Categories
арын-нүүр булангууд мэдээ спорт

Харь орны өмнөөс тэмцээнд оролцох нь эх орноосоо урвахын нэр биш

Хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэг сошиал ертөнцийг байлдан дагуулж байна. Штангчин бүсгүйн амжилт дэлхий нийтийн анхаарлыг татаж, дөрвөн ч улсаас гэрээ байгуулах санал авчээ. Их хэмжээний мөнгөн дүнтэй тэдгээр сайхан боломжуудаас М.Анхцэцэг татгалзсан шалтгаанаа өөрийн цахим хуудсандаа тайлбарлахдаа “Аль нэг улсын төрийн дууллыг эгшиглүүлэхийг хүсээгүй” гэжээ.

Ийм шийдвэр гаргасан түүнийг мундаг, эх оронч үзэлтэй охин гээд л бүгд сүйд болоод шагшин магтаад байх юм. Мэдээж хүн бүр эх орноороо бахархаж, аав, ээжийгээ хайрлан хүндэлдэг. Өөр улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд орлоо гээд түүний судсаар урсаж байгаа монгол хүний цус, омогшил нь арилчихгүй.

Манай жүдоч Г.Отгонцэцэгийг хар л даа. Казахстаны нэрийн өмнөөс барилдаад хичнээн сайхан гялалзаж явна вэ. Тэр хүн ийм зоригтой шийдвэр гаргасандаа хэзээ ч харамсахааргүй амьдрал нь баталгаатай боллоо. Өөр улсын нэр дээр зодоглож, амжилт гаргалаа гээд Монголын ард түмэн түүн рүү хялайж ч хардаггүй.

Дэлхийд нэр алдраа дуурсгаж яваа хөл бөмбөгчид, сагсан бөмбөгчид гээд бүгд аль нэг улсын нэрийн өмнөөс талбай дээр гарцгаадаг. Тэд жилд хэдэн ч улстай гэрээ хийж, илүү санал тавьсантай нь хамтран ажилладаг.

Зөвхөн тамирчид гэлтгүй аливаа хүнд хамгийн чухал зүйл эдийн засгийн баталгаа. Тиймээс амьдралынхаа үндсэн баталгааг бий болгохын дэргэд эх орон хэмээн хий хоосон нялуурч дэлүүрэх нь зүгээр л хийрхэл төдий юм.


Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ахан дүүсээ санадаг арваннэгдүгээр сар

Хөдөөгийн малчид өвлийн тэргүүн сар буюу арваннэгдүгээр сарыг ингэж нэрлэдэг болоод удаж байна. Хавар, намар, зуны улиралд хэл чимээгүй алга болсон хамаатан садан, ах, дүү нар нь өвлийн идэш хийх цаг дөхөөд ирэхээр гэнэт л санаж санааширсан амьтад ярьж, холбоо барьж эхэлнэ. Ихэвчлэн “За өвөлжөөндөө буусан уу. Та хэд минь сайн уу. Малын тарга тэвээрэг ямар байна. Бид хэд идшээ бэлтгэхээр очно шүү. Хотын бид ажил гэр гэж явсаар идэш хийх цагтайгаа тулчих юм байна шүү дээ” гээд л ярьдаг байна. Харин цагийн алинд ч нэг л янзаараа малчид “Тэгнэ ээ, хотын та нар нарны голтойд гэрт орох биш. Хүүхдүүдийнхээ хоолыг ирж аваарай” гэнэ. Нам гүмхэн байсан хөдөөд машин цувж, өвлийн идэш бэлтгэх ажил ийн эхэлдэг билээ.

Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад эрт хүйтэрч байгаа болохоор хөдөөд өвлийн идшээ бэлтгээд эхэлжээ. Энд тэндгүй даага, шүдлэнгээс эхлээд сувайрсан гүү, бяруу, шүдлэн, хязаалан гуна, сувайрсан үнээ, нас биед хүрсэн шар ямар үнэтэй байгаа талаар таньж мэддэг хөдөөний хүмүүсээс асууж сураглах ажээ. Хөдөөг зорих машины цуваа ч нэмэгдэж эхэлж.

Бичин жил сүүлээ шарвана, зуд болно гэсэн яриа гарсантай холбоотойгоор малаа цөөлж байгаа малчид цөөнгүй байгаа бололтой. Үүнийг дагаад хот, хөдөөд махны үнэ ч овоо хямдарсан. Идэш муут жилийн гачлан, эхнэр муут насны гачлан гэсэн үг байдаг. Идшээ сайтар бэлтгээд авчихвал өвлийн тэсгим хүйтэн, хаврын урт өдрүүдийг ажрахгүй давж, зуны эхэн сартай золгодог доо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийг наршихаас хэрхэн хамгаалах вэ?

Энэ өдрүүдэд ихэнх нутгаар хэт халж байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд нарших, нарны хордлогод орох тохиолдол нэлээд гарах болжээ. Тэгвэл өнөөдөр 35 хэм хүрч халах төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд хэт халах юм байна. Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ наршихаас хэрхэн хамгаалах талаар хэдэн энгийн зөвлөгөө өгье. Хэт халуун, бүгчим өдөр бага насны хүүхдээ аль болох гадаа тоглуулахгүй байхыг бодоорой. Хурц нартай үед хүүхдээ гадуур дагуулж олон цагаар явахгүй байхыг эмч нар сануулдаг. Хүүхдэдээ заавал нарны малгай өмсгөж шингэн ус сайн уулгах хэрэгтэй. Учир нь халуун өдөр хүний бие шингэнээр их дутагддаг. Таны хүүхэд наршсан бол бие сулрах, толгой өвдөх, биеийн халуун нэмэгдэх, цээж багтран амьсгаа цухалдах, цонхийх, бөөлжих, хөлс хэт их гарах эсвэл багасах, нүүр чинэрэх зэрэг шинж тэмдэг илрэх болно. Наршсан тохиолдолд аль болох сүүдэрт, сэрүүхэн газар амрааж хөлийг нь өргөж өндөрлөх хэрэгтэй. Ингээд бүлээн чихэртэй ус, цэвэр ус ойр ойрхон уулгаж нойтон алчуураар ороож, арчих хэрэгтэй. Мөн арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавьж, спиртээр биеийг нь арчсан ч болох юм байна.Улмаар хүүхдийнхээ биед иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй. Гэхдээ шингэн зүйл уулгахдаа бага багаар өгөхгүй бол бөөлжиж магадгүй. Мэдээж дээрх зөвлөгөө насанд хүрсэн хүмүүст ч хамаатай гэдгийг анхаараарай. Гэрийн нөхцөлд дээрх аргыг хэрэглээд намдахгүй бол эмчид хандахаа мартуузай.

Хүүхэд наранд хэтэрхий удаан хугацаагаар байсны уршиг хожуу илэрдэг байна. Насанд хүрсэн үед арьсны хорт хавдар, нүдний болор цайх өвчнөөр өвчлөх, эрт хөгшрөхөд шууд нөлөөлдөг төдийгүй бие махбодын дархлааг ч сулруулдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулжээ.

Д.Сүрэн

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бүрэнтөгсийг түрүүлэхэд бүчиж байлаа. Эхэр татан уйлахад эргэн тойронд нь хэн байв?

Өнөө жилийн наадмын халх дөрвөдийн талцал, эх захгүй хийрхэл, шороотой арслан, өвдөг тохойны маргаан тийм ч сонин биш санагдана. Болдог юм болдгоороо, монгол төрийн наадам үзүүштэй сайхан боллоо. Харин соёл, спортыг хариуцаж байсан сайд бүсгүй “Энэ сайхан бөх эхэр татан уйлахыг харах яасан хэцүү юм бэ” гэж санаа алдсан шиг гунихрал эрхгүй төрөв.

Бүрэнтөгсийг төрийн наадмын манлай болоход наадамчин олон “Улсын цолгүй бөх шууд түрүүллээ. Монгол бөхийн түүхэнд ховор заяах тохиол” гэж шагшиж байлаа. Үндэсний бөхөөр дамжуулж монгол ёс уламжлал, соёл түүхээ бид ингэж дээдэлдэг. Залуу арсланг “Увс нуур” дэвжээний бөхчүүд тал талаас нь бүчээд, бүгд л нүдэндээ нулимстай үнсэж байлаа. Нутгийн бөх түрүүлэхэд баярлахгүй хэн байхав. Гэвч тэрхүү баяр хөөр, хайр хүндэтгэл, нулимс үнэндээ цаг зуурынх байжээ. Бүрэнтөгс энэ жил баталлаа.

Цэнгэлдэх дүүрэн олон өрсөлдөгч бөхийг нь дэмжиж, өөрийг нь “хас” хэмээн орилолдож, наадамчдын эсэргүүцэл усны урсгал шиг давалгаалан ирэхэд хорин хэдтэй залуу тэсч чадаагүй. Яалт ч үгүй эхэр татан уйлсан. Гэтэл давахад нь далдганан баясаж байсан хүмүүс яав. Нүдэндээ нулимстай үнсэж үнгэж байсан нутгийнх нь бөхчүүд хаачив. “Хүний хуучин дээлийн шинэ” гэдэг шиг Одгэрэл заан л гүйж очин, эхэр татан мэгшсэн ханагар эрийг түшиж зогссон. Тухайн агшинд “Амьдрал яг үнэндээ ийм худлаа ш дээ” гэх зүйл бодогдож билээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Та нарт ер нь таалагддаг юм гэж байна уу

Сайхан бүсгүй байвал явдалтай гэнэ, нотлоогүй ч шууд тэгж хэлдэг. Үнэн худлыг сонсохыг ч хүсдэггүй. Тийм байх ёстой гэж л боддог. Баян хүн байвал заавал хаа нэгтэйгээс хулгай хийсэн, арга ядахад танил ихтэй, тендер олж авсан байх гэж хардана. Бүгд муулна. Үзэн ядна. Ямар ч гоё сайхан зүйл байлаа гэсэн ямар нэг өө заавал олж харчихна. Мэдээж төгс зүйл ховор ч ямагт муу муухайг нь түрүүлж олж харж, эсвэл заавал муухай болгох гэж яагаад хичээдэг юм бэ. Өөлбөл өндөгнөөс ч өө олдоно гэж ахмад хүмүүс хэлдэг. Саяхан болсон сонгуулиар нэр дэвшигчдийг амтай болгон элдвээр нь хэллээ. Хүн л юм болохоор алдаа оноо байж л таарна. Шулуун дардан замаар өдөр бүр аз жаргалтай амьдарч, нэг ч алдаа гаргалгүй явж ирсэн хүнийг ертөнцөөс хайгаад олох уу. Урт үстэй бол сэгсийсэн юм гэнэ. Эсвэл ухаан нь заавал богино байж таараа гэнэ. Богино үстэй бол эр хүн шиг муухай юм гэнэ. Ер нь ямар байвал энэ хорвоо сайхан харагдах юм. Зарим хүнийг царай муутай гэнэ. Царайгаа ямар захиалж төрөх биш түүний буруу гэж юу байхав. Төрөлхийн гоё сайхан байсан ч заавал нэг засвар орсон байх ёстой гэнэ. Ер яаж ч болохгүй. Сайхан байж болохгүй, муухай байж болохгүй. Сайн явбал түүнийг зулгаагсад олон. Чи ингэж үйлчлэх ёстой гэнэ. Муу явбал арчаагүйг нь дуудаж хохино гэнэ. Хэн нэгнийг магтвал долоогч бялдуучлагч гэнэ. Эцсийн эцэст өөнтөглөгч та ер нь эдгээр ангиллын алинд нь багтах вэ. Та ер нь төгс бүтээл, төгс хүн мөн үү. Үргэлж бусдыг хардаг шигээ өөрийгөө нэг ажин шинжээрэй. Дуугүй явбал донгио, дуутай явбал онгироо, дундуур нь явбал бөөрөнхий гэнэ” гэж хэлсэн найрагчийн үг өөнтөглөгчдийг харахаар санаанд буух юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүн, амьтны төрж байгаа бичлэгийг хараад баяжна гэж байх уу

Төрөх, үхэх хоёр адилхан гэдэг. Тийм ч болохоор монголчууд төрөлт гэдэг зүйлд маш нарийн эмзэг ханддаг. Төрж байгаа эмэгтэй хүний дэргэд нөхөр, хөвгүүд нь байлцдаггүй, гэрийнхээ гаднаас шинэ хүний дуу хэзээ гарах бол хэмээн хүлээдэг заншилтай байсан. Алив айлд эх амаржлаа гэвэл үдэш орой орохгүй, гэрийнх нь ойролцоо чанга дуу чимээ гаргахыг цээрлэдэг ёстой байж. Үрээ төрүүлэхийн тулд маш их зовлон, өвдөлтийг бие сэтгэлээрээ туулж байгаа эх хүнийг ойлгодог учраас монголчууд шууд төрөх гэж биш “амаржих, нярайлах” гэх мэтээр хүндэтгэн ярьцгаадаг.

Элдэв янзын алт, боодолтой мөнгөтэй зурагнуудыг шэйрлэж, зургийг нь оруулж “Аз, аз”, “Баяжих болтугай” хэмээн бичдэг моодны хажуугаар төрж байгаа амьтдын зургийг оруулах нь олширчээ. “Төрж байгаа ингэний бичлэг. Ингэ ботголохыг харах сайн байдаг гэсэн” гэх аж. Тэгээд хонь, ямаа, гүү, ингэ бүр анаашны төрж байгаа бичлэгийг хүртэл харж “Аз жаргал ирэх болтугай, баяжтугай!” гэж ерөөж байх юм. Угтаа хоёр яс сална гэдэг ямар их өвдөлт шаналал билээ. Үүнийг бурханы номд тов тодорхой дурдсан байдаг шүү дээ. Эхнэрээ төрөхийг харсан залуу “Би эхнэрээ тэгэхэд маш их өрөвдсөн. Төрж байсан тэр үеийг нь бодохоор өөрийн эрхгүй өрөвддөг” гэж ярьж байна. Ийм л хэцүү зүйл байсаар байтал олон нийтийн сүлжээ, сайтуудаар нээлттэйгээр гаргаж байгаа нь хачирхалтай. Бас эхнэрийнхээ нярайлж буй, дуншиж байгаа зургийг дараад фэйсбүүк рүү хийх нь хэр зохимжтой бол. Хүн төрөлхтний заяагдмал ёс зүйг зөрчсөн үйлдэл болно л доо. Төрөх гэж зүдэрч байгаа эхэд өөрийнх нь зургийг ийн цахим ертөнцөд байрлуулбал таатай сэтгэгдэл төрөхгүй нь л ойлгомжтой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүүхдийг хэрхэн номонд дуртай болгох вэ

М.Монтень нэгэн эсээндээ Платоны “Одооны хүүхдүүд ном уншихаа байж” гэсэн үгийг ишилж авсан байдаг. Тэгээд “Түүний л эргэн тойрон дахь хүмүүс номтой нөхөрлөхгүй харагдаад байсан болохоос бусад нь уншиж л байсан шүү дээ” хэмээсэн нь бий.

Цаг үе болгонд л хүүхэд ном уншихгүй байгаагийн буруутан олддог. Өнөө үед интернэт, ухаалаг гар утас гол “дайснаар” цоллогдоод байна. Бидний багад ч гэсэн тэвэг, чарта гээд элдвийн л юм байлаа. Хамгийн гол нь ном унших бол дадал юм. Үүнийг аль болох эрт суулгах нь зөв байдаг. Сургуульд орохоос нь өмнө бичиг сургах нь номтой нөхөрлөх эхлэл болдог талтай. Олон хичээлд дарагдаад ном, дэвтрээс айдаг болоогүй сийрэг байгаа үедээ хүүхэд тогтож уншаад сурчихдаг. Энэ нь цаашид хэвшил болно.

Мөн еврейчүүдийн хүүхдийг номонд дуртай болгох арга бий. Аль болох ойр орчинд нь олон ном байлгах, өөрөө дэргэд нь ном унших, үдэш унтахад нь үлгэр ярьж өгөх зэрэг юм. Түүнчлэн анхны ном их чухал.

Америкт хүүхэд бичиг үсэг сураад хамгийн түрүүнд “Малгайтай муур” хэмээх зохиолыг уншдаг байна. Зохиолын хувьд ойлгоход хялбар бөгөөд сонирхолтой. Зөвхөн үүнийг уншиж байж л хүүхэд цаашаа ном унших өндөр дур сонирхолтой болно гэдгийг эрдэмтэд нь судлаад гаргачихсан байдаг аж. Манайд жишээ нь хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайн “Гэр” гээд үлгэр бий. Эв нэгдлийн тухай л даа. Унших явцдаа хотод өссөн хүүхэд бол унь, хана, тооно гэж юу болохыг бусдаас асууж өөртөө нээлт хийгээд байж болмоор санагддаг.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Алдсан гар утсаа эргээд олж болно оо

Технологийн үсрэнгүй хөгжлийн үй олон жишээний нэг нь гар утас билээ. Харилцааны маш чухал зүйл болж, өдөр тутмын салшгүй хэрэглээ болон хувирсан гар утсаа хулгайд алдах, энд тэнд мартаж орхих гээд бас олон эрсдэл бий шүү дээ. Гэвч бидний дийлэнх нь утсаа алдсан бол тэгсгээд хэсэгхэн харамсаж байгаад л өнгөрдөг. Тэгвэл та утсаа алдсан бол эргэж олох боломж бий. Та самсунг брэндийн гар утастай бол samsungdive.com гэсэн сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Энэ сайтад бүртгүүлснээр таны утсыг олсон эсвэл хулгай хийсэн хүн ямар нэгэн байдлаар интернэтэд холбогдох үед хаа байгааг нь тодорхойлж болно. Харин I phone утастай бол “Apple” ID-гаа ашиглан google map-ийн тусламжтай олж болох юм.

Ер нь утсаа үгүй хийсэн үед интернэт ашиглан утсаа удирдах хэд хэдэн боломж бий.

Та самсунг аккаунттай бол дээр хэлсэн samsungdive.com сайт руу орж хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад нэвтэрнэ. Харин самсунг аккаунт байхгүй бол зааврын дагуу шинээр хэрэглэгч үүсгээрэй. “Locate my device” хэсэгт таны гар утас яг хаахна байгааг гүүглийн газрын зургийн тусламжтайгаар харуулна. Яг ямар тоотод байгааг харуулахгүй ч байр, гудамж зэргийг шууд харуулна. “Ring my device” хэсэгт байх хонх ажиллуулах товчийг дарвал таны утас минутын туршид хонх нь завсаргүй дуугарна.

Ингэснээр таны утсыг бариад сууж байгаа хүн ихэд сандарна. Юмыг яаж мэдэхэв. Тань руу эргэж хандахыг ч үгүйсгэхгүй. Харин “Lock my screen” хэсэгт та утсаа түгжих, шинэ код оруулах гээд олон боломж бий. Утас руугаа 100 хүртэлх тэмдэгтэд багтаасан богино шууданг ч илгээж болох юм. Мөн “Wipe me device” гэсэн тун чухал цэс байгаа. Та ийшээ нэвтрэн орсноор алдагдсан гар утсан дээрх нууц гэж үзсэн мэдээлэл, датагаа устгах боломжтой. За тэгээд энэ сайтад өөр маш олон боломжууд бий гэдгийг дахин хэлье. Та утсаа алдаад харамсаад өнгөрдөг байсан бол одоо ямар ч гэсэн энэ мэт аргаар утсаа олж авах бололцоо бий гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй.

Мөн самсунгийн гар утаснуудад “Tracker” гэдэг жижиг программ бий. Тэнд өөр нэг дугаар бичээд ямар нэгэн текст бичээрэй. Алдагдсан утсанд өөр сим карт орсон тохиолдолд өмнө сануулсан дугаарт богино шуудан ирдэг. Тиймээс мессэж ирсэн дугаараар нь хайгаад үзэхэд гэмгүй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Бусад хүн намайг магтахад…

“Ихэнх хүн би өөртөө итгэлтэй гэж хэлдэг ч сайхан үг сонсож бусдаар магтуулахыг хүсдэг” гэж Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл зүйчид зөвлөж байна. Учир нь хүн өөрийн эерэг үнэлэмжээр амьдардаг бөгөөд түүнийгээ бусад хүний өгч буй таатай мэдрэмж, хайр халамж, эерэг үгсээс олж авдаг гэнэ. Эерэг үнэлэмж нь өөрийнхөө талаар таатай сэтгэгдэлтэй байх, өөрийгөө сайхнаар мэдрэх мэдрэмж ажээ. Өөрийнхөө талаарх эерэг дүгнэлтүүдэд төвлөрөх тусам сөрөг зүйлсийг өөрөөсөө холдуулж мартаж эхэлдэг. Тиймээс л бид эерэг зүйлст тэгтлээ татагддаг гэнэ.

Сэтгэл судлаач Маслоугийн “Хэрэгцээний шатлал”-ын онолд бусдаар хүндлүүлэх, хайрлуулах хэрэгцээ багтдаг. Энэ хэрэгцээ нь бусдад чухал хүн байх, анхаарал халамж хүртэх, өөрийн үнэ цэнээ мэдрэх зэргээр хангагддаг. Мэдээж хэрэгцээ нь хангагдсан учир хүн аз жаргалтай болдог. Тиймээс л бусдыг магтаж, хүүхдийг урамшуулах учиртай.

Харин урмын үг хэлэхдээ анхаарах юм бий. Хамгийн чухал үед нь хэл. Таны хэлж буй үгс үнэ цэнтэй бас утга учиртай байх ёстой. Тиймээс нөхцөл байдалд тохируулан чин сэтгэлээсээ хэл. Худал үгийг хүн ялгадаг учир үнэ цэнгүй болдог. Урмын үгээр шүүмжлэхэд суралцаарай. Ялангуяа хүүхдийг алдаа гаргасан үед нь “Чи үүнээс илүү хийж чадна шүү дээ” гэж хэлэх нь юу ч хийж чадахгүй гэж загнахаас илүү үр дүнтэй ажээ. Зөвхөн үгээр биш биеийн хэлээрээ ойлгуул.

Хэрэв та нөгөө хүнийхээ нүд рүү харахгүй эсвэл хайхрамжгүй байдлаар хэлбэл хичнээн сайхан үг байсан ч үр дүнтэй байж чадахгүй. Хүн бүрт бусдаар хүндлүүлэх, халамжлуулах хэрэгцээ байдаг. Бид бусдад түүнийг нь өгч чадвал хариуд нь сайхан үг сонсох болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мөнхбаатар арслан зодгоо тайлсан бол мөн чиг шударга байх байлаа

Х.Мөнхбаатар арслан зодог тайлна гэдгээ албан ёсоор мэдэгдэж, улмаар зодог тайлах ёслолыг зориглон хийсэн бол монгол үндэсний бөхөд нэгэн шинэ үзэгдэл бий болох байлаа. Гэвч мань эрийн шийдвэрийг хэн нэгэн болиулчихав уу гэх хардлага нийгэмд байна. Учир нь “Бөхийн спортод цаашид амжилт үзүүлэх боломжгүй боллоо. Одоо надад худлаа барилдах эрх байхгүй хэмээн” 35 настай залуу арслан зодог тайлах юм бол бусад нь юу болох билээ.

Баянаа аварга 70 насандаа зодоглон хоёр давж гурвын даваанд улсын цолонд зүтгэж буй залууд тахимаа өгч байсан. Төрийн наадамд арав түрүүлсэн аварга төрт ёсныхоо баярыг хүндэтгэж байна гэж бодох боловч олон улсын спортын жишгээр аваад үзэхэд энэ нь нэг л ойлгомжгүй. Баянаа, Мөөеө, Бат-Эрдэнэ нарын аваргууд, Ганбаатар тэргүүтэй ахмад арслангуудад барилдах эрх нь нээлттэй. Тэд хэзээ ч начин төрүүлэх боломжтой гэсэн үг. “Хувинтай ус дийлэхгүй хөгшин аварга ургаа мод шиг залууг өмнөө хэвтүүлж байгаа нь ямар янзын жүжиг вэ” гэх яриа гардаг л байлаа.

Тамирчин хүн амжилт үзүүлэх боломжгүй болж, шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалж эхлэхтэйгээ зэрэгцээд л дэвжээгээ орхидог. Өөрийгөө болоод спортоо, дэвжээгээ хүндэтгэж буйн илэрхийлэл. Сумогийн бэлээхэн жишээг бид мэднэ. Сүүлд, эзэн хааны цомыг гурвантаа хүртсэн озэки Точиазүма 31 насандаа зодог тайлсан. Спорт ийм шударга, хатуу дэг журам, хуультай.

Гэтэл монгол бөхөд зодог тайлах нь бүү хэл зодог тайллаа гэж мэдэгдсэн нь эргэж барилдаад байгаа нь бүр чиг хачирхалтай.

Ө.МАНЛАЙ