2023 оны зургаадугаар сарын 05-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 4.4 хувиар, өмнөх 7 хоногоос 1.0 хувиар тус тус өссөн байна.2023 оны зургаадугаар сарын 05-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний зарим гол нэрийн барааны дундаж үнийг танилцуулж байна.
Category: ардын-цолтон
Европын Еврейн конгресс “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Оросын талаар баримталж буй бодлогыг Адольф Хитлерийн авч явуулсан еврейчүүдийн эсрэг харгис бодлоготой адилтгасандаа уучлалт гуйх ёстой” гэж үзсэн байна. Энэ тухай тус конгрессын цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. Европын Еврейн конгрессийн ерөнхийлөгч Ариэль Музикант “Сайд Лавров ардчилсан орнуудын эвслийн үйл ажиллагааг Холокостын үеэр Хитлер зургаан сая еврейг хавчиж, хөнөөхийг оролдож байсантай адилтгасан ичгүүртэй харьцуулалт биднийг цочирдууллаа. Тиймээс Оросын сайдыг уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурлын үеэр Хитлер еврейчүүдийн эсрэг явуулсан ажиллагаа шиг АНУ өнөөдөр Оросын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гээд АНУ-ын Оростой сөргөлдөн, эвсэл байгуулсныг Наполеон, Адольф Хитлер нарын үйл ажиллагаатай харьцуулсан юм. Оросын дипломатуудын тэргүүн “Наполеон Европыг Оросын эсрэг дайчилсан шиг АНУ Хитлерийн нэгэн адил Европын холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын эвсэл Украинаар халхавчилж, Оросын эсрэг дайтаж байна” гэж хэлсэн юм хэмээн ”LENTA” мэдээлэв.
Г.АМАРСАНАА
АРДЧИЛЛАА ХАМГААЛЖ ЖАГСАВ DNN.MN
Тель-Авив хотод олон арван мянган израильчууд Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн засгийн газрын шүүхийн тогтолцоог шинэчлэх төлөвлөгөөгардчиллын үндсийг алдагдуулна гэж эсэргүүцэн жагсав.Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 100 мянга орчим хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж мэдэгджээ. Долоо хоногийн өмнө өөр нэг жагсаал болсон бөгөөд Нетаньяху болон түүний хэт үндсэрхэг үзэлтэй, хэт үнэн алдартны засгийн газрыг эсэргүүцсэн олон арван мянган хүнийг хамарсан юм.
Эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь шүүгчид болон засгийн газрын хуулийн зөвлөхүүдэд хууль боловсруулах болон засаглалд хэт их эрх мэдэл олгосон гэж засгийн газар үзэж өөрчлөлт хийх гэж байгаа юм. Харин Нетаньяху сөрөг хүчний эсэргүүцлийг үл харгалзан өөрчлөлтийг үргэлжлүүлнэ гэж амласан билээ.
ЭсэргүүцэгчидТель-Авив хотын төв гудамжуудыг дүүргэж, Израилийн далбааг барин “Манай хүүхдүүд дарангуйлагч дэглэмд амьдрахгүй”, “Израиль, бидэнд асуудал байна” гэсэн лозун барьсан байв.“Энэ бол улс орноо хамгаалах жагсаал” гэж жагсаалд нэгдсэн сөрөг хүчний удирдагч, Ерөнхий сайд асан Яир Лапид мэдэгдээд “Ардчиллаа хамгаалахын тулд хүмүүс өнөөдөр энд ирсэн” гэжээ. “Бүх үеийнхэн санаа зовж байна. Энэ бол тоглоом биш” гэж жагсагч оюутан хэлжээ.
Энэ долоо хоногийн эхээр авлигын хэргээр шүүгдэж буй Нетаньяху эсэргүүцлийн жагсаалыг үл харгалзан шүүхийн шинэчлэлийн төлөвлөгөөг үргэлжлүүлнэ гэж амласан бөгөөд энэхүү өөрчлөлт нь Нетаньяхуг авлигын хэргээр шүүхээс ялаас мултрах эсвэл шүүхийн хэргийг бүрмөсөн алга болгоход тусална гэж жагсагчид үзэж байгаа аж.
Оросын олон нийтийн сүлжээгээр Кремлийн ойролцоох Москвагийн төвд байрлах зарим барилгын дээвэр дээр агаарын довтолгооноос хамгаалах систем суурилуулсан тухай гэрэл зураг, бичлэг цацагдаж байна. Тодруулбал, Оросын Батлан хамгаалах яамны барилгын дээвэр дээр “Панцир-S1” цогцолбор байрлуулсан байна. МөнТаганка дахь Тетеринскийн өндөр барилгын дээд давхрын нэгнээс авсан видео бичлэг нийтийн сүлжээнд тавигджээ.
“Сирена” телеграм сувгаар Рублево-Успенское хурдны зам дагуух Ново-Огарёво дахь Путины байрнаас 10 гаран километр зайдагаарын довтолгооноос хамгаалах систем “Pantsir-S1” байрлуулсан бичлэг нийтлэгджээ. Мөн цэргийн удирдлага байрладаг Шинэ Москва дүүргийн Остафьево дахь нисэх онгоцны буудлаас хоёр километрийн зайд агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн систем байрлуулжээ. Бичлэгийг “Сирена” редакц руу илгээсэн иргэн сар орчмын өмнө эндцэргийн техник хэрэгсэл байрлуулсан гэж хэлсэн байна.
Оросын нийгмийн сүлжээнд Тимирязевын Хөдөө аж ахуйн академийн нутаг дэвсгэрт байрлуулсан “С-400” цогцолбор,Лосины Островын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан агаарын довтолгооноос хамгаалах батерейны дүрс зэрэг Москвагийн янз бүрийн хэсэгт цэргийн техник хэрэгсэл байрлуулсан зургууд нийтлэгдэж байна.
Оросын Пуужин, артиллерийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээ, техникийн бага хурлын үеэр агаарын довтолгооноос хамгаалах “Панцир-С1” пуужингийн систем туршилтын явцад хэд хэдэн ноцтой дутагдалтай байгааг онцолжбайсан билээ. Сүүлийн үед Украины хилээс хол Оросын нутгийн гүнд, бүр Москвад хүртэл дэлбэрэлт болж олон тооны гал түймэр гарах болсон юм. Ийнхүү өөрсдийнх нь цэргүүд украинчуудыгхэрхэн алж, хядаж байгааг диван дээрээ тухлан, зурагтаар харж байсан орос иргэд өөрсдөө пуужингийн цохилтын үеэр ямар арга хэмжээ авах тухай гарын авлага уншиж эхлэв.
Г.АМАРСАНАА
Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида парламентын чуулганы нээлт дээр үг хэлэхдээ хүн амынхаа тоон бууралтыгзогсооход чиглэсэн шийдвэртэй арга хэмжээ авах цаг ирснийг мэдэгджээ. Жил ирэх тутам хүн ам нь улам хөгширч, төрөлт багасаж буй Япон улсад өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 800,000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлсэн юм. Эрх баригчид өмнө нь төрөлтийн бууралт найман жилийн дараа ийм хэмжээнд хүрнэ гэж тооцоолж байжээ.
Засгийн газраас олон хүүхэдтэй болохыг дэмжсэн янз бүрийн бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авч байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа юм. Өнөөдөр Японы хүн амын дундаж нас 49 болсон нь дэлхийн хэмжээнд зөвхөн Монако хот улсын дараа орох өндөр үзүүлэлт болоод байна. “Манай улс үндэстэн нийгмийн чиг үүргээ хэвийн хадгалж чадах эсэх дээрээ тулаад байна. Хүүхэд төрүүлэхийг дэмжих шийдвэртэй арга хэмжээг хойшлуулахгүйгээр авч хэрэгжүүлэх цаг ирлээ. Бидэнд хүлээх цаг байхгүй” гэж Кишида онцлон хэлжээ. Тэрээр төрөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг хоёр дахин нэмсэн төлөвлөгөөг энэ оны зургаадугаар сард танилцуулж, Хүүхэд, Гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг дөрөвдүгээрбайгуулна гэдгийг энэ үеэр зарласан байна.
Гэр бүлүүд хүүхэдтэй болоход эдийн засгийн дарамт гол саад болж байгаа гэж судлаачид үздэг. Япон улс нь одоогоор хүүхэд өсгөхөд хамгийн өндөр зардалтай дэлхийн гурав дахь оронд тооцогддог.Энэ үзүүлэлтээр Японы дээр бичигддэг Хятад, Өмнөд Солонгос улсуудад мөн адил хүн ам зүйн хямрал нүүрлээд байгаа юм гэж “Reuters” мэдээлэв.
Д.АМАРСАНАА
Жил бүр 50 тэрбумаас дээш цэвэр ашигтай ажилладаг ганцхан байгууллага Монголд байдаг нь Хаан банк. Өөр ийм том ашиг хийдэг газар Монголын хаанаас ч олохгүй. Нэг ч байшин барьдаггүй, нэг ч хадаас үйлдвэрлэдэггүй хэрнээ ганц монополь газар юм. Хаан банкны зээл, зээлийн хүү хэрхэн бодогддог, Хаан банк иргэдээс хэрхэн мөнгө хүүлдэг тоон баримтуудыг та бүхэн захын мэдээллийн хэрэгслийн сайт руу ороход ойлгомжтой харагдана. Энэ удаад энэхүү сэдвийг дахин давтахыг хүссэнгүй. Харин тус банк Монголын Шүүх засаглалыг хэрхэн базсан байж болох, тэднийг хэрхэн харцаараа хөдөлгөж чадахыг анхааруулахыг зорив. Шүүхийн шинэчлэл, Шүүх засаглалыг авлигаас аврахын төлөө төр засаггүй, ард иргэдгүй дуугарч байгаа цаг үе учраас бичиж байна.
Хаан банк нь зээлийн торгуулийн хүүг хуульд зааснаас өөрөөр, илүү бодож авч байснаас болж, төлөх ёсгүй их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсноо мэдсэн аж ахуйн нэгжүүд цөөнгүй гарч ирлээ. Тэд бүгдээр баялаг бүтээгчид, ажлын байр бий болгогчид, татвар төлөгчид, үйл ажиллагаа нь доголдвол ард нь дор хаяж 300 өрхийн амьдрал ахуй доголдох тийм компаниуд юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн зарим нь Хаан банкны хүүгийн луйврын талаар Шүүхэд хандаад 10 жилийн нүүрийг үзэж байгаа нь хачирхалтай. Тэдгээрээс нэгэн компанийг онцолъё. Тус компани нь Хаан банкны хууль бус хүүгийн бодолтоос болж хэдэн зуун сая төгрөгийн хохирол үзсэн учраас аль арван жилийн өмнө Шүүхэд ханджээ. “Хаан банк нь ийм ийм хууль зөрчиж, ингэж луйвардан хохироолоо” гэж. Энд зөвхөн Шүүхэд хандсан нэг байгууллагын жишээг дурдаж байна шүү. Тэрнээс Хаан банк нэг сая гаруй зээлдэгчтэй гэхээр 2014 оноос өмнө зээл төлж байсан хүн бүр, аж ахуйн нэгж бүр тэдний хууль бусаар нэмэгдүүлсэн хүүг илүү төлсөн болж байна. Тэр бүх иргэд, аж ахуйн нэгжүүд Хаан банкинд ингэж шулуулснаа хуулийн дагуу шийдүүлмээр байгаа ч Шүүхэд итгэхгүй байх шиг байна. Учир нь сэтгүүлч Мянганбуугийн Наранбаатарын хуульчидтай хамтран нийгэмд хүргэсэн баримтаар бол Хаан банкны зүгээс нийт 174 шүүгчид сарын нэг хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгожээ. Үүний ард ямар эрх ашиг явна вэ.
Бүр ч ноцтой нь нэг жилд Хаан банктай холбоотой нийт 34 хэргийг шийдвэрлэхдээ Шүүх дээр 100 хувь Хаан банкны талд шийдсэн байна. Энэ үзүүлэлтийг хуульчид, сэтгүүлч М.Наранбаатар нар хамтран ард түмэнд дэлгэв. Шүүх засаглал ядаж 90 хувьтай Хаан банкны талд үйлчилж болдоггүй юм уу. Энэ мэт эрээ цээргүй үйлдэл нь Хаан банк-Монголын Шүүх засаглал хэрхэн нэг хөнжилд орсон байж болох хардлагыг нийгэмд төрүүлээд уджээ. Магадгүй энэ байдал нь иргэд, аж ахуйн нэгжийг хохироосоор байх магадлалтай.
Сая дурдсан Шүүхэд хандсан компанийн хувьд бол “Сард төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлээд, гэтэл тухайн хэтрүүлсэн төлбөрөөс бус нийт зээлийн үлдэгдлээс тооцож, улмаар хүүгийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлэх бүрд Хаан банк нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь хууль бус” гэж Шүүх дээр маргаж байгаа юм байна. Цар тахлын хоёр жил, залгуулаад дайны нөхцөл, урд хөршийн хилийн хаалт, эх орноо тонон дээрэмдсэн төр дэх их хулгай зэлгий… энэ бүх хэцүү бэрхийн дундуур Монголын хэдэн үндэсний компани чинь тэсч гарах гэж, улсад татвараа төлөх гэж, хэдэн ажилчнаа цалин орлоготой байлгах гэж махаа зулгааж байгааг та бид харж байна. Ийм хүнд цаг үед Хаан банкинд нөөц боломж байсаар байтал, яагаад ингэж Шүүхтэй хавсайдсан дээрэнгүй байгаа юм бэ.
Энд Хаан банк хуулийн яг ямар зүйл заалт зөрчсөнийг нэгд нэгэнгүй хүргэе. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалт “… Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх болно”… Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дугаар зүйл. Зээлийн хүү: 24.3-т “Зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”… гэж тодорхой заажээ. Эдгээр хуулийн заалт Хаан банкны хаана нь үйлчилж байна вэ.
Шүүхэд хандсан тус компанийн гомдол, нэхэмжлэл гаргасны дараа буюу 2013 оны 12 дугаар сард Монголбанкнаас хүү бодох аргачлалыг хуулийн дагуу журмаар нэмэлт зохицуулалт хийснээр арилжааны банкны дураар аашлах дээрх үйлдэл цэгцэрч, торгуулийн хүүг хуульд зааснаас илүү тооцдог байдлыг зогсоосон байх юм. Гэвч Шүүх дээр тус маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй явж иржээ. Үүнд хэн нөлөөлж байна вэ. Монголын Шүүх засаглал ийм тодорхой, хэнд ч ойлгогдох маргааныг бүтэн 10 жил яагаад хянан шийдвэрлэхгүй сунжруулав. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхтэй Монголбанк яагаад хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байна вэ. Хаан банк дураараа торгуулийн хүү тооцож, аж ахуйн нэгжийг дарамталсаар байх юм уу. Хаан банк-Шүүх-Монголбанк гэсэн гурвалсан дэд бүтэц Монголын аж ахуйн нэгжүүдийг ийнхүү дарамталж, 10 жилээр Шүүх дээр сунжруулан цаг хожиж, хүү хожиж, хохирсоор байх юм уу. Үүнийг өнөөдрөөс эхлэн зогсолтгүй сурвалжлан Монголын нийгэмд хүргэх болно. Шүүхийн анхан, дунд шатанд хоёр удаа энэхүү маргаан тус компанийн талд бүрэн шийдвэрлэгддэг, хууль ёсны дагуу тус компани ялж ирсэн байтал Шүүхийн дээд шатандаа очоод ялагддаг, ямар нэгэн урт “далд гар” үйлчилдэг, ингээд Хаанбанк ялдаг нь ямар учиртай болохыг заавал олж тогтоох цаг нэгэнт болжээ. Ер нь бол тус компани шүүхийн оргил дээр очоод нураад явчихдаг юм байна. Тус компани нь энэ оргил руу хоёр удаа тэмүүлж очоод нуржээ. Одоо гурав дахь удаагаа зүтгээд явж байна. Хаанбанк-Шүүх хоёр хувийн аж ахуйн нэгжид бяр хүчээ ингээд үзүүлээд байх биш хууль бусаар илүү суутгаж авсан төлбөрөө буцаагаад шилжүүлчихэд бүх зүйл болчих юм. Банк бол үйлчилгээний л байгууллага, банкны хувьд үйлчлүүлэгчид нэгдүгээрт байх ёстой.
Монголын нийгмийн тодорхой хэсгийн хүрээнд “Энэ улс орныг улстөрчид удирддаг гэж боддог байлаа, тэгсэн үгүй юм байна. Банкны эзэд л удирддаг юм байна шүү дээ” гэсэн яриа бий. Яг үүн шиг, одоо “Энэ улс орны Шүүх засаглалыг Шүүгчид биш, хууль бүр ч биш, харин банкны эзэн л удирддаг юм байна шүү дээ” гэж хэлэхээр болсон байна уу, үгүй юү. Худлаа байгаасай даа. Гэхдээ л үүнд ард түмний анхаарлыг хандуулах цаг болжээ. Ямартаа ч нэрийг нь дурдахаас нэг удаа татгалзсан тэрхүү компанийн Хаан банктай хийж байгаа Шүүхийн маргааныг нүд цавчилгүй харж байя. Хаан банктай холбоотой 34 хэрэг Шүүх дээр 100 хувь банкны талд шийдэгдсэн шиг үйлдэл давтагдах нь уу, хуулийн дагуу, эрүүлээр Шүүх дээр шийдвэрлэгдэх нь үү. Монголын 174 шүүгчид нь сарын нэг хувийн хүүтэй орон сууцны зээл өгчихөөд даналзаж байдаг цаг эрхбиш өнөөдөр түүх болсон байлгүй дээ…
Ардын багш Л.Дашнямтай ярилцлаа.
-Ардын багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Шагнал хүртсэн мөчөөсөө хуваалцаач?
-Ардын багш гэдэг гайхамшигтай сайхан цол. Би багш нэрэндээ их дуртай. Одоогоос 61 жилийн өмнө Эдийн засгийн дээд сургуулийн багш болохоор нөгөө алдарт алтан Москваг нь зорьж байжээ. Төгсөж ирээд багш болсонгүй. Өөр чиглэлээр ажиллаад 15-16 жил явчихаж. Тэгээд 1983 оноос хувь заяаныхаа дуудлагаар багшийн ажилдаа орсон. Одоо эргээд харахад 39 жил болчихсон байна. Энэ хооронд олон сургуульд янз бүрийн хэлбэрээр л багшилж дээ. Диплом дээр нь гарын үсгээ зурсан оюутан, магистр, доктор бараг 6000 -аад хүн болсон байх шүү. Боловсролын салбарт хувийн хэвшлийн сургалтыг үүсгэлцсэн хүний нэг юм даа, би. Тэр бүхнийг л Төрөөс үнэллээ гэж ойлгож байна. Багш хүний ажил ямар дуусах биш дээ. Өөрийгөө дуустал л ажиллана. Монголын ирээдүйг үүрэлцэж яваа болохоор ачаа маань хүнд ч урамтай, сайхан байдаг юм. Шагнал аваад зогсож байхдаа “Төр минь миний хийж бүтээснийг мөн ч өндөр үнэлж байна даа” л гэж бодож зогссон.
-Ер нь шинжлэх ухааныг улс удирдахад яагаад ашиглахгүй байна вэ. Аж ахуйн ажил, утаа, түгжрэл зэргийг эрдэмтдээр шийдүүлбэл зохилтой бус уу?
-Ер нь шинжлэх ухаан нарийндаа амьдралтай тийм ч их ойрхон “эд” биш шүү. Чухамдаа ойрхон хэсгээс нь л ашигладаг, ашигладаг ч биш, тус дэмийг нь л авдаг юм. Ач тусыг нь авах арга ухаанаа бид муу олж байна. Харамсалтай нь, бидний хажууханд зарим нэг нь өөрийгөө шинжлэх ухаанаас том гэж бодоод явж байх шиг байна. Яг үнэндээ нийгмийг, ялангуяа өөрийн нийгмийн үндэс суурь, учир ухааныг нарийн олж, шинжлэх ухаанаа удирдахуйн ухаан болгож чадахгүй л байгаад байна л даа. Ний нуугүй хэлэхэд, бид өнөөдрөөрөө л амьдраад байна. Уг нь маргаашаа жаахан ч гэсэн хардаг болох хэрэгтэй юм. Тэнд л шинжлэх ухаан бүр ч их хэрэгтэй. “Суурь судалгааг ойлгосон Төр буурь суудаг” гэдэг нэг үгийг би хэлдэг. Утаа зэргийг бол ухаанаар биш аргаар, арчаагаараа дийлж болно шүү дээ. Утааны ард байгаа бэлэнчлэлийг л харахгүй байна.
-Монголын сэхээтнүүд өнөөдөр юу хийж байна, төр засаг сэхээтнээ яагаад анхаарахаа больчихсон юм бэ?
-Чанга хэлбэл бидэнд сэхээтэн дутагдаад байна. Сэхээтэн гэдэг чинь сэхээрсэн хүн, нийгмийн хүн байдаг. Улс орныхоо төлөө чин зүтгэлийг гаргаж, холын бодлоо яруу тод харуулж байгаа сэхээтнүүд үгүйлэгддэж байна. Тэгэхээр сэхээтний ажил, сэхээтэн өөрөө харагдахгүй байна. Арчаа муутайхан тийшээ л байна. Төрийн хувьд бол нийгмийнхээ оюуны чадавхыг тоохоо, хэрэглэхээ болиод удаж байгаа шүү дээ. Монголд хамгийн моодны юм улс төр л байгаа. Оюуны чадавхаа сул зогсуулсан нийгэм яаж хөгждөгийг харуулж л байна л даа. Харин сэхээтэн гудамжинд гарч байгаа нь бол тэр нь Төрийн гэхээсээ илүү сэхээтний өөрийнх нь ажил шүү.
-Дарга сайдууд дандаа чадамжгүй хүнээр төрөө дүүргэсэн горыг та юу гэж харж байна. Дандаа өөрийгөө магтуулсан, долдойдсон хүнээр яам агентлагууд нь дүүрчихсэн, ажил хийдэг, шударга хүмүүсийг холдуулсан гэж ярих болж?
-Гор нь бидний өнөөдрийн байж байгаа царай. Та нар сайн ажиглаж, ямар нэг дүгнэлт хийж байгаа бол нийгмийн маань тодорхой нэг хэсэг нь өөрийгөө дөвийлгөх, гадна холынхныг дуурайх, дагаж давхих л ажил хийж байна шүү дээ. Сонгогдоно гэдэг нэг юм гол зорилго,зорилт болсон. Сонгогдоод яах гээд байна гэхээр бараг л мөнгө олох л гэж хариулдаг болсон нь худлаа биш. Таны хэлдгээр чадамжгүй хүмүүс биднийг удирдаад байгаа бол бид сонгож чадахгүй байна, эсвэл сонгуулахгүй байна. Ер нь сүүлчийнх л байх. Тэгээд хаана чадвар султай дарга байна, тэнд авлигын үндэс бий болж байна. Даргын юмуу шийдвэр гаргагчийн царайг “дэвсгэртээр” хардаг болоод хэвшиж байна. Тэгэхээр тийм даргаа дууссан цагт л бид авлигын ард гарна. Сав муу юмаар дүүрсэн бол түүнийг асгаж байж л саваа цэвэрлэж авна. Одоо бид тийм л юмтай ноцолдоод огт нэг дуусгаж чадахгүй байх шиг байна. Уг нь цаашаа явмаар байна л даа. Бид юу болохгүй байгааг олж харж чадаж байгаа хэрнээ засаж залруулж чадахгүй байгаа юм. Ус хол урссан бололтой. Гэвч усыг тээрэмд зүтгүүлдэг ухаан хүмүүнд байдаг даа.
-Ер нь монголчууд ямар хүмүүс юм бэ. Ажлыг яагаад хар ажил гээд байдаг юм. Нөгөө боолууд байшин барьдаг гэдгээс л эхтэй юү?
-Одоо бол монгол хүнийг “түүхэн” монгол хүнтэй жиших юмуу, зүйрлэхийн аргагүй болсон. Ер нь монгол хүнээс багахаан юм үлдээд байгаа байж ч магадгүй. Ажил хийдэг хүнгүй, нэхдэг, бэлэн юм шаарддаг хүн олон болж. Гол нь төр нь хүнээ ийм болгосноо олж харахгүй, ухаарахгүй байгаад учир байгаа юм. Хүн чинь ний нуугүй ярихад чичүүлж байж л юм хийдэг амьтан шүү дээ. Одоо бол ташуур ч алга, жолоо ч алга. Би л лав энэ олон ажил голсон, бэлэнчлэгчдийг хараад “Өө эд чинь монгол хүмүүс байна” гэж хөөршөөж, олигтой үг хэлж чадахгүй.
-Яагаад бид юу ч бүтээж чадахгүй байна вэ, ер нь юм бүтээж чадах улс уу?
-Чадахгүйдээ, мэдэхгүйдээ биш хүсэхгүйдээ байна. Буруу бодол, ухааралтай болсон байна. Хөрсөн дээрээ буухгүй хүнийг, бусдыг дуурайж байна. Бодлого алга. Өөрсдөө юм хийж, бүтээж байж л улс орноо хөгжүүлж,сайхан амьдарна.
-Юмыг өнгөрөөж сур гэж хөгшид их хэлдэг байсан даа?
-Тэр бол тайван цагийн үг. Одоо цагийн хөл маш түргэн болсон. Өнгөрөөх юм, өнгөрөөхгүй юмаа маш түргэн ялгах шаардлагатай цаг ирсэн. Юутай ч юманд бодолтой хандах хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал. Ер нь аливаа зүйлд хүлээцтэй, тайван, ултай хандах сайхан л даа. Юманд түргэдэж болохгүй гэдэг унаган монгол ухаан. Түүнийг л хөгшид, ахмадууд сургаж хэлдэг байсан. Муу юм хэвшдэг. Хэвшихээрээ танигдахаа больдог. Түүнийг бодох, яаж өнгөөрөөхөө ухаарах хэрэгтэй.
-Талын хүний зан авир бидэнд үлдсэн үү, хонзон авах гэж хүмүүс их гүйлдээд байгаагийн учир юунд байна?
-Бид бол дандаа ч талын хүмүүс биш ээ. Яагаад талынхнаар жишээ болгодог гэвэл сэтгэлгээний хэв загвар нь илүү ултай, тайван байдаг гэдэг. Хач авах гэдэг эртний монгол үг хариу авахаас лавшраад бүр өшөө авах тийш утга салаалсан юмсанж. Гэтэл мөн тэр л үг явсаар хариу авах, хариу өгөх санаа нь ач тийшээ явж сайхан үг болж хөгжсөн гэдэг. Хорлонтой, өс боддог биш ач боддог л байхсан. Хорон бодолтой хүн олширно гэдэг хүн болоод нийгэм эвдэрч л байна гэсэн үг. Манайд эвдэрхий юм ер нь их болж байгаа даа. Одоо жаахан хүн рүүгээ хандахгүй бол оройтох гээд л байна шүү.
-Хүний дор орохгүй гэж л тэмцэлддэг болж дээ?
-Хүний дор орохгүй гэдэг бодол өөрөө муу юм биш. Тэр чинь хичээ, өөрийгөө хөгжүүл гэсэн санаа. Хүнд нэрнээс эрхэм зүйл байхгүй. Тийм учраас монголчууд “нэр хугарахаар яс хугар” гэж ярьдаг шүү дээ. Нэр хэзээ бүтэн үлддэг вэ гэвэл юм бүтээж хийж байж л бүтэн үлдээнэ. Хийх юм хүнд түм бум бий. Хийх хийх ажлаа л зөв олох хэрэгтэй. Хийсэн шиг хийх хэрэгтэй. Тэр л дутаад байна.
-Хүмүүс их л уур уцаартай байдаг болж. Юундаа тэр вэ?
-Одоо бол эд юмтай хүнийг баян гэдэг болсон. Юмтай хүн яагаад ч юм харам, юманд голцуу уур уцаартай ханддаг. Манай хөгшчүүл түүнийг “эдийн хорлон” гэдэг дээ. Уг нь монголчууд эдтэй хүнийг адаг баянд оруулдаг: Эрдэм номтой хүн их баян, үр хүүхэдтэй хүн дунд баян. Эддээ эзэн болж чадахгүй хүн ч бишгүй л байна даа. Өөртөө эзэн болж чадсан хүн л эддээ эзэн байдаг даа. Тэр хүн эх орондоо ч эзэн байна. Одоо хүний хүн, тэр тусмаа өөртөө эзэн болоогүй хүн олон байна. Залуу хүн олон байгаадаа тэр биш шүү. Харин ч залуу хүн бол өөртөө эзэн болохыг хичээдэг хүн. Эзэн болох юмныхаа дэсийг л зөв олох хэрэгтэй.
-Улс орон яавал хөгжих юм бэ. Өнөөгийн нийгэм яагаад ийм болчихов оо?
-Бид бүгдээрээ ажилсаг, өөртөө, аав ээж, ах дүү нартаа, хань ижил, хамаатан садан, гол нь хүнд хайртай болсон цагт улс орон маань хөгжинө. Хамгийн гол нь хийж, бүтээх нь чухал.
Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа.
-Та одоогоор драмын болон дэлгэцийн ямар уран бүтээлд ажиллаж байна, сүүлд “Нийслэл хүүхэн” ОАК-ны аавын дүрд тоглосон байсан?
-Тийм ээ, дэлгэцийн уран бүтээлийн хувьд “Нийслэл хүүхэн” олон ангит киноны аавын дүрд ажилласан. Харин Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч Б.Жаргалсайханы хувьд энэ он түүхэн жил байлаа. Учир нь Монголын орчин цагийн урлагийн ууган байгууллага болох УДЭТ-ын 90 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд олон ажлын ард гарсны нэг нь зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан андгай” жүжигт Тоорил Ван ханы дүрийг бүтээх байлаа.
-Сүүлийн үед түүхэн сэдэвтэй кино олон хийгдэж байна. Эдгээр киноноос танд урилга ирж байна уу, эсвэл таны сэтгэлд нийцэхгүй байна уу?
-Түүхэн сэдэвт кино хийж байгаа залуусаас урилга ирж байгаа. Зураг авалтууд нь ихэвчлэн өвөл таарч, театрын үндсэн ажил их байгаа учир амжихгүй гэдэг хариу өгсөн. Би хувь хүнийхээ хувьд Драмын театртаа илүү хүч хөдөлмөр, цаг заваа шингээх зорилготой. Драмын урлагт тайз, үзэгч хоёрын хооронд амьд харилцаа үүсдэг учир их сайхан байдаг юм. Мөн уран бүтээлч хүний гол шалгуур, чадвар тайзан дээр харагддаг гэж боддог. Өдөр бүрийн бэлтгэл, хөдөлмөр шаарддаг тайзандаа илүү хайртай.
-Ард түмэн танаас “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хасар шиг дүрийг л хүлээгээд байх шиг. Тэр кинонд Монголын алтан үеийн ихэнх жүжигчидтэй хамт тоглосон шүү дээ. Тухайн киноны зураг авалтын үеэр хэн хэнтэй нэг гэрт байрладаг байв?
-Москва хотын театр урлагийн дээд сургуулийн багш ЗХУ-ын Ардын жүжигчин Анатолий Дмитриевич Папанов гэж гайхамшигтай хүн байлаа. Тэр хүний бидэнд үлдээсэн чадвар, сургасан эрдэм бүхэн Монголын хөрсөнд ахмад жүжигчдийн ур чадвартай хослоод өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. 1987 онд сургуулиа төгсөж ирээд театрт жинхэнэ алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллаж байсандаа талархаж явдаг. Хөдөлмөрийн баатар агуу Г.Гомбосүрэн гуай, Ц.Гантөмөр гуай, Л.Жамсранжав гуай, З.Жарантав ах гээд л олон сайхан уран бүтээлчидтэй нэг тайзан дээр ажиллаж байлаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглохоос өмнө Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагчийн “Алтан шонхор” кинонд тоглоход Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай, нэрт найруулагч Л.Эрдэнэбулган гуай, ардын жүжигчин Г.Равдан ах, дуурийн дуучин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуай гээд л Монголын сор болсон уран бүтээлчидтэй нэг гэрт амьдарч байсан минь бас нэгэн олз байсан. Тэр чадварлаг, сайхан хүмүүсээс олон зүйл надад өвлөгдөж ирсэн. Жүжигчдээс гадна киноны ард ажиллаж байгаа зөвлөх, найруулагчид гээд баг хамт олны хэлж байсан бүхэн дараагийн уран бүтээл, амьдралд маань маш том сургамж болж үлдсэн. Тэдний хоорондын яриа, хандлага, камерын өмнө ажиллаж байгаа байдал бүхэн захиас мэт санагддаг байлаа.
-Монгол Улсын урлагийн салбарын хөгжлийг ямар түвшинд явж байна гэж харж байна?
-Урлаг гэдэг дуурь, драм, үндэсний урлаг гэх мэт өргөн цар хүрээтэй салбар. Харин би өөрийн сайн мэдэх драмын урлагийн тухай ярих нь зөв байх. Манай театр уламжлалаа дагаж яваа цорын ганц улсын театр. Тиймээс цаашид энэ уламжлалыг хадгалж, өвлүүлж авч явах ёстой. Үүнийг дагаад өөр төрлийн туршилтуудыг ч хийх хэрэгтэй. Театр маань хөгжиж байгаа. Гадны орны сонгодог, өөрийн орны орчин цагийн болон түүхэн хэлбэрийн жүжгүүдийг ард түмэндээ толилуулсаар байна. Уран бүтээлчид, найруулагчдын ур чадвар ч өссөөр байна. Хамгийн сүүлд Москвагийн Театр, урлагийн дээд сургуулийг төгсөөд ирсэн Э.Ёндоншарав гэдэг залуу найруулагчаар театрт ажиллаж байна. Хоёр, гурван жилийн өмнө залуу найруулагч М.Батболд мөн л Москвад төгсөж ирээд Монголынхоо тайзан дээр “Фауст” жүжгийг тайзнаа тавилаа гэх мэт улсын болон хувийн театруудын хооронд өрсөлдөөн бий болж байгаа нь сайн хэрэг. Энэ нь театрын хөгжил улам л урагшлахын дохио. Харин энэ өрсөлдөөн дунд нэгнийхээ ялгааг сайн мэддэг байх хэрэгтэй. Аль нэгийгээ үгүйсгэсэн, гоочилсон яриа байж болохгүй.
-Таны хувьд цахиур хагалах насны уран бүтээлч хэн байна вэ?
-Манай театрын хувьд жүжигчин С.Болд-Эрдэнийг үзэгчид хүлээн зөвшөөрч байна. С.Болд-Эрдэнэ өнөө цагийн театрын нэгэн том бие төлөөлөл, харин эмэгтэй жүжигчдээс Н.Баярмаа сүүлийн үед ард түмний анхаарлын төвд байна. Ер нь театр олон жилийн алсын хараатайгаар уран бүтээлчдийнхээ дүрд анхаардаг. Тэгж байж дараа дараагийн насны уран бүтээлчид гарч ирэх суурь тавигдана. Байнгын бэлтгэл, хөдөлмөрийн үр дүнд тухайн уран бүтээлч хэн болох вэ гэдэг нь тодорхойлогдох юм.
-Тэгвэл кино найруулагчдаас хэн байна?
-Мэргэжлийн жүжигчин, драмын найруулагч, кино найруулагч, киноны зураач, театрын зураач гэх мэт мэргэжилтнүүдийг тусгай бодлогоор гадны оронд бэлтгэх шаардлагатай болов уу. Драмын театрын хувьд ч ялгаагүй. Гучин хэдэн жилийн өмнө Москвагийн Театр, урлагийн дээд сургуулийг хамт төгсөж ирсэн залуус байсан. Түүнээс хойш олноороо төгссөн уран бүтээлчид ховор шүү дээ. Монгол дахь сургалтаасаа бага зэрэг өөр гадны оронд мэргэжилтэн бэлтгэвэл зүйтэй.
-Ингэхэд таны хүүхдүүдээс урлагийн салбарыг сонгосон хүн бий юү?
-Манай бага охин жүжигчин болохоор хүсэл, мөрөөдөлдөө автаад явж байна. Хэр сайн жүжигчин болохыг цаг хугацаа, үзэгчид харуулах байх. Найруулагчдын нүдэнд өртөх үү, үгүй юү гэдгийг таашгүй.
-Та 16 жилийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин болсноо шагнал гардуулах өглөө нь мэдсэн гэж манай сонинд гарч байсан. Энэ жил Ардын жүжигчин болохоо өмнө нь мэдэж, дээлээ зэхсэн байв уу?
-Тухайн үед 2005 оны арванхоёдугаар сарын 29-нд Хүүхдийн ордны Харшийн шинэ жилд оролцоод ирсэн. Маргааш өглөө нь гэрийн утас дуугарахад Уугий аваад “Өө тийм үү” гэж байгаа сонсогдохоор нь юу болсон юм бол, ямар нэг муу юм болчихов уу гэж санаа зовсон. Гэтэл МУГЖ болсон тухай мэдээ байсан. Театрынхан маань ч мэдээгүй байхаар хэн нэгэн нь тоглосон юм байх гээд эргүүлээд залгатал Ерөнхийлөгчийн Тамгын газраас залгаж байна, үнэн гэж хэлсэн. Тэгээд л сандруухан хувцсаа өмсөөд очсон доо (инээв). Энэ жил МУГЖ болсон үеэ бодвол урьд өдөр нь Тамгын газраас хэл дуулгасан. Сэтгэл хөдлөхөөсөө илүү “Одоо яах вэ, дараагийн ажлуудад асар хүнд ачаа үүрэх болж байна даа” гэж бодоод л хүүгийнхээ хуриманд өмссөн дээл, малгайгаа өмсөж очоод шагналаа хүртсэн. Театрынхаа ачааны тодорхой нэг хэсгийг зах зээлийн хүнд хэцүү үед ч, ямар ч цаг үед үүрэлцэж дэлхийн орчин цагийн, өөрийн орны сонгодог урлагийн болон янз бүрийн сайхан жүжгийн дүрд хувилж үзэгч олныхоо таашаалыг хүртэж явсныг минь төрөөс үнэлж байна гэж ойлгосон. Цаашид хийх, бодох зүйл ч их байна даа.
-Манай улс “Соёлын яам”-тай болсон. Яамны бодлого монгол киног дэлхийн брэнд болгох юм билээ. Та энэ талаар юу бодож, мэдэрч байна?
-26 жилийн дараа яамтай боллоо. Яамтай болно гэдэг хамгийн гол асуудал. Хүмүүс шүүмжлээд л байдаг. Ер нь амьдралд ямар ч зүйл 100 хувь хүний сэтгэлд нийцнэ гэж байхгүй. Юм хийх тусам хүмүүсийн шүүмжлэл, сайшаалд өртдөг. Соёлын яам гэдэг урлагийн бүх төрлийг хамарч байгаа шүү дээ. Тэгэхээр алдаа ч бий, оноо ч бий. Монгол киног дэлхийн түвшинд гаргана гэдэг нь зөв. Драмын театр ч гэсэн хэтийн төлөвлөгөөндөө гадны зах зээл рүү Дорнын театр ямар байгааг харуулахыг зорьж байна. Манайд дутагдаж байгаа хамгийн гол зүйл бол тайз. Орчин үеийн олон улсын стандартад нийцсэн тайз гарцаагүй хэрэгтэй. Энэ тал дээр Соёлын яам анхаарч ажиллаж байгаа. Тун удахгүй биеллээ олох байх аа.
-Таныг Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас өвлийн өвгөнийг өвлөсөн гэдэг. Арванхоёрдугаар сар гараад өвлийн өвгөний захиалга их байна уу?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтэд цар тахал манай улсад шинэ жилийн баярыг тэмдэглэсэнгүй. Энэ жил төсвийн байгууллагаас бусад байгууллагад шинэ жил тэмдэглэх зөвшөөрөл олгосон. Тэднээс “Улсын өвлийн өвгөнийг шинэ жилдээ урьж байна” гэсэн дуудлагууд нэмэгдсээр байна. Миний хамгийн гол хүсэл бол Хүүхдийн ордны “Харшийн шинэ жил”-д оролцох. Энэ жил Харшийн шинэ жил маань бас л болохгүй нь. Ер нь Хүүхдийн ордонтой байнгын холбоотой байдаг. Хүүхдийн дуу цангинасан, сайхан энергитэй газар. 2005 онд гавьяат болоход өдөр нь Хүүхдийн ордонд бужигнаж байсан. Энэ жил Ардын жүчигчин цол хүртэх мэдээг сонсоход мөн л хүүхдүүдтэй ордонд жүжгийн бэлтгэлтэй байж таарсан. Юм бүхэн учиртай гэж.
-Өвлийн өвгөн болоод, өөрөөсөө ахмад хүмүүст бэлэг өгч, тэр хүмүүсийг үнсэх ямар байдаг вэ?
-Би сайхан буурал сахал зүүж, цагаан нөмрөгөө өмсөхөөр насыг нь таашгүй жинхэнэ монгол өвлийн өвгөний дүрд хувирч итгэл үнэмшилтэй болдог. Тэр үед миний хувь хүн юу бодохоос илүү бэлэг авч байгаа хүмүүсийн баярласан харц, тэдэнд эрүүл энх, урт удаан наслахыг хүсч духан дээр нь үнсэх мөч хамгийн сайхан. Хүн бүрийн нүднээс халуун дулаан хайр, баяр баясал гэрэлтдэг.
-Танай гэр бүлийн хувьд хуучин оноо хэрхэн үдэж, шинэ оноо яаж угтдаг вэ?
-Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр гэдэг шүү дээ. Сүүлийн хоёр жилд энэ уламжлал маш сайн давтагдсан. Өвлийн өвгөн болсноос хойших 18 жилийн талд нь Сүхбаатарын талбай дээр шинэ оноо угтсан. Талд нь гэртээ шинэ оноо угтлаа. Төв талбай дээр нийслэлчүүдтэйгээ шинэ оноо угтчихаад үтэр түргэн гэртээ очиж дахин нэг шинэ оноо гаргадаг даа. Он гарахаас хоёр, гурав хоногийн өмнө гэр бүлээрээ цуглардаг. Хүүхдүүд, ач, зээ гээд л цөмөөрөө тухайн жилийн олсон ололт амжилт, алдаа дутагдал юу байв, ирэх онд ямар төлөвлөгөөтэй байгаа тухай ярилцдаг уламжлалтай. Арванхоёрдугаар сарын 25-нд манай том хүүгийн төрсөн өдөр байдаг. Голдуу хүүгийнхээ төрсөн өдрөөр л цуглардаг даа.
-Та 1980-аад онд яагаад жүжигчин болох, Москвад сурах шийдвэр гаргасан юм бэ?
-Анх жүжигчин болох тухай бодол байгаагүй. Тухайн үед спортоор хичээллэдэг, спортын л хүн болох байх гэж боддог байсан. Би чинь Дундговь аймгийн хүн, хүүхэд байхад хөдөө
“Алтан Москваг зорьсон
Ухаант жанжин Сүхбаатарыг
Намрын хонгор салхи
Найртай сайхнаар угтлаа…” гээд л шүлэглэдэг байсан. Яагаад ч юм миний толгойд “Амьд явах хугацаандаа алтан Москва гэдгийг нь л үзчих юмсан” гэж боддог байлаа. Хотод шилжиж ирээд аравдугаар ангиа төгсөхөд драмын театраас 20 хүүхэд шалгаруулж Москвагийн театр, урлагийн дээд сургуульд сургана гэсэн юм. Намайг МУГЖ З.Жарантав ах “Өндөр нуруутай хүү байна, алив шалгалт өгөөд үз” гэхэд би их дургүй байлаа. Тэгсэн надтай хамт шалгалт өгсөн ангийн хүүхэд “Жагаа чи юу яриад байгаа юм бэ, очоод шалгалт өгөөд үз. Хэрвээ тэнцчих юм бол хүсээд байгаа Москвагаа үзнэ” гэж хэлсэн. Тэгээд л нээрээ тэгэх ч юм билүү гээд шалгалтандаа их хичээсэн. Ер нь Москваг үзэхийн тулд л тэр шалгалтыг сайн өгсөн юм шиг байгаа юм (инээв). 600 гаруй хүүхэд шалгалт өгснөөс эхний тавд жагссан. Тэгээд л алтан Москвагаа үзэж, Улаан талбайд очиж дэвсэж үзлээ. “Одоо яах вэ, за суръя даа” гээд л жүжигчин мэргэжлээр сурсан юм даа. Анатолий Дмитриевич Папанов гэж гайхалтай багш намайг болон миний ханийг эргэлт буцалтгүйгээр урлагийн ертөнц рүү оруулсан. Тэр үеэс хойш театртаа тасралтгүй 35 жил ажиллаж байна. Одоо театр минь яг л миний гэр шиг санагддаг.
-Таны удамд урлагийн хүн байсан уу?
-Аав, ээжийн талаас хоёуланд нь урлагийн хүн байхгүй. Харин бичиг, номтой хүн олон байсан. Манай өвөө нутаг орондоо нэртэй, ном их уншдаг хүн байлаа. Харин аав минь бие дааж өөрөө монгол бичиг, кирилл бичгийг сурсан гэдэг.
Ардын багш цол хүртсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, гавьяат багш, академич Б.Жадамбаатай ярилцлаа.
-Та 1977 оноос багшилж эхэлсэн юм билээ. Социализмын үед ч та багш нарыг сургаж байсан хүн. Нийгэм солигдсон ч багшийн багш байсан. Хоёр нийгмийн ялгаа их гарсан уу, өөрийгөө эвдэх шаардлага тулгарав уу?
-Гаралгүй яах вэ. 1977 онд би МУИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр төгсөөд, ШУА-д жил гаруй ажиллаад, их сургуульд багшилж эхэлсэн.
Өөрчлөлт, шилжилтийн бүх хугацаанд багшилсан юм. Хүн ажлаа хийж байхдаа тасралтгүй хөгжиж байдаг. Одоо харахад бүгдийг нэгмөсөн тэр дор нь өөрчилчихдөггүй юм байна. Нэг нийгмээс нөгөөд шилжихэд дөрөв, таван үе дамжсан байна. Эхлээд зах зээлийн нийгэмд шилжлээ гэхэд бид хуучин маягаараа, энерциэрээ явсан. АХБ-ны дэмжлэгтэйгээр Монголын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах том ажил байсан юм. Тэр төлөвлөгөөг хийхэд ерөнхий боловсролын хэсгийг би хариуцаж судалгаа хийж байсан юм. Түүндээ үндэслэж мастер төлөвлөгөөгөө боловсруулсан. Тэр дагуу багшаа бэлтгэж эхэлсэн. Эхний хэдэн жил баахан гадны зөвлөхүүд авчраад, тэд зааж сургаад, түүнийг нь бид багш нартаа зааж байв. Энэ маягаар дөрөв, таван жил явсны дараа “Ер нь шууд гадныхыг хуулж болохгүй юм байна. Уламжлал, соёлоо үрэн таран хийчихгүй, түүндээ суурилах ёстой юм байна” гээд стратегиэ бас нэг жаахан өөрчлөх жишээтэй. Education гэдэг үгийг боловсрол гэж орчуулаад, өмнө нь хүмүүжилд анхаардаг байснаа хүмүүжил, хүн болгоно гэдгийг социалист ойлголт гээд хаясан. Хамгийн гол нь ёс суртахуунаа орхигдуулсан. Түүний үр дагавар одоо ч манай нийгэмд явж л байгаа. Хүмүүжил гэдэг үг боловсролынхоо дотор байдаг юм билээ. Сургана заана гэдэг үгнүүдийг нь аваад, сурган хүмүүжүүлэх гэдэг юм аа хаячихсан. Түүнийгээ залруулж, Монголын уламжлалд түшиглэх болсон. Монгол уламжлалд сурах гэдэг хүний эрх, хүмүүжих гэдэг хүний үүрэг гэж үздэг. Үүргийг нь мартаад, эрхийг нь аваад явсан чинь жаахан алдаа гарсан. Сүүлдээ ёс суртахуунтай хүний тухай ярьж байна. Ёс суртахуун гэдгийн цаана хүмүүжил байх юм байна гэж ойлгоод, Монголынхоо уламжлал, соёл хүнээр хүн хийх ухаандаа түшиглээд боловсролоо өөрчилье гэж байгаа юм. Барууныхан хүмүүжил гэж нэг их ярьдаггүй. Харин монголчууд хүн болно гэдгийг нэгт тавьдаг. Хүн болсон хойно нь саванд нь, онцлогт нь тохируулаад хөгжүүлнэ гэж байгаа юм. Орчин үед суралцахад ач холбогдол өгч байна. Багш, суралцагч хоёр хамтдаа мэдлэг бүтээдэг уламжлал чухал юм байна гэж үзээд байна. Барууныхан зөөлөн чадвар гэж ярьдаг. Зөөлөн чадвар гэдэг өнөөдрийн Боловсролын хуулинд яваа хүмүүнлэг боловсрол, хүн бусадтай харьцахдаа энэрэнгүй байх ёстой гэсэн утга санаа. Юм гэдэг өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна.
-Та хүүхэд төдийгүй томчууд ч бас өөрийгөө хөгжүүлэх, сурах арга барилыг өөртөө суулгах гэж хичээж яваа гэж хэлсэн байна лээ. Эцэг эхчүүд “Хүүхэд маань сууж чадахгүй байна, сурах дургүй байна гэцгээдэг шүү дээ. Сурах арга барилыг яаж суулгах вэ?
-Уламжлал,шинэчлэлийг зөв хослуулах хэрэгтэй юм билээ. Дээр үед монголчууд хүнд ийм мэдлэг чадвар эзэмшүүлнэ, ийм хандлага төлөвшүүлнэ гэхээсээ эрдэм сургах аргад сургана гэдэг байсан. Сурах арга барил эзэмшүүлнэ гэдэг маш энгийн. Боловсрол гэдгийг маш энгийнээр ойлговол хүний хийж байгаа аливаа үйл, түүний үр дүн. Хөдөлмөр хийж хүн болдог гэдэг. Гурван О-гийн зарчим гэж би яриад байгаа. Эхлээд оролцох ёстой, дараа нь оролдлого хийх ёстой. Оролдоод эхэлвэл ололт бий болно. Сурах арга барилд сургана гэхээр хүн хүн янз янзаар сурдаг. Гэхдээ хүн хамгийн эхлээд аливаа юмыг ажиглаж байж үйлээ баримжаална, хийж үзээд, буруу болсон бол хаана алдав гээд тасралтгүй суралцаж байдаг.
-Зах зээлд шилжиж олон хүн ганзагын наймаа хийж байсан үед та анхны Фулбрайтын тэтгэлэгт хамрагдаж, АНУ-д Петсбургийн их сургуульд нэг жил ажилласан гэсэн. Орос, Америкийн боловсрол эрс ялгаатай байв уу?
-1990 онд Багшийн дээд сургуулийг Боловсролын их сургууль болгоод, намайг эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал бөгөөд Багш нарын мэргэжил дээшлүүлэх инситутын захирлаар томилж байсан юм. Би их сургууль төгсөөд, сургуульдаа багшилсан. Цэцэрлэг, сургууль, бага ангийн багш нартай газар дээр нь очоод хичээл заадаг. Эндээс асар ихийг сурсан.
Ерээд онд зах зээлд шилжихэд хуучнаа хэрэггүй гээд орхисон. Хөдөө сургуульд сурах бичиг байхгүй. Данидагийн төсөл орж ирээд, тэрийг удирдаад одоо хүртэл явж байна л даа. Бүх сурах бичгийг хэвлэж, сургуулиудаар үнэгүй тарааж, багш нарыг шинэ арга зүйгээр сургасан. Багш төвтэй байснаа шавь төвтэй болсон. Сурах бичигтэй болоод, багш нарыг мэргэжил дээшлүүлээд цэгцрээд ирсэн. Анх хил нээгдэхэд Фулбрайтын тэтгэлэг хоёр ирсэн. Сайд дуудаад “Чи энд явна” гэсэн юм. Орост төгссөн хүн огт өөр ертөнцөд бууж байлаа. Монголоос анх Фулбрайтын тэтгэлэгт явж байгаа гээд АНУ-ын Элчин сайд эхнэртэйгээ Бээжингийн онгоцны буудал дээр тосоод, маргааш өглөө нь Америкийн онгоцонд суулгаж өгч байсан юм. Тэгэхэд би орос хэлтэй. Хойно Москвагийн их сургуульд сурч байхдаа англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл уншдаг байсан. Сүүлд би яаж ярьж байсан юм бол гэж бодсон. Гэхдээ намайг тосч авсан профессортой яриад, боломжийн үнэтэй байр түрээслэж аваад ойлголцоод л явсан. Нэг жил болоход маш их юм өөрчлөгдсөн. Багш нар маань англи хэл сурахын тулд чихний бөглөө гарах ёстой. Зурагтныхаа дууг чангалаад, мэдээ сонс гэсэн. Эхлээд үгийг нь шүүрч авч чадахгүй хоёр сарын дараа дасч ирсэн. Чой. Лувсанжав гуайн хар номоо бариад очиж байсан. “Зөв, буруу нь хамаагүй бидэнтэй яриад бай” л гэсэн. Кофе ууж суухдаа ч яриад л байсан. Юугаа ч ярьж байсан юм.
Оросууд академик, шинжлэх ухааны үүднээс юмыг углуургаар нь заадаг. Би Петсбургийн их сургуульд Боловсрол судлалын сургууль дээр нь очоод, дэд захиралтай нь яриад “Би физикч хүн, МГУ-д онолын физикээр хамгаалсан хүн. Танай физикийнхэнтэй уулзья” гэсэн юм. Нэг өдөр намайг уулзуулсан. “Та юу хийдэг хүн бэ” гэхээр нь би баахан томъёо бодоод. Нөгөөдүүл чинь шүтээд. “Та нар юу хийдэг вэ” гэсэн чинь “Бид жаахан өөр” л гэж байна. Их сургуульд багш байхдаа дугуй заалны том самбарт баахан томъёо бичээд, хамгийн сүүлийнхээ томъёог бичээд хөлс чийхрээд гардаг байлаа. Оросууд бол тэр рүүгээ анхаардаг. Нөгөөдүүл нь хэрэглээг анхаардаг. Өөрөөр хэлбэл нэг нь академик, нөгөө нь прагматик. Явж явж аль аль нь чухал юм билээ.
-Урд цагт монголчуудын хувьд багш гэдэг төрүүлсэн эхтэй адил ачтан гэж хүндлэгдэж байсан. Орчин үед багшийн байр суурь, багшид хандах хандлага өөрчлөгдөж байна л даа. Яаж шавь нартаа хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх талаас нь зөвлөдөг үү?
-Зөвлөнө өө. Монголчууд багшийг эрхэмлэн дээдлэдэг уламжлалтай. Би ч бас багшийн гэр бүлд өссөн, ах маань багшилдаг байв. Социализмын үед багш нар үнэлэмж өндөртэй, нийгмийн баталгаа сайтай, хангалттай цалинтай. Идэж уух өмсөх зүүхэд хүрэлцээтэй байв. Багш өдрийн бүх л цагаа шавь нартаа зориулдаг, сургууль дээр өнгөрүүлдэг байсан. Одоо бол шавь нар маань “Багш та гоё юм ярих юм. Амьдрал болохгүй байна. Цалин хүрэхгүй байна” гэдэг. Ингээд багшийн хичээлээс гадуур хүүхэдтэй ажиллах цаг нь багасаад ирнэ. Багш, хүүхдийн холбоо нь алгуур сулраад, багшийн үнэлэмж буурсан. “Манай муу багш” гэх юм гэж шавь маань ярьдаг. Сайн багш нар байна л даа. Би хэлдэг юм. “Та нар хэрэглээгээ жаахан хязгаарлаж үз. Нэг өдөр та нар өндөр цалинтай болчихно гэж байхгүй. Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ сайн ажилла. Хичээлийн бус цагаар цаг гаргаж чадахгүй бол хичээлийн цагаа хүүхдэд бүрэн зориул” гэдэг. Дандаа нийгмийн асуудал ярих биш өөрсдөө бас хичээх ёстой. Ингэж чадвал хүүхдүүд чинь хүндэлнэ, “Манай багш” гэж ярьдаг юм аа гэдэг. Боловсролын хуулинд миний нэг яриад байгаа юм, цалин мөнгөнөөс гадна багшийг дэмжих, газар олгодог ч юм уу, багш нарт хандсан тусгай бодлого гаргах хэрэгтэй байна. Цалин нэм гэвэл багш нарынхыг нэмвэл эмч нарынхыг нэмэх болно. Өнөөдөр Монголд бүх л хүний цалинг нэмэх шаардлагатай байгаа шүү дээ. Үнэлэмж дээшлүүлэхэд нийгмээс гадна багшаас бас олон юм хамаарна. Багш нарын холбооны тэргүүний хувьд багш нарт юу захидаг гэхээр “Өдөр тутам хөгж” гэдэг. Нэг хэсэг багш хүн менежер байх ёстой, технологи мэддэг байх ёстой гээд олон шаардлага тавьж, баахан бужигнуулсан. Одоо бол багш хичээлээ чанартай заадаг, хүүхдүүдтэйгээ хамт хөгждөг, хүүхдийнхээ ялгаатай өвөрмөц байдлыг тооцдог байх ёстой гэж зөвлөдөг. Хүүхэд багшдаа багшилдаг байхгүй юу.
-Манайхан ингэж ярьдаг л даа. Өмнө нь багш хүн түмний хүүхдийн төлөө үнэхээр зүтгэдэг байсан. Одоо бол хүүхэдтэй сэтгэлээсээ ажилладаг хүн цөөн болсон” гэцгээдэг. Мэдээж энэ бүхэн багшийн цалин хөлстэй холбоотой байх. Гэхдээ үнэхээр багш болъё. Хүний хүүхдэд юм заагаад өгчихье гэсэн сэтгэлтэй хүн багш болж чадаж байна уу?
-Багшийн нийгмийн асуудал ийм байгаа учраас хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгохгүй байна. Судлаад үзэхээр зөвхөн Монголд ийм биш байна. Дэлхий нийтэд ийм хандлага байна. Багш болъё гэсэн хүсэлтэй хүн хаана байна гэхээр Солонгост багш өндөр цалинтай учраас сайчуул нь багш болно гэдэг юм билээ. Хятадад бас тиймэрхүү шинжтэй. Гэхдээ багш нар маань хүний хүүхдийн төлөө ажиллаж л байгаа юм. Урд нь хүүхэдтэйгээ хичээлийн дараа ч өдөржингөө сургууль дээрээ хамт байх бололцоотой байсан юм. Би Архангайн Тариатын арван жилийн сургууль төгссөн хүн. Багш маань үдээс өмнө хичээлээ заачихаад, үдээс хойш давтлага өгөөд, хүүхдүүдтэйгээ бодлого бодоод, шатар тоглоод, спортын арга хэмжээ зохиогоод сургууль дээр багш, хүүхдүүд хамтдаа байдаг байсан. Одоо бол тэр хугацаа багассан. Хичээл заалаа, хүүхэд гэртээ харина.
-Таны одоо эрхэлж байгаа ажил Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч шүү дээ. Суурь судалгаа гэхээр юуг онцолдог вэ?
-Манай Боловсролын хүрээлэн гээд боловсролын чиглэлээр судалгаа хийдэг газар байна. Сурах бичиг, хүүхдийн нас сэтгэцийн онцлогт тохирч байна уу, агуулга ямар байна гээд манайхан голдуу хавсарга судалгаа хийгээд байгаа юм. Суурь судалгааны гол үндэс боловсролын хөтөч үзэл юу байх вэ. Юунд сургах юм гэдэг. Голдуу Монголын уламжлалыг судлана. Бас орчин үед гарч байгаа бусад шинжлэх ухааны ололтыг боловсролын салбарт хэрэглэж, боловсролын өнөөгийн судалгааны арга зүй, үр дүнг сайжруулах юм.
-Та Ардын багш болтлоо 40 гаруй жил ажилласан байна. Эргээд харахад юу бодогдож байх юм бэ. Өнгөрүүлсэн он жилүүддээ сэтгэл хангалуун байгаа юу?
-Сэтгэл хангалуун байна. Хоёргүй сэтгэлээр гэдэг шиг л би шохой, самбар, цаас, сүүлийн үед компьютертэй зууралдаж байна. Үүндээ бахархаж явдаг. Багш байсан ахыгаа дагаж, харж их юм сурсан. Өдөр бүр шавиа сургах гэж оролдохдоо өөрөө сурч байдаг. Шавь нараасаа сурч, шавь нараа сургаж хамтдаа хөгжиж ирсэн. Тасралтгүй хөгжиж байгаадаа бахархаж явдаг. Би бас физикч болсондоо баярладаг. Физик, математикийн хүмүүс нийгмээ арай өөр өнцгөөс хардаг. Яг цээжилдэг бус, хөдөлгөөнтэй, үйл судалдаг ухаан. Үйл явцыг дагаад өөрсдөө хөгждөг. Унаган мэргэжил маань боловсролын салбарт өдий хүртлээ явж ирэхэд их тус боллоо.
-Орчин үеийн хүүхдүүд өөр болсон гэдэг шүү дээ. Та ач, зээ нараа сургахдаа үүнийг мэдэрч байдаг уу?
-Өнөө өглөө хүртэл ач маань “Өвөө та чинь Х generation билүү” гэхээр нь би тоглоод “Чи бол дельта generation шүү дээ, вирусийн үеийн хүүхэд” гэсэн юм. Одоогийн хүүхдүүдийг яг ийм арга зүйгээр сургана гэж болохгүй байгаа юм. Өөрсөдтэй нь ярьж байж, өөрт нь тохируулахгүй бол болохгүй. Манайхан нийтлэгийг олох гээд байдаг. Хүний хувьд нийтлэгийг олно гэж байхгүй. Уг нь би эднээр уран зохиол уншуулах гэж оролддог юм. Намайг гараад явах хооронд гар утсаараа оролдож суудаг. Энэ хүүхдүүдийн нэг сайн тал нь мэдээлэл сайн авсан учраас эрэгцүүлэхдээ сайн. Хүүхдүүд хурдтай хөгжиж байна. Хүүхэдтэйгээ ойр дотно харьцаж, жаргал зовлонг нь сонсож, дэмжиж явах учиртай. Агаарт хамт явах, тоглож наадах хэрэгтэй. Маргаашийн хүүхдүүд ч өөрчлөгдөнө. Үе үеэрээ өөр байдаг. Ажил хийж хүн болдог. Ажлыг нь орхигдуулчихаар баахан хиймэл оюун ухаантай хүмүүс болчих вий. Өөрөө хийж үзээгүй юм толгойд нь орчихоор бас хиймэл болно биз дээ.
“Бөмбөгөр ногоон” театр гэрэл зургийн цомог номын нээлт Монголын театрын музейд уржигдар болсон. Эл цомгийг ардын жүжигчин Чимэд-Осорын хүү, сэтгүүлч Болд эмхэтгэсэн бөгөөд БНМАУ-ын төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, төрийн шагналт, ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюун, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Чойдог, ардын жүжигчин Д.Чимэд-Осор, гавьяат жүжигчин, бүжигчин Ж.Алимаахүү, Монгол циркийг үндэслэгч, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар нарын гэр бүлийн архив, цуглуулагч, судлаач А.Дэмбэрэлдоржийн хувийн цуглуулгаас зарим ховор баримт, гэрэл зургуудыг ашиглажээ. Монгол Улсын соёл урлагийн гал голомт болсон Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу “Бөмбөгөр ногоон” театр нэгэн зууны тэртээ нийслэл Улаанбаатар хотын төвд одоогийн Төрийн ордны зүүн урд хэсэгт олон түмний тус дэмээр 1927 оны долдугаар сарын 9-ний өдөр сүндэрлэн боссон түүхтэй. Тус театрын зураг төслийг тухайн үед Монголд амьдарч байсан Унгарын иргэн, инженер Иосеф Гелета зохиож монгол, хятад барилгачдаар бариулахдаа монгол гэр болон тоорцог малгайн хэлбэрийг дуурайлган бөмбөгөр оройтой, баганагүй театр сүндэрлүүлсэн аж. Том дугуй хэлбэрээр ханыг босгож, түүний дотор давхар дугуй хонгил гаргасан агаад цул модон дээврээ олон давхар эсгийгээр бүрж, дахин төмрөөр дээвэрлэн ногоон өнгөөр буджээ. Дээврийн зүүн, баруун урд талд тооно хэлбэрийн цонх гаргасан тул өглөө, оройн нар чөлөөтэй тусдаг байжээ. Театрын үзэгчдийн суудлын тооны талаар түүхэн баримт материалд янз бүрээр бичсэн байдаг боловч найруулагч, зохиолч Д.Намдаг 500 хүний суудалтай байсан хэмээн бичсэнийг үндэстэй гэж үздэг. Тус театрынхан Богд хааны ордноос шилжүүлсэн баяд, ноёд хатдын тансаг дээл хувцас, гоёл чимэглэлийн нандин эдлэлийг тоглолтдоо хэрэглэдэг байсан аж. Тус театрт 1949 оны нэгдүгээр сарын 15-нд “Талын баатар” жүжиг тоглогдсон орой гал гарснаар ихээхэн гарз хохирол учирчээ. “Бөмбөгөр ногоон” театрт тухайн үеийн авьяас билгийн охь болсон хүмүүс уран бүтээл туурвиж байсныг Монголын урлагийн алтан үеийнхэн хэмээдэг. Алтан үеийн төлөөлөл болсон хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мушгиа нар цомгийн нээлтэд хүрэлцэн ирсэн байлаа. Эдүгээ зуун насны босго давах дөхөж буй Лувсанжамцын Цогзолмаа гуайтай уулзаж хэдэн хором хөөрөлдлөө.
-Та сайхан хаваржаад байна уу?
-Сайхан хаваржиж байна аа. “Бөмбөгөр ногоон театр”-ынхаа түүхэн цомгийн нээлтэд ирсэндээ баяртай байна.
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Өдий болтол амьд яваадаа байна. Мушгиатайгаа хоёулаа энд ирлээ. “Бөмбөгөр ногоон театр”-ын түүхийг гэрэл зургийн цомогт мөнхөлсөнд сэтгэл хөдөлж, их сайхан санагдаж байна. Цомгийг эмхэтгэсэн ардын жүжигчин Чимэд-Осор гуайн хүү Болддоо талархлаа. Энэ ажлыг зохион байгуулсан хүмүүс, Театрын урлагийн музейнхэндээ баярлалаа.
-“Бөмбөгөр ногоон театр”-ын алтан үеийнхэн ч агуу хүмүүс шүү?
-Бөмбөгөр ногоон театраас үлдсэн нь Мушгиа бид хоёр л байна даа. Бөмбөгөр ногоон театр маань соёл урлагийн түүхэнд маш их үүрэг гүйцэтгэсэн. Одоо эргээд бодоход театрын ар талын тайзнаас эхлээд үзэгчид, сандал ширээ хүртэл нүдэнд харагдаж байна. Өөрөөр хэлбэл бидний ид цэцэглэж явсан, сайхан насандаа ажилласан анхны минь газар юм аа. (хоолой нь зангиран уйлав. сур) Амьдралын минь марташгүй том хэсэг Бөмбөгөр ногоон театртай холбоотой. Тийм учраас энэхүү театрын тухай их сайхан дурсамжууд үлджээ. Монголын урлагийн түүхэнд томоор үлдсэн ийм анхны театр аа.
-Бөмбөгөр ногоон театрыг мажар хүн бариулсан гэдэг бил үү?
-Энэ их сонин театр л даа. Театрыг бариулсан эзэн нь унгарын иргэн И.Гелета гэдэг хүн. Жараад оны үед Монголд ирэхэд нь манай өвгөн (Намын Төв хорооны гишүүн, АИХ-ын депутат, соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын нэрт сэтгүүлч Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Цэндийн Намсрай. сур) уулзаж байсан л даа. Театрын сонин нь юу гэхээр нэг ч баганагүй барьсан байдаг. Таван зуугаад хүний суудалтай их хөөрхөн театр байсан.
-Бас ч том л театр байж?
-Театрын арын хаалгаар тайзан дээр морьтой орж ирдэг байсан шүү дээ.
-Морьтойгоо тайзан дээр гарч ирнэ гэдэг чинь их амьд жүжиглэж байсан хэрэг шүү…
-“Шарай голын гурван хаан” жүжигт тэр арын хаалгаар гурван баатар морьтойгоо тайзан дээр гарч ирж байсан дүрс одоо надад нүдэнд харагддаг юм. Цагааны Цэгмид гуай, Нямын Цэгмид хоёр л лав тоглож байсан. Энэ их сайхан санагддаг байлаа. Монголын урлагийн олон нэртэй жүжигчид энэ бөөрөнхий театраас төрж гарсан. Бөөрөнхий театрыг зохиолч, найруулагч, орчуулагч Эрдэнэбатхааны Оюун гуай, ардын жүжигчин Нямын Цэгмид гуай нар удирдаж байсан. Задгай Ламзав гэдэг хүн театрын даргаар ажиллаж байлаа.
-Та бөөрөнхий театртайгаа хэдэн онд хувь заяагаа холбосон билээ?
-Гучин дөрвөн онд юм. Арван настайдаа анх удаа “Бөмбөгөр ногоон”-ы босгыг давж “Говийн хүүхэн Гүндэгмаа” гэдэг жүжгийг үзсэнээ мартдаггүй. Тайзны гол дундаас урд нүүр хүртэл өндрөөс нам болсон ногоон тавцан зүлэг дээр час улаан дээл, мөөмөн оройтой малгай өмссөн өндөр гоолиг нуруутай бүсгүй гүйж гарч ирээд унахад савхин цамцтай, суран бүс, саравчтай малгай өмссөн эрэгтэй алсаас ирээд бүсгүйг босгож уулзаж байгаагаар уг жүжиг төгсч байсныг санаж байна.
-Та зорьж очиж үзэж байв уу?
-Чухам ямар аргаар орсныг мэдэхгүй. Жүжиг тарсны дараа жүжигчдийн өрөөнд гүйгээд ортол маш гоё гялтганасан цэнхэр торгомсог хувцастай нөгөө сайхан хүүхэн чинь нүүрний будгаа яаран сандран арилгаж байхыг хараад ёстой л мэл гайхан биширч билээ. Тэр торгомсог гялалзсан хувцас нь торгон дотуур хувцас байж. Урлаг ингэж хүүхэд миний сэтгэлд цахилгаан гэрэл харвуулан гийгүүлсэн юм даа. Хожим мэдэхэд, тэр бүсгүй гавьяат жүжигчин Болд, эрэгтэй нь Шаравдоо гуай байсан. Мөн гучин таван онд байх. “Бөмбөгөр ногоон”-д нэг концерт үзсэн. Хажуу тийшээ самнасан халимаг үстэй хөөрхөн бор хүү сандал дээр суучихсан, хөл нь газар хүрэхгүй, хуучир тоглож, хажууд нь бас нэг жижигхэн охин ёочин дарж байлаа. Тэд бол хожим нь ардын жүжигчин болсон Намсрайжав, гавьяат жүжигчин Базаррагчаагийн дүү Вандуй нар байсан байдаг. Надаас жаахан хүүхдүүд хөгжимдөж байхыг хараад ийм болох сон гэж сэтгэл ихэд хөдлөн урлагт улам ч донтох болсон сон.
-Таныг театрт орох үед ардын авьяастан голдуу хүмүүс байв уу?
-Бид цөмөөрөө л жаахан залуучууд орсон. Зөвлөлтийн мэргэжилтэн бүжгийн багш, найруулагч, хөгжмийн багш, зураач гэсэн таван хүн лав ажиллаж байсан. Бөмбөгөр ногоон театр маань дотор нь ажиллаж байсан урлагийн зүтгэлтнүүд, барилга байшингаараа ч мартагдахгүй сайхан дурсгалын газар байсан.