Банкны тухай хуульд ямар өөрчлөлт орж буй талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодрууллаа.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг баталлаа. Уг хуульд орсон гол өөрчлөлт юу вэ?
-УИХ банк санхүүгийн системийн үндсэн гол хоёр хууль болох Төв банк, Банкны тухай хуулийг өнөөдөр эцэслэн баталлаа. Өнгөрсөн долоо хоногт Төв банкны тухай хууль батлагдсан бол сая Банкны тухай хууль батлагдан гарч байна. Банкны тухай хуульд орсон хамгийн том гол агуулгын өөрчлөлт бол Төв банкнаас тавих хяналт, шалгалтыг илүү бие даасан, чанартай, чадамжтай болгож өгсөн явдал. Өмнө нь Төв банкны хяналт, шалгалтыг зөвхөн гүйцэтгэл дээр нь хийдэг байсан бол одоо урьдчилсан буюу эрсдэлд суурилсан байхаар хуульчилж байна. Ингэснээр аливаа банкинд ямар нэгэн эрсдэл учрахаас нь өмнө Төв банк илрүүлж, түүнийг нь таслан зогсоох, цаашлаад хувьцаа эзэмшигч болон татвар төлөгчдийн хөрөнгөд эрсдэл учруулахгүй байх зохицуулалтыг хийх чадамжтай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банк дампуурах, иргэдэд учрах эрсдэл, улмаар татвар төлөгчдийн мөнгө рүү ч орох эрсдлийг урьдчилан хаахаар болж байна гэж ойлгож болно.
-Банкууд охин компани байгуулахыг хориглосон заалт орсон. Хуучин байгуулсан охин компаниудаа одоо хэрхэх вэ?
-Хараат болон охин компанитай холбоотой хуулийн энэ зохицуулалт хуульд 2010 онд өмнө нь орж ирж байсан. 2009 оны дэлхийн зах зээлийн хямралтай холбоотойгоор санхүүгийн зах зээлд банкуудыг дэмжих зорилгоор энэхүү заалт орж ирж байсан. Найман жилийн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Банк охин компани байгуулахыг хуулиар хязгаарлаж өгч байгаа юм. Одоо нэгэнт байгуулчихсан бизнесийн загваруудыг огцом эвдэх нь банкинд эрсдэлтэй.
Тиймээс нэг жилийн хугацаа өгч байгаа. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр банк охин компаниудыг тасалбар болгож хаана. Банкны байгуулдаг охин компанийг хязгаарлаж байгаа боловч банкны нэгдэл буюу дээд компаниасаа байгуулдаг банктай зэрэгцээ охин компаниудын санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрх нь бол нээлттэй.
-Зээлийн хүүнд хязгаар тогтоох тухай хуулийн заалт унасан талаар яригдаж эхэллээ. Энэ нь банкны эздийн лобби орсон юм биш үү гэсэн хардлага явж байна?
-Энэ удаагийн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр 150 гаруй өөрчлөлт нэмэлтээр орж ирж байгаа. Шууд утгаараа уг хуульд банкны хүүтэй холбоотой нэг ч заалт орж ирээгүй. Хууль санаачлагчдын санаачилгаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээгээр Банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны зээлийн үйл ажиллагааны тухай хуульд Монголбанк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн өгүүлбэртэй нэмэлт хууль оруулж ирсэн. УИХ-ын байнгын хороон дээрээс энэ хуулийг хууль санаачлагч нарт нь буцаасан. Үүнд нэмэлт тайлбар зайлшгүй хийх шаардлагатай байна. Ганцхан өгүүлбэр оруулж ирж төр ард түмнийг хуурч болохгүй. Зээлийн хүүг бууруулахыг бүх нийтээрээ хүсч байгаа. Ганцхан өгүүлбэр оруулж өгөөд ард түмний хүлээлтийг дарж аргалчих нь гэж ингэж хуурч болохгүй юм. Монголын төр зээлийн хүү өндөр байгаа оношоо зөв хараад зөв зүйлээ барьж ажиллах ёстой. Түүнээсээ халгаж хуульд ганцхан өгүүлбэр оруулж ирээд одоо зээлийн хүү буурчихлаа гэж хийрхэж болохгүй. Ганцхан өгүүлбэр хуульд оронгуут Монголбанк зээлийн хүүг бууруулчихаж ч чадахгүй. Зээлийн хүү өндөр байгаа нь өнгөрсөн 30 жилийн нийгмийн тусгал юм. Бид ийм өндөр өртөгтэй нийгмийг бий болгочихож. Тэгэхээр эдийн засгийн өртгийг сууриар нь буулгахын төлөө л ажиллах хэрэгтэй. Эхлээд хадгаламжаа бууруулах шаардлагатай. Ингэж байж дараа нь зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих хэрэгтэй.
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, гаргаснаар банк дампуурахгүй байх эрсдэл хэдэн хувиар буурах вэ?
-Өмнө нь аливаа банк татан буугдсан тохиолдолд банкинд байсан олон нийтийн мөнгөн хөрөнгийн ихэнх хувийг төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, хамаг л ачааг татвар төлөгчид үүрдэг байсан. Үүнийг аль болох багасгах, банкны эрсдлийн менежментийг нь сайжруулснаар банкийг дампуурахаас нь өмнө бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлэх, тогтвортой үйл ажиллагааг нь хангах зорилготой хууль юм. Энэ ч утгаараа суурь эрсдэл нь буурна, Ингэснээр зээлийн хүүгээ бууруулах боломж банкиудад бүрдэнэ. Шууд бус замаар зээлийн хүүг бууруулах таатай орчинг бий болгох эцсийн зорилго оршиж байгаа ч гэж хэлж болно. Банкны тухай хууль ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
-Банк хаалгаа барихад хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж, төлдөг байсан. Хууль батлагдсанаар банк хаалгаа барилаа гэхэд хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөхгүй байх боломжтой болно гэдгийг та дээр хэллээ. Тэгэхээр хохирол үүсэхэд хэн хариуцах вэ?
-Өмнө нь банкууд татан буугдахад уг банкинд хадгалагдаж байсан иргэдийн хадгаламжийн ихэнх хэсгийг төсвөөс буюу татвар төлөгчийн мөнгөнөөс төлж барагдуулдаг байсан. Тэрхүү доголдлыг аль болох багасгах, банкны эрсдлийн менежментийг сайжруулснаар дампуурлын өмнөх шатанд бүтцийн өөрчлөлт хийх замаар эрүүлжүүлэх, дунд болон урт хугацаанд банкны үйл ажиллагааг тогтворжуулахад хууль чиглэж байгаа юм. 2008-2009 оны үед хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төрөөс бүрэн хариуцахаар хуульчилж байсан. Тэр хуулийн үйлчлэл 2013 онд зогссон. Түүнээс хойш хадгаламжийн даатгалын тогтолцоотой болсон. Тэрхүү тогтолцооны дагуу хууль нь ч гарсан.
Одоо Хадгаламжийн даатгалын корпораци гэдэг нь банкны систем, хадгаламж эзэмшигчдийн гал хамгаалагч болоод байна. Хэрэв цаашид эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалж банкны үйл ажиллагаа хүндэрсэн тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпораци нийт ард иргэдийнхээ мөнгөн хадгаламжийг бүрэн хариуцаж байгаа учраас нөхөн төлөлтийг хийх бололцоотой. Үүнийг сайжруулах зорилгоор Засгийн газраас хууль өргөн барьсан байна билээ. Хуулиар банкны ТУЗ-д хяналт шаардлага тавьж, мэргэжлийн хүн байхыг шаардах ёстой. Түүнээс банкны хөрөнгө оруулагчдыг хянах шаардлагагүй. Учир нь хөрөнгө оруулагч өв залгамжлалын хуулиар нэг настай хүүхэд ч байж болдог.