Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайн зүйл хийнэ гэдэг өөрөө гайхамшиг

“Apple” корпорацийн захирал Тим Күк өөрийн бүх хөрөнгөө асрамжийн газруудад хандивлажээ. Тэрбээр 10 настай ач хүүгийнхээ коллежийн бүх зардлыг төлснийхөө дараахөрөнгөөхандивын үйлсэд зориулсан байна. Тим Күкийннийт хөрөнгө 120 сая ам.доллараар үнэлэгджээ.Үүнийгээ “Fortune” сэтгүүлд тайлбарлахдаа “Хэрэв чи л шийдвэр гаргаж өөрчлөлтийг хийхгүй бол хүмүүст тус болж чадахгүй” гэжээ.

Дэлхийн хамгийн баян эрчүүдийн нэг ч гэлээ бүх хөрөнгөө асрамжийн газруудадөгснөөр тэр энгийн нэг татвар төлөгч болж буй юм.

Хүн болж төрөөд хийж бүтээж хөдөлмөрлөж түүнийхээ үр шимийг зарим нэг нь гайхалтай ашиглаж чаддаг. Тийм хүмүүс эдийн засгийн эрх чөлөөнд хүрээд бусдын төлөө харамгүйгар сунгадаг. Тэр сайхан сэтгэлийнх нь үзүүрт хэн нэгний амь аврагдаж, хэн нэгний нас уртсаж хэн нэгэнд жаргал бэлгэлдэг учраас энэ нь сайн үйлст тооцогддог билээ. Түүний хэлсэнчлэн бидямар нэгэн өөрчлөлтийг хүсч байгаа бол тэрийг өөрөөсөө л эхлүүлэх хэрэгтэй аж. Яг Тим Күк шиг. Заавал баян мөнгөтэй гэлгүй. Хэн нэгэндөгч чадах тус байвал түүнийг бусдад харамгүй өгөх учиртай аж. Сайн зүйл хийж хэн нэгнийг баярлуулна гэдэг өөрөө гайхамшиг. Нидерландын УЗН-ийн хүмүүнлэгийн үйлсийн элч, олон улсын загвар өмсөгч, хатагтай Юбки Стурм 2012 ондМонголд ирэхдээ“Хүмүүст туслах нь загвар өмсөхөөс чухал” гэж хэлж байсан удаатай. Энэ бол бусдад туслахын утга учир ажээ.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Автобусны жолооч нарыг богино долгионы станцтай болгомоор юм

Хуулийг гууль болгодгийн жишээ автобусны чалчаа жолооч нар болж байна. Уг нь жолоо барьж байгаа үедээ гар утсаар ярихыг хориглодог. Гэтэл манайхан жолооны ард гар утсаараа чалчиж явах нь гэм биш зан. Тэр тусмаа олон хүн тээвэрлэж яваа автобусны жолооч нар уг нь утсаар ярьж анхаарлаа сарниулмааргүй байгаа юм. Гэсэн ч жолооч нар гэр бүлийн асуудлаасаа авахуулаад ярихгүй сэдэв гэж алга. Тэд ихэвчлэн “Би энд явна, чи хаана явна” гэж бие биенээсээ асууж лавлахад хамаг цагаа зарцуулдаг. Жолооч нар хэн хаана яваагаа мэдэлцэх нь ажлын шаардлага юм бол таксины жолооч нар шиг богино долгионы холбоогоор хангах хэрэгтэй. Ядаж л яриагаа сонсоод явахад хүн бүр бие биен рүүгээ залгаж, хамаг цагаа барахгүй. Гар нь сулрах байгаа даа. Үгүй бол автобусны жолооч нар бүгд хууль зөрчигч болж, зорчигчид эрсдэлтэй нөхцөлд амь дүйсээр явцгаах нь. Иймэрхүү арга хэмжээ авсны дараач утсаар ярьж хууль зөрчсөн жолооч нарыг зорчигчид шууд мэдээлж, торгуульдаг болж болно. Алийн болгон хууль зөрчиж, өөрийгөө ч өрөөлийг ч эрсдэлд оруулж явах вэ. Ямар нэгэн гарц заавал байж таарна. Жолооч нарыг богино долгионы станцтай болгох зардал лав хүний аминаас үнэтэй биш байлгүй. Жолоочийн зөрчлийг ямар утсаар мэдээлэх вэ?

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эрхийн балай

Энд тэнд явж байхад манайхан шиг захаас аван эрхэлж жаргаж байгаа улс үндэстэн нэгээхэн ч байдаггүй юм билээ. Урд зүгт шороон түмэн хятад байж л байна. Эр, эм, хөгшин хөвөөгүй л борви бохисхийхгүй хөдөлмөрлөсөн улс. Эрээний лангуун дээр сууж байгаа наймаачин хүүхнүүд нь гэхэд л уутанд утас өнхчүүлээд, гар аргаар бээлий цамц нэхээд сууж байдаг. Тэгэхэд “Нарантуул” ч юм уу, захын нэг дэлгүүрт ороход манайхан хөзөр нүдээд, эрчүүд нь архи тойруулаад сууж байх бол энгийн үзэгдэл. Хятадад өвгөчүүл янз бүрийн цэцэг ногоо тарьж байр байшингаа өнгө өнгөөр алаглуулаад, өөрсдийн гараар бүтээсэн сайхан цэцэрлэг талбайдаа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж залуу хүн шиг жавхалзаж байхад манай залуухан “хурган” өвөө эмээ нар байрныхаа гаднах сүүдрэвчинд даалуу шажигнуулж, хов жив ярьж, өвчин зовлон тоочоод, улстөржиж маргалдаад байж байдаг.

Европ зүгийн Орос, Португали, Герман зэрэг улс орны нисэх буудлаар нь дайраад өнгөрөх төдийд анзаарч байхад хүмүүсийн олонхи нь ном их уншиж байгаа харагддаг. Манайд одоо нийтийн тээврийн унаанд ном сонин гарчиглавал нүд нь орой дээрээ гарцгааж, ад үзэх шинжтэй юм билээ. Сүүлийн үед монголчуудын “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг сонгодог ойлголт устаж байгаа нь дэндүү харамсалтай. Ажил хийлгүй хөл хөсөр л хэвтэж байвал жаргал гээд ойлгочихсон улс. Үүнийгээ “хүний эрх, эрх дарх” гэдэг сүржин бамбайгаар хаацайлна. Энэ хорвоод амь зууж аж төрөхийн тулд шоргоолж гэдэг бяцхан амьтан хүртэл өөрөөсөө өчнөөн дахин хүнд ачааг нуруундаа үүрч явдаг. Ээж аавын хайранд буруу сагаж юу ч хийж сураагүй хүнийг “эрхийн балай” гэдэг. Манайхны зарим зан байдлыг анзаарахад нийгэм маань нэг л эрхийн балайд автаад байх шиг санагддаг юм.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Р.Нямдорж, Д.Данзан нарт талархахын учир

Энэ өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ой тохиож байна. Гэхдээ бөхийн холбооны ой, бөхийн талаар ярих гэсэнгүй. Уг холбоог удирдаж ирсэн хоёр эрхэмтэй холбогдуулж хүмүүний амьдралын утга учрын талаар товчхон өгүүлэх гэсэн юм. Өдгөө цагт хүний нас уртасч амьдралын философи өөрчлөгдөж байна.

Бага залуу үе, идэр дунд нас, тэгээд тэтгэврийн наснаас хойшихон жилүүд залгаж хүн төрөлхтөн гурван үеийн урт удаан амьдралд баяр жаргалаа эдлэх болсон. Жар, дал хүрсэн хүмүүс дахин сургуулийн диплом өвөртөлж, дараагийн амьдралын хуудас эхэлж буйгаа илэрхийлдэг нь ийм учиртай.

Бөхийн холбооны Р.Нямдорж, Д.Данзан нар их сургууль дүүргэж, улмаар мэргэжлийнхээ дагуу 16 жил багшийн хөдөлмөр эрхэлжээ. Физик, нийгмийн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд юм. Ингээд 35 хүрсэн идэр наснаасаа монгол бөхийн төлөө зүтгэж 25 жилийг үдсэн байна. Энэхүү 25 жилийн хугацаанд чухам юу амжуулсныг ард түмэн мэднэ. Бөхийн өргөөг босгохоос аваад тэд хэлснээ хийсэн.

“Жаран настай хүмүүс юу амжуулдгийг ард түмэндээ харуулна” гэж Нямдорж тэргүүн нэгэнтээ хэлсэн. Энэ нь амьдралынхаа гурав дахь үе эхэлснийг сануулж буй хэрэг. “Амьдрал таньсан хүний үг” тэргүүт ном бүтээлээ туурвиж, эрдмийнхээ ажлыг эрхэлж, мөрөөрөө өөрийнхөө дур зоргоор, хүсэл тэмүүллээрээ тааваараа сайхан амьдрах нь. Хүмүүний амьдралын энгийн сайхан философийг үлгэрлэж яваа тэдэнд талархахын учир энэ.

Н.ГАНТУЛГА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр

Талхны үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээс тор дүүрэн хүнс худалдан авснаасаа хойш хажуугаар нь өнгөрч явахаа байсан билээ. Эндээс тороо дүүргээд гараад ирэх мөнгөөр супермаркетад орвол цөөхөн л талх, нарийн боов авна. Заримдаа өдрийн цагаар үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээр орж талх авахаар халуунаараа шахуу, зөөлхөн байх нь ямар таатай гэж санана. Өглөөхөн үйлдвэрийн тэвшнээс гарч, энэ дэлгүүрийн лангуун дээр ирсэн талх, нарийн боов, бялуу, амттанууд шив шинэхнээрээ. Талхчны гараас өөр хүний гар хүрээгүй гэж бодохоор “Ер нь эндээс л ирж талхаа авч байя” гэж бодогдоно. Талхчин, худалдан авагчийн хооронд ямар ч хүн ороогүй болохоор талх нь шинэ, үнэ нь боломжийн байгаа гэдгийг мэддэг учир иргэд ерөнхийдөө ингэж худалдаа хийж, хүнсээ цуглуулах дуртай.

Манай дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулахын ялдамд өөрийн үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр хаана байрладаг, нэрийн дэлгүүр нь бүтээгдэхүүнүүдээ хямд үнээр хэрхэн борлуулдгийг давхар сануулж байх учиртай. Эрүүл хүнс, барааг авч хэрэглэхийг чухалчилдаг болсон энэ цагт тэрэн шиг хэрэгтэй мэдээлэл үгүй л болов уу. Эрүүл, шинэ тэгсэн хэрнээ хямд үнэтэй гэвэл хүмүүс үр хүүхдэдээ аятайхан юм идүүлчих гээд цаг заваа зориулаад гүйгээд л очно. Үйлдвэрийн дэргэдэх, нэрийн барааны дэлгүүр бол танай үйлдвэрийг иргэд, худалдан авагчидтай тань нүүр тулуулан учруулж, амьд харилцаа үүсгэдэг халуун цэг нь юм шүү дээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ханаар тусгаарлагдсан хүмүүс

Зам хөндлөн гарахдаа ч чихэвчтэй донхолзож явдаг хүүхдүүд их тааралдах болжээ. Автобус унаанд явахдаа ч аанай л утасныхаа дэлгэц рүү шагайж явна.Ангийнхан, ажлын газрынхантайгаа “буу халж” үзээгүй чфэйсбүүк, твиттерт бурцгааж суудаг хүмүүс дэндүү олон. Таминь ээ, энэ янзаараа амьд харилцаа гэдэг юм алга болоод, эхнэр нөхөр хоёр зэрэгцэж суугаад фейсбүүкээр хэрэлдэхдээтулахвий. Хүйтэн хөндий их хотын харилцаа монголчуудын амьдралын хэв маягт ноёлох цаг айсуй.

Өөрийнхөө ертөнцөд амьдардаг хүмүүсийг аутизмтай гэж оношилдог. Япон ханзаар бол аутизм гэдэг өвчнийг ханаар тусгаарлагдсанхүний дүрсээр илэрхийлдэг гэж нэг судлаач ярьж билээ. Түм түжигнэж бум бужигнасан хотодхүн урсгал дунд явахдаач ганцаардах мэдрэмж төрнө.Хүн бүр өөрийнхөө ертөнцөд амьдарна. Хана нэвтэлж орох амаргүй. Хүний зовлонд дөжирч гүйцжээ, бид.

Багадаа хажуу айлаасаа давс, сонгино мэтийг гуйх нь хэвийн үзэгдэлд тооцогддог социализмын үед өссөн. Хонь гаргахаараа хажуу айлдаа гэдэс хүргэж хишиг хүртээгээд, айлын эгч “Сав хоосон буцаадаггүй юм” хэмээн чихэр атгаж өгөхөд жигтэйхэн баярладагсан. Цагаан сараархөршүүд тавагтай бууз солилцоно. Хэнийд ямар баяртай үйл явдал, хэрүүл болсныгойр хавийнхан анддаггүй үе байсан.Харин одоо бол хөршүүдтэйгээ мэндэлдэггүй, үг солилцож үзээгүй. Нэрийг нь ч мэдэхгүй зүс хараад өнгөрдөг болж.Үл үзэгдэх ханаар тусгаарлагдсан ертөнцөд амьдарч дадаж байна, монголчууд. Хүний жаргал, зовлонг нийтээрээ хуваалцдаг үед өссөн бид ингэж дөжирч байхад танихгүй хүнтэй үг сольж үзээгүй дараа үеийнхэн мааньсарны туулай шиг ганцаардах болов уу.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Шор хийцтэй хайсуудыг хориглоё

Нийслэлийн гэлтгүй төв суурин газруудын гудамжаар зүлэг ногоог явган хүний замаас тусгаарласан хайс гэж бий. Дунджаар 50 см орчим өндөр бүхий эдгээр хайсууд өнгө үзэмж талаасаа бол авах юм үнэндээ байхгүй дээ. Өнгө муутайхан ногоон будгаар голдуу будагдсан байх энэ хайсууд иргэдийн амь нас эрүүл мэндэд заналхийлж байгаа олон зүйлсийн нэг яалтгүй мөн. Уг хайсуудыг хийхдээ хүн суулгахгүй гэхдээ арматур төмрийг албаар хурц үзүүрлэж хийдэг. Эсвэл тал талаас нь төмөр гагнаж байгаад сумны зэв мэт болгож орхино. Хэрэндээ л эвдүүлэхгүй гэсэн арга нь. За тэгээд машинаар дайрч эвдсэн, энд тэндээс нь гагнаасаараа салчихсан гээд энэ төмөр хайсууд айдас төрүүлэхүйц муухай харагдана. Хэрэв золгүй байдлаар хүн тэр хайс руу халтирч уналаа гэхэд шууд амь насанд нь аюул учирна. Явган хүний зам ямар л байдаг билээ дээ. Өвөлдөө цас нь дагтаршсан. Хавар бол өдөртөө хайлсан цас нь шөнөдөө хөлдөөд хүн явахад туйлын бэрх. Эдгээр хайсууд яг үнэндээ дундад зууны үеийн яргын хэрэгсэл шиг харагддаг. Ёрдойсон, хурц иртэй, шорон хийцүүд бидний амьдрах орчинд байгаа яргын хэрэгсэл мэт байсаар. Уг нь бусад оронд явган зорчигчийн замын хайсны тодорхой стандарт байдаг. Хүн дээрээс нь унахгүй байх хэмжээний өндөртэй, дээд хэсэг нь хавтгай гэх мэт. Гудамжаар хүүхэд, настайчууд, хөгжлийн бэрхшээлтэй гээд үй олон хүн явж байгаа. Эхний ээлжинд иргэдээ бодож хүн дээрээс нь унасан ч гэмтэл авахааргүй, амь насыг нь авчихгүй стандарт бүхий материалтай хайсаар даруй солих хэрэгтэй болжээ. Ер нь ийм хийцтэй хайсыг шууд хориглох нь зүйтэй байх шүү.

Я.БАЯРБААТАР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Холуур яваа зүйлийг өөртөө дуудах хэрэг байна уу

Саяхны нэг өдөр бие өвдөж эмнэлгээр явлаа. Амьхандаа л эртлэн босч очсон болохоор эмчид ч эрт үзүүлэхээр боллоо. Ер нь бол улсын эмнэлэгт үзүүлнэ гэдэг чинь эр зориг шаардсан ажил бололтой шүү. “Рентген” гэдэг өрөөнд очиж хүзүү, нурууны зураг авахуул гэсэн болохоор яваад очлоо. Дараалал ч гэж жигтэйхэн их юм. Ашгүй явсаар миний ээлж дөхөхөд таяг тулсан өвгөн дэргэд ирээд “Миний хүү, өвөөгөө бод” гэх юм ярьсаар байгаад урдуур орчихлоо. Настай хүн болохоор хүмүүс ч юм ярьсангүй. Удалгүй нэг эмч рентгений эмчид хандан “Ахын маань хүүхэд” гэж зүтгэсээр байгаад хөтлөөд орчихлоо. “Угаасаа эмч нар тэгдэг юм” гээд хүмүүс бухимдангуй аястай болоод ирэв. Нүдний шилнийхээ дээгүүр харсан харваас яхир байрын өвгөн “Дахиж хүн оруулаад үзээрэй, нөхөөр” гээд загнаж байна. Өөдөөс нь толгой дохилоо. Хариугүй төрөх дөхсөн бололтой бүсгүй дэргэд ирээд зогсчихлоо. Настайчууд “Наад жирэмсэн амьтнаа оруулчих аа” гэж байна. Дахиад л оруулчихлаа. Өнөө яхир өвгөн надаас хоёр цагийн дараа ирсэн юм. Орох дугаар нь бол болоогүй. Гэтэл “Алив нэг шагайгаадхая” гэснээ үсрээд орчихлоо. Хүмүүс ч өнөө өвгөнийг зүхэж гарлаа. Одоо л орохгүй бол оройтох нь гэж бодоод зогсож байтал хар шил зүүсэн, хараагүй бололтой хүүхдээрээ хөтлүүлсэн чийрэг байрын залуу ирж байна. Хар шилтэй залуу “Хүүхдээрээ хөтлүүлж яваа ядарсан хүнийг оруулчих хүн байна уу” гээд тулаад ирлээ. Аргагүйн эрхэнд оруулахаас өөр зам байсангүй. Төд удалгүй “Дараагийн хүн ороорой” гэхээр нь яваад ортол өнөө хараагүй нөхөр маань шилээ авчихсан зүгээр алхаж байх юм. “Та чинь…” гэтэл “Ингэж л дараалал дайрдаг юм” гээд алгын чинээ рентген зургаа сугандаа хавчуулаад гарч одлоо. “Өөрөөс холуур яваа өвчнийг ингэж дуудах хэрэг байсан юм уу” хэмээн бодол тээн үлдсэн юм даа.

Э.ЭНХБОЛД

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хамт олны уур амьсгал

Оросын нэгэн компанийн захирал сэтгэл судлаач оюутнуудад нэгэн хачин захиалга өгчээ. Мэдээж төлбөртэй. Тэр нь тус компанийн оффисын ажилтнуудын дүнсгэр байдал юунаас үүсэлтэйг судлах. Захирлыг 12 оюутны судалгааны хариу бүр гайхашруулжээ. Оюутнуудын хоёроос бусад нь хамт олныг сэтгэл санаагаар унагаж байгаа нь Люба, Катя гэсэн нэр гаргажээ. Энэ хоёр эмэгтэй захирлын хувьд бусдаасаа ялгарах зүйл огт байхгүй. Бусадтайгаа ч буруу харьцаа байхгүй. Гэхдээ тэдний хувийн асуудлаа оффистоо янз бүрийн хэлбэрээр илэрхийлдэг нь бусдад нь маш дарамттай байдаг аж. Хүүхнүүд тэр тусмаа залуучууд болсон хойно зав чөлөөгөөрөө элдэв хошин зүйл ярьж сэтгэлээ сэргээнэ. Яг энэ үеэр Люба утсаараа нөхөртэйгээ есөн шидээр дуудалцана. Хэрүүлээ дуусмагц нөхрийнхөө тэнэг мангар, үхээнц дорой, арчаагүй анхиагүйг чихэнд чийртэйгээр яншина. Харин Катя хэнтэй ч хэрүүл хийхгүй боловч байнга нэгийг нь нөгөөд нь муулж таашаал авна. Хошигнож хэлсэн үгийг хоёр дахин чангаруулж зүрх зүсэм өшөө болгохыг оролдоно. Сонирхолтой нь хэн ч тэдэнд “Хувийн хэрүүлээ чихнээс хол байлга, хов ярьдаг хар энергиэ өөр газарт цац” гэж хэлсэнгүй. Түүний оронд дөмбийгөөд л чимээгүй сууцгааж байсан нь дээр гэж үзжээ. Захирал Люба, Катя хоёрт: Хамт олны уур амьсгал удахгүй хуучин байдалдаа орохгүй бол та нарыг хална” гэжээ.

Х.БАТТӨГС

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ядаж охиддоо тамхи зарахаас татгалзъя

Саяхны нэг өглөө орон сууцны цахилгаан шатанд явж байгаад тамхины утаанд золтой л угаартаад уначихсангүй. Доошоо буухаар зогсч байсан охин хамт лифтэнд оронгуутаа шуудхан тамхиа асаачихав. Ахлах ангийн сурагч бололтой цэцэг цэврүү шиг дэгжин тэр охин сандчин цүнхээ онгойлгоод нарийхан янжуур гаргаж амандаа зуугаад баагиуллаа. Жийрхэж эвгүйцэх шинж алга аа. Нэг давхар руу буух зуур тамхиа хэд, хэдэн удаа хүчтэй сороод утаат хөшиг татуулав. Тэнд нялх нойтон хүүхэдтэй хүн явааг огтхон ч тоосонгүй. “Миний дүү энэ хар хогоор яана вэ” гэхэд өөдөөс их л зэвүүцсэн харцаар ширтсэнээ “Миний амаар орж байгаа хор танд ямар хамаа байна вэ” гээд ширэв татах нь тэр. Түүний уушгинд орсон хор өөрийг нь болоод өрөөлийг хордуулдаг гэдгийг мэдэхийг ч хүссэнгүй. Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулагддаг гэсэн. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоожээ. Энэ мэт аюулын харанга дэлдэх аймшигт тоон үзүүлэлтүүдийг дурдвал тоймгүй.

Эцэг, эхчүүдээ таны танхил охид орцны үүдэнд, хонгилд, сургууль, байшингийн буланд хоёр, гурваараа нийлэн зогсч тамхи байнга татаж байгааг та мэдэж байгаа юу. Тэд биесээ дуурайн чамирхсанаас энэ хоронд донтон автаж байна цаана чинь. Аав, ээжүүд охид, хөвгүүдийнхээ ийм байдалд хяналт тавьж чадахгүй байгаа бол ядаж дэлгүүрийн худалдагч та бүхэн тэдэнд тамхи зарахаас татгалзаарай.Тэгээд ч орчин цагийн эрчүүд үнсний сав тэвэрч унтмааргүй байна гэдэг болсон байна лээ шүү охид, бүсгүйчүүд минь.

М.МӨНХЦЭЦЭГ