Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хувцасны цаадахь философи

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг үргэлж саарал өнгийн пудволк, жинсэн өмдтэй харагддаг. ”Apple”-ийн Стив Жобс хоолойтой хар цамцнаас салдаггүй. Агуу Эйнштейний дуртай хувцас нь саарал костюм. Дээд сургуулийн маань нэг багш “Европчууд биед эвтэйхэн хувцас харвал нэг өнгө, ижил загвар байсан ч хамаагүй хэд хэдийг авчихдаг. Хувцас бол тэдний хувьд энгийн хэрэглээ учраас тэр. Манайд ингэж өмсвөл энэ одоо өөр хувцасгүй юм байх даа гэж өөлнө дөө” гэж ярьсан нь санаанаас гардаггүй юм. Хүний тархинд секунд тутамд 11 сая ширхэг мэдээлэл ирдэг, гэтэл хүн гээч амьтны тархи нэг дор гурван зүйлд л зэрэг төвлөрөх чадвартай, үүнээс ахиад ирэхээр анхаарал нь сарниж, зөв шийдвэр гаргах боломжгүйд хүрдэг гэсэн сонирхолтой статистик бий. Бүтээмж өндөртэй эрхмүүд элдэв зүйлд сатаарахгүй гэсэндээ ижил загварын аятайхан хувцаснаас хэд хэдийг сонгочихдог байж мэдэх л юм. Нээрээ л хувцсаа сонгох гэж дэлгүүр хэсэх, худалдаж авах үгүйгээ шийдэх гэж толины өмнө эргэлдэх, өглөө сэрээд хувцасны шүүгээгээ онгичиход зарцуулсан хугацаагаа тооцоод үзвэл өчнөөн цаг гарах байх шүү. Тийм болохоор “Interstellar” киноны найруулагч Кристофер Нолан “Өглөө бүр юу өмсөх вэ гэж бодох нь энерги барсан, стресстэй зүйл” гэж төвөгшөөсөн байх. Зохиолч Алис Грегори “Өдөр бүр адилхан хувцаслах нь өөрийгөө олонд таниулах хамгийн хэмнэлттэй, хялбар арга. Бас тогтвортой, бие даасан байдлын илэрхийлэл. Хүүхдийн номны гол дүрийн баатрууд үргэлж нэг хувцастайгаар дүрслэгддэг нь бяцхануудыг маань үлгэр дуурайл аваг гэсэндээ тэр” гэсэн нь бий. Шүүгээгээ нээгээд нэг хараарай. Тун цөөхөн нь таны өмсөх дуртай хувцас байгаа даа. Тэгэхээр ухаалаг хувцаслалт танай гэрийн эдийн засагт ч хэмнэлттэй. Мэдээж хувцасны төлөө үрсэн цагаа өөр зүйлд зарцуулахаар бүтээмж тань ч өсөөд ирнэ. Бүтээмж өсөхөөр олох мөнгө дагаад үржинэ. Бидний олонхи өөртөө эвтэйхэн гэхээс илүү бусдад сайхан харагдахын тулд хувцасладаг. Гэтэл эргэн тойронд маань амьдарч буй элит гэгдэх хэсгээ нэг анзаараарай. Тэд энгийн, биедээ эвтэйхэн хувцасласан харагддаг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдээ дулаан хувцаслаж, дархлааг нь дэмжээрэй

“Сүүлийн үед хүүхдийн тууралт, суулгалт, шарлалттай халдварт өвчин, ханиад томуу нэмэгдэх хандлагатай байна” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэв.

“Хүүхдэд тавих анхаарал халамж, асаргааг сайжруулаарай” хэмээн эмч зөвлөж байна. Хүүхдээ дулаан хувцаслаж, малгай ороолт өмсүүлэх, маск зүүлгэх, витаминлаг хоол унд хэрэглэх, гарыг нь савандаж угаалгах, ам, хоолойг нь зайлуулж цэвэршүүлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөсөн юм.

“Халууралт, тууралттай шинж тэмдэг бүхий өвчин нэмэгдэж байна” хэмээн тус төвийнхөн өмнө нь ч сануулж байв. Ийм шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин бол улаанбурхан, улаан эсэргэнэ, улаанууд байх нь элбэг. Энэ онд дэгдэлт байдлаар гарч, долдугаар сараас буурах хандлагатай байсан улаанбурхан өвчин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт, 0-1 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, улаанбурхан, улаан эсэргэнэ оноштой эмчлүүлэгсэд нэмэгдэх хандлагатай байна. Улаанбурхан өвчнөөс сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргэе.

Улаанбурхан нь вирусийн гаралтай халдварт өвчин. Агаар дуслын замаар халддаг. Халуурах, нүдний салст үрэвсэх, нус гоожих, ханиалгах, аманд улаан хүрээтэй, цагаан толбо үүсдэг. Нүүрнээс эхлэн толбот, гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд аажмаар доошилсоор бүх биеэр тархана. Урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдээ есөн сар, хоёр настайд вакцин тариулаарай. Хүүхдэд “А” болон бусад аминдэм уулгаж, илчлэг сайтай хоол хүнс идүүлж, дархлааг нь дэмжээрэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд болон эмнэлэгт хандана уу.

Б.Эгшиглэн

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүд популист болж байгаа нь хувийн өмчид санаа зовох гол үндэслэл юм

Үндсэн хуулийг өөрчлөх тухай бид ид шуугиж эхэлж байна. 99 тэнгэртэй байна ч гэл үү, яана ч гэлээ гэцгээгээд л. Тэнгэр ч биш л дээ. Гишүүдийн тоог ярьж байгаа юм. Тэднийг тэнгэр гэх нь зөв гэж мэтгэх хүн ч байгаа л байх. Гэхдээ гишүүдийг юу гэх нь гол биш. Харин манай Үндсэн хуульд хувийн өмчийн баталгааг алдагдуулсан нэг заалт байдаг нь харин ёстой өөрчилмөөр зүйл байгаа юм.

Хоёрдугаар бүлгийн Хүний эрх, эрх чөлөө гэсэн хэсгийн 16 дугаар зүйлийн гуравт …Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно… гэсэн заалт байдаг. Энэ нь эсрэгээрээ хувийн өмчийг хууль гаргаад хураан авч болно гэсэн агуулгатай юм. Тэгвэл хэн эрх барьж байна тэр нөхөр дургүй хүнийхээ өмчийг хууль гаргаж байгаад хураагаад авчихаж болно гэсэн үг. Ингэхээр Монгол Улсад хувийн өмч ямар ч баталгаагүй гэсэн үг. Яг энэ тохиолдлыг ашиглах гэж оролдсон үзэгдэл УИХ-ын зүгээс ойр ойрхон гарах болоод буй нь хувийн өмчийн дархлааг хуульд суулгаж өгөх хэрэгтэй болоод байна. Популист гишүүд олширч байгаа нь хувийн өмчид санаа зовох үндэслэл улам бүр нэмэгдээд байгааг ч хэлэх үү.

Хувийн өмчийг баталгаатай болгохын тулд Үндсэн хуульд ямар ч тохиолдолд хувийн өмчийг нийгэмчлэх юм уу төр хүч хэрэглэн хууль баталж дайчлан авахгүй байх заалт хэрэгтэй. Амьдрал баян, юу ч тохиолдож болно. Бүүр аргагүй тохиолдол гэж ч байдаг. Тэр өмчөөс болоод Монгол Улс тусгаар тогтнолоо алдах гээд байх ч юм уу. Ийм үед л хувийн өмчийг хураах, дайчлан авах хууль гаргадаг байх хэрэгтэй. Тийм учраас ямар тохиолдлыг арга үгүй тохиолдол гэж үзэх вэ гэсэн хуулийн заалтуудыг Үндсэн хуульдаа суулгаж өгвөл иргэдийн өмчлөх эрх баталгаатай болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдэд хортой зам

НҮБ-аас хүний
эрүүл мэндэд хортой арван бодисыг нэрлэжээ. Автомашинаас ялгардаг нүүрстөрөгчийн
исэл хортой чанараараа цацраг идэвхт бодисын дараа ордог гэнэ. Өнөө бидний ад үзээд
байдаг гэр хороолол, уурын зуухны яндангаас гардаг утаа агаарын бохирдлын хорт чанарын
дөнгөж арав орчим хувийг эзэлдэг байна. Харин үлдсэн 90 гаруй хувийг автомашинаас
ялгардаг утаа бүрдүүлдэг гэсэн судалгаа гарчээ.

Ялангуяа
автомашины утаа өвлийн улиралд хамгийн их хортой байдаг. Учир нь хүйтний хэмээс
хамаарч агаар нягтарсан байдаг болохоор дээш хөөрдөггүй гэсэн. Өнөөдөр нийслэл хотын
замын хөдөлгөөнд оролцож байгаа 300 мянга орчим тээврийн хэрэгслээс ялгардаг хорт
утаа агаарт замхран сарнихгүй тогтдог байх нь.

Автозам дагуух
явган хүний замаар та бага насныхаа хүүхдийг хөтөлж алхахаас татгалзаарай. Хэдийгээр
явган зорчигчдод зориулсан энэ хэсэг аюулгүй ч хүүхдэд тун хортой зам юм байна шүү.
Тээврийн хэрэгслээс ялгардаг 260 гаруй хорт бодисын нэгдэл болсон утаа хүний амьсгалах
түвшинд цацагддаг болохыг эрдэмтэд аль хэдийнэ баталжээ. Тэр дундаа хорт утаа насанд
хүрсэн хүний өвдөгнөөс доогуур хэмжээнд агаарт тогтдог байна. Энэ нь алхаж яваа
бага насны хүүхдийн уушги руу шууд орно гэсэн үг. Улмаар хүүхдийн өсөлтөд сөргөөр
нөлөөлж, тархины хөгжлийг сааруулах аюултай юм байна. Тиймээс томчууд явган хүний
замыг хүүхдэд хортой гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Үүгээр алхахдаа бага насны
хүүхдээ аль болох өөртэйгөө чацуу түвшинд байлгахаар тэвэрч явах ёстой ажээ.

Автозам дагасан
ногоон байгууламж байх, үгүйд хүмүүс их талцдаг. Сүүлийн жилүүдэд хотын замын ачаалал
нэмэгдээд, бөглөрч, таглараад байхад замаа тэлэх нь чухал гээд ихэнх ногоон байгууламжийг
асфальтаар сольсон. Харин мод, бут агаарыг цэвэршүүлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Тэр
дундаа автомашинаас ялгардаг хорт утааг өөртөө шингээдэг. Модод хэдий чинээ замын
хажуугаар байна тэр хэрээр бидэнд хүчил төрөгч бэлэглэж байдаг юм. Тиймээс автозам
дагуу ногоон байгууламж байх нь ийм л ач тустай ажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ус уухад учир бий

Амралтын өдрийн өглөө уламжлал ёсоороо дөрвөн аяга ус уучихаад буцаад хэвтэж байтал Японы “NHK” телевизээр гарч буй нэвтрүүлэг анхаарал татав. Учир нь усыг хэрхэн зөв уух тухай байсан юм.

Өглөө бүр өлөн элгэн дээрээ хэд, хэдэн аягаар угсруулж ус уух нь буруу гэж ирээд л ярилаа. Тавхан минутын өмнө литр шахуу ус нэг дор уусан болохоор анзаарахгүй өнгөрч чадсангүй. Уг нэвтрүүлэгт оролцож буй эмч нарын яриаг сонстол “Эмэгтэйчүүд, ялангуяа залуу бүсгүйчүүд арьсаа сайхан болгохын тулд ус уух хэрэгтэй” гэж байна. Үргэлжлүүлээд “Өглөө босоод өлөн байх үедээ ус уух хэрэгтэй. Гэхдээ нэг дор их хэмжээгээр уугаад хэрэггүй” гэлээ. Учир нь нэг дор таван зуун граммаас илүү ус уухаар ходоод сунадаг гэнэ. Улмаар ус биеэс гадагшлахад ходоод хоосорч өлсөх учиртай. Энэ үед хоол идэхээр ходоод өмнөх уусан усны хэмжээгээр дүүрч байж сая цадах мэдрэмж төрүүлдэг ажээ. Тиймээс нэг дор их хэмжээний ус уувал ходоод сунаад, идэмхий болдог гэж тайлбарлаж байна лээ.

Манай ихэнх бүсгүйчүүд ус л уугаад байвал жин хасна гэж боддог. Улмаар гэнэт ус уухаа санаад нэг дор 500 грамм орчим ус залгилчихдаг. Харин ингэж уух нь буруу ажээ. Хэрэв та арьсаа чийглэг байлгах, улмаар биеийн жингээ хэвийн хэмжээнд барихыг хүсдэг бол өдөрт 1.8-2.5 литр ус уухад л тохиромжтой юм байна. Гэхдээ бага, багаар биедээ шингээж уугаарай. Ингэхийн тулд өглөө боссон цагаасаа хойш бага, багаар хувааж уусаар 18 цагт зогсоох ёстой юм байна. Учир нь орой уусан ус бөөрөнд ачаалал өгдөг ажээ.

Хэрэв хоолны дараа болон нэг дор их хэмжээгээр ус уувал ходоод сунаж хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ханиад эмчлэх энгийн арга

Өдийд ханиад томуу ихэсдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд цэцэрлэгээсээ ханиад авчих гээд байдаг талтай. Ханиад шуухинаа хүрэх бүрт нь эмээр бөмбөгдөөд байхаар хүүхдийн дархлаа сулардаг. Тиймээс эм тарианд найдахаас өмнө асаргаа чухал гэдгийг эмч нар зөвлөдөг билээ. Ус сайн уулгах, цэвэр агаарт гаргах, нуруунд нь доргиох массаж хийх гээд асаргаа мундахгүй. Бас ханиадыг эмгүйгээр, гэрийн нөхцөлд эмчлэх арга ч олон. Дээр үед архаг хатгаатай хүний уушгин тушаа адууны нимгэн хэрчсэн махаар жин тавьж эмчилдэг байсан талаар хөгшчүүл ярьдаг. Сүүлийн үед үүнтэй төстэй буюу байцааны навчаар ханиад эмчлэх орос арга үр дүнгээ өгч байгаа талаар ээжүүд ам дамжин ярьж байгаа. Цэртэй ханиалгаж байгаа бол энэ арга илүү тохиромжтой. Буцалж буй халуун усанд бөөрөнхий ногоон байцааны навчыг дүрж зөөлрүүлнэ. Зөөлөрсөн навчин дээрээ зөгийн бал түрхээд ханиадтай хүнийхээ цээж, нуруун дээр наана. Дээр нь бариу цамц өмсүүлээд салхи авахуулахгүй хонуулах ёстой. Эхэндээ нойтон байцаа эвгүй мэдрэмж төрүүлэх боловч хорсгох зэрэг зовиур байхгүй. Маргааш өглөө нь авахад байцаа жижгэрч зөөлөрсөн байдаг. Зөгийн бал цэр ховхолж, ханиадыг багасгахаас гадна арьсанд тэжээл өгдөг сайн талтай. Бас наадаг гич (горчичник)-нд зөгийн бал түрхээд дээрхийн адил нуруу, цээжиндээ наавал ханиад намддаг. Зөгийн бал түрхвэл гич хорсгохгүй учраас өвчтөнд мөн зовиургүй гэсэн үг.

Бас цээж, хоолойгоо шар тосоор тослоод унтахад ханиалгах нь намдаж, хоолой сэрвэгнэхээ больдог. Баавгайн тос нуруунд нь бага зэрэг түрхэх арга ч бас бий. Чанасан сүүнд тарваган шийр хийгээд уулгахад ч ханиад намдчихдаг.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бидний орон гэр дэх үл үзэгдэх “дайснууд”

Шинэхэн орон сууц үзэхээр
очихдоо дэргэд зогсох эмэгтэй ажилтнаас эрүүл мэндэд хоргүй будаг, материал
хэрэглэсэн эсэхийг лавлав. Тухайн үед мэдлэг, туршлагагүй хүн таарсан уу, эсвэл
олонхи хүн энэ талаар сонирхдоггүй бололтой. Мөнөөх ажилтан ихэд эмзэглэж “Та
битгий өө сэв хайгаад бай” гэснээр барахгүй “Намайг энд зогсох хугацаанд хэн ч
тан шиг ийм юмнууд асуугаагүй” гэсэн юм даа. Үнэндээ бидний орон гэрт санаанд
оромгүй олон химийн хортой бодис агуулагддаг бөгөөд энэ бүхэн бидний химийн
ачааг нэмэгдүүлж, аажмаар хордлогод ороход хүргэдэг тухай цухас өгүүлэх гэсэн
юм л даа. Хар тугалга хэмээх хортой металл гэхэд л будаг, усны хоолой болон
зарим шаазан эдлэл, сав суулга, шалны плита зэрэгт агуулагддаг аж.

Хар тугалга хортойг хэн бүхэн
мэддэг ч энэ бүхэн аажмаар биед хуримтлагддаг учраас хордож буйгаа хэн ч
анзаарахгүй. Хүүхэд нялх байх тусмаа хар тугалганд илүү хорддог. Хуучин будаг
хагарч хуурах, будагны хагархайнууд нунтаг болж, хүүхэд амьсгалах буюу шалан
дээгүүр гүйхэд залгигддаг. Танай крантнаас зэв амтагдсан ус гоожиж байгаа бол
хар тугалгатай хоолойгоор дамжиж байж магадгүй. Зарим хивс, гэрийн тавилгууд
химийн хортой бодис агуулдаг.

Эдгээр материалыг хурдан
элэгдэх, түлэгдэхээс хамгаалах гэж иймэрхүү химийн бодис шингээдэг аж.

Хүүхэд болон гэрийн тэжээмэл
амьтад олон цагийг хивсэн дээр өнгөрүүлдэг учраас химийн бодисын нөлөөг илүү
амсдаг. Гэр цэвэрлэхэд хэрэглэдэг угаалга, цэвэрлэгээний бодисуудад ч
болгоомжтой хандахад илүүдэхгүй. Ихэвчлэн хурц үнэртэй, нүдний нулимс дуслуулах
шахдаг нь химийн бодистой холбоотой.

Ус болон бидний нэрлэдгээр
барааны савангаар цэвэрлэгээ хийх нь хамгийн аюулгүй бөгөөд хямдхан байдаг гэж
“Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага”-д дурджээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Сүнсний баяр

Би хувьдаа олон төрлийн баяруудаас хамгийн сонирхолтойг нь Halloween буюу сүнсний баяр гэж боддог. Манайхан америкчууд шиг айл гэрийн хаалга нүдээд чихэр гуйгаад явдаггүй л дээ.

Гэхдээ сүүлийн хэдэн жил залуучууд ач холбогдол өгч өргөн хүрээнд тэмдэглэдэг болжээ. Энэ баяр аравдугаар сарын 31-нд болдог. Залуус сүнсний баяр тэмдэглэхээр бүтэн сарын өмнөөс биш юмаа гэхэд долоо хоногийн өмнөөс өөрийгөө бэлдэнэ. Юу нь тэгтлээ сонирхолтой вэ гэвэл энэ өдөр хүн бүр өөрсдийн хүссэн дүрдээ хувирах боломжтой болдог юм. Бид амьдрал дээр кино жүжигчид шиг янз бүрийн дүрд хувирч чаддаггүй бол Сүнсний баяраар мөрөөдлөө биелүүлж болно.

Охидууд л гэхэд ихэнхдээ барби хүүхэлдэй, сахиусан тэнгэрт хувирч байгаа харагддаг. Бүр эсвэл шүүр унасан шулам, хорон санаат эмгэн болно. Эрчүүд харин супермэн, хүн аалз, цус сорогчийн дүрд хувирах боломжтой. Гэхдээ заавал аймшгийн баатрын дүрд хувирах албагүй л дээ. Үнсгэлжин, цасан гоо, маугли, тарзан гээд хайртай үлгэрийн баатрынхаа дүрд хувирч болдог.

Ингэж өөрийн дуртай дүрдээ хувирч, түүгээр амьсгалдаг уг баяр залуусын сонирхлыг тун их татдаг юм. Сонирхолтойгоос гадна бүтэн сарын өмнөөс ямар дүрд хувирах, үс, нүүр, хумсаа яаж будуулах вэ гэдгээ бодож догдлох нь хамгийн гоё. Яг л шинэ жилийн баяртаа оролцох гэж буй хүүхнүүд ямар даашинз өмсөх вэ гэж арванхоёрдугаар сард тэр чигтээ догдолдогтой ижил. Шинэ жилээр хүүхнүүд хамгийн гоё даашинзаа өмсөхөд л баярын утга учир оршдог шүү дээ. Түүнтэй ижил хоол идэж, архи дарс уух шалтгаан үүсгэхээс илүүтэй өөрийгөө бэлддэг баяр л хамгийн гоё байдаг бололтой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ажил хөдөлмөр эрхэлдэг залуус олон болж бурзай, бурзай

Сүүлийн үед цахим орчинд залуус “бурзай, бурзай, бурзай” хэмээн бичиж мөнгө төгрөг, алт эрдэнийн зураг ихээр тавих болсон байна. Өнөөдөр ид хийж бүтээх насандаа яваа залуу хүн “Бурзай” хэмээн биччихээд “Үүнийг шэйр хийвэл үнэхээр мөнгө дууддаг юм байна. Энэ зургийг шэйр хийхгүй бол хэдэн жилдээ хэтэвч чинь мөнгөгүй байх болно. Бурзай, бурзай, бурзай” хэмээн бичицгээж байх юм. Манай улсад 100 гаруй мянган ажилгүй залуу байна гэсэн судалгаа байгаа тухай улс төрчид ярьцгааж байгаа. Бидний сэтгэхүй ийм болтлоо доройтчихсон юм уу. Тэдгээр залуус өөрсдийн боломжид таарсан ажлаа гололгүй хийх ёстой байтал фэйсбүүк, твиттерийн орчинд мөнгөний зураг оруулан бурзайх тухай яриад сууж байгаа нь эмгэнэл гэлтэй.

“Гар хөдөлбөл ам тосдоно” гэж ярьдаг. Залуу насандаа тархиа зулгааж амьдрахгүй бол өтөл насандаа махаа зулгааж амьдарна гэдэг үгтэй. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Ажилгүйчүүд их байгаа нь үнэн. Гэхдээ “ажилд авна” гэсэн зар зөндөө байгаа нь ч бас үнэн. Ээж, ааваараа тэжээлгэж яваа 20-30 настнууд “Эдийн засгийг хүндрүүлсэн энэ 76-г буудах ёстой” хэмээн чухам л үнэнийг хэлсэн баатар мэт цахим орчинд шуурч байна. Үзэн ядалтын шинэ үе төрж байгаа юм уу хэмээн бодогдохоор. “Эмээгээ даган Сарандаваа эгчийн мөнгө дуудах цуглаанд очлоо. Цүнхээ онгойлгоод сэгсэрч байгаад ирлээ. Хоёр хоногийн дараа эмээгийн тэтгэвэр бууж би бурзайсан” хэмээн бахдан бичиж суугаа 30 настнуудыг яалтай вэ. Төмсийг газарт булж, арчилж тордож байж намар ургац авдаг. Энэ чинь хөдөлмөр. Мөнгө гэдэг чинь үүнтэй агаар нэгэн билээ. Ямар ч мундаг бурханыг шүтээд, ямар ч мундаг алт, мөнгөний зураг шэйрлээд алган дээр чинь мөнгө унаад ирэхгүй. Цүнх саваа мянга эргүүлээд хэтэвчинд чинь мөнгө орохгүй ээ. Монголын ирээдүйг авч явах залуу үеийнхэн бурзайх тухай мөрөөддөг хэдий ч тэдний хийж байгаа зүйлс нь мөнгөний зураг шэйрлэх төдий байж болох уу. Манайхан компанийн захирлуудыг хараад “Аая үүн шиг баян болохсон” хэмээн дуу алдацгаадаг. Тэд “Бурзай, бурзай, бурзай” хэмээн зураг түгээж баян болоогүй. Олон жил хөдөлмөрлөж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн байдаг. Тиймээс бид өөрсдөдөө оногдсон өмнөх ажлаа л сайн хийж бурзайх хэрэгтэй шүү. Ажил хөдөлмөр эрхэлдэг залуус олон болж бурзай, бурзай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Цас мөсөө арилгахгүй бол мөнгөө бэлдээрэй

Өглөө нь бороо ороод шөнө нь мөстөөд хонодог байгалийн үзэгдэл гадныханд маш сонирхолтой байдаг гэдэг.

Ялангуяа халуун орноос ирж сурч байгаа оюутнууд нутгийнхандаа энэ үзэгдлийг ярьж гайхшруулна. Харамсалтай нь байгалийн энэ сонин үзэгдэл монголчуудад төвөг уддаг болоод удаж байна.

Өнгөрсөн шөнө машин бүү хэл хүн явахад төвөгтэй болсон. Өглөө мөн тэр хэвээрээ. Олон жил үргэлжилсэн энэ үзэгдэл олон хүнийг хохироосоор ирлээ. Гэмтлийн эмнэлгийн мэдээллээс харвал жилийн жилд зуу зуугаараа халтиргаа гулгаанаас болж гар хөлөө гэмтээдэг. Мэдээж эмчлэх зардал олон саяар тоологдоно. Хохирогсдын 95 хувь нь ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбайд халтирч гэмтэл авдаг гэнэ.

Энэ тохиолдолд тухайн байгууллага иргэнд учруулсан хохирлыг нөхөн олгох журам байдаг аж. Гэхдээ энэ журам хэрэгжиж хохирлоо төлүүлсэн иргэн одоогоор байхгүй гэнэ. Мөн байгууллагууд үүдний шатаа Хятадын дулаан бүсэд хэрэглэдэг хавтангаар хийдэг.

Энэ нь цас орсон тохиолдолд ямар ч мөсөн гулгуураас дутуугүй халтиргаа үүсгэдэг. Цөөнгүй хүмүүс ийм шаттай байгууллагын буруугаас болж гэмтэж байна.

Тиймээс гэмтэж бэртсэн иргэд хохирлоо нэхэмжилдэг болцгоовол амьдралд ойрхон. Цас мөсөө арилгадаггүй байгууллагуудаас мөнгөө олж авдаг болцгооё. Энэ нь хүний эрүүл мэндээр зогсохгүй, нийслэлийн үзэмжид ч хэрэгтэй. Иймээс цас мөсөндөө дарагдсан залхуу байгууллагууд мөнгөө бэлдээрэй.

Х.БАТТӨГС