хийж байгаа бололтой. Оюутнуудын аав ээж нь ирчихэж” гэж ярилцаж байсан удаатай гэнэ. 

Хэдий гаднаас нь харахад ах, эгч нар сурч байгаа юм шиг ч эдний ангийнхны хувьд нас бол зүгээр л тоо байж. 37 настай Ц.Данзансодов ангиа даргална. Тэрээр таван хүүхэдтэй, өрхийн тэргүүн учир ангийнхандаа ихэд анхаарал хандуулна. Б.Даваасүрэн, Г.Бадамханд, Ж.Бямбаа, Б.Пүрэвдорж, Ю.Ганбат Н.Тунгалагтамир нар ангийнхаа ахмадуудын тоонд орно. Эд нар бүгд гэр бүл, үр хүүхэдтэй учир аливаад хариуцлагатай ханддагаараа багш нарынхаа итгэлийг хүлээнэ. Эдний ангийнхан факультет, сур­гуулийнхаа Оюутны зөвлөлд ажиллацгаана. Ж.Бямбаагаа их сургуулийн оюутны зөв­лөлийн даргаар ажиллаж байсныг одоо ч дурсах дуртай аж. Мөн Монголын хуулийн салбарын бүхий л мундаг, чадалтай багш нараар хичээл заалгаж байснаа их хувь заяа хэмээн бодоцгоодог гэнэ.

Ангийн багш Н.Чинбат нь 28 настай залуухан багш. Ангийнхаа зарим оюутнуудаас насаар дүү ч мэдсэн сурсан дуулснаараа бүгдийг гайхаш¬руулна. Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат гэхээр хүн бүр таних билээ. Тэрээр ангийнх­наа дөрөв, таваар нь микро болгоод хуваачихна. Микро микроороо ширээнд сууж гэрийн даалгавар, бие даалтаа хий­нэ. Хэрвээ микрээс хэн нэг нь хичээлээ таслах юм уу, даалгавар хийгээгүй ирвэл бусад нь зэмлүүлнэ. Зэмлэл хүртэхгүйн тулд өнөө тасалсан нөхрийнхөө араас нэхэл дагал болж олж ирэх юм уу, даалгаврыг нь хийлцэнэ. Ийм болохоор эдний ангийнхан бие биендээ их амь. Хичээл дээр нэгэндээ анхаарал хандуулдаг шигээ хувийн амьдралд нь ч тусална. Стипентийн мөнгөнөөс хүүхэдтэй хүмүүс­тээ зориулж ангийн фонд үүсгэнэ. Нийт 40-өөд хүүхдийн нэрс гаргаад хүүхэд тус бүрт 70 төгрөг төсөвлөнө. Энэ бүхнийг хөтөлж байсан дэвтрээ одоо ч хадгалдаг юм байна. Уг дэвтэрт хүүхдүүдийн нэрсийг жагсаагаад юу юу авч өгсөн, бэлгүүдийг хэн аваачиж өгсөн зэргийг нямбай бичжээ. 

Пальто, даашинз, ноосон цамц, захны даавуу гээд хувцас хунараас эхлүүд алим чихэр гээд амттан,  хоёр гурван ч хүүхдэд унадаг дугуй авч өгчээ. Бүр хөдөө байдаг ар гэрийнхэн рүү нь шуудангаар бэлгээ илгээнэ. Хариуд нь хүүхдүүд баярласнаа илэрхийлж цахилгаан явуулдаг байжээ.  

Аравдугаар ангиа төгсөөд орж ирсэн тавыгаа нөгөөдүүл нь дэргэдээсээ салгахгүй. Хичээл номыг нь ягштал хийлгэж, чадах ядахаараа тусална. Хичээл номын тал дээр эдний ангийнхан гаргууд сайн. Бүгд онц сурна. Багш нараасаа магтаал сонсоцгооно. Ихэнх хичээл нь орос хэл дээр явагддаг. Сурах бичгүүд нь орос хэл дээр. Багш нарынхаа лекцийг дурайтал нь бичнэ. Тэгээд гэртээ ирээд ойлгохгүй үгүүдээ толиноос орчуулна. Хуулийн хэллэг учир орчуулахад заримдаа хүндрэлтэй. Гэхдээ хуулийн чиглэлээр ажиллаж байсан ангийнх нь ах, эгч нар нь баргийн зүйл дээр толгойгоо гашилгахгүй болохоор бусдадаа заана.

Шалгалтын өмнөх өдөр дотуур байранд ирээд билетээ бүгдийг нь уншиж давтана. Гадуур гэртэй хүүхдүүд нь шөнөжин билетээ уншаад дотуур байранд хонох нь элбэг байж. 

Залуу хүмүүс хойно заримдаа саваагүйтэлгүй яахав. Оюутны дотуур байранд ороод сүнс дуудна гэж хөөрцөглөнө. Ширээ тойрч суугаад бүгд гараа барьцгаана. Энэ үед сүнс ирвэл ширээний голд байх аягатай ус цалгилах ёстой аж. Нэг удаа тэр аягыг нэг банди нь чигчий хуруугаараа сэм хөдөлгөчихсөн чинь охид нь айгаад бөөн дуу шуугиан болж байсан гэнэ.

Хичээлээс бусад үед насны зөрүү алга болчихно. Олон хүүхдийн эцэг болсон залуус ангийнхаа багачуудтай танхимдаа хөөцөлдөн тоглоно. Ширээн дээгүүр гүйлдэж ноцолдоно. Яг л хүүхэд шиг сахилгагүйтэцгээнэ. 

Хичээлээс гадна урлаг, спорт, нийгмийн олон ажилд идэвхтэй оролцоно, ангиараа. Урлагаар эдний урд гишгэх анги факультетад нь байдаггүй байсан гэнэ. Сургуулийнхаа нэгдсэн тоглолтод шалгарцгаана. Ж.Наранцацралт, Д.Ариунцэцэг хоёр их сайхан хоршиж дуулна. Д.Бадрах гармон гайхалтай тоглодог. Д.Түдэв, Н.Тунгалагтамир хоёр “Цэнхэрлэн харагдах уул”-ыг сонсголонтой гэгчийн дуулцгаадаг байжээ. Эрэгтэй, эмэгтэйгээр хор дуулна, бүжиглэнэ. Эдний ангийн Ч.Нямсүрэн гоё биелдэг бол С.Отгонбаяр нь хөгжим, дуу, бүжигт авьяастай оюутан байсан гэнэ. 

Харин спортод ах, эгч нар нь маруухан. Ялангуяа модон морин дээгүүр харайна гэдэг тэдэнд бэрх даваа. Дүү нар нь модон морин дээгүүр салхи мэт л шунгинаад өнгөрдөг бол нөгөөдүүл нь чадахгүй, мордчихно. 

Эдний анги бөхтэй. Тэр нь улсын начин Д.Бадрах. Самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, ОУХМ, олон улсын шүүгч Д.Бадрах хичээлдээ тун чармайлттай нэгэн байсан гэнэ. Спортынхон тэр дундаа бөхчүүдийг хичээл номондоо тааруу гэцгээх нь бий. Гэтэл Д.Бадрах аль болох хичээлдээ суухыг хичээнэ. Хичээлээ таслахгүй. Спорт, сургууль хоёроо гайхалтай зохицуулдаг байсан тухай ангийнхан нь магтана. Зайлшгүй олон улсын тэмцээн уралдаанд явахаар болбол нөхөд нь түүний хичээл, лекцийг нөхөж бичиж өгцгөөдөг байж. Хортой цаасаар дэвтэр дээр нь хичээлийг нь нөхөж өгч байсан удаа ч бий гэсэн. 

Эдний ангиас ганц хос төрсөн нь Б.Болд, Р.Болормаа нар. “Өөр хэд хэдэн хос гарахаа дөхсөн шүү” гээд тухайн үед үерхэж байсан нөхдөө хуруу даран тоолцгооно. Баяр ёслол болбол бие биедээ бэлэг өгнө. Эрэгтэй, эмэгтэйгээрээ сугалаа татаж, нэр нь таарсан хүндээ бэлэг бэлддэг учир баяр дөхөхөөр “За, хэн намайг сугалсан бол. Ямар бэлэг ирдэг бол доо” хэмээн догдолдог байсан гэнэ. Ангийн охид нь гэр бүл, үр хүүхэдтэй ангийнхаа эгч нарынд очиж хоол унд эргүүлж, үс гэзгээ орооно. Дэгжин хувцасны моод ярьцгааж, бие биедээ зовлон жаргалаа хуваалцана. 

Хэн нэг нь найз охин, найз хөвгүүнтэйгээ муудалцвал ангийнхаа ах, эгч нарт сэтгэлээ уудалж, тусламж гуйна. Өнөөдүүл нь амьдрал зохиож олон хүүхэд өсгөж яваа болохоор туршлагаасаа хуваалцаж зөвлөдөг байсан аж. “Манай ах нар ч үгүй ээ мөн олон хосыг эвлэрүүлж, нийлүүлж өгсөн хүмүүс шүү” хэмээн дурсацгааж байлаа. 

Тухайн үед МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн “Энхийн хүч” отръяд улс орон даяар нэрээ цуурайтуулж байжээ. Уг отръядынхон зуны амралт, намрын ажлаар эх орныхоо бүтээн байгуулалт өрнөж байгаа газруудад очиж зам засч, хашаа барих зэргээр хөдөлмөрлөнө. Энэ отръядын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан үе үеийн оюутан залуусын хөдөлмөрийг үнэлээд “Энхийн хүч”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. 

Эдний ангийнхан дээд ангийнхантайгаа хамт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд нэг зун ажиллажээ. Тэд Хохиуртын давааг сэтэлж, зам гаргахад хүч хөдөлмөрөө зориулсан байна. Тэдний хувьд энэ зун хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээжээ. Ажлын амт гэдэг чухам юу байдгийг мэдэрцгээсэн байна. Хамт олны хүч гэж ямар аугаа зүйл байдгийг ухаарах тусмаа бие биендээ ээнэгшин дасна. Тэднийг Төмөрбулаг суманд даваа сэтлэхээр очиход сумын дарга, нутгийн иргэд баяр ёслолын байдалтай угтаж авч байжээ. Ингээд залуус өдөр шөнөгүй ажиллаж Хохиуртын давааг сэтэлсэн байна. Уг давааг давахад цаана нь өгөөж ихтэй бэлчээр нутаг байдаг аж. Бэлчээр сайтай газарт малчид очиж буухын тулд тойрч, их зам туулдаг байсан гэнэ. Харин Хохиуртын давааг оюутнууд сэтэлж өгсөн нь нутгийнханд их буян болжээ. Их ажил хийсэн тэдэнд урам өгч сумын дарга нь уг давааны нэрийг Оюутны даваа хэмээн өөрчлөх шийдвэр гаргаж байжээ. Оюутнуудыг ажил хийж байхад нутгийн иргэд айраг, цагаагаар ер таслахгүй. Өдөр бүр шинэ өрөм ааруул авчирцгааж дайлна. Ажил төрлөө дуусгачихаад орой үдэш ил галын дэргэд дуулна даа. Х.Батбаяр, Д.Түмэнжаргал хоёр гитарыг жинхэнэ уйлуулна гэдэг шиг ямар ч ая аялгууг гайхалтай тоглоно. Ангийн багш нь оюутнуудаа хоёр баг болгож байгаад дууны сэдэв өгөөд дуугаар уралдуулна. Өөрөө ч сайхан дуулна. 

…Явсан зүгийг чинь ширтээд би

Янагийн дуугаа аялаад

Яралзах одтой нөхөрлөөд

Явж л байна даа хонгор минь. Энэ бол эдний ангийн сүлд дуу нь. 

Ингээд зунжингаа ажиллаж наймдугаар сарын эхээр ажлаа дуусгачихаад буцах болж. Нэгэнт Хөвсгөлд ирсэн юм чинь Хөвсгөл нуурт очъё гэцгээжээ. Гэтэл гэр бүлтэй хүмүүс нь бушуухан харих минь хэмээн гэр гэр рүүгээ яарсан гэнэ. Ангийн багш нь Хөвсгөл нуурт очиж үзье гэсэн саналыг дэмжсэн учир ангиараа далайг зорьжээ. Сүхбаатар хөлөг онгоцон дээр дурсгалын зураг татуулцгааж, дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээсэн нь одоо ч хэвээрээ. Алчуур дээр хайр сэтгэлийн үгс, амжилт ерөөсөн дурсгалын үгээ бичиж үлдээцгээжээ. 

Зун, намрын ажлаар Сэлэнгийн Ерөө, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, сангийн аж ахуйд очиж ажиллаж байсан гэнэ. Эрдэм ном сурч, их сургуулийн оюутан гэгдэж явсан он жилүүддээ эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон зүтгэж явснаараа эд нар одоо ч бахархдаг юм байна. Учир нь тэр бүхэн өнөөдрийн зэрэгт хүргэсэн гэж боддог аж. Одоо эдний ангиас 12 хүүхэд шүүгч, тав нь прокурор, гурав нь багш, дөрөв нь зөвлөх, хоёр нь нотариатч, зургаа нь хувиараа ажил хийж, улс эх орныхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийн амжилттай явж байна. 

1989 онд сургуулиа төгсөхдөө арван жил болоод уулзаж байя гэж тогтоцгоожээ. Ингээд 1999 онд уулзсан байна. Дараа нь 2009 онд. Гэтэл ангийнхнаас нь дөрөв, тав нь бурхны оронд одчихсон байж. “Хэдүүлээ ойр ойрхон уулзаж байхгүй бол болохгүй юм байна. Арван жил гэдэг чинь хол юм байна. Сайхан нөхдөө алдсанаа ч мэдсэнгүй. Ингэхээр таван жил болоод уулзаж байя” гэж тохирчээ. Өнөө зуны долдугаар сарын 4-нд уулзахаар болсон гэнэ. Энэ удаагийнх олон ой тохиож байгаагаараа онцлог уулзалт болж байна гэцгээнэ. Юу гэвэл 1984 онд нэг ангид орсны 30, их сургуулийн төгсөлтийн 25 жилийн ой нь давхцаж байгаа аж.  

…Удтал хүлээсэн сэтгэлийг минь амрааж

Усны чанадаас нисээд ирээрэй

Уяхан зүрхний дурсамжаа хөглөж

Учран золгохын ерөөл тавья гэсэн шүлгээр ангийнхнаа урьж байгаагаа хэсэг нөхөд нь илэрхийлсэн юм.

Д. САРУУЛ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Газрын зураг зурдаг оюутнууд насны найзууд болсон нь

Барилгын техни­ку­мын зураг зүйн анхны ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Монголд газ­рын зураг зурдаг дунд мэргэжлийн тавь орчим хүмүүс байдгийн тал нь эдний ангийнхан. Ба­рилгын техникум зураг зүйн гэсэн ангиар ердөө хоёрхон удаа элсэлт ав­сан юм билээ. 16 настай охид, хөвгүүд нэг ангид цугласнаас хойш 30 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл  дотно найзууд хэвээрээ үлджээ.

Төгсөлтийнхөө хо­рин жилийн ойгоор  уулз­санаас хойш амьд­ралынхаа баярлах, гуних онцгой агшин бүрээ ху­ваалц­даг болж. Хотод амьдардаг хэд нь сав л хийвэл уулздаг гэж байгаа. Арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн  нэгэн­дээ баяр хүргэх гэж сандарч яваад таксинд шинэ оноо гаргасан түүх ч эдний ангийнханд бий аж. Барилгын техни­кумын зураг зүйн анхны ангийнхнаас Дагвадорж, Ичин­хорлоо, Баянжаргал, Баяр­жаргал нартай уул­заж дурсамж сөхлөө.
Зураг зүйн анхны ангид нийслэл хот, хөдөөгийн сумдаас  найман хүү, 17 охин цуглажээ. Барилгын коллеж хэрнээ барилгатай огт хамаагүй тэс хөндлөн мэргэжлээр төгсөцгөөсөн нэг ангийнхан гэдгээрээ тэд сургуулийнхнаасаа онцгойрдог. Тэгсэн мөрт­лөө зуны ажлаараа барилгын ажилд дайч­лагддаг байж. Тэд газ­рын зураг, атлас хийх чиглэлээр суралцсан гэсэн. Газрын зураг дээр хараа муутай хүнд бол бараг уншигдахааргүй  жижигхэн үсгээр гол мөрөн, аймаг, сумын нэрийг бичсэн байдаг даа. Тэр үед одоогийнх шиг компьютер гэж байх биш, Говь-Алтай аймгийн нэрийг гэхэд л үсэг үсгээр нь нямбайлан өрнө. Өнөө жижигхэн үсгүүдээ тусгай чимхүүрээр нэг бүрчлэн чимхэж ирээд  наана гэдэг амаргүй ажил байсан бололтой.
Тэр үед хэвлэх үйлд­вэр өнгөтөөр биш хар цагаанаар хэвлэдэг уч­раас газрын зургаа өнгөөр ялгаж будах ажлыг хүртэл газрын зургийн зураачид хийдэг байж. Орос усан будгаар чанартай ватум цаасан дээр бийрээ амандаа хүлхэж байгаад л ус мөрнийг цэнхрээр, аймгуудыг өнгөөр  ялган зурж өгдөг байж. Элстэй газрыг гэхэд л элснийх нь ширхэг нэг бүрийг цэглэн зурж хийдэг байсан гэнэ. Зураг зүйнхэн дипломын ажлаа томоо гэгчийн  газрын зургууд хийж хамгаалжээ. Ичинхорлоо гэхэд Африк тивийн газрын зураг хийж дип­ломоо хамгаалж байж.
Оюутан охидын төрсөн өдрийн бэлэг нь 45-ын хүүхэлдэй
Эдний ангийнхан нэг нэгнийхээ төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэдэг байснаа ам уралдуулан ярив. Стипенд буусан үед хэн нэгнийх нь төрсөн өдөр болбол хүүхдийн зуугийн хажуугийн “Солонго” ресторанд орж тэмдэглэдэг байж. Ер нь ихэнхдээ л ангидаа цуглаад төрсөн өдрийн эзэнд бэлэг өгч, дараа нь патиараа татуулдаг байжээ. Оюутан охидын бэлэг нь ямар ч сонголтгүй. 45 төгрөгөөр зардаг орос кукла. Хэвтүүлэхээр унтдаг, босгохоор дуга­риг цэнхэр нүдээ нээдэг хүүхэлдэйнээс өөр гоё бэлэг байгаагүй гэнэ. Охид бэлгэнд авсан хүү­хэлдэйгээ орон дээ­рээ сувинер маягаар тавь­чихаад элдэв өнгийн хувц­саар гоёдог байснаа дурсав. Баяржаргал төр­сөн өдрийнхөө зур­гийг аваад ирчихэж. Хүү­хэлдэйгээ тэвэрч бай­гаад найзуудтайгаа ава­хуулсан зургаа нандигнаж явдаг гэнэ.
Зураг зүйн ангийн охид метрийн эрээн даавуу авч складтай юбка хийгээд өмс­чих­дөг байсан гэж байгаа. Тэр дундаа Ичинхорлоо, Баян­жаргал, Баяржаргал, Ган­хуяг нар  янз бүрийн өнгө, загвараар урлан гоёдог байж. Стипенд буухаар хувцас авахдаа мөн л ижил загвартайг авчихдаг байсан гэнэ. Ичинхорлоо ”Сонголт байхгүй болохоор аль гоё харагдсаныг нь гээд сонгохоор бүгдээрээ нэг заг­варын хувцас авчихна. Ямар сайндаа нэг удаа Бүргэд багшийн хичээл дээр хоцорч орж ирсэн Баяржаргал, Баянжаргал, Жавзандулам гурав цугаараа улаан трико өмсчихсөн байж билээ. Бүргэд багш их хатуу, бас их шооч хүн байсан юм. Өнөө гурвыг чинь нухацтай гэгч нь харж мушилзаад самбарын өмнө хичээл завсарлах хүртэл зогсоочихож билээ” гэж хэлээд тас тас хөхрөв. Тэр үед их завсарлагаа 45 минут үргэлжилдэг байжээ. Ангиа төлөөлж ирсэн дөрөв Гандангийн дэл­гүүрийн хажуугийн цай­ны газрын хямдхан амттай хоол авч идэх гэж завсарлагаанаараа гүйлддэг байснаа ярив. Хичээлээс хоцрох ихэнх шалтгаан нь Гандангийн гуанз байжээ.
Эдний ангийн багшийг Сэнгээ гэдэг юм байна. Бүгдээрээ л багшдаа ам сайтай юм. Багшийн хэлсэн үг ангийнханд нь хууль байсан гэнэ. “Тэнгис” кино театрын эсрэг талын өндөр цэнхэр байр, нэгдүгээр хорооллын гурван өндрийг бариулсан зөвлөх инженер хүн аж. Наанаа хатуу ч гэсэн буулт нь зөөлөн, ангийнхныхаа төлөө сэтгэлээсээ зүтгэж чад­даг байсан багштайгаа тэд өнөөдөр ч холбоотой байдаг гэсэн. Тэр үед дотуур бай­ранд орно гэдэг амаргүй даваа байж. Ичинхорлоо гэхэд л ангийнхаа багшийнд амьдардаг байжээ. Хүүхдийг нь цэцэрлэгээс авах, хоол хийх л ажилтай, бусад үед хичээлээ хийгээд л суудаг оюутан байж. Дагвадорж  нутгийнхаа ахынхаас хичээлдээ явдаг байснаа дурсав.

Гуравдугаар курсээ төгсөөд цэрэгт мордсон дөрөв

Зураг зүйн ангийн дөрвөн хүү ангийнхантайгаа хамт төгсөөгүй, зураг зүйгээсээ огт өөр мэргэжлээр сургуулиа дүүргэжээ. Гуравдугаар курсээ төгсөх үеэр нь Дагвадорж, Энхбаатар, Гантулга, Гэрэл­чулуун дөрөвт цэргийн зарлан ирж. Хорооллын дөч­дүгээр сургууль дээр очоод шалгуулангуутаа л тэнцчихэж. Зураг зүйн ангийн гуравдугаар курс гэж хэчнээн тайлбарлаад ч тусыг олоогүй гэнэ. Цэрэгт татлагынхан нэг ангийн хөвгүүдэд “Та нарыг ирэхэд анги чинь байж л байна. Эргэж ирээд орохгүй юу. За одоо гараад ойр дотнын хүмүүстэйгээ уулз. 15 минутын хугацаа л байгаа шүү” гэжээ. Ингээд л ангийнхантайгаа Гандангийн хажууд зогсч байсан авто­бусны наана зургаа авхуу­лаад цэрэгт морджээ. Ангийн хөвгүүдээ цэрэгт үдсэн өнөө хэд нь шөнөдөө такси хөлсөлж өглөө нь хуушуур, чихэр, жигнэмэгтэй эргэж байж. Гэнэт л цэрэгт ачигд­сан оюутан цэргүүд гурван жилийн дараа халагдаж ирээд зураг зүйн ангидаа үргэлжлүүлэн сурах гэтэл анги нь татан буугдчихсан байсан аж. Дагвадорж гэхэд л  геодезийн дөрөвдүгээр курст элсч  шинэ мэргэжлийнхээ учрыг  олохгүй байсаар төгсчээ. Зарим нь бүр геофизик гээд огт өөр мэргэжил эзэмшсэн байна. Халагдсан цэргүүд хэд­хэн сар суралцаад л шинэ мэргэжлээр төгссөн гэж байгаа.

Орос хувцсанд зардаг сарын стипенд
Зураг зүйн ангийн оюут­нууд сардаа 180 төгрөгийн цалинтай. Цалингаа буун­гуут байранд байдаг хэд нь багахан хэсгийг нь ний­лүүлж хүнсээ базаагаад гоё хувцасны эрэлд гардаг байснаа ярьцгаав. Охид Шар хадны орос дэлгүүрээс гутал их авдаг байжээ. Сансарын орос дэлгүүрт тусгай эрх­тэй хүмүүс ордог ч тэр дэлгүү­рийн барааг дамлаж зардаг эмэгтэйгээс ахиу үнээр хувцас авчихдаг байж. Эдний ангийн Дагвадорж бүр дамаар авсан хувцсаа дамлаж зардаг байс­наа ярьсан чинь охид нь гайхаад жигтэйхэн. Баян­жаргал “Чи тийм айхтар дам­чин байсан юм уу” гээд том харж байна. “Тэгэлгүй яадаг юм, би гайгүй наймаачин байсан шүү. Оросын “Кузбак” гэдэг куртикийг 120 төгрөгөөр аваад 250 төгрөгөөр зардаг байсан. Олддоггүй ховрын бараа болохоор хүмүүс тэр дор нь авна. 20 төгрөгийн пүүзийг 60 төгрөгөөр зардаг байлаа. Нэг удаа их дэлгүүр дээр гурван куртик авч очоод хоёрыг нь зарчихаад зогсч байтал энгийн хувцастай ах хүрээд ирдэг юм байна. Ах нь наадахыг чинь авъя наашаа ороод ир гээд нэг өрөө рүү дагуулаад орчихлоо. Гэтэл нөгөө хүн чинь эдийн засгийн байцаагч болж таарсан. Халаасанд байсан 850 төгрөгөө куртиктэйгээ хураалгачихдаг байгаа. Таньдаг хүнээрээ дамжуулан  50 төгрөгийн  авлига өгүүлж байж хураалгасан юмнуудаа буцааж авсан шүү” гэж хэлээд хөгжилтэй  инээлээ. Мань эр үл хөдлөх хөрөнгийн наймаа ч хийж явжээ. 1000 төгрөгөөр хашаа байшин худалдаж аваад 1050 төгрөгөөр зарж байснаа ярихад охид нь мөн л өөд өөдөөсөө гайхангуй харж инээцгээв.

Улаан хамгаалагч хөвгүүд
Говь-Алтайн Чандмань суманд  зуны ажлаар очсон  охид нэг нууцыг бүр хожим нь мэджээ. Хөдөө, гадаа хаана ч очсон шүгэлдэж, чулуу шидээд амраадаггүй сумын залуусын ааш авирын талаар дээд ангийн эгч нараасаа сонссон  охид “Хөөх энэ Говь-Алтайн залуус чинь ямар соёлтой дажгүй юм бэ” гэж өөр зуураа ярьцгаадаг байсан гэнэ. Яг үнэндээ хотын охидтой уулзана гээд хүрээд ирдэг залуустай ангийнх нь хөвгүүд нүүр тулдаг байж. Уулзуулахгүй гэж үзэлцэж, заримдаа бүр зодоон цохиондоо тулж байж явуулдаг байснаа бүр хожим нь охиддоо хэлжээ. Ямар сайндаа л Дагвадорж “Бид чинь ангийнхаа охидыг дөрөв төгстөл нь хүнтэй суулгаагүй. Манай ангийн Бат-Өлзий геодезийн ангийн цэргээс халагдаж ирсэн залуутай үерхэж эхэлдэг юм байна. Анхандаа өнөөхийг нь хавьтуулахгүй, цэргээс ирсэн том залууг хамжиж байгаад нударганы амт үзүүлээд явуулчихдаг байлаа. Тэр хоёр маань өнөөг хүртэл ханилж, сайхан амьдарч байгаа” гэхэв. Эдний ангийн охидоос Уранмандах л тайрмал үстэй бусад нь салаа гэзэгтэй ангидаа цугла­жээ. Харин Говь-Алтайд очих­доо ихэнх нь үсээ тайрчихаж. Хөвгүүд нь “Үсээ тайрсан охинд 100 грамм гучийн чихэр өгнө” гэж хэлээд тайруулсан гэнэ. Тэр үед гучийн, 24-ийн чихэр л хамгийн тансагтаа ордог байжээ. “Чих­рэнд болоод үсээ тайрсан нь үнэн шүү. Тэр үед нархамба, нандин чавга хааяа л үзэгддэг байлаа. Хачин амттай санагдахыг нь яана” гэж Баяржаргал ярив.

Дипломат цүнхтэй хүүхдүүд
Зураг зүйн ангийнхан бусад оюутнуудаас өөр цүнх барьдаг байж. Тэр үеийн дарга нарын барьдаг  дипломат цүнхээр жигдрээд хотын гудамжаар алхахаар үеийнхэн нь гайхан хардаг байсан гэнэ. Дипломат цүнхэндээ дэвтэр биш бич­гийн цаас, ватум, бийр энэ тэр л байнга хийгээстэй. Хичээ­лээ тарж дипломат цүнхээ бариад цусны төв дээр цөөнгүй удаа очсоноо дурсав. Цусаа өгөхөөр дөчин мянгатын баншны кафед нэг, хоёрдугаар хоол идэх таван төгрөгийн талон, 24-ийн хоёр чихэр өгдөг болохоор тэр үеийн оюутнууд цусаа их өгдөг байжээ.

Марзан Бадраа, солгой Ганхуяг…
Эдний ангийнхны төлөөлөл болж цугласан дөрөв ангийнх­ны­хаа монтажийг харж бай­гаад тэрийгээ оруулахгүй бол гомдоно, энийгээ ч ярих­гүй бол болохгүй гэж ирээд ангийнхнаа баахан ярив. Бад­раа гээд Хөвсгөлөөс ирсэн дархад хүүгийн тухай бүгд л “Зүгээр ярьж байгаа нь хүртэл бөөн инээд шүү” гэж ам нийлүүлцгээнэ. Цагийн зүү арван хоёр дээр гозойж байна гэхийг “цагийн зүү зургаа дээр унжиж байна” гэж ирээд л  үг хэлэх бүртээ ангийнхнаа инээлгэдэг нөхөр гэнэ. Анх ирээд нэг жил дуугүй л яваад байж. Нэгдүгээр кур­сээ төгсөх үедээ хэлэмгий, марзан нь дэндээд ирэхэд ангийнхан нь “Чи яагаад дуугүй яваад байсан юм бэ” гэж асуухад “Анх та нарын яриад байгаа үгний заримыг нь  ойлгодоггүй байсан юм аа. Тэгээд л ярихаасаа санаа зовоод байсан хэрэг. Одоо сур­сан юм чинь ярилгүй яадаг юм” гэж хариулж байжээ. Бадраа төгсөөд л нутагтаа очиж мал хариулсан гэнэ. Малчин эр эхнэртээ байсгээд л “Би  залуу цагтаа ганцхан удаа хотод очиж сураад насны хэдэн найзтай болсондоо баярладаг” гэж олзуурхан ярьдаг гэсэн. Эдний ангийн хотын ганц хүү нь Мөнхбаатар. Хамба хилэн хүрмийг өнгө өнгөөр нь өмсдөг дэгжин хүү байж. “Байнга л судалтай улаан цамц ижилсүүлдэг Цэенхүү, Ганхуяг хоёр энэ байна”, “Баяр­жаргал, Баянжаргал хоёр бас байнга цуг явна, бас л хувцсаа ижилсүүлээд өмсчихдөг байсан юм”, “Энэ манай Пүрэвдорж, охиддоо эрхэлдэг гэж шоолуулдаг ганц хүү, одоо ч эрхэлсэн хэвээрээ” гэж ирээд эдний ангийхны зураг бүрийг хөгжилтэй тайлбартайгаар сонирхлоо. Гантулга солгой гараараа бичнэ, хачин гоё зурна, Энхбаатар бас зурна, элэглэнэ, Занданхүү намбатай, намжиртай, Гэрэлчулуун номонд дуртай гээд ангийнхны тухай дурсамж бараг цаг гаруй үргэлжилсэн.

 Багшийнхаа найзынд тэмдэглэсэн хонхны баяр
Хонхны баярын зургаа сонирхуулав. Тэр үеийн оюутнууд төгсөлтийн баяраа аль гай­гүй гэсэн хувцсаа шилж өмсөөд л сургуулийнхаа биеийн тамирын зааланд  тэмдэглэчихдэг байж. Ангиудаас урлагийн номер сонирхуулна, тараад ундаа ууж, торт идээд л баяр дуусдаг бай­сан гэнэ. Ангидаа тортоо идэх гэтэл сургуулийнх нь захирал зөвшөөрөөгүй учраас багшийнхаа найзын гэрт очиж амттанаа хувааж идэж, өдөржин ярьж хөөрч, тоглож байгаад зүг бүр тийшээ салцгаажээ. Зураг зүйн ангийнхан Геодези зураг зүйн газарт ажиллах ганцхан сонголттой. Эдний ангиас төгсөөд шууд мэргэжлээрээ ажилласан хэд хэдэн хүүхэд бий гэнэ. Уранмандах, Баяр­жаргал хоёр геофизикээр хэсэг ажиллажээ. Бат-Өлзий, Санжмаа, Гэгээнтуяа, Баянжаргал нар геодезид  ажиллаж байхдаа хилийн шинэчилсэн зураглалд явж байжээ. Зарим нь хүсэлтээрээ орон нутаг руугаа буцаж жижиг экспедицэд ажиллах зэргээр нэг хэсэгтээ л мэргэ­жил­дээ үнэнч байцгааж. Зах зээлд шилжсэнээс хойш мэр­гэж­лээрээ ажиллах боломж, нөхцөл алга болж дор бүрнээ амьдралын мөрөө хөөцгөөжээ. Ангийн дарга Ганхуяг барил­гын компанийн захирал, Заяа зургийн мэргэжлээрээ  Ховдод их сургуулийн багш, Баяржаргал Засгийн газрын ордонд зохицуулагч, Гэгээнтуяа төмөр замд нярав, Мөнхбаатар Солонгост гэр бүлээрээ амьдардаг  гээд тус тусдаа сайхан амьдарцгааж яваа аж. Хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс олон гэнэ.  Сонирхуулж хэлэхэд зураг зүйн ангийнхан монтажаа өөрсдөө хийсэн юм байна. Хөвгүүд нь дармалаар хачин гоё бичнэ, зурахдаа ч жигд сайн байсан учраас монтажныхаа элдэв чимэглэлийг урлажээ. Багш нь монтажин дээр урил­гын үг, хүүхдүүдийнхээ нэрсийг бичсэн аж. Ирэх сарын 15-нд Зураг зүйн ангийн төгсөлтийн гучин жилийн ой болох юм байна. Тэд сүүлийн жилүүдэд уулзаж амжаагүй Баян-Өлгийн Булган суманд амьдардаг Гэрэлчулуун, Баян-Өлгийн Ногооннуур суманд байгаа Рань, Өвөрхангайн Чимгээ, Багануурын Жавзандулам, Увсын Цэнд-Аюуш, Ховдын Хүдэрбор нарыгаа манай сониноор дамжуулан ойн уулзалтандаа урьсан юм.  

Ц.Баасансүрэн

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Уул уурхайд цахиур хагалж яваа нэг ангийнхан

“Баяжуулалт” гэдэг үг сэтгэлийг нь соронздон татсан байна

Оюутан ахуй цагийн дурсамж хамгийн сайхан байдаг тухай бид ярилцдаг. Тэгвэл энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”-ийн мэргэжлийн гурав дахь төгсөлтийн ангийнхныг урив. Тэдний ангийнхан уул уурхайд цахиур хагалж яваа гэдгийг сургуулийнхан нь хамт олон хүлээн зөвшөөрдөг юм билээ. Тэртээ 1995 онд манайдаа л шинэ мэргэжил болон гурав дахь удаагийн элсэлтээ авч байхад нь “баяжуулалт”-ын мэргэжил эзэмшихээр 32 хүүхэд ШУТИС-ийн хаалга татжээ. Шинэ бүхэн соньхон байдаг хойно хот хөдөөгийн салхи татуулсан залуусын сэтгэлийг соронздон татсан нь зөвхөн “баяжуулалт” гэдэг үг байсан гэхэд хилсдэхгүй. Зарим нэг нь аав, ээжээрээ зөвлүүлэн, нэг хэсэг нь уг үгсийн ид шидийг үзэхээр халуун намраар аав, ээжийгээ дагуулан хөдөө орон нутгаас нийслэл хүрээнд аяны дөрөө мултлан ШУТИС хэмээх их айлд Л.Норовсүрэн багшийнхаа ангийг сонгож байжээ. Тэдний хувьд уул уурхайн салбарын инженер болохоор сэтгэл шулуудсан нь хэзээ ч алдаа байгаагүй гэнэ. Харин ч эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа сэтгэл хангалуун байгаа гэдгээ ангийнхан хэлж байсан юм. “Ангидаа бид гучуулаа байлаа” гээд дуу байдагтай адил ангидаа 32-лаа байсан тэднээс 27 нь 2000 онд мэргэжлээрээ төгсчээ. Нөгөө тав нь ч гэсэн жилийн чөлөө, жирэмсний амралтын хугацаагаа дуусгаад мэргэжлээ эзэмшсэн аж. “Ашигт малтмалын баяжуулалтын технологи”-ийн ангийнхан өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт мундаг инженерүүд болон ажиллаж байгаа тухай анхны ангийн дарга Ц.Давааням, удаах ангийн дарга Б.Чинзориг, М.Мөнхбаяр, Б.Амартүвшин нар хуучилсан юм. Эл ангиас өнөөдөр ШУТИС-даа мэргэжлийнхээ дагуу эрдмийн ажлаа хийж байгаа нь доктор, дэд профессор Бавуугийн Чинзориг аж. Тэрбээр ангийнхаа залуусыг дагуулан баяжуулалтын лаборатори анги руугаа явлаа. Нэг давхрын мухарт шахуу хичээлд суудаг байжээ. М.Мөнхбаяр гэж нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан хэн ч харсан сэргэлэн гэж хэлэхээр залуу ангийнхаа хаалгаар шагайнгуутаа “Өмнөхөөс шал өөр болсон байна. Хүүе ээ, манай Ц.Оюунцэцэг багш маань хичээл орж байна” гэсээр бүгд дуу алдан багшийнхаа мэндийг мэдэн үнсүүлцгээв. Хуучин суудаг байсан ширээ сандал нь өнөө байхгүй ч сэтгэлд нь энэ анги оршсоор ирсэн гэдгийг энэ уулзалтаас харж болохоор байлаа.

Бүх үнэлгээний системээр дүгнүүлж байлаа

“Баяжуулалтын ангийн үе үеийн төгсөгчдөөс сурлагаараа өнөө хэр нь яригддаг анги бол эдний анги яах аргагүй мөн” гэдгийг Ц.Оюунцэцэг багш тодотгосон юм. “Манай анги улаан дипломтой гурав, голч дүн гурваас дээш олон оюутан байсан тухай, шинэ суурь машин байршуулаад лабораторио хичнээн сайхан болсон тухай” тэд ярьцгаасан юм. Тухайн үед эдгээр суурь машинуудыг ганц хөдөлгөж байсан нь манай Амка буюу Б.Амартүвшин байсан юм гэхэд мань эр “Битгий хүн явуулаад байгаарай” гээд ичингүйрэв бололтой доошоо харав. Харин тухайн ангийн Сангийн сайд нь анхны ангийн дарга буюу ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гурван жил “Эрдэнэт” үйлдвэрт баяжуулагчаар ажилласан Ц.Давааням байжээ.
Бусдыгаа бодоход гурван жил том үйлдвэрт ажилласан болохоор ийн нэрлэсэн байж болох юм. Ангийнхан нь есдүгээр сарын нэгэнд хичээл орсны дараа ангийн даргаа сонгоно гэхэд “Танай ангийн дарга Эрдэнэтээс ирж байгаа” гээд хир халдаалгүй байсаар ирснийх нь дараа ангийн даргын албанд тохоон томилжээ. Ц.Оюунцэцэг багш “Манай ангийн ганц мисс охин У.Уламбаярыг М.Мөнхбаяр аваад суучихсан, сэргэлэн хүүхэд шүү” гэхэд угийн сэргэлэн Мөнхбаяр тоглоом наадам болгож “Сэргэлэндээ биш ээ царайлаг, царайлаг” хэмээн ангийнхныхаа дунд хөгжөөн дэлгэв. Ангиас төрсөн хос гэдэг утгаараа одоо ч бахархал нь болж яваа гэнэ.
Тухайн үед Оюунаа багш нь Донецкээс авч ирсэн номон дээрээсээ “… дүгээр хуудсыг уншаад асуугд” гэдэг байсны хүчинд орос монгол толь эргүүлсээр байгаад чамгүй орос, англи хэлтэй болсон тухай тэд ярьцгаасан юм. Оюунцэцэг багшийн хичээлийг түр үймүүлсэндээ хүлцэл өчин хуучин ангиараа явж тэр тэнд суугаад яагаав тэгж байсан даа гээд л халуун яриа үргэлжлүүлэн өрнүүлэх бүлгээ. Харин Оюунаа багшийн хичээл орж байсан баяжуулалтын хоёрдугаар курсийнхэн сиймхий андахгүй ээ гэсэн шиг ганц нэгээрээ танхимаас цувран гарсаар хүн үлдсэнгүй. Тэдгээр оюутнууд компьютер дээр хичээл хийж байсныг харсан Мөнхбаяр “Бидний үед ийм юм юу ч байгаагүй. Одооны дүү нар сайхан болжээ” гэлээ. Тус ангийнхан бүх үнэлгээний системээр дамжсан ганц анги байсан тухай ийн ярьцгаасан юм. Анх оюутан болж ирэхэд нь онц, сайн гэдэг дүн тавьдаг байсан бол 0-6 хүртэл муу, 7-9 дунд, 10-12 сайн, 13-15 онц гэх мэтээр 15 оноогоор дүгнүүлдэг болж сүүлд нь кредит системд шилжихэд нь төгсч байжээ. Тухайн үедээ баяжуулагчийн анги найман охинтой байсан нь Уул уурхайн сургуульдаа л хамгийн олонд нь ордог байсан гэнэ. Ангийнхаа сор болсон найман бүсгүйгээр бахархдаг байсан тухайгаа тэд ам уралдан ярьцгаах аж.  
Ангийн даргынхаа усанд орсон усыг 14 хоног уугаад муудсан юм алга
Баяжуулалтын ангийн эрхэм чанар нь эв нэгдэл, хүн чанар байсан гэдгийг хэн хүнгүй онцолсон юм. Ангийн эв нэгдэл өнөөдөр амьдрал дээр хүртэл хэрэгжиж байна. Тэгээд ч ганцхан манай анги ч гэлтгүй улс орон тэр чигтээ цаашлаад энэ жаахан бөмбөрцөг дэлхий маань эв нэгдэлтэй байх хэрэгтэй юм шүү дээ гэлээ. Энэ тухай Ц.Даваанямыг ярьж байхад М.Мөнхбаяр зэрэгцэн юм ярьж эхэллээ. Гэтэл Давааням “Мөөгий чи больчихооч дээ. Оюутан байхдаа хүний яриан дундуур орж үймүүлдэг хүүхэд байсан. Одоо хүртэл яг хэвээрээ” гэхэд Мөөгий нь “Оюутан байхад бүх хүний анхаарлыг өөртөө татах гээд байдаг байсан Давааням яг хэвээрээ. Ангийн даргын янзаараа байх шив дээ” хэмээн хариуг нь барив. Ш.Уртнасан гэж хөгжилтэй эр байсан тухай тэд ярьцгаалаа. Мань хүн багш нарыг харахад нэг гараараа нүдээ дарчихсан, нөгөө гараараа юм бичиж байгаа мэт хөдөлгөөн гаргадаг байсан ч үнэндээ гараа хөдөлгөн авьяаслагаар унтдаг байсан тухай ярив. Мөн Уртнасан, Д.Эрдэнэчулуун хоёр лабораторийн танхимд унтаж байгаад сэрээд багшийгаа айлгаж байсан тухай нь ярьсан юм. Г.Уранбат, Ш.Алтайсайхан нараас эхлээд бүгдээрээ л толгой холбон цэц булаалддаг байсан аж. Хөгжөөнтэй гэхэд дэндүү хөгжөөнтэй, гуньж, гутарч үзээгүй тийм л цоглог оюутнууд байлаа шүү дээ хэмээн бүгдээрээ ангиа магтах янзтай. Нэгдүгээр курсээ төгсөөд 1996 онд сургуулийнхаа үүднээс ЗИЛ 130 машины тэвшин дээр ачигдан Заамар руу анх алтны уурхайд ангиараа дадлагад явжээ. Анх удаа алт харж амаа ангайтал гайхацгааж байсан гэнэ. Дадлагад гарч байхад нь уурхайнхан ёмкостьтой уснаас ундандаа хэрэглэдэг байж. Зуны халуунд сэрүүцэх газар хайж явсан Давааням өнөө усанд орж сэрүүцчихээд гараад явсныг нь ангийнхнаас нь хэн ч мэдээгүй байна. Өглөө нь ангийнх нь хоёр залуу “Даагий ус уух уу” гээд ёмкостьтой уснаас хүд хүд хийтэл залгилж байхаар нь “Үгүй ээ, үгүй” гэчихээд яваад өгчээ. Дадлага дуусахын урьд өдөр “Би наад усанд чинь орчихсон” гэсэн чинь ангийнхан нь итгэхгүй ёмкость руу тонгойтол усанд палийтал гишгэсэн мөрнүүд байсан гээд хөхрөлдөв. “14 хоног тэр уснаас уулаа гээд манай ангийнхан муудаагүй. Харин ч бүгд сайн яваа” гээд Даагий нөгөө гурав руугаа хараад инээмсэглэв. Тэд нэгдүгээр курстээ ерөнхий эрдмийн хичээлээ үзэж байсан тул уурхайд очихдоо алтыг зүгээр л жоотуудаад, хүрздээд гаргаж ирээд тэврээд явчихдаг ухааны юм бодож байсан тухайгаа ч нуусангүй. Дадлага хийгээд буцахдаа нэг нэг ширхэг алтны талст хэлэн дээрээ тавьжээ. Ангийнхан нь юм ярих гэхээр алт нь унах гээд байсан тул загас мэт дуугүй явцгаасан байна.
Тэдний ангийнхнаас өнөөдөр Б.Бадамцэцэг, А.Дэлгэрмаа нар Бор-Өндөрийн уурхайд, Багануурын уурхайд П.Ариунаа инженерээр, Ш.Уртнасан Бороо гоулдад ажиллаж байгаад одоо Оюу толгойд ажиллаж байгаа гэнэ. П.Очирбат Геологийн төв лабораторийн баяжуулагч инженер, Эрдэнэт үйлдвэрт З.Мягмарсүрэн, А.Мөнхболор, Н.Батжавхаа, Т.Баярбат, М.Алтансайхан, П.Батсайхан гээд Монголын томоохон бүхий л уурхайд амжилттай ажиллаж байгаа гэдгээр бахархав. Харин ангийн анд Б.Очирбал нь АНУ-ын Финикс-д уурхайд томоохон албан тушаал дээр ажиллаж байгаа гэлээ. Ийн ярилцаж байтал Мөнхбаяр “Даагий чи уурхайд очвол уурхайн дарга болно доо” гэхээр нь мань хүн найзынхаа үгэнд орж Төв аймгийн Сэргэлэн сумын Хүдэр эрдэнэ компанийн уурхайд очоод 14 хоноод уурхайн дарга болж байсан дурсамжаа ярив. Түүнээс хойш Монгол газар компанид урилгаар очиж баяжуулах цехийн даргаар ажилласан бол Жигүүр гранд группын уул уурхай эрхэлсэн захирлаар ажиллаж байгаад өдгөө Мөнхбаярынхаа хамт хувийн компани байгуулан зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. 
“Өө. Та нар яасан өөдгүй хүүхдүүд вэ”
ШУТИС-ийн хоёрдугаар байрны жижигхэн гуанз олон удаа аминд нь орж байсан тухай ярьцгаасан юм. Өлссөн үедээ тийшээ орж 100 төгрөгөөр нойл шөл авч ууна. Мөнгөгүй үедээ муухай царайлаад ороод ирэхэд Батаа эгч үнэгүй шөл өгдөг буянтай хүн байсан шүү гээд хуучин гуанз байсан газар руугаа заалаа. Дөрөвдүгээр сарын нэгний хичээлийн өдөр гуанзанд ороод архины шилэнд ус хийгээд ширээн дээрээ тавиад ууж байжээ. Гаднаас Алимаа багш ороод ирэхээр нь “Багшаа нааш ир. Ганц татчих” гээд шилэн аяганд ус хийгээд өгчээ. Ийш тийшээ нэлээд гярхай харж байгаад өнөө уснаас балгаад тавьчихаж. Тэгснээ “Өө. Та нар яасан өөдгүй хүүхдүүд вэ” гээд эргээд алхжээ. Тэгэхэд багш төрөх дөхчихсөн байсан. Түүнээс болж тусгүй зүйл болох дөхсөн шүү гэлээ. Нэг удаа дадлагаар уурхайд ирчихээд байсны дараа жолооч нь өлгөөтэй байсан усан бууг харчихаад “Машинаа угаачихъя” гээд өнөө усан буугаар машин руугаа буудтал бүхээгийг нь тэр чигт нь хуу хамаад явчихсан хөгжилтэй дурсамж хуучлав.
Нэгдүгээр курст ирснийхээ дараа Уулын факультетийнхэн нь нэг ангийнхан шиг ойр дотно нөхөрлөж нэг цул болсон тул дээд курсийн ах нар нь халдаж зүрхэлдэггүй байжээ. Тэдний ангид газар газрын атаманууд цугласан байсан ч хичээлээ ягштал хийдэг байсны дүнд өнөөдөр бүгд ажил, амьдрал аль алинд нь толгой өндөр яваа юм билээ. Атаман байлаа гээд дээрэлхүү зан гаргаж байгаагүй гэдгээ тэд чин сэтгэлээсээ хэлсэн юм.


Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гарын шавь болсон азтай залуу
Ангийн онц сурлагатан Б.Чинзориг “Хаана ч очсон манай ангийнхан байдаг. Аль ч уурхайд бүгд инженер, даргаар ажиллаж байдаг тул илүү зардал гаргаад буудалд байрлах ч шаардлага гардаггүй. Харин ч манайд ирсэнгүй гээд сүүлд нь бөөн гомдол болдог” гэв. Тэрбээр “Богино конуст гидроциклоноор хүдэр баяжуулах боломжийн судалгаа” сэдвээр техникийн ухааны, 2002 онд “Монгол Улсын Эрдэс баялгийн цогцолборын удирдлага зохион байгуулалтын бүтцийн шинжилгээ” сэдвээр үйлдвэрлэлийн менежментийн магистрийн зэрэг хамгаалсан байна. Харин 2011 онд “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мэргэжлийнхээ чиглэлээр “Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс” номыг Австрали, Монголын эрдэмтэдтэй хамтран бичиж, хэвлүүлсэн бол эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан гэнэ. Тэрбээр сургуулиа улаан дипломтой төгссөн тул сургуулиас нь магистрийн зэрэг хамгаалах урилга өгчээ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон “Чи магистрийн урилгатай ирсэн бол цааш суралцах хэрэгтэй. Дэмжинэ” гээд буцаад суралцуулахаар болжээ. М.Пүрэв-Очир багш нь сургуульдаа үлдээх сонирхолтой байгаагаа сургуулийнхаа хамт олонд хэлжээ. Чинзориг 2004 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын шавь болж, докторт бэлдэж эхэлсэн байна. “Тогтвортой хөгжлийн хэв шинж, загварын судалгаа” сэдвээр энэ чиглэлд Монголдоо анхны судалгааг хийж байжээ. Тэрбээр багшийнхаа талаар “Очирбат багш хүн сургах өвөрмөц аргатай” гэсэн юм. Би чинь Очирбат багшийнхаа шавь болсон азтай залуу, ховорхон хувь тохиолын эзэн шүү дээ хэмээн багшаараа болон өөрөөрөө бахархан суусан юм. Түүний ширээний ард анхны Ерөнхийлөгчийн зураг залраастай байсны утга энэ байлаа.

“Чи наад зэрлэгүүдээ аваад зайл”

Ангиараа шинжлэх ухааны доктор, профессор С.Гэрэлтуяа багшаасаа айдаг байсан бол Ц.Оюунцэцэг, Г.Бадамхатан, М.Пүрэв-Очир, Б.Алтантуяа, Ц.Туяа, Ц.Цэрэндулам, Ш.Халтар, Ш.Цэвээндорж зэрэг олон эрдэмтдээс номын дуу сонсож явснаа их хувь тохиол хэмээн бэлгэшээдэг юм байна. Тэд лаборатори 1, 2 гэсэн ангид хичээллэдэг байсан бөгөөд өнгө муутай ангиа будах будаггүй ч шөнөжин угааж байгаад өглөө нь шил толь мэт гялалзсан ангид хонхны баяраа тэмдэглэж байжээ. Тэдний ангийн залуус хөдөлгөөнтэй тул хонхны баяраар бужигнуулах байх даа гэж бүх багш нар ярьж байсан ч хамгийн үлгэр жишээ байж захирлаасаа хүртэл талархлын үг сонсож байснаа бахдан ярьсан юм. Энэ үеэр анхны ангийн дарга Ц.Давааням Цэдэндорж багш дуудахаар нь яваад ортол “Чи наад зэрлэгүүдээ аваад зайл” хэмээхэд чихнээс нүүр хүртлээ улайж байснаа дурссан билээ. Зарим үед ангийнх нь залуус сургуулийнхаа ариун цэврийн өрөөг дотроос нь түгжээд тоглоод суудаг байж. Багш нар нь хүртэл ариун цэврийн өрөөнд орж чадахгүй аргаа бардаг байсан тухай дурсав. Монгол орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон яваа нэг ангийнхны дурсамж энэ мэтээр хөвөрнө.
Сургууль төгсөх жил “Энэ хэдэн охид минь яана даа. Эрэгтэй хүмүүсийн дунд явсаар байгаад эрэгтэй хүнээс ялгаагүй болчихлоо” гэж санаа зовдог байжээ. Одоо гэтэл бүгд сайхан гэр бүл, сайхан ажилтай хангалуун амьдарч байгааг хараад баярладаг шүү гэдгээ хэлцгээсэн юм.
Ангийг хамгийн нягт болгодог зүйл дадлага байсан тухай ярьцгаав. “Хэн нь хэн бэ гэдэг нь дадлагын үед л ил болдог юм даа тиймээ хө” хэмээн Мөөгий Даагий руу жоготойхон хараад инээд алдав. Хоёрдугаар курстээ Лайхансүрэн багшийнхаа хичээл дээр ангиараа курсийн ажил хийхээр болжээ. Тухайн үед компьютер, бичгийн машинаар бичсэн курсийн ажлыг авахгүй гээд заавал гараар бичсэнийг нь авдаг байж. Учир нь инженер хүн өөрийн штомбтой байх ёстой гэж үздэг байсан гэнэ. Олон хүн дотор хичээл хийдэг, хийдэггүй хүн байдаг ч гэсэн шалгалтын үед багшаас дүн гуйхгүй бор зүрхээрээ зүтгэж байгаад ард нь гардаг байжээ. Тухайн сэдвээ ягштал ойлгож аваад ороход ямар ч багш онц дүнгээ харамлаж чаддаггүй байсан гэнэ. С.Гэрэлтуяа багш нь нэг удаагийн шалгалтан дээр Б.Чинзоригоос асуулт асууж онц тавихынхаа өмнөхөн “Шохойн чулууг юунаас гаргаж авдаг юм” гэхээр нь багшийгаа тоглож байна гэж ойлгоод инээгээд бостол “Үүнийг мэддэггүй юм уу” гээд шууд сайн тавьж байжээ. Тухайн үед багшийн өөдөөс тайлбар хийх эрхгүй тул дуугүй гарч байсан бол ангийнх нь нэг залууг асуултаар булж байгаад “Төлбөр чинь хаанаас хийгддэг вэ” гэхэд нь “Эрдэнэтээс” гэтэл “Шороо цацаад өгнө дөө” гээд гаргасан байна. Дараагийнх нь шалгалтаа өгөхөөр ортол “Төлбөр чинь хаанаас хийгддэг вэ” гэж асуухаар нь “Хувиараа” гэжээ. Гэрэлтуяа багш “Ингэж байхаар Эрээн рүү наймаа хийж байхгүй яасан юм” гэсэн байна. Энэ мэтчилэнгээр тус ангийнхны хөгжөөн наргиан, оюутан ахуй цагийн гэрэл гэгээт дурсамжууд дуусахгүй.

Э.ЭНХБОЛД