Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар шиг өвлийн өдрүүд

Яруунайрагч Л.Моломжамцын “Хавар шиг тийм хонгор” гэсэн нэртэй сайхан ном бий. Эл номын нэр шиг сэтгэлд нэг л өегхөн, хавар шиг өвлийн дулаахан өдрүүд үргэлжилж байна. Уг нь өдийд идэр гурван есийн хүйтэн ид тачигнаж, ташуур алдам жаварлаж байдаг сан. Уурга бариад адуунд мордоход хурууны үзүүр чимчигнэж, үнэгэн нударга буулгахаас аргагүйднэ. Үхэр мал борвио хавиран хавчигнаж, мөстсөн хот зэлэндээ хэвтэхээс ч тойвшоосон янзтай, хөлөө ээлжлэн өргөх нь хүйтний эзний мөсөн шилбүүрт тас няс ороолгуулж байх шиг санагдана. Үнэгэн лоовуузаа хулгавчлан бүчлэхгүй л бол чихний үзүүр хайрагдан часхийж, хацар тэсэхийн аргагүй чичвэлзэнэ. Харин нэгэнтээ часхийлгээд авсан байхад хэсэгтээ мэдээ алдасхийснээ халуу оргиж хорсож эхэлнэ. Монгол орны дүн өвлийн цаг агаарын хэм ийм л хүйтэн цэвдэг байдаг. Яг ийм үеэр хүүхэд, хөгшид өдрийн цагаар ч гарахаас халширч, галынхаа эргэн тойронд будаатай цайгаа бужигнуулсан шигээ сууна даа.

Би хөдөөгийн хүүхэд болохоор нутгаараа жишиж байгаа царай нь энэ. Харин энэ жил урьд жилүүдийнхээс онцгой тогтуун сайхан байна. Ихэнх нутаг намраараа, мал ундны ч усгүй болох шинжтэй гэцгээн тэнгэрээс цагаахан будраа хүсэмжилнэ. Цас орлоо гэхэд өдөртөө л хайлмагтаад арилчихаж байна. Бүүр нэмэх хэмтэй газрууд ч байгаа дуулдав. Хавар шиг энэ өдрүүд хот суурингийнханд жаахан ч болтугай ээлээ өгч байгаа. Үгүй ядахнаа л халтиргаа үүсэж, замбөглөрөхгүй болохоор ажил сургуулиасаа хожимдох нь харьцангуй бага байгаа. Дулаавтар байгаа болохоор нүүрсний үнэ ч тогтвортой. Нүүрсээ тэр гадаад улс орондоо л үнэд хүргэж зардаг юм байгаа биз, жирийн олон түмэнд ханш нь нэмэгдэхгүй тусмаа л амьдралд нэмэртэй. Нэг л гэм нь агаар цэвэршиж өгөхгүй шинжтэй. Энэ өдрүүдэд жаахан л цас орчихвол хавар шиг өвлийн өдрүүдийн жинхэнэ чимэг нь болно доо.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утсандаа номын сантай болцгооё

Орчин цагт хүмүүс гар утасныхаа тусламжтайгаар амжилтад хүрсэн олон жишээ байна. Наад захын жишээ гэхэд махлаг хүмүүс жингээ хаялаа л гэнэ. Эзнийхээ эрүүл мэндэд бүрэн анхаардаг программ ухаалаг утаснуудад бий. Алхам бүрийг нь тоолж, хөдөлгөөнийг нь хяначихаж байна. Сахартай хүмүүсийн идэх хүнсийг хяначихна. Гар утаснаасаа интернэтэд орж дэлхийн хаана ч байгаа хүмүүстэй холбогдож, мэдээлэл авч болж байна. Энэ мэтчилэн гар утас холыг ойртуулж, хоёрыг учруулахаас гадны хүний эрүүл мэндийн хувийн зөвлөгч болжээ. Тэгвэл мэдлэг боловсролд нэмэрлэсэн хувийн номын сантай болцгооё.

Хаа ч явсан тантай цуг байдаг гар утсандаа номын сан суулгавал хэдийд ч хүссэн цагтаа номынхоо хуудсыг эргүүлчихэж болж байна. Монголын зохиолчид, ном бүтээгчид, хэвлэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд энэ боломжийг нээж иргэдийн номын санг баяжуулаасай. Тухайлбал дэлгүүрийн лангууны ард суудаг хүмүүс тэр болгон нийтийн номын санд очихгүй. Иймд иргэдийнхээ мэдлэг боловсролд анхаарсан энэ төрлийн үйлчилгээг манай мэдээлэл, технологийн салбарын мэргэжилтнүүд ч дэлгэрүүлээсэй. Ухаалаг утсыг бүрэн утгаар нь ашиглаж чадвал бидний хэрэглээний бүх юм тэнд бий.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Айлын охиныг жаргаана гэж авч суучихаад…

“Айлын охиныг жаргаана гэж авч суучихаад…” гэж хүмүүс ярьж, зарим эрчүүлийг ад үзнэ. Үнэндээ эр, эм хоёр харилцан бие биедээ хайртай болж, сайн дурын үндсэн дээр гэр бүл болдог. Гэр бүлээ батлуулахдаа хүртэл ингэж өргөдөл гаргадаг. Гэтэл яагаад айлын охиныг л жаргаах ёстой гэж. Эр хүн ч гэсэн тэр гэрлэлтээс аз жаргалыг мэдрэх ёстой. Гэр бүл болно гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийг алган дээрээ бөмбөрүүлж, халуун хүйтэнд зовоохгүй байхын нэр биш шүү. Бүхнийг эр хүний нуруун дээр үүрүүлдэг ийм нэг гажуудал гэмээр уламжлал явсаар бидний үед ирсэн. Гэр бүл гэдэг эхнэр, нөхөр гэсэн ижил тэнцүү эрх, үүрэг хүлээсэн хүмүүсийн хамтдаа байж, бүхнийг хамтран, нэгнээ түшихийн нэр.

Эр хүнийг байгалиасаа хатуу, чанга төрсөн, уул шиг нөмөртэй, холч ухаантай, уужуу бодолтой гэцгээдэг болохоор л эмзэг мэдрэмтгий, уян зөөлөн бүсгүйгээ хайрлаж халамжлах ёстой гэдэгт ихэнх хүн толгой дохин зөвшөөрдөг билээ. Ингэвч гэр бүлийн харилцаанд эрэгтэй хүнийг хайрлах, жаргаах ёстой гэдэг зарчмыг мартах учиргүй л дээ. Үүнийг мартсан болоод л “Айлын охиныг жаргаасангүй” гэж зэмлэдэг болов уу.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Уран бүтээлд сэтгэл ханах хийгээд эс ханахын тухайд

Хүн зорилго тэмүүлэл, бүтээж туурвих их хүслээ орхиж гэмээнэ амьдрахуйн сайхан хийгээд цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхгүй нь лав. Бурхан хүмүүн гэгчидэнэ ертөнцөөс буцан буцтал нь оюун ухаан, авьяас билгийн дундрашгүй баялаг заяадгийг биднэгнийхээ туулж өнгөрүүлсэн зам мөрөөс олонтаа хардаг.

“Цэцэн ханы их Лууяа” Дагвын Лувсаншарав гуай “Би найман настайдаа тэмээн тэрэг дагаад ижий аавынхаа хамт мөргөлд явж байлаа. Эрдэнэ зуу хийдэд Автай сайн хааны гэрийн буурин дээр цам харайхыг үзэж биширсэн. Хариннаян настай буурал “Хар хорум” дуурь бичээд яг тэрхүү буурин дээр Монгол төрийнхөө тэргүүнтэй зэрэгцэж суугаад бүтээлээ сонсоно чинээ санаагүй. Амьдрал гэдэг үнэндээ таашгүй юм” хэмээн өгүүлсэн нь бий.

Лувсаншарав гуай 90 хол давж наслахдаа монголчууд бидэнд үлгэр болсон нэгэн байв. Түүний дурсамж “Хүн уран бүтээлдээ сэтгэл ханаж болдоггүй юм” гэдгийг эрхгүй сануулдаг. Наян насны даваан дээр гарчихсан, Монголынхоо төрөөс ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар гээд бүх цолыг нь хүртчихсэн ёстой л нөгөө ханавал ханаж болохоор оргилд хүрсэн ч мөрөөрөө ажлаа хийж байсных нь баталгаа “Хар хорум” дуурь л даа. Уран бүтээлд сэтгэл ханана гэдэг амьдралдаа ханаж буйн илэрхийлэл болно. Тэгэхээр нас өндөр боллоо, авах ёстой бүх зүйлээ авлаа гэж бодож яав ч болохгүй нь. Зүгээр л ажлаа хийж, бүтээлээ туурвиж хүмүүний орчлонгийн өдөр бүрийн сайхныг өөртөө бэлэглэнэ гэдэг их хувь ажгуу.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан бүхэн нүдэнд бус сэтгэлд харагддаг

“Би хар багаасаа эгч аав хоёртойгоо өссөн. Ээж таныг энэ байранд байдаг гэж ааваас сонссон. Хэрвээ та миний бичсэнийголж уншсан бол охин Болор-Эрдэнэ чинь байна. Ээж ээ, хайртай шүү. Би таныг аль эрт уучилсан” хэмээн бичжээ. Нэгэнорцныхананд наасан тэр зурвасыг өчигдөр жиргээчид twitter-т онцолжээ. Бичгийн хэв нь зурвасны эзнийгбага ангийн сурагчгэдгийг нотлох аж. Үүнийг бичих сэдэл төрж,бичихээр шийдэж, авчирч наана гэдэг бяцхан охинд ахадсан зориг. Гэвч охины хайр эцэст нь дийлж,түүнээр энэ бүгдийг хийлгэж чадсан байна. Алгын чинээхэн зурвасамьдралын үнэн мөн, хүн хүнээ уучлахнинжин сэтгэлхоёр охиноо тэврээд үлдсэн тэр аавын амьдрал бүгдийг хэлээд өгөв.Ийм л зүрх сэтгэлтэй, хүн хүнээ хайрлаж уучилж чаддагүрсээр, иргэнээр Монгол орон баян байвал сайхан. Бодит байдлаас харвал охин хар нялхаар нь хаяад явсан ээждээ гомдмоор мэт. Гэвч сэтгэлээрээ, хайраараа ээжийгээ өршөөжээ. Энэ агуу уучлал биш гэж үү. Аавынх нь хүмүүжил түүнд ээжийгээ үгүйсгэх орон зайг үлдээгээгүй нь бахархам. Хайрыг хэр их хэмжээгээр хүртэж чадсан нь буцаад тэр хэмжээгээрээ бусдад өршөөл уучлал үзүүлж чаддаг юм шиг санагддаг. Амьдралд хүмүүс боловсролоороо бус хүмүүжлээрээ ялгардаг гэдэг нь энэ биз.

Хүн залбирахдаа нүдээ аньж, үнсч, тэврэхдээ нүдээ аньж, хүслээ шивнэхдээ нүдээ аньдаг. Учир нь энэ дэлхий дээрх сайхан бүхэн нүдэнд биш сэтгэлд харагддаг юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүний сэтгэл хэзээ нэг дэлхий шиг дулаарах бол?

Сэтгэл хөрөх, мөс шиг хүйтэн сэтгэлтэй, цэвдэг амьтан гэх мэтээр муу санаатай, муухай сэтгэлтэй хүнийг төлөөлүүлэн хэлэх үг монгол хэлэнд баялаг. Үнэндээ ч өнөөдөр хүний сэтгэл нэгнээсээ уйдан хөрч, мөс шиг цэвдэг болоо юу гэж эргэлзмээр санагдана. Нийгмийн аль ч салбарт, ажил алба, гудамж зээлд очсон нэгнээ муулсан, үзэн ядсан харьцаа ноёрхоно. Унаа тэрэгтэй улс нэгэндээ зам тавьж өгөх нь байтугай нялх балчир хүүхэд гарцаар гарч явахад дайраад амь насыг нь хөнөөнө. Бүүр цагдаагийн албан хаагч жолоочдоо урсгал сөрж явах тушаал өгснөөр цэцэг цэврүү шиг нялх охиныг дайрчихсан хэрэг гарсан. Тэгтэл мөнөөх сүрхий том дарга талийгаачийн ар гэрийнхэнтэй ганц ч удаа уулзаагүй гэж байгаа. Монголчууд ийм мөсөн сэтгэлтнүүдийг “зүйрлэхээ зүлгэчихсэн” гэж жигшин өгүүлж ирсэн. Зүйрлэхээ зүлгэчихсэн амьтдын мөсөн сэтгэлд яс үндэс, шашин шүтлэг, хэл соёлын ялгаа үгүй. Саяхан Францад сэтгэл нь цэвдэгшсэн нүгэлтнүүд мэргэжил нэгт нөхдийг минь хайр найргүй хөнөөсөн эмгэнэлт явдал гарсан. Хүний хүйтэн сэтгэлд хил хязгаар ч гэж алга. Мөрөөрөө явж байсан нэгэндээ аль болох л гай, гарз учруулж байвал бах тав нь сая нэг ханана. Дэлхийн дулаарал ч хүний цэвдэгшсэн ухаан, ахуйн хэтийдсэн хэрэглээтэй холбоотой. Байгаль дэлхийтэйгээ хүйтэн сэтгэлээр хандах тусам л сүйрлээ ойртуулна. Хүний сэтгэл хэзээ нэг дулаарч, аж төрөл амар амгалан болох юм бол доо?

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүн эрх мэдэлд хүртлээ шударга үнэний төлөө явдаг

Английн Ерөнхий сайд асан У.Черчилль”Хүн эрх мэдэлд хүртлээ шударга үнэний төлөө явдаг. Харин эрх мэдэлд хүрээд өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэхийнтөлөө явдаг” гэх мэргэн үгийг хэлсэн байдаг.Түүний хэлсэн дээрхүг үнэхээр мэргэн, онож хэлсэн байгаа юм. Шударга үнэний төлөө тэмцэж явсан хэн ч бай бусдын эрх ашгийг хамгаалж, тухайн нийгэмд болж бүтэхгүйбайгаагшударгааршүүмжилж, өөрчлөхийг эрмэлздэг. Харин эрх мэдэлд хүрэхээрээ шударга үнэний талаар огт ярихаа больж, зөвхөн өөрийгөө хамгаалж эхэлдэг. Үүнийг олон жишээн дээрээс харж болно.Хүн ийм өчүүхэн амьтан. Бурхан биш учраас эрх мэдэлд хүрэхээрээ өөрийгөө хамгаалж эхэлдэг.Энэ бол хүний мөн чанар юм.Дэлхийн томоохон улс орон болон манай орон ч гэсэн хүн эрх мэдэлд хүрэхээрээ өөрийгөө хамгаалж эхэлдэгмөн чанарыг даган мөрдөж байна. Тийм ч учраас БНХАУ төрийн тэргүүнээ арван жил, бусад орнууд найман жил байлгадаг. Эрх мэдэлд хүрсэн хүн өөрийгөө хамгаалдаг мөн чанар нь тийм ч муу зүйл биш. Харин үүнд тааруулсан бодлого байх хэрэгтэй юм. Хүн мөнх насалдаггүй болохоорбүх зүйлд яардаг юм.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Энгийн хэрнээ агуу

Александр Абдуллов гэдэг Оросын авьяаслаг нэгэн залуу насандаа хорвоогоос буцсан, тэр бүр хүн мэдээд байдаггүй жирийн нэг жүжигчин байсан л даа. Эдгэшгүй өвчин тусаж хорвоод амьдрах хугацааныхаа хэмжээсийг мэдсэний дараа хэвлэлд ярилцлага өгснийг нь санаж байна. “Эмч намайг гурван сар амьдарна гэж байна. Одоо яая гэхэв дээ. Залуу насыг мөнх мэт мөн ч дэмий өнгөрөөж байж дээ. Нэгэнт энэ хугацааг уртасгаж чадахгүй юм хойно өргөн болгож амьдарна даа” гэж тэр хэлж байсан юм. Тэр дээд тэнгэрээс зааж өгсөн энэ бага хугацаандаа жүжиг, кинонд тоглож зохиол бичиж, бизнес өрнүүлэн ерөнхийдөө бужигнуулж байгаад хальсан. Түүнийг өнгөрсний дараа эхнэр нь бас ярилцлага өгсөн байсан. “Манай хүн тэр үлдсэн хугацаандаа гурван жил хийж байгаагүйгээрээ хөдөлмөрлөж өнгөрөөсөн юм шүү. Унтах, амрах, хооллох цагаа аль болохоор багасгаж охин бид хоёрыгоо гачигдах дутагдах зүйлгүй үлдээнэ гээд зүтгээд байж билээ. Хожим нэлээн бие нь муудаад хэвтэж байхдаа “Би урьд нь хийе гэсэн юмаа хийлгүй маргаашид найдаад яасан ч их үлдээдэг байсан юм бэ дээ, түүндээ л их харамсаж байна гэж хэлж билээ” хэмээн эхнэр нь дурссан байдаг. Үнэхээр чэнгийн хэрнээ агуу философи юм даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Түвдэд өнгөрүүлсэн долоон жил

Австрийн судлаач-аялагч Хайнрих Харрер дэлхийн хоёрдугаар дайны үед Түвдэд долоон жил амьдрахдаа, Буддын шашны тэргүүн, XIV Далай ламтай нөхөрлөж, түүний хүндэт багш нь болсон. Энэ талаараа “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” нэртэй ном бичсэн нь Австрид төдийгүй барууны орнуудаднэрд гарсан билээ. Хайнрих Харрер нь залуудаа уулын спортын тамирчин бай­сан бөгөөд 1936 онд Австрийн шигшээ багт орж Олимпт оролц­сон нэгэн. 1940 оны хавар тэрээр Гималайн нурууны Нанга-Парбат ор­гилд тандалт судалгаа хий­чи­хээд нутаг буцах гэж бай­тал Европт дайн гарч бүх төлөв­лөгөө нь орвонгоороо эргэв. Энэтхэгт байгуулагдсан холбоотны армийн цэргүүдэдбаривчлагдаж тус улсын хамгийн том шоронд хоригдсон байна.Энэтхэгт байхдаа хэр­хэн баривчлагдан, шоронд орсон түүхээр энэ ном эхэлдэг. Цуг хоригдож байсан хэдэн нөхөдтэйгөө ярилцан оргох бэлтгэлээ базаасан аж. Шорон­гийн номын сандбайсан Ази тивийн талаарх бүх л номыг уншин судалж, нутгийн иргэдтэй хэл нэвтрэлцэх шаардлагатай тул хинду, түвд, япон хэл уйгагүй судалсан байна. Хол зам туулах нь тодорхой тул бие бялдрын бэлтгэлээ ч хангаж, ярьж тохиролцсоноосоо буцах­гүйн тулд цуг оргохоор шийдсэн нөхөдтэйгөө “Андгай” бичиг үйлдэж гарын үсгээ зуржээ. 1943 оны тавдугаар сард оргож Энэтхэгээс Түвдийн хилд тулж ирээд баригдахдаа сэтгэлээрихэд гутарсан аж. 28 хоног эрх чөлөөгөө эдлэн зугтаж явахдаа ядарч туйлдах, өлсөж цангах гээд юм юм үзжээ. Гэвч эдгээр бэрхшээл нь эрх чөлөөтэй байхын хажууд юу ч биш санагдана. Эргэж шоронд орсон даруйдаа дахин оргох төлөвлөгөөгөө боловсруулав. Санаа нийлсэн хэсэг нөхөдтэй хамтран бэлтгэлээ базаахдаа Английн цэргийн ахмадын дүрэмт хувцас хүртэл оёулжээ. 1944 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа оргосноор эрх чөлөөтэй болов. Цуг оргосон хүмүүсбүгд өөр өөрийн замаа хөөж Хайнрих Харрер, Петер Ауфшнайтер нар зам нийлжээ. ТэдЭнэтхэг, Түвдийн нутаг Гималайг цугтаа туулахдаа өлсөж, даарч, өвдөж, бусдад дээрэлхүүлэн зугтаж явахдаа сэтгэлийн маш их тэнхээтэй байсны хүчээр бэрхшээлийг давж гарсан гэдэг. Ямар ч зөвшөөрөлгүй Лхас хот хүрэ­хээр зориг гарган явахдаа Түв­дийн соёл, иргэншилтэй танилцаж, хэлийг нь сурсан байна. Дэлхийн хамгийн өндөр уулын бэлээр явахад сарлаг л хамгийн найдвартай үнэнч нөхөр нь болж байв. Олон чхүний тус дэмээр хэдэн сар явган явжээ. Тэд сүүлдээ түвд хүнээс ялгарахаа болсон гэдэг. Лхаст ойртон ирэхэд хамгийн түрүүнд Цогчин дуганы алтан ганжир харагджээ. Азаар шахуу Лхас руу нэвтрэхэд хавагнаж улайж, цэврүүтэж шархалсан хөл нь гудамжаар явах хүмүүсийн нүдэнд хамгийн түрүүн туссан гэдэг. Эцэж туйлдан, өлбөрч үхэх шахсан тэд тун удалгүй Дээрхийн гэгээнтний дотнын нөхөр болонТүвдийн дээдчүүдийн хүрээнд орж, барууны соёлыг түгээж, Засгийн газраас нь янз бүрийн ажил гүйцэтгэххүсэлт тавьдаг болж, нэлээд өндөр цалин хөлс авна хэмээн зүүдлээ ч үгүй. Харахад нүд хальтрам тэд хэсэгхэн зуур биеэ амраахаар нэгэн оромжинд хэвтэж байхад нь нэгэн эмэгтэй өрөвдсөндөө сэнжтэй аягаар дүү­рэн шар тостой цай авчирч өгөхөд ихэдбаярлажээ. Ийн­хүү өл залгуулан суутал гэнэт англиар тун цэвэр ярих сонсдож дээш хартал баян тансаг хувцасласан, язгууртан байрын түвд хүн зогсоно. Х.Харрер, П.Ауфшнайтер хоёр герман үндэстэн бөгөөд Түвдэд орогнол хүсч байгаагаа хэлэхэд хотын захирагчаас зөвшөөрөл аваад гэртээ байлгаж болно гэжээ. Тэр нь нэлээд эрх мэдэл бүхий бөнпо(түвдийн хэргэм цол) хүн байжээ. Ийнхүү Танмэг хэмээх тавдугаар зэр­гийн түшмэлийнд гэрт амьдарч удалгүй Лхас хотынхны яриа­­­ны сэдэв болов. Тэдэнтэй уулзаж ярилцахаар өдөр алгасалгүй өндөр зиндааны айлчин гийчидтасралтгүй цував. Хамгийн түрүүнд сайд Цэрэн хэмээх нэлээд нэр хүндтэй сайдын хүү уулзсан байна. Ийнхүү Түвдүүдийн дээдсийн хүрээнд орж, XIV Далай ламын эцэг эх нь хүртэл гэртээ урьж шуудай гурил, замбаа, сав дүүрэн тос бэлэглэсэн аж. Тэр үеийн Лхас хот ертөнцөөс огтхон ч тасраагүй байсан гэдэг. Дэлхийн хэвлэлүүд, өдөр тутмын сонин бүгд ирнэ. Тэр битгий хэлалдарт “Life” сэтгүүлийг захиалдаг байжээ.Өнөөдөр ч алдартай “Elizabeth Arden”-ний бүтээгдэхүүн, “Pons” фирмийн нүүрний тос хүртэл байсан гэдэг. Х.Харрерийн амьдарч байсан Танмэгийн байшингийн гадаах цэцэрлэгт усан оргилуур барьж өгсөн нь Түвдэд анхных болжээ. Тэднийг хэрхэн ажиллаж байгааг тэр үед Потала ордныхоо дээ­вэр дээр байрлуулсан дуран­гаар Далай лам хардаг байсныг мэджээ. Буддын шашны тэр­гүүнд бараалхаж, ойр дотно болоход Дээрхийн гэгээнтний ах Лувсан Жанцан чухал үүрэг гүйцэтгэжээ. Хэдий­гээр дүү нь амьд бурхан гэгдэж байсан ч ах Лувсан Жанцан маш даруу­хан хэвээр үлдсэн гэдэг. Потала ордонд тун ганцаар­дмал амьдрал туулж байсан залуухан Далай лам маш хэрсүү, барууны соё­лыг ихэд сонирхдог, дэвшилтэт үзэлтэй байсан гэдэг. Cүүлдээ Далай лам хичээл заалгуулдагболсон. Ийнхүү Х.Харрер, П.Ауфш­най­тер нар Түвдэд суурьшихаар шийдсэн боловч улс төрийн байдал нэлээд ээдрээтэй болсон. Далай лам ч Лхасыг орхин явахаас өөр аргагүй болгоход тэд Дээрхийн гэгээнтэнтэй хамт явж нутгаа зорьжээ.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Бөгтөр хүн баяждаггүй

Шаргуу хөдөлмөрлөх нь таныг бөгтөр нуруутай болгоно уу гэхээс баян болгохгүй гэсэн Болгарын зүйр үг байдаг.Борви бохисхийлгүй зүтгэж байсан боолчууд баян газрынхаа эзний тариан талбайд нуруугаа бөгтөр болтол ажилласан ч хувь тавилан нь өөрчлөгдөөгүй. Яг л нэг газраа хийдэг л ажлаа хийгээд ингэх л ёстой гээд илүү бодож тэмүүлэхгүй бол бурхан ч танд туслахгүй. Яг л боол мэт зүтгэсээр нуруу бөгтөр болохоос өөр өөрчлөлтгүй нэгэн насыг барна.

Амжилтад хүрэхийн тулд заавал илүүг мөрөөд, тэмүүл. Өөрчлөлт хий. Ямар нэг зорилго тавь. Түүндээ хүрэх гэжхичээ. Ингэж байж л хүн шиг амьдарч сэтгэл хангалуун байх болно. Өнөөдрийнхөө байгаа байдалтай эвлэрч, оногдсон гэж итгэдэг ажилдаа мал шиг зүтгэж,энэ л миний хувь тавилан гээд бат нот итгэчихсэн хүн өөрчлөлт хийж чадахгүй. Баян хүн гэж тусдаа төрчихдөг юм биш. Тэд хувь тавилантайгаа эвлэрч, өөрчлөлт хийдэггүй хүмүүсээс ялгаатайнь хүсэл тэмүүллийнхээ төлөө ямар нэг зүйлийг хийсэн байдаг. Мөн эрсдэлээс тэр бүр айдаггүй учраас лямар нэг үр дүнд хүрсэн байдаг. Бөгтөр хүн баяждаггүй.

Д.МӨНГӨНДАЛАЙ