Израилийн арми “Бид сүүлийн гурав хоногт Сирийн стратегийн зэвсгийн нөөцийн ихэнх хэсгийг устгасан” гэж мэдэгдэв. Израилийн флот л гэхэд Сирийн тэнгисийн цэргийн хоёр объект руу цохилт өгч, 15 хөлөг онгоцыг нь устгасан байна. Израилийн арми сүүлийн 48 цагийн дотор Сирийн зенитийн батерей, нисэх онгоцны буудал, зэвсгийн үйлдвэр, зэвсгийн агуулах, цэргийн байгууламж, харвах төхөөрөмж, агаараас хамгаалах системийн байрлалд 480 удаа агаарын цохилт өгчээ. Тэд үүнийгээ “Сирийн зэвсгийн нөөцийг устгасан нь террорист элементүүдийн гарт орохоос сэргийлсэн явдал” гэж мэдэгдэв.
Франс Пресс агентлагийн сурвалжлагчид мягмар гаригийн өглөө Дамаск хотод хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдож байсан гээд, өөрсдийн авсан гэрэл зургуудад Сирийн нийслэлийн төвөөс утаан багана гарч байгааг харуулжээ. Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн ажиглалтын төв (SOHR) “Израилийн цохилтод нисэх онгоцны буудал, агаарын эскадриль, радар, дохиоллын станц, зэвсэг, зэр зэвсгийн агуулах, судалгааны төв, нисэх буудал, агаарын тээврийн дэд бүтэц зэрэг Сирийн хамгийн чухал цэргийн байгууламжууд өртсөн бол тус улсын баруун хойд хэсэгт орших Латакиа боомт хотод хамгаалалтын систем, байлдааны хөлөг онгоцууд өртсөн. Өнгөрсөн ням гаригийн үүрээр эхэлсэн агаарын цохилт Сирийн бүх хэсгийг хамарсан” гэж мэдээлжээ. Ройтерс агентлаг “Израилийн нисэх онгоцууд Сирийн армийн хэдэн арван нисдэг тэрэг, онгоц байрладаг гурван томоохон агаарын баазад цохилт өгсөн” гэж мэдээлэв. Тус агентлаг “Сирийн зүүн хойд хэсэгт орших Камишли бааз, Хомс муж дахь Шиншар бааз, Дамаскаас баруун өмнө зүгт орших нисэх онгоцны буудал, зэвсгийн технологийн судалгааны төвүүдэд цохилт өгсөн гэж мэдээлжээ. Үүнээс гадна босогчид Дамаскийг эзлэн авах үеэр Израиль Сирийн нийслэлд байрлах цэргийн цогцолбор болон засгийн газрын судалгааны төвд гурван удаа агаараас цохилт өгсөн байна. Энэ төвийг Иран өмнө нь пуужин бүтээхэд ашиглаж байсан гэж Ройтерс агентлагийн сурвалжлагч мэдэгдэв.