Өглөө бүр нар манддагаараа манддаг. Гол нь хаана, хэзээ мандах нарыг харж байгаагаараа хүний сэтгэлд өөр өөрийн дурсамж үлдээдэг биз. Иймд өөрийн нэгэн дурсамж бүтээх гэж шинэ оны анхны нар харах зорилгоор “Жаргалант” уулчдын клубийннхэнтэй нэгдлээ. 31-ний орой гэр бүлээрээ шинэ оноо угтахаар зэхэж байтал нар харах алхалтын багийнхан утсаар залгаж байна. Бүгд гэр гэртээ оноо гаргачихаад төв талбайд шөнийн хоёр цагт цугларна шүү гэдгийг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж дуусахтай зэрэгцэн салют, шампанск буудуулж, шинэ оноо гэр бүлийнхээ хүрээнд баяр жаргалтайгаар угтан авлаа.
Монголчуудын хувьд эрт үеэс мөнх тэнгэр, нар, сараа шүтэн ирсэн уламжлалт зан заншилтай ард түмэн. Мандах нартай зэрэгцэн цай сүүнийхээ дээжийг өргөж, аж амьдрал, хувь заяагаа даатгадаг заншил одоо ч хэвээрээ. Нэг хэсэг нь нар харахыг энэ мэт ёс заншил, бэлгэшээл, хийморь, эрч хүчтэй холбон ойлгож байгаа бол нөгөө хэсэг нь цэвэр агаарт ууланд алхах, эрүүл аж төрөх дасгал хөдөлгөөн хэлбэрээр хүлээн авч байна. Яг энэ агуулгаар “Жаргалант” уулчдын клубийнхэн нийслэл хотын маань урд сүндэрлэх Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү алхахаар төв талбайд цугларлаа. Хоёрхон цагийн өмнө хөл гишгэх зайгүй хүмүүс хөгжилдөж, шинэ оноо угтан авсан төв талбайд оргилуун дарсны бөглөө, элдэв янзын хогийн уут энд тэндгүй. Түүнийг нь цэвэрлэж харагдах хоёр, гурван ТҮК-ийн ажилчид хогийн саваа чирэн алхана. Оргилуун дарсны хагарсан шилний хажууханд нь том ногоон хогийн сав байх. Энэ шилийг яагаад хогийн саванд хийчихгүй, энд хагалчихсан юм бол гэсэн бодол төрнө. Угтаа хогийн сав хаа сайгүй л тавьж. Гэвч хог нь сав дотроо гэхээс илүү гадуураа байх нь их аж. Нийслэлчүүд бидний ухамсар ийм сул болчихсон уу эсвэл хэт их баярласандаа хогоо саванд хийхээ мартчихав уу гэлтэй. Юутай ч хөл хөөр болсон төв талбай шөнийн хоёр цагт нам гүмхэн. Ийн орчноо дотроо дүгнэн бодох зуур алхалт хийх багийн гишүүд бүрдлээ.
Шинэ оны анхны нар харах багийн 13 гишүүн намайг нэмээд 14 болоод урагшаа хөдөллөө. Цэцээ Гүн өөд гарахын тулд Төв аймгийн Манзушраар явж байснаа саналаа. Тэр ам өөд өгсөөд алхах юм бодсон үгүй байж. Бид энэ удаад Их тэнгэрийн амаар өгсөөд Цэцээ гүн дээр гарна. Их тэнгэрийн амаас Цэцээ Гүн хүртэл 12.5 км. Хоёр талдаа нийлээд 25 км зам алхана гэсэн үг. Уулчдын хувьд 25 км-ийн алхалт гэдэг саахалтын зай юм. Харин надад туулж барахгүй тал шиг л сонсогдож байв. Ингээд бид Их тэнгэрийн аманд хүрч очоод алхалт хийх бэлтгэлээ базаалаа. Улмаар шөнийн гурван цагт алхалтаа эхлүүлэв.
Нар өглөөний найман цагт мандана гэж тооцлоо. Тэгэхээр бид дээшээ оройлцоогоор таван цаг алхана гэж үзлээ. Их тэнгэрийн ам өөд хэсэг модон дунд цуваагаар алхаж эхний нуруу дээр гарлаа. Цаашлаад Цэцээ гүн хүртэл нуруулдаж явсаар очно гэв. Алхаж явах зууртаа багийн гишүүдтэй ойр зуур яриа өрнүүлэв. Энэ уулчдын клубийнхэн долоо хоног бүрийн ням гаригт ууланд алхдаг гэнэ. Энэ алхалт нь бүр тогтмол болж. Өнгөрсөн онд “Жаргалант” уулчдын клуб амжилт дүүрэн өнгөрүүлсэн байна.
Дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестэд багаараа гарч Монгол Улсын уулын спортын түүхэнд том алдрыг үлдээжээ. Хэдий дэлхийн дээвэр ч гэлээ уул, уулын оргил адилхан гэдгийг уулчид хэлж байна. Учир нь уулын оргил өөд гарна гэдэг болгоомж алдвал нам, өндөр хамаагүй байдаг аж. Ямагт тогтсон стандартыг баримталж, тусгай зориулагдсан алхалт, мацалт, авиралтын техникээр оргилд хүрдэг байна. Монголчууд бид байгаль, дэлхийд ам гардаггүй нь энэ байх. Нийслэлчүүд бидний хувьд Богд уулын ноён оргил Цэцээ гүн гэж мэдэхээс яг зориод оргил дээр нь гарсан нь цөөхөн байдаг гэв. Бидэнтэй хамгийн ойр орших байгалийн тансаг орчин энд л байна гэлтэй. Алхаад явах олон жим гарсан ч арай илүү тод, зөв жимээрээ бид өөд өгслөө. Цас ихтэй, салхи багатай учир дулаахан, аниргүй өвлийн ой бидний алхалтын чимээнээр жавраа хөөх шиг. Энэ өдөр зөвхөн бид л нэгдэж алхалт хийж байгаа биш байж. Дөрөв, тавуулаа баг болоод алхаж байгаа хүмүүс их байв. Хамгийн олон хүнтэй баг нь 20 гаруй гишүүнтэйгээр оргил өөд өгсөж байхтай таарлаа. Бас уулчдын клуб гэнэ. Алхалт хийж буй багууд авиралтын явцад урд хойноо гарцгаагаад л. Зарим нь ойн чөлөөнд гал ноцоож, хоол цай болцгоон сууна. Зарим нь зураг хөргөө даруулан, хөгжилтэй гэгч дээшээ алхана. Нэг үеэ бодоход гэр бүл, найз нөхдөөрөө ууланд, байгальд алхах сонирхолтой хүмүүс олон болж. Хотын утаанаас нэг ч өдөр хол байх, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх сонирхол нийслэлчүүдэд их байна. Бид явсаар уужим тэнүүн нуруу дээр гарч ирлээ. Энэ бол Цэцээ гүний ар бэл. Уулын орой атлаа тал газар шиг өргөн юм. Нүцгэн орой дээр үүрийн таван цагийн төгсөл үед гарч ирсэн болохоор бага зэрэг салхитай, жавартай байлаа. Уулчдын хувьд зориулалтын хувцас, алхалтын арга техниктэй учир ийм жаварт тэр болгон шантраад байдаггүй нь тодорхой. Цааш явсаар Цэцээ гүн оргил харагдлаа. Оргил нь харагдсан ч очих газар нь хол, уужим байв. Нүдэн баримжаагаар явах замаа тооцвол багадаа л 4-6 км болов уу гэлтэй. Задгай оргил дээрээс Улаанбаатарын гэрэл утаан дундаас бүртэлзэх янзтай бүгээн харагдана. Яг энэ оргил дээр аварга том сэнс тавиад энэ бүгсэн утааг хийсгэчихвэл мөн ч сайхан даа гэх гэнэн бодол өөрийн эрхгүй төрнө. Цэвэр агаарт нэг өдөр ч гэсэн алхаж яваад уушги минь баярлах шиг. Утаан дундаа униартан харагдах Улаанбаатарт үр хүүхэд минь унтаж байгаа гэж бодохоор айдас хүрэх шиг. Ингэж бодож явсаар оргил ч дөхлөө, өглөөний гэгээ ч тодорлоо. Нар юу юугүй мандахаар зэхнэ. Энэ шөнө өөд алхсан олон багаас хамгийн түрүүнд бидний хэд оргил дээр хөл гишгэлээ. Араас цуван харагдах олон хүмүүсийн сүүлийг харвал өглөөний нарыг тэд энгэр бэлдээ тосон харах бололтой. Багийнхан оргил дээр гарч ирээд овоогоо тойрч, идээ будаагаа өргөлөө. Цэцээ гүн хайрхан эр савдагтай учир идээний дээж архи өргөх ёстой гэнэ. Уул, уулын савдаг ямар байхаас хамаарч өргөл барьц нь ийн өөр байдаг аж. Богд хааныхаа нэрээр нэрлэгдсэн дэлхийн хамгийн анхны дархан цаазат хайрхан Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн дээр ийн гарлаа. Одоо шинэ оны анхны нараа тосон харах л үлдлээ. Зүүн зүгт тэнгэрийн хаяа алтан шараар эмжигдэн туяарна. Суунагласан үүлсийн цаанаас шар туяа аажим аажмаар цагааран тодорсоор. Удалгүй ургах улаан нарны шаргал үзүүр цасан ширхэгийн гялбаантай сондорлон цухуйлаа. Нар мандах эгшигтэй зэрэгцэн Цэцээ гүн оргил дээр цугларсан хүмүүс уухайлан шинэ оны анхны алтан нарыг тосон харлаа. Уухай, уухай, уухай… Ёстой л олны энерги нь бүрдсэн үү, оны эхэн нар онцгой гоёор мандах шиг. Элч гэрэл нь дулаанаар нүүр төөнөж, гэрэл гэгээ, цацраг болгон нь биед шингэх шиг ер бусын мэдрэмж төрнө. Шинэ оны анхны нар шижир алт шиг тод, зөөлөн мандлаа. Мандах нарыг харсан болоод ч тэр үү, маргаашад огт санаа зовох хэрэггүй мэт. Магадгүй бүх зүйл сайхан болчих юм шиг санагдана.
Э.МӨНХТҮВШИН