Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2024.05.13/ хуралдсан. Тус хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.
Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11%-д хүргэх шийдвэр гаргасан байна.
Эдийн засаг, банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв эрсдэлийг харгалзан ийм шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэв.
Мөнгөний бодлогын хороо өнгөрөгч гуравдугаар сард хуралдахдаа бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувь болгож байсан билээ. Ийнхүү хоёр сарын дараа дахин нэг хувиар бууруулж байна.
Жилийн инфляц дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6.4%, Улаанбаатар хотод 6.1%-тай гарсан байна. Импортын бараа бүтээгдэхүүний инфляц саарах хандлага үргэлжилсний зэрэгцээ дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтворжсоноор инфляц буурчээ.