Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Анхны Ерөнхийлөгчийн нэг анги

Нийслэлийн арвандөрөв­дүгээр бүрэн дунд сургуулийн анхны буюу 1960 оны төгсөгч­дийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тэд эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсан, гавьяатай эрхмүүд. Энэ ангид Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монголын нефть хангамжийн салбарыг өөд нь босгосон ууган мэр­гэжилтэн Маньбадар, 200 гаруй сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн эдийн засагч Дарьчулуун, Эрдэнэт, Бүрэнцогт, Мардай зэрэг уурхайн төслүүдэд эх орны нүд чих болж ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир, ШУТИС-ийн доктор, багш О.Батмөнх, Шараа нар сурч байжээ.

Товлосон цаг, болзсон газартаа анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүтэй арваад хүн цугларчээ. Нэгнийхээ амар мэндийг мэдэлцэхийн сацуу ирж амжаагүй бусдынхаа тухай бие биеэсээ сураглацгаана. “Байнга уулзалдаж, холбоо харилцаатай байхыг хичээдэг ч жилдээ ганц хоёрхон л уулзалдах юм. Нас өндөр болоод явах суухаа үр хүүхэд, ач зээ нараараа заалгадаг болоод байна шүү дээ. Харамсалтай нь уулзах бүрт ширээ тойрсон хоосон сандлууд нэг нэгээр нэмэгдээд …” гэцгээснээ дор бүрнээ чимээгүй болцгоов. П.Очирбат “Бурхан болсон гэдгийг нь дуулаад сүүлд нь 20, 20 мянган төгрөг цуглуулж ар гэрийнхэнд нь өгөх биш, амьддаа л аль болох олон уулзалдахыг хичээх юм” гэвэл бусад нь “Тэр ч ёстой үнэн шүү” гэцгээн толгой дохив.

Тэд 1960 онд аравдугаар ангиа 32-уулаа төгссөн бөгөөд өдгөө 17 нь сэрүүн тунгалаг, насны намартаа сууна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат “Хар хилэн формоо өмсөөд, улаан бүчээ зүүгээд дэгж, дэрвэж явсан нь өчигдөрхөн мэт санагдавч өдгөө хагас зуун жил өнгөрчээ. Бараг хоёр хүүхэд тутмын нэг нь бурхан болж. Хорвоогийн жам юм даа. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэе” гээд өндийвөл бусад нь ч мөн адил босч зогсон, хэсэг дуу хураалаа. Тэдний сургуульд 1958-1959 оны хичээлийн жилд нийт 70-аад сурагчтай есдүгээр ангийн хоёр ч бүлэг хичээллэдэг байсан ч аравдугаар ангид тэн хагас нь л тэнцэн, элсэн оржээ. Тэр ч утгаараа эдний ангийнхан бүгд хичээл сурлагадаа жигд сайн байсан талаар ангийн дарга Эрдэнэ-Очир “Өнөөдөр бол бага, дунд, дээд гээд аль ч шатны сургуульд элсээд, төлбөрөө төлсөн л бол төгсдөг. Бидний үед тэгдэггүй байсан. Сахилга бат сул, хичээл сурлагадаа тааруу сурагчдыг үг дуугүй улираана. Хичээл сурлагаас гадна зан суртахууныг давхар шалгана. Энэ өндөр шалгуурыг давж манай ангийнхан төгсөх жилээ бүрэлдсэн юм. Харин П.Очирбат наймдугаар ангиасаа шууд арав руу дэвшиж орж ирсэн. Шалгалт дээр бүгд онц сайн авдаг байсан учраас дүнгээрээ бус шалгалтын материалыг хэн хэдэн минутад хийхээрээ өрсөлддөг байлаа шүү дээ. Шалгалтын хугацаа 40 минут байтал ангийнхны маань талаас илүү нь 30 минутын дотор хийчихнэ. Хичээл завсарлатал ангийн гадаа хүлээх зуураа “Би 28 минутад өөрийн вариантынхаа таван даалгаврыг хийчихээд багшид хураалгасан” гэвэл “Би тэрнээс чинь ч өмнө хийж дуусчихаад, материалаа хянаж байсан юм. Хэрэв багшид шууд хураалгасан бол чамаас түрүүлэх байсан. Хэн гурав дөрөвт орлоо” хэмээн ярилцах зуур шалгалтын хугацаа дуусч, хонх дуугарахад ангид үлдсэн хүүхдүүд хажуугийн вариантаа давхар хийгээд хугацаа алдчихлаа” гэсээр гарч ирдэгсэн” гэвэл бусад нь “Үнэхээр тийм шүү” гэцгээн толгой дохив. Бүгд сурлагадаа жигд сайн байсан учраас хоёр хүүхэд тутмын нэг нь тухайн үеийн ЗХУ буюу хойд хөршид суралцан, мэргэжил эзэмшжээ.

Өдгөө автын инженерээр ажиллаж буй Нарангэрэл ангийнхаа Тогостой гэрлэжээ. Тэд энэ ангиас төрсөн хос. Бүр, нэг ширээнд тохой нийлүүлэн суудаг байжээ. Ангийн хөвгүүд нь Нарангэрэлийн захиаг, охид нь Тогосынхыг өөр хооронд нь зөөдөг байснаа дурсан ярилцана. “Тэр үед одоогийнх шиг гар утас бүү хэл гэртээ телевизор, радиотой айл ховорхон байлаа. Сэтгэлээ илчлэхдээ бүгд захиа бичнэ. Манай ангид дан захиа бичдэг, түүгээрээ “мэргэшсэн” хүүхдүүд ч байлаа. Бүр захианы төрлөөрөө шүү. Хайрын захиаг бол Цэрэнханд, хэн нэгнээс уучлал хүссэн захиаг Дамдинсүрэн бичдэг байлаа” гэцгээв.

Тэд бол сургуулийнхаа анхны төгсөгчид бөгөөд төгсөлтийн баярынхаа үеэр сургуулийнхаа гадаа мод тарьжээ. П.Очирбат “Одоогоос 55 жилийн өмнө тохой хэрийн урттай зулзаган хус, хайлаас тарьсан. Сургуулийн жижүүр, манаач нар сайн усалж тордсоны хүчинд хэдхэн жилийн дотор сагсайтал ургасан. Одоо бид өвгөрч, хөгшрөөд жижгэрсэн бол бидний тарьсан зулзаган модод сургуулиас өндөр ургасан харагдана лээ. Багахан цэцэрлэгт хүрээлэн болчихсон юм уу даа. Хааяа салхинд гарахдаа, сургуулийнхаа хажуугаар, тарьсан моддынхоо доогуур алхах юутай сайхан. Сургууль руугаа орвол хана тааз, ширээ сандлаас өгсүүлээд шатны гишгүүр бүрт шингэсэн нандин дурсамж сэргэдэг байсан. Хэрэв тэд бүгд хэл амтай байсансан бол мөнчиг сайхан түүх өгүүлэх байсан даа. Таван жилийн өмнө бид ангийнхаа ширээ сандал, шал зэргийг иж бүрнээр нь шинэчилж өгч байлаа. Харамсалтай нь хоёр жилийн өмнө сургуулийн барилга нурж магадгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гараад, орохыг хориглочихсон. Сурагчид нь ойр хавийн гурав, дөрвөн сургуульд хуваагдаж очсон сурагтай байна лээ. Сургуулийн барилгыг шинэчлэх ажил эхлэхгүй удсан учраас саяхан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй биечлэн уулзсан. Сайд ирэх жилээс шинэ сургууль барих төсөлд хамруулж өгөхөөр амласан” гэв. Тэд төрөлх сургуулиа барихад гар бие оролцжээ. Тоосгыг нь зөөж, элсийг нь шигшиж байсан гэнэ. Тэр ч утгаараа сургуульдаа элгэмсүү байдаг бололтой.

Тэгтэл нэг нь “Ангиараа олон ч удаа жүжиг давтаж, түүнийгээ хөдөө малчдад тоглодог байснаа санаж байна уу” гэвэл “Яалаа гэж мартах билээ. Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын “Нэг анги” зохиолыг өдөр шөнөгүй бэлтгээд, Хэнтий аймгийн Давшил нэгдлийн малчдад сонирхуулна. Муухан жүжигчнээс хавьгүй дээр. Ямар сайндаа малчид өөр хоорондоо “Ажилд туслуулахаар сурагч хүүхдүүд явуулна гэсэн чинь жүжигчид илгээсэн юм биш үү”, “Харахад хүүхдүүд хэрнээ жүжиглэж байгаа нь томчуудаас ялгаа алга” хэмээн ярилцаж байсныг тодоос тод санаж байна” гэсэн юм.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангиа алгасаад, шууд аравдугаар ангид элсэн оржээ. Сурлага сайтайгаас гадна наргианч, хүнээр тоглоом хийхдээ элдэвтэй гэдгийг ангийн нөхөд нь хуучилна. Түүнчлэн “Ерөнхийлөгч болсон ч гэсэн бидэнд бол ангийн хүүхэд хэвээрээ” хэмээн Төөдөө хэлэв. Тэрээр “Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа П.Очирбат ажил хэргийн шугамаар Ховд аймаг орсон. Би тухайн үед Ховдод малын эмчээр ажилладаг байв. Олон жил уулзалдаагүй ангийн хүүхэдтэйгээ уулзаад мэндийг нь мэдчихмээр байсан ч улсын тэргүүнд амар ойртуулахгүй нь мэдээж. Ямар ч байсан холоос ч болтугай бараа сүрийг нь харчихъя гэж бодоод яваад очлоо. Тэгтэл цугласан олны дундаас намайг таниад, танихаар барахгүй гар бариад тэвэрсэн. Бүр хэсэг зуур ярилцаж зогссон. Чи минь хэзээний хар хэвээрээ шив дээ гээд надаар тоглоом хийхээ мартаагүй. Тэгэхэд ангийн анд минь мөн дөө гэсэн өөриймсөг бодол төрж байсан. Одоо ч хэвээрээ” гэв. П.Очирбат “Манай ангид надаас гадна дуурсах алдар, бүтээсэн гавьяатай эрхмүүд олон бий. Наад зах нь 60, 70-аад онд Тээврийн яаманд ганцхан газрын тосны мэргэжилтэн байсан нь манай Маньбадар. Тэрбээр 1978 онд нефть хангамжийн бааз болон 1992 онд НИК-ийг толгойлон байгуулж явсан нэгэн. Эдийн засагч, ангийн анд Дарьчулуун бол Монголын бараг бүх сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн. Эрдэнэтээс авахуулаад Мардай зэрэг уурхайн төслүүдэд ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир болон доктор, О.Батмөнх, Шараа нар бий” гэв.

Тэд сургуульдаа анх удаа “Анд нөхөрлөлийн зөвлөл”-ийг байгуулжээ. Уг зөвлөлийн хурал долоо хоногт нэг удаа, хичээлийн бус цагаар болох бөгөөд ангийнхан бүгд гишүүд нь. “Хичээлээ тасалж, муу сурч, сургууль завсардан, хэн нэгнийг дээрэлхэн, үг хэлээр доромжилж, зодоон цохион хийдэггүй их л “дэгтэй” байсан та бүхэнд ийм зөвлөл байгуулах хэрэг байсан юм уу” гэвэл “Хурлаараа бид хэн нэгнийгээ шүүмжилж, шийтгэдэггүй байсан нь үнэн. Тэгэх ч шаардлага байдаггүй байсан юм чинь. Харин бид хичээлээс гадуур ямар ном зохиол унших, гэрийн даалгавраас гадна нэмэлт дасгал хичээл хэрхэн хийх, хүн бүл дутмаг нэгнийдээ хэзээ ус түлээг нь бэлдэлцэж өгөх зэргийг ярина. Бас хөдөө орон нутагт илгээлтээр очиж, тэндхийн малчдад толилуулах жүжгээ ч бэлдэнэ” хэмээн тэд хариулцгаасан юм.

М.Дорж “Ангийнхантайгаа уулзана гэсэн чинь манай ач нар мэл гайхчихсан. Хөгширчихсөн хэрнээ одоо ч нэг анги хэвээрээ юм уу гэж хүртэл асуусан. Тэгэхээр нь өвөө нь та нар шиг жаахан байхдаа сургуульд сураад, ангийнхантайгаа та нарын нэгэн адилаар хөөцөлдөж тоглож байлаа. Түүнээс биш өвөө нь төрөлхийн ийм хөгшин байгаагүй юм шүү гэхээр нээрээ тийм шүү дээ гээд инээлдээд байгаа юм. Тэгснээ бас ангийнхан чинь бүгдээрээ ирэх үү, бас тантай адилхан хөгширчихсөн үү гээд элдвийг шалгааж гарсан даа” гэвэл бусад нь “Бид нар ч мөн ялгаагүй. Ангийнхныхаа уулзалтад явлаа гэхээр гайхаад байдаг юм. Одоо өвгөчүүл, эмгэчүүл болоод алхаж гишгэх, хаашаа явахаа хүүхдүүдээрээ цагдуулдаг болоод байна. Арга ч үгүй биз дээ, автобусанд 15 мөнгөөр зорчдог байх үеийн сурагчид юм чинь. Одоо бол ач зээ нараа дагаад тоглоомын талбай л ордог ажилтай” гэцгээв.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Чойномын шүлгээр амьсгалж “чонын авд” буугүй гарцгаасан нэг ангийнхан

11-ийн А ангийнхан сургуулийнхаа 90 жилийн ойгоор

Монголд сайн бүхний, шинэ бүхний үндсийг тавьсан нэгдүгээр сургууль руугаа очиж явна. Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит үлгэр жишээ лаборатори нэгдүгээр сургууль хэмээн нэрлэгдэж байж билээ. Энэ сургуулийг Монголын нэрт сурган хүмүүжүүлэгчид, гавьяат багш Д.Гомбосүрэн, Ж.Ичинхорлоо, Э.Раднаа, Н.Норов, Л.Цэрэндорж нарын зэрэг гавьяатнууд, эрдэмтэн мэргэд удирдаж байж билээ. Эндээс Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит математикийн олимпиад орон даяар дэлгэрсэн түүхтэй. 1961 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч ерөнхий боловсролын дунд сургуулиудыг 8, 11 жилийн хугацаатай болгон, цөөн хэдэн сургуулийг туршилтын журмаар хичээллүүлэхэд Улаанбаатар хотоос хоёрхон сургуулийг сонгож авсны нэг нь нэгдүгээр дунд сургууль. Туршилтыг амжилттай биелүүлж, 1965 онд анхны төгсөлтөө хийж байсан 11 дүгээр ангийн А, Б, В гурван бүлгийнхэнтэй уулзаж байна. Энэ ангийнхнаас Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Адилбиш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Д.Баяр, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ш.Долгормаа, доктор Р.Нарантуяа, Д.Сарантуяа, Ж.Мандахбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын төрийн ёслолын асуудал хариуцсан шинжээч, ахлах шинжээч, төрийн ёслолын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хурандаа Д.Нямбаяр, Монгол Улсын зөвлөх инженер С.Должин, салбарын тэргүүний ажилтан С.Тунгалаг, Ц.Батжаргал, Л.Батсүх, Г.Болдбаатар, Г.Доржготов, А.Бямбасүрэн, Б.Гомбосүрэн, Ч.Цогбадрах, ахмад инженер Д.Бямбасүрэн, нисгэгч Ц.Даваасүрэн нарын зэрэг олон алдар цуутан төрж гарсан юм. Энэ ангийнхнаас төрийн дээд шагнал хүртээгүй хүн бараг байхгүй байх. Үлгэр жишээ сургуулийн үлгэр жишээ төгсөгчид гэгддэг юм. Сурагчийн амьдралын сураг тасардаггүй дурсамжуудаас сөхье.

АДУУН ЦАГААН ШҮДТЭЙ, АРАЙ Л ЯНЦГААДАГГҮЙ БАГШ

Арван жилийн хүүхдүүд багш нараа их сонжино. Даан ялангуяа шинэ багш хүрээд ирвэл бараг л хөлөөс толгойг нь хүртэл харж багшдаа “дүн” тавина. Нэг өглөө Монгол хэл, уран зохиолын багш Намжимын Очирбат гэж залуу ороод ирж. Улсын их сургуулийг дөнгөж төгссөн, шүлэг зохиол бичдэг, “Хан хурмаст” номоо хэвлүүлчихээд хаа хамаагүй уншиж яваа, шүлгийн донтон”. Гуалиг тэгшхэн нуруутай, алхаж гишгэх нь хүртэл бараг бүжиг хийж байгаа юм шиг санагдана. УИС-д байхдаа Улаанбаатар хотын нийтийн бүжгийн аварга болчихсон юм чинь аргагүй шүү дээ. Н.Очирбат багш програмт хичээлээ заачихаад заавал тав арван минут үлдээнэ. Тэр минутандаа, Монгол, Оросын голдуухан яруу найрагчдын шүлэг уншиж сонирхуулна. Голдуухан, Р.Чойном мэтийн яруу найрагчдын “хориотой” шүлгээс уншина. Шавь нар нь ангайтал чагнаж, хичээл тараад явахдаа цээжилчихсэн байдаг гэнэ.

…Өө хэлбэл би өнгөгүй хүн

Өвөртөө би мөнгөгүй хүн

Тэгэвч би зүрхтэй хүн

Түүнд дурлах эрхтэй хүн… гэхчлэн шүлгийн мөрүүдийг тавин жилийн дараа Санжидын Тунгалаг цээжээр уншиж байна. Энэ ангийнхан бараг бүгдээрээ шүлэг бичнэ. Эмхтгэвэл томоо ном болох байх. 11-ийн “Б” бүлгийн сурагч С.Тунгалаг нь ангидаа ном их уншдаг, өргөн цар хүрээтэй сэтгэдэг, сайн зохион байгуулагч гэдгээрээ онцгой хүүхэд байв. Тэрээр Анагаах ухааны дээд сургуулийг эрүүл ахуйч их эмч мэргэжлээр төгссөн анхдагчдын нэг. Эрүүл ахуй халдвар нян судлалын улсын институт, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт олон жил үр бүтээлтэй ажиллан, эрүүлийг хамгаалахын болон мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан болсон юм.

Эдний ангийнхан Н.Намнан багшийгаа дурсах дуртай. Анх “А” үсэг нүдлүүлсэн багш нь. Намнан багш хичээлээ заачихаад төгсгөлд нь заавал нэг сонин ном зохиол уншиж өгнө. “Айболит доктор”-ыг уншиж өгсний нь дараа, маргаашийг тэсч ядан хүлээдэгсэн гэж шавь нар нь одоо хирнээ дурсана. Намнан багш нь бяцхан шавь нартайгаа хэдэн арван жилийн дараа уулзахад, бүгдийг овог нэрээр нь асууж байдаг онцгой ой ухаантай хүнсэн.

11-ийн “Б” ангийнхан сургуулиа төгсгөөд их, дээд сургуульд орох нь орцгоож, нэг хэсэг нь алсын моринд дөрөөлж байж билээ. Бүжинлхам, Сэлэнгэ нар Москва руу, Пүрэв, Сарантуяа нар Бухарест руу, Бямбасүрэн Будапешт рүү, Шийтэр Герман руу, Төмөрхуяг Киев рүү, Доржготов Одесс руу, Төмөрбаатар Даваасүрэн нар Югослав руу гэхчлэн эрдмийн моринд дөрөөлөөд, эргэж уулзахын билэгтэй сайхан ерөөл тавьцгаагаад, уйлалдан, дуулалдан холдоцгоож байснаас хойш тавин хаврын цэцэг дэлбээлж, тавин намрын цэцэг гандаж дээ.

Энэ ангийг, шаазгай шиг хорин нэгэн охид, хөвгүүд төгсөөд, гар гараасаа хөтлөлцөн инээж хөхөрч явсан дунд Шаравын Долгормаа охин, тас тас инээгээд алхаж л байсан. Өнөөдөр тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, өндөр дээд хүндэтгэлийн эзэн болсон байна. Тухайн үеийн Найрамдлын районы эмнэлэгт хүүхдийн эмчээр ажлын гараагаа эхэлж байсан тэрээр, районыхоо эмнэлгийн ерөнхий эмч, Нийслэлийн эрүүлийг хамгаалах газарт мэргэжилтэн, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн 13 дугаар төвд ерөнхий эмч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн орлогч дарга… гэхчлэн албыг хашиж, очсон газар болгондоо ажил сайжруулж, тэргүүний хамт олны зэрэгт хүргэж байсан, аргагүй л гавьяатай нэгэн. Тэрээр, миний өчүүхэн амжилт бол биднийг ажил амьдралын их замаар хөтөлж явсан хайрт багш Цэгмид, Намсрайжав, Нэргүй, Дашжамц, Олзвой нарын олон багшийн минь ач гавьяа гэж ярих дуртай.

Үйлдвэр сургалттай анхны 11 дүгээр ангийнхнаас олон хүн барилгын зураг архитекторийн мэргэжил эзэмшсэн байдаг. Тэдний нэг ньРумын улсын Бухарест хотын Ион Минкугийн нэрэмжит архитекторийн их сургууль төгсгөж ирээд архитекторч, хот төлөвлөгчөөр ажиллаж байсан доктор Д.Сарантуяа агсан юм. Тэрээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шинэ Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөө, сумуудын ерөнхий төлөвлөгөө зэрэг асар их ажлыг амжуулж докторын зэрэг хамгаалсан буянтан билээ. 11-ийн “Б” бүлгийнхний амжилт бүтээлийг багтаана гэвэл, цаг цаас хүрэхгүй биз ээ.

НОГООРСОН БООРЦОГ ИДЭЖ, НОХОЙТОЙ АНД ЯВЛАА

Би, энэ ангийнхныг даргаас нь эхэлье гэж бодсон юм. Зураас зурдаг л хүн бол та, Зургийн институтын Должинг мэднэ дээ. Энэ ангийнхан хэд хэдэн онцлогтойг би түрүү цухас дурдсан. Гол нь 11 дүгээр анги төгсөхдөө сурагч бүр нэг мэргэжил эзэмшдэг байсан юм. Батжаргал будагчны 3, Болдбаатар мужааны 3, Должин радио засварын техникчийн 3 гэх мэт мэргэжлээр төгсч байв. Нөгөө нэг онцлог нь энэ сургууль, ангийнхан бүгд шеф газруудтай. Зуныхаа амралтаар тэндээ очиж практик дадлага хийнэ. Должингийнхон Хэнтийд очсон нэг дадлага сонирхолтой болов уу. Хүүхдүүдийг хоёр хоёроор нь хадланчдад хуваарилж 11-ийн “А”-гийнхныг Хэнтийн Биндэр суманд хуваарилсан юм. С.Должинг, гавьяат багш Далхжавын охин Ганчимэгтэй хамт Биндэр сумын Сэрүүн-Галтад ардын уран зохиолч С.Эрдэнэ агсны ах адуучин Сэнгээгийнд хуваарилав. Эндхийн хүмүүс, тарвага алж идчихээд, тараг, сүү голдуухан хооллоно. Хүүхдүүд очсон өдрөө л амьдралын сонинтой учирлаа. Хоолных нь хоёр тарвагыг алж ирээд, дадлагын сурагч Должингоорөвчүүлэх болов. Анх удаа тийм “хөөрхөн” амьтантай учирч байгаа. Амьгүй ч гэсэн нүд нь бүлтийгээд ямар өрөвдмөөр санагдсан гээ. Аргагүйн эрхэнд урж тасчин байж, өвчсөн болов. Шөнө нь тарваганы хоёр нүд харагдан хар дарж орилж сэрээд, халуурч бие нь муудлаа.

11-ийн “А” ангийнхан сургуулиа төгсгөхөд бүгд нэг нэг мэргэжилтэй болсон тухай түрүү өгүүлсэн. Х.Адилбиш бол радио техникийг их сонирхдог, зүүдэндээ “Радиогоосярьж байна” гээд босоод ирдэг хүүхэд байсан. Тэгээд ч сургуульд байхдаа 50, 100-втын радио өсгөгч угсран, “Эх орон-52”, “Люкс” хүлээн авагчуудыг засчихдаг болсон юм. Бас машин судлалын дугуйланд суралцаж, Лингафоны кабинет байгуулах зэргээр техникийн их сонирхолтой хүүхэд байв. Тэр ч чанараараа цахилгаан эрчим хүчний мэргэжил эзэмшиж, Эрчим хүчний салбарт 42 жил ажиллаад, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой, энгэр дүүрэн одонтойгоор гавьяаныхаа амралтанд гарч билээ. Х.Адилбиш маань ангийнхаа охин П.Долгортой амьдралаа холбон, олон хүүхэд төрүүлж өсгөн, олонтойгоо шуугиж дуугисан буурал яваа. Тэрээр тэтгэврээ тогтоолгосон ч зүгээр сууж чадахгүй “Бүтээлч” бүлэг байгуулан “Жишиг” гудамжаа тохижуулж 300 гаруймод бут тарьж, хүүхдийн тоглоомын талбай, цэцгийн мандал байгуулаад байгаа. Бас хашаагаа 200-гаад мод буттай, жимсний цэцэрлэгт хүрээлэн болгосон зэрэг зүтгэл бүтээлийг нь тоочиж барахгүй. Ангийнхан нь: “Гавьяат хүн, хаа ч явсан гавьяатай л байдаг юм байна” хэмээн магтана. Энэ ангиас төрж гарсан ч, өнөөдөр бидний дунд байхгүй байгаа нэгэн суу алдартан бол Довдойн Баяр юм. Бяцхан жаал байхдаа “Алтайд” романыг уншаад хайгуулч шинжээч болно хэмээн сэтгэлдээ тангараг өргөж байсан энэ хүү УБДС-ын түүх-газар зүйн ангийг дүүргэж археологич болон их бүтээлийн “эрэлд” гарсан хүн. Тэрээр Монголдоо доктор профессор цол хүртэж, ХБНГУ-ын археологийн хүрээлэнгийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож байв. Түүний зүтгэл бүтээлийг төр засгаас өндөр үнэлж Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм. Монголчууд, зарим нэгнийг “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явсан хүн” гэдэг. Тийм л хүний нэг нь Баяр байлаа. Олон улсын 30 гаруй төслийн хээрийн шинжилгээний ангид оролцон археологийн үнэт дурсгалуудыг олж илрүүлсэн гавьяатай хүн байлаа. Ийм гавьяатан, эгэл жирийн хүмүүс энэ ангиас олноороо төрж гарсан юм. Газар зүйн шинжлэх ухааны доктор Ж.Мандахбаяр, ахмад багш Л.Дариймаа, биеийн тамир, спортын зүтгэлтэн П.Сампилноров, статистикч Ч.Надмид… гээд урт цуваа үргэлжилнэ.

БАГШИЙГАА БАНДААШТАЙ ӨНЖҮҮЛСЭН “В” БҮЛГИЙНХЭН

Хүүхэд ахуй насанд аль дүрсгүйтэхийг тэр гэхэв. Эдний ангийнхан Ерөөгийн сангийн аж ахуйд дадлага хийж байв. Г.Болдбаатар нарын хэдэн эрэгтэй хүүхэд Сангийн аж ахуйн төв рүү, бага сага хүнсний зүйл авахаар алхаж байсан чинь Ж.багш араас морьтой давхиж ирээд, буцааж туугаад явсансанж. Хүүхдүүд дотроо таагүй л бодолтой байв. Тэгээд хэдүүлээ “Багшийгаа нэг чадна даа” гэж бодоод л явсансанж. Нэг өдөр багш нь бүх хувцсаа угаагаад гадаа тохчихсон, нүцгэн гарч ороод байх юм гэнэ. Хувцас яг хатахын үед хүүхдүүд очоод бүх хувцсыг нь пошиктой усанд дүрээд буцаагаад өлгөчихөж. Багш нь байсхийгээд л гарч хувцсаа үзээд байдаг, нойтон. Ингэж багшийгаа өдөржин “бандааш”-тай гүйлгэсэн гэдэг.

Энэ ангийнхнаас хэлбичгийн ухааны доктор Р.Нарантуяа, Клиникийн профессор Х.Туяа, банк санхүү, геологи эрчим хүчний тэргүүний ажилтан Г.Болдбаатар, хурандаа Д.Нямбаяр, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Ц.Батжаргал нарын олон сайчууд төрөн гарсан юм. Та бүхэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хаа ч явсан, өндөр нуруутай, бууралдуу халимагтай хүн дагаж явдгийг лав харсан байх. Энэ бол Нямбаяр хурандаа. Ёслолын албанд “Ёо” гэлгүй зүтгэж, өнөөдөр гавьяаныхаа амралтанд суугаа, энэ “саарал шинелиэ тайлаагүй буурал хурандаа” бол амьдралын ихийг үзэж, монгол төрийн амьд нэвтэрхий толь болсон хүндтэй хүн. Эхнэр нь сэтгүүлч та бидний хэзээний танил “Радио телевиз”-ийн Батсүх.

11-ийн “В” бүлгийнхэн дунд “Хойд зүгийн чимэг” болсон хэдэн охид байв. Хойшоо гэртэй, үргэлж хамт явдаг хэдэн гоо охидыг ангийнхан нь ингэж нэрлэнэ. Тэдний нэг нь Ц.Батжаргал. Батжаргал маань сургуулиа төгсөөд эмч болсон. Хотын нэр хүндтэй том эмнэлгүүдэд хүүхдийн эмчээр ажиллаж байгаад сувиллын 42 дугаар ясль-цэцэрлэг байгуулж эрхлэгч-эмчээр нь олон жил ажилласан. Аав, ээж нар бол түүнийг “Саажилттай хүүхдийн сахиусан тэнгэр” гэдэг юм.

Энэ төгсөлтөнд нэр нь бичигдэх олон багш, сурагчид дотроос би нэг хүнийг онцлон “Нэг ангийнхан” дурсамжаа жаргаамаар байна. Энэ бол ахмад багш өнөө жил 90 сүүдэр зооглож байгаа Я.Намсрайжав гуай.Шавь нараасаа өчнөөн олон гавьяат, алдар цуутныг төрүүлсэн энэ буурай, өнөөдөр бие чилээрхүү байдаг юм билээ. Шавь нар нь “манай Намсрайжав багш бол аль хэдийнэ гавьяат байтугай, ардын багш болохоор гавьяатай хүн” гэх юм билээ. Төрийн тэр хайр хүртээгүй ч, түм буман шавийн тань хайр хүндэтгэл таныг өргөж яваа шүү, багш минь!

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Инээд цалгисан, туршилтын туулай 8а-гийнхан

“Пастер хаана явна. Ирж байна уу” хэмээн Онцгойгийн цэнхэр хувцастай өндөр залуу өгүүлэв. Тэр цаанаас “Чапакад пастер ямар хамаа байна” хэмээн хөхиүн инээдээр дэмжих нэгэн нүднийхээ булангаар түүн рүү харлаа. Энэ бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын улсын тэргүүний нэгдүгээр сургуулийг 2001 онд төгссөн 8а ангийнхны уулзалт эхэлж байгаа дүр зураг юм. Улсын тэргүүний сургуулийн тэргүүний ангийнхан 1993 онд сургуулийн босго алхжээ. Тэд сургуульд ороод танилцсан гэвэл худлаа. Сургуульд орохоосоо өмнө цэцэрлэгт нэг ангид сурдаг байж. Бидний хэлдгээр ёстой л шороо идэж өсцгөөсөн юм байх. Ангийн хамгийн идэвхтэн сурагч байсан Т.Сайнжаргал “Май энэ зургаа ав. 20 жил хадгаллаа” хэмээн зураг сарвайхад “Юу юм бэ дээ” хэмээн зулайгаа илбэн гараа сунгах залуу бол “Дэлдэн, Пастер” гэгдээд байгаа Гүнчингийн Дашдаваа юм. “Жапак” гэх Баасангийн Жаргалтулгын хувьд сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэж сургуулийнхаа шигшээ багт хүртэл багтаж явсан спортлог эрхэм. Хэрхэн яаж яваад ийм хоч зүүх болсныг хэн ч хэлсэнгүй. Одоо тэрбээр Зүүнхараа хот дахь Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Улсын үрийн нөөцийн нягтлангаар ажиллаж байгаа гэнэ.

Нэгдүгээр ангид 40 шахам хүүхэд тохой нийлүүлэн сурагчийн ширээнээ суусан бол 27 нь эрэгтэй байсан гэхээр яаж ч бодсон томоотой анги байгаагүй гэдэг нь илт. Т.Сайнжаргал мөн нэгэн зураг гаргаж ирсэн нь бага ангидаа бүжиглэж байсан үеийнх нь зураг байв. “Бүжиглэж байхад ганцаараа зөрсөн энэ муу бүжигчин хэн бэ” гэхэд Жавхлант өндийн харснаа “За мангартаад байгаарай. Би л байна. Энэ зургаа надад өгчих” хэмээн өмчийн эзэн болохыг санаархав. “Хөлөө тааруулж чадахгүй байж бас машинист хийгээд байгаа” хэмээн Жавхлантыгаа явуулан хөхрөлдөнө. Улаанбаатар Төмөр замын удирдах газрын диспитчер ажилтай Ц.Жавхлант тэдний яриаг эрс эсэргүүцэн “Би ганцаараа буруу хөл тавиагүй байгаа биз дээ. Л.Урнаа ч гэсэн зөрчихсөн байхад. Гэхдээ хөлөө бүтэн тавиагүй байгаа юм чинь би хагас зөрсөн тийм ээ” гээд суудалдаа эргэн суулаа. Тэднийг сургуульд сурдаг байхад заавал сурах 10 бүжиг байсан аж. Тийм болохоор ангийн 40 орчим хүүхэд бүгд бүжиглэж сурсан гэнэ.

Тэдний ангийнхан өнөө уйгаржин, крилл бичгийн туршилтын туулай болсон гэгддэг 30 настнуудын үе юм байна. Анх нэгдүгээр ангид ороход нь уйгаржин бичиг зааж дөрөвдүгээр ангиас нь крилл үсэг үзэж ёстой л холион бантан болгосон юм байх. Цаана сууж байсан Ц.Жавхлант “Одоо хүртэл тэр уйгаржингийн хэллэг арилаагүй ш д. Аав гэдэг үгийг абу гээд шууд криллдэж байгаа юм” гээд бусдынхаа яриаг өөртөө хандуулна. Монгол Улсад пионерийн байгууллага татан буугдаж улаан, цэнхэр галстук халагдаж байх үед А.Алтантариа Улаанбаатараас тэдний ангид шилжин иржээ. Нийслэлийнхэн бүчнээсээ салчихсан байхад Мандалын нэгдүгээр сургуулийнхан тэр л хэвээрээ байсан гэнэ. Тэрбээр “Уйгаржин криллийн туршилтын туулайнууд галстукийг төрхөмд нь буцаасан” гэхэд Ч.Мөнхбаяр хэмээх даруухан царайтай хөрслөг бор залуу “Биднийг сурч байхад мөн онц сайн дунд муу гэдэг дүнг хэрэглэхээ больж одоогийн A, B, C, D, F үнэлгээг анх хэрэглэсэн” гэлээ. Ер нь бол туршилтууд ш дээ хэмээн Б.Жаргалсайхан үнэн голоосоо хэлэх ажээ. Боловсролын салбарын туршилт бүр тэдний ангийг дайрсан ч сайн багш нарын буянаар хөл алдаагүй тухай бахархан өгүүлнэ.

10 жилд сурч байхад нь “Камертон” хамтлаг ид хүчээ авч байсан тул хувцаслалт, үс засалт гээд бүхий л зүйлээрээ ангийн хөвгүүд нь дуурайн гангардаг байсан аж.

Тус ангийнхны уулзалтын үеэр Болор цомын эзэд болох Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж, Хөөдөөгийн Эрдэнэбаатар нар явж таарсан юм. “А”-гийнхан үүнийг ихэд бэлгэшээж хамт зургаа татуулаад авлаа.

Тэдний ангийг нэгдүгээр ангид нь А.Баярмаа хэмээх дөнгөж сургуулиа төгссөн шавилхан багш даан авчээ. Тэднийг хоёрдугаар ангид байхад ангийн багш нь хот руу дахин сурахаар явахад нь хоёрдугаар ангийн бяцхан шавь нар нь аав ээжээрээ хоол, цай хийлгэн авч ирээд үдэлт хийж байснаа дурсацгаав.

Бурхан “Өндөр барзгар болох уу, хөөрхөн болох уу” гэхэд нь “Өндөр барзгар болъё” гэсэн гэдэг хэмээн тэд Д.Энх-Амгалангаа цаашлуулна. Х.Бямбазориг “Нэгдүгээр ангидаа ангийн дарга хийж байхад” гээд яриад эхэлтэд өнөө хэд нь үгийн зөрүүгүй “Чи ангийн дарга хийж байсан юм уу” гээд бүчээд авах нь тэр. Мань эр ч “Хийлгүй яадаг юм” гээд ам нь дийлдэхгүй адуу шиг л зүтгэчихэв. “Хэдэн сар хийсэн ш дээ” хэмээн улаа бутарсан нүүрээ хоёр алгаараа даран нугдайн инээдээ барьж ядан хөхөрнө. Гэтэл Т.Сайнжаргал “Би ч ангийн дарга байсан гэж дайрахгүй ээ. Ариун цэврийн дарга байснаа бол хүлээн зөвшөөрнө” гээд гараа өргөн өгүүлэв. Бямбазориг “Намайг ангийн дарга байсан гэдгийг мэдэж байгаа нь гараа өргөчих” гэлээ. Тэрбээр “Яагаав би Боргилыг ангид үймүүллээ гээд эрүү рүү нь хөшигний модоор цохиж уйлуулаа биз дээ” хэмээн ангийн дарга байснаа батлах гэж зүтгэх юм. Тэгснээ “Ганц удаа сонин дээр ангийн дарга болгочихгүй” гээд нөгөө хэд рүүгээ үг хаях.

Орчлон констракшнд менежерээр ажилладаг Х.Бямбазориг Т.Сайнжаргал хоёр нэг ангиас гадна хажуу байрны хоёр байжээ. Тэднийг бага байхад “Ядуугийн зовлон” хэмээх аймшгийн кино дөнгөж гараад хүчээ авч байсан үе юм байх. Сайнаа найзыгаа гэртээ дуудан приставакаар өнөө киногоо үзүүлэх ч гэж айлгасаар байгаад таарсан гэнэ. Кино дуусаад гэртээ харих гэтэл Бямбазориг буюу Жоожоо айгаад харьж чадахгүй найзыгаа гэрт оруулаад өг гэхэд нь өнөөх нь оруулах бүү хэл нэмж баахан айлгасан гэв.

Алтангэрэлийн Алтан­тариа эл ангид Улаанбаатараас шилжин ирж байсан аж. Аав нь Зүүнхараагийн цэргийн ангийн даргаар ирсэн тул аавыгаа даган ирсэн. Тухайн үед сургуулийн хүүхдүүдийн хамгийн сайхан тоглож болохоор газар нь цэргийн анги байсан аж. Алтантариа Жавхаагаа дагуулан цэргийн ангид байлдаж тоглодог байжээ. Жавхаа ч гэлтгүй ангийнхаа хөвгүүдийг дагуулан очиж төрийн хамгаалалтад тоглодог байлаа шүү дээ хэмээн ангийнхан нь бахархан ярьцгаав. Байшингийн дээвэр дээгүүр гүйхэд Бямбазориг коммунист зан гарган тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг байлаа хэмээн бас л явуулав. Тэдний ангийн А.Баяртулга нэг өдөр санаандгүй болжморын хос өндөгний нэгийг хагалтал Жоожоо ирээд “Чи яаж байгаа юм. Одоо эх нь голоод ирэхгүй. Чи яасан тэнэг хүүхэд вэ” гээд Баяртулгынхаа шилэн хүзүү рүү алгадан үхтэл айлгасан гэнэ.

Алтантариаг шилжиж ирэхэд хөдөлмөрийн кабинет бүрэн утгаараа ажиллаж байсан. Тийм ангид хөдөлмөрийн хичээл хийх үнэхээр урамтай. Улаанбаатарт байдаггүй олон сайхан зүйлсийг Зүүнхараад ирээд харсан гэлээ. Түүний хувьд Нийслэлийн цагдаад офицер цолтой зургаан жил ажиллаад одоо түр чөлөө аван хувийн бизнесээ эрхэлж байгаа юм байна. Тэдний яриа ийн үргэлжлэхдээ хөдөлмөрийн хичээлдээ хамгийн мундаг нь Г.Дашдаваа маань гэв. “Хөдөлмөрийн хичээл дээр тосгуур хийгээд ир гэхэд бараг л зуух хийгээд ирдэг байлаа. 1993 онд энэ жаал чинь утаагүй зуух гэдэг юм яриад явдаг байлаа шүү дээ” хэмээн хошигнов. Нийтлэлийн эхэнд пастер хэмээн дурдагдсан тэр эрхэм бол Г.Дашдаваа аж.

Математикийн хичээл дээр км, метр гээд хэмжигдэхүүнийг ангиараа нэрлэ гэжээ. Хамгийн урт нь юу вэ гэхэд нь км гэтэл дараагийнх нь гэхээр нь метр гэх мэтээр мм хүртэл нэрлэсэн байна. Тэднийг зургадугаар ангид байхад математикийн багш Гүрсэд нь “өшөө байгаа юу, өшөө байгаа юу” гээд шалаад байхаар нь тэдний ангийн Жоожоо “милограмм” гээд амандаа бувтнахыг сонссон Сайнаа “милограмм” гээд инээтэл Гүрсэд багшийнх нь уур хүрч “Чи гэрээсээ сургууль хүртэл хэдэн милограмм байна хэмжээтэх дээ” гээд алганы амт үзүүлжээ. Энэ мэтчилэн гэмгүй байж байгаад Т.Сайнжаргал хэрэгт уначихаад байдаг байсан тухай дурсан ярьцгаана. Дараагийн удаа математикийн хичээл дээр хошуу өнцгийн талаар ярихаар нь Сайнаа өмнө нь сайн авахуулсандаа шаралхан “Миний хошуу шиг биш байна” гээд амандаа бувтнатал өнөө Жоожоо нь “Багшаа Сайнжаргал миний хошуу шиг биш байна гэнээ” гээд матчихаж. Угийн чанга Гүрсэд багш нь “Чиний хушуу хошуу өнцөг үү” гээд дахин алганы амт үзүүлжээ. Тэгэхээр нь “Таныг өмнө нь намайг зодсон гээд аавд хэлчихсэн” гэтэл Гүрсэд багш нь “Аав чинь чамайг сайн зодоорой” гэсэн гээд дахин нэмчихсэн гэнэ. “Түүнээс хойш би айхтар үймүүлээгүй дээ” хэмээн Т.Сайнжаргал өгүүлсэн юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд боловсролын удирдлагын магистр юм байна. Сайнаа эхнэр хоёр хүүхэдтэй бөгөөд өдгөө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Хамтын ажиллагаа, Олон нийттэй харилцах газрын даргаар ажилладаг аж. Тэгвэл ангийн дарга Э.Наран тэдний яриагаар бол олон харчуудынхаа зүрхийг эзэмдэж явсан байна. Төмөр замын зүтгүүрийн депод ажилладаг Б.Отгон ангийнхаа хамгийн сэргэлэн хүүхдүүдийн нэг байжээ. Ангийнхаа царайлаг хөвгүүн гэгддэг Х.Бямбазориг, Ч.Мөнхбаяр нарынхаа зургийг угаалган сэтгэлийн жолоогоо алдсан охидод сэтгэлийн дэм өгөх нэрээр үнэ хүргэн худалддаг багын сүйхээтэй нэгэн байсан тухай тэд ярьцгаасан юм. Ангийн анд А.Баяртулга нь Зүүнхараа хотын ШШГүйцэтгэх ангид төлөөлөгчөөр ажилладаг бол Т.Отгонбаатар, Г.Дашдаваа, Б.Боргил, Батжаргал, Төрбат, Ч.Мөнхбаяр, А.Алтантариа, М.Энхсайхан, Ц.Болортуяа нар хувиараа бизнес эрхэлдэг тухай ярьцгаав. Залуу хүмүүс гэхэд тэдний ангийнханы бизнес харьцангуй сайн яваа гэнэ. Зүүнхараа хотын өөр нэгэн томоохон ажлын байр бол мэдээж төмөр замын салбар. Тус ангиас Анхтөр Дарханы төмөр замд машинист, С.Гантөмөр Зүүнхараа вагон депод мастер, Ц.Жавхлант дээр хэлсэнчлэн Улаанбаатар төмөр замын удирдах газар деспитчер, Б.Отгон Суудлын вагон депод ажилладаг аж. Харин Өлзийбаатар, Г.Хүрэлтулга, Олъя, Мядагсүрэн, Э.Гэрэлцацрал, Т.Мөнххишиг, Доржханд, О.Золжаргал, Вандансүрэн нар хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм байна.

Ангийнхан уулзсаныхаа дараа дунд ангиасаа хойш холбоо тасраад буй Б.Золжаргалын сургийг гаргахаа хүсдэг гэдгээ хэлж байлаа. Үнэхээр нэг хүнээ ч гэсэн дэргэдээсээ холдуулах дургүй. Бүгд хамтдаа мөр зэрэгцэн явах дуртай тийм л нэг ангийнхан ажээ. 8а ангиас Л.Уранчимэг СББ ХК-д ажилладаг бол Т.Уранчимэг нь MCS дистрибишний Зүүнхараа дахь борлуулалтын албаны даргаар ажилладаг гэсэн юм. Эл ангийн толгойтой сурагчдын нэг болох Б.Уянга багш мэргэжилтэй бөгөөд АНУ-д магистрт суралцахаар хөлгийн жолоо залсан тухай Т.Сайнжаргал хэлж байлаа. Тэгвэл Пүрэвцэцэг төрсөн нутагтаа багшаар ажиллаж байгаа гэнэ. Сайнааг багад Памбага гэдэг байжээ. Сургуульд дөнгөж ороход нь ээж нь жинхэнэ нэрийг нь мартчихаад Төмөр замын Депо руу залган Түмэнбаяр (ааваас нь) гуайгаас “Манай Памбагыг хэн гэдэг билээ” хэмээн нэрийгнь асууж байсан тухай тэрбээр дурсан ярилаа. Тэдний сургуулийн хажууд галуутай айл байжээ. Угаасаа муу нохойтой байснаас галуутай байсан нь дээр гэдэг яриа байдаг. Памбагыг хичээлдээ явахад галуунууд дайрдаг байж. Нэг удаа хичээлдээ явж байхдаа өнөө галуунуудтай таарч. Эргэн тойрноо хартал хүн харагдахгүй байсан тул хариугаа авах сэдэл төрж чулуу аваад нүүлгэтэл өнөө галуунууд ч ганганалдаад мань хүн ч чавхны чулуу шиг эргэж ч харалгүй харвачихаж. Гэтэл нуруун дээрээс нь нэг хүнд юм өргөөд аваад явчихаар нь “Өнөө галуу нисч ирээд шүүрчихлээ” гэж бодтол галууны эзэн байсан гэнэ. Мэдээж зүгээр идээшилж байсан галуунуудыг нь чулуугаар нүүлгэсэн болохоор алганы амт үзсэн нь гарцаагүй. Зургадугаар ангидаа Гүрсэд багшаасаа алганы амт үзээд “Ерөөсөө тэрсэлдээд нэмэргүй юм байна. Одоо болъё” гээд эсрэгээрээ нийгмийн идэвхтэй жаал болжээ.

Б.Жаргалтулга Зүүнхараагийн Хоёрдугаар дунд сургуулиас шилжин иржээ. Тэрбээр “Хоёр давхар жижиг сургуулиас гурван давхар том сургуульд шилжиж ирээд төөрчихнө. Тэгээд ангийнхнаа бараадаад л явдаг байлаа” гэв. “Манай үхэр жилтнүүд тууштай шударга байдаг тухай зурхайд байдаг юм билээ. Дунд ангид манай ангийг дааж авсан Ш.Раднаасэд багш ганц анги дааж авсан нь манай анги байсан юм. Волейболын спортын мастер багштай манай анги спортоор давуу гэж жигтэйхэн. Ангийнхандаа нэр хоч ч их өгдөг байлаа. Манай ангиас хоч зүүгээгүй үлдсэн хүн нэг ч байдаггүй шүү” хэмээн ангийнхаа тухай ярив. Олон хөвгүүдтэй анги үймүүлэхгүй байна гэж юу байхав.

Цагаан сараар ангиараа айл хэсдэг байжээ. Наймдугаар ангид байхдаа ангиараа Т.Сайнжаргалын гэрт очсон юм байх. Ангиараа уулзаад байж байтал Жоожоо дуу муутайхан “Би зүгээ буруу гаргачихсан байна” гээд үглэж байсан гэнэ. Ангийнхан нь “Зүг буруу гаргах чинь муу. Энэ жилдээ чи ингэж явна” гээд сэтгэлзүйн дайралт хийжээ. Сайнаагийнхаа гэрээс гарахад хэцэн дээр нь эгчийнх нь хувцас байсныг анзааралгүй Жоожоо буюу Х.Бямбазориг куртикаа өмстөл эгчийнх нь хувцсыг тохож гараад галстук зангидсан мэт салхинд дэрвүүлэн явж өгч. Ангийнхан нь үүнийг мэдээд хэлсэн байж таарна. Дөнгөж тэндээс гараад А.Баярмаа багштайгаа золгохоор гэрт нь очтол хашааных нь банхар дайрсан гэнэ. Сайнаа, Жоожоо, Мөнхбаяр гурав гүйгээд модон жорлонд нь орсон юм байна. Гэтэл зүгээ буруу гаргагч Жоожоо нь хоёр модны голоор өтгөн шингэн рүү унах дөхөж арайхийн тогтжээ. Бямбазориг ярианд оролцон “Тэгэхэд гутал шар болчихсон. Айлд орохоор л өмхий үнэртээд ёстой балай юм болсон” гээд инээдээ барьж ядан суув. Багшийнхаасаа гараад явж байхдаа “Зүгээ буруу гаргаснаас боллоо” хэмээн өөр хоорондоо ярилцаад явж байтал замд нь жижиг гөлөг таарчээ. Нохой жил гарч байсан тул “Цээрээ гаргахын тулд Жоожоо чи наад гөлөгтэйгээ золго” гэсэн байгаа юм. “Би тэгээд яаж золгох юм” гэхээр нь “Хүнтэй яаж золгодог яг тэрэн шигээ золго” гэжээ. Хөөний эзэн Жоожоо ч өнөө муу гөлгийг тэвэрч аваад “Амар байна уу. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу” гээтэхэж. “Одоо яах вэ” гээд эргээд хартал Сайнаа “Хацар дээр нь үнс” гэхээр нь хоёр хацар дээр нь шоп хийтэл үнсээд “Яах уу” гээд эргээд хартал ангийнхан нь бараг элэг нь хөшин алдан инээлдэж байжээ. Энэ бол зүгээр л наад захын жишээ шүү хэмээн тус ангийнхан инээд цалгисан яриагаа үргэлжлүүлсэн юм. Инээд цалгисан 8а-гийнхан 10 жилийн дараа дахин “Нэг ангийнхан” буланд чинь орно шүү гэсээр үлдлээ.

Э.ЭНХБОЛД

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Даалимбан дээл, улаан бүчээр гоёсон анхны “найм”-ынхан

40 жилийн дараа

Одоогоос дөчин жилийн тэртээ Гавь-Алтай аймгийн Алтай сумын анхны найман жилийн сургуулийг төгсөгчид саяхны нэгэн өдөр уулзацгаав.8 “а”, “б” ангийн арав гаруй хүүхэд. Тус сургуулийн анхны төгсөгчид аж. 1975 онд сургуулиа төгссөн саахь хүүхдүүд нийслэлд цугларч тэртээх он жилүүдийн дурсамжаа сэрээснээрэнэ удаагийн “Нэг ангийнхан” танд хүрч байна. Эднийх ердөө19-үүлээ суралцажтөгсчээ. Төгсөлтийн уулзалтад долдугаар ангийнх нь багш Батнасан, найм төгсгөсөн ангийн багш Нина хоёр нь иржээ. Ангийн хоёр багш нь сурагчдаасаа ялгарах юмгүй үе тэнгийнхэн байх нь сонихон. Нина багш Сүхбаатар аймгаас Говь-Алтайн Алтай суманд шилжин ирж эдний ангийн багш болж байсан гэнэ. Наймын “а”-гийн хөвгүүдтэй уулзав. Самбо, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, Монгол Улсын начин Доёдын Бадрах,Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш доктор, дэд профессор“элэгний” С.Бадамжав эмч, Монгол Улсын Аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын албаны дарга С.Төмөрхүү, эрчим хүчний “Маар” компанийн авто механикч Д.Дүгэр гээд хэсэг хөвгүүдийн ярианаас далаад оны сумын төвийн хүүхдүүдийн амьдрал нүднээ харагдах шиг болно. Наймдугаар ангиа төгсөөд эдний ангиас таван хүүхэд аймгийн төвд есдүгээр ангид элсэн суралцахаар нутагтаа үлдсэн бол тав нь анагаахын, хөдөө аж ахуйн гэхчлэн техникумд, зарим нь Оросын техникум, ТМС-д, зарим нь илгээлтээр малчин болжээ.Илгээлтийн эзэд маань хэсэг мал маллаад дараа нь ХАА-н дээд сургуульд сурч зоотехникч, малын эмч болцгоосон гэж Д.Бадрах начин ярив. О.Батнасан багш нь волейболын спортоор хичээллэдэг, тэшүүрээр гулгадаг авьяаслаг багш байж, багшийнхаа нөлөөгөөр эдний ангийнхан спортод их дуртай хүүхдүүд байсан гэнэ.

Ангийн багш О.Батнасангийн хамт. 1974 он

Бадрах начин өдгөө“Хантайшир” бөхийн клубийн дасгалжуулагчаар ажилладаг юм байна.Аймгуудын хооронд болдог оны тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд “Хантайшир” дэвжээ хоёр жил тэргүүлсэн тухай сонирхуулаад хар багаас нь спортод хөтөлсөн О.Батнасан багшдаа баярлаж явдаг гэж байв. Д.Бадрах начин ерэн оны цагаан морин жил Улсын начин цол хүртэж байв. Тэрбээр самбо бөхийн Дэлхийн аваргын хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальтай, улсын зургаан удаагийн аварга хүчит бөх юм. Хөвгүүдийн ярьснаар, наймдугаар ангийн багш Нина нь орос хэлний багш байсан болоод ч тэр үү ангиараа орос хэлний хичээлд их сайн байсан гэнэ. Тэгээд наймаа төгсөөд хэд хэдэн хүүхэд сонирхлоороо хойшоо техникум, ТМС-д явсан гэж байв. Нина багш нь сургууль төгсөөд удаагүй, өөрсдөөс нь дөрөв тавхан насаар ах үе тэнгийн нэгэн Сүхбаатар аймгаас шилжин очиж байжээ. Сурагчид нь арван тав зургаатай, ангийн багш нь хорьтой байсан гэнэ. Алтай сумын найман жилийн сургуулийн анхны төгсөгчид учир сургуулийнхаа үнэн түүхийг тэмдэглэн үлдээх зорилгоор ангиараа ном бичижбайгаа гэнэ. “Дөчин жил гэдэг их хугацаа, найм төгссөнөөс хойш уулзаагүй байж байгаад өнгөрсөн даваа гаригт уулзсан, бүгдээрээ өөрсдийн салбар салбартаа сайн сайхан явцгааж байгаа маань багшийнхаа зааж сургаснаар явсных” гэж тавь гаруй, жар эргэм насны ангийн хөвгүүд ярьсан юм. “Элэгний” хэмээн олон түмний тодотгон ярьдаг С.Бадамжав эмчийн дурсамж яриа бүгдийн инээдийг барна. Тэрбээр нэгдүгээр ангид орсон өдрөөсөө эхлэн дүрслэн ярьсан нь:

Ангийн багш Д.Нинагийн хамт. 1975 он

-Мулзан толгойтой, хөх даалимбан дээлтэй, улаан бүч зүүсэн хүүхдүүд байсан даа. 1967 оны есөн сарын нэгэнд уртаас урт шар байшинтай дөрвөн жилийн сургуулийн үүдэн дээр анхны хонхоо цохиод бид нар дотогшоо орж байсан юм. Тэгэхэд бид гучаад хүүхэд нэг анги болон ороход тэр олон хүүхдүүд дунд орсондоосэтгэл их л баяртай байв. Охид маань ногоон дээлтэй, улаан бүчтэй. Ороод удалгүй хоёр анги болж хуваагдав. Манай ангийн багш Архангайн багшийн техникум төгсч ирсэн өндөр цагаан залуу байв. Тэр хүн бол өдгөө дал гарч буй шатрын спортын мастер Ж.Пүрвээ гэж хүн байна. Шуугилдан дассан дөрвөн жил өнгөрч бид нар бага сургуулиа төгсөв. Тэр үедтоо, монгол хэл, биеийн тамирын хичээл гол гурван хичээл байв. Цүнхээ шидчихээд бид сумынхаа урдхантаа байдаг Баян-Овоо уул руу уралдан гүйдэг байв. Баян-Овоон дээрээ гараад нэгнээ машины дугуйн дотор оруулж суулгаад овооны уруу өнхрүүлж тоглодог байлаа. Ийм хөг аялгуутай дурсамжтай он жилүүд өнгөрөөд тавдугаар ангид орохдоо зэргэлдээх Цээл сумын сургуульд бөөнөөрөө шилжиж“Газ тавин гурав” машин хөлөглөн Цээлд ирж байв.Тав зургадугаар ангиа Цээлийн сургуульд сурч төгсөөд долдугаар ангидаа төрөлх Алтай сумандаа ирсэн. Цээл суманд сурсан хоёр жилд гэрээ ихэд санацгаасан мулзан толгойтой, хөх даалимбан дээлтэй, улаан бүч зүүсэн жаалууд ”Цээлийн ус ширгэв, Цэгээн чулуу хагарав” хэмээн ам уралдуулдаг байлаа.Дотуур байранд байлаа. Цээл бол гүний худагтай. Худгийн ховоогоор ус татсанаас үлдсэн мөсийг авч долоож иддэг. Тэгж амьхандаа хүний нутагт “зүдэрч” үзсэн нь тэр байлаа. Долдугаар ангидаа буцаад Алтай сумандаа ирлээ. Тэр жил найман жилийн сургуультай болсон нь тэр.Сургуулийн захирлаар Г.Дугар гэж ахмад багш байлаа. Манай доод ангийн Ц.Гонгоржав гэдэг хүү биднийг сумын клубт бүжигт дагуулж орууллаа. Одоо тэр Р.Амаржаргал гишүүний бие төлөөлөгч хийж байна. Түүнийг дагаад бүжигт ороод бужигналдаж байтал сургуулийн захирал харчихлаа.“Наймдугаар ангийн хүүхэд яагаад бүжигт орж байна” гээд бид нарын шилэн хүзүүн дээрээс татаж сумын клубээс гаргаж билээ. Тэгж захиралд бангадуулаад, мулзан толгойтой нөхдүүд сургуулийн бүх хүүхдүүдийн өмнө загнуулан зогсч байлаа. Наймаа төгсдөгжил сумын наадам болж Бадрах маань сумандаа үзүүрлэж сумын начин болж, бид бөөн баяр болж байлаа. Тарвага, зурамны арьс, хатаасан эрвээхэй бэлдэж ирэх зуны даалгавартай. Охид хатаасан эрвээхэй, цэцэг их цуглуулдаг, тэрийгээ дэвтэрт хавчуулаад доор нь нэрийг нь биччихсэн их гоё цуглуулгатай. Хөвгүүд жаахан хүүхдүүд учир ан хийжчадахгүй, айлд малыг нь хариулж өгөөд оронд нь тэр айлаасаа өнөөх арьсаа авч ирдэг байлаа…

Бадамжав эмчийг шүлэг бичдэг, олон сайхан дуутай гэдгийгхүмүүс мэдэх болов уу. Гавьяат жүжигчин С.Батсүхийн дуулж олонд хүргэсэн н.Хатанбаатарын хөгжим “Бороон чимээ”, Цэрэндорж, Мөнхбаяр нарын дуулдаг, УГЗ Ч. Сангидоржийн хөгжим “Ээжийн цай”, Мэндбаярын хөгжим“Аж Богдын намар”, Балхжавын хөгжим “Сэтгэлийн гэгээ ээж” гэхчлэн. Тэрбээр “Элэгний өвчний үед гүүний саам хэрэглэх үндэслэл” сэдвээр Казахстанд докторын зэрэг хамгаалсан. Одоо “Элэгний өвчний шугаман эмчилгээ” сэдвээр судалгаагаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.Энэ нь элэгний өвчнийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр гэрээр, амбулаториор эмчлэх боломжийг нээх судалгаа юм байна.

Эдний ангийн анхдагч сурагчдын нэг Бандийн Алтангэрэл одоо төрөлх сургуулийнхаа захирлаар ажиллаж байгаа гэнэ. Бадамжав эмчийн дурсамжийг ангийн хөвгүүн “Өдрийн сонин”-ы Аж ахуйн албаны дарга Батмөнх үргэлжлүүлэв. Тэрбээр Оросын Омск хотын Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд жигтэйхэн их дурлаж явсан аж. Төгсөөд Сэлэнгийн Шаамарын сангийн аж ахуйд тракторч комбайнчаар 20 жил ажилласан гэнэ. Тэрбээр мөн л тэр жар далаад оны сумын сургуулийн хүүхдүүдийн амьдралыг нүдэнд харагдтал ярьж өгсөн нь:

-Дээхнэ үеийн багш нар хүүхдийг их сайхан сургадаг байсан даа. Мал аж ахуй руу явдаг байлаа. Заг түүлгэдэг байлаа. Бид заганд ангиараа явдаг байлаа. Манай Алтай сум заг их ургадаг нутаг. Тиймээс заг түүж сургуулиа галладаг байв. Өвөл мал нядалгаа болно. Хөвгүүд бид бойн дээр ажиллана. Тэгж ажиллаад тав зургаан төгрөгийн хөлс авдаг байсан байх аа. Манай Алтай сум мянган булагтай. Сумын хойд талд байдаг нэг булаг өвөл болохоор бараг багаахан нуур шиг тэлж хөлдөнө. Бид эсгий гуталдаа тэшүүрээ бэхэлж аваад тэр булгийнхаа мөсөн дээр өдөржин гулгадаг байлаа.Тав, зургадугаар ангидаа Цээл суманд сурч байхад өвлийн амралтаар биднийг “тавин гурав” машины тэвшин дээр суулгаад Алтай суманд маань авчирна. Сургуулиас замын хоол гэж адууны мах чанаж өгөөд явуулдаг байв. Замдаа машин нэг л зогсоно. Бид тойрч суугаад загаар задгай гал түлээд адууны махаа галд халааж идэн, хар цайгаа чанаж уугаад замдаа гардаг байлаа. Халаасан адууны мах идээд явахад дүн өвлийн хүйтэнд огт дааралгүй Алтайдаа хүрдэг байсан юм даг. Буцахдаа жаахан дургүйхэн явна аа. Эргээд Алтайдаа ирж долоо наймдугаар ангиа төгссөн. Ийн дурсаад ангийн найз Д.Дүгэртээ дурсамжийн дугараагаа шилжүүллээ. Дүгэрээ наймаа төгсөөд Архустайн трактор комбайны сургуульд оржээ. Төгсөөд Төв аймгийн Баянцогтын сангийн аж ахуйд хорин жил комбайнчаар ажиллажээ. Тэргүүний тариачин алтан медаль, таван ижлийн гавшгайч болж байжээ. Газар тариалан хувьсгалын мэдлээс гармагц мэргэжлээ сольж, өдгөө эрчим хүчний нэгэн компанид авто механикчаар ажиллаж байгаа юм байна. Тэрбээр О.Батнасан багшийгаа ганц сайхан дурсмаар байна гээд ийм дурсамж ярьж өгөв. “Манай ангийнхан өвөл бойны ажилд дайчлагдана.Тэгэхдээ тэшүүрээр гулгаад давхиж очдог байлаа. Бадрах, Лувсанцэрэн бид хэд малын арьс ширийг дэлгэж хүлээлгэж өгнө. Тэгж тав арван төгрөг аваад, их мөнгө оллоо гэж баярлан дотуур байрандаа бөөн баяр хөөр болон ирдэг байж билээ. Багш маань биеийн тамирын багш учраас бид хэдийг дагуулаад тэшүүрээр дандаа гулгана. Тэр нь надад хэзээ ч мартагддаггүй, их дотно санагддаг юм” хэмээхдээ сэтгэл нь ихэд хөдлөн нүд нь гялалзаж байв.

Н.ПАГМА

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Математикаараа цойлсон “А”, “анархист”-аараа цоллуулсан “Б”-гийнхэн

Хөдөлмөр амралтын зусланд

“Насны намар” дууны аяыг зохиосон урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган, гавьяат эмч Д.Гүнжидмаа, Дубнад Монголоо төлөөлж ажилласан Б.Отгоолой, бэлтгэл хурандаа Д.Чулуун, гавьяат эдийн засагч Б.Тунгалаг, зөвлөх инженер С.Дэмбэрэл, Ц.Чогжмаа, хуран­даа Д.Цоодол­сэнгэ, цагдаагийн хошууч Н.Цэнд гэсэн алдартай эрхмүүд 23 дугаар сургуулийн 1969 оны 10 “а”, 10″б” ангийг төгсөгчид. 10-ын хоёр бүлэг ирэх сарын 8-нд уулзахаар товложээ.Заримтай нь уулзлаа. Хоёр өөр бүлэг ч гэлээ”а”, “б” гэж ялгарах юм алга. Бараг нэг анги шахуу улс аж. “Хоёулаа дөрөв хүртлээ цуг байгаад дараа нь өөр бүлэгт орсноо эргээд нийлсэн шүү дээ” гэж ирээд хууч хөөрцгөөх юм. Тэртээх 1969 оны хавар 10 “а” нь 29-үүлээ, 10 “б” нь 23-уулаа төгсөж байж. “А”-гаас Дашдаваа, Бямбажав, Гансүрэн, Цэндбаатар нар ирсэн бол “Б”-гийн хоёр охин иржээ. Нэг нь Бямбаа, нөгөө нь Одонтунгалаг. Тэд сургуулийнхаа нийгмийн ажилт­ны өрөөнд цуглажсуу­гаад ангийнхныхаа тухай дур­самж хөврүүлсэн юм. Нөгөө­дүүл нь Цэндбаатарыгаа”Та­ван онцын эзэмшигч” болжбайсан гэж магтав. Тэр үед 40 улирал дараалж онц гарсан хүүхэд л ийм тэмдэг энгэртээ зүүдэг байж. Сав л хийвэл тоо бодоод суучихдаг, тооны чигийн ямар ч номон дээр байгаа бодлогыг цээжээрээ мэддэг хүү байсан гэнэ. Даш­даваа математикийн багш мэргэжилтэй. Математикийн анхны арван зөв­лөх багшийн нэг аж. 40 гаруй жил багшил­жээ. Тэрээр “Ма­­­­най ангийн хэсэг хүүхэд мате­матиктаа их сайн. Ямар сайндаа л математикийн багшийг орж ирэхээр тоо бодох аргачлалын талаар маргаж байхав. Багш дараа­гийн хичээл дээр, нээрээ та нарын зөв байжээ гээд л ороод ирнэ” гэж хууч хөөрлөө. Б.Отгоолойгоо “Миний найз чинь цөмийн урдаа барьдаг мэргэжилтнүүдийн нэг байсан” гэж ирээд баахан ярив. Арвын “а”-гийнхан математикаараа цойлсон анги байжээ.

Математикчдаас гадна эмч олон­той ангиюм. Уулзалтад ирсэн хүмүүсээс гэхэд л Бям­бажав, Гансүрэн хоёр эмч. Бямбажав хүүхдийн эмч. Эх, хүүх­дийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Эрүүлийг хамгаалахын тэр­гүүний ажилтан, клиникийн профессор аж.Д.Гансүрэн ангийнхнаа “Охид нь цэмцгэр гэж жигтэйхэн, хөвгүүд нь то­моо­той гэж тоймгүй” хэмээн тодорхойлов. Харин “Б”-гийнхэн нэлээд “чанга нөхөд” байж. Ямар сайндаа л Г.Бямбаа сургуулийнхаа түүхийн номонд ангийнхныхаа ту­хай бичихдээ “Раднаагийн анархистууд” гэж гарчигла­хав. Бямбаа “Манай анги хотын улсын тэргүүний бүлэг болж байлаа. Соёлч нөхөрлөлийн анги болж байсан. Шил цуглуулдаг аянд хүртэл оролцож хотын аварга шил цуглуулагч анги болж байсан шүү. Тэр үед нийгмийн идэвх сэргээсэн ажлуудыг их зохион байгуулдаг байжээ. Одонтунгалаг бид хоёр ангийнхныхаа тухай бичихдээ Раднаагийн анархистууд гэж зүгээр ч нэг бичээгүй. Манай ангийн хөвгүүд их биерхүү, хэрийн багшийн үгийг тоодоггүй зүггүй нөхөд байлаа. Арав төгсөхдөө багш нарын зөвлөгөөний хурлаархоёр удаа орж байсан юм. Хөдөлмөр зусланд байсан үе. Мал муулсны дараа лам болж нүглээ арилгаж байна гэж дэггүйтээд шашин шүтсэн “хэрэгт орж” байлаа. Дараа нь ангиараакино үзэх гэж хичээл таслаадбуруудсан” гэж ирээд дурсав. “Б”-гийнхэн урлаг спорт, сурлагагээд бүх талаараа сайн хүүхдүүд байжээ. Эдний ангийг дааж төгсгөсөн багш ньЗундуй гэдэг хүн байж.Г.Бямбаа хоёр жил багшлаад олон нийтийн байгууллагад насаараа ажиллажээ. Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг Тунгалаг, Туул гэж охид эдний ангийнх байжээ. “Б”-гийн Пүрэвээ хөнгөн атлетикийн олон улсын хүүхдийн тэмцээнд оролцохоор Унгар явж байсан гэнэ.АТГ-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Цоодолсэнгийгээ бас спортод сайн байсан гэж ярив. Оюунгэрэл, Жаргал хоёрыгооспортын гимнастикаар хичээллэдэг байсан гэж дурслаа. Спортын гимнастикаараадэд мастер хүртэл болсон аж. Одонтунгалаг ангийнхаа Дашнямыг “Сахилгагүй хэрнээ мундаг толгойтой хүү” гэж магтаж байна.Усны инженерээр гучаад жил ажиллаад тэтгэвэрт гарсан аж. Эдний анги хоёр ч зөвлөх инженертэй юм. Нэг нь эрчим хүчний зөвлөх инженер С.Дэмбэрэл, нөгөө нь холбооны гэхээр андахгүй Ц.Чогжмаа инженер. Утас ховор үед Холбооны яамны телефон хорооны даргаар ажиллаж байж.”А”, “Б”-гийн хэд хэдэн хүүхэд Ц.Чогжмаагийнхаа цохолттой бичгээр утас аваад бөөн баяр болж байсан гэнэ.

Одонтунгалаг “Манай ангийн зургаа долоон охин ес аравдугаар ангидаа багт наадамд бэлтгэдэг байлаа. Нарантуяа, Жаргал, Цэндсүрэн, Бямбаа бид хэд.Харшийн ёолконд орохын төлөө л бэлддэг байлаа шүү дээ. Юм ховор цагт гоёо гангараагаа өөрсдөө л аргална. Цаасан дээр молоко түрхэж байгаад хөвөн наана. Хөвөн дээрээ ёолкны чимэглэл хагалаад цацчихаар хачин гоё гялалзана. Тунгалагийн гэрийнёолкны чимэглэлийг бүгдийг нь хагалж байлаа” гэж дурсамж сөхөв. Одонтунгалаг “А”-гаас Ариунаатай найзалдаг байжээ. Ариунаа нь Орос хэлний багшаар Эрхууд сургууль төгссөн гэнэ. “Б”-гийнхэн хичээлээ тарсны дараа ангийнхаа хөшгийг хаагаад теннис, хөзөр тоглодог байж. Одонтунгалагийн аав хамгийн түрүүнд охиноо ирж авахдаа ангийнхныг нь хөөгөөд гаргачихдаг байсан аж. Тэр үедээ Одноодоо гомддог байсан ангийнхан нь саяхан уулзахдаа “Танай аав сүрхий зөв, сайн хүн байжээ. Ганцхан миний охин л болж байвал боллоо гэж бодохгүйгээр бидэнд ч санаа тавьдаг байж” хэмээн аавыг нь дурссан гэнэ.

“Б”-г төлөөлж ирсэнБямбаа “Ангиасаа Нарантуяа, Одонтунгалаг, Жаргал. Д.Цэцэгмаа бид хэд илүү дотно үерхдэг байлаа. Жаргалынхаа гэрээр их очноо. Ээж нь их сайхан зантай. Биднийг охиноосоо ялгаагүй хайрлана. Сүүлд Жаргал маань санхүүгийн мэргэжилтэй болсон л доо. Өдрийн сонинд олон жил ажилласнаар нь найзаараа бахархаж явдаг юм” гэж ярилаа.

ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГИЙН ХӨГЖИЛТЭЙ ӨДРҮҮД

Арвын “Б”-гийн Одонтунгалаг 40 жил багшилсан хүн аж. Төрийн соёрхолт Сосорбарам анхны шавь нарынх нь нэг байсан гэнэ. Даасан ангиас нь улсын тэргүүнийбүлэг гурав төрсөн юм байна. Өдий дайтай яваагаа багш нарынхаа гавьяа гэж ярив. Монгол хэлний багш Ичинхорлоогоо “Хүндлэхээс аргагүй хүн л дээ. Алхам бүрдээ хэлц, цэцэн үг хэлнэ. Монгол хэлний багш болоход багшийн нөлөө их байсан шүү” гэж дурсав. Тухайн үед 23 дугаар сургууль нэгдүгээр сургуультай эн зэрэгцдэг байжээ.

Одонтунгалаг”Хотын төвийн охин хөдөө айлын бэр болж очиход хэцүүхэн л байлаа. Гэхдээ хөдөлмөр зусланд явж байсан минь хэрэг болсон шүү. Шувуун фабрикийг түшиглэжбайгуулсан хөдөлмөр амралтын зусланд гардаг байлаа.Ногоо тарина. Тахиа тэжээнэ. Үнээ саана. Хотын хүүхдүүдийг ажилд сургаж байсан газар” гэж яриад эхлэнгүүт хөдөлмөр зуслангийн тухай яриа өрнөв. “Насны намар”-ын Булган, Одонтунгалаг хоёр нэг жил хургачин болж байж. Анх эзгүй талд гарангуутаа л айгаад уйлалддаг байсан гэнэ. Нэг удаа хургаа тариа, ногооны талбайд оруулаад муу авч, шугам жагсаалын өмнө зэмлүүлснээ Одонтунгалаг мартдаггүй аж. Жижиг биетэй охидоор нь хонь саалгана. Арай томхон биетэйд нь гүү саах ажил оноодог байж. Хөвгүүдэд халгай түүхгэх мэт арай хүндхэн ажил ногдоно. Тахианы байранд ажиллах их хэцүү байсан гэж ам нийлүүлэв. “Одоогийнх шиг агааржуулагч энэ тэр байхгүй. Их бүгчим” гэж Гансүрэнг хэлэхэд “Шувууны сангасны үнэр ч аймаар шүү” гэж Бямбаа толгой дохив. Хийж үзээгүй ажлаа хийсэн хүндхэн өдрүүд байсан ч гэсэн хамтдаа хөгжилтэй өнгөрөөсөн өдрүүд нь учраас байсгээд л хөдөлмөр зуслангийн тухай яриа өрнөх юм.

АМЬДРАЛЫН НАЙЗУУД

Арвын “А”, “Б”-гийнхнээс өдийг хүртэл найзалж яваахүмүүс олон юм билээ. “Бид амьдралын жаргал, зовлонгийн алинд ч хамтдаа байдаг” гэж Гансүрэн ярив. Гансүрэн гэрээсээ дурсгалын дэвтрээ авчирчээ. 96 хуудастай бор хавтастай дэвтрийн нэг ч хуудас эргээгүй, бараг шинээрээ шахуу цэмцгэр гэж. Аравдугаар ангиа төгсөхдөө ангийнхаа хүүхдүүдийн дунд энэ дэвтрийг аялуулжээ. Мэдээж ганц арвын “А” биш, арвын “Б”-гийн охид хөвгүүдийн “үлдээмж” ч энэ дэвтэрт дурайж байна. Дурсгал үлдээж байгаагаа “үлдээмж”гэж тодотгосон байна лээ. Бүгд зургаа нааж, шүлэг, дуу, сэтгэлийн үгээ үлдээжээ. Өнөө дэвтрээ эргүүлж тойруулж хараад жигтэйхэн. “Би ээжийн тухай ямар гоё утгатай шүлэг үлдээгээ вэ”, “Энэ манай Жаргалын үлдээмж байна”, “Тэр үед кино их үздэг байж билээ”гэх мэтээр дэвтрийн хуудас эргэх бүр сонин содон дурсамж хөвөрнө.Гансүрэн “Энэ дэвтэр их түүхтэй. Цэндбаатар 1989 онд 25 жилийн ойгоор цуглах үед аваад явчихсан юм. Хадгалж байгаад 20 жилийн дараа өгсөн. Их сайхан хадгалсан байсан” гэж сонирхуулав. “А”-гийнхан ангийнхаа багшийг байсгээд дурсана. Манай Буянхишиг багш гэж ирээд дурсамж сөхөцгөөх юм. Хөдөлмөр зуслан, гэр, сургуулийналинд ч ангийнхаа хүүхдүүдээс анхаарлаа сулруулдаггүй сүрхий багш байсныг сурагчдынх нь ярианаас анзаарч суулаа. Бурхан болтол нь гэр орноор нь орж гарч, ойр дотно явсан гэнэ. Дашдаваа “Хөдөлмөр зуслан дээр Бямбадорж тамхи татаж байгаад багшид баригдаж бөөн юм болж билээ. Охидын өрөө рүү шорттой ороход л зандарна шүү дээ” гэж ярив. Бямбадорж, Загдгочоо, Дашдаваа гээд “А”-гийнхны хөвгүүд спортод нэлээд хорхойтой байж. Зүггүйтэхдээ хичээлээ хийж зүггүйтдэг байсан гэж бөөн инээд болов. Газар зүйн хичээл дээр гэхэд л газрын зургаас хамгийн жижигхэн арлыг нь хайж олчихоод өнөөхөө багшаасаа асууж цагийг нь бардаг байснаа дурсаж байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булган тайлан тоглолт бүрдээ ангийнхнаа урьдаг гэнэ. Булганыгаа их бахархаж ярьцгаах юм. Наймдугаар ангид байхдаа Болгарт дууны тэмцээнд явсныг нь, хөдөлмөр зуслан дээр шалны мод бариад дуулж өгдөг байсныг нь гээд өчнөөн дурсамж ярив. Сонирхуулж хэлэхэд арвын”Б”-д Баатар гэж 22 настай сурагч байж. Төгсөх жилээ эхнэр авсан Баатарынхаа хүүхдийг ээлжилж салхилуулдаг байсан гэнэ.

Математикийн Гэндэндоо багштай ана мана маргадаг “Б”-гийн тоочид физикийн хичээл дээр нүд алгасахгүй тав авдаг байж. Цогоо, Цэндбаатар, Отгоолой гэж ирээд баахан нэр хэлж байна.

Соёлч нөхөрлөлийн дарга Сарантуяа,пионерийн ордны үлээвэр хөгжмийн дугуйлангийн шилдэг хүүхэд байсан учраас Артек явсан Чука, Орос руусургуульд явсан Сараа, Зоригоо, Алтаа, Ариунаа, Дэлгэрмаа, Бадамханд гээд ирээгүй хүүхдүүдийн тухай дурсамж яриа ч хөвөрсөн.

Соёлч нөхөрлөлийн анги болсон “А”-гийнхныжурнал дээр ес, аравдугаар ангид нь нэг ч дунд бичигдээгүй гэнэ. Цэндбаатар”Манай ангийнхан тав, зургаан бүлэг болж хуваагдаад хичээлээ нийлж давтдаг байсан юм. Нэг бүлгээс хэн нэг нь дунд авахад бүлгээрээ зэмлүүлнэ. Тийм учраас дундгүй болсон байх. Тэр үеийн багш нар дүн өсгөж тавина гэж үгүй. Нэг хичээл дээр дунд авсан байхад засахгүйгээр дунд гаргадаг байлаа” гэж ярилаа.

ТАГТАН ДЭЭР ХИЧЭЭЛЭЭ УНШДАГ СУРАГЧИД

Тэр үеийнарав төгсөгчидзургаан шалгалт өгдөг байжээ. Математикийн шалгалт нь алгебр, геометр хавсардаг байсан гэнэ.Монгол хэлний хичээлийн шалгалтыг бичгээр өгдөг болбусад дөрвөн хичээлийг нь амаар шалгадаг байж. Гурван асуулттай гуч гаруй билет боловсруулах гэж гараа чилтэл бичдэг байснаа, өглөө эртээ гэгч нь тагтан дээрээ гараад хичээлээ уншдаг байснаа ам уралдуулан ярив.ХБХБ-гийннорм гэж бөөн юм болдог байснаа дурсацгаав. Хөдөлмөр батлан хамгаалахад бэлэн гэсэн утгатай үгийн товчлол гэнэ. Спортын олон төрлөөр шалгалт өгдөг болохоор өглөө эрт босоод гүйцгээдэг байж. Уншсан номынхоо дугаар, агуулгыг бичицгээж, хэр олон ном уншсан нь Нацагдорж тэмдэгтэн болдог байжээ. Тэр үеийн охидын гоёл улаан, ногоон, цэнхэр өнгийн тавин төгрөгийн тирко байсан гэнэ. Охид хэн нь ямар өнгийн тиркогоор гоёдог байснаа хачин тод санаж байна. Өөр нэг гоёл нь шарваар байж.Хааяа хичээл дээрээ өмсөж ирээд загнуулдаг байснаа дурсав. Хөвгүүдийн хувьд хамгийн том гоёл нь жинсэн өмд байжээ. Гэхдээ баргийн сурагч өмсөхгүй. Эдний ангиас гэхэд хоёр хүү л хааяа жинсээр гоёдог байж.Дашдаваа “Бидний үеийнхэн чинь кино их үзнэ. Тэр үед театруудаар зөвлөлтийн голдуу кино гардаг байлаа.19 цагаас хойш багш нарын эргүүл гарна. Үзвэр энэ тэр үзнэ гэж саналтгүй. Зурагтаар кино үзэхийн тулд гэр орноо угааж цэвэрлэж байж эрхээ авдаг байлаа шүү дээ” гэж хэлээд хөгжилтэй инээлээ.Төгсөлтийн баяр гэж тэр үед тун даруухан болдог байжээ. Нийслэлийн арваа төгссөн бүх сурагч паркт цуглаж концерт үзээд л баяраа тэмдэглэчихэж байж. 1969 онд 23 дугаар сургуулийн 10-ын”А”, “Б”-г төгсөгчид хоёрдугаар сарын наймны 12.00 цагт сургууль дээрээ уулзахаар товложээ. Хамтдаа арваа төгсөөгүй ч хамт нэг ангид тохой нийлүүлсэн ангийнхнаа ч манай сониноор дамжуулан урьсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав тэргүүтэй Багшийн дээдийн “ХЭНХЭГҮҮД”

Монгол Улсын хамгийн их хөгжиж, цэцэглэж байсан үед 1970-аад он зүй ёсоор ордог. Юм бүхэн цэгцэрч, улс орны хэмжээнд шинжлэх ухаан, барилга, мал аж ахуйгаас эхлээд бусад бүхий л салбарт хөгжил, дэвшил ирж нийгэм шинэ шатанд алхаад байсан үе. Иргэд, ард түмний амьдрал ч айвуу тайвуу, нийгмийн бухимдалгүй байж. Тэр цагийн оюутнууд, өнөөгийн нийгэмд голлох байр суурь эзлэх болсон нэг ангийнхныг энэ удаа онцолж байна. Тодруулбал, 1974-1978 оны Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхан. Тэгэхэд 70-80 оюутан энэ ангийг бүр­дүүлж байсан бөгөөд А,Б,В гэсэн гурван бүлэгтэй. Ангийнхнаасаа цойлж, ний­гэмд танигдсан эрхмүүд бол Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Г.Мэнд-Ооёо нар юм.

Багшийн дээд сургуулийг 1974-1978 онд дүүргэсэн оюут­нуудын хэнтэй нь ч уулзсан багш, сурган хүмүүжүүлэгчдээ дурсана. Тэр үед Багшийн дээд сургуулийн багш нарын эрдэм, чадал, нөөц бололцоо гайхагдаж байсан гэдгийг оюутнууд нь одоо ч ярьсаар. Академич н.Төмөртогоо, Гадаадын уран зохиолын багш Р.Болд, утга зохиолын судлаач, шүүмжлэгч багш Цэнд, “Хайрхан уулын бараа”, “Урсгал тунгалаг Тамирын гол” гээд олон сайхан дууг зохиож, амилуулсан яруу найрагч Д.Отгонсүрэн гээд олон арван эрдэмтэд хойч үеэ сурган хүмүүжүүлж байжээ. Ш.Надмид багш авиа зүй хэмээх уйтгарт хичээлийг яруу найраг шиг болгож, Дашдорж багшардын уран зохиолыг ёстой л “тос амтагдтал” заана даа хэмээн нэрт зохиолч До.Цэнджавын ангийнхан хүүрнэн байна. Монгол бичгийн багш Б.Шаравын самбар дээрх сийлсэн мэт бичээсийг оюутнууд хараад арчиж, арилгаж чаддаггүй байсан гэдэг. Тэд ангийн багш Ж.Санжаагаа “Бидний үе тэнгийн шахуу. Мэдлэг, мэдээлэл, сурган хүмүүжүүлэх тал дээр биднээсээ нэгэн зууны түрүүнд явдаг хүн” хэмээн сайшаана. Эдгээр багш нарын үгийг дуулж явсан оюутнууд эрдэмтэд шиг, шинжлэх ухаан, ном зохиолд хөтлөгдсөн тийм л нэг давалгааг үүсгэж байж.

Харин энэ ангийнхнаас онцолбол Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо эмэгтэй хүн бүр дурлам тийм залуу байсан байна. Г.Мэнд-Ооёо хичээл дээр ч шүлэг тэрлэж суудаг нэгэн байжээ. Багш нар нь хүртэл дүн тавихаасаа цааргалж, хичээлд шимтэхгүй байгааг нь шүүмжилнэ. Тиймдээ ч Утга зохиолын нэгдлийг оюутан ахуйдаа удирдаж явсан түүхтэй гэнэ. Тодруулж өгүүлэхэд До.Цэнджав зохиолчтой нэг анги гэх ч нөгөө бүлэгт нь харьяалагддаг байжээ. Харин Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав зохиолчийн хувьд Оюутны зөвлөлийн дарга хийж, нэртэй зохиолч болно гэж байнга ярьдаг байсан нь амьдралд биеллээ олж энэ цагийн нийгмийг соён гэгээрүүлэх олон арван ном туурвих түүчээ болсон бололтой. Бас хожмоо доктор хамгаалсан Б.Явуухулангийн ойрын хамаатан Я.Баатар нь ангийн нөлөө бүхий хүүхдүүдийн нэг. Өдгөө АНУ-д амьдарч буй аж. Доктор Ч.Жачин тэр үеийн жинхэнэ улаан онцын эзэн. Хэн ч Ч.Жачингийн хэмжээнд хүрч хичээлийн төлөө хэнхэглэдэггүй байсан гэдэг. Д.Нацагдоржийн шагналт оюутан болж сардаа 400 орчим төгрөгийн стипенд авдаг байсан нь оюутнуудын дунд шагшигдаж байсан түүх тэднийх.Ангийнхныг муудалцсан үед нь эвлүүлж, муугүй үед нь хөгжөөдөг гол хүмүүс бол Д.Даваа, А.Борхүү нар. Д.Даваа нэгдлийн дарга болно гэж байнга шахам ярина. Ангийнхан нь ч “Чам шиг хүн нэгдэл удирдвал Монгол Улс дампуурна” гэж “цаашлуулдаг” байж. Гэтэл төгсөөд дөрвөн жилийн дотор сум нэгдлийн дарга болон дэвшиж тухайн үеийн нийгэмд ангийнхнаасаа амжилт үзүүлсэн хамгийн эхний хүн болж байжээ. Эмэгтэйчүүдийн тухайд олон жил нэгдүгээр сургуульд багшилж байгаад өдгөө Улаанбаатарын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж буй доктор Д.Дэнсмаа, 33 дугаар сургуулийн захирал асан З.Янжмаа, Д.Шатар, Цогтчимэг, Ц.Должин гээд олон манлайлагч бий. Ер нь тэд нэгэн жигд сурлагатай, багш нарын хайрыг татсан анги, хамт олныг бүрдүүлж байжээ. Ангийг Ховдын гарвалтай Лут-Очир даргална. Лут-Очир нь насаар ахмад, ажиллаж байгаад ирсэн учраас бүх зүйлийг ном ёсоор нь, ямар ч гажуудалгүй хийхийг эрмэлздэг нэгэн. Оюутнууд багш нараасаа бус ангийн даргаасаа айна. Учир нь хичээлийн тасыг арилгуулах гэж оролдсоны ч хэрэггүй. Харин ангийнхан нь хариу авах ганцхан аргатай гэж байгаа. Тэрээр орос хэлний дуудлага, сонсголгүй учраас шинэ багш ирэхэд ангийн дарга “ах нар”-ын хэлээр хамгийн сайн ярьдаг гэж хэлээд яриулаад байна. Ард нь ангийнхан нь ёстой л шавайгаа ханатал инээлддэг байжээ.

Мэдээж дөрвөн жилийн хугацаанд есөн зүйлийн л юм болно. Тэр үеийн семинар бол одооны эрдэм шинжилгээний ажилтай дүйхүйц хэмжээнд хийгддэг байсан гэж байгаа. Дор хаяж 20 түүнээс дээш ном уншиж, судалж байж илтгэнэ. Семинарт оролцохгүй оюутан сайн, онц гэсэн дүнг мөрөөдөөд ч хэрэггүй.Гадаадын уран зохиолын багш Р.Болд нэг удаагийн семинар дээр “Обломов гэж хэн бэ” гэж А.Борхүүгээс асуусан байна. Обломов гэдэг нь тухайн нийгэмд залхуугийн хамгийн сонгодог жишээ болсон номын баатар. Тэгэхэд А.Борхүү “Их муухай хүн” хэмээн хариулсан нь хэзээнээс ёгт Р.Болд багшийн анхааралд өртөж ярьсаар байгаад нөхөр А.Борхүү нь обломов болж ангийн нөхөд нь ярьж, инээх зүйлтэй хоцорсон байдаг. Ингэсээр Р.Болд багш А.Борхүүгээ гадаадын уран зохиолын номоос салахгүй, шимтэн уншдаг оюутан болгосон байна. Бас нэг удаа семинар дээр “Гульсар минь баяртай” номыг даалгаварт өгснөө асуужээ. Мөн л А.Борхүүг босгон асууж. Уг ном нь өвгөн, морь хоёрын тухай. Гэтэл нөхөр “Өндөр цагаан хүүхэн байсан юм” гээд хариулж гэнэ. Багш нь ч явуулаад, асуугаад эхэлсэн байна. Оюутан нь “Тэр өндөр цагаан хүүхэн явсаар нэгэн залуутай танилцан сайхан амьдарсан гэдэг” гээд төгсгөсөн нь бүтэн жилийн инээд болсныг одоо ч дурсана.

Мөнгөн ээмэг, монгол дээлтэй бол Багшийн дээдийн монгол хэлний ангийнхан гэж Улаанбаатарын хэмжээнд хошигнодог байсан бол анги дотроо ой, төгөл гэсэн нэршлийг хэрэглэдэг байжээ. Ой нь онц сурлагатнууд урд эгнээг дүүргэж хичээлдээ тааруу нэг нь төгөл болон араар нуугддаг байж. Төгөл бүлэгт өндөр биетэй олон ч хүүхэд багтдаг бөгөөд нэг цаг 30 минутын хичээл дуустал хамаг биеэ хураан суух гэж ихээхэн том зүйл болдог байсан байна.

Г.Мэнд-Ооёогийн удирддаг утга зохиолын дугуйланд нийгэмд нэр нөлөө бүхий томоохон зохиол ч ирнэ гэвэл оюутнуудын ёстой амны хужир нь болдог байжээ. Ц.Гайтав гуай халамцуухан ирээд утга, уран зохиолын тухай, Ц.Дамдинсүрэн гуай судалгааны ажил хийх арга барилын тухай ярина. “Эрдэм шинжилгээний ажил хийхэд шогол ашиглах ёстой. Шогол гэдэг нь дөрвөлжин нүдтэй хайрцганд уншсан зүйлээ толгой үсгийн дарааллаар оруулна” гээд сургана. Тэрээр бид амьдралд бас хөгжилтэй зүйлийг ярьж байх ёстой гээд “Би энд тэнд явж байхдаа. Хүүхэд, хүүхнүүд шаваад ирэхээр Эрээн алаг барсыг элдэв аргаар номхруулж болно. Эхнэр гэдэг гэзэгтэй барыг эрхлүүлэх тусам толгой дээр гарна гэж уншдаг юм” гээд ёстой л шүлс гоожтол ярьдаг байжээ. Харин П.Бадарч гуай офицер цолтой сэлэм шиг залуу байсан гэнэ. “Буун сумны дуунд булганы үс унана” гээд эхлэхэд Багшийн дээдийн эмэгтэй оюутнууд шүүрс алддаг байж. Яг энэ үед Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар дээд ангиас нь, үе тэнгийнхнээс нь Ж.Саруулбуян, шар Мийгаа нар тус сургуульд бэлтгэгдэж байсан бол Б.Лхагвасүрэнгийн, О.Дашбалбарын шүлэг яригдаж байсан гэнэ.

Мэдээж оюутан ахуй цагийг намрын ажил, цайны газар, хоол ундтай холбоотой хөгжилтэй явдалгүйгээр төсөөлөх аргагүй. Хөдөөний голдуу оюутан байранд ирнэ. Байранд орох гэж уртаас урт дараалал үүсэх бөгөөд тасгаа сонгоод авбал дараа дараагийн асуудал юу ч биш. Тэр үед 240 төгрөгийн стипенд авдаг учраас гачигдал бараг байхгүй. Гэхдээ ар гэрээсээ холдож үзээгүй хүүхдүүд дөрвөн жилийн хугацаатай ирж байгаа учир сэтгэл цадна гэж үгүй. Нийтийн хоолонд хоолшихгүй. Байрныхаа ний­тийн гал тогоонд өөрсдөө хоол хийлээ ч ихэвчлэн гоймонтой шөл идэх учраас сэтгэл нэг л дундуур. Хэрвээ нийтийн гал тогоонд оюутнууд зэрэгцээд хоол хийж байхад нэг нь цуйван бэлдвэл анаж байгаад хулгайлна. Охидын байраар явахад олуу­лаа бол хоолоо нуугаад өгөхгүй болохоор ихэвчлэн ганцаарчилсан тоглолт хийж тасаг, байраар нь хэсч тэднээр дайлуулна. Дайлуулахдаа амаа ангатал ярьж, тэднийг хөгжөөх зарчимтай.

Тэр цагийн гоёл драпан пальто, тарфицан өмд. Эмэгтэйчүүдийн хувьд импор­тын хийгээд гар хийцийн юбка, өндөр ултай оймсон түрийт гутлаар гангарна. Гэхдээ намрын ажил эхлэхэд юун гоёж, гоодох. Хөвөнтэй куртка, шар вааран өмд, орос бакиалаар эр, эмгүй жигдэрнэ. Эмэгтэйчүүдийн хувьд нүүр, нүдний будаг хомс ч олж аваад будна. Тэгээд багш нараа орж ирэхээс өмнө буцаагаад арилгана. Ер нь Хөдөөгийн баясгалан, Мартагдашгүй намар кинонууд тухайн үед хийгдсэн бөгөөд тэр үеийн оюутнуудын намрын ажил, зуны ажлыг яг тусгасан байдаг байна. Монгол хэл уран зохиолын энэ ангийнхан л гэхэд Дундговь аймгийн Дэрэн сумын сургуулийн барилгыг 1976 онд барьсан түүхтэй. Тэгэхэд тус сумын баяр наадам нь таарч эрхэм До.Цэнджав шөвгөрч байсан юм байна. Тэд тэр л цагийнхаа жамаар хичээл номын төлөө хэнхэглэж, хэн нэгнээс өрсч унших, олж мэдэхийн тулд шамдаж явсан байна. Намар, зуны ажилд, хөлдүү газар ухахад ч эр, эм гэж жендер ярилгүй бүгд хүрз, лоом барин хөдөлмөрлөж, бүтээж босгож асан нь өдгөө 40 жилийн өмнөх түүх болон дурсагдаж буй нь энэ.

Монголын нийгмийн нэгэн үеийн төлөөлөл Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхны түүхээс багахан өгүүлэхэд ийм. Тэдний тухай, оюутан ахуй үеийг нь өгүүлэхэд сонины энэхэн зай багадна. Харин тэр цагийн хийгээд энэ цагийн оюутнуудын сурч боловсрох, эдэлж хэрэглэхийн хооронд, олж мэдсэн нь ч өдөр шөнө шиг ялгаатай байгаа нь харагдаж байлаа.

Л.МӨНХТӨР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Холливудад тоглосон Анхням, “Банш” Батаа, “ТВ коктейл”-ийн Өөскөгийн ангийнхан

СУИС-ийн бахархал, тайз дэлгэцийн бүтээлүүдэд мөнхөрсөн дүрээрээ, найруулсан уран бүтээлээрээ ард түмний эчнээ танил болсон эрхмүүдийг энэ удаагийн нэг ангийнхан буландаа урилаа. Тэд СУИС-ийн жүжигчний ангид 1998 онд элсэн суралцсан үеэсээ урлагийн амтыг мэдэрсэн нэг ангийнхан. Тиймдээ ч төдийгөөс өдийг хүртэл жүжигчид нь кинондоо тоглож, найруулагчид нь бүтээлээ найруулж, Монголын урлагийн салбарт өөрсдийн байр суурь, нэр хүндээ нэгэнт олцгоожээ. Мөрөөдлийн теат­­рын жүжигчин “Банш” Батаа, “Ийм нэгэн дурлал”, “Сайн, муу, хэрцгий”, “Ми­ний хөрш чөтгөр” зэрэг дэл­гэцийн олон бүтээлүүдийн зохиолыг бичиж, найруулсан “Миеэгомбо” кино компанийн захирал, продюссер, найруу­лагч А.Миеэгомбо, “ТВ кок­­тейл”-ийн Өөскө, нэрт алиалагч Латиф агсны хүү, жүжигчин Нурбулан, “Чонон сүлд” хэмээх Холливудын кинонд тоглосон жүжигчин Р.Анхням,хөтлөгч, жүжигчин, дуучин Ч.Ундрал гээд яривал эдний ангиас төрөн гарсан алдартнууд олон. Эдний ангийн алдартнууд ингээд дуусахгүй. “ТВ-9”, “ETV” телевизүүдэд ажиллаж байсан сэтгүүлч М.Бүжинлхам, “UBS” телевизийн найруулагч Б.Жаргалсайхан, “Янаг дур­лалын дууль”, Тусгай салаа” зэрэг уран бүтээлээрээ олны танил жүжигчин Т.Ариун­бу­­­лаг, МАХН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга З.Бадамсэд, Монголын Үндэсний радиогийн най­руулагч, хөтлөгч Мөнхбат, “17 чингэлэг инээд” хошиг шогийн гол дүрийн жүжигчин Г.Болормаа, киноны дуу оруу­лагч Т.Солонго, Бат­су­мъ­яа гээд салбартаа амжилттай ажиллаж яваа залуус өчнөөн.

Урлагт элэгтэй, жүжигчин, найруулагч болохыг хүссэн 500 гаруй шалгуулагчдаас эхний 25-д шалгарсан нь СУИС-ийн өндөр босгыг алхан оржээ. Ингэж элссэн оюутнуудын тал нь хүсэл эрмэлзэл, зорьсон зорилгодоо үнэнч хэвээр сургуулиа амжилттай төгссөн гээд бодохоор СУИС ямархуу өндөр шалгуур, шалгалтаар элсэлчдээ бүртгэн авч, мэргэжлийн хэр түвшинд хичээл номоо зааж, сурч мэдсэнийг нь хэрхэн бодитой, шударга шалгадаг нь бэлхнээ харагдана.

Нэг ангийнхан болзсон газраа цуглаж эхэллээ. Ангийн дарга А.Миеэгомбо ирц бүртгэж байна аа. “Рагчаагийн Анхням саяхан төрсөн, хүүхдийг нь харах хүнгүй болохоор ирж чадахгүй гэдгээ хэлсэн, Төмөрбаатарын Ариунбулаг замд түгжрээд явж байна гэсэн, Мягмарсүрэнгийн Бүжинлхам ирсэн байна, Доржийн Баттөмөр Хөтөлд шинэ жилийн арга хэмжээнд оролцоод явж байна, Батсумъяа хоцорч ирнэ гэсэн” гээд бичиг цаас харалгүй цээжээр дуржигнуулж гарав. Тэгснээ “Батаа, Өөскө хоёр шинэ жилийн арга хэмжээнд оролцож, бас хөтөлж байгаа гээд надаас “чөлөө” авсан. Жаргалсайхан бас баярын нэвтрүүлгээ бэлдээд завгүй байгаа. Дараагийн удаа заавал ирнэ гэдгээ амласан” гэв. Ангийнхныгаа овог нэртэй нь, үсгийн дарааллаар нь цээжээр мэдэж байгаагаа “Манай сургуулийн Н.Ганхуяг багш орж ирүүтээ нэгдүгээр салааны эхний ширээнд суусан оюутнаас эхлээд ирц бүртгэнэ. Хүүхэд бүр овог нэрээ бүтнээр нь хэлдэг байсан юм. Эхний оюутан овог нэрээ хэлэнгүүт дараагийнх нь түүнийг давтаж хэлээд, залгуулаад өөрийнхөө овог нэрийг хэлнэ. Гурав дахь нь өмнөх хоёр оюутныхаа овог нэрийг хэлж, өөрийнхийгөө залгуулж хэлнэ. Энэ мэтчилэн явсаар гуравдугаар салааны хамгийн арын ширээнд суусан хүүхэд бусад бүх хүүхдүүдийнхээ овог нэрийг бүтнээр нь хэлээд, нэрээ хэлдэг байлаа. Дандаа нэгдүгээр эгнээний эхний ширээнээс эхэлж ирц бүртгэхгүй. Хоёрдугаар салааны гурав дахь ширээнээс эхлүүлж ч болно. Тэгэхээр яалт ч үгүй ангийн хүүхдүүдийн нэр овогтойгоо цээжлэгдэнэ биз дээ. Эхэндээ гайхдаг байсан чтөд удалгүй энэ нь хөдөлгөөн дундаа цээжилснээ санах, хэл яриагаа зүгшрүүлэх анхан шатны дасгал байсныг ойлгосон. Энэ бол наад захын жишээ шүү дээ. Энэ мэтчилэн жүжигчний ур чадвар болоод хувь хүн талаасаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдэж, сурч байх ёстой мэргэжил эзэмшсэн хүмүүс дээ бид” гэлээ. Гэтэл М.Бүжинлхам хажуунаас нь “Зурагтаар гарч, тайзан дээр худлаа үнэн үсэрч цовхчин, тас тас хөхрөн эсвэл енгэнэтэл уйлж олны танил, “од” болохынхэнээтэй амьтдыг жүжигчин гэдэггүй юм шүү дээ. Нөгөө талаар тоо бодохоос зугтааж, ном уншихыг хүсдэггүй салбадай шиг нөхдүүд урлагийн замыг сонгодог гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Ийм авьяас билиггүй хүн ямар ч аргаар хамаагүй урлагийн зэрэг, дипломоо авлаа ч тайзан дээр гарах нь бүү хэл урлагт хөл тавьж ч чадахгүй. Харин соёлтой үзэгч болж чадна. Үнэн хэрэг дээрээ жүжигчин бол үзэгч олны зүрх хэмээх алтан авдрын түгжээг мулталж, сэтгэл хэмээх эмзэг агаад нандин орон зайд өөрийн үг үйлдлийг шивж үлдээдэг. Ерөөсөө урлагт арын хаалга байдаггүй гэдэг л энэ” гэж байна. Бусад нь ч “Үнэхээр тийм шүү. Жүжигчний хөдөлмөр хичнээн хүнд хүчир болохыг “UBS” телевизийн “Орших уу, эс орших уу” шоу нэвтрүүлэг жинхэнэ утгаар нь харуулж байна даа” гэцгээв.

Эдний ангийнхан дөнгөж нэгдүгээр дамжаанд байхдаа л төгсөх дамжааны оюутнуудтайгаа өрсөлддөг байж. Т.Ариунбулаг “Уран уншлагын тэмцээнд ангиараа ороод, хоёрдугаар шатанд бараг ихэнх нь тэнцчихсэн чинь гуравдугаар дамжааныхан өөр хоорондоо, манай нэгийнхэн чинь бүгдээрээ шахуу дараагийн шатанд тэнцчихэж, ёстой лут юм аа” гэж ярилцдаг байгаа. Тэгэхээр нь ангийнхан дээрээ ирээд дээд курсийн ах эгч нар биднээс айж байна шүү. Бүгдээрээ сайн бэлдээд үзүүлээд өгье гэж урам өгч байсан ч удаатай” хэмээн дурсав.

Жүжигчний ангийнхан учраас нэгнээрээ тоглоом хийх гэж үзүүлж өгдөг байж. Нэг удаа шийтгэлтэй тоглосон чинь Т.Солонго хожигдчихож. Ангийнхан нь ямар ч хамаагүй аргаар 500 төгрөг гаднаас олж ир гэж л дээ. Тэгтэл мань хүн сургуулийнхаа урдуур явсан хүн бүрээс “Уучлаарай, та надад 50 төгрөг байвал өгч туслаач. Ариун цэврийн хэрэглэл авах гэсэн ямар ч мөнгө байдаггүй” гэсээр 500 төгрөг цуглуулж байжээ.

Жүжигчин Д.Баттөмөр буюу Банш Батаа ангийн дундаа абсурд нэртэй юм байна. Учир нь тэрээр оюутан ахуйдаа ямарваа нэгэн дүр, бүтээл дээр ажиллахдаа “Абсурд байдлаар хандмаар байна” гээд багагүй хугацаанд бодож тунгаадаг байсан гэнэ. Ингэсний эцэст дүрээ чадварлагаар бүтээхийн сацуу, жүжиглэлт нь хүртэл бусдаас арай өвөрмөц болдог байж. “Мөрөөдлийн театрын шинэ тоглолт болгоны нээлтэндээ ангийнхнаа урьдаг гэнэ. Ангийнхан Батаагаа магтаад жигтэйхэн. “Би юун дээр анхаарвал болох уу? Миний тэр номерийн энэ хэсэг нь хэр болсон байна?, Би ингэж өөрчилдөг ч юм бил үү гэж бодож байгаа” гэхчлэн зөвлөгөө, туслалцаа биднээс байнга авдаг. Яг л оюутан ахуй цаг шигээ. “Од”-ын өвчин тусаагүй гэх юм уу даа. Ер нь ч олон “од”-той хэдий ч өнөөг хүртэл оюутан цагийн зангаараа байдаг. Ямар сайндаа ангийн дарга Миеэ рүү залгаж, учир байдлаа тайлбарлан энэ удаагийн уулзалтаас чөлөө гуйх билээ дээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр бидний зөвлөснөөр эсвэл өөрийн уран сэтгэмжээрээ зарим үзүүлбэр, жүжиглэлт зэргээ үргэлж сайжруулсан нь дараа дараагийнх нь тоглолтуудаас илт мэдрэгдэж байдаг. Ингэж л бие биенээ хурцалж, урам өгч байдаг даа, манай ангийнхан” хэмээцгээв.

Харин эдний ангийн нэг, жүжигчин Анхнямыг 2015 оны хоёрдугаар сард нээлтээ хийх Хятадын алдарт зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн Францын кино найруулагч Жин Жаквиз Аннаудын бүтээл болох “Чонон сүлд” уран сайхны кинонд дүр бүтээсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Франц найруулагч Хятадын уран бүтээлчидтэй хамтран, дэлхийн хэмжээний буюу Холливудын хэмжээний кино хийсэн хэмээн урлаг судлаачид дүгнэсэн билээ. Сарын өмнөөс киноны албан ёсны трэйлер интернэт ертөнцөд цацагдаад эхэлчихсэн бөгөөд олон сая хүн үзээд байгаа. Тиймээс энэхүү уран бүтээлийг Монголын нүүдэлчин өвөг дээдсийн амьдралын үнэн мөнийг харуулсан шилдэг бүтээл хэмээн дэлхий дахинаа ихээхэн хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлээр тодроод буй. Харин түүний тоглосон монгол кинонуудыг нэрлэнэ гэвэл нилээдгүй урт жагсаалт гарах нь тодорхой. М.Бүжинлхам “Ийм дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлнө гэдэг үнэндээ нөр их хөдөлмөрийн үр дүн. Оюутан байх үеэсээ л манай Анхаа авьяаслаг, хөдөлмөрч байсан” гэсэн юм.

Дахиад л хөгжил хөөртэй дурсамж хөврөв. Тайзны хөдөлгөөний сургуулилтаа хийх танхим олдохгүй болохоор нь нэг удаа сургуулийнхаа хажууханд хийжээ. Нэгнийгээ харааж зүхээд, цас бужигнуулан зодолдох залуусыг харсан хүмүүс цагдаа дуудчихаж. Төд удалгүй цагдаа нар иржээ. Баривчилж саатуулахаар ирсэн цагдаа нар өөдөөс нь хараад марсайтал инээлдэх залуусыг хараад гайхаж орхисон гэнэ. Энэ үед л юу болж байгааг ухаарсан Мөнхбат “Бид чинь хүн итгэтэл ийм үнэмшилтэйгээр тайзны хөдөлгөөнөө бэлдлээ гэж үү” гэсэн гэдэг.

Тэд дипломныхоо ажлаараа Европын нэгэн зохиолчийн “Тагтаа” гэдэг жүжгийг тогложээ. Сүргийнхээ ганц эр тагтаанд тоогдох гэж эм тагтаанууд нь байдаг арга чаргаа барцгаадаг тухай жүжиг гэнэ. Эм тагтаанууд эр тагтааны суусан газар нь сууж, алхсан газар нь шогшиж, хийсэн бүх үйлдлийг нь биенээсээ өрсөн хийдэг өрнөлтэй аж. Эр тагтаа лонхноос ус уунгуут эм тагтаанууд дуурайн уудаг хэсэг дээр нэг хөгтэй явдал тохиолджээ. Нэг “хорлонтой” нөхөр нь лонх руу архи хийчихэж. Багш нар жирийтэл суучихсан танхимд тоглож эхэлж дээ. Эр тагтаа лонхтойг уухдаа сүрхий огиулснаа балгачихаж. Харин эм тагтаанууд нь лонхыг булаацалдан авснаа үнэрийг нь авангуутаа бие бие рүүгээ түлхэж гэнэ. Гэсэн ч багш нарынхаа өмнө алдаа гаргаж болохгүй учраас бага багаар амссаар лонхтой архиа дуусгажээ. Бас хоёрдугаар дамжаандаа ангиараа шалгалт өгч байж. Тэгтэл хаалгаар З.Бадамсэдийг тайзан дээр гарч ирүүт дээрээс нь шуудайтай юм унаж, тэр үхэх ёстой байж.

Т.Солонго ярианд орол­цож, “Би Л.Нурланы онигоог ярих уу” гэвэл бусад “Тэг л дээ” гээд толгой дохив. Тэрээр “Нэгдүгээр курст ороод өөрийгөө танилцуул гэсэн чинь Л.Нурлан ангийнхныхаа өмнө гарснаа “Намайг Н гэдэг. Би нэрээ хэлэхгүй. Манай аавыг Л гэдэг. Монголын урлагийн нэртэй зүтгэлтэн гэхдээ бас нэрийг нь хэлэхгүй. Харин ахыг минь Н гэдэг” гэхээр нь ангийнхан нь гайхаад Д.Баттөмөр “Чи ядаж хэдэн онд төрснөө хэлэх юм байгаа биз дээ” гэсэн чинь “1970-аад онд” гэсэн биз дээ гэвэл бусад нь “Харин Болдбаатар “Би хээрээс ирсэн” гэж хэлсэн биз дээ” гээд бөөн инээдэм болов. Гэхдээ Л.Нурлан оюутан ахуйдаа багагүй хөдөлмөрч байжээ. Тагтааны дүрд хувилахын тулд ангидаа тагтаа хүртэл авчирч байжээ. Ажиглах гэж тэр шүү дээ. Тэр бүү хэл өгөр яс хүртэл анги дээрээ авчирч, “Наад өгөр яснуудаа гаргаж хая” гэж зэмлүүлсэн ч удаатай аж. А.Миеэгомбо “Биднийг оюутан ахуй цагт ДОХ-ын эсрэг сурталчилгаа телевизүүдээр их гардаг байсан даа. Тэгсэн Өөскө, Жак, Бадмаа гурав тамхи татчихаад ороод ирлээ. Тэгсэн Бадмаа “Би ДОХ тусчихаж. Өглөө шинжилгээ өгч мэдлээ” гээд намайг тэврээд уйлтал Өөскө, Бадмаа хоёрын царай барайгаад л явчихсан.Тэгсэн Өөскө “Өө новш, тамхи хэрэггүй хувааж татлаа” гэдэг байгаа. Манай хүмүүс бодвол тамхи хувааж татаад ДОХ тусчихлаа л гэж бодсон байх. Тэгж нэг Өөскө, Жак хоёроороо айхтар тоглож билээ” гээд тас тас хөхрөв.

М.Болормаа “Ихийг хийж бүтээх оргилуун залуу халуун насандаа Монголын урлагийн салбарт хүчин зүтгэж, тулгын чулууг нь тавилцаж, өдгөө тэрхүү урлагийн тулгандаа бадраасан галаа улам дүрэлзүүлж, тив дэлхийн тавцанд гаргахаар хөдөлмөрлөж байгаа Л.Чаминчулуун, Ардын жүжигчин Н.Сувд зэрэг чадварлаг багш нараараа бахархдаг. Багш нар маань бидэнд юм сургах гэж өөрснөө шатдаг байсан. Зөвлөх багшаар хошин урлагийн “X-Түц” продакшны жүжигчин Р.Алтансүх, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар ажиллаж байсан. Р.Алтансүх багш жүжиглэх ур чадвар тал дээр нь анхаардаг бол Н.Наранбаатар аливааг өөр өнцгөөс харах, сэтгэхийг шаарддаг байсан” гэв. А.Миеэгомбо “Тийм шүү, Багш нарынхаа ачаар бусдын хэлдэг шиг хоёр нь л жүжигчин бусад нь соёлтой үзэгч болоогүй. Манай ангийнхны хоёр нь сэтгүүлч, гурван нь найруулагч бол бусад нь жүжигчин. Бүгд мэргэжлээрээ олондоо хүндлэгдэж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид” гэв. Эдний ангийнхан оюутан ахуйдаа “Zaya`sh” студийн клип, уран бүтээлийн зураг авалтад ангиараа оролцдог байсан гэнэ.

Хэн нэгэн нь кино найруу­лах, кинонд тоглох, шоу тоглолт хийх бүрт нээлтийн ажиллагаан дээр нь ангиараа цуглардаг юм байна. Уран бүтээлийг нь сонирхсоныхоо дараа нэгэндээ юун дээр алдсан болон юуг нь сайжруулах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг гэсэн шүү.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Улсын гарьд, начин цолтонтой нэг ангийнхан

“Манай ангиас аймгийн арслан зургаа төрсөн. Тэр зургаагаас хоёр нь улсын цолонд хүрсэн. Үлдсэн дөрөв маань ид барилдаж байгаа. Ер нь манай ангийн 25 төгсөгчөөс арав гаруй нь улс, аймгийн цолтой. Жинхэнэ шижигнэсэн хөвгүүд байлаа даа” гэж оюутан цагийн дурсамжаа ярих нэг ангийнхантай уулзлаа. Тэд бол 2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийн төгсөгчид. Ангийн багш нь Монгол Улсын начин Д.Адъяахүү. Спортод, тэр дундаа бөхөд хайртай 35 залуу эх орныхоо өнцөг булан бүрээс цуглаж нэг ангийнхан болжээ. Дөнгөж арван жилийн сургуулиа төгсөөд ирцгээсэн, тэгээд ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор барагтай бол гадуур тэнэдэггүй байсан гэнэ. Эхний хоёр жил гэр сургууль, сургууль оюутны байрны хооронд жим гартал алхдаг байсан тухайгаа ярьж байна. Нэгдүгээр курст байхдаа хичээлээ цаг тухайд нь хийдэг, одоогийн оюутнууд шиг ганц нэг цагийг тасална гэх ойлголтгүй байжээ. Нэг ёсондоо тун томоотой оюутнууд явсан гэнэ. Гэхдээ хөвгүүд л болсон хойно байсгээд сахилгагүйтчихнэ. Багш нь тэр үед айхтар загнаад байхгүй ч хааяа нэг орой руу нь ортол зэмлэдэг байжээ.

Эдний ангийнхан нэгдүгээр курстээ 35-уулаа элссэн гэсэн. Дөрвөн жилийн хугацаанд шилжих нь шилжээд, сургуулиа орхих нь орхисоор 25-уулаа төгсчээ. Харин ангид ганцхан охин байсан нь Уянга. Хөвгүүд нь ганц охиноо үерхэж барья гэж илт гуйхгүй ч гэлээ бусад ангийн хөвгүүдээс сэмхэн харамладаг байжээ. Ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн болохоор голдуу хотод байх ах дүү, хамаатан садныхаараа амьдардаг. Бусад нь оюутны дотуур байранд суудаг байжээ. Гэр орон, аав ээжээсээ хол болохоор гэдэс өлсөх, мөнгө төгрөггүй болох үе их гарна. Мөнгөтэй үедээ 100-гийн ундаа, 150-ын наполеон торт идчихнэ. Бас сургуулийхаа гуанзны пирожки, мантуун буузыг ёстой нэг идэх шиг болдог байсан гэнэ. “Тэр үеийн пирожкины амт одоо ч амтагдах шиг болж байна.

Манай сургуульд эрчүүд голдуу сурдаг байсан болохоор гуанзны эгч нар оюутан хүүхдүүд гээд өрөвддөг байсан байлгүй мах ихтэй хийдэг байсан шүү” гэж ярилаа. Нээрээ л оюутнууд пирожки, мантуун буузтай найзалсан шигээ дөрвөн жилийг өнгөрөөдөг дөө. Харин “Аварга” сургууль биеийн тамирынх гэдэг утгаараа сургууль дээрээ маш олон цагийг өнгөрөөдөг байжээ. Өглөө найман цагаас хичээл нь эхлээд өдөр 13, 14 цагийн үед тарна. Хичээл тарахаар цаг хэртэй хугацаанд хоол унд эргүүлж байгаад үдээс хойш бэлтгэлдээ гарна. Д.Адъяахүү багш нь чөлөөт бөхийн мэх, барилдах арга техникээс эхлээд бөх хүн биеэ хэрхэн авч явах тухай, спортын ёс зүй, хэм хэмжээний тухай хаа явсан газраа үлгэрлэдэг байсан гэнэ. Ангийнхан нь багшийгаа дурсахдаа “Манай багш биднийг ер нь зодож байгаагүй. Зарим эрэгтэй хүүхдүүдтэй ангийг удирдахад хэцүү байдаг юм шиг байна лээ. Багш зодоод гэхийг зөндөө л олон удаа сонсож байсан. Харин манай ангийн багш биднийг зодож байгаагүй. Загнах нь ч ховор байсан байх. Гэхдээ л бид багшаасаа их айна. Ер нь анзаараад байхад хүүхдийг айхтар загнахгүй байхаар тэр хэрээр хүндлэл хүлээдэг шиг байгаа юм. Манай багш тийм л хүн байсан. Амьдрал дээр гарахаар янз бүрийн л хүнтэй уулзана. Хэцүү ааштай хүнтэй таарлаа гэхэд багш байсан бол лав л муудалцахгүй, эвтэйхэн өнгөөрчих байсан даа гэж бодоод аргалдаг юм” гэв.

Эднийх биеийн тамирын сургууль ч гэлээ оюутнуудын дунд ямар л уралдаан тэмцээн болох ёстой тэр бүхнийг зохионо. Урлагийн үзлэг болохоор ганцхан охинтой ч янз бүрийн үзүүлбэр үзүүлчихнэ. Чөлөөт сэдэв дээр туранхай, өндөр биетэй хөвгүүдээ загвар өмсөгч болгоод шоу хийчих жишээтэй. Энхсүх, Лхагва-Очир, Буянбаатар нарын залуус нүүрээ будаад, хиймэл үс зүүн эмэгтэй дүрд тоглодог байжээ. Эгчийнхээ, дүүгийнхээ, таньдаг эмэгтэй найзынхаа өндөр өсгийт, даашинзыг өмсөөд гунхалзаж өгнө. Бүр хөхний даруулга хүртэл зүүдэг байсан гэж байгаа. Нэгдүгээр курсийнхээ урлагийн үзлэгээр үзүүлсэн уг үзүүлбэр шүүгчдийн зүгээс өндөр оноо авсан тул ангиараа тэргүүн байр эзэлж байжээ. Харин найрал дуу дуулахаар дан эрчүүд урлагийн заалыг нураах шахам, сүртэйхэн дуулдаг байсан гэнэ. Бас сагсан бөмбөгөөр хоёр ч удаа сургуулийнхаа аварга болж байжээ. Ер нь авьяастай хүүхдүүд олон. Л.Баасанбаяр, Отгонхүү, Цэнджав, Эрдэнэбат, Лхагваа нарын хүүхдүүд ангийнхнаа манлайлан явдаг байжээ.

Хөвгүүд олонтой, дан эрчүүдийн анги ч гээд хэлчихэж болох учраас аливаа баяр ёслолын үеэр олон охинтой сургуулийнхантай шефлэнэ. Өөр сургуулийн, олон охинтой анги олох үүргийг ангийн багш нь хариуцдаг байжээ. Багшийнхаа олоод ирсэн ангийн охидыг хөөрхөн, муухай гэж гололгүй бөөн баяр болон хүлээн авдаг байсан гэдэг. Ингэж хоёр ангийнхан шефлэхэд хосоо олоод авах сэргэлэн нэгэн байх. Хэд хэдэн хос тэрхэн зууртаа үерхэж нөхөрлөж байсан нь оюутан ахуй цагийн дурсамж болон үлджээ.

Чөлөөт бөхийн ангийн хөвгүүд мэдээж хэрэг дөрвөн жилийг хоорондоо ноцолдож өнгөрөөсөн байж таараа. Бэлтгэлийн үеэр нэгийгээ давахын хүсэлд дийлдэн тэмцэлддэг мөртлөө хичээлийн бус цагаар нэгэндээ жигтэйхэн хайртай болчихсон байдаг байжээ. Ер нь гадны, өөр ангийнхнаас нэгийгээ учиргүй өмөөрнө. Ганц нэгээр нь явж байхад дээрэлхэх гэвэл олуулаа яваад очно. Гэхдээ гар зөрүүлэхгүй. Сүрийг бадруулж, нөгөө хэдийнхээ зүрхэнд шар ус хуруулчихаад л яваад өгчихдөг байжээ. Ер нь спортын аль нэг төрлөөр хичээллэж байгаа хүмүүс юун түрүүнд зодолдох гээд байдаггүй, аливаа маргааныг зөвөөр шийдвэрлээд сурчихдаг гэсэн. Харин нэгдүгээр курсээсээ хоорондоо, дараа нь сургуулийнхаа хэмжээнд ноцолддог байсан бол гуравдугаар курст орох жилээсээ улсын наадамд зодоглож эхэлсэн түүхтэй. Улсын наадам болон энд тэндхийн барилдаанд гайгүй гэсэн залуусаа ноцолдуулна. Заалны барилдаануудыг ер нь алгасдаггүй байжээ. Мөн төрөлх аймаг, сумынхаа наадамд очиж барилддаг байсан түүхтэй. Цолонд түрүүлж хүрсэн нь Ш.Жаргалсайхан. Тэрээр гуравдугаар курст орох жилийнхээ зун Завхан аймгийнхаа наадамд очиж ноцолдоод начин цол авсан гэнэ. Оюутан байх дөрвөн жилийн долдугаар сарын 12-ны оройг ангийнхан руугаа утас цохиж өнгөрүүлнэ. “За чи яав хө. Би гурвын даваанд уналаа. Тэр намайг амалж авлаа. Нөгөө хэдээс сураг байна уу. Манай нөгөө ангийн тэр манай нутгийнх юм байна. Аймагт ирж ноцолдоод овоо хэдэн даваа авчихлаа” гэхчлэн ярина. Оюутан байхаасаа ноцолдсон хөвгүүдээс одоо улсын цолтон хоёр төрчихсөн. Энэ жилийн наадамд үзүүрлэсэн улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын өсөх идэр начин Э.Энхбат хоёр тус ангийн бахархал. Наадам дөхөөд ирэхээр нөгөө хоёрын бэлтгэл хэр хангагдаж байгаа юм бол гээд чих тавин суудаг гэсэн. За тэгээд наадмын өмнөх орой барилдах хоёроосоо дутахгүй догдлон нойр нь хулждаг ажээ. Багаасаа бие биенээ мэдэх болсон нэг ангийнхан учраас давахад нь хамт хөөрч, өвдөг шороодоход нь хамт унаж иржээ. 2011 онд Ш.Жаргалсайхан, Э.Энхбат хоёр хамтдаа улсын начин цолонд хүрч анги хамт олон төдийгүй “Аварга” сургуулийнхнаа баярлуулжээ. “Өнгөрсөн жилийн наадмаар манай ангийнхан тэр чигтээ ёстой нэг догдолсон байх. Жагаагаа давах бүрт л магнай хагартлаа баярлаж байсан. Эрхгүй догдолдог юм билээ. Гэр гэртээ зурагтаа үзээд сууж байгаа хэрнээ давах бүрт нэг нэгэн рүүгээ залгаж баяраа хуваалцаж байсан” гэж ярив. Аваргуудыг даваа бүрт давсаар үзүүр, түрүү булаалдахаар зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирэхэд харах ч хэцүү, харахгүй байх ч хэцүү болтлоо тэвдэцгээжээ. Ангийн анд нь амжилттай сайн барилдаж, улсын гарьд цолонд хүрэхэд тун их бахархсан талаараа өнөөдөр ам булаалдан ярьж байна.

Тэдний оюутан насны дурсамж дандаа л бөхтэй холбоотой байх юм. Хоёрдугаар курст байхдаа ангийнх нь гайгүй сайн барилддаг таван залуу нийлж аваад Дарханд болсон тэмцээнд зодоглохоор явжээ. Дарханчууд ургацын баяраа хийгээд бөх барилдуулсан юм байх. Түрүүлсэн бөхийг хөгжмөөр шагнана гэдгийг дуулсан хөвгүүд уухайн тас явцгаажээ. Залуу насны дэврүүн сэтгэлээр очоод бүгдийг нь хага шидэх юм бодож явсан гэнэ. Тэгсэн нутгийн бөхчүүдэд бүгдээрээ өвдөг шороодчихож. Барилдаанаа дуусгачихаад буцах гэтэл унааны мөнгө үлдээгүй байна. Хөгжим өвөртлөөд буцна гэж байсан залуус харих ч мөнгөгүй болоод аргаа барахдаа галт тэргэнд “туулайчилж” хотод ирж байжээ.

Спортоор амьсгалсан ангийнхан өнөөдөр салбар салбарт амжилттай ажиллаж байна. Улсын цолтой хоёр бөхөөс гадна дөрвөн аймгийн арслантай. Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Батжаргал, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Нямдорж, Сэлэнгэ аймгийн арслан А.Амараа, Орхон аймгийн арслан Б.Ганхүү нарын “аваргууд” үндэсний бөхөөрөө барилдаж буй. Мөн Спортын төв ордны багш Батнаран тус ангийнх. Бусад нь голдуу хувийн бизнес хийж байгаа ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Эрхүүгийн их сургуулиар овоглосон хуульчид

Төгсөлтийнхөө 25 жилийн ойн баяраар сургуулийнхаа үүдэнд

Монгол Улс дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх гараагаа ОХУ-ын Эрхүүгийн их сургуулиас эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш Монголын үе үеийн залуусын оюутан ахуй цагийн дурсамж Эрхүүтэй холбогддог. Өнөө ч эл сэжим тасраагүй. Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд тохиож байгаа энэ мөчидОросын шинжлэх ухаан, соёлын төвөөс Эрхүүд төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна. Тэдний дундаас нэгэн ангийг сонгож, дурсамжийнх нь “хуудсыг” сөхлөө.Эрхүүд оюутан явсан хэн бүхэн тэднээр бахархдаг, өдгөө ч үлгэр дуурайллаа болгоцгоодог гэнэ.Тухайн үед тэднийг сургуулиа төгсөөд нутаг буцахад нь декан Л.П.Шаулина “Эрхүүгийн их сургуулийн түүхэнд ойрын арван жил танайх шиг ийм мундаг анги гарахгүй байх аа” хэмээн хэлж байсан удаатай.Монгол оюутнуудын нэр нүүр болж, орос багш нарт үнэлэгдэж явснаараа бахархдагаа тэд дурслаа. Энэ бол 1984-1989 онд Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетийг төгссөн нэг ангийнхан билээ. Эрхүүгийн их сургуулиар овоглосон хуульчид юм. “Эрхүү гэдэг нэрийг сонсохоорцэл залуу насны минь гэгээн дурсамжууд тодорч,амьдралын турш анд нөхөд болж яваа ангийнхан минь төсөөлөгддөг юм. Аравдугаар ангиа төгсөөд улаан шугамд багтаж, харь нутагт сурах “тийз” авсан бидний 23 хүүхэдЭрхүүд очиж байлаа. Баруун хязгаарын Увс болон Булган, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь гээд хот, хөдөөгөөс цугласан 18-тууд алс хол хүний нутагт эрдэм сурахаар зорьсон юм.

Эрхүүд хэлний бэлтгэлээ дүүргэчихээд байсан арван хүн бидэн дээрнэмэгдсэн л дээ.Манай ангийнхны33-уулаа болсон түүх ийм” хэмээн хуучлах нэгэн бол Г.Мөнхчимэг. Тэрээр мөрдөн байцаагчаар 20 гаруй жил ажилласан туршлагатай. Сүүлд 2004 онд ОХУ-д бэлтгэгдсэн Монголын анхны полиграфич эмэгтэй. Улсын мөрдөн байцаах газар хvний үнэн худал ярьж байгаа үгүйгполиграф гэдэг аппаратаар тодорхойлдог болсон нь түүний Москвад суралцаад ирсэн цагаас эхтэй. Полиграфийн аппаратыг хүн амины хэрэг илрүүлэхэд ашиглана,цагдаагийн бие бүрэлдэхүүн албандаа хэр үнэнч ажиллаж байгааг шалгана. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхнөхцөлд ч энэ аргыг хэрэглэдэг тухай Г.Мөнхчимэг ярьж байлаа. Тэрээр өдгөө мөрдөн байцаагчийн ажлаас завсарлаж, Газрын тосны газарт ажиллаж байгаа юм байна. Тэр бол энэ ангийн бахархлуудын нэг нь яах аргагүй мөн.

Эрхүүгийн хуулийн ангид орно гэдэг баргийн хүүгийн чаддаг ажил биш байсан гэлцдэг. Аймаг болгонд нэг л хуваарь очно. Гадаадад сурна гэдэг улаан шугамд багтсан, онц сурлагатнуудад олддогболомжбайв. Энэ л жишгээр 1984 оны тэр намар шилдгүүдийг цуглуулсан нэг анги нь эднийх байжээ. Тэд хичээл эхэлсэн цагаас л сургуульдаа манлайлагчид байж. Анхандаа хэлний бэрхшээл тулгарч байсан. Шууд л оросоор дужигнуулах багш нарын лекцийг гүйцэхгүйгээс эхлээд асуудал ундарсан байна. Гэвч орос сургууль төгссөн Б.Ундрах, Д.Нарантуяа хоёрын ачаархоцорсон лекцээ нөхөж авцгаана. Хожмоо хэн нь ч хэнээсээ ялгагдахааргүй жигд сайн суралцаж,ана мана өрсөлддөг болсон байна. Ангийн онц сурлагатан Б.Ундрах өдгөө Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн. Тэр хэзээний л гавал. Дөрвөн улирал дараалан онц сурч 120 рублийн степент авдаг оюутнуудын манлай.

Д.Нарантуяа ч ялгаагүй. Түүнийг ангийнхан нь “Энэ хорвоод мэндлэхдээ дарга байх заяанд төрсөн” хэмээн ярьцгаана. Учир нь тэрээр ангидаа байсан таван эвлэлийн даргын нэг. Сурагч байхдаа ч ангийн дарга, сургуулиа дүүргээд ажилд орохдоо ч дарга болсон хувь заяатай нэгэн хэмээн ангийн нөхөд нь хошигноно.Гэхдээ Д.Нарантуяа үнэхээр манлайлагч оюутан байсан гэдэг. Гитар тоглоод л “Журавли”-г ганган дуулна. Дуунд нь уярч, түүнд дурласан орос залуус олон.Одоо хэр нь Д.Нарантуяаг асууж, сураглацгаадаг гэнэ лээ. Ангийнхны “эгч” хэмээн авгайлдаг Б.Дэнсмаа мөн л онц сурлагатнуудын нэг.Одоо Дорнод аймагтдавах шатны шүүгчээр ажиллаж байгаа юм байна.Тэрээр ангийнхнаасаа насаар эгч байж шалихгүй. Гэхдээ нөхдийнхөө хувьд ээж нь л гэсэн үг. Өвдөж шаналсан нэгнээ асарч, тойлж, асуудлыг нь шийдэж өгдөг ажил хэзээнийДэнсмаагийн үүрэг мэтбайж. Тиймээс ангийнхан нь түүнийг “эгч” хэмээн хүндэлдэг юм байна. Ангийн дарга нь Болдбаатар. Гэвч тэрээр хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзжээ. Мөн л унаган орос хэлтэй, ангийн урдаа барьдаг оюутнуудын нэг байж.

Харин ангийнхныгаа нэг хүн шиг зангидаж, нийгмийн бүх ажлыг нь зохион байгуулж явдаг нь З.Алтангэрэл. Тэр бол энэ ангиас төрсөн өмгөөлөгчдийн нэг. Одоо ч түүний ажлын хуваарь хэвээрээ, ангийн нөхдөө цуглуулж, ажил зохион байгуулна. Оюутан насны дурсамж, ангийн хүүхдүүдийн онигоо, хөгжилтэй явдлуудыг ч он дарааллаар нь санадаг ой ухаантан гэнэ.Д.Цэндсүрэн ч ангийн манлайлагчдын нэг.Эвлэлийн үүрийн дарга. Дунд сургуулийн найзууд энэ ангид орж ирсэн нь Д.Саранцэцэг, Г.Тунгалаг нар. Сайхан ч дуулна, шүлэг уншина.

Ингээд дурдаад байвал энэ ангид бахархал болсон оюутан их. Уран гимнастикийн мастер, шатрын дэд мастер, хөнгөн атлетикийн тамирчнаас эхлээд авьяастан олонтой. Сургуулийн урлагийн үзлэгийг шуугиулна.Спортын тэмцээн уралдааныг тэд л өнгөлнө.Ямар сайндаа сургуульд анх очсон жилийнхээ урлагийн үзлэгийн эхний гурван байрыг бүгдийг нь хамж, орос оюутнуудыг ангайлгаж байхав. Охидын дөрвөл хамтлаг гаргаж,ардын язгуур урлагийн тоглолт үзүүлж,үлгэрийн баатруудыг “амилуулснаар” шагналын хамаг бялууг нь хамж байсан түүхтэй. Хуулийн сургуулиас гаргасан найрал дууны багийг энэ ангийнхан л бүрдүүлнэ.

Энэ тухай хожим Л.П.Шаулина багш нь “Та нарын дуул­сан дуу одоо хэр нь миний чихэнд хоногшин үлджээ” хэмээн нулимс унаган дурсан ярьдаг гэнэ. Энэ ангийнхан сурлагаараа ч ярих юмгүй. Эрхүүгийн хуулийн факультетад цойлдог байв. Олон нийтийн арга хэмжээнд бусдаас идэвхтэй оролцоно. Хичээл заадаг багш нар нь ч Эрхүүгийн их сургуулийн мундгууд. Л.А.Корчагина, Н.А.Пьянов,А.И.Хаснутдинов, В.В.Онохова, В.С.Абраменкова, О.П.Личичан, С.С.Акманов, О.А.Парягина, Г.А.Фоменко,В.А.Семеусов гээд л олон арван эрдэмтэн багшаа тэд бахархлын дээд гэж хүндэтгэнэ. “Биднийгхуульч хэмээх нэр төртэй мэргэжилд сургаж хүмүүжүүлсэн гавьяат хүмүүсээ бид мартаж болохгүй” хэмээн ярина.

“За тэгээд Эрхүүд оюутан байна гэдэг тэр чигээрээ адал явдал. Эрхүүгийн хаврыг дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жавар тачигнам хүйтэн ч гэлээ үзэсгэл энтэй тэр өвлийг нь мартахын аргагүй. Хичээлдээ ч хамт, байрандаа ч цуг, төмсөө шарж, хар талхаа идэж нэг хамт олон болж явсан тэр он жилүүдийн дурсамж хэзээ ч балрахгүй” гэж тэд хуучилна.Орос оюутнуудтай ахан дүүс мэт нөхөрлөж, баяр бүрийг хамтдаа тэмдэглэж явсан гэгээн дурсамжуудаа нэхэн санах ажээ. Хуулийн ангид сурч байсан тэр жилийн төгсөлтийнхөн цөм нэг анги. Тийм учраас орос, монгол гэлтгүй ойр дотно нөхөрлөцгөөсөн байна.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж байсан 1980-аад оны сүүлчээр монгол оюутнууд ганзагын наймаанд хааяа явна. Олсон мөнгөөрөөхаалттай хот Ангарскаас гангарааны хувцас авч самбаачилна. Тэр л жишгээр явсан оюутнуудын тоонд ордог байлаа. Ангийнх нь хөвгүүдийн зарим нь тарваганы арьс зөөж сэргэлэнд тооцогддог байсан тухай дурсамж бий.

Ямартай ч оюутан насаа үдсэнээс хойш олон жил өнгөрчээ. Гэсэн ч тэд өнөө хэр салаагүй. Өөр хоорондоо холбоотой. Байнга уулзаж, жил бүр шинэ жилээ тэмдэглэнэ. Жилийн өмнө хоёр багшаа Монголдавчирж амраасан байна. Эрхүүгийн хуулийн сургуульд сурч байсан оюутнууд багш нараа ирснийг дуулаад анги ангиараа цугларч, баяр хөөр болцгоож.Энэ бүхнийг эдний ангийнхан зохион байгуулжээ. Тэд төгсөлтийнхөө 25 жилийн ойгоор төрөлх сургуулиа зориод ирснээ ч олзуурхан ярина. 20-иод жилийн дарааЭрхүүгийн их сургуулийн “Уланбаторская” гудамжин дахь оюутны байрандаа очиход нь эрдэмтэн багш нар угтаж, инээд хөөрөөр бялхжээ.

Яг л олон жил очоогүй нутагтаа харьсан мэт, ахан дүүстэйгээ учран золгосонтой адил сэтгэл хангалуун байснаа дурсацгаав. Төрөлх сургуулиа зориод очих үед нь А.И.Хаснутдинов багш нь ОХУ-ын Хууль зүйн яамны харьяа Эрх зүйн академийн Хууль зүйн салбар дээд сургуулийн захирал болсон байлаа. Харин орлогч захирлаар нь В.В.Онохова, хүмүүжил эрхэлсэн захирлаар нь Л.А.Корчагина багш нь болсон байжээ. Удаан уулзаагүй орос найз нар нь “Хаана явна, та нарыг тосч авахаар ресторан бэлтчихээд байна” гэж утасдаад л , одоо манайхаар зочилно шүү гэдэг захиалгад дарагдаад л дэндүү сайхан өдрүүдийг өнгөрүүлжээ.

“Ленинградын их сургуулийг дөнгөж төгсөж ирээд орос хэл зааж байсан О.В.Сокольникова багш маань Дэнсмаа, Цэндсүрэн нарыг нэгдүгээр курст байхад нь хамтавахуулсан зургаа бариад ирчихсэн.Яг тэр үед нь манай Г.Батмөнх дуугаа дууллаа.Гэтэл Лена тэндээс “Хөөе Батмөнх өө чи ээжийн тухай Милая мама, как я тебя люблю гэдэг дуугаа дуулаач” гэж захиалаад л сайхан байсан” хэмээн хөөрөлдөнө. Олон арван өмгөөлөгч, шүүгч төрсөн энэ ангийнхан өнөөдөр онгоцноос буух Костя Якубовичбагшаа тосохоорхөл хөөрцөг болонявцгаав.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Сурагч байхдаа хоёр ч кино хийсэн арвын А-гийнхан

Нийслэлийн 23 дугаар бүрэн дунд сургуулийг 2005 онд төгссөн 10-ын А ангийнхантай уулзлаа. “Аравдугаар ангиа саяхан төгссөн мэт санагдаж байна. Нэг л мэдэхэд есөн жил өнгөрсөн байна шүү” гэж ярих залуус 1995 оны намар сурагчийн ширээнд тохой залган сууцгаажээ. Тухайн үед 23 дугаар сургууль гадаад хэлний гүнзгийрүүлсэн гэх тодотголтой байв. Орос, англи, солонгос, япон хэлийг гүнзгий түвшинд заадаг. Тиймээс элсэн орж байгаа хүүхдүүдээс тодорхой хэмжээний шалгалт авдаг байжээ. Нэгдүгээр ангид элсэн орсон алдрай жаалуудад А үсэг заасан бага ангийн багш нь Д.Баасансүрэн. Цагаан толгойгоо үзэж дуусаад үсэглэлийн баяр хийж байсан сурагч насны дурсамж одоо ч тэдний сэтгэлд тодхон гэрэлтэж байгаа.

Эдний ангийнхан дөрөвдүгээр ангиасаа орос хэлний хичээл үзэж эхэлжээ. Орос хэлний багш нь Буриадаас ирсэн настай хүн. Сурагчид багшийнхаа үгэнд орно гэж жигтэйхэн. Насаараа багшилсан хүн учраас хичээлээ ч сайн заана. Сурагчид ч хичээлдээ дуртай. Харин зургадугаар ангид орох жил орос хэлний багш нь солигджээ. Хүүхдүүдийн аль хэдийнэ дасчихаад байсан Буриад багш нутаг буцаж оронд нь дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн болов уу гэмээр хорь гаруйхан насны орос залуу хичээл орсон байна. Залуухан багшийн туршлага дутсан уу яасан хүүхдүүдийнхээ эвийг нэг л олохгүй байж гэнэ. Дээрээс нь буурьтай суурьтай буриад багштай нь харьцуулахад дэв дав хийсэн багш байж л дээ. Тиймээс хүүхдүүд л болсон хойно хичээл дээр нь үймүүлнэ. Багшийгаа монгол хэл мэдэхгүйг далимдуулаад эх хэлээрээ шоолно. Тэгсэн нэг өдөр хичээл дээр багшийгаа шоолоод инээлдэж байтал залуухан орос багшийн тэсвэр алдагдаж сандлаа бариад босоод иржээ. Бүр сурагчид руугаа сандал шидэх гээд, өнөө хэд нь зугтаагаад бөөн юм болсон байна. Удалгүй өнөөх багш ажлаа­саа гараад дахин шинэ багштай болж байсан түүх эдний ангид бий. Харин бага ангиасаа орос хэл үзэж байсны хүчинд оросоор тун дажгүй ярьчихна. Зарим нь орос хэлээр ус цас бол англи хэлд шамдсан нөх­дүүд ямартай ч хүний ярьсныг ойлгоод, өөрийгөө илэр­хийлээд байх хэмжээний мэд­лэг­тэй төгсөцгөөжээ. Бага ангиа төгсөөд тавдугаар ангид ороход нь Ш.Оюунсүрэн багш ангийг нь дааж авч гэнэ. Ш.Оюунсүрэн багш газарзүйн хичээл ордог. Маш зөөлөн хэрнээ сурагчдыг үгнээсээ гаргахгүй. Сурагчаа загнаад байхгүй, тэгсэн хэрнээ бүх хүүхэд багшаасаа эмээнэ. Буруу зүйл хийлээ гэхэд “Хөөе чи яагаад ингэж байгаа юм бэ” гэж зэмлэхээсээ урьтаад юу болсон учрыг нь асууна. Хэн буруу зүйл хийсэн, дахиж буруу зүйл хийж болохгүй гэдгийг сайтар ухамсарлуулдаг байжээ. Ш.Оюунсүрэн багш өдгөө 23 дугаар сургуулийнхаа хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэсэн. Ангийнх нь зарим нөхөд цаг заваараа багш дээрээ очиж мэнд мэдээд, сайн яваагаа дуулгадаг гэнэ лээ.

Сурагч ахуй цагийн дур­самж хүний амьдралын нандин зүйлийн нэг болдог. Алдаа гаргаж багшдаа загнуулах, онц сураад аав ээжээрээ маг­туу­лахын аль аль нь эргээд бодоход гэгээлгээр сэтгэлд үлдсэн байдаг. Эдний ангийнхан ч бас дурсах зүйл ихтэй. 23 дугаар сургууль найм, аравдугаар ангийн сурагч­дынхаа дунд “Мини Оскар” наадам зохиодог байв. Тэр нь сурагчдын дундах кино урлагийн наадам. Хүүхдүүд киноныхоо зохиолыг бичээд, найруулаад, жүжиглээд, зургаа аваад, монтажилна гээд бүх зүйлээ өөрсдөө хийнэ. Тэмцээний үеэр яг л Оскарын шагналт­нуудыг тодруулж буй мэт бүх номинациар нэр дэвшигчээ тодруулдаг ажээ. Тэд сургуулийнхаа хамгийн том тэмцээний нэг “Мини Оскар”-т наймдугаар ангидаа анх оролцжээ. Эдний ангийн тэргүүний сурагчдын нэг Б.Золбоо тухайн үед “Одод” студийн спортын нэвтрүүлгийн хөтлөгч байсан гэнэ. Телевизтэй, студитэй ойрхон түүнд богино хэмжээний кино хийх санаанд нь багтаад байжээ. Ингээд “Гурван найз” киноныхоо зохиолыг өөрөө бичээд, өөрөө найруулаад, өөрөө зургаа авчээ. Монтажаа ч мөн өөрөө хийсэн байна. Ямар сэдвээр кино хийх вэ гэж нэлээн бодсоны эцэст боевик кино хийе гэж ярилцаад зохиолоо бичжээ. Хар багаасаа найзалсан арван жилийн найзууд хожим бие биенийгээ танихгүй хоорондоо буудалцаж байгаа өрнөлтэй. Эцэст нь нэгнийхээ аминд хүрсний дараа найзыгаа таньж харамсаж байгаа­гаар кино дуусна. Ийм киноны зохиол бичээд зураг авалтдаа гарчээ. Жаахан хүүхдүүд учраас машин тэрэг хэрэг болно. Гудманд яваа хамгийн гоё машинтай хүн дээр гүйж очоод “Ах аа, бид нар кино хийж байгаа юм. Машинд чинь зураг аваадахъя” гэж гуйна. Дэлгүүрийн зураг авалтыг ч бас хүн гуйгаад л хийчихнэ. “Эгчээ, кино хийж байна.Дэлгүүрт зодолдох хэрэгтэй боллоо” гээд л. Аппарат, камер болсон жаахан хүүхдүүд ингээд гуйгаад ирэхээр татгалзах хүн байдаггүй, бүгд л уриалгахан зөвшөөрдөг байжээ. Ингээд киногоо хийгээд тэмцээндээ оров. Сургуулийнхаа хэмжээнд хамгийн анхны тулаант кино хийсэн гэж сайшаагдаад, ангиараа хоёрдугаар байр эзэлж, Б.Золбоо “Шилдэг кино зураглаач” шагналын эзэн болсон байна. Харин аравдугаар ангидаа оролцсон “Мини Оскар” тэдний санаанаас огт гардаггүй гэсэн. Өмнөх тэмцээний туршлагадаа тулгуурлахын зэрэгцээ бас ч гэж том болцгоосон учраас “чанартай бүтээл” хийхээр зорьжээ. Сэдэв нь хүртэл хэн бүхний сонгоод байдаггүйг чухалчилсан байна. Айхтар зодолддог залууг мафийнхан эгнээндээ нэгтгэх гээд. Залуу зөвшөөрөхгүй болохоор найз охиныг нь барьцаалж байгаа үйл явдалтай кино байж. Энэ удаагийн зураг авалт “өндөр түвшинд” болжээ. Ерөнхий, туслах хоёр зураглаачтай. Ангийнхаа Лодойг тухайн үед гарч байсан “Гурван марал од” Солонгосын олон ангит кинон дээр гардаг Сандугаар төсөөлчихсөн. Цамцных нь энгэрийг яраад, ардаа хамгаалагчтай явдаг мафийн толгойлогч болгоод л. Харин сайн зодолддог залуугаа тус киноны Ким Инха шиг байхыг найруулагч шаардана. Ингээд таньж мэдэх хүнээсээ бенз машиныг нь гуйж аваад Б.Энхбилэг жолооч болж байсан гэсэн. Харин ангийнх нь бусад хөвгүүд мафийн гишүүд болчихсон. Аав, нарынхаа костюмыг гуйж өмсөөд Тагнуулын ерөнхий газрын өмнөх талбайд гол зураг авалтаа хийж байжээ. Харин шөнийн зодоонтой хэсгээ “Тэнгис” кино театрын өмнөх талбайд авч байсан гэнэ. Хөвгүүд хоёр хуваагдан зодолдож байхад цагдаа нар “Юун зодоон цохион бэ” гэсээр хүрч ирж байжээ. Хөвгүүдийг ийн кинонд тоглож байхад охидууд арын ажлыг хариуцна. Жүжигчдээ өлсгөхгүйн тулд гэр гэртээ хоол цай хийж ирнэ. Бас зураг авалтад хэрэгтэй эд зүйлийг олох гэж чармайна. Киноны төгсгөлд буудалцаантай хэсэг гарах учраас тэр үед хэрэглэх жинхэнэ мэт харагдах тоглоомон буу хайж олох гээд ажил их. Тухайн үед киноны ажлаар гэртээ харих оройтон аав ээждээ загнуулж байсан бол өнөөдөр дурсан ярихад хамгийн хөгжилтэй, хэзээ ч мартамгүй дурсамж болон үлджээ.

Арвын А-гийнхан ерөнхий­дөө сурлага, хүмүүжлээр жигд­хэн сайн хүүхдүүдтэй байсан гэнэ. Сургуулийн дэг журам бусад сургуультай харьцуулахад нэлээн чанга байжээ. Охид үс гэзгээ хамаагүй задгай тавьж болохгүй. Нүүр амаа будна гэж санахын ч хэрэггүй. Гэдэс, нуруугаа гаргасан богино цамц өмсвөл сургуулиас хөөгдөх хүртэл арга хэмжээ авахуулах дээрээ тулна. Хөвгүүд ч мөн адил. Үсээ элдэв янзаар будахгүй. Өргөн өмд, хэлхгэр цамц өмсөхгүй. Хатуу чанга хэрнээ хүүхдийн хүмүүжилд маш эерэгээр нөлөөлсөн дэгийн үр дүнд эдний ангийнхан маш зөв төлөвшилтэй болж чадсан гэж бахархдаг юм байна. Сурлагаараа нэгэн жигд ч гэлээ тэр дундаас цойлон гарсан хүүхдүүд бас бий. Эдний ангийн гавал нь Н.Үүрцайх, О.Мөнхбаатар. Н.Үүрцайх Монголын хүүхдийн ордоны эрдэм алтан медальтайгаас гадна шатрын спортоор хотын аварга болж байжээ. О.Мөнхбаатар орос хэлний олимпиадад дүүргийн аварга болж байсан гэнэ. Спортоор ч бас мундагууд бий. Усан спортоор идэрчүүдийн улсын аварга болж байсан Г.Ариунаа арвын А-гийнх. Мөн сахилгагүй нөхөд ч бий. Б.Энхбилэг ангийнхаа хамгийн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байж. Байс гээд л хэрэг тарьчихаад аав ээжийгээ сургуулийн захиргаатай уулзуулна. Нэг удаа үймүүллээ гээд ангиасаа хөөгдчихөж. Дараагийн цагийн хичээлээ хүлээн подвольд байх хувцасны өлгүүрийн тэнд чимээгүйхэн зогсож байтал “Хувцасны өлгүүрийг хаяж гээгдүүлбэл торгуультай” гэх бичигний өрөөсөн булан наалтнаасаа салж байжээ. Нэг булан нь эргээд муухай харагдаад байхаар нь янзалчих санаатай тавцан дээр байсан шүдэнзээр тэрүүхэн хэсгийг шатаах гэтэл гал авалцчихаж. Тэрүүхэн тэндээ шатахгүй өлгүүрийн жижигхэн цонхоор орж хүүхдийн нэхий дээлэнд авалцжээ. Сандарсан хүү жижигхэн цонхоор шуртхийн ороод арай гэж нэг унтраасан байна. Гэхдээ нэг нэхий дээл, нэг куртикний хохиролтой. Галаа унтрааж дуусангуутаа хурдхан тэндээс холдохын түүс болж гуанзаар эргэлдэж гарчээ. Тэгсэн хичээлийн эрхлэгч хажуугаар нь зөрөхдөө хувцсанд нь шингэсэн хиншүүний үнэрээр бариад авч. Энэ мэт санамсаргүй хэрнээ дэггүйтэж байсан тохиолдол олон. Б.Энхбилэг бас зурах авьяастай. Шивээс хийгээд сурчихсан болохоор хүн бүрт л өнөөхөө хийгээд өгчих юмсан гэж бодно. Ангийнхан нь ч бас шивүүлэх дуртай. Би, би гэж шивүүлсээр байгаад аравдугаар ангиа төгсөхдөө талаас илүү нь шивээстэй болоод төгсжээ. Багадаа ингэж дүрсгүйтэж байсан хүү өнөөдөр “Монгол” телевизэд ажиллаж буй. Гадаадад найман жил сурч ирсэн тэрээр “Таны мөрөөдөл” нэвтрүүлгийн хөтлөгч, продюссер ийм ажилтай. Бас “Бодь электроникс”-ийн дэд захирал, Монголын либериал залуучуудын холбооны ТУЗ-ийн дарга Б.Золбоо эдний ангийнх. Түүнийг 2012 оны НИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байсныг хүмүүс санаж байгаа байх. Эдийн засаг, бизнесийн “Bloomberg” телевизийн хөтлөгч З.Энхболорыг танихгүй хүн байхгүй болов уу. Энэ мэтчилэн сурагч байхдаа эрдэмд номд шамдаж, зөв хүн болох төлөвшлийг сурч, хүүхэд насны цагаахан дэггүйтлээр тоглож өссөн 10-ын А-гийнхан өдгөө салбар бүрт ажиллаж байгаа. Гэхдээ зүгээр нэг ажилласан болоод өнгөрөх биш нийгмээ манлайлан орчин цагийн үлгэр жишээ залуусын тэргүүнд явна.

С.АЛТАН