Categories
гадаад мэдээ

Буутай хүн

Эхлээд АНУ, дараа өдөр нь Их Британи эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авснаар Оросын хөрөнгийн бирж дээр доллар, еврогийн арилжаа зогсон 24 цагийн дотор рублийн доллар, евротай харьцах ханш хоёр дахин унаж шуугиан дэгдээв.

Хэдийгээр ОХУ-ын Төв банкнаас энэ сарын 14-ний байдлаар ам.долларын албан ханш 88.2 рубль, евро 94.8 рубль байна гэж зарласан ч бодит амьдрал дээр нэг ам.доллар 200 рубль хүрч, мөнгө солих цэгүүдэд уртын урт дараалал үүсэв.

Оросын Төв банк “Өнөөдрөөс эхлэн рублийн ханшийг ам.доллар, евротой бус юанийн ханштай уяж зарлаж байх болно” гэж мэдэгдэв. Гэтэл юань нь мөн л ам.доллартай уягдан ханш нь тогтоогдож байдаг бөгөөд Хятадад дефляци гэх инфляциас дутахгүй аюул нүүрлээд байгаа билээ.

ОХУ бол цэвэр импортлогч улс. Энэ нь Оросууд үр тариа экспортлогч мөн ч техник, сэлбэг, шавьжны эсрэг хор, зарим бордооноос эхлээд тариа тарихад хэрэгтэй бүхнээ гаднаас авдаг гэсэн үг. Иймээс ам.доллар, евро гэх дэлхийн голлох валютын хомсдолд орсон Оросын бүх бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж инфляцийг хөөрөгдөх нь гарцаагүй зүйл болов.

Ядаж байхад “Их долоо” хуралдаж “Орос болон Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах болно” гэдгээ ил тод зарлав. Энэ бүхэн рубль цаас болох замдаа шулуудсаныг батлан харуулж байна. Гэхдээ Оросын рублийн ханш унаснаар Путины дэглэмд учрах хамгийн том аюул нь фронтод очсон гэрээт цэргийн цалин цаас болох явдал юм.

Дэлхийн I дайнд яг ийм үйл явдал болж хөлсний цэргүүд цаас болсон мөнгөө нөхөж авахаар фронтын шугамаа орхин нийслэлд ирцгээж, улмаар хувьсгал дэгдэж, хаантан суудлаасаа бууж, улс нь задарсан. Одоо Орост яг энэ явдал давтагдах гэж байна.

Мэдээжийн хэрэг үнэн мөн чанарыг нь гуйвуулсан ч, цалин нь цаас болсон гэрээт цэргийг оросууд өөрийн уран зохиолдоо “Буутай хүн” гэж бичиж үлдээсэн байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *