Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батбаатар: Эрх чөлөөний тухай хуулийг ирэх сонгуульд барьж орно DNN.mn

УИХ-ын гишүүн асан, ИЗНН-ын дарга Б.Батбаатартай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ИЗНН-ын X Их хурлаар таныг намын даргаар сонголоо. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Улсын дээд шүүх таныг ИЗНН-ын даргад бүртгэхээс татгалзсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай намын Үндэсний хурал 2023 оны зургадугаар сарын 5-нд хуралдсан. Энэ үеэр ИЗНН-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхуяг намын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ингэж хүсэлтээ гаргасан тохиолдолд Үндэсний хороо намын даргыг чөлөөлнө гэж дүрэмд тодорхой заасан байгаа. Оронд нь шинэ даргаа сонгох эрхтэй. Дээрх их хурлаар намын даргаар миний бие сонгогдсон. Ингээд Улсын дээд шүүхэд материалаа хүргүүлсэн. Ер нь Дээд шүүх бол аливаа улс төрийн намыг бүртгэгч байгууллага. Тэрнээс манай намын даргыг томилохгүй. Энгийндээ бид бичиг цаасаа хүргүүлэхэд Дээд шүүхээс ганц л тайлбар өгсөн. Өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдрийн уг албан бичигт “Танай нам Их хурлаа найман жил хуралдуулаагүй байна. Их хурлаа хуралдуулж, бүтцийн зохицуулалт хийхгүй бол бүрэн эрх нь эргэлзээтэй байдалд орж байна” гэсэн. Энэ дагуу манай намын Үндэсний хороо наймдугаар сарын 5-нд хуралдаж Их хурлынхаа товыг зарласан. Ингээд есдүгээр сарын 9-ний өдөр ИЗНН-ын X Их хурал боллоо. Энэ хурлаар миний бие намын даргаар сонгогдсон байгаа.

-Сая их хурлаараа намын дотоод бүтэц, зохион байгуулалтаа яаж хийв?

-Мэдээж их хурлаар намын бодлого зорилгоо, тодорхойлохоос гадна намын даргын сонгууль явагдсан. Хоёр хүн өрсөлдөж, нууц санал хураалтаар миний бие ИЗНН-ын даргаар сонгогдсон байгаа. Мөн намын Үндэсний хороогоо баталсан. Намын хяналтын зөвлөлийг дүрмийн дагуу есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар дотоод зохион байгуулалтаа шийдсэн.

-Одоо таныг ИЗНН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүх хүлээж авна биз дээ?

-Дээд шүүхийн шаардлагыг манайх бүрэн хангасан. Тийм болохоор одоо бүртгэх байлгүй дээ.

-Танай нам ирэх сонгуульд ямар бодлоготой оролцох вэ?

-ИЗНН цаашид ямар бодлого баримталж, ямар хөгжлийн бодлого зорьж тэмүүлэх вэ гэдгээ сая намын X их хурлаараа ярилцаж шийдсэн. Дэлхийд ногоон соёл иргэншлийг хэдэн мянган жил тасралтгүй тээж ирсэн орон Монголоос өөр байхгүй. Тэгэхээр энэ ногоон соёл иргэншлийн асуудлыг төрийн бодлого болгох ёстой. Манай улс масс үйлдвэрлэлтээр, инноваци, сансрын технологийн үйлдвэрлэлээр дэлхийн улс гүрнүүдтэй, тэр дундаа хоёр том хөрштэйгээ өрсөлдөх боломжгүй. Тээвэр, дэд бүтэц, ажиллах хүчин, эрчим хүч, үйлдвэрлэлийн орчин гээд энэ бүх зүйлээрээ дэлхийд өрсөлдөхөд үнэхээр амаргүй. Тиймээс ногоон соёл иргэншлийн санаачлагаар дэлхий дахинд гаръя. Ингэж чадвал Монгол Улс хөгжилд хүрэхэд нэлээд том түлхэц болох юм. ИЗНН ногоон хөгжилд хүрэх замыг хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Мөн эрх чөлөөний тухай асуудал байна. Өнөөдөр манай улсад хүний эрх, эрх чөлөө алдагдаад байгааг бүгд ярьж байна. Шударга ёс байхгүйгээс эрх чөлөө алдагдлаа. Иймд ИЗНН ирэх сонгуульд Эрх чөлөөний тухай хуулийг барьж орно. Эрх чөлөөний хууль тодорхой суурь бүлгүүдтэй байх юм. Нэгдүгээрт, санхүүгийн эрх чөлөөг хэрхэн бий болгох юм бэ. Шийдэл нь, Засгийн газар төрийн өмчит компани байгуулаад иргэдтэйгээ өрсөлддөг байж болохгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт ашгийн төлөөх нэг ширхэг ч бизнес байх ёсгүй гэдэг бодлогыг бид гаргаж ирсэн. Засгийн газар бол иргэдтэйгээ өрсөлддөггүй, иргэдээсээ булаадаггүй, харин иргэдээ дэмждэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хүмүүс харьцангуй ойлгож байгаа. Энэ эрх чөлөө Монголд маш төвөгтэй байдалд орчихсон. Гуравдугаарт, ногоон соёл иргэншил, ногоон амьдралын эрх чөлөө, хөрс, агаарын бохирдол гээд энэ бүх зүйл хүн, байгалийн хамтдаа амьдарч оршин тогтнох тэр эрх чөлөөнд сөргөөр нөлөөлж байна. Засгийн газар, төр иргэдээ хамгаалуулах, өмгөөлүүлэх, дэмжүүлэх эрх чөлөөг нь эдлүүлэх тэр зорилгоор ажилладаг болох ёстой. Дөрөвдүгээрт, дарангуйллын буюу чиг хандлагын, ялгаварлан гадуурхахын эсрэг ажиллах ёстой. Тавдугаарт, мэдээж ард түмэн амьдрах, боловсрох, хөдөлмөрлөх мэдэх эрхтэй байх ёстой. Тухайлбал, иргэдээ мэдэх эрхээр нь яаж хангах юм бэ гэдгийг тодорхой болгох нь зөв. Хамгийн чухал зүйл бол сонгох, сонгогдох, туурга тусгаар улсын иргэн байх эрх чөлөөний тухай асуудлыг бид намын их хурлаараа ярилцсан. Бид туурга тусгаар Монгол Улсын иргэд гээд ярьж байна. Гэтэл гурав, дөрвөн зуун мянган иргэд маань дэлхийн 70 орчим улсад ажиллаж, амьдарч байна. Энэ нь Монголын хүн амын өсөлтөд зайлшгүй нөлөөлнө. Том зургаараа Монголын баялаг бүтээгчдийн маш том орон зай Монголоос гараад явчихжээ. Өнөөдөр ч гэсэн ЭСЯ-уудад виз мэдүүлж байгаа монголчуудын оочер тасрахгүй байна. Ямар нэгэн аргаар тухайн улсад ажиллах, сурах, аялах хэлбэрээр виз аваад гадаадад очиж амьдрах иргэдийн тоо улам нэмэгдэж байна. Эрх чөлөө, ногоон соёл иргэншлээс гадна эдийн засгийн загваруудыг өөрчлөх ёстой.

-Манай улсад эдийн засгийн ямар загвар тохиромжтой юм бэ?

-ДНБ-ийг өсгөх тухай зорилт тавиад байгаа. Сүүлийн 70 жилийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад ДНБ өсөөд байдаг. Бодит амьдрал дээр иргэд нь ямар байна вэ. Хүртээмжтэй, хүрэлцээтэй байх дугуй буюу тойргийн эдийн засгийн асуудлыг гаргаж тавих цаг нь болсон. Урьд нь явж ирсэн хандлагаар нийгмийн амьдралын түвшин хоёр хуваагдчихсан. Хэт ядуу эсвэл хэт баян байна. Үүнээс болж дундаж давхарга байхгүй болдог. Тэгэхээр ИЗНН-ын тавьж байгаа бас нэг гол зорилт бол дундаж давхаргыг бий болгох юм. Манай нам ДНБ-ий хэмжээг өсгөхөөс илүү бүх иргэдэд хүртээмжтэй, хүрэлцээтэй байх тэр эдийн засгийн загварыг боловсруулан бодлогоо болгож сонгуульд орно. Дээр нь жендер, залуусын асуудлыг ч гэсэн нэлээд ярьж байгаа. ИЗНН-ын X их хурлаар тунхаг бичиг гаргасан байгаа. Удахгүй олон нийтэд хүргэх болно.

-ҮХӨ, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг шинэ батлагдсан хуулиуд ирэх сонгуульд эрх баригч намаас бусад намуудад ямар боломж олгож байна вэ?

-Үндсэн хуулинд бид засвар оруулах замаар биш, тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гээд хүн болгон яриад байна. Тогтолцооны өөрчлөлтийн хувьд бид арай өөр чиг хандлагатай байгаа. Жишээлбэл, өнөөдөр тогтолцоог бүтээгчид тогтолцооны өөрчлөлтийг ярьж байгаа. Тогтолцооноос шимэгчлэн амьдрагсад энэ тухай ярьж байна гэсэн үг. Тэгэхээр тогтолцоонд далд, шимэгчлэн амьдрах орон зайгаа нэмэх гэсэн тийм өөрчлөлт хийхийг эрс эсэргүүцнэ. Тэгэхээр ИЗНН-ын хувьд тогтолцооны томоохон өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байгаа. Ний нуугүй хэлье л дээ. Монголын улс төрийн бүх намуудыг татан буулгах шаардлага ч үүсчихсэн байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн бүх намуудыг татан буулгахад хулгайч нь хулгайчтайгаа нийлж нам байгуулна. Харин эрүүл хэсэг нь хулгайчтай нийлж нам байгуулахгүй шүү дээ. ИЗНН бол Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 78 тойрогт, 78 нэр дэвшигч, жагсаалтаар 48 хүн нэр дэвшүүлэх байх. Ингэхдээ бид ард түмний тайз байх болно. Салбар, салбараа мэддэг хүлээн зөвшөөрөгдсөн тэр бүх хүмүүсийн төрийн эрх барих тайз нь ИЗНН байя. Одоо өнгөрсөн цаг хугацааны буюу 100, 30 жилийн дурсамж ярьдаг биш. Ирээдүйн 20, 30 жилийн дараахь цонхны цаанаас модон чихэр долоолгодог биш. Өчигдөрт хүндэтгэлтэй өнөөдрийг бүтээе. Өнөөдөр зөв бүтсэн бол маргаашийн суурь болж чадна.

-Ирэх сонгуульд намууд 60-100 мянган хүнээс санал авч гарч ирнэ. Ийм боломж жижиг намуудад байгаа юм уу?

-Ер нь сонгогчид хэдэн хувьтай оролцохоос хамаарна. Мундаг боломж биш. Өөрсдөө үнэхээр намын хэмжээнд институцийн хэмжээнд ажиллаж чадах, чадахгүйгээс л шалтгаална байх. Түүнээс биш цүнхний юм уу, нэг хүний хувийн нам ажиллаад амжилт гаргах ямар ч боломжгүй. “Энэ бол бидний боломж юм байна. Дээр нь гишүүн болчих юм байна” гээд хараад эхлэх юм бол жижиг гэж хэлээд байгаа намуудад ямар ч амжилт гаргах боломжгүй. Бүгдээрээ нам болохын төлөө, олон түмний нам байхын төлөө ажиллах ёстой. Тэгэхээр сонгуулийн өмнө тодорхой хэмжээнд намуудын нэгдэл явагдана гэж харж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

One reply on “Б.Батбаатар: Эрх чөлөөний тухай хуулийг ирэх сонгуульд барьж орно DNN.mn”

ийм балай юм ярихын оронд эх орноосоо урвагчдыг, эх орноосоо хулгайлдаг, дээрэмддэг амьтдыг цаазалдаг болгох хууль гаргачих

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *