Categories
мэдээ цаг-үе

Б.Баасандорж: Ой тогтоолтын энгийн дасгал хийж, стресстэхгүй амьдарвал мартах өвчнөөс салж чадна

Б.Баасандорж өөрийн шавь “Супер тархи” буюу Э.Энхмөнхтэй хамт

Монголын оюун ухааны академийн багш дасгалжуулагч, Олон улсын мастер Баттулгын Баасандоржтой ярилцлаа.

-Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах урьдчилсан шатны шалгаруулалт болоод УАШТ ямар журмаар хэрхэн явагдаж байна вэ?

-Урьдчилсан шатны шалгаруулалтад 110 гаруй хүүхэд оролцож, оюун ухаанаараа өрсөлдсөн. Энэ удаагийн тэмцээнд Эрдэнэт, Дархан, Хөвсгөл, Зүүнхараа, Сэлэнгэ зэрэг хөдөө орон нутгаас шинэ залуу тамирчид зорин ирж оролцож байгаа нь ой тогтоолтын тэмцээн жилээс жилд илүү өргөн хүрээтэй болж байгааг илэрхийлж байна. Эцсийн шатны шалгаруулалтад нийт 56 тамирчинг шигшиж авах учиртай. Зохион байгуулагчдын зүгээс ямар тамирчдыг шигшээд үлдээх вэ гэдгийг нийлбэр дүн, оноогоор нь тогтоож авдаг. Улмаар энэ сарын 18,19-нд болох ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байна гэсэн үг.

-Монголын оюун ухааны академид хэзээнээс багш, дасгалжуулагчаар ажиллах болов?

-Монголын оюуны академи анх 2009 онд Монголын оюуны хөгжил, оюуны спорт төрийн бус байгууллага нэртэй байх үед би долоо дахь төгсөлтөд нь хамрагдаж байсан. Түүнээс хойш энэ спортоор хичээллэж эхэлсэн. Одоогоос таван жилийн өмнөөс ой тогтоолтын багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

-Энэ спортоор хичээллэж, багшлах хугацаанд гаргасан амжилтууд гэвэл?

-Миний хувьд олон улсын тэмцээнд оролцож байгаагүй л дээ. Гэвч миний хувийн амжилт бол шавь нарын минь амжилтаар илэрхийлэгдэх байх гэж боддог. Гэр бүлийн байдлаас болж, ямар нэгэн олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцох боломжгүй байсан. Тийм учраас Монголд оюуны спортыг хөгжүүлэх талаас нь түлхүү ажиллах болсон. Монголд анх өсвөр насны ангилал гарч ирээгүй байхад тамирчин бэлтгэж, тэмцээнд оролцуулж байлаа. Өдгөө манай өсвөрийн тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа нь миний бахархал юм.

-Багшийн эрдэм шавьд хэмээдэг. Таны гарын шавь нараас Олон улсын их мастер Э.Энхмөнхийг “Супер тархи” нэрээр нь олон түмэн мэднэ. Шавь нарынхаа тухайд яриач…

-Сүүлийн үед манай оюуны спортоор хичээллэдэг хүүхэд, залуучуудын амжилтыг зөвхөн Монголд биш дэлхийд гайхан бишрэх болсон. Энэхүү амжилтыг бүтээж буй тамирчдын төлөөлөл болох 2014 оны өсвөрийн дэлхийн аварга, 2016 оны “Super Brain” шоуны ялагч оюун ухааны академийн тамирчин, Олон улсын их мастер Эрдэнэбатхааны Энхмөнх миний хайртай шавь нарын нэг. Анх 2013 онд манай академид элсэн орж, миний шавь болсон түүхтэй. Эхлэн сурагч нар энэ спортоор анх хичээллэж эхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйлс их гарч ирдэг л дээ. Энэ их тоог яаж цээжлэх вэ, боломжгүй юм байна гэх зэргээр шантрах тохиолдол бий. Энэ бүхнийг өөрийн хичээл зүтгэл, авьяас билгээрээ давж чадвал амжилт чиний гарт шүү гэж шавь нартаа үргэлж захидаг. Э.Энхмөнхийн хувьд цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, энэ эрчээрээ зүтгэх юм бол олон сайхан амжилт гаргах бүрэн бололцоотой, манай улсын шилдэг тамирчдын нэг.

-Монголын оюуны спортын тамирчид дэлхийд толгой цохиж байна. Бусад орны тамирчидтай харьцуулбал ямар давуу тал ажиглагдаж байна вэ?

-Монголын оюуны спортын академийн тамирчид 2011 оноос хойш багаараа тэмцээн уралдаануудад оролцож ирсэн түүхтэй. Өдгөө 42 удаагийн олон улсын чанартай дэлхийн аварга, оюуны олимп гэсэн томоохон тэмцээнүүдэд оролцож байсан. Үүнээс нийт 677 медалийг эх орондоо бахархалтайгаар авчиржээ. Тэр дундаа Монголын өсвөрийн тамирчид 2013 оноос хойш дэлхийн аваргын тэмцээнд тасралтгүй түрүүлсээр байгаа нь монгол хүний оюун ухаан ямар гайхамшигтай болохыг харуулж байгаа хэрэг юм. Дэлхийд ой тогтоолтоороо тэргүүлдэг Герман, Швед, Англи, Япон улсын тамирчид энэхүү спортоор тасралтгүй 10-аас дээш жил хичээллэдэг. Бүр өөрийнхөө мэргэжил болгож чаддаг л даа. Мөн улсаас нь хангамж сайтай байдаг. Гэтэл манай улсын тамирчид чөлөөт цагаараа энэхүү спортоор хичээллэж байна. Тэглээ гээд гадаадын алдартай тамирчдын арав гаруй жил хичээллэж байж эзэмшсэн ур чадварыг нэгээс хоёр жилийн дотор л эзэмшдэг. Хамгийн ойрын жишээ гэвэл саяхан Солонгос улсад болсон ой тогтоолтын олон улсын тэмцээнд манай тамирчид багаараа тэргүүн байр эзэллээ. Мөн дунд насны ангиллаас насанд хүрэгчдийн ангилал руу шилжин орж байгаа Энхшүр, Мөнхшүр хэмээх ихэр тамирчид тив дэлхийн мундгуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж, хоёр, гуравдугаар байрт шалгарч, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан.

-Ой тогтоолтын спортын онцлог, давуу тал мэдээж их байх. Энэхүү спортынхоо тухайд яривал?

-Оюуны спорт гэж ярихаар хүмүүс шатар, даам гэж боддог. Ингэж бодох нь ч зөв. Яах ч аргагүй энэ спортын хатан, хаан болсон төрөл шүү дээ. Гэвч оюуны спорт дотроо маш олон төрөл бий. Манай академи оюуны спортын арван төрлөөр хүүхдүүд, тамирчдаа бэлтгэдэг. Улмаар тэмцээнд арван төрлийнхөө нийлбэр оноогоор аваргаа шалгаруулдаг. Энэ арван төрөлд харааны ой тогтоолтыг шалгасан хүний нэр, царай зүс цээжлэх, багц хөзөр цээжлэх, тоо, түүхэн үйл явдал цээжлэх, сонсголын ой тогтоолтыг шалгасан дуут цифр цээжлэх зэрэг бий. Ер нь оюуны спорт нь дан ганц тамирчин, хүүхэд гэлтгүй хүн бүрийн өдөр тутмын амьдралд хэрэг болж байдаг. Бидний амьдралд наад зах нь хүний утасны дугаар цээжлэхэд бэрхшээл гарч ирдэг шүү дээ. Тэгвэл оюуны спортоор хичээллэсэн хүүхэд, тамирчид үүнийг төвөггүйхэн цээжилчдэг. Ер нь бидний амьдралд асар их цээжлэх зүйлс өдөр бүр л гарч ирдэг. Тэр бүрийг яг таг цээжилнэ гэдэг энгийн хүний хувьд их хэцүү. Харин оюуны спортоор хичээллэсэн хүний хувьд энэ бүх зүйл ямар ч асуудалгүй болдог. Гэхдээ заавал энэ спортоор хичээллэж тамирчин болох албагүй л дээ. Хамгийн чухал нь үүнийг ажил, амьдралдаа ашиглаад явах нь чухал.

-Хэд хоногийн өмнө юу хийсэн, хэнтэй уулзаж, юу ярьсан гэдгээ мартах тохиолдол амьдрал дээр их л дээ. Тэгвэл энэ спортоор хичээллэснээр энэхүү мартах өвчнөөс салж чадах уу?

-Зарим шаардлагатай мэдээллийг мартах эсвэл гэнэт мартах зэрэг үзэгдлийг өөр өөрийнхөөрөө би “зөнөж” байна, “мартдаг өвчтэй” болсон байна гэх зэргээр ташаа ойлгодог. Ер нь марталт бол нийтлэг тохиолддог бөгөөд оюун ухааны хэвийн үзэгдэл юм. Сэтгэл судлаач, ой тогтоолт судлаач, алдарт “The Memory” номыг бичсэн Херман Эббингауз цээжилж, тогтоосон мэдээллийг дахин давтаж санахгүй бол цаг хугацааны багахан нарийвчлалд мэдээллийн тогтоомж огцом буурдгийг олж тогтоосон. Амьдрал дээрх энгийн нэгэн жишээг авч үзье. Оюутан, сурагчид шалгалтын өмнө хичээлээ давтах нь мэдээллийг хадгалах үйл явц болдог. Шалгалтын үеэр мэдээллийг эргэн санах үйл явц тохиодог. Харин дараа нь шалгалтын өмнө хадгалсан мэдээллийг давтахгүй бол 20 минутын дараа мэдээлэл бага багаар алдагдсаар 31 өдрийн дараа юу ч үгүй болдог. Үүнтэй холбоотойгоор Б.Ф.Скиннер “Ой тогтоолтоос үлдсэн хэсгийг боловсрол гэнэ” хэмээн хэлсэн удаа ч бий. “Decay” буюу гажуудлын онолоор мэдээлэл нь ой тогтоолтын ул мөр гэдэг ойлголттой холбоотой. Ямарваа шинэ зүйлийг цээжлэхээр бол ой тогтоолтын ул мөр шинээр үүсдэг. Тэрхүү ул мөр нь мэдээлэл өнгөрөн явсан гэдгийн баталгаа гэсэн үг юм. Энэхүү ул мөрөөр мэдээлэл нааш цааш явахгүй тохиолдолд ул мөр бага багаар бүдгэрч алга болдог. Иймд өнөөх марталт үүсдэг гэж үздэг л дээ. Манай академид ойр зуурын юм мартчихаад байдаг боллоо гэсэн хүмүүс их ирдэг. Тэгэхээр яаж мартахгүй болох вэ. Юуны өмнө өдөр бүр тодорхой оюуны дасгал хийдэг байх ёстой. Юмыг мартах гол шалтгаан нь стресс. Тэгэхээр өөрийгөө аль болох тайван байлгаж, аливаа юманд уурлаж, бухимдалгүй, зөвөөр ойлгож, ой тогтоолтын энгийн дасгал хийж, стресстэхгүй амьдарвал мартах өвчнөөс салж чадна.

-Ой тогтоолтын энгийн дасгал хийснээр аливаа юмыг мартахгүй болно гэхээр ямар дасгал хийх хэрэгтэй юм бэ?

-Та өөрийгөө аливаа зүйлийг мартаад байна гэж бодож байвал өдөр бүр гучин минут ямар нэгэн ном унших, үгийн сүлжээ бөглөх, судоку тоглох зэрэг ой тогтоолт сайжруулдаг энгийн дасгалыг хийх хэрэгтэй. Эдгээр дасгалуудыг өдөр тутмынхаа амьдралд хэвшил болгосноор аливаа юманд анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаг болно. Анхаарал төвлөрч байна гэдэг нь бид тэр зүйлд ач холбогдол өгч байна гэсэн үг. Ач холбогдол өгч байгаа нь тухайн юмсыг мартахгүй болж байгаа хэрэг л дээ. Ер нь мартсанаа шууд санана гэдэг боломжгүй. Тийм болохоор мартахгүйн тулд тухайн зүйлдээ хариуцлагатай хандаж, үйл явдал бүрийг ер бусын мэдээр төсөөлөн бодож, ач холбогдол өгч байх нь чухал юм.

-Ойрын хугацаанд болох олон улсын чанартай ямар тэмцээн уралдаанд шавь нараа бэлдэж байна вэ?

-Ирэх наймдугаар сард Хонгконгт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Үүнд удахгүй болох улсын аваргын тэмцээний сүүлийн шатанд шалгарсан тамирчдыг шигшиж, сонгон авч явах болно. Тийм болохоор Азийн аваргад оролцох тамирчид манай улсын шилдэг тамирчид байна гэсэн үг.

-Ер нь энэхүү спортын арга техникийг ерөнхий боловсролын системд хамруулан зааж, хичээллэх боломж бий юү?

-Бага насны хүүхдэд, тэр дундаа бага ангийн сурагчдад ордог хичээлүүдийн 50-иас илүү хувийг нь тухайн хүүхдийг бие хүн болгон төлөвшүүлэх чиглэлийн хичээл байвал эерэг үр дүн гарах болов уу гэж багш, дасгалжуулагч хүний хувьд боддог. Манай улсын боловсролын системд бага сага дутагдал бий. Тухайлбал, хүүхдийг багаас нь эхлээд математик, хими, монгол хэл, нийгэм, физик, гадаад хэл зэрэг олон төрлийн хичээлээр тал талаас нь “нүдэж” өгдөг. Эдгээр хичээлүүдийг тухайн хүүхдэд сонирхолтой арга барилаар зааж сургах нь чухал. Манай улсын бага ангийн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь математикийнхаа хичээлд дургүй гэсэн судалгаа байдаг. Гэхдээ математик гэх хичээлийн учрыг нь олчих юм бол маш хялбар, амар хичээл шүү дээ. Тэгэхээр бага ангийн хичээлд тухайн хүүхдийн баруун тархийг хөгжлүүлэх чөлөөт сэтгэлгээний хичээлүүдийг оруулж өгөх юм бол маш сайн үр дүнгээ өгөх учиртай. Оюун ухааны академид хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх спорт тоглоомын төсөл хэрэгжиж эхэлсэн байгаа. Үүнийг одоогийн байдлаар цэцэрлэгийн хөтөлбөрт хамруулж байна. Мөн сургуулийн биеийн тамирын хөтөлбөрт оруулж өгснөөр дан ганц сагс, гар бөмбөг гэх биш оюун ухааны спорт төрлөөр дасгал хөдөлгөөн хийснээр оюун санааны өв тэгш хөгжилтэй болох юм. Ирэх намраас оюун ухааны академийн нэрэмжит бага сургууль байгуулагдана. Цаашдаа сургууль маань өргөжих юм бол хүссэн хүсээгүй ерөнхий боловсролын системд ой тогтоолтын тодорхой нэршилтэй хичээл орохыг үгүйсгэхгүй .


2 replies on “Б.Баасандорж: Ой тогтоолтын энгийн дасгал хийж, стресстэхгүй амьдарвал мартах өвчнөөс салж чадна”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *