Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Будням: Дэлхийн худалдааны дайн эхэлж буй энэ цаг үед манай улс валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримтлах хэрэгтэй

АНУ-ын бүх улсаас орж ирэх бараанд 10 хувийн татвар ногдуулж эхэллээ. Улмаар өөрийн түнш Европын холбоо, Вьетнам, Япон зэрэг орнуудад 20-46 хувь, Хятадын бараанд 34 хувийн татвар ногдуулна гэдгээ зарлав. Д.Трампын эдийн засгийн бодлого дэлхий ертөнцийг хөдөлгөөнд оруулж байгаа энэ нөлөөлөл манай улсад хэрхэн тусах талаар Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУЭИС-ийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор С.Буднямтай ярилцлаа.


-Дэлхийн худалдааны дайн эхэллээ. Д.Трампын татварын шийдвэрээр олон улс бужигнаж байна. Тэрбээр яагаад ийм бодлого гаргах болов. Түүний шийд вэрт шинжээчид, эдийн засагчид ямар байр суурьтай байгаа вэ?

-Д.Трамп Америкийн эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дэлхийд тэргүүлэх эдийн засгаа бүрдүүлэх үндсэн бодлого баримталдаг.

Тиймээс АНУ-ын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, тэр дундаа гаалийн татварын талаар хүчтэй бодлого гаргаж байгаа. Үүнээс гадна зөвхөн Хятад гэлтгүй, АНУ-ын түнш европын орнууд буюу Канад, Мексикийн хувьд Д.Трампын бодлого хүчтэй нөлөөлж эхэллээ. Тэрбээр татварын хатуу бодлого баримталсан нь АНУ-ын дэлхийд эзлэх ДНБ-ий хувь хэмжээтэй холбоотой. Тус улс 1999 онд дэлхийн ДНБ-ий 21 хувийг эзэлдэг байсан. Гэтэл өнөөдөр 15 хувь хүртлээ буучихсан байна. Тэгвэл Хятад 1993 онд дэлхийн ДНБ-ий 4.4 хувь эзэлж байсан бол 2024 онд 19.1 хувь болтлоо өссөн. Энэтхэг улс дэлхийн ДНБ-ий 3.3 хувийг эзэлж байсан бол 8.2 хувь болсон байх жишээтэй. Иймд АНУ эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх бодлогыг Д.Трамп гаргаж ирсэн. Нөгөөтэйгүүр АНУ-ын эдийн засагт ДНБ-ий 79 хувийг зөвхөн үйлчилгээний салбар бүрдүүлж байгаа. Тэгвэл Францад 78.5, Германд 69, Хятадад 49 хувьтай байдаг. Иймд Д.Трамп гадагшаа гарсан аж үйлдвэрийн томоохон компаниудыг эргүүлж нутагтаа авчрахын тулд дотооддоо татварын янз бүрийн хөнгөлөлтийн бодлогууд гаргаж ирсэн шүү дээ. Мань эр түрүүчийн удаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улсынхаа эдийн засгийг өөрчилж, байр сууриа бэхжүүлэх бодлого дэвшүүлж байсан боловч бүрэн хэрэгжиж чадаагүй. Учир нь тухайн үед түүнийг хүрээлсэн эдийн засагчид, хамтран ажиллагчид нь бүрэн хэрэгжүүлэх чадамжгүй байсан гэж үздэг. Харин энэ удаад Д.Трамп өөрийнх нь үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхэд бэлэн улсуудаар багаа бүрдүүлсэн. Түүний эдийн засгийн бодлого тодорхой хэмжээгээр Америкийн эдийн засгийг өөрчилж, дэлхийн тэргүүний эдийн засаг байх байр суурийг бэхжүүлэх байх гэсэн санааг олон улсын шинжээчид дэвшүүлж байна.

-Орос Украины дайнаас болж Европт үүсч буй эрчим хүчний хямрал АНУ-ын эдийн засгийг дэмжих бас нэг хөшүүрэг болж байгаа биз дээ?

-Европын олон оронд эрчим хүчний хомсдол үүсч, өндөр үнэтэй байгаа. Жишээлбэл, 1МВтц нь 53 евро үнэтэй болсон. Харин АНУ 1МВтц 16 евро байна. Европын эрчим хүчний хямралыг Д.Трамп овжноор ашиглах нь тодорхой. Европ руу эрчим хүч нийлүүлж, дотоодын эдийн засгаа нэмэгдүүлэх бололцоог алдахгүй байх нь дамжиггүй. Европын хямрал Д.Трампын эдийн засгийн бодлогод урт, богино хугацаанд эерэгээр нөлөөлөхөөр харагдаж байна.

-Д.Трампын эхлүүлсэн дэлхийн худалдааны дайн валютын хувь заяанд яаж нөлөөлөх бол?

-Д.Трампын худалдааны бодлого дэлхийн эдийн засагт, тэр дундаа ам.долларын ханшид тодорхой нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл түүний засаглалын үеийн бодлогын гол онцлог худалдааны тэнцвэргүй байдалд импортын татвар нэмэх, Америкийн компанийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн. Ам.долларын ханшид хэд хэдэн хүчин зүйлээр нөлөөлөх боломжтой. Нэгдүгээрт, импортын татвар, валютын ханшийн хэлбэлзэл байна.

Хоёрдугаарт, худалдааны дайны нөхцөл байдал яалт ч үгүй нөлөөтэй. Г уравт, Америкийн хөнгөлөлттэй зээл болон бодлогын өөрчлөлтүүд дотоодод явагдаж байгаа. Дөрөвдүгээрт, гадаад зах зээл, эрэлт зэрэг хүчин зүйл валютын ханшид нөлөөлөх янзтай байгаа. Жишээлбэл, худалдааны дайн нэлээд өрнөх юм бол Д.Трампын засаглалын үеийн Хятадын эсрэг худалдааны татварууд нь дэлхий нийтэд тодорхойгүй байдлыг үүсгэнэ. Энэ нь зөвхөн Америк, Хятадын хооронд биш. Дэлхийн олон орны эдийн засагт, тэр дундаа валютын зах зээлд сөрөг нөлөөлнө. Худалдааны татвар өсөх үед ам.долларын ханшийг тодорхой хянаж байх шаардлага гарсан гэж зарим судлаач үзэж байгаа. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-д санхүүгийн зах зээл рүү хөрөнгө оруулахыг эрмэлзэх болсон байна. Энэ нь мэдээж ам.долларын эрэлтийг нэмэгдүүлнэ. Татварын бодлогын нөлөө, дотооддоо явуулж буй хөнгөлөлтүүд нь гадагшаа гарсан аж үйлдвэрийн томоохон компаниудыг буцааж эх орондоо татах зорилготой. Одоо ч гангийн болон химийн үйлдвэрийн томоохон компаниуд Европ, Азийн орнуудаас эргэж нутагтаа очих хандлага харагдаж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын эдийн засгийн өсөлтөд ам.долларын ханш дэмжих хүчин зүйл болно.

-Цаашид ам.долларын ханш чангарна гэж эдийн засагчид таамаглаж байсан. Бодит байдал дээр гадаадын валютын зах зээлд ам.долларын байр суурь яахаар байна?

-Д.Трампын худалдааны бодлого олон улсын зах зээлд ам.долларын байр суурийг бэхжүүлэхэд чиглэж буй. Өөрөөр хэлбэл, гаалийн татварыг газар зүйн байршлаас хамааран 10, 20 хувь, Хятадын хувьд 40 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж зарлалаа. Гэхдээ Д.Трамп зарлалаа гээд шууд хэрэгжихгүй. Конгрессоороо баталсны дараа албаждаг. Гэвч худалдааны дайны тогтворгүй байдалд дэлхийн улс орнууд өөрийнхөө мөнгөний бодлого, үндэсний валютаа хамгаалах тодорхой хэмжээний хариу арга хэмжээ авч байгаа. Ингэсний үр дүнд Америкийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулах эрмэлзлийг тодорхой хэмжээгээр хязгаарлана гэж үзэж буй. Энэ нь ам.долларын ханшийн өсөлтөд саад болж болох юм.

Дэлхий дахины глобал худалдааны бодлого нь Америкийн болон бусад орны эдийн засгийн харилцааг өөрчилж байгаа. Үүний улмаас ам.долларын эрэлт өөрчлөгдөж, ханшид тодорхой хэмжээнд хэлбэлзэл үүсэх шалтгаан болж байна. Ерөнхийдөө Д. Трампын гадаад худалдааны бодлого нь ам.долларын ханшид өргөн хүрээтэй нөлөө үзүүлж, тодорхойгүй байдал үүсгэнэ гэсэн судалгаа ч бий. Д.Трамп Америкийн эдийн засгийн өсөлт, ам.долларын хашийг дэмжих зорилготойгоор дэлхийн худалдаанд өөрийнхөө бодлогыг тулгаж байна гэж үзэж болно.

-Америк, Хятадын худалдааны дайн Монголд яаж нөлөөлөх вэ. Манай улс дөрвөн сарын валютын нөөцтэй гэж байгаа. Цаашид валютын нөөцөө нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Манай улсын хувьд мэдээж инфляц өснө. Гадаад өрийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй л дээ. Харин эсрэгээрээ төгрөг хэт чангарвал аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар буурдаг. Хэдийгээр зах зээлийн зарчмаар ханш хэлбэлзэж байх ёстой ч ойрын үед гадаад өрийн дарамт төдийлөн ажиглагдахгүй гэсэн прогнозыг манайхан хийгээд байгаа. Гэвч хэт хэлбэлзлээс хамгаалж, валютын ханшийн уян хатан бодлогыг Монголбанк баримтлах хэрэгтэй. Тодруулбал, төв банк ханшийг бүрэн чөлөөтэй орхихгүйгээр зах зээлийн нөхцөлөөр зөвшөөрсөн, хязгаарлагдмал хөвөгч ханшийн бодлого барьж болно. Энэ нь их савлагаа үүсэх үед зах зээлд оролцоно гэсэн үг. Ер нь байдлыг ажиглаж байгаад зах зээлд яаж оролцох вэ гэдэг бодлогоо Монголбанк хянамгай харах хэрэгтэй.

Манай улс дор хаяж 6-9 сарын нөөцтэй байвал дэлхийн худалдааны дайнд эрсдэл бага амсна. Яагаад гэвэл бид импортоос тэр дундаа Хятадаас 95 хувийн хамааралтай улс. Иймд Америк, Хятадын эдийн засагт дайн зарлаж байгаа өнөө үед валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого Монголбанкны анхааралд байх ёстой. Төрөөс гадаад валютын орох урсгалыг дэмжиж, хөрөнгө оруулагчдыг бодлогоор татах хэрэгтэй. Хятадын эдийн засгийн уналт үүсэх үед шуурхай хариу арга хэмжээ авах механизм зайлшгүй шаардлагатай.

-Д.Трампын татварын бодлогын улмаас Хятадад үйлдвэрлэл буурвал Монголоос авах түүхий эдийн хэмжээ дагаад унах уу. Хятадаар дамжин орж ирж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн хумигдах эрсдэлтэй юу?

-Д.Трамп Хятад улсад 34 хувийн татвар ногдуулж 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс хэрэгжүүлэхээр зарлах үед Хятад улс хариу цохилт болгон Америкийн импортын бараанд 34 хувийн нэмэгдэл татвар ногдуулах шийдвэр гаргасан. Үүнээс үүдэн ам.долларын ханш суларч, дэлхийн эдийн засагт уналт 0.5-0.8 хувь болох нөхцөл бүрдсэн талаар шинжээчид анхааруулж эхлээд байна. Д.Трампын дэлхийн 195 оронд 10 хувь татвар ногдуулсан улс орнууд нэг талыг баримталсан хэмээн үзэж байгаагаас гадна АНУ-д Д.Трампын эдийн засгийн бодлогыг дэмжихгүй байгаа хөдөлгөөн ихэсч түүнд импичмент зарлах тухай ч яригдах боллоо. Ийм нөхцөлд Хятад улс эдийн засгаа хамгаалах бодлогоо улам хүчтэй болгох нь мэдээж тул манай улсаас авдаг импортын бараанд хүчтэй нөлөө үзүүлэхгүй хэмээн үзэхийн хамт уул уурхайн салбарт саатал учрахыг урьдчилан харах хэрэгтэй болно. Мөн Хятадаар дамждаг гадаадын хөрөнгө оруулалт хумигдах магадлал өсөхийг урьдчилан таамаглахад дэлхийд болж буй үйл явцаас хамааран хүндрэлтэй байна.

-Орос, Украины дайнтай холбоотой Д.Трамп “Амтат боов, хатуу ташуур” бодлого баримталж байгааг дэлхий дахин өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Түүний энэ бодлого ямар учиртай юм бэ?

-Д.Трампын гадаад бодлого үндсэндээ эдийн засаг талдаа. Орос, Украины дайны асуудлыг зөөлрүүлэхэд чиглэсэн Д.Трампын санаачилгад Европын холбоо түүн дотроо Франц, Их Британи эсрэг байр суурьтай байна. Тиймээс Орос, Украины хэлэлцээр, энхтайван буй болох асуудалд хүндрэл учруулж байгаа юм. Д.Трамп дайныг зогсоохын тулд Ж.Байдены үед хэрэгжүүлж байсан санхүүгийн бүх дэмжлэгээ одоохондоо зогсоосон. Гэхдээ Ж.Байдены үед оролцож байсан цэргийн зөвлөмж, дайн явуулах маневер, энд оролцож байгаа Америкийн цэргийн мэргэжилтнүүдийн холбоо хэвээрээ. Сүүлийн үеийн мэдээллийг харахад Д.Трампын бодлого, шийдвэр өдрөөс өдөрт өөрчлөмтгий байна. Нөгөө талаар Зелеснкийн байр суурь өөрчлөгддөг учраас энэ хоёр хэл амаа ололцох асуудал дээр хүндрэл үүссэн бололтой. Гэхдээ Д.Трамп асуудлыг шийдэхийн тулд Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг хүчтэй дэмжиж байгаа юм билээ. Ийм замаар Зеленскийн засаглалыг өөрчилж байж, Орос, Украины дайныг эцэслэхэд бололцоо гарах байх гэж үзэж байх шиг. Нөгөөтэйгүүр В.Путин “Оросын ашиг сонирхолд байгаа ашигт малтмал ихтэй нутаг дэвсгэрийг өөрийн болгож авбал Югослав улс хуваагдсан шиг нөхцөл байдалтайгаар Украины асуудлыг шийдье” гэсэн хатуу бодлого баримталж буй.

Америкийн сонирхол тэр ашигт малтмалын ховор элемент. Орчин үеийн электроникийн үйлдвэрлэлд энэ элементүүд чухал түүхий эд болдог учраас л Д.Трампын ашиг сонирхол оршиж байгаа хэрэг. Тэр утгаар нь В.Путин “Манайх ховор элементийн тодорхой хэмжээний нөөцтэй шүү. Иймд танайх хөрөнгө оруулж болно” гэсэн санал дэвшүүлсэн болно. Тиймээс Д.Трампыг Украины ховор элементийн уурхайнууд дахь сонирхлыг тодорхой хэмжээгээр сааруулж байгаа болов уу.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батжаргал: Үндсэн болон түр ажлаасаа НДШ төлдөг давхцал бий болчихоод байгаа нь буруу

Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа


-Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ), татварын дарамтад монголчууд үнэндээ туйлдаж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт болж буй НДШ-ийн хувь хэмжээ хэтэрхий өндөр байгаад мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-НДШ-ийг иргэн, аж ахуйн нэгж хийж байгаа ажил, авч буй цалин хөлснөөсөө хамаараад нийлээд 24-26 хувь төлж байгаа. Үүнийг задалбал, иргэн 11.5 хувь, ажил олгогч 12.5-14.5 хувийг төлдөг. Ажилтанд ХХОАТ, ЭМД, НДШ дээр банкинд зээлтэй бол зээлийн хүү нэмэгдээд бодит орлогынх нь зардлын цөм нь болчихож байгаа юм. Компани дээр ялангуяа жижиг, дунд бизнесийнхэнд НДШ маш хүнд дарамт болдог. Ажилтан авахад нэлээд асуудал болно. Байгууллагууд ажилтнаа тогтоохын тулд цалингаа нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдэх гэхээр НДШ тушаа болж байгаа. Жишээлбэл, сар болгон авч байгаа тогтмол цалин, урамшуулал, орон сууцны дэмжлэг зэрэг ажилтанд хандсан бүх зүйлээс нь хамруулаад НДШ авчихдаг.

Тэгэхээр компани ажилтнаа урт хугацаанд тогтоон барих, цалингаа нэмэх боломжид НДШ тодорхой хэмжээнд нөлөөлөөд байгаа юм. НДШ-ийг улс болгон авч байгаа. Байх ёстой асуудал. Гэхдээ манайх ингэж нийтээр нь хамруулахын оронд ялгаж салгах ёстой. Ядаж л ажилтандаа өгч буй орон сууцны урамшууллаас НДШ тооцмооргүй байна. Ажлын гүйцэтгэлтэй нь уялдуулаад тухайн ажилтан өндөр цалин авах тохиолдолд цалингийн нэмэгдсэн хэсгээс нь НДШ чөлөөлдөг байх хувилбар байж болно.

Нэг удаагийн шинжтэй ажил үйлчилгээнээс хүртэл НДШ авч байна

Иймэрхүү уян хатан байх ёстой. Гэтэл хуулин дээр хатуу тавиад ийм, ийм орлогоос татвар авна гээд биччихээр бүгдийг нь хамруулчихаад байгаа юм.

-Хуульчид, эдийн засагчид нийгмийн даатгалд реформ хийх шаардлагатай гэдэг. Яаж хийх вэ?

-Энэ бол нэг бодлын зөв. Яагаад гэвэл НДШ чинь яг татвар шиг. Ажилтан байгууллага хоёрын НДШ-ийг компани өөрөө суутгаж төлдөг. Хэдийгээр хүн өөрийнхөө цалингаас шууд төлж байгаа боловч тэрийг нь байгууллага суутгаж байгаад өөрийнхөө оногдох хэсэгтэй нийлүүлээд нийгмийн даатгалд төлж байгаа. Хэрэв тухайн сар сард нь НДШ төлөхгүй өр үүсгэвэл Нийгмийн даатгалаас банк руу бичиг явуулаад дансыг хаачихдаг. Ингэхээр НДШ яг татвартай адилхан болчихсон. Уг нь хувь хэмжээг нь ажилтантайгаа тохироод уян хатан байдлаар төлөх ч юм уу, сайн дураараа төлж болно гэсэн сонголтууд байх ёстой. Гэтэл бүгдийг нь нэг хайрцганд хийчихээд төл гээд тулгаад байж болохгүй. Арван ажилтантай компани богино хугацааны төлбөрийн саатлаас болоод төлөөгүй байж болно. Тогтмол орлого нь ирээдүйд орж ирэх байтал дансыг нь хаачихаар байгууллага үндсэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болчихож байгаа юм.

-Өнөөдөр байгууллагууд түр ажилтнаасаа хүртэл НДШ төлүүлж байна. Тухайн байгууллагад гурван хоног юм уу гурван сар ажилласан ч заавал төлнө. Төлөхгүй гэхээр торгууль ногдуулдаг. Харин төллөө гэхэд иргэндээ ямар ч өгөөжгүй. Ядаж л банкны зээл гарахгүй, гадагшаа виз мэдүүлэхэд нөлөөлөхгүй. Тэтгэвэрт гарлаа гэхэд тэр ажилласан өдөр, сарууд нь тооцогдохгүй. Тэгэхээр ингэж НДШ нэрээр иргэдээ шулах хэрэг байна уу?

-Одоогийн хэрэгжиж байгаа хуулиараа нэг удаагийн ажил үйлчилгээнээс НДШ авдаг. Жишээлбэл, ачааны машинаар бараа таваар зөөх, каранаар ажил гүйцэтгүүллээ гэхэд заавал НДШ төлж байгаа. Нэг удаагийн шинж чанартай иймэрхүү ажил үйлчилгээний цалин хөлсийг компанийн захирал хувийн данснаасаа биш, байгууллагаасаа гаргадаг. Тэгэнгүүт тэр нэг удаагийн шинжтэй ажил үйлчилгээ үзүүлсэн хүн тухайн компанийн ажилтан биш байхад НДШ авчихдаг. Энэ мэтчилэн олон асуудал байгаа.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаад тэр хүн ажилтан болсон бол НДШ-ийг нь төлнө гэсэн хуультай. Тэгээд нийгмийн даатгалын тайланг сар бүр загвар форматаар нь цааш нь хийж байгаа. Тухайн хүн нэг хоног ч ажилласан байна уу, арван жил ч ажилласан байна уу тухайн компанийн дугаарыг нь аваад улсад бүртгэгдсэн бол зайлшгүй НДШ төлнө. Гурав хоног ажилласан ч гэсэн цалинг нь бодоод, татвар, НДШ суутгаад олгож байгаа шүү дээ. Тэгэхээр хэд хоног ч ажилласан НДШ төлөх нь гарцаагүй байраар хуулинд зохицуулчихсан гэсэн үг.

Хөлсөөр ажиллах гэрээ гээд өөр хэлбэрээр ажилд бүртгэдэг боломж байдаг. Тэгэнгүүт Нийгмийн даатгалын хуулин дээр цалин ба түүнтэй адилтгах орлогоос НДШ авна гэсэн байгаа. Тэгэхээр яг түүнтэй адилхан гэдэг үгээрээ заавал хөдөлмөрийн гэрээ гэхгүйгээр өөр төрлийн гэрээ байгуулсан ч НДШ авна гэдэг. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанид хуулийн зөвлөх нь байнга орон тооны ажилтан байх шаардлагагүй. Хуулийн фирмдээ үндсэн ажилтай байдаг. Гэхдээ өөр нэг компанид нэг сарын хугацаатай гэрээ байгуулаад хуулийн зөвлөгөө өгч болно. Богино хугацаанд ингэж ажиллахдаа бас л НДШ төлдөг. Тэгэхээр үндсэн болон түр ажлаасаа НДШ төлдөг давхцал бий болчихоод байгаа нь буруу.

НДШ-ийг авахдаа уян хатан, салгах ёстой. Хоёр жилийн өмнө малчдын НДШ-ийн 50 хувийг нь төр даана гэж хуульчилсан даа. Үнэн хэрэгтээ тэрийг төр дааж байгаа юм байхгүй. Миний, таны төлсөн НДШ-ээр малчдын НДШ-ийн 50 хувийг санхүүжүүлж байна гэсэн үг.

-НДШ-ийн хувь хэмжээг бууруулах ямар боломжууд байна вэ. Ингэхэд НДШ буурснаар иргэнд болон аж ахуйн нэгжид ямар эерэг үр дүн бий болох вэ?

-Манай НДШ-ийн хувь хэмжээг олон улстай харьцуулахад тийм ч өндөр биш байдаг. Яагаад хүмүүст дарамттай санагдаад байна вэ гэхээр эдийн засагтайгаа холбогдоно. Манай эдийн засаг уул уурхайгаас хамаарсан бүтэцтэй. Солонгороогүй, эдийн засгийн хүчин чадал бүтэц нь тааруу. Эдийн засаг маань тэлээд, хүмүүс орлоготой болоод ирэх юм бол НДШ-ийг одоо байгаа хувиар нь төлөөд явахад гайгүй байна байх. Гол нь орлого бага. Дээрээс нь олсон орлого бүрээс нь дахин, дахин авдаг учраас хүмүүс бухимдаад байгаа. Үнэндээ иргэд худалдан авалт хийх гэхээр орлого нь хүрэхгүй байна шүү дээ. Гэтэл салбарын сайд нь 1.8-5 сая төгрөгийн цалинтай иргэнийг дундаж орлоготойд тооцно гээд яриад байна лээ. 1.8 сая төгрөг чинь 400 ам.доллар. Энэ дүнг олон улсын дундаж орлоготой айлтай жишээд үзэхээр хамаагүй бага. Бага орлогоос нь шимтгэл аваад байхаар өндөр бас дарамттай санагдах нь мэдээж. Ялангуяа НДШ жижиг, дунд бизнесийнхэнд асар их дарамттай. Дөнгөж бизнесийн санаа олоод банкнаас зээл аваад, байдгаа барьцаалаад, төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд орлогодоо ч хүрэлгүй хүмүүс аваад ажиллуулж эхэлтэл шууд дараа сараас нь НДШ төлж байгаа юм. Төр жижиг, дунд бизнесүүдээ дэмжинэ гэж яриад байгаа боловч нөгөө гараараа татвар, НДШ-ээр дарамтлаад байна. Худалдаа эрхэлдэг компани байлаа гэхэд бараа оруулж ирнэ. Оруулж ирэхийн тулд зээл авна, зээлийн хүү төлнө. 50 сая төгрөгөөс дээш орлого олбол автоматаар НӨАТ төлөгч болоод 10 хувийг нь татварт авна. Тэрийгээ ашгаас биш, борлуулалтын орлогоос нь авчихаж байгаа юм. Ингээд гаалиар бараа оруулж ирэхэд дахиад НӨАТ, гааль гээд бараг 15 хувийг суутгачихаж байгаа. Дээрээс нь ажилтнуудынх нь НДШ төлөгдөнө. Жижиг, аж ахуйн нэгжүүд томорч чаддаггүй нь шалтгаан энэ мэт маш олон төрлийн зардал гаргаж байгаатай холбоотой. Ингэж бизнесүүдийг олон төрлийн татвараас болж агшаагаад байна л даа. Тийм болохоор хүмүүс бухимдах нь аргагүй. Эдийн засгаа томруулаад хангалттай хэмжээний орлоготой байх юм бол хүмүүс таван ханатай гэрт нүүрс түлээд суухыг бодохгүй. Орлого муутай дээр татвар, НДШ гээд төлөх татаас нь их байгаа учраас стресс бухимдлын үүр уурхай болчихоод байна л даа.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр улстөрчид, эрх мэдэлтнүүд дураараа дургисан. Капитал банкинд байршуулж шамшигдуулсан дуулиан саяхных. Хоосорсон сангийн хөрөнгийг босгох ачаа ард түмэн, аж ахуйн нэгжийн нуруун дээр НДШ-ийн өндөр дүнгээр ирлээ гэсэн бухимдал нийгэмд бий. Ер нь олон улсад нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг яаж зохицуулдаг юм бэ?

-Олон улсад хувийн тэтгэврийн сангуудын туршлага бий. Тухайлбал, миний улсад төлж байгаа татварын тодорхой хувийг нь хувийн санд байршуулна. Тэнд байгаа хөрөнгөөр мөнгөний болон хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж санхүүгийн зах зээлийг дэмждэг. Өөрөөр хэлбэл, урт хугацааны эх үүсвэр болгож өгөөж хүртэнэ. Сангийн хөрөнгө ч нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл манайх Нийгмийн даатгалын ерөнхий газар улсын бүтэцтэй байгууллагад төвлөрүүлчихдэг. Гэвч байнга алдагдалтай яваад байдаг. Тэгээд зогсохгүй сангийн хөрөнгийг өөр банкинд байршуулаад алдчихсан тохиодол ч байна. Ер нь төр оролцохоороо л асуудал үүсгээд байгаа. Уг нь хөрөнгө оруулалтын сангийн менежер гээд тусдаа хүмүүсээр нийгмийн даатгалын санг удирдуулдаг. Төр өөрөө хамтраад сангаа бүрдүүлээд тэр сангаараа эргүүлээд санхүүгийнхээ системийг дэмждэг. Тэр нь тогтмол хугацаанд байнга өгөөжтэй, үр дүнтэй байх юм бол ийм асуудал харьцангуй гайгүй болно.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ нийгэм

П.Эрхэмбаяр: Хотын дарга хуульд заагаагүй үндэслэлээр аж ахуйн нэгжийг айлган сүрдүүлж болохгүй

Хотын дарга Х.Нямбаатарын Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлсэн үг нийгэмд шүүмжлэл дагуулав. Тэрбээр “С.Болдхэт гэдэг хүнийг маш олон удаа урьсан ч ирдэггүй юм байна. Хот байгуулалт болон энэ аж ахуйн нэгжтэй холбоотой бүх шийдвэрийг зогсоож, заримыг нь цуцал. Би энэ ерөнхий боловсролын сургуулийг чинь худалдаж авъя гэдэг зүйл ярихаар ирэхгүй. Томроод байгаа бол би ч гэсэн томорч чадна. Бүх газрыг нь цуцлах мэдэгдлийг нь хүргүүлчих. Надтай ирж уулзвал уулзана биз. Уулзахгүй бол тэр биз” гэсэн юм. Энэ асуудлаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.


-С.Болдхэтийг ирж уулзаад зөвшилцөл хийсэнгүй гээд хот газрыг нь хурааж авна гэлээ. Хотын даргын мэдэгдэл хууль ёсонд нийцэж байна уу?

-Газрын тухай хуулийн процессын нарийн ажиллагааг ярихаас өмнө Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан өмчлөх эрхийн асуудал ноцтой хөндөгдөнө. Нэгдүгээрт, Монголын төр иргэнээ дарамтлаад газар дээр барьсан объектоо төрд өг. Хэлэлцье, тохиролцъё гээд байхад өгөхгүй бол наад газрын эрхийг чинь цуцалж, байшинг нь нураана гэдэг байдлаар хандаж ерөөсөө болохгүй.

Энд Монгол Улсын иргэний өмчлөх жам ёсны эрх ноцтой хөндөгдөж байна. Хоёрдугаарт, нийтийн албан тушаалтан хүн эрх мэдэл, албан тушаалын байдлаа улаан цагаан олон нийтийн сүлжээгээр заналхийлж урвуулан ашиглаж болдог юм уу.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинжтэй ч байж магадгүй үйлдэл Нийслэлийн Засаг дарга дээр яригдаж байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан Газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох үндэслэл гэж байна л даа. Эзэмшил газар байлаа гэж үзэхэд тэр нь хууль тогтоомж зөрчсөн бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас эрхийг нь цуцалж болох байх. Тэр үндэслэл дотор нь нэгдүгээрт, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. Хоёрдугаарт, газрын төлбөрийг төлөөгүй. Гуравдугаарт, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа дууссан гээд хуульд тодорхой заасан байгаа.

 

-Ардчилсан нийгэмд хүний хувийн өмчид төр дураараа халдаж байна гэсэн үг үү. Хуулийн порцедур нь яаж явах ёстой вэ?

-Хүний эзэмших, ашиглах, өмчлөх эрх рүү халдах гэж байгаа үед маш нарийн тодорхой заалтын үндсэн дээр газрын эрхийг цуцална гэдэг байдлаар хуульчилсан байгаа. Гэтэл “Уулзъя” гэж дуудаад ирэхгүй болохоор нь “Цуцал” гэдэг үг, өгүүлбэр тэр хуульд байхгүй. Энэ чинь өөрөө улаан цагаан хуульд байхгүй үндэслэлээр, эрх мэдэл албан тушаалын давуу байдлаараа иргэд рүүгээ гар далайж байна гэсэн үг. “Чи ирэхгүй бол би үүнийг чинь хуульд заагаагүй ч гэсэн цуцална шүү. Надад тийм эрх мэдэл нь байна шүү” гэдэг байдлаар айлган сүрдүүлж байгаа хэлбэр. Энэ бол яавч эрх зүйт төрийн иргэндээ үзүүлж буй хууль ёсны шаардлага биш. Тэгэхээр Үндсэн хуулийн иргэний өмчлөх эрхийн асуудал хөндөгдөж байна. Хоёрдугаарт, хотын захирагч гэдэг хүн хууль тогтоомжид байхгүй асуудлыг гаргаж ирж, иргэд рүүгээ гар далайж байна. Энэ тохиолдолд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэл харагдаж байна. Гуравдугаарт, газрын тухай хууль хэрэгжихгүй, нийслэлийн Засаг дарга үзэмжээрээ шийдээд байх юм бол тэр хуулийн зүйл заалт хэрэгжихгүй юм байна. Дөрөвдүгээрт, энэ асуудлыг том зургаар нь харвал Үндсэн хуулийн тогтолцооны гажуудал руу хүссэн хүсээгүй орох гээд байна. “С.Болдхэтийг дуудаад ирэхгүй болохоор нь шууд эрх мэдлээрээ далайлгаж байгаад эзэмших эрхийг нь цуцалчихсан” гэдэг нь иргэдийн дунд айдас үүсгэнэ. Сүүлдээ ингэж л байдаг юм гэсэн дүр зурагтай үлдэх гээд байна л даа. Бид тогтолцоогоороо харах ёстой. Х.Нямбаатар сайн ажилласан, муу ажилласан гэхээсээ илүү Үндсэн хуулиар бий болгосон өмчлөх эрх рүү халдаж байгааг анхаарах хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд ийм айлган сүрдүүлж, далайлгадаг бүрэн эрх байдаг юм уу. Ийм нөхцөл байдал байж болохгүй гэдгийг хуульчийн зүгээс харж байна.

-Түүнийг тухайн объектоо 30 жил ашиглаагүй хав дарчихаад байгааг иргэд эсэргүүцэж байна гэж хотын дарга хэлсэн. Энэ нь хурааж авах шалтгаан мөн үү?

-Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх дунд газар эзэмших, ашиглах эрх олгодог юм бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээний үндсэн дээр олгоод, тэр гэрээнд заасан зүйл заалтаа тухайн иргэн аж ахуйн нэгж зөрчсөн байх юм бол түүнийг цуцлах, дуусгавар болгох эрх байхыг үгүйсгэхгүй. Гэтэл НИТХ-ын төлөөлөгчид нь “Нийслэлд сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна. Засаг дарга намайг барьж идэх гээд байна. Наад цэцэрлэгээ төрд өгөхгүй юм. Тийм учраас газрыг нь цуцална” гэж ярьж болох уу. Газар цуцлах гэдэг асуудал чинь Газрын тухай хуульд заасны дагуу хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын бусаар ашиглаагүй, дээр нь татвар торгууль төлбөрөө төлөөгүй гэх мэтчилэн хуульд заасан арга хэрэгсэл бий. Гэтэл тэс өөр боловсролын салбарын асуудлыг газрын асуудалтай нь холингуутаа иргэн аж ахуйн нэгж байгууллага руугаа хотын дарга нь заналхийлж байна шүү дээ. Ийм нөхцөл байдал дээр бид дуугүй сууж болохгүй. Энэ хоёр маргаж байгаа тохиолдолд магадгүй Х.Нямбаатар дарга тэр газар дээр нь байгаа барилгыг өөрөө алх хадаас авч очоод нураах юм байна л даа. Үнэн хэрэгтээ төр, иргэн хоёрын хооронд газрын гэрээтэй холбоотой маргаан үүсэх юм бол Захиргааны хэргийн шүүх хүлээж байгаа шүү дээ. Энэ мэтчилэн хууль тогтоомжийн асуудлууд хэрэгжихгүй, үүнийг хамгийн түрүүнд үлгэрлэж явах ёстой төрийн өндөр албан тушаалтнууд хөнгөн хуумгай байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ингэж ярьж ерөөсөө болохгүй. Ард түмэн маш их татварын дарамт, шахалттай хүнд үед гоомой байдлаар хамаа намаагүй мэдээлэл өгөх нь зохисгүй. Намын субьект нь олон нийтийн зүгээс гал сайн авдаг л юм байгаа биз. Шүүмж сайн даадаг л юм байгаа биз. Урдаа барьдаг хүн л юм байгаа биз. Энэ бол тэдний намын асуудал. Бүхэл бүтэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр НЗТГ хууль тогтоомжоор олгоогүй, хууль тогтоомжид заагаагүй, бүр ч заах боломжгүй асуудлаар иргэдийн өмчлөх эрх рүү, Үндсэн хуулийн тогтолцоо руу халдаж, ийм бүдүүлэг үг, үйлдэл гаргаж болохгүй. Яахав, төрд тодорхой хэмжээний тухайн эзэмшлийн газрыг буцаагаад мэдэлдээ авах эрх байдаг. Гэхдээ тэр эрх нь бас хууль тогтоомжид заагдсан, хуулийнхаа хүрээнд явдаг л зүйл. Улсын тусгай хэрэгцээнд, улсын онцгой бүс байна гэдэг шалгуурт нь БЗД-ийн орон сууцны хороолол дунд байгаа газар хамаарах уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ мэтчилэн уг асуудлыг нарийн дэлгэрүүлээд харвал маш их хэл ам дагуулж байна.

-С.Болдхэтийн хот байгуулалттай холбоотой шийдвэрүүдийг зогсоож, газрын зөвшөөрлийг нь цуцлах үндэслэл нь хүүхдийн төлөө хийж байгаа ажилд хамтарч ажиллаагүйтэй холбоотой гэх юм. Сургууль, цэцэрлэг байгуулах нь төрийн хийх ажил. Гэтэл төр өөрөө энэ ажлаа хийж чадахгүй болохоор бусдыг буруутгаж, өмчийг булаах замаар дээрэмдэх гэж байна уу. Олон улсад, тэр дундаа ардчилсан орнуудад ийм кейс бий юу?

-Бусад улс орнуудын туршлагыг харахад төрийн захиргааны байгууллагууд нь дандаа иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, тэдгээрийн байранд түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Монгол Улсад УПЕГ, АТГ, ЦЕГ зэрэг хамгийн гоё шилэн барилгууд төрийнх. Дээр нь Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн тансаг барилгууд байна. Эд нар буцаад төсөвтөө өөрийнхөө зардлыг нөхөхгүй. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг түрээслүүлдэггүй. Байнгын урсгал зардал гаргаад төсөвт ачаа үүрүүлээд явж байдаг. Энэ бол хотын менежментийн асуудал. Үүнийг Х.Нямбаатар дарга шийдвэрлэх ёстой. Цэцэрлэг, сургуулийн хүртээмж ямар байгаа юм. Тэр хүрэхгүй бол тухайн дүүрэг, нийслэл ямар арга хэмжээ авах ёстой юм. Шаардлагатай бол тэр хавиас иргэн, хүүхдэд аюулгүй, эрүүл орчинтой иргэн, аж ахуйн нэгжийн түрээсэлж байгаа байр байвал тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжуудаа хайх хэрэгтэй. Тэрнээс “Чи хувийн сургууль барьчихаж байгаа юм байна. Би наадахыг чинь дээрэмдэж аваад ард түмнийхээ хүүхдүүдийг оруулна” гэдэг байдлаар дээрэмдэж болохгүй. Өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааг явуулаад, татвараа шударгаар төлөөд явж байхад хүүхдийн нэр бариад төрд өг гэдэг байдлаар иргэнээ дарамталж, хэлцэлд хүрч болохгүй л дээ. Сүүлийн үед ганц энэ ч биш олон үл хөдлөх, уул уурхайтай холбоотой асуудлыг одоогийн эрх баригч нар ийм замаар авч сурах гээд байна. Энэ бол зөв зүйл биш. Болохгүй болохоор нь дарамтлаад, татварын шалгалт оруулна гэдэг ч юм уу, үйл ажиллагааг нь явуулахгүй шахаанд оруулж байгаад хэлцэлд хүрдэг байдал ардчилсан улсын хууль тогтолцоонд ерөөсөө байхгүй. Ийм бүдүүлэг байдлаар иргэн, аж ахуйн нэгжид халдаж болохгүй.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

М.Энхбадрал: УИХ-ын гишүүд өөрсдийгөө олон нийтийн хүн болж байгаа гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой

УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалд нийгэм бухимдалтай байна. Тухайлбал, Нара буюу М.Нарантуяа, Ц.Мөнхтуяа нар сошиал орчинд зохисгүй үг хэллэг хэрэглэсэн нь олны шүүмжлэлд их өртөж байна. Бас Төрийн ордонд Боловсрол шинжлэх ухааны сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа цохиж танхайрлаа. Мөн Х.Баттулга, С.Лүндэг гээд чуулган, Байнгын хорооны хуралдаанд суудаггүй гишүүд ч бий. Энэ мэт УИХ-ын гишүүний үүрэг хариуцлага, ёс зүйн асуудлаар социологич, судлаач М.Энхбадралтай ярилцлаа.


-Парламентын гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудал нэлээд хөндөгдөх боллоо. Судлаачийн хувьд хэрхэн ажиглаж байна вэ?

-УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой зайлшгүй хөндөх нэн тэргүүний ажил бол хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизмыг парламент албан ёсоор хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, одоогийн УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хууль дээр парламентын гишүүн өөрөө, түүний гэр бүлийн хүмүүс нь ашиг олдог салбарын хуулийн хэлэлцүүлгийн санал хураалтад оролцохоос татгалзах нь зөв. Гэхдээ УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар “Хуралдаан даргалагчид мэдэгдээд өөрөө татгалзах ёстой” гэж байгаа. Тэгэхээр сайн дураараа санал хураалтад оролцохоос татгалзаж байгаа тохиолдол ховор. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох үйл ажиллагааны ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизм ажиллахгүй байгаа гэсэн үг. Энэ удаагийн парламент илүү дэвшилттэй ажиллая гэвэл УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг маш оновчтойгоор тодорхойлох аргачлалыг батлах хэрэгтэй. Түүн дээрээ тулгуурлаад УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй салбаруудыг тодорхойлох. Магадгүй тухайн салбарын хуулийн хэлэлцүүлэгт тэр гишүүн оролцох гэж байгаа бол УИХ-аас түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй учраас хуулиа мөрдөж ажиллахыг шаардаж, санал хураалтад оролцуулахгүй байх арга хэмжээг авах ёстой. Энэ бол өөрөө парламентыг ёс зүйтэй, илүү ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах маш том дэвшилтэт үйл ажиллагаа болно.

Ер нь УИХ-ын гишүүнд нэр дэвшээд сонгогдсон хүмүүс өөрсдийгөө олон нийтийн хүн болж байгаа буюу иргэд өөрийг нь хянах, шалгах, шаардах, албан ёсны эрхтэй гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөө талаас тусгайлан онцлоход Засгийн газрын гишүүд чуулганы хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүд рүү хэт халдсан, басамжилсан, түрэмгий байдлаар хандах, ялгаварлах хандлагууд гаргаж байгаа. УИХ бол Засгийн газрын гүйцэтгэлд хяналт тавих ёстой төрийн эрх барих дээд байгууллага. Тэр утгаараа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж буй байдлыг парламентын бие даасан байдалд халдсан үйл ажиллагаа гэж үзнэ. Иймд төрийн байгууллага, Засгийн газрын гишүүдийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо дуудан ирүүлж, мэдэгдэл, сануулга өгч ажиллах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ыг төрийн байгууллага, Засгийн газар нь тоодоггүй байдал жишиг боллоо. Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байхад гишүүд нь чуулгандаа орж ирдэггүй, асуултад хариулдаггүй. УИХ-ыг сул дорой нөхцөл байдал руу оруулж байгаа. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо УИХ-ыг хүндэтгээгүй Засгийн газрын албан тушаалтнууд, төрийн байгууллагын албан хаагчдыг дуудаж ирүүлж, асуулт асууж, мэдэгдэл өгч, анхааруулж, УИХ-ыг Засгийн газартаа хяналт тавьж ажиллах боломжийг олгох хэрэгтэй.

-Жагсаалтаар орж ирж байгаа гишүүд намтайгаа байгуулсан гэрээнд ёс зүйн зарчим, үүрэг хариуцлагыг нь юу гэж заасан байдаг юм бол. Ёс зүйн асуудал гаргаж байгаа жагсаалтын гишүүдэд ямар хариуцлага тооцдог юм бол?

-Ерөнхийдөө жагсаалтаар орж ирсэн гишүүд намтайгаа байгуулсан гэрээ гэдэг зүйл ил тод биш. Ямар тохиолдолд ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Хоёрдугаарт, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын гишүүдийн хамгийн чухал үүрэг нь иргэдийн төр барих эрх мэдлийг хэрэгжүүлэх, төлөөлөх эрх. Тэгэхээр иргэдийн төр барих эрх мэдлийг шилжүүлэн авч хэрэгжүүлж байгаа хүмүүс учраас УИХ-ын гишүүдийн эрхийг сонгуульд нэр дэвшүүлэх процессоор нь юм уу эсвэл ямар нэг гэрээ, дүрэм журмаар хязгаарлах нь дам байдлаар иргэдийн төрөө барих эрхийг хязгаарласан, халдсан хэрэг болно. Тэгэхээр нэр дэвшигчидтэй ёс зүйн асуудлаар ерөнхий гэрээ байгуулах асуудал байж болох ч тухайн гишүүнийг барьцаалсан, бүрэн эрхэд халдсан агуулга байх нь зохисгүй.

-Ингэхэд гишүүний ёс зүй гэдэг нь хуулиасаа ямар ялгаатай юм бэ?

-Мэдээж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Ёс зүйг яагаад чухалчилж байгаа вэ гэхээр УИХ-ын гишүүдийн биеэ авч явж байгаа байдал, байр сууриа илэрхийлж буй хэлбэр нь тухайн нийгэмд жишиг болж байдаг. Тийм ч учраас иргэд өөрсдийгөө төлөөлөх хүмүүст ёс зүйн, ур чадвар, сахилга хариуцлагын маш өндөр шалгуурыг тавих ёстой. Тэр бол ямар ч маргаангүй. Зарим жагсаалтаар сонгогдсон гишүүд дээр ёс зүйн асуудал гарч байгаа нь тухайн хүнийг нэр дэвшүүлсэн намууд нэр дэвшигчээ сайн судлаагүй, институтийн хувьд хариуцлагагүй байсны илрэл гэж харагдаж байна. Түүнээс биш нэгэнт сонгогдсон гишүүдийг бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байхад нь аливаа хууль бус хязгаарлалт хийх боломжгүй. Үүнээс сургамж аваад дараа дараагийн нэр дэвшүүлэлт дээр илүү хариуцлагатай байх ёстой. Хэрэв гишүүд хууль зөрчсөн бол хуулийнхаа хүрээнд л хариуцлагаа хүлээнэ. УИХ бол хамгийн үлгэр жишээ хуулийг хэрэгжүүлэгч байгууллага байх ёстой.

-Нөгөөтэйгүүр намын бүлэг дээр оруулж ирсэн асуудлыг дэмжсэн гишүүдэд 10 оноо нэмэх, дэмжихгүй бол 10 оноо хасах асуудал яригдаж байсан. Энэ зөв үү. Буруу юу. Алсдаа юунд хүргэх вэ?

-Энэ бол байж боломгүй, хүлээн зөвшөөрөшгүй асуудал. Магадгүй нам нь дотоод ардчилалтай, эрүүл зарчимтай, иргэдийн хүсэл зоригийг бүрэн сайн илэрхийлж чаддаг нөхцөлд нэг өөр хэрэг. Намууд ном ёсоороо бол эрх ашгаараа бус үзэл баримтлалаараа нэгдсэн институт байх ёстой боловч намуудын төлөвшил болоод, дотоод ардчилал нь тун доогуур түвшинд байгаа өнөөгийн нөхцөлд иймэрхүү дүрэм, журмууд нь парламентын институтыг сулруулах, устгах чиглэлд ажиллах нь ойлгомжтой.

Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл тодорхой бүлэг хүмүүсийн шийдвэр нь намын шийдвэр нэрээр гараад, түүнийг ард түмний төлөөлөгч болж ажиллах ёстой гишүүд баталгаажуулах ёстой кноп буюу утсан хүүхэлдэй болох маш том эрсдэл байгаа. Олон ургальч үзлийн эсрэг парламент гэж байх боломжгүй. Тухайлбал, өнгөрсөн намар төсвийн асуудал хэлэлцэж байхад ЗГ-аас өргөн мэдүүлсэн төсвийг эсэргүүцсэн гишүүдийг намын ёс зүйн хорооноос хариуцлага тооцно гэж мэдэгдэл хийж байсан нь үүний нэг илрэл.

-Цаашдаа жагсаалтаар болон тойргоос сонгогдсон гишүүдийн бие даасан байдлыг яаж хангах вэ?

-Энэ маш чухал. Цаашид парламент бие даасан байх уу, парламент яг чиг үүргийнхээ дагуу ажиллаж чадах уу гэдгийг шийдэх гол түлхүүр нь гишүүдийн хараат бус байдал. Тухайлбал, манай одоогийн Засгийн газар нь УИХ-ын 94 хувийг хамарсан их эвслийн ЗГ болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчингүй парламент бүрдсэн гэж үзнэ. Засгийн газраас орж ирж байгаа бүх асуудал УИХ-аар хэлэлцүүлэггүй ногоон гэрлээр батлагддаг. Хэлэлцүүлэггүй парламент чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж байна гэсэн үг. Ер нь логикийн хувьд парламент дахь хяналтын механизмыг сөрөг хүчин хэрэгжүүлдэг. Эрх баригчид өөрсдөө хяналтыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэх нь гэнэн хэрэг.

Парламент ном ёсоороо ажиллая гэвэл хяналтын механизмуудыг ажиллуулах хэрэгтэй.

Ингэж байж парламент цаашдаа хяналттай, тэнцвэртэй, нээлттэй байдлаар хөгжинө. Эсрэгээрээ, тэр дундаа бүгдээрээ нийлчихээд түүнийг нь шүүмжилсэн гишүүдийг ёс зүйн болоод ямар нэгэн дүрэм журам гаргах байдлаар хязгаарлаад байж болохгүй. Үүн дээр Монголын иргэний нийгэм болоод судлаачид, сэтгүүлчид парламентаа хамгаалж аюултай санаачилгыг эсэргүүцэх ёстой. Парламентыг бид гадны хүч нөлөөнөөс хамгаалж чадна. Хамгийн хэцүү нь парламентыг парламент доторх өөрсдийн төлөөллөөс хамгаалах явдал болоод байна. Мөн ч хөгтэй. Яг одоо Монголын парламентын институтэд учирч буй хамгийн том аюул нь гурван намын эвсэл болоод байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Чимэддорж: Худал мэдээлэл бэлтгэж, зохион байгуулалттай түгээдэг бүлэглэлүүд үйл ажиллагаагаа ил тод явуулдаг болсон

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх М.Чимэддоржтой ярилцлаа.


-Хаврын чуулганаар татварын багц хууль орж ирж байгаа. Аж ахуйн нэгжийн албан татварыг бууруулж чадах уу?

-Манай улс бол өндөр татвартай улс орны тоонд орохгүй. Гагцхүү үр ашигтай татварын тогтолцоотой улс уу гэвэл үгүй. Хаврын чуулганаар татварын багц хууль орж ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ өнөөгийн нүүрсний үнэ унасан, улсын төсөв тасрах нь тодорхой болсон энэ үед татвар бууруулах хууль оруулж ирнэ гэдэгт итгэхгүй байна. Татварын тогтолцооны асуудал дээр хэлэхэд, манай улсын эдийн засагт аж ахуйн нэгжийн татвар нь өндөрсөөд байгаа биш, татварын бус хориг саадаас шалтгаалаад комппаниуд өсөх боломжгүй болчихоод байгаад хамгийн том асуудал байгаа юм. Монголд өнөөгийн татварын орчинд компаниуд ашиг орлоготой, өсч өндийгөөд явж л байсан. Татвар бол бизнесийн орчны нэг л хэсэг нь. Татвар биш, элдэв тусгай зөвшөөрөл, төрийн нэр барьсан хяналт шалгалт жижиг дунд үйлдвэрлэлийг боомилж байна. Төрийн өмчийн компаниуд зах зээлийг нь булаан авч байна. Төр, төсөв томорсноор бизнесийн үр ашигт тулгуурлан ажилладаг компаниуд биш, албан тушаалтнуудын цүнхний компаниуд гэнэтийн ашиг хийдэг болж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварыг бол харин бууруулах шаардлагатай. Дотооддоо бий болсон нэмэгдсэн өртгийн албан татварыг хоёр дахин бууруулчихвал дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих бодит алхам болно. Цаашдаа татварын бааз суурийг нэмэгдүүлэх ч ач холбогдолтой.

-Иргэд аж ахуйн нэгжүүд татварын дарамтад туйлдаж байна. Татвар бууруулах ямар боломжууд байна вэ?

-Иргэдэд татварын дарамтаас илүү бараа, үйлчилгээний үнийн өсөлт чухал асуудал болов уу. Үнэндээ бараа, үйлчилгээний үнийн өсөлт бол хэт том төсвийн л үр дагавар. Засгийн газар эдийн засагтаа томдчихсон, үрэлгэн төсөв батлуулж зарцуулаад байна гэдэг бол монгол хүн бүрийн халаасанд гараа дүрж, дээрэмдэж байна л гэсэн үг. Бид төсөв батлахаар цөөн эдийн засагчдын бодож гаргадаг нарийн төвөгтэй тооны ухаан гэж харахаа болих хэрэгтэй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүтээж байгаа баялгийн гуравны нэгээс илүүг Засгийн газар бүтээж, зарцуулж болохгүй гээд тогтчихвол Монгол Улсын эдийн засаг өндийгөөд ирнэ. Харин төсөв бидэнд ямар хувь хүртээх нь үү, улсаас юу үнэгүй өгөх бол гээд хараад суувал Монголын баялагт шунасан сувдаг бүлэглэлүүд хишиг хүртээх амлалт өгч ээлж дараалан төрийн эрх мэдлийг зайдагнасаар, улс орныг цөлмөсөөр л байх болно.

-Нэгэнт яриа маань энэ чиглэл рүү эргэсэн болохоор эдийн засгаас өөр нэг асуулт асууя. Монгол Улсыг автократ засаглалтай улсуудын нэг боллоо гэсэн судалгааны дүн гарсан байна. Манай улсын засаглал ямар байна гэж бодож байна вэ?

-Монголын ардчилал аюулд орж байна. Саяхан ардчиллын баянбүрд гэгдэж байсан Монгол Улс маань өнөөдөр автократ засаглалтай улсын тоонд орж байна. Энэ бол бид, бидний хойч үе, үр хүүхдүүд маань эрх чөлөөгүй амьдарна гэсэн үг. Өнөөдрөөс эхлээд бид ардчиллаа бэхжүүлэх тухай биш, ардчиллаа сэргээн тогтоох тухай ярих шаардлагатай болж байна гэсэн үг.

-Ардчиллаас ухрахад юу нөлөөлж байна вэ?

-Хамгийн том нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол ардчилсан төрийн байгуулал үгүй болж байна. Парламент бол мэтгэлцээний талбар байх ёстой. Гэтэл өнөөгийн парламент Засгийн газрын гаргасан шийдвэрийг хууль ёсны болгож өгдөг газар боллоо. Хууль тогтоох, Засгийн газрыг хянах биш, харин Засгийн газрын шийдвэр дээр тамга дарж өгдөг газар болж хувирлаа.

Өөр нэг хүчин зүйл нь төр, төрийн оролцоотой мэдээлэл гуйвуулдаг, хуурамч мэдээлэл түгээдэг байдал хэрээс хэтэрсэн. Худал мэдээлэл бэлтгэдэг, түүнийг нь түгээдэг зохион байгуулалттай бүлэглэлүүд үйл ажиллагаагаа ил тод явуулдаг болсон. Сүүлийн хэдэн жилд тогтмол үйл ажиллагаатай болж, улам эрчимжиж байна. Энэ бол болж буй үйл явдлын үнэнийг гуйвуулдаг, мартагнуулдаг, албан тушаалтныг үүрэг хариуцлагаас мулталдаг аймшигтай ажил. Мэдээж ардчиллыг сульдааж, эрх баригчдад үйлчилдэг ийм зохион байгуулалттай бүлэглэл байнга үйл ажиллагаа явуулахад их хэмжээний хүн хүч, хөрөнгө хүч шаардагдана. Хэн ийм бүлэглэлийг санхүүжүүлж ажиллуулж байж таарах вэ гэвэл үр шимээр нь эрх мэдэл дээрээ байгаа хэсэг хүмүүс л байж таарна. Энэ чиглэлээр дэлхий нийтээр “дисинформэшн” гэсэн ерөнхий нэршлийн дор улс төр судлалын хүрээнд олон зуун судалгаа хийгдэж, ардчиллыг устгах аюулт зэвсэг байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх, ардчиллаа хамгаалах талаар үнэтэй зөвлөмжүүд ч гарсаар байгаа. Хамгийн харамсалтай нь зөвлөмжийг дагах биш, бүр эсрэгээрээ судалгаанд гарч буй худал мэдээлэл түгээдэг яг тэр технологиудыг Монголын төр, эрх баригчид ашиглаж байгаа явдал юм.

Гурав дахь том хүчин зүйл нь үзэл бодлоо илэрхийлсэн, хэвлэн нийтэлсэн, эвлэлдэн нэгдсэн, жагсаал цуглаанд оролцсон иргэдийг залхаан цээрлүүлэх, айлган сүрдүүлэх үйл ажиллагааг төр, хууль сахиулах байгууллагуудын оролцоотойгоор, зохион байгуулалттайгаар гүйцэтгэдэг болсон гэж боддог. Дөнгөж саяхны дуулиан болоод байгаа Ноорог студиэр тогтохгүй олон хүн янз бүрийн зөрчлийн болон эрүүгийн хэрэгт татагдан шалгагдсан. Зарим нь ч ял авсан байх. Ерөөс эрх баригчдад таалагдахгүй үг хэлсэн хэн бүхнийг янз бүрийн хэрэгт шалгадаг боллоо гэх ойлголт нийгэмд түгээмэл болж байна. Энэ бол үзэл бодлоо илэрхийлэхээс, үнэнийг хэлэхээс айдаг болж байна гэсэн үг. Сүүлийн үед УИХ-ын гишүүд хүртэл бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргахад оролцсон, Засгийн газрын бодлого, үрэлгэн төсвийг шүүмжилснийхээ төлөө олон нийтийн сүлжээнд доромжлуулж, гүтгүүлж байна. Үүнийг нөгөө л худал мэдээлэл бэлтгэж түгээдэг бүлэглэл хийж байна. Зарим УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий хувийн компаниудад хуулийн байгууллагуудын шалгалтууд бөөнөөрөө орж байна гэсэн мэдээлэл ч бий. Энэ бол ардчилсан төрийн байгууллага ажиллах боломжгүй болгож байгаа хэлбэр мөн. Айдастай эрх чөлөө гэж байдаггүй юм.

-Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Евразийн эдийн засгийн холбоо бол бүс нутгийн эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэх зорилготой байгууллага. Бид энэ холбооны гишүүн орнуудтай бүгдтэй нь худалдаа хийхэд газарзүйн хувьд ч, дэд бүтцийн хувьд ч тийм ч давуу талтай биш. Монгол Улс бол Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид илүү ойр улс. Нөгөө талаас өнөөдөр энэ холбооны гишүүн орнуудын хоорондох худалдааг харвал 97 хувь нь Оростой хийсэн худалдаа, түүний дотроо гуравны нэгээс илүү нь эрдэс бүтээгдэхүүний арилжаа байна. Товчхондоо бараг тэр чигээрээ Оростой хийсэн худалдаа л байна гэсэн үг. Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцийн энэ холбоонд элсэх нь эдийн засгийн агуулгаараа ач холбогдолгүй. Өнөөдөр яригдаж байгаа асуудлын хүрээнд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах гэж яригдаад буй нь анхаарал татаж байгаа. Чөлөөт худалдааны олон талын хэлэлцээрийг түр байгуулсан жишээ би хувьдаа үзэж байгаагүй. Аливаа улс орнууд өөр өөрсдийн харьцангуй давуу талтай бараа бүтээгдэхүүнийг экспортлохын тулд чөлөөт худалдааны гэрээ байгуулдаг. Чөлөөт худалдааны гэрээ бол нэг талдаа экспорын зах зээл нээж байдаг бол нөгөө талдаа тодорхой салбаруудыг өрсөлдөх боломжгүй болгодог. Тийм ч учраас бидний өнөөгийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээс гадна ирээдүйд аль салбар маань хөгжих боломжтой, харьцангуй давуу талттай вэ гэдгээ судалж байж, ёстой долоо хэмжиж шийдэх асуудал. Монголын Засгийн газар яарч байна, “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг болох вий. Ерөөс үндэсний язгуур эрх ашиг гэдэг бол юун түрүүнд хөгжлийн боломжоо тэлж байх явдал юм.

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Г.Батзориг: Татвар нэмэх нь далд, саарал эдийн засаг бий болох нөхцөл рүү чирнэ

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

Ард түмэн татварын дарамтад сөхөрч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна. Эдийн засагч хүний хувьд татварын энэ хэт ачааллыг яаж бууруулах вэ?

-Татвар гэдэг ойлголт нь эртний соёл иргэншил, Египетээс эхэлж үүсээд, төгөлдөршөөд явж байна л даа. Өдий болтол улсын орлого бүрдүүлдэг систем болтлоо хөгжсөн. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш ил тод нээлттэй, дижитал гээд цаг үеэдагаад системийн түвшинд өөрчлөгдөөд явж байна. Ер нь хот улс байгуулагдаад, хүмүүс суурьшмал соёл иргэншилд ороод ирэнгүүт тухайн дундын үүсч байгаа нийгмийн барааны хэрэгцээ, шаардлагыг хэн шийдэх вэ гэдэг асуудал үүсч байгаа юм л даа. Наад зах нь нийгмийн бараанд зам, худаг, гэрэлтүүлэг, ус зэргийг нэрлэж болно. Хэн нэгэн хариуцлага хүлээхэд асуудалтай. Тэгэхээр төр өөрөө үүнийг хариуцаж аваад, хотын оршин суугчдаас нь тодорхой хэмжээгээр татвар авч, тэрүүгээрээ нийгмийн барааг нь шийдээд өгчихье гэдэг гол концепци дээр татварын агуулга гарч ирж байгаа юм. Монгол Улсын хувьд татварын орлого бүрдүүлэх зорилгоор нийтдээ долоо, найман төрлийн татвар ерөнхий төрлөөр нь авч байна. Улсын төсвийн бараг 90 гаруй хувь нь татварын орлогоор бүрддэг. Энэ дотроо иргэн, аж ахуйн нэгжүүдээс орлогын албан татвар авна. Бас гаалийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар байна.Мэдээж онцгой албан татвар бий. НӨАТ-ын хувьд мэдээж онцгой албан татвар бий. НӨАТ-ын хувьд сүүлийн жилүүдэд буюу 2016 оноос хойш түлхүү орж ирсэн. Энэ мэтчилэнгээр 7-9 төрлийн татвар улсын төсөв дээр ерөнхий нэр төрлөөрөө байж байна. Статистик ярихаар Монгол Улс татварын дарамтгүй юм шиг харагдаад байдаг. Яагаад гэвэл хөгжингүй орнуудтай харьцуулангуутаа “Монгол улсын хувьд татварын дарамт бага байна” гээд хэлчихдэг. Жишээлбэл, хувь хүнийн орлогын албан татвар дээр аваад үзье л дээ. Манайх энэ татварыг хувь хүний орлогынх нь 34 хувиар авч байхад Герман, Испани зэрэг европын хөгжингүй улсууд нийтдээ 50 орчим хувийг нь татдаг. Ингэж харьцуулаад “Манайх харин ч бага татвар авч байгаа биз дээ” гэцгээдэг. Татварын дарамт дээр ингэж ярьдаг хэрнээ эргээд нийгмийн бараа өгч байгаа байдал нь манайд асар бага л даа. Орлогын дахин хуваарилалт гэдэг дээр тодорхой хэмжээгээр орлого багатай хэсгүүдээ зорилтот бүлэг болгон нийгэмд яаж зөв дэмжээд явах вэ, ядуурал ажилгүйдэл гээд ужгирсан асуудлуудыг яаж шийдээд явах вэ гэх зэрэгт орлогын дахин хуваарилалтыг хийдэг. Хөгжингүй орнуудын хувьд зорилтод бүлэг рүү халамж олгох, тэдэнд зориулсан хөтөлбөр энэ  тэр гээд  манайх шиг хавтгайрсан байдлаар явахгүй шүү дээ. Тэгэхээр энэ үүднээсээ манайх хангалтгүй гэж хэлэхэд болохоор. Татвар авч байгаагаа хөгжингүй улсуудтай харьцуулж бага байна гэж хэлээд, түүнийгээ зарцуулж буй байдал нь өөрөө хөгжингүй улсуудаас илүү үр ашиггүй байна. Орлогын дахин хуваарилалтыг хийж чадахгүй байна. Нийгмийн бараа үйлчилгээг сайн үзүүлж, хүмүүсийн стресс багатай, амар тайван амьдрах орчныг нийгмийн бараагаар бүрдүүлж өгч чадахгүй байна. Татварын дарамтыг бодит хэрэглээ, үр ашиг тал руу нь бодвол оновчтой.

 Улстөрчид татвар бууруулна гэж ард түмний саналыг авч гарч ирчихээд амлалтаа огт биелүүлэхгүй юм. Аж ахуйн нэгжүүд эхнээсээ татварын өрөнд орж байна. Иргэдийн орлогоос НДШ, ХХОАТ, НӨАТ авчихаар гар дээр нь мөнгө бараг үлдэхгүй байна. Татварын дарамтаас яаж гарах вэ. Энэ хаврын чуулганаар татварын багц хуулийг хэлэлцэнэ. Татвар буу руулж чадах болов уу?

-Хувь хүний тухайд аваад үзэхэд, гэрээлсэн цалингаас нь НДШ, ХХОАТ татварын дарамтын гол цөмийг нь бүрдүүлж байна. Үүний дараа инфляцид 10 хувь өгчихөж байна. Дахиад валютын ханшийн уналт, зургаан хувь гээд 50 орчим хувийн орлого нь албан татвар болчихож байна. Ийм болохоор бодит байдал дээр иргэдэд татварын дарамт илүүтэй мэдрэгдээд байгаа юм. Аж ахуйн нэгж дээрболохоор сүүлд НӨАТ-тай холбоотой асуудал гарлаа. Тэд нийтдээ 540 орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын өртэй гэж байна. Иймэрхүү асуудал гарааны бизнес бойжиж байгаа Монгол шиг орнуудад асар их сөргөөр нөлөөлж байгаа юм л даа. Энэ талаасаа байгууллагууд дээр хүртэл НДШ, НӨАТ зэрэг асуудлууд үүсээд байна. ерөнхий сайдын дэргэдэх топ аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудаас бүрдсэн Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ажиллаж байна. Тэд даваа гаригт хуралдахдаа татварын багц хуулиудыг ярилцсан байна лээ. Тодорхой шийдэлд хүрээсэй гэж бодож байна.

Эрх баригчид татвар нэмж байгаагаа төсөв бүрдүүлэлттэй холбож тайлбарладаг. Дээрээс нь мега төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд татвар нэмэхээс аргагүй гэдэг. Татвар нэмэхгүйгээр том төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжтой биз дээ?

-Гол нь манай улсыг айл өрхөөр бодвол тогтвортой орлоготой биш. Гэнэт их хэмжээгээр орлого орж ирнэ. Тэгснээ гэнэт байхгүй болчихдог. Улсын төсвийн орлого дийлэнхдээ нүүрснээс хамааралтайгаар бүрддэг. Нүүрсний үнэ гайгүй үед төсвийн орлого нэмэгддэг. Эргээд тэндээс улс төрийннамуудын зорилго бүрэн ашиглаад алдагдалтай гаргаад яваад байна шүү дээ. Түүнээс илүү гарсан хэсгийг хураана гэсэн юм байхгүй. Иймэрхүү байдлаас болоод олсон хэрээрээ зарцуулаад дуусгачихдаг. Харин одоо нүүрсний үнэ 40 орчим хувиар унаад, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ гаргаж чадахгүй хэмжээнд хүрээд ирэнгүүт сандралдаад байгаа  биз дээ. Нэгдүгээр сарын байдлаар төсвийн орлого бүрдэлт 45 хувиар буураад ирэнгүүт сандралдаад, дараа дараагийнхаа боломжуудыг нэхэж эхлэнгүүт Сангийн яам Татварын ерөнхий газартаа лүндэн буулгаж байх жишээтэй. Цаашаа байцаагч нартаа аж ахуйн нэгжүүддээ хяналт шалгалтаа сайжруулж, татвараа бүрдүүл гэдэг. Цаашлаад хувь хүн дээр шахалт дарамт нь улам нэмэгдээд эхэлж байгаа юм. Тэнд ажиллаж буй татварын байцаагчдын буруу гэж юу байх вэ. Том дүр зургаар харахад аж ахуйн нэгжүүдээ ноолоод эхэлж байгаа юм. Эцсийн дүндээ татварын орлого бүрдүүлэхийн тулд ажиллаад ч байгаа юм шиг мэдрэмжтэй аж ахуйн нэгжүүд бий болчихлоо. Орлого тогтворгүйгээс болж эргээд төсөв дээр ачаалал үүсэнгүүт аж ахуйн нэгжүүд, иргэдээ ноолдог. Наад зах нь хувь  хүний орлогын албан татвартай холбоотой асуудал ойрын таван жилийн дараа хүнд нөхцөл байдал руу чирнэ. ААН дээр НӨАТ-ын асуудал байна. НӨАТ бол татварын байцаагч нар хүрч чадахгүй далд эдийн засгийг илрүүлэх зорилготой.Татварын байцаагч нар хүрч чадахгүй газар эцсийн хэрэглэгч хүрнэ. Ингэхдээ НӨАТ- ын аж ахуйн нэгжүүд дээр хяналт тавих замаар далд эдийн засгаас ил эдийн засаг руу шилжүүлнэ гэдэг агуулгаар хэрэгжиж байгаа шүү дээ. Сүүлдээ 2016 оноос татварын орлогын цөм хэсгийг бүрдүүлдэг хэрэгсэл болгож хувирлаа. Дунд нь НӨАТ-ын урамшуулал гэж сугалаа явуулж, буцаад НӨАТ-ын өртэй аж ахуйн нэгжүүдийг бий болгож байна. Салбар бүрт татварын асар их асуудал байна. Үүнийг цэгцлэх ёстой. Орлого бүрдүүлдэг механизм нь өөрөө эдийн засгаа, иргэд, ААН-ээ дэмждэг. Улмаар далд эдийн засгаас ил эдийн засгийг бий болгодог. Эргээд татвар авч байгаагийнхаа хувьд өгөх ёстой. Нийгмийн бараа буюу утаа, түгжрэлийн асуудлуудаа нийтээр нь шийддэг байж татварын гол агуулга утга учир нь гарч ирэх гээд байгаа юм. Сүүлдээ зорилго нь өөрчлөгдөөд аймагтаа, тойрог дээрээ төсөв авахуулах, нууцаар ямар ч судалгаагүй төсөв оруулж ирээд батлуулах, эсвэл улсын төсвийн суурь зардлуудыг ихэсгэх замаар, дуусгаагүй барилгууд дээр мөнгө татаж, идэх гээд зах замбараагүй юм руу гүйгээд орчихсонд асуудал байгаа юм л даа. Мега төслүүдийн мэдээж дийлэнх хувийг урсгал зардал бүрдүүлж байна. Татварын орлогоор төсөв бүрдүүлж хийх боломжгүй л дээ. Тэгэхээр гаднаас санхүүжилт татах, гадны шууд хөрөнгө оруулалт оруулж ирэх замаар мега төслүүдийг хэрэгжүүлээд явахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй нөгөө л хоосон иргэд, аж ахуйн нэгжүүдээ сэгсрээд явбал хэн хэндээ ашиггүй нөхцөл байдал руу орно.

– Ингэхэд татвар бууруулахад ямар гарц гаргалгаа байж болох вэ?

-Татвар нь олон улсад тухайн эдийн засгаа юм уу зах зээлийг дэмжих зорилготой, эдийн засгийн нэг талын хөшүүрэг байгаад байна шүү дээ. Эдийн засаг дээр орцууд буюу хөдөлмөр капитал, санхүүгийн нөөц газар зэргийг ашиглаад гарц гаргаж байна. Ямар нэг бүтээгдэхүүн байж болно. Үүнийг яаж ихээр гаргах, яаж нөөцөө үр ашигтайгаар хуваарилаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг зүйл дээр татвар маань дэмжих хөшүүрэг болсон зүйл. Ер нь улс орнууд татвараар дуртай үедээ оролдоод байдаггүй. Наана нь заавал дүрэм, журам гаргаж байж тэрний дараа татварыг өсгөх арга хэмжээ авдаг. Тэрнээс дураараа татвараа өсгөөд яваад байна гэж байхгүй л дээ. Үүнийг маш сайн бодож үзэх ёстой. ер нь татварыг буу руулахад мэдээж янз бүрийзорилгоор хөшүүрэг чухал.Манай улсын татварын хэмжээнд олон улстай  харьцуулахад их биш байна гэдэг ч төвлөрүүлсэн татвар нь юунд зориулагдаж байгаа, тэрийгээ яг хэрэгжүүлж байна уу гэдгийг ярих ёстой. Орлогын дахин хуваарилалт гээд хавтгайруулсан халамж болгоод байвал татвар төлж буй дундаж давхаргынхан хүнд байдал орох юм.

Татвар буурвал эдийн засагт ямар эерэг дүр зураг ажиглагдах вэ?

-Татвар нэмээд байх нь албан эдийн засгаас албан бус эдийн засаг руу шилжих, далд, саарал эдийн засаг бүрдэх хүчин зүйл болчихдог юм. Жил гаруйн өмнөх Монгол Улсын эдийн засгийн 30-50 хүртэлх хувьтай тэнцэх далд эдийн засаг бий болчихсон байна. Энэ далд эдийн засгийг бууруулж чадахгүй байна гэж Сангийн сайд мэдэгдэж байсан. Ялангуяа Монголд бизнесийн орчин тогтворгүй, бодлого нь байнга солигддог орчинд бизнес явуулах гээд ядаж байгаа ийм хүмүүс дээр татвар нэмээд ирэхээр далд эдийн засаг аажим аажмаар цэцэглэх нөхцөл бүрдүүлнэ. Мэдээж энэ чинь татвар юм чинь янз бүрийн сөрөг болон сайн талууд гараад ирнэ шүү дээ. ААН-үүд, иргэд тодорхой хэмжээний далд эдийн засаг руу яаж шилжих вэ гэдэг арга хэмжээгээ хүссэн хүсээгүй аваад эхэлчихнэ. Тэгэхээр татварыг ямар нэгэн байдлаар нэмэх нь далд эдийн засаг руугаа албан секторт байсан аж ахуйн нэгжүүдээ оруулах, саарал эдийн засаг бий болох нөхцөл байдал руу чирнэ. Үүнийгээ сайн бодохгүй бол төсвийн орлого чинь алсдаа бүрдэхгүй байх суурь нөхцөлийг татварын өсөлт бий болгоно. Иймд аль болох татварыг бууруулбал далд эдийн засаг дээр байгаа мөнгийг эргэлдүүлэх хүчин зүйл болно гэдгийг маш сайн ойлгох ёстой. Дахин хэлэхэд, татварын хувь хэмжээ, татвар тогтоох асуудалд дураараа өөрчлөлт хийгээд  явдаггүй юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Монгол, Британийн парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндэс суурийг тавьсан айлчлал боллоо DNN.mn

ХИС-ийн ОУХНСС-ийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсад айлчилж байна. Тус улсад Монгол Улсын Их Хурлын дарга анх удаа айлчилж байгаа гэдэг утгаараа талууд өндөр ач холбогдол өгч байна. Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа гэж үзэж байна уу?

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн энэ удаагийн айлчлал нь ардчиллын 1000 жилийн түүхэн уламжлалтай Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга эрхэмсэг ноён Л.Хойлын урилгаар тус улсад УИХ-ын даргын хувиар анх удаа албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь дурдсан айлчлалын нэг онцлог болж байна. Парламентын засаглалтай хоёр улсын хувьд хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндэс суурийг тавьсан явдал энэ удаагийн айлчлалын хоёр дахь онцлог хийгээд ач холбогдол нь болж байна гэж харж байна. Уэстминстерийн ордонд болсон албан ёсны уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд түвшний айлчлалууд, харилцан ойлголцол бэхжиж байгааг онцоллоо.

Талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Парламентын Нийтийн танхимын тэргүүн Монгол Улсын ардчиллын үйл явцыг өндрөөр үнэлэв. Улмаар хоёр их гүрний дунд, далайд гарцгүй байршилтай хэдий ч богино хугацаанд ардчиллыг баталгаажуулж, бэхжүүлэх чиглэлд том амжилт гаргасан, парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоогоор Азидаа төдийгүй, дэлхийд дээгүүрт бичигдэхээр хэмжээнд байгааг өндрөөр үнэлсэн байна.

-Айлчлалаар ямар, ямар асуудлууд шийдэгдэв. Судлаачийн хувьд та энэ удаагийн айлчлалыг хэрхэн ажиглаж байна вэ?

-Энэ удаагийн айлчлалаар хэд хэдэн асуудал шийдэгдсэн гэж харж байна. Хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх үндэс суурийг тавьсан явдал юм. Хоёрт, Британийн Парламентын Доод танхим буюу 650 суудалтай Нийтийн танхимын сонгууль өнгөрсөн 2024 оны долдугаар сард болж Хөдөлмөрийн нам олонхын санал авч, намын дарга Кейр Стармер Ерөнхий сайд болсон. Тиймээс Нийтийн танхимд Британи, Монголын парламентын бүлгийг байгуулах асуудлаар санал солилцсон байна.

-Ингэхэд парламент гадаад харилцаанд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. “D-Parliament” цахим систем нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын парламентын загварыг хэрэгжүүлсэн гэдэг бил үү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринтавдугаар зүйлийн 1-ийг эш татмаар байна. Үүнд, “УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гээд “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох” гэж заасан. Түүнчлэн “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох”, Гучингурав дугаар зүйлийн 4-д Монгол Улсын Ерөнхийлөгч “гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй байгуулах”, 5-д “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох, буюу эгүүлэн татах” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны Архитектурын асуудал хариуцсан захирал Руперт Хэй Кэмпбэлл, Инновац ба санаачилгын асуудал хариуцсан захирал Элизабет Акс нартай уулзжээ. Уулзалтын үеэр талууд цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн тэрбээр Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн дарга Фабиан Хамилтонтай уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон зэргийг тэмдэглэх хэрэгтэй.

-Их Британи бол манай улсад хөрөнгө оруулагч том гүрэн. Уул уурхайн салбарт 700-гаад сая ам.долларын хөрөнгө оруулсан дүн бий. Тус улстай манайх өөр ямар, ямар салбарт хамтарч байна вэ?

-“Brexit”-ээс өмнө Их Британи Монгол Улсын бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын Европын Холбоон дахь хамгийн том зах зээл байсан. Тухайлбал, боловсруулаагүй болон хагас боловсруулалтын алт, самнасан ноолуур, оёмол нэхмэл, сүлжмэл ноолууран эдлэл, үнэт чулуу хамгийн том зах зээл байсан. Тус улстай 2012 оноос хойш зургаан жилд ашигтай худалдаа хийсэн байх бөгөөд 2018 оны эцсийн байдлаар хоёр орны худалдаанд Монгол Улс 141.8 сая ам.долларын ашигтай гарч байсныг энд тэмдэглэмээр байна. Оюу толгой төслийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто групп нь Лондон, Мельбурн хотноо бүртгэлтэй үндэстэн дамнасан корпораци. 2022 оны хавар Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр 2027 он гэхэд Монгол Улсын ДНБ гурав дахин өсөх төлөвтэй байгаа юм.

ОХУ-аас түлш, шатахуун, эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авч буй Монголын компаниуд олон улсын санхүүгийн хоригт ороод байсан үед Москвагийн Кредит банк, Газпром банк, Сбербанк, Росбанканд Их Британийн банкуудаар дамжуулан төлбөр, тооцоог 2022 оны наймдугаар сарын 15-наас тодорхой хугацаатайгаар саадгүй хийх боломжийг Их Британийн Засгийн газар олгосон.

“Brexit” хэрэгжсэнээр ЕХ-ны “Сайн засаглал, тогтвортой хөгжлийг” дэмжих хөтөлбөрийн хүрээнд хөгжиж буй найман орон, түүний дотор Монгол Улсад олгосон гаалийн хөнгөлөлтийн GSP+ схем Британид үйлчлэхгүй болсон ч 2021 оны хоёрдугаар сард Монгол Улс Их Британийн худалдааны Хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Өргөтгөсөн нөхцөл”-д (UK GSP Enhanced Framework) нэгдэж чадсан.

Британий статистикийн мэдээллээс харахад 2023 оны эцсийн дүнгээр Монгол Улс Их Британийн хувьд худалдааны 133 дахь том түнш бөгөөд Их Британийн нийт худалдааны 0.1 хувийг эзэлж байна. Тоо баримтаас үзэхэд Их Британиас Монгол руу экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 5 жилд 2 дахин өссөн байна. 2023 оны эцсийн дүнгээр Их Британиас Монгол руу экспортолсон шилдэг 5 бараа нь суудлын машин 4,9 сая фунт стерлинг, төмөр ба ган 3.9 сая фунт стерлинг, үйлдвэрийн машин механизм 1.3 сая фунт стерлинг, төмөр замын тоног төхөөрөмж 1.1 сая фунт стерлинг, үр тариа 1.1 сая фунт стерлинг болж байна. Харин 2023 оны эцсийн дүнгээр Монголоос Их Британид импортолсон шилдэг 5 бараа нь: нэхмэлийн утас 6.5 сая фунт стерлинг, ноос ноолууран хувцас 1.6 сая фунт стерлинг, тавилга (300 мянган фунт стерлинг, нэхмэл даавуу 110 мянган фунт стерлинг болсон байна.

Монгол Улсын төмөр замын салбарт Британий төмөр замын өндөр технологи шингээсэн төмөр замын рельс төмрийн бэхэлгээ, төмөр бетон дэр нэвтрүүлэн ашигладаг. Их Британийн төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Pandrol” компани, бетон дэр үйлдвэрлэгч “RM&S” зэрэг компаниуд Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа нэвтрүүлээд амжилттай явж байна.

Монголчуудын өөрсдийн хүч, нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын төсөлд бетон дэр үйлдвэрлэн нийлүүлэх “Ган хийц” ХХК, “Улаанбаатар Бүк” ХК-ууд, дэлхийд тэргүүлэгч Британийн “Pandrol” компанитай бэхэлгээний худалдан авалтын гэрээнд 2019 оны аравдугаар сард гарын үсэг зуржээ. Их Британийн төмөр замын өвөрмөц бэхэлгээг үйлдвэрлэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан “Pan­drol” компани нь 1937 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Монгол Улсын төмөр замын салбарт бүтээгдэхүүн нийлүүлээд 18 жил болж байгаа юм. Эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд тохирох эсэхийг туршилтаар баталгаажуулсан бөгөөд энэхүү бэхэлгээ нь төмөр замын арчилгааны зардлыг багасгахаас гадна Pandrol бэхэлгээг ашигласан төмөр бетон дэрийг Монгол Улсад мөрдөж буй стандартаас 1 километр зайд 180 ширхэгийг хэмнэх бололцоотой ажээ. Энэ нь дунджаар 100 километр төмөр зам барихад 2 сая ам.долларын хэмнэлт гаргахаас гадна төмөр замын голын даралтыг 30 тоннд хүргэж, ингэснээр төмөр замын тээх чадвар, нийт үр ашгийг нэмэгдүүлж байгаа юм. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй бэхэлгээ гэвэл “Pandrol” ажээ. Тус компанийн бүтээгдэхүүнийг 130 орны төмөр замын 411 компани ашиглаж байна. Энэ нь дэлхийн нийт төмөр замын 63 хувь болж байгаа ажээ.

2020 оны 10 дугаар сард дэлхийн 69 зах зээл, бүс нутагт 31 “Худалдааны элч”-ийг шинэчлэн томилсоны нэг нь Нэгдсэн Хаант улсын Нийтийн танхимийн сонгуулийн тойргийн парламентын гишүүн, польш гаргалтай Даниел Р.Кочинскийг Монголыг хариуцсан “Худалдааны элч”-ээр томилсон явдал болно. Тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчилсан.

-УИХ-ын дарга Кембриж, Оксфордын их сургуульд ажиллалаа шүү дээ. Хоёр улсын боловсролын салбарын харилцаа ямар шатанд хөгжиж ирэв?

-Бүр социализмын үеэс МУИС, Британийн Лийдсийн их сургуультай хамтран ажиллаж эхэлсэн байдаг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кембрижийн их сургуулийн Монгол, Өвөр Ази судлалын төв, Ухаалаг дэд бүтэц, барилгын төв, “Кавендиш” лаборатори тэнд ажиллаж буй монгол залуу эрдэмтэд, Оксфордын их сургуулийн газарзүй-экологийн салбарын монгол судлаач эрдэмтдийн судалгааны ажилтай танилцсан. Улмаар дурдсан 2 их сургуультай байгалийн ухаан, технологийн салбарын хүний нөөц бэлтгэх чиглээр хамтран ажиллах боломж нээгдэж байгааг тэмдэглэсэн. Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Дэвид Камерун 2024 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчлахад үеэр Британийн англи хэлний Pearson хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлсэн ерөнхий боловсролын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсад англи хэлний хөтөлбөрийг хөгжүүлэхэд зориулж 10 сая фунт стерлингийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

-Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэхэд биднийг барууны орнуудаас хамгийн түрүүнд дэмжсэн орон бол Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улс. Манай хоёр улсын түүхэн харилцаа яаж явж ирснийг сонирхуулахгүй юу.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь 1945 оны хоёрдугаар сард Ялтын холбоотон гурван гүрний тэргүүн нарын Ялтын бага хурлын үеэр байгуулсан хэлэлцээрээр БНМАУ-ын status-quo-г хүлээн зөвшөөрч АНУ-ын хамт гарын үсэг зурж, 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэхэд Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн Их Британи Монголын “төлөө” санал өгч de facto хүлээн зөвшөөрсөн, Өрнөдийн гүрнүүдээс Монгол Улсыг 1963 онд анх удаа хамгийн түрүүнд de jure хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон. Өрнөдийн гүрнүүдээс 1965 онд Улаанбаатар хотод хамгийн түрүүнд ЭСЯ-аа нээсэн бол үүн лүгээ Монгол Улстай хамгийн түрүүнд худалдааны Хэлэлцээрийг Засгийн газрын түвшинд Өрнөдийн гүрнүүдээс анх удаа 1973 оны гуравдугаар сард Лондон хотноо байгуулж байсан. Их Британи ЕХ-ноос салж бие даасан учраас худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн өргөн хамтын ажиллагаатай, өргөн утгаар нь авч үзвэл Монгол Улсын “гуравдагч хөрш” гэж үзэж болно. 2023 оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант хаан III Чарльзыг хаан сэнтийд залах төрийн ёслолд албан ёсны урилгаар оролцсон нь маш чухал үйл явдал байсан. 2023 он хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлөр тэмдэглэсэн.

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид бүсийн санаачлагад Их Британи НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд бусад гишүүн Франц, АНУ, ОХУ, БНХАУ-тай хамтран улс төрийн баталгаа гаргасан байдаг.

Их Британид Монголын 10 мянга гаруй иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа гэсэн тоо баримт байна.

2024 оны дөрөвдүгээр сард Британийн талаас Гадаад хэргийн сайдын түвшинд 11 жилийн дараа хэрэгжсэн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхсан. Айлчлалын үеэр Монгол, Британийн харилцааг “Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд чиглэсэн Замын зураглал”-д гарын үсэг зурав. Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, Иж бүрэн түншлэлд хүргэх, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болох юм. Замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Айлчлалын үеэр Монгол Улсад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг, Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг тус тус байгуулсан байдаг.

Ойрын хамгийн гол зорилт бол Монгол Улс, Их Британий хооронд “Түншлэлийн шинэ харилцаа”-ны эрхзүйн үндсийг тавих явдал юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй Нэгдсэн Хаант Улс Британийн колони байсан, англи хэлээр ярьдаг 2.4 тэрбум хүн ам бүхий 56 орныг эгнээндээ нэгтгэсэн Британий Хамтын Нөхөрлөлийг удирддаг. Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн нутаг дэвсгэр 29.9 сая км2-ээр хэмжигддэг нь ОХУ-ын нутаг дэвсгэрээс ч том хэмээн ярих дуртай. Дээрх 56 орны 14 улсын төрийн тэргүүн нь Британийн хаан III Чарльз юм.

-Дэлхийн геополитик ээдрээтэй байгаа энэ цаг үед, хоёр том гүрнээр хүрээлэгдсэн Монгол Улсын хувьд гурав дахь хөршийн харилцаа асар чухал. Цаашид бид тус улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа яаж хөгжүүлэх вэ?

-Дахин тэмдэглэхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, НАТО, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн. Өнөөдөр Европ тив АНУ-ын оролцоогүйгээр өөрийн аюулгүй байдлыг сахин хангах чиглэлд ихээхэн анхаарал тавьж эхэллээ. Үүнд Их Британи, Франц, Герман улс оройлон ажиллахаар тохиролцож байна.

Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны хоёрдугаар сард Лондон хотноо болсон. Уулзалтыг Монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст тэргүүлсэн Монгол, Британийн Дугуй ширээний XV уулзалтын хүрээнд Монгол, Британийн хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд хүргэх Замын зураглалын хүрээн дэх хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээг зохион байгуулсан. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлт, эрчим хүчний шилжилт, эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх, нэн чухал эрдэс баялаг, боловсрол, иргэний нийгэм болон иргэд хоорондын харилцаа, Улаанбаатар хотны метро тавих санхүүжилт гэсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцсон. Энэ нь хамтын ажиллагааны үндсэн гол зураглал болж байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Булган: Уншдаггүй хүн сэтгэдэггүй, үгийн баялаггүй болохоор ярих, зөв бичих чадвар муу байдаг DNN.mn

БШУЯ, Боловсролын ерөнхий газар, “Карьер хөгжлийн төв” хамтран “Ухаалаг ирээдүй” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар “Карьер хөгжлийн төв”-ийн захирал Ц.Булгантай ярилцлаа.


-“Ухалааг ирээдүй” төслийн хамрах хүрээ, зорилго юу вэ?

-Монголд анх удаа хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийслэлийн долоон дүүргийн 20 сургууль сонгон авч, сурагч, багш, эцэг эхэд мэргэжил сонголтын сургалт орж байна. Өнөөдрийн 9, 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд хөдөлмөрийн зах зээлд бидний компанид ажиллахаар ирэх Монголын ирээдүйн боловсон хүчнүүд. Одооноос тэднийг шинжлэх ухааны үндэслэлтэй өөрсдийгөө танихад нь, сонирхлоо олж мэдээд зөв салбартаа амжилттай ажиллах иргэдийг бэлдэх зорилготой төсөл юм. Үр дүнд нь сургууль болгон өөр, өөрсдийнхөө хүүхдүүдийг ямар мэргэжилд сонирхол нь давамгай хөгжөөд байна вэ гэдгийг тодорхойлсон дататай болчихно. Мэргэжил сонголт гэдэг бол ганцхан багшийг бэлдээд зогсчихдог зүйл биш. Багш, сурагч, эцэг эх гээд оролцогч талуудад мэдлэг мэдээлэл өгч, хамтад нь бэлтгэж шинжлэх ухаанчаар хүүхдийг үнэлэх нь зөв шийдэл. Багш нар хүүхэд бүрийн үнэлгээнд тулгуурлаж зөвлөгөө өгөх тэр арга зүйг нь төслийн хүрээнд зааж, сургаж байгаа. Сургуулийн зүгээс хүүхдүүдийнхээ сонирхол нь хаашаа илүү чиглэж байгааг олж мэдсэнээр тэр төрлийн хичээлийн цаг, багшийн туршлага зэрэгт анализ хийж, сургалтынхаа стратеги хөгжлүүлэлтэд тусгах юм.

-Манайхан хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй байгаа жүжигчин, дуучин, хуульч, өмгөөлөгч, эдийн засагч гэсэн салбар руу хошуурдаг. Ихэнх хүүхдүүд эцэг, эхийнхээ шахалтаар тухайн мэргэжлийг эзэмших нь бий. Төслийн хүрээнд хүүхдүүд шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлээ сонгоно гэлээ. Үүн дээр эцэг эх, багш нарын үүрэг оролцоо ямар байх вэ?

-Мэргэжил сонголт нь хувь хүний асуудал юм шиг хэрнээ тухайн гэр бүлийн санхүү мөнгөтэй холбоотой. Эзэмшсэн мэргэжлээрээ насан туршдаа хөдөлмөрийн зах зээлд гол хүч нь болж байдаг. Мэдээж сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчид өөрсдөө тус бүрийн үүрэгтэй. Хүүхдүүд “Одооноос яаж зорилготой суралцах юм. Сурах гэдэг ажилдаа хэрхэн хариуцлагатай хандах юм. 9, 10, 11, 12 дугаар ангидаа ямар зорилготойгоор суралцах юм. Надад ямар ур чадвар, сонирхол байна. Байхгүй бол хэрхэн яаж хөгжүүлэх юм. Ямар хичээлүүддээ түлхүү анхаарах ёстой юм” гэдгээ тодорхойлж харж, өөртөө зорилго тавьж суралцана. Мэдээж тэднийг зөв салбарт жаргалтай ажиллах зөв хүнийг бэлтгэхэд чиглүүлж туслах нь эцэг, эхчүүд бидний үүрэг. Ингэж хүүхдүүдээ зөв чиглүүлж туслахаас гадна зөв мэргэжилд хөрөнгө оруулж, санхүүжүүлмээр байна. Хиймэл оюун ухаан, технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор нөгөө л бидний мэддэг хуучин мэргэжлүүд байхгүй болж байна. Үүнийг дагаад маш олон ажлын байр алга болно. Бид бүгдийн мэдэхгүй шинэ ажлын байрууд түрэн гарч ирчихээд байна шүү дээ. Дэлхийд ирээдүйн мэргэжлийн чиг хандлага хаашаа явж байгаа талаар судалгаатай байж, шинэ мянганыханд мэдлэг мэдээлэл өгч, чиглүүлэх нь багш бидний үүрэг. Улмаар хүүхдүүдийнхээ идэвхтэй, чин хүсэл эрмэлзэлтэй суралцах очийг нь асаах хүмүүс бол яах аргагүй багш нар юм.

-Гадаадын ахлах ангийн сурагчид сонирхож буй мэргэжлээрээ яг ажлын байран дээр гарч дадлага хийж үзэхийн тулд Монголд нэлээд мөнгө төлж ирдэг болжээ. Тэгэхээр манай хүүхдүүд эзэмших мэргэжлээ сонгохдоо ингэж судалж, дадлагажих боломжууд нээлттэй биз дээ?

-Орчин цагт хүүхдүүд ирээдүйн мэргэжлээ судлахдаа маш бага цаг зарцуулж байна. Уг нь ирээдүйд эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ талаар тандан судлах хэрэгтэй. Ямар мэргэжил ирээдүйд эрэлттэй болох юм. Ямрууд нь устаад алга болох юм. Үнэхээр би тэр мэргэжил дээрээ сонирхлын хувьд юм уу дадлын хувьд нийцэж байна уу. Энэ мэргэжлийг эзэмшлээ гэхэд ирээдүйд хөдөлмөрийн зах зээл дээр байх уу, байхгүй юу. Байлаа гэхэд хэдэн төгрөгийн цалин аваад хаана юу хийж байх вэ гэдгээ тодорхойлохын тулд одооноос тэр мэргэжлүүдийн талаар нэлээд нарийн судлах хэрэгтэй. Цаашлаад мэргэжлийн хүмүүстэй уулзаж, мэргэжлийн байгууллага дээр очиж дагалдан ажиллаж үзэх нь чухал байна л даа. Тав, арван жилийн дараа одоо байгаа ажил мэргэжлийн гуравны хоёр нь бүрэн устана гэдэг статистик бий. Тэгэхээр оронд нь шинэ мэргэжлүүд төрөн гарах гээд байна. Ирээдүйд боловсрол, эрүүл мэнд, бүтээн байгуулалтын буюу инженер, IT технологи зэрэг салбарууд эрэлттэй мэргэжлээр нэрлэгдэж байгаа. Тэр мэргэжлүүдэд би тохирох юм уу гэдгийг хүүхдүүд маань одооноос сайн бодож, өөрийгөө сорих ёстой. Магадгүй сэргээгдэх эрчим хүчний инженер болох сонирхолтой хүүхэд энэ салбарын компани дээр очоод дагалдан ажиллаж үзэж болно. Жишээлбэл, “Энэ мэргэжил юу хийдэг юм. Би сэргээгдэх эрчим хүчний инженер болж чадах юм уу” гэдгийг нарийн судалж үзэх нь чухал. Ер нь хүүхдүүд ямар ч байгууллага дээр очоод “Таны ажил мэргэжилтэй танилцах гэсэн юм. Таныг дагалдаад ажил хийж үзмээр байна” гэхэд Монголын бүх албан газрууд нээлттэй. Гагцхүү манай хүүхдүүд эрэл хайгуул хийхгүй байна. Байгууллагуудаар дагалдан хийж, эзэмших мэргэжлээ судлах санаачилга гаргахгүй байгаа нь том алдаа. Гэтэл гадны хүүхдүүд “Ажлын байран дээр нь ажиллаж үзэх боломжтой улс нь Монгол байна” гээд мөнгө төлөөд амралтаараа ирж дадлагажиж байна шүү дээ.

-Ирээдүйн мэргэжлүүд хүнээс ямар ур чадвар шаардах вэ?

-Ирээдүйд хүүхдүүд ямар мэргэжил эзэмшиж, ямар ажлын байран дээр очсон ч академик “Hard skill” буюу хатуу ур чадвараас гадна “Soft skill” болох зөөлөн ур чадвараараа ялгарах юм. Зөөлөн ур чадвар гэдэг нь хүнтэй харилцдаг, хамтран ажилладаг, баг болж чаддаг, бусдыг ойлгодог, тусалдаг зэрэг чанарууд юм. Яагаад гэвэл маш олон ажлын байр хиймэл оюун ухаан, автоматад шилжээд роботуудыг бүтээнэ гэж байгаа. Тэгэхээр хар ажлуудыг роботууд хийгээд эхэлчихээр хүн төрөлхтөн роботоос ялгарахын тулд хүнтэй харилцаж чаддаг, хүнтэй хамтарч чаддаг, хүнийг хайрлаж чаддаг зөөлөн ур чадвартай байх ёстой гэсэн үг. 2050 онд харилцааны ур чадвар хамгийн эрэлттэй байна гэдгийг эрдэмтэд тодорхойлчихсон. Ялангуяа тод ярьдаг, зөв бичдэг, уншдаг, уншиж ойлгосноо анализ хийгээд, дүгнэлт бичдэг чадвартай хүмүүс ирээдүйд чухал. Тэгэхээр өнөөдрийн есдүгээр ангийн хүүхдүүд 2050 онд хөдөлмөрийн зах зээл дээр 40 настай идэвхтэй ажиллаад явж байх залуучууд болсон байна. Тэгвэл хоёрдугаар ангид сурч байгаа найман настнууд тэр үед 33-тай залуучууд болно. Одоо энэ насныхан цахимжсан ертөнцөд гар утсаар их тоглож, хэтэрхий дэлгэцийн хамааралтай болсон. Үүнээс болж ярих чадвар маш муу. Өөрийгөө зөв бүтэн илэрхийлж чаддаггүй. Тультраа юм уу гэхээр тийм биш. Бага ангиудад ярихдаа муу хүүхдүүд олон байна. Эндээс дэлгэцийн хамаарал ихтэй, ном, сонин уншихгүй байгаагийн агуулга харагдаж байгаа. Дээрээс нь Боловсролын яамны сургалтын хөтөлбөрт унших, бичихийн хичээлийн цагийг байхгүй болгосонтой холбоотой гэж багш нар хэлж байна лээ. Тэгэхээр энэ талыг судалж үзэх хэрэгтэй.

-Өнгөрсөн жил олон улсын PISA үнэлгээгээр судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэж гарсан. Өөрөөр хэлбэл, уншаад ойлгодоггүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн улсууд хийж байсан. Хүүхдүүдийг унших дадалд яаж сургах вэ?

-Хүүхдүүд ерөөсөө ном уншихаа больчихсон юм байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ ном уншуулахгүй байна. Хэтэрхий их утасны хамаарал нь хүүхдийг сэтгэн бодох чадвар, ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг. Хүний харилцааны суурь чадвар ярих. Тэгэхээр уншиж байгаа хүн бичдэг, ярьдаг, илтгэдэг. Харин ном, сонин уншихгүй хүн үгийн баялаг муутай байна. Уншдаггүй хүн сэтгэхгүй. Уншиж чадахгүй байгаа хүн өөрийгөө бүтэн өгүүлбэрээр илэрхийлж, хүнтэй бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй. Тэгэхээр гэр бүлээрээ 20 минут тогтмол ном уншдаг дадлыг бий болгох хэрэгтэй. Хүн болгоны унших хурд, ойлгоц харилцан адилгүй. Унших тусам энэ байдал засарч, сайжирдаг. Энэ янзаараа ирээдүйд уншаад мэдээлэл цуглуулж тэрнээсээ анализ дүгнэлт бичиж чаддаг хүн ховор болно. Зөв бичгийн дүрмээр алдаагүй бичдэг хүн ховордчихлоо гэдэг нь яалт ч үгүй харагдаж байна. Тэгэхээр таван жилийн дараа хөдөлмөрийн зах зээл алдаатай бичдэг хүүхдүүд гарч ирэх нь гэдэг аюул байна.

-Стрессээ удирдаж чадахгүй бүхэл бүтэн үе бий боллоо гэж судлаачид сануулж байгаа. Яах ёстой вэ?

-Хүүхдүүд сэтгэл хөдлөл, стрессээ удирдаж чадахгүй байгаа нь тоглодог тоглоом, үздэг контенттой холбоотой. Хүүхдүүдийн массаараа цахимд холбогдоод тоглож байгаа тоглоомууд нь шууд сэтгэл хөдлөлийн эмоцоо илэрхийлж, бухимдлаа гаргадаг. Энэ нь тухайн хүүхдийг их стресстүүлдэг. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ яг юу тоглоод байгаа юм. Тэр зүйлээсээ юу авч байгааг нь харж хяналт тавихгүй байна. Тийм болохоор аав, ээжүүд маань хүүхдүүдтэйгээ нээлттэй байж, “Миний хүү яг ямар тоглоом тоглодог юм. Эндээс юу сурдаг юм, давуу тал, сул тал нь юу юм бэ” гэж асууж, ярилцаж баймаар байна. Ерөөсөө л хүүхэдтэйгээ ярилцах гэдэг ажлыг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэй. Бага насны ч тэр, ахлах ангид орсон ч гэсэн хүүхэдтэйгээ тасралтгүй ярилцах нь чухал. Тухайлбал, “Миний хүү сурах ажилдаа хариуцлагатай хандаарай. Чи сурах гэж сургуульд явж байгаа шүү. Чи чадна шүү, хичээгээрэй” гэдэг ч юм уу. Өсвөр насны хүүхдээ тэвэрдэг, үнсдэг, хайрладаг, энхрийлдэг байдал багасчихаар тэд том хүний тоглоомоор тоглох кейсүүд эхнээсээ гарч байна л даа. Ахлах ангийн хоёр сурагч үерхээд аав, ээж болсон байх жишээтэй. Энэ бол маш том алдаа юм. Хүүхэдтэйгээ ний нуугүй ярилцах нь юу юунаас чухал. Хүмүүс хүүхэдтэйгээ ярилцахгүй байгаа учраас асуудал томроод байна л даа.

-Хүүхдүүдийг урмын үгээр усалж байх хэрэгтэй гэж зөвлөдөг юм билээ. Үнэхээр урмаар тэтгэгдсэн хүүхэд шилдэг болох уу?

-Монголчууд “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэг дээ. Хүүхдэдээ “Чи чадна, хичээгээрэй. Ээж, аав нь чамд итгэж байна” гээд хүүхдээ байнга хурцалж өгөх хэрэгтэй. Томчууд бид хүүхдэдээ ингэж хэлдэггүй нь алдаа болоод байна. Хүүхдүүд “Ээж, аавтайгаа ярилцах гэхээр өөдөөс загнадаг. Загнаад байхаар нь дахиж юм ярихаа больчихдог” гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр аав, ээжүүд хүүхэдтэйгээ ирээдүйнх нь талаар, мэргэжил сонголтынх нь талаар сайхан ярихгүй байна гэсэн үг. Ямар сургуульд явмаар байгааг нь ярилцаж зөвлөн чиглүүлэх хэрэгтэй. Тэрнээс загнаж, зандрах бол шийдэл биш. Зөвлөн чиглүүлэгч, туслах нь байх ёстой байтал загнаж, зандарч, шийтгэдэг, айлгадаг хүн нь байхаар чинь хүүхдүүд ээж ааваасаа нууж явсаар буруу зүйлд уруу татагдах эрсдэлтэй. Дээрээс нь энэ үеийнхний цахим хэрэглээнд хяналт тавихгүй бол хүүхдүүд цагийн зөв менежмент хийж чаддаггүй. Аливаа нэг юманд тууштай байх зорилгоо тодорхой тавьчихаад тавь-сан зорилгодоо хүрсэн нэгэн байхын ач холбогдлыг тэдэнд ойлгуулж, чиглүүлэх ёстой. Тэгэхгүй бол одооны хүүхдүүд дөрөв, таван том зорилго тавьчихдаг. Цагийн зөв менежмент хийж чадаагүйгээс болоод гүйцэтгэл муутай байдаг онцлогтой.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Могой жил их хөдөлмөрийн гарааны жил DNN.mn

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил гарлаа. Монгол түмэн урин дулаантай золгож буй хаврын тэргүүн сарыг шинэ жилийн эхлэл болгон бэлгэдэж өргөн дэлгэр угтдаг уламжлалтай. Тэр ерөөлөөр цагаан сарын баяр маань ч ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Өнөө жилийн хувьд ихээхэн онцлогтой жил гарч байгаа. Улс орны эдийн засгийг өөд нь татах их хөдөлмөр, бүтээн байгуулалтын ажлууд оргилсон жил байх юм.

Монгол Улсын Засгийн газраас зарласан 14 мега төслийн ажлууд энэ хавраас өрнөж эхэлнэ. Монгол Улсыг хөгжилд хүргэх тэдгээр төслүүд хэрэгжих бүх нөхцөл тохироо нь улс төрийн түвшинд бүрдсэн учраас саадгүй үргэлжлэх боломжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор сонгуулиа хийгээд парламентын 126 гишүүнтэй болсон. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Хамтарсан Засгийн газраа байгуулаад авсан. Олон жил улс төр орж гацаагаад байсан мега төслүүдээс лав гурвыг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөдөлгөчихлөө.

Эхнийх нь Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл. Энэ нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш байгуулж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байгаа юм. Уг төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад нүүрсний экспорт жилд дунджаар 165 саяд хүрнэ гэсэн тооцоолол бий. Нүүрснээс орж ирэх борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг. Дараагийн гацаанаас гарсан том төсөл нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Эрчим хүчний хараат байдлаас гаргах боломжтой энэ төсөл бас л олон жил гацсан даа. Эрдэнэбүрэн ашиглалтад орлоо бол баруун аймгуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос 100 хувь найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэж байгаа юм. Гурав дахь нь мэдээж ураны төсөл. Хөршүүдийн эсэргүүцэл, дарамт шахалтаас өгсүүлээд олон сорилттой тулгарсан, бид. Амаргүй зам туулж хөдөлгөсөн энэ төсөл манай улсын хувьд гурав дахь хөрштэйгөө хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ. Төслийн хүрээнд цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд болох 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, экспортолно. Цаашлаад Засгийн газраас зарлаад буй гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, газрын тос болон зэс боловсруулах цогцолбор, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн дулааны цахилгаан станц зэрэг 14 мега төсөл хэрэгжих юм бол нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрнэ. Ядуурлын түвшин хоёр дахин буурч, инфляци нэг оронтой тоо руу орох боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байгаа.

Тэгвэл нийслэл хотын хувьд могой жил мөн л их эргэлтийн жил байх нь ээ. Улаанбаатарын түмэн асуудлыг шийдэх бүтээн байгуулалтын ажлууд энэ онд өрнөнө. Түгжрэлийг шийдэх замууд тавигдана. Утааг арилгах гарц гаргалгааг нэвтрүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжинд гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ лээ. Түгжрэлийг бууруулахад Туулын хурдны зам, шинэ тойрог зам, тусгай замын автобус зэрэг есөн төсөл хэрэгжихээр эрэмбэлжээ. Харин агаарын бохирдлыг бууруулах ТЭЦ-V, Сэлбэ, Баянхошууг орон сууцжуулах хүрээнд таван төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Мөн Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Туул усан цогцолбор, Шинэ Зуунмод хотын дэд бүтэц гээд долоон мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Улаанбаатарын мега төслүүдээс өнөөдрийн байдлаар 20-иод төсөл эхэлсэн байна гэв. Энэ мэтчилэн өнөө жил өрнүүн их хөдөлмөрийн жил байх ажээ.

Могой жил баялаг өгдөг хэмээн монголчууд бэлгэддэг. Тэгэхээр одоо бүгдээрээ хөдөлмөрлөцгөөе. Хөдөлж, хөдөлмөрлөж байгаа хүн л үр шимийг нь хүртдэг. Засгийн газар болон нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа тууштай явуулж, энэ бүхнийхээ ард гарах ёстой.

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал бидэнд аль нэгэн улсад найдах хэрэггүй гэдгийг сануулж байна. Бид өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийдэж чадна. Тэрнээс бусдад даатгаад гараа хумхиад сууж болохгүй. Өнөө цагт өөрөө өөрийгөө л авч явна гэдгийг өдөр тутмын үйл явдлууд харуулж байна шүү дээ. Тэгэхээр одоо хэдүүлээ хөдөлмөр бүтээл өрнүүлцгээх нь юу юунаас илүү чухал байна. Хуучин шигээ юм болгонд гоншигнож, халамж горьдож өдөр хоногийг өнгөрүүлдгээ болих хэрэгтэй.

Хүний дор орохгүйн төлөө ажиллаж, хичээцгээе. Баян тансгаа байг гэхэд дундаж амьдралтай болгоцгооё. Хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж байвал яваандаа улс орон хөгжиж, баян тарган болох л биз. Хэдий болтол Монгол Улс гадаадад ядуу орон гэж гадуурхагдах юм бэ. Монголын ард түмэн нэгэн зүрх сэтгэлээр энэ бүх төслүүдээ ажил хэрэг болгохын төлөө нэгдэн нийлж дор бүрнээ дэмжих хэрэгтэй байна. Тэгээд ч бид түүхэндээ ийм их ажил хийнэ гэж байсан удаагүй. Хамтарсан Засгийн газрын үед л эдийн засгийг тэлэх том төслүүд яригдаж байна. Одоо энэ бүгдийгээ тууштай хийж хэрэгжүүлцгээе ээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Алтанхүү: Майдар бурхан цөвүүн цагт асрал энэрлийг түгээж, сайн цагийг авчрах учиртай DNN.mn

Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тамгын лам Ц.Алтанхүүтэй ярилцлаа.


-Зүүн хүрээ Дашчойлин хийд Хүрээ Майдар дуганыг өнгөрсөн онд нээсэнээр сүсэгтэн олны зорин ирдэг газар болжээ. Хүрээ Майдар бурхан анх V Богдын үед бүтсэн талаар түүхийн эх сурвалжууд бий. Тухайн цаг үед ямар учраас энэхүү бурхныг бүтээж, залах болсон үүх түүхээс нь ярилцлагаа эхэлье?

-Хүрээ Майдар бурхны маань нэр санскритаар Майдар (Maitreya), Төвөдөөр Жамба гэдэг. Монголоор “асрал”, “энэрэл” гэсэн утгатай. Бурхан Шагжа мүни шашин доройтож цөвүүн цаг ирэх үед хүний мөс чанар муудаж хүн төрөлхтөн өнөөдрийнхөөс ч хэцүү сорилттой тулгарсан хэцүү цаг үед Майдар бурхан морилон ирж асрал энэрлийг түгээн, сайн цагийг авчрах учиртай хэмээн бурхны номонд айлтгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Шагжа мүни бурханы дараачаар замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын тав дахь нь Майдар бурхан юм.

Хүрээнд анх V Богдын зарилгаар тухайн үеийн хүрээний хамба Номунхан Агваан Хайдав ламын удирдан зохион байгуулалтаар түүний дор хутагт хувилгаад лам хуврагууд Майдар бурханыг хэрхэн бүтээх талаар хэлэлцэн ярилцаж байгаад 1834 онд бүтээжээ. Тэрнээс өмнө нэлээд олон жил бэлтгэл ажил хийж, багагүй цаг хугацаа зарцуулсан түүхтэй юм билээ. Ингээд лам хуврагууд, ард түмэн, сүсэгтэн олны сүжиг сэтгэлийг болгоон V Богд маань зарлиг гаргаж Хүрээний төв хэсэгийн хойд талд буюу одоогийн Дөлгөөн нуур гэх барилгын хавьд Хүрээ Майдар бурханыг дуганы хамт бүтээсэн байдаг. Хүрээ Майдар бурхан болон дуганыг бүтээх зардлыг Богдын сангаас гаргасанаас гадна сүсэгтэг олны өглөг хандивыг нийлүүлэн бүтээжээ. Тухайн үеийн Майдар бурхан бүтээх ажлыг удирдан зохион байгуулж байсан хамба Номунхан Агваан Хайдавын бичиж тэмдэглэсэн “Майдар бүтээсэн гарчиг” хэмээх номонд энэ болгоныг тодорхой тэмдэглэн үлдээсэн байна. Мөн түүний зүүдэнд ирсэн бэлгэ тэмдгийн талаараа ч дурджээ. Тухайлбал, өглөө босоод гарахад нь хөлийн мөрийн хэмжээ байсныг шинжиж Хүрээ Майдар бурханыг бүтээсэн гэх яриа, бичиж тэмдэглэсэн зүйлс байна.

Ямартаа ч Монголын ард түмэн, сүсэгтэн олон, лам хуврагууд нийлээд V Богдынхоо зарлигийн дагуу Майдар бурханыг 1834 онд бүтээжээ. Тэр үеийн Хүрээ эд хөгжиж цэцэглэж байсан үед Хүрээний чухал нэг шүтээн, дуган сүм болж бүтсэнээрээ олон газрын сүсэгтнүүд ирж мөргөдөг, гадаадыг жуулчдын зорьж сонирхдог хамгийн чухал газар болж байв. Үүнийг тухайн үеийн Монгол оронд жуулчилж байсан гадаадын жуулчид болон эрдэмтэн судлаачдын тэмдэглэлд хэдэнтээ онцолжээ. Н.К.Рерихийн номонд “Анх Монголын Их Хүрээнд очихдоо Чингэлтэй уулыг даваад орж ирэхэд хамгийн өндөр барилга нь Хүрээ Майдарын дуган харагдаж байлаа” гэж дурдсан байх жишээтэй. Энэ мэтчилэн тухайн үеийн Хүрээ Майдар бурханыг бүтээсэн тухай тэмдэглэл, эх сурвалж маш олон байна. Харамсалтай нь дайны үед буюу 1942 онд нураагаад орос руу аваад явсныг монгол түмэн мэдэх биз ээ. Улмаар монголчуудын шүтээн болж байсан Хүрээ Майдар бурхан дуганы хамт устаж үгүй болж байсан түүхтэй.

-Одоогийн Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд залсан Майдар бурханы дүрийг яаж гаргасан бэ?

-Азаар тэр үеийн кино зурагны хальсанд Майдар бурханы дүр байдал үлдсэн байгаа. Ард олны дунд “Хүрээ Майдар”, “80 тохой Майдар” ч гэж хэлэгддэг энэхүү Бурхан маань сүсэгтэн олны маш их дээдэлдэж хүндэлдэг шүтээн байсан юм.

-Монголчуудын Майдар бурханыг шүтэж, залбирахын ач тус амьдрал ахуйд нь яаж эерэгээр ирдэг вэ?

-Дээр хэлсэнчлэн замбуутивд сайн цагийн мянган бурхан заларна гэсэн бошготой. Тэдгээрийн тав дахь нь болж Майдар бурхан заларч ирнэ. Ер нь бурханы шашинд өнгөрсөн, одоо цагийн бурхдаас гадна ирээдүй цагийн бурхантай уулзах ерөөл тавьж мөргөж залбирч байдаг. Одоогийн Бурхан багшийн шашны дараа Майдар бурхан заларч шашин дэлгэрэх үед Майдар бурхантай уулзах ерөөлийг тавьж шүтэж залбирдаг байна.

-Одоогийн Хүрээ Майдар бурханаа бүтээж залах ажил хэзээнээс эхлэв?

-Ерөнхийдөө 1990 оныг хүртэл хуучин нийгэмд шашин шүтлэг хаалттай байсан шүү дээ. Ингээд 1990 онд нийгэм солигдож, шашин ном сэргэх үед Зүүн хүрээ Дашчойлин хийд маань дахин сэргэж байв. Зүүн хүрээ гэдэг бол хуучин нийслэл Хүрээний гол төв байсан газар. Одоогийнхоор Их тойруугийн хэсэг тэр чигээрээ Зүүн хүрээ гэгдэж байв. Энд хүрээ 30 аймгаас үлдсэн гуравхан дуганы суурин дээр Дашчойлин хийд маань дахин сэргэсэн. Тийм учраас Майдар бурханаа бүтээх, дахин сэргээх зорилгыг манай Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба МУСГЗ, Др. Ч.Дамбажав ламтан анх санаачилж ахмад лам нартайгаа хамтран 1990-ээд оноос эхлүүлсэн түүхтэй. Ингэж явсаар 2000 оны дунд үед цаасан дээр буулгах, судлах ажлуудыг эрчимжүүлэн албан ёсоор эхлүүлж байв. Хүрээ Майдар бурханыхаа эх загварыг бүтээхээс авахуулаад судалгааны олон ажлыг хийсэн. 2010-аад оны үед Монголын урчуудын эвлэлийн уран барималч Н.Оргил гэж хүнээр Хүрээ Майдар бурханыхаа загварыг 1.6 метрийн өндөртэй бүтээлгэсэн юм. Энэ загвараа БНХАУ-ын Сычуань мужийн Төвөдийн өөртөө засах хошууны Бишнү Гарма гэдэг компанийн Гончигдаш тэргүүтэй дархан улсуудаар урлуулсан билээ. Хүрээ Майдар бурханы 1834 онд бүтээгдсэн дүр зураг нь хэдийгээр хальсанд үлдсэн ч гэсэн тэрийг нь ашиглаад эх загвар хийх боломжгүй байв. Тиймээс бид Чойжинламын сүм музейд хадгалагдаж байгаа Өндөр гэгээний дэг сургуулийн дагуу бүтээсэн суугаа Майдар бурханаас эх загвараа авсан. Ийнхүү Хүрээ Майдар бурхан маань 100 мянга гаруй хүний өглөг хандиваар бүтсэн соёлын нэгэн томоохон өв юм.

-V Богдын үед бүтээж байсан Майдар бурханыг хаана урлаж байсан юм бол. Тэр үед 80 тохой өндөр гэхээр ямархуу өндөртэй байсан бэ?

-Урьдны Хүрээ Майдар бурханыг Өмнөд Монголын Долнуур гэдэг газрын уран дархчуудаар бүтээлгэсэн түүхтэй. Тэнд бурхадыг сайхан урлаж, бүтээдэг уламжлалтай. Тухайн үеийн 80 тохой гэдэг нь 16 метр юм байна гэж судлаачдын тооцоолол гаргасан. Бурхан бүтээж байгаа хүмүүс буянаа бодоод хэмжээг нь ахиулдаг сайхан уламжлалын дагуу одоогийн Хүрээ Майдар бурханы маань хэмжээ нэмэгдсээр байгаад 23 метр болж бүтээгдсэн. Бид 2017 онд энэ дуганыхаа шавийг тавьж, бурханаа угсран бүтээж, шүншиглэж байлаа. Дараа жил нь бурханаа аравнайлж дуганыхаа барилгыг барьж эхэлж байв. Ковидын хүнд цаг үед нэрвэгдсэн ч зогсолтгүй ажилласаар өнгөрсөн жил дуганаа бүрэн дуусгасан. 2024 оны зургадугаар сарын 4-ний өдөр дуганыхаа нээлтийг хийж байлаа. Ирж буй модон могой жилд Хүрээ Майдар бурханы маань дугана бүрэн нээгдэж, олон түмнийхээ сүсэг бишрэлийн орон болж байгаад бид бүхэн талархаж байна.

Манай хийдийн Тэргүүн хамба ламын анх тавьж байсан зорилгын дагуу хүн болгон ирдэг, шашин, соёл, боловсрол, гэгээрлийн төв байгаасай гэдэг санаагаар Хүрээ Майдар дуганыг бүтээсэн юм. Ирсэн хүмүүс сайн сайхан, сэтгэлийн амгаланг эндээс олдог байх болтугай. Бас шашин ном, ёс суртахууны олон зүйлийг суралцаж мэдээд бусдад түгээж байх болтугай. Мөн иргэд олонд сэтгэлийн тайвшрал, амар амгалан мэдрэх тухтай орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Бид 2025 оноос эхлэн шашин, соёл, боловсрол, мэдлэг олгох сургалт, судалгаа шинжилгээ, соён гэгээрүүлэх олон нийтэд зориулсан төрөл бүрийн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэхүү таван давхар барилга дотор Зүүн хүрээ коллеж, Буддын шашин соёл судлалын хүрээлэн ажиллаж байна

-Зүүн хүрээ Дашчойлин хийд жил бүр Майдар эргэх ёслол хийдэг. Энэхүү уламжлалын талаар сонирхуулахгүй юу?

Монголчууд эрт дээр үеэс хийд хүрээндээ майдар эргэдэг ёслол хийдэг сайхан уламжлалтай байсан. Тэрхүү уламжлалыг манай Зүүн хүрээ Дашчойлин хийд сэргээгээд зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр Майдар эргэх ёслолыг хийдэг. Тэргэн дээрээ Майдар бурханаа залаад сүсэгтэн олонтойгоо хийдээсээ гараад нар зөв гороолоод буцаж ирдэг. Ингэхдээ хүнсний IV дэлгүүрийн хажуугаар гараад гуравдугаар сургуулийн урдуур яваад “Өдрийн сонин”-ы уулзвараас урагшаа эргээд буцаад хийддээ орж ирдэг. Монгол орны олон сүм хийдүүд Майдар бурхантай уулзахын ерөөл тавьж энэхүү ёслолыг хийдэг.

-Ингэхэд Орос руу аваад явсан Майдар бурханы сураг гарсан уу?

-1990-ээд оны эхэнд Жанрайсаг бурханыг бүтээх үед хүмүүс Орос руу явж эрж сурж үзсэн юм билээ. Сураг нь төдийлөн гараагүй гэж хэлдэг. Ямартаа ч дайны үед Орос руу аваад явсан. Эвдэж сүйтгээд өөр зүйл хийсэн үү, эсвэл бүтнээр нь хадгалж байгаа юу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй. Тухайн үед зэсээр хийсэн Хүрээ Майдар бурхан маань Хүрээний хамгийн том бурханы нэг нь байсан.

М.МӨНХЦЭЦЭГ