Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Хонгорзул: Н.Өнөрцэцэгийг Хөгжлийн банкны хэргээр хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж айдаст автуулж байна DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч Б.Хонгорзул хорих 461 дүгээр ангийн гадна өнөөдөр мэдээлэл өглөө.

Өмгөөлөгч Б.Хонгорзул “Дөнгөж сая уулзчихаад гарч ирлээ. Миний үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр цагдан хоригдоод 10 хонож байна. Өлсгөлөн зарлаад 72 цаг болж байгаа. Биеийн байдал нь маш муу. Дуу гарахгүй, гар хөл нь чичирсэн, царай нь цонхийсон байдалтай байна. Мөн даралт нь унаж байна гэсэн.

Өлсгөлөн гэдэг 3-6 хоногт юм идэж уухгүй бол биеийн байдал хүндэрч үхэлд хүргэх эрсдэлтэй. Өмгөөлөгчдийн хувьд аль болох өлсгөлөн зарлуулахгүй байх талаас нь зөвлөж, анхааруулж хэлж буй хэдий ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өлсгөлөн зарлаж байгаа. Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх зэрэг заалтуудыг хорих ангийн нөхцөл байдал зөрчиж байна.

Түүний хорих ангид байгаа нөхцөл байдлын талаар ярих нь зүйтэй.

  1. Унтаж амарч чадахгүй байгаа. Шөнө нүүрэн дээр нь тод цагаан өнгийн гэрэл тусгадаг гэж үйлчлүүлэгч хэлсэн.
  2. Хөгжлийн Банкны хоригдсон этгээдүүдтэй хоол идэхээр, коридороор явахад нь байнга тааралдуулж, айдаст автуулж байгаа. Н.Өнөрцэцэг тэр хүмүүсийн нүд рүү ч харж чадахгүй байна гэж хэлсэн.
  3. Хоол тэжээлийн стандарт хангаагүй. Арилгаагүй гэдэс цувдайгаар хангаж байна. 10 хоног хоригдохдоо бараг хоол идээгүй байдалтай байна.
  4. Эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байнгын байлгаж байна.

Энэ мэт нөхцөл байдал нь эрүү шүүлтийн нэг хэлбэр мөн гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Түүний хувьд бүх зүйлс давхцаад муу бодол хүртэл төрүүлж байна гэж ярьсан” гэж хэлэв.

Түүнчлэн “Манай үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгт холбогдуулаад Эрүүгийн хуулийн 13.11-т заасан худал мэдээлэл тараах таван үйлдэлд таван хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч болсон хэрэгт хилийн хориг тавиулах арга хэмжээ авхуулсан. Үлдсэн дөрвөн хэрэг дээр яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй учраас яллагдагч болоогүй. Гэтэл тухайн дөрвөн хэрэгт тогтоолтой танилцаагүй байхад нь танилцсан нэг хэрэгтэй нь нэгтгээд яллагдагчаар татах тогтоолыг өөрчилж, цагдан хорьсон. Үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн хувьд яллагдагч болоогүй байна. Цагдаагийн алба хаагч сүүлийн орныг нь буруу хийгээд 21 удаа залгаад байсан баримт бий. Цагдан хорих таслан сэргийлэх үндэслэл байхгүй.

Өнгөрсөн Баасан гарагт үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл бусад хязгаарлалтуудыг авах бүрэн боломжтой. Өмнөх хурлаар өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нэмж хэлэхэд Н.Өнөрцэцэгийн холбогдсон гэмт хэрэг бол ангиллын хувьд хөнгөн хэрэг. Нийгмийн хор аюулын хувьд маш бага тул заавал цагдан хорих шаардлагагүй. Н.Өнөрцэцэгийг эрүүдэн шүүх, залхаан цээрлүүлэх хэлбэр явж байна” гэлээ.

One reply on “Б.Хонгорзул: Н.Өнөрцэцэгийг Хөгжлийн банкны хэргээр хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж айдаст автуулж байна DNN.mn”

МСНЭ жирийн үед сэтгүүлчидийн мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд дуугарч алдаа зөрчлийг нь тухай бүр засаж нийгмээ цэвэршүүлэх үүргээ биелүүлээд явах нь зүйтэй. Бусад үед таг дуугүй, ажлаа зохих түвшинд хийгээгүй байж зөвхөн хэт нэг талыг барьсан кейс дээр дуугардаг явдал нь МСНЭ-ийг мэргэжлийн бус харагдуулдаг шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *