Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Б.Бумцэндийн нэрэмжит Нэгдүгээр сургуулийг 1989 онд төгссөн 10 “А” ангийнхны хүүхэд насны дурсамжтай танилцлаа.
Урт хар гэзгээ хоёр салаа сүлжиж ямар нэгэн стиль донжгүй энгийн бор охид, брюкен хар өмдөө тоос болсон ч гөвөөд л өмсчихдөг хөрслөг хөвгүүдтэй ангийнхан нийт 41 хүүхэдтэй байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн тоо нь адил суралцдаг байжээ. Гуравдугаар ангиас наймдугаар анги хүртэл орос хэлний Л.Сэржхорлоо багшаар хичээл заалгаж 10 дугаар ангидаа Д.Алтанцэцэг гэх залуухан багш 10 “А” ангийг дааж авч төгсгөж байжээ. Б.Гавалмаа, Б.Баярсүрэн, С.Должинсүрэн, Д.Ганболд, Ч.Должинсүрэн, Ц.Эрдэнэбаатар, А.Саруулчимэг, Ч.Ичинхорлоо, Г.Эрдэнэчлуун, Ч.Оюунгэрэл, И.Амгалан гээд олон манлайлагч сурагчтай анги юм. Сургуулийнхаа урлаг, спортын шилдэг анги байсан тэдний хувьд хөгтэй, хөгжилтэй дурсамжаар дүүрэн.
Гэнэн томоогүй үеийн анхны хайрын түүхээс гэр бүлийн бат бэх харилцаатай болсон эрхэм үерхэл ч байсан аж. Тус анги урлаг, спортын тэргүүний байгаад зогсохгүй аймагтаа толгой цохидог байсан ажээ. Тэр үеийн сургуулийн ардын дуу бүжгийн “Мөнгөн хонх” чуулганы ихэнх шагналыг авчихдаг байсан гэнэ.
Хүүхэд насны баяр баясал, амжилт бүтээл, хөгтэй дурсамжийн тухай ангийн охин Л.Уянга хуучиллаа. “Наймдугаар ангийн урлагийн үзлэгээр ангид шилжиж ирсэн охин гоцлол бүжиг бүжиглэхээр болоод бүжиглэтэл арагшаа гэдийдэг хэсэг дээр толгойгоо даахгүй савж унаад дараагийнхаа номерыг үзүүлж чадахгүй үлдэж байсан. Тэр охин маань одоо хүний их эмчээр ажилладаг. Тэр үед манай анги байр эзэлсэн л дээ. Энэ тухайгаа төгсөхдөө, төгссөний дараа, одоо ч бид ярьж элгээ хөштөл инээлддэг.Нэг тийм гэгээхэн, цагаахан байж. Нэг нэгэндээ хар буруу санана гэж үгүй. Мөн долдугаар ангид байхдаа намрын ургац хураалтын ажилд их явдаг байж билээ. Тэр үед эрүүл мэндийн хичээл бага ордог байсан үе. Хүний биеийн анатоми гэдэг хичээл л ордог. Намрын ургац хураалтад явж байхад манай ангийн банди нэг охиныг үнсээд нөгөө охин маань өдөржингөө уйлаад юу болсон гэдгээ хэлэхгүй явж билээ. Ангийн багш яагаад энэ хүүхэд уйлаад байгаа юм бол хэмээн нэлээд санаа нь зовсон янзтай хажууд нь хамт явж байсан охиноос “яагаад уйлаад байгаа юм бэ” гэж асуусан чинь манай ангийн банди үнссэн юм аа гэхийн хажуугаар үнсүүлсэн охин маань “тэгэлгүй яадаг юм, одоо би жирэмсэн болно” гээд л уйлаад байж билээ. Сайхан дурсамж шүү” хэмээн инээмсэглэлээ.
Инээд баяр хөөрөөр дүүрэн тэдний ангийнхан төгсөлтийн 20 жилийн уулзалтаас хойш байнга уулздаг болсон байна. Тэд нэг уулзалдахаараа бие биенийхээ зовлон жаргалыг хуваалцаад, юу болохгүй, ямар зүйлийг хамтдаа хийж бүтээх талаар ярилцаад явдаг гэнэ. 10 “А” гэх ангиас хоёр хос төрсөн бөгөөд нэг хос нь Сэлэнгэ аймагтаа сайхан амьдарч байгаа аж. Тэднийдээ бөөндөө цуглаж, ярилцаж суудаг сэтгэл нэгт ангийнхан. Тав таван жилийн зайтай уулзалддаг. Дараагийн таван жилийн уулзалтаараа илүү том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа гэв.
Бид үргэлж хүүхдэд болон нийгмийн эмзэг бүлгийнхэнтэй ойр байхыг зорьдог. Сэлэнгэ аймгийн Гуравдугаар сургуулийн 50 жилийн ой 2019 оны есдүгээр сард болж хүүхдийн уншлагын танхимд бид хоёр сая төгрөгийг цуглуулан ном хандивласан бөгөөд багийн Засаг дарга нартай зөвлөлдсөний үндсэн дээр нийгмийн эмзэг бүлгийнхэн буюу өрхийн амьжиргаа доогуур хүмүүст зориулж чихэр жимс, хэрэгцээний хүнс зэргийг цуглуулж тусалсан. Зах зээлийн шуурга, картын бараанд оочерлож, ардчилал дөнгөж эхэлж байх үеийн эдгээр залуучууд дээд боловсрол эзэмшиж салбар бүрт өөр өөрийн байр суурийг эзэлж явна.
“Отгон тэнгэр дээд сургуулийн багшаар Ч.Ичинхорлоо, саяхан УИХ-д бие даан нэр дэвшсэн ШУТИС-ийн уул уурхайн инженерийн багш Л.Орхон гэх мэтчилэн хувийн бизнес эрхэлж байгаа, гадаадад болон боловсролын салбарт, үүрэн телефоны захирал, банк санхүү гээд бүгд л амжилттай явж байгаа хэмээн сэтгэл дүүрэн бахдан ярив. Сэтгэл догдлон уулзах тэдний нөхөрлөл одоог хүртэл бат бөх яваа нь алиа багын хөгтэй дурсамжийг бүтээлцсэндээ юм болов уу гэлтэй.