Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хоолой яагаад сөөдөг вэ?

Хоолойны сөөнгө хоёр шалтгаантай юм байна. Төрөлхийн дууны хөвч нь эмгэгтэй хүмүүсийн хоолой бүдэг, сааралтсан байдаг ажээ. Гэхдээ анагаах ухаан өндөр хөгжсөн улс оронд дууны хөвч суулгах, өөрчлөх зэргээр эмчилдэг.

Хоолой хүндүүрлэхгүй хэрнээ үе, үе сөөнгөтөж, хэлэх гэсэн үг, авиа тод биш гарах нь түвэгтэй байдаг. Шалтгаангүйгээр хоолой сөөх нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг юм байна. Ихэвчлэн дууны хөвч гэмтсэн буюу үрэвссэний дохио болохыг анагаах ухаан тогтоожээ. Тодруулбал, нармай, төвөнх, дууны хөвчний аль нэг хэсэг эсвэл тэр хэсэгт үрэвссэн гэсэн үг. Эсвэл дуу авиаг зохицуулагч мэдрэл гэмтсэнтэй холбоотой гэнэ. Энэ нь даамжраад дуу гарахгүй, бүр таг болох ч нь бий. Голдуу уртавтар тархи саажих өвчний үед хоолой сөөнгөтөж байснаа улмаар гуншиж ярих, чанга дуугарч чадахгүй шивнэх зэрэг бэрхшээл үүсдэг байна.

Хоолой сөөх шинж тэмдэг гүйлсэн булчирхайн эмгэгийн үед түгээмэл илэрдэг болохыг эмч хэлэв. Иймд үрэвслийн эсрэг эм, тариа хийлгэж болно. Хоолойн үрэвсэл намдаагч, хаван буулгагч эм бүхий уусмалаар зайлах хэрэгтэй гэсэн. Эмийн сангуудаар жоргүй олгодог царингосепт, стрепсис зэрэг хүлхдэг эмийг уух заалттай. Энэ мэтчилэн цацлага, утлагыг эмчийн заавраар хэрэглэснээр 2-3 хоногт үндсэндээ илааршдаг байна. Харин залгиур орчим хүчил, шүлт, халуун зүйлд түлэгдсэн бол сорвижин эдгэхдээ хоолой сөөнгө хэвээр үлдэхтохиолдол байдаг ажээ.

Мэдрэлийн шалтгаантай сөөнгөтөх нь дууны хөвчийн чөлөөтэй хөдөлгөөн хязгаарлагдсанаас болдог байна. Ийм үед харьцангуй удаан тууштай эмчилгээ шаардлагатай. Хэрэв эмчилгээ тасалдвал сөөнгө хэвээр үлдэх аюултай ажээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Урамшуулал хүртэл ухаалаг байх шаардлагатай

Бүх л бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийг татахын тулд урамшуулал зарладаг. Тухайлбал, 80 хувь хүртэл хямдрал зарлахаас эхлээд олон арга бий. Ихэнх нь худлаа байдаг гэж иргэд амнаас ам дамжин ярьдаг ч нотлогдсон зүйл өнөөдөртөө алга. Гэхдээ бодож үзмээр урамшуулал бас байна. Жишээ нь Монголд үүрэн телефоны дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг. Тухайн компаниудаас хэрэглэгчид хэдхэн жилийн өмнө утсаар ярих хоног, хугацаагаа худалдаж авдаг байлаа. Харин тэд хэрэглэгчдийг татахын тулд нэгж худалдаж авбал дугаар ашиглах хугацаа үнэгүй дагалдана гэх болсон. Ийм үйлчилгээ гарснаас хойш дөрөв, тавхан жил өнгөрч байгаа. Гэтэл өнөөдөр урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчдийн үйлчилгээний эрх 2060-2070 онд хаагдах хэмжээнд хүрч сунажээ. Өнөөдөр 50 настай хүн 2070 онд амьд байх уу. Дугаар ашиглах эрхийг үнэгүй өгч байгаа нь сайшаалтай ч зарим тохиолдолд ухаалаг урамшуулал явуулж хэрэглэгчдэд хэрэгтэй зүйлийг нь өгч баймаар юм.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Борооны дараахь солонго

Борооны дараа солонго татахыг харах ямар гоёыг зүйрлэх юм биш. Хааяахан нутагтаа очихоороо, Жинтүү толгойн наахна ирэхээрээ яагаад ч юм тэр агшныг хачин тод санадаг. Гараа алдлан нойтон өвсөн дээр тэрийж хэвтээд найзтайгаа юуг ч юм их л амтархан ярьдаг байсан үеэ өөрийн эрхгүй дурсдаг. Солонготой, борооны дараахь чийгтэй зуны нартай өдөр ямар сайхан гээ. Бас гэрийнхээ сүүдэрт суугаадАлександр Дюма, Жюль Вернийг амтархан уншиж суу­сан өдрүүдээ дурсах дуртай. Бүр уйлж, инээж байгаад уншдаг байснаа зураг шиг өнгө будагтай нь санадаг. Ж.Ф.Куперийн “Мөрч”-ийг уншиж суухдаа баахан уйлснаа мартаж чаддаггүй юм. “Парисийн Дарь эхийн сүм”-ийн зураглал.

Яг л дэргэд сүмийн хонх жингэнэж, өрөвдөлтэй хэрнээ зүйрлэж хэлэхийн аргагүй хайр татамбөгтөр залуу хажууд гунигтай нүдээр ширтэн зогсч байх шиг санагддаг байж билээ. Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”-ий зүйрлэл бас их гоё.Сэтгэлээрээ байхын сайхныг мэдэрсээр яваа минь тэр үед догдлон уншиж байсан номноос үүдэлтэй шиг санагддаг. Хүүхдийн кино бүтэн сайн өдрийн дөрвөн цаг арван минутад гардаг байлаа. Орой кино гарахаар том хүний кино гээд унтуулчихдаг аав, ээж энэ цагт харин хорихгүй. Сэтгэлд тод үлдсэн агшин нь ханхүү гүнжийг авардаг хэсгүүд. Өөр өчнөөн гоё агшин бий л дээ. С.Оюун гишүүнтэй ярилцлага хийж суухад гэртээ зурагт тавихгүй гэж ярихад нь гайхаж билээ.

Дараахан нь Б.Болдсайхан эмчийнд очихдоохүүхдүүддээ нэг цаг л зурагт үзэхийг зөв­шөөрд­гийг нь мэдсэн. Ер нь өөрийн гэсэн үнэлэмжтэй айл гэрт зочлох бүрд л хүүх­дүүдээ мэдээллийн их урсгалаас хамгаалсан ийм “дэг” үйлчилдэг юм билээ. Бодоод байхнь ээ ийм л “дэг” бяцхануудад минь борооны дараахь үгээр хэлэмгүй таатай агшныг мэдрүүлж, дэлгэсэн номоо шимтэн унших “шунал”-ыг төрүүлэх юм шиг санагддаг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ цаг-үе ярилцлага

Б.Мөнхдорж: Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй

Драмын урлагийн “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гаригт боллоо. Уг наадамд нэр дэвшсэн, шалгарсан бүтээлүүдийн талаар найруулагч Б.Мөнхдоржийн байр суурийг сонирхлоо.

-“Гэгээн Муза” наадмын хөгжимт жүжгийн төрөлд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа таны найруулан тавьсан “Галдан бошигт хаан” жүжиг гран при шагналыг хүртлээ. Энэ нь өнгөрсөн жилийн томоохон бүтээл байсныг үзэгчид мэдэж байгаа байх. Хөгжимт жүжгийн төрөлд өрсөлдсөн бусад жүжгийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Хөгжимт жүжгийн төрөлд дөрвөн жүжиг оролцсон. Драмын театрт манай Ч.Найдандоржийн тавьсан “Чөлөөт хос”, Өвөр Монголын “Хар торгон хамжаар”, Буриадын театрын авчирсан хэлмэгдлийн сэдэвтэй жүжиг ийм дөрвөн бүтээл орж ирсэн. Буриадын театрын тэр жүжиг бол их сайн жүжиг байна лээ. Ер нь бүгдээрээ сонирхолтой жүжгүүд байсан. Манай Ц.Баясгалан Драмын театрын “Чөлөөт хос” жүжгийнхээ дүрээрээ шилдэг жүжигчний шагналыг нь авлаа. Авахаас аргагүй сайн тоглож байсан. Үнэхээр тэр бол их нямбай хийгдсэн жүжиг байхгүй юу. Маш нямбай, маш их номын дагуу их тийм цэгцтэй хийсэн жүжиг байсан. Тэнд хөгжмийн зохиолч нь жааз ансамблийг хэрхэн бий болгож байгаа, орчин ахуйг нь жааз хэлбэрээр яаж гаргах вэ гэхчлэн бүх юмнуудыг бодож гаргасан бүтээл байна лээ. Өвөр Монголын “Хар торгон хамжаар” бол сайхан дуулалт жүжиг. Ардынхаа дуугаар жүжгээ задлаад дууныхаа бадгуудаас санаа аваад сюжетээ зохиомжилсон юм байна гэж харагдсан. Гагцхүү яг жүжгийн зохиол нь мөн үү үгүй гэдэг дээр бол би дотроо бодож л байсан. Үйл явдлын өрнөл нь хаашаа юм, зөрчил нь яах юм гэдэг зарим юмнууд нь бас бүдэг юм уу гэж бодогдсон.

-Ардын харилцаа дууны хэлбэрээс хальж гараагүй юм байх л даа, тийм ээ?

-Ер нь дуунуудаараа л голлоод явчихсан байсан. Дуунуудаараа голлочихоор бас гоё л юм байна лээ. Дуу, хөгжим, бүжиг нь их сайхан пластик харагдсан. Буриадын жүжиг бол хэлмэгдлийн тухай байсан. Тавилтын хувьд тэр бол нэлээн их орчин цагийн театрын болзолт, томъёоллын гэж ярьдаг тийм аргуудыг айхтар сайн хэрэглэсэн байна лээ. Тайзны шийдэл, өрөлт, тавилтын хувьд сонирхолтой харагдсан. Манай Ховдын театрын “Галдан бошигт хаан” жүжиг бол тэр чигээрээ амьд оркестртой. Ховдын театрын жараад уран бүтээлч бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон том жүжиг. Өнгөрсөн намар намайг Галдан бошигт хааны мэндэлсний ойгоор очиж ажиллахад байсан бүрэлдэхүүн тэр чигээрээ орж ирсэн. Хөгжим нь амьд. Удирдаачтайгаа, оркестртойгоо, дуучидтайгаа, бүжигчид, найрал дуучидтайгаа. Манай гавьяат жүжигчин А.Даваахүүгийн тавьсан бүжиг бол тэр жүжгийн хамаг л өнгө төрх, бүх юмыг бий болгож өгсөн. Энэ жүжиг маань гран при-г нь авлаа. Ховдын театрын уран бүтээлчдийн нэлээн томоохон үзүүлэлт юм гэж би ойлгож байгаа.

-Гадаадын оролцогчдоос та шинэ юм олж харах бололцоо байв уу. Харахаар юм хэр их байв?

-Харахаар юм зөндөө байна. Гадныхан ирэхдээ арга байхгүй, бүтэн оркестроо бариад ирэлтэй биш. Буриадын театрынжүжиг бол үзүүштэй жүжиг. Тавилт нь арай өөр. Сонирхолтой шийдлүүдтэй. Театрын метафорын арга гэж байдаг. Зүйрлэлийн арга юм даа. Тэрийг маш их томоор хэрэглэж гаргаж ирсэн юм билээ. Найруулагч нь шилдэг найруулагчийн шагнал авсан. Өвөр Монголын жүжгийн дуу хөгжмийн асуудал нь аятайхан байсан. “Улаан мөчир” чуулгын жүжигчид юм байна лээ.“Улаан мөчир” чинь эдний урдаа барьдаг, нүүр царай нь болсон гол том чуулга шүү дээ.Зураач нь шилдэг зураачийн шагналыг нь авсан. Манай зураач Энхтуяа шүүгчийн нэрэмжит шагнал, Сүхдорж зохиолч маань цомнолоороо шилдэг зохиолчийнх нь шагналыг авсан. Ховдын жүжиг зохиолч, хөгжмийн зохиолч, дуулалт жүжиг гэдэг гурван номинацийг нь авсан юм байна.

-Ховдын жүжиг сэдвээрээ бас их жин дарж байна л даа, тийм ээ?

-Жин дарсан асуудал бий. Яагаад гэвэл, Галдан хаан гэдэг чинь өөрөө Монголын эв нэгдлийн төлөө, монгол үндэстний төлөө байсан болохоор энэ бол зөвхөн Баруун Монголын асуудал биш шүү дээ. Монголын төрийн тухай, монгол төр манжид эзлэгдэхгүй гэсэн бодлогын үүднээс хандсан Галдан хааны тэр тэмцэл, үзэл санаа бол асар жинтэй. Түүнийг нь түүхийн эх сурвалжаас нь маш зөв олж авч, маш зөв гаргаж ирсэн учраас энэ жүжгийн цар хүрээ нь нэлээн өргөн юм. Галдан хааны тухай янз бүрийн ойлголтууд байдаг шүү дээ. Ийм нөхцөлд түүхэн эх сурвалжийг нь их зөв гаргаж ирсэн нь үнэ цэнтэй. Ерөөсөө монголчуудын эв нэгдлийн тухай хэлсэн жүжиг л дээ. Үндэстний эв нэгдлийн тухай хэлнэ гэдэг бол сэдвийн хувьд ч, үзэл санааны хувьд ч цар хүрээ нь өргөн юм байхгүй юу. Тэр нь ч бас нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа.

-Моно жүжгүүдийн тухайд та юу үзэж харав?

-Орж ирсэн бүх жүжгийг би үзээгүй. Гэхдээ моно жүжиг ер нь хэцүү шүү дээ. Жүжигчин дээр тулгуурлаж байдаг. Олон орны жүжигчдийг энд оруулж ирж үзүүлсэнд би их талархаж байгаа. Яагаад гэвэл, бидэнд сурах юм их байгаа. Жишээ нь, Польшийн жүжиг сонирхол татаж байлаа. Өвөр монголчуудын авчирсан жүжиг, манай Дарханы театрын Төмөрбатын авчирсан жүжиг бас л сонирхолтой харагдаж байсан. Манай СУИС-ийн багш Бат-Өлзийгийн найруулсан, Питер Турриний “Ашгүй бүх юм дууслаа” гэдэг жүжиг бол уг нь маш сонин шийдэлтэй жүжиг шүү дээ. Энэ мэтээр янз янзын театрын хэллэгүүд, янз янзын дүрслэлүүдийг барьж авч байгаа нь ололт гэж бодож байгаа. Моно жүжиг бол жүжигчнийг тодруулж гаргаж ирдгээрээ их онцгой. Үүгээрээ нэлээн том өрсөлдөөн болсон. Өрсөлдөөн болсны үр дүнд ч гэсэн авах ёстой шагналуудыг нь зөв өгсөн гэж харж байлаа. Би энэ жилийн шүүгчдийг маш их зөв онож шүүсэн гэж олзуурхсан. Жилийн жилд хүмүүс янз бүрээр ойлгодог л доо. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэгчлэн дүгнэлээ гэх юм энэ удаа байсангүй. Яг бодитоор харж гарцаагүй байх ёстой шалгуураар нь харсан шүүгч нарын шаардлага бол өндөр байсан.

-Моно жүжиг гэж туйлшраад байна уу,драмын жүжиг энэ жил орж ирсэнгүй гэхчлэн олон янзаар хүмүүс харж байна л даа. Моно жүжгийг энэ удаа онцолж байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Дэлхийд моно жүжгийн төрлийг бий болгосон асуудал нь жүжигчнийг нээх гэсэн асуудал л байхгүй юу. Жүжигчин өөрийгөө бүх талаар нээж байгаа. Тоглох бүх өнгө аясыг, хөгжимтэй дуу шумтайгаа өөрийгөө зохицуулж чадах, тэр жүжгийн бүх л орчныг өөртөө авчрах чадварыг нь нээж байдгаараа онцгой юм. Энэ төрөл манайд гарч ирж байгаа нь сайн хэрэг. Магадгүй хүмүүс туйлшраад явцуурч байна гэж үзэх талтай. Гэхдээ тэгж ойлгох нь дэмий. Дэлхийтэй эн зэрэгцэж явъя гэвэл харин ганц хүний жүжигтэй хамгийн их ажиллах хэрэгтэй. Ганц хүний жүжиг дээр ажилласан найруулагч, зураач, жүжигчид бол хамгийн олон талт, хамгийн өргөн цар хүрээг өөртөө бий болгож гаргаж ирдэг. Өөрөөр хэлбэл, маш нарийн нягт ажиллагаа орно. Ур их нэхдэг төрөл. Жүжгийг тавихад ур гэж юм бий. Урыг хамгийн их бий болгож чадаж байгаа төрөл бол энэ моно жүжиг юм.

-Өнгөрсөн жил найруулагч нар драмын жүжиг огт хийгээгүй юм уу. Эсвэл Хүннү, Эзэнт гүрэн, төр гэх мэтээр түүхийн том орон зай руу нэг хэсэг хандчихаад эргээд мухардах хандлагатай болчихов уу. Драмын урлаг яг ямар нөхцөл байдалд байгааг та хэлээч?

-Драмын урлагийг мухардалд орчихлоо гэж үзэж ерөөсөө болохгүй. Бүх төрлүүдээрээ явах нь үнэн боловч үүн дээр эдийн засаг, улсын бодлого хоёр үгүйлэгдэж байгаа юм. Театр өөрийнхөө урын сан дотор бол жүжигчинд зориулж жүжиг гаргана, үзэгчид зориулж жүжиг хийнэ. Цар хүрээг нь том харах хэрэгтэй юм. Би тэр Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийг наян хэдэн онд яах гэж тавьсан бэ гэвэл, Ц.Гантөмөр гэдэг жүжигчнийг гаргаж ирэхийн тулд тавьсан юм. Нэг тийм үсэрсэн, хүнийг өөр ертөнц рүү аваачсан тийм алхам хийх хэрэгтэй байхгүй юу. Тэр алхмыг бол урын сангийн бодлогод барьж явах ёстой юм. Тэр бодлогыг дэмждэг санхүүжилт байх ёстой. Дээхнэ үед театр өөрөө уран бүтээлийн мөнгөтэй байсан болохоор зовлонгүй хийдэг байсан. Одоо бол тийм юм хийхийн тулд төсөл бичнэ хэдэн сар хөөцөлдөнө, батлах батлахгүйд хүрнэ, тэгсээр байтад жүжгийн зохиол чингь алга болоод хүлээгдчихдэг. Би гэхэд л жишээ нь, “Зуун жилийн ганцаардал” гэж ярьсаар байгаад бараг найман жил болж байна шүү дээ.

-Театр аль болох бүх төрлөөрөө дуугарч байгаасай л гэх гэсэн юм.Эсвэл дуулалт, эсвэл моно гэхчлэн хандлага, хэмжүүр, үнэлэмж явцуурах вий гэх болгоомжлол төрөх ньзайлшгүй л дээ?

-Үгүй. Энэ хэмжүүр рүү орно гэж байхгүй. Дуулалт жүжиг бол гарцаагүй хийгдэх ёстой. Энд чинь найрал дуу, гоцлол гэхчлэн бүх юм ордог болохоор драмын жүжигчний өөрийнх нь хөгжилд асар том хувь нэмэр болдог. Энэ жил драмын жүжгийн төрөлд өрсөлдөх театруудын бүтээл байгаагүй. Байхгүй болохоор ганцхан УДЭТ өөрсдийн жүжгийг оруулж болохгүй болчихож байгаа юм л даа. Орон нутагт драмын жүжиг тавигдаагүй.

-Долоон найруулагчийн бэсрэг жүжгүүдийн тухайд та юу хэлэх вэ?

-Тэр яах вэ. Энэ бол бидэнд олдсон боломж юм. Театр өөрөө орон зайн урлаг. Тэр орон зайд бид нар хэн ямар сэдвээр, ямар зохиолоор өөрийнхөө орон зайг тэнд тавьж өгч хүмүүст тэр жүжгийг хүргэхвэ гэсэн эрэл хайгуул, туршилтын алхам юм. Хамгийн сонирхолтой нь долоон өөр өнцгөөс харсан жүжгүүд орж ирсэн шүү дээ. Дандаа бэсрэг жүжгүүд. Гурван хүнтэй, хоёр хүнтэй, нэг хүнтэй, таван хүнтэй гэхчлэн. Гэхдээ хүнийхээ тоонд гол нь биш юм. Тэр талбарыг бид юугаар туршиж, юуг эрж хайж байна вэ гэдэг тэр эрэл хайгуулыг олоход, эрэл хайгуулаа үргэлжлүүлэхэд, шинийг санахад тус болсон алхам юм. Би бол тэр долоон жүжгийг ингэж үздэг.

-Тэр долоо тогтмол тоглуулаад явах жүжгүүд мөн үү?

-Тогтмол тоглуулах жүжгүүд биш гэж хэлэхгүй. Яг тогтмол тоглуулж болно. Гэхдээ бид үзэгчдээсээ түрүүлж явахаас биш дагаж явахгүй учраас зарим жүжиг нь нь хүлээж авахад бэлэн биш байж болох талтай. Миний хувьд тэгж харсан жүжгүүд бол бий. Жишээ нь, Н.Наранбаатарын тавьсан жүжиг бол нэлээн хүнд. Манайхан бас бэлэн юм хүлээж аваад байдаг, дандаа тийм байгаад байж бас болохгүй шүү дээ. Тийм учраас бид аль болох түрүүлж харуулахын тулд хийгээд байгаа эрэл хайгуулууд юм шүү дээ.

Н.Пагма

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Цээж хорсох

Цээж хорсох явдал хүн бүхэнд түгээмэл тохиолдох нь бий. Уг өвчлөлийг хэрхэн анагааж, урьдчилан сэргийлэх талаар товчхон өгүүлье. Шар хөөрөх буюу цээж хорсолтын үед өвчүүний толгойн дээд талаас цээжний урд хэсгээр түлж байгаа мэт халуу оргино. Энэ нөхцөлд айраг цагаа уувал өвчүүн тушаа гал манараад л явчихна. Тэр бүү хэл бүлээн сүү, хүйтэн хар цай уусан ч улаан хоолой, цээж зураад ордгийг бид мэдэх юм.

Анагаахын шинжлэх ухаанд үзсэнээр энэ нь ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болж рефлюкс үүсэх процесс аж. Ямар нэгэн өвчин зовиургүй эрүүл хүнд ч цээж хорсох тохиолдол гардаг байна. Ихэвчлэн хоол хүнсээ тохируулж хэрэглээгүйгээс, ялангуяа улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй зүйл, халуун ногоо, шоколад, кофе, улаан лоолийн соус, хийжүүлсэн ундаа зэргийг хэт давамгай хэрэглэж хоолны дэглэм алдагдсанаас үүсдэг гэнэ. Мөн архи хэтрүүлэн уух, гүн шарталт хордлого өгөх, мэдрэлийн ядаргаа болоод стресс нойргүйдлээс цээж хорсох явц мэдрэгддэг ажээ.

Цээж хорсолтыг цагаан лууван, далайн байцаа, жууцай, зуун наст, долоогонын шүүсээр анагаах арга бий. Цагаан лууванг чанаж буцалгах, эсвэл шарж хайралгүйгээр түүхийгээр нь хэрэглэвэл мах болоод өөх тостой хоолыг шингээх чадвар өндөр байдаг аж. Хөдөөгийнхөн цээж хорслоо гээд шанага шанагаар сүү залгилдаг. Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш. Гэр бүлийн нөхцөлд хүмүүс содатай ус уудаг. Үүнийг ч шинжлэх ухаан таашаадаггүй. Учир нь ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлэх аюултай. Цээж хорсолтыг бий болгодог дээрх бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж, уурлаж бухимдалгүй тайван байж буцалсан ус зэргийг тогтмол хэрэглэвэл цээж хорсох зовиургүй болохыг эмч нар зөвлөдөг.

Ө.МАНЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар эртийн яргуйн шид

“Нээрэн, яргуй идэх сайн” гэж монголчууд бие биедээ захиж өдий цагт нэгийг ч болов үмхээдэх гэж зөвлөдөг. Хавар эрт цэцэглэдэг олон наст энэхүү ургамал нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх олон талын ач тустай. Яргуйг нэг дор олноор нь иддэггүй. Өдөрт нэгээр гурав эсвэл долоо хоног идвэл хор тайлан, хавдар хариулж, хүний биеийн хэм барьж, булчирхайн сүрьеэ, шамбарам зэргийг эдгээх бөгөөд ходоодны гал илчийг сайжруулж тамир тэнхээ оруулан, шар усны өвчнийг хатаадаг шидтэй цэцэг гэнэм.

Дэлбээг нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цус­ны даралт буурдаг аж. Дээр үеэс монголчууд уг цэцгийг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутралыг анагааж, үргүйдэл, сүрьеэ, хөхүүл ханиад, хоолойн өвчнийг эдгээж, толгой таллаж өвдөхийг ул мөргүй эмчлэхэд хэрэглэсээр ирж. Түүгээр ч зогсохгүй арьс өнгөний өвчнөөс хамгаалж, сарын тэмдэг саатах, гуурсан багтраа зэрэгт сайн нөлөө үзүүлэх агаад зүрхний дутагдал, зүрх дэлсэх, элэг бөөрөөр хатгаж өвдөхөд тан­гийн оронд буцалгаж уухад тустай гэж ардын уламжлалт эмчилгээний ном сударт тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ ходоодны ил шархлаа, элэг­ний хатуурлын үед хориглодог бөгөөд жирэмсэн эхчүүдэд цээрлэдэг ч төрөх үед хүнд­рэлгүй амаржуулахад ганцыг идэхэд гэмгүй гэжээ. Ийм олон талын ашиг тустай энэ ургамал манай орондургадаг бөгөөд цэцэг нь 5-10 хоногийн настай ч шид нь жилээ барьдаг гэдэг юм билээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Гандан стилийн үгс

Экс Ерөнхийлөгч Н.Бага­банди “Титэм” үг тэрлэдэг. Гандантэгчинлэн хийдийнханан дээр тэрлэсэн гоё үгсийг “Гандан стиль”-ийн хэмээн тодотгохоор шийд­лээ. “Уурлуулсан хүн рүү далайхаас өмнө, уур руугаа далайн номхотгох нь чухал, хязгааргүй сэтгэлээ хазаарлан дарагч л хамгаас гарамгай баатар мөн” гэнэ дээ.Уураа барьж сурахад тустай өөр нэг ашигтай дөрвөн мөртийг одоо хүргэе.

“Хамаг сэтгэл амгалан болоод, хараал ерөөлийгогтоос тоолгүй,

Хажуугаас чамайг үгээр дэлдэвч, хагарсан хонх шиг дуугаа хураана” гэж байгаа юм.Болдоггүй хар муу сэтгэлээ дарж сурах өөр нэг жор байна. “Уураа урвуулж хайраар дар, улмаар хорслоо энэрлээр дар, хуурах санаагаа үнэнчээр дар, хувхай хармаа өглөгөөр дар” гэжээ. Бага байхад эмээ маань “Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг” гэдэг сэн. Хорыг хороор гэдэг бол харин энэ удаа усыг сүүгээр сүлдэгтэй агаар нэг “технологи” байгаа биз.

“Яллаа дийллээ гэвч өстөн төрүүлж үлдээнэ. Ялагдан уналаа гэвч өширхөн гомдож зовно. Ялах ялагдах хоёрыг эгнэгт гэтэлгэгч хүн л ямагт амгалан жаргаж баясгаланд сая хүрнэ” гэсэн сургаальтай мөрүүд дурайна. Өглөгийн дээд нь номын өглөг гэнэ билээ. Юугаараа баян түүгээрээ дайл гэдэг дээ. Хүнд хэрэгтэй тустай үгсийн эрэлчин бидний өглөгийн дээд нь үгс билээ.

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Зун цаг айсуй

Эх нутагт минь зуны улирал айлчлан ирэх нь дээ. Одоо долоохон хоноод зуны тэргүүн сар гарна.

Хөдөө хээр цагаан зурам годойтол давхилдаж түүнийг чогчиго эргүүлдэн жиргэнэ. Зулзаган ногоо соёолж хөх яргуй боловсрон “Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход гэртээ суусан малчин түүнийг сонсон уярна”.

Хөх салхин уясаж чихэн дээр сэр сэр салхилан их талын тэртээд хөх униар жирвэлзэн газрын хээлнээ үндэс болгон томрон хөөж мөнх амьдрал дахин цэцэглэхэд бэлэн болжээ. Ай зун цаг. Юутай тансаг, юутай урин билээ.

Манай нэгэн их бичгийн хүн бээр “Монгол орны зун цаг гэдэг бурхны орны диваажингийн үзүүлэнгийн өрөө юм” хэмээн бичиж байсан нь сэтгэлд орж ирнэ. Манай урин цаг гуравдугаар сарын сүүлээс эхлэн аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Энэ үед бид нөгөө өвлийн хүйтэн хахир хайруу цагаа марттал налайна. Үнэхээр мартахаас ч арга үгүй сайхан цаг билээ, манай зун цаг.

Тэнгэр нижигнэн бороо цутгаж, тэр дорхноо л халуу дүүгэн мишээсээр наран хурын бараан үүлийг хага зүсэн гарч ирнэ. Хоолойтой болгон жимбүүрдэн шулагнаж үндэстэй болгон цэцэглэн найгаж төрөл бүрийн өнгө алаглан балын тансаг үнэрт мансууран суухад юун өвөл, юун жавар бодогдох билээ.

Энэ л сайхан зун цаг одоо эхлэн цэцэглэхэд бүрэн бэлэн болж, бурхнаас өгөх дохиог хүлээн байна. Нэг л өглөө босоход улиас хус цэцэглэн анхилам үнэрээ ханхлуулсаар зун цаг айлчлан ирснийг зарлах бөлгөө. Ингэж байгаль дэлхий бүрэн утгаараа шинэчлэгдэн жил жил дэлгэрнэ.

Ж.САНДАГДОРЖ

Гэрэл зурагчин Б.Баярын зургаас нийтлэв

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хэрэгт дуртай хүмүүс

Дэлхий дахины сүүлийн үеийн мэдээ, мэдээллүүдийг уншиж суухдаа хүмүүс бид заримдаа нэгнийхээ хэрэгт дэндүү орж, хов живэнд гайхалтай шунан дурлах юм даа гэж бодлоо. Үнэндээ ч хэний ч анхаарлыг татаад байх мэдээлэл биш л дээ. Гэхдээ хэвлэлд мэдээлж байгаа нь, түүнийг сонирхон хүлээн авч байгаа маань биднийг нэгнийхээ амьдралд дэндүү оролцдог болсныг илтгээд байх шиг. АНУ-ын Мичиганд 12 хүүтэй хос саяхан шинэ хүнтэй болсон бөгөөд мөн хүү байжээ. Уг мэдээнд хосуудыг 12 хүүтэй атлаа 13 дахь хүүхдээ ямар хүйстэй болохыг мэдэхийг оролдоогүй байсан талаар хачирхан бичжээ. Үнэндээ тэдний хувьд хайрын бэлгэдэл болж ирсэн үр хүүхэд нь хүү байна уу, охин байна уу хамаагүй байж болох шүү дээ. Гэтэл хүмүүс бид нэгнийхээ амьдрал руу дэндүү өнгийх юм. Манайхан ч хүүгүй бол “Удам залгах хүүтэй болохгүй нь дээ” гэж эсвэл охингүй бол “Гэрээр дүүрэн бахиалууд, идэж уух нь дийлдэхгүй байгаа биз” хэмээн өрөвдөх, тавлахын хооронд хэлэлцэнэ. Үнэндээ нөгөө хүмүүс нь тэгж боддог ч юм уу, эмзэглэдэг ч юм уу. Бас нэг гадаад мэдээнд Сан Диегогийн амьтны хүрээлэнд өнгөрсөн гуравдугаар сард мэндэлсэн бяцхан усны үхрийн хүйсийг арайхийн охин хэмээн мэдсэн талаар өгүүлжээ. Эх усны үхэр шинэ мэндэлсэн үр төлөө цөөрмийн ус ургамал дунд нууж, дөрвөн тонн том биеэрээ халхлаад байсан тул эр, эмийг нь мэдэж болохгүй байсан талаар онцолсон байх юм. Тэгээд ямартай ч охин усны үхэр гэдгийг арайхийн хоёр сарын дараа мэдлээ хэмээжээ. Үнэндээ хүмүүс бидний эр, эм хүйст ач холбогдол өгч, айл гэрийн амьдрал байтугай амьтны үр төлийг ч сонирхож, элдвийг чалчдаг байдал хэрээс хэтэрчээ. Тиймээс амьтан хүртэл үр төлийнхөө хүйсийг нуудаг ч болсон юм билүү, хэн мэдлээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бурууд нүд хурц

“Хөөе, та наад татсан тамхиныхаа ишийг ав” гэх бяцхан хүү дуугарлаа. Эргээд харвал 5-6 настай болов уу гэмээр жаал өөдөөс минь хараад даналзаж байна. Яалт ч үгүй гудамжинд тамхиныхаа ишийг хаясан миний буруу тул авахаас өөр арга байсангүй. Гэхдээ өдий хүртэл сургуульд ч ороогүй жаалаар загнуулж яваагүй тул гайхсан минь жигтэйхэн. Энэ бол дөрөв хоногийн өмнө Эрдэнэт хотод болсон явдал л даа. Ээлжийн амралтаа аваад Эрдэнэт хотод байдаг найзтайгаа уулзахаар очиход шөнө дүл болж байсан юм. Өглөө нь босчихоод тамхи татаж байсан царай минь энэ. Эмээтэйгээ хамт цэцэрлэгт явах замдаа саадан дээр түр саатан гулгаж байхад нь би тамхиа татчихаад ишийг нь жишим ч үгүй хаяж байхыг тэр хүү анзаарчээ.

Жаахан хүүгээс жавтий хүртсэн би ичих ч шиг, инээд ч хүрэх шиг хэсэг зогслоо. Эрдэнэт хотын төвөөр жаал алхав. Үнэндээ гудамжиндаа хог гаргаад хаясан айл хунар ч гэж алга. Над шиг хэнэггүй нөхөр тамхины ишээ хаясан болов уу гээд хайгаад ч нэмэр алга. Ийн байтал найз маань хүрээд ирлээ. Хэдхэн хормын өмнө болсон үйл явдлаа тоочин ярьтал “Манай Эрдэнэтийнхэн бурууд нүд хурцаа хө” хэмээн хэлээд намайг дагуулан алхсан юм. Үнэндээ тийм цэвэр хотод тамхи татах ч хүсэл төрөхөө байчихдаг юм билээ.

Эрдэнэт хотын цэцэрлэгийн хүүхэд хүртэл хотоо ийн хайрлаж чаддаг ажээ. Харин нийслэл хот хэмээх их хөлийн газар үнэндээ хогийн тантан болж байгаа юм байна гэдэг бодол төрсөн юм. Найрсаг Улаанбаатарыг бий болгохын тулд бид ядаж л хогоо хогийн цэгт нь хаяж, халуун дулаан инээмсэглэл биесдээ бэлэглэж баймаар санагдсан шүү.

Э.ЭНХБОЛД