Categories
гадаад мэдээ

Бундестагийн ээлжит бус сонгууль өндөрлөв DNN.mn

Өнгөрсөн ням гарагийн өглөөний 8:00 цагт Герман даяар Бундестагийн ээлжит бус сонгуулийн санал авах байрууд нээгдэж 18:00 цаг хүртэл ажиллав. Энэ сонгуульд 59.2 сая орчим Германы иргэн санал өгсний 24.9 сая буюу 42 хувь нь 60-аас дээш насныхан байжээ. Мөн 2.3 сая орчим сонгогч буюу 3.9 хувь нь холбооны сонгуульд анх удаа санал өгөх эрх авсан 18 насны залуучууд байв. Германы 200 мянга орчим иргэн гадаад улсад саналаа өгчээ. Германд болсон энэхүү ээлжит бус сонгуульд нийт 29 улс төрийн нам оролцсоноос 10 нь л холбооны бүх мужид нэр дэвшүүлсэн байна.

ХБНГУ-ын Холбооны сонгуулийн хорооны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээр Фридрих Мерц тэргүүтэй консерватив үзэл бүхий Христийн ардчилсан холбоо нам Бундестагийн ээлжит бус сонгуульд 28.5 хувийн санал буюу 208 суудал авч ялалт байгуулав. Удаагаар нь “Германы төлөө альтернатив нам 20,8 хувь буюу 151 суудал, гуравт Германы Социал демократ нам 16.4 хувь буюу 121 суудал, дөрөвдүгээрт Ногоон намуудын нэгдэл 11,6 хувь буюу 85 суудал, тавдугаарт Зүүний нам 8,8 хувь буюу 64 суудал авчээ. Харин Германы Либерал чөлөөт ардчилсан нам 4,3 хувийн, зүүний үзэлтэй популист Сахара Вагенкнехтийн холбоо нам бүр 4,972 хувийн санал авсан ч таван хувийн босго давж Бундестагт орж чадсангүй. Ийнхүү Германы Христийн Ардчилсан Холбоо намын удирдагч Фридрих Мерц ХБНГУ-ын канцлер болох нь тодорхой болов. Иймээс Фридрих Мерц “Энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний Улаан өндөгний баяраар Германы шинэ засгийн газрыг байгуулна” гэж амалж, харин хэт барууны үзэлтэй “Германы төлөө альтернатив намтай хамтрахгүй” гэдгээ мэдэгдэв.

Иоахим-Фридрих Мартин Иозеф Мерц 1955 оны 11-р сарын 11-нд ХБНГУ-ын Брилон хотод төрсөн. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 31-нээс Германы Ардчилсан Христиан холбоо намын удирдагч болсон. Фридрих Мерц Армийн өөрөө явагч артиллерийн ангид цэргийн алба хаасан. Боннын их сургуульд аавтайгаа адил хуулийн чиглэлээр суралцаж, шүүгч, өмгөөлөгчөөр ажиллажээ. Фридрих Мерц 1989-1994 онд Европын парламентын гишүүн, харин 1994 онд Германы Бундестагийн гишүүнээр сонгогдож, санхүү, эдийн засгийн салбарт өөрчлөлт хийх хууль санаачилж хурдан хугацаанд нэр хүндтэй болсон байна. Мөн 2000 онд санхүүгийн дуулианы улмаас огцорсон В.Шойблегийн дараа санал хураалтаар намынхаа нэг гол фракцийн даргаар сонгогдсон аж. Нам нь 2002 онд парламентын сонгуульд ялагдсаны дараа Ф.Мерц фракцын тэргүүнээсээ огцорч, түүний оронд Ангела Меркель уг фракцийн дарга болсон. 2004 онд А.Меркель түүнийг фракцын дэд даргын албан тушаалаас нь огцруулж, дараа нь Мерцийн санаачилсан татварын шинэчлэлийг зогсоож байсан юм. Тэрээр хариуд нь Ангела Меркелийн санаачилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг шүүмжилж, бүх Европын төсвийн бодлого, хөдөлмөрийн нийтлэг зах зээлийг дэмжиж байв. Меркель, Мерц хоёрын хоорондох зөрчилдөөн нь үзэл суртлын шинжтэй байсан бөгөөд А.Меркель намаа улс төрийн зүүний чиглэл рүү шилжүүлэхийг хүсч байсан бол Мерц консерватив чиг баримжаагаа хадгалахыг хичээж байсан юм. Ф.Мерц 2007 онд дараагийн парламентын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж Улс төрөөс гарч олон том компаниудад хуулийн зөвлөхөөр ажиллах болжээ. Харин 2018 онд Ангела Меркель Германы Христийн ардчилсан холбооны намын даргын сонгуульд оролцохоос татгалзсаны дараа намын даргад нэрээ дэвшүүлж 2018 болон 2021 оны нэгдүгээр сард ялагдсан байна. Харин 2021 оны есдүгээр сарын парламентын сонгуульд нам нь том ялагдал хүлээсний дараа намын даргын сонгууль 2021 оны 12 сард болж Ф.Мерц намын гишүүдийн 62,1% саналаар эхний тойргоос шууд намын даргаар сонгогджээ. Фридрих Мерц Украинд үзүүлэх цэргийн тусламжийг өргөжүүлэх талд бат зогсож, ялангуяа Канцлер Олаф Шольцыг Германы “Таурас” алсын тусгалтай далавчит пуужинг Украйнд өгөхөөс татгалзсан гэж шүүмжилж байсан билээ. Түүний эхнэр Шарлот Мерц, тэд гурван хүүхэдтэй. Мерц улс төрийг орхисон үедээ хувийн бизнесээ цэцэглэн хөгжүүлж чадсан юм. 2005-2021 онд Мерц олон улсын томоохон хуулийн фирмд ажиллаж, ТУЗ болон хяналтын зөвлөлд удирдах албан тушаал хашиж байжээ. Тэрээр 2016-2020 онд дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын Black­rock компанийн Герман дахь салбарын Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж мульт саятан буюу тэрбум орчим еврогийн хөрөнгөтэй нэгэн болсон. Германы шинэ канцлер Мерц нь консерватив үзэлтэй либерал-эдийн засгийн жигүүрийн төлөөлөгч гэдгээрээ алдартай. Өнөөдөр Германы эдийн засаг хүнд байдалд байгаа бөгөөд Мерц Шольцын засгийн газрын явуулж буй эдийн засгийн бодлогыг байнга шүүмжилж, тэднийг эдийн засгийн энэхүү доройтолд буруутгаж ирсэн. Иймээс нийгмийн халамжийг танаж, төрийн албан хаагчдын орон тоог цөөлөхийг уриалж ирсэн байдаг. Тэрээр мөн татварыг бууруулж, төсвийн орлогыг бууруулахыг дэмждэгч харин засгийн газрын татаасыг бууруулахыг эсэргүүцдэггүй нэгэн юм. Фридрих Мерц гадаад бодлогын хувьд Мюнхений Аюулгүй байдлын бага хурлын үеэр “Герман улс Европын Холбоонд илүү их манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой” гэж тунхаглаж “Украиныг бүх талаар дэмжиж, энэ улсыг НАТО-д элсэхийг дэмжинэ” гэж мэдэгдэж байсан билээ. Иймээс Фридрих Мерцийн нам Германы ээлжит бус сонгуульд ялж, түүнийг канцлер болж байгаад Украин, Европын Холбоо төдийгүй Их Британи, Швейцари, Япон, Өмнөд Солонгос бүр АНУ хүртэл баярлаж, сэтгэл хангалуун байгаа нь тодорхой байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн сүлжээнд “Германы ард түмэн АНУ-ын нэгэн адил, ялангуяа эрчим хүч, цагаачлалын асуудлаар олон жилийн турш ноёрхож ирсэн утгагүй бодлогоос залхсан гэдэг нь тодорхой болов” гэж бичжээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *