Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Түвшинтөгс: Инфляцийг тогтвортой байлгах нь иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөтэй DNN.mn

Эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Ам.долларын ханш 3470 руу оржээ. Сүүлийн нэг сарын хугацаанд тогтмол буулаа. Үүнээс хурдан доошлох боломж бий юу?

-Гадаад валютын ханш экспортын орлогоос ихээхэн хамааралтай. Экспортын орлого өсөх тусам гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэнэ. Ингэснээр ам.доллар суларч төгрөг чангарна гэсэн үг. Энэ оны эхний гурван сарын байдлаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс экспорт бараг хоёр дахин өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 800 орчим сая ам.доллар байгаа нь энэ хэмжээний ам.доллар эдийн засагт нийлүүлэгдэж байна гэсэн үг. Үүнд, оффтэйк гэрээгээр аль хэдийнэ зарагдсан нүүрсээр засварласан ч багагүй ам.доллар эхний сард орж иржээ. Гадаад валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн ханш чангарахад нөлөөлсөн. Өөр нэг хүчин зүйл гэвэл төгрөгийн нийлүүлэлт. Одоогийн байдлаар төгрөгийн нийлүүлэлт тогтвортой, бодлогын хүү 13 хувьтай байгаа. Бодлогын хүү инфляциас өндөр байна гэдэг нь мөнгөний хатуу бодлого үргэлжилж буйг илэрхийлж байгаа. Мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын байдлаар 11, зээлийн өсөлт долоо орчим хувьтай байгаа нь өндөр үзүүлэлтүүд биш. Төгрөг зэх зээлд ийнхүү хязгаарлагдмал байдлаар нийлүүлэгдэж байгаа нь ханшийг чангаруулна гэсэн үг.

-Доллар огцом суларч, төгрөг чангарснаар эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Энэ төгрөгийн чангаралтыг огцом чангаралт гэж үзэхэд учир дутагдалтай.

Учир нь 1.5 орчим хувийн хэлбэлзэл гарах нь ховор тохиолддог үйл явдал бас биш. Гадаад валютын ханш суларч төгрөгийн ханш чангарах нь импортын бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тогтворжуулахад чухал үүрэгтэй. Манай улсын хувьд өргөн хэрэглээний барааны сагсанд импортын бүтээгдэхүүн 40 гаруй хувийг эзэлдэг учраас энэ нь хүн амын амьжиргаанд эерэг нөлөөтэй гэсэн үг. Манай улс өөрөө үйлдвэрлэгч орон бас биш учраас ялангуяа хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэгцээгээ импортоор хангадаг. Тийм учраас төгрөгийн ханш сулрах нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэсэн үг. Энд нэг зүйлийг анхаарахад төгрөг ийм хэмжээгээр чангарах нь бараа бүтээгдэхүүний үнийг шууд бууруулчихгүй. Янз бүрийн шалтгаанаас болоод үнийн өсөлт гарахдаа амархан. Харин тэр болгон буурдаггүй. Төгрөгийн ханшийн үргэлжилсэн чангаралт экспортлогчдын ашгийг бууруулдаг учраас эдийн засагт сөрөг нөлөөтэй байх талтай.

-Эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд яг хэзээнээс мэдрэгдэж эхлэх вэ?

-Сүүлийн жилд инфляцийн түвшин өндөр байсантай холбоотойгоор иргэдийн амьжиргаа буурсан. Бидний тооцоогоор улсын хэмжээнд инфляци 12 хувьтай байхад бага орлоготой иргэд 18 хувийн инфляцитай тулж байна. Энэ бол маш өндөр инфляци. Бага орлоготой иргэдийн бодит амьжиргаанд инфляци хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг. Учир нь бага орлоготой иргэдийн хэрэглээний сагсанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ өндөр хувийг эзэлдэг. Тийм ч учраас инфляцийг нам дор түвшинд тогтвортой байлгах нь иргэдийн амьжиргааг богино хугацаанд тогтворжуулахад гол үүрэгтэй. Цаашилбал, дунд болон урт хугацаандаа уул уурхайн салбараас орж буй орлогыг иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөлдөг байх тогтолцоог бий болгох ёстой.

-Хагас жилийн байдлаар төсөвлөсөн төсвөөс 500 тэрбум төгрөг илүү гарахаар байгаа тухай Ерөнхий сайд хэлж байсан. Цаашид эдийн засаг өсөлттэй байвал оны төгсгөлд нэг их наяд төгрөгөөр давуулан биелүүлэх боломжтой гэсэн. Энэ мөнгийг эдийн засгийг тэлэхэд зориулж яаж ашиглах ёстой вэ?

-Засгийн газрын зарлагыг өсгөх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих тохиолдол байдаг ч энэхүү бодлого нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бас бий болгодог гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Цалинг хавтгайруулан өсгөх тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихдөг. Энэ тохиолдолд бодит худалдан авалт өсөхгүй, харин ч буурч магадгүй юм. Үр дүнд нь илүү өндөр инфляцитай нүүр тулна. Иймэрхүү байдлаар үнийн өсөлтийг өдөөвөл бага орлоготой иргэд илүү их хохирч үлддэгийг бид харж байна.

Нөгөө талаас, Монголбанк инфляцийг зургаан хувьд авчрах зорилго тавьсан ч одоогоор 12 хувьтай байна. Инфляцийн дарамт өндөр үед мөнгөний бодлогыг улам хатууруулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэснээр зээлийн болоод хадгаламжийн хүү өндөр болно. Зээлийн хүү өндөр байх тусам бодит эдийн засаг тэлэх боломж хумигдана. Тийм ч учраас цалингийн өсөлтийг зөвхөн тухайн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй нь уялдуулах ёстой гэж үздэг.

-Сүүлийн үед нүүрсний экспорт нэмэгдсэн эерэг мэдээлэл бий. Биржээр нүүрсээ арилжаалж эхэлснээр далд эдийн засгийг ил болгоход үр дүнгээ өгөх үү?

-Нэг цонхны бодлогыг олон жил хэлэлцсэн, судалсан. Биржээр арилжаалах суваг нээгдэж байгаа нь ил тод байдлыг дэмжих гол алхам болсон. Одоогийн байдлаар энэхүү сувгаар 1.1 орчим сая тонн нүүрс арилжаалсан нь эхлэлийн шатандаа явааг харуулж байна. Нэг цонхны бодлогын хамгийн том давуу тал нь экспортын хамгийн чухал энэ бүтээгдэхүүний борлуулалтад нээлттэй байдлаар хяналт тавих боломжийг олгож байгаа. Өмнө нь ийм төрлийн хяналт хийх боломжгүй байсан. Гэхдээ уг үйл явц эхлэл төдийгүй үргэлжлүүлээд холбогдох дэд бүтэц, логистикийг сайжруулж нэг цонхны бодлогыг тууштай, гүйцэд хэрэгжүүлэх шаардлагатай. Зөвхөн нүүрсээр хязгаарлагдахгүй төмрийн хүдрийн болоод зэсийн баяжмалын арилжааг цахимаар хийж, ил тод, нээлттэй хяналтад оруулах ёстой. Биржийн арилжаа цаашид амжилттай болох эсэх нь төмөр замын гарцаас ихээхэн хамаарна.

-Ингэхэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эдийн засагт ямар үр дүн авчрах вэ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, “5 ш” ажиллагаа гэх мэт төрийн том хулгайтай тэмцэж байгаа ажлуудын үр өгөөжийн талаар эдийн засагчийн хувьд ямар хүлээлттэй байна вэ?

-Зөвхөн эдийн засгийн талаас нь үзэхэд хууль, дүрэм журам, гэрээний хэрэгжилт сайн тохиолдолд эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлдгийг байгалийн баялгаа зөвөөр ашиглаж чадсан орнуудын жишээ бэлхэн харуулдаг. Бидний сайн мэдэх Чили, Норвеги, Канад, Австрали болоод бусад улсын жишээ үүнийг харуулсан. Түүгээр ч үл барам эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхэд бас эерэг нөлөөтэй гэдэг нь харагдсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бусад салбарууд идэвхжих, тэлэх боломжтой болдог. Ил тод байдал, шударга ёс, хууль, дүрэм, журам, гэрээний хэрэгжилт сайжрах нь иргэдэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийн суурь нь юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *