Categories
нийгэм цаг-үе

Улаан бич өдөр DNN.mn

2023.8.6, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.8.6, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.35-20.22
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр,  борооны өмнө түр зуур ширүүснэ.  Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

​Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18…+23 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ааарын тээврээр 567 тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

Долдугаар сард 567.97 тонн ачааг агаарын тээврээр тээвэрлэж, 2023 оны эхнээс өссөн дүнгээр 4645.8 тонн болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2917.1 мянган тонноор буюу 38.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

Түүнчлэн олон улсад 4634.95 тонн ачаа, шууданг тээвэрлэсэн нь нийт тээвэрлэсэн ачааны 99.8 хувийг эзэлж байна. Мөн агаарын тээврээр тээвэрлэсэн ачаа долоодугаар сард 567.97 тонн болж, өмнөх сараас 24.8 тонн буюу 4.2 хувиар буурчээ. Өнгөрсөн сард 215.4 мянган хүн зорчсон нь өмнөх сараас 47.9 мянган хүн буюу 28.6 хувиар нэмэгдсэн байна.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний долоон сард 231.4 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 437.3 мянган хүн буюу 25.7 хувиар нэмэгджээ. Харин олон улсад зорчигчдын тоо 692.5 мянга болж өмнөх оны мөн үеэс 437.3 мянган хүн буюу 171.4 хувиар өссөн байна.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Төрийн тахилгат Алтан овооны тэнгэрийг тайх ёслол боллоо DNN.mn

Алтан овооны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр буюу XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн зуны адаг Шарагчин хонь сарын хөхөгчин хонь өдөр Алтан овооны Тахилгат овоонд боллоо.

Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав.

Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Лмчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

зурагМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тодотгов.

зураг

Эртний их шүтээн, Алтан овоондоо бишрэл, хүндэтгэлээ үзүүлж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлоо дээдэлж буй нь түүх, ёс заншилаа эрхэмлэн хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, үнэт зүйлээ бэхжүүлж байгаа хэрэг гэдгийг хэлэв.

Мөн “Гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, рашаан усаа хамгаалж, ундны усны эхийг сэргээх, хөрс шороо, ой мод, ургамал, амьтнаа хамгаалахад иргэд, ялангуяа залуучууд идэвхтэй оролцож байгаад Төрийн тэргүүн баяртай байна.

Хатаж ширгээд байсан Ганга нуураа сэргээсэн нь үүний нэг тод жишээ” гэлээ.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтан овооны магтаал хайлав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Алтан овооны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Дараа нь лам хуврагууд Буман цагаан судар, Алтан овооны сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншив.

зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Аймгийн мэргэн харваач Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгч, тус аймгийн Дарьганга сумын малчин Б.Батаагийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.
зураг

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Монголчууд, тэр дундаа Дарьгангачууд Алтан овоогоо үе дамжин дээдлэн шүтэж ирсэн. Анх Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын гал бичин өдрийн луу цагт Алтан овоог тахисан түүхтэй юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Уяхан Замбуу Тивийн Наран” урлагийн наадам энэ сарын 11-12-нд болно DNN.mn

“Уяхан Замбуу Тивийн Наран” урлагийн наадмыг Дундговь аймаг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Дөрвөн жилд нэг удаа “Их газрын чулуу” байгалийн үзэсгэлэнт газар, байгалийн задгай театрт болдог энэхүү наадам нь наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд болно.

Хоёр өдрийн турш үргэлжлэх урлагийн их наадамд олон арга хэмжээ, хөтөлбөр багтсан бөгөөд дотоодын болон гадаадын жуулчид, үзэгчдийн сонирхлыг татахуйц болдог гэдгээрээ онцлог юм.

Categories
story-news

Төрийн тахилгат Алтан овооны тэнгэрийг тайх ёслол боллоо

Төрийн тахилгат Алтан овооны тэнгэрийг тайх ёслол боллоо

Categories
гадаад

Далайг бохирдохоос аврав DNN.mn

Ачаанд нь гал гарч 200 метр урт, 11 давхар тавцантай хөлөг бараг долоо хоног далайд шатсан юм. Уг хөлөг онгоцыг Нидерланд улсын Эмсхавен боомтод чирч авчирчээ . Энэ хөлөг бараг 4,000 орчим шинэ суудлын автомашин тээвэрлэж явсан юм. Панамд бүртгэлтэй Fermantle Highway хөлөг долдугаар сарын 25-ны өдөр Германы Бремерхавен боомтоос Египет улс руу хөдөлж замд гарсан өдрөө хөлөг дээр гал түймэр гарсан юм. Галын улмаас хөлгийн багийн нэг ажилтан амь үрэгдэж, бусад 22 нь аврагджээ.

Хөлгийн багийн гишүүдийн хоёроос бусад нь Энэтхэгийн иргэд байсан аж. Хэрэв хөлөг живсэн бол байгаль орчны томоохон гамшиг нүүрлэх байв. Хөлөг дээр гал гарсан шалтгаан тодорхой болоогүй байгаа ч хөлгийн багийнхны ярианы бичлэгээс анх цахилгаан хөдөлгүүртэй автомашины батарей дэлбэрсэн нь тогтоогджээ. Хөлөг нийт 3,783 суудлын автомашин тээвэрлэж явсны 498 нь цахилгаан хөдөлгүүртэй байсан байна.

Хөлгийн дээд тавцанд эхэлж гал гарсан бөгөөд дөрвөн тавцан нь шаталгүй бүтэн үлдсэн бол бусад нь хэсэгчлэн шатжээ. Галыг бүрэн унтраасан Нидерландын эрх баригчид цаг агаар муудахаас өмнө хөлгийг өөрийн боомтод чирч авчрахаар яаравчилснаар живүүлэлгүй хамгийн ойр ойр боомтод авчирчээ. “Бид Ваддены тэнгис, Ваддены арлуудыг бохирдохоос сэргийлж чадсандаа баяртай байна” гэж Нидерландын боомтын албаны захирагч Петер Ван Дер Вол ярьсан байна. Британийн арал, Европын эх газар, Скандинавын хойгийн дунд оршдог Хойд тэнгисийн нэг хэсэг нь Вадены тэнгис бөгөөд Юнескогийн хамгаалалтад байдаг юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Н.Учрал Азийн улс төрийн намуудын ОУ-ын залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдлоо DNN.mn

Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурал /International Conference of Asian Political Parties/ 2023 оны 8-р сарын 4-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Азийн улс төрийн намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, Азийн улсуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилготой ICAPP нь 2000 онд үүсгэн байгуулагдсан ба одоогоор Ази тивийн 49 орны улс төрийн намуудын гишүүнчлэл бүхий байгууллага юм.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй олон улсын хуралд 21 орны 28 улс төрийн намын төлөөлөл оролцож байгаа бөгөөд залуучуудын болон эмэгтэйчүүдийн салбар хуралдааныг зохион байгуулж байна. Тус хуралдааны үеэр Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын шинэ тэргүүнийг сонгосон бөгөөд ОУ-ын төлөөлөгчдийн саналаар УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Ням-Осорын Учралыг сонголоо.

Ийнхүү Н.Учрал Азийн 49 орны улс төрийн намуудын залуусын байгууллагыг удирдан ажиллахаар боллоо.

Монгол Ардын Намаас 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Хуралдаан цар тахлын дараах нийгэм-эдийн засгийн ахиц дэвшлийн төлөөх нийгмийн яриа хэлэлцээнд залуучуудыг татан оролцуулах, Цар тахлын дараах сэргэлтийг жендерийн мэдрэмжтэй өрнүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих сэдвээр үргэлжилж байна.

Categories
нийгэм цаг-үе

​Даншиг наадмын зураглалыг “Google street view”-д оруулна DNN.mn

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх зураг авч байна.

“Google street view”-д Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэн оруулахаас гадна хотын эргэн тойронд өрнөж буй соёлын арга хэмжээний зураглалыг авах юм.

Энэ хүрээнд Монголын үүх түүх, өв соёл, шашны зан үйл, уламжлал, өвөрмөц онцлогийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадмын зураглалыг авч байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

АЙЛЧЛАЛ: Ерөнхий сайд НАСА-д зочлов DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Худалдааны сайд Ж.Раймондо Монгол Улсын ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх болон хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд гарч буй үр дүнг сайшаахын зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд хоёр улсын бизнесийн төлөөллийг 2023 онд харилцан айлчлуулах, шинэчлэн байгуулсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглалын хэрэгжилтийг хангахад анхаарахаа нотлов.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Сансар судлал сансрын удирдлагын газар (НАСА)-т зочилж, тус байгууллагын дэд дарга, сансрын нисгэгч хатагтай П.Мэлрой, АНУ-ын Үндэсний сансрын зөвлөл (ҮСЗ)-ийн нарийн бичгийн дарга Ш.Пираг болон НАСА, ҮСЗ, Төрийн департаментын ахлах албан тушаалтнуудтай уулзав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сансрын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч К.Харристай Монгол, Америкийн сансрын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсоноо тэмдэглээд энэ хүрээнд НАСА-тай нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын ҮСЗ-ийн зүгээс сансрын салбарт Монгол Улсын Засгийн газартай иж бүрэн, өргөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд сансар судлалын чиглэлд хамтран ажиллах олон боломж байгааг илэрхийлэв.

Талууд сансрын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ашиглах, сансрын технологи, техникийн дэвшлийг уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, сансар судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэгт хамтран ажиллахад санал нэгдлээ.