Categories
мэдээ спорт

Аваргуудын лигийн шилдэг найман багийн сугалаа явагдлаа DNN.mn

2023-2024 оны улирлын Аваргуудын лиг хамгийн үзүүштэй хэсэгтээ тулж ирлээ. Европын хөлбөмбөгийг энэ цаг үед тодорхойлж яваа яах аргагүй шилдгүүд нь гэж нэрлэхүйц багууд дунд шөвөгт шалгарч чадсан тул ямар ч хос өрсөлдөгчийг тэр нь сул, энэ нь чанга гэж ялгаж салгах боломжгүй сугалаа байлаа.

Атлетико (Мадрид)-Боруссиа.Д

Жаахан гоочлох дуртай хүмүүсийн хувьд хамгийн сул хос баг гэж нэрлэхээр. Гэхдээ харьцангуй ойлголт шүү. Аль аль нь гэртээ сайн тоглодог, сайн хамгаалдаг, сүүлийн үед бүрэлдэхүүн нь гэмтэл бэртэлд шургуу өртөөд явж байгаа багууд.

ПСЖ-Барселона

Шинэ зуун гарснаас хойш тав дахь удаагаа хоорондоо таарч буй салж хагацдаггүй найзууд гэмээр багууд. Дөрвөн тохиолдолд нь Испаний баг дараачийн шат руу алхаж байжээ. Одоо цагт Барсад найдсанаас Мпаббегийн хурдад итгэл хүлээлгэх нь илүү байх.

Арсенал-Бавари

Хүмүүс ээ, яагаад Арсеналд итгэж болохгүй гэж. Тэд Баваритай урьд жилүүдэд учирч байхдаа тогтмол хожигдож байсан учраас гэж үү. Үгүй ээ. Энэ жил арай өөр. Бавари гүнзгий хямралтай байгаа. Нөгөө талдаа Арсенал одоо овоо ялалтын амтыг мэдэрсэн дунд насны залуучуудтай, хөөрхөн туршлага хуримтлуулчихсан, дасгалжуулагч нь ухаантай гээд л. За даа тэгээд бөмбөг бөөрөнхий хойно яаж ч эргэж магадгүй дээ.

Реал-Ман Сити

Хамгийн их хүлээлттэй, үзүүштэй, өрсөлдөөнтэй байх магадлалтай хос баг. Гурван жил дараалан хасагдах шатанд таарч буй багууд. Ялсан баг нь эцэстээ тэр жилийнхээ Аваргуудын лигт түрүүлдэг байв.

Одоо багуудын төлөөлөгч нар юу гэж айлдсаныг сонирхъё.

Бавари багийн спортын захирал Фройнд: -Тун сонирхолтой сугалаа. Арсеналын сүүлийн жилүүдийн хөгжил дэвшил гайхалтай байгааг мэднэ. Гэхдээ бид бол Бавари. Тэнд очиж тоглох эхний тоглолтоо сайн дуусгах хэрэгтэй. Гэртээ бол бид хаан.

ПСЖ багийн хөлбөмбөгч Маркиньос: -Яг адил тэнцүү багууд. Барса мэдээж арвин их түүх, уламжлалтай баг ч гэлээ талбай дээр түүх ярьж тоглодоггүй юм. Дасгалжуулагч зөв тактик хэлж өгөх байлгүй.

Реалын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти: -Мэдээж Сити оройлогч баг мөн л дөө. Хөгжөөн дэмжигчид тэднийг ялна гэж үзэж байх шиг байна. Бид ч гэсэн тийм муу баг биш. Хэдий хариу тоглолт тэдний нутагт байгаа ч гэлээ цом өргөе гэж бодож байгаа бол шилдгүүдийг л хожих хэрэгтэй. Одоо тааруухан баг үлдээгүй ээ.

Эцэст нь тоглолтын хуваарийг танилцуулъя. Дунд шөвгийн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 10-нд эхэлнэ.

Дөрөвдүгээр сарын 10-11 эхний тоглолт, дөрөвдүгээр сарын 17-18 хариу тоглолт, хагас шигшээ-тавдугаар сарын 1-2

Финаль. Зургадугаар сарын 2-нд Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *