Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ардчилсан нам Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон нь оносон бололтой DNN.mn

Намын даргаа сонгож, эвлэлдэн нэгдэж чадсан одоогийн Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиас өмнө ямар байлаа. Цацсан шагай шиг л тархай, бутархай байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Үнэндээ Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэж хэлэхэд хүртэл итгэхгүй болтлоо тартагтаа тултал унасан. Тэр үед монголчуудын хэлдгээр ёстой шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг нэгэнтээ толхилцож, хувааж, салгаж болох бүх зүйлээ л хагалж буталсан даа. Энэ улаан хэрүүл, уйлаан майлаан дундаас Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдон гарч ирсэн. Тамга, гэрчилгээний хэрүүл дуусч, намын үйл ажиллагаа Лу.Гантөмөр гарч ирснээр албан ёсоор эхэлсэн. Гэтэл түүнийг гарч ирснийх нь дараа дэмжсэн, дэмжээгүй бүгд л АН-ыг Лу. Гантөмөр нэгтгэж, эвлүүлж яагаад ч чадахгүй гэж халаглаж байсан нь саяхан. Ингэж халаглах гол шалтгаан нь Лу.Гантөмөр хүнийхээ хувьд ч, улс төрчийнхөө хувьд ч зөөлөн хүн учраас намын зодооныг зогсоож, эвлүүлж, бүр дэг журманд нь оруулж чадахгүй гэж үзсэнд байгаа юм. АН дахиад л бужигнаж байгаад УИХ-ын сонгуультай золгож, арга байхгүй “зөөлөн Лу”-тайгаа орцгоосон. Ингээд сонгууль ч болоод дууслаа. Анхнаасаа намын даргаа голж сонгуульдсан АН-ынхнаас сонгуулийн дараа ч амжилттай оролцлоо гэж нэг ч хүн хэлээгүй. Үнэндээ бодит байдал дээр АН энэхүү сонгуульд маш амжилттай оролцсон гэдэг нь 400 гаруй мянган хүний саналаас тодорхой харагдана. Авсан саналаараа анхны 126 гишүүнтэй парламентад 42 суудал авсан. Парламентын энэ том бүлэг нэмээд Засгийн газрын найман гишүүнтэй болсон. Тийм гараанаас ийм амжилттай оролцсон Ардчилсан намын гавьяа хүссэн хүсээгүй намын дарга Лу.Гантөмөрт л оногдоно. Энэ хүн ч гавьяаг хүсэхгүй байх. Харин дээрх гарсан амжилтаас улбаалсан эерэг нөлөөлөл Ардчилсан намын дархлааг дэмжих вакцин болж өгч байгаа нь уг намын хамгийн том ололт. Тэртэй тэргүй унасан ч, боссон ч дотроо зодоонтой, хэрүүлтэй явдаг АН-д энэ нөлөөлөл алсуураа эвлэлдэн бэхжих зам руу л чиглүүлнэ. Нам гэж мартагдах шахсан АН өнөөдөр нам шиг нам болчихсон төрийн бодлогыг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд тодорхойлон явж байна. Гарсан амжилт нь Лу.Гантөмөр битгий хэл АН-ын өмнөөс дуугарчихсан учраас уг намын талаар сайн хэлэх хүмүүс өдөр ирэх тусам олширсоор байгаа нь үнэн. Ингээд бодоод үзэхэд Ардчилсан нам Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон нь оносон бололтой.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Найдалаа: Асар их хөрөнгө зарцуулсан ч утаа буурах биш, улам л хортой болсонд иргэд бухимдаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхныхаа чуулганыг 126 гишүүнтэй парламент хуульд заасан хугацаандаа хуралдаж хаалаа. Энэ утгаараа өнгөрсөн намрын чуулган та бүхний хувьд ямар үр бүтээлтэй болж өндөрлөв?

-Холимог системээр сонгуулиа хийж, гарсан үр дүнгээр нь байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит чуулган өндөрлөлөө. Энэ утгаараа 76-гаас 126 болсон парламент асуудалд яаж хандаж байна, ямар хандлага илүү байна, өмнөхөөсөө юугаараа өөр байгааг тодорхой илтгэсэн чуулган болсон гэж бодож байгаа. Товчхондоо маш сонирхолтой чуулган боллоо гэж хариулмаар байна.

-Хамгийн сонирхолтой нь хамтарсан Засгийн газар байгуулсан явдал байх, тийм үү. Үүнд танай нам бас орсон байгаа шүү дээ…?

-Юуны өмнө ямар үндэслэл, шалтгаанаар хамтарсан бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Анх хамтарч байхдаа ч олон нийтэд энэ талаар тодорхой хэлж байсан. Одоо ч хэлье. Манай намын хувьд яагаад Засгийн газарт хамтарсан юм бэ гэж. Юуны өмнө 2-3 жил биш 20-30 жил улс төрийн гацаанаас гарч чаддаггүй том төслүүдийг хөдөлгөх гэж хамтарсан. Улс төрийн тогтвортой байдал чухал байна гэж бид сүүлийн 30 жил ярилаа. Үүнийг бодитой болгох гэж бид хамтарсан. Улс орны хөгжлийг бодитой дээшлүүлэхийн төлөө бид хамтарсан. Эдийн засгаа өсгөхийн тулд хамтарсан гэж ойлгож байгаа. Эхнээсээ хамтарсан Засгийн газрын бодит үр дүнгүүд гарч байна.

-Тухайлбал, ямар үр дүн гарчихаад байна вэ?

-Монгол Улс бол дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, хоёрхон хөрштэй улс. Энэ утгаараа бидэнд гуравдагч хөршийн бодлого, гуравдагч улс орнуудтай хийх том төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг нь эдийн засаг гэлтгүй бусад талаараа асар чухал нөлөөтэй. Энэ утгаараа саяхан бид Францын “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Энэ бол маш том ажил. Өнгөрсөн 20 гаруй жил хийгдээгүй том ажил гэж харж байгаа. Маш хурдан хугацаанд хөдөллөө. Хөдлөх болсон шалтгаан нь нөгөө хамтарсан Засгийн газар байгуулагдсантай холбоотой болов уу. Дээр нь төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын асуудал байна. Төмөр замаа бид барьчихсан атлаа холбож чадалгүй 20 км-ээр зөрүүлчихсэн байсан. Энэ бол үнэхээр харамсалтай үйл явдал. Үүний цаана асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулагдсан. Алдагсан боломжоо мөнгөн дүнгээр тооцоод гаргаад ирвэл хэдэн их наяд төгрөгийн алдагдал гарч ирнэ. Үүнийг хөдөлгөж, хил холболтын төмөр замуудын ажил гацаанаасаа гарсан.

-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудал намрын чуулганы сүүлээр нэлээд шуугьсан. Их хэмжээний өр зээл тавьж байгаад уг үйлдвэрийг ашиглалтад оруулна. Ашиглалтад орсныхоо дараа зардлаа нөхөж чадах уу гэдэг дээр шүүмжлэл их гарсан л даа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрээ бид аль болох богино хугацаанд ашиглалтад оруулаад, эрчим хүч, газрын тосны хараат бус байдлаа нэн яаралтай олж авах хэрэгтэй

Та үр ашигтай байх талаас нь асуулаа. Гэхдээ үр ашигтай байх буюу менежмент нь тусдаа асуудал шүү. Мөн Энэтхэгээс авч байгаа зээл ч гэсэн тусдаа яригдах асуудал. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо менежментээ хийж чадаагүй, уг төслийг үр ашиггүй удирдчихаад үүнийгээ Энэтхэгээс авах зээлийн асуудалтай хольж хутгах ямар ч шаардлага байхгүй гэсэн үг.

-ХҮН намын хувьд энэхүү парламентад бүлэг байгуулах хэмжээнд хараахан суудал авч чадаагүй байх аа. Гэхдээ бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой гэж гишүүд хэлж байсан санагдана. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай намын хувьд парламентад найман гишүүн сонгогдон ард түмнээ төлөөлөх, хууль тогтоох ажлаа хийж байгаа. Мэдээж бүлэг байгуулахад гишүүний тоо дутна. Тиймээс бид УИХ дахь ХҮН намын зөвлөл байгуулсан. Даргаар нь миний бие ажиллаж байна. Зөвлөл ч гэлээ бүлгийн хэмжээнд ажиллаад явах боломж бидэнд хангалттай бий. Ажиллаад ч явж байгаа гэж боддог. УИХ-ын найман гишүүн гэдэг бол цөөхөн тоо биш ээ.

-Танай намын хувьд салбарын реформуудыг хийх шаардлагатай гэж ярьдаг. Энэ утгаараа хамтарсан засагт ороод Эрчим хүчний реформыг эхлүүлсэн. Гэхдээ реформ гэхээс илүү нийгмээс намдаа гал дуудсан салбарыг түрүүлээд барьчихсан юм биш үү гэж хардаг л даа…?

-Манай нам Засгийн газарт хамтарсан гол зорилго бол шийдэж чадахгүй байсан шинэчлэлийн чанартай суурь асуудлыг шийдэх реформ. Үүний тод жишээ нь, эрчим хүчний реформ юм. Эрчим хүчний салбараа бид шинэчилж байж эдийн засгийн өсөлт, бусад салбарын болоод иргэдийн орлого нэмэгдэх тухай ярих боломж нээгдэнэ. Энэ шинэчлэлийг эхлүүлэхгүйгээр, хийхгүйгээр Монгол Улсын хөгжлийн тухай ярих хэцүү. Бараг боломжгүй. Тиймээс бид нийтээрээ бодит үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Энэ утгаараа уг асуудлыг ХҮН нам улс төрийн хувьд манлайлаад Үндэсний хороо байгуулан ажиллаж байна. Уг хороог Шадар сайд Т.Доржханд ахалж байгаа. Мөн нам, намын гишүүд тус хороонд ажиллаж байгаа. Ингэж ажиллаж байгаагийнхаа хувьд энэхүү шинэчлэлийг хийхэд улс төрийн дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатай. Энэ бол том ажил. Чухал сэдэв. Үүний үр дүн тун удахгүй гарах болно.

-Та сая хэллээ, эрчим хүчний шинэчлэлийг манай нам манлайлж эхлүүлсэн гэж. Мэдээж шинэчлэл гэдэг өргөс авсан юм шиг хийгдэхгүй байх. Гэхдээ эрчим хүчний үнэ, тарифыг нэмэх замаар шинэчлэл хийх шаардлага байсан уу. Нэмсэн юм бол яагаад цахилгаан хязгаарлалт хийсэн юм бэ гэдэг дээр иргэд маш их бухимдалтай байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Иргэдийн шаардаж, бухимдаж байгаа нь зөв өө. Үүнийг ХҮН нам маш сайн ойлгож, хүлээн авч байгаа. Гэхдээ нэг буруу ойлголт энд байна. Үнэ нэмчихээд тог тасалчихлаа гэж. Тэгэхээр эрчим хүчний шинэчлэлийг эхлүүлэх хамгийн эхний алхам бол мэдээж үнэ тариф. Өөрөөр хэлбэл үнэ, тарифыг нэмэх шаардлага заавал байсан. Нөгөөтэйгүүр үнэ тарифыг нэмсэн, нэмээгүй эрчим хүчний хязгаарлалт болдгоороо болох л байсан зүйл. Тогны хязгаарлалт бол үнэтэй ямар ч хамаагүй ойлголт шүү. Үүнийг иргэд маань ялгаж салгах учиртай. Тогны хязгаарлалт угтаа олон жил бид эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй, байгаа эх үүсвэрээ тулгачихаад хэрэглээгээ улам нэмсэнтэй холбоотой асуудал. Түүнээс биш үнэ, тариф нэмээгүй байсан бол тог хязгаарлахгүй байх боломж байсан мэтээр ойлгож болохгүй л дээ. Хүссэн хүсээгүй тогны хязгаарлалтад орох нь бидний бодит байдал. Үүнтэй нүүр тулах ёстой. Харин эрчим хүчний реформ гэдэг бол зөвхөн үнэ тариф нэмэх асуудал огт биш гэдэгтэй санал нэг байна. Үнэ тариф бол энэ салбарын алдагдлыг дөнгөж бууруулах хэмжээнд л хийгдсэн ажил. Цаашлаад бид салбарын бүтэц, тогтолцоонд ужгирсан асуудлыг ил тод болгож, засах шаардлагатай. Улмаар эрчим хүчний шинэ эх үүсвэр, байгаа эх үүсвэртээ тогтмол засвар үйлчилгээг нь хийх ажлуудыг давхар хэрэгжүүлнэ. Урт хугацаандаа бид эрчим хүч импортоор авах биш, экспортлох асуудлыг ярьдаг болно.

-Цахилгааны хязгаарлалтад ордог, үнэ, тариф нь өссөн зэргээс шалтгаалаад ЖДҮ эрхлэгчид бизнесээ явуулахад асар хүнд байна. Дээр нь татварын дарамт их байна шүү дээ. Ер нь татвартай холбоотой асуудлаар таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Юуны түрүүнд татварын ачаалал бага байх шаардлагатай. Үүнийг хэн хүнгүй л хүсч байна. Татвар, цахилгааны хязгаарлалт гэх мэт асуудлаас болж иргэд, аж ахуйн нэгжүүд бухимдаж байгаа. Энэ үнэн. Саяхан талбай дээр иргэдийн жагсаал цуглаан боллоо. Бухимдаж байгаа иргэд олон харагдсан. Миний хувьд иргэд юунаас болоод бухимдаад байна вэ гэдгийг ингэж ойлгож байгаа. Гарц шийдэл нь тодорхой бус, хэзээ шийдэгдэх нь мөн адил тодорхой бус, тэгсэн атлаа асар их хөрөнгө зарцуулчихсан асуудалд бухимдаж байна. Жишээ нь утаа. Өнгөрсөн хугацаанд утааг багасгах, бууруулахад зориулж хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ. Ингээд утаа буурсан уу гэвэл үгүй. Харин эсрэгээрээ илүү хортой болсон. Нийгэм ийм байхад дахиад татвар нэмэх замаар ч юмуу, эсвэл иргэдийнхээ хувийн өмчтэй байх эсэхэд нь халдсан шийдвэрүүд олон нийтийг улам л бухимдуулж байна.

-Автомашинтай болох эсэх нь мэдээж иргэний эрх. Гэтэл нэг асуудлыг шийдэх гэж нөгөөхийг нь хориглосон шийдвэр их гарах болсон гэж та хэллээ. Жишээ нь, автомашины дугаар олгох асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс уудам газар нутагтай. Энэ уудам газар нутаг дээр аж төрж амьдарч байгаа хүн морьтой, автомашинтай байх ёстой. Гэтэл үүнд нь хязгаарлалт тавих гэж оролдож байна. Ийм байж болохгүй. Автомашин авах асуудлыг нь нээлттэй чөлөөтэй үлдээ. Харин тэрхүү авсан автомашинаа хаана унах вэ гэдэгт нь нөлөөлөх бодлого байх ёстой. Тухайлбал, иргэн хүн шинэ автомашин авлаа гэж бодъё. Тэрхүү автомашинаа тухайн хүн заавал Улаанбаатар хотод унахгүй шүү дээ. Хөдөө явна. Гэтэл хөдөө, орон нутагт явахдаа яах юм. Автомашингүй яв гэж байгаа юм уу. Тиймээс иргэнийг автомашинтай болоход нь саад тодгор битгий учруул. Харин тэр автомашинаа хаана унах вэ гэдэг дээр зөв бодлого гаргаж явах учиртай. Манай зарим шийдвэр гаргагчид хувь хүний хэрэгцээг бодохгүйгээр зөвхөн хотын утаа, түгжрэл зэрэг асуудлыг бодсон шийдвэр битгий гаргаач ээ. Энэ бол төрийн бодлогод нийцэхгүй.

-Үе үеийн парламентын зарим гишүүн гэмт хэрэгт нэр холбогдох, улмаар гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх асуудал яригддаг. Энэ удаагийн парламентад мөн нэр бүхий гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаж байна. Үүнд та шинэ гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Уг асуудал бол бидний бодол, хүслээс хамаарахгүй явах асуудал л даа. Өөрөөр хэлбэл, хуульд юу гэж заасан байна түүгээр явах асуудал. Шүүх ямар шийдвэр гаргасан юм. Шүүхийн шийдвэр нь бичгээр баталгаажиж гарсан уу. Тэгэхээр тодорхой шийдвэр гарсан тохиолдолд яах вэ гэдгийг шийдэх бэлэн хууль, эрх зүйн орчин нь байна. Энэ утгаараа хэрэв шүүхийн тодорхой шийдвэр албажиж гарсан тохиолдолд ямар ч гишүүн гишүүнийхээ ажлыг өгөхөөс өөр аргагүй л гэж бодож байна. Түүнээс биш залуу гишүүн учраас байлгаж байя, эсвэл энэ удаадаа хамгаалаад үлдье, дараа битгий ийм алдаа гаргаарай гэдэг байдлаар явах нь өрөөсгөл шүү. Хуульд яаж заасан байна, түүгээрээ шийдэгдээд л явах учиртай.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Цогтбаатар: Д.Цогтбаатар гишүүний асуудлыг эрх зүйн хувьд нарийвчилж харахгүй бол болохгүй. УИХ-ын зарим шийдвэрийн хүчин төгөлдөр байдал ч сөхөгдөж болзошгүй DNN.mn

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламент намрын чуулганаа дуусгалаа. Хууль зүйн байнгын хороо энэ чуулганы үеэр онцлох ямар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Ер нь ажилласан цаг, шийдсэн асуудлынхаа тоо, цар хүрээгээр аваад үзвэл манай байнгын хороо хамгийн эрчтэй ажиллалаа. Онцлоод хэлэхгүй юу гэсэн болохоор гол хэдэн асуудлыг дурдъя. Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цагдаагийн алба хаагч тухайн хүнийг зургаан цаг түр саатуулах хугацааг цагдаагийн байгууллагад хүргэснээр тооцож эхэлдэг байсныг болиулж тухайн этгээдийг саатуулсан үеэс эхлэн тооцохоор хуульчиллаа. Үндсэн хуулийн Цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлээр цагдаагийн алба хаагч нь үйлдвэрчний эвлэлийн гишүүн байхыг хориглосныг болиулж, шаард лагатай зохицуулалтыг оруулахаар ажиллаж байна. УИХ-ын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх зорилтын хүрээнд Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх эрхийн хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хяналтын сонсголыг 37 төрийн байгууллага, 87 иргэн, хуулийн этгээд, хоёр ажиглагчийг оролцуулан зохион байгууллаа.

Энэхүү хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг баталж Засгийн газар болон холбогдох яам, төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгч, мөн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

-Тэгвэл хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдийг өргөн барихаар төлөвлөж байгаа вэ?

-Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, миний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл өргөн мэдүүлсэн. Товчхондоо хэлэхэд, дээр дурдсан олон хууль тогтоолууд амьдралаас хол мэт сонсогдож байгаа боловч бодит байдал дээрээ яг л иргэдийн эрх чөлөө, өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны зохицуулалтуудыг л сайжруулахад чиглэсэн байгаа юм. Цагдаагийн хуулинд орсон өөрчлөлтүүд л гэхэд иргэний эрх чөлөөнд хуулийн дагуу халдах тохиолдолд хугацааг үзэмжээр сунгахгүй байх тухай байгаа. Хууль тогтоомжийн хуульд орж буй өөрчлөлт бол албан байгууллагын дунд шатны дарга, албан тушаалтнууд өөрийн үзэмжээр дүрэм журам боловсруулж, х уулиар олгогдсон эрхээсээ давсан мэдэлтэй болчихоод иргэдийн амьдралыг “журамлан дэглэж”, хүндрүүлээд буйг цэгцлэхэд чиглэсэн алхам. Ийнхүү дунд шатны дарга нарын эрх мэдлийг журмаар зузаатгаад буй явдлыг зогсоохгүйгээр хүнд суртал, түүнээс үүдэх авлига зогсохгүй. Манай байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэр бүр ийм үндсэн зорилтыг биелүүлэхэд чиглэгдэж байна.

-Танаас гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуулт асууя. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тодорхой үндэслэлүүд байдаг. Тухайлбал, шүүхээс гэм буруутай гэж үзвэл эгүүлэн татах үндэслэл болдог. Тэгэхээр Д.Цогтбаатар гишүүний хувьд шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Зарим хүмүүс татах ёстой гэж байна. Гэхдээ нэгэнт сонгогдоод гараад ирсэн төлөөллийг заавал эгүүлэн татахгүйгээр бүрэн эрхийг нь дууссаны дараа асуудлыг нь шийддэг болох ёстой ч гэж байна. Нөгөөтэйгүүр энэ парламентын гишүүдээс нэгийг нь л эгүүлэн татаад явуулчихвал гишүүдийн тогтвортой ажиллах дархлаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж харж байна уу?

-Энэ бол харьяаллын хувьд яг манай байнгын хорооны асуудал биш. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд цэвэр хуулийн хүрээнд л байр сууриа илэрхийлье. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл миний хувьд яг л хууль, бодит фактад тулгуурлан асуудалд хандана гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт, асуудал шүүхээр эцэслэн шийдэгдсэн гэдгийг онцолмоор байна. Тиймээс шийдвэр гарсан хугацаанаасаа хүчин төгөлдөр. Үүн дээр хаана ч маргаан байхгүй байгаа. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрээ харин хэрэгжүүлж эхлэх хугацаа чинь хаанаас вэ гэдгээс их зүйл хамаарна. Энэ нь урьд өмнө огтоос тулгарч байгаагүй эрх зүйн үр дагаврыг үүсгэнэ. Иргэн хүний үйлдсэн гэж шүүхийн тогтоосон гэмт хэргийн хуулийн хариуцлага, үр дагаврыг гишүүн болсон хойно нь тооцож, хэрэгжүүлнэ гэдэг гишүүн хүний үйлдсэн гэмт хэргийн дагуу авах арга хэмжээ, үр дагавраас процедурын хувьд өөр байхаар л харагдаад байгаа. Энэ утгаараа урьд өмнөх тохиолдлуудаас арай өөр дэс дараатай, дэг журамтай байж болзошгүй. Үүнийг эрх зүйн хувьд ийнхүү нарийвчилж харахгүй бол болохгүй. Хэд хэдэн байгууллагын шийдвэр, УИХ-ын зарим шийдвэрийн ч хүчин төгөлдөр байдал сөхөгдөж болзошгүй. Энэ асуудал руу гүн оролгүй, гэхдээ цэвэр эрх зүйн өнцгөөс нь дүгнэхэд л ийм асуудлууд гарахаар байгаа юм. Гуравдугаарт, таны хэлсэнчлэн УИХ-ын гишүүнийг шүүхээс нэгэнт гэм буруутай гэж шийдсэн тул эгүүлэн татах үндэслэл бүрдээд байгаа нь үнэн. Гэхдээ шүүхээс шийтгэх тогтоол нь албан ёсоор гарсны дараа энэ талаар ярих нөхцөл бүрдэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэнэ гэдэг бол уг шийдвэрийнх нь үг, үсэг болгоныг хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэр үг, үсэг бүхий шийдвэр байхгүй байхад “шийдвэрт тэгж л заасан байж таараа, ойлгомжтой шүү дээ” гэсэн байдлаар багцаалан хандана гэсэн ойлголт байж болохгүй. Тэгэхээр тийм шийдвэрийн тодорхой тогтоолыг үг, үсгээр та ч, би ч, энэ УИХ-д хэн ч хараагүй байгаа. Бид бүгд олон нийттэй адилхан хэвлэл мэдээллээр авсан мэдээлэлтэй л байцгааж байгаа. Иймд энэ асуудлаар одоогоор нарийвчлан яриад байх нь боломж хязгаарлагдмал байна.

-Хамтарсан Засгийн газраас мега төслүүдээ зарлан батлуулсан. Яг одоогоор хэдэн төсөл хөдлөх эрх зүйн болоод хөрөнгө оруулалтын орчин нь бүрдчихээд байгаа вэ?

-Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд дөрвөн тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг тусгаж баталсан. 2025 оны төсвийг алдагдалгүй болгон багахан шиг танаж батлахдаа ч мега төслүүдийн хэрэгжилтийг бодолцон тусгаж баталсан байгаа. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг ч урагшлуулахаар шаардлагатай хууль, тогтоол, шийдвэрүүдийг УИХ шийдэмгий гаргаад өглөө. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. УИХ-ын зүгээс одоо харин үр дүн шаардаж, шийдвэрүүд болон бодлогынхоо хэрэгжилтийг хянаж ажиллах л үлдлээ. Харин мега төслүүд гэж яриад жинхэнэ мега төслүүдээ олж харахгүй, жижиг мэт андуу ширвээд өнгөрч болохгүй гэдгийг гишүүд сануулж, ажиллах хэрэгтэй.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Мега төслүүдийн дүнд монголчууд ажилтай, орлоготой, ахисан амьдралтай болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэсэн үг. Улс орон гэх том ойлголтын дэргэд нэг иргэний асуудал жижиг зүйл мэтээр сэтгэж, тэнгэрээр дэвж нисэх юм бол нэг нэгээр л тоологдох бүх иргэдийн амьдрал орхигдоно. Үүний цаана хөгжил эзгүйрнэ. Харин тендерчид, авлигачид зоолно. Харахад том гүүр, замууд, түүгээр нь давхилдах инфлүүнсэрүүдийн төлбөртэй ганган хээнцэр лайв, сторинууд, харин амьдрал дээрээ ажилгүй, бусдын гар харсан иргэдтэй хоцрохоос л сэргийлэх хэрэгтэй. Тэгэхээр ажилтай орлоготой бас эрх чөлөөтэй иргэн гэдэг бол мегагийн мега төсөл. Ардчилал, эрх чөлөө гэдэг нь эрх чөлөөтэй иргэн мега төслийн оршихуйг тодорхойлох суурь мега төсөл. Энэ хоёр мега төслийн суурийг хөндөхгүйгээр хэрэгжих мега төслийг л XXI зуунд мега гэж би ойлгоно. Түүнээс иргэн хүн ормогц өөрт нь өчүүхнийг нь мэдрүүлэхэд чиглэсэн дундад зууны хаад ноёдын гигантомани хийрхлийн бэлгэдэл болсон том сүм хийдүүд, язгууртанлаг орд харшууд мэт агуу нүсэр байгууламжуудын аястай мега төслүүд байваас, тэдгээр нь Монголд хэрэггүй.

-Татварын асуудалд иргэд үнэхээр бухимдангуй байна. Татвараа хөнгөлөх, зарим татварыг бүр болиулах, ер нь энэ татвартай холбоотой эрх зүйн ямар өөрчлөлт дутагдаж байна гэж та хардаг вэ?

-Төр улс байгаа бол татвар байх нь зайлшгүй үнэн. Үүнээс зугтахгүй, төлдөг байх нь өөрийн төр улстай, туурга тусгаар амьдрахын үндэс. Гэхдээ уг татвар нь шударга, алагчлал ялгаварлалгүйгээр үйлчилдэг байх ёстой. Мөн эдийн засаг, үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадавхтай уялдсан байх ёстой. Эдгээр шинж чанарыг өөртөө агуулсан татварын тогтолцоо дарамт биш, хөгжлийн хөдөлгүүр болон үйлчилдэг. Энэ үүднээсээ татварын бодлого нь үндэсний үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжих, бизнесийн тогтвортой таатай орчныг бүрдүүлэхэд чиглэх учиртай. Гэтэл төрөл бүрийн журмаар бий болсон төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй ачаалал үүсгэж байгаа нь бизнесүүдэд нэмэлт дарамт учруулж байгаа. Үүний хажуугаар хүнд суртал, түүний даган үүсдэг авлигын сүлжээ ажил хэрэгч хүмүүсийн бизнес урмыг хугалж байна. Энэ бүгд бизнесүүдийн нуруун дээр ирж буй төрийн дарамт. Иймд татварын шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн ачаалал, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй хууль тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамж, хөлс зэргийг хүчингүй болгох талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Татвар хураамжуудын нийлбэр дарамтыг нарийвчлан тооцож, бизнесүүдийг урамшуулах үүднээс ачааллыг нь бууруулах арга замыг эрэлхийлэх л хэрэгтэй.

Мөн зээлийн хүүгийн бодлого, мөнгөний бодлогоо дэлхийн болон бүс нутгийн зах зээлийн динамик өөрчлөлттэй уялдуулан боловсронгуй болгох шаардлага ч бий.

-Макро эдийн засгийн тогтвортой байдал ч нөлөөлнө гэж эдийн засагчид хэлдэг. Энэ бас татварт нөлөөлөх чухал асуудал уу?

-Макро эдийн засгийн бодлогын тогтвортой байдал маш чухал. Тухайлбал, мөнгөний оновчгүй бодлого явуулахад гарах үр дагавар нь инфляци. Инфляци өсөхөд татвар хичнээн бага байгаад ч харагдахгүй “татвар” мэт бизнесүүдийн орлогыг инфляци авч одно. Гадаад худалдааны бодлогоо унагаж, Монголын экспортын бүтээгдэхүүний гадаадад зах зээлд нэвтрэх боломжийг боймлоход гадаад валютын нийлүүлэлт доройтож, төгрөгийн ханш унана. Энэ нь эргээд л иргэдийн бодит орлогыг үнэгүйдүүлнэ. Өөрт чинь танил сонсогдож байгаа биз. Яг ийм хүндрэлүүдийн дундуур л бид чинь явж ирлээ. Макро эдийн засгийн бодлого нь тогтворгүй, татварын орчин нь оновчгүй хэрнээ тогтворгүй, хуулиуд нь мөн тогтворгүй. Улс төр нь тогтворгүй, авлигатай. Хэт үндсэрхэг байвал гадаадын хөрөнгө оруулалтын тухай бодоод ч хэрэггүй. Гадаадын хөрөнгө оруулалтгүй бол мега төслүүдийг бас ярих хэцүү л болно. Энэ бүгд эдийн засгийн хөгжлийг нэг талаасаа боймлоод, нөгөө талаасаа улстөрчид нь сайхан амьдрал амлан хэтийдсэн мөрөөдлийн зорилтууд тавиад, төрийн өмчийн компаниудаараа хийлгэнэ гээд хийрхээд байвал татвар угаасаа бууна гэдэг нэн хэцүү. Тиймээс хувийн хэвшлээ л бэхжүүлэх нь чухал аврал. Ядаж татвар талаас нь харвал тэд бидний төлсөн татвараар юу хийгээд байгаагаа тайлагна гэдэг шахалтыг илүү шургуу тавина.

Мөн татварыг оновчтой байлгахыг байнга шаардаж, шахна. Ийм учраас л хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засаг дахь төрийн жинг бууруулахаар сүүлийн 3-4 жил дуугарсаар, зүтгэсээр ирсэн.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

О.Саранчулуун: Нэр дэвших өргөдлөө өгөөд МАН-ын жагсаалтын эхний дөрөвт бичигдэнэ гэхэд надаас өөр хүн итгээгүй DNN.mn

УЛСДАА АМЬДАРДАГ Ч БҮРТГЭЛГҮЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГГҮЙ, ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДДАГГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС ТӨСӨӨЛСНӨӨС ИХ БАЙДАГ


МАН-ын жагсаалтын дөрөвт нэр дэвшин сонгогдсон, УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

-Таны хувьд хэвлэлд төдийлөн ярилцлага өгөөгүй санагдаж байна. Юуны өмнө та манай уншигчдад өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй, өмнө нь хаана ажиллаж байсан хүн бэ?

-Миний хувьд 2005 онд МУИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Тэр жилээсээ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Зан үйлийн тэнхимийн багшаар ажлын гараагаа эхэлж байлаа. Өөрөөр хэлбэл, анхны үндсэн ажил маань байсан гэсэн үг. Дараа нь УИХ-ын гишүүний хариуцлагатай ажлыг хийгээд явж байна.

-Таны намтрыг харж байхад дотоодод гэлтгүй гадаадад мөн сургууль төгссөн байна. Тэгэхээр ажиллахынхаа хажуугаар сурч байсан гэсэн үг үү?

-Багшилж байхдаа МУИС-д мэргэжил дээшлүүлж магистрт сурч төгссөн. Үргэлжлүүлээд 2008 онд Израилийн Хэбрүгийн их сургууль Нийгмийн эрүүл мэндийн сургуульд магистраар сурсан. Анагаахад багшлахдаа Олон нийтийн нөлөөлөл гэдэг хичээл заадаг байлаа. Мөн амьдралын дадал зуршлыг өөрчлөх, нийгмийн зан үйлийн хичээлийг ордог байсан. Энэ хоёр чиглэлээрээ 2013-2014 онд Нью-Йоркийн Колумбын их сургуульд суралцсан. Энэ хугацаанд олон нийтэд нөлөөлөх, олон нийтийн зан үйлийг өөрчлөх зэргийг нийлүүлсэн чухал ажлыг Монголд ирж хэрэгжүүлсэн. Тэр нь “Ахиллис Монгол ОУБ” ТББ-ыг үүсгэн байгуулсан явдал юм. Энэ олон улсын байгууллага нь Нью-Йоркт салбартай. Харин Монголд байдаггүй байсан. Энэ утгаараа Монголд энэхүү байгууллагын салбарыг анх нээсэн гэж ойлгож болно.

-Таны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж парламентад орж ирсэн. Яг улс төрийн хувьд ямар процессоор орж ирсэн бэ гэдгийг дараа нь асууя. Үүнээс өмнө энэ бүлгийн иргэдэд дэмжлэг, туслалцаа хэрэгтэй гэдгийг та хэзээнээс ойлгож, бодитой ажил хэрэг болгож явсан юм бэ?

-Миний хувьд эдгээр иргэдийн зовлон, жаргалыг өөрийн биеэр туулж үзсэн учраас хамгийн сайн ойлгож, мэдэрдэг.

Нөгөөтэйгүүр дээрх ажлуудыг санаачлан эхлүүлэх болсон хамгийн том шалтгаан нь би өөрөө. Юу гэхээр би 13 настай байхдаа мориноос унаж бэртээд, нэг хөлөө тайруулсан хүн. Тухайн үед мориноос унаад, бэртсэн гэмтэл маань эдгэхгүй бүтэн найман сар эмнэлгээр явсан. Эцэст нь ясны хорт хавдар гэдэг оноштойгоор хөлөө тайруулсан. Тухайн үед би жаахан охин шүү дээ, 5-6 удаа химийн тариа хийлгэж, 7-8 удаа туяа шарлагад орж байсан. Хавдрын нэлээн хожуу үед илрүүлсэн. Энэ бол миний амьдралын хүнд, хэцүү үе байсан. Өсвөр насны хүүхэд, дээр нь гэр бүлийн хувьд санхүүгийн болоод бие, сэтгэлийн асар их дарамттай үе байсан гэж ойлгож болно. Яг энэ хүнд хэцүү зүйл миний сэтгэл зүрхэнд хадаастай үлдсэн. Одоо ч бодоход эмзэглэдэг. Энэ утгаараа өөртэйгөө адилхан яваа хүмүүст ямар нэгэн байдлаар тус дэм болоод явбал надад үлдсэн энэ эмзэг мэдрэмж бага багаар аних юм болов уу гэж одоо бодогддог. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах юмсан гэсэн бодол хар багаас минь байсан.

-Үнэхээр таны хэлдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрд сэтгэлийн, биеийн, санхүүгийн, үзэл бодлын, амьдрах орчны гээд олон бэрхшээл байгаа нь үнэн л дээ…?

-Тийм. Мөн хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл өөрөө ядууралтай асар холбоотой ойлголт. Миний амьдрал ч тийм байсан.

-Тийм гэхээр боломж тааруу амьдрал дунд өссөн гэсэн үг үү?

-Намайг Хавдрын эмнэлэгт эмчлүүлж байхад ээж минь хаа байсан Баянхошуунаас цай, хоол автобусаар зөөгөөд эргэдэг байлаа. Нэг захаас нөгөө зах хүрэхэд бүтэн цаг гаруй хугацаанд явна гэсэн үг. Тэр хооронд ирсэн хоол нь хөрнө, асгарна. Зарим үед охиноо эргэх хоол, цайгүй үе ч байсан. Үнэхээр хэцүү амьдрал. Дөнгөж зах зээлийн үе. Ээж, аавууд ажилгүй. Одоогийн зорилтот бүлгийн айл өрх гэдэг шиг тийм айл. Дээрээс нь хүүхэд нь хорт хавдраар эмчлүүлж, хөлөө тайруулчихсан, химийн тарианд орчихсон байдаг. Үнэхээр амаргүй үе. Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэний өөрийн сэтгэл санаа, амьдрал, ар гэрийн байдал ямар байдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн, ойлгосон хүн. Тиймээс тэр жаахан охин байхдаа л “том болохоороо ийм хүмүүст аль чадахаараа тус болно доо” гэж боддог байлаа.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн төр болон хувийн хэвшлийн олон байгууллага байдаг байх. Тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэдэг бодитой байгууллага бас цөөхөн үү?

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилладаг 3000 гаруй байгууллага бүртгэлтэй байдаг. Харамсалтай нь эдгээр байгууллагуудын 10 орчим хувь буюу 300-400 байгууллага л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр байгууллагуудын ихэнх нь сургалт, халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин манайх нийгмийн чиглэлээр. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн дээр очоод за чи зоригтой бол, хүчтэй бол гэж хэлээд асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр спортын чиглэлээр нийгмийн тэгш харилцаанд оруулахыг зорьдог. Ингэхийн тулд бага багаар нөлөөлж, дадал суулгах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг.

-Та гэр бүлээ танилцуулах гүй юу. Эцэг эхээс хэдүүлээ вэ. Таны аав, ээж аль нутгийн хүмүүс вэ?

-Манай аав Сүхбаатар аймгийн Дарьганга сумын гаралтай хүн. Ээж маань Архангай аймгийн Хотонт гэж явах болов уу. Өөрсдөө Улаанбаатар хотод төрсөн ч өвөө, эмээ маань дээрх нутгийн хүмүүс. Миний хувьд ч Улаанбаатар хотод төрж, өссөн. Арван жилээ Нэгдүгээр хорооллын “Ирээдүй” цогцолбор сургуульд зургадугаар ангиасаа хойш суралцаж төгссөн. Зургадугаар ангид орохоос өмнө миний хувьд олон сургуульд шилжин суралцсан байдаг.

-Яагаад вэ?

-Нөгөө л гэр бүлийн амьдралын хүнд хэцүү байдалтай холбоотой. Манайх энд тэнд олон айлын хашаанд нүүж амьдардаг байсан. Үүнтэй холбоотой.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Миний хувьд аавыгаа сайн мэдэхгүй ээ. Аавтайгаа уулзаж байгаагүй. Бид эхээсээ тавуулаа. Гэхдээ аав, ээжээсээ би ганцаараа. Манай дүү нар өөр овогтой. Ээж маань тэтгэвэрт гарахаасаа өмнө Гэмтлийн эмнэлэгт хүлээн авахын асрагчийн ажил хийдэг байсан. Түүнээс өмнө цэцэрлэгийн туслах багш, орцны цэвэрлэгч гээд олон ажил хийж явсан хүн. Таван дүүтэй гэж хэлсэн. Дүү нарын эрэгтэй нь хэдэн жилийн өмнө бурхан болсон. Доороо дөрвөн эмэгтэй дүүтэй эгч хүн. Одоо бүгд тус тусын амьдрал ахуйтай, ажил мэргэжилтэй сайн яваа хүмүүс байгаа. Миний хувьд харин нөхөр, хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдарч байна.

-Айлын том эгч, гэрийн эзэгтэй, нийгмийн ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн доктор, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон улсын байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч хүний хувьд улс төрд анх орсон процесс яаж явагдсан бэ. Таны хувьд МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэн парламентад сонгогдсон улстөрч шүү дээ…?

-Улс төрд орох болсон учир шалтгаанаа би танд товчхон бөгөөд эхнээс нь цэгцтэй хэлэхийг хүсч байна. Би түрүүн ярьсан багшийн болон төрийн бус байгууллагынхаа ажлыг хийгээд явж байлаа. 2022 онд Энэтхэгийн хүмүүнлэгийн байгууллагаас “650 хүний бодит бүртгэл хүсэлт байвал, үнэгүй хиймэл хөл хийж өгдөг” үйл ажиллагаа манай улсад байна. Тиймээс танай улсад ийм хүмүүсийн хүсэлт байвал дата мэдээллийг нь явуулаарай гэдэг зүйлийг Энэтхэг Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгт Элчин сайдаар дамжуулан хүргүүлсэн юм байна. Ингээд хамтын ажиллагааны байгууллага энэхүү саналыг тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хүргүүлж, энэ талын судалгаа мэдээлэлийг авахыг хүссэн байна. Гэтэл яамнаас ердөө 200 хүрэхгүй хүний судалгааг явуулж. Ингээд дараа нь Энэтхэг талаас хүмүүнлэгийн нэг ажилтан надтай уулзаж, энэ талын судалгаа авахыг хүссэн юм. Миний хувьд энэ талын мэдээлэл их байсан. Жишээ нь, манай улсад жилд хэчнээн хүн чихрийн шижин өвчнөөр мөн үйлдвэрийн ослоор хөлөө тайруулдаг вэ гэдгийг би мэдэж байсан. Гэтэл энэ тоог яамнаас гаргаж өгөөгүй, мэдэхгүй байгаа нь бид ядаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ судалгааг хийдэггүй гэдэг нь харагдаж байгаа юм.

-Нарийн тоон мэдээлэл байхгүй байсан гэсэн үг үү?

-Тийм. Ингээд би өөрийн фэйсбүүкээрээ энэхүү мэдээллийг олон нийтэд зарласан. Гэтэл надад удалгүй 800 гаруй хүний мэдээлэл ирсэн. Эдгээр мэдээлэл дунд миний мэдэхгүй, төсөөлөөгүй үнэхээр эмзэг хүнд кейсүүдийг иргэд маань ирүүлж байсан.

-Ямар мэдээлэл вэ?

-Юу гэхээр Монгол Улсын иргэн атлаа бүртгэлгүй, төрийн үйлчилгээ авдаггүй, тоологдоогүй, өөрт нь хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төсөөлснөөс их байдгийг мэдэж авсан. Эдгээр хүмүүсийн ирүүлсэн зураг, материалыг хараад миний сэтгэл бүр их эмзэглэж, зүрх өвдсөн. Улмаар уг ажил маань цаашаа үргэлжлээд гурван яамны хүрээнд орсон. Яг энэ үеэр УИХ-ын сонгуулийн жил таарсан. Тэр үед Үндсэн хууль өөрчлөгдсөн. Сонгуулиа өмнөхөөсөө өөрөөр явуулна гэдэг зүйл нийгэмд яригдаж эхэлсэн. Улмаар Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тухайн үед нэг мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдэл дотор “Манай нам жагсаалтын эхний тав дотор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг оруулна” гэдэг зүйл байсан. Үүний дараа надад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, намайг мэддэг, миний мэддэг олон төрийн бус байгууллага, найз, нөхөд, хүрээллээс санал ирсэн.

-Сонгуульд нэр дэвшээч гэдэг санал уу?

-Тийм. Салбар, бүлэг бүрийг төлөөлсөн парламент байгуулагдах гэж байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж чи нэр дэвших саналаа өгөх хэрэгтэй гэж олон хүн надад зөвлөсөн. Тэр бүү хэл олон төрийн бус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл энэ хүрээллээс хэн байх вэ гэдэг судалгааг явуулсан юм билээ. Ингээд боловсрол, мэдлэг, мэргэжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрсэн хүн нь О.Саранчулуун чи байна гэдэг зүйлийг хүртэл тухайн үед хэлж байсан. Миний хувьд өөрөө улс төр лүү орох сонирхол тухайн үед огт байгаагүй. Улс төрийн хэл ам, нэгнээ гүтгэдэг, доромжилдог зэрэг байдлаас нь болоод төвөгшөөх хандлагатай байсан. Харин түрүүн ярьсан 650 хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл цуглуулах ажлаас болоод миний сэтгэл маш их өвдсөн. Тэр мэдрэмжээрээ ер нь өөрөө энэ шийдвэр гаргах түвшинд нь орж ажиллаж байж асуудлыг өргөн хүрээнд шийдэж чадах юм байна гэсэн итгэлийг олж авсан.

-Та МАН-ын гишүүн байсан юм уу. Эсвэл шууд нэр дэвших хүсэлтээ өгөөд явсан юм уу. Яагаад МАН-ыг сонгосон юм бэ?

-Миний хувьд тухайн үед нам бус байсан. Олон хүмүүс санал ирүүлж, ятгаж, хүссэн учраас би нэр дэвшье гэж шийдсэн. Ингээд аль намаас нэр дэвших вэ гэдгээ бодсон. Хамгийн том гэгдэх МАН, АН, ХҮН нам. Алинд нь орох вэ гэж бодсон. Надад улс төрийн хүрээлэл дундаас нэг ч таних хүн байгаагүй. Нөгөөтэйгүүр аль намд орох нь тийм ч чухал биш байсан. Өөрөөр хэлбэл, миний итгэл үнэмшил юу байсан гэхээр УИХ-ын гишүүн болох л байсан гэсэн үг. Гишүүн болж, төрийн бодлогод оролцож байж өөрийн зорьж тэмүүлсэн зорилгоо биелүүлж чадна гэж үзсэн. Тэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал. Өөр юу ч биш. Ингээд миний мэргэжил, зорьж байгаа зорилго маань зүүний чигийн бодлоготой нийцэж байсан учраас МАН-ыг сонгосон.

-МАН-ыг сонгоод нэр дэвших хүсэлтээ өгсөн юм байж. Тэр үед жагсаалтад багтана гэдэгтээ, цаашлаад УИХ-ын гишүүн болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж би ганцхан нэр дэвших өргөдлөө өгөөгүй. МАН бол том нам. Бараг 300 гаруй мянган гишүүнтэй. Энэ утгаараа надаас өөр олон хүн өгсөн байх. Миний хувьд тухайн үед намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй миний зорилго, чиглэл ингэж уялдаж холбогдохоор байгаа учраас танай намаас нэр дэвших хүсэлтэй байна гэдгээ бичээд л өгдөг газар нь өгчихсөн. Надад энэ нам дотор таньж мэдэх хүн байхгүй. Өргөдлөө өгчихлөө, та дэмжээд өгөхийг бодоорой ч гэж хэлэх хүн байгаагүй. Нэр дэвшихээр болсон гэдгээ хэлсэн хүмүүс нь ерөөсөө өөрийн найз нөхөд, ах дүүс. Энэ хүмүүс маань улс төр, намд ямар ч хамааралгүй. Бүгд нам бус урдах ажлаа хийгээд л явдаг хүмүүс. Ингээд өргөдлөө өгчихөөд өөрийгөө жагсаалтын хэдэд бичигдэх битгий хэл багтах эсэхээ ч мэдэхгүй урдах ажлаа хийгээд явж байсан.

-Найз нөхдөдөө хэлсэн гэж байна. МАН-ын жагсаалтад нэр дэвшихээр өргөдлөө өгчихлөө гэх үед таны ойр дотны хүмүүс ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Бусадтай л адилхан. Улс төрийн нам, улстөрчид чинь худлаа шүү гэж. Юу гэхээр би өргөдлөө өгсөн гэдгээ найз нартаа хэлж байгаа юм. Гэтэл манай найз надад огт итгэхгүй. Харин эсрэгээрээ “Чи ямар гэнэн юм бэ. Чам шиг хүн өргөдлөө өглөө гээд тэр том нам жагсаалтдаа бичлээ юу. Том намын жагсаалтад орохын тулд хэдэн зуун сая бүр тэрбум төгрөг өгч байж ордог юм” гэж хэлж байсан. Ер нь бид нийтээрээ л улс төр, улс төрийн намыг ингэж ярьж байдаг даа. Үүнтэй л адилхан найз нөхдийн хүрээнд иймэрхүү яриа байнга болдог байв. Би ч хэрэв тийм бол яах вэ дээ гэж бодсон. Жагсаалтад орохгүй байсан ч урдах ажлаа хийгээд явна. Хийх ажил олон байна, хамаа ч алга гэж боддог байлаа. Өргөдлөө өгчихлөө, магадгүй МАН-ын жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулна гэж намынх нь дарга хэлж байсан. Энэ утгаараа намайг хэрвээ жагсаалтад оруулбал найз нь эхний тавд багтах байх гээд ярьдаг байлаа. Ингэж хэлэхэд манай найз, нөхдийн 99 хувь нь намайг жагсаалтын эхний тавд багтана гэж огт итгээгүй. Ганцхан би өөрөө өөртөө л итгэж явсан. Улмаар сарын дараа жагсаалтын нэр дэвшигчдээ МАН-ын бага хурлаас зарласан. Ингээд намайг жагсаалтын дөрөвт бичигдлээ гэж баталгаажуулсан.

-Ингээд МАН-ын жагсаалтын дөрөвт бичигдсэн нь тодорхой болсны дараа танай найзууд юу гэж байх юм. Ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Зарим нь бүр итгээгүй. Зарим нь итгэж ядаж байсан. Зарим нь “Хүүе ээ, чи Л.Оюун-Эрдэнийг таньдаг юм уу, тэр намд хандив өгсөн юм уу. Хэдэн төгрөг өгсөн юм бэ” гэж хүртэл асуудаг байсан. Энэ мэтээр жагсаалтаар бичигдсэнээс хойш миний эргэн тойрны хүрээллийн хүмүүс намайг МАН-тай холбогдох бүх сувгийг эрж хайсан. Даанч надад тийм суваг байхгүй болохоор юу олох вэ дээ. Би өөрийн итгэл үнэмшлээрээ МАН-ын жагсаалтаар нэр дэвших өргөдлөө өгсөн. Миний өргөдлийг хүлээн авч судлаачид намайг МАН-ын жагсаалтын эхний дөрөвт бичсэн. Надад таньдаг улстөрч байгаагүй. Тэр бүү хэл би өөрийн фэйсбүүк хуудаснаа эрх баригч намын бодлого, үйл ажиллагаа буруу байна гэдэг шүүмжлэлийг байнга бичдэг байсан. Энэ бол миний улс төр лүү орсон процесс. Маш энгийнээр бодитой хэлэхэд ийм байна.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Сэддорж: Төрийн сахилга батыг дээшлүүлэх, авлигыг багасгах зорилготой Хэмнэлтийн хууль хувийн хэвшилд чөдөр болж байвал эргэж харах, өөрчлөх ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шинэ оны эхний сар шувтарч байна. Намрын чуулган ч хаах гэж байна. Ер нь өнгөрсөн 2024 он монголчуудын хувьд ямар онцлогтой жил болж өнгөрөв. Бидний алдаа, оноо юу байв?

-Манай улсад улс төрийн томоохон өөрчлөлт бий болсон жил байлаа гэж товчхон хэлмээр байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулиа явууллаа. Энэхүү сонгуульд хэдийгээр эрх баригч МАН ялалт байгуулж 68 суудал авсан ч парламентад суудалтай бусад улс төрийн намуудын оролцоотой хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингэснээр төдийгөөс өдийг хүртэл улс төр, аль нэг бүлэглэл, хэн нэгний эрх ашгийг хөндсөн том төслүүд гацаанаасаа гарч, хөдөлж эхэллээ. Энэ нь улс төрийн тогтвортой байдлыг хангах том боломж гэж дүгнэж байгаа.

– Парламент 126 гишүүнтэй болс ны ач холбогдол ер нь өнгөрсөн хугацаанд харагдав уу. Харагдсан бол ямар шийдвэр, ямар үйл явдлыг та онцлон хэлэх вэ?

-Мэдээж харагдаж байгаа. Онцлоод хэдэн зүйл хэлье. Тухайлбал, 126 гишүүнтэй болсноор мега төслүүдийг ээлж дараалан хэрэгжүүлэхэд анхаарал тавьж, гарц гаргалгаа, бодит шийдвэрүүдийг гаргаж байна. Аливаа төслийг олон талаас харж, хэлэлцэж шийдвэрлэж байгаа учраас алдаа гаргах нь бага, ач холбогдлыг нь нэмэгдүүлж чадаж буй болов уу гэж ойлгож байгаа. Тиймээс эдгээр шийдвэр, тэр дундаа нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдол өндөртэй төслүүдийн хувьд цаашид үр өгөөж нь илүү байна гэдэгт итгэлтэй байна. Засгийн газрын хувьд хамтарч бодлогоо тодорхойлсон. Ингэснээр тогтвортой за саг лал, тогтолцооны өөрчлөлтөд том хувь нэмэр болно гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр хууль тогтоох үйл явцад төвлөрөх боломж нэмэгдэж, нийгмийн суурь гажуудлыг засах, тогтолцоо засаглалын хямралыг шийдвэрлэхэд том түлхэц өгч байгаа болов уу. Жишээ нь, нийгмийн суурь шинэчлэлийн асууд луудад анхаарал хан дуулсан хуулийн төслүүд энэ парламентын эхэнд батлагдсаар байна. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлснээр парламентын ардчилал, үн дэсний дархлааг баталгаажуулах чиглэлд том алхам хийгдсэн гэж үзэж болно.

-Таны хувьд говийн бүсээс нэгээр сонгогдсон улстөрч. Гишүүн болохоос өмнө Монгол Улсын эдийн засгийн гол цөм гэж хэлж болох Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүн. Энэ утгаараа та говьд ямар асуудал тулгамддаг, яаж шийдэх ёстойг хэн хүнээс илүү мэдэх байх…?

-Говийн бүсийн уул уурхайн талаар ярихдаа, Өмнөговь аймаг нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур, ялангуяа уул уурхайн салбарт маш чухал үүрэг гүйцэтгэдэг аймаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Миний хувьд энэ бүсээс сонгогдохоосоо өмнө тус аймгийн Засаг даргаар ажиллахдаа говьд тулгамдаж буй олон асуудлыг шийдэхийн төлөө явсан.

Цаашид ч энэ зарчмаараа явна. Юуны өмнө говьд нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал бол мэдээж ус. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй усны хомсдол нь малчдын аж амьдрал болон бүс нутгийн хөгжилд нөлөөлж байгаа нь үнэн. Тиймээс усны нөөцийг зохистой ашиглах, ус хэмнэлтийн арга хэмжээг авч, малчдын усны хангамжийг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай ажлуудын нэг. Уул уурхайгаас эдийн засгийн том боломжууд гарч ирдэг ч нөгөө талдаа байгаль орчны тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлж, бэлчээр, ургамалжилтыг бууруулж байдаг. Энэ утгаараа говийн бүсэд ч гэлтгүй ер нь хаана ч байгаль орчныг нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайн стандартыг мөрдөх нь чухал.

-Тулгамдсан асуудал байх нь тодорхой. Гол нь гарц шийдлийг нь олсон зүйл юу байна вэ?

-Миний хувьд засаг д а рг аар ажиллах хугацаандаа бодлогын х увьд ч, нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд талдаа ч тодорхой шийд вэрүүдийг гаргаж ажилласан. Би үүнд товчхон хэдэн зүйл хэлье. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайн бодлогыг дэмжих, усны ашиглалтыг хязгаарлах, байгаль орчныг хамгаалах чиглэлд анхаарал хандуулсан. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад хатуу шаардлага тавьж, уурхайгаас үүдэлтэй хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эхлүүлсэн. Нөгөөтэйгүүр манай аймаг Монгол Улсын эдийн засгийн цөм гэж яригддаг. Уул уурхай хөгжсөн аймаг гэдэг. Тэгвэл яг энэ бүс нутгийн иргэдийн аж амьдрал, амьжиргааны түвшинд энэхүү уул уурхайн үр өгөөж хамгийн түрүүнд нөлөөлж байх ёстой. Энэ утгаараа малчдын орлогыг сайжруулах, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдийг дэмжиж, уул уурхайн орлогоос олон нийтэд хүртээмжтэй болгох гэсэн зорилтууд тодорхой хэмжээгээр урагшилсан. Харин боловсрол, эрүүл мэндийн хувьд уул уурхайн бүс нутагт боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Эдгээр асуудлуудыг шийдэхэд урт хугацааны төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилт чухал. Энэ нь зөвхөн нэг хүний хүчин чармайлтаар бус, харин төр, засаг, иргэд, уул уурхайн компаниудын хамтын ажиллагаагаар шийдэгдэх ёстой.

-Хамтарсан Засгийн газраас 17 мега төслийг эхлүүлнэ гэж байгаа. Таны хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог ахалдаг. Энэ утгаараа Засгийн газраас зарласан том төслүүдээс яг хэд нь хөдлөв. Бусдад нь улс төр, эрх зүйн ямар зохицуулалт дутагдаж байна вэ?

-Хамтарсан засгийн газраас 17 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Гэхдээ орон нутгийн онцлог, хөгжлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын бэлэн байдал зэргээс шалтгаалан төслүүдийн явц өөр өөр байж болох юм. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Эрээнцав-Чойбалсан Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам зэрэг төслүүд хөдөлсөн. Өөрөөр хэлбэл, санхүүжилттэй холбоотой болон эрх зүйн асуудлууд л нь бүрэн шийдэгдсэн төслүүд гэж ойлгож болно. Саяхан Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц төсөл УИХ-аар дэмжигдлээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд хамтарсан засгийн газар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ бол гуравдагч хөрштэй хийж байгаа том төсөл. Эдийн засгийн үр өгөөж өндөр ч нөгөө талдаа Монгол Улсын тусгаар тогтнол, гадны хөрөнгө оруулагчдыг татах том боломж нээгдлээ гэж үзэж байна. Бусад төслүүдийн хувьд Хөрөнгө оруулалтын тухай хууль, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, төслийн хэрэгжилтэд шаардлагатай санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалт татахад улс төрийн тогтвортой байдал, зээлжих зэрэглэл, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ямар нэгэн зохицуулалт хийгдэх шаардлагатай байж болох юм. Түүнээс гадна хамгийн том нөлөөлөл нь эдгээр төслүүдийн хэрэгжилтэд нийгмийн дэмжлэг асар чухал хэрэгтэй.

-Газрын тосны үйлдвэр барих төсөлтэй холбоотой зээлийн асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Газрын тосны үйлдвэртэй болох нь монголчуудын хувьд мөрөөдөл, олон жил ярьсан төсөл. Олон ч жил гацсан уг төслийн гацааг өнөөгийн төр засгийн удирдлагууд гаргаж, хөдөлгөж чадсан. Тодорхой хэлбэл Монгол, Энэтхэг хоёр улсын төрийн тэргүүн уг төслийг хөнгөлөлттэй зээлээр барихаар тохирсон. Харамсалтай нь ажил эхэлсэн боловч ковидын улмаас төсөл зогссон. Ингэж зогссон хугацаанд барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой ТЭЗҮ шинэчлэн хийх шаардлага үүссэн юм билээ. засгийн газраас 200 сая ам.доллароор нээх шийдвэр гарсан ч шинэчилсэн ТЭЗҮ-ээр 1.7 тэрбум ам.доллар болсон. Өөрөөр хэлбэл, энэхүү 1.7 тэрбум ам.доллараар уг төслийг үргэлжлүүлэх шаардлага бий болоод байна гэсэн үг. Үүнийг нь Энэтхэг улс хүлээн зөвшөөрч шинэ гарсан ТЭЗҮ төслийг цааш үргэлжлүүлэх сонирхолтойгоо хэлсэн. Нөгөөтэйгүүр, нефтийн хоолойг Эрдэнэс Таван толгой компани 300 гаруй тэрбум төгрөгөөр хийж байгаа. Тиймээс цаг алдалгүй ашиглалтад оруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж харж байгаа юм.

-Гол асуудал нь үйлдвэр ашиглалтад орлоо ч зардлаа нөхөж чадахгүй гэдгийг шүүмжлээд байгаа шүү дээ…?

-Тэр нь өргөн хэрэглэгддэг АИ92 болон хийн түлшний өртөг өсч байгаа учраас зардлаа нөхөж зээлээ эргүүлэн төлөх боломжтой гэдэг тайлбарыг өгч байна лээ. Тиймээс зардлаа бодитой нөхөөд явахаар байгаа бол уг төслийг нэн яаралтай богино хугацаанд хэрэгжүүлэх тусам монголчуудад ашигтай гэж харж байна.

-Эдийн засгийн байнгын хорооны дарга, хууль тогтоогчийнхоо хувьд ямар хуулийн төслүүдэд анхаарч ажиллаж байгаа вэ. Сая намрын чуулганы төгсгөлд танай байнгын хороо нэлээд эрчтэй ажиллах шиг боллоо?

-Мега төсөл, нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой олон хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ. Намрын чуулган хаах дөхсөн учраас мөн л хэлэлцэх асуудал олон байна. Халамжийн системийг илүү тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор шинэчлэл хийх, эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээний х үртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулийн өөрчлөлт хийх шаардлага бий. Мэдээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах эрх зүйн орчныг илүү тодорхой болгох, хялбаршуулах, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, жижиг, дунд бизнесийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалт хийх ёстой. Эдгээр чиглэлүүд нь улс орны хөгжлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн байх болно. Гэхдээ эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд УИХ, засгийн газар, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, оролцоо маш чухал юм.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Ерөнхий сайд оны өмнө иргэн бүрд 135 мянган төгрөгийн хуримтлал үүсгэсэн. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Нэг талаас байгалийн баялгаас олсон орлогыг хүн бүрд шууд тараах нь Үндсэн хуулиар баталгаажсан ард түмний баялгийн эзэмшлийн эрхийг хүлээн зөвшөөрч, тэдний амьдралд шууд нөлөөлөх боломжийг олгож байгаа хэлбэр. Бас эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдэд тусламж болж болох юм. Нөгөө талаас тэр орлогыг нийгмийн хөгжилд чиглүүлэх нь чухал. Ингэснээр эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулснаар ирээдүйд илүү тогтвортой, хөгжилтэй нийгэм бий болно. Өөрөөр хэлбэл, нийгмийн үр өгөөж нь эдгээр салбарт хөрөнгө оруулснаар ирээдүйн үеийнхэнд болон одоогийн иргэдэд урт хугацааны хувьд илүү ашиг тусаа өгнө гэсэн үг.

-Хэрэв төрийн өмчит томоохон компаниуд илүү ашигтай сайн ажиллаж чадвал тэрхүү 135 мянган төгрөгийн хуримтлал хэд ч болж өсөх боломжтой гэж ойлгож байгаа. Энэ зөв үү?

-Тийм ээ, хэрвээ төрийн өмчит уул уурхайн компаниуд илүү үр ашигтай, сайн ажиллаж чадвал, тэдний олсон орлого нэмэгдэж, улмаар иргэдийн хуримтлалын мөнгөний хэмжээ өсөх боломжтой. Гэхдээ илүү бодитой өсөн нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд дэд бүтцийн хөгжил, менежментийн сайжруулалт, авлигын бууралт, тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээнээс шууд хамааралтай. “Чингис хаан” үндэсний баялгийн сангийн тухай миний байр суурь тодорхой байгаа.

Уг сан нь Монгол Улсын байгалийн баялгийг ирээдүйн үеийнхэндээ үлдээх, тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгийн уян хатан байдлыг хангах зорилготой. Байгалийн баялгийн орлогоос үүсэх урт хугацааны хөрөнгийг зөв удирдах нь эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь зөвхөн өнөө үеийнхэнд төдийгүй ирээдүйд ч тус болох боломжийг бүрдүүлнэ. Нөгөөтэйгүүр, хэрэв илүү их орлоготой үед, түүнийг хэрхэн хуваарилах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Иргэдэд шууд тараах уу, эсвэл дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндэд оруулах уу гэдгийг төлөвлөх нь чухал. Хамгийн гол нь эдгээр сангуудын үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх шаардлагатай. Ингэснээр иргэдийн итгэлцлийг хадгалж, сангийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болно гэж харж байгаа.

-Намрын чуулганаар төсвийн хэлэлцүүлгийг хоёр удаа хийлээ. Нэлээд олон асуудал үүсч байж төсвөө баталсан. Зарим эдийн засагчдын хувьд төсөвт дахин тодотгол хийнэ гэж үзэж байгаа. Төсвийн тодотгол орж ирэх үү. Хэзээ орж ирэх вэ?

-Юуны өмнө төсвийн тодотгол хийх нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалах боломжтой. Жишээ нь, эдийн засгийн өөрчлөлт, гадаад, дотоодын нөхцөл байдлын өөрчлөлт, шинээр гарсан төсөл хөтөлбөрүүд, эсвэл төсвийн хэрэгжилтийн явцад илэрсэн зайлшгүй шаардлагаас үүдэж болно. Тодорхой шалтгаан дурдвал, өнгөрсөн жил батлагдсан төсөв нь эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшин, уул уурхайн орлого зэргийг тооцон гаргасан байж болох ч, энэ ондоо үүсэх шинэ нөхцөл байдлын улмаас тодотгол хийх шаардлага гарах магадлалтай. Өнгөрсөн оны төсвийн тодотголууд, ялангуяа сонгуулийн жилүүдэд төсөв өсдөг үзэгдэл харуулсан байдаг. Энэ нь 2025 оны төсөвт ч мөн ижил төстэй шалтгаанаар тодотгол хийх шаардлага гарч болзошгүй гэж үзэж болно. Төсвийн тодотгол нь зөвхөн нэмэлт зардал бус, мөн төсвийн тогтвортой байдлыг хангах, алдагдлыг бууруулах, эсвэл орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ч хийгдэж болно. Энэ онд эдийн засгийн нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалт, нөөцийн үнийн хөдөлгөөн зэргээс хамааран тодотгол хийх шаардлага үүсч магадгүй.

-Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд танаас цалин хөлс, барааны үнийн уялдаатай холбоотойгоор асууя. Оны өмнө цалин, тэтгэвэр нэмэгдсэн. Дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Ер нь цаашид цалин тэтгэвэр нэмэгдэх болгонд барааны үнэ өсдөг байдлыг яаж бууруулах вэ. Бууруулах боломж байдаг уу?

-Өнөөдөр манай улсад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт өдөр бүр явагдаж байгааг анхаарах шаардлагатай. Нэг өглөө сэрээд өчигдөр авсан үнээрээ тухайн бараа, бүтээгдэхүүнээ авах гэхээр үнэ нь нэмэгдчихсэн байдаг. Яг юунаас болоод үнэ нь нэмэгдчихсэн бэ гэдгийг бодитой тооцон гаргах шаардлага бий. зарим тохиолдолд үнээ хийсвэрээр нэмдэг зүйл их байгаа. Тэр бүхэнд хяналт, шалгалт хийж, зохих хуулийн хүрээнд хариуцлага ярих ч шаардлагатай. Үнэ гэдэг бол эдийн засгийн зарчмаараа тогтож байх ёстой чухал хэмжүүр. Тиймээс Төв банкнаас инфляцийг хянах, мөнгөний нийлүүлэлтийг тохируулах замаар эдийн засагт хяналт тавих тохиргоо сайн хийх шаардлагатай. засгийн газраас өргөн хэрэглээний барааны үнийг хянах, хэрэв шаардлагатай бол тодорхой бүтээгдэхүүний үнийг зохицуулах арга хэмжээ авч болно. Гэхдээ энэ нь зах зээлийн механизмыг тасалдуулж болзошгүй тул болгоомжтой хандах хэрэгтэй л дээ. Хэрэв өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн амьжиргааны түвшин буурч байвал цалин, тэтгэвэр нэмэхээс өөр гарцгүй. Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь зөвхөн үнийн өсөлтийг дагаж бус иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой байх ёстой.

-Хэмнэлтийн хууль мөрдөгдөх асуудал ойлгомжгүй байх шиг байна. Уг хууль төр хувийн хэвшлийн түншлэлд ч сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг шүүмжлэл их байгаа. Энэ хуулийг ер нь эргэж харах, бүр хэрэгжилтийг нь зогсоох талаар гишүүд анхаарах нь зөв юм биш үү?

-Хэмнэлтийн хуулийн асуудалд хандахдаа хэд хэдэн хүчин зүйлсийг анхаарах нь чухал гэж бодож байна. Ер нь бол ковидын дараахь эдийн засгийн сэргэлтийг харгалзан үзэхэд өнөөгийн эдийн засаг илүү сайжирч, тэлэх боломж нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ энэ өсөлтийг үргэлжлүүлэхэд төрийн зардлын хяналт, хэмнэлт маш чухал. Хамгийн гол нь юуг хэмнэх вэ, ямар зардлыг танах вэ гэдгээ маш тооцоотой хийх ёстой. Таны хэлж байгаа шиг Хэмнэлтийн хууль нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хязгаарлаж, гацаанд оруулж байгаа зүйл бий. Ингэснээр эдийн засгийн тэлэлтэд саад болж байгаа гэдэг нь үнэн. Энэ утгаараа Хэмнэлтийн хуулийг эргэж харах, түүний нөлөөллийг үнэлэх нь чухал. Хуулийн зорилго нь төрийн зардлыг хянах, авлигыг бууруулах, тогтвортой эдийн засгийг дэмжих. Яг энэ зорилго нь хэрэгжиж байна уу, эсвэл хувийн хэвшилдээ чөдөр болоод байна уу гэдгийг нэн даруй судалж, тогтоох хэрэгтэй. Хэрвээ хууль нь эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа бол, зарим заалтыг өөрчлөх, хөнгөвчлөх, эсвэл хэрэгжилтийг зогсоох талаар ярих нь зүйтэй гэж боддог. Тиймээс Хэмнэлтийн хууль нь төрийн сахилга батыг дээшлүүлэх, авлига, үр ашиггүй зардлыг багасгах зорилготой байдаг ч, түүний хэрэгжилт нь хувийн хэвшлийн хөгжилд саад болж байвал, энэ хуулийг эргэж харах, өөрчлөх нь зүйтэй. Хуулийн зохицуулалт нь эдийн засгийн уян хатан байдлыг хангахад л чиглэгдэх ёстой. Эдийн засгийн тэлэлтийг дэмжих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад саад болохгүй байхыг анхаарах нь чухал.

Иймд УИХ-ын гишүүд Хэмнэлтийн хуулийг эргэж харах, түүний нөлөөллийг үнэлэх, шаардлагатай бол өөрчлөлт оруулах талаар анхаарах нь зөв алхам байх болно гэж үздэг.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгслөө DNN.mn

Ард түмнийхээ дунд “Хээгүй” хэмээн алдаршсан Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсан бурханы оронд одлоо. Эл хүмүүний халамжит хань, хайртай үр хүүхэд, ах, дүү, найз нөхөд, ар гэрийнхэнд нь “Өдрийн сонин” уншигч, олныхоо өмнөөс гүнээ эмгэнэл илэрхийлье. Тэрбээр ардчиллын зарчмаар сонгогдсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч билээ. Ард түмний эрхэм хүү П.Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын өвөлжөөнд малчин ард Пунсалмаагийн хүү болон мэндэлж, 1951-1960 онд Улаанбаатар хотын VIII, арван жилийн XIV дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 1966 онд Аж үйлдвэрийн яамны мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашиж байсан. Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байсан. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цолыг бий болгосон түүхтэй.

Тухайн үеийн нэрээр Монгол Улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч байв.

Тэртээ 1921 оноос хойш буюу П.Очирбат агсныг төрийн тэргүүнээр сонгогдох хүртэл Монголын төрийг удирдагчид бүгд нам, засгийн үүрэг даалгавраар томилогдож байсан түүхтэй. Харин 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаар Монголын ард түмэн төрийн тэргүүнээ өөрсдийн үзэл бодлынхоо хүрээнд чөлөөтэй сонгох хамгийн анхны ардчилсан сонгуулиа 1993 онд явуулсан нь улс төрийн шинэ содон үзэгдэл байв. Энэхүү сонгуульд тэрбээр нэр дэвшиж, бүх ард түмнийхээ итгэлийг хүлээн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болж байсан түүхэн хүн билээ. Тэрбээр МАН буюу хуучнаар МАХН-аас сонгогдон АИХТ дарга буюу төрийн тэргүүн, ардчилсан хувьсгал ялсны дараа анхны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас буюу тэр үеийн Социал-Демократ намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан онцлогтой улстөрч байв. Цаг хугацаа баатрыг төрүүлдэг ч бас үгүйсгэдэг. Харин цаг хугацаанд хэзээ ч хувиршгүй үнэт зүйл байдаг нь хүний мөн чанар, хайр юм хэмээх мэргэн ишлэл бий. Анхны ерөнхийлөгч П.Очирбат агсны ард түмэн, улс орныхоо төлөө хийсэн улс төр, гадаад бодлогын шинэ зоригтой үйлс, байгуулсан гавьяаг үнэлшгүй их ээ. П.Очирбат агсны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Монгол Улс нийгэм, эдийн засаг, тусгаар тогтонолын хувьд бүрэн бэхжиж амжаагүй, эрс шилжилтийн ээдрээтэй он цаг үед тохиож байв. Шуудхан хэлэхэд, Монголд ардчилал хэдий тайван замаар ирсэн ч дөнгөж амаржсан эх шиг эмзэг, нярай байсныг ард түмэн мартаагүй. Ийм амаргүй он цагт Монгол Улсыг бусад “Стан”-ы орнууд шиг дарангуйллын зам руу хөтлөөгүй нь П.Очирбат агсны хамгийн том гавьяа гэдгийг Монголын ард түмэн болон олон улсад хүлээн зөвшөөрдөг билээ. Хожим тэрбээр манай сонинд ярилцлага өгөхдөө “Миний бие Монгол Улсын тусгаар тогтнолыг ардчилал хангана гэж үздэгийн хувьд ардчилсан хувьсгал нь тэнгэрээс бидний ивээсэн эх хувь заяа байлаа” хэмээн хэлсэн удаатай. Үнэхээр ч тухайн үед тэрбээр дарангуйллыг биеэрээ хааж, ардчиллыг үйлдлээрээ хөгжүүлж, дэлхийд алдаршсан Монголын ардчиллыг зөв бодлогоор замчилсан гавьяатай хүн билээ. Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу парламентын засаглалтай байх уу гэсэн торгон мөчид тэрбээр парламентын засаглалыг сонгоход түүхэн гавьяа байгуулсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Түүнчлэн өнөөгийн бид бүхний мөрдөж байгаа Үндсэн хуулийг анх санаачлан боловсруулж, баталахад гар бие оролцож, манлайлан удирдсан, Монголыг улс төрийн хувьд олон намын тогтолцоотой болгоход биечлэн зүтгэсэн эрхэм хүмүүний нэг байсан. П.Очирбат агсан мэргэшсэн уул уурхайн инженер хүн байлаа. Өнөөгийн Монгол Улсын эдийн засаг уул, уурхайн салбар дээр тогтож, хөгжиж яваа. Тэгвэл П.Очирбат агсны энэ салбарт оруулсан хувь нэмэр, мэргэжлийн ур чадвар дээр суурилсан төрийн бодлого асар том үүргийг гүйцэтгэсэн нь туйлын үнэн билээ. Монголд Ардчилал мэндэлсэн амаргүй жилүүдэд ардчиллыг хөлд оруулахын төлөө биечлэн зүтгэсэн энэ эрхэм хүмүүний хээгүй зан төрх, харилцаа, хандлагыг монголын ард түмэн хэзээ ч мартахгүй биз ээ. Тэртээгээс шангийн татсан нефтийн үйлдвэр, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гуравдагч хөрш орнуудтай хамтран ажиллах гадаад бодлого өнөөдөр биеллээ олж эхнээсээ монголын ард түмэнд үр өгөөжөө хүртээж байна. Түүний ярьсан, санаачилсан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалт Үндэсний хуримтлалын сан, Баялгийн сан зэргээр монголын ард түмэнд үр өгөөж нь бодитой хүрдэг боллоо. Монгол Улсыг уул уурхайн орон болгож чадсан П.Очирбат агсан улстөрчийнхөө хувьд төрийн өндөр албан тушаалыг амин хувьдаа бус ард түмэн, улс орныхоо хөгжлийн төлөө ашиглаж, “хүн шиг л яваарай” хэмээх ижийнхээ захиасыг биелүүлж чадсан хүү нь байлаа. Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдож үзээгүй ёстой нэр цэвэр явснаараа өнөөгийн албан тушаалд шунасан, сандал, суудлын хэрүүл хийсэн улстөрчдөд зөв үлгэр дууриалал үзүүлж чадсан төрийн зүтгэлтэн гэдгийг монголын ард түмэн хүлээн зөвшөөрдөг. Монголчууд бид аливаа шинэ зүйлийн эхлэлийг юу юунаас илүү чухалд тооцон бэлгэшээдэг. “Мордохын хазгай болчих вий дээ” хэмээн болгоомжилдог. Энэ утгаараа анхны ардчилсан Ерөнхийлөгч П.Очирбат агсны бодлого, үйлс, гишгэсэн мөр болгон нь ард түмнийхээ нүд, чихэнд хамгийн ойр явсан нь үнэн. Ард түмний хүү, анхны ардчилсан Ерөнхийлөгч П.Очирбат агсны нийгэм, улс төр, эдийн засагт оруулсан гавьяаг үнэлшгүй их. Тиймээс Монголын төр энэ эрхэм хүмүүнийг төрийн нэрт зүтгэлтний ёсоор эцсийн замд нь үдэх ажлыг тусгай комисс гарган нэр төртэйгөөр гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.

Ард түмэндээ “Хээгүй” хэмээн алдаршсан Монголын анхны Ерөнхийлөгч маань өөрөөсөө инээд, наргиан, баяр баясгалан цацруулж, түмэн олныхоо дунд халгиж, цалгисан амьдралаар энэхэн хорвоогийн жамыг үзэн, бурханы оронд одлоо. Алдарт хүмүүн та амар амгалангийн орноо тайван нойрсоорой. Ум Ма Ни Бад Мэ Хум…

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай DNN.mn

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой утааны сонсголын асуудлаар ярилцлаа.


-Утааны сонсголоор юу ярих нь вэ, ямар шийдэл гаргах вэ гэдэг хүлээлт олон нийтийн дунд их байна шүү дээ…?

-Утааны асуудал угтаа сүүлийн 10 гаруй жил эрчимтэй яригдаж байгаа бидний нэн тэргүүний тулгамдсан асуудал. Асуудал шийдэгдэхгүй болохоор иргэд, олон нийтийн бухимдал жил ирэх тусам нэмэгддэг. Нэмэгдэхээс ч өөр аргаггүй. Нөгөөтэйгүүр утааны асуудал яригдах болгонд утааг шийдэхэд зарцуулсан мөнгө, санхүүгийн асуудал хаашаа, юунд зарцуулагдав гэдгийг иргэд нэхдэг, шаарддаг. Энэ тайлан тооцоо өнөөг хүртэл олон нийтэд ил тод болсонгүй гэдгийг хэлдэг. Яг ямар хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулагдчихаад байна, түүгээрээ өнөөдөр хүний нүдэнд харагдаж, гарт баригдах ямар ажлууд хийсэн бэ. Үнэндээ өнөөдөр ийм бодитой үр дүн гарлаа гэж ярих зүйл алга. Тиймээс үүнд хариуцлагын асуудал яригдаж таарна. Эзэн холбогдогч нь хэн бэ гэдгийг ярина. Энэ мэт тодорхойгүй маш олон асуудал бий.

-Утаагүй болгоно гэж ярихдаа шийдлийг нь зуух гэж үздэг хандлага олон жил боллоо. Тэгэхээр утааны сонсголоор мэдээж технологи талаас нь төвлөрч хэлэлцүүлэг өрнүүлэх байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Нарийвчлаад яривал зуух нь ач холбогдолтой юм уу. Зууханд хийж шатааж байгаа шахмал түлш нь олон нийтийн шүүмжлээд байгаа шиг үнэхээр угаарын хор ихтэй юу гэдгийг технологи талаас нь нэг бүлэг болгож хэлэлцэнэ. Ер нь өнөөдрийг хүртэл юу хийв, яав, одоо ямар шийдэл гаргаж ажиллах юм, цаашдаа урт хугацаандаа яах вэ гэдгээ энэхүү утааны сонсголоор тодорхой хэлэлцэнэ.

-Утааны асуудал үнэхээр гамшгийн түвшинд хүрсэн нь үнэн. Үүнийг улиг болсон сэдэв гэх хандлага ч олон нийтийн сүлжээнд мэр сэр харагдах шиг. Тэгэхээр утаатай хүн бүр тэмцэнэ гэдэг тал бүрийн оролцоо ер нь ямар байх нь зөв юм бэ?

-Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооны зүгээс өнгөрсөн намраас эхлээд утааны асуудал Үндэсний аюулгүй байдлын гамшгийн түвшинд хүрчихлээ гэдгийг сануулж ирсэн. Нийт нутаг дэвсгэрийн өчүүхэн жижиг хэсэг болсон Улаанбаатар хотод улсынх нь хүн амын талаас их хувь амьдарч байна. Ингээд утаанаас болоод ургийн гажиг, хорт хавдар жил ирэх бүр өсөж байна. Энэ утгаараа иргэдийн амьд явах, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар заасан эрхүүд ноцтой зөрчигдөх болсон. Бүр Үндэсний аюулгүй байдал, тэр тусмаа монгол хүний генд нөлөөлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, утаа гэдэг зүйл Үндэсний аюулгүй байдлын улаан түвшингийн асуудал болсон гэсэн үг. Тиймээс олон нийтийн зүгээс утааны асуудлаар сонсгол хийхийг эрчимтэй шаардаж эхэлсэн. Ингээд иргэдийн санал, шаардлагын дагуу энэхүү сонсголыг эхлүүлж байгаа юм.

-Утааны сонсгол ямар бүтэц, дэс дараалалтай өрнөхөөр байгаа юм бэ?

-Яг ерөнхий сонсгол энэ оны хоёрдугаар сарын 3-4-ний хооронд зохион байгуулагдана. Энэхүү сонсголыг явуулахаар УИХ-ын 22 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг гарчихсан. Яг энэ ерөнхий сонсголын үеэр бид олон зүйлийг хэлэлцэнэ. Магадгүй ширүүн маргаан өрнөх, далд байсан олон асуудал ил тод болохыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр сонсголын дараа УИХ-аас энэ асуудлаар Түр хороо байгуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэх байгууллагын статус найман удаа өөрчлөгдсөн байна. Нэг бол Эрчим хүчний яам дээр очдог, эсвэл Байгаль орчны яам дээр очдог гэх мэт. Энэ нь юу гэхээр утаатай тэмцэх байгууллага маань өнгөрсөн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж чадсангүй гэж ойлгож байгаа. Тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байхаар утаатай тэмцэх стратеги байхгүй байсан гэсэн үг. Тэгэхээр юуны түрүүнд асуудлаа шийдэхийн тулд тухайн асуудлаа хэмжих, баримттай байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдалтайгаа бид нүүр тулах ёстой гэсэн үг.

-Утааны ерөнхий сонсгол ирэх сарын эхээр гэж ойлголоо. Яг одоо хэлэлцэгдэж байгаа нь ерөнхий сонсголын өмнөх бэлтгэл хуралдаанууд гэж ойлгох уу?

-Тийм. Одоо ямар хэлэлцүүлэг өрнөж байгаа вэ гэдгийг би танд тодорхой хэлж өгье. (Өчигдөр) утааны сонсголын бэлтгэл хэлэлцүүлэг өрнөсөн. Энэхүү анхны хэлэлцүүлгээр бид утаа хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл учруулж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг хэлэлцсэн. Дараагийн хэлэлцүүлэг нь энэ сарын 22-нд болно. Энэхүү хэлэлцүүлгээр стандарт, технологитой холбоотой асуудлыг өргөн хүрээнд авч үзнэ. Өөрөөр хэлбэл, шахмал түлш түүхий нүүрснээсээ илүү хортой юу, барьцалдуулагч нь яг юу вэ гэдгийг нь нарийн задалж, мэргэжлийн судлаач, иргэдийн хамт хэлэлцүүлнэ. Үнэхээр утааг багасгах бодитой шийдэл нь энэ шахмал түлш байж чадсан уу. Тараасан болон тараагдахаар байгаа утаагүй зуух гэдэг нь технологи, стандартын хувьд бодитой дэвшил мөн үү гэдгийг ярина. Гурав дахь хэлэлцүүлэг энэ сарын 29-нд болно. Энэхүү хэлэлцүүлгээр утааны асуудлыг шийдвэрлэхэд ямар эрх зүйн асуудал доголдолтой, эсвэл дутагдалтай байгаа вэ гэдгийг түлхүү ярина. Мөн хариуцлагын асуудал, санхүүгийн тайлан, дүн тооцоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Ингээд ирэх сарын 3-4-нд утааны ерөнхий сонсгол явагдахаар байгаа. Өөрөөр хэлбэл, ерөнхий сонсголоос өмнө бид утаатай холбоотой эрүүл мэнд, эрх зүй, хариуцлагын асуудлыг тодорхой болгож байна гэсэн үг.

-Тэгэхээр утааны сонсголоос гарах үр дүнг та ямар байх бол гэж харж байна. Сонсгол хийгддэг. Дараа нь гарсан үр дүнгүй мартагддаг. Эцэст нь тулгамдсан нөгөө асуудал нь шийдэгдээгүй хэвээрээ л үлддэг жишээ олон байгаа шүү дээ…?

-Асуудлыг хөлбөмбөг өшиглөж байгаа юм шигээр манайх биш, танайх гэдэг хандлагыг зогсооно. Энэ сонсголоор асуудлыг эзэн биежүүлнэ. Нийслэл яг юуг нь хариуцах юм. Нийслэлийг яндангүй болгохын тулд яг ямар ажлууд хийх вэ гэдэг ч юм уу. Асуудлыг эзэн биежүүлнэ. Эрүүл мэндийн яам утаатай холбоотой олон ажлын хэсэг байгуулчихсан явж байгаа. Утааны хортой чанар эрүүл мэндэд яг яаж нөлөөлж байна. Жишээ нь, ид утааны үед буюу арваннэгдүгээр сараас эхлээд гурав, дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд эхийнхээ гэдсэн байгаа ураг эндэх, зулбах тохиолдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ нь ирээдүйд төрөх ёстой байсан Монгол Улсын иргэд амь насаараа хохирч байна гэсэн үг. Тиймээс утааны асуудлыг хариуцагч эзэнтэй болгож, стратеги төлөвлөгөөг нь бодитой гаргуулах зэргээр цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай. Энэ чиглэл рүүгээ сонсголын зорилго чиглэнэ гэж харж байгаа.

-Эрүүл мэнд, технологи, эрх зүйн орчин, хариуцлага зэрэг гурван дэд хэлэлцүүлэг өрнөж байгаа юм байна. Тэгэхээр эдгээр дэд хэлэлцүүлгээс гарсан дүнгээ ерөнхий сонсголоороо нэгтгээд хэлэлцэнэ гэсэн үг үү?

-Тийм. Сонгол дээр дан ганц бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид яриад сууна гэж байхгүй. Иргэд, хохирогчид, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажиллаж байгаа холбогдох мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, санал бодол, шүүмжлэлээ хэлнэ. Сонсголоор бодлогын хувьд бид богино, дунд, урт хугацаандаа утааны эсрэг юу хийх вэ гэдгээ тодорхой болгоно. Улмаар бодлогоо хэрэгжүүлэх зорилтуудаа дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл, ямар байгууллага аль асуудлыг нь барьж авч, ямар хугацаанд хэрхэн ажиллах юм бэ гэдгийг тодорхой болгоно. Нэг зүйл хэлмээр байгаа юм. Утааны асуудал дээр бид улстөржиж огт болохгүй. Хэрэв улстөржөөд эхэлбэл энэ асуудлын шийдэл арагшаа сунасаар л байна. Хугацаа алдах тусам бид эрүүл мэндээрээ л алдагдсан хором бүрийг төлнө. Тиймээс улстөржүүлэхгүй, бодитой шийдэл хайсан, хариуцлага нэхсэн сонсгол болох ёстой. Нөгөөтэйгүүр утааг бууруулахын тулд бид зорилготой, тодорхой цаг хугацаатай зүйлийг ил тод олон нийтэд хэлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тэдэн он гэхэд Улаанбаатар хот утаагүй болно гэдгийг тодорхой болгоно гэсэн үг.

-Он, цаг хугацаа гэснээс саяхан Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хот 2040 гэхэд утаагаа 68 хувиар бууруулна гэдэг зүйлийг хэллээ. Энэ бодитой тоон үзүүлэлт мөн үү?

-Яг ямар судалгаа, үндэслэлээр ийм тоо, цаг хугацааг хэлж байгааг нь мэдэхгүй юм. Удахгүй болох утааны сонсголын үеэр Нийслэлийн засаг дарга үүнийгээ тайлбарлах биз. Гэхдээ монголчуудын хувьд утаанаас салах хугацааг тийм хойш нь сунгах боломжгүй. Миний харж байгаагаар Улаанбаатар хотын утааг 2035 он гэхэд 100 хувь алга болгох шаардлагатай. Энэ 2025-2035 он хүртэлх 10 жилийг бид урт хугацаа гэж харж, бодлого, зорилтоо тодорхойлох ёстой юм. 2030 оныг бид дундын хугацаа гэж харах хэрэгтэй. Харин ойрын 2-3 жилийг бид богино хугацаа гэж тооцож, бодлого, арга хэмжээнүүдээ авч ажиллахгүй бол болохгүй. Түүнээс биш 2040 он гэхэд 70 хувь бууруулна гээд бодлого барьж ажиллах юм бол утаа тэр үед шийдэгдэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс маш тодорхой, зөв стратегигээр утааг богино хугацаанд шийдэх шаардлагатай.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: Турк улсын дэмжлэгтэйгээр сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн DNN.mn

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогттой салбарын асуудлаар ярилцлаа.


-Хамтарсан Засгийн газар байгуулагдаад шинэ онтойгоо золголоо. Таны хувьд өмнөх Засгийн газрын үед Зам, тээврийн сайдаар ажилласан. Харин энэхүү хамтарсан Засгийн газрын үед Батлан хамгаалахын салбарыг хариуцан ажиллаж байгаа. Энэ утгаараа уг салбарт ямар бодлого, шийдвэр гарган ажиллаж байна вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь том төслүүдээ хөдөлгөх, олон жил улс төр, бүлэглэлийн нөлөөнд гацсан асуудлыг шийдвэрлэж, эдийн засгаа хэд дахин тэлэх зорилготой байсан. Миний хувьд өмнө нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, орон нутгийн найман чиглэлд онгоц нисгэдэг болгосон. Мөн тийзийн үнийг хямдруулж олон улсад олон чиглэлийг шинээр нээсэн. Гацаанд ороод байсан хил холболтын төмөр замын асуудалд гарц шийдэл олж, УБТЗ-ын их өрийг тэглэсэн. Иргэдийг олон жил бухимдуулсан Дарханы замын ажлыг гурван сарын дотор дуусгасан. Авто зам засварын ажлыг нүд хуурч, нүх бөглөдөг байдлаар биш, их болон ээлжит засвар хийж шинэ зам шиг болгох шийдэл рүү аваачсан гээд яривал олон зүйл байна. Тэр бүгдийг ярих шаардлага байхгүй.

Тэртэй тэргүй хийсэн ажил маань миний өмнөөс ярьж, танигдаж байгаа.

-Зам, тээврийн салбар хариуцаж байгаад тэс өөр салбарыг хариуцуулахаар өгчихлөө гэдэг яриа явсан. Гэхдээ таны хувьд цэргийн цолтой хүн гэж сонссон…?

-Миний хувьд Цэргийн сургуульд сурсан, бэлтгэл хурандаа цолтой хүн. Тиймээс өөрийн салбартаа ирлээ гэж ойлгож болно. Энэ утгаараа хариуцлагатай албанд тохоон томилогдсон учир сэтгэл гаргаад бүх чадлаараа зүтгэнэ гэсэн бодолтойгоор салбартаа ирсэн. Яг энэ бодлоо тодорхой бодлого, шийдэлтэй төлөвлөгөө, дориун үр дүн гаргах бодит ажил болгоод явж байна.

ДРОНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ, ТУРШИХ, УГСРАХ, ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРНА

Товчхондоо, батлан хамгаалах салбарт ингэж сэргэлт авчирч болох юм байна гэдгээ олоод харчихсан болохоор ажил гарт орж, сэтгэлд дүүрэн багтаж байгаа шүү. Ер нь төрийн бодлого хань хамааралгүй хүнээр ямар нэгэн салбарыг хариуцуулан удирдуулна гэж байхгүй. Тэр дундаа өнөө цагт мэргэжлийн байх гэдэг зарчим нэгдүгээрт тавигддаг учраас аливаа бодлого, шийдвэр энэ зарчмаа хадгалж л явах ёстой. Тиймээс цаашид салбартаа сайныг нь урамшуулж дэмжих, мууд нь хариуцлага тооцдог зарчим баримтална.

-Салбартаа баримталж байгаа зарчим тань ийм байж. Тэгвэл хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна вэ?

-Юуны өмнө батлан хамгаалах салбарын энэ оны төсөв, хөрөнгө оруулалтыг сая төсөв хэлэлцэх үеэр нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэн батлуулж чадлаа. Энэ салбарыг хариуцан ирэхдээ л хамгийн түрүүнд салбарынхаа у д ирдах ажилтны зөвлөгөөнийг хийлээ. Батлан хамгаалахын сэргэлтийн бодлогыг танилцууллаа. Энэ бол хийх ажлаа тодорхой болгож, зорилго, төлөвлөгөөгөө гаргаж ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бодлого, зорилт нэгэнт тодорхой болсон учраас хэрэгжүүлэлт, үр дүн буюу шат шатандаа үүргээ яаж гүйцэтгэх вэ гэдэг л үлдсэн. Тодорхой хэлбэл, ажил хийх л үлдсэн. Аль ч салбарт ажил хийхэд авч байгаа цалин хөлс нь чухал. Цалин хөлс ямар байна, ажлын үр дүн, бүтээмж тийм л байна гэсэн үг. Энэ утгаараа манай салбарынхан олон жил онцгой нөхцөлийн нэмэгдлээ гүйцэд авч чадаагүй өнөөг хүрсэн юм билээ. Тэгвэл энэ сараас эхлээд Онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болголоо. Мөн алслагдсан нэгтгэл, ангийн алба хаагчдын нэмэгдлийн асуудлыг шийдлээ. Нийт төрийн албан хаагчдын цалингийн зургаан хувийн нэмэгдэлд манай нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж байгаа. Энэ ондоо багтаад 600 цэргийн алба хаагчийг хямд өртөгтэй орон сууцаар хангах төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэгэхгүй бол манай алба хаагчдын 70 орчим хувь нь түрээсийн байранд, зарим нь бүр айлын хажуу өрөөнд, хүний хашаанд аж төрж байгааг судалгаагаар тогтоосон. Оны эхний хагастаа багтаж бүх нэгтгэл, ангиудын дарга захирагч нарын унаа тэргийг нь бүрэн шинэчилж өгнө. Энэ мэтээр эхлээд нийгмийн асуудлыг нь шийдээд сэтгэлд нь гэрэл асаагаад өгвөл араас нь ажлын бүтээмж, арга барил, үр дүн нэхэх боломж бий болно шүү дээ.

-Аль ч салбарын хөгжил аж үйлдвэрлэлээс шууд хамааралтай. Өөрсдөө замаа тавьдаг, бүтээн байгуулалтаа хийж байж салбарын ч, улсын ч хөгжил хурдацтай явагдна. Энэ утгаараа батлан хамгаалах салбарын аж үйлдвэрлэл ямар байгаа вэ. Жишээ нь сум, хантаазаа бид өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болсон уу?

-УИХ-аар Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн шинэчлэл, энхийг дэмжих ажиллагаа, цэргийн жинхэнэ албатай холбоотой холбогдох хууль бодлогуудыг батлуулж, эрх зүйн цогц шинэчлэлийг хийсэн. Нөгөөтэйгүүр энэ салбарыг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд Батлан хамгаалах салбарын зэвсэг техникийн шинэчлэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд найрамдах Турк улсын дэмжлэгтэйгээр сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн. Яг энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-д айлчилж энэхүү асуудлыг хурдавчлах тал дээр талууд онцгой анхаарсны хүчинд энэ сардаа багтаад үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, сум үйлдвэрлэх түүхий эд манай улсад ирэхээр боллоо. Ер нь Батлан хамгаалах а ж үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, дроны үйлдвэрлэл хөгжүүлэх, турших, угсрах, үйлдвэрлэх асуудалд ч онцгой анхаарч байгаа. Мөн хиймэл оюун ухаан, кибер сургалтын танхим байгуулах, Засгийн г азраас дэвшүүлсэн “Цаасгүй засаг” арга хэмжээг хэрэгжүүлэх, салбарын ц ахим платформыг хөгжүүлэхэд анхаарч байна. Өндөр технологи, үр ашигтай шинэ инноваци манай салбарт сэргэлт авчирч, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд тун ач холбогдолтой.

-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэж ярилаа. Ер нь энэ чадавх юугаар хэмжигдэх вэ. Нөгөөтэйгүүр эх оронч үзлийн тухайд таны бодол ямар байдаг вэ?

-2025 оныг Батлан хамгаалах яам “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын амин сүнс болсон эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлж, салбартаа их сэргэлт авчрахад яам, ЗХЖШ, харьяа байгууллагууд зүтгэх хүч нь байх болно. Ер нь эх оронч үзэл гэдэг хөгжлийнхөө цоож нь биш, түлхүүр нь байх ёстой гэж би боддог. Өөрөөсөө бусад үндэстэнг үздэггүй, гадны технологи дэвшлийг нэвтрүүлэхээс айдаг, үйлдвэр бүтээн байгуулалт хийлгэхгүй, байгалийн баялагаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй, усан цахилгаан станц бариулахгүй гэдэг үргэлж хоцрогдсон, хожимдсон байдал руу чиглүүлж байдаг тийм үзлийг эх оронч үзэл гэдэггүй. Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ дотогшоо агшиж биш гадагшаа тэлж гадаад орчинд нээлттэй, олон сувгийн эдийн засагтай, олон улсын харилцаатай, олон орны технологитой байсан. Тиймээс бид нийтээрээ эх оронч үзэл гэж юу вэ гэдгээ зөв ойлгох ёстой.

-Батлан хамгаалах салбарт гадаад харилцаа чухал нөлөөтэй гэж ярьдаг. Тэгвэл энэ салбарын гадаад бодлого яаж явахаар байгаа вэ?

-Мэдээж хэрэг олон улсын батлан хамгаалах салбарын хөгжлийн чиг хандлага технологийн шинэчлэлд ихээхэн анхаарч байгаа. Дрон, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал зэрэг орчин үеийн технологиуд хүчтэй түрж гарч ирж байна. Монгол Улсын батлан хамгаалах салбар үүнээс хоцорч болохгүй. Түүнчлэн кибер аюулгүй байдлаа бэхжүүлэхэд улс орнууд онцгой анхаарч байгаа. Олон улс газар нутгийн аюулгүй байдал, хилийн хамгаалалтыг сайжруулахад, мэдээллийн дайны хор хөнөөлөөс улс үндэстнээ хамгаалахад батлан хамгаалах бодлогоо чиглүүлж эхэллээ. Манай улс ч энэ чиг хандлагыг тугаа болгож үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхаа, үндэсний дархлаагаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд орчин үеийн техник технологи онцгой чухал. Тэгвэл яг оны өмнө бид “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Урд, хойд хөрш, БНСУ, БНТУ, ХБНГУ, АНУ-тай ч энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг чармайж байна. Олон талт гадаад хамтын ажиллагаа бол үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа, батлан хамгаалах салбарын хөгжлийн хөдөлгөгч хүч гэж ойлгодог.

-Манай улсын зэвсэг, техник, технологи гэж юу байдаг юм гэж ярих хүмүүс цөөнгүй. Нэг үгээр хэлбэл, батлан хамгаалах салбараа хуучин нийгмийн хөгжлөөр нь үлдээсэн ч гэдэг. Энэ талаар таны байр суурь ямар байдаг вэ?

-Бодит асуудлаа л ярих, түүнийгээ хөгжлүүлэх, шийдэх хандлага л чухал. Түүнээс биш асуудлыг орхиж болохгүй. Өөрчлөгдөхгүй, гуч дөчин жилийн өмнөх хэв маягаараа байх, хайрцаглагдсан, хөшүүн хойрго, царцанги сэтгэлгээгээр хандсан хэвээр байвал аль ч салбар уналтад орно. Нэг ийм үг байдаг даа, “Төр сулрах юм бол цэрэг суларна” гэж. Бас “Өөрийн армиа тэжээж чадахгүй бол бусдын цэргийг тэжээдэг” гэдэг үг ч түүхийн гашуун сургамжаар нотлогдсон үнэн.

Тийм болохоор салбартаа сэргэлт авчрахын төлөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагаар овоглосон, хаягласан хэн бүхэн зүтгэх нь өргөсөн тангараг, хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа л хэрэг. Тиймээс зэвсэг техникийн шинэчлэл, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хөгжил, шинэ инноваци өндөр технологи бүтээх болон нутагшуулах зэрэг асуудлыг онцгой анхаарч ажиллаж байна.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина DNN.mn

Улсын Их хурлын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох хуулийн төслийг та өмнөх парламентын үеэс эхэлж тавьсан. Анхны 126 гишүүнтэй парламентад дахин өргөн мэдүүлж байна. Дахин өргөн мэдүүлнэ гэдэг нь уг хуулийн төсөл татагдсан гэсэн үг биз дээ?

-Энэхүү хуулийг миний хувьд 2019 онд буюу сүүлийн 76 гишүүнтэй парламентын үед өргөн барьж байсан. Харамсалтай нь өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхгүй байсаар сонгуультай залгасан. Тэгэхээр УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн парламентын-бүрэн эрхийн хугацаанд ямар нэгэн хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй бол хууль санаачлагчид нь буцаах хуультай. Энэ утгаараа дээрх хуулийн төсөл шинэ парламентын үед дахин өргөн баригдаж байгаа юм. Шинэ парламентад УИХ-ын дөрвөн гишүүний хамт НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгох хуулийн төслөө өргөн барьж байна.

-Энэхүү хуулийн ач холбогдлыг хэлэхгүй юу. Яг ямар ач холбогдолтой болохоороо төдийгөөс өдийг хүртэл хэлэлцүүлэх гэж зүтгээд байгаа вэ?

-Манай улсад нийт 180 мянга гаруй аж ахуйн нэгж бий. Үүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлдэг 250 мянган иргэн байдаг. Үүний 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн тоон мэдээлэл байна.

-50 хувь ч хүрэхгүй аж ахуйн нэгж, иргэд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна гэсэн үг үү?

-Дэндүү бага тоо харагдаж байгаа байх. Юунаас болоод НӨАТ төлөгч биш байна вэ гэдэг нь тодорхой. Тэр бол НӨАТ дэндүү өндөр байгаа байдал юм. Тиймээс НӨАТ-ыг буулгах хэрэгтэй. Магадгүй өнгөрсөн жил энэхүү хуулийн төслийг хэлэлцээд баталчихсан бол 3.8 их наяд төгрөгөөр татвар багасна гэж автоматаар тооцож болохгүй. Харин татварыг багасгаснаар татварын бааз суурь нэмэгдэх замаар татварын бүрдүүлэлт улам нэмэгдэх байсан. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ыг таван хувь болгосноороо 50 мянган НӨАТ төлөгч биш, 150 мянган НӨАТ төлөгч бүр тэрнээс дээшээ НӨАТ төлөгч бүртгэгдэх байсан. Одоо НӨАТ төлөгч 80 мянган аж ахуйн нэгжийн тоо даруй хоёр дахин нэмэгдэх боломж бүрдэх байсан. Ингэснээр татварын нөөц багасахгүй, харин ч нэмэгдэнэ. Хамгийн эерэг нөлөөлөл нь НӨАТ төлөгч нэмэгдэхийн хэрээр далд эдийн засаг хумигдах, цаашлаад эдийн засгийн ил тод байдал улам нэмэгдэх боломжтой байсан. Том зургаараа аж ахуйн нэгж, иргэдийн хувьд ч эдийн засгийн өсөлт бий болох байсан юм. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ буурах, цаашлаад эдийн засаг илүү эрчимжих хандлага бий болох байлаа.

-Олон улсад ер нь НӨАТ ямар байдаг юм бэ. Тэр дундаа манай улс шиг эдийн засагтай орнуудын хувьд энэ төрлийн татварын хувь хэмжээ ямар түвшинд байдаг юм бол?

-Нийт 200 гаруй орны 80 орчим хувь нь 10 хувиас доош татвартай байдаг. Мэдээж өндөр татвартай буюу 20 хувиас дээш НӨАТтай улсууд байдаг. Гэхдээ тэр улсуудын НӨАТ-ын буцаан олголтын систем нь маш шуурхай, чамбай. Нөгөөтэйгүүр бизнес эрхэлж байгаа хүн болгон НӨАТын системдээ хамрагдаад явдаг, онцлогтой.

Тиймээс НӨАТ өндөр байна гэж гомдоллодоггүй. Учир нь буцаан олголтын систем маш сайн байдагтай холбоотой.

-Тэгэхээр манай улсын хувьд буцаан олголтын систем тааруу гэж ойлгох уу?

-Тийм. Яагаад энэ систем муу байна вэ гэж. Орон нутаг дээр би жишээ авч ярья. Сумын төвд 20 дэлгүүр ажилладаг байлаа гэж бодъё. Эдгээр дэлгүүрүүдийн хоёр, гурав нь л НӨАТ-ын баримт өгдөг. Үлдсэн 17 дэлгүүр НӨАТ өгдөггүй гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр цалин, орлого багатай иргэдийн хувьд аль болох НӨАТ-гүй дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахаа бодно. Ингэхээр НӨАТ өгч байгаа дэлгүүр бараагаа зарахын тулд НӨАТ өгөхгүй байдал руу орохоос өөр аргагүй. Хүн амын тал хувь нь орон нутагт амьдардаг. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг өндөр болголоо ч гэсэн тал хувь нь НӨАТ хийдэггүй учраас буцаан олголт авч чадахгүй гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх гэхээс илүү татварыг бууруулах нь хамгийн зөв шийдэл.

-Та хуурамч шатахууны эсрэг хуулийн төслийг энэхүү шинэ парламентад өргөн мэдүүлсэн. Ер нь хэрэглээнд хуурамч шатахууны хувь хэмжээ өндөр байна уу. Энэ нь нэг төрлийн бизнес болсон гэж та хэлж байсан?

-Онцгой албан татвараас зугтдаг, түүнийгээ бизнес болгосон бүлэглэл манай улсад бий. Энэ бол хуурамч шатахууны бизнес. Юуны өмнө хуурамч шатахуун гэж юу вэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Жишээ нь, Эрдэнэт хотод байдаг шатахуун импортын нэг үйлдвэр бий. Тэр үйлдвэр хойноос 30 ширхэг вагон түлш оруулж ирлээ. Ингээд оруулж ирсэн вагон түлшнийхээ нэг бүрээс 25 хувийг нь соруулж авдаг. Улмаар дутсан 25 хувьдаа керосин, нафтагаа нэмчихдэг. Дахиад 30 литр бэхжүүлэгч бодис нэмнэ. Ингээд вагон бүрийнхээ тагийг хаагаад явуулчихдаг. Тухайн түлш ачсан вагон хойноос зүүн тийшээ явах замдаа холиод хуурамч шатахуун бий болдог. Үүнийгээ шатахуун түгээх станцуудад түгээгээд улмаар жолоочид хүрнэ гэсэн үг. Ингээд хуурамч шатахуунаас болоод иргэдийн автомашин эвдэрч гэмтэнэ. Зарим нь бүр явах боломжгүй болно. Үүнээс болж иргэдийн хувьд эд хөрөнгөөрөө хохирохоос гадна бизнесээ явуулах боломжгүй байдалд хүрч байгаа юм. Тэгэхээр яаралтай энэхүү хуулийн төслийг хэлэлцэн батлаад, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Иргэдийн хувьд ч хохиролтой, улсын татварын орлогод ч сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Эдийн засаг өсөх нэг шалтгаан нь бизнес эрхлэгчдийн ө рсөлдөөн байдаг. Тэр дундаа шударга өрсөлдөөнөөс эдийн засаг, зах зээл эрүүлждэг. Гэтэл нэг хэсэг нь татвараа төлөөд бараа бүтээгдэхүүнээ оруулж ирж байхад нөгөө хэсэг нь ингээд татваргүй бараа оруулж ирж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учруулж яав ч болохгүй. Бүр төсвийн орлогыг тасалдуулах эрсдэл үүсдэг учраас энэхүү хуулийн төслийг нэн яаралтай батлуулах хэрэгтэй.

-Угтаа энэ хуулийг өргөн бариад УИХ баталчихсан байсныг Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаад хүчингүй болгосон. Энэ нь ямар учиртай юм бэ?

–Уг хуулийг миний хувьд 2017 онд өргөн барьж, хоёр жилийн турш зүтгүүлж байгаад батлуулж байсан. Харамсалтай нь 2023 оны долдугаар сард ҮХЦ-ээс дүгнэлт гаргаж, хүчингүй болгосон. Үүний шалтгаан нь тодорхой гэж боддог. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд авлига авсан гэж миний хувьд харддаг. ҮХЦ-ийн энэхүү дүгнэлтийг тухайн үеийн парламент хүлээн авснаараа иргэдийнхээ өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Тиймээс энэхүү хуулиа анхны 126 гишүүнтэй парламентын үед дахин өргөн барьж байна.

-Таны хувьд Төмөр замын царигтай холбоотой, тэр дундаа нарийн царигийн асуудлаарх хуулийн төслийг боловсруулж байгаа гэж сонссон?

-Төрөөс төмөр замын тээврийн талаарх баримтлах бодлогын бичиг баримт батлагдан гарсан. Энэ утгаараа Наушкиас Эрээн хүртэлх төмөр зам өргөн царигаар явж байгаа. Тэгэхээр уг салаалсан буюу огтлолцсон тохиолдолд өргөн царигаар төмөр зам барина гэсэн заалттай. Хэрэв уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл төмөр зам тавибал ямар царигаар тавихыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэж заасан. Тиймээс энэхүү заалтыг Засгийн газар шууд хэрэгжүүлдэг байх хуулийн төслийг миний зүгээс өргөн барих гэж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн ордоос хилийн боомт хүртэл төмөр зам тавих тохиолдолд тухайн орны царигтай ижил төмөр зам барих тогтоолын төслийг өргөн барихаар Засгийн газраас санал авах шатандаа явж байгаа. Энэхүү төслийг 2021 онд УИХ-д өргөн барьж байсан. Харамсалтай нь хэлэлцүүлэгт орж чадалгүй явсаар 76 гишүүнтэй парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс энэхүү төслөө шинэ парламентын үед дахин өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

-Нарийн царигийг зөвхөн уул уурхайн орд гэхгүйгээр шууд Улаанбаатар хүртэл тавих эрх зүйн боломжийг нээчихвэл эдийн засгийн ач холбогдол нь нэмэгдэх юм биш үү?

-Миний өргөн барих гэж байгаа төсөл дээр яг энэ тухай заалт ороогүй. Зөвхөн уул уурхайн орд газраас л гэж бий. Тодорхой хэлбэл, уул уурхайн ордоос хойшоо буюу ОХУ руу чиглэж байвал өргөн царигаар, урагшаа буюу БНХАУ руу чиглэж байвал нарийн царигаар төмөр замаа барих тогтоолын төсөл гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ОХУ-аас БНХАУ руу шууд транзит ачаа гарлаа гэж бодоход хамгийн гол нь нэмүү өртөг нь тухайн уурхайд буюу Монголд бодитой үлдэхээр тооцож байгаа юм. Тэр зангилаа дээр нэмүү өртөг нь Монголд үлдэх боломжийг хангаж байгаа ийм л зохицуулалт гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад бодлогод чухал нөлөө үзүүлнэ.

Э.Мөнхтүвшин

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Уянгахишиг: үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт зарчмууд орж ирсэн нь өнөөгийн Үүндсэн хуулийн гол цөм нь байсан DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Гончигдоржийн Уянгахишигтэй Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд ярилцлаа.


-Шинэ Үндсэн хууль батлагдсаны ой тохиож байна. Хууль тогтоогчийнхоо хувьд Үндсэн хуулийн ач холбогдлыг та ямар байдлаар ойлгож, хүлээн авдаг вэ?

-Юуны өмнө танай сонины уншигчдад шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн мэнд хүргэе. Тэгэхээр 1992 оны яг энэ өдөр Монгол Улс ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, нийгэм, улс төрийн бүтцийн хувьд эрс өөрчлөгдөн хөгжих замыг сонгож байжээ. Энэхүү Үндсэн хуулиа хэлэлцэн батлах үед манай улс өнөөгийнхөөс тэс өөр төрийн байгуулалттай байсан. Тодорхой хэлбэл, социализмаас шууд ардчилал руу шилжинэ гэдэг нь өөрөө тухайн улс, ард түмний хувьд маш том үсрэлт байлаа. Энэ утгаараа тэртээ 1960 оны Үндсэн хуулиас энэхүү шинэ Үндсэн хууль агуулга, зарчмын хувьд эрс өөрчлөгдсөн, ийм үйл явдал болсон. Үндсэн хуулийн ач холбогдлыг ойлгохоос өмнө Монгол Улс төрийн байгуулалтын хувьд ямар бүтэцтэй байх вэ. Жишээ нь, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэх мэт. Өөрөөр хэлбэл, засаглалын үндсэн зарчмаа бид тухайн үед тохирсонд байгаа юм. Үүн дээрээ үндэслээд засаглалын хуваарилалтаа зөв тодорхойлж чадсан. Тэр нь шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох засаглал гэж. Тэгэхээр өнөөгийн Монгол Улсын хөгжлийн тогтолцоо ямар байх вэ гэдгээ тэр үед нийтээрээ хэлэлцээд тохиролцож чадсан нь Үндсэн хуулийн ач холбогдол тэндээс харагдах юм болов уу гэж боддог.

-Өмнөх Үндсэн хуулиудаас шинэ Үндсэн хууль өөрөө ардчилал мөн хүний эрх талаасаа агуулгын хувьд илүү өргөжин батлагдсан гэж ойлгодог…

-Монгол Улсын хууль, тогтоомж бүгд Үндсэн хуульдаа нийцсэн байна гэдэг ойлголт өөрөө маш том зүйлийг илэрхийлдэг. Нийгмийн харилцааг хуулиар л зохицуулдаг.

Хууль бол нийгэмд оролцогчдын тоглоомын дүрэм гэж ойлгож болно, тийм үү. Тиймээс энэ хуулиудаар бид зарчмаа тохирохдоо тухайн хууль Үндсэн хуулиа зөрчсөн үү, нийцэж байгаа юу гэдгийг анхаарах хэрэгтэй. Өмнөх Үндсэн хуулиудаа харвал хүний эрхийн асуудал тусгагдаж өгсөн байдаг. Гэхдээ яг хүний эрхийг хангах, хамгаалах тал дээр ямар байх ёстойг шинэ Үндсэн хуульдаа бид цоо шинээр оруулж өгсөн байдаг. Тухайлбал, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт зарчмууд орж ирсэн нь өнөөгийн Үндсэн хуулийн гол цөм нь байсан. Нөгөө нэг том ойлголт нь иргэн хүн хувийн өмчтэй байхыг энэхүү хуулиар зааж өгсөн.

-Зарим иргэд, улстөрчдийн хувьд аливаа нийгэмд үүссэн асуудлыг Үндсэн хууль руу чихдэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болохгүй байна, Үндсэн хуулиа засах, өөрчлөх ёстой гэж ярьдаг хүн цөөнгүй. Таныхаар өнөөгийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд засах, сайжруулах зүйл бий гэж хардаг уу?

-Юуны өмнө Үндсэн хуулийг сайн, муу гэж дүгнэх эрх надад байхгүй. Хэрэглээ талаасаа гэж ярьвал төдийгөөс өнөөг хүртэл монголчууд Үндсэн хуульдаа нийт зургаан удаагийн өөрчлөлтийг оруулсан байдаг. Ингэхдээ зарчмын шинжтэй, том өөрчлөлтүүд оруулсан нь бага болов уу. Мэдээж шинэ Үндсэн хууль батлагдаад 33 жил болж. Энэ утгаараа 33 жилийн өмнө өнөөгийн нийгмийг бүхэлд нь харж Үндсэн хуулиа баталсан гэвэл өрөөсгөл ойлголт. Нөгөөтэйгүүр ардчиллын замаар олон жил явсан улсын хувьд баталчихсан хууль огт биш.

Манай улс нийгмийн тогтолцооны хувьд эрс өөр байсан гэдгийг түрүүн би хэлсэн. Тэгэхээр мэдээж алдаатай, засч, сайжруулах зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ засах гэж байна гээд шууд агуулгаар нь оролдож, өөрчлөлт хийнэ гэвэл энэ бол улс, нийгмийг хямрал руу түлхэх сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, парламентын засаглал бидэнд болохгүй байна, хэдүүлээ Ерөнхийлөгчийн засаглалтай болъё ч гэдэг юм уу.

Эсвэл хоёр танхим бүхий парламентын засаглалтай болох нь зөв гэдэг байдлаар Үндсэн хуулиа оролдвол гарах үр дүн хэзээ ч сайн зүйлийг дагуулахгүй. Тиймээс бид агуулгын хувьд биш хэрэглээ талаас нь засч, сайжруулах зүйлээ илүү чамбайруулж явах нь зөв.

-Аливаа ойг тэмдэглэх нь тухайн сэдэв, агуулгыг олон нийтэд түгээх, танин мэдүүлэх, нийтээр нь хэвшүүлэх зорилготой гэж ойлгодог. Тэгэхээр Үндсэн хуулийн ойг тэмдэглэж байгаа нь мөн энэ зорилгыг агуулсан болов уу. Ер нь иргэн хүн Үндсэн хуулиа мэдэж, ойлгосноороо өөрт нь болоод улс оронд ямар давуу талууд бий болно гэж боддог вэ?

-Анхны Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ үеэр айл болгон Үндсэн хуулиа гэртээ залах УИХ-ын тогтоолын төслийг баталсан байдаг. Үүнийг ойлгохдоо зүгээр нэг гэртээ залаад тавьчих ёстой юм байна гэдэг өнцгөөр харж болохгүй. Юу гэхээр зална гэдэг маань Үндсэн хуулиа харна гэсэн үг. Харсан бол ойлгоно гэсэн үг. Явж явж Үндсэн хуулиа мэднэ л гэсэн үг шүү дээ. Энэ л чухал. Түүнээс биш бурхан тахил шиг хоймортоо тавьчихаад шүтэх тухай ойлголт огт биш. Үндсэн хуулиа мэдэж, ойлгох нь танд л ашигтай. Бид 16 нас хүрээд Монгол Улсын иргэний үнэмлэхээ авч, эрх зүйн харилцаанд орох чадвартай иргэн болдог. Тэгэхээр иргэн хүн ямар эрхтэй юм бэ гэдгээ мэдэхийн тулд Үндсэн хуулиа л унших хэрэгтэй. Иргэн нь болсон Монгол Улс маань өөрөө засаглалын хувьд, төрийн байгууллын хувьд ямар бүтэц, тогтолцоотой вэ гэдгээ мэдэхийн тулд Үндсэн хуулиа л харах хэрэгтэй.

Тэгээд иргэндээ төр нь ямар үйлчилгээ өгөх юм, иргэн нь төрөө яаж удирдах юм гэдгийг мөн адил Үндсэн хуулиа харж байж л ойлгоно. Үүнийгээ ойлгохгүй, мэдэхгүй бол яаж төрөөр хамгаалуулах вэ, яаж төрийн үйлчилгээг авах вэ, яаж төрөө удирдах вэ гэдгээ мэдэхгүй. Эрхээ мэдэхгүй учраас үүргээ ухамсарлах боломжгүй болно. Тэгэхээр Үндсэн хуулиа харж, судалж, таньж байж бид эрхээ эдлэх боломжтой.

Мөн дагаад нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ч ухамсарлаж, улс орныхоо төлөө, амьдралын төлөө бусадтай нийцэж амьдрах боломж нь бүрддэг гэж ойлгож болно. Үүгээрээ Үндсэн хуулийн ач холбогдлыг залуучууд мэдэх нь юу юунаас илүү чухал юм.

-Шинэ Үндсэн хуулийг батлагдах тэр цаг үед таны аав Улсын бага хурлын даргаар ажиллаж байсан. Энэхүү хуулийг батлахад гар бие оролцож явсан хүн. Нөгөөтэйгүүр нийгмийн шилжилтийн үе ид эхэлж байсан. Тэгэхээр тухайн үед Үндсэн хууль батлагдах процесс ямар байдлаар өрнөж байсан бол…?

-Миний хувьд тухайн үед 10 гаруй настай жаахан охин байлаа. Тэр утгаараа улс оронд юу өрнөж, нийгэм цаг үе яаж өөрчлөгдөж байгааг бодитой дүгнэх насанд арай хүрээгүй байсан болохоор хариулахад хүнд байна. Одоо эргээд тухайн үед яаж энэхүү хуулийг хэлэлцүүлж, баталж байсан талаар судалж, мэдэж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж хэмээх 21 боть байдаг. Үүнийг хууль тогтоогчид маш сайн уншиж, судлах хэрэгтэй юм болов уу гэж бодогдсон. Ялангуяа надтай адил залуу гишүүд маань илүү анхааралтай уншиж танилцаарай.

Энд анхны Үндсэн хуулиас эхлээд өнөөгийн Үндсэн хуулийг яаж боловсруулж, яаж хэлэлцэж байсан. Тухайн үеүдэд нийгэм, улс төрийн байдал ямар байсан гээд бүх зүйл протоколтойгоо байгаа. Нөгөөтэйгүүр энэхүү шинэ Үндсэн хуулийг батлах явцад ямар, ямар асуудал хөндөгдөн орж ирж байв, яагаад ингэж шийдэж, яагаад энэ заалтыг тухайлан ийм үг өгүүлбэрээр шигтгэн оруулсан юм бэ гэдгийг уншаасай, мэдээсэй. Тиймээс шинэ залуу хууль тогтоогчдын хувьд энэ бодиуд дараа дараагийн хууль санаачлах, боловсруулахад асар чухал ач холбогдолтой. Хууль тогтоогчийнхоо хувьд 800 гаруй хууль анх хэрхэн батлагдаж байсан протоколтой танилцаж чадахгүй юм гэхэд ядаж Үндсэн хууль яаж батлагдаж байсан протоколтой шинэ гишүүд маань нарийн сайн танилцаасай гэж хүсч байна. 1990 онд Үндсэн хуулиараа Ардын их хурал байсан. Тэр үед Үндсэн хуулиа шинэчлэх комисс гаргасан байдаг. Ингээд шилжилтийн үеийн зохицуулалтаар Улсын бага хуралтай болсон.

Энэхүү бага хурал шинэ Үндсэн хуулийг батлах зорилготой байгуулагдсан байдаг. Улмаар шинэ Үндсэн хуулиа хэлэлцээд, батлаад УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж, анхны Ардчилсан төрөө байгуулсан түүхтэй.

Э.МӨНХТҮВШИ